Author: admin_shaman

  • БИ,БИД МӨНХ ТЭНГЭРИЙН ШҮТЛЭГТЭЙ МОНГОЛ ХҮН

    төрийн үндэсний язгуур шүтлэг, шашин болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөнх тэнгэрийн үзэл, бөөг төрийн хэмжээнд шүтэж өнөөг хүрч ирсэн ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил бүгд бөөтэй холбоотой байдаг. Мөнх тэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн. Мөнх тэнгэрииг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсолгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шүтлэгийг жинхэнэ үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан болгон хөгжүүлсэн билээ.
    Бөө бол энергийн асар их бөөгнөрөл, оюун санааны эв нэгдэлийн бодит уялдаа аугаа зохицол билээ. Тиймээс Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Гадны төрөөс тусгайлан судалж боловсруулсан харь гүрний шашныг бодлогыг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцэлийн дүнд үүссэн хагаралыг ашигласан юм. Монголын мөнх тэнгэрийн үзэл, бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгаж, ийм зан үйл үйлдэгсдийг монголчуудын гол амжиргаа болсон малаар торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байсан тухай түүхийн шаргал хуудас өнөөд уламжлагдан иржээ. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна.
    Гадны бодлого Мөнх тэнгэрийн бөө шүтлэгт тун хатуу ханддаг байлаа. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээч амжилтанд хүрч байгаагүй юм. Сүүлийн 100 жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алдсан бөгөөд энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь хүмүүст тэнгэрийн зан үйлээр үйлчилж, өргөл, зэм авсан хэрэгт буруутгагдан амьдралынхаа олон арван жилийг шоронд өнгөрөөсөн гашуун түүх байдаг. Тэдний үр удам өнөөдөр үйл хэргийг нь уламжлан үргэлжлүүлж байна. Түүхийн ийм хатуу шалгуур нь өнөөдөр дархад, буриад бөөгөөс бусад бөөгийн үндэс язгууруудыг бүдэг ойлголттой болгоход хүргэжээ.
    Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллыг нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдэс, бөө шүтлэгээ уламжлуулан хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулсан ахмад үеэрээ бахархаж, дунд үе, залуу үеийнхэн хамтарч ажиллах түүхийн цаг үед тулж иржээ.
    Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтэнгүүд хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн билээ. Магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд, Чингис хаанаас хойш анх удаа Бөө нар хуран цугларч, түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж хамтран ажиллаж байгаад баярлаж байна.
    Тэнгэрийн айлдварт “Бөө нар эзэн Чингисээс хойш ингэж эвлэлдэн нэгдсэн нь үгүй билээ.” гэж буусан билээ. Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Гэвч Удган, Зайран нар, сүсэгтэн олны дэмжлэгээр Бөөгийн шүтлэгээ Дэлхий сонирходог хэмжээнд хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа. Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны хоёр сард мянга гаруй уул, ус, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тахилга, зан үйлийг хийж байна.
    Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шүтлэгээс салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шүтлэгт бий. Асар хурдтай, эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн улаач нар сэтгэлгээний хувьд шинэчлэгдах учиртай. Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд бид сэтгэлгээний хувьд өөрчлөгдөх хэрэгтэй.
    Монгол үндэсний уламжлалт Мөнх тэнгэрийн үзэл, Бөөгийн шүтлэг жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй. Шинэ соргогоор сэтгэх, хуучирсан зарим ойлголтыг үндсээр нь өөрчилж гэмээнэ бөө нь өөрөө хөрөнгө баялгыг бий болгож чадна. Энэ нь ямарч материалаг эд баялгатай зүйрлэшгүй үндэсний өв соёл, оюуны асар их баялаг юм.
    Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Мөнх тэнгэрийн үзэл, Бөө шүтлэгээ сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргасан бөгөөд олон зуун жил дуншсан маш том асуудлын шийдлээ олох арга замыг тодорхойлсон бөгөөд Бөө шүтлэгээ хөгжүүлэх түүхэнд үр дүн тодоос тод харагдаж байна.
    Бөөгийн үндсэн тулгуур ойлголтуудыг шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Өөрөөр хэлбэл бөө шүтлэгийн тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Бөөгийн шүтлэг баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Аливаа шинэ зүйл, бидний сайтар мартсан хуучин зүйл байдаг билээ.
    Орчин цагт хүмүн нь төрийн хуулийн дор амьдардаг болохоор шашны байгууллага хэмээх зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Бөө нь шүтлэг үү, шашин уу гэдэгт хариулт нь тодорхой юм. Гэвч нийгэм маань нийтлэг нэг ойлголттой болж чадаагүй байна. Ийм зүйлээс болоод дотроо зөрчилдмөөргүй байна. Эрдэмтэн судлаачид, бөө нар, сүсэгтэн олон нэр томъёгоор маргалдан цаг алдмааргүй байна. Бидэнд судалгаа хийх цаг бий. Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шүтлэг, шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Бөөгийн шүтлэгийн нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Мэдээж алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Алдаагаа ойлгож, дахин давтахгүйгээр одоо цаг үед шинээр хийж эхлэх хэрэгтэй.
    Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөө болоод улаачийн нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүс бий. Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн нэр хүндэд айхтар цохилт болж байна. Ганц нэг, хэсэг бүлгээрээ зан үйл хийж, хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдал, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна. Энэ бүхнийг өөрчлөх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бөө хүн өөрийн онгодыг дээдэлж, бусдын онгодыг хүндэтгэж явах учиртай.
    Бөөгийн нэр хүндэд халдсан үйлдлийн үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах учиртай. Тийм хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Олон түмэн манай Бөөгийн байгууллагын бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
    Хуурамч Бөө хүн чадваргүй бөгөөд олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлээр бөөгийн нэр хүндийг олны дунд унагааж байдаг. Тэнгэрийн үйлийг завхаруулж, бөөгийн шавь нарыг хэт олноор нэгэн зэрэг төрүүлж бизнес хийдэг бусармаг явдал газар авч байна. Ийм үйлийг эрхлэгчид олон иргэдийн амьдрал ахуйд хохирол учруулж, зан чанар, удмын хувь заяанд ноцтой буруу нөлөө үзүүлж байгаа билээ. Бөөгийн түүхэн уламжлалд нэг дор, нэг өдөрт, нэг цагт олноор нь шавь босгодог уламжлал байгаагүй юм.
    Түүнээс гадна ганц хүний өмчлөл, шийдвэрээр элдэв алдар нэр олгож, олон зуун жил оршин тогтож ирсэн бөөгийн нэр хүндийн үнэ цэнийг унагаж, сэвтүүлдэг бөөгийн нэр хүндээр бизнес хийдэг үзэгдэл байсаар байна. Зарим бөө нар элдэв хуурамч диплом, цомгийн цуглуулагч болжээ. Түүгээрээ хүмүүсийн сэтгэл зүй, итгэлээр тоглож байна. Хүмүүс тийм нэр зээлдэгсэдээс болгоомжилох ёстой. Бөөгийн нэр хүндээр тоглодог Бөө нарт хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Тийм хүмүүс хэзээ нэг цагт тэнгэрийн гэсгээлийг хүртэх нь дамжиггүй. Гэхдээ үхэхдээ үхэр буугаар буудна гэгчийн үлгэрээр тэд багагүй хугацаанд бөөгийн нэр хүндэд их хохирол учруулсаар байх болно.
    Жинхэнэ нэр хүндийг Бөөгийн зан үйлийг бодит утгаар хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм Бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Бид тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.
    Өнөөдөр МБНЭ-ийг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг. Бөө нар орчин цагийн хөгжилтэй хөл нийлэн ажиллах нь Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно. Бөө нар шударга ёсыг өөрийн бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол Бөөгийн байгууллагын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага. Цаашдаа та бид олонтой цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл улс орноо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
    Удган, зайран, сүсэгтэн нараа. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийнхээ төлөө Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд нэгдэцгээе.
    Би, бид бөөгөө шүтдэг Монгол хүн. Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан.2012.04.25

  • Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнгийн 2019 оны нэгдүгээр сарын 22-нд нийтлэгдсэн сүүлчийн ярилцлага-захиасууд

    урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө.
    Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны болсгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд хальтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ.
    Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!

    -Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?
    -Яахав, билэг бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.
    -Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…
    -Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ. Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.
    -Төр ч бас хямралтай л байх шиг юм байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?
    -Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?
    -Хүчинтэй байгаа…
    -Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?
    -За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?
    -Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.
    -Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?
    -Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.
    -Ямар үгэнд таагүй хандах болов?
    -Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохсоноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхиос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхийн дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.
    -Хоёр тусдаа нам битгий хэл нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?
    -Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг. Тэгэхээр эд нар ингэтлээ их тэрсэлдэж байдгаа болиосой. Хүний мууг ярихаар сайн хүн болно гэж яаж бодож чадаж байна аа. Хүн хүнээс урт сүүдэртэй байж хүний богинохон сүүдрийг харсан байж болно. Ийм тохиолдол зөндөө. Энэ зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гарагаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.
    -Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?
    -Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.
    -Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…
    -С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан.
    Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойшхи адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?
    -Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?
    -Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.
    -Мохируулдаг л байсан байх даа?
    -Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур)
    Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй шороо овоолох л газар байгаа шүү!

    Ярилцсан сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэл

  • Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв

    нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.
    Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.
    Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.
    Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ.
    Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх.
    Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.
    Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.
    Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.
    Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу.
    Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ.
    Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ.
    Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ.

  • МОНГОЛЧУУДЫН БӨӨ ТОДРУУЛАХ ХОЛБОХ ЁСНЫ АЛДАА ОНОО

    Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”(1) гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.
    Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол буриадын заарин, олонд Баавай хэмээгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.
    Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “…шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”(2) гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.
    Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.
    Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”(3) гэсэн байдаг.
    Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”(4) тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.
    Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.
    Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
    -Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
    -Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
    -Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?
    -Үгүй.
    -Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
    -Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
    -Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
    -Багш хэлж өгч цээжлүүлсэн.
    -Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
    -Надтай дөрвөн хүнийг холбосон.
    -Дуудлага нь бүгд ижил үү?
    – Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
    -Хэр их зардал гарав?
    -Бараг гурван сая төгрөг.
    -Цаашид яана гэж байна?
    -Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
    -Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.
    -Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.
    Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.
    “Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.
    Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”(5) гэсэн нь ч үүнийг нотолж байна.
    Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.
    Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.
    Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.
    Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”(6) хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.
    Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.
    Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.
    Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.
    “Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс(онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж(ариун буяныг), чадал чансаа зэргээрээ(эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг.
    Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.
    Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.
    Тайлбар
    1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)
    2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.
    3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.
    4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.
    5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.
    6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх тал

