Author: admin_shaman

  • Судалгаа: ‘Монголд авлига хэвийн үзэгдэл болсон’

    Азийн Сангийн Суурин Төлөөлөгч Марк Кэйниг энэ талаар “Бид олон нийтийн авлигын талаарх ойлголт төсөөллийг судлах судалгаанд хамрагдагчдыг санамсаргүй байдлаар сонгон оролцуулдаг. 2019 оны судалгааны зарим үр дүнгээс дурдахад, оролцогчдын 93.6 хувь “авлига нь манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэж хариулжээ. Энэ нь 2018 оны ижил судалгаатай харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Гэсэн ч энэ тоо бодит байдал дээр авлигын асуудал манай улсад илт нэмэгдэж байгааг илэрхийлэх боломжгүй бөгөөд зөвхөн олон нийт авлигын асуудалд хэрхэн хандаж байгаа тухай мэдрэмжийг харуулна. Тэгвэл нөгөө талдаа өнгөрсөн жилүүдэд ажиглагдаж байсан өрхийн төвшний жижиг авлигын тохиолдол буурах хандлага үргэлжилсээр байна. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд авлига, хээл хахуул өгсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа иргэдийн тоо 3.3 хувиар буурсан байгаа. Сүүлийн жилүүдэд Улс төрийн намууд авлигын асуудалд хамгийн их холбогдох болсон гэсэн судалгаа гарсан. Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгааг харуулсан. Гэвч улстөрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогуур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд судалгаанд хамрагдагчдын 88 хувь нь “улстөрчид уг асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна’ гэж хариулсан.
    Сант Маргад Сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати “Монголын нийгэмд төдийгүй дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Бид авлигын талаарх судалгаануудад тусгагдсан олон жилийн мэдээллээс ажиглагдаж буй чиг хандлагууд дээр тулгуурлан тайланд нэмэлт дүн шинжилгээ хийж, өөрсдийн санал дүгнэлтээ өгсөн бөгөөд санаа зовоож буй чиг хандлагыг өөрчлөхөд шаардлагатай зүйлүүдийн талаарх өөрсдийн саналыг санал болгож байна. Монголчууд авлигад илүү их бухимдаж, эдгээр хор хөнөөлтэй үйлдлүүдийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл. Гэсэн ч энэ жилийн судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улстөрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын төвшин дахин шинэ дээд төвшинд хүрсэн дүн гарсан. Мөн цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ тал дээр илүү сайн оролцож олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэх хэрэгтэй байгаа юм” гэлээ.    
    Сэтгүүлч Э.Мөнхзаяа
     
  • Дэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал

    1. Дэлхийн хамгийн сүүлчийнх гэгддэг умардын цагаан хирсний долоон өндгөн эсэнд үр тогтоож чадлаа. Ингэснээр энэ төрөл аврагдах боломжтой болж байгаа юм.
    2. Малавийн засгийн эрхэнд эмэгтэй дайчид гарч ирж, хүүхдүүдийг хүчээр гэрлүүлэх 1500 тохиолдлыг цуцаллаа. Түүнчлэн энэ уламжлалыг халж, охидыг сургуульд нь эргэж сургаж эхэлжээ.
    3. Шведэд цусны доноруудад цус нь хэзээ хэн нэгний амийг аварсан болохыг мэдээлдэг болжээ.
    4. Амазоны омгууд нефтийн компаниудын эсрэг нэхэмжлэл гарган шүүхэд ялж, ширэнгэн ойд өрөмдлөг хийх боломжгүй болголоо.
    5. Нэгэн энэтхэг эр өдөр бүр нэг мод тарьсаар Төв цэцэрлэгт хүрээлэнгээсээ ч том ойтой болжээ.
    6. Норвеги улс 53 тэрбум еврогоор үнэлэгдэх нефтийн нөөцтэй Лофотений арлуудад өрөмдлөг явуулахаас татгалзаж, эко системээ аварч үлдлээ.
    7. Тэнгисийн яст мэлхийн төрөл зүйлийг хамгаалах хуулийн ачаар энэ зүйлийн амьтны тоо 980%-иар өсчээ.
    8. Тайландын супермаркетууд гялгар уутнаас татгалзаж, ногоог гадилны навчаар ороож зардаг болжээ.
    9. Лондонд ХДХВ-тэй нэгэн эр үүдэл эс суулгаснаар вирусээс бүрэн салсан дэлхийн хоёр дахь хүн боллоо.
    10. Нидерланд улс албан ёсоор нэг ч золбин нохойгүй орон болжээ.
    11. Өмнөд Солонгост 65-аас дээш насны хүмүүсийг ганцаардал, зөнөгрөлөөс аврахын тулд өдрийн дисконы газар ажиллуулдаг болжээ.
    12. Ромд өдгөө метроны зорчих тасалбарыг хуванцар саваар худалдан авдаг болжээ. 350 000 гаруй хуванцар савыг энэ аргаар цуглуулж, боловсруулсан байна.
    13. Фермерүүд нугас шувууг цагаан будааны талбайд пестицидийн оронд ашиглаж байна. Энэ шувуу хортон шавж, хогийн ургамлыг нь иддэг хэрнээ цагаан будааны тариалалтад огт хүрдэггүй байна.
    14. Канадад далайн хав, гахай зэрэг амьтдыг зугаацуулах зорилгоор хүчээр тэжээхийг хоригложээ.
    15. Калифорнийн дэлгүүрүүдэд өдгөө амьтны асрамжаас ирсэн нохой, муур зэргийг л худалддаг болжээ.
    16. Голландад автобусны буудлууд өдгөө зөгийнд зориулсан “амьд үүр”-тэй болжээ.
    17. Исланд улс эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн тэгш хөлсийг хуулиар тусгасан анхны орон боллоо.
    18. Германы цирк амьтадтай зүй бус харьцахтай тэмцэх зорилгоор голограммыг ашиглаж байна.
    19. Финляндын эрдэмтэд зөгийн мөхөлтэй тэмцэх вакцин боловсруулж байна.
    20. Сан-Францискод халуун орчин, хайр энхрийлэл, хөдөлгөөн үгүйлэгдсэн настай хүмүүс, хөгшин нохдыг тэврэх клуб нээгджээ.
    21. Их шүрэн арлын хуучин хэмжээг сэргээхийн тулд шүрний авгалдайг энэ аралд тусгай роботоор хүргэж байна.
    22. Энэтхэгийн нэгэн тосгонд охин хүүхэд төрөх болгонд 111 мод суулгадаг уламжлал тогтжээ. Одоогийн байдлаар 350 000 мод суулгаад байна.
    23. Эрдэмтэд хуванцраар хооллодог мөөгөнцөр илрүүллээ. Ингэснээр хог хаягдлыг устгах боломжтой болж байгаа юм.
    24. Шведэд амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх дэлхийн анхны сэтгэлзүйн түргэн тусламжийн үйлчилгээ нээгдлээ.
    25. Ховор төрлийн хорт хавдартай 5 настай хүүг аврахын тулд үүдэл эсээ өгөх гэсэн 4 855 хүн бороонд хэдэн цагаар дугаарлажээ.
    26. Өмнөд Солонгост хог цуглуулах, био савлагааны системийн дагуу хүнсний хог хаягдлын 95%-ийг нь дахин боловсруулж байна. Өмнө нь энэ нь ердөө 2%-тай байсан юм.
    27. YouTube хэдэн мянган сувгийг хааж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдлийг сурталчлахтай тэмцлээ.
    28. Перуд далдуу модны тос олборлохын тулд ой модыг тайрах үзэгдэлд цэг тавих үүрэг хүлээлээ. Ингэснээр биологийн олон төрөл зүйл аврагдах юм.
    29. Тариачид Энэтхэгийн заануудыг хүйтнээс аврахын тулд аварга том цамцнууд нэхжээ.
    30. Экологичдын хүчин чармайлтын үр дүнд бөгтөр халимны тоо толгой хэдэн зуу байснаа 25 000 болтлоо нэмэгджээ.
    31. Лондонд зөгийн үржлийг дэмжих зорилгоор бал цуглуулах цэцгүүдээс бүрдсэн 7 миль “зөгийн коридор” бий болгов.
    32. Мексикийн эрдэмтэд кактусны шүүсээр хийдэг, нэг сарын дотор задардаг хуванцар зохион бүтээжээ.
    33. Африкийн зэрлэг зааны тугалыг цирк, амьтны хүрээлэнгийн зориулалтаар барьж авахыг дэлхий дахинаа хориглолоо.
    34. Нидерландад дархан цаазат хиймэл таван арал байгуулжээ. Эхний хоёр жилд энд 30 000 шувуу, 127 төрлийн ургамал суурьшуулсан байна.
    35. Эрдэмтэд бүх бүлгийн цусыг нэгдүгээр бүлэг болгон хувиргаж чаддаг боллоо. Ингэснээр донорын цусны хүрэлцээ нэмэгдэж, хэдэн мянган хүний амийг аврах юм.
    36. Тайвань нь ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн Азийн анхны орон боллоо.
    37. Fortnite-г үүсгэн байгуулагч Тим Суини мод олборлолтыг зогсоох зорилгоор хэдэн мянган га ой худалдаж авчээ.
    38. Их Британид нүүрс-усны ялгаралт 6 жил дараалан буурчээ. Өдгөө 1888 оноос хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
    39. Нохой үнэрлэх чадвараараа хорт хавдрыг илрүүлж чаддаг болох нь шинэ судалгаагаар батлагджээ.
    40. АНУ-д хар арьстнуудын 57% нь дундаж болон чинээлэг давхаргад хамаарч байна. Харин хар арьст ядуусын тоо 1960 онд 41% байсан бол манай цаг үед 18% болжээ.
    41. Тэнгисийн игуана хэмээх амьтан Галапогоссын арлууддаа анх удаа ирлээ. Энд энэ амьтан идээшдэг тухай Чарльз Дарвин 200 жилийн өмнө дүрсэлж байсан юм.
    42. НАСА-гийн хиймэл дагуулаас дэлхий 20 жилийн өмнөхөөсөө илүү ногоон болжээ.
    43. Дэлхийн эрчим хүний бараг 1/3-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байна.
    44. Лагост (Нигери) эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд хуванцар сав дахин боловсруулалтад цуглуулж тушаадаг болжээ.
    45. Колумбад хөхний хорт хавдар илрүүлэхээр тусгайлан суралцсан харааны бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна. Тэд энгийн эмч нараас ч илүү чадварлаг илрүүлдэг байна.
    46. Дэлхий дахинаа амиа хорлолтын түвшин 1994 оноос хойш 38%-иар буурчээ. Энэ нь бараг 4 сая гаруй хүн гэсэн үг юм.
    47. Эквадорын уугуул омгийнхон Амазоны халуун ойд алт олборлолт явуулахыг хориглож, томоохон ялалт байгууллаа.
    48. Математикийн хамгийн шилдэг шагналыг анх удаа эмэгтэй хүн хүртжээ. Тэр бол Карен Уленбек.
    49. Үхрийг усны ургамлаар хоолловол хүлэмжийн хийг 99% бууруулах боломжтойг судалгаагаар тогтоожээ.
    50. Африкт 90 сая хүнийг цахилгаанаар хангах нарны эрчим хүчийг хөгжүүлэх төсөл эхлүүллээ6
    Эх сурвалж: lifter.com.ua

