Author: admin_shaman

  • ДОЛОО ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

    Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар томоохон ахиц гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашины зөвлөх Ц,Хулантай долоон удаа уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, санал бодлоо солилцсон. УИХ-ын 10 гаруй гишүүд, БОАЖЯ-НЫ Сайд, БХЯ-ны сайд, Нийслэлийн ИХТ-ийн дарга, Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, Чингэлтэй дүүргийн ИХТ-ийн даргатай уулзав.

     
  • БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ

    Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.
    Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
    Хуурамч бөө нарыг тэнгэр гэсгээх нь үнэн үү
    Монголчуудын эрт дээр үеэс шүтэж ирсэн шашин нь бөө мөргөл. Бөөгийн улаач, онго, шүтээнд өөрсдийн амьдралаа даатгах нь сүүлийн үед элбэгшив. Ялангуяа ойрын хэдэн жил бөөгийн бороо буюу бөөг бөөнөөр нь төрүүлэх аян өрнүүлсэн юм шиг л болчихлоо. Энэ нь Ерөнхийлөгчийн дургуйцлыг хүргэж, бүр бөө нарыг “хянах”-аар сэтгэл шулуудав бололтой. Төрийн тэргүүн өвөг дээдсээс өдгөөг хүртэл уламжилж ирсэн энэ шашиндаа юунд ингэж хатуурхав. Түүний гэнэтийн энэ шийдвэрийг зай­ран, удгадын зарим нь таалж, зарим нэг нь дургуйцэж байгаа гэнэ. Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
    Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
    Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.
    Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой
    Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.
    -Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?
    -Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.
    -Ямар дутагтал?
    -Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.
    -Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?
    -Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.
    -Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?
    -Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.
    Л.БААТАРХҮҮ
    “Улс төрийн тойм” сонин

     

  • Зураг түүхийг авч үлдэнэ-19 МОНГОЛ-ТУРКЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛЭВ

    БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч албаны тусгай онгоцоор Буянт ухаагийн буудалд газардлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд түүний эхнэр зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байлаа. Анх уулзахад ихэд бухимдангүй байв. Тэгээд тэр нь тодорхой боллоо. Казакстанд бууж онгоцны шатахуунаа цэнэглэх явцад тэднийх хахууль нэхжээ.
    Одоо бидэнд бухимдалыг арилгах, айлчлалыг үр дүнтэй болгох зорилт байлаа. Их тэнгэрийн амны зочдын өргөөнд зочдоо байрлуулав. Эхний өдөр Монгол-Турк Улсын ҮАБЗ-ийн албан ёсны уулзалт, хэлэлцээр байлаа. Хувийн саналыг хэлэхэд байгууллагын төсөв бага байсан тул их л ядуухан байж билээ.
    БНТУ-ын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч даруухан, санаа бодлоо шууд илэрхийлдэг. Харин эхнэр нь туркын язгууртаны уламжлалыг баримталсан, ихэмсэг, өглөө их унтдаг байв. Өглөө голдуу 10 цагийн үед босдог, 11.00 цагийн үед ажиллагаанд оролцоход бэлэн болдог тул бид тусгай хөтөлбөрөөр үйлчилсэн.
    Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Кылынч тэргүүтэй төлөөлөгчдийг Төв аймгийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцуулсан. Энэ нь бидний ажилд олон талаар хөнгөвчилсэн. Төлөөлөгчдийг Төв аймгийн дурсгалын өндөрлөг дээр угтаж авч, ёслолын гэрт зочлож, аймгийн удирдлага,УИХ-ын гишүүдтэй уулзаж, баяр наадмын нээлтийн ажиллагаа, наадмын сурын харваа, хурдан морьний уралдааныг үзсэн билээ.
    Төлөөлөгчдийн хүсэлтээр Монгол-Туркын хамтарсан малталтын ажиллагаа явагдаж байгаа Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт Цайдамын хөндийд очсон юм. Холын зам туулах тул өглөө эрт Удаанбаатар хотоос хөдөлсөн. Эхнэр нь цуг явах байсан боловч босч чадсангүй тул орхисон юм.
    Орхоны хөндийд олон хүн цугларсан байсан. Энд би туркын олон хүнтэй дотно танилцсан. Хамтарсан ажил сайн хэрэгжиж байгаад Туркын ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч сэтгэл өндөр байлаа.
    Элсэн тасархайд бид үдийн хоол идэх байлаа. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч надад хоолыг цэргийн маягаар 20 минутад багтаан идээд хот руу яаралтай хөдлөх санал тавьсан юм. ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга генерал Т.Кылынч гуйа эхнэртээ их санаа зовиноно. Би хэллээ таныг ойлгож байна. Манайд нэг үг байдаг юм цэргийн хүний эхнэр нөхрөөсөө нэг цол илүү байдаг гэв. Зочин энэ үг их л таалагдаж эхнэртээ хэлэх сайхан үгтэй болов гэж билээ.
    Өдрийн хоолны онцлог нь ямааны боодог байв. Хоолыг дөрвөн хүн өргөж хоолны гэрт орж ирэв. Голд нь босоогоороо зогсох ямаан боодог зогсоно. Т.Кылынч гуйа энэ миний идэх хоол юм уу гэж гайхан асууж билээ. Хоол жинхэнэ утгаараа таалагдаж Т.Кылынч гуйа хүсэлтээ мартаж хоёр цаг тухлан цугларсан олонтой зоогоо хамт идэж билээ.
    Хэлэлцээ амжилтай болж, хэлэлцсэн асуудлаас гадна Хархорин хотоос Цайдам хүртэлх замыг засмал болгох, Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэргийн боловсон хүчнийг Туркэд тэдний санхүүжилтээр сургах зэрэг олон зүйл шийдэгдэх эхлэл тавигдаж билээ.
    Туркийн төлөөлөгчдийн айлчлалын амжилттай хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлын зөвлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан арга хэмжээ болов. Төрийн тэргүүний айлчлалын өмнө ҮАБЗ-ийн албан тушаалтны айлчлал болдог. Тэгээд удалгүй Туркын одоогийн Ерөнхийлөгч, тэр үед Ерөнхий сайд байсан Эдагоны айлчлал болж билээ.
    Д.Жаргалсайхан

    ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.Жаргалсайхан

    БАТЛАВ.ҮАБЗ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ
    ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮАБЗ-ИЙН
    ШИНЖЭЭЧ НАРТАЙ УУЛЗАХ ХӨТӨЛБӨР

    1.Ерөнхийлөгч шинжээч нарыг хүлээн
    авч уулзах 11.30-12.00

    2.ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга,
    Ажлын албаны дарга ажилтан нартай
    уулзах 12.00-13.00

    3.Үдийн зоог 13.00-14.00

    4.ҮАБЗ-ийн шинжээч нартай уулзахад
    Ерөнхийлөгчийн хэлэх үгийн төсөл
    Бэлтгэх Х.Доржпалам 7 хоногт

    5.ҮАБЗ-ийн ажлын хэсэгт орж ажиллах
    шинжээч нарын хариуцах ажил,үүргийг
    хариуцсан референт нар бэлэн болгох 7 хоногт

    АЖЛЫН АЛБА

    djmedia:96
  • Хар хэлтний хараалын халтар бараан үгс

     

    Тухайлбал, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Эрдэнэс залгимар” гэх юм уу өөр ямар нэгэн бэлгэтэй үгсээр ихэд унтууцсанаа тайлах нь байдаг л юм. Хар дом хийгээд хараалын бүхэл бүтэн судар бүтээсэн ард түмэн бол монголчууд билээ. Түүнээс гадна эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодномын “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” бүтээлд хараалын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Дээр дурдсан судар болоод бүтээлд орших зарим нэгэн хараалын хэлц үгнээс хүргэхийг зорив. Гэхдээ хараал сурч бусдыг хаа дайралдсан газраа харааж яв гэж буй юм биш шүү. Боловсрол, соёлт хүн болгон ганц нэг гарчиглачихад гэмгүй гэж үзсэнээс түүнийг сонгосон болно. Олныг үл нуршин өргөн тархсан зарим хараалаас одоо өгүүлье. Мартсанаас зарим газар хараалыг зүхэл гэх нь ч буй.

    “Гангинахаас ганц нохойтой, Хангинахаас хар тогоотой
    Үргэх малгүй, үнсэх үргүй бол”, “Тэгнэх тэмээгүй, тэврэх ханьгүй бол” гэх зэргээр шууд хараах нь бий. Гэтэл далд утгаар егөөдөн хараах нь ч бас байдаг ажээ. Жишээ нь, “Нар сарыг гэртээ мэндуулж, навч цэцгийг хотондоо ургуулж, явган нүүж, нүцгэн жарга” гэх нь, ээ. Энэ юу хэлэв гэхээр “Цоорхой гэртэй, хотлох малгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй яв” гэсэн үг юм байна. “Чихээ огтлуул, чөмгөө ташуул, хэц дэрлэ, хэрээнд тоншуул” гэдэг хараал ч байдаг ажээ. Тоглоом даадаггүй хүнд тун осолтой үг юм. Энд голдуу ардын аман зохиолын хэлбэрээр үлдсэн хараал дурдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын хараал бараг тэр чигээрээ шидэт үг буюу шүлгийн шад, мөр гэсэн үг юм.

    Хараахдаа хүртэл цэцэн цэлмэг ард түмэн гэдгийг өгүүлж буй хэрэг. “Аманд нь адруу, хэлэнд нь хэдрүү, нүдэнд нь өвдөг, хамарт нь хатиг ургамар” гэж нэг хараал байх. Баруун монголчуудын дунд үүнээс гадна “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн дэлгэрсэн хараал буй. “Барьсан гэр чинь бариатайгаа өгөр, тулсан тулга чинь тулаатайгаа зэвэр” гэх жихүүдэс даамаар хараал бас байх. “Үүдэн дээр чинь ууль хашгир, үнсэн дээр чинь үнэг хөрвөө” гэх ёролсон агуулгатай хараал ч харагдана. “Яранд идүүлж, яс нь цаймар” гэх хараал харин хаа очиж элбэг тохиодог шүү. Дан хараалын аман зохиолоос гадна хариулга болох ерөөл маягтай хэллэг ч дайралддаг. Олны мэдэх ганц нэг жишээ авъя.
    “Хараал чинь ерөөл болог, хамар чинь тунхуу болог. Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүсэн хүмүүн жаргаг” гэх буюу “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх зэрэг гүн ухааны гэмээр хараалын хариулга элбэг тохиодог ажээ. Говийнхны нэг хэцүү хараал ийм ажгуу. “Тоононд чинь тогоруу өндөглөг, тогоонд чинь хулгана үүрлэг” гэсэн ахуйн сэдэвтэй аж байдлын гэхээр хараал байна.

