Author: admin_shaman

  • НҮБ-ААС ДЭЛХИЙ ДАХИНЫГ НҮҮРСНИЙ БҮХ ТӨСЛӨӨ ЦУЦЛАХЫГ УРИАЛЖЭЭ

     

    РРСА бол нүүрс шатааж эрчим хүч гаргах дадлыг төгсгөл болгох олон улсын байгууллага юм. Анх Их британи, Канадын засгийн газар санаачлан гаргасан бөгөөд 2024 оноос Их британ бүх нүүрсээр ажиллах бүх станцаа хаах зорилт тавьсан.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Гутүрре чуулганы нээлт дээр үг хэлэхдээ:
    “Дэлхийн бүх засгийн газрууд, хувийн комданиудад гурван шаттай арга хэмжээ авахыг уриалж байна.
    Нэгдүгээрт: Төлөвлөсөн бүх төслүүдээ цуцлах
    Хоёрдугаарт: Олон улсын хэмжээнд нүүрсний цахилгаан станцуудаа санхүүжүүлэхийг болих
    Гуравдугаарт: Нүүрсний салбарын ажилчдыг өөр салбарт шилжүүлэх хэмээн “гэжээ.

  • БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦАГААЛАХ ТАЙЛГА БОЛОВ

     

    Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм.

    Тэнгэрээс заяат Чингис хаан Бүх цэргийн Их Хар сүлдийг монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.

     

  • ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУС ХҮРГЭВ.

    Энэ хүмүүнлэгийн аяны үеэр өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд хүнсний бүтээгдэхүүнээр туслах ажил зохион байгуулжээ. Уг арга хэмжээг олон эмэгтэйчүүд цаг үеэ олсон сайхан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.
    Монголын тэнгэр шүтлэгт бөө мөргөлийнхээ төлөө олон сайхан ажил зохион байгуулж байгаа бүсгүйчүүл, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо талархал дэвшүүлье.

  • ЭЭЖ МИНЬ

    Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
    Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
    Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
    Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
    Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
    Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
    Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
    Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
    Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
    Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “марожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
    Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
    Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ын шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
    Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
    Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
    Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
    ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
    Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
    Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
    Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
    Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
    Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
    Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
    Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
    Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
    Д.Жаргалсайхан

  • ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН ЦЭЭРЛЭХ 100 ЁС

    3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх.
    4. Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй гэх. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх.
    5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх.
    6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх.
    7. Аяга долоодог, таваг долоодоггүй.
    8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх.
    9. Гэрийн буурин дээр гишгэдэггүй
    10. Тэнгэр лүү гэрэл тусгахыг цээрлэнэ.
    11. Исгэрэхийг цээрлэнэ. Сэтгэлд хий орно гэх.
    12. Багана тэвэрдэггүй. Баганы зовлонг үүрнэ гэх.
    13. Гэрийн багана хоорондуур гардаггүй.
    14. Гэрлийн шонгийн шургааг доогуур гардаггүй чөтгөртэй уулзана гэх.
    15. Гал руу ус хийдэггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    16. Галаар тоглодоггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    17. Босгон дээр суудаггүй.
    18. Тотгоноос дүүжлэгдэггүй.
    19. Толгойгоо салаавчилдаггүй.
    20. Шанаагаа тулдаггүй.
    21. Уургаа газар тулдаггүй.
    22. Голын нуурын ойролцоо бие засдаггүй.
    23. Голын эхэнд айл буудаггүй.
    24. Цамцныхаа захыг толгойгоо бүтээн өмсөхийг цээрлэх. Эхийгээ алсан хүн тэгж өмсдөг гэх.
    25. Гэрийн ойр орчим тарвага амьтаны үүр байвал агнадаггүй.
    26. Уурган дээгүүр алхаж гардаггүй.
    27. Явган суудаггүй. Нохой суулт гэх.
    28. Том хүний яриа сонсохыг цээрлэнэ. Иймээс гэрт зочин ирвэл хүүхдүүд зөрөөд тоглохоор гардаг.
    29. Хоол хаяхыг цээрлэнэ. Амны хишиг ар дээрээ гарна гэх.
    30. Хоолоороо тоглохыг цээрлэнэ.
    31. Сүүн дээр ус хийхийг цээрлэнэ. Усан дээр сүү хийнэ.
    32. Гутлаа чирж явдаггүй
    33. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй.
    34. Малгай давхарлаж өмсдөггүй. Хоёр эхнэртэй болно гэх.
    35. Өөрийн нэрээ голдоггүй
    36. Хүүхдийг бүтэн нэрээр нь дуудна. Бүтэн нэртэй бүрэн заяатай гэх.
    37. Бурхан шүтээн рүү хөлөө жийхийг цээрлэнэ.
    38. Гол нуурын усанд юм угаахыг цээрлэнэ.
    39. Хүний дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Үхсэн хүний дээгүүр алхаж гарна гэх. Бөхчүүд давсан бөхийнхөө дээгүүр алхаж гарч болно.
    40. Эрхий хуруугаа хөхөхийг цээрлэнэ. Ээж нь үхнэ гэнэ.
    41. Их унтахыг цээрлэнэ.
    42. Хүний бүсэлхийнээс дээш шавьж суувал тэр шавьжийг алдаг. Хийморьт муу гэх.
    43. Газарт гадас шааж орхихыг цээрлэнэ. Нүүхдээ гадсаа аваад сүү дусааж домнодог.
    44. Газар аяга таваг тавьдаггүй.
    45. Аяга тавагтай хоолон дээгүүрээ алхаж гардаггүй.
    46. Хаалга руу толгойгоо харуулж унтдаггүй.
    47. Хөлөө ачиж суудаггүй. Зовлонгоо ачлаа гэх.
    48. Ширээ өнцөгдөж суудаггүй.
    49. Хүнд хутга хайч гэх мэтийг өгөхдөө иртэй талаар өгөхийг цээрлэнэ. Бариултай талаар нь өгөх.
    50. Хутганы ир дээш нь харуулж тавьдаггүй.
    51. Тогооноос хутгаар мах зоож авахыг цээрлэнэ.
    52. Гэрийг нар буруу тойрохыг цээрлэнэ.
    53. Эмэгтэй хүний хормойн доогуур толгойгоо шургуулахыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    54. Хүний мөрөн дээр гараа тавихыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    55. Амандаа дуу аялдаггүй. Сэтгэлд хий орно гэх.
    56. Сүүн шүд унахад шүдэн завсараараа хэлээ оруулж болохгүй гэж сургах. Муухай шүд ургана гэх.
    57. Шүдэн завсараар орсон махыг утсаар авахгүй байх. Зай гарна гэх.
    58. Хаалга гарцаар ухарч гарахгүй гэх.
    59. Түлхүүр ширээн дээр тавьдаггүй.
    60. Хумсаа шөнө авдаггүй. Төөрнө гэх.
    61. Далны ясыг ганцаар иддэггүй. Далуулаа хувааж иддэг гэх.
    62. Хоёр хүн хөлийн улаа нийлүүлдэггүй. Муудалцана гэх.
    63. Түлхүүр эргүүлдэггүй. Эргүү болно гэх.
    64. Нохойтой зургаа авахуулдаггүй.
    65. Шөрмөсөө дуугаргадаггүй. Шөрмөс сунана гэх.
    66. Хонины хоосон сүүж гэрт хонуулдаггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    67. Өөд өөдөөсөө харж ярихыг эрхэмлэнэ. Солонгос кинон дээрх шиг нэг нь нуруугаа харж ярьдаггүй
    68. Аавын буйд сахал тавихыг цээрлэнэ.
    69. Аягатай хоол цай зөөхдөө эрхий хуруугаа аяганы амсар давуулан дотор нь хийж зөөхийг цээрлэнэ.
    70. Аягатай хоол цай зөөхдөө 5 хуруугаараа битүүлж барихыг цээрлэнэ. Үхлийн барилт гэх.
    71. Ахмад настны өмнүүр босч явахыг цээрлэх.
    72. Шувууны өндгөнд сүүдрээ хүргэхийг цээрлэх.
    73. Хүний толгой руу хөлөө жийж суух, хэвтэхийг цээрлэх.
    74. Урт настай амьтан алахыг цээрлэх. Нас богиносоно гэх.
    75. Цэцгийн толгой тасддаггүй гэх.
    76. Элгээ тэвэрдэггүй.
    77. Аяга таваг хөмрүүлж тавьдаггүй. Хоосорно.
    78. Арц асаахдаа үлээж унтраадаггүй. Гараараа сэвэрч унтраах.
    79. Бурхан шүтээний өмнөх хоосон аягыг хөмрүүлж тавих.
    80. Гутлын алчуурыг шидэж өгөх. Гараас гарт дамжуулж өгөхийг цээрлэнэ.
    81. Айлын бурхан, шүтээн, хойморын авдарын өмнүүр эс бөгөөс зуух, тулгын галын эхээр нар буруу тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө.
    82. Гол мөрний ус руу нулимахыг цээрлэнэ.
    83. Ташуур газар тулахыг цээрлэнэ.
    84. Нуруугаа үүрэхийг цээрлэнэ.
    85. Айлд нуруугаа үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрвээ тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ.
    86. Сүлсэн цайг буцалсан хойно нь самрах. Эхийн урагтай адилтгах.
    87. Сүү асгахыг цээрлэнэ.
    88. Ам руугаа цутгаж идэхгүй.
    89. Завьжаараа асгаж цутгаж унд уухгүй. Сэтэрхий уруултай юм уу гэж сургах.
    90. Монгол хүн амандаа мод зуудаггүй. Залгивал яана гэж сэрэмжлэх.
    91. Далны яс шүдээрээ мөлжихийг цээрлэнэ.
    92. Ширээн дээр суудаггүй. Өрөнд орно гэнэ.
    93. Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ.
    94. Хүний суган доогуур, хөлөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамаагүй.
    95. Гэрт шүгэлддэггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    96. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. оймс, гутал орно.
    97. Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх.
    98. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг.
    99. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй.
    100. Хүүхдийн толгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх
    БУСАДТАЙГАА ХУВААЛЦАЖ ӨВӨГ ДЭЭДСЭЭС ҮР ХҮҮХДЭЭ СУРГАЖ ИРСЭН УЛАМЖЛАЛЫГ ЭРГЭН НЭГ ХАРАХТУН…