     
  • Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ

    Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж.  Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
    Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
    Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
    Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
    Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
    Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
    Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
    Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу? 
    Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
    Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
    Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
    Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
    Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
    Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
    Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
    Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
    Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
    Ярилцсан: Ж.Дагийсүрэн
    Эх сурвалж: www.aravt.mn

     
  • Хөхүүрийн айраг хийх арга ЮНЕСКО-д бүртгэгдлээ1

    Монгол Улсын БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хуралд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, монголчуудын бахархал болсон “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхэд дэмжсэн Хорооны гишүүн орнууд, Нарийн бичгийн дарга нарын газар, Үнэлгээний байгууллага, холбогдох хүмүүст Монголын ард түмний болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж цаашид Соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг онцгой анхаарч, бүрэн бүтэн байдал, оршин тогтнохыг хангахад шаардлагатай хүчин чармайлт гаргахаа илэрхийллээ.
    Энэхүү өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжжээ.
    ЮНЕСКО-гийн Ерѳнхий захирлын орлогч захирал Эрнесто Оттоне Монголын ард түмэнд талархал дэвшүүлж, амжилт хүссэн байна. Мөн олон орны Засгийн газрын соёлын асуудал хариуцсан төлөөлөгчид баяр хүргэж, амжилт хүслээ.
    ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дэх хуралд оролцож буй БСШУС-ын сайдын багийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан нарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ. Ташрамд дурдахад, Латин Америкт ЮНЕСКО-гийн томоохон хурал анх удаагаа зохион байгуулж, 138 орны 1400 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.
    “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцод нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 14 өв бүртгүүлээд байна. Үүнд:
    ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД:
    1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
    2. Монгол ардын уртын дуу (2008)
    3. Монгол наадам (2010)
    4. Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)
    5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010)
    6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
    7. Шагайн харваа (2014)
    ЮНЕСКО-ГИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СББӨ-ИЙН ЖАГСААЛТАД:
    1. Монгол тууль (2009)
    2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
    3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
    4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
    5. Монгол уран бичлэг (2013)
    6. Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
    7. Уул овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.

     
  • Зайсангийн газрыг зарсан сайд нар эрүүгийн хариуцлага хүлээхүү

    Энэ бүхнийг хэн хууль зөрчин байж газар олгож, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэвээ. Хууль хяналтын байгууллагынхан, үүний учрыг олж, хужрыг нь тунгаахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж өгөв. Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амыг дураараа сэндийчих эрхийг олгосныхоо төлөө үе үеийн Байгаль орчны сайдуудыг энэ хэрэгт буруутган сэжигтнээр тооцохоор болсон аж. Тодруулбал, Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга асан И.Эрдэнэбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус намын нарийн бичгийн дарга асан У.Барсболд, АН-ын ҮЗХ-ны гишүүн Л.Гансүх тэргүүтэй дээрх хүмүүсийг сэжигтнээр тооцсон аж. Шалгалтын явцад сайдуудаас гадна тухайн үед БОЯ болон нийслэлийн Захирагчийн ажлын албанд ажиллаж байсан МАН-ын гишүүн хэд хэдэн хүн ч холбогдохоор болсон аж.
    Тухайлбал, БОЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны даргаасан А.Намхай, Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан Н.Нацагдорж тэргүүтэй хүмүүсийг шалгаж эхэлсэн аж. Улмаар хууль хяналтын байгууллагынхан нэр бүхий сайдууд аль аль компанид хэчнээн га газар эзэмших зөвшөөрөл олгосон жагсаалтыг гарган шалгаж эхэлсэн байна. Бидний авсан мэдээллээр И.Эрдэнэбаатар сайдын үед гэхэд Зайсанд газар эзэмших гэрчилгээг 10-аад компанид олгосны дунд хувь хүн төдийгүй MCS компанид зөвшөөрөлөгч, өдгөө тэр газарт нь барилгын ажил хийж байгаа юм байна. Сайд асан Г.Шийлэгдамба 2007-2008 оны үед Зайсан болон Богинын аманд хувь хүн, компаниудад 1-30 га газар олгосон нь өдгөө мөн л заримд нь орон сууцны хороолол босгочихсон аж. Энэ мэтээр дээрх сайд нарын асуудлыг шалгах явцад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг бас шалгахаар болсон гэх мэдээлэл бидэнд олдов.Түүнийг шалгах болсон үндэслэл нь “Сарнайх” хорооллын газрыг хэрхэн авч, дулааны болон цэвэр, бохир усны шугам татан, бусад хорооллынхноосоо мөнгө авдаг гэх мэдээллийг тодруулах байсан аж.
    Гэвч улс төрийнхөнтэй холбоотой энэ хэрэг хол явахаа больж буй бололтой. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр сайдаар ажиллаж байсан хүмүүс болон АТГ-ын дэд даргыг зөвхөн гэрчээр асуух чиглэл удирдлагаас нь өгөөд буй сурагтай. Сэжигтнээр тооцсон БОЯ-ны газрын дарга болон Улаанбаатар хотын ерөнхий архитектороор ажиллаж байсан хүмүүсийг л үргэлжлүүлэн шалгах чиглэл цагдаа, прокурорын байгууллагын удирдлага мөрдөн байцаагч, прокурорууддаа өгсөн гэх. Уг хэргийг ямар нэгэн улс төр оролгүйгээр шалгасан бол авлига, албан тушаалын хэрэг ч тогтоогдох байсан аж. Зайсангийн газрыг худалдсан хэргийн сэжүүрээс дөнгөж атгаад байтал улстөрчид нөлөөлж, ахиц муутай болж буй нь харамсалтай.
     