    Б.Галаарид

  • Д АМИН ДЭМИЙН ДУТМАГШИЛ

    бий болдог бөгөөд хүүхдэд хөхний сүүний Д амин дэмийн агууламж багассанаар хүүхдийг Д амин дэмийн дутагдалд хүргэдэг. Элэгний өвчтэй хүмүүст эцсийн шатанд тохиолдох нь түгээмэл.
    Эндээс үзэхэд Д амин дэмийн дутмагшилд ганц хүүхэд төдийгүй насанд хүрэгчид, хүнд өвчний явцад ч орж болдог байх нь.
    Шинж тэмдэгүүд:
    Илрэх шинж тэмдэгийн хувьд нилээд далд шинжтэй. Дараах шинж тэмдэгүүд илэрч болно.
    • Хүүхдүүд голчлон оройтож хөлд орох, эсвэл хэт удаан суух /явах суух харьцаа/
    • Насанд хүрэгчдийн хувьд архаг булчингийн өвдлөлт таталтаар илэрч болдог.
    Бие мах бодийн хувьд
    • Хүүхдэд, бидний сайн мэдэх хөл майжийх
    • Насанд хүрэгчдэд, ясны өвдөлтүүд илрэх ба хамгийн их өвчүү болон шилбэ орчимд илэрэх нь элбэг.
    Оношилгоо:
    Клиникийн оношилгооны гол параметр бол лабраторт serum 25-hydroxyvitamin D буюу (25[OH]D) маркераар тодорхойлох юм. Нэмээд parathyroid hormone (PTH) тодорхойлох нь Д амин дэмийн дутагдлыг тодорхойлоход ач холбогдолтой. Учир нь Д амин дэмийн дутагдал нь хоёрдогчоор баймбайн даавар ихсэлтийг бий болгодог.
    (25[OH]D) маркерийн үзүүлэлтийн хувьд:
    • 21-29 ng/mL (52.5-72.5 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орж буй
    • < 20 ng/mL (< 50 nmol/L) түвшинтэй бол Д амин дэмийн дутмагшилд орсон гэж үнэлэх нь.
    Авах арга хэмжээ:
    Д амин дэмийн дутмагшилтай нэг нас хүртлэх хүүхдүүдэд
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 400-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай 1-18 нас хүртлэх хүүхдүүдэд:
    • өдөрт 2000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 6 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 600-1000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай насанд хүрэгчдэд:
    • өдөрт 6000 IU витамин Д2 эвсэл Д3 –ийг 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ
    • Эвсэл 50000 IU витамин Д2 эвсэл Д3 долоо хоногт нэг удаа өгч хамгийн багадаа 8 долоо хонгийн турш үргэлжлүүлнэ.
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 1500-2000 IU өгч үргэлжлүүлнэ.
    Д амин дэмийн дутмагшилтай тарган болон хоол боловсруулах замын /голчлон шимэглэт / өвчтэй хүмүүс
    • өдөрт 6000-10000 IU витамин Д хэрэглэж
    • Улмаар (25[OH]D) маркерийн үзүүлэлт 30 ng/mL –ээс их болсон үед өдөрт 3000-6000 IU хэрэглэнэ
    Хэрэв дээрхи арга хэмжээнүүдийг авсан боловч Д амин дэмийн дутмагшилд доривтой өөрчлөлт авч ирэхгүй байгаа бол ultraviolet B шарлага эмчилгээг санал болгож витамин Д ийн статусыг нэмэгдүүлж болох юм.
    Урдчилан сэргийлэх нь:
    Хүүхэд болон насанд хүрэгчдийн аль алинд нь нарны гэрэл витамин Д ийн хамгийн чухал эх үүсгэвэр юм.
    • Наранд 10-15 цагийн хооронд арьсанд витамин Д нийлэгжих нь ууж хэрэглэснээс 2 дахин их байдаг байна.
    • Бүтэн биеэрээ наранд шарлага хийхэд витамин Д 10000-25000 ЕД уусантай ижил хэмжээнд Витамин Д нийлэгждэг.
    • Нарны тос, пигмэнь хэрэглэхэд арьсанд витамин Д шийлэгжлийг саатуулдаг.
    Д амин дэмин дутмагшилд орж болох эрсдэлтэй хүмүүст дараах байдлаар хүнсний нэмэлт өгнө. Сүүлийн үед зах зээл дээр витамин Д дусал, тарилга, шингэн гээд олон хэлбэрийг санал болгох болсон бөгөөд АНУ, Англи гээд олон орны сонголт их байгаа боловч мэргэжлийн талаас зөвлөхөд заавал өндөр үнэтэй гэж сонгохоосоо илүү доор дурьдсан өгөгдлүүдийн дагуу өөрт болон үр хүүхдүүдээ тохирох савалгаа тун хэмжээтэйг авч байхыг зөвлье.
    • Нэг нас хүртэл хүүхдүүд, хамгийн багадаа өдөрт 400 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 18 хүртлэх насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    • 19-50 насныханд, хамгийн багадаа өдөрт 600 IU ясны бүтцийг дэмжих зорилгоор.
    Тус тус уулгаж хэрэглэнэ.
    Ихэнх хүнсэнд витамин Д хангалттай агуулагддагүй бөгөөд Витамин Д хамгийн их агуулагддаг хоол хүнсийг дор бичил ээ / орчуулахгүй байхад болох байх /
    • Fortified milk (8 oz) – 100 IU
    • Fortified orange juice (8 oz) [6] – 100 IU
    • Fortified cereal (1 serving) – 40-80 IU
    • Pickled herring (100 g) – 680 IU
    • Canned salmon with bones (100 g) – 624 IU
    • Mackerel (100 g) – 360 IU
    • Canned sardines (100 g) – 272 IU
    • Codfish (100 g) – 44 IU
    • Swiss cheese (100 g) – 44 IU
    • Raw shiitake mushrooms (100 g) – 76 IU
    • Most multivitamins (1 tab) – 400 IU
    жам

