Author: admin_shaman

  • № 29 Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэн нь

    Тогоонтөмөр хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан)шилжин суув.Тэр үеэр улсын жанжин Сюй Да Шэнсид байрлаж байсан юаны цэргийн хүч рүү довтолж тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ. 1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт цохигдон Хархорум руу ухарсан ажээ.Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив.
    Тогоонтөмөр хаан Юань гүрний засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд Монголын хааны орыг Тогоонтөмөр-ийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ.
    Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт цохигдов. Хөхтөмөр жанжин хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.
    Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ.Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин Халачкань зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөөд хоёр тал хоёул хүнд хохирол амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.
    Иймээс тухайн үед Монгол-Хятадын хооронд тогтоосон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр тогтсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Энэхүү харилцаа нь Аюушридара хааныг нас бартал үргэлжилжээ.
    1384 онд Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцааг тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ.
    Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ, 1388 оны хавар шиддвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг зугтжээ.
    Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ.
    Дөчин дөрвөн хоёрын хямрал
    Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд, Ойрадууд хүчижсэн нь
    Чухам энэ үеэс Монголын хаан, Ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан үргэлжилсэн билээ. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо хэрэгжүүлэв.
    Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар болжээ.3 Ойрадын цэрэг цохигдож ухарсан.
    3дай Хуни, Буян, Умард Юаны түүх, Хайлар, 1991, тал 122.
    Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг захирсан. Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэрэмийг 1418 онд залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулж байв.
    Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс “Монгол хаан эхлэн их улсын зан ааль ямар вэ?” хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: “Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс жаргал цэнгэлийг хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн мэргидийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх хүнийг төрд явуулнам… Түүний мэдэл доорх Монгол нь яг буургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт”1 гэж тун онож хэлжээ
    1 Лувсанданзан. Алтан товч УБ., 1990. тал 160.
    Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ
    Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурьдсан байдаг.
    Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, ураг төрлийн харилцааны үндсэн дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлан хэрэгжүүлсэн нь аль зэрэг даацтай байв гэдгийг улиран өнгөрөх хугацаа харуулах байжээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • №30. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн ажиллагаа

    .
    Урианхай монгол аймгуудын ноёдыг цол, зэрэг, бэлэг сэлтээр өөртөө татаж, тэднээр Монголын төрийн бодлогыг эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ.
    Мин улс 1444 онд цэрэг хөдөлгөж Урианхайг байлдан дагуулах гэж оролдсон боловч чадаагүй. Учир нь Урианхай нутгийн ард түмэн Монгол улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урианхайг татахын тул торго дурдан, эд бодис бэлэглэхэд Урианхай нар түүнийг Монголынхоо хаанд өргөдөг байжээ.
    Монгол, Мин улсын харилцааны хурцлал, түүний гэтэлсэн нь
    1449 оны 7 сард Монголын цэрэг дөрвөн замаар Мин улсын хил рүү довтлон оров. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Ляодун руу, баруун гарыг баатуудын чинсан түшмэл Алагийн /Алаг-төмөрийн/ цэрэг Сюаньфу руу, Алчу жанжины цэрэг Шаньси руу тус тус довтолсон ажээ. Эдгээр дөрвөн замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Монголоос нийт хоёр түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг.5
    5 “Мин ши”. Боть 328
    Монгол цэрэг Датунгийн арын олон бэхэлтийг эзлэв. Мин улс дөрвөн их жанжинаар тус бүр түмэн цэрэг захируулан байлдуулсан боловч цөм ялагдаж бараг бүх цэрэг нь алагджээ. 8 сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдан боловч бас цөм ялагдсан.
    Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутааж ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсан хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.
    Монголын цэргийн бусад гурван зам нь бас л амжилттай тулалдаж ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзолж авсан ажээ. Монголын цэрэг дөрвөн замаар довтолж саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь, эзэн хаан Их Цзунг /нэр нь Чжу Цичжэнь/ биеэрээ цэрэг удирдан Монголтой байлдан гавъяа байгуулахыг ятгажээ.
    Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Чавчаал боомтоор 12-нд Сюаньфу хүрчээ. Ин Цзун хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч байлдуулсан боловч цөм Монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ. 8 сарын 31-ний өдөр Ин Цзун хаан их цэргээ авч Түмү /одоогийн Хэбэй мужийн Хуайдай саний баруунтаа байсан/ гэдэг газар ухран иржээ. Тэр Түмү бол Лан /Нань/ шань уулын баруун бэлд байх бөгөөд дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэан нэг бяцхан цайз юм. Чавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө ажээ.
    Хятадын түүхэнд “Түмү бань” /Түмүгийн хувиралт/ гэдэг. Мин улсын цэрэг ийнхүү “Түмүгийн тулалдаан”-д ялагдсан нь юуны урьд Монголтой байлдах эсэх асуудлаар хааны ордон нэгдмэл саналтай байгаагүй. Нөгөө талаар дайсан тулааны туршлагагүй хаан, олон дахин давуу тоотой цэргээр Монголын цэргийг тун амархан цохино гэж гэнэн итгэж, яаруу сандруу дайчлан цуглуулсан, зохих хэмжээний цэргийн сургууль бэлтгэлгүй 50 түмэн цэрэг нь гарамгай жанжин Эсэнгийн удирдсан монгол цэргийн дайралтыг тогтоож чадахгүй, түүний байлдах арга ухааныг мэдэхгүй, айж балмагдан, зэвсгээ хаяж амиа аврахыг бодож самуурсан ажээ.1 Бас Мин улсын цэрэг өөргийнхөө нутагт байлдсан атлаа хоол хүнсний хангалттай бэлтгэлгүй, тулалдах газраа ч зөв сонгож аваагүй гэх зэрэг олон шалтгаанаар ялагджээ.
    Монголын цэргийн бэлтгэл, сургуулилт Мин улсынхаас илүү, хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй морин цэрэг байсан. 1 Хэрээд Л.Жамсран. Эсэн тайш хаан. УБ. 2000. Тал 74
    Монголын цэргийн гол хүчний хоёр замын цэргийг тухайн үеийн нэрт жанжин Эсэн тайш, Алагтөмөр түшмэл нараар удирдуулсан цэргийн шилдэг дарга нар чадамгай зохион байгуулж, хоёр жигүүрийн цэргийг Тайсун хаан, Алаг чинсэн жанжин нар удирдан зохион байгуулж, Мин улсын цэргийг зүүн баруун талаас нь гол хүчтэйгээ хамсаж тулалдсан нь гол фронт дээр шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн Монголын цэргийн байлдах чадвар, Эсэн нарын дайтах арга тактикийн түвшин өндөр байсны гэрч мөн.
    Эсэн Мин улсын хааныг олзолсондоо ихэд баяртай байсан боловч их нууцалж байлаа. Монголын цэрэг нутагтаа буцсаны дараа Ин Цзунг олзолсныг эхэд нь бахархаж мэдэгдсэн Юншээбүгийн бөх Сорсунг цаазаар авч олонд жигшил болгож байсан нь3 Эсэн цэрэг дайны нууцыг хичнээн чанд хадгалдаг байсны нэг жишээ мөн. 3 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.1961.тал 173
    Мингийн төр яаралтай онцгой арга хэмжээнүүд авч нийслэлийн есөн хаалгыг бат хамгаалуулан Ляодун, Сюаньфу зэрэг газраас 50 түм гаруй цэрэг дайчлан авчирч нийслэлээ хамгаалахад туслуулав. Олон замын цэргийг Ши Хэн гэдэг бүгдийг захирагч дарга удирдав.
    Мин улс Ин Цзун хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдээд Эсэн тайш ихэд уурлаж “нохой хүртэл эзнээ таньдаг. Эдүгээ бие биеэр хааныг чинь хүргэж хотын дэргэд ирсэн байхад тооч аваачих хүнгүй нь үнэхээр харамсалтай”3 гээд Ин Цзуны хөлөглөсөн морин тэргийг умар зүг эгүүлэн буцахдаа замд тохиолдох хот сууринг уулгалан үлэмжхэн эд хогшил, морь мал олзолж, цэргийнхээ нэг хэсгийг Сюаньфу, Датунгийн гадна суулгасан ажээ.
    3 Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. I боть. Улаанхад. Тал 448