  • Онгод урин залах дуудлага1

    Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна.
    Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин, цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт.
    Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. Зарим тохиолдолд онгодын нэрийг дурсах төдий болоход эсвэл бүр дурсаагүй дуудаагүй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харваж орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэн шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, сураг чимээгүй байх тохиолдол байдаг.
    “Бутанд хярсан янзага мэт
    Бургасанд нуугдсан болжмор шиг
    Бутанд хярсан туулай шиг
    Бүлтгэнэж явахад минь
    Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа
    Хүслийг яагаад бодохгүй ирэхгүй байна… тийм жилтэй тийм хүний үр зовоод байна. Энэ хүнийг зовлнгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн аргадан гуйдаг.
    Газар орны байдал хол ойр, ойр орчинд онгод буух бололцоогүй бохир нөхцөл, хараал хэрүүлд өртсөн, лус тэнгэрүүдэд хорлогдсон үед онгод огт орж ирэхгүй байх буюу орж ирмэгцээ буцдаг тал байдаг. Буриад бөөгийн ёсонд онгодыг урин залж, аль нэг зүйл дээрээ буулгаж авахаар дууддаг зан үйл байдаг.
    Хүрлэгтэй улаан галын
    Унь бутарсан дөлөн дээр
    Хүрэл төмөр тогооны
    Ширэм дээрх охь болон хандалсан
    Ариун цагаан угаалгыг минь ариулж буугтун. Гэх мэтээр буурал аав хэмээх онгон сүнс, Дархан цагаан тэнгэр, тэнгэрийн хөвүүн тэх, шар манжлай, арын аран гурван ноёд нарт хандаж хэцээ цохиж, холбого, хонгинуураа хангинуулан сухай улаан бардагаараа урин залан дууддаг.
    “Их далайн усыг ес дахин домнож
    Есөн уулын гангыг үндсээр нь хандаллаа.
    Хэц тойвуураа дэлдэн
    Үүлэн хүлэг болсон сорийг тань
    Хурдатган ергүүлж урин дуудаж байна.
    Урилганд минь ирэгтүн
    Угтлаганд минь морилогтун” хэмээн онгод шүтээнээ дууддаг.