    Хараалын аман зохиолын хамгийн баян хэллэг, хэлц бүхий нь бөөгийн дуудлага буюу тамлага юм. Энд бид зөвхөн “Цахирын ээжийн тамлага” гэдэг бөөгийн дуудлагаас толилуулъя.
        Хаан дэлхийгээ алд
        Хатан улсаа алд                   
        Хан харалбай чинь харла                
        Тойруулга захаа хяргуул                
        Толгойгоо тас цавчуул   
        Сахилаа газарт булуул       
        Санваараа модонд өлгүүл
        Бурхан гэдэг чинь
        Будаг, шавар хоёр
        Лам гэдэг чинь
        Лагс толгойтой сангас
        Ном гэдэг чинь
        Бэх, цаас хоёр
        Шашин гэдэг чинь
        Шавар шанхай хоёр
        Далай ламд мөргөвөл
        Далан гурав цавчуулна
        Богд ламд мөргөвөл
        Борви, сүүжээ таслуулна хэмээн бөөгийнхөн бурханы шашинтай арцалддаг ажээ.
    “Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд” гэж эхэлдэг дархад бөөгийн ерэн есөн тэнгэрийн тамлага нарийндаа мэргэжлийн хараал, зүхэл гэхэд болно.

    Монголчууд бөө, мөргөлийг Баруун Монголын буюу урианхай, өөлд, дөрвөд, дархадын, Зүүн Монголын болох буриад, барга, хамниган гэх зэргээр үндэстэн ястан, үүсэл гарлаар нь ангилдаг юм байна. Хамгийн хэцүү, хүнд хараалтай нь дархад бөө нар гэдэг юм билээ. Тиймээс ч Хөвсгөлийн хүнтэй бүү марга, маргалаа ч битгий хэрэлд гэдэг нь ийм учиртай ажгуу. Орчин цагийнхны хараал бараг амны уншлага, аав ээжийн нэр шиг болоо юу даа гэх харуусал төрдөг. Нэг үг хэлээд л “П… минь” гэх нь ердийн юм. Оросуудаас авсан гэх энэ хараал бидний аав, ээжийн үеэс л уламжилж ирсэн байдаг. Гэхдээ эрчүүд л хэлэхээс эмэгтэй хүн амандаа ч авдаггүй хараал шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн охид хүртэл уурсахаараа урсгаж өгдөг болжээ. Хараалын утга, мөн чанарыг үл ухдаг, тэр талаар нь томчууд тайлбарлаж өгдөггүйгээс ч тэгдэг болов уу. Хараал хэлэхгүй, хэлүүлэхгүй байх талаар хичнээн жил тэмцээд ч халж, сольж чадалгүй өнөөдөртэй золголоо. Энэ ер нь нийгмээс салдаггүй зүйл бололтой дог шүү.

    Мэргэд чухам юу гэж үздэгийг нь мэдэхгүй юм. Архидалтаа арилгаж чадахгүй байж хараалтай давхар тэмцэх хэрэг байна уу? Тэгээд ч ёстой арилгаж чадахгүй юмны нэг нь тэр гэх улс ч буй. “Үгээр үхүүлж болдог” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Үг энергитэй нь ойлгомжтой.
    Тиймээс ч дом, шившлэгийг үгээр үйлддэг буй за. Тарниар олон зүйлийг номхотгож болдгоос үзсэн ч хараалд олиг байхгүй нь тодорхой. Хараалгаснаас хараасан нь хохирдог гэдэг үг ч бий дээ. Хараал хар энергитэй гэдэг ортой болж таараад байгаа юм. Тэгэхээр амандаа авамгүй л юмны нэг дээ. Хэрхэхийг та өөрөө мэднэ буй за.

     

  • Цэцгийн баярын арга хэмжээнд оролцов.

    . Арга хэмжээнд Монгол Улсын Соёл, Аялал жуулчлал, спортын яамны сайд Оюунгэрэл оролцож баяр хүргэж үг хэлсэн юм. Баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн Аньсамбалын уран бүтээлчид, БНАСАУ-ын Элчин сайд, соёл урлагын төлөөлөгчид оролцож уран бүтээлийн тоглолт боллоо. БНАСАУ-ын ЭСЯ-ны урилгаар уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их Удган Г.Гэрэлтуяа, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд нар оролцсон байна. БНАСАУ-ын Элчин сайдад МБНЭ-ийн Ерөнхийлөгч уулзах хүсэлт тавьсаныг хүлээн авч ойрын хугацаанд уулзахаар боллоо.
    Д.Тэмүлэн

     
  • ИТАЛИЙН БӨӨ СУДЛААЧТАЙ УУЛЗАВ

    Өнөөдөр Итали улс нь дэлхийд ДНБ-ий хэмжээгээр 7-д, Хүний Хөгжлийн Индексээр 17-д орох үзүүлэлттэй, өндөр хөгжсөн орнуудын нэг билээ. Энэ улс нь Их Найм, Европын Холбоо, Баруун Европын Нэгдлийн гишүүн юм. Италийн нутгаар хийсэн архелогийн малталтууд нь энэ нутагт хүмүүс Хуучин чулуун зэвсгийн үе буюу барагцаагаар 200,000 жилийн өмнө амьдарч байсныг нотолдог. Итали нь бүхэл бүтэн Газар дундын тэнгисийн бүс нутгийн нийгэм, соёлын хөгжилд асар их нөлөө үзүүлээд зогсохгүй Европын соёлд ч гүнзгий нөлөөлж, улмаар бусад томоохон соёл иргэншилд нөлөөлж байв. Дэлхийн энэ хэсэгт Манъя Граециагийн (Magna Graecia) дараа Этрүс, ялангуяа Ромын Бүгд Найрамдах Улс болон Эзэнт гүрний соёл иргэншил олон зууны турш цэцэглэн хөгжжээ. Итали нь сэргэн мандалтын үеийн Европын шинжлэх ухаан, урлагийн төв байсан.             Италын бөө, бөө судлаач Арабелла Циампи цаашид олон жил бөөгийн зан үйл заншилыг судлахаар зорьж байгаагаа танилцуулаад -Монгол бөөгийн талаар сонирхож Монгол Улсад ирээд байгаагаа хэлсэн юм.             МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай Италын бөө, бөө судлаач Арабелла Циампид судалгааны ажилд нь амжилт хүсч, боломжтой чиглэлд туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийллээ.                                                                                                                

    У. Мандаа           

  • Оюуны хоосрол нь амьдралын ядуурлыг араасаа дагуулдаг

    Харин Монгол Улс зах зээлийн чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш  нийт өрх айлын талаас илүү нь гэртээ бөө  удгантай болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс тэдгээрийн хэд нь жинхэнэ онгодтой, хэд нь хуурамч болохыг таахад бэрх болсон.

    Жинхэнэ бөө нар хүмүүсийг өвчин зовлон, саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчнийг нь анагаадаг байжээ.  Ингэснээр тухайн хүний бие махбодид өвчин үүсгэгч вирус амьдрах нөхцөлгүй болдог байсан аж. Бөө нар дотроо харын, цагааны, дорлигийн гэсэн гурван төрөлтэй байдаг бөгөөд эдгээрээс хамгийн хүчтэй нь дорлигийн бөө юм.
    1960-аад оны үед академич Б.Ринчен гуайн толгойлсон шинжилгээний баг Хөвсгөл аймагт бөөгийн зан үйлийн аман зохиолын цуглуулга хийж явахдаа Ж.Чагдар гэдэг зайрантай уулзжээ. Түүний бөөлж онгодоо дуудаж буй бичлэгийг хийж байтал зайран ухаан алдаж, эмнэлгийн тусламжтайгаар сэргэсэн тухай домог мэт яриа өнөөг хүртэл амнаас ам дамжин яригдсаар байдаг аж.  Ж.Чагдар зайрангийн ухаан алдсаныг Б.Ринчен гуай “Бид зайрангийн жинхэнэ нууцыг задлах дөхлөө. Монгол бөөгийн зан үйлийг зайлшгүй судалбал зохилтой” хэмээн шавь нартаа захиж байжээ.  Өнөө үед энэ мэт чадалтай бөө мэр сэр байдаг ч хүмүүсийн мухар сүсэг, бишрэлийг ашигласан хуурамч бөө олноор бий болоод байгаа нь нууц биш юм.
    Ажил хийж,  биеэ зовоолгүй мөнгө олох боломж хайх явдал хүмүүсийн мухар сүсгээр дамжин газар авах болсон нь бидний нүдэн дээр илт харагдаж байгаа билээ. Үүний нэг тод жишээг хэд хоногийн өмнө Бөхийн Өргөөнд зохион байгуулагдсан нэгэн лекцээс харж болно. Олны дунд “Тооны машинтай зурхайч” хэмээн алдаршсан Монголын бясалгал, зурхай, сүнс, сэтгэл судлалын академи, “Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваагийн ” Таван Хишгийн даллага” нэртэй лекцийн тасалбар бараг худалч хүнд ямар ч тоглолтоос илүүтэй амархан борлогдон дууссан нь манайхны мухар сүсэг бишрэл ямар агуу их болохыг бэлхнээ гэрчилж байна.

    Уг лекцэнд даллагын уут, тавгийн идээ, 3 хүсэл, ногоон 10 төгрөг, мөнгөний хэтэвчтэйгээ очсон хүмүүсийн зураг хөргийг дараа нь сонирхож байхад, үнэхээр чин сэтгэлээсээ сүслэн байгаа нь нүднээ илт харагдана. Ингэж сүслэн залбирах нь хэдийгээр муу зүйл биш ч гэсэн, тэр хэрээрээ амьдрал ахуй, ажил үйлс нь дэвжин дээшлээд байдаг бол болж л байна. Хэрэв Б.Сарандаваагийн лекцэнд очиж суугаад л баяжчихдагсан бол хөөрхий тэдгээр төрийн түшээдээ янз бүрээр гоочлоод муулаад байх огтхон ч шаардлагагүй мэт.  Тэдэнтэй тэдэнгүй, Б.Сарандаваатай хамт байхад л болоо биш үү, элдэв асуудлаа дор дор нь бясалгалын хүчээр шийдээд л…
    Уг нь, энэ хүн цаас өгөөд “Овог нэр,төрсөн он,сар,өдрөө бод! Хурай!” гэхээр биш, өөрөө  хөдөлмөрлөхөөр л мөнгөтэй болдог юм шүү дээ!
    Д.Мигаа

  • Хуяг хувцас онгод хэрэгслийг амилуулах зан үйл

    Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.   Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.   Хуяглах-Бөөгийн өмсгөл хувцасыг хуяг гэж нэрлэдэг. Бөөгийн хуяг нь онгод дуудаж засал хийж байх үед уул ус газар дэлхийн эзэн савдагууд болон тийрэн чөтгөр бусад бөө нарын онгод сахиусын дайрлагыг хамгаалах зорилгоор өмсдөг. Хуягт олон зүйлийн хамгаалах хэрэгслүүд хадагдсан байдаг.   Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан  хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.   Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.   Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс  өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.   Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.   Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.               Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.      

  • №26. Монгол гүрний хожуу үеийн гадаад харилцаа, шашин шүтлэг

    Хубилай хааны элч нар чухамхүү зорилго бол лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох явдал байжээ.
    Тэр үед Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд хүрдэг байжээ.
    Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
    Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой болно.
    Монгол орны хөгжлийн явцад эрт балрын бөө мөргөлийн байр суурь суларч шинэ нийгмийн хэрэгцээнд тохирсон өөр маягийн шашин шүтлэг шаардагдах болов. Үүний дүнд монголчуудын ухаан санаанд бөө мөргөлийн бүрэн ноёрхол байр сууриа алдахад хүрч энэнхүү эртний шүтлэгийн нэр хүнд, нлөөний нь хүрээ аажмаар хомсдож ирэв.
    Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “…тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурх.ны оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно. Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ шхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин суж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан тухай Г.Рубрук бичсэн байна.2 Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү эрт балрын шүтлэг нийцэхээ больжээ.
    Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
    Монгол орны хувьд авч үзэхэд энд буддын шашин нэвтрэн дэлгэрч эхэлсэн нь нэлээд эртний үед хамаарна. Монгол нутагт оршин сууж байсан Түрэг, Уйгур, Хятан зэрэг эртний аймгуудад буддын шашин багагүй дэлгэрч байжээ.
    1 Ala ad-Din.Ata-Malik Juvvaini.The History of the World Congueror. 2 vol.Manchester.1958.Vol.1. p.26.
    2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал.
    4 Г.Рубрук. Мөн тэнд. 168, 173-р тал
    Монголын их гүрний анхны хаад Хархорумд төвлөрч байхдаа бурхны шашныг зарим талаар тэтгэж байсан тухай мэдээ бий.
    Монголчууд, өөрийн нутагт буддын шашинтай түрэг, уйгар, хятан нараар дамжуулан ойртож танилцсанаас гадна энэхүү шашны түвэд дэх хэлбэрий нь эхлээд тангудаар дамжуулан мэдэж улмаар түүнийг шууд түвэдээс зээлдэн авчээ.
    Ийнхүү Гунгаажалцан Годан хоёрын уулзалтын дүнд түвэд нь монголын их эзэнт гүрний албат муж болж, монголчууд нь түвэдийн буддын шашныг хүндэтгэн тахих болж энэ шашны толгойлогчоор Саж хийдийн хамба ламыг өргөмжилжээ. Түвэд дэх буддын шашны нөлөө монголын язгууртан ангийн дунд цаашид улам бүр хүчтэй болох нөхцөл бүрдэв.
    Түвэд дэх буддын шашин Хубилай н үндэслэн байгуулан Юан төрийн үед монголын их эзэнт улсын гол шашин болж хувирав. Хубилай 1260 онд хаан болохоосоо аль өмнө, Хойд хятадыг захиран суухдаа урьд Годан ноёны бодлогыг үргэлжлүүлэн түвэдийн Саж хийдтэй холбоо тогтоов. 1253 оны орчим Хубилай нь Годан ноёны ордон руу элч зарж Сажийн хамба Гунгаажалцаныг залж байв. Гэтэл Гунгаажалцан, 1251 онд Лань-чжоу хотод байхдаа нас барсан учир Годан ноён үүнийг Хубилайд мэдэгдэж харин Гунгаажалцаны ач, пагва Лодойжалцан /1235-1280/ Годаны дэргэд сууж Пагва Лодойжалцан 9 настай байхад нь түүний дүү Чагнаадоржийн хамтаар дагуулан авчирсан юм. Годван ноён Гунгаажалцангийн хоёр ачыг ихээхэн анаарах үзэж ирэдүйдтүвэдийг захирах өөрсдийн нөлөөний хүмүүсийг бэлтгэх ажлыг зохион явуулав. Годан ноёны зарлигт Пагвыг бурханы номд сургах ба Чагнаадоржид монгол хэл бичиг заах болжээ.
    Ийнхүү Саж хийдийн энэ хоёр хүүхэд монголыних ноёны ордны дэргэд хүмүүжих болов. Хубилай 1253 онд Пагвыг 18 настай байхад нь Дээд нийслэл /Шанду/ дэх ордондоо залж өөрийн тахилын лам болгов. Хубилай, Пагва лам нарын анхны уулзалтын дүнгийн тухай 1254 онд Пагва ламаас Түвэдийн банди нарт илгээсэн бичигт тодорхой өгүүлсэн байна.1 Энэ бичгийн агуулгаас үзэхэд Хубилай Пагва ламыг өөрийн тахилын ламд өргөмжилж, буддын шашны нэр хүндийг ашиглан Түвэдийг өөрийн эрх мэдэлд оруулжээ. Уул бичгийн дотор ямар ч үг яриа эсэргүүцэл гаргахгүйгээр монголын хаанд захирагдах гагцхүү бурхны шашны үйл хэргээ эрхэмлэн ном бясалгаж сауухыг түвэдийн бүх лам нарт уриалжээ. 1 Энэ зарлигийн тухай… Саж-дун-раб гэдэг номд бий. 95-96-р тал.
    Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох бодлогынхоо зэрэгцээгээр нйт гүрний хэрэглэх нэг бичиг үсэг зохиох талаар арга эмжэ авав. Хубилай хааны зарлигаар Пагва лам, түвэд үсгийн загвараар монголын дөрвөлжин үсэг гэдгийг зохиож 1269 онд энэхүү бичгйн нийт гүрний албан ёсны бичиг болгосон тухай хааны тусгай зарлиг гарчээ.
    Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа. Жишээ нь: Алтан ордны улст монголчууд, христос, католик шашин, Цагаадайн улсын монголчууд буддын ба лалын шашинд тус тус орсон байв.
    Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзлэв.

     

  • Монголын бөөгийн “Голомт “ төвийн дэд тэргүүн, их удган Д. Энхжаргал:

    Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.
    -Таны үүссгэн байгуулалцсан бөөгийн төв хорь шахам жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд мэдээж их удганы хувьд олон л үйл явдалтай нүүр тулж яваа байх?
    -Манай холбоо байгуулагдаад 19 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хийсэн ажил их байгаа. Хэдэн мянган уул, усны тахилга , жил болгоны нарны тахилга, их тахилгууд,
    Солонгос, Буриад, Тува улсуудтай хамтарсан тахилга хийдэг. Бүх аймгуудын бөө нар, олон бөөгийн төвүүд нэгдэж нэгдсэн эвлэл байгуулаад нэг жилийн ой нь болж байна. Байгуулагдсанаас хойш “Ноён уулын тахилга” , эзэн Чингисийн ойд зориулсан тахилгыг “Хар зүрхний хөх нуур” гэдэг газарт 2000 гаруй бөө нар тахилга хийсэн Саяхан нэгдсэн эвлэлийнхээ үйл ажиллагаанд зориулж журам, дүрэм, бөөгийн ёс жаягийн тухай дүрэм гаргасан.
    -Анх байгуулагдаж байхад бас шалгаан, нөхцөл урган гарснаас нэгдэж байсан байж таарна?
    -Энэхүү байгууллагыг байгуулсан шалтгаан нь гэвэл бөө нарыг нэгтгэж, түмэн олны сайн сайхны төлөө, уул, ус , байгаль дэлхийгээ хамгаалж, хүндэтгэл үзүүлэх зорилготой. Бөө хүмүүс хүний төлөө гэсэн зөв эерэг үйл ажиллагаа явуулж буруу зөрүү зүйлээ хоорондоо ярилцаж, мэддэг зүйлээ бусддаа зааж, санаа зорилгоо нэгтгэхийн төлөө энэ байгууллага байгуулагдсан. 5-р сарын 25- нд болох Цаст хайрханы тахилгыг Баян-Өлгий аймгийн иргэд их сайхнаар хүлээж авч байгаа. Үүний дараа 6-р сарын 22-нд Монгол туургатны их тахилга гэж болно. Бүх аймаг, сум, бөөгийн холбоо бүгд нийлж хийх юм,
    -Бөөгийн нэгдсэн эвлэл удган бөө нартаа зэрэг дэв олгох болж байгаа юм. Мэдээж нарийн шалгуураар эрх бүхий хүмүүс нь зэрэглэх байх гэж ойлгож байна?
    -Зэрэг дэв гэдэг нь олон жил бөөлсөн, онгод сахиус нь бүрэн ордог, зөв яваа хүмүүсээ шалгаж үзээд зэрэг дэв олгох үйл ажиллагааг хэлж байгаа. Эхний хорь буюу “Дээд цэц”-ийнхэн , дараа “Бага хуралдай”-нхан үүнд хамаарна. Зэрэглэл тогтоохдоо мэдээж хүч, чадал сорьсон шалгуур үзүүлэлтүүдээр шалгана.”Бага хуралдай”, “Дээд цэцийнхэн “ хамтарч дараагийн бөө нараа шалгаж зэрэг, дэв олгоно. Бөөгийн шашны нэр хүндийг сэвтээж байгаа хүмүүсийг ялгаж, зааглан бөөг цэгцэнд нь оруулъя гэсэн үүднээс энэхүү зэрэг дэвийг олгох гэж байгаа. Тэрнээс нь бол ямар нэгэн алдар нэр хөөх цол гуншин төдий асуудал биш. Хэрвээ бөөд хандах, арга заслаа хийлгэх хэрэг гарахад ард түмэн хэнд очих вэ гэдгээ мэддэг болох боловуу гэсэн үүднээс зэрэг, дэвийг олгох гэж байгаа. Шалгах байгууллага нь “Дээд цэц”, “Бага хуралдай гэсэн бөөгийн эвлэлд үүрэг хүлээсэн хүмүүс гэж ойлгож болно. “Бага хуралдай”-д 200 шахуу хүмүүс байдаг. Дандаа таваас дээш жил бөөлсөн хүмүүс байдаг. Энэ тухай манай эвлэлээс гаргасан ёс зүйн номон дээр тодорхой заасан байгаа. Энэ номыг хүмүүс авч уншвал би хэн дээр очиж заслаа хийлгэх вэ, би хаана очиж хүүхдээ шавь оруулж, өөрөө шавь орж болох вэ гэсэн зөв замыг ойлгоно.
    -Таныг Хөвсгөлийн удам дамжсан удган гэж мэдэх юм. Гэхдээ та бидэнд энэ тухайгаа дэлгэрэнгүй сонирхуулж болох уу?
