Author: admin_shaman

  • Бөө болж мөнгө хийх гээд бусдын аминд хүрчээ.

    Тэгээд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт Агуйт хэмээх газар булжээ. С нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан нэгэн байсан бөгөөд 10 гаруй хоногийн дотор З-ийн үгэнд итгэж, хамт явахаар болжээ.
    Хохирогч С-ийн ар гэрийнхэн машинтай явсанаас хойш сураг тасарч олон хоносон тул цагдаагийн байгууллагад хандсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай арга хэмжээ авч улсын хэмжээнд эрэн сурвалжилж, хэргийг богино хугацаанд илрүүлж чадсан байна.
    Иргэдэд анхааруулахад бөө болон бөөгийн уг барих зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй байсан бол алуурчинд хууртахгүй байх боломжтой юм. Мөн бөөгийн нэр барьсан олон арван залилагч нараас жинхэнэ бөөг хэрхэн таних вэ гэдэгт анхаарах цаг болсоныг энэ явдал харуулж байна.

  • Уртын дуу

    хоолой амьсгалын цохилт хийж, хүнгэнэн “шигших” зэргээр нэн өргөн цараатай, сонсож ханашгүй эгшиглэнтэйяа хадаадаг нь чухам Монгол сайхан эх орны тэнэгэр уудам тал нутаг хийгээд, дэлгэр баян хангайн сүрлэг өндөр уул нуруу, даваа гүвээ, өргөн тунгалаг гол мөрөн, өтгөн хөвч ой шугуй, үзэсгэлэн төгс байгалийн тансгийг санагдуулж, агт морьдын хурдан жороо ажнай сайныг бодогдуулж, унасан газар, угаасан ус, эцэг эх элгэн садан, үр хөвгүүд, үнэнч журмын амраг хань, анд нөхөд сэлтээн хайрлан энхрийлэх эх оронч сэтгэлийг маань ундруулам сайхан билээ.
    Уртын дууны тэр бүхий гайхамшиг “ид шидийг” утга зохиол, хэлний шинжлэл, яруу найргийн зүй, хөгжмийн судал, дуулаачны авиан зүй, түүх, угсаатны зүй гэх зэрэг дав дээр холбогдох шинжлэх ухааны үүднээс нягтлан нуталбаас зохистой билээ.
    Учир иймийн тулд уртын дууны зөвхөн хэдэн онцлогийг энд дурдахыг хүснэм. Юуны өмнө монгол ардынуртын дуу маш баялаг хэмнэл /ритм/-тэйг хэлэх хэрэгтэй. Уртын дууны олон янзын нарийн хэмнэлийг ойлгоогүй хүн уртын дууг нотлон тэмдэглэхэд айзам /такт/ хуваан тэмдэглэж боломгүй мэт санахад хүрдэг ч удаа бий. Хуучин манай уртын дуучид уртын дууг “айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж ярилцдаг байсан. “Айзангийн гэдэг нь “Аяа, зээ хө” гэж эхэлдэг дууны нэр юм гэж тайлбарладаг ч ёс бий. Уртын дууны хоёрдахь онцлог гэвэл маш өргөн цараатай байдгийг хэлж болно. Ардын богино дуу голцуу нэг октаваас терци буюу кварт илүү цараатай байдаг бол уртын дуу хоёр октаваас кварт илүү гарах цараатай байдаг.
    Уртын дууны гуравдахь онцлог гэвэл дээш цойлсон нарийн өнгөнөөс гэнэт бүдүүн өнгөнд, бүдүүн өнгөнөөс гэнэт нарийн өнгөнд маш хол үсрэн шилждэг үсрэлт ихтэйг хэлж болно. Уртын дууны дөрөвдөх онцлог гэвэл манай монгол ардын урт дуунд, хөгжмийн хэлээр
    займрал их байдаг.
    Өөрөөр хэлбэл үндсэн дэвсгэр хөгөөсөө займарч өөр /оруулбар/ дэвсгэр хөгд шилжээд, буцаж үндсэн дэвсгэр хөгдөө
    орох төгс бус хөг солигдол уртын дуунд элбэг байдаг гэсэн үг юм. Уртын дуугдуулахад дуучин хүнээс дотоод их уран сэтгэмж, хувийн уран чадварын их далайц шаарддаг байна.

  • Ганга өвс архи уух дурыг бууруулдаг

    Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.
    Ганга өвс бол уушигны эм
    Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.

  • Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    Бурхан Халдун гэдэг нь баруун монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн утгыг илэрхийлдэг. Ойрдууд “Битээ хальд” гэж ярьдаг. Энэ нь “бүү хүр” гэсэн санааг илтгэдэг. Хальд гэдэг эртний үг нь Халдун хэмээх үгийн үндэс. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүн эрч хүч, мэдээлэл авдаг. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Түүнд заяасан энэ их хүч чадал, холч ухааныг дэлхийн олон судлаач судалж, нууцыг нь тайлаагүй л байна. Чингис хаан Бурхан Халдун уулнаа очин дээд тэнгэрийн санааг сонсдог байсан тухай мэдээ баримт “Нууц товчоо”-нд бий. Энэ нь сансраас, харь гарагаас мэдээлэл авч байсан хэрэг юм. Чингис хаан хөвгүүн ахуйдаа мэргэдүүдээс нуугдан амь гарч тахиж шүтэж байсан Бурхан Халдун уулын зулайд очиж их овоонд нь сан тавьж, залбирсандаа их олзуурхан баярладаг.

    -Тууль хэмээх язгуур урлагийн төрөл ямар ид шидтэй болоод хэдэн мянганыг дамнан бөх оршиж байна вэ?

    -Тууль бол арга чадал, омог. Зөв сэтгэл, бодолтой хүн л хайлдаг жамтай. Орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болоогүй эрт цагт сайхан, муухайг ялган заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх тухай туульд тод өгүүлсэн байдаг. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. “Биеийн бөхөөр арав, сэтгэлийн бөхөөр зуун хүнийг ялна” гэсэн суут хааны сургаалын учгийг тайлах хэрэгтэй. Монголчууд туульдаа оюун бодпоо шингээж хэдэн мянган дамнан амьдарсан ард түмэн. Тиймээс тууль оршсон газар монгол ахуй соёл мөхдөггүй. Тайлж, ухаарч чадвал туульд ертөнцийн гүн ухаан бий. Туулийг ардын дуутай адилтгаж болохгүй. Бидний өвөг дээдэс дайсандаа, сэтгэл муутанд тууль хайлж болохгүй гэж сургасан. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Ялангуяа Чингис Богдын сургаалаа эргэж харах цаг болжээ.

    -Таныг барилгын инженер мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ эрс өөрчилж туульч болоход тань юу нөлөөлсөн бэ?

    -Москвад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Цөмийн цахилгаан станцад мэргэжлээрээ 30 нас хүртлээ ажилласан. Социалист нийгэмд амьдарч байсан би комсмолийн гишүүн гээд ардын ёс заншлаасаа хол хөндий байлаа. Миний зүүд их зөнтэй. “Жангар” тууль хайлахыг би зүүдэндээ сонссон юм. Үүнтэй зэрэгцэн Халимагт “Жангар” туулийн талаар эрдэм шинжилгээний том хурал болсон. Нөгөөтэйгүүр, тухайн үед манайд туульч үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн давалгаа үүсээд байлаа. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би “Жангар” тууль хайлж зүүдэлснээ мартдаггүй. Би 16 настайгаас тууль хайлах ёстой, атал завсарт нь “төөрөлдсөөр” 33 наснаасаа туультай золгосон доо. Нийгэм ч тэгж таарсан биз.

    -Баруун Монголын туульчид товшуур хөгжим, хайлдаг туулиа өв уламжлан авч явдаг. Халимагт мөн адил уу?

    -Би Чингисийн өвөг дээдсийн нэг Дува сохорын хүү Догшины удам Баатуд овгийн хүн.

    Баатуд овгийг 700 тэнгэртэй гэдэг. Миний аавын талынхан тууль хайлдаг байсныг би өвлөн авсан юм. Уг нь манай удамд Ээлэйн Овлаа гэж “Жангар” туулийг аялгуулан хэлдэг алдартай туульч байсан гэдэг. Тэр хүн шиг алдартай туульч болох юмсан гэж мөрөөдөн бие дааж оролдсоор “Жангар” туулийг аялгуулан хэлдэг болсон. Жангар” бол маш том тууль. Түүнийг бүрэн мэддэг хүн байхгүй. Бүтнээр нь хайлъя гэвэл хагас сарын ажил болно. Энэ туулийг бүлэг бүлгээр нь цувуулж хайлна. Манай халимагууд тууль аялгуулан хэлдэг хүнийг Жангарч, Монголчууд туульч гэдэг. Баруун монгол, халимаг бол угтаа Дува сохорын дөрвөн хүүгээс улбаалсан Ойрд түмэн. Бидний хэл, ахуй соёл маргашгүй нэг. Тиймээс товшуур, тууль хоёроо уламжлан өвлүүлдэг. Гэхдээ туульчид удмынхаа хөвгүүдээс нүдэндээ зальтай, нүүрэндээ галтайг нь шигшиж сонгодог. Зальтай гэдэг үгийг одоогийн монголчууд овжин, хүн хулхиддаг гэж ойлгодог. Заль гэдэг чинь уугуул монгол хэлээр гал гэсэн үг шүү дээ.