     
  • Удам дамжсан бөөгийн нэгэн

    -2012 он Монгол бөөгийн хувьд түүхэн үйл явдлаар баян байлаа, харин таны хувьд юу хэлмээр байна.
    -Үнэхээр 2012 он Монгол бөөгийн хувьд түүхэн үйл явдлаар баян байлаа. Анх удаа бөө нар нэгдэж Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг байгуулав. Тэгээд Хүннүгийн  алтан өлгий Ноён уулын тахилгыг зохион байгуулсан. Анх удаа олон зуун бөө нар эх дэлхий байгаль орчиноо хамгаалан зогсож, бөөгийн тахилгыг хийлээ. Тэнд би хамгийн ахмад бөөгийн хувьд тэргүүлэн бөөлсөн билээ.
    Түүний дараа Хар зүрхний Хөх нуурт хийсэн Их эзэн Чингис хааны 850 жилийн ойд зориулсан Их тахилга, тайлгад Олон мянган бөө нар нэгдэн цуглаж чадсан нь монголын түүхэнд тохиосон нэн чухал тэмдэглэлт явдал байлаа. Энэ бүхэнд би бүгдэд нь оролцлоо. Оролцох ёстой миний үүрэг гэж хүлээж авсан.
    Тэгээд ч Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс дээд шагнал болох “Онгон байгаль дэлхийгээ аваръя” цомоор намайг шагнасанд би баяртай байгаа. Одоо л монгол бөө уламжлалт дэг жаягтаа орж, эрчимтэй хөгжих нь гэж дотроо баярлаж хүлээн авч байгаа.
    -Таныг Монгол бөөгийн бахархал болсон удам дамжсан бөө нарын нэг гэж үздэг, тэр талаар тодруулахгүй юу.
                    -Анх ээжийн аавын аав Арднаа гэдэг хүн 4 хүүхэдийн хамт Одоогийн Цэцэрлэг сумын ард орших Ширхэдэнд очиж амьдарсан юм гэсэн. Миний ээжийн аав Мангаа гэдэг хүн Долзод гэдэг удган хүнтэй амьдарч байхад охин нь болох миний ээж Цэгмид төрсөн гэдэг.
    Миний ээж Цэгмэд аав, ээжийн асрамжинд байгаад 18 настай байхдаа миний аав О.Жамсран гэдэг хүнтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Тэр үеэс ээжийн бие хачин болж хээр, ой модоор тэнэдэг болсон. Тэр бүхнийг  Зөөлөнгийн хүрээний цорж лам үзээд ээжийг минь  бөө болох хүн байна онгод тэнгэрийг босгож бөө болгосон юм гэнэлээ.
    -Та өөрийнхөө талаар тодруулж ярихгүй юу.
     -Ээж минь намайг 1950 онд Улаан уул сумын төвийн ард Тоосгоны хонхорт төрүүлсэн гэсэн. Ингээд эцэг, эхийн гар дээр өсөөд 1958 онд Улаан уул сумын сургуульд орж 4 дүгээр анги төгссөн. 1959 онд орон даяар өрнөсөн нийгэмчлэх үйл явдлын үеэр “Жаргалант амьдрал” нэгдэлд элсэн орсон. Ээж минь ярихдаа намайг 5 настай байхад засаг төрийн бодлого их өөрчлөгдөж,  бөө шүтлэгээ нууцлах болсон гэдэг. Тэгээд Зүүн навчтын гэдэг газар ээж өмсөж байсан бөөгийн хувцасаа аваачиж шатааж байсан гэсэн. Гэлээ ч миний ээж нууцаар онгодтойгоо харьцсаар ирсэн түүхтэй.
      -1990 оны ардчилсан хувьсал бөөгийн шүтлэгийг ил тод хөгжүүлэх түүхэн боломжийг олгосон, тэр үеийн тухай дурсамжаа ярихгүй юу.
    -Тиймээ. Манай аймаг Мөрөн Хотод Ардчилалын салхи гарч эхлэхэд Аймгийн дарга агсан Батсуурь, одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын баатар Э.Бат-үүл, Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсан нар ирж ээжтэй уулзаж бөөгийн шүтлэг ил тод болсоныг хэлсэнээр ээж минь ихэд баярлаж, тэр дөрвөн хүний зан мөрийг засаж онгод сахиусандаа даатгасан юм. Миний ээж Баянзүрх сумын Агарын хайрхан тахидаг байсан. Дараа нь би 16 жилийн дараа очиж тахисан юмаа. Ээжийгээ нас өөд болсоны дараа Би онгод шүтээний нь аваад одоо болтол барьж байгаа.  Мөн ээжээс минь Голомт төвийн тэргүүн Ш.Сүхбат хаана онгод тэнгэр босгох вэ гэж асуухад ээж маань Туул голын хөвөөнд босгох хэрэгтэй гэж хэлсэн.
    -Монгол бөөгийн “Онголог хайрхан” төвийнхөө тухай талаар  ярихгүй юу.
    -Би Улаанбаатарт ирээд  бөөгийн Голомт төвд гэр бүлийн хамт орсон юм. Тэр үеээс Голомт төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон удган зайран нарын замыг засаж багшилж байсан. Голомт төв байхаас эхлээд уул ус лус савдагийг одоог хүртэл тахиж явна. Олон шавь төрүүлсэн .
    Дараа нь би, гэр бүлийнхаа хамт монгол бөөгийн “Онголог хайрхан” төвийг байгуулж,  тэргүүнээр ажиллах болсон. Удам дамжсан бөө хүний хувьд бөөгийнхөө төлөө их зүйл хийх ёстой гэж бодож бөөгийн төвийг байгуулж ажиллах болсон. Миний гэргий Удган Лхагва-Эрдэнэ гэдэг. Одоо бид Монгол Бөөгийн Нгэдсэн Эвлэлд элсээд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.  Манай гэр бүлийн хүн энэ эвлэлд өөрийн чин сэтгэл зүрхээр зүтгэж байгаа удган юмаа.
     -Таны хадам аав бөө хүн байсан гэдэг.
    – Тиймээ. Миний гэргий Удган Лхагва-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Сүхбаатар Алдар нэгдлийн 3-р багийн нутагт М.Нямхүүгийн гэр бүлд гурав дахь охин болж төрсөн юм. Ээжийг нь С.Пүрэв гэдэг байсан.  Аав Нямхүү нь одоогийн Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум хоёрын залгаанд амьдарч байгаа. Домбон хавчуу нутагт Нямхүүгийн аав Модол өвөө нь төрж өссөн гэдэг. Модол гуай онгодоо босгож биедээ оруулахдаа өөрийн хамаатан Могол ахаараа багшлуулсан гэдэг. Тэр үед дайн дажин болж байсан цаг тул одоогийн Домбон хавчуу гэдэг газар Модол , Могол хоёр хадан хясаа Агуйд шөнө дөлөөр нуугдан байж, Модол гуайн онгодыг босгож биед нь оруулж өгсөн гэдэг. Миний гэргийн аав хэлдэг байсан юм. Хэцүү үед миний хадам аав Нямхүү гуай Модол, Могол гуай хоёроор онгодоо босгуулж сэтэл татуулан даян дээрхи онгод буулгасан юм гэдэг. Тэгээд  хадам аав Нямхүү нь онгод нь орж бөөлдөг байсан юм. Хадамийнх цагаан сүүлтэй, хар хоньтой байсан юм. Хадам аав маань цагаан далаар мэргэлж байдаг байсан. Цагаан далаар мэргэлэхдээ хүнээр тоо хэлүүлж байгаад мэргэлж өгдөг байсан.
    Та гэргийнхээ тухай тодотгож ярихгүй юу.
    -Гэргий Удган Лхагва-Эрдэнэ нь Хөвсгөл аймаг Алдар нэгдэл Баян-Эрхэтийн зүүн салаанд төрсөн. 1966 онд Бүрэн Сумын сургуульд орж, 1974 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөнгөн хүнсний сургуулийг тогоочийн мэргэжилээр 1976 онд дүүргэсэн. 1977 онд Хөвсгөл аймаг Худалдаа бэлтгэлийн трест нийтийн хоолны 1 дүгээр гуанзад тогоочоор томилогдсон. Ажиллаж байх хугацаандаа 1984 онд ахуй үйлчилгээний оёдлын мэргэжил, 1989 онд жолооны курс төгссөн. Одоо Би гэргийнхээ хамт Мөнх хөх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явандаа.
     -Танд ирж байгаа онд эрүүл энх, их амжилтыг хүсье.
    -Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Бага хуралдайн дөрөвдүгээр хуралдаанаас гаргасан  “Монгол Бөөгийн ёс зүй”-г бөө нар, түшээ, сүсэгтэн олон мөрдөж ажиллаваас одоо тулгамдаад байгаа олон асуудлыг зөв голдирлоор шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байгаа. Та бүхэнд ч гэсэн их амжилт хүсье.
     