  • ХҮН ЗАЯА

    Тэнгэрийн од газарт харваж
    Тэндээс Одонхүүгийн мод цэцэглэсэн
    Ангир уургаа гүйцэд амлаагүй аз дутсан
    Аавынхаа энгэрт бүрэн эрхлээгүй зай
    дутсан
    Удам сайтай өвгөдийнхөө ачинд хүн болсон
    Ус сайтай Увсынхаа хүчинд эр болсон
    Ивэлсэн сүү шиг Орлого голийнхоо
    шуугианд хэлд орсон
    Эрчилсэн нум шиг Ёл Сэрүүн Хөх оройн
    шилд хөлд орсон
    Таанын цагаан цэцэгтэй Намирын хөдөө
    надад уянга хайрласан
    Тасын жигүүр цуцаам эгц байцууд надад
    эрэмгий хайрласан
    Тавт Ногоон Цэгээний рашаан надад
    мэндийг хайрласан
    Татаал ус булаг шанд надад шим хайрласан
    Таван хошуу малын шагай, чулуун тоглоом
    надад буян хайрласан
    Тааж мэдэхгүй домог , түүх ,хөшөө
    хиргисүүр надад бодрол хайрласан
    Найман жилийн сургууль ачит багш нар
    надад эрдэм хайрласан
    Наадмын талбай хүлгийн тоос, хүүхдийн
    бөлбөө надад хийморь хайрласан
    Намар буцах шувуудын ганганаа надад
    уйтгар хайрласан
    Намирын бор дэнж надад амьдрал
    хайрласан хайрласан
    Хадаг яндартай Яврын хондлойг давж
    алсыг зорьсон
    Хар хөх даалимбан тэрлэгтэй бага нас минь
    Намирын хөндийд үлдсэн
    Улаангом орж учрыг тайлсан
    Улсын нийслэлийг зорьж эрдэмд шамдсан
    Армийн жагсаалд хөл тавьж бие сэтгэл
    минь чангарсан
    Ардчилал коммунизм хоёрыг
    Аранзал залуу насаараа туулсан
    Алдар атаархал хоёрын дундуур
    Амьдрал минь үргэлжилсээр

  • МАНЛАЙБААТАР Ж.ДАМДИНСҮРЭН ЭЦСИЙН АМЬСГАЛАА ХУРААТЛАА ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЛЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН

    Бид яагаад Манлайбаатар Ж.Дамдинсүрэн гэдэг хүнийг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тууштай тэмцэгчдийн нэг хэмээн нэрлэх болов ?
    -Монгол Улсын тусгаар тогтнолыг авчрахад олон шилдэг удирдагч нөлөө үзүүлсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхдээ Манлайбаатар Ж.Дамдинсүрэн тэдгээр удирдагчдаас тусгаар тогтнолын үнэ цэнийг илүү өндөрт өргөж чадсан төрмөл жанжин байсныг түүх гэрчилнэ. Тэрээр 1871 онд Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн гар Шулуун цагаан хошууны нутаг “Цагаан хошуу” хэмээх газар (өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга Зүүн хошуу)-ын Хүйцэлэг овгийн Өлзийн Жамсрангийн гурав дахь хөвгүүн болон мэндэлсэн. Эцэг, эх нь түүнийг 7-8 настайд нь гэрийн багшаар монгол, манж бичиг заалгасан бөгөөд тэрээр 14 настайдаа Шинэ Барга Зүүн гарын Бүгдийн даргын яамны монгол, манж үсгийн туслах бичээчээр ажиллах болжээ. Улмаар 18 настайдаа хуяг цэрэг болж, цэргийн эрдэмд суралцсан бол 20 настайдаа Бүгдийн даргын яамны орлон бичээч, жинхэнэ бичээч, тэргүүн бичээчийн албанд тус тус дэвшин ажиллаж байгаад 39 насандаа сумын занги болжээ. Тэр цагийн хууль ёсны дагуу сумын занги болмогц Манжийн эзэн хаанд бараалхдаг байж.
    Тэр уламжлалаар Ж.Дамдинсүрэн Бээжин хотод очих үеэрээ Халхын Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржтой танилцан монгол үндэстэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх цаг болж байгаа тухай ярилцан, санаа сэтгэл нэгдсэн талаар түүхийн сурвалжид бий. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Манжийн ноёрхлыг устган, Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаар монгол үндэстнүүд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд босов. Дараахан нь буюу 1912 оны 1 дүгээр сарын 15-нд Хөлөнбуйрын монголчууд манж, хятад түшмэд, цэргийг нутгаасаа хөөн гаргаж, газар орноо эзлэн авсан. Энэ тэмцэлд идэвхтэй оролцон, удирдсан хүний нэг нь сумын занги Ж.Дамдинсүрэн байв.
    Баргын ноёдын хурлаас тусгаар тогтносон Монгол Улстайгаа нэгдэхээр шийдвэрлэж, сумын занги Ж.Дамдинсүрэн, түшмэл Пунцаг, бичээч Гайхасу нарын долоон хүнийг хүсэлт бичгийн хамт Нийслэл Хүрээ рүү илгээсэн байна. Тухайн үед Богд хаан Хөлөнбуйрын монголчуудын хүсэлтийг ёсоор болгон, тулгар төрд хүчин зүтгэхээр ирсэн занги Ж.Дамдинсүрэнд Улсад туслагч гүнгийн зэрэг олгож, Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны дэд сайдаар томилжээ. Энэ үеэс Ж.Дамдинсүрэнгийн улс төр, цэргийн үйл ажиллагаа эрчимжиж, Баргын эрх чөлөөний төлөө тэмцэгчээс нийт монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэгч болох их үйл хэрэг эхэлсэн гэж үздэг.
    Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн Монголын түүхэнд оруулсан гол хувь нэмэр юу вэ?
    -Монголын түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг гурван хэсэгт хувааж үзье. Нэгдүгээрт, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн бол жинхэнэ монгол цэргийн домогт жанжны замналаар амьдарсан. Учир нь тэрээр ХХ зууны монгол цэргийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг хоёр том байлдааныг удирдсаны эхнийх нь Ховд хотыг Манж-Хятадын цэргээс чөлөөлсөн 1912 оны байлдаан юм. Тус байлдаанд харийн түрэмгийллээс чөлөөлөх уриалга гаргахад 3000 орчим монгол цэрэг нэгдэж, улмаар Ховд хотыг чөлөөлсөн байдаг. Энэ байлдаан бол Монгол орон Манжийн эрхшээлд орсноос хойш 200 гаруй жилийн дараа болсон анхны томоохон байлдаан бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан чухал үйл явдал болсон. Богд хааны зарлигаар Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдсан С.Магсаржавт Хатанбаатар цол, үе улиран залгамжлах бэйсийн хэргэм, хоёр нүдний тогосын отго, хүрэн жолоо, Ж.Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйлийн хэргэм, хоёр нүдний тогосын отго, Манлайбаатар буюу анхны Цэргийн жанжин цолоор шагнажээ.