    -Туулын хэллэгт өнөөгийн бидний мартсан, хэрэглэхээ больсон үг тохиолдох нь элбэг. Тэгэхээр туулийн хэл гэх агуу өвийн судалгаа дутагдалтай байх шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

    -Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашнаас өмнө бий болсон. Тиймээс домог зүйн болон уран сайхны сэтгэлгээг хадгалсан, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын бүх төрлийг багтааснаараа онцлогтой. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэгтэй. Өнөөгийн баруун монголчууд эртний буюу туулийн хэлээ маш сайн хадгалсан. Өөрөөр хэлбэл, туулийн хэллэг баруун Монголын үгийн санд бий. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Эрт цагт бөө, оточ, туульч гурвыг тахин шүтэж бдйсан. Эдгээр эрдэм чадалт гурван. хүний оргилд нь туульчид байсан юм шүү.

    -Та бол нэртэй жангарч. Энэ агуу туульд өнөөгийн бидэнд хэрэгтэй захиас, бадаг олон байдаг биз. Онцолж хэдийг дурдвал?

    -Би “Жангар” туулиар дамжуулж, монгол угсаатнаа агуу болгохыг хүсдэг. “Жангар” бол үзэл суртал юм. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургаал, эхлэл энэ туульд оршиж байна. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Хөөмэй, хархираа бол эртний ан амьтны дуу авиа. Дэлхийг сэрээх дууч гэж хэлж болно. Энэ язгуур урлаг л Монголыг дэлхийд гайхуулж байна даа. Гагцхүү эрх баригчид, Засгийн газраас уран бүтээлчдээ дэмжих хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ төрийн бодлогоор хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх. Гэхдээ Монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Яагаад болохгүй гэж. Будда ч гэсэн бие хүн байсан биз дээ. Тууль бол сургаал гэж би дээр хэлсэн. Жангар өөрөөсөө хэтийдсэн чадалтай, их ухаантай баатар эрсийг нөхрөө болгосон байдаг. Хожим Чингис хаан ч ийм замаар ёсөн өрлөгтэй болсон. Жангарын хүлэг баатар “Агирвал найман чөмөг, Асгарвал аяга цус” байна гэсэн байдаг. Агирна гэдэг нь үхсэн хүний цайрч элэгдсэн ясыг хэлж буй хэрэг. Энэ нь хүн нэг л амьдрахаас хойш бие, сэтгэлээ ард түмэндээ зориулаад үхэхэд харамсахгүй гэсэн санааг илтгэж байгаа юм.

    -Киргизийн ард түмэн “Манас” туулиа эш болгон төр улсын түүхээ мянганаар урагшлуулсан. Монголчууд Хүннүгийн түүхийг үндэслэн 2200 жилийн төр улсын түүхтэй гэдэг. Хэрвээ “Гэсэр”, “Жангар”-ын туулиа эш болговол бидний түүхийн хугацаа урагшлах боломжтой мэт санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

    -“Манас” туульд киргизүүд Монголчуудтай байлдсан тухай буюу одоогоос 400 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлдэг. Тодруулбал, Зүүнгарын хаант улс буюу одоогийн баруун монгол, Халимагийн хаант улсын цэргийн довтолгооны эсрэг XV зууны үеийн тэмцлийг “Манас” туульд харуулсан байдаг. Гэтэл киргизүүд “Манас” туулиа мянган жилийн түүхтэй гэж ярьж, цаашлаад Хомерын “Одиссей”,”Илиада”, эртний Энэтхэгийн “Махабхарата”-тай эн зэрэгцэхүйц өв гэж олон улсад хүлээн зөвшөөрүүллээ. Туулийн гол баатар Манасыг X зууны үед буюу Чингис хаанаас ч өмнө амьдарч байсан мэт болгож туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааг урагшлуулсан. Киргизийн ард түмэн, төр засаг энэ туулиараа түүхээ урагшлуулснаас гадна Бишкекийн олон улсын нисэх буудлыг Манасын нэрэмжит болгосон. Манай монголчуудад “Гэсэр”, “Жангар”-аас гадна “Эрийн сайн Хан Харангуй”, “Алтайн магтаал”, “Бум-Эрдэнэ хаан” зэрэг нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг. Гэхдээ бид бусдыг шүүмжлэх нь зохисгүй болов уу. Харин тэднээс жишээ авах нь зүйтэй. Саяхан Киргизстанд нүүдэлчдийн их наадам зохион байгуулж, соёлоо сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалаар орлого олж байна. Монголчуудад тийм хэмжээний соёлын наадам зохион байгуулах боломж бий.