  • Би бөөгийн шашинг шvvмжлэх гэж очоод шvтээд буцсан хvн дээ?1

    Харин манай хадам ээж бөө хvн байсан. Гэвч эрт бурхан болсон л доо. Гэхдээ хадам аав маань бөөгийн ёс, монгол бөөгийн дvрэм журмыг сайн мэддэг. Ингэж болохгvй, ийм учиртай, ингэх ёстой гээд их зvйл зааж сургаж байсан нь миний ажилд маш их тус дэм болж байсан.

    -Та чухам яагаад бөөг сонирхон судлах болсон юм бэ?
    -Би угаасаа тvvхч хvн. Намайг оюутан байх тэр vед чинь шашин шvтлэгийг хоргилдог хаагдмал vе байсан шvv дээ. Тэр vед намайг бөөтэй нутгийн хvн байна танай нутагт хэн хэн ард тvмнийг яаж мунхруулж байна гэдгийг мэдэж танд гэсэн vvргийг эвлэлийн vvрээс даалгадаг юм байна. Би нэг нөхрийн хамт эвлэлийн даалгавар өвөртлөөд нутагтаа очлоо. Тэгтэл ч Ханд гэдэг тэнгэрээс арц буулгадаг удган бөөлнө гэж байх юм. Бид хоёр ч сонирхоод очлоо. Хvмvvсийг яаж мунхрууулдаг болохыг илрvvлэх зорилготой шvv дээ. Нөгөө нөхөр маань гэрийн тооноор хэн арц шидэхийг харах гэж гадаа нуугдаад, би гэрийн доторхыг тандах гэж дотор суулаа. Ханд удган ч бөөлж байнаа. Гэтэл удаач vгvй хэнгэргээ дээш нь өргөөд тостол харсаар байтал арц хэнгэрэгт дvvрчихсэн. Арц авангуутаа хормой доороо хийх ёстой тэгэхгvй бол онгод нь аваад явчихдаг гэж байна. Аваад vзтэл шvvдрийн устайгаа нойтон арц. Бvр vндэстэйгээ улаан шавартайгаа шив шинэхэн арц байхыг хараад маш их гайхсан. Тэгж л анх бөөгийн гайхамшигт vзэгдлийг нvдээрээ vзээд итгэж биширсэн. Наяад километрын цаана байгаа тэр өндөр тайгаас хэн тэр арцыг аваад ирэв. Энэ бол маш гайхамшиг. Тэгж л эвлэлийн даалгавраар шvvмжлэх гэж очсон хvн маань шvтээд буцсан юм даа. Тэр цагаас хойш бөөгийн шашины тэр гайхамшигт увидас, учир начирыг олж, тайлах гэж бараг хагас зуун жил судалж байна даа.
     
