Author: admin_shaman

  • НЭГ. Жил бүрийн 4 дүгээр сард БНАСАУ-ын хувд олон тэмдэглэлт үйл явдал тохиодог.

     

    Энэхүү хаалган дээр тэмцээнд оролцоод буцаж яваа болов уу гэмээр нилээд олон залуус спорт цамц, богино өмдөөр ижилдэн хувцаслажээ. Бас тэдний энгэр дээр зүүсэн тэмдэгээр ар солонгосынхон гэдгийг андалгүй мэдэж болохоор байлаа. Нөгөө талын хаалган дээр хил орчмын нутгаа зорьж буй хятад хүмүүс бөөгнөрөн зогсожээ. Хүмүүс хөдөлгөөнд орж эхэлсэн нь хаалга онгойж зорчигчид суух галт тэрэгний чигт хөдөлсөн хэрэг байлаа. Зорчигчдын шатаар буугаад суух вагоныг зорив. Тэнд зорчигчдын хувьд андуурч болохоор зүйл байдаг нь хятадын болон ар солонгос явах галт тэрэгний дугаар ижил байдаг. Сайн асууж байж суухгүй бол бас андуурч мунгинах боломжтой. Өөрөөр хэлбэл 12,13 дугаар бүхий вагон тус бүр хоёр байна гэсэн үг. Галт тэрэгний үйлчлэгчийн хувьд нилээд хүнд сурталтай хайнгадуу асуултанд хариулна. Яагаад ч юм тэд намайг ар солонгос явах гэж байгаа солонгос иргэнтэй андуурав бололтой, хожим галт тэргэнд мөн тэгж хандана билээ. Орой унтах болоход дэрний уут, нэг цагаан давуу шидэж өгөв. Тэр нь олон удаа хэрэглэсэн өнгө алдсан тиймэрхүү даавуу байлаа. Харин хажуу өрөөнд байрласан хятад иргэнд хөнжил шинэ даавуу өгсөн нь өглөө халуун ус авахаар явахдаа анзаарч харсан юм.
    Галт тэрэг битүү байсан бололтой маш халуун, бидний хэлдэгээр буузны тогоонд байгаа шиг халуу дүүгэн угтаж, миний биений бүх хөлс асгарав. Вагонд тавхан зорчигч байсны хоёр нь миний хажууд байрлав. Галт тэрэг цагтаа хөдөлж, эрч авч хурдлахад галт тэрэгний цонхоор салхи орж сэрүү татаж саяхан купег эзэгнэж байсан битүү халууныг үлдэн хөөв. Одоо ходоод хоол нэхэх болсоныг анзаарав. Харин ар талын хатуу суудалтай вагонд хүмүүс дүүрэн байлаа. Галт тэргэнд хоолны вагон байсангүй. Тийм байх болов уу гэж бодоод нэг хайрцаг гоймонтой түргэн хоол авсан нь оносон байлаа. Бид гоймон идээд тус тусынхаа купенд ороод ядарсандаа нам унтлаа. Надтай яваа хоёр солонгос гоймон, будаа, мах, кемчи, ногоо, пиво, ус гээд янз бүрийн хоол ширээ дүүрэн дэлгэж тавиад бараг нэг цаг хоол зооглов. Миний орны эсрэг талын дээд орон дээр цуг яваа солонгос нөхөр унтах үед сууж байсан. Түүнийг би авч яваа юмаа янзлаж байна гэж бодсон юм. Гэтэл шөнө дунд сэрээд харвал купе гэрэлтэй, нөгөө нөхөр тэр л суудалдаа суусаар байгааг харав. Нөгөө нэг нь миний хажуу орон дээр унтаж байгаа нь харагдлаа. Хажууд унтаж байгаа нөхөр нь дарга нь болов уу гэж бодов. Яагаад гэвэл тэр нилээд шамсгар тэгээд дуу цөөтөй, түүнийг гарангуут үлдсэн нөхөр надруу дөхөн дохио зангаагаар ярилцахыг оролдож, нөгөөгөө орж ирэнгүүт шууд л холдон суух ажээ. Хил дээр паспорт шалгах явцад миний ажигласнаар хилийн дарсан тамгаар бол тэрээр хэдхэн хоногийн өмнө хил гараад буцаж байгаа аж. Тэгэхдээ ийм цөөхөн хоногоор тэр олон удаа хил гарсан нэгэн байлаа.
    Бид БНХАУ-ын хил дээр ирлээ. Воган зогсонгуут хилийн хүмүүс орж ирж паспорт хураан авав. Түүнд нэг их цаг орсонгүй. Хоёр воган, түүний нэг нь таван зорчигчтой боловч гурван цаг дэмий шахуу зогсов. Хил дээр бүх зүйл журамтай. Дэлгүүрт нь орж үзэв. Тэнд манайханы нэрлэдэгээр лангууны наймаа байх боловч нэг их бараа байсангүй.
    Галт тэрэг хөдлөхөөс 30-аад минутын өмнө төмөр замын буудалд хүмүүс цугларав. Хоосон байсан бидний вагон хүнээр дүүрэв. Буудал дээр үдэгсэдийн дунд солонгосчууд байх агаад тэд ижилдсэн хувцас, зохион байгуулалтаараа ялгарна. Тэд эгнэн зогсон нэгдсэн журмаар алчуур тараан өгч уйлан хайлан дарга нараа үдэх нь нүдэнд содон тусч байлаа. Манайханы 90-ээд оны үед ганзагын наймаа эрхэлж байсан шиг тэд вагон дүүрэн ачаа бараатай явах аж.
    ГУРАВ. УЛСЫН ХИЛ ДЭЭР,
    Галт тэрэг аажуухан хурдаа авч хоёр улсыг холбосон гүүрийг өнгөрлөө. Хамгийн анхны хилийн цэргийн постон дээр залуухан бүсгүй АКМ буу үүрэн харуулд зогсожээ. Вагон хурдаа хасан аажуухан зогслоо.
    Одоо бид БНАСАУ-ын нутаг дээр зогсож байна. Тун удалгүй хилийн шалгалт орж ирлээ. Би тэднийг гүйцэтгэж байгаа ажлаар нь нэр оноохыг оролдов. Ногоон өнгийн патлец, ханцуйн дээр ногоон тэмдэгтэй хилийн цэргийн шалгалтынхан паспортыг хураан авав. Тэд нэг хүн нь хоёр купег хариуцах ажээ. Тэдэнтэй хамт гаалийн гэж нэрлэмээр хяналтынхан орж ирлээ.Тэд эмэгтэй нь эмэгтэйчүүдийг, эрэгтэй нь эрчүүдийг “амлан” авч шалгах юм.
    Хар хувцастай хэдэн хүмүүс компьютер, диск хураан авч нэгэн газар аваачиж шалгаад буцаан авчирч өгөв. Тэд цахилгаан бараа болон компьютерийн техник хэрэгслийг хураан авч нарийвчлан шалгах ажээ.
    Вагон дотор 20 орчим хүн орж ирж шалгалт хийнэ гэдгийг ёстой үзүүлж өглөө. Тэд бүх зүйлийг маш нарийн шалгах ажээ. Хайрцаг, чемоданыг онгойлгон нэг бүрчлэн үзэв. Эцэст металь хайгчаар хүний биеийг тойруулан шалгаснаар энэ бүхэн дуусав.
    Авч яваа эд зүйлсийн мэдүүлэгийг нарийн гаргаж өгөх бөгөөд уртын урт жагсаалт цувуулан бичсэн мэдүүлгийн хуудсыг хүн бүр гаргаж байлаа. Хажуу өрөөнд хоёр бүсгүй шалгуулж байсан бөгөөд миний хувьд цонхоны харалдаа зогсож тэднийг шалгахыг харж зогсов.
    Шалгах хүмүүсээ нэг нэгээр нь куппенд оруулан ярилцсаны дараа шалгалт эхлэх бөгөөд тэр хоёр бүсгүйг металь эрэгчээр бүх биеийг нь шалгав.
    Намайг тэд шалгахаар купенд оруулав. Эхлээд л хэлний бэрхшээл гарав. Би оросоор ярих гэж оролдоод хэлний ойлголцол дуусав. Хамгийн эхлээд эрхий чигчий хуруугаар гар утас байгаа эсэхийг надаас асуув. Би гар утсаа үзүүлэв. Тэр гар утсыг хурааж авав.
    Шалгагч маань чемоданыг түргэн үзсэнээ нэрийн хуудсыг бариад гарч одсон билээ. Харвал тэрхүү нэрийн хуудсыг хэл мэдэх хүн болгонд үзүүлж орчуулахыг эрмэлзэж яваа харагдав. Намайг шалгах шалгалт дууссан тул вагоноос гарав.
    Вагоны хоёр үзүүрт цэргийн хамгаалалт харагдсан нь түүнээс цааш явж болохгүйг тодорхой илтгэнэ. Нөгөө вагон руу орж цуг яваа дөрөв дээр очив. Тэднийг үлдээж нарийвчлан шалгаж байлаа. Вагоноос эргэж гараад шатны тавцан дээр тэднийг хүлээн цаг өнгөрөөв. Манай цувааны эхний хоёр вагон нь шуудан, ачааны зориулалттай, залгаад суудлын хоёр вагон байсан бол урд талд орон нутгийн олон вагон нэмж залгав.
    Хилийн цэргийн шалгалт хийсэн нөхөр миний паспортыг цаасанд өлгийдөн боосон гар утасны хамт авчирч өгөв. Удалгүй олон хүмүүс тавцан дээр гарч суудлаа эзлэж эхлэв. Хүний хөдөлгөөн гэнэт эхэлсэн шигээ гэнэт намдав.
    Хятад, солонгосын хил дээр зургаан цаг үргэжилсэн хилийн шалгалт, зогсолт дуусч өдрийн 14.00 цагт галт тэрэг хөдөлгөөнд оров.
    ДӨРӨВ. НИЙСЛЭЛ ПХЕНЬЯН ХОТОД ИРЭВ.
    Олон жилийн өмнө баригдаад гар хүрээгүй удсан барилгууд бүхий хот, суурин нүдэнд тусав. Галт тэрэгний цонхоор харагдаж буй барилгуудыг нэг өнгийн саарал будгаар будаж, тэр нь борооны усанд урсаж халтардсан дүрх тодорно. Нүүрэн талын барилгуудыг шохойдон дээврийн болон зарим хэсгийг улаан өнгийн болон бусад өнгөөр тодотгон буджээ. Эхний таарсан хот төв талбайгаа төмөр замын дагуу байгуулжээ. Хот болгонд байдаг нэг ижил загвараар байгуулсан баганат хөшөө харагдана. Түүний цаахантай их удирдагчийн хөрөг голлон байрлуулсан байна.
    Галт тэрэгний цонхоор хөврөх хотын барилга дуусч тариан талбай залгав. Хоёр уулын хоорондыг битүү дүүргэсэн тариан талбай дээр бөхийн ажлаа хийх тариачдын хүнд хөдөлмөрийг харж явахдаа ингэж л хөдөлмөрлөж байж өөрсдийгөө хүнсээр хангах бодлогыг биелүүлдэг болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн билээ.
    Тариан талбайн дунд оромжууд харагдана. Тэр нь ганц хоёроороо болон бүлэг, олууллаа байрлахаар хэмжээтэй ажээ. Тэдгээр оромж нь сүрлээр барьсан дөрвөлжин болон майхан хэлбэртэй. Харин олуулаа байрлах оромжууд нь хагас дугуй хэлбэртэй байна.
    Тариан талбайд ажиллагсад нь бүгд гар ажиллагаатай нь харагдана. Тариан талбайд үхэр хөлөглөсөн анжисаар газар хагалах нь нүдэнд содон тусна. Шатахуун хэмнэж боломжоо ашиглаж буй хэрэг ажуу.
    Цонхоор жирэлзэн өнгөрөх хот тосгодыг холбосон замууд нь нилээд эрт байгуулсан болов уу гэж бодогдохоор байлаа. Шороон болон засмал нь ялгахын аргагүй замаа хүмүүс цэвэрлэж зогсох нь харагдана. Нэг тосгоноос нөгөөг зорин алхах хүмүүсийн цуваа үл тасарна.
    Тосгод нь голдуу нэг давхар нэг загварын барилгууд байх агаад зарим хот тосгонд нэгдсэн журмаар шинэ барилгууд барьж байгаа ажээ. Нийслэл рүү дөхөх тутам тариан талбайд ганц нэг дугуйт болон төмөр дугуйтай трактор харагдаж эхэллээ.
    Замын дагуу дугуйт тракторын чиргүүл дээр хүмүүсийг битүү шахан суулгасан нэгэн тохиодолтой тааралдсан.
    Өндөр уул болон тариан талбайн дунд нүдэнд туссан газруудад лоозонгуудыг тод улаан өнгөөр бичиж тавьсан байх бөгөөд хожуухан түүнийг орчуулж уншуулахад тодорхой болсон бөгөөд тэр нь “Аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нар бидэнтэй хамт“ гэсэн лозун байлаа. Тийм лозунг улс орон даяар босгосон бөгөөд тэр нь олон зуугаар тоологддог тухай тайлбарлаж байна лээ.
    Төв рүүгээ дөхөх тусамаа зам нь өргөн болж гүүр нь даац сайтай, зам олон урсгалтай болж байлаа.
    Манай вагон дүүрэн хүнтэй болсон бөгөөд тэднийг гадаадын иргэн мөн эсэхийг энгэр дээрх тэмдэгээр ялгаж болохоор байв. Зэргэлдээ купенд хоёр хятад иргэнтэй хожим нь зочид буудалд хоолонд дээр олонтой таарч билээ.
    Манай вагонд бидний нэрлэдэгээр хоёр “туулай “ байлаа. Тэр хоёр хилийн нааханаас суусан бөгөөд дөнгөж хорин нас дөхөж яваа болов уу гэмээр эрэгтэй, эмэгтэй хоёр залуу байв. Коридор хүнээр дүүрэн байх нь тэднийг бусдын нүдэнд онцгойрон тусгахаас хамгаалж байлаа.
    Хил гарангуут цэргийн гэх зүйлүүд нүдэнд содон тусч байлаа. Эхлээд ачааны машин дээр зогсоогоор яваа цэргийнхэн, тэдний хажууханд цэргийн халуун хоолны тогоо харагдана. Авто зам дээр түр зогсож байгаа жип, суудлын тэрэгний дэргэд цэргийн хувцастай хүмүүс тамхи татан амраж зогсохтой таарав.
    Галт тэрэг хоёр цаг орчим яваад зогсов. Энэхүү зогсоолд галт тэрэг цөөн минут зогссон боловч цэргийхэн олноор харагдаж байлаа. Харин бидний сууж яваа сүүлчийн хоёр вагон нь завсарт байрлах багажны хоёр вагоны ачаар нийтийн зогсоолоос холтгож нийтээс тусгаарлаж байлаа.
    Зогсоол бүрт цэргийн зэвсэглэсэн цэргийн харуул зогсоно. Манай хоёр вагоны хоёр үзүүрт төмөр замын хувцастай зохицуулагч байж, зорчигчдод нэг үг хэлэхэд тэд чиглэлээ өөрчлөх буюу тэр хавьдаа зогсон галт тэрэгийг хөдлөхийг хүлээх нь ажиглагдана.
    Цэргийнхэний цэвэрхэн хувцас бас энгэр дүүрэн одон медалийн туузаар бусдаас ялгарна. Энэхүү зогссон буудал дээр усан цэргийнхэн олноор зогсох нь ойрхон усан флот байдагтай холбоотой болов уу.
    Цэргийн харуулууд АКМС-ээр зэвсэглэсэн байх агаад галт тэрэг хөдлөж биднийг дөхөж ирэхэд эргүүлийн цэрэг буугаа өвөр дээр тавьж, өвдөг дээрээ явган сууж зэвсэгээ нуух нь харагдлаа. Гурваас таван хүнтэй зэвсэглэсэн эргүүл гардаг бололтой.
    Харин буудал дээр зогсох вагон болон объектын харуул нь АК-аар зэвсэглэсэн байна. Ачааны галт тэргүүд коррозод ихээхэн идэгдэж, цоорч ачаа ачихад их түвэгтэй болсон нь харагдана.
    Зарим ачааны вагон дотор хүмүүс байгаа нь харагдав. Ийм халуун нөхцөлд төмөр саванд хүмүүс суугаа нь хачирхалтай. Дараа дараагийн буудлуудад мөн цэргийнхэн олноор вагонд сууж, буух бөгөөд тэд цоглог байдал, алхаа гишгээгээр бусдаас ялгарч харагдана.
    Бидний явах замд шинжлэх ухаан техникийн ололтыг тусгасан барилга байгууламжуудыг сонирхож явлаа. Эхлээд миний анзаарсанаар Богд ууланд байдаг шиг одон орон судлалын барилга харагдав.
    Замын дагуух утсан холбоо шонгууд мод байх агаад өндөр хүчдэлийн шугамын шонгууд манай 70-аад оны байдлыг санагдуулж байлаа.
    Дараа нь радиогийн дамжуулах станц харагдав. Жигдхэн нэг хэвийн барилга байшин бүхий хот, тосгон үргэжилсээр нэг л мэдэхэд Пхеньян хотод бид дөхөж ирлээ. Хамгийн түрүүнд нүдэнд Пхеньянд баригдаж буй хамгийн өндөр барилга туслаа.

