Author: admin_shaman

  • МБНЭ-ИЙН БАГА ХУРАЛДАЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

    2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МБНЭ-ийн бага хуралдайн тавдугаар хуралдаан болж, Хурлын нээлтийг Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын жүжигчид бөөгийн бүжгээр эхлэв.
    Хурлын тэргүүлэгчид
    -МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    -МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, МБ-ийн Дархан удган Б.Энхжаргал
     -Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун
    -МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн Дагвадорж
    1. Хурлыг нээх,  хуралдааны ирцийг танилцуулах
    2. “Монгол бөөгийн тулгамдсан зарим асуудлууд”
    Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    3. “ЮНЕСКО болон БНСУ-ын хамтран зохион байгуулсан Бөөгийн фествальд оролцсон тухай”
    Илтгэгч: МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн      Дархан удган Д.Энхжаргал, Судлаач Ж.Төгсжаргал
    4. Санал, шүүмжлэл, хэлэлцүүлэг  /1 хүнд 3-5 минут/
    5. Дотоод зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
    a) МБНЭ-ийн Дээд цэцийн зөвлөл, Бага хуралдайн гишүүнээс чөлөөлөх тухай
    b) МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгох
    c) МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүнд сонгох тухай
    d) Аймаг, нийслэлийг төлөөлөх төлөөлөл, бага хурлын зохион байгуулалтыг хэлэлцэх
    e) Дараагийн Бага хуралдайн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг томилох
    f) 2013 оны МБНЭ-ийн шилдэгийн шилдэг болон шилдэг Зайран, Удган өргөмжлөлд нэр дэвшүүлэх тухай
    7. 2014 онд МБНЭ-ээс  хийх ажлын чиглэлийн тухай тогтоолыг батлах
    8. Хуралдааныг хаах
    9.Хуралдааны төгсгөлд “Алдар зайран Дамдингийн тухай” баримтат кино үзүүлэв.
     
  • ДҮГНЭЛТ

    МБНЭ-ээс Монгол бөөгийн гайхамшигт өв санг харьд шилжүүлэх явдал гарсаар байгааг улаач нарт удаа дараа анхааруулсаар ирсэн билээ. Монгол бөөгийн олон нандин чанарыг гаргасан анхны теле цуврал болох “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгийн эрхийг, дараа нь монголын бөөгийн тухай олон бүтээл болсон номын эхийг, монгол бөөгийн тухай номын орчуулгын эхийг тус тус худалдсан явдал гарчээ. Сүүлийн нэг жил монгол бөөгийн зан үйлийг чухал чанарыг бусдад шилжүүлэх явц тасрахгүй байна. Мөн цаашлаад тахилгын зан үйлүүд хамаарах боллоо. Монгол бөөгийн төлөө амьдралын туршид гавьяат үйл бүтээсэн ч хийсэн ч ганц буруу үйлдэл бүх ололттой зүйлийг үгүй болгох боломжтой.
    Сүүлийн нэг жил шахуу хугацаанд харийн нутагт эрчимтэй ажиллаж байгаа зайран удган байна. Монгол туургатны дотор Монгол бөөгийн эрдэмийг түгээх явц тасралтгүй хийгдэж ирсэн. Гэвч энэхүү уламжлалт зан үйлээс харьд хамаагүй түгээх эрхгүй зүйл байдаг. Яагаад гэвэл бөөгийн эрдэм бол тэнгэрийн, монгол бөөгийн өмч билээ. Тэр нь хэн нэгэнд харьяалагддаггүйгээр онцлогтой.  Бидний мэдэх, бусдын мэдэж болохгүй зүйл гэж бий. Үүнийг улаач бүр байнга санаж явах үүрэг хүлээдэг.
    Монгол бөөгийн зарим улаач нар тахилгадаа хариуцлагагүй хандах байдал тасрахгүй байна. Цаашид ийм байж болохгүй. Эхний тахилгад сүр хүчийг үзүүлэн бөөлж байсан буриадын их зайран Болд, өөр байгуулагын тахилгад оролцож, тахилгад бөөлөх саналаа огоорон мартлаа. Анхнаасаа ингэж хариуцлаггүй хандах байсан бол хийж чаддагт нь ачаагаа үүрүүлж, хоосон амлахаа болих хэрэгтэй юм.
    Отгонтэнгэрийн хайрханы нэгдсэн их тахилгын өмнө МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаан болж, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө гарган ажилласан билээ. Тахилгын өмнө Монгол бөөгийн их зайран Балжир, Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн нар Отгонтэнгэрийн нэгдсэн их тахилгад толгойлж бөөлөхөө батлан амлалт өгч байсан билээ.
    Гэвч Отгонтэнгэрийн нэгдсэн их тахилгын Лусын тахилгад бөөлөх болзоогоо таслаж Монгол бөө хүнд байж боломгүй хариуцлага алдлаа. Монгол бөөгийн их зайран Балжир харь улсад бөө босгох ажилд улайрч, түүнийгээ бүхний эхэнд тавьж, мөнгөнд шунан, тавьсан болзоогоо таслав.
    МБНЭ-ийн удирдлагын зүгээс монгол бөөгийн зарим эрдмийг чандлан хамгаалах талаар багагүй зөвлөсөн.  Би бөөлнө хэмээн бусдын өмнүүр орж анхны тахилгад босч бөөлж байсан Монгол бөөгийн их зайран Балжир ийнхүү монгол бөөгийн их хайрханд тавьсан болзоогоо тасаллаа. Монголын минь хувь заяаг түшиж явдаг, тэнгэр минь харж байгаа.
    Биднийг Монгол бөөгийн ёс зүйн хариуцлагыг зайран Балжирт тооцохоос аргагүй байдалд хүргэлээ.
    1. МБНЭ-ийн дүрэмийн 2.6.2. МБНЭ-ийн дүрэмийг чанд биелүүлж, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх” гэсэн гишүүний үүргээ биелүүлээгүй байна. Монгол Улсын Отгонтэнгэрийн нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг хийлгүй тасалж, зайран хүний хувьд байж боломгүй ноцтой хариуцлага алдсан,
    2. МБНЭ-ийн “Монгол бөөд Цол олгоход мөрдөх журам”-ын 4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай. Бүлгийн “4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан, ”тохиолдолд дүрмийн “4.2. Монгол бөөгийн ёс зүй, МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн дараах тохиолдолд Хяналтын цэцийн дүгнэлт эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг нэг шатаар бууруулна.” гэснийг үндэслэн МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд танилцуулж Шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