  • МБНЭ –ийн Дээд цэцийн хуралдайн Тавдугаар хуралдаан


    4. Шонхор шувууг худалдаалахыг эсэргүүцэх тухай
    5. Монгол Бөө гэдэг ном гаргах тухай.
    6. Удган зайрангуудаа алдаршуулах өдөр зохион байгуулах тухай. 
    9. Хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай
    10. МБНЭ –ийн вэб сайт хийх тухай 
    11. Хятадын Ордос дахь Чингис хааны онгон руу аялах тухай 
    12. Санхүүжилтын тухай. 
    13. Бага хуралдайн бэлтгэл хангах тухай.
    14. Аймгуудад ажиллах тухай 
    15. Гадаадын жуулчинтай харилцах асуудлын тухай.
    16. Монгол үндэсний бахаралын өдөр бий болгох тухай

  • БИД ХУРТЕМХАНААС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХТЭЙ, ТЭР МӨНХ ТЭНГЭРИЙН ӨМНӨ ӨРТЭЙ ҮЛДСЭН.

    Олон зуун жилийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд одоо тэд тэрбумтан болсон байна. Тэгээд тэр өөрсдийн биеэр урсдаг монгол цусны эх нутаг монголыг зорьж иржээ. Ирэхдээ зүгээр ирсэнгүй, амьдралын явцад хуримтлуулсан ариун цагаан хөдөлмөрийн хуримтлалаас нэг тэрбум төгрөгийг монголдоо хандивлахыг хүссэн байна. Тэд нарийн судалжээ. Тэгээд монголын соёлын үнэт өв болсон, мөнх тэнгэрийн сургааль, бөө мөргөлийн ордон байгуулахад тэрхүү хандиваа өргөхийг хүссэн юм.
    Бид нэг нэгнийгээ олох хүртэлээ, нэг нэгнийгээ таних гэж багагүй хугацааг өнгөрүүлсэн. Тийм ч амар биш зам туулсан. Тэр болгон хүнд олдоод байдаг хувь тавилан байдаг. Хятадын Сиан хотод болсон дэлхийн тэрбумтан нарын уулзалтанд анх танилцсан юм. Монголд авчрах хүртэл олон удаагийн ирж, очих нислэг, уулзалт, ярилцлага гээд яривал их зүйл бий. Түүнийг мартая.
    Тэр хашир хандаж, хувь хүнд бус Монголын бөө мөргөлийн албан ёсны шашины төв байгууллага гэсэн бүртгэлтэй, МБНЭ-д хандсан. Нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудал бол бага зүйл биш. Түүнийг хүссэн хүн болгон олоод байдаггүй. Харагдаад өнгөрдөг харвасан од адил зүйл. Тааралдвал алдаж болохгүй атгаад байх зүйл. Монголд бол ийм хөрөнгө цуглуулах гэвэл зарим нэгэнд насаараа хөдөлмөрлөөд босгож чадахгүй зүйл.

    Тэр нэгэн өдөр тэр эрхэм МБНЭ-д зочлон надтай уулзаж, зорилго, чиглэлээ ярилцсан юм. Бидний хийлгэсэн барилгын зургийг үзээд ихэд таалагдаж, надад хоёр санал тавьсан юм. Эхлээд монгол бөөд очиж бөөлүүлж, монгол ээжийнхээ тухай асууж сонирхох, дараа нь монголчуудаар өөрийн хандивыг хэрхэн хүлээж авах тухай хэлэлцүүлэг өрнүүлэх санал байв. Бид хүслийг нь биелүүлэв.
    Монгол бөө бөөлж, олон зуун жилийн өмнө монгол нутгаас харь орныг зорьсон монгол бүсгүйг дурьдсан юм. Бөөлүүлсэний дараа тэрээр ихэд сэргэж, баярлаж, хөөрч баясаж байлаа. Тэр өдрүүдэд тэр аз жаргалаар дүүрэн байж, хоёр дахь алхамаа эхэлсэн билээ.
    Энэ алхам нь түүнд жинхэнэ “монголчуудын тамын тогооны үлгэр”-ийг амтлуулж, гайхшралыг төрүүлсэн юм. Бид хандивлагчийн хүсэлтийн дагуу монголын улаач нарын дунд түүний Монгол бөөд хандивлах нэг тэрбум төгрөгний хэлэлцүүлгийг тавьсан юм.

