Author: admin_shaman

  • Дорны их математикч, одон оронч Шарайн Мянгат

    Ингэж монголчууд бусад ард түмний ээгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн ажиглалт туршлагадаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ.Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь монголчуудын төрөлхийн шинжих цогц нэгэн баримт юм. Улсын хаад жишээлбэл Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэн байсан ба 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган, бие даасан ухаан болгосон “Гүйцэд дөрвөн тал” номыг монголчууд туурвисан нь европ дахинд тригонометрийн үндсийг тавьсан Региомонтагаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд сонирхон хөгжүүлж байсан баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал зэргээс харахад тодорхой. 13-р зуунаас бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий хэмээн лавтай хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ.Ийнхүү монголчуудын математик сэтгэлгээг өндөр төвшинд хүргэсэн алдартай эрдэмтдийн нэгэн төлөөлөгч бол Шарайн Мянгат юмаа.
     
         Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж, хөдсөн өлгийд боолгосон бяцхан амьтны дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм.Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.
     
        Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс “Математик сурах тэнхим”-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх “Тоон ухаан сурах газар”-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юмаа.
     
        Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон “Математикийн хуулийн нарийн хуримтлал” бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теором, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ.Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих “хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Н. Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол “Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог” гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай “Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь” гэдэг алдарт бүтээлдээ, ….нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ.Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн… гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.
     
         Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар иь ухаант эцэг, билгүүн ухаанд газарчлах номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн “Тойргийн нийт хэмжээний дөт арга” хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ.Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв.Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн ёсөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. “Нумын уртаас ерөнхий хөвчийг олох”, “Нумын уртаас сумыг олох”, “Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох” зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв.Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ.Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, Их асрахуй буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өнөө цагийн хүчирхэг компьютероор бодуулснаас зөрөхгүй байгаад бишрэхгүй хэн байх билээ.Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.
     
         “Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу …. хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс   энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш” гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ.Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай.Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв.Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.
     
         Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний “Эрдэм ухааны хүрээлэн”-д алба хашихдаа “Цаг тогтоох үүсгэвэр” нэрийн доор “Зурхайн шинжлэл” 42 боть, “Тооны ухааны хураамж бичиг” 53 боть, “Хөгзүй 5 боть гээд нийт 100 боть цуврал болон “Зурхайн шинжлэлийн хойнох найруулал” 10 боть, “Хэмжигч багажийн шинжлэл” 32 боть, “Нар сарны эргэлтийн хүснэгт” зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг хятад, япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэдцэг болой.Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.

    2012-10-11 14:54:25
    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий
     
  • Д.Бямбадорж зайрантанд хүргэх үг

        Албан тушаал, суудлын төлөөх хэт улайрал, хувийн эрх ашгийг өндөрт тавьсан байдал, улстөрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон, намын дотоод самуун гээд бүгд өөр болчихжээ. Монгол Улсыг дөнгөж өчигдөрхөн байгуулсан юм шиг хэдэн сайд дарга нар индэр дээрээс ихэд дөвчигнөх юм. Ийн дөвчигнөхдөө дандаа худлаа ярина. Хямрал нүүрлэлээ хэмээн хаа хаанаа халаглах. Амьдрал ядуурлаа хэмээн гэрт гадаагүй үглэх. Тэгээд шийдвэр гаргах түвшинд ээлжит, ээлжит бусаар хурал хуй зарлаад л хөл болно. Ингэхээр нь ард олон одоо л нэг арга хэмжээ авах нь гэтэл байдаггүй. Өнөөх хуралдаан маань нам эвслүүдийн хэрүүл болж, сүүлдээ намын дотоод хуйвалдаан руу орчих жишээтэй. Яачихсан Засгийн газар, яачихсан УИХ вэ.
        Тэртээ тэргүй монголчууд бидэнд итгэж найдах төр үгүй энэ цаг дор өөрсдөдөө л итгэж амьдрахаас өөр аргагүй. Монголчууд л болсон хойно зүдэрч ядуурахаараа өнөөх лам хар болж хэдэн төгрөгөө бариад гүйдэг биз дээ. Түүнээс биш бид чинь тарган цатгалан явахдаа тэднийг тоож хардаггүй бас сэхүүн зантай улс. Угаасаа тэнгэр язгууртан бид нар бөөгийн шашинт улс. Тэгэхээр бид нарт Төрийн зайран Д.Бямбадорж хэмээх нэг хүн байх ёстой. Д.Бямбадоржид чухам хэн Төрийн хэмээх цол чимэг хайрласныг мэдэхгүй. Хаа сайгүй л өөрийгөө Төрийн зайран хэмээн хэлж, хэлүүлж явах юм билээ. Өөрийнхөө уран бүтээлийн номыг гаргахдаа “Төрийн зайран Д.Бямбадорж” хэмээн тодоос тод бичсэнээс харвал яах аргагүй Төрөөс хайрласан мэт. Ингээд Монгол Улсад хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмийг хараад байхаар “Төрийн зайран” гэсэн нэршил, түүнийг хэн нэгэнд олгох тухай нэгээхэн ч үг өгүүлбэр байхгүй.
        Үнэхээр л төрд хэрэгтэй, Төрийн цол чимэгтэй зайран юм бол одоо хэргээ гаргах цаг нь болсон. Төрийн хэмээх нэрийг тэр болгон зүүгээд байдаггүй гэдгийг ч та бүхэн сайн мэдэх байх. Яагаав, өнөөх Сүхбаатар жанжны тухай кинонд “Харав уу, та нар. Ардын намын жанжин намайг төрд хэрэгтэй зайран гэлээ” хэмээн нэрт жүжигчин цээжээ дэлдэж зогсдог доо. Тэгэхдээ та бүхний ажил үйлсийн төлөө өдөр шөнөгүй хэнгэрэг дэлдэж, хамаг эд эсээ үхүүлж байгаа шахуу юм ярьдаг биз дээ. Хэдийгээр тус кинонд үүнийг өгүүлэгчийг эсрэг дүрээр гаргасан ч энэ бол гарцаа байхгүй Монголоо гэсэн зүрх сэтгэл, улс эх орноо гэсэн иргэн хүний зовнил юм. Тэгэхээр нэгэнт Төрийн хэмээх цол хүртсэн л юм бол энэ болохгүй байгаа төр улсаа засалцахад гар бие оролцмоор байна. Ер нь Төрийн нэрийг ийн хаа хамаагүй хэрэглэж, барьж явж болдог юм уу гээд олон асуудал хөндөгдөнө шүү. Хууль журмаар оноогдсон ийм нэршил үгүй атал ийн нэрлүүлж яваа нь өөрөө гэмт хэрэг болох учиртай. Чухам энэ нэрийг яагаад сонгож, юуны тулд улайраад байна гээд ярих юм бол олон асуудал босох нь дамжиггүй. Ямар ард олон өгчихсөн хоч биш. Төрийн нэрээр яваад байгаад хамаг учир бий. “Суурин” Балдан, “Нохой” Дорж гээд ард түмний өгчихсөн хоч биш биз дээ. Төрийн зайран шүү дээ.
         Улс эх орныхоо уруу дорой байдлыг арилгахын төлөө хаврын шороон дунд иргэд талбай дээр жагсч байхад Төрийн зайран цонхоор харж зогссон байлгүй. Эсвэл хэн нэгийг бөө болгох аянд мордож байсан ч болох юм. Хэрвээ Төрийн зайран хэмээх цолыг Төрөөс олгодог бол зарим хүмүүст өгөх хэрэгтэй. Тухайлбал, болсон болоогүй Төрийн төлөө зүтгэж, эдийн засгийг унагасан хэрнээ унагаагүй хэмээн гүрийж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдад ч өгөхөд яагаад болохгүй гэж. Д.Бямбадорж зайрантанд сануулахад Төр үнэ төлбөргүй хэрэглүүлсэн нэрийнхээ төлөөсийг нэхэх цаг нь нэгэнт болчихлоо. Нэг хувийн хэвшлийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласныхаа төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг биз дээ. Тэр ч бүү хэл ял авч байсан тохиолдол бий. 
    С.Баяр
     
     
  • ЯВГАН БӨӨЛӨХ ТУХАЙ

     

    Явган бөөлөхөд хамгийн их анхаарах зүйл нь өөрийн бодол санаа болон аливаад хандах хандлагаа онгод тэнгэрийнхээ өгч байгаа мэдээлэлтэй холихгүй, ялгаж салгаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аль миний бодол, аль нь онгод тэнгэрийн мэдээлэл гэдгийг зааглаж сурах. Үүнд хамгийн шалгарсан арга бол үзүүлж засуулж байгаа хүнээсээ урьдчилан олон тайлбар мэдээлэл сонсохгүй байх. Хэрэв урьдчилаад тайлбар сонсвол улаач өөртөө ямар нэг дүр дураг ургуулж бодоод онгод тэнгэрээ сайн сонсохгүй бодолтойгоо хольж төөрөлдөх явдал байдаг. Бас дом үйл хийхдээ мэдрэмжээ хурцалж, зайлшгүй хурдан хийх зүйл, дохио санамжийг хайхралгүй орхихоос болгоомжилж, бас дийлэхгүй хэцүү үйл байвал хүчлэн хийхгүй байх нь зөв.
    Ер нь улаач хүн онгодтойгоо харьцаж, үйлээ хийж, амьдралыг таньж, явган бөөлж байхдаа бясалгаж байдаг. Мөн улаач хүн онгодын заасан замаар урагшилж өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлж байх хэрэгтэй. Бусдын онгодыг сайн мэдэхгүй байж худал муу үгээр олонтаа хэлэх нь буруу зүйл юм. Цаанаас өгөгдсөн өгөгдлөөрөө бөөлөх учиртай.
    Улаач бүрийн онгод тэнгэр, мөн улаачийн чадвар, үйлийн үр, заримдаа цаад үзүүлж засуулж байгаа хүнээс шалтгаалан Хуяглахуу? Явган бөөлөх үү? Гэдэг нь өөр өөр байна. Анх явган бөөлж босож болно, шууд хуяглаж боссон улаач ч гэсэн яваандаа явган бөөлж болдог.
    Явган бөөлөх нь олон сайн талтай. Түшээгийн хэрэг байхгүйгээр бөөлж болдог ба онгодыноо үзүүлж, мэдрүүлж, дуулгаж байгааг өөрийн мэдрэхүйтэйгээ хослуулан, илүү ойлгомжтой тайлбар хийж, олон нарийн мэдээлэл өгч, их үйлд суралцан, улам боловсрон, бүр цаашлаад жирийн үед ч онгодоо сонсож, дохио санамж мэдээллийг хүлээн авах мэдрэмжтэй болж, онгод тэнгэртэйгээ нэгэн цул болдог.
    Алтан Удган