     
  • Гоц чадвартнуудыг төр ашигласан нь

       Хорин тавдугаар кадрын тухай энд яриагүй байна. Хүний харааны хүлээн авах чадварын дээд хязгаарыг тогтоож, нэг секундэд 24 биш, харин 25 кадр гүйлгэн сүүлчийнх дээрээ тархи угаах мэдээллээ байрлуулж далд ухамсарт нөлөөлдөг энэ аргыг хүний тархи угаах хямдхан арга гэж хэлж болно. Мөн үүнээс ч нарийн түвэгтэй нууц туршилтууд хийгдэж байсан нь өнөөдөр бага багаар ил болсоор байна.
      ЗХУ анх бий болж, хөл дээрээ тогтож амжаагүй шахам байхдаа л Энэтхэг, Төвд, Монгол гэсэн дээд бясалгалд   нэвтрэгсэд,   эгэлгүй   эрдэмт   хүмүүс олонтой орнууд руу судалгааны баг нэрийн дор тагнуулчид илгээж, бясалгалын хүчээр олон нийтийн санаа сэтгэлд нөлөөлөх арга бий эсэхийг мэдэхийг зорьж, үүндээ гар татахгүй мөнгө хаяж байлаа. Энэ уламжлал цаашид улам бүр гүнзгийрч нарийсч ирснийг дараахь баримтууд нотолно. 1975 онд АНУ-ын Тагнуулын төв газар “Маш нууц” зэрэглэлийн нэгэн илтгэлдээ, тулхтай сайн эрдэмтэд ЗХУ-ын аюулаас хамгаалах байгууллагын даалгавраар парапсихологийн туршлагуудыг цэрэг дайны зорилгоор ашиглаж болох бүхий л боломжийг судалж байж болзошгүйг анхааруулж, телекинез буюу оюун санааны хүчээр эд зүйлсийг хөдөлгөх, шийдвэр гаргах, бодол санаагаа дамжуулах үйл явцад нөлөөлөх, тархины эрчим хүчийг задлан шинжилж боловсруулах, цахилгаан соронзон долгионыг хүмүүсийн биеэ авч явах байдлыг өөрчлөгч хэрэгсэл болохынх нь хувьд судалж байна гэж нэр заан тоочжээ. Ингэхдээ Москва жил болгон 250 сая хүртэл доллар зарцуулдаг гэсэн тооцоо гаргажээ. Гоц мэдрэхүйн салбарт оросууд америкчуудаас хол хөгжсөн гэсэн дүгнэлтэд Гч хүрэв.
       Хоёр жилийн дараа буюу 1977 онд “Лос Анжелес Таймс” сонины Москва дахь сурвалжлагч Роберт Том зөвлөлтийн “Парапсихологийн судалгаа” явуулдаг хүрээлэнгүүдийн жагсаалт гаргасныхаа төлөө Орост саатуулагдаж байв. ЗХУ-д 29 лаборатори “гоц авъяас ашиглах аянд” хувь нэмрээ оруулдгийн ихэнх нь Москвад төвлөрсөн гэж ТТГ үзсэн юм. ЗХУ-аас зугтаж гарсан Август Штернийн ярьснаар Новосибирскийн автоматик, электрометрийн хүрээлэнд 1969 онд хүртэл 60 гаруй эрдэмтэн хүмүүсийг за йнаасхэрхэн ховсдож, тэдний гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ гэдэг асуудлыг судалдаг байжээ. Энэ олон эрдэмтэн туршилтаа хаанахын ямар хүмүүс дээр явуулдаг байв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг.
        Оросууд 1958-1978 онд Москва дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг учир битүүлэг долгионы үелзэлд оруулж байсны чухам зорилго нь юу байсныг өнөөдөр хүртэл мэдээгүй байгаа. Тэд ЭСЯ-ны ажилтнуудын оюун санааг хянах гэж оролдсон уу? Эсвэл тэдний эрүүл мэндийг нь муутгах гэсэн үү гэдэгт өнөөдөр хариу хэлэх хүнгүй болжээ. Оросууд цэргийн зорилгоор хоёр сая үзмэрч тусгайлан бэлтгэсэн гэсэн мэдээлэл тэр үед ТТГ-ыг сандралд оруулж байв. В. И.Лениний хувийн хүсэлтээр АНУ-ын төрийн өндөр албан тушааптнуудад нөлөөлж, ЗХУ-ыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар АНУ-д очсон зураач Н.Рерих ховсдох чадвараа ашиглан Рузвельтийн үеийн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Генри Уоллесийг утсан хүүхэлдэй болгож чадсан гашуун туршлагыг мартаагүй америкчууд энэ мэдээг сонсоод сандрах нь зуй ёсны хэрэг байлаа.
