ГЭРИЙН ТООНООР ЯНГИР ХАРЧ ХЭВТЭХ ХУВЬ ГАНЦХАН МОНГОЛ ХҮНД Л ЗАЯАЖЭЭ.

Миний хувьд аавынхаа хонь хариулж явсан газраар очих хүсэл төрөв. Би аавдаа хоёул тэр хавиар очоод үзье гэж хэлэв. Бид арван таван минутын дараа тэр газарт очсон байлаа.

Гэнэт гайхалтай учрал болох нь тэр, багадаа хамт тоглож өссөн найз нь яг л тэндээ малаа хариулж яваатай таарав. Наян жилийн дараа тэр л газраа учирсан хоёр уйлан хайлан тэврэлдэх тэр мөчид, уначих вий дээ хэмээн түших гэж гүйж яваад тэр сайхан агшиныг зургийн аппаратад мөнхөлж чадсангүй.

Нутгийнхан маань биднийг хүндэлж миний төрсөн газрын ойролцоо гэр барьж өгчээ. Хоёр гэр байх агаад ар талын гэрт Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай байрлаж байв.

Гэртээ өглөөний цай юугаа ууж суух мөчид тооно дээр бөхийх хадан дээр нэг юм хөдлөх шиг болов. Анхааран харлаа. Дотоод сэтгэлд бахархал, омогшил цээж дүүрээд явчихав.

Тэрхэн агшинд ховорхон мөч тохиож, тоонот гэрийн дээрээс нөмрөх мэт дүнхийх хаданд дээр янгирын сүрэг яваа нь харагдав.

Дэлхийд тоонотой гэрт амьдардаг, шууд байгальтайгаа харьцдаг ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй.

Янгирын сүрэг аажуу тайван бэлчиж, төрсөн нутгаа зорьсон аав, ээж, хүү гуравт монгол гэрийн тооноор нутгийн мэнд дэвшүүлэх тэр мөч гайхамшигтай, бас мартагдашгүй байж билээ.

Гэрийн тооноор янгир харч хэвтэх хувь ганцхан монгол хүнд л заяажээ.
Л.Жаргалсайхан

djmedia:399

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts