Author: admin_shaman

  • Монголчууд тэнгэр шүтээнээ гээвэл хүн төрөлхтөн мөхнө

    Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд   байх шиг.

    Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.
    Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад “бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй” гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.
    Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан “Монголын нууц товчоон” хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу” гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.
    Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.
    Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.
    Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.
    Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох “шинэ гэрээ”-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.
    Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.
    Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.
    Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.
    Дэлхийн түүхэн дэх томоохон удирдагч, дарангуйлагч нар ч ихээхэн анхаарал тавьж, өөрсдийн дэргэд үзмэрч, далдыг харагч нартай байсан бат эдгээр нь дээд оюун ухаантай бага ч гэсэн холбогдож мэдээлэл авах төрөлхийн чадвартай төрсөн хүмүүс байсан. Мөн улсын нууц бодпогоор дээд оюун ухаан гэгчээс мэдээлэл авах найдвартай аргыгхайх зорилгоор судлаач тагнуулуудыг илгээдэг байсны ихэнх нь Монголд ирж байв. Жишээ нь, Гитлер хас тэмдэгийг сүлд болгон авч Монголруу нууц баг удаа дараа явуулж, Мөнх Тэнгэр буюу дээд оюун ухааны ивээл хүчийг хүртэхийг машид хүсдэг байсан бол харин Сталин Барченко, Рейрих зэрэг улсуудыг Монгол, Түвдрүү аялуулж, далдын хүчний нууцыг эрэлхийлж байсан.
    Коммунист нийгмийн үед эрдэмтэн, бөө судлаач нэрээр олон орны тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс Монголд ирж идэвхийлэн хайж шиншилж байсныг нь тэр үед хэлмэрч газарч хийж явсан монголчуудын яриа нотолдог. Тухайлбал олноо Гүүш багш хэмээн хүндлэгдсэн Б.Ринчин гуайн дурьдатгалд социалист орнуудаас ирсэн эрдэмтэн судлаачид (нууц туршуулууд) бөөгийн зан үйлийг ихэд сонирхон судалдаг, бөө бөөлөхийг үзэх гэж үхэн хатан хөөцөлддөг, бичлэг хийдэг, түүгээр ч үл барам нэг биш удаа бөөгийн хуяг хэрэгсэлийг бүтнээр нь авч явсаныг нэр ус, он сартай нь ярисан байдаг.
    Буруу үйлээр буруу замаар замнаж түүнийгээ хөгжил хэмээн эндүүрч, өөрсдөө өөрсдийгөө сөнөөхөд (Сүүлийн жилүүдэд дэлхийн энд тэндгүй болоод байгаа байгалийн гамшиг, өвчин тахал, саяхан болсон японы газар хөдлөлт бол эх дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас хүн төрөлхтөний сүйрэл эхлэж буйн дохио бөгөөд үүнийг галав юүлэх гэж хэлдэг) гамшиг дундаас үлдсэн хүн сүргийг Монголчууд буюу Мөнхгалынхан оройлон манлайлж Мөнх тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдсоноор зөв зам, зөв нийгэм байгуулахыг зааж, энэ өртөнцөд үеийн үед үүрд оршин өөрийн нэр лугаа адил гал таслахгүй залгуулах үүрэгтэй билээ.
    Харин Тэнгэр шүтлэг, бөө мөргөл буюу дээд ухамсартай холбогдох ертөнцийн зүй зохицол алдагдваас үнэхээр ертөнцийн сүйрэл болох ажгуу. Янз бүрийн шашин, тэдний бурхан хэмээн шүтэгддэг хүмүүсийн тухайд тодруулж хэлэхэд, тодорхой цаг үед тодорхой газар оронд амьдран суугаа хүмүүс Тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдох чадвар нь суларсан,эсвэл бүр алдагдан, буруу хөгжсөн, буруу замнаснаас дээд оюун ухааны хүслээр тэр хүмүүсийн дундаас хэн нэгэнд Тэнгэрээс мэдээлэл тасралтгүй өгч төөрсөн олныг дагуулах манлайлагч болгон сонгож (магад нилээд өндөр шалгуураар), тэр сонгогдсон хүн гэгээрэн (дээд ухамсраас өгсөн мэдээллийн үрээр) тухайн газар орон дахь хүн олны амьдралын хэв маяг, ухамсрын түвшинд таарч нийцсэн оновчтой сургаал номлолоороо дагуулан сэнхрүүлснийг шашин гэх бөгөөд тэр оройлон дагуулсан Тэнгэрийн хүүг газар газарт Будда, Есүс, Мухаммед гэж янз бүрээр нэрлэсэн бөлгөө.
    Харин анх ийм шалтгаанаар үүсэж хөгжсөн шашиныг сүүлд нь улс төрийн зорилгод ашиглан хүн төрөлхтөнийг итгэл үнэмшилээр нь хуваах, хагаралдуулах далд дайны хэрэгсэл болгон ашигласан нь шал өөр асуудал. Тэдгээр тодрон гарсан тэнгэрийн хөвгүүд нь тухайн газар нутаг дахь хүн олны амьдрах хэв маяг, сэтгэлгээний түвшинд тааруулан хүлээж авахуйцаар өөр өөр хэлбэрээр номлосон байдаг нь угтаа нэг л зүйлийг буюу хүмүүсийг шударга байх, хоорондоо эвтэй найртай, эд мөнгөнд хэт шунахгүй байх, өгөөмөр нинжин байх сэтгэлийн ариуслыг сургаснаас бус хожмын өдөр хоорондоо талцан алалдах, хагаралдахыг уриалаагүй билээ.
    Тэд Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр байдаг, зөв үйлээр явах аваас тэтгэдэг, буруу мууг үйлдэх аваас гэсгээдэг гэдгийг нэгэн дуугаар хэлсэн байдаг. Бүх шашины сургаалд үнэн үг буй. Учир нь тэдний уг язгуур нь нэг. Мөнх тэнгэр буюу Дээд оюун ухаан юм. Тиймээс та өөрийн итгэдэг, шүтдэг шашинаа шүтэгтүн, дагагтун, харин өөр бусад шашинтай бүү жиш, аль нь үнэн, аль нь худал, дээр доор хэмээн бүү эргэцүүл, Гагцхүү худал үнэнийг хутган гуйвуулж, цөөхөн монголчуудыг хагаралдуулах элдэв салаа үзүүртэй хорон үг хэлж байгаа хүмүүсээс болгоомжил, эв эеээ хичээ, хар санаатны хатгалганд бүү авт!
    Ямар шашин шүтлэгтэй хийгээд эс шүтдэг байснаас үл хамааран буруу явдалтан хар санаатныг гэсгээх эрх ба хүч гагц Мөнх тэнгэрт бийг сана. Үнэн учир иймийг бүгдээр ухаж ойлгох аваас шашиныг Дээд оюун ухаантай нэгэн байранд тавиад аль нь үнэн зөв болохыг шүүн хэлэлцэх нь хамгаас утга учиргүй төөрөгдөл гэдгийг ойлгох буй за.
    Үлгэрлэвээс, ертөнцийн зүй тогтолыг буруу хэмээн сөрж алив нэгэн шашинд бүгдээр итгэвээс орчлон ертөнцийн зүй тогтлыг өөрчилж болно хэмээн муйхарлан зүтгэснээс ялгаа юун. Монголчууд бид үеийн үед тодорхой давтамжтай хүчирхэгжин үүргээ биелүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд найман зууны тэртээ тийн сэхэж сэрвийн дэлхийг түвшитгэж явсныг хамгаас тод мэддэг, бахархдаг билээ. Монголчуудын тэр их үүргийг зүгээр нэг байлдан дагуулалт байсан мэтээр ярьж бичих нь туйлаас учир дутагдалтай.
    Найман зууны тэртээх монголчууд тэр цаг үедэх хүний нийгмийн хөгжил буруудан хэрээс хэтэрч, “хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдаж, орондоо орох завгүй олзлолдон тулалдаж”, эд баялаг, эрх мэдлээс өөрийг бодохоо байсныг өөрсдөөсөө эхлэн төвшитгөж, улмаар дэлхийг төвхнүүлэхээр хөдлөн хожмоо гарах олон олон дайн самууны хорыг арилгахын тулд эвлэлдэн нэгдэж, буруугаа ухаагүй заримыг Тэнгэрийн тааллаар болгосон билээ. Ийн явахдаа Тэнгэрийн тааллаар нэгэнт хүчирхэгжин өндийсөндөө эрэмшин бусдын шашин шүтлэгийг үгүй хийн өөрсдийн бөө мөргөл, Тэнгэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлээгүйн учир юун хэмээвээс энд чадан ядан эвлүүлж бичсэн мөхөс миний хэлсэнчлэн тэр газар оронд үүсэж буй болсон шашин шүтлэг нь тухайн хүн ард, үндэстэндээ ямар ач холбогдолтой хийгээд яаж үүссэн, яах гэж үүссэнийг эдүгээ цагийн мунхаг биднээс илүү тод мэддэг байсных буй за.Хэрэв зүгээр л дайны олз хайж, хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байгуулахыг зорьсон бол итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь дамжуулж түүнээс ч олон жилээр захиран суух үндсээ тавих байсан нь дамжиггүй. Дэлхийн түүхэнд улс төрийн зорилгоор шашин гэгчийг ингэж л ашигладаг. Тэнэг хүн ч ойлгохоор бүгдийн мэдэх жишээ олныг хэлж болно. Харин өвөг дээдэс маань яагаад Тэнгэр шүтлэгээ эзлэн түрэмгийлэх зорилгод ашиглаагүйг тийм ч олон хүн мэддэггүй юмуу, эргэцүүлдэггүй бололтой.
    Үнэн гэвээс ердөө л энэ. Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр нь цор ганц Монголчуудын өмч биш бөгөөд энэ хорвоо дэлхийн түмэн амьтныг гэрэлт нар ялгалгүй гийгүүлж байдаг лугаа адил гэдгийг ухаж ойлговол зохино. Сэтгэлээ ариун байлгаж, зөв зам мөрөөр амьдрах аваас хар шар хэн ч байсан Мөнх Тэнгэрт тэтгэгдэнэ. Тэр илрэл нь таны шүтдэг Тэнгэрийн хүүгийн номлосон шашинаар ч дамжин танд хүрч болно.
    Өнөөдрийн Монголчууд бид газар нутгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр харийнханд алдаж, дээр нь зөвхөн Монголчууд бидэнд л байдаг Дээд Оюун Ухаан – Мөнх Тэнгэртэйгээ шууд холбогддог тэнгэр язгуурт амин чанараа гээвэл зөвхөн өөрсдөө сүйрэх төдийгүй, нийт хүн төрөлхтөнийг үхэлд хүргэнэ. Учир нь үеийн үед зөвхөн Монголчууд бид бөө мөргөл, Тэнгэр шүтээнээ хадгалан уламжилж ирснээрээ тэднийг буруу амьдралын сүйрлээс аварсаар ирсэн билээ.
    Бидний Монголчууд энэ цаг дор үүнийг дор бүрнээ ухаж ойлгоод элдэв хов жив, чавганцын хэрүүлээ орхин үүнээс өндөр дээд үүрэг бийг ухамсарлан санаж, сэрж эвлэлдэн нягтрах болтугай.
    Х.Бамбар
     
  • ЮНЕСКO-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд

    2. Монгол ардын уртын дуу
    3. Монгол үндэсний баяр наадам
    4. Монгол үндэстний хөөмийн урлаг
    5. Бүргэдийн баяр
    6. Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл
    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
    1. Монгол тууль
    2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
    3. Монгол цуур хөгжмийн урлаг
     4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
    5. Монгол уран бичлэг
    Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
    1. Луу алтан товч
    2. Монгол шунхан данжуур
    3. Есөн эрдэнийн ганжуур
    Хүн ба шим мандал хөтөлбөр:
    1. Монгол Дагуурын тал
    2. Дорнод Монголын тал
    3. Хустайн нурууны цогцолборт газар
    4. Говийнихдарханцаазатгазар
    5. Увс нуурын сав газар
    6. Богд хан уул тус тус оржээ.
    Эхсурвалж: “Монгол Говь” сонин
    ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд
    Дэлхийн соёлын өвд: 
    1. Орхоны хөндийн дурсгалт газар
    2. Монгол Алтайн хадны зургийн цогцолбор 
    Дэлхийн байгалийн өвд:
     1. Увс нуурын ай сав газар
     Хүн төрөлхтний соёлын биет бус өв: 
    1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг
    2. Монгол ардын уртын дуу
    3. Монгол үндэсний баяр наадам
    4. Монгол үндэстний хөөмийн урлаг
    5. Бүргэдийн баяр
    6. Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл 
    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв: 
    1. Монгол тууль
    2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
    3. Монгол цуур хөгжмийн урлаг
     4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
    5. Монгол уран бичлэг 
    Дэлхийн дурсамж хөтөлбөрт: 
    1. Луу алтан товч
    2. Монгол шунхан данжуур
    3. Есөн эрдэнийн ганжуур 
    Хүн ба шим мандал хөтөлбөр: 
    1. Монгол Дагуурын тал
    2. Дорнод Монголын тал
    3. Хустайн нурууны цогцолборт газар
    4. Говийнихдарханцаазатгазар
    5. Увс нуурын сав газар
    6. Богд хан уул тус тус оржээ.
     
     
  • Н.Нагаанбуу: Итгэхүйн ухаанд суралцахгүйгээр бид урагшлахгүй

    Тийм бүтээлүүд гарч байх ёстой гэж бодож  би  “Итгэхүйн ухаан”  номоо бичсэн юм. Энэ нь итгэлзүйн ухаан гэсэн үг. Үүгээр юу судлах вэ гэж хүмүүс асууж магадгүй. Би нийгмийн сэтгэлзүй, сэтгэлзүйн ухаан гэдэгт эргэлздэг. Сэтгэлзүй гэдэг хүний темпераменттай, эмчтэй холбоотой  ойлголт. Түүнийг нийгмийн янз бүрийн категориудаар судалж болохгүй. Тэгэхээр нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар нийгмийн итгэлзүйг нээгээсэй, судлаасай гэж боддог.Итгэлзүйн ухааны тухай ярихын  тулд шинжлэх ухааны танин мэдүүлэх юм уу, тийм судлагдахуунтай бүтээл туурвих шаардлага байсан. Тэр тухай бичихийн тулд би өмнө нь “Монголчуудын гурвалын онол” гэдэг номоо  бичсэн. Тэр ном намайг монголд төдийгүй олон улсад таниулж, нэр хүнд хайрласан. Хөдөлмөрийн баатар Л.Түдэв гуай редакторлаж 1996-1997 онд хэвлүүлсэн юм.
    -Тэгвэл та “Гурвалын онол”-оо юунд чиглүүлэв?
    – Энэ нь дэлхий ертөнцийн онол худал байна. Идеаль мэтээр ойлгоод байгаа  ин, янь буюу эсрэг тэсрэг гэсэн хоймсон онол худал байна. Тэмцэл гэдэг үг  чинь ч худал байна гэдэгт чиглэсэн.  Тухайлбал, тэмцэл гэдэг үг  нэгдүгээр бие дээр ярьдаг үг юм. “Би энэ хэдэн хүүхдийг өсгөх гэж их тэмцсэн дээ. Энэ өвлийн зудыг давах гэж их зүтгэж, тэмцэж орлоо” гэж ярьдаг, тэгэхээр нэгдүгээр биеийн үг байгаа биз. Өнөөдөр намууд тэмцэл гэж ярьж байгаа нь энэ агуулгад таарахгүй. Тэдний үйл хэрэг бол арцалдаан, тэрсэлдээн. Нийгэмд хор учруулна, нийгмийн итгэлзүйг сэвтүүлж буруу тийш уруу татна. Итгэхүйн ухааныг  ингэж шинжлэх ухааны мөн чанартай бичихийн тулд янз бүрийн категориуд байх ёстой.  Бас уламжлал ч байх ёстой. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-г сөхөөд харах юм бол итгэл, итгэхүй  гэдэг  үг маш олон тааралдана. Сурвалжуудад  ч маш олон байдаг. Ардын зүйр цэцэн үг гэхэд л “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж бий. Тэгэхээр философийн хамгийн гол чанар нь үнэнийг л  хайдаг. Монголчууд язгуураасаа “Итгэлийн дээд үнэн, идээний дээд сүү” гэж үзэж байсан байна шүү дээ. “Итгэлээ гээснээс эдлэлээ гээ”  гэж хэлсэн байна. “Итгэлээ гээвэл сүг болно, сэтгэлээ гээвэл буг болно” ч гэж ярьдаг. Монголчууд ийм ард түмэн.  Гэтэл өнөөдөр  бид тийм юманд зорьж байгаа гэсэн итгэл алга.
    -Тухайлбал?
    -Өөрөөр хэлбэл, монголчууд төрд итгэдэг, “Төрийн минь сүлд өршөө” гэж залбирдаг байсан. Тэр мөн чанар алдагдчихсан. Өмнөх нийгэм коммунизмд бид итгэж байсан. Тэр итгэж байсан ард түмнийг хэн бүтээсэн бэ. Өнөөдөр юунд итгэж байна вэ. Энэ олон асуулт бидний өмнө гарч ирнэ. Шинжлэх ухаанд үүнийг үнэлэх үнэлэмж, харьцангуй үнэн, батлагдаагүй үнэн, үнэмлэхүй үнэн гэдэг ч тэр  үнэнг бид олоогүй байна. Тиймээс  “Итгэхүй ухаан”  номыг гаргахын тулд итгэл, найдвар, үнэмшил  гэдэг гурван  үгийг ялгаж, салгаж ойлгох шаардлага гарсан.
    -Найдлага, үнэмшил хоёрын тухай жаахан тодруулна уу?
    -Найдлага гэдэг  бол харьцангуй үнэн юм. Нагаанбуу ганц найдлага гээд явуултал, нөгөөх нь хоёр тавиулчихаад хүрээд ирдэг. Тэр юуг хэлж байна вэ. Үнэмшил гэдэг бол худал юмыг  үнэн мэтээр ярьдаг мөн чанар. Энэ бол үнэмлэхүй үнэн. 1990 онд ардчилал гэж бөөн юм болсон, амьдрал өмнөхөөс илүү сайхан болно гэж бодсон. Өнөөдөр монголоор дүүрэн итгэлээ гээсэн сүгнүүд, архичин, ажилгүйчүүд байна. энэ категориудыг цааш яривал  олон юм бий.
    -Итгэлийн  гурван мөн чанарыг та хэрхэн үзэж байна?
    – Тухайлбал, гэнэн чанар байна. Энэ юуг хэлж байна гэвэл, “Өө энэ нөхөр  ёстой зөв ярьж байна. Гоё хэлж байна” гээд шууд итгэдэг. Тэгвэл нөгөө нь “Энэ юу яриад байна вэ” гээд  эргэлздэг. Үлдсэн зарим нь эсэргүүцдэг. Тэгэхээр нийгмийн амьдралыг болон түүнд хандах хандлагыг гэнэн, хэрсүү, хашир гэсэн гурван мөн чанараар судалж үзэх шаардлагатай. 1990 оны жагсаал, цуглаан бол гэнэн хийрхэл байсан. Социализмыг сайхан болгоно, алдаа дутагдал нь арилна гэж бодсон. Капитализмын үүд хаалгыг сөхөж ороод  өнөөдрийн ээдрээтэй амьдралд хүргэнэ гэж хэн ч сэтгээгүй. Тэгж сэтгэсэн   бол жагсаалд хэн ч ирэхгүй байсан. Гэнэн итгэл тэр.
    -Гэнэн итгэлийг яавал хэрсүү болгох бол?
    -Сонгуульд санал өгч буй байдал, бидний гаргаж ирж байгаа Их хурлын мөн чанар бол гэнэн итгэлийн илрэл. Чихэр боов, гоё царай зүс, сайхан амлалтад хууртсан хуурталтуудаас санаа авч  хэрсүүжих ёстой. Өмнө нь Батыг гаргасан, тэр нөхөр баахан худал ярьж гоё юм амлачихаад ганц ч ирээгүй. Хороо, сум дээр ирж дарга нартай архи уучихаад явчихдаг. Одоо жаахан гайгүй шиг хүнийг сонгомоор байна. Залуухан, мэдлэгтэй, мэргэжилтэй хүнийг гаргая гэж байгаа бол хэрсүү мөн чанар. Энэ бол итгэхүйн ухааны нэлээд олон категориудаар жишээ авч ярьж болох ухагдахуун. Өөр нэг категори нь хашир мөн чанар. Өнөөдрийн монголчууд хашрах болоогүй. Ирэх 2016 оны сонгуульд бид итгэл тавьж байна. Гэтэл тэр бас л хашраагүй, тухайн үед хэн ямар сенсац дэгдээнэ, түүнд хууртана.  Тиймээс  нийгмийн итгэлзүйн ухааныг бүрэн хэмжээнд судлах, сурталчлах шаардлага байна. Тэгэхгүйгээр нийгэм урагшаа хөгжихгүй.
    -Итгэхүй алга болсон гэж та хэллээ. Түүний орон зайг  юу эзэлж байна вэ?
    -Өнөөгийн монголчуудын ухаан санаа түвдизмээр дүүрчихэж. Өнөөдөр нэг яам нь шинэ  ордны суурь тавилаа гэхэд баахан лам суулгачихсан ном уншуулж байна. Орой нь тэр ордныхоо нээлтэд зориулж бөх барилдана гэсэн чинь хэдэн нүцгэн толгойтой лам нар суучихсан боорцог тарааж байдаг. Энэ бол өнөөгийн хүмүүсийн толгойноос  түвдизм салахгүй байгаагийн илрэл. Шашнаар улс гүрнийг өөд нь татдаг, түүнийг итгэл үнэмшил болгосноор мандсан түүх Монголд байхгүй. Чингисийн үед монголчууд шашингүй байсан. Бөө мөргөл бол шашин биш. Шашин гэдэг хэн нэгэн үзэл сурталчтай, номлогчтой байдаг. Монголчууд үнэхээр төвдийн шашинд орсноор уруудсан. Богдыг хаан болгосноор бүр баларсан. Манжийн үед үзээгүй дарлалыг үзсэн. Жанрайсаг, зоо парк, Богдын ногоон ордонд  алба гувчуур авч хамаг мөнгийг татсан. Энд олон баримт архивт бий. Нутаг хошуугаараа үгүйрлээ, Богд хаан минь, Хатан минь, эх дагина минь. Та хоёрын зардлыг бид дийлэхгүй байна гэсэн бичиг өргөн барьж, энд тэндгүй бослого тэмцэл өрнөж байсан. Гэтэл өнөөдөр тэр тухай ярихгүй, ярихаар үндэсний шашин гэдэг. Түүх үнэн байх ёстой. Бид үнэнийг ярих ёстой.
    -Түүх гажуудаж байгаа нь үнэн. Гэхдээ залруулж, тайлбарлаж болохгүй ямар шалтгаан байна гэж та үзэж байна?
    -Бид Өндөр гэгээн гэж магтаад байдаг. Тэр хүн тухайн үед ямар ч нэр хүндгүй байсан. Энэ түүхийг  хэн ч ярихгүй, ярихаараа баастай бурхан байсан мэтээр ярьж  байна. Ойрдууд Өндөр гэгээнийг эсэргүүцэж дайн хийсэн. Гэтэл халхууд түүнийг дэмжсэн байх ёстой. Тэгвэл “Халх журам”-ыг аваад үзэхээр 2.84 талд  юу гэж бичсэн байна гэвэл, “Өндөр гэгээн Занабазар бол монголчуудыг харанхуй мухар тийш чирсэн ялтан бүхний дээд ялтан мөн. Тэр үхвэл оршуулах газар Монголд байхгүй” гэж бий. Гэтэл өнөөдөр тэр тухай огт ярьдаггүй. Ярихаар шашнаа мууллаа гэдэг. Тиймээс өнөөдөр бидний тархи  толгойд түвдизм бат оршиж байна шүү дээ. Ингээд  бидний итгэлзүй алдагдсан. Нөгөөтэйгүүр, бидний тархи толгойгоор  дүүрэн манжизм байна. 
    -Бид Манжийн колони аль эрт дууссан гэж үздэг. Гэтэл өнөөдөр ч байна гэж үү?
    -Манжизм дуусаагүй байна. Тухайн үед, малгайд хаддаг   чулуу, шувууны өдний төлөө тэмцэлдэж, хошуу нутгаа үгүйрүүлж байсан. Чин ван, гүн гэхчлэн Манжийн хаанаас цол,  зэрэг авахын төлөө хошуу нутгаа худалддаг байж. Өнөөдрийн алдар цолыг хар, юу ч хийгээгүй байж гавьяат, тэргүүний   болчихож байна шүү дээ. Бөхчүүд гэхэд л  цол авсан гээд хошуу сумаараа  ийм байр сууц, тийм жийп гээд хошуурдаг. Энэ   манжизм.  Алдар нэр, цол хэргэмийн хийрхэл. Дээр нь социализм, коммунизм гэхчлэн хийрхэл байсан. Үүнээс болж монголоо монголоор нь авч явах бидний ухаан эвдэрсэн. Олон изм-ээр дүүрсэн. Үзэл гээч юмаар улс орныг хөгжүүлдэггүй. Жишээ нь, коммунист үзэл гэж их ярьсан, одоо тэр нь хаана байна. 1990 онд ардчилсан үзэл гэсэн, одоо тэр нь хаана байна.  Ийм учраас монголчууд үзэл гээч юмыг үгүйсгэдэг. Үзэл бол сэтгэгдлийн төдий юм. Юмс үзэгдлийн хамгийн доод төвшин буюу харьцангуй үнэнд гоё юм ярьдаг, тэр нь амьдралд батлагдаагүй зүйлүүд. Үнэмлэхүй үнэний шалгуурыг даваагүй, туйлын  үнэн биш байдаг. Энэ өнөөдрийн манай нийгмийн амьдралын эмгэнэлт дүр зураг мөн. Үзсэнээ бодвоос бодол болно, бодсоноо онох аваас онол болно. Оносон юм нь ертөнцийн жам зүйд нийцвээс тэр иш болно. Гэтэл өнөөдрийн аль ч намд бүгд үзэл ярьж байгаа болохоос онол алга. Онолгүй учраас өнөөгийн улс төрийн намууд гурван бүлэглэлд хуваагдсан идэж уухын төлөө нэгдсэн сүйхээтэй найз нөхөд  байна. Бидэнд итгүүлэх онол тэдэнд  алга. Тэр онолыг нь итгэхүйн ухаан, ертөнцийн жам зүйгээр шалгах баримт бичиг хэнд нь ч алга. Өөрөөр хэлбэл, нийгмийн гэнэн итгэлзүйд үндэслэсэн  байдалтай байна. Тиймээс би түрүүнд хэлсэн, нийгмийн сэтгэлзүй гэж худал ярьж байхаар ниймгийн итгэлзүйн тухай судалж, үнэлэмж категориудаар шалгаж үзэж байгаасай гэж боддог.
    -Итгэлзүйн категориу¬даар нийгмээ тольдвол ямар дүр зураг харагдаж байна вэ?
    -Тухайлбал, нийгмийн итгэлзүйн гаргалгаагаар  нийгмийн хөгжил гэж байх ёсгүй. Хөгжил гэдгийг  зөвхөн хүн дээр ярьдаг. Хүний хөгжил гэж ярьдаг нь зөв. Хөгжөөнтэй байх, хөгжилтэй,  цэнгэлтэй  байх тухай утга юм. 1990 оноос хойш хүний хөгжил газарт унасан. Түүнээс өмнө бүг ажилтай, орлоготой. Түүнийхээ төлөө санаа зовсон байдалтай байсан. Бүгд цалинтай, орлоготой байсан учраас балан цулан болгоогүй ч хүүхдүүдээ тэжээж, өрх гэрүүд сайхан байсан. Өнөөдрийн нийгэм дэх гэр бүлүүд арцалдаан, зөрчлөөр дүүрэн. Миний аав, ээж унхиагүй, тэдний хүүхэд тийм юм эдэлж байхад би ийм байна. Ээжтэйгээ ингэж хэрэлдлээ, аавтайгаа тэгж муудалцлаа  гэж ярьж байна шүү дээ.  Нийгэм дээр ярих зүйл бол  дэвшил ахиц, бууралт ухралт.  Байгальд дэгжил гэж ярьдаг. Энэ дотор  нөгөө л итгэлзүйд хэрэгтэй категориуд маань  явж байдаг.  Жишээ нь, өмчийн тухай ярихад хүнд гурван өмч байсны эхнийх нь хүний амь. Хоёр дахь нь ухаан. Доржийн ухаан  гэхэд тэр хүнд л байна уу гэхээс  өөр хэнд ч байхгүй. Тэр хүнд төрсөн бодол өөрт нь л байна уу гэхээс өөр хэнд ч байхгүй. Тэр бичих зүйл тухайн зохиолчид л байна уу гэхээс өөр хэн ч бичиж чадахгүй. Тэгэхээр хүн болгон өөрийн гайхамшигтай, мөн чанартай. Хүний гуравдахь  мөн чанар нь удам.  Хүн удмаа их боддог. Миний ач зээ ингэж байна, хүүгээ ийм чиглэлд сургая, охиноо ингэж сургахсан гэж ярьдаг. Тэгэхээр монголчудын өмч идеаль байсан, тэр нь амь, ухаан, удам. Гурвалын онолоор энэ нь амь, ахуй, ухамсар. Удам гэдэг нь эс, цус, яс. Энэ нь монголчуудын үндсэн өмч. Өнөөдөр үүнийгээ мэдэхгүй, хий  юм ярьж яваа нь харамсалтай.
    -Өнөөдрийн өмчийн тухай та юу хэлэх вэ?
    -Өмч гэхээр  тухайн хүн шуналаа нэгдүгээрт тавьчихаад  эсээ, цусаа, ясаа огт тоохгүй яваад байгаад учир байна. Муу бодол, өөрт нь чиглэсэн хэл ам аль хэдийнэ тухайн хүнийг хүн биш болгосон байдаг. Өөрөө өөрийгөө буянтай гэж бодоод, үр хүүхэд нь тагсагладаг. Гэтэл мөн чанарыг аваад үзвэл, таван үе баян явсан хүн байдаггүй. Дуусах, уусах нь  хэнд ч  бий. Энэ мөнгөнд итгэсний, өмчийг шүтсэний  уршиг. Өндөр байшинд хэчнээн амьдарлаа ч, үхэх цагт тэндээс гаргаж хаяна шүү дээ. Тэнд мөнх амьдрахгүй. Мөнгөнд итгэсэн амьдрал бол гутамшиг. Монголчууд хэлдэг шүү дээ, эрхэм баян үр хүүхэд, удаах баян эрдэм ном, эцсийн баян эд хөрөнгө. Энэ үгийг эцэг өвгөд эрт хэлж, бидэнд итгүүлсэн. Харин сүүлийн үеийнхэн итгэхээ больсон нь учир дутагдалтай.
    -Сүүлийн үед хүмүүс шашин руу ихээхэн тэмүүлэх болсон. Энэ зөв үү?
     -Бидний олонх нь  шашинд итгэдэг. Шашин гэтэл горьдлого л дардаг. Өнөөдөр  ах дүүсээс нь  диваажинд очоод сайхан амьдарч байгаа хүн байна уу. Хулгайч, танхай этгээд тамд очоод муу яваа сураг байна уу. Шашин хүнийг сүнс гээч юмаар айлгадаг. Сүнс эрт балар цагийн хүмүүсийн уран сэтгэмж болохоос бодит байдалд байдаггүй. Жишээ нь, Н.Сарандаваа гэдэг хүн сүнс яриад, түрийвчээ гаргаж даллаад мөнгө орж ирнэ гэж байна. Тэр худал, залилангийн сүлжээ. Аура гэрлэн бүрхүүл гээд ярьдаг. Тэр ч бас худал, тусгай зохиосон  программ. Шинжлэх ухаанаас илүү шуналын сүлжээ тэнд яваад байна. Буддизм мөн адил. Лам нар тариф тавьчихаад ном уншдаг. Гэтэл буддагийн философи байхгүй болчихсон шүү дээ. Зонхов Лувсандагва гэдэг хүний сургаалийн шүлгийг бидэнд ойлгуулдаг гэгээрэл байхгүй болсон. Төвд хэлээр ном уншлаа гээд бид юу ч ойлгохгүй, уг нь түүний цаана сургаалийн шүлэг байсныг бидэнд хэлж ойлгуулаагүй учраас тэр. Тэгэхээр мухар сүсэг дахин дэлгэрсэн, тэр нь 1930-аад оныхтой яг адилхан. Тэр бол бидний итгэх үнэн биш.
    -Итгэхүй ухааны тухай энэ гаргалгаануудыг та ямар эх сурвалжуудаас олж үзэж судлав?
    -Энэ бүхнийг би өөр ном, эх сурвалжуудаас олоогүй. Өвгөдийн сургааль, өрийн эргэцүүлэл, хэдэн жил сууж бичсэн зүйлүүд,  шавь нарын маань тус дэм энд шингэсэн. 
     

     
  • Бөөгийн толь /Өгүүллэг/

    -Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж:

    -Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамхи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр:
    -Та авчих л даа, танд хямдхан өгнө шүү гээд хүрэн аравчаар нь нарийсган хүрээлсэн шаазангийн дайны дугираг толь үзүүллээ. Дэмий амарлаа, шуудхан явчихдаг байж гэж бодсон би ачаагаа авах гэж тонгойх зууртаа:
    -Авгай хүүхдийн аахар шаахар зүйлээр ах нь юу хийхэв, өөр хүнд үзүүл! гээд гэдийхэд бүр урд минь гарч зогсчихоод:
    -Танд хэрэг болно доо. Ид шидтэй гэх нь юу юм. Ямар ч байсан танд хэрэг болох эд шүү гээд өнөө толио үлээж ханцуйгаараа хэд шудран арчсанаа:
    -Та хар даа. Онцгой доо, онцгой гэснээ нүүрэнд маань бараг наах шахам тулгалаа. Яг энэ үед миний сониуч зан гэнэт хөдөлж, тортойгоо буулган газарт тавиад толийг сонирхож эхэлсэн юм. Ингэх шалтгаан надад байсан учраас тэр. Шалтгаансах юу байхав, толины тухай нэгэн содон яриа миний гайхлыг ихэд төрүүлээд байдаг билээ. Юу гэвэл “Лу Арпо 1743” гэсэн бичигтэй толийг хэзээ ч худалдаж авахгүй байхыг хоёр зуу гаруй жил сануулж байдаг гэсэн тэнэмэл үг намайг хатгасан хэрэг. Ийм бичигтэй толинд харсан хүн үхдэг, эсвэл цус харваж удаан хугацаагаар тарчилдаг гэдгээс өгсүүлээд ер бусын ийм хачирхалтай үзэгдэл агуулсан толь байдгийг олонтаа уншиж, сонсож, шал дэмий юманд тархиа гашилгаж суудгийг энэ учрал сэдрээж орхисон юм. Толинд ямар нэгэн далд совин, харш үзэгдэл агуулагддагт итгэх нь юу юм бишрэх аяддаг ч гэх үү. Унтаж байгаа хүний цээжин дээр толь тавиад яриулдаг ч гэх шиг, үхсэн хүний дүр толинд харагддаг ч гэх шиг этгээд этгээд санаанууд тэрхэн хоромд зурсхийн орж ирээд болдоггүй. Ямартай ч миний эрэгцүүлдэг, хоосон мөрөөдөл таамгийн нэг нь толь л доо. Нимгэн хүрэн аравчаар нь хүрээлсэн нь сэмэрч хуучирсан агаад ямар ч бичиг үсэггүй толийг би эргүүлж тойруулан харж, чамгүй ажиглангаа худалдаж авахаар шийдлээ.
    -Чи ямар үнээр өгөх юм бэ? гэвэл намайг юу гэх бол гэсэн горьдлогын харцаар над руу чимээгүй харж зогссон залуугийн нүд илэрхий сэргэж:
    -Танд хямдхан өгнөө, ердөө нэг шил юмны үнээр авчих гээд тамхинд шарласан орсгой шүдээ ярзайлган инээж байх юм.
    -Яагаад заавал надад зарах гээд байгаа юм бэ? гэвэл энэ нөхөр ч авч таарах нь гэж илт урамшин толио магтах үгийн эрэлд гарав бололтой нүдээ эргэлдүүлэн хоромхонд:
    -Та харваас юмны чанар мэдэх хүн байна. Энэ толь долоон үе дамжсан бөөгийн толь байгаа юм. Дүү хүү нь ямар ид шидийг нь гаргаж чадах биш. Алсдаа танд хэрэг болох эд шүү. Гадаадад хуучны эд зүйлс үнэд хүрдэг гээ биз дээ гээд ашгүй ам ангайсан дээр нь гэсэн бололтой толио миний гарт атгуулав. Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн үг миний сонирхолыг хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзүүлэв. Байж болох шүү дээ, хэн нэг бөө хэрэглэж байгаад нас барсан, үр хүүхэд нь хадгалж явсаар өдий хүрсэн гээд бодсон чинь бүр ч сонирхол татаад явчихлаа шүү. За, тэгээд бөөгийн толь биш байсан ч хүнд эд илүүдэх биш гэж бодсон би сониуч зангаа улам лавшруулан:
    -Энэ үнэхээр бөөгийн толь юм уу? хэмээн их л бишрэнгүй асуухад минь өмнөөс:
    -Тэгэлгүй яахав, чамгүй чадалтай бөө эдэлж байсан юм. Юмны чанар мэддэг хүн гэж өөр юмаа. Сайхан толь шүү, ёстой эртний ховордсон эд наадах чинь гээд гараа сарвайж байна гээч. Түүнийг би сайн ажиглалаа. Харваас нүүр царай нь барзайж батгатан харлаж, хамар нь монцойж улайсан, хир тоосондоо баригдаж, үжрэх шахсан нэвсгэр хувцастай түүнийг хараад гэнэт дургүй хүрч:
    -Нэг их зарчихаар бас авчихаар эд биш л байна даг. Ийм туусайн толинууд хог дээр хэвтэж л байдаг юм гэвэл залуу наймаа буцах нь гэхдээ сандарч бараг л ээрэх нь холгүйгээр:
    -Яалаа гэж ах минь, ядарсан ч гэсэн хулгай хийж уухгүй эр шүү. Энэ толь манайд их удсан гэж танд хэлсэн дээ, долоон үе дамжсан бөөгийн толь гэж … хэмээн түгдчив. Бөөгийн толь гэсэн нь нэг л сонин санагдаад бас түүнийг арчаагүй байдлыг өрөвдсөн маань нэмэгдэж:
    -За за, ах нь тоглосон юм аа. Би авлаа гээд хэдэн төгрөг гаргахад нөгөө залуу юун тоолох үг сүггүй шүүрэх шахам аваад л олны дундуур чавхнаас алдуурсан чулуу шиг зүсэн алга болсон юм даг.
    Гэртээ хариад эхнэрээсээ эрүүний шөл уух нь тэр. Эхнэр маань хүнээс далд намайгаа ёстой хулхийг нь буулгана шүү дээ. Уг нь би их л сонирхолтой наймаа хийсэн боловч:
    -Тэр өгөр архичин, хогоос олоод л чамд зарчихгүй юу. Гэрт хоёр гурван босоо толь байна даг. Наад эргүү толгойгоо харах гээд байгаа юм бол гээд л бууж гарав.
    -Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөх, толио үнэлүүлэх санаатай хэлбэл:
    -Элэнцгийн чинь бөөгийн толь гэж. Юуны чинь долоон үе дамжсан энэ тэр вэ, эргүү минь. Бөө нар чинь дугуй зэс тольтой байдаг юм. Ядахдаа зэс шил хоёроо ялгаач дүнхүү минь гэснээ эхнэр инээж байнаа. Уур нь гарч байгаагийн шинж.
    -Толинд их учир бий шүү, бид л мэддэггүй болохоос биш гэвэл нөгөө толийг авч харсанаа эхнэр:
    -Юуных нь учир начир, ид шид, бөө мөө байхав дээ. Халцарч загалтсан хогийн новш л байна. Гаргаж хаявал таарна гэснээ над руу эгцлэн харж:
    -Хүүхэд шиг юм ярьж байхаа хэзээ болих хүн бэ, чи гээд хөхөрсөнөө нөгөө толийг орны хөндий рүү чулуудчихав. Би ч хоолны ногоо арилгах ажилд шамдлаа. Хэн хэн маань дахин үг дуугарсангүй. Хэнд ч хэрэггүй үнэхээр л хогийн новш байснаас эхнэрийн санаанд дахин ороогүй бололтой.
    Би бага хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтсэн ч нойр хүрдэггүй. Тэгээд толины тухай уншсан сонссоноо эрэгцүүлэв. Толины тэр ид шид нь гэм зэмтэй хар буруу санаатанд л нөлөөлдөг байх. Толинд харсан хүн л үхээд байдаг бол хорвоо хоосорчихолгүй яахав. Толинд ямар нэг нууц далд увидас хадгалагддаг л гэж бүр эрт дээрээс ярилцсаар л ирсэн. Зарим хэсэг нь итгэсээр л байдаг аа. Ам дамжсан яриа ер нь үнэн л болж хувирдаг. Бичиг үсэг мэддэггүй өвөө маань хүртэл хагархай толь хадгалдаггүй юм гээд толины хагархайг хог дээр хаяж байснаас эхлээд нөгөө нэг бичигтэй толь Францын цагдаагийн газрын подвалд хэдэн зуугаараа хог болон хэвтэж байдаг гэснийг хүртэл санаж хэвтлээ. Гэхдээ яг ийм тийм гэж биеэрээ мэдэрсэн биш. Сонирхоод л гайхаад л хачир чимэг нэмж маазран ярьж явахаас хэтрэх биш дээ. Нэг л мэдэхэд эхнэр хөнжлөөс татаж:
    -Хүүе, нар ханын толгой давлаа гэж байлаа.
    Толь худалдаж авсны маргааш өглөө л ногоон Бямбаатай ёстой улаан халз тулгарав. Эхнэр бид хоёр радиогоор зарлуулахаас наагуур л сураглаж байдаг хүн л дээ. Хоёр жилийн өмнө зээлсэн мөнгөө одоо хүртэл ядаж зах зухаас нь ч гэсэн увуулж цувуулан өгөлгүй хэл ам татлаж, эхнэрийн уурыг барж дуусаад шүүх цагдаадаа хүрэх л үлдээд байгаа юм. Уг нь миний багын найз, хээ шаагүй цөлх эр. Уулзах гэхлээр олдохгүй бултаад байдаг хүн ингэж улаан зам дээр гэнэт тааралдах юм гэж би яаж санахав. Мэндийн солиогүй л:
    -Нөгөө мөнгөө яасан бэ? гээд л алдчихвий гэсэн шиг гарыг нь чангахан атгаж тавилгүй зогсоогоод авлаа шүү. Ногоон Бямбаа ч нөгөө л хэлдэг үгээ хэлэх байх даа гэтэл:
    -Найз нь ёстой цуглуулж амжихгүй явна. Дүү маань Дарханаас овоо хэдэн төгрөг явуулна гэсэн. Тун удахгүй гэсэн шүү. Өчигдөр өөрөө над руу утсаар ярьсан юм. Чамаас санаа зовоод уулзахгүй удчихлаа. Өнөөдөр би дүүтэйгээ утсаар ярина. Орой танайд очиж, та хоёрт мөнгө өгөх хугацаагаа хэлнэ. Яалаа гэж таг чиг болохов дээ, танайхан сайн биз дээ, очиж байгаад тухтай ярилцъя гээд л инээмсэглэн ярьж байнаа. Би ажил руугаа яарч явсан тул түүнтэй удах хэрэггүйг санаж:
    -Чи орой яг очно биз. Тэгээд битгий усанд хаясан чулуу шиг сураг тасарчихаарай! гэхэд ногоон Бямбаа:
    -Чи ямар намайг мэдэхгүй биш. Ажил төрөлгүй л болохоос биш архи ууж балайтдаггүй шүү дээ. Мөнгөө цуглуулж чадалгүй удсандаа дөлөөд байгаагаас биш өвгөн чинь худлаа яриад явдаг хүн биш ээ. Орой танайд яг очно, би нэг ажилд орох санаатай гээд гүйх шахам холдоод явчихлаа. Нэгэнт тааралдсан дээр нь гэж бодсон ч хоосон хүний юу гэдэг билээ, хоёр чихийг авалтай биш. Би ч цаашаа алхлаа. Тэрний ирж уулздаг ч дээ, үлгэр л биз. Ядаж эхнэрт харагдаад хэдэн үг хэлчихвэл зөөлрөх байх. Би тэр хэдэн төгрөгөөр хохироод юу шалихав. Харин эхнэр л чамаас боллоо гэж өдөр өнжилгүй үглэх нь яршигтай байдаг юм.
    Ногоон Бямбаатай тааралдсан гэж эхнэртээ хэлсэнгүй. Өнөө гай нь ирэхгүй бас л хэрүүлийн нэмэр гэж бодсон юм. Сонин гарчиглангаа зурагт руу хальт харсан шиг сууж байтал хаалга сэвхийтэл нээгдэж, ногоон Бямбаа салхи татуулан ороод ирлээ шүү. Үнэхээр худлаа хэлсэнгүй ээ. Яг нүүр тулаад уулзахаараа эхнэрийн маань ааш зөөлөрч байна гээч. Ногоон Бямбаа хөлсөө шудран сүүтэй цай ууж, хоол идэж баахан ярьж суулаа шүү. Гэнэт миний саваагүй зан хөдөлж орны хөндий рүү мөлхөн өнөө толио гаргаж ирлээ.
    -За яахнав. Чи чинь арай хүүхэн шиг тольдож бас буддаг болсон юм биш биз гээд ногоон Бямбаа маг маг хөхрөхөд эхнэр тэндээс:
    -Наад мангар чинь захаас авсан юм гэнээ. Энэ бид хоёр ийм л наймаа хийнэ л дээ. Өгөр архичин хогоос аваад энүүнд зарчихгүй юу. Наадахыг чинь унаж тустал нь хуурч, бөөгийн толь энэ тэр гэж байгаад архины мөнгө аваад арилаад өгсөн байгаа юм даа гэж хэлээд муухан мушилзав. Эхнэрийн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан юм шиг суусан ногоон Бямбаа миний гараас толийг авч эргүүлж тойруулж хараад:
    -Бөөгийн толь гэнээ, энэ үү гэснээ үлээж байгаад арчиж нүүрээ хараад:
    -Бөөгийн толь мөн бол ч учиртай байж мэднэ шүү. Толины тухай янз бүрийн л сонин хачин яриа сонсож явлаа. Элдэв шалдав юм сонирхож явдагаараа чи л ид шидийг нь мэдэж байгаа байх гээд толийг надад буцааж өгөв. Тэр нэг их сонирхож байгаа шинж алга. Энэ толиороо түүнийг айлгах санаа төрж:
    -Чи үүнд өөрийгөө нэг сайн хар. Ид шидтэй эд байгаа юм гээд инээхэд минь ногоон Бямбаа толийг авч нүүрэндээ тулгах шахам ойртуулаад:
    -Харъя, харъя. Энэ чинь бөөгийн толь гэлүү, хөөрхий ногооноо ч ингээд бөөгийн дансанд орлоо доо хэмээгээд маг маг хөхөрч толь руу нүдээ бүлтэлзүүлэн харж хэсэг болоод надад өгөв.
    -Тэр мөнгөө хэлсэн хугацаандаа өгөхгүй бол нөлөөтэй толинд дүр чинь байгааг санаж яваарай! гэхэд эхнэр тэндээс:
    -Үгүй ер өө, мөн их айлгав аа чи. Хогийн толинд ямар юмных нь шид шид байхав. Бямбаа чи надад ам өчгөө өгчих, тэр нь өлзийтэй гээд гарав. Ногоон Бямбаа аанай л маг маг хөхөрч:
    -Ингээд чиний бөөгийн дансанд орлоо доо, хөгшин чинь. Нэг их санаа зовох хэрэггүй, та хоёрын мөнгийг яг хэлсэн хугацаандаа авчирч өгнө. Үүнийг л хэлэх гэж бүр зорьж ирсэн юм л даа. Би чинь эр хүн шүү дээ. Дүү өөрөө ирнэ гэсэн. Дүүгээ дагуулаад л танайд хүрээд ирнэ гэснээ хүүхэд шиг шилээ маажиж суусан юм даг.
    -Цаад эргүү чинь ирдэг л байгаа даа гэж эхнэрийг лавлан асуухад муу ч гэсэн эр хүн байна даа гэж дотроо өмөөрсөн би:
    -Ирэлгүй яах юм бэ? Ирнэ гэдгээ хэлэх гэж бүр хэрэг болгон бид хоёртой уулзаж байна шүү дээ гэснээр энэ явдлыг мухарлсан билээ.
    Муу үг модон улаатай гэж ярьдаг, заримдаа үнэн байх. Ажил хариугүй тарах дөхөж байтал утас жингэнэв. Эхнэр ямар нэг даалгавар өгч, лүндэн буулгах нь юм болов уу гэсээр автал биш ээ.
    -Байна уу, чи ч суудалд нь наачихсан юм шиг байгааг мэдэж байнаа. Танайхан сайн уу? гэх шингэн дуугаар нь би хэн ярьж байгааг төдөлгүй танив. Мэнд сольж, хэд гурван үг амнаас гаргатал:
    -Танай ангийн ногоон Бямбаа … гээд чимээгүй болчихлоо.
    -Тэр нөхөр яасан бэ? Чамаас мөнгө зээлсэн үү? Гэтэл өөдөөс намуухан дуугаар:
    -Юун мөнгө зээлэх вэ? Аймаар юм болсон ш дээ гээд бас л чимээгүй болчихов.
    -Цаадах чинь зүгээр үү, яачихаа вэ? гэж би сандран хашгирах шахам асуухад:
    -Гудамжинд явж байгаад гэнэт унаад л нас барчихсан гээд мөн л чимээгүй …
    -Чи үнэн ярьж байна уу?
    -Ингэж ч худлаа ярьдаггүй байхаа! Сүүлд суусан авгай нь манай нөхрийн эгч шүү дээ.
    -Яасан юм болоо, зайлуул!
    -Би яаж мэдэхэв дээ. Чамд дуулгалаа шүү, зүв зүгээр явж байгаад л уначихсан гэсэн … гээд утсаа торхийтэл тавьчихлаа. Миний дотор харанхуйлан амьсгаа давчдаад явчихав. Өчигдөр орой манайхаас эрүүл саруул гарсан хүн өнөөдөр үхчихлээ гэж үү! Би анхандаа итгэж чадахгүй байсан ч өнөө толио бодоод аажимдаа итгэж эхэллээ. Танд хэрэг болох эд шүү гэсэн залуугийн үг зүрх зүсэн дуулдахад хэрэг болж байгаа нь энэ үү, миний найзыг алчихлаа шүү дээ гээд ширээн дээрхийг ундуй сундуй орхин гарч гэрийн зүг харайлгалаа. Эхнэр намайг хараад гайхаж байгаа нь илт.
    -Нохойд хөөгдсөн юм шиг юундаа гүйдэг байнаа. Чамайг гудамжинд харсан хүмүүс лав галзуурсан гэж бодсон байх даа гэлээ.
    Би хүрмээ тайлж ор луу шидчихээд үг ч дуугаралгүй хувинтай уснаас шанагаар хутгаж хоёр завжаараа савируулан залгилаад:
    -Нөгөө толь хаана байна вэ, толь яасан бэ? гэж салгалан асуухад эхнэр бүүр ч гайхав бололтой:
    -Чи чинь эрүүл биз, эргүү минь. Хогийн толины төлөө ингэж амьсгаадан гүйхдээ яахав дээ. Элэнцгийн чинь бөөгийн толь. Хаанаас гарч ирсэн өгөр хог юм бол доо. Би шөнөжин зүүдэлж, хүн үхэж байна гээд нойртой хонож чадсангүй. Тэр өгөр хогийг чинь өглөө хашаа давуулаад шидчихсэн гээд эхнэр ундууцан үглэлээ. Хэлэх гэтэл үг уруул давдаггүй. Сандарч тэвдсэн би ёстой л галзуу хүн шиг харагдсан байх. Арай гэж нэг юм:
    -Хааш нь хаясан бэ? гэж асуухад эхнэр над руу зэвүүтэй харсанаа:
    -Үнэхээр солиорчихоогүй л юм бол суугаач, эргүү минь гээд аяга дөхүүлэв. Би суух байтугай үг ч дуугаралгүй гүйхээрээ гарч хашааны зүүн булан тойртол сагсайж ургасан шарилжин дундах хэсэгхэн халцгайд бөөгийн толь уруугуу харан хэвтэж байв. Ухасхийн тонгойж аравчнаас нь таван хуруугаараа базаж өргөвөл бутарч үйрсэн толины хагархай газарт гялтайн үлдлээ. Гарт баригдсан аравчны дотор талыг зэрвэс хартал “Лу Арпо 1743” гэсэн бичиг үзэгдэх нь тэр. Би нүдэндээ итгэсэнгүй. Бичгийг хуруугаараа тэмтэрч үзвэл товойлгон цутгасан нь мэдрэгдэж байв.
    -Газрын хаанаас гарч ирсэн гай вэ? гээд би толины аравчийг их л хүчтэй шидтэл ердөө миний дэргэд навч шиг салхинд эргэлдэн унаж байгаа нь харагдав.
    /МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П. Батнайрамдалын “Зүүдэн нуур”өгүүллэгийн түүвэр номоос авав. УБ. 2008 он/