    Монголд үндэсний хөрөнгөтнүүд үүсээд 20 гаруй жил болж байна. Тэдний дотроос монгол бөөд нэг тэрбум төгрөг хандивлах хүн гараагүй байна. Монгол төрөөс төрсөн тэрбутман олон арваар байна. Тэд “хулгайлж” олсон хөрөнгөнөөс монгол бөөд хандив өргөж чадах уу, Төрөөс төрсөн тэрбумтан нараа тэнгэрт бөө нар мэдүүлж байгаа одоо цагт онгод энэ саналыг хүлээж авах уу гээд олон асуудал бий.
    Хөдөлмөр зүтгэлээрээ яваа мөнх тэнгэрээ шүтдэг бид мэтийн хүмүүс нэг тэрбум төгрөг хуримтлуулна гэдэг энэ насанд дийлшүй тоо билээ.
    “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” хэмээн ерөөдөг монголчууд харин Хурметханы удирдлага дор түүний грүппийнхэн хүнийг доромжлох, басамжлах, байж боломгүй үгээр сайхан сэтгэлийн өөдөөс “угаадас” цацсан юм. Тэр үед Хурметханы удирдлага дор грүппийнхэний бичсэн 13 гаруй мянган хараал, зэтгэр, доромжлолын “үер”-ийн үгийг хүмүүс мартаагүй байгаа. Тэд “юу хийчихвээ гэдэг” шиг, бичиж байгаа зүйлээ сэтгэлийн хөөрлөөр биш, ухаанаараа тунгаан бичих байсан болов уу.
    Өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хуримтлуулсан хөрөнгөнөөс сэтгэл гарган өгсөн хандивыг хүлээж авах нандин сэтгэл дутав. Монголчууд бид хүний сайхан сэтгэл, хөдөлмөрийн үнэ, цэнийг ойлгодогүй, ажиллаж, тэмцэж сураагүй л байна.

    Тэр хэдэн өдөр миний зүрх ч эдгээр үгийг даахад хэцүү байсан. Эцсийн дүндээ Жаргалсайхан гэдэг хүн хохирохгүй, монгол бөө хохирно. Өөрийн байртай болсон бол тэнгэрийн улаач нарт хэрэгтэй байлаа. 90-ээд оноос амьдралын гараагаа эхэлсэн бидний үеийнхэн “ганзагын наймаагаар” гараагаа эхэлж мөнгө хуримтлуулахын зах, цухыг амталсан билээ. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд хэдэн төгрөгний хуримтлалтай болж, байр худалдан авч, хүүхдүүдээ их дээд сургууль төгсөхөөс илүү гарч чадсангүй. Миний хувьд хүүхэддээ авч өгсөн байраа МБНЭ-ийн төв байр болгож, одоо хүүхэдтэйгээ цуг хамт амьдарч байна.

    Энэ үед шашины тухай шинэ хуулийн төсөл хэлэлцэх болов. “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль”-ийн төсөл гарч ирэв. Тэрхүү хуулинд цаашид баримтлах хуулийн хэд хэдэн ишлэл, заалт бий. Шашины байгууллага бүхэн өөрийн байртай байна гэдгийг заасан байгаа. Энэ нь журмаар зохицуулагдах байрны стандарт хэмжээ гэж бий. Будда, Христийн 1300 гаруй хийд, сүм энэ шаардлагыг хангана. Тэд аль хэдийн хамгийн сайхан байршилд ажиллах байраа бэлэн болгожээ.

    Монгол бөөд ийм байр, сав бий бил үү. Монгол бөөд өөрийн гэсэн сүм, хийдийн шаардлага байхгүй гэлээ ч төвлөрсөн төв байгууллага байрлах байр хэрэгтэй болно. Тэнд монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн үнэт өв төвлөрөн хадгалагдана. Түүндээ үндэслэж бөө мөргөлөө хамгаалах ажил хийгдэнэ. Соёлын үнэт өвөө судлах Эрдэм шинжилгээний төв байрлана. Өнөөдөр олон үйлчлүүлэгч эндээс өөрийн хүсэж байгаа “жинхэнэ” улаач нарыг сонгон авч үйлчлүүлнэ. Тэнгэрийн үйл эрхэлдэг улаач нарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг эрхэлдэг, тэдний төлөө үйлчилдэг, эрх зүйн хамгаалалт үзүүлдэг байх хэрэгтэй болно. Гадаад болон дотоодод бодлого боловсруулж, хэрэгжүүлж, төртэй харьцдаг хүчтэй төвлөрсөн байгууллага ажиллана. Тийм байгууллага байж, өөрийн байртай байхгүй бол ажиллах зөвшөөрөл олдохгүй, тийм цаг үе ирж байна.
    Үүнийг заавал бөө хүн удирдаж хийнэ гэдэг үзэл хол явахгүй. Өнөөгийнх шиг хаяахан цугларч хурал хийдэг, багшаа тойроод хамтарч тахилга хийдэг, хүмүүсийн дотор фейс ашиглаад өөрийгөө дөвийлгөсөн хэдэн хүнээр бөөг төсөөлж болохгүй.

    Шинэ хуулинд “ Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна” гэж заасан байна. Энэ нь өнөөдрийн хувьд надаас эхлээд байгууллагаа амьдруулахын тул өөрийн хувийн хөрөнгөө байгуулагын төлөө зарцуулж байгаа олон шүтлэгтэн нарт цохилт болсон хууль юм. Амьдралыг явцад цуглуулсан хөрөнгөөр босгосон 2 давхар байрандаа бөөгийн байгууллага байрлуулж байгаа нэгэн бий. Жишээлэхэд тэр хүн шашины байгууллагыг үүсгэн байгуулсны төлөө өмчлөлөөсөө татгалзан байраа бөөд өгөх шаардлага гарч байна. Ийм хөрөнгийн чадвартай хүн монголоос одоо олдох уу. Хэцүү л асуудал.
    Хурметхан монгол бөөгийн төлөө ажиллаж байгаад баярлаж байна. Энд, тэнд албан тушаалтнуудтай уулзлаа гэдгийг сонсож байна. Би түүнийг бөөгийн байгууллага байгуулаасай гэж хүсдэг юм. Боловсрол нимгэн, төрийн болон амьдралын туршлага багатай, улс төрийн тогоонд хутгалдаж үзээгүй, “хөөсөрч явах” үедээ улс төрчид, мөнгөний занганд орчих вий, болгоомжлох хэрэгтэй.