    -Би удам дамжсан бөө. Хөвсгөл аймгийн уугуул иргэн .Танаар засал хийлгээд болсонгүй ээ гэсэн гомдол ирж байгаагүй. Нэг хүн ирдэг байсан бол хоёр болж ирдэг, дандаа баярлаж, талархсанаа илэрхийлдэг. Би зундаа бол уул, усны тахилганд 6-р сарын 22- ноос 9-р сарыг дуустал байнга явдаг. Байгаль дэлхийгээ аргадаж тэндээс эрч хүчээ олж авдаг гэсэн үг л дээ. Ган гачиг болох аюулаас аврах гэж, нутаг усныхаа болон хүмүүсийн хүсэлтээр уул, усны тахилга хийдэг.
    -Танай удамд нутаг усандаа алдар нь түгсэн ямар бөө байсан бэ?
    -Өөрийнхөө мэддэгээс тоолоод өөрийгөө тав дахь үеийн бөө гэж явдаг. Гэхдээ бөөгийн удам есөн үеэр тасардаг.Би тэрнээс дээш үеийнхнийгээ мэдэхгүй. Онгодуудын болон ээжийн маань хэлсэнээр би тав дахь үеийн удган гэж явдаг. “Голомт” төвдөө 20-иод жил болж байна. Бөө нарганц, нэгээрээ яваад амжилтанд хүрэхгүй нэгдэж байж амжилтанд хүрнэ. Зарим нэр барьсан бүтэлгүй хүмүүс буруу зөрүү юм хийж, ард иргэд айдас төрүүлээд, хөрөнгө мөнгөөр нь тоглоод, адаг сүүлд нь амь насаар нь тоглож байна. Ийм асуудлууд их гарч байгаа болохоор нэг хүнд ч гэсэн зөв замыг нь зааж өгөх юмсан гэж манай” Голомт “ төв байгуулагдсан. Бөө хүнд анхаарах зүйл гэвэл бөө хүн шуналтай байж болохгүй, худалч байж болохгүй, архичин байж болохгүй гэж би шавь нартаа зааж сургадаг.
    -Таньд шавь орох гэж олон хүн ирдэг байх.Ямар зөнгөөр та тэднийг шалгаж, хүлээж авдаг вэ?
    -Хүссэн хүн бүрийг шавь болгож авна гэдэг амаргүй.Багш нь болж байгаа болохоор тэдний ар, өврийг нь даадаг .Албан ёсны 11 шавьтай. Энэ болохгүй байна, тийм газраар яваад ирлээ, онгодоо бариж чадахгүй 4, 5 жил яваад ирлээ гэсэн хүмүүсийг манай Сүхбат тэргүүн багштай болгож уулзуулж өг гэдэг. Зарим заслаа хийлгэж байгаа хүн намайг багш аа гэж дууддаг. Би их л олон шавьтай хүн шиг харагддаг байх .
    -Таньд хандаж байгаа хүмүүс ихэвчлэн ямар зовлон, зүдгүүр тоочиж ирж байх юм?
    -Байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас янз бүрийн өвчин тусна, өрөөл татанхай болдог. Үүнийг лусын харшил гэж үздэг. Газар дэлхийгээ ухаж төнхдөг, тахилгатай газар явж бие зассанаас юм уу, байгальтай буруу харьцсанаас болж их хорлол хүрдэг. Анзаараад байхад хүмүүс бие биедээ атаархаж , элдэв янзын юмих хийлгэдэг болсон. Мөнгө төгрөгөөр гачигдаж, орон гэргүй, унах унаагүй яваагүй ч ямар нэгэн доголдолд орж орж, хорлол болсон харагдаад байдаг. Чадах юмаа засч өгнө. Засуулаад сайхан боллоо гэсэн хүмххс зөндөө байдаг. Ер нь мэдээж мөнгөө барахгүй, баяжаад байна гэсэн хүмүүс ирэхгүй. Тийм хорлолд орчихлоо, тэгж өвдөөд байна,энхэр хүүхэд мааньсалах гээд байна гэсэн зовлон ярьсан хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст чадахаа туслаад, чадахгүйд нь зөвлөж сэтгэлийн тэнхээ өгч, сайхан үг хэлээд гаргадаг.
    -Сүүлийн үед хүмүүс их стресст орж, түүнээсээ улбаалаад ажил, амьдрал нь болохгүй байгаа мэт ирэх явдал таньд анзаарагддаг уу?
    -Хүмүүс бие биедээ сайхан сэтгэл гаргаад жолооч нар нэгэндээ минуд хүрэхгүй хугацаанд хүндэтгэл үзүүлээд зам тавиад өгч чадахгүй байна. Тэгээд аваар осолд ороод, бие биенээ харааж зүхээд байдаг. Хүмүүс бухимдалтай яваад байхаар суурин газарт хар энгерги их хуримтлагдаад байна. Энэ нь хүмүүст их муугаар нөлөөлөөд байгаа. Монголчууд цэлмэг тэнгэр , сайхан уул устай газар амьдарч байж байгаль орчноо хамгаалж, өөрсдөө тайван бие биедээ хүндтгэлтэй хандаж сурвал хар энерги, өвчин зовлонгоос хол байж чадна.