    Хоёр дахь нь Өвөр Монголыг чөлөөлөх “Таван замын байлдаан” юм. 1913 оны 7 дугаар сарын 1-нд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг өмнө зүгийн хязгаарыг захирагч жанжнаар томилж тэр үеэс эхлэн Өвөр Монголыг чөлөөлөх байлдааныг удирдсан. Энэ байлдаан цаг хугацааны хувьд жил шахам үргэлжилсэн, газар нутгийн хувьд Өвөр Монголын өргөн уудам тал нутгийг хамарсан учир байлдаан гэхээсээ илүү дайн байсан хэмээн сүүлийн үед судлаачид үзэж байна. Энэ үйл явдлын гол үр дүн нь Монголын тусгаар тогтнол, монгол цэрэг эрсийн байлдах чадвар, хүч чадлыг үл тоон басамжилж байсан Бээжингийн эрх баригчдад томоохон цохилт, сануулга өгч, Монголыг цэргийн хүчээр эзлэн захирах боломжгүйг харуулан, тэднийг аргагүйн эрхэнд хэлэлцээр хийхэд хүргэсэн юм. Тиймээс Манлайбаатар Ж.Дамдинсүрэн яахын аргагүй домогт цэргийн жанжин мөн.
    Хоёрдугаарт, тэр бээр Монгол төрийн гадаад харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан ХХ зууны Монголын анхны дипломатчидын нэг гэдгээрээ алдартай. Тэрээр 1913 онд байгуулагдсан Монгол, Төвөдийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож, 1914 оны Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрт Монгол Улсын төлөөлөгчдийн зөвлөхөөр оролцож байсан. Монгол, Төвөдийн гэрээ бол шинээр тусгаар тогтносон хоёр улс бие биеэ хүлээн зөвшөөрч, аливаа аюул занал тохиолдвоос харилцан туслалцах үүрэг хүлээн, холбоотны харилцаа тогтоосон олон улсын эрх зүйн баримт бичиг байсан юм. Монгол Улсаас гадаад улстай байгуулсан анхны олон улсын эрх зүйн баримт бичигт Ж.Дамдинсүрэнгийн гарын үсэг мөнхрөн үлдсэн нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг илэрхийлэн харуулах баримт болж үлдсэн.
    Гуравдугаарт, тэр бээр монгол цэргийн шинэчлэлийн үзэл санааны анхдагч байсан. Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, цэрэг, аж ахуй, хууль цаазыг шинэчлэн хөгжүүлэх тухай бодрол бичгийг 1912, 1913 онд Богд хаанд өргөн барьж, улс төр, эдийн засаг, эрдэм боловсрол, гадаад харилцааг хөгжүүлэх, цэргийн болон хууль эрх зүйн шинэчлэл хийх, орон нутгийг засан тохинуулж, ард олны амьдрал ахуйг сайжруулах талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байдаг нь сонирхол татдаг.
    Манлайбаатар цэргүүдээ удирдан зохион байгуулах талд ямар тактик ашигладаг байсан бэ? Тулааны стратеги нь өрсөлдөгчөөсөө юугаараа илүү байв?
    -Түүний цэрэг зохион байгуулах гол онцлог нь маш хатуу сахилга бат байсан гэж үздэг. Тэр бээр өөрөө хууль дүрэм гаргаж байсан. Жишээ дурдахад, дайснаасаа айж болохгүй, удирдлагын зааваргүйгээр ухарч болохгүй зэргээр цэргүүддээ байлдаанд орохоос нь өмнө сануулга өгнө. Хэрвээ зөрчвөл тодорхой ял шийтгэл онооно гэх жишээтэй. Ухарсан, айж мэгдсэн цэргүүдийг барьж шийтгэдэг тусгай хүмүүсийг хүртэл томилгоожуулдаг байсан нь энэ хүний цэрэг удирдан зохион байгуулах чадвар ямар өндөр түвшинд байсныг харуулдаг.
    Ер нь XX зууны эхэн үеийн дайн байлдаанд монгол цэргүүд ямагт өөрсдөөсөө хэд дахин давуу хүчтэй тулгардаг байсан. Тиймээс тэр үеийн цэргийн жанжид XIII зууны монголчуудын байлдааны арга ухааныг ашигладаг байсан нь батлагдсан. Жишээ нь, “Галзуу барын дайралт”, “Хорт могойн ороолт” зэрэг байлдааны тактикийг ашиглаж байсан талаар өөрсдийн дурсамжид тэмдэглэн үлдээсэн. Мөн дайснаа гэнэдүүлэх, хууран мэхлэх, морьт цэргийн хурд хүчээр гайхуулах зэрэг арга тактикийг ашигладаг байж. Дээрээс нь байлдах бүрдээ ялдаг нэг чухал гаргалгаа нь дайсныхаа зүрхээр тугаа тахидаг байсан явдал гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Энэ бол цэргүүдээ зоригжуулж дайны ялалтад хөтлөх сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой байсан хэрэг.
    Ямар зан чанартай хүн байсан бэ?
    -Манлайбаатарын удирдлага дор цэрэг байсан эсвэл түүнийг харж байсан хүмүүсийн бичиж тэмдэглэсэн сурвалжаас үзэхэд, Ж.Дамдинсүрэн бол маш эр зоригтой, хурц ширүүн, чанга хатуу, өөртөө итгэлтэй, эрэмгий нэгэн байжээ. Мөн тухайн үеийн ноёд харьяат ардаа дарладаг, эзэрхдэг тэрхүү нийгмийг шүүмжилдэг нэгэн байсан нь түүнийг хэр шударга зан чанартайг илтгэн харуулна. Мэдээж шударга, эрэмгий, зоригтой хүн байсан учир цэргүүдийнхээ итгэлийг хүлээж, тууштай эх оронч гэж цоллогдоход хүргэсэн.
    Түүний Хятадын шоронд босоогоороо нас нөгчсөн талаарх түүх олон хүнийг эмзэглүүлдэг ч жинхэнэ эх оронч хүн ямар байх ёстойг мэдрүүлдэг гэж боддог. Энэ тухайд та юу хэлэх вэ?