    Бид Хуртемханаас хариуцлага нэхэх эрхтэй, тэр мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн хүн. Хуулинд заасан бөөгийн ордонтой болох асуудлыг тасалдуулсан түүнд мөнх тэнгэр өөрийн биеэр өөрийн гэсэн байртай, бөөгийн байгууллага байгуулах үүргийг ногдуулах биз ээ. Өөрийн нуруун дээр хариуцлага ногдох хэмжээгээр бөө нартай хамтарч ажиллахын хүнд хэцүүг мэдрэх болно. Би-ээр өвчилсэн, цээжээ дэлдсэн, ёс зүйгээ мөрддөггүй, ярихаас хэтэрдэггүй, ам ажлын зөрөө ихтэй, боловсролдоо анхаардаггүй, хоосон баярхаж, цэцэрхэдэг, “хий үзэгдэл” шиг нөхдүүд эргэн тойрон эргэлдэнэ. Тийм хүмүүс хань болохгүй. Түмэн олон дундаас жинхэн монгол бөөгийн төлөө цохилох зүрхтэнг олж, хамтран зүтгэнэ гэдэг “их хувь заяа” юм. Миний ачаа хөнгөрч, хүрэл зүрхтэний ачаа нэмэгдэх цаг ирлээ. Монгол бөөгийн анхны байгууллагыг санаачилсан Ш.Сүхбат, Монголын бөөгийн төвлөрсөн анхны байгууллага байгуулсан Д.Жаргалсайхан нар түүх болон үлдэж, Өсөхбаяр, Хүрэлбаатар нар байгууллага байгуулан ажиллах цаг иржээ. Дахин хэлье, Бид хариуцлага нэхэх эрхтэй, тэд мөнх тэнгэрийн өмнө өртэй үлдсэн, харин өрөө юугаараа төлнө тэдний асуудал болж байна.

    Д.Жаргалсайхан

  • ХАТАН ЭЖИЙ ЦОЛООР ӨРГӨМЖЛӨВ

    Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргал гахай жилийн босгон дээр Нутгийн төр захиргааны байгууллагаас “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнасан байна.
    Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг анхлан зохион байгуулагчдын нэг нутгийнханы нэрлэдэгээр Сонио удган зон олноос “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнагдсанд МБНЭ-ийн хамт олон баярлан талархаж байна.
    Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд

  • Монголоос хүний гавлын 35 мянган жилийн настай яс оллоо

    Их сургуулийн албан ёсны сайтад мэдээлснээс үзэхэд ясанд хийсэн ДНК-ийн шинжилгээгээр Монголын Салхитын хөндийгөөс олсон энэ олдвор нь судалгааны хамгийн нууцлаг үлдэгдэл болно гэж үзжээ.

    Энэ бол өнөө болтол олдсон плейстоцены гоминидын цорын ганц олдвор юм байна. Үүнд судлаачид Mongolanthropus гэсэн нэр өгчээ. 
    Оксфордын эрдэмтэд гавлын ясны насыг 33900-34950 жил гэж тогтоосон нь өмнө нь олдож байсан олворуудаас хамгийн багаар бодоход найман мянган жилийн өмнөх болж байна гэжээ.
    Х.Өлзийбаяр