  • Харлаг улсын хазаарлан захирагч Толой Бэхи

    тас тас инээн хөгжин наадаж, тунгалаг цагаан царай, урт гэзгэндээ нарийнхан мөнгөн даруулга зүүдэг, өргөн хар хөмсгөө хөдөлгөн ярьдаг, дүрлэгэр хархан нүдээрээ аливааг тогтуун ажиглаж, дуутай харж суух нь түүний үлэмжийн төлөвхөн занг гэрчлэн харуулдаг байв. Түүний Алага бэхи, Алалтун бэхи эгч нар хэдийнээ харьд мордож, төр барьсан их хатад болжээ. Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдоос олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд түүний утга санааг бодон, өрөөдөлд автан явдаг байв.
    Үлэмжийн ухаалгаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эхнь нэн хайртай болохоор туүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв. Толой ном эрдэмд шамдангуйн дээр, дэргэдээ төр барих болон хатан ухааны олон төрлийн хичээл заах багш нарыг байлган, өдөр бүр тусгай гэрт ном заалган суудаг ч, өөрөө сэтгэлээрээ үнээ мал саах гэж оролдон, зав чөлөөндөө малын зэлэн дээр очиж саальчид, зарц шивэгчин нартай инээд наадам болж байдаг нь түүний ерийн зан ааш байлаа. Бөртэ хатан энэ үед охиноо өрөвдөнгүй харж: “Бүсгүй хүн богино жолоотой амьтан, хэдий чинээ аав ээжийнхээ дэргэд удах билээ, насныхаа ханийг өөрөө биш хаан эцгээрээ мэдүүлэх тул төр засах эрдэмд нарийн мэргэшихийн зэрэгцээ юу ч сурсан илүүдэх юм байхгүй” хэмээн бодож аль болох эрх дураар нь байлгаж, үнээ гүү саах юм оёход нь дураар нь байлгахыг хүсэж байв
    1211 оны хонь жилийн хавар Чингис хаан Толой охиноо харлагийн Арслан хаантай гэрлүүлсэн байна. Харлаг нь уйгуруудын нэгэн адил Хар Киданы хяналт дор, гэхдээ алс баруун хязгаарт амьдарч байсан улс байв. Арсланг монголчуудад дагаар орох үед харлагийн нийслэл нь одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт доод Ил мөрний эрэг дээр байрлаж байв. Арслан хаан ийнхүү Толой гүнжтэй гэрлэхэд, Чингис хаан түүнийг Арслан хаан гэж яахин дуудаж болно гээд түүний энэ цолыг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэб түүнийг энэ хаан цолоо авч үлдэхийг зөвшөөрвөл, зарим албат иргэд нь түүнийг хаан удмын монгол эхнэрээсээ илүү өндөр юм уу, ядаж л ижил зэрэг дэвтэй гэж ойлгож болохоор байжээ. Чингис хаан харлагийн удирдагчийн нэрийг Сартын Арслан гэсэн утгатай Арслан Сартагтай гэдэг нэрээр солив. Чингис хаан түүнд мөн хүргэн буюу Хүргэн ханхүү цол олгожээ.
    Чингис хаан Алага бэхийг хятад руу нэвтрэх үүдэнд байрлуулж байсантай адил, охин дүүг нь харлагийн бэр болгон тэр газар орныг захируулснаар өмнө зүгт мусульманчуудын нутаг, баруун зүгт түрэгийн тал нутгийн овог аймгууд, бүр цаашлаад Орос, Европт нэвтрэх монголын гарц болгон ашиглах боломжтой болов. Арслан ч хүргэний үүргээ хүлээн зөвшөөрч, Чингис хааныг даган дайн тулаанд мордож, харин монгол гүнж нөхрийнхөө эх нутагт үлдэж, их сууринд заларчээ. Толой хатныг харлагийн улсын хааны ордонд морилоход түүнд зориулан гоо бүсгүйчүүл бүжиг наадам зохиож, их хүндэтгэл үзүүлсэн байна. Толой бэхи ч өөрийн хөгжмийн авьяас чадлаа гайхуулж, чавхдаст хөгжмөөрөө гүн уянгалаг эгшиг тоглоход баярлаж бахархсан Арслан хан хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, алт мөнгөөр шагнахаар болоход нь Толой тэдгээрээс татгалзан, оичгиин эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судар номыг хэвлэн тараах үйлсэд хөрөнгө хүчээ зарцуулахыг эрхэмлэн, үүнийгээ ажил болгон сургууль соёлын газар байгуулахаар болсонд харлагийн ханы ордны доторх болон гаднах хүмүүс ихэд бишрэн хүндэтгэх болжээ.
    Энэ бол Чингис хааны хүсэл зоригоор хүмүүжиж, дайчин хатад болсон эгч нарынхаа арга туршлагыг өвлөсөн Толойн хатан ухааны үр өгөөж байсан бөгөөд тэрбээр алт мөнгөнд шунаж өнгө мөнгөнд автах бус, харин улс орны тусын тулд тэр бүхнийг зориулах алсын ухаантай байсны илрэл байв. Чингис хаан дараачийн аян дайндаа зэхэж, төв азид лалын шашинтнуудын газар нутагт анхаарлаа хандуулахдаа Толой охиндоо их үүрэг хариуцлага ногдуулав. Толой ч эцгийн итгэлийг хөсөрдүүлсэнгүй, басхүү эгч нараас дутахгүй чадварлаг удирдагч болохоо алхам алхмаар харуулж, бие даан шийдвэр гаргаж, цаг ямагт хаан эцгийнхээ, хамаг монголынхоо сайн сайхны төлөө ажиллаж байв. Чингис хаан янз бүрийн шинэ улс орон, экологийн бүс нутгийг эзлэн авахад монголчуудын өмнө цэргийн болон удирдлагын шинэ шаардлагууд байнга гарч ирж байсан ч, түүний үйл хэргийн туршид хаан эцгийнхээ халх бамбай болсон охидынх нь нас нэмэгдэж, бие нь өсч, төр засах мэдлэг туршлага арвижиж, хүлээх үүрэг нь улам нэмэгдэж байв.
    Толойн тухайлсан багш нь Туданга бөлгөө. Бөртэ хатны тааллаар охин бараг нойтон үстэй байхдаа тэр өвгөн багшийн дэргэд шадарлах болжээ. Туданга Толойд зөвхөн эрдмийн зүйлийг зааж багшлаад зогсохгүй, түүний хэтийн хувь тавиланг тооцож, монгол хүний зан үйл, аж төрөхүйн ёсон, төр барихуйн ухааныг мэдүүлж, жинхэнэ монгол ухаанаар түүнийг хүмүүжүүлэх болжээ. “Охин минь чи жирийн хүн биш. Их богд хааны үр сад. Гэхдээ эгэл жирийн хүмүүсийн бодол санаагаар тойрон буй үйл явдлууд, хорвоогийн жам ёсыг харж, ойлгодог болохыг хичээгтүн. Манай монгол газар нутаг дээр зуу, зуун жилийн дотор бий болсон өөдтэй, өнгөтэй учиртай утгатай юм бүхнийг түмэн олон маань өөрийн ухаан бодлоор тунгааж, гараараа бүтээсэн юм. Тийм оюун бодлыг чамд баттай шингээж чадваас чиний багш болсон миний хэрэг бүтнэ” гэж байн байн хэлж сургадаг байв. Мөн харь хол мусульманы зан заншил, шашин шүтлэг, уйгар түрэгийн ордны ёс заншлыг тусгай багш нараар онцгойлон сургах үед Туданга багш нь аминчлан: “Охин минь чамд энэ харь орны хэл яриа, ёс заншил төвөгтэй уйтгартай дэмий санагдаж магадгүй юм. Гэхдээ тэгэж битгий бодоорой.
    Энэ бол чиний эцэг богд эзний хүсэл таалал юм шүү. Хэзээ нэгэн цагт чи харьд одно. Энэ бүхнийг нарийн мэдэж сурсан нь чамд тун их хэрэг болно. Харин чиний оюун ухаанд жинхэнэ монгол түмний төлөо гэсэн бодол санаа лавшран гүзгийрэх ёстой. Чамд хамгийн их энхрийлэн хайрлагдах юм чинь монгол түмний энэ аж төрөх байдал, зөөлөн дулаан өлгий болсон газар нутаг чинь юм шүү. Үүнийг хаа ч одсон хатуу санаж, эх монгол нутгаа бамбай шигхалхалж, хамгаалжяваххэрэгтэй” гэж нухацтай өгүүлж байв. Толой бэхи өвгөн багшийнхаа үгийг өдрөөс өдөрт лавшруулан бодож, зүйл зүйлийн учиртай хэмээн ойлгох болжээ. Ингэхдээ миний аж төрөх, хэтийн үйлийг өвгөн багш минь болгоон зааж, жаал бүсгүй намайгаа хатдын дайд явуулах гэж арга ухааныг хослуулж буй нь энэ биз дээ хэмээн бишрэн хүлээн авч байв.
    Бөртэ хатан ч бас охиндоо хандан, “Чиний шүтэн биширч, даган дуурайх хүн бол эцгийг чинь эс тооцвол Туданга багш чинь шүү. Түүний заасан сургасан бүхнийг өчүүхэн ч гулзайлгаж болохгүй. Ганц чи ч биш бид бүгдээрээ тийм байх ёстой” гэж захин хэлдэг байв. Чингис хаан охиныхоо тэр бүхнийг ажин суух завгүй, үргэлжлэн тэлж буй эзэнт гүрнийхээ төрийн хэргээр зай завсаргүй оролдож суув. Энэ үед харлагийн хаан Арслан гэгч Чингис хаанд дагаар орж ирсэн тухай мэдээ Толойн чихэнд нэг л содон сонсогдов.