    -Манлайбаатарын Хятадын шоронд босоогоороо нас нөгчсөн нь хэн нэгний зохиосон түүх биш. Энэ бол бодит түүх юм шүү гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Тэр ч бүү хэл Маршал Х.Чойбалсан 1945 онд Ж.Дамдинсүрэнгийн түүхийг бичих асуудлаар тухайн үеийн Шинжлэх ухааны академийн захирал н.Дүгэрсүрэн гэдэг хүнтэй уулзахдаа онцлон хэлсэн байдаг. Сурвалжуудад тэмдэглэснээр Манлайбаатар шоронд байхдаа “Би энэ хятадуудын дунд хэвтээгээрээ үхэхгүй. Намайг хана түшүүлээд аль. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа (Амгаланбаатар) хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ” гэж хэлээд ханаа түшсэн чигээрээ амьсгал хураасан байдаг. Эцсийн амьсгалаа хураатал эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж байсан гэдгээрээ гайхамшигтай. Нас барсных нь дараа нутгийн ард иргэд шарилыг нь шоронгоос нууцаар гарган Үүлэнхан уулын Шинэбулаг гэдэг газар оршуулсан. Тэр газар нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт бий. Судлаачийн хувиар дүгнэхэд, жинхэнэ эх оронч гэж ямар хүн байдгийг Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн түүхээс бэлхнээ харж болно.
    Өнөө цагт энэхүү түүхэн хүнтэй холбоотой эд өлгийн зүйлсээс юу өвлөгдөж ирэв?
    -Эд өлгийн зүйлс гэвэл Монголын үндэсний музейд түүний малгай, буу зэрэг хадгалагддаг бол Монгол цэргийн музейд хаш тольтой суран бүс, Дорнод аймгийн музейд Манлайбаатарын хошууны туг бий. Ер нь түүнтэй холбоотой архивын баримт бичиг түүхэн сурвалж Монголын үндэсний төв архивд маш их байдаг. Жишээ нь, өөрийнх нь бичсэн бодрол бичиг, Өвөр Монголд байлдаж байхдаа Богд хаан, Халхын Сайн ноён хан Т.Намнансүрэн нарт бичсэн захидал зэрэг нь хадгалагддаг. Хөшөө дурсгал гэвэл Дорнод аймгийн Гурванзагал суманд 1971 онд түүний хөшөөг босгосон. Энэ нь Манлайбаатарын цор ганц хөшөө юм. Эд өлгийн зүйлсээс илүүтэйгээр Манлайбаатарын хэлсэн хэд хэдэн үгс хойчийн залууст маш том үлгэр дуурайлал болж чадахуйц санагддаг. Жишээ нь “Төр улсын хэргийг амьд хүмүүс хөдөлгөдөг авч тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс, чөмгөн дээр тогтдог юм” гэдэг түүний хэлсэн гайхамшигтай үг үүний нотолгоо мөн. Аливаа хүн үхэж үрэгдэвч үйл хэрэг нь мөнх оршдог гэсэн нэгэн санаа, төр улсыг удирдан залж буй хүмүүс түүхэн уламжлалаа эргэн санаж байх учиртай гэсэн бас нэг санаа, ерөөс аливаа юмс үзэгдэл өмнөх уламжлалдаа суурилж, өнөөг дамжин ирээдүй өөд хөгжин дэвждэг гэсэн гүн ухааны үзлийг Дамдинсүрэн дээрх үгэндээ товч бөгөөд тодорхой, уран яруу томьёолон хэлсэн нь түүхийн сонирхолтой баримт болон үлджээ.
    Манлайбаатарын гурван хүү хэлмэгдүүлэлтийн үед цаазлагдсан байдаг. Яагаад энэ хүний үр удмыг “хавчих” болов?
    -Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд ихэвчлэн Монгол үндэстнийг нэгдсэн тусгаар улс болгоход тууштай хүчин зүтгэсэн монголчууд, Орос Улсын туслалцаагүйгээр өөрсдийн улсаа удирдан жолоодох ёстой гэсэн үзэл санааг гаргаж байсан төрийн зүтгэлтнүүд болон тэдгээрийн үр удмыг хамруулж байсан. Манлайбаатар Ж.Дамдинсүрэн энэ үйл хэргийг манлайлагчдын нэг байсан болохоор түүний гурван хүүгийн хоёрт нь цаазын ял оноосон бол нэг нь ор сураггүй алга болсон гэдэг. Харин том хүү Д.Долсонгийн охин Д.Ламжав гэдэг хөгшин одоо амьд сэрүүн бий.
    Ер нь тухайн үеийн цэргийн удирдагч нарын үзэл санаанаас маш хүчтэй эх оронч зан чанар ажиглагддаг. Тэгвэл орчин үеийн залуус голдуу гадаад оронд амьдрахаар сэтгэл шулуудаж байна. Энэ нь эргээд бидний өвөг дээдсээс үлдээсэн эх оронч сэтгэлгээнд хэр харшилдаг гэж та боддог вэ?
    -Харшлахын дээдээр харшилж байна. Эх орончдын амиа зориулан байж хамгаалсан газар шороо, байгалийн баялгийг гадаадад худалдана чинээ хэн санах билээ. Тэгэхээр энэ хоёр зүйлийг харьцуулшгүй эсрэг зүйлс болж хувирна. Монголын төрийн түшээдийн мөс чанар хэр их өөрчлөгдөж байгааг үүнээс харж болно. Монгол орны хойч ирээдүй болсон залуус эх орноосоо дайжихад хүрч байна. Энэ хамгийн буруу зүйл. Тусгаар тогтнол, эх орны үнэ цэн одоо үед үнэгүй шахуу болсон байна. Тиймээс залууст хандаж хэлэхэд, өнгөрсөн түүхээ бид хэнээс ч илүү мэддэг байх хэрэгтэй. Тусгаар тогтнол гэж юу байдаг, эх орны үнэ цэн гэж чухам юуг хэлж байгааг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй. Бидэнд боловсрол хамгийн чухал мэтээр ярьдаг. Гэтэл эх орноо гэсэн ухамсар үгүй бол би боловсон хүн гэж цээжээ хэчнээн дэлдээд ямар ч нэмэргүй.
    Дуулга студи д/а Т.ИДЭР