  • “ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ

    тэтгэврийн хүмүүс, ганц бие эмэгтэйчүүдийн хувь тавиланг тээрэмдэж, хүний зовлон зүдгүүрээр тэжээгддэг мангасын ажил гагцхүү телевизийн эфирийн тусламжтайгаар л эхэлдэг байжээ. Борис Соболев (дуулиан тарьсан олон баримтат киноны зохиогч, түүний дотор 2013 онд Юрий Жирковын эхнэртэй сүсэг бишрэлийн тухай ярилцсан) яг үүнийг л нотлохоор шулуудсан ажээ. Сэтгүүлч зөн билигтнүүд болон бусад ид шидтэнүүдийн номлол айлтгалаар гурван анги “Чөтгөр лүү одогсод” хэмээх нэртэй кино зураг авчээ. Киноны нэгдүгээр ангийг 2017 онд телевизийн “Россия-1” сувгаар үзүүлсэн бол хоёр, гуравдугаар ангийг 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гаргажээ.
    Баримтат киноч Борис Соболев үзмэрч, төлөгчдийг олон зуун удаа шалгаж сорьжээ. Үнэхээр ТЭД байдаггүй гэж үү гэдгийг ухаарч ойлгохын тулд “КП” (“Комсомольская правда”) киноны зохиогчтой ярилцсан байна.
    -Борис, кино гарсны дараа та өөрөөс чинь өшөө авч байгаа хар хүчний үйлдлийг биеэрээ мэдэрч байна уу?
    -Одоохондоо үгүй. Ид шидийн дарамт шахалтыг ч мэдрээгүй л байна. Оршуулгын газарт миний гэрэл зургийг аваачиж булна гэх мэтээр айлган сүрдүүлэгч сүсэгтнүүд заримдаа бичдэг л юм, гэхдээ би тэднийг өрөвдөж ханддаг.
    -Сайн байна. За тэгвэл эхнээс нь дэс дараатай ярья. Та “сэхээн амьдруулагч” Грабовой, архины мафи, хууль бусаар ой мод огтлогчид, хулгайн анчид зэргийн тухай кино зураг аль хэдийнэ авчихсан, энэ удаа харин яагаад зөн билигтнүүдийг сонгох болов?
    -Би телевизийн ямар нэг тодорхой ид шидтэй шоуны эсрэг кино хийгээгүй, тэд бүгдээрээ луйварчид гэдгийг онцолж тэмдэглэх нь чухал. “Зөн билгийн тулаан” бол зүгээр л иймэрхүү луйврын харьцангуй том жишээ. Өөрийгөө ид шидийн гээд нэрлэчихсэн бүхэл бүтэн сувгууд бий болсон гээд бод доо. Яаж энэ бүхнийг хийж байна гэдэг технологи нь миний сонирхлыг татсан юм. Редакцитайгаа хамт хоёр жил зарцуулж байж бид энэ бүгдийн механизмын учрыг олсон. Энэ бол жинхэнэ мэргэжлээсээ урвасан, ёс суртахуунгүй аргаар мөнгө олох увайгүй ажил гэдгийг одоо харин хэлж болно
    -Яагаад?Энэ бол шоу. Зугаа цэнгэлийн зориулалтаар л авсан кино зураг шүү дээ.
    -Ямар машинд хүн байгааг, ямар зурганд амьд, ямарт нь нас барсан хүн байгааг хаалт, халхавчны цаана зааж, хэлж өгөх зэрэг өчүүхэн заль мэхийг тоглоомын болзол гэж нэрлэж болох юм л даа. Үзэгч харин юу болох бол гэж тэсч ядан хүлээгээд л, тэр нь эфирт гараад л, тоглож байна гэж үзэж болох юм. Гэтэл энэ шоуны жинхэнэ гол заль мэх нь хүн эмгэнэлтэйгээр нас барсан, сураггүй алга болсон, гай зовлон тохиолдсон орон гэрт нь очиж байгаа явдал юм. Энэ бүхэн дээр жүжгийн бүх үйл явдал өрнөдөг.
    -Гэхдээ зөн билигтнүүд үнэн мөний учрыг олоход тусалдаг байх?
    -Энэ бүхэн ингэж явагддаг. Гэнэн хүмүүс тусламж хүссэн захидлаар сүсэг бишрэлийн шоуны редакцийг дүүргэдэг. Дараа нь хэрэг болсон газар руу редакцийн баг явж, хөршүүд, багын найзууд, төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцан, эмнэлгийн (эрүүл мэндийн) картыг нь (хүүхдийнхийг хүртэл!) худалдаж авч, хэсгийн төлөөлөгч нарт хандаж эрүүгийн хавтаст хэргийн материалыг үзүүлж харуулахыг гуйж, олон нийтийн сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийх зэргээр “тандалт” явуулна. Дараа нь бүртгэл жагсаалт үйлдэнэ, түүнийгээ “зөн билигтэн” болж тоглох жүжигчинд өгч цээжлүүлнэ. Үнэндээ бол зөн билигтнүүд байхгүй! Энэ бол баг өмссөн, амжилт ололгүй “шатсан” театрын жүжигчид. Дараа нь өнөөх “зөн билигтэн” зовлонд нэрвэгдсэн айлд хүрэлцэн ирж, болсон явдлыг дэлгэж гарна. “Таны хүүг замын хажуугаар чирсэнийг харлаа…”. Ээж нь зүрхээ дарж, аавынх нь даралт ихсэнэ. “Ингэхэд!” гээд “зөн билигтэн” цааш үргэлжлүүлнэ. “Хүү чинь хоёр настайдаа салхин цэцгээр өвдөж байсан юм байна (эмнэлгийн картнаас авсан мэдээлэл)”. Эцэг эх хоёул бараг ухаан алдах шахна. “Зөвхөн бид хоёр л мэддэг юмсан”. Ингэж далдыг үзэж хардаг авьяас чадвар бодитой байдаг тухай бүрэн дүүрэн хий хоосон зүйлийг эфирт бүтээнэ. Энэ бол тамын овоохой. Татарстаны ардын жүжигчин Марат Башаров зураг авалтын үеэр.
    -Хүмүүс үнэхээр тийм гэнэн гэж үү?
    -Хүмүүсийн сэтгэл дотрыг балартуулсан харанхуй манан арилмагц тэдний сэтгэл рүү хоёронтоо нулимахтай адил болж байгаа хэрэг. Хэрхэн залилж мэхэлснийг тэд ойлгоно. Энэ бүхэн зориуд найруулж тавьсан үйлдэл гэдгийг ч ухаарна. Гэр оронд нь гай зовлон тохиолдсон дээр нь бүр нэрмээд хамаг байдгийг нь хэлүүлээд камерт бичээд ил болгочихсон. Дараа нь бид тэр айлуудад очиж байсан л даа, одоо тэд бүх сэтгүүлчийг дайснаа гэж үзэж хардаг болсон.