    Ц.Хан-Хөхий

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Я.МӨНГӨНСУВД БӨӨЛӨВ

    орших хайрхандаа залбирч өргөл өргөв.
    Манай залуу удгануудын нэг, Монгол бөөгийн Тэргүүн удган Я.Мөнгөнсувд хуяглан бөөлж, онгодоо цайллаа. Бөөлөлт дээр түүний шүтлэгтэн олон ирж оролцлоо.
    Монгол бөөгийн Тэргүүн удган Я,Мөнгөнсувд бөөлөлт дээр МБНЭ-ийн удирдлагаас оролцлоо.

  • Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тахилга, тайллагын ажиллагаанд Өмнөд Солонгосын бөө нар оролцов

    .
    2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 20.00 цагаас“Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагааны нээлт болж,урлагын тоглолт хийж,оролцогсод сэтгэгдлээ ярьж, гадаадаас ирсэн зочид баяр хүргэж үг хэлсэн байна. Тайлга, Тахилгын ажиллагаанд нийт 4500 гаруй хүн оролцсоноос 2000 орчим нь Бөө нар байлаа.
    Ийнхүү “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд МБНЭ-ээс хүндэтгэл үзүүлэх ёслолын нэгдсэн ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай болж өнгөрлөө.
    Тахилга, тайллагын ажиллагаа дууссаны дараа 12.00 цагаас БНСУ-ын бөөгийн хамтлаг өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолтын ажиллагаа хийв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад АНУ-аас ирж оролцсон хатагтай Цеодосиа Фергусон, Япон Улсаас ирж оролцсон Кевин Тюрнер, БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль нарт дурсгалын зүйл гардуулсан байна.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН БУЛГАН, ТЭРГҮҮН УДГАН ЗАГДАА НАР БӨӨЛӨВ

    уулын Яармагийн өмнө орших уулын аманд хуяглан бөөллөө.
    Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа буриад бөөгийн онцлоготой бөөлөлт хийж, зураглалаа авахуулсан юм.
    Бөөлөлтийн зэрэгцээ ОХУ-ын буриадаас ирсэн шавь нь уг арга хэмжээнд оролцсон юм. Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа нарын хуяг нь өөр өөрийн өвөрмөц төрхтэй байлаа.
    Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа нарын бөөлөлт дээр МБНЭ-ийн удирдлагууд байлаа.

  • Удирдагч болох ёс зүй (Залуустаа зориулав)