    -Бөө хүнд ирж байгаа хүмүүс нүүрнээсээ уншигддаг гэдэг. Таны онгод тэр бүгдийг ялгаж хэлдэг гэсэн үг үү?
    -Улаач хүний хувьд онгодоо тахихгүй, буруу зөрүү юм хийвэл онгодууд уурладаг. Онгодоо уурлуулахгүйн тулд улаач хүн алхах гишгэх болгондоо буруу юм хийчих вий гэж эмээж явдаг. Гадны хүн онгод тэнгэрийг уурлуулснаас болж эсрэг хүнд муу нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Олон жил бөөлсөн хүмүүст манай онгод гэж байдаг. Хэрэлдлээ гэж бодоход хамгаалсан онгод нь жаахан шоглоход нь хүмүүс буруу ойлгодог. Нэг бөөтэй хэрэлдсэн чинь намайг хараасан гэж ярих жишээтэй. Өдөр тутмын хэрүүл хийгээд л хэнгэргээ бариад л хүнийг хараагаад сууж байдаг бөө гэхээр дандаа хар талаас нь ойлгодог байсан. Харин одоо хүмүүсийн бодол харьцангуй өөрчлөгдөж байгаа. Зарим зөрүү бодолтой хүмүүс бөө дээр очиж чах юм, хараана гэж ярьдаг. Яг онгод тэнгэртэй бөө хүн түүндээ баригдаад хараана гэсэн юм байхгүй. Харин ч хүнд хараал хийх юм бол өөрсдөө онгоддоо шийтгүүлнэ. Хийсэн хараал нь өөрт нь болон, үр хүүхдэд нь хүрдэг гэмтэй тул бөө хүн байнга алхам бүрээ бодож явах ёстой.
    -Таныг туршиж, яах бол гэж бодож ирсэн хүмүүсийг та яаж ялгадаг вэ?
    -Мэднэ. Зарим нь туршиж хүн амьтан явуулдаг. Зарим хүнийг үзэх гэхээр ерөөсөө танихгүй байж миний уур хүрээд байдаг. Дараа нь миний онгод тэр хүнийг туршиж орж ирсэн байна гэж хэлдэг. Нэг бол атаач хүмүүс хүн явуулж, өрөө тасалгаанд юм хаясан байх нь ч бий. Онгод тэнгэрээ өөрсдөө зөв удирдаад явж байгаа л бол бусдыг чадалтай чадалгүй гэсэн зүйл миний хувьд байхгүй. Онгодоо хилэгнүүлж, уурлуулаад замыг нь буруутгасан бол тэр бөө муу сүнстэй уулздаг. Тэрнээсээ болоод хүнд муу юм хийгээд, айлгаж сүрдүүлээд, мөнгө төгрөг өвөх гээд нэхээд байдаг. Хэд хоногийн дотор тэр чинь үхэх гээд байна шүүгэж мөнгө нэхдэг. Энэ нь нэг ёсондоо буруу сүнстэй учирсан байдаг. Тэрнээс биш жинхэнэ онгод бол тэр чинь үхлээ, хэдэн төгрөг аваад ир гэдгийг би олж хараагүй. Онгодууд хүмүүсийн хажууд ингэх гээд байна, тэгэх гээд байна, сануулга хэлдэг. Гэхдээ хэдэн сарын хэдэн тийм юм чамд ирнэ гэж улаач даа сануулна уу гэхээс гаймшиг гай болох гээд байна гэж сануулдаггүй. Хэрэг болгоод асуух юм бол зарим онгод тийм юм болно, тийм юм байдаг гэж хэлдэг. Зарим нь загнадаг. Тийм хүн ирэх гэж байна, тэр хүн муу санаж ирнэ гэх зүйлийг сануулж, анхааруулж хэлдэг онгодууд байдаг.
    -Та үе залгамж , эрдэм чадлаа тусгаалан өөрийн үр хүүхэд , шавь нартаа өвлүүлэхээр бэлтгэж байгаа юу? Зарим хүмүүс энэ бөөгийн эд хэрэглэл онгод нь гээд хадгалаад байдаг шиг?
    -Бөөгийн онгод тэнгэр үе дамжин удамшдаг, гэрийн онгод нь үлддэг. Тэрнээс өмсөж байсан өмсгөл, бариж байсан хэнгэрэг нь үр хүүхдэд нь дамжиж очдог ёс байдаггүй. Улаач хүн өөд болохоор ууланд асарлаад гурван жилийн дараа хээрийн онгод гэж босгодог.
    -Бөөгийн шашин хүний хойдох, нас барьсаны дараа сүнсийг хийдэг үү?
    -49 хоног ойрд дотны хүн нь нас барахад бөө хүн хэнгэрэг, бөөлөх дуу чимээ гаргадаггүй. Хориотой байдаг. Би бол тийм юм хийж үзээгүй. Гэхдээ хийдэг хүмүүс нь байдаг байх. Сүнс нь дэгдэх үед нь энэ хүний ариун сүнсийг тэнгэрт дэгдээж өгөөрэй гэж тэнгэртэй юм өргөдөг ёс байдаг.