     

  • Үр, Үнэн, Эх орон гурвынхаа төлөө Босоогоороо нөхцөх эр хүн танаа

    Амраг жаахан бүсгүй бие давхарлсанаа зарлахад би уйлдаг
    Аавын хүү алдаж эндээд
    Алтан төрөөс өршөөл хүсэхэд би уйлдаг
    Ижилийн хөвөөнөөс Жангар хайлахад уйлдаг
    Ил Тарвагатайгаас икэль эгшиглэхэд уйлдаг
    Ольхон , Саянд дүнгэр дэлдэхэд уйлдаг
    Ордос , Алтан эмээлд уртын дуу хангинахад уйлдаг
    Хүний газараас эх ороноо хүсэж уйлдаг
    Хүлгийн нуруунд мөнх тэнгэрээ шившиж уйлдаг
    Хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд уйлдаг
    Хээрийн салхи Жамухийн шарилийг илбэхэд уйлдаг
    Хүсэл сэтгэл хүн чанар үхэж байгаад нь уйлдаг
    Хар сүлд, Хаан зориг хаачсаныг мэдэхгүйдээ уйлдаг
    Хацар гоо охидоо
    Харийн хүнээс хармалахдаа уйлдаг
    Хаан цус хатуу дарстай сүлэлдэхэд уйлдаг
    Төрийн сүлд , тамгатай бичиг газар хэвтэхэд уйлдаг
    Төрсөн газарын минь ширхэг чулуу байрнаасаа хөдлөхөд уйлдаг
    Үл мартах андыгаа дурсахдаа уйлдаг
    Үхдэл үл харам эхийн ачийг бодохдоо уйлдаг
    Эр хүний нулимс алтнаас үнэтэй гэдэг
    Ээ хамаагүй би уйлдаг
    Хайрлах эх оронтойдоо би уйлдаг
    Хармалах газар шороотойдоо би уйлдаг
    Хаан цус бүтэн биеийг минь
    Нар зөв эргэн дуулдаг дуулдаг дуулдаг
    2021•4•15 Д.Одонхүү

  • ХУЯГ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН ЭЗЭН ОНГОД, ХУЯГЛАХ, ХЭЛ ХУУР, ОРБО, ОРГОЙ, ХАС

    Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.

    Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.

    Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.

    Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.

    Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.

    Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.

     