    бусдыг удирдан жолоодохдоо юуны өмнө чадлынхаа хэрээр ойлгуулж ухааруулж, сэтгэлийг нь төвшитгөн тайтгаруулж байгаад дараа нь зохих зүг рүү нь залж чиглүүлж эхлэх хэрэгтэй. Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэдэг, өөрөөр хэлбэл, биеэ бүрэн даасан байдалтай байхаар заяасан амьтан.Түүнийг нь албан хүчээр үгүй болгоно гэдэг хүний нь хувьд үл тоомсорлосон, хамгийн их гомдолтой, утга учиргүй зүйл мөн.Хүний сэтгэл санааг мөн сэтгэл санаагаар л засч залж чадна.Хүнийг үргэлж зэмлэж, их дуугаар зандарч зүхсэнээр сайн зам өөд залан хөтөлж чадахгүй.Хамгийн чухал нь юуны өмнө, залж жолоодож байгаа хүндээ итгэдэг болгоод өөрийгөө таньж, алгуур аажим аажмаар дэвжин, дэгжих замд оруулахыг хичээх хэрэгтэй.Анх харсан даруйдаа л хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.
    Гарамгай илтгэгч байвч нөлөөлөх хүч, өгөөж нь дутмаг бол эгшигт хайрцагнаас ялгаа юун.Хамгийн чухал нь уран гоё яриандаа биш нөлөө, өгөөж хоёртоо л байдаг.Хүн алив хэрэг явдлыг шүүн тунгааж, дүгнэж цэгнэх өөр өөрийн арга барилтай байдаг.Тохиолдол бүрийн аяар өөр өөр хэмжүүр хэрэглэх нь ч буй.Зориуд хоосон цэцэрхэж маргахаас илүү мунхаг тэнэг зүйл гэж байхгүй.Хүнд итгэл төрүүлж, ойлгуулж ухааруулахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг байвал сайн.Гэхдээ бусдад бодол санаагаа хүчээр тулгахын төлөө жирийн байдлаар маргалаа ч гэсэн тэр бол утга учиргүй, ямар ч үр дүнгүй явдал л болохоос цаашгүй.Олон хүн өөрөө бусдаас ямагт дээгүүр байхыг санаархаж байдаг.Тэрнээсээ болоод бусад хүний хүчтэй тал, сайн сайхан зүйлийг хүлээн зөвшөөрөх уужим талбиун дотор ч үгүй болсон байдаг.Тийм хүн өөрөөсөө дөнгүүр яваа хүнийг үзэн яддаг.Харин хүний өө сэвтэй талыг олоод харчих юм бол “хурай”-н дуу хадааж гарна. Үнэндээ энэ бол хүн гэдэг амьтанд түгээмэл байдаг араншин. Элдвээр өөчилж гоочлохыг мэддэггүй дөлгөөн, зөөлөн, халуун сэтгэл бол тэнгэрлэг сайхан сэтгэл.Үргэлж хямарч байдаг, хүйтэн цэвдэг, өөнтөгч ярдаг сэтгэл бол адгуусны сэтгэл.Муухай аашаа хөдөлбөл түүнийг байдаг чадлаа хөвчлөн даруй үлдэн хөө.Аашны мууд хийсэн юухан ч бай өөдтэй болдоггүй.
    Нэгнээ бүү муул
    Нэрийг нь бүү хугал
    Нас гэдэг ахархан
    Нартын амьдрал богинохон
    Хүн “алдар хүнд” өөд зогсоо жолоогүй тэмүүлж байдаг. Чухамхүү үүнээсээ болоод л бардаж сайрхах, баширлаж маяглах, бусдыг дорд үзэх, нүд хуурах, хардаж сэрдэх, атаархаж жөтөөрхөх, өс хонзон санах гээд үзэшгүй муухай олон нүгэл үйлддэг.Олон хүн өөрийгөө өө сэвгүй сайн, өрөөл бусдыг өөдгүй муу гэж бодон алдас хурааж явдаг.Хичээл зүтгэлийг минь үнэлсэнгүй, авъяас билигийг минь таньсангүй гэж гомдол мэдүүлж үглэж явдаг хүн олон байдаг.Үүгээрээ тэд зөвхөн өөрийгээ таниулж, үнэлэхүүлэхийн төлөө хичээж зүтгэж явсан гэдгийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм.Бид алдар хүндээ шударгаар зөвшөөрүүлэн хүлээлгэх ёстой юм.Нөгөө талаар бид аливаа хүнийг үнэлэж дүгнэж, шагнаж урамшуулахдаа нэн шударга байвал зохино.Өөрөө өөрийгөө шударга үнэнээр шүүж явах гэдэг тун хүсүүштэй чухаг зүйл юм.Өөртөө зохиогүй хоосон дэмий нэр хүнд олж авах шиг үнэхээр ичгүүртэй юм байхгүй.Хүн өөрийн байгаа хэр хэмжээнээсээ дээгүүр үнэлүүлж, магтуулж, шагнуулж, алдар цол авбал ичиж зовох ёстой юм.Өөрийнхөө хэр хэмжээ, буян дутмагийг бодохгүй, өрөөл бусдыг бүү хатуу ширүүн зэмлэж бай. Өөрийнхөө байгаа үнэн хэр хэмжээнээс дээгүүр,сүрхий хүн болж харагдах шиг огт хэрэггүй юм байхгүй. Битгий сайрхаж бардамна.Бүү уруу дорой царайл.Энэ орчлонд төрсөн хэн боловч өөртөө ноогдсон үүргийг л биелүүлж явах учиртай.Ерөнхийд нь бүхэлд нь аваад үзэх юм бол хүн бүрт, юм бүхэнд өөр өөрт нь оногдсон энэ цагийн оноо төөрөг гэж нэг юм бий.

    Хүнийг сайн, муу, хараал идсэн, хайр булаасан л гэнэ, энэ бүхэн цөм бидний өчүүхэн аминчхан бодолд шийрлэсэн үзэмжийн төдий үнэлгээ.Аливаа хүнд сул тал, хүчтэй тал гэж байдаг.Бид хүчтэй талаа эрхэмлэлцэж, эмзэг муу сул талдаа ууч сэтгэлээр хандацгааж явах учиртай.Хэрэг явдлын мөн чанарыг, зөвхөн өнгөн талаас нь хараад буруу ойлгохоос болгоомжлох хэрэгтэй.Шунахай биш, ашигч сэтгэлгүй хүн бол элдэв маяг жаяггүй, зусардах зулгуйдах гэдгийг огт мэддэггүй юм.Та бялдуучилсан бүхэнд л итгэж дотносоод байх юм бол хэрэг дээрээ зусар зулгуй гэдгийг мэддэггүй, цэвэр ариухан сэтгэлтэй хүмүүсээс холдоод л байна гэсэн үг.
    1. Өвөг дээдэс, ахмад үеийнхээ сургаж захьсан бүгдийг сур. Ахчлах, дүүчлэх ёсыг баримтлан яв.
    2. Тэдгээрийн сургамж захиасыг эш болгон мөрд. Хэрэг явдлыг дараалан туршиж, бодит хүрээнээ хашир суу.Юм бүрийг тунгаан бодож, сайн ойлгож яв.Үүнээс ондоо гадуур зам үгүй.
    Эрт цагаас нааш хамгийн эрхэм хүндтэй хүмүүс ч гэлээ тухайн цаг орчны нөлөөнөөс гадуур явж ирсэн нь нэгээхэн бээр ч үгүй.Хожим хойт үед ч тийм байх болно.Хүн гадаад орчноосоо хоол унд, хэл, ёс заншил зэрэг олон зүйлийг хүртэн шингээсээр бие сэтгэлийн хувьд өсч, төлжсөөр ирдэг жамтай.Орчны нөлөө гэдэг асар хүчтэй.Хамгийн гоц гойд хүн ч гэсэн төрсөн нутгийнхаа ёс заншлын нөлөөнд орохгүй байж чаддаггүй.Монгол үндэстний язгуурын үзлээр дөрөөлөн омог бардам, хийморь золбоотой, аливаа юманд үнэн зөв, гэгээн цагаан сэтгэлээр хандацгааж байя.