  • Бөөлөөний тухай миний бодол

    Өвгөд Дээдүүд нь
    Улаачийн ухааныг бүрэн таслах аваас
    Хэлэх үг нь эргэн тойрон үрд л байхаас
    Энэхэн улаачид нь багахантай шингэдэг учир
    Таллан бууж давхар сургадаг.
    Олон, олон Буурлууд нь ийм л үйлийг хийж
    Ухаан санааны талаа
    Улаач үрд нь үлдээн байж
    Хэлэх үгээ захиж
    Хийх үйлдлээ үзүүлж
    Сурган хүмүүжүүлж байдгийг
    Улаач үр анхааран ажиж
    Тогтоон авч учиг бүрийг
    Нэхэн нэхэн санавал зохилтой.
    Улаачийн ур ухааныг таслан байж
    Өндөр Тэнгэрт одуулан
    Их тэнгэрийн хуралдай
    Эрхэс тэнгэрийн оршихуй
    Хий бие хийсгэлэн дүртийн
    Таван тивээр аялуулж
    Энэхэн биед нь Онгод Буурлууд тухлаж
    Өөрийн ухамсар холхид одох олон үйл буй.
    Эрхэс Тэнгэрийн зарлигийг сонордоход улаач
    Ихэнхдээ өөрийн биеэс гарч
    Өндөр тэнгэрийн хуралдайд
    Хүндэтгэл юуг үзүүлэн байж
    Сонорддог бөгөөд энэ л үйлийг нь хийж сурах гэж
    Хий бие хийсгэлэн дүрийнхээ бодол оюуныг хөвчилж
    Өөрийн биеэс холдсон хий дүрээ биежүүлж
    Ухаан санаагаа тэгшрүүлж
    Орших олон сүнсэн ертөнцөд
    Өөрийн биеэр юу хийж, яахин явж байгааг ухааран мэдэх нь
    Улаач биежиж буйн шинж нь тэр билээ.
    Улаач биежихэд өвгөд Буурлуудаас
    Их хугацаа шаарддаг учир
    Яаруу сэтгэлт улаач нар түүнийг
    Хурдан хийхийг хүсэж
    Хурдан тасрахыг мөрөөдөж
    Хий бие хийсгэлэн дүрээрээ
    Онгод Тэнгэрийн орчлонгоор
    Аялан явахыг мөрөөдөх нь олонтоо.
    Гэвч үүнийг хийж сурахын тулд
    Өөрийн биеэ тэгшлэж
    Бодол оюунаа зөвтгөж
    Ёсонд суралцан
    Зүйг ухаараад
    Өвгөдийн шидийг биедээ шингээж
    Өөрийн сүнсээ бөхлөж аван байж
    Энэхэн үйлийг хийдэг нь ёс билээ.
    Улаачийн сүнс бие нь биежээгүй үед нь
    Онгод Тэнгэр, хий биетний
    Орчлон дэлхийгээр аялах аваас
    Үзэх харах их юмтай ч
    Аминд цөвтэй байдаг билээ.
    Үүний учиг гэвэл
    Хар тийрэн, чөтгөр, албин гэдэг нь
    Энэхэн сүнсийг олзолж барьж идэх аюул буй.
    Хэрэвзээ барьж идвэл
    Дөнгөж мэндэлсэн үр адил бяцхан сүнстэй болоод
    Энийг нь эрлэг эцэг тордон авах
    Арга үгүй байдалд унадаг учир
    Улаачийн бие энэ цагт үхжинэ.
    Олзлогдсон олон улаачид
    Бөөлөөнийхөө дараа сэрж чадалгүй
    Бүтэн хорвоогоо орхиж
    Хүмүүн заяанаасаа хагацсан
    Олон олон учиг буйг
    Улаач үрст сануулъя.
    Удаахдаа ёсыг алдаж зэмлэлийг хүртэж
    Хөх Мөнх Тэнгэрийн оронд нь зочилчихоод
    Хөөрүү зангаа дарамгүй
    Хүндэтгэл ёсыг мэдэмгүй
    Өвгөд Буурлыг хүндлэлгүй
    Өөрийн ихээр аашлах аваас
    Хар гэрт хоригдож
    Хэд хэдэн хоногоор ухаан үгүй самуурч
    Энэхэн махан бие нь
    Хүчгүйдэн сульдан хэвтэж байдгийг
    Сануулах нэгэн учиг буй.
    Эрлэг тивдээ аялаж байгаад
    Эрхмийн сүнс тэнэж одвол
    Олон олон сүвэгчээр
    Орчлон хорвоотой холбогддог
    Энэ л эрлэгийн хаалганаас
    Өөрийн энэхэн бие
    Өргөө гэрээ олохгүй
    Мөнхийн төөрөгдөлд орж
    Тэндээ үүрд үлдэх аюул бас байдаг билээ.
    Энэ бүгдээс урьтан сэргийлж
    Өвгөд Буурлууд нь улаачийнхаа сүнсийг
    Биед нь байлгаж
    Ухааныг нь задлаж
    Учгийг нь хэлэн байж
    Биеийг нь тэнцүүлж байгаад
    Энэ биеийг нь
    Энэхэн сүнсийг нь бөхлөж байж
    Орчих олон хий дүртний
    Олон, олон ертөнц рүү авч одож
    Учгийг үзүүлдэг билээ.
    Өвгөд Буурлууд нь улаач үрийн
    Санаа сэтгэл хоёрдсон
    Айдас хүйдэс ихэдсэн
    Аливаа нэгэн үйлэнд нь
    Улаачийн сүнсийг нь аваад
    Мөнх Хөх Тэнгэрийнхээ
    Өөрийн орд өргөөнд нь хорин
    Хааяа хааяадаа таслан үйл хийх нь ч бас буй.
    Энэ үед улаачийн сүнс нь
    Орд өргөөнд нь хоригдож тэнэж оддоггүй
    Түүнийг бас хэд хэдэн Онгодоор
    Давхар мануулж байдаг учраас
    Өвгөд Буурлууд нь аятай тухтайгаар
    Энэхэн биед нь буудаллаж
    Үйлээ хийж чаддаг билээ.
    Үүнийг өвгөд Буурлууд л шийдэн байж
    Энэхэн улаачаа тэнцүүлэн байж
    Мөнх Хөх Тэнгэрийнхээ орд өргөөнд нь хорьдог болохоос
    Үгээ хэлж, үйлдлээ зааж байгаа үед нь
    Ухаан санаа давхар байж
    Улаач үр суралцан байж
    Өвгөд Буурлуудынхаа үгийг тандан байж
    Удмын ухаандаа суралцана даа.
    Д.С Бороо

  • МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2019

    Хүндэтгэлийн ширээнд ОХУ-ын Улаан-Үд, Өвөрмонголын бөөгийн төлөөлөл уригдан суусан байлаа.  Монголын сайхан уртын дуу, морин хуур эгшиглэж Баярын цэнгүүн эхэлснийг тунхаглалаа. Шинэ жилийн цэнгүүнийг МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү нээсэн билээ.
    Шинэ жилийн арга хэмжээнд нэр хүндтэй олон сайхан урлагын байгууллага, төлөөлөл ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.
    Өнгөрч буй онд зан үйл, хөдөлмөр, бүтээлтэй амжилт гаргачдад шагнал гардуулахдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэлэхдээ “Монголын бүх Тэнгэр үзэлтнүүд, улаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, өөр өөрсдийн эрхэлж буй үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсээд, МБНЭ-ийн хамт олон 2019 онд гаргасан тодорхой амжилтуудыг тэмдэглэн дурьдлаа.  
    “МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Өнгөрч байгаа оны хувьд томоохон үйл явдлуудыг нэрлэв.
    2019 оны эхээр МБНЭ-ийн төлөөлөл ОХУ-ын буриадын “Тэнгэри“ байгууллагын урилгаар Улан-Үдэ хотод байгуулсан бөөгийн анхны сүмийн нээлтэд оролцлоо. Мөн ОХУ-ын буриадын “Дээж“ байгууллагын зохион байгуулсан Байгаль нуурын тахилгад оролцсон байна. Энэ арга хэмжээнд МБНЭ-ийн Залуучуудын байгууллага идэвхтэй оролцлоо.
    Энэ жилийн Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал удирдан хийлгэлээ.
    Хоёрдугаар улиралд бидний залбирал Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны зун ордоны туурин дээр хийгдсэн зан үйлээр эхэлсэн. Хар зүрхний Хөх нуурт болсон нэгдсэн их тахилга нь улс оронд ирж байгаа цагийн нөхцөл байдалд зориулан хийснээрээ онцлог байлаа. Тахилга дээр МБНЭ-ийн итгэл найдварыг тээж яваа олон залуус толгойлж болон тэргүүлж бөөлсөн.
    Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы нэгдсэн их тахилга амжилттай өндөрлөсөн. Ялангуях өвгөн долоон одны тахилгад залуу улаач нар бөөлж, өөрсдийн зан үйлээ хийцгээсэн болно.
    Гуравдугаар улиралд ОХУ-ын Тува улсад бөөгийн байгууллагуудаар зочилж, хамтарсан тахилга хийсэн билээ. Энэ арга хэмжээнүүдэд Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү оролцсон. Үүний дараа Хакас, Красноярск, Эрхүү хотод тойрон аялал хийсэн.
    Байгаль нуурийн Ойхоны арал дээр болсон Сибирийн галт түймрийг унтраахад чиглэсэн нэгдсэн тахилгад бид оролцсон. 
    Оны манай залуучуудыг хийсэн Галын тахилга амжилттай болсон.
    Энэ оны онцлох үйл явдалд Монгол Удсад суугаа АНУ-ын Элчин сайд Кличенски МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон явдал юм. Энэ бол гадаад харилцаанд тохиолдож буй онцгой тэмдэглэлт явдал байлаа.
    Мөн Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их говийн нэгдсэн тахилгыг зохион байгуулжээ.” Гэдгийг дурьдлаа.
    ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ НЭГДСЭН ТАХИЛГА-ын Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Я.Мөнгөнсувд, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Мөнхнаран, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам, Монгол бөөгийн удган С.Батчимэг, Монгол төрийн хүндэтгэлт хайрхан ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРТ БОЛСОН НЭГДСЭН ИХ ТАХИЛГА-д Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Д.Нанжаа, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Мөнхнаран, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл нарт дурсгалын “ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг гардууллаа.
    Цэнгүүнд хүрэлцэн ирсэн урлагын хамт олон олон сайхан дуу, хуур, бүжгээрээ цугларсан олон, шагнал хүртэгсдэд баярын мэндчилгээ хүргэж байлаа.
    Отгонтэнгэр хайрханы “Долоон өвгөн од”-ны тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар, (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг), Монгол бөөгийн удган Цэндсүрэн (Хөвсгөл аймаг), Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нарангоо, (Өвөрмонгол), Монгол бөөгийн зайран Аюуш (Өвөрмонгол), Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймаг Тариалан сум), Монгол бөөгийн Зайран Тамжид (Төв аймаг, Мөнгөнморьт сум), Монгол бөөгийн удган Мөнх-Өлзий (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, (Улаанбаатар хот), Монгол бөөгийн зайран Мөнх-Очир (Өмнөговь), Монгол бөөгийн зайран Одбаяр, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул (Улаанбаатар хот), Монгол бөөгийн удган Буянцэцэг (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Отгонжаргал (Улаанбаатар хот), Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Т.Баттогтох (Улаанбаатар хот), Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл (Улаанбаатар хот), Монгол бөөгийн зайран Мөнхчулуун (Улаанбаатар хот),  Монгол бөөгийн удган Гэрэлмаа , (Завхан аймаг) нарт тус тус “Өргөмжлөл”  олгосон байна.
    Шинэ жилийн цэнгүүний онцлох гол явдлын нэг нь Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо хамгаалж, баталгаажуулсан Монгол бөөгийн Их зайран цолоор Балжинням Хүүжээ, Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор Төмжий, Батбаяр, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолоор Б.Нанжаа, Мөнгөнсувд, Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Б.Нарангэрэл, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор А.Оюунтуул, Б.Цэвэлмээ, Монгол бөөгийн зайран цолоор Х.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэ-Очир, Ганбаатар, Монгол бөөгийн удган цолоор Маахүү, Лхагва, Сайнцэцэг, Маам, Х. Эрдэнэцэцэг, Цэндсүрэн нар, Монгол туургатан улаач нараас Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Галсанов Юрий Субанович- ОХУ-ын Буриадын, Комушку Виктор Николаевич- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор Сарыг-оол Сары Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Дэвий Долана Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Ондар Татьяна Шаннаевна- ОХУ-ын Тувагийн, Нарангуа- БНХАУ-ын Өвөрмонголын улаач, Монгол бөөгийн зайран цолоор Дүгэр Каадар Оолович- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн удган цолоор Туяна Бимбаявна Иосифавно- ОХУ-ын Буриадын нарт тус тус олгож цолны батламж, энгэрийн тэмдэгээ хүлээн авсан байна.
    Шинэ жилийн цэнгүүний үеэр Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэнийг, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан, Хөвсгөл аймгийн Эрдэнэ, Бүртийн булуу, Цагаан овоо хайрханы  тахилга, ОХУ-ын Байгаль нуур, Бух ноёны хээрийн онгонд, БНХАУ-ын нутаг дахь Хувилай хааны ордны тууринд залбирал, бөөлөлтийн хийсэн улаач нарын ажлын үр дүнг үндэслэн Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн од” одонгоор Ц.Чулуунбаатар, “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн зайран Одбаяр, “Мөнгөн шонхор” медалиар Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Л.Мөнх-Очир, А.Оюунтуул, Эрдэнэбаатар,  “Хүрэл шонхор” медалиар Цэндсүрэн, Б.Цэлмүүн, Отгонжаргал, Б.Балжмаа, Гэнэнхүү, Г.Түмэндэмбэрэлбодьсүрэн, Э.Мөнх-Өлзий, Г.Гарамханд, Б.Хүнбиш, Ц.Тамжид, С.Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэн, Т.Баттулга, Д.Цогбадрах, Гавааренчин, Хандам нарыг тус тус шагнасныг гардууллаа.
    Энэ жилийн хамгийн гол шагнал болох Шилдэгийн шилдэгээр -Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн шалгарч дурсгалын цомыг гардаж авлаа.
    2020 он Тэнгэр үзэлтнүүдийн хувьд шинэ шинэ үйл явдлаар арвин жил байж, Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
      Д.Хүрэлбаатар
                             

     
  • ЖАК УЭТЕРФОРДЫН МЭНДЧИЛГЭЭ

    Монгол бахархалын өдөрт зориулсан
    Монгол түүх судлаач, зохиолч
    ЖАК УЭТЕРФОРДЫН МЭНДЧИЛГЭЭ
    Эрхэм хүндэт нийт Монголчууд аа,
    Энэрэн нигүүлсэхүй нинжин сэтгэлийг эрхэмлэн сайн үйлийг түгээж, түмэн олны найрсаг харилцааг өргөжүүлэн буй Та бүхэнд, та бүхний ажил үйлс, зохион байгуулж буй уулзалт, арга хэмжээнд арвин их амжилтыг билэгдэн хүсье.
    Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан,
    алтан ургийн үр хойчис IV дүрийн Далай лам Ёндонжамц,
    анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр Гэгээн Занабазар нарын суут хүмүүсийг төрүүлсэн Монголчууд бүхий л шашныг хүндлэн хүлээн зөвшөөрдөг
    саруул ухаанаар даян дэлхийг нэгтгэн амар амгаланг тогтоох үйлсэд цаг үргэлж манлайлан тэргүүлэгч байсаар ирсэн.
    Өнөөдөр эх дэлхийд маань урьд өмнөхөөс илүүтэйгээр энэхүү санаа нэн чухал болжээ. Эв нэгдэл, энх амгаланг эрэлхийсэн Монголын ард түмнээ нэгдэн нягтруулах үйлсэд Та бүгдийн хүнлэг сэтгэл, хичээнгүй хөдөлмөр тус болох хийгээд Монголчууд энэ эрин зуундаа даян дэлхийн оюун санааны
    аугаа их сүр хүчин ахин болж чадна гэдэгт би гүнээ итгэдэг.
    Мөнх хөх тэнгэрийн
    Алтан нарны гэгээ
    Монголын сайхан орныг
    Мөнхөд ивээх болтугай
    Хүндэтгэсэн,
    Жак Уэтерфорд
     
     
     
  • Монгол эрдэмтэн БНХАУ-ын дээд шагналаар шагнагджээ.

    БНХАУ дэлхий дахинаа нээлттэй бодлого явуулж эхэлсний дараа, 1991 оноос Хятад улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Гадаад мэргэжилтнүүдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр нэр дэвшигчдийг  шалгаруулж, Хятад улс байгуулагдсаны тэгш ойн жил 100, бусад жилд 50 гадаадын мэргэжилтнийг 10 дугаар сарын 1-ний өдөр буюу БНХАУ Үндэсний   баярын өдрөөр шагнадаг болсон байна. 
    Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй 2019 оны шагналыг  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гардуулж,  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баяр хүргэж үг хэлсэн байна. Өнөө  жил энэхүү нэр хүндтэй шагналаар  АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт, эрдэмтэн Жеймс Ж.Хекман, Франц улсын иргэн, Олон улсын цөмийн судалгаа, инженерийн мегатөслийн Ерөнхий захирал, доктор Бернард Бигот тэргүүтэй АНУ, Англи, Франц, Герман, ОХУ, Япон, Франц, Австрали зэрэг 31 орны 100 гадаадын мэргэжилтэн шагнагджээ. Эдгээр эрдэмтдийн эгнээнд багтсан академич Т.Ган-Эрдэнэ Монгол Улсаас тус  шагналыг хүртсэн анхны хүн юм байна. 
     

     
  • Казахстан, Татарстан Монголын түүхийг булаалдаж Алтан ордны ойг нижгэр тэмдэглэх нь

    Чингис хаан 1218 онд Хорезм улсыг дайлахаар мордоод 1224 онд эрхшээлдээ оруулж авсны дараа эзэлсэн газар нутгаа дөрвөн хүүдээ хувь өмч хуваан өгсөн тухай Монголын түүхэн сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Ууган хүү Зүчид өгсөн хувь эзэмшилд Эрчис мөрнөөс өрнө зүг Днепр мөрөн хүртэл Кипчакийн уудам тал нутаг, Баруун Сибирь, Хорезмын зарим хэсэг багтаж байв.Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан томоохон улсын нэг болох Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан улсыг монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. Харин оросууд “Государство Монголо-татар”, “Татары” гэж нэрлэдэг байсан ба монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ. Сүүлд 1566 онд хэвлэгдсэн “Казанийн түүх” хэмээх бүтээлд нэр нь үл мэдэгдэх зохиолч “Алтан ордон” гэдэг нэр томьёог хэрэглэж, түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болсон аж. XX зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. Евразийн өргөн уудам тал нутагт төвхнөсөн “Зүчийн улс”-ын байгуулагдсан цаг хугацааг Оросын болоод бусад улсын ихэнх судлаачид 1242-1243 оноор авч үздэг. Гэвч зарим судлаачид Зүчи өөрийн улсыг бий болгох үндсийг 1224 оноос тавьсан эсвэл Бат ханы төр барьсан 1227 оноос, Бэрх ханыг төр барьсан цагаас эхлэн үзэх ёстой гэх мэтээр өнөөдрийг хүртэл санал зөрөлддөг билээ.
    Өнөөгийн ОХУ-ын Татарстан, Казахстан улсууд өөрсдийгөө Алтан ордон улсын залгамжлагчид хэмээн зарлаж, түүхийг нь далайцтайгаар судалж, судалгааны болоод урлагийн бүтээлүүд туурвиж байна.Тухайлбал, Татарстаны ШУА-ийн дэргэд Алтан ордон улс судлалын томоохон төв ажиллаж, хоёр жил тутам олон улсын форум зохион байгуулж хэвшжээ. Энэ жил долоо дахь удаагийн форумаа зохион байгуулахаар урилга заллага илгээсэн байна. Харин энэ форумд Монголын эрдэмтэд, судлаачид оролцдоггүй, сураг сонссон төдий байх аж.Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойг тохиолдуулан ирэх онд Татарстаны нийслэлд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах төлөвтэй байгаа талаар “Татар-информ” агентлаг өмнө нь мэдээлж байсан. Энэхүү арга хэмжээг Казанийн Холбооны их сургууль, Маржанийн нэрэмжит Түүхийн дээд сургууль зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа ба Казахстан, Азербайжан, Кыргызстан, Швед, Норвеги болон Италийн эрдэмтдийг уриад байна. Алтан ордон улсын түүхийг өнөөдөр дэлхийн улс орнууд булаацалдах болсон. Энэ талаар Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай “Алтан ордон улс бол яах аргагүй Их Монгол Улсын бүрэлдэхүүн улс. Монголын ч түүхтэй, Оросын ч түүхтэй холбогдоно. Хэн ч үүнийг үгүйсгэж булааж чадахгүй. Аливаа хүчирхэг улсын түүхийг түүхгүй ард түмэн булаацалддаг. Жишээлбэл, аливаа нэг улс эсвэл хүчирхэг гүрэн, амбицтай улс байхын тулд нэгдүгээрт, эдийн засаг нь хүчирхэг байх ёстой, хоёрдугаарт, өөрийн гэсэн гоё түүхтэй байх ёстой байдаг. Алтан ордон улсын түүхийг булаацалддаг нэг улс бол яах аргагүй Казахстан. Казахстан улс манай улстай харьцуулахад эдийн засгийн хувьд хамаагүй илүү болчихсон. Бүс нутгийнхаа хүрээнд өөрсдийн хэмжээндээ геополитикийн тоглолт хийчихдэг. Гэхдээ энэ улс өөрийн гэсэн түүхгүй.Тэгэхээр яах ёстой вэ гэхлээр, хэрвээ чи түүхгүй бол бусад улсын түүхээс зээлж ав, нөгөө талаар, хэрвээ чи түүхээ мэдэхгүй бол чамд түүхийг чинь зохиож өгнө гэсэн үг бий. Үүнтэй адил Казахстан улс сүүлийн үед Монголын түүхийг өмчилж, үгүйсгэдэг боллоо.Алтан ордон улсын бүрэлдэхүүнд маш олон үндэстэн, ястан байсан. Түүний нэг нь кипчакууд. Гэхдээ кипчак гэдэг нэрийг халж, казах гэдэг нэршил нь нэлээн сүүлд XVII зууны үед гарч ирсэн. Кипчакууд бол түрэг угсааны хүмүүс. Тухайн үед Алтан ордон улсад түрэг угсаатай хүмүүс ноёлж байж. Учир нь, Алтан ордон улс өөрөө Кипчак болон Булгарын хаант улсын суурь дээр байгуулагдсан тул хүн амын ихэнх нь түрэг гаралтнууд байсан. Харин хэсэг бүлэг хүмүүс нийлэн Алтан ордон улсын хүчин чадал сулрах үед бие дааж салан нэг аймаг болсон нь казахууд юм. Эдгээр нэгдэл дотор эртний хэрэйд, найман, мэргид аймгийн нэрийг авсан кипчакууд үлдсэн байсан бөгөөд тэдгээрийг өнөөдөр XIII зууны хэрэйд, найман, мэргидүүд гэж үзэх үндэслэл байхгүй. ДНК ч өөр. Эдгээр нь өөрсдийгөө шууд монгол угсаатан гэж үзэн Монголын түүхийг булаацалдаж, илт гуйвуулж байна.
    Үүнээс гадна, Татарстан гэж улс байна. ОХУ-ын харьяа Бүгд найрамдах Татарстан улс юм. Тэд өөрсдийгөө монгол гаралтай, Алтан ордон улсын залгамжлагчид гэж үздэг. Харамсалтай нь, тэд монгол биш түрэг гаралтай. Тэд зүгээр л татар хэмээх нэрийг зээлчихсэн түрэг гаралтай улсууд. Тэд өөрсдийгөө XIII зууны үеийн Монголын татар аймгийн үр удам гэж улаан цайм худлаа ярьдаг. Тэд бол тухайн үеийн татаро-монгол гэж ярьдаг байсан татар хэмээх нэрийг авчихсан л улс. Татарстан бол ОХУ-ын Бүгд Найрамдах улс дотроо эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. Саяхан Оросууд бүс нутгийнхаа амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаа явуулсан байна лээ. Тэрхүү судалгаанд амьжиргааны түвшин хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан нь Москва, Татарстан байсан бол эсрэгээрээ Халимаг, Тува, Буриад нь амьжиргааны түвшин доогуур байгаа нь ажиглагдсан.Үүнээс ажиглахад, Татарстан эдийн засгийн хувьд хүчирхэг болж байгаа нь харагдаж байна. Иймээс тэдэнд өөрийн гэсэн түүх хэрэгтэй. Тэд Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж үзээд өнөөдрийг хүртэл тоолоод үзэхээр 750 жил болж байгаа юм. Үүнийгээ олон улсад зарлаж байна. Гэхдээ энэ тоолол бол Алтан ордон улс байгуулагдсан он цаг биш. Учир нь, 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр (1266-1282) хаан ид төрийг барьж байсан түүхтэй. 1269 онд Алтан ордон улсын хаан Мөнхтөмөр Цагаадайн улсын хаан, Өгөөдэйн удмын хан хөвгүүд нар нийлж, Таласын чуулганыг зохион байгуулсан байдаг юм. Энэ чуулганаар тэд өөрсдийгөө Монголын эзэнт гүрний харьяа улс биш бие даасан, туурга тусгаар улс гэдгээ зарласан байдаг юм. Үүнээс өмнө Алтан ордон улсын хаанаар өргөмжлөгдсөн хүнийг Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд батламжилдаг байсан. Тэд Монголын эзэнт гүрэнд албаа барьж, үнэнчээ илэрхийлдэг байв. Ингээд Таласын чуулганаар тэд өөрсдийгөө Хархорум явах шаардлагагүй гэж үзэн, тусгаар улс хэмээн зарлаж, хэрвээ Монголын Юань гүрнээс энэ байдлыг нь цэргийн хүч эсвэл ямар нэгэн хүчээр дарах гэж оролдвол хамтарч тэмцэнэ гэсэн стратегийн том гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс улбаалаад Алтан ордон улсыг 1269 онд байгуулагдсан гэж Татарууд дураараа ярьж төөрөлдсөн байх магадлалтай. Энэ үед Татарстан гэж улс байтугай Алтан ордон улсыг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин Алтан ордон улс Монголын эзэнт гүрний харьяанаас гарах гэж оролдсон гэж үзэж болно.Гэхдээ түүнээс хойш 1360 он хүртэл Алтан ордон улсын хаад Монголын эзэнт гүрэнд алба гувчуураа тушааж, үнэнчээ илэрхийлээд явж л байсан. Яахав, өнгөн дээрээ өөрсдийгөө тусгаар тогтносон мэт зарласан боловч Хархорумаас хараат байсан” гэж ярьсан байна.