    -Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Чингис хааныг өөрийн хаан гэж өмчлөх хэрэггүй” гэсэн. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

    -Дэлхийд тархсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Манай өвөг дээдэс дэлхийн дайдыг эзэлж, 50 үндэстэнг нэгтгэсэн их гүрэн байгуулж ахуйд монголчууд шиг хүчтэй угсаатан байгаагүй. Өнөөгийн Казахстан, Орос, Хятад улс бүрэлдэх эхлэлийг Монголын эзэнт гүрэн тавьсан юм шүү. Бат хаан тархай байсан Оросын вангуудыг нэгтгэж, улс байгуулсан гавьяатай. Хаант Оросын үеийн алдартай сэхээтэн, язгууртан дунд татар, монгол гаралтай олон хүн байсан. Тухайлбал, нэртэй язгууртан Шереметев Ширэмт, зохиолч Тургенев Түргэн, яруу найрагч Ахматова Ахмад гэсэн татар овгоос гаралтай. Казах буюу Хасагийн нүүдэлчдийг монголчууд л нэгтгэсэн. Цагаадай хааны үр хойчис, монгол удмынхан Казахстанд одоо ч амьдарч байна. Тиймээс тэд Чингис хааныг өөрийн эзэн хаанаа гэж үзэх үндэслэлтэй юм. Харамсалтай нь бид тийм хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс болжээ.

    -“Хальж гарсан” Халимагийн ард түмэн нүүдэлчин ахуйгаа хэр хадгалж үлдсэн бэ?

    -Бид Монгол нутгаа “Алтан өлгий”, монгол хэлээ “аав, ээжийн хэлэн” гэж тахин шүтэж ирсэн. Тиймээс үр хүүхдэдээ “Аав, ээжийн хэлээ марталгүй, Алтан өлгийгөө санаж явтан” гэж захидаг. Халимагууд монгол хүнтэй уулзахаараа ах дүүтэйгээ уулзсан мэт баярладаг. Манай халимагууд Монгол нутгаа сүслэн залбирдаг юм. Би Монгол Улсад ирээд буцахдаа энерги авдаг. Халимагт таван хошуу мал байдаг ч нүүдэллэн амьдрах газар алга. Оноож өгсөн газартаа л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

    -Шашин угсаа гарвал ондоо ард түмнүүдийн дунд 400 жил амьдрсан халимагууд Монголоороо үлдэнэ гэдэг хэцүү байсан биз. Үндэс угсаагаа авч үлдэх зүрх, зоригийг халимагийн ард түмэнд юу өгсөн бэ?

    -Монгол ёс заншил агуу юм. Халимагууд исламын шашинт стан орнууд, үнэн алдартны орос зон олны дунд хэл, үндэс угсаагаа хадгалан үлдсэн нь туулийн гавьяа их. Зарим хүн буддын шашны гавьяа гэж ярьдаг. Халимагууд Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш туулиа хайлаад, бийгээ биелээд бид монгол хүн гэдэг зүрхээр амьдарч ирсэн. Тиймээс угсаатан үүсч, мөхөлгүй оршин тогтноход шашин төдийлөн үүрэг гүйцэтгэдэггүй. Мөнх хааны үед олон шашны удирдагчид Хархорум руу элч төлөөлөгчөө илгээн Монголын хааны тааллыг хүлээж, дэлхийг захирсан эзэнт гүрний төрийн шашин болохыг хүсч байсан. Тэр бүрт Мөнх хаан “Бид өөрийн тэнгэртэй. Бидний тэнгэр манай улсыг ивээж байдаг” гэсэн хариулт өгч байсан түүхийг одоо мартах ёсгүй. Монголчууд бид хөх тэнгэр дээвэртэй хөхрөгчийн ариун сүм болсон тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Одоо янз бүрийн шашны урсгал Монголд дэлгэрч байгаа нь тоогүй. Аливаа хэргийг хөх тэнгэр гэж уулга алддаг ард түмэн Монголоос өөр байхгүй. Монгол ёс дэлхийг удирддаг заяатай гэж би боддог. Тиймээс монголчууд түүх, соёлоо дөрөөлөн босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлах боломж Монголд бий.