    …Аливаа хүнд гомдож болдоггүй гурван зүйл байдаг.
    1.Төрсөн эх, эцэг өвөг дээдэстээ
    2.Төрөлх газар шороо, эх орондоо
    3.Өөрийнхөө хувь заяандаа гомдож болдоггүй юм.
    Хүн өөрөө өөрийгөө ажин шинжиж сурах хэрэгтэй.Юуны өмнө өөрийгөө таньж байж бусдыг таньдаг болно.Дотуураа гэгээрээгүй харанхуй хүнд юм бүхэн харанхуй харагдана.Сэтгэл оюун гийсэн цагт л юм бүхэн тод саруул үзэгддэг болно.Өөрийгөө тэнсэн тунгаадаггүй хүн өсөх, дэвжих гэдэг үгийн жинхэнэ утгаар өөдөлж өндийдөггүй юм.Ер хэн боловч өөрийгөө хатуу чанга, шударга шүүгч мэт ажин шинжиж явбал зохино.Идэр хүний сэтгэл гэдэг нэг талдаа цэвэр ариун, шулуун шударга авч нөгөө талдаа гэнэн багын уран хоосон сэтгэмжээсээ ангижраагүй байдаг юм.Сэтгэлээ аль болох уужим талбиж, хэрэг явдлыг гүн нарийн шинжин тунгааж бай.

    Хамгийн урьдаар дотоод сэтгэл агуулгад өөрчлөлт орж, гадна тал хэлбэр нь түүнээ дагадаг.Хүн гэр орноосоо авахуулаад үндэстний хэмжээнд хүртэл жижиг, том янз бүрийн орчинтой холбоотой байдаг.Тийм учраас олон хүн янз бүрийн харилцааны эрхээр ухамсартай, ухамсаргүй алин боловч өөрийнхөө хүсэл зорилгоос гадуурх амьдралын гольдролд өөрийн эрхгүй орж явдаг.Өөрийгөө таньж мэдээгүй хүн л өчүүхэн юманд баярлаж хөл алдан, хэрэггүй юманд гутарч гуних нь амархан байдаг.Хүнд хамгийн чухал нь өөрийгөө жинхэнэ ёсоор танин мэдэж, хаана ч хэзээ ч өөрийгөө даруу бариу авч явах явдал юм.Ер нь ямар ч тохиолдолд бусдыг өөлөх зэмлэхээ урьталгүй, өөрийгөө гэгээрүүлэхийн тулд биеэ ажин шинжиж бай.Ам хамхилгүй боргож байдаг нохой аймхай байдаг.Хөөсөрч шуугиж, үсчиж цовхчин урсаж байгаа ус гүехэн байдаг.Ялимгүй юмны төлөө үргэлж үглэж зэмлэж байдаг хүн өчүүхэн сэтгэлтэй байдаг.Түмэн бэрхийг туулсан хүн л түмэн хэргийн мөн чанарыг мэддэг болно.Хал үзэж халуун чулуу долоож баймааж л хүн ариудаж, хатуужиж байдаг.Төмрийг галд улайсгаж, усанд сойж, лантуугаар эс давтваас төмөрт яахин хат суух вэ.Хөгжил дэвшил гэдэг зөвхөн хүний толгойд байгаа мэдлэгийн бус бодит туршлагын үр дүн мөн.

    Орчин үеийнхэн бодит туршлагыг юманд боддоггүй, өрөөсгөл хоосон онол ном хөөдөгт л хамгийн муу бүхэн оршиж байна.Хүн өөртөө, хамгийн зовлонтой үед ч огт ажрахгүй, амгалан тайван байж чаддаг хат суулгах хэрэгтэй.Зөвхөн ном судар шагайсан төдийхнөөр бус хал үзэж баймааж нь тийм хат суудаг юм.Өдөр бүр зай завсаргүй юм л хийж байвал нэн сайхан амьдрал гэдэг тэр.Яагаад гэвэл сэтгэлд хоосон орон зай гардаггүй юм.Хүмүүс бие биеэ хайрлаж, өрөвдөж, талархаж байгаа цагт л жинхэнэ жаргал байна. Их мэргэд “Өчүүхэн доорд хүний нөхөрлөл бал мэт амттай, өндөр дээд буянтны нөхөрлөл ус мэт энгүүн байдаг” гэж айлдсан нь буй.Хонжоо харсан нөхөрлөл үзэх өнгөндөө таатай мэт байлаа ч ашиг дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай.
    Дээшээ долигнох дуртай хүн л доошоо их ширүүн байдаг.Тийм хүн тун их хөөрхийлөлтөй харагддаг.Ая тал зассан сайхан зан, чин сэтгэлийн найрсаг зан хоёр хоорондоо их ялгаатай.Хүн таныг зусардаж долигноод байвал цаана нь лавтайяа нэг далд санаа бий гэсэн үг.Өнгөний нь аяг аашаар хүнийг хуумгай үнэлж болохгүй.

    Язгууртан дээдсийн өмнө гөлөлзөөд байх ч хэрэггүй
    Ядуу доордост болхлээр ярвалзаж дээрхлээд байх ч явдалгүй
    Хэний ч өмнө бид аль болох хэвийн сайхан
    Хэрэггүй маяг жаяг гаргахгүй л байх нь эрхэм сайхан.
    Жирийн хүний ертөнцөд аж төрж буй хүн, эгэл жирийн хүний ёсоор л бай. Харин та өөрийгөө элит, дээдэс хэмээн бодож жирийн олноосоо ангижран салж одвоос эцэстээ зөвхөн нийгмийн хоолноос хороодог төдийхөн өөдгүй өчүүхэн жижиг амьтан болж хувирна. Эдүүгээгийн байдалд сэтгэл хангалуун явдаг юмуу, өөрийгөө ажин хянаад, би ч хүний амьдралын түвшнээс дээш гарчихсан хүн юм гэж боддог бол та амьдралын мөн чанарын тухай их л эндүү ташаа ойлгож байна гэсэн үг.Нийгмийнхээ зэрэг зиндааг юманд боддоггүй хүн их алдартан ч бай, эгэл нэгэн ч бай, хүүхдийн гэмээр гэнэн сайхан сэтгэлтэн учир хамгийн ариун сайхан амьтан байдаг…
    Удирдагчид нийгмийн мөнгөн сан хөмрөгийн тэнцэл тооцоо, үрлэг зарлагыг хамгийн хэмнэлттэй байлгахын төлөө бүгд хичээн зүтгэдэг байвал зохино.Нийтийн мөнгөн сан хөмрөгийг сэтгэл огт зовохгүй үрэн таран хийж, өөрсдийн явцуу эрх ашигт зарцуулж огт болохгүй.Бусдыг удирддаг хүн, хүнийг таньдаг, үнэлж цэгнэж чаддаг байх гэдэг зайлшгүй чухал.Тийм авъяас чадвар заяагаагүй бол хамгийн өвөрмөц их авъяастан байлаа ч гэсэн удирдах ажилд огт тэнцэхгүй.Хүн өөрийнхөө хариуцлагын хүрээн дэх ажил хэрэгт л хамаг бололцоогоо дайчлан, хэний ч албадалгүй зүтгэдэг юм.Хүний сэтгэлийн гүнд нэвтэрдэг чадвар эзэмшсэн хүн л олон түмнийг захиран жолоодож чадна.Орчин нь бүдгэрээд байхад улам л гялалзаад байдаг хүн л үнэхээр бишрүүштэй.