  • АЛТАН АЯГА /Буриад ардын үлгэр/

    Хаан Санад хамаг ардынхаа хамт их сүргээ туун өмнөөс хойд зүгийг чиглэн алс нутгийг зорин их нүүдлийн замдаа гарчээ. Цэрэнгийн эцэг ч морины нуруунд тохсон том богцонд нуугдан суугаад бас л нүүдэлчидтэй цуг явж байжээ. Цэрэн эцгээ хүн амьтнаас далдуурхан хооллож ундлан, харанхуй шөнө богцноос нь гарган биеийнх нь чилээг гарган явсаар байв гэнэ. Тэгж явсаар тэд нэг их тэнгисийн захад иржээ. Хаан Санад энд хоноглоё гэжээ.
    Хааны нэг түшмэл тэнгисийн эрэгт зогсож байгаад гэнэт тэнгис дотор ямар нэг юм гялалзахыг олж харжээ. Дахин хянамгайлан хараад энэ нь маш гоёмсог хэлбэртэй алтан аяга болохыг үзжээ. Тэгээд хаандаа очин тэнгисийн ёроолд үнэт алтан аяга хэвтэж байна гэж хэлжээ. Хаан Санад шууд л алтан аягыг авчир гэж тушаажээ. Гэтэл өөрийн хүслээр тэнгисийн ёроол руу шумбах хүн олдсонгүй. Тэгэхээр хаан шавга татъя гэж тушаагаад эхлээд нэг хүн тэнгис рүү шумбаж гэнэ. Тэр хүн эргэж гарч ирсэнгүй. Ингээд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх гээд олон хүн өндөр эрэг дээрээс ус руу үсэрчээ. Ингэсээр Санад хааны олон иргэд тэнгисийн ёроолд амь алдав. Харин цэвдэг сэтгэлт сувдаг хаан санаснаасаа буцсангүй. Хааны зарлигаар дуулгаварт ардууд нь нэг нэгнийхээ араас ус руу орж үхсээр байжээ.
    Тэгтэл залуу эр Цэрэнгийн ус руу орох ээлж болжээ. Цэрэн эцэг дээрээ ирэн эцэгтэйгээ салах ёс хийж, Эцэг минь, баяртай! Та бид хоёрын үхэх цаг болжээ гэхэд эцэг нь юу болсон, яасныг асуужээ. Цэрэн тэнгисийн ёроолд байгаа алтан аягыг авахаар ус руу орох миний ээлж боллоо. Урьд нь орсон хүмүүсээс хэн нь ч эргэж гарч ирээгүй, тэгэхээр би ч гэсэн эргэж ирэхгүй биз ээ. Харин таныг эндээс олоод хааны зарц нар алчихна даа гэв. Өвгөн эцэг нь энэ бүгдийг сонсоод, Ээх, та нар ингээд цөмөөрөө усанд живж үхээд, хэн ч алтан аягыг авчирч чадахгүй дээ. Алтан аяга тэнгисийн ёроолд биш, тэр уулын оройд байгаа юм. Тэнгисийн захад байгаа өндөр уулыг харж байна уу? Та нарын харсан чинь зөвхөн усанд туссан тусгал дүрс нь байхгүй юу. Та нар яагаад энэ тухай бодсонгүй вэ? Тэгвэл би одоо яах вэ? гэж Цэрэн асуухад эцэг нь, Ууланд авирч гараад алтан аягыг хаанд авчир! Алтан аягыг олоход амархан, холоос гялалзаад харагдаад байна. Гэхдээ аяга авирч гарч боломгүй эгц хадан дээр байж магадгүй. Тийм бол чи хажуугаар явж байгаа янгируудыг үргээ, янгир ямаанууд гүйдэл дундаа аягыг унагаачихна. Харин чи харанхуй хавцал руу унахаас нь урьтаж барьж авна шүү гэж эцэг нь зааж өгчээ. Цэрэн тэр даруйхнаа уул өөд явжээ.
    Уул өөд авирах хэцүү байлаа. Цэрэн бут бургаас, хурц чулуунаас татаж чангаан нүүр гараа шалбалж хувцас хунараа уржээ. Тэгээд их өндөрт авирч гарсан хойноо нэг гарч боломгүй хадан дээр гоёмсог алтан аяга байхыг олж харжээ. Тэр хаданд авирахын аргагүй ажээ. Тэгэхээр нь эцгийнхээ зааснаар янгир гарч ирэхийг хүлээн суусаар байв. Удаан ч хүлээсэнгүй, хэдэн янгир хадан дээр гараад ирж гэнэ. Янгирууд тайван зогсоод доош харж байв. Цэрэн байдгаараа чанга хашгиртал янгирууд айн хадан дээгүүр харайлдан гүйлдэж алтан аяга ч доргионд нь уначихлаа гэнээ. Аяга өнхрөн унамагц Цэрэн самбаачлан шүүрэн авав.
    Тэгээд сэтгэл ханамжтай, баяртайгаар уулнаас буун хаандаа алтан аягаа аваачиж өгчээ. Хаан нь,
    -Чи энэ аягыг тэнгисийн ёроолоос яаж авав? гэж гэнэ. Би энэ аягыг тэнгисээс биш тэр өндөр уулын орой дээрээс авчирлаа. Усанд зөвхөн дүрс нь л харагдаж байсан юм.
    Хэн чамд зааж өгөв? Өөрөө бодож мэдсэн гэж Цэрэн хариулж, хаан ч өөр юм асуусангүй. Маргааш нь хаан хамаг ардынхаа хамт цааш нүүжээ. Тэд явсаар байгаад нэг их өргөн цөлд иржээ. Нар хурцаар шарж өвс ногоо гандан ойр орчинд гол ус ер харагдахгүй байлаа. Хүн мал ундаасан цангаж, хааны тушаалаар хэдэн тийшээ хүмүүс яваад ус олохгүй, эргэн тойронд хатаж хагарсан хуурай газраас өөр юу ч байхгүй байлаа. Хүмүүс аймшигт ган гачигт автан яах, юу хийхээ мэдэхгүй болов… Цэрэн эцэг дээрээ сэмхэн очиж,
    -Усгүй, одоо яах вэ? Хүн малгүй цөм хатаж үхэх нь гэж асуужээ. Өвгөн, Гунжин үнээг дагаад яв, тэгээд нэг газар зогсоод үнэрлээд унана, тэр газар нь ух гэжээ.
    Цэрэн нэг гунж гаргаад тал руу хөөчихсөн чинь явж явж нэг газар очоод халуун газрыг үнэрлэлээ гэнээ.
    Энд ухаарай гэж Цэрэн хэлж хүмүүс ч яаран ухвал нэг их булаг ундран оргилжээ. Цэвэр хүйтэн тунгалаг ус газар дэлхийг ундаалж хүн малгүй цангаагаа тайлж сэргэн сэхэв.
    Хаан Санад Цэрэнг дуудан, чи ийм хуурай газар хаана нь булаг байгааг яаж мэдэв гэж асуухад, Цэрэн шинж тэмдгээр нь олсон гэжээ. Тэгээд тэд цаашаа нүүсээр олон өдрийн дараа нэг даваан дээр буудаллаад байтал шөнөжин бороо орж галыг нь унтраачихжээ. Нүүдэлчид яаж ч оролдоод галаа асааж чадсангүй. Даарч норсон хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байснаа холын нэг уулан дээр гал гарч байхыг харжээ. Хаан Санад ч одоохон явж гал авчир гэж зарлиг буулгаж, ард олон ч хааныхаа зарлигийг биелүүлэхээр ээлжлэн явжээ. Тэд цөм л өтгөн гачуур модны дор гал түлэн сууж байгаа анчныг олж тэндээс асаж байгаа цучил авсан боловч хэн нь ч гал авчирч чадсангүй. Цучил нь замдаа бороонд цохигдон унтарчихаад байж гэнэ. Хаан уурлан галд яваад авчирч чадаагүй хүн болгоныг алах ял тогтоожээ.
    Цэрэнгийн явах ээлж болж, Цэрэн эцэг дээрээ очин, Одоо яах вэ? Уулнаас энэ хүртэл галаа яаж унтраахгүй авчрах вэ? гэж асуухад өвгөн, Асаж байгаа цучил битгий ав, замдаа асаж дуусна, эсвэл бороонд цохиулчихна! Нэг сав аваад яв, тэгээд савандаа асаж байгаа улаан нүүрс дүүрэн хийгээд ир. Тэр чинь л гал болно гэжээ.
    Цэрэн эцгийнхээ зааснаар том саваар дүүрэн улаан нүүрс авчирч гал асаахад цөм баярлан хувцас хунараа хатаан дулаацаж, хоол ундаа хийж идэцгээжээ.
    Хаан хэн гал авчирсныг мэдээд Цэрэнг дуудан загнажээ. Чи яаж авчирахыг мэдэж байсан юм бэ яагаад өдий болтол хэлэхгүй байсан юм бэ? Би өөрөө мэдэхгүй байсан…Тэгээд чи яаж мэдсэн юм бэ? Аан! Хаан Цэрэнг удаан шалгааж загнасаар байгаад үнэнийг нь хэлүүлжээ. Эцгийн зөвлөснөөр л би таны зарлигийг биелүүлж байсан гэжээ. Эцэг чинь хаана байна? Эцгээ би замын турш том богцонд суулгаад нуугаад явсан. Тэгэхэд хаан эцгийгээ авчир гэж тушаагаад, энэ өдрөөс хойш хуучин зарлигаа би өөрчиллөө. Өвгөд хөгшид бидэнд тээр саад болохгүй юм байна. Тэд амьдралын их туршлага, мэдлэг, мэргэн ухаантай юм. Иймээс үүнээс хойш бүү нуугд, бидэнтэй цуг яв! гэжээ.

  • ЧИНГИС ХААНЫ ОНГОН, МОНГОЛ ХААДЫН ОНГОН, НАЙМАН ЦАГААН ГЭР ЖИЧ ЭЗЭН ХОРОО

    “Тэмүжиний онгоныг тойруулан сум хатган хүрээ /гуч газрын хэмжээтэй-уул тайлбар/ болгож, морьт харуулаар хамгаалуулдаг” /дээрх ном/ бөгөөд энэхүү “Онгоны хамгаалагч нь мянган өрх урианхан болно” /Рашид, Джувейни нарын ном/.

    Хожим нь Тулуй эзэн, Мөнх хаан, Хубила хаан болон Аригбөх нарын шарилыг Чингис хааны хамт оршуулж, бусад үр хөвгүүдийг нь өөр газар оршуулсан гэдэг билээ.

    Чингис хааны шарилыг оршуулахын хамт “Мөнхийн дурсгал” тахилын орон болгож найман цагаан гэрийг үүдэн байгуулжээ. “Эзний найман цагаан гэр” гэдэг нь энэ үед ингэж үүссэн байна. Энэ тухай арван долдугаар зууны үеийн Ордос, түүхч Саган цэцэн:

    “Мөнх хүүрийг ану үүдэн. Ерөнхийн шүтээн найман Цагаан гэрийг тэнд байгуулжухуй” /Эрдэнийн товч, 1962 оны гэрэл зургийн хэвлэл, 89 дүгээр нүүр/ гэж тодорхой тэмдэглэжээ. Үүнийг одоогийн зөв бичлэг болговол:

    “Мөнх хүүрийг нь үүдэн. Ерөнхийн шүтээн найман Цагаан гэрийг тэнд байгуулжээ” гэсэн үг болно. Энэхүү найман цагаан гэрийн тухай “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх”-д: “Нас барсан газар нь “ мөнх хүр” дурсгал болгон Ордос нутагт найман цагаан гэр байгуулж, эдэлж хэрэглэж байсан зүйлийг онголон тахих болгосноор тэр нь Чингисийн шарил гэж хожим алдаршсан аж” гэж тэмдэглэж буй. Энэ нь манай баримтлаж байгаа тулгар бичгүүдтэй баахан зөрөөнтэй байхыг зааж гаргах хэрэгтэй. Энэхүү найман цагаан гэрийг анх байгуулахдаа “Ордос нутагт”-т биш, харин Чингис хааны шарилыг оршуулсан газар-Хэнтий ханы энгэр хавь буюу тухайн үе дэх Монголын төв газарт байгуулсан нь нэлээд баримттай бөгөөд зүйтэй юм. Тэр үед Чингисийн онгоныг сахиж байсан нь Ордос аймаг биш, харин мянган өрх урианхан аймаг байжээ. “Ордос” гэдэг нэр Чингисийн үед байтугай, Юань улсын үед ч байсан мэдээ хараахан харагддаггүй. Их төлөв Юань улсын мөхсөнөөс хойш, дотор газраас ухран гарсан зургаан түмэн Монголчууд ба Монголын эх газар дахь Монголчуудыг түүх, сударт Ордос, Цахар, Халх зэрэг зургаан түмэн гэж тодорхой тэмдэглэжээ. Одоогийн Ордос нутаг Чингисийн үед Тангудын нутаг байсан бөгөөд Юань улсын. Үед Шаньси муж болон Төв бичгийн мужид тус тус харъяалагдаж байжээ. Одоогийн Ордосчууд бол Чингис хааны дөрвөн ордны хойчис болох бөгөөд уулдаа Монголын төв газраар нутаглан байж, их төлөв арван тав, арван зургаадугаар зууны үед өмнөшиж, Бортохой хавьд нутаглажээ. Тэд Хатан голыг гатлан одоогийн Ордосын өндөрлөгт нутагшсан нь бараг арван зурагаадугаар зууны сүүлч буюу арван долдугаар зууны эхээр биелэгдсэн мэт. Одоо хэн бүхний мэдэж байх ёсоор, Өвөр Монголын Их Зуу аймгийн Эзэн хороо хошуунд “Чингис хаан онгон” гэж тахиж байх нь ч үнэн учир юм. Гэвч тэр нь үнэн Чингисийн онгон биш, ялангуяа тэр үед байгуулагдсан ч биш гэдэг баримт одоо нэлээд тодорхой болсоор байна.

    Эзэн Чингисийн тахилын орон болсон найман цагаан гэрийг анх Монголын эах газар байгуулж, мянган өрх урианханчуудаар сахиулж байсан бөгөөд Өгөөдэй хааны үеэс Мөнх хаан /Тулуйн ахмад хөвгүүн/-д хүртэлх гучаад жилийн дотор Монголын их хааны ор нь хэдэнтээ солигсон боловчтэрхүү найман цагаан гэр мөн ч Монголын төвөг дагалдан уламжлагдаж иржээ.