    -Аливаа угсаатан цаашлаад улс оршин тогтнохын баталгаа нь хэл соёлын дархлаа. Гэтэл Монголын соёл өдөр бүр гаднын халдлагад өртөж буй нь харамсалтай. Гаднын улс орнууд соёлын дархлаагаа батлан хамгаалах салбараас илүү чухалчилдаг. Хэл соёлоо хамгаална гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?

    -Соёлоо төдийгүй улс орноо мөхөөхгүй авч явахад ард түмэндээ хайртай, сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй. “Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь”, “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ” гэж Чингис хаан сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалаасаа эшилж, монголчууд сэрж босох цаг болжээ. Аливаа нэг изм, ардчилал, социализм, коммунизм биш Чингис хааны баримталж байсан уугуул Монгол сургаалыг үзэл суртлаа болгох хэрэгтэй. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх нь чухал. Үүнийг айхавтар улстөржүүлэлгүй овог угсаа, ах дүүгийн хүрээнд хэрэгжүүлж болно. Нэг удмын арван айл нийлээд аравт болно. Тэд шалгарсан чадварлаг, тэгэхдээ сэтгэлтэй нэгийгээ аравтын дарга болгож, арван аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их, хурлын гишүүнээ сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ сонгож буй хэрэг. Энэ бол Цагаанзамын зохиосон зүйл биш. Чингис хааны хэрэгжүүлсэн бас захиас юм. Ард түмэндээ хайртай эзэн оффшор данс нээхгүй. Эзэн хүн сэтгэлтэй байх нь чухал. Баруун монголчуудын хамгийн айхтар хараал болох “Эзээн залги” буюу эзнээ, тэргүүнээ, толгойгоо залги гэх үг “Жангар” туульд бий. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно.

    -Таны дуулсан “Ээж минь” дууг сонсоход цаанаа л нэг халимагуудын зовлон шаналлыг хүүрнэх шиг санагддаг?

    -Би дуучин хүн биш. Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй гэсэн сэтгэлээр энэ дууг дуулсан. “Ээж минь” бол Халимагийн ардын дуу. Хүнд ядрах, зовох үе байна. Тийм л хэцүү үед ээжээ дурсан “Ээж минь” дууг дуулсан юм. Халимагийн ард түмэн II Екатерина хатан хааны үеэс асар их зовлон амссан. Энэ зовлон Увш хаан манжуудад хууртан Ижил мөрнөөс уугуул нутгаа зорьсон их нүүдлээр эхлэлтэй. Увш хаан залуу хүн тул гэнэ алдсан байх. Мөн түүнийг тойрон хүрээлсэн лам нар “Бар жилийн бар сарын бар өдөр нүүх хэрэгтэй” гэж хүйтэн өвлөөр нүүдэл эхлүүлсэн. Энэ нүүдлийн хөлд 110 мянган хүн амь үрэгдэж, 60 мянган хүн эсэн мэнд үлдсэнийг нь Манжийн хаан Шинжаньд нутаг зааж суулгасан. И.Сталины үед халимагуудыг Сибирь, Уралд цөлж, ямар ч гэм зэмгүй атлаа хүний ёсноос гадуур харгис дарангуйлалд өртсөн. Эх орны дайн ид болж байхад халимаг цэргүүд эх орноосоо урвалаа хэмээн зохиомол ял тулган үй олон халимаг дайчдыг буудан хороосон. Ар талд үлдсэн идэр эрчүүдийг нь толгой дараалан цэрэгт дайчилж, хүүхэд, хөгшдийг алс зэлүүд нутагт цөлж, төрж өссөн нутгаас нь Дотоод яамны зандалчдын хүчээр хөөж нүүлгэсэн юм. Түүний уршгаар Халимагийн ард түмэн ямар ч гэм зэмгүй хэрнээ асар их зовлон амссан. Манай нутгийн өвгөд, хөгшид цөллөгийн аймшигт он жилүүдийг зүрх шимшрэн нулимс унаган байж дурсахыг сонсоход сэтгэл өвдөх шиг болдог юм.