    -“Зөн билгийнхний тулаан” шоуны шигшээ өрсөлдөөнд шалгарагсад, ялагчид гээд маш нэр цуутай ид шидтэнгүүдийг (Зиррадин Рзаев, Мехди Эбрагим Вафа) та барьж авч төсөлд байгайтай адил даалгавраар тэднийг сорьж туршсан. Тэдгээр сорилыг ядахдаа нэг нь ч давж гараагүй гэж үү дээ?
    -Тийм ээ, тэдний хэн нь ч юу ч хийж чадаагүй. Нэгмөсөн таг зогссон! Кино хийх хоёр жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг бид хэдэн зуун удаа шалгаж сорьсон. Тэдэнд тийм онцгой чадвар огт байхгүй.
    Хэргийн учир өөр зүйлд байгаа юм. Тодорхой нэг даалгавар биелүүлэхэд хэргийн учир байгаа юм биш, ойлгож байна уу. Харин ийм нэвтрүүлэг хийхийн тулд чансаа өсгөдөг аргад нь хамаг учир оршдог юм. Телевиз үзэгч үй олон хүнийг олон жилийн турш системтэйгээр хуурч мэхэлсэн нь харсаар байтал ил болсон. Энэ бол ёс суртахууны гэмт хэрэг, оролцогчдыг санаатай, гэмт хэргийн замаар сонгосон юм. Мэргэжлийн тролль, жүжигчин Сергей Пахомов хүртэл “Зөн билгийн тулаан” – ыг цирк болгож хувирах гээд чадаагүй.
    -Шоу дууссаны дараа тэгээд яг юу болж байна?
    -Албаны үгээр үүнийг “Бүтээсэн ид шидийн дүрүүдийг эфирийн дараа ашиглах” гэж нэрлэж байна. Гоё байгаа биз, тийм үү? Яг үнэндээ мөнгө олох ажил явагдаж байна гэсэн үг. Дэндүү зарчимгүйгээр мөнгө үржүүлж байгаа хэрэг.
    Эхний арга зам. Эфирт гарч эрч хүч нь суларсан үл бүтэх этгээдүүд астралд (сүнслэг ертөнц) хийх нислэг, гурав дахь мэлмий нээх, бие организмын нөөц хүчийг уудалж илрүүлэх гэх мэт сэдвээр “лекц” уншихаар Орос орон даяар аялацгаана. Нүүр царайг нь телевизээр хальт харсан болохоор ийм арга хэмжээнд оролцохыг хүн бүр хүснэ, тасалбарын үнэ 20 мянган рублиэс эхэлнэ. Оросын бөглүү хязгаар нутагт үүнийг хүмүүс маш их сонирхдог. 12 мянган рублийн цалинтай хүмүүс ид шидтэнийг үзэж, сонсохын тулд бусдаас мөнгө зээлнэ.
    Хоёр дахь арга зам “ид шидийн салон”. Ганцаараа, эсвэл баг бүрдүүлсэн “мэргэжилтнүүд” хүмүүсийг оффист хүлээж авна. Зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетээр идэвхтэй нийтэлнэ. “Зөн билгийн тулаан”-д шигшээд шалгарагч, эсвэл ялагчтай уулзахад төлбөр нь 30-150 мянган рубль. Эхний нэг удаагийн уулзалт. Энэ бол зөвхөн танилцах уулзалт. Тохиолдол маш төвөгтэй, хэцүү гэдгийг үйлчлүүлэгчид шууд мэдэгдэнэ. Удам дамнуулсан хараал жатгыг арилгах, хань ижил тогтдоггүйн учир шалтгааныг засах зэрэгт гэрийнхнээ дагуулж ирэх нь илүү сайн. За тэгээд 10-аас доошгүй удаа уулзах хэрэг гарна.
    -Грабовой, Чумак, Кашпировский, Тони Роббинс нарыг үзэж хаширсан мөртлөө ард олон тэгээд цуварсаар л байх уу?
    -Өөртөө байгаа сүүлчийн гэснээ өгч байгаа хүмүүсийг бид харуулсан. Айж балмагдаж, аргаа барсан хүмүүс олон саяын зээл авч, орон байраа зарж, энэ бүхэн тогтолцооны асуудал болж хувирдаг. Мөнгө олох өөр нэг аймшигтай арга бас бий. Колл-центрүүд. Энэ бол зүгээр л зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Хямрал ихтэй бүс нутгууд руу зорилго чиглэлтэйгээр нэвтрүүлэг бэлтгэж явуулдаг кабелийн телевизүүд Орост нэлээн бий.
    “Ид шидтэнгүүд” тэнд эфирт өдөржин шөнөжин сууж, нүдээ бүлтийлгэж, гараараа дохиж зангаад л, “утсаар тусламж хүссэн” захиалга хүлээж авна. Нөхөр нь архидан согтуурч, эсвэл охин нь хань ижлээсээ салж байгаа нь эрчим хүчний бөөгнөрөл, хараалаас болсон байна хэмээн айлдаж, зөвлөгөө өгөх төв рүү утсаар холбогдвол гарцаагүй тусламж авч чадна хэмээн зөвлөж тайлбарлана. Нөгөө хүн утасдана, холбоо тогтоно. Ид шидийн үйлчилгээгээ тулгаж, идэвхтэй борлуулалт эхэлнэ. Маш хэрцгий.
    Шоуны гуравдахь улирлын ялагч Мехди “Чөтгөр лүү одогсод” хэмээх кинонд туршилтыг давж чадалгүй, телевизийн төсөлд ялсан өртгийн тоо хэмжээг нэрлэж хэлсэн аж.
    -Энэ чинь юу гэсэн үг вэ?
    -Нэг эмэгтэй утсаар холбогдлоо, хариуд нь “Таны нөхөрт хоёр долоо хоногийн л нас байна.” Эсвэл “Таны охинд нүдний хор орсон байна. Хүүхэд төрүүлж чадахгүй болжээ. Түүнээс гадна зүүн хөх нь хавдартай болсон байна” гэнэ. Үүнийг тоохгүй утсаа хаях хүн тийм ч олон биш. Айлгаж чадсан бол нөгөө хүн мөнгөө төлж эхэлнэ.
    -Яах гэж? Молиго гэдгийг сонсоо байлгүй дээ.