    Хаант Монгол Улсын дөрөвдүгээр их хаан-Мөнх хаан 1259 ондю үхсэн хойно, Монголын язгууртадын дотоодод хямралдаан гарч, Тулуйн тавдугаар хөвгүүн Ариг бөх Хар хорум хотод өөртөө хуралдай хийж Мөнх хааны орыг залгамжласны зэргээр, Тулуйн гуравдугаар хөвгүүн Хубилай Кайфун хүрд балгас /Хожмын Юань улсын дээд нийслэл Шаньду/-д өөрийгөө их хаанаар өргөмжилж, Хаант Монгол Улсын тавдугаар их хаан болсон бөгөөд хаожим нь бүх Дундад улсыг хамтран их Юань улсын анхны хаан нь болжээ. Энэ үед уулсын эх газар дахь найман цагаан гэрийг хэрхсэн тухай тэмдэглэл харагддаггүй байна.

    Гэвч найман цагаан гэрийн уламжлал ер тасраагүй. Юань улсын эхэн үед энэхүү найман цагаан гэр нь Хятадын уламжлалт “Дээдсийн сүм” гэдэг дүрэм лүгээ уялдаж, Юань улсын хаадын тайлга тахилгын газар болжээ. Юань улсын анхдагч хаан Хубилай сэцэн Чжи Юань-ий гуравдугаар он /1266 он/-ы 10 дугаар сард Дээдсийн сүмийг байгуулж, Хубилай сэцэн хаан түшмэл Ань Тунь, Баян нарын айлтгалыг үндэслэж Пань Чжан ноён Чжао Би зэрэг олон сайд түшмэддээ зарлиг буулган ярилцуулж, өвөг дээдсийн үе уламжлал, сүмийн нэр, тахилгын тавилга зэргийг тогтоосон бөгөөд сүмийг найман гэрээр тогтоожээ. Энэ найман гэр нь яриангүй Юань улсын төв Дайду хотод байжээ. Найман гэрийг байрлуулсан нь доорхи мэт:

    Нэгдүгээр гэрт: Чингис хааны эцэг, Юань улсаас Лянцзу богд эш хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Есүхэй баатар болон Сюань И хуанхэү Өгэлүн эх;

    Хоёрдугаар гэрт: Хаант Монгол Улсын анхдугаар хаан Юань улсаас Тайцзу Богд Баатар гэж нэхэмжлэн өргөмжилсөн Чигис хаан болон Богдын Түшээ Гэгээн Ивээлт хатан Бөртэ үжин-ийг;

    Гуравдугаар гэрт: Хаант Монол Улсын хоёрдугаар хаан Юань улсаас Тайцзу Эрдэмт Гэгээн хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Өгөөдэй болон Чжао Сы хуанхэү Дөрэгэнэ хатан-ыг;

    Дөрөвдүгээр гэрт: Чингис хааны ахмад хөвгүүн Жочи болон түүний хатан Бедачүмиши-ийг;

    Тавдугаар гэрт: Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Чагаадай болон түүний хатан Есүлүн-ийг;

    Зургаадугаар гэрт: Чингис хааны отгон хөвгүүн, Хубилай хааны хөгчсөн эцэг, Юань улсаас Жуйцзун Цзин Сян хаан гэж нэхэмжлэн цоллосон Тулуй болон түүний хатан, Хубилай хааны нөгчсөн эх Жуан Шэн хуанхэү Сорхагтани бэхи хатан-ыг;

    Долдугаар гэрт: Хаант Монгол Улсын гуравдугаар их хаан, Юань улдсаас Динцзун Цзяньпин хаан гэж нэхэмжлэн цоллосон Гүюг болон түүний хатан Цинь-шу хуанхэү Хамиши хатан-ыг;

    Наймдугаар гэрт: Хубилай хааны нхөгчсөн ах, Хаант Монгол Улсын дөрөвдүгээр их хаан, Юань улсаас Сяньцзун Хуаньсу хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Мөнх болон түүний хатан Чжэнь Цзе хуанхэү Хутугтай хатаныг тус тус цоллон тахижээ. Энэ бол “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл” /74 дүгээр боть/ дэх найман цагаан гэрийн тужс бүрийн тахилын орныг тогтоосон анхны тэмдэглэл болно. Хубилай хаанаас хойш, Юань улсын хаан орыг залгамжилсан олон хаад нь бас энэ дүрмийг үе улиран залгамжилж, сүүлчийн хаан нь түрүү хаандаа сүмийн цол өргөмжилж, тогтсон цаг хугацаандаа тахилга тавилгаа гүйцэтгэсээр байсан билээ.

    1368 онд Юань улс төрөө алдаж, түүний эцсийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр цөөн хүмүүсээ дагуулж Дайду хотоосоо дутаан явахаас гурван өдрийн өмнө, илүү 7 дугаар сарын 26-нд “Дээдийн ёслолын хорооны түшмэл Арухуныг дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайцзи нарыг авч умарш одтугай” гэж зүүн мөрийн түшмэл Ширэмүн зарлиг уламжлуулж байсан бөгөөд “Арухун нар даруй дээдсийн сүмд очиж, ёслолын тушаалтан Ван Сы Цзун, тайж түшмэл /тахилгын сайд/ Харбуха-гийн хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгаж, гэрт нь хүлээн байв” гэж “Юань улсын түүх, Тогоонтөмөр хааны шастир”-т тэмдэглэж буй.: Үүнээс үзэхүл, Тогоонтөмөр хаан “Эзний найман цгаан гэр” буюу адагтаа түүнд тахиж байсан “шүтээн” мэтийн үйлсээ авч явсан нь лав үнэн хэрэг юм.

    1368 оноос хойш, сүүлчийн Юань улс гэж дуудах болов. Ухаант хаан Тогоонтөмөр 1370 онд Барс хотод нас барсан хойно түүний хөвгүүн Аюушридара хаан орыг нь залгамжилж, Билигт хаан гэдэг билээ. Мөн тэр жил Мин улсын цэрэг Барс хотыг довтосонд Билигт хаан хүч мөхөсдөж, цөөн хэдэн хүмүүсээ авч Хар хорум хот өөд дутаажээ. Тэр, энэ удаа дутаахдаа “Эзний найман цагаан гэр”-ийг хэрхсэн тухай мэдээ байдаггүй. Хэрвээ үнэнхүү арван хэдхэн хүн бачим яаруу дутаасан бол авч завдсангүй ч магадгүй. Чингэвэл “Найман цагаан гэр” ингээд тасарчихав уу? гэвэл, үгүй байна. Сүүлчийн түүхэнд бас тэмдэглэл байдаг. Жишээлбэл, 1434 онд /Билигт хаан Барс хотоос дутаасны дараах 64 дэх жил/ Ойрадын Тогоон тайш зүүн Монголыг эзлэн авсан тухай:

    “Монголын төрийг авсан хойно, Тогоон тайш их төр барьж, эзний найман Цагаан гэрт мөргөж, хаан ор авъя гэж ирээд мөргөж хаан болов” гэж “Хураангуй Алтан товч” /1980 оны хэвлэл, 852 нүүр/-д тэмдэглэж байдаг бөгөөд “Эрдэнийн товч”-д:
    “Тохан /Тогоон-эшлэгч/ тайш Мирасуны хонгор морин хэмээхээр.Эзний ордын цомог /найман цагаан гэрийг Ордост одоо ч мөн “цомцог” гэдэг билээ-эшлэгч/-ийг гурвантаа эргэж дайрлан цавчил. Чи суут бие найман цагаан гэр болса /болоосой-хө/. Би суутай үр Тухан байнам…” гэж тэмлэглэж буй. Энэ тэмдэглэлүүд юуг харуулж байна гэвэл, сүүлчийн Юань улсын төв нь Хар хорум хүрээд бас “Эзний найман цагаан гэр”-ийг сэргээснийг харуулж байна.

    1470 онд Мандухай сэцэн хатан долоон настай Батмөнхийг гараас хөтлөн Эш хатны шүтээний өмнө ирж, сацал сацаж тангараг хийгээд Батмөнхийг Даян хааны орд суулгасан гэдэг билээ. Энэ Эш хатан гэдэг бол Тулуйн хатан Сорхагтани бэхи-д Чингис хаанаас соёрхсон цол болох бөгөөд тэр нь түрэг хэлний “бэр” гэсэн утгатай үг хэлж Японы монголч эрдэмтэн Окада Хидэхиро мэдээлж байв. Энэ Эш хатны шүтээнийг хэлэлгээнгүй найман цагаан гэрт тахиж байжээ. Дараа нь “Даян /Даюун/ хаан Батмөнхийн найман Цагаан орд харагчин могой жил /1473 он/-ийнэ зургаан сар Хэрлэн голд байсан бөгөөд тэнд бүх улсын их чуулганыг хийжээ” гэж Рашипунцагийн зохиосон “Их Юань улсын түүх” /Чуулалт хаалгын хорголжин бар, 667 нүүр/-д тэмдэглэж байсан бөгөөд бас “Эрдэнийн товч” /132 нүүр/-д:

    “Тэндээс Даян хаан баруун гурван /Ордос, Түмэд, Харчин, Юншээбү гурван түмнийг хэлж буй-эшлэгч/-ыг бүрнээ оруулан, Зургаан түмнийг их улсаа түгээрэн төвшитгөөд, найман цагаан гэрийн өмнөөс хаан цолоо тунхаг авч бүрүн..” гэж тэмдэглэж байв. Эзний уламжлалт найман цагаан гэр нь бүх Монголыг хоёр дахь удаа нэгтгэсэн Батмөнх даян хааны үед бас их хааны төвдөө байсныг бид дээрх тэмдэглэлүүдээс мэдэж болно. Энэ үед “Ордос найман цагаан гэрийг хадгалсан их заяат улс бөлгөө…” /Эрдэнийн товч”, 131 нүүр/ гэж Даян хааны хэлж байснаас үзэхүл, Монголын төв дэх эзний найман цагаан гэрийг Ордос түмэн хадгалан хамгаалж байсан бөгөөд тэр үед Ордос аймаг ч бас Монголын төв газартаа байсан бололтой.

    Гэвч Даян хаанаас хойш, Монголын их хааны төв нь Цахар хаадын харъяанд шилжсэн юм. Даян хааны их орыг шууд залгамжилсан хаан бол Батмөнхийн ач хөвгүүн их орыг шууд “Боди Алаг зүүн гурван их орон суувай” /”Хураангуй Алтан товч”, 117 нүүр/ гэдэг билээ. Энэ бол Эзний найман цагаан гэр хаан орынхоо хамт Цахар өөд шилжсэнийг харуулж байна. Цахар аймаг нь Дарайсун Гүдан хааны үеэс эхлэн, Монголын төв газраасаа зүүнш Ляодун өөд шилжсэн юм. Тэд шилжихдээ бас тэрхүү найман Цагаан гэрээ авч явсан нь дамжиггүй хэрэг. Энэ тухай “Эрдэнийн товч”-д:

    “Дарайсун Гүдан тайж … Уу бичин жилээ /шарагчин бичин жил буюу 1548 он-эшлэгч/ цагаан гэрийн өмнөөс хаан цолыг аван, баруун /баруун гурван түмнийг хэлж байна-эшлэгч/ лугаа эе төрөөр барилдан харьж одохуйяа..” гэж тэмдэглэж буй.