    Татарстаны ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн тэргүүн Рафаэль Хакимов “Реальное время” цахим сэтгүүлд “Их Монгол Улсын Чингис хааныг залгамжлагчдын дотор хэн хаан ширээнд суух талаарх маргаан Бат хааны үед л гарч байсан. Үүнээс болоод Бат хаан Монгол Улсаас тусгаар бие даасан бодлого явуулж эхэлсэн юм. Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдах нь тэр үед тодорхой болсон. Алтан Ордны Өзбег хааны үед исламын шашныг төрийн шашин болгосон нь Чингис хааны Их Яса буюу Их Засаг хуулийн “Бүх шашин тэгш эрхтэй” гэснийг шууд зөрчсөн хэрэг байлаа. Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улсын хооронд дайн гарч, энх тайвны гэрээ байгуулахдаа хил хязгаарыг тогтоосноор Монгол улс Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань гэсэн дөрвөн улс болон задарсан. Алтан Ордны улстай харьцуулчихаар улс орон тэр үед байгаагүй. Эдийн засаг, дэд бүтэц, санхүүгийн систем, цэргийн хүч гээд Алтан Ордны улс хамгийн соёл иргэншилтэй улс байсан. Хэн нэгэнд таалагдахгүй байж болох ч энэ бол түүхэн үнэн. Оросын жижиг улсууд өөр хоорондоо алалцаж байхад Алтан Орд л зогсоож, тэднийг нэгтгэсэн. Европ тив ядуу хоосон, олигтой зам ч байхгүй, хэдэн жижиг улс хоорондоо дайтаж байсан. Бат хаан Унгарт довтлохдоо Европын нэгдсэн армийг хялбархан бут цохисонд гайхах зүйлгүй. Бат хаан Серб хүртэл явсан ч Монголд Их хаан таалал төгсөөд буцах хэрэгтэй болоод л зогссон юм. Тиймээс Алтан Ордны улстай хөгжлөөр эн тэнцэх битгий хэл харьцуулж үзэх улс ч тэр үед байгаагүй. Орост татаруудыг муулдаг түүхэн уламжлалтай. Гумилев үүнийг “Хар домог” гэж нэрлэсэн. Алтан Ордны улсын бүрэлдэхүүнд л Орос цэцэглэж эхэлсэн. Оросууд хэзээ ч татаруудтай байлдаж байгаагүй. Мэдээж улс оронд нь халдан дайрах нь хэнд ч таалагдахгүй. Гэхдээ Бат хаан Европ явахдаа Оросоор зүгээр дайраад гарсан хэрэг. Хэдэн хот шатаасан л гэнэ, цөөхөн хэдэн хот шүү дээ. Түүний эсрэг дайтах цэрэг байгаагүй болохоор оросууд эсэргүүцэн тэмцсэн гэдэг түүхийн хэтрүүлэг. Мэдээж дайнд явж байгаа хойно их цэргээ хооллох хүнс хураан авч таарна. Гэхдээ дараа нь Бат хаан Оросын эдийн засгийг сэргээхийн тулд татвараас чөлөөлж байлаа.
    Мөн Алтан Ордны улсын үед Үнэн алдартны шашин цэцэглэн мандсан гэдгийг мартаж болохгүй. Татвараас чөлөөлөгдөж байсан болохоор маш олон сүм хийд байгуулагдаж байлаа.Алтан Ордны улс Оросыг эзлэн түрэмгийлээгүй. Ямар ч цэргийн анги байрлаж байгаагүй. Арван хувийн татвар авдаг байлаа, хариуд нь зам барьж, аюулгүй байдлыг нь ханган, санхүүгийн тогтвортой систем нэвтрүүлсэн. Хаад ноёдыг нь томилдог байсан. Казахстан улс өөрсдийгөө Алтан Ордны улсын залгамжлагч гэж зарлаад мөн 750 жилийн ой тэмдэглэнэ гэж яриад байгаа. Энэ талаар тэдэнтэй ярилцах болно. Казахстаны талтай Засгийн газрын түвшинд хамтран ажиллаагүй. Харин казах эрдэмтэдтэй харилцаж, тэднийг энд ирж, хэд хэдэн гэрээ байгуулахыг санал болгосон. Ер нь Алтан Ордны улсыг судалдаг түүхч, эрдэмтдийг урьж байгаа. Алтан Ордны улс судлалд юу болж байгааг нийтэд нь харж, дүгнэх шаардлагатай байна. Алтан Ордны улсыг судалдаг эрдэмтэдмаш олон. Сүүлийн үед улам нэмэгдэж байна. Биднээс түрүүлээд энэ сэдвээр доктор болж байгаа хүн ч олон байна. Алтан Ордны улс судлалаар Москва, Петербург сайн. Орос орон хаанаас үүссэн бэ гэдэг асуулт бидний өмнө байна. Үүнд Киевийн Русь, Новгород гэсэн хоёр тайлбар эрт үеэс байлаа. Одоогийн нөхцөл байдалд Оросыг Киевээс үүссэн гэж хэн ч хэлэхгүй болсон. Мөн 14-хөн мянган хүнтэй Новгородоос яагаад Орос үүснэ гэж. Ингэхээр Алтан Ордны улс л үлдэж байгаа юм. Өзбег хаан лалын шашныг нэвтрүүлэхэд маш олон татар Москвад очиж байлаа. Москва хот бол Мөнхтөмөр хааны үед үүссэн хот. Алтан Ордод байр суурьгүй болсон хүн Москвад, Орост очдог байлаа. Борис Годунов, Семион Бекбулатович гээд маш олон татар хүн Оросын арми, флотод өндөр албан тушаал хашиж явсан. Орос хэлийг аваад үз л дээ, маш олон татар үгтэй. Орос гүрэн орос, татарчуудын хамтын холбоон дээр үүссэн юм.
    Харамсалтай нь Екатерина хатан хааны үеэс Барууны нөлөө орж ирэн, түүхийг өөрөөр бичиж эхэлсэн. Хуучны судар бичгүүдийг шатаасан тул баталгаа, нотолгоо үлдсэнгүй. Олон улсын форумд Москва, Петербург хотын төлөөлөл, Унгар, Польш, Румын, Серб, Их Британи, АНУ, Монгол, Япон, Иранаас эрдэмтэд ирнэ. Бид Оксфордод “Дэлхийн түүхэн дэх Алтан Ордны улс” зохиолоо танилцуулахаар очиход олон түүхч анх удаагаа ийм улсын тухай сонсож байна гэж байлаа. Тийм судлал тэнд огт байгаагүй. Тэд монголчуудын талаар судлаж байсан болохоос татар гэж сонсоогүй байсан. Бусад оронд ч ялгаагүй. Дэлхийн түүхийг Алтан Ордны улсгүй ойлгох боломжгүй болохоор сүүлийн үед энэ сэдэв олны анхаарлыг ихэд татаж байна. Бүгд л Монголын Их гүрэн гэж яриад байдаг. Үнэндээ Хааныхаа нэрээр л Монгол гэж байгаа ч тэнд халх, ойрд гэсэн монголчууд бараг байгаагүй. Алтан Ордны улс монгол, түрэг гэсэн албан ёсны хоёр хэлтэй байсан гэж түүхчид бичдэг. Тэгвэл монгол хэл дээр бичигдсэн ямар нэг баримт бичиг үзүүл дээ. Юу ч байхгүй. Алтан Ордод монгол хэлээр бичиж байгаагүй. Харин татараар бол бичиж байлаа. Өөр нэг зүйл бол хэрэв энд монголчууд ирж, захирч байсан юм бол одоо тэдний үр сад, удам нь хаана байна. Бид татаруудын дунд генетикийн судалгаа явуулдаг. Монголчууд маш цөөхөн таардаг. Энд Чингисийн удмынхан хэдэн үе хаанчилж, хаанууд нь олон хатантай байсан гэдэг. Тэгвэл тэдний ул мөр хаана байна. Алтан Ордны улс бол санхүүгийн тогтвортой системтэй, чанартай сайн замтай, хил хязгаараа найдвартай хамгаалдаг, хууль дүрэмтэй, хүчирхэг улс байсан. Таарсан болгоноо дээрэмддэг дээрэмчин улс биш соёл иргэншилтэй улс байлаа. Орчин үеийн улстөрчид татаруудыг салган бутраагчид гэж үздэг, харин татарууд төрт засгийг тогтоогчид байсан гэдгийг түүх харуулж байна. Татарууд ямар нэг улс байгуулаагүй үе түүхэнд байхгүй. Москвагийн сэтгүүлчид надад “Та нар салан тусгаарлагчид. Тусдаа гарахаас өөр юм боддоггүй” гэж хэлдэг. Харин би “Яагаад бид Алтан Ордны улсаас тусдаа гарах гэж. Энэ чинь манай эх орон. Орос бол Алтан Ордны улсын залгамжлагч” гэж хариулдаг” гэж ярилцлага өгсөн байна.
    Казахстанаас Татарстан улсад суугаа Ерөнхий консул Еркин Тукулюв “Алтан Орд улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ гэдэг үнэхээр гайхамшигтай санаачилга. Ах дүү татарууд маань юм хийх гэж байна. Би та нараараа бахархаж байна. Алтан Орд улс бол Казахстаны түүхийн салшгүй хэсэг. Алтан ордны хаадын өвөг дээдэс, Чингис хааны ууган хүү Зүчийн булш Казахстаны нутагт байдаг. Энэ нутагт Алтан Ордны худалдааны төв нэг нийслэл Сарай-Жук хот оршиж байсан. Тийм учраас Алтан Ордны улс байгуулагдсаны 750 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд нь Казахстаны хамтарсан төсөл байх ёстой. Казань хотод болох бүх арга хэмжээнд Казахстаны төлөөлөгчид заавал оролцоно” гэж мэдэгдлээ. Алтан Ордны түүхийг судлах, өөрсдийн түүхэндээ наах ажлыг Н.Назарбаев Ерөнхийлөгч байх үеэсээ дэмжиж ирсэн байдаг. Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Алтан Ордныг үндэслэн байгуулагч Зүчийг оршуулсан газрын дэд бүтцийг дээд зэргийн болгохыг үүрэг болгосон. Зүчи хааныг Улытау хэмээх газар оршуулсан бөгөөд энэ нь газар зүйн хувьд авч үзвэл Казахстаны яг төв нутагт оршдог аж. Манайхаар бол Өвөрхангай Хархорин шахуу юм даа. Ерөнхийлөгч К.Токаев саяхан Алтан Ордны улсын ойг тэмдэглэх гэж буйтай холбогдуулан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Зүчийн түүхэнд оруулсан хувь нэмрийг онцлон, ойн томоохон ямар ажлууд зохион байгуулах тухайгаа зарлигласан байгаа юм.
    Гадаадын улс орнууд монголчуудын түүхээр ийн хүүдэгнэж байхад уугуул ус, урсах цус нэгтэй төв голомт Монгол Улсад маань Алтан Ордны улсын ойн талаар ямархан байр суурьтай буйг сонирхож ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн академич, доктор цолтой хэд хэдэн хүнтэй холбогдож тандаж үзлээ. Харамсалтай нь, Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг БНХАУ тэмдэглэхээр болоход л манайхан сэрсэн юм шиг хэвлэлийн хурал зарлаж байсантай адил явдал болж байна. Алтан Ордны улсын 750 жилийн ойг үндсэндээ Монгол Улс тэмдэглэх талаар одоогоор яригдсан юм юу ч үгүй байгаа гэж эрдэмтэд хэлж байна.