    -Зохиомол аюулыг гэр бүлээсээ зайлуулахын тулд. Гол төлөв эмэгтэйчүүд утасддаг. Эдгээр ид шидийн салоноор бид цагдаагийн онцгой бүлгийнхэнтэй хамт орох үеэр хамгаас нууц ариун нандин шүтээн болох утасны дуудлага хүлээж авсан журналыг үзэж харах боломж олдсон юм. Овог нэр, мөнгөний тоо хэмжээ, утасны дугаар. 10 хуудас эргүүлэхэд ганцхан эрэгтэй хүний нэр таарсан. Дандаа эмэгтэйчүүд, ихэвчлэн дөчөөс дээш насныхан. Ганц бие, эд хөрөнгө гэх юмгүй, эрүүл мэндээр тааруухан, гол төлөв хөдөөний гэх зэрэг тайлбар хийнэ. Ер нь үндсэндээ эмэгтэйчүүд. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, итгэмтгий, ятгалганд амархан автана. “Мөнгө байхгүй гэж үү? Оройтоогүй дээр нь зээл ав, хүнээс зээл. Эс тэгвэл ойр дотны чинь хүн өөд болно”. Иймэрхүү л томьёолол хийнэ. Маш олон хүнд нөлөөлдөг нь надад үнэхээр гайхмаар санагдсан. Энэ бүхэн тэгээд телевизтэй холбоотой нь бүр дэндүү харамсмаар. Дураараа дургих боломжийг эдгээр ид шидтэнүүдэд телевизийн шоу л олгосон хэрэг шүү дээ. “Зөн билгийн тулаан”-аас гадна “Зөн билигтнүүд мөрдлөг явуулж байна” хэмээх нэвтрүүлэг бий. Дараа нь “Зөн билигтний сургууль” шинээр нээсэн. Энэ мэтчилэн бага багаар хүрээгээ тэлсээр байгаа юм.
    -Хууль сахиулах байгууллагад яагаад хэн ч ханддаггүй юм бол?
    -Энэ бол сэтгэцийн онцгой хэв маягтай хүмүүс. Айж цочирдсоноосоо болоод сэтгэл зүй нь гэмтсэн хүмүүс. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд зөн билигтнүүдийн хосгүй ид шидийн чадварт итгэсээр байгаа. “Жинхэнэ ид шидтэнгүүд сүнсээрээ дамжуулаад намайг гэсгээх байх” гэж айсандаа маш олон хүн бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Энэ бол луйварчид сэтгэл санааны хүнд хэцүү үеийг нь далимдуулсан хүмүүс. Жишээлбэл, ээжийгээ оршуулж байгаа өдөр. Ганцхан өдрийн дотор хүн орон байраа зарахаас аргагүй өр зээлэнд орсон байдаг. Колл төвийн оператор нэг бүрт “мегаговорилка”, өөрөөр хэлбэл ярилцах төлөвлөгөө, хүмүүсийг хэрхэн хуурч мэхлэх тухай зүйл тус бүрээр бэлтгэсэн скрипт буюу программ байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчид өөрийнх нь ярьсныг өөрт нь эргүүлээд арай өөрөөр ярина гэсэн үг. Шалгарсан хуучин арга л даа. Үүнийг өмнө нь цыган үржүүлэг хэмээн нэрлэдэг байсан. Одоо харин ТВ-ийн цувралд хэрэглэдэг болжээ.
    Шоу заримдаа илэрхий сюрреалист шинжтэй болдог ч үзэгч сувгаа сольдоггүй
    -“Зөн билгийн тулаан” шоунд оролцох үнэлгээг таны кинонд нэрлэж хэлсний дараа зөн билигтнүүдэд хэр зэрэг итгэж болох вэ. Төслийн хөтлөгч Марат Башаров үнэнийг зааж өгсний төлөө нэг сая гэж шулуухан хэлсэн.
    -Ярилцаж байх үед Башаров шартсан байдалтай байсан. Тийм болохоор үнэнийг хэлж өгсний төлөө нэг сая доллар гэж хэлсэнд нь хэр зэрэг итгэх учиртайг хэлж мэдэхгүй байна. Харин “өөрт нь итгэж байгаа хүмүүс бол тэнэгүүд” гэж итгэмтгий үзэгчдийн талаар хэлсэн үг түүний сэтгэл зүрхний үнэн үг байсан гэж бодож байна. Ичгүүр сонжуургүй гэхэд ч багадна. Гэхдээ миний кино гарсны дараа ч хүмүүс телевизээр гарч байгаа ид шидийн шоу бол жинхэнэ үнэн гэдгийг ид шидийн янз бүрийн форум дээр бие биедээ нотолсоор л байгаа билээ. Юу ч гэх вэ дээ?
    -Таны кинонд “Зөн билгийн тулаан”-ы хуучин улирлын ялагчид орсны учир юу юм бол?
    -“Шинэ” улирлын ялагч нар анхны уулзалтын үнийг өсгөсөн, манай киноны төсөв хүрэлцэхгүй байсан. 70-100 мянган рубль. Нууц камераар авахад өртөг өндөр. Бидэнтэй ажиллахаас бүгд шууд татгалзсан. Энэ нь нэгдүгээрт, гурваас таван жилийн дотор хэнд ч юу ч ярихгүй байхаар телевизийн сувагтай гэрээ байгуулчихсан, хоёрдугаарт, хамаг паянг нь дэлгэчих вий гэхээс айцгаасантай холбоотой. Аливаа хөндлөнгийн хяналт шалгалт тэдний нэр алдрыг төгсгөл болгож мэднэ.
    -Таны кинонд Вангагийн гавьяа зүтгэлийн талаар юу ч үгүй байхад Ромын Папын Жунад өгсөн бэлэг (Иисус Христийн гэрэл цацарсан яс) орсон нь сонирхол татаж байна?
    Би шалгаж болох боломжтой хүмүүсийн тухай л кино хийсэн. Жунатай би энх тунх байхад нь уулзаж амжсан юм. Илэн далангүй ярилцаж, миний өмнө гайхалтай авьяаслаг ид шидтэн байгааг ухаарч ойлгох боломж надад олдсон. Он удаан жил маш олон хүний толгойг тэр харин яаж ингэж эргүүлж чадсан юм бол доо гэж гайхах л үлдсэн дээ гэж хэлье. Вангагийн хувьд бурхны оронд одсон болохоор асуудал төвөгтэй. Түүнтэй амьд сэрүүнд нь уулзаж “ид шид” гэж юу байдгийг нүдээр үзсэнээс эхлээд дэмий чалчихаас цаашгүй гэсэн эсрэг тэсрэг гэрчүүд л үлдэж дээ. Шалгаж, нягталж амжсангүй
    Д.ЭНХЭЭ