  • Бөө мөргөлийн сэргэлт1

     

    Сайны хажуугаар саар ямагт байдаг. Энэ цагт ч бөө мөргөлтэй холбоотой олон таагүй зүйлс болох болж, айдас эмээлттэй хүлээн авсан Монголчуудын дургүйцэл, хилэгнэлийг бүр ч ихээр хүргэх болжээ. Мөнх тэнгэрийн нэр хүндийг унагасан болгон гэсгээл хүртэх нь дамжиггүй. Мөнх тэнгэрийн өгсөн үүрэг хийгээд олгосон завшаан боломжийг зөв ашиглан удам угсаагаа өндөр өргөж буй нь ч цөөнгүй байх. Энэ бүхнийг ухан ойлгож чадалгүй дээрээ тэнгэр, доороо газар үгүй мэт санаж, дур зоргоороо аашлагсад ч мөн л цөөнгүй байх шиг. Шигшигдсэн гарч ирсэн шилдэгүүд л хөгжлийн шинэ шатанд дэвших нь гарцаагүй.
    Тэнгэрлэг ёсноос хазайж, мөс жудаггүй аашлагсад хүнд тус нэмэр болохоосоо гай зовлонг учруулах нь олон. Эгэл хүнээс илүү эрдэм чадлыг эзэмших болсондоо эрдэж, өнгө мөнгөнд улайран, ид шидийг эрхэмлэн оюун санааны дээд гэхээсээ доод түвшин үрүү илүү тэмүүлэх тэдгээр улаач нар энэ бүх үйлийнхээ хариуд юуг хүртэхээ ухаараагүй л яваа байх.
    Ёс суртахууны доройтол, оюун сэтгэлгээний төөрөгдөл нь хүний гэрлэн бүрхүүлийг төдийгүй гариг ертөнцийн материаллаг орныг бохирдуулдаг гэж эзотерикт сургадаг. Тэгэхээр зөвхөн хэн нэгэнд хар муу үйл хийсэн гэдгээс илүү хорвоо ертөнцийг бохирдуулсан ял тэднийг хүлээж байгаа нь лавтай.
    Оюун санаа, ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй улаач увидас эрдмийг хүлээн авснаар угаас тэрхүү улаачид агуулагдаж байсан харш сэтгэлгээний эрчим, түүний сэтгэц, биед эвдлэн сүйтгэх нөлөөлөл үзүүлдэг аж. Энэ хэрээрээ тэд дээд тэнгэрийн бус доод эрчмийн буюу хар хүчний нөлөөлөлд автдаг байна. Ийм нөлөөлөлд автсан буюу тийрэн бөө нарын уршиг үнэхээр их. Хорон муу санаат хэмээх хүчнүүд эрт цагаас л нэр төр хөөцөлдөх, “ид шид”-ийг хөнгөмсгөөр саваагүйтэн шохоорхох, бусдаас ялгарах, тэднийг захирахыг улайрах, өнгө мөнгийг шүтэн эрхэм чанарыг үгүйсгэх өчүүхэн бодол ухаантай хүмүүсийг урхидан эзэлдэг байжээ. Муу хүчний зорилго мэдээж өөрсдийн засаглалыг тогтоох. Энэ хэрээрээ нэгэн тийрэнтэн хамсаатнаа төрүүлдөг нь нууц биш. Мөн чанарыг ойлгон таниагүй гэнэн итгэгчид тэдний ээлжит золиос болдог байна. Тэнгэрийн шүүлт хэдийнээ хэрэгжээд эхэлчихсэн. Морин жилийн намар хүртэл үргэлжлэх тухай ч яригддаг. Учраа ч бүрэн олоогүй залуухан улаач нар амь насаа алдсан тухай цөөнгүй сонсогдох болжээ. Мөнх тэнгэр нь биш юмаа гэхэд өндөр дээд өвөг дээдэс нь ухаангүй мунхаг улаачийгаа өөрсдөө шийтгэж, дахин шинэ боломжийг эрэлхийлж байж ч мэдэх юм. Бөөгийн удмын тэмдэгт улаач нь гэм үйлдээгүй ч андуурагдан боссон “улаач” нэртний гэм нүгэл мөн л уршиг ихтэй. Санаатайгаар бөө болж наадагсад уүр удмаа таслуулах аюултай. Мөнх тэнгэр хэнийг хэрхэн яллахаа мэдэж байгаа. Тэнгэрийн таалал оршиг.
    Энэ цагт бөө ёстой хүнийг зөв таниагүй, буруу хүнийг тэнгэрт мэдүүлэн босгосон, буруу ёс жаягаар босгосон, үнэн мөн чанарыг таниулалгүй мухар сохроор дагуулсан, шунал хүсэлдээ автан зовлонг нь нэмж туйлдуулсан, бөө болох учиргүй хүнд хээрийн буюу эзэнгүй онгод авч өгсөн, бусдын онгод тэнгэрийг хар буруу үйлд ашиглан сэвтүүлсэн, өчүүхэн бодол ухаан, зан авиртаа автан хүмүүст хараал, зүхэл хийсэн, амраг хос, айл гэрийг хүчээр салгасан, үйлийн үрээ эдлэх ёстой зовлонтны нүглийг хүчээр цайруулах оролдлого хийсэн, байгаль дэлхийд хор хөнөөлтэй үйлийг хийх, тийм үйлтнийг дэмжих, буруу үзэл, үйлтнийг өөгшүүлэх, булихай мууг дэмжих, төрийн хууль цаазны эсрэг үйл хийх, өшөө хонзон санаж хар мууг хийсэн аливаа бүхэн гэмтэй бөгөөд гэсгээл хүртэнэ.
    Өш хонзон санаж хэрэгжүүлэхгүй байхыг өндөр дээд гарвалууд ийнхүү сургадаг байна.
    Өрөвч цайлган сэтгэлтэй
    Өршөөн нигүүлсэнгүйн заяатай байж
    Өшөө хорсол зангидваас
    Өнчирч хоосрохын нигууртай
    Ард түмнээ ачлаад
    Алтан төрдөө зүтгээд
    Өргөн түмнээ өргөөд
    Өндөр тэнгэрээ дээдлээд
    Өнчин ядуусыг тэтгээд
    Өршөөл ивээлээ үзүүлээд
    Өөрийн хийх үйлээ
    Өөрөө л хийх учиртай
    Заяа муутай завхай
    Зам дээр хаягдсан золбинтой
    Заалдаж тэмцэлдэх аваас
    Зам юугаа хааж
    Заяа юугаа гомдоодог учиртай
    Өөр өөрийн үйлээр
    Өнөө маргаашаа торгоосон
    Өөдлөх заяа үгүй
    Өөдгүй муу улстай
    Өш зангидах хэрэггүй
    Өршөөн нигүүлсээд орхи
    Улаач байх заяатан хүндрэл бэрхшээл бүрийг зөв даван туулах хэрэгтэй бөгөөд эд бүгдээс дээд тэнгэрийн ухааруулан таниулж, төлөвшүүлэн суулгах гэсэнг ялган ойлгох учиртай. Энэ тухай мөн ийнхүү өгүүлжээ.
    Эвий эвий эвий
    Эргүү бяцхан үрсл минь дээ
    Энэ л ертөнцийн түмэн зовлонг
    Элээж л тоолж л явна уу даа
    Амьдрал гэдэг хүчир шүү дээ
    Алдаа эндээ их л шүү дээ
    Алсын зам нь урт л байхад
    Ард нь заавал гардаг л юм даа
    Өвчин зовлон үхэл хагацал нь
    Өрийг өвтгөж зүрхийг зүсдэг ч
    Үнэн л чанар нь өөр л шүү дээ
    Үйлийн үр нь тэр л шүү дээ
    Уйлах дуулах нь л тоотой шүү дээ
    Урсах хурах нь хэмжээтэй шүү дээ
    Ухаан билгээрээ таньж л чадвал
    Ухаарч сэхээрч мэдэж л чадвал
    Удаж төдөлгүй дуусдаг л юм даа
    Хүчир хэцүү хүнд ч гэлээ
    Хүн түүнийг даах л учиртай
    Хуурч мэхэлж тойрч болдоггүй
    Хууль ёс нь хатуу л шүү дээ
    Ихээ ихээ зовлоо ч гэсэн
    Эндүүрч буруу ухаарч ойлговол
    Эцэслэнэ гэж байдаггүй юм шүү
    Эргээд зовлонгоо үүрдэг л юм шүү
    Хөрстийн амьдрал хүчирч гэсэн
    Хүмүүний зовлон их чгэсэн
    Халуун итгэл нь байгаа л цагт
    Хар бараанаас салж л болно
    хэмээжээ. Улаач заяатан хувь заяагаа хэн нэгэнд даатган амьдрах ёсгүй бөгөөд энэ бүгдийг зөв даван туулах нь эргээд ач тусаа өгөх нь ч байна.
    Хүн үр нь
    Хэдий балчир ч
    Хөрст ертөнцөд
    Хүчгүй дорой ч
    Хүлцэн тэвчсэн
    Хүндрэл бүхэн чинь
    Хүлээх алсад нь
    Хүчирхэг болгоно
    Гэмшин ухаарсан
    Гэм нүгэл чинь
    Гэсгээл зовлонг чинь
    Гэтэлгэн зогсооно
    Алдаа юугаа ухааран гэмшиж, мөнх тэнгэрээс өршөөл аврал гуйц, гэм нүглээ үйлээрээ засан залруулах аваас хөнгөлөх боломж байхыг үгүйсгэхгүй тул нэгэнтээ алдсан нэг нь засан залруулах, учраа олоогүй нэг нь зөв замнахыг хичээх хэрэгтэй.

    Аравт.мн-ээс авав

  • Халх гол-80 жил-2019

    https://www.youtube.com/watch?v=AsK1Uv-JU78&t=44s

  • Байлдааны буудлагатай хээрийн сургууль-2019

    https://www.youtube.com/watch?v=r5VExPKjHiQ&t=51s

  • Дархадын нутгаар

    https://www.youtube.com/watch?v=4cgqnfYNVKc&t=27s

  • ХУРАНДАА НАР ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ.

    Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын хурандаа нар нэгдэж “ХУРАНДАА” нийгэмлэг байгуулсан билээ. Энэ хүрээнд шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн шинэ жилийн арга хэмжээ нь эмэгтэйчүүд хурандаа цол  хүртэсний 25 жил тохиож байгаагаар онцлог байлаа. Шинэ жилийн арга хэмжээг энэ удааг Цагдаагийн салбар зөвлөл зохион байгуулсан байна.  Хурандаа нийгэмлэгийн энэ жилийн шилдэг салбараар Зэвсэгт хүчний салбар зөвлөл шалгарсан байна.

  • ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН МЭРГЭЖЛЭЭР ТӨГСӨГЧИД СПОРТОД ХҮЧЭЭ СОРИВ

    ҮБХИС-ийг Улс төрийн мэргэжлээр төгсөгчдийн дунд 2019 оны Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Ширээний теннис, Дардасын тэмцээний аварга баг, тамирчид шалгаруулах тэмцээн боллоо.
    Энэ амралтын өдрүүдэд болсон арга хэмжээг Цэргийн улс төр, соёл, хүмүүжлийн
    ажилтны нэгдсэн эвлэл зохион байгууллаа.