    Бидний өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлддэг тоглоомд ялагч, ялагдагч гэж байдаггүй, улам бүр хар амиа боддог болгож, амьдрах орчинг маань хэрүүл тэмцлээр буртаглан бузарлаж байна. Бид эе эвийг дээдэлсэн, оролцсон хүн бүрийн сэтгэлийг тэнийлгэн баярлуулдаг тоглоом бий болгох ёстой. Тохиолдлын замд сэтгэл бүү хана.Эрээд байвал цаана нь илүү сайн жинхэнэ зам олон бий.Өвөг дээдсийнхээ ач буяныг мэддэггүй одоо цагийнхан, өөрсдийнхөө өөдгүйд үнэнхүү харамсч байгаа үедээ л их хөгжил дэвшлийн зах руу алхаж орнo.
    Хаан аавын сэнтий хар тортгоо сэгсэрч
    Xатан ээжийн голомт бузар буртгаа гүвэн
    Ард олны сэтгэл санаа ариусч
    Сайн сайхан цаг ирж байна…
    Эвгүй бол эвдэрдэг
    Эетэй бол бүтдэг
    Эрмэлз, хичээ. Гагцхүү
    Элдвээр бүү харшилд
    Өшөө хонзон,цэвдэг сэтгэл
    Өөдтэй юманд огт хүргэхгүй.
    Амьдарна гэдэг хөдөлж байхын нэр.Иймд гар хөл, толгойгоо аль болох их ажиллуулж бай.Тогтмол ус дороо л ногоорч өмхийрдэг.Хамгийн сайн ажил үйлс ч гэлээ олон түмэн эс мэдвээс үр дүнтэй болдоггүй.Тийм учраас ажил бүтээл хэчнээн сайн болно, төчнөөн хэмжээгээр сайн сурталчилах хэрэгтэй. Манай үргэлжилсэн үгийн их мастер Чадраабалын Лодойдамба агсан “Амьдрал бол тоос хөдөлгөн амьдрахын нэр биш. Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэхийн нэр” гэж хэлсэн байдаг.Хүн зоныхоо сайн сайхны төлөө зовлон бэрхшээлийг тэсвэрлэн туулна гэдэг жинхэнэ хүн шиг хүний явдал.Сүүлд нь ямар ч учир зүйтэй шалтаг, шалтгаан тоочиж болох бай хамаагүй, гагцхүү өрөөл бусдад төвөг удах үйлийг л бүү үйлд.Бусадтай сэтгэлээ хуваалцаж, сайхан санаагаа бусдад үг сэтгэлээрээ харамгүй зориулж бай.Энэ бол яндашгүй бөгөөд ямар ч гарзгүй өглөг юм.
    …Цангаж ангаж яваа нэгнийгээ
    Цангаа юугий нь тайл
    Аяншиж ядруу яваагаа
    Амрааж буудаллаад явуул
    Аяа тэгвэл чиний
    Ажил төрөл чинь аяндаа бүтнэ
    Амраг хань чинь үнэнч байна
    Алаг үр чинь эрүүл байна.
    Гэгээрэл бол амьдралын хөдөлгүүр юм.Гэгээрэл мөрөөдөлгүй болсон хүнд юу ч тус болох нь өнгөрсөн хэрэг.Гэгээрэхгүйгээр амьдрах гэдэг жинхэнэ амьдрал биш үхсэнээс ялгаагүй.Хүний сэтгэл оюуныг эрхэмлэж дээдлэн үздэггүй улс орон сайн сайхан үр дүнд хүрдэггүй.Хүний ертөнцийн мөн чанарын талаар нэвтэрхий гэгээрсэн хүн үнэхээр эрхэмсэг, номхон, зоригтой, энгүүн, найрсаг сайхан зантай байдаг.Ажил хийх сонирхолтой, гэгээрэл тэмүүлэлтэй, зорилготой байх гэдэг нэн сайхан хэрэг.Бусдыг зүгээр л дуурайгаад байх биш, бусдын жишээгээр өөрийгөө өөд татаж яв.Тийм баймааж нь л хүн баяр баясгалан дүүрэн, шулуухан урагшаа явж чаддаг болно.Энэ ертөнцөд та шалтгаан, үрийн жамыг үл ухаардаг, энэ ертөнцийн амьдралын дараа биднийг үл мэдэх нөгөө ертөнцийн хатуу ширүүн шүүлтүүр хүлээж байдгийг үл ойлгодог, сайн муугийн ялгамжааг үл мэддэг, зальхай бусармаг хүмүүс лүгээ бүү нийл.Муу үйл үйлдэгч ямагт бууран доройтож явдаг.Сайн үйлстэн үргэлж өөдлөн дэвжиж байдаг.Энэ бол хэзээ ч юухан дээр ч яв цав байдаг хатуу жам хууль мөн.
    Одоо гэдэг хормыг л мөнхчлөн бясалга
    Одоо л хамгийн сайн үйлээ үйлд
    Одоо гэдгийг л эрхэмлэн дээдлэ
    Одоогийнхоо цэвэр би-г илтгэн гарга
    Эгэл сайхан зүрх сэтгэлийнхээ аяыг дагаад
    Эцэс төгсгөлгүй аяныхаа замыг үргэлжлүүл, залуус аа…