    Х.Эрдэнэзаяа
    Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • Монголчууд амиа бодох их муухай гэж ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог

    Зөвхөн би л бүгдийг хийх ёстой.Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй.Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна.Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн.Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм.Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга.Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй.Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна.Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга.Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг.Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна.Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон.2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан.Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ.Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ.Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм.Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг.Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг.Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.
    -Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг.Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах…гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор.Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?
    -Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд.Манайх уул нь тамхины хуультай.Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ.Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн.Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө.Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ.Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой.Миний гудамж биш, манай нойл биш.Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна.Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа.Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна.Их уучилна.Их уурлана.Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг.Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана.Ингэх нь надад стрессгүй амар.Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье.Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан.Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм.Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь.Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье.Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж.Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна.Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ.Их дүрсгүй шинжтэй.Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий.Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ.Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм.Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү.Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг.Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна.Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно.Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа.Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.
    -Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх.Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?
    -Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна.Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг.Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй.Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна.Бусад орнууд ч адил.2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан.Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа.Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм.Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж.Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа.Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй.“Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй.Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй.Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог.Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна.Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог.Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө.Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ.Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно.Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй.Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.
    Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү… түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд.Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой.Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ.Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог.Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ?гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг.Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ.Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ.Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна.Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.
    -Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?
    -13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан.Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна.Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа.Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай.100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн.2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа.Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ.Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна.Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу.Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа.2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно.Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх.Ажилд хийдэг хүн алга боллоо.Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон.Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна.Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.
    -Та нийгэм судлаач хүн.Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?
    -Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна.Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон.Үр дүн нь энэ.Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон.Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол.Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан.Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу.Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо.Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна.Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ.Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү.Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа.Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө.Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ.Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх.Цаазаар авна.Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно.Тэгээд бүгд ок болно гэсэн.Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй.Асуудлын гол нь эдийн засагт байгаа.Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил.Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье.Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе.Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья.Ердөө л энэ шүү дээ.Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё.Хувийн хэвшлийг тултал нь дэмж.Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө.Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно.Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх.Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа.Хийцгээе.
    -Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?
    -Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг.Үүнийг хэн бүхэн мэднэ.Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна.Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа.Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна.Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна.Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм.Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна.Үүнийгээ л ашигла.Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй.Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

  • №18. Ил хант улс

    Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү /1256-1265/, Хүлэгү ханы ууган хүү Абага /1265-1282/, Абага ханы хүү Аргун /1284-1291/, Аргун ханы хүү Гайхат /1291-1295/, Газан /1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук /1335-1343/ нар болно.
    Мөнх хаан Хүлэгүд даалгавар өгөхдөө “Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ёс заншлыг дагах хэрэгтэй. Амутын Жейхунаас алс холын Мисир орон хүртэл нутгийнханд миний тушаал зарлигийг дагасан хүмүүст аврал энэрэл үзүүлж, элдэв бэлэг сэлт арвинаар өгч бай. Хэн сөрөн толгой өндийлгөнө түүнийг эхнэр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь хамтаар хүчирхийлэн устгаж, Кукистан Харасаны цайз хэрмийг эвдэн зэлүүд цөл болгон хувирга. Хэзээ ч, хаана ч сонор соргог, ухаалаг хэрсүү яв. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрөлх нутагтаа эргэж ирээрэй”1 гэжээ. 1 Рашид-ад-дин. Джами ад таварах. 33-р боть. Баку. 1957.22-р тал.
    Газан ханы засаглалын үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан, Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук, Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестиныг удаа дараа довтолж, Египетийн Мамлюктай байлдаж байжээ.
    Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш /1201-1274/-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.2
    Эрдэм мэдлэгийн бусад салбарууд дотроос түүх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж байжээ.
    1 V.Minorsky.Encyclopaedia of islam. Vol.3 1930 p.261, 2 J.Needham. Science and Civiiization of China. Vol i. Cambridge University Press. 1977 p.141
    Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Энэ үед Ил хаад Христосын шашныг ивээлдээ авч, Христосын ертөнцтэй өргөн их харилцаатай байсан юм.
    Хүлэгү хан Сирийг байлдахдаа, Хит бөх хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм.
    1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд дахин ялагдал хүлээжээ.