     
  • Дэлхийн олон орноор явж Бөөг судалж байна.

     Япон Улсаас ирж Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад оролцсон Кевин Тюрнертай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж санал бодлоо солилцсон юм.  Ноён Кевин Тюрнертай хэлэхдээ “Энэ олон бөө нар  нэг дор цуглаж Тахилга, тайлга хийсэн нь маш сонирхолтой үйл явдал боллоо. Монголчууд олон гайхамшиг чанартай улс юм. Түүний нэг нь бөө юм” гэж онцлов.
    Ноён Кевин Тюрнер Тахилгад оролцсоны дараа Монголд 15 хоног байж, Монголын бөөгийн талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийх болно. Бөөгийн чиглэлээр хамтран ажиллах бөгөөд Монгол Бөөгийн чиглэлээр бичсэн материалаа МБНЭ-д өгөв. Уулзалтад МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа оролцов.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа

    Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосны дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.
    Тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаал хэлж, Алтай дэлхийгээ аргадаад сая туулиа хайлж эхэлдэг. Ган гачиг, зуд турхан, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байж.
    Энэ дагуу Дайчин Вангийн хошууны туслах тайж, төрийн мэргэн түшээ асан Дандардоржийн үр удам, туульч Дандардоржийн Өлзий, Алтайн галд багтах дөрөв дэх үеийн удам дамжсан туульч Эрдэнэцогтийн Баатаржав, Урианхайн алдарт хөлгөн туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар Алтай, Хангайн магтаалыг өвөрмөц дэгийн дагуу шууд цэцлэлтээр, дараа нь “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайллаа.
    Тууль хайлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ, Засгийн газрын гишүүн Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, туульчид, тууль судлаачид байв.
    ТУУЛЬ ХАЙЛАХЫН ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
    “Хүрэлцэн ирсэн зочид,
    Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирсэн туульч, судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
    Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасны дагуу Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гурваны цагаан морь өдөр “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг хайлах гэж байна.
    Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг.
    Эрт цагаас туулийг иргэний болоод төрийн ёслолын үед хайлдаг уламжлалтай байжээ. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно.
    XX зууны дунд үеэс XXI зууны эхэн үе хүртэлх зурвас хугацаанд монгол туулийн амьд уламжлал тасрах эрсдэл тулгараад байсан юм. Үүнийг билиг оюунт ардын туульчид, үе дамжуулан өвлөн дэлгэрүүлснээр туулийн өв соёл мөхөх аюулыг гэтэлгэж чадсан байдаг.
    Монгол туулийг өвөг дээдсийн цэцэн сургаал, билиг номлол хэмээн үзэж, ард түмний ой ухааныг аман дамжлага, цээж эрдмээр дамжуулан, өртөөлөн тээсээр өнөөдрийн бидэнд авчирсан туульчдадаа гүн талархал илэрхийлье.