         1995 оны наймдугаар сард Германы “Штерн” сэтгүүлд АНУ-ын армиас гоц мэдрэхуйн салбарт явуулж буй судалгаа шинжилгээний ажлын талаар нийтэлсэн томоохон өгүүлэлд дайсны хөлөг онгоц дэлхийн хаана ч байсан байршлыг нь тогтоож чадна гэж амласан нэгэн үзмэрчид АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 1979-1980 онд сар бүр 400 доллар өгч байсан тухай өгүүлжээ. Ер нь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин 80 орчим үзмэрчид янз бүрийн даалгавар өгч хамтарч ажилладаг гэсэн тоо тэр үед олны хүртээл болжээ.
      Америкийн нэгэн үзмэрч Казахстаны Семипалатинскийн пуужингийн туршилтын талбай, хөөргөх төхөөрөмжийг илрүүлсэн бөгөөд дараа нь сансраас авсан зургаар үнэн болохыг нь нотолжээ. Мөн Африкт Зөвлөлтийн ТУ-95 маркийн бөмбөгдөгч онгоц сүйрэхэд ТТГ-ынхан ЗХУ-ын тагнуулын байгууллага КГБ /Улсын аюулгүй байдлын хороо буюу тэр үеийн Зөвлөлтийн нууц алба/-аас өрсөн гартаа оруулсан явдал нь үзмэрчдийн гавъяа. Тэгэхэд яаралтай дуудагдсан далдыг харагч онгоц унасан газрыг ганцхан бээрийн зөрүүтэй хэлж өгч америкийн цэргийнхний аминд оржээ. Энэ бүх мэдээллийг ТТГ1982 онд уг чиглэлийн судалгааны санхүүжилт зогсох аюул тулгарах үед АНУ-ын сенатчдын хаалттай хуралдаан дээр анх улстөрчдөд дэлгэсэн гэдэг.
         Дээр дурдсан “Штерн” сэтгүүлийн өгүүлэлд “Тэдний нэг тагнуулч /ТТГ-ын гэсэн үг. Б.Г/ үүнээс өмнө Урал дахь зөвлөлтийн цэргийн огт мэдэгдээгүй байсан түшиц газрыг илрүүлжээ. Тэрээр газар доорхи төмөр зам, машины дохио, лаборатори. уг баазад маш олон эмэгтэй ажиллаж буй тухай мэдээлжээ. Уг нь Жеймс Бонд ч ийм азтай байдаггүй шүү дээ. Гэхдээ түүний мэргэжил нэгт америк эрийг бас мятаршгүй зоригтон гэж хэлж болохгүй. Энэ чухал мэдээллүүд Калифорни мужийн Барбэнкхотын орлогч дарга Патрик Прайс хэмээх ахимаг насны хүнээс ирж байжээ. “Дорно зүгт тусгай ажиллагаа” /Хуучин ЗХУ, түүний Холбоотнуудын эсрэг гэсэн үг/ явуулсан бүх хугацаанд тэрбээр Мэнло-Парк дахь Стенфордын шинжилгээний хүрээлэнгээс нэг ч удаа гараагүй байна” гэсэн мөрүүд бий. Энэ бол 1973 оны үйл явдал бөгөөд Прайсын гоц чадварынхаа ачаар илрүүлсэн мэдээллийг тэр дор нь шалгах боломжгүй учир дараа нь сансраас авсан зургаар баталгаажуулдаг байжээ. Чухамдаа Прайс л АНУ-ын батлан хамгаалах салбарын мяндагтнуудыг итгүүлж, үнэмшүүлж, ийм төрлийн судалгаа шинжилгээнд хөрөнгө хаяхад хүргэсэн ч гэдэг. Үүний дараа гоц чадвартнууд төрийн нэрийн өмнөөс өөрийн чадал боломжийн дээд хязгаарыг дуртайяа сорих болжээ. Энэ бүхнээс харахад дэлхий ертөнц гоц үзэгдэл, гойд чадвартны атганд байдаг гэж хэлэхэд хилсдэмгүй санагдана.
         Бид төрсөн нутаг, төрөлх гэртээ амар тайван аж төрж байна хэмээн сэтгэл тэнэгэр суух зуураа сэтгэл зүйн олныг хамарсан ямар нэг туршилтад өртөж байж ч мэднэ. Тэврэлдэж унтдаг амраг хос дэрээ тэврэн өөр өөр ор бараадах нь тэднээс биш, хаа нэгтээ суугаа гоц чадвартнаас ч болсон байж болох шүү дээ. Ингэж бодохуйд ер бусын үзэгдлийн өмнө хүн гэгч ямар арчаагүй дорой болох нь тодорхой. Ийм гоц чадвартнуудын ёс суртахуун, хүн чанарын хэмжүүр ямар чанд хатуу байх ёстой нь ч тодорхой болном билээ.
    © duuren.mn
    Түлхүүр үг