     
     -Таны анх судалж байсан vеийн бөө, орчин vеийн бөө нар ямар ялгаатай байна вэ?
    -Ялгаатай. Гол ялгаа нь зах зээлийн хуулинд л орчих шиг боллоо, Орчин vеийн бөө нар цаг vеээ дагаад мөнгө их ярьдаг болж дээ. Хөдөөнөөс бөө нар их олноороо хот руу нүүж ирэх болж. Энэ чинь мэдээж зах зээлээ дагаад орлого мөнгө л олох зорилготой шvv дээ. Yvнийхээ хажуугаар худлаа хvнээс мөнгө салгадаг бөө нар гарч л байна.
    -Орчин үеийн бөө нар яаж мөнгө олдог гэж?
    -Бурхны шашины ламнартай адил хvнийг vзэж харна, засал хийнэ, эмчилнэ,бөөлнө. Одоо ч харьцангуй хvмvvс бөөгийн шашинд ханддаг болж дээ. Манайд гэхэд Хөвсгөлөөс залуухан бөө хvний урилгаар ирчихсэн байгаа. Тэр холоос урилга зарлага болгоод авчирч байгааг бодоход манайхан бөөгийн шашиныг мэддэг, ойлгодог, итгэж биширдэг болчихсон байна. Бөө нар засал их сайн хийдэг. Засал хийж хүнд их тус болж байна.Yvүнийхээ хэрээр орлого олж амьдралаа залгуулж байгаа болохоор бас мөнгөний хойноос явлаа гэж буруутгах аргагvй юм.
    -Засал ямар vнэтэй хийж байна?
    -Тvvнийг нь ч би мэдэхгvй юм даа.
    -Бөө удам дамждаг уу? Эсвэл хэн нэгэн хvнд илэрдэг юм уу?
    -Монгол бөө голдуу удам дамжиж байна. Бас удам дамжихгүй ёс ч бий. Одоо удам дамждаг бөө нар ховор болжээ. Удам гэдэг чинь цусаар л дамжина гэсэн vг. Гэхдээ заавал бөөгийн хvvхэд бөө болох албагvй. Бөөгийн хvvхэд коммунист, лам ямар ч хvн болж болно.
    -1990-ээд оноос хойш маш олон бөөгийн төв бий болсон? Энэ ямар зорилготой ямар vйл ажиллагаа явуулдаг юм бол?
    -Төvvд бол дандаа мөнгө олох гэсэн бизнесийн зорилготой л гэж би хэлнэ. Голомт төв гэж хvмvvс их сайн мэдэх байх. Тvvнийг vvсгэгчийн нэг нь би шvv дээ. Би бөө бол орлого хөөцөлдөх ёсгүй гэж үзээд гарчихсан. Ерөөсөө хvмvvсийн сvсэг бишрэлийг далимдуулж аль ч шашин мөнгө олох нэг арга зам болж байгаад маш их харамсдаг. Шашинаар бизнес хийж болохгvй л болов уу. Бүр тариф тогтоочихсон байгааг ойлгодоггvй.
     -Бурхны шашинд нvгэл гэж ойлголт байдаг. Тэгвэл ингэж их мөнгө, бизнес хөөгөөд байгаа нь ямар нэг сөрөг муу vр дагавар болох уу?
    -Бөөгийн ёсонд орлогыг бас vгvйсгэхгvй л дээ. Хvнээс мөнгө авч байгаа нь нvгэл биш бас адилхан буян. Гэхдээ олон тvмнээс орж ирж байгаа хөрөнгийг өөрийнх бус олны юм гэж үздэг юм. Энэ ёс бvр XIII зууны vе байсан. Олны юмыг олонд нь буцааж зарцуулах ёстой. Одоо манайд энэ зөрчил харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин шинэ хоёр ёс мөргөлдөөд байх шиг байна.
    -Орчин vеийн бөө нарын бөөлөх ёс өөрчлөгдсөн vv?
    -Бөөлөх ёсонд ч өөрчлөгдөх юм байхгvй. Онгод ордгоороо л орно. Харин тоног хэрэгслэлийн хувьд ч аль болох хуучин юмаа л барьж авахыг эрмэлздэг.
    -1990-ээд оноос хойш гэнэтхэн гараад ирсэн тэр олон бөө удган нарыг жинхнэнэ онгодтой хvмvvс гэдгийг яаж мэдэх вэ?
    -Үүнийг судлаач нар л мэдэх байх. Yvнийг мэдэх судлах газар гэж байхгvй..
    -Yнэхээр чадахгvй байж энэ зан vйлийг vйлдээд байгаа хvмvvст онгод тэнгэр нь хилэгнэнэ гэж юм байх уу?
    -Хилэгнэнэ. Чаддаг ч бай, үгүй ч бай онгодын ёс гэж айхтар юм бий. Гэвч тэр журмаа зөрчвөл онгод нь аваад явчихна шvv. Сvvлийн vеийн шинэхэн бөө нар дотор бөөлөх жам дэгийг зөрчиж байгаа хүн нэлээдгvй харгаддаг. Тэгэж буруу vйл хийвэл хэзээ нэгэн цагт онгод тэнгэртээ өөрөө л ахуулчихдаг. Ийм жишээ олон бий. Үүнийг дээхэн үед онгод тэнгэрээ хилэгнvvлж, онгоддоо хорлууллаа гэдэг байсан. Чадахгүй юмаараа оролдох юм бол өөрөө л амиа алддаг. Ер нь бөөгийн шашин бол хатуу ёс гуримтай, хатуухан шашин шvv дээ.
    -Бөө мөргөл хаана, хэзээ үүссэн юм бол?
    -Миний бодлоор Монголын бөө энд тэнд vvссэн гэх газаргvй. Тэр vvсгэсэн гэх эзэнгvй. Байгаль дэлхийн vзэгдлийг биширснээр л эхэлсэн. Байгаль дэлхийтэйгээ маш нарын сэжимээр холбогдсон ертөнц дэлхий хэмээх эзэнтэй Монголын эртний шашин. Монголын бөөг 5-7 мянган жилийн өмнө vvссэн гэж vзэж байгаа.
    -Монголын бөө мөргөл бусад нутгийн бөө мөргөлөөс онцгой ялгаа байна уу? Шарын бөө гэж байх уу?
    -Байхгvй. Монголын бөөгийн шашинаас бурхны шашин луу нэлээн орсон урсгал байдаг. Тvvнийг нь монголчууд шарын бөө гэж нэрлээд байгаа юм. Бөө мөргөл гэдэг бол шашин биш, зан vйлийн нэр. Шашин бол өөрөө философитой, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх ёстой. Тэгэхээр нэр томъёоноос эхлээд бөө мөргөл, бөөгийн шашин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
    -Бөөг хар, цагаан гэж ялгадгийн учир?
    -Хар, цагаан гэдэг эртнээс байсан юм. Хар, цагаан зvгийн гэсэн vг. Монголчууд ертөнцийг 24 цагт хуваагаад түүнийг цагаан, хар, хөх гэж өнгө өгдөг байсан. Yvнээс улбаалаад өнгөөр ялгадаг болсон. Хар зүгийн гэдгийг нь манайхны ойлголтоор догшин, аюултай гэж болох. Нөгөөтэйгүүр шударгуу хүчтэй бөө байдаг. Тиймээс харын талын бөө нар цааш харуулахаа цааш нь харуулчихдаг. Наашаа авах юмаа наашлуулчихдаг хvчтэй байдаг юм. Цагаан зүгийнх бол арга засал, эмчилгээ гэх мэт эерэг зүйлийг хийж байдаг. Yvгээрээ л гол ялгаатай.
    -Тэгэхээр харийн зүгийнх гэхээр муу талын гэсэн үг үү?
    -Ертөнц гэдэг бол өөрөө амьдрал vхэл, хар цагаан, эсрэг тэсрэгийн туйлаас бvрдэж байдаг. Хар цагаан бол амьдралын өнгө. Эрт vед төрийн туг хар байсан нь энгийн ч нэг зүйл биш. Энэ чинь цаанаа маш нарийн утга учиртай. Хүннүгийн үед ч байсан, Чингисийн үед ч байсан. Одоо манайх хар тугаа БХЯ-нд өгчихсөн байгаа шvv дээ. Энэ бас утгатай. Цэрэг гэдэг чинь угтаа бол хүн алахад л бэлтгэгдэж байдаг хүмүүс. Хvн алж байгаа vйл нь хар учир. Тvvнтэй адил харын талын бөө нь хvнийг цааш нь харуулж байгаа тул муу зvгийн гэдэг.
    -Монголд харийн талын бөө хэр олон бол?
    -Эртхэн үед байсан. Одоо бол мэдэхгүй. Монголчууд ер нь хар өнгөнд их дургүй ард түмэн шүү дээ. Тиймээс хар зvгийн бөөгөө зориуд цагаан бөө гэж нэрлэдэг юм. Батмөнх даян хааны үед цагаан зайран гэж алдартай хар бөө байсан. Хар, цагаан бөө бүр эртнээс л байсан. Сүүлдээ цагаан бөөг шарын бөө гэдэг болсон. Шар нь шарын шашин талдаа болж байгаа юм..
    -Хоёр талын бөө нар хоорондоо зөрчилдөх тал байсан уу?
    -Байнаа. Бие биенээ алах талын хүчтэй зүйл байдаг.
    -Монголын бөө мөргөлийн оргил үе хэзээ байсан бол?
    -Монголын бөө мөргөлийн хамгийн дээд хөгжлийн vе бол Чингис хааны дараах үе. Бурхны шашин XYII зууны vед хvчтэй дэлгэрсэн. Нарийн яривал Монголын бөө мөргөлийн бүр оргил үе бол эртний Хvнvvгийн vе. Одоогоос 2500-гаад жилийн өмнө. Яагаад гэвэл тэр vед бөө мөргөл төрийн шашин байсан. Тэр vеийн төр бол бөөгийн үзэл санаагаар зохион байгуулагдсан, бөөгийн vйл ажиллагааг явуулдаг төр байсан. Тэр vед ч, дараа нь ч төрийн тэргүүн өөрөө бөө байсан юм. Энэ нь шашин, төр хоёр нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө хүн өөрийн дураар төрийн үйл ажиллагааг явуулдаг байсан тэр vеvvд бол бөөгийн шашин монголын ард тvмний хамгийн гол шашин байсан тvvхэн vеvvд юм. Төр шашны хэрэг холилдож байсан vеvvд Чингис хааны үеээс дуусгавар болж,. Чингис хаан төр шашин хоёрыг салгасан. Салсан бөө нь Чингистэй хамтарч тэмцэж байгаад Чингис хааныг байхад нь шашин талаараа чингис түүний ах дүүстэй буруу харьцсанаас цаазаар авахуулсан.
    -Та Чингис хаан, бөө мөргөл хоёрын холбоог хэр үздэг вэ?
     