  • ЦАГААН САРЫН НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

    оролцсон танин мэдэхүйн нэвтрүүлэгт Монголын бөө нарыг төлөөлөн МБНЭ-ийн Ерөнхийлөнч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар оролцож, нүүдлийн соёл иргэншил, Мөнх тэнгэрийн үзэл, цагаан сарын талаар товч тайлбар ярилцлага өглөө. 
    Мөнх тэнгэрийн үзэл, монгол зан үйлийн тухай нэвтрүүлэгтээ Тэнгэр үзэлтнүүд, бөө гарыг оролцуулдаг болсон нь сайшаалтай байна.

  • УЛАМЖЛАЛТ ТУСЛАЛЦААГАА ҮЗҮҮЛЭВ.

    , Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Б.Солонго нар аймгийнхаа зарим хѳгжлийг бэрхшээлтэй, амжиргааны түвшин доогуур ѳрх айлуудад, хѳдѳлмѳр халамж үйлчилгээний тѳвтэй хамтран цагаан сарын тавган идээг гардуулав. Сайхан үйл дэлгэрэх болтугай

  • Бөөгийн буулт ба Элбэгдоржийн зуулт

    учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг.

    Шинэ ерөнхийлөгчийн чимээ ойртох тусам Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бачуурч яваагаа нуун ядан яваа нь ажиглагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож хэлсэн хатуу үгсээс нь тод харагдав. Тэр үнэхээр гарамгай шоучин төдийгүй тамир муутай зангаа тавихгүй байсаар өндөр сэнтийгээсээ буух цаг туллаа. Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна.
    Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм. Засгийн газрын хуралдаан дээр дэглэсэн түүний үйлдлийг хараад Ерөнхийлөгч болсон өдрөөсөө л элгэн түмэндээ ийм хайртай байхгүй яав даа гэж гасалж суугсад олон. Даанч хугацаа бачуу үлдсэн болохоор Ерөнхийлөгч минь тогос шиг гоёод, тахиа шиг донгодоод ч нэгэнт оройтжээ. Тэгээд ч монголчууд явах хүнээр ачаа бүү татуул гэдэгсэн. Зөвхөн сүүлийн хэдхэн хоногт Ерөнхийлөгч маань нэлээд түжигнэлээ. Хаалттай хуралдаан яаран зарлаж, сэтгүүлчдэд хайр сэтгэлээ илэрхийлж, адаг сүүлдээ ар нь болж яваа багаа хүртэл баалж, аяг нь олдохоо болив. Энэ нь түүний хувьд сүүлчийн зуулт юм.
    Учир нь АН-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд ард олон дунд баахан унасан тул ахиад өөр хүний эрэлд хүссэн ч хүсээгүй ч гарна биздээ. Дорвитойхон ажиллаж, домог болж байгаа хотын мээр Э.Бат-Үүлээс эхлээд нэр дэвшихээр санаархагсад бишгүй байгаа. Элбэгдоржийн нэр хүнд Энхбаяраар сүүдэртэж, Бат-Үүлээр бараантаж байгаа нь маргашгүй үнэн. Ядаж байхад 2009 онд Ерөнхийлөгчид нэр дэвших тэмүүлэлтэй байсан Бат-Үүлийн хөхийг нь хавтгаад, Улсын баатараар хуурч аманд нь түр сүүл өмхүүлсэн ч ахиад л нэр дэвшинэ хэмээн зовоож эхэлсэн сураг байгаа. Бас эгэл ардуудын дунд Женко Баттулгын сайр суурь ч баяртай мэдээ дуулгаад байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сайтуудад дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэг санал асуулгаар Х.Баттулга түүний өмнө цохиж яваа, харин мань хүнийг дэмжихгүй гэсэн хүний тоо судалгааг манлайлж яваа нь сүйрэлтэй адил болоод байна. Олон жил парламентад сууж, гол хорыг найруулдаг, муур багш Р.Гончигдорж хүртэл би ямар ч албан тушаал аваагүй нь ерөнхийлөгчид үзэх гэсэн л санаа шүү гэх ухааны юм яриад гэтэж яваа.
    Тэгээд Элбэгээ Засгийн газрын хуралдаан дээр хэн хэн руу байгаа онилсон зорилго нь зангирсан сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг. Тэр Бат-Үүлийг байдалд оруулж, баруун гар Баттулгаа матан баалав. Нам доторх түүний өрсөлдөгчид өд сөд нь гүйцэж, шонхрууд болжээ. Байдал бараанаар эргэж, ээлээ өгөхгүй байгаа нь түүнийг барьц алдуулав . Тэрбээр Н.Энхбаярыг л гол хатуу самар хэмээн андуурч, айдгаа авдартаа хийлээ гэж санатал айдас хажуугаас ургаж, дээр нь ард олон нүүрээ буруулсан нь бачуурах бас нэгэн шалтгаан болоод байгаа билээ. Учир нь ард түмэн түүнд ахин итгэл өгөхгүй гэдгээ амаа зууртал өөр хоорондоо ярьж эхэлсэнтэй холбоотой. Хулхи хар хайрцагаар дахин хуурах санаа байвал харин энэ удаа сачий нь хүрэхгүй хэмээн шүд зуугсад ч бишгүй тааралдах боллоо.
    Дэлхий сүйрнэ гээд хар амалсан 12 дугаар сарын 21-нд Элбэгдорж зөвхөн өөрийнхээ төлөө гурван зүйлийг хийж амжуулсан байдаг. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хар хайрцгаар тоолох хуулийн төслийг өөрийн халаасны гишүүдийн тусламжтайгаар яаран батлуулж, Н.Энхбаярыг эмнэлэгээс шорон руу ачуулж, орой нь бод идсэн боохой шиг инээд цалиглуулан, МҮОНТВ-ийн ярилцлагад орж, ард түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа Оюутолгойн гэрээг дэмжсэн мэдэгдэл хийж, ард түмэнтэйгээ амь нэг гэж шоуддаг ерөнхийлөгчийн маань тар нь танигдаж, тамир нь мэдэгдсэн юм. Монгол улс баялгаа бусдад алдахад хүргэсэн гол буруутанг гэсгээж, ард түмэнтэйгээ амь нэг ерөнхийлөгч харин ч эсрэгээрээ PIOTINTO –гийн Монгол дахь албан бус дистрибютер нэртэй болсон нь монголчуудын голыг гонсойлгоод байгаа. Удам угшилыг үл тоон, улсын тэргүүнээр тавьсандаа иргэд амаа барьж, харамсан халаглах болсон нь нууц биш ээ.
    Тэр авилгачин гэж нэр зүүгээд байгаа Н.Энхбаярыг шоронд хатаагаад ч авилгал буурсангүй харин ч улам гаарах маягтай. Ерөнхийлөгчийн Тамгын газарт АТГ-ын нэг салбар ажиллахаас наагуур юм болж, далдаас удирдан, хуулийн байгууллагыг улс төрийн захиалгат газар болгон хувиргаж чадсан юм.
    Мөн Элбэгдоржийн халаасны хэвлэл мэдээллийн байгууллагын тоо хяналтаас гарсан мэдээ байгаа. Харин шалгадаг газар, хянадаг хүн байна уу? Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчөөр дэвшиж байх үе буюу 2012 оны 5 дугаар сарын 12-нд нэгэн зайрангийн онгод ‘’Хэл тагнайн ачаар хэтэрхий олныг үймүүлж, үгийн урнаар олныг хуурч, үймсэн олны сэтгэлийг дэвэргэж, улсаа гэх сэтгэлгүй, учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг. Үнэхээр түүнийг улсын эзэн сууснаас хойш халх монголын заяа хазгай явах болж, хар буруу санаатангууд хан төрд олноор шургалж, харийнхан хар шоргоолж шиг бүчиж, харз ус ширгэж, малчид бэлчээр нутаггүй бэдэрч явах болсон.
    Тэгвэл 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр нэгэн зайрангийн буултанд ‘’Тангад ясны эр дахин мэдэлд суух гэж таван цаасаар түмнийг дахин хуурч, сэнтийд залрахыг чармайна. Чимээгүй байж байгаад, чигийг нь гаргаж өгөх ухаан, чинхүү сэтгэл монголчуудад бий. Элдэв уран үгэнд бүү хуурт, урьдын түүхийг нь тань, ураг төрлийг нь болгоо. Мэргэн түшмэдийг тодруулах мэргэн ухаан ардуудад бий. Аль нь ардуудад ээлтэй нь аяндаа шигшигдэн үлдэнэ. Арван эр өрсөлдөхөд авдар шиг биетэй, авхаалж самбаатай эр ардуудаас арвин санал авна. Аяндаа эзнээр сууна. Эзэн Чингисийн нутагтай, элгэн нутгаа хамгаалдаг эр эгэл олноос их санал авна ‘’ хэмээжээ. Ар халхын заяа буян дэлгэрч, ард түмний минь хийморь лундаа өөдөө байж, ахин алдаа хийхгүйг сануулан, өвгөд хүртэл өндөр тэнгэрээс өмөгнөн байгааг эрхбиш тунгаах цаг ирсэн буй заа.