    Дарайсун Гүдан хааны ачинцар хөвгүүн Лигдэн бол хэрэг дээрээ зүүн гурван түмний л захирч байсан цахар хаан юм. Гэвч түүнийг бүх Монголын их хааны залган төрлийн уламжлалаар бүх Монголын хамаг эцсийн нэгэн их хаан буюу гучиндөрөв дэх хаан гэдэг. Тиймээс эхний найман цагаан гэр ч Лигдэн хаанд уламжлагдан очсон нь мэдээжийн хэрэг билээ. Нийтийн он тооллын 1628 онд Манжийн дайлан дагуулагчид Монгол өөд довтолсон үед Лигдэн хаан Ляодун-гийн газраас ухарч, баруун гурван түмний нутагт шилжиж ирсэн нь зайлшгүй хэрэг билээ. Ордос түмэн ч яг энэ үед Лигдэн хааныг дагажээ. Энэ бол бүр түүхэн тэмдэглэлтэй хэрэг юм. Тэр нь 1634 онд Лигдэн хааны цэрэг ялагдаж өөрөө цөөн хүмүүс дагуулан Хатан голыг гаталж баруунш дутаасан байна. Энэ үед тэр хааны алтан тамга, хатад хүүхдээ хүртэл авч завдсангүй тул тэрхүү “Эзний найман цагаан гэр”-ийг авч явсангүй нь мөн ч дамжиггүй хэрэг. Энэ үед найман цагаан гэр нь цахар түмний олонхитойгоо одоогийн Бортохой орчим үлджээ. Сүүлчийн Юань улс гэдэг нь ч ингээд туйлбартай мөхсөн байна. Чингэвэл “Эзний найман цагаан гэр” яав гэсэн асуудал тавигдана. Үүнийг бид бас Ордос түүхч Саган сэцэний тэмдэглэлээр хангамжтай хариулж болно. Тэр тэмдэглэсэн нь “Тэр цагт, Цахарын Алтан суварга зайсан Сэрэн Бодумал хэмээх, эзний цагаан гэрийг Туба Тайсун хунтайж дүүд нь өөд болгон ирж, Жихи-д буулгасан ажгуу” /”Эрдэнийн товч”, 176 нүүр/ гэжээ. Энд дурдаж байгаа “тэр цаг” гэдэг бол, Ордосын Ринчин сэцэн жонон болон Саган сэцэн нар 1634 онд Цахараас салж, Ордостоо харьж ирсэн үеийг хэлж байна. Мөн ч Лигдэн хаан баруунш явсанаас дараах явдал билээ. “Эзний цагаан гэр” гэсэн нь даруй тэрхүү үе улиран залгамжилж ирсэн ерөнхийн шүтээн болсон эзний найман цагаан гэрийг хэлж байна. “Туба Тайсун хунтайжийн дүлү” гэсэн нь Ринчин жононгийн дүү болно. “Жихи” /зарим хуулбарт “еихи” гэдэг/ бол Саган сэцэний нутаг Их Шавар гэдэг газрыг зааж байх мэт. Жононгийн ордон нь бас энэ газар байсан бололтой. Чин улсын үеийн хятад орчуулгад “И-на-цэц-цзя” гэж, нөхөр Дорнотивийн шинэ орчуулгад “дэргэд нь” гэжээ. Харин “и-кэ” гэж хятадчилбал зохих мэт. Үүнээс үзэхүл, энэхүү эзний найман цагаан гэр нь хэдийд Одост шилжин очсоныг маш тодорхой тэмдэглэжээ.

    Сартугуд Баянбуугийн Сайшаал
    Чингис хааны товчооны I хэсгээс

    Сүүлчийн хүмүүс Чингис хааныг Ордост онголлоо гэдэг нь доорхи хоёр баримтлалыг үндэслэжээ. Нэг нь, арван долдугаар зууны үед зохиогдсмон монгол түүхүүдэд тэм дэглэсэн мэтээр, Чинги с хааны шарилыг умарш хүргэж явж байхад хасаг тэрэг нь Монийн хөхбөр гэдэг газар ирж бул чинээ шигдсэн учраас тэр газар нь Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймсыг нь онголов гэдэг. Энэ бол нэлээд уран домгийн шинжтэй тэмдэглэл болох нь дамжиггүй. Чухам ийм түүхэн хэрэг байсан эсэхийг нотлох өөр баримт хараахан үгүй байсаар билээ. Ийм учир байлаа ч гэсэн, тэр нь Чингисийн үнэн онгон биш гэдгийг ингэж тэмдэглэсэн хүмүүс ч зөвшөөрч байсан билээ. Бас энэ “Монийн хөхбөр” гэдэг газар одоогийн Их Зуу аймагт байгаагүй нь лав юм. Учир нь энэ Мони уул бол Алшаа уулаас зүүнш, Хатан голоос умарш байдаг тул “Монийн хөхубөр” ч лав Хатан голоос хойш байх ёсттой. “Монийн хөхбөр”-ийн бодитой байрыг нотлоход бэрх боловч Чингис хааны нас барсан Цин Шуй Сянь-аас умарш Онон, Хэрлэнгийн эх газар өөд явах замд нь байсан нь дамжиггүй. Энэ зам нь лав одоогийн Ордос нутгаар дайрах ёсгүй. Тэгэж явбал хол тойруу болох юм. Чингис хаан ирэхдээ ч энэ замаар ирсэнгүй нь лав юм. Ялангуяа энэ нутаг бол тэр үедээ Тангуд улсын харъяат газар байсан тул Монголчууд эзнийхээ шарилыг харь нутагт оршуулах ёсгүй.

    Нөгөө нэг нь: Залуусын хурим” ба “Чингисийн их өчиг” зэрэг номд Монголын зургаан түмнийг тус тус магтан үнэлэхүйдээ:
    “Эрчимт начины жигүүр болсон
    Эргэх хасаг тэргийг хадгалсан
    Эрхийдээ мэргэн
    Өвчүүндээ их омог зүрхтэй төрсөн
    Эзний уул мэт цагаан гэрийг хадгаласан Ордос түмэн” /”Залуусын хурим” гар бичмэлийн гэрэл зураг/ гэжээ.
    Уул мэт сод цагаан гэрийг чинь
    Осолдол үгүй хадгалсан
    Умарталгүй хүчээ өгсөн
    Наранд өдөр төрсөн
    Найман цагаан гэрийг чинь төрийн төв
    Түмний ах болсон
    Болд төмөр зүрхтэй /зүрхт/
    Баатар Ордос түмэн чиний энэ бүхийгээр ажаамуу” /”Чингисийн их өчиг”/ гэж тэмдэглэж байдаг.

    djmedia:392

     

  • БӨӨГИЙН ТУХАЙ КИНО ГОЛ ШАГНАЛЫГ ХҮРТЖЭЭ.

     

    Якутын найруулагч Д.Давыдовын якут хэл дээрээ хийсэн удган бөө хүний цаад жинхэнэ амьдрал, үйлийн үр, бодол санаа, бөөлөөний үйл гэж юу байдгийг яг харуулсан уран сайханы кино бүтээжээ.
    Энэ киног үзсэн олон хүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан байна. “Мануухай” нэртэй энэ кино “Кинотавр” кинонаадмын Гран-при шагналыг хүртжээ. Энэ кинонд метафора жинхэнэ ноёлж байна даа.

    djmedia:391
  • ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ХАТАН ХААН НАМСРАЙН СУВД

    Наад сэтгэл чинь юунд үймрэв. Охин минь чамд бүсгүй хүний мөрөөддөг элбэг хангалуун амьдрал тав тух, үр хүүхэд байна…
    Энэ бол хүссэн хүн бүхэнд олддог юм бишээ. Сайн бодоорой гэх зуураа тэр харанхуйд уусах адил алга болов.
    Гэтэл удалгүй гэтэх мэт алхаагаар дахин гарч ирснээ.
    -Үгүй ээ! Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж амттай байдаг юм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна чи хүн чанараа сонс… гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсан Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” романаар бүтээсэн шинэ жүжгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийнх нь нэрлэснээр “Анна сүнс”.
    Уг дүрийг амилуулсан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд л даа. Түүнийг Вронскийтой бүжиглэхдээ тайзыг бараг гурав тойрон сэнс шиг эргэлдэхэд нь үзэгчид энэ чинь үнэхээр Сувд мөн үү гэж эргэлзсэн. Мөн байлаа. Яг л арван наймт шиг харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Сувдын нас хэд билээ. Энэ тухай эргэцүүлэн бодохул хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Сувд шиг хийж чадах байсан болов уу гэж бодогдов. Тайз, дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Н.Сувд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ.
    -Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж эвхэж нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг. Хараад таашаадаг басхүү шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгэдэг гэж.
    Намсрайн Сувд гэдэг эрхмийг би сартай зүйрлэн бодож үзлээ. Яг л тийм өнгөлөг дотоод сэтгэлээсээ гэрэл цацруулсан хүн. Сарны тухай ойлголт бол гоо зүйн нандин чанартайгаас гадна үл тайлагдах нууцыг өөртөө шингээсэн ертөнц билээ. Сар хүнээс хол мөртлөө ойр санагддаг. Түүн лүгээ санахлаар Н.Сувд хэмээх бодгаль тайз, дэлгэцэд бүтээсэн дүрүүдээрээ бүхэнд танигдсан ч олон олон жүжиг, киноноос түүнийг харж бахархаж, хайрлаж явдаг хэрнээ Н.Сувд гэж чухам хэн бэ гэдгийг хэн ч гүйцэд таньж мэдээгүй гэхэд болно.

    Харин бүтээсэн дүрдээ ард олноо соён гэгээрүүлэх шинэ санаа сэдэл, сургамжтай бүхнийг шингээж өгч чаддаг уран бүтээлч гэж түүнийг найруулагч нөхөд нь үнэлдэг юм билээ.