    -Холбоотой. Чингис өөрөө бөөгийн шашинтан хүн. Бөөгийн ёсыг сайн мэддэг. Тиймийн учраас Тэв тэнгэр зайранг ёс жаягаа зөрчсөн гэж цаазаар авдаг шvv дээ.
    -Монгол бөөгийн гайхамшиг гэвэл бий юү?
    -Байлгүй яахав. Гэвч миний мэдэх цөөхөн том бөө нар байхгүй болчихож. Мэдээж хүний зовлонг нимгэлнэ гэдэг их тус. Бөө нар тулгын гурван чулуун дээрээ бөөлөх нь наад захын зүйл. Гайхмаар зүйл маш их бий. Жишээ нь: нөхөр нь анд явахад бөөлж байгаад хормой дээр нь ангийн үс жаахан хийгээд та төдий тооны ийм ийм амьтан агнана гээд явуулахад нөхөр нь яаж л хичээгээд илүү ч vгvй дутуу ч vгvй яг л нөгөө хэлсэн тоогоор нь агнасан тохиолдол байсан. Түүнчлэн нөхөртөө та цагаан булга агнахнээ гэж хэлэхэд нь нөхөр нь vнэхээр цагаан булга олж алаад эхнэртээ алсангүй гээд ууланд нуугаад ирэхэд нь авгай нь та тэнд л нуусан байна шvv дээ гээд нуусан газрыг нь хэлж байсан. Ганцаараа ууланд явж байгаа хvнийг юу дагаж яваад тийм мэдээг өгчихөв. Энэ бол гайхамшиг. Энэ мэт шууд ямар ч зөрөөгүй хэлдэг байсан гайхалтай бөө нарын бодитой жишээ маш олон. Байгальтайгаа айхтар зохилдож байгаа биз. Нисдэг бөө, хулгай барьдаг бөө, цас бороо оруулдаг бөө гээд янз янзын бөө байсан.. Би ч түүнийг мэдэх юм. Харин тийм бөө одоо гарч ирэхгүй л байна. Хэрэв байвал манай төрд их л хэрэгтэй байх даа.
    -Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
    Эх сурвалж    :  /olloo.mn/ Ж.Алтантуяа
     
     
     
  • ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ХЭН БАЙВ.

     ХӨВСГӨЛИЙН БАЯНЗҮРХ СУМЫН БУЯНДЭЛГЭР ЗАЙРАН /БӨМБӨГӨР ЗАЙРАН/, АГАРЫН ХАЙРХАНЫ НАРИНЫ АМ, ДЭЛГЭР МӨРНИЙ ЭХ ЖАЛАМД НУТАГЛАДАГ БАЙСАН. ТҮҮНИЙ ЗЭЭ ОХИН НЬ ЮМ.
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН,
     МБНЭ-ИЙН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     ДАРХАН УУЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГ АНХЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН.
    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн     
          “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 
    • 2015.6.25. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыд Лусын тахилнын толгойлж бөөлсөн.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулж, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2019.07.29-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулж, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
       Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан.
      “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
     “Алтан шонхор” медалиар шагнагдсан. 

  • ОДОО БА ИРЭЭДҮЙ ҮЕ ХАМТАДАА