     
  • Өмнөд солонгосын бөө нар бөөлөв.

    БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм.
    Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.
     
  • Дундаж наслалт: Дэлхий ба Монгол

    Дэлхийн хүн амын дундаж наслалт 1990 оноос хойш долоогоор нэмэгджээ. 3.5 жил тутамд нэгээр ахиж ирж. Хөгжиж буй, бага орлоготой улс орнуудад зүрх судасны өвчлөл, нялхсын эндэгдэл буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн чанар сайжирсан, анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлтүүд гарсан гээд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүчин зүйлүүд олон байна. Дайн дажин, өлсгөлөнгөөс болоод зарим оронд дундаж наслалт буурсан сөрөг үзүүлэлт байгаа ч ерөнхийдөө бидний үр дүүдүүд биднээс урт насална гэж баттай хэлж болох нь. Учир нь, хурдац нь удааширсан ч гэсэн дундаж наслалтын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.  
     
    Дундаж наслалтаар барууны орнууд тэргүүлдэг
    Дэлхий дээр дундаж наслалтаар Япон, Сингапур улсууд тэргүүлдэг болохоор азиуд хамгийн өндөр насалдаг гэж ойлгуузай. Тивээр нь авч үзвэл европчууд хамгийн урт насалдаг байна. Дундаж наслалтаараа тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь энэ тивийнх бөгөөд “Топ 20”-д багтаагүй ч ерөнхийдөө үзүүлэлт нь маш өндөр гарчээ. Их Британиас гэхэд л Англи 20 /Дундаж наслалт 81.5/, Умард Ирланд 32 /80/, Уэльс 34 /80/, Шотланд 42 /79/ дугаар байрт бичигдсэн байх жишээтэй.
     
    “Хар тив”-д дундаж наслалт хамгийн бага
    Дундаж наслалтаар сүүлийн байрт орсон 20 улсын хоёроос бусад нь Африкийнх ажээ. Афганистан, Папуа Шинэ Гвиней л тэдний дундуур шургалсан байна. Сүүл мушгисан Лесото, Төв Африкийн БНУ-д 2016 онд дундаж наслалт 50 байсан нь тэргүүлэгч Японоос 34 жилээр бага байгаа юм. 
    Афганистаны хувьд, дайн дажин, ган гачиг, хуульгүйдлээс болж Ази тивээс ганцаараа дундаж наслалт нь 58-аас доош орсон улс болжээ.
     
    Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг
    Судалгаанд хамрагдсан дэлхийн 198 орны 195-д нь эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалж байна. Дэлхийн дунджаар тооцоход зургаа, зарим улсад бүр 11 жилээр илүү насалдаг аж. Дундаж наслалтын зөрүү Дорнод Европын улсуудад их байгаа нь энэ бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ ихтэй байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ. 
    Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг улс дэлхий дээр гуравхан байгаа нь Конго, Кувейт, Мавритани аж.
     
    Дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн улсууд
    Судалгаанд хамрагдсан улсуудын 96 хувь нь 1990 оноос хойш дундаж наслалтаа өсгөжээ. Тухайн үед дундаж наслалт нь 50-иас доош орсон улс 11 байсан бол 2018 онд нэг ч үгүй болсон байна. Африк, Сахарын бүсийн улсууд энэ үзүүлэлтээр тэргүүлжээ. Хамгийн их өсгөсөн 10 улсын зургаа нь энэ бүсийнх байна. Шилдэг үзүүлэлт Эфиоп дээр гарчээ. 1990 онд дундаж наслалт 47 байсан бол 2016 онд 66 болж 19 жилээр ахисан байна. Амьсгалын замын халдварт өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, гэдэсний халдвар, цусан суулга, булчин зангирах тахал өвчинтэй амжилттай тэмцсэнээр ийм амжилтад хүрчээ. 
     
    Дундаж наслалт буурсан зургаан улс
    Сахарын өмнөд бүсийн орнууд дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн байхад буурсан зургаахан улсын дөрөв нь мөн энэ бүсээс гарсан нь гайхмаар. Хамгийн их уналттай гарсан нь Лесото. 1990 оныхоос даруй 10 жилээр буурсан байна. НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ДОХ өвчтэй гэж гарсан байдаг. Дархлал хомстлын вирусийн тархалтаар дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.
     
    ДОХ, бэлгийн замын өвчлөл нь дундаж наслалтыг хамгийн ихээр доош татдаг гэдгийг Лесотогийн хөрш зэргэлдээ ӨАБНУ-аас харж болохоор. Хөгжлөөрөө тивдээ тэргүүлдэг ч дундаж наслалт нь хоёроор буурсан. Тус улсад 2016 онд төрсөн хүүхэд 1990 онд төрсөн нутаг нэгтнээсээ хоёроор бага наслах магадлалтай. Хөгжлийн төвшин дундаж наслалтад нөлөөлөөгүйн шалтгааныг судлаачид ХДХВ-ын тархалттай холбож тайлбарладаг. Тус улсын хүн амын 15 хувь нь буюу зургаан сая хүн энэ өвчний вирусийг тээдэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Үүнээс хамаагүй их гэж үзэх эрдэмтэд ч бий.  
    Хөрш орнуудын ялгаа
    Дундаж наслалтыг бүс нутгаар авч үзэх нь зарим талаар учир дутагдалтай. Хөршилдөг хэд, хэдэн улсад дундаж наслалтын зөрүү маш их, заримд нь 20 шахам жил хүрч байна. Афганистанд дундаж наслалт 58 байхад хөрш зэргэлдээ Иран, БНХАУ-д 76 байгаа нь хамгийн их зөрүү.
    Мөн Алжир улсын иргэд хөрш зэргэлдээ Мали, Нигерийн иргэдээс 16 жил, Судан улсын иргэд хөрш Төв Африкийн БНУ-ын иргэдээс мөн 16 жилээр илүү наслах магадлалтай байна.  
     
    Дайн дажин дундаж наслалтыг доош татдаг
    Сири улс 2010 онд дундаж наслалтаараа дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Дэлхийн хамгийн өндөр насалдаг 30 хувьд энэ улсын иргэд багтдаг байв. Гэтэл иргэний дайн дэгдсэнээс хойш 142 дугаар байр хүртлээ уруудаад байна. Дайн дажин нь дундаж наслах магадлалыг хамгийн огцом, хийхээр бууруулдаг хүчин зүйл ажээ. Жишээлбэл, 1994 онд Руандад төрсөн хүүхдийн наслах магадлал ердөө л 11 жил гэж тооцогдож  байв.
     
    Өлсгөлөн, байгалийн гамшиг ч адил
    1994-1998 оны хооронд үргэлжилсэн их ган гачиг, өлсөгөлөнгөөс болж БНАСАУ-ын дундаж наслалт огцом буурчээ. Энэ байдал нь 200-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.
    2010 онд Хаитид газар хөдөлж, 200 гаруй мянган хүн амиа алдахад мөн ийм байдал ажиглагдсан. Гэхдээ БНАСАУ-аас ялгаатай нь, ганцхан жилийн дараа дундаж наслалт нь эргээд өсөлтийн хэмнэлдээ оржээ.    
     
    Эх сурвалж: Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME)-ийн “Global Burden of Disease” судалгааны тайлан.

     
  • Галдан бошгот халхыг түйвээсэн буюу олгойн нуурын дэргэдэх тулалдаан

    Нэгдэж, нягтарсан ойрадууд хүчээ аван Долоон мөрний сав газарт цөмрөн орж, Туркестан, Төвд, Памир болон Эрчис мөрний Тоболийг гэтэлж умар зүг давшин Уралын нурууг давав. Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Ингээд Галдан Бошгот дорно зүгт уугуул монгол буюу халхыг манжаас өрсөн эрхшээлдээ авах арга сүвэгчлэв. Тэрбээр энэ үед Зүүнгар улсдаа цэрэг-захиргааны төвлөрсөн нэгдмэл удирдлага бий болгож, өмнө нь тогтож байсан ойрадын чуулганы зохион байгуулалтанд байсан хунтайж, тайш цолыг хүчингүй болгон, улсаа дөчин хоринд хувааж тэдгээрийг зайсан, дэмч, шүүлэнгэ нарт тус тус харгалзуулан захируулж хааны буюу төвлөрсөн эрх засаглалыг бэхжүүлэв. Энэ нь Галдан Бошгот эртний хүннүгээс эхлээд Их Монгол Улсад уламжлан ирсэн цэрэг-засаг захиргааны тогтолцоог өөрийн улсын түүхэн өвөрмөц онцлогт уялдуулан зохицуулсан хэрэг байв.
     