  • №17. Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

    Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс оршиж байсан гэдэг. Сүн улс нь Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хооронд урсах Хуашуй голын өмнө этгээдэд нутаглаж байжээ. Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс оршиж түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.
    Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
    Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
    Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай, нэгэн удирдлагатай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206 онд зохион байгуулсан Их Хурилдайгаар Монголын бүх овог аймгуудыг үр хүүхэд, ойр төрлийн хүмүүс болон шадар анд нөхөддөө хувиарлан хувь болгон өгсөн нь Монголын овог аймгийн хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно.Энэ шинэ тогтолцоонд Чингис хааны өөрийнх нь овог болох Боржигин овог ноёлох байр суурь эзлэх боллоо.
    Чингис хаан дөрвөн хүүдээ эзэмшил нутаг олгохдоо ахмад хүү Зүчидээ Арал тэнгисээс баруун тийш Каспийн тэнгисийн умар зүгийн нутгийг, хоёрдугаар хүү Цагаадайдаа Алтайн нуруунаас баруун тийш Амур мөрөн хүртэл буюу Тэнгэр уулын ар өвөр, хуучин баруун Лао улсын нутгийг, гуравдугаар хүү Өгэдэйдээ хуучин найман аймгийн эзэмшил нутаг буюу Элба мөрний дээд урсгалаас баруун тийш Балхаш нуурын зүүн талын нутгийг тус тус хуваан өгчээ.
    Өгэдэй хааныг нас барснаас хойш тав зургаан жил хааны ширээ эзгүйрч Монголын төрийн ордны эрх суларсан билээ. Хэдий тийм боловч Мөнх хаан нас барсан 1259 оныг хүртэл Монгол орон Эзэнт Гүрний төв нь болсоор байлаа.
    1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад Монголын Юан гүрнийг байгуулжээ. Юан гүрэн байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран, Багдад, Араб зэргийг байлдан дагуулж, Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтлож, Польш, Мажар /Унгар/-ыг эзлэн, Алтан Ордоны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.
    Ази, Еюропын ихэнхийг эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.
    Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан улсууд болон сарнисан шалтгааныг эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм.1
    Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилцан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.
    Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ ч өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан орлон, Цагаадайн хант улс, Хубилай хааныг таалал төгссөнөөр Ил хант улс тус тус биеэ даасан улс болж хувирсныг тэмдэглэх хэрэгтэй. 1 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.42-р тал.

  • Тав. Монгол бөөг цэгцлэх бодлого бол цол олголт юм.