    *   *   *
    Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд Улаанбаатарын жинхэнэ уугуул. Тухайн үеийн нэгэн элит гэр бүлд төрсөн хүн л дээ. Аав Ц.Намсрай нь эрдмийн талын хүн. Яг үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Ижий нь нөгөө зууны сайхан эмэгтэйгээр шалгарч байсан Хөдөлмөрийн баатар, маршал Х.Чойбалсангийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л даа. Тэдний ууган охин нь Н.Сувд. Тухайн үед ясли, цэцэрлэг гэж ч байсангүй. Тиймээс эх хүн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна тийм л.
    Л.Цогзолмаа гуай одоо ч ярьдаг. Н.Сувдыг өлгийтэй байхад нь ажилдаа аваад явдаг байлаа. Тайзны ард хаа нэгтэй тавьчихна. Тэсвэртэй өссөн дөө. Ямар сайндаа. 1949 онд Унгарт болсон залуучууд оюутны фествальд аваад явж байхав гэж.
    Энэ тухай Гонгорын Хайдав агсны ярьсан нэг дурсамж бий. Тэд Москвад явж байхдаа Кремлийн музей үзэх гэж явтал гоё буйдан дээр нь охин шээчихэж. Үүнийг Бал дарга дуулаад,
    -Хожим хуриман дээр нь хөгийг нь хэлэх юм шүү гэсэн гэж. Ингэж л өнөөгийн алдарт жүжигчин Н.Сувд алтан тайзны анир чимээ, урлагийн хүний амьдралыг хар багаасаа биеэ, сэтгэлээрээ үзэж сонсож явсан байгаа юм.
    Түүнийг багад нь аав, ижий нь физикч юм уу математикч болгох гэж шалгалт өгүүлж байж. Гэвч хувь заяаны зөн билгэ нь дийлсэн хэрэг үү. Жүжигчний сургуульд явах аз завшаан нэгэн цагт олдсон юм билээ. Тэгээд 1970 онд Москва хотноо Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлийг 22 настайдаа төгсгөөд иржээ.
    Түүнээс хойш Кино үйлдвэр, Улсын драмын Эрдмийн театрт жүжигчин, урансайхны удирдагч, 2000 оноос театрынхаа дэд захирлаар ажиллаж өдийг хүрсэн юм билээ. Олон жил урлагт зүтгэхдээ асар их ачаа үүрсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэвэл маргах хүн ховор л болов уу.
    Жүжиг, кинонд тоглох урилга, томилолт завсар зайгүй ирнэ. Сүүлийн жилүүдэд удирдах талын алба, элдэв сонгуульт ажлын ачаа бүр нэмэгдсэн байдаг. Аль алиныг нь амжуулж л явж. Амжуулах амжуулахдаа нэр төртэй хийж бүтээж ирсэн гэдэг нь үнэн. Түүний тайзнаа бүтээсэн анхны дүр 1973 онд тоглосон Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса. Кино дэлгэцэд бол “Эхлэл” киноны Хорлоо.
    Үүнээс эхлээд яаж амжуулж байсан юм гэмээр бүтээлээ ундруулсан байгаа юм. Заримыг нэрлэбэл “Хоёр эзний нэг зарц”-ын Беатриче, “Отелло”-гийн Дездемони, “Гамлет”-ын Офилия, “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Нора”-гийн Нора, “Байцаагч түшмэл”-ийн Анна Андреевна, “Цахлай”-гийн Аркадина гээд олон жүжгийн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-гийн сувилагч Цэндсүрэн, “Ичээнд нь”-ийн Солиотой хүүхэн, “Анхны хайрын дууль”-ийн Янжин, “Хань”-ийн Наран, “Хатанбаатар”-ын Жаргал гээд киноны дүрүүдийг нэрлэж болно. Энэ нь түүний уран бүтээлийн зөвхөн эхлэл хэсэг нь. Н.Сувд уран бүтээл дундаасаа гоц олзуурхан бодож явдаг нэг юм нь олон сайхан хатдын дүр бүтээснээрээ бардамхан явдаг юм билээ.
    “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” киноны Өүлэн ижий, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Монгол хатан гэх зэрэг түүхэн хатдын дүрийг нь үзэгч түмэн андахгүй л дээ.

    Тэр дотроос Монголын эрэлхэг эмэгтэй Мандухайн дүр гоц. Яагаад гэхээр Мандухай хатан гэхээр Н.Сувд л нүд болоод сэтгэлд буудаг шүү дээ. Тиймээс ч энэ дүрээрээ төрийн шагнал  хүртсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг гэж олон түмэн хэлцдэг.

    -Та тэр сайхан хатдын дүрийг өөрөө сонгож бүтээсэн үү гэхэд тэр
    -Яалаа гэж дээ. Найруулагч л сонгоно. Харин тэр нь надад азтай явдал байсан байж болох. Тийм ижилхэн олон дүрийг өөр хооронд нь ялгаатай бүтээнэ гэдэг жүжигчин миний үүрэг байсан. Олон Мандухайг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Мандухай нэг л байх ёстой. Өүлэн эх ч гэсэн дээ. Нэг л бодит хүн. Хатдыг хооронд нь ялгаатай гаргахын тулд мэргэжлийн ур чадвар их шаардана. Жүжигчин хүний нэг зовлон тэр гэж хэлсэн бий.
    Жүжигчин Н.Сувд ижийгээ дуурайсан сайхан эмэгтэй. Энэ нь ч тэр хатдын дүрийг амилуулахад дөхөмтэй байсан гэж найруулагчид үздэг байх л даа. Анх Мандухайд Н.Сувд тоглох боллоо гэхэд хүмүүс зарим нь арай биш ээ гэсэн аястай байсан гэдэг. Тэгвэл киног үзсэний дараа жинхэнэ Мандухай болж гэсэн яриа байдаг.
    Н.Сувд их энгийн ихэрхэх зангүй, зөөлөн сайхан яриатай хүн болохоор эрэлхэг эмэгтэйд тохирохгүй гэсэн санах хүн байж л дээ. Гэтэл морин дэл дээр хийсгэн сэлэм эргүүлж дайтсан нэгэн байж чадсаан.
    Киноны аль ч хэсэгт орлон тоглогчгүй ажилласан нь Н.Сувдын дотор бас нэг дайчин Сувд оршин байсан шиг санагдуулдаг шүү дээ. Кино найруулагч Б.Балжинням агсан нэг удаа “Сувдыг Мандухайгүйгээр Мандухайг Сувдгүйгээр төсөөлшгүй санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ нь би дүрээ зөв сонгсон гэсэн үг байлаа. Авьяаслаг хүн гэдэг өөрөө сайн дүр бүтээгээд зогсохгүй хамтран тоглогчоо дүрд нь тодруулж эгэл хүний амьдралаар амьдруулж, дурлуулж, сархадад шартуулж, өөртөө дасгаж бас зөвтгөж буруутгаж давтагдашгүй болгож чаддаг байх юм. Тэгснээрээ тэнгэрийн элч мэт хаадыг махан биетэй, цусан зүрхтэй жирийн хүн болгож үзүүлсэн нь Мандухайн дүр л дээ. Бас гайхалтай бөгөөд харамсмаар үхэж чадснаар Исмайлын дүрийг үнэхээрийн үзэн ядмаар адгийн дүр болгосон юм шүү. Нөгөө гэвэл Өүлэн эхийн дүрийг эх хүн төдийгүй жинхэнэ эх оронч ухаалаг болгон бүтээсэн бий. Чингисийг дайнд мордохын өмнө гэртээ орж ирээд гарахад “Битгий яв миний хүү” гэж хэлдэг. Үргэлжлэлийг нь харцнаас нь уншиж болдог. Хасарыг зодуулж байхад юу ч хэлээгүй хэрнээ “Энэ хүний нуруун дээр Монголын төр байгаа юм шүү” гэж бас зөвхөн харцаараа ойлгуулдаг юм. Уг дүрийг задалж үзэх юм бол цааш маш ихийг нэмж мэдэж болох. Жүжигчин хүн үгийн амтыг ам, хэлээрээ биш сэтгэлээрээ мэдэрдэг байхын учир тэр гэж болно. Ер нь Н.Сувд дүр бүтээхэдэ урандархан хүн шиг ажиллаж олон талын судалгаа хийж сэтгэл оюундаа бүрэн багтааж байж  дараа нь гаргаж ирдэг байх юм.
    Нэг үгийг яруу сайхан хэлж болно. Харин тэр үгтэй цуг ямар дүр зураг харуулахав гэдэг чухал. Энэ бол жүжигчний баримталдаг нэг гол зарчим. Нэгэн бодит бөхийн амьдралаас сэдэвлэсэн “Хань” кино гэж бий. Уг киноны зохиолыг Б.Гомбо найруулагч гол дүрд нь Н.Сувдыг тоглуулна гэсэн зориулалттай бичсэн гэдэг юм. Тэгээд ч тэр үү хүний жинхэнэ хань ямархуу үнэнч, сайхан сэтгэлтэй байхыг Наран гэдэг бүсгүйн дүрээр гаргаж чадсан гэдэг юм билээ. Сувдын хэлдэг нэг алт шиг үг бий. Тэр нь “Би театрт муу ажиллах эрхгүй хүн” гэсэн үг.

    *   *   *
    Бурхан Н.Сувдад нэг л юмыг өгөөгүй. Тэр нь атаа жөтөө, хувийн шиг завшаанч байхын тухай гэж болно.
    Басхүү Н.Сувдад нэг сайхан бахархал байдаг гэдэг. Анх жүжигчин гэдэг диплом өвөртлөөд ирэхэд нь Монголын театрын алтан үеийнхэн хүлээж авсан. Тэдний дунд ёстой л өөхөнд боолгосон мэт өсөж өндийснөө тэр байнга дурсдаг. Тэд авьяасын тэнгэрүүд гэхээр хүмүүс байв. Зохиолч, найруулагч Э.Оюун, Л.Ванган нараас эхлээд ардын жүжигчин С.Гэндэн, Ц.Цэгмэд, Н.Цэгмэд, Д.Чимэд-Осор, Т.Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Р.Дамдинбазар, У.Осор, М.Бадамгарав, Ц.Цэнд-Аюуш тэргүүтэй ахмад үеийнхэн Н.Сувдыг үр хүүхэд шигээ бөөцийлж ихийг сургасан гэдэг юм.

    Тэр мундгуудаас сурснаа өнгөлж тордсоор өдийг хүрэхдээ Н.Сувд өөрөө Монголын урлагийн оддын нэгд тооцогдох болж театрынхаа залуу үеийг сургаж үлгэрлэж явна.