       Энэ үед халхын Засагт хан Норов нас барсны дараа түүний ширээг залгамжлах асуудал хямрал дагуулан өргөжив. Засагт ханы ширээний төлөө тэмцэлд хөндлөнгөөс идэвхтэй оролцсон халхын Түшээт хан Чахундорж, ойрадын Галдан бошгот, мөн Манжийн Энх-Амгалан хаан нар өөр өөрийн эчнээ бодлоготой байсан юм. Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаралтай элч илгээн, байдлыг намжаан чуулган хуралдуулж, халхын асуудлыг зохицуулахыг оролдсон нь өнгөн дээрээ амжилггай болсон мэт байвч бодит үр дүн гарсангүй. Харин эцсийн бүлэгт Галдан Бошготын дэмжиж байсан Шар Засагт хан болов. Галдан Бошгот ийнхүү Засагт ханыг өөрийн холбоотон болгон халхад өөрийн нэр нөлөөг өргөтгөх болов. Хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Галдан Бошгот Засагтхантай үйл ажиллагаагаа улам няггруулж, халхыг манжид алдахгүй бэлтгэлийг хийж, юуны өмнө халхад мянгаад лам нарыг урьдчилан оруулж, манжаас нүүрлэж буй түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь чухал гэдгийг халхуудад ухуулжээ. Мөн өөрийн дүү Доржжавыг 300 цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд ирүүлж, өөрөө өргөөгөө зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ. Энэ үед Түшээт хан болчимгүй алхам хийж, хүргэн Лувсангомборавдангийн хамт нэг түмэн цэрэг авч хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галданы дүү Доржжав нарын олон хүнийг алж, хүн мал олныг олзлон авчээ. Энэ нь халх, ойрадын хооронд дайны галыг дүрэлзүүлэн асаав.
     
       Манж нар энэ үед хоёр талын хоорондуур орж эвлэрүүлэхээр зуучилсан нь халхыг нөлөөндөө авах гэсэн Энх-Амгалан хааны далд бодлого байсны учир тухайн үед халх болон ойрадын хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсных юм. Баруунтаа дайн хийж үлэмж туршлага хуримтлуулан, дундад азийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулснаар ойрадын хаан Галдан Бошготын нэр Хаант Орос болон Хөх нуур, Төвд, Манж Чин улсад ихэд алдаршиж байсан үе бөгөөд тиймээс Түшээт хан Чахундорж Галдантай хүч тэнцүүргүй тулалдаанд орж, халх ойродод эзлэгдвэл Манжид ашиггүй болох байв. Үүнээс үзэхэд Галдан Бошготыг манжийн Энх Амгалан хаан төв азийн улс төрийн тавцанд дахь өөрийн цор ганц хүчирхэг гол өрсөлдөгчөө гэж эхнээс нь анхааран үзэж байв.
        Галдан бошгот Түшээт хан цэрэглэн өөрийн холбоотон Засагт хан ба түүний дүү Доржжав нарыг байлдан сөнөөснийг сонсоод 1688 оны хавар 2 түмэн цэрэгтэй халхын баруун хязгаараас дайран оржээ. Зүүнгар улсын арми Засагт ханы нутгийг эзлээд, Хангай уулын хойд этгээдээр давшин, баруун гарын Үйзэн Хатанбаатар, Сэцэн ноён, Илдэн тайж, Хөндлөн бошигт нарыг уулгалан олзолж давшин ирсэнд, Түшээт ханы хүү Галдандорж нар мөн нэгэн түмэн цэрэг авч Төмөртэй гэдэг газар Галдангийн цэргийг тосон гурван хоног зууралдан байлдсаны эцэст дийлдэн ухарчээ.
        Энэ үед Данзан-Омбо, Данжила, Дугарравдан нарын захирсан Галдан Бошготын нөгөө цэргийн анги Эрдэнэзууг эзлэн авсан байна. Тэр үед Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуугаас 2 өдрийн тэртээ газар байсан бөгөөд ойрадын цэрэг хийдийг эзэлснийг сонсоод, Түшээт ханы гэргий, хүүхдийг авч, яаран бууруулсан байна. Эцэст нь халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөв. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.
        Эхлээд ойрадын цэрэг хошууран бөөн хүчээрээ цөмрөн орох санаагаар дайран оров. Халх цэрэг эгнээгээ эвдүүлэхгүйг хичээн сөрөг дайралт хийж хатгалдав. Тоос шороо тэнгэрт хадаж, морьд янцгаах чимээ, илд бамбай хавиралдах дуун тоймгүй болж, алагдаж, шархдсан нэгнийхээ араас нь нөхөн орж ирсээр хоёр талын эгнээ эвдрэлгүй, нүүрлэсэн тулалдаан эхлэв. Олгой нуурын хөндийн энэ тулалдааны талбар дээр барагцаалвал хоёр талаас 2 түм нилээн гаруй хүн шууд нүүрлэн тулалдсан байна. Тулалдаан болсон өглөөнөөс үд нилээн хэлбийж ирэхэд хоёр тал цэргээ гэдрэг татан, тулалдаан түр амсхийлээ. Ингээд бие биеэ хэрхэхийг хүлээсэн мэт харж, газрын өндөрлөгийг эзлэх зорилготой хэд хэдэн дайралт харилцан хийгээд зууралдсан тулалдаанд хүргэлгүй шөнө болгож завсарлав. Маргааш өглөө нар битүүнээр хоёр тал жагсан хөдөлж, бие бие рүүгээ довтлон тулааныг үргэлжлүүлэв. Тулалдааны явцад нэг нь нөгөөгийнхөө хүрээг эвдэх гэж янз бүрээр хошууран дайрсан боловч харилцан амжилт олсонгүй. Хүн, малынхаа хүүрэн дээгүүр даван тулалдаж, тоос шороо тэнгэрт хадан, цэргийн бархираа, морины янцгаах чимээ улам их болов.
        Энэ өдөр тулалдаан завсарласангүй, мэс зөрөлдсөөр байгаад оройхон тасарлаа. Гэвч шөнө дундын хирд бороо ширүүл эн орж байх үед Галдангийн цэрэг халхын цэргийн хүрээ рүү гэнэдүүлэн дайрч оржээ. Халх цэргүүд санд мэнд морьдоо барьж унаад эмхэрч чадаагүй байтал нь ойрадын тал ширүүн довтолсон тул халх цэрэг эсрэгцэн тулалдах дэгэндээ дөнгөж ороход халхын Шамба эрх дайчны тэргүүлсэн хошууч анги нэгэнт цохилтонд өртөн, ойрадын цэргийг барин тулалдах хүчээ задлан, олонх нь алагдаж, үлдэгсэд нь амь дүйн зугтаан тулалдааны талбараас зайлав. Халхын цэргийн хүрээ сэтрэн эвдэрч, дэгээ алдсан учир дайсантайгаа нүүрлэн тулалдах арга тасарчээ. Халхын цэргийн нилээд ноёд, даамлууд дийлдэж байгаагаа мэдмэщ харьяат цэргээ хам хум дагуулаад, Шамба эрх дайчны мөрөөр амь зулбан зугтаж эхэлсэн байна. Түшээт хан ч бүслэлтэнд орж яадгаа алдаж эхлэхэд түүний хүү Галдандорж 2 мянгат цэргээр эсрэг дайралт хийн, өөрийн биеэр тулалдааныг удирдан эцгийгээ хаалтнаас гарган авч дөнгөсөн байна.
         Түшээт хан Галдан Бошготын цэрэгг ийнхүү цохиулсны дараа Өндөр гэгээн Занабазарын хойноос зугтан, Манж чин улсын хилд шурган оржээ. Улмаар Манжийн хаанаас хүчин дэмжлэг авч эргэн тэмцэхийг бодсон боловч тэр хүсэл нь биелсэнгүй. Манж нар ийнхүү халхчууд шахагдан орж ирснийг далимдуулан өөрийн захиргаандаа тэднийг нэгмөр оруулахаргасүвэгчлэв. Өндөр гэгээн болон Түшээтхан тэргүүтэй халхчуул аргагүй нөхцөл байдалд манжийн өмне зарим буулт хийж байсан боловч 1688 он хүртэл шууд тэдний хараанд орчихоогүй харьцангуй бие даасан байдалтай байгаад 1688 оны 9-р сард Ар Элстэй гэдэг газар чуулган чуулж, Манжид дагаар орох шийдвэр гаргасан байна. Ийнхүү Галдан Бошготын анхнаас бодож төлөвлөсөн хэрэг буруугаар эргэж, түшиг тулгуураа болгох гэсэн халхууд нь зугтан манжийн харьяанд орж, бас ар хударгаар нь Цэвээнравдан ойрадын хаан ширээг авах оролдлого идэвхгэй хийж, өөрт нь туйлын ашиггүй байдал нүүрлэж эхэлсэн боловч хэзээ ч ялагдаж, дийлэгдэж үзээгүй Бошгот хаан хүчээр бүхнийг шийдвэрлэхээр эрслэн шийдсэн бололтой. Хэрвээ тэр Чингис хаан шиг ялалт болон ялагдлын гашууныг амсаж мэдсэн бол цаашдаа илүү буурьтай бодлого явуулж хөдлөх байсан биз ээ.
     2013-06-27 16:34:18
    Мэдээ оруулсан: undesten