  • АЙЛЫН ОНГОНЫ ӨЧИГ, АЙМАГ ОВГИЙН СҮЛД

    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

  • ЮНЕСКО БА МОНГОЛ БӨӨ

     

    НҮБ-ын гол байгууллага ЮНЕСКО-ын төлөвлөгөөнд Бөө судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ, практикын хурал хийхээр төлөвлөгдсөн байв. Энэ бол маш ховор тохиох завшаант үйл ажиллагаа бөгөөд бөөгийн асуудлаар дангаар олон улсын арга хэмжээ зохиогдох нь ойрын хэдэн арван жил тохиохгүй зүйл байлаа.
    Хожим хойно ЮНЕСКО-д бөөлөлтөөр оролцсон тухай бодит түүхийг үлдээх зорилгоор энэ түүхийг бичиж байна. Монгол дахь ЮНЕСКО-ын албан ёсны төлөөлөгч нь Уртнасан гуйа байсан юм. Эхлээд Уртнасан гуай Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалд хувиараа хандсан байсан. Д.Энхжаргал удган МБНЭ-д энэ тухайгаа танилцуулсанаар бидний ЮНЕСКО-той хамтран ажиллах холбоо тогтоогдсон юм. Уг арга хэмжээний нэг нөхцөл бол тухайн улсын бөөгийн төв байгууллага оролцуулах заалт байсан нь монголын бөөгийн байгууллага оролцох боломж бүрдэж, хувь хүний дагнасан харилцааг хаасан хэрэг юм. Гэлээ ч анхлан саналыг хүлээж авсан хүний хувьд Д.Энхжаргал удганы санал, ажил хариуцагч, Монгол дахь ЮНЕСКО-ын төлөөлөгч Уртнасан гуайн санал чухал рольтой байсан юм. Албан ёсны арга хэмжээ боловч хувь хүний хүчин зүйл их үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс анхнаасаа оролцсон Д.Энхжаргалын санал бодлыг бид хүндэтгэн хандсан юм. Монгол бөөгийн байгууллага ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох боломж бүрдэв.
    ЮНЕСКО-ийн Ази дахь салар байгууллага Бүгд Найрамдах Солонгос Улсад төвлөрдөг ажээ. Тиймээс БНСУ-ын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал, уулзалт зохион байгуулахаар бэлтгэл ажилд орсон байлаа. Энэ чиглэлээр олон асуудлаар санал солилцож, цаашид хийх тодорхой асуудлаар чиглэлээ тодотгох ажил хийгдэж байв.
    Эхлээд Монголд ЮНЕСКО-ын бөө судлалын чиглэлээр хуралд бэлтгэх ажлын хэсэг монголд ирсэн юм. Тэд Тэрэлжийн чиглэлд Монгол бөөлөлтийн кино зураг авалт хийх байлаа. МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд Тэрэлж явах замд голын эрэг дээр хорхог хийсэн шиг энэхүү ЮНЕСКО-ын ажлын хэсгийг хүлээж байлаа. Гэвч тэнд хорхог идэнгээ хийгдэх бяцхан уулзалт болсонгүй.
    Ажлын хэсэгт оролцож байгаа монголын талын хүмүүс бидэнтэй гүн холбоо тогтоох сонирхолгүй байсан учраас иймэрхүү уулзалт хийх боломж гаргасангүй. Энэ нь олон улсын арга хэмжээний дараа Монгол бөөгийн талаар зураг авах тусгай төсөл хэрэгжих учраас монголын талаас оролцож байсан хүмүүс уг асуудлыг өөртөө төвлөрүүлэх чиглэлд анхаарч бөөгийн төв байгууллагыг оролцуулахаас татгалзсантай холбоотой.
    Хэдий бүх зүйл бэлэн болсон байсан ч кино зураг авах хэсэг шууд л Тэрэлж рүү хөдлөв. Тэнд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Даринчулуун, Монгол бөөгийн Тэгүүн дээд зайран Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авалт болсон. Энэ зураг авалтаар бүтсэн кино хожимоо дэлхийн 200 гаруй улсад тухайн хэл дээр хөрвүүлэн телевизээр гарсан билээ.
    Одоо БНСУ-д болох ЮНЕСКО-ын Эрдэм шинжилгээ, практикын хуралд оролцох бэлтгэл ажилд оров. Хуралд хэн оролцох вэ гэдэг асуудалд Д.Энхжаргал удган давуу эрхтэй байлаа. Олон улсын арга хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгээс Тэрэлжид бөөлсөн улаач нар оролцуулах ёстой байв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд шууд уг арга хэмжээг зохион байгуулах ЮНЕСКО-ын салбар, БНСУ-ын их сургуулийн удирдлагатай шууд харилцаа тогтоосон юм. Эхнэр маань тэр үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх хийж байсан тул шууд харилцааг тогтооход туслаж чадсан юм. Бид болох гэж байгаа арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүний талаар шууд харилцаа тогтоож нөлөөлж болох байсан ч дотоод эв нэгдэлээ “нураахгүйн” тулд Д.Энхжаргал удганы саналыг гол болгон асуудлыг шийдэж байлаа.