    1980-аад оноос театрынхаа урансайхны удирдагч дараа нь дэд захирлаар ажилласнаасаа хойш залуу жүжигчдэд тайз, дэлгэцнээ хэрхэн амьдрах ухааныг зааж аяны дөрөөнд нь сүү дусааж өгсөн хүн гэж ч болно. Театрынхаа хойч үеийг бэлтгэхийн төлөө ч ихийг хийсэн юм Урансайхны удирдагч болонгуутаа Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж ЗХУ-д хүүхэд сургая бас уранбүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг анхаарья гэх зэрэг санал дэвшүүлсэн байдаг. Үр дүн нь ч гарсан. Олон хүүхдийг ЗХУ-д суралцуулсан. Тэд нь  өнөөгийн театрын гол хүч болж яваа. Урлагийн ертөнцөд хүч авьяасаа сорино гэдэг бол үнэхээрийн тэвчээр, чадал тэнхээ заасан ажил юм шүү гэж тэр залууст сургадаг. Тиймээс театрынхаа мэргэшсэн жүжигчидтэй байхыг түүчээлсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэж хэлэхэд онох л байх. Өнөөдөр Монголын театр дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээл хийдэг болсон. Энэнд ч түүний сэтгэл зүтгэлийн нэмэр асар ихийг хэлэхгүй бол алдас болж магадгүй л дээ. Жүжигчдийн хувьд даанч мастер гэдэг цол байхгүй юм. Байдагсан бол Н.Сувд урлагийн нэг мастер нь мөн. Ингэж хэлэх нь Мандухайн дүр бүтээснээрээ төрийн шагнал, 2001 онд гавьяат жүжигчин, 2010 онд Ардын жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэнийг нь чамласан юм биш л дээ. Ижийгээсээ хөдөлмөрийн баатар гэдэг дээд цолоор л дутуу яваа. Ер нь уран бүтээлчийн хувьд авсан шагнал бол тоочоод барамгүй. Гэгээн муза цомыг бараг арваад удаа авсан байдаг.
    Тэр бүтээсэн олон янзын дүрээрээ амьдралын үнэнг агуулж, алагтай цоогтой түүхийн нэгэн гэрч болж явна. Тайз, дэлгэцийн хатан хаан-хөргийн баатар маань нартын жаран илүүг туулахдаа юу эсийг үзэхэв. Аав, ижийгийн их хайр, залуу нас, хайр дурлал, хамтын амьдрал, хагацал гуниг бүгдийг үзсэн. Гэвч Сувд Сувдаараа л байж чадсан. Нэг удаагийн ярилцлагадаа хувийн амьдралаа цухас нээж арван жилийн сургуульд байхаасаа үерхэж яваад ханилсан хоёр хүүхдийнхээ эцэг авааль нөхрөө өөр хүүхэнтэй боллоо гэхэд
    -За Төрөө минь би явлаа. Чи сайн бодсон л байх. Дараа нь эргэж хургав, харамсахгүй биз гэж хэлээд явчихсан гэдэг. Тэгсэн дөрвөн сарын дараа Сувдыг эргээд ирээч гэсэн байгаа юм. Тэр үед “Чиний сонгосон зам шүү дээ” гэсэн байдаг. Уран бүтээлд нь ч ийм явдал зөндөө тохиолдсон л байх. Мандухайн кинонд түүнийг аян дайнаас ирэхэд  нь Даянхаан Батмөнхийг Алтжин гэдэг бүсгүйтэй учир ургуулаад байгаа тухай Сатай түшээ хэлдэг. Тэгэхэд Мандухай цөөн үг, ухаалаг харцаараа “Монголын төр л түвшин байх болтугай” гэсэн санаагаа ойлгуулдаг.  Энэ бол аугаа чанар. Н.Сувдын залууст хэлж сургадаг үгнээс зөвхөн нэгийг онцлоход
    -Алив дүрд том жижиг, гол туслах гэж ялгавартай хандаж болохгүй. Энэ гол дүр юм гээд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулсан хэрнээ за энэ ч яахав жижиг дүр гэж түүндээ дутуу дулимаг хандах нь огтоос байж болохгүй зүйл. Үзэгдээд өнгөрөх төдий дүрд ч сэтгэлээ өгч бай гэж сургадаг. Ер нь хүний дотоод сэтгэлийн өгөгдөхүүн гэж нандин юм бий. Даангүй жижигчин хүнийх бүр онцлог. Энэ талаас аваад үзэхэд Н.Сувдын авьяас төрмөл шинжтэй нь мэдрэгдэнэ. Төрмөл төрмөлдөө өөр бусдад хагас дутуу өгөгдсөн байдаг бол түүнд бүтнээрээ заяагдсан болов уу. Ийм бодохлоор жүжигчин Н.Сувдын авьяаслаг аугаа чанар нь амьдралыг гал мэт цоргин дүрэлзэж, гол мөрөн мэт цэлэлзэж явдаг билээ.
    Амьдралын алив бүхэн жүжигчин хүний уураг тархинаа өртөж зүрхэн дундуур нь урсаж байдаг гэдэгтэй санал нийлэхүйд ийм. Н.Сувдаас нэг сурвалжлагч асуухдаа
    -Ямар ч дүрийг төвөггүйхэн гараас гаргачихна гэсэн бардам бодол танд байдаг уу гэхэд
    -Хэзээ ч тэгж бодож явсангүй ээ. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав тавин жил янз бүрээр хувиргаж ирлээ. Сайн талын дүрд ч, саар бүр яадгаа  алдсан хүний дүрд ч хувирах шаардлага гардаг. Хэцүү л дээ. Харин нас ахих тусам сэтгэл зүтгэл байлаа ч бие хаа өөр болж санасандаа хүртэл хувирахад жаахан хүнд болох юм гэсэн хариулт өгсөн байв. Тэгвэл өнөөдөр ч энэ хүний жүжиглэлт уран бүтээлийг харахад өөрчлөгдсөн өнгө төр харагддагүй хэвээр. Барагдашгүй авьяасынх нь эрч хүч тэр байхаа.
    “Анна Каренина” жүжгийн сүнслэг дүрийг амилуулснаас нь харахад бүр тийм бодол төрсөн дөө.
    Жаран дамжсан хоёр зууны өнгөнд Монголын тайз, дэлгэцийн уран бүтээл яндашгүй арвин түүхийг бүтээлцэж яваа энэ эрхмийн хүн чанар, ажил амьдралынх нь тухай бүгдийг энэ бэсрэгхэн хөрөг нийтлэлд багтаахын учир үгүй тул уучлал эрж, эгэл нэгэн алдартан-жүжигчин Намсрайн Сувд гэдэг бүсгүйн дурлалтай, дурсамжтай, дарстай, цэцэгтэй, баяртай нулимстай замнал буюу үзэгч олноо хөгжил дэвшилд хөтөлж хойч үедээ үлгэр үзүүлж яваа намтар юунаас нь хэлтлэн хэлтлэн байж бичиглэхийг эрмэлзсэн минь энэ.
    Жүжигчин бүсгүйн цаашдын амьдрал, урлагийн тэнгэр хойшид улам цэлмэг байх болтугай гэсэн ерөөлийг өргөмүү.

    Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмид

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ЗАЙРАН ГАЛСАНОВ ЮРИЙ СУБАНОВИЧ (1957-2021)

    Монгол бөөгийн тэргүүн зайран, бидний дотны анд Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Юрий Субанович нь “Монголын нууц товчоо”-нд гардаг түүхийн өлгий нутагт эзэн болон амьдарч өнөөг хүрч ирсэн монголчуудын нэг байлаа. Тэр жирийн нэгэн бус Монгол бөөгийн улаач байсан. Түүний амьдарч буй нутгийн эргэн тойрон орших онгод бидэнд их түүхийг өгүүлнэ. Монгол хүн мянга сонсохоор нэг удаа үз гэдэг тиймээс зурганаас Та бүхэн сонирхоорой.
    2015 онд МБНЭ-ийн байгуулагдсаны 3-н жилийн ойн арга хэмжээнд Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С нь ОХУ-ын буриадын бөө нарыг төлөөлөн оролцож байсан билээ. Монгол туургатан бөө нарын төлөөллийг анх удаа Монголын төр хүлээн авч Монгол Улсын Их хурлын дэд дарга хүлээн авч уулзаж байсан байдаг. Тэрхүү уулзалтад Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С оролцсон билээ.
    Дараахан бид Хөвсгөлийн боомтоор ОХУ-д ороход нутгийнхаа зааг дээр Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С угтаж авсан юм. Тэгээд хамтдаа өдрийн хоол идэж, Дэлгэрхаан хайрхан болон Тэмэлик хүрхэрээн залбирал хийсэн билээ.
    Намрын налгар сайхан өдрүүдэд Жамухын гэр, Боксоны өргөлийн газар, Орлыкын өргөлийн газар, Сенсины талын өргөлийн газар, Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газар, Цайллагын усан хүрхрээгээр аялав. Эрт дээр цагаас монголын минь их түүхийн их улбаа, мөр үлдсэн нутаг даа. Энэ сайхан нутгийн эзэн болж төрсөн Монгол бөөгийн тэргүүн зайран Галсанов Ю.С-аар бахархах сэтгэл төрж байсан. Энэхүү улаачтай уулзаж ярилцлага хийж, кино бүтээх хүсэл “тасалдав”. Зон олныхоо төлөө хийж бүтээсэн их үйл, улаачийн амьдрал тасрахгүй үргэлжилнэ.
    Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан монголын минь бас нэгэн сайхан улаач тэнгэрийн оронг зорилоо. Зэрэг шахуу тэнгэрт явсан хоёр зайрангийн амьдран буй нутаг их ойрхон, нэг их том хайрханы ар, өвөрт байдаг юм. Монгол бөөд хил хязгаар гэж үгүй. Бид харамсаж гашуудаж байна. Бас Таныгаа бахархан дуурсаж байх болно.
    Мөнх тэнгэр өршөө.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Байнгын
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Г.Янжинлхам, Ц.Отгонсүрэн, Т.Баттогтох, Я.Мөнгөнсувд, Я.Отгонбаатар, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Сайхантуяа, Р.Маахүү, Ш.Нямдорж, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Д.Улаанцэцэг, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Т.Баттогтох, А.Оюунчимэг, Л.Баяржаргал, Ц.Цэндсүрэн, Ц.Тамжид, Д.Хүнбиш, Б.Балжмаа, Б.Баттогтох, Б.Лхагва, Ж.Эрдэнэцэцэг, Л.Гэрэлмаа, Ж.Ариунтуяа, Д.Мөнхжаргал, Б.Анхбаяр, Б.Гомбо, О.Тэгшжаргал, Болортунгалаг
    Байнгын бус:
    Д.Батчулуун, Б.Бадамсүрэн, Г.Гэрэлтуяа, А.Энхтайван, Б.Нанжаа, Ц.Дуламжав, Ж.Өлзийсайхан, Ц.Бор, Ч.Даваабаяр, Д.Сосорбарам, Ц.Лувсанлхама, Б.Энхээ, Ц.Бор, Н.Баттогтох, Ч.Энхтуяа, Д.Батмөнх, П.Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, Н.Цэвэлмаа, Ё.Алтанзул, В.Жавзансүрэн, Ч.Болд, Э.Болд, Р.Цэрэндэмэд, Р.Туул, Б.Солонго, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Б.Байгалтөгс, Г.Гэнэнхүү, Э.Болдоо, Л.Мөнх-Очир, Ж.Сонинжаргал, Л.Дорж, Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунзул, Д.Отгонцэцэг, Буяннэмэх, Б.Чанцал, Б.Байгальмаа, Ц.Чулуунбаатар, Ч.Дангаасүрэн, А.Бат, Ш.Содов, Б.Баяраа, Д.Дарьчулуун

  • АЗИЙН ЭРЧҮҮДИЙН 8 ХУВЬ НЬ ЧИНГИС ХААНЫ УДМЫНХ ГЭДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ

    Тэдгээр шугамыг хөөж, гарал үүсэл нутгийн бүсийг нь тогтоосноор Чингис хаанаас гадна генетикийн өөр 10 эх үүсвэр /эцэг/ гарч ирсэн  байна. Заримынх нь нэр түүхэнд үлдэж хоцорсныг манжийн ван Гиочанги гэжээ. Нурхучийн /1559-1629/ ач хүү,  1582 онд нас нөгцсан энэ ноён Цин гүрний анхны эзэн хаан болж байсан гэнэ. 

    Азийн эрчүүдийн дээд өвөг бусад “эцгүүд” нь Ази, Ойрхи дорнодоос зүүн Өмнөд Азийн нутагт манай эрний өмнөх 2100 оны үеэс манай эриний 700 орчим оны үед амьдарч байсан гэж  avufa.ru бичжээ. 
    Энэ эрдэмтдийн үзэж байгаагаар бол Азийн нийт хүн амын 40 хувь нь  ийнхүү 11 эцгийн удам угсаа болж таарч байна. 

     

  • Ж.БАТСУУРЬ: УДМЫН САНГАА СЭРГЭЭХГҮЙ БОЛ БИД УСТАХ ГЭЭД БАЙНА

     

    -Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдох өгөхгүй байна. Үүний нэг тод жишээ нь Боржигон овогтон хүн амын нилээд хувийг эзэлж, түүнийгээ хэдэн янзаар бичих юм. Энэ асуудлыг та юу гэж дүгнэх вэ?