     
  • Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир1

    – Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуусан чинь,
    – Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
    – Одоо яаж байна гэж асуухад,
    – Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуутал,
    – Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
    Чөтгөрөөс салсан нь
    – Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
    – Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
    – Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.
     
  • Хүннүгийн уртын дууны домог

    Зарим хүн ярихдаа: Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн  зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан  2 охин  төрсөн гэдэг … Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй  хэлсэн нь:  “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингэад улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч  тэнгэр авахгүй байсан  тул нь очиж авы гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй.
    Дахин нэг жил өнгрөхөд хөгшин чоно асарын  хажууд ирж ульсаар  сүүлдээ асарын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив.  Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр  энд суулгасан. Гэтэл эдүгэ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун  очтугай гэхэд эгч нь эмээн очсонгүй.  Харин  дүү гарч очж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна.  Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болсон гэдэг.
                              Л. Номинчулуу
     
  • БИДЭНД СЭРГЭН МАНДАХ ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БИЙ

    ХОЁР ДАХЬ НЬ: XX зууны эхэн гэхэд монголчууд бид бууран доройтож, хүч тамираа шавхсан байв. Их гүрнүүдийн шуналт хатгаасаар бусад ахан дүүсээсээ хагацаж, зөвхөн Ар Монголдоо хашигдсан бид хагас сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай, хөдсөн дээлтэй хөл нүцгэн, ташуураас өөр барих зэвсэггүй шахам байлаа. Харь гүрнүүдийн өлсгөлөн ам бидний газар нутаг, тусгаар тогтнол руу маань ангалзан дайрч байсан тэр бэрх хэцүү цаг үед ч бид ташуураа тулан өндийж цус урсгаж, хөлсөө асгаруулан тэмцсээр сэргэн мандаж, орчин үеийн бүрэн эрхт тусгаар улс болж чадсан. Энэ XX зуун бол олон арван жижиг буурай нь бүү хэл томоохон улс гүрнүүдийн хувь заяаг хүртэл тодорхойлон шийдэж байсан, донсолгоо доргион ихтэй зуун байлаа. Тэр гал шуурган дунд бид тэсэн үлдээд зогсоогүй сэргэн хөгжиж чадсан билээ.
    ГУРАВ ДАХЬ НЬ: XXI зууны эхэн үеийн буюу өнөөгийн Монголчууд бидэнд мандан бадрах гурав дахь боломж гарцаагүй бий.
    – Бидэнд асар чадварлаг, авьяаслаг, өндөр IQ-тай, хангалттай төвшний боловсролтой, бичиг үсэгт бүрнээ тайлагдсан, харьцангуй соёлжиж, боловсорсон 3 сая хүн ард байна. Оюуны чадамжаараа Монгол хүн дэлхийн улс үндэстнүүдийн манлайн хэсэгт явдаг билээ.
    – Зөвхөн сүүлийн хэдхэн жилд олимп, дэлхий, тивийн аварга болон бусад олон улсын уралдаан тэмцээнүүдээс медалийн хурыг асгартал буулгадаг болж, сумогийн ертөнцийг үнэмлэхүй хаанчилж, дэлхийн спортын ертөнцийг гайхшруулж, спорт сонирхогчдыг дэлдийлгэж байна. “Энэ Монголчууд хаанаас гэнэтхэн гараад ирэв ээ?” хэмээн гайхаж байна. Яг нь XIII зуунд Европ дахин гайхаж алмайрч байсан лугаа адил. Хүн амтайгаа харьцуулахад манай амжилт бол манлай амжилт юм.
    – Монгол залуус оюуны бяд шавхсан дэлхийн хэмжээний корпорацуудад амжилттай ажиллаж, нээлт бүтээл гаргаж, салбар нэгж удирдаж байна. Монгол залуус Шинжлэх ухааны хамгийн сүүлийн ололт нээлтэд тулгуурласан шинэ техник, технологийг хэнээс ч дутахгүй ахар богино хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж чадаж байна.
    – Монгол хүүхэд залуус оюуны спорт – ой тогтоолтын тэмцээнд ер бусын гайхалтай амжилт үзүүлж, шатар болон бусад оюуны салбарын олимпиадад ч манлайлах болов.
    – Манай дуучид Чайковскийн хөгжмийн их наадам зэрэг дэлхийн хөгжмийн олимпуудаас ямагт гранпритэй ирэх болов. Монгол хүний дуу хоолойг дэлхийн сонгодог урлагийн тайз үгүйлэх болов.
    – Бидэнд асар их, бүр төсөөлшгүй их байгалийн баялаг байна. Зөвхөн нүүрс л гэхэд нийт газар нутгийнхаа 23-хан хувьд хийсэн хайгуулын дүнгээр 30 ширхэг Таван толгойтой тэнцэх хэмжээний буюу 172-175 сая тонн нүүрсний нөөц байна. Өнөөгийн хэрэгцээгээрээ тооцож үзэх аваас дотоодынхоо хэрэгцээг 150 гаруй жил бүрэн хангаж чадах 256 сая гаруй тонн газрын тосны нөөц одоогоор илрээд байна. Цаашид ч илэрнэ. Цаана нь алт, мөнгө, зэс, молибден, фосфорит, хүрэл, төмөр гэх мэтийн асар их баялаг бий.
    – Бидэнд цэвэр экологийн бүтээгдэхүүн өгч байдаг, өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг өвөрмөц онцлогтой нүүдлийн сонгодог мал аж ахуйн бүрэн бүтэн суурь бүхий 50 сая гаруй мал сүрэг маань байна. Зөвхөн малаас гаралтай түүхий эд болох мах, сүү, ноос, ноолуур, хөөвөр, хялгас, зогдор арьс шир, эвэр туруугаа бүрэн хэмжээгээр ашиглаж чадах аваас хэзээ ч дундаршгүй нөхөн сэргээгдэж байдаг эрдэнэсийн уурхай бэлээхэн байна.
    – Бидэнд уул тал, говь хээр, ой тайга, гол ус, нуур цөөрөм цөм хосолсон уудам сайхан, баялаг өгөөмөр эх нутаг минь байна. Есөн эрдэнэ бүрнээ цогцолсон эх орон маань байна.
    – Бидэнд геостратегийн ер бусын боломж байна. Дэлхийн хүчирхэг том хоёр гүрэн бидний хөрш байж, бидэнтэй эн тэнцүү харьцахаас аргагүй нөхцөл байдалд байна.
    – Бидэнд аугаа их өнө эртний бадрангуй түүх, бахархалт уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц гайхалтай их өв соёл байна.
    – Бидний халаа болохоор итгэл мөрөөдөл дүүрэн, эвдэрч цөхрөөгүй шинэ залуу үе орон зайгаа нэхэн хүч түрэн гарч ирж байна.
    – Бидэнд юугаар ч арилжиж сольшгүй, бидний дээдэс үе үеийн эх орончид амь насаараа дархлан баталгаажуулж ирсэн Тусгаар тогтнол маань байна.
    – Хамгийн гол нь бидэнд, Монгол хүн та бидний зүрх сэтгэлд хөгжин мандах эрмэлзэл тэмүүлэл дүүрэн байна.
    Ийнхүү бидэнд дахин, гурав дахиа сэргэн мандах түүхэн их боломж бүрнээ байна. Бидэнд өнөөдөр зөвхөн биднээс л шалтгаалах зүйлс л дутагдаж байна. Тэр бол юуны өмнө ойр зуурын хэсэг бүлэг, намынхаа эрх ашгийг арагш нь тавьж нэгдэж чаддаг ухаанд түшсэн үндэсний эв нэгдэл, сэргэн мандлын үзэл санааны итгэл үнэмшил, үнэнч тууштай хүчирхэг удирдлага, үр бүтээлтэй мятаршгүй хөдөлмөр болно.
    Гагцхүү бид тэрхүү боломж бүхнийг, түүхэн тохиол, оддын цагаа шүүрэн барьж авах түүхэн агшинг л алдаж үл болмой.
     

     
  • Энэхүү түүх нь 1630-1700 оны эхэн үеийн түүх болно.