    Миний хувьд олон улсын арга хэмжээнд оролцсон туршлагатай мэргэжилтэн байсан боловч Эрдэм шинжилгээ, практикын хуралдаанд оролцох судлаачийг ч Д.Энхжаргалын саналаар шийдэв. Түүний саналын дагуу Төгсжаргал гэдэг судлаачийг оролцуулах болж, цаашид хамтран ажиллах зорилго агуулан МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захиралаар томилсон юм.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүнд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Даринчулуун, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал, орчуулагчаар Д.Энхжаргал удганы охин, түшээгээр удганы ууган охин нар оролцсон билээ. Ийнхүү бодит байдлаас улбаалан арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүн дийлэнх нь нэг гэр бүлийн хүмүүсээс бүрдсэн.
    Монгол Улсын БСШУ-ны яаманд хүсэл гаргаж, ЮНЕСКО-ын арга хэмжээнд оролцох хуяг дуулга, хуур, манжиг, өргөл идээгээ шалгуулж зөвшөөрөл авав. Ингээд МБНЭ-ийн төлөөлөл БНСУ-ыг зорьсон билээ.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улс болон олон улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлого бүхий бөөгийн зан үйлээ хийсэн байдаг.
    ЮНЕСКО-ын арга хэмжээнд монгол бөө бөөлөхдөө хурлын тайзан дээр хийгдсэн нь төдийлөн сайн авцалдаагүй харагдаж байсан. Азийн орнуудын бөөлөлтийн хэлбэр нь үндэсний урлагтай шууд холбоотой байсан. Ардын дуу (манайхаар тамлага юмуу даа) дуулж дараа нь үндэсний бүжиг хийж, онгод нь ороод ирэхээр залгаад хүний мэргэ төлөг хэлэх хэлбэрээр өрнөдөг ажээ. Нөгөө нэг хэлбэр нь шашинлаг хэлбэр лүү хэтэрхий хазайсан харагдсан. Манайханаар цам харайх бүжиг лугаа аялдаж зан үйл хийдэг нь харагдаж байв. Энэ нь шашины бүжгээс ялгарах зүйлгүй байлаа.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн.
    ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
    Хуралдаанд оролцсон хүмүүс олон талаар давуу байдаг учраас хуралдаанд оролцогчидтой холбоо тогтоох, тэдэнтэй хамтран ажиллах асуудал удганы болон тэдний шийдлээр өрнөх болсон. Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүс маань ч ирээд хэд үзэгдээд алга болсон.
    ЮНЕСКО-той хамтран ажиллах цаашдын арга хэмжээ ийм байдлаар болж өнгөрсөн. Энд хувь хүний хүчин зүйлийг үнэлэхээс аргагүй байсан. Нөгөөтэйгүүр бөөгийн байгууллага төлөвшиж чадаагүй байсан үед уг арга хэмжээ тохиосон учраас өрнөлт нь сайн байсангүй. БНСУ-д болсон арга хэмжээ амжилттай болсон. Харин хурлын дараах үйл явц удганы хүссэнээр манай байгууллагын санаа бодлоос ангид болж өрнөсөн түүхтэй.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хийж байгаа ажлуудыг дэмжиж, тус арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчдийг оролцуулсанд талархал илэрхийлж, Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайд, ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллагын удирдлагуудад захидал илгээж, цаашид хамтран ажиллах чиглэлээр саналаа илэрхийлсэн байна.
    Тэрхүү хүсэлтийн дагуу дараа нь МБНЭ нь Монгол бөөгийн нэгдсэн төв байгууллагын хувьд НҮБ-ын ЮНЕСКО-ийн төлөөлөгчид, шинжээчдийн баг ирж ажилсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монгол бөөгийн уламжлагдан ирсэн соёлын биет болон биет бус соёлын хэлбэрээр бүртгэх боломж нөхцлийг судлан тодотгох зорилго агуулж байсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийг АНУ, Англи Улсын иргэд удирдаж ирсэн бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан байгууллагын хэтийн зорилго, одоогийн хийгдэж байгаа ажлуудын талаар дэлэгрэнгүй танилцуулга хийлээ.
    Дараа нь Монгол бөөгийн өнөө цагийн төлөөлөл болсон Монгол бөөгийн Их Дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн өв уламжлал, түүхэн хөгжлийн талаар ярьж, өөрийн төрсөн эцэг Хөвсгөлийн алдарт Дамдин зайрангийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү өөрийн угсаа язгуурын бөөгийн онцлогийн талаар ярьсан.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нараас ЮНЕСКО-ийн биет болон биет бус соёлын өвд бүртгүүлэх зааврын дагуу судалгаа авсан болно.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийн ахлагч нар олон мянган жил уламжлагдан ирсэн Монгол соёлын нэг болох бөө шүтлэгийн талаар маш сонирхолтой харилцан ярилцлага, ажил хэрэгч уулзалт болсоныг тэмдэглэн хэлсэн юм. ЮНЕСКО-ийн Шинжээчдийн багийн судалгааны ажиллагаа Монгол бөөгийн төв байгуулагад тулгуурллан хийгдэх онцлоготойг дурьдаж байлаа.
    ЮНЕСКО-ийн Шинжээчдийн баг Монголд ирж Монгол бөөгийн талаар судалж ажилласан нь чухал ач холбогдолтой үйл явдал болж өнгөрлөө.

    Д.Жаргалсайхан

    djmedia:369