    -Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүний удмын санд ялгаагүй цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээсэн.Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг үлдээсэн. Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Өөрөөсөө дээшээ хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ.Тэгээд л түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог. Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрээд ирэхээр ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд тэртээ 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ.Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож авч явсан юм байна. Энэ тухай хүн төрөлхтөний түүхийг бичилцэж байсан гадаадын том эрдэмтэн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй хүн гэж байхгүй юм.Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичиж үлдээж байжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай өв соёлыг сэргээх нь чухал асуудал болоод байна.

    -“Миний хүү, холоос хань ижилтэй болоорой” гэж захьдаг-

    Өнөөдөр зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Эцэг эхийг нь мэддэг, уг удмыг нь таньдаг хүн л хань болно” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байх сонирхолтой болсон байна?

    -Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөж, овгоо мартах хэмжээнд хүргэсэн. Засгийн газрын нууц тогтоол 1925 онд гарсан байдаг. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй нь мэдээж. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй. Хүн төрөлхтөний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, гайхамшигтай оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. Нэгэн үе их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтөний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан.Одоо бол үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтөний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ. Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтөний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан. Тэд гараад ирвэл ямар ч гайхамшгийг бүтээж чадна” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуур нь өв соёлыг нь мартагнуулж, өөрийг нь өөрөөр нь устгуулах улс төрийн далд үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид таамгалдаг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийнхаа хүнтэй гэр бүл болохоо илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь нөгөө л өв соёлыг мартагнуулсны гай. Аав ээж нь үр хүүхэддээ “Миний хүү, холоос хань ижилтэй болоорой. Битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчихээрэй дээ. Тэгэхгүй бол тэнэг маанаг өөрийгөө авч явж чадахгүй төрөл бүрийн өвчин согогтой үр хүүхэд төрдөг юм шүү” гэж хэлж сургадаг байсан гайхамшигийг л мартуулчихсан хэрэг. Тэгээд л ойрхоноос баг сумандаа танилцсан хүнтэй гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголт бий болчихжээ. Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог. Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Малаа хүртэл цус ойртуулчихгүй гэж малынхаа хээлтүүлгийн үед эцэг малаа холоос сонгох гэж отор нүүдэл хийдэг байж. Монгол Улсад “Малын удсын санг хамгаалах тухай хууль” хүртэл байна. Өвөг дээдсийнхээ малаа цус ойртуулахгүй өсгөж үржүүлдэг өв соёлоо ч мартчихсан байна. Түүнтэй адил хүн амаа хамгаалдаг уламжлалт өв соёлоо мартсан байна.Монгол улсыг дөрвөн аймагт хуваагддаг байсныг 21 аймаг, 331 сум, 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд хуваачихаар засаг захиргааныхаа хүрээнд л баг сумандаа ажиллаж, амьдарч таарна. Тэр хүрээндээ залуус хоорондоо ижилсэж танилцаад гэрлэдэг.Энэ нь явсаар байгаад цаагуураа чимээгүйхэн цус ойртолтын аюулыг бий болгоод л байна. Өнөөдөр монголчууд соёл иргэншлийн даяаршил гэж яриад байгаа ч хүн амын маань өвчин эсэргүүцэх өвчин даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Тэдний тэр гуай тийм хавдар тусаж гэнээ гэхээр аргагүй өндөр настай хүн гээд л ярилцдаг байлаа.Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд бүх насны хүмүүс өвчин болоод байна. Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ. 

    -Манай улсын хүн амын хэдэн хувьд нь цус ойртолтын аюул тулгараад байгаа вэ?

    -Энэ бол Монгол Улсын хүн амын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл. Цус ойртолт гэдэг бол нуурийн ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд яваад байдаг шиг чимээгүйхэн шиг өсдөг өвөрмөц зүйл.Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроосоо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихоод байна.Үүнийг монголчууд дотроо ярих асуудал. Түүнээс биш гадаадынханд өгөөш болгож олон нийтэд хамаагүй мэдээлээд байх үзүүлэлт биш. Үндэсний онцгой нууцын зэрэглэлтэй байх зүйл. Аливаа улс үндэстэн цус ойртолтоос сэргийлж төрийн тусгай бодлого явуулж ирсэн. Дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртолтын аюул нүүрлээд байсан улс орны ч жишээ бий.

    -Цус ойртолтыг холдуулж байна гээд эрлийзжээд байж болохгүй-

    -Тэдгээр улс орнууд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

    -Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж, залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор оюуны хөгжлийн доройтолтой төрөх хүүхдийн тоо өсдөг. Хүн амын оюуны чадавх буураад ирнэ. Ингэхээр шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бүтээх чадвар буураад ирэхээр хаана очих нь ойлгомжтой.Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоор авч явах ёстой. Цус ойртолтыг холдуулж байна гээд эрэгтэй, эмэгтэйгүй гадаад хүнтэй суугаад эрлийзжээд байж болохгүй. Монгол хүний генийн санд агуу чанар, чадвар нь байгаа. Гагцхүү тэрнийг дотор нь ойртуулж болохгүй учраас монгол хүн бүр өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх хэрэгтэй. Нэг гэр бүлийн хоёр “Миний хүү аавын талынх нь ах дүү хамаатан садан ийм хүмүүс байдаг юм шүү. Ээжийнх нь хамаатан садан ийм хүн байдаг юм шүү” гэж бүгдийнх нь нэрийг бичээд хооронд нь холбоод зураг болгоод хүүхэддээ өгчих. Тэгээд миний хүү хамаатан садангийнхаа энэ хүрээлэл дотроос хань ижлээ сонгочихов оо. Аль болох холоос ханиа сонгоорой гээд хэлээд өгчих. Хүүхэд чинь аяндаа хөтлөөд үргэлжүүлээд л аваад явчихна. Ингээд явахад нэг л мэдэхэд цэцэг мэргэн оюун ухаантай, хачин сайхан бие бялдартай, сийрэг сэтгэлгээтэй үр удам л төрөөд байх болно. Ер нь аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн удамшлын өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос ялгаагүй бүгд адилхан хүн шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хүн амын удмын санг хамгаалж ирсэн юм.

    -Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?

    -Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Тэд хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Хүн төрөлхтөний өөрсдийн ёс заншилтай холбоотойгоор хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийнх хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Тийм үзэгдлийн үргэлжлэл өнөөг хүртэл байдаг улс орон ч бий. Гэхдээ мөхлөөр л дуусна.
    -Есөн үе өнгөрвөл ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хийдэг-

    -Манж Чин улсын мөхөл ч бас үүнтэй холбоотой юу?

    -Манж Чин улсын мөхөл бол ганц цус ойртолт гэж би хэлж чадахгүй. “Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг” гэж мэргэдийн үг бий. Энэ үгний утга ойлгогдож байгаа тийм үү.Тэгэхээр тэр үндэстэн Хятад гэдэг аварга том далай дээрх цайны хөөс шиг юм байсан. Хэдэн зуун сая хүнтэй улсыг толгойлж байсан Манж гээд цөөхөн хүн амтай ард түмэн. Яагаад, юунаас болоод живээд алга болчихсон юм. Тэднийг өнгө мөнгөнд умбуулж, хүүхний сайханд уяруулж, хооронд нь эвдрэлцүүлэх замаар өөрийг нь өөрөөр нь устгуулчихсан.Ер нь хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан байгаа биз. Есөн үеийн дотор гэрлэж болохгүй шүү. Хэрэв гэрлэвэл хүүхэд чинь тэнэг болно шүү гэж цээрлэдэг. Есөн үе өнгөрвөл манай ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хүртэл хийдэг байсан. Энэ уламжлалаа л сэргээе. Монгол гэдэг энэ агуу ард түмэн өөрөөрөө сэргэх цаг нь болсон. Япон хоол гоё, америк тахиа гоё гэж хошуурахаа болих хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэд. Бид алга болох гээд байна. Соёл иргэншил чинь устах гээд байна. Нөгөө гайхамшигтай удмын сан чинь хэцүүдэх гээд байна.Нийгэмд зөндөө сөрөг үзэгдэл байна. Энийг заавал тэр аймгийн, тэр сумын, тэр багийн гээд дэлгэх хэрэг байхгүй. Харин эрдэмтэд судалж, төр холбогдох бодлогоороо ард түмнээ яаж сайн сайхан авч явах вэ гэдэг л анхаарах асуудал. Тиймээс сонссон, мэдсэн бүхнийгээ цахим ертөнцөөр дэлгэж тавиад байх хэрэггүй.
    -Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ-

    -Төрийн зүгээс тодорхой ажил хийж байгаа болов уу?
    -Мэдээж байгаа. Тэр бүхнийг ард түмэнд дэлгэж болохгүй. Бүх юманд хэм хэмжээ, хязгаар бий. Таван настай хүүхдэд тохирсон хэмжээ, 25 настай залууд тохирсон ёс суртахууны хязгаар л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн гэдэг амьтан араатан байхгүй юу. Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж, юуг ч хөнөөж чадна.Тархинд уламжлал соёлыг суулгаж өгөхгүй бол араатан шиг загнаж чадна. Уламжлал соёл чинь хүнийг хазаарлаж барьдаг зүйл шүү дээ. Тэгэхээр монгол уламжлалаа сэргээж, дээдэлж байж бид бүтэн Монгол болно. Тэрнээс биш харахад махан бие нь монгол хүн харагдаад байдаг, алхаж гишгэж байгаа нь яриа хөөрөө зан үйл ахуй соёл нь хэн бэ гэж танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс зөндөө болох нь.Одоо монголчууд тэр америк, япон, герман, англи орос солонгос гоё гээд өөрсдийгөө голоод л давхиад байна. Яагаад чи өөрийгөө голоод байгаа юм. Өөрийгөө голохоо больж, өөрийгөө таньж мэдэж, судлаад, харин би яавал хөгжих юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Тэгж чадахгүй бол мөхчихнө шүү дээ. Ерөөсөө л тэр. 21 дүгээр зуун бол оюун санааныхаа нөөц баялагт шүтэж, тэрэн дээрээ тулгуурлаж амьдардаг эрин зуун болж байна. Тив алгасдаг атомын бөмбөгтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй байдаг амьдрал одоо хэрэггүй болсон нийгэм рүү шилжиж байна. Монгол хүн өнөөдөр их мөнгөөр яах юм. Оюун санаагаараа, уураг тархиараа агуу баян байна. Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ. Бурхан өгөөгүй газрыг хувьчилж аваад, тэндээ хаус барина, энд нь ландаа тавина гээд том том ярьдаг бүхэн үеэ өнгөрөөсөн. Оюун санааны эринд хэн оюун ухаанаа хөгжүүлж, үндэстэнээ оюунлаг байлгана тэр улс л тэргүүлнэ.Монголчууд 21 дүгээр зууны оюун санааны тэргүүлэгч гүрэн болох агуу өгөгдөл, оюуны нөөц нь төрөлхөөсөө байгаа. Харамсалтай нь энийгээ үл тоомсорлоод өнгө мөнгөний хойноос хөөцөлдөөд баяжина, мөнгөжинө гэдэг сэтгэлгээнд автаад байна.Энэ бол биднийг мөхөөх зам руу нь явуулна уу гэхээс сэхээхгүй. 21 дүгээр зууныг авч явах, өндөр оюун ухаантай залуусыг бий болгохын тулд өнөөдөр бид энэ мартагдаад байгаа уламжлалаа сэргээж байж л хүн амаа аврана.

    Ярилцсанд баярлалаа.

    П.Нарандэлгэр.