    Энэ үед халх монгол тэр аяараа Манж чинь улсад дагаар орсон байлаа. Монгол ноёд эд баялагт хөлбөрч эмс охидоор дур зоргоороо наадхаас өөр хийх зүйлгүй боллоо. Эгэл ард биднийг өмгөөлж хамгаалах хүнгүй болсон байв. Үүнээс хойш монгол нутагт шарын шашинг илүү дэлгэрүүлэхийг оролдож эхэллээ.
    Эгэл ардуудыг шарын шашиныг шүтэхийг шаардаж, шүтээгүй нэгнийг харгислан шийтгэдэг боллоо. Манж шоронгын эрүү шийтгэл гэдэг хамгаас харгис хэрцгий ороод гарсан бүх л хүн бүтэн биеэрээ гарах нь ховор. Мөн шарын шашиныг тахиж шүтсэн зарим хүмүүнийг ихээр хөхүүлэн шагнаж
    бурханы зам мөрийг хөөвөөс эгэлгүй амар амгалан элбэг дэлбэг амьдралд очихыг номлож ард иргэдийн оюун бодлыг мунхруулж байв. Эрүүдэн тамлуулж байхаар энэхүү шашиныг нь сүсэглэж буй дүр үзүүлэн амьдаръя хэмээх болцгоов. Мөнх хөх тэнгэртээ боссон олон арван удган зайрангуудыг хүйс тэмтэрч өчиггүй
    хядах нь ихсэх болов. Зохион байгуулалттайгаар олноор нь баривчилж олон түмний нүдэн дээр хомроглон устгаж ч эхлэв. Хар муу зүйлийг дагавал эдгээр хүмүүн шиг мөхөх болно хайр энэрэл гэгээрлийг өгөгч бурхан багшийг шүтвээс сайн сайханыг үзнэ хэмээж байв. Өнө мөнхийн өв соёлийг маань үгүй хийж
    харийн шашинг дарангуйлалын хүчээр хүлээн зөвшөөрүүлж байлаа. Халх монголын гол эрх мэдэлийг Манж ноёд атгаж байсан ба тэдгээрт хавсран хүч өгөгчид нь монгол ноёдууд байлаа. Бөөхөн мөргөлийг шүтдэг эсхүл удган зайран гэдэг үг Манж ноёны чихэнд хүрвэл тэр даруй л үгүй хийдэг байлаа. Эгэл ардын тэрсхэн охидыг Манж шунахай ноёдууд хүчээр булаан авч бузарлаж орхих явдал энгийн зүйл болж гар мухар эцэг эх нь хараад л хоцордог байв. Тухайн үеийн хэдэн улаач үрсүүд
    Түвдэн зайрангийн зөвлөж тогтоосоноор өөрсдийн мөнх тэнгэрийн зан үйлээ нууц шараар халхалсан байв.
    Хаварын адаг сарын адаг ёсөн өдөрийн сүүлийн өдөрийн өмнөх өдөр харуй бүрий болмогч бидэн дундаа хүндлэгдэж явдаг Цөрмийн Шар зайрангийнд улаачид нууцаар цуглалдан хийх тайллага цайллагаа хэлэлцэн суув. Тэгтэл гадаа нохой боргож морьдын хөлийн чимээ сонсогдлоо. Улаачид ч ажигч үгүй суудлаа засцгаагаад энгийн яриа өрнүүлж эхэллээ. Төд удалгүй 3 манж цэрэг орж ирэх нь тэр.
    Нэг нь: – Олоноороо цуглаад юу хэлэлцэж байгаа бил ээ хэмээснээ домботой зэлгээн бор авч залгилав.
    Бор: – Аяга тагш сархад зооглох санаатай л цуглаад л хөөрөлднөм гэхэд
    Нөгөөх цэрэг: – Аанхаа тм бий. Энэ айлын охин бүсгүй хаана байна гэв.
    Шар: – Охиноор минь яахнуу гэхэд
    Нөгөөх цэрэг: – Манай ноёны зарлиг охиныг чинь авчир гэж тушаасан алив түргэн гаргаж өг гэлээ.
    Шар: – Муусайн ноход одоо бүр миний охиныг оролдох нь дутаа юу хэмээгээд өндийтөл буун дуу тас хийх нь тэр. Шар үхэдхийн эсэргээ унахад бүгд ухасхийн
    босох гэтэл өнөөх цэргүүд зоогс хэмээн цахиур буугаан чиглүүллээ. Тэгтэл Шар намайг наад зүйлээрээ үгүй хийж чадна гэж санаа юу хэмээгээд босоод ирэх
    нь тэр. Дээлийх нь энгэр бууны суманд цоорсон ч огтоос цус гоожоогүй байхыг хараад манж цэргүүд сэрд хийн айлаа. Шар 2 хөл дээрээ босон зогсон 2 гараа
    дэлгээд за алив дахиад бууд гээд баргил хоолойгоороо хүд хүд инээж цэргүүдийг янзыг үзлээ. Сандарч айсан цэргүүд ээлжлэн буудлаа. Нийтдээ 8 9 өөд буудсаны дараагаар гэр тэр чигтээ утаа боллоо. Цэргүүдийн сум ч дуусав бололтой буун дуу намжиж утаа ч сарнихад Шар мөнөөх газараа зогссон хэвээрээ байх бөгөөд дээлийх нь энгэр хормой суманд нүхлэгдсэн
    байлаа. Үүнийг харсан манж цэргүүд учиргүй айж балмагдан үртэр түргэн гарч зугтлаа. Эдгээр цэргүүдийг зүгээр явуулваас манж ноёнд хов хүргэж хожим нь дахин ирэх нь мэдээж тул замд нь үгүй хийхээр шийдлээ. Ингээд Түвдэн энэ үйлийг хийх болж чанга дуугаар гэрийн тооны зүг харан чонын дуугаар улин дугарч чигчий хурууны хумсыг сэтэлж аван хар сархаданд хийгээд 5 тай нүлимж цэргүүдийн явсан зүгрүү чулуудаад – За буцах замдаа дайруулах буй гэж хэлээд эргэн орлоо. Тэр шөнөдөө Шарын ганц охиныг хэрхэхийг мөн хойшид яахаа зөвлөлдөн ярилцаж хонов. Үүр цайж Чулуун зайран гэрийн зүг мордох гээд эмээлээ аваад гарах гэтэл
    Түдэв зайран – Гэрийн зүг явхад өнөөх хэдэн бэлтрэг таарах буй цасаар булшилж орхиорой хэмээв.
    Чулуун ч морио эмээлж аваад морьдов. Гэрийн зүг хатируулж явтал замд нь 5 нь чоно мөнөөх 3 манж цэргийг барьж идсэн байхыг харлаа. Чулуун бага зэрэг сэрд хийн айсан аа Түдэвийн хэлсэн үгийг санаад дөхөж очин морьноосоо буув. Тэгтэл өнөөх чононууд сэг зэмнээсээ бага зэрэг хойшлон зогслоо. Чулуун цэргүүдийн хувцасыг авч цасаар булж унаж явсан морьдыг нь хөтөлөөд гэрийн зүг дуу аялан хатируулан одов.
    Хожим нь эдгээр улаачид бүгд манж цэргүүдэд алагдсан болно.