    Монгол бөөгийн байгууллагын нэн чухал бодлого бол цол, түүний зэрэг дэвийн асуудал юм. МБНЭ-ээс энэ чиглэлээр тодорхой бодлого дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэх журмуудыг боловсруулан гаргасан. Монгол бөөд “цол, шагналыг олгох журам”-ыг тусгайлан гаргаж мөрдөж байна. Энэ журмаар Монгол бөөгийн цолыг ДЦХ-аар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар шийдвэрлэж байна.
    Энэ хүрээнд улаач нарыг бөөлүүлж тодорхойлдог. Үйлчлүүлэгч олон түмэн ямар бөө дээр очиж байгаа эсэхээ тодорхойлох нь чухал юм. Бодлогынхоо дагуу цол олгож, үнэмлэхжүүлэх ажлыг хийж байна. Бөө хүн мөн эсэхээ тодруулахад эхний 1.5-3 жил чухал хугацаа байдаг.
    Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр, бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн цол, тэмдэгийг олгоно гэж тодорхойлсон.
    Монгол бөөгийн цолны тодорхойлтонд “Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнийг Монгол бөөгийн зайран, удган гэнэ” гэжээ.
    Тэгвэл шавь төрүүлэх багшийн түвшинд хүрсэн бөө нь “бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөө байх” бөгөөд түүнд ”Монгол бөөгийн тэргүүн” цол олгож байна.
    Онгодтой харицахаас гадна тэнгэрийн савдаг, лусын эзэнтэй харьцаж чаддаг, тэдгээрийг тахих тахилгын чадварыг эзэмшсэн, нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тэднийг манлайлан дагуулсан удган, зайранд “Тэргүүн дээд” цол олгож байна.
    Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан шалгуур үзүүлэлтээр “Их удган, зайран” цол, бөөгийн шид бүрэлдсэн, Монгол туургатан удган, зайран нарт толгойлон удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улаачид Дархан удган, зайран” цол тус тус олгохоор тодорхойлжээ. Нөгөө талдаа жирийн зан үйл хийхээс олон түмнийг хамарсан нэгдсэн их тахилгад бөөлөх хүртэл олон шат дамжлага шалгуурыг давж байх цолыг эзэмших эрхийг авч байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлтүүд амьдралаар баяжиж, баталгаажих болно.
    Өнөөгийн байдлаар Их дархан удган 1, Дархан удган зайран 4, Их зайран удган 16, Монгол бөөгийн тэргүүн зайран, удган 50, Монгол бөөгийн зайран удган цолыг 98 тус тус олгож, улаач албан ёсны бөөгийн цол,тэмдэг аваад байна.
    Бөөгийн зуу гаруй байгууллага ажиллаж байгаагаас 87 нь МБНЭ-д нэгдсэн байна. Бөөгийн байгууллагууд янз бүрийн 65 цол олгож байсныг зөвшилдөн тохиролцож цуцалсан бөгөөд хууль зөрчин олгосон цол хэргэмүүд, төрөөс олгодог шагналтай нэр нь давхацсан гавьяат, баатар цол, төрийн зайран, удган цолыг ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.
    Шинжлэх ухааны хөдөлмөрт бүх насаа зориулан байж, хүртдэг эрдмийн цолыг нэг нэгэндээ алга дарам цаасаар худалддаг, өөрөө өөртөө элдэв алдар нэр олгодог, ёс зүйгүй үйлдэлээ таслан зогсоох цаг нь болсон. Тодорхой хэлбэл өнөөдөр монголын төрөөс албан ёсоор Төрийн зайран, удган цол олгоогүй байна. Хуулиар “төрийн” өмнөөс хэрэглэдэг үгийг хувь хүмүүс, ТББ ашиглах нь хориотой байдаг. Удган зайран нарт олгосон Дэд эрдэмтэн, Доктор цолыг шалгахад албан ёсны десертаци бичиж, эрдмийн зөвлөлд шалгуулан бөө судлалаар эрдмийн цол авсан хүн гарсангүй. Хамгийн сүүлд нийтэд нэртэй болсон нэгэн эрхмийн Дэд доктор, Доктор цол хамгаалж байсан гэх ярилцлгыг Шинжлэх ухааны Академийн холбогдох эрдмийн цол бүртгэдэг газраас лавлахад цол хамгаалаагүй байх жишээтэй байлаа.
    АНУ-ын зарим байгууллагаас Докторын зэрэг олгосон гэх баримтуудыг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон. Цаашдаа хуурамч нэр, албажаагүй элдэв цол шагналаар өөрсдийгөө сурталчилж иргэдийг татах гэсэн оролдлого улам бүр мухардах болно.
    Манай байгууллагын үйл ажиллагаа цаашид улам боловсронгүй болгох, хөгжүүлэх зорилго нь янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байна. Нэгдсэн байгууллагыг дотроос нь хагалан бутлах оролдлого цөөнгүй гарлаа. Манай байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орж дотор нь зөрчилдүүлэх, хагаралдуулах улмаар шинэ байгууллага үүсгэх оролдлого гарч байв.
    Бөөгийн манлайлагч нарын бүрэлдэхүүнд сонгогдчихоод дүрмээр ногдсон хуралдаанд таслахгүй оролцох үүргээ биелүүлэхгүй байх, гол тулгуур болсон санхүүгийн хувьд дэмжихгүй байх, (жилийн татвар болох 50-80 мянган төгрөг), нэгдсэн арга хэмжээнд огт оролцдоггүй дутагдал байсан. Тэгээд дүрмийн шаардлагын дагуу хасагдах болохоор байгууллагад элдэв нэр хаяг бурууг өгөх явдал гардаг. Зарим нэг нь бараг бүх байгууллагын удирдлагад нэрээ бүртгүүлж, үйл ажиллагаанд нь бие нь хүрэлцдэггүй байдал ч харагдаж байна.
    Нэгдсэн тахилга дээр толгойлж бөөлөх үүрэг хүлээчээд хаяж зугатсан тохиолдол гарав. Тэрхүү ёс зүйн дутагдал гаргасны төлөө бөөгийн цолоо хасуулах тохиолдол нэг удаа гарсан байна.
    Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Одоо өвөрмонголд энэ цолыг олгож эхэлжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, “ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна. Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа.
    Байж болно гэхэд хүлээн зөвшөөрөхийн аргагүй нэр алдар цолыг яах вэ. Нэг ч удаа хичээл зааж үзээгүй мөртлөө “профессор”, ямар ч үзэгний мөр гаргаж үзээгүй, эрдмийн зөвлөл гэгчээр орж хамгаалаагүй “доктор” цолтон, төрийн аль байгууллага батламжаагүй “Төрийн зайран, удган” цол, сургуулийнх нь барааг хараагүй, хэлийг нь сураагүй мөртлөө хаа холын америк, англид сургууль төгссөн диплом, газрын албанаас олгодог зөвшөөрлийн бичгийг яг дуриалгасан залуу “улаач” нарт олгодог “бөө бөөлөх эрхийн бичиг” зэрэг цол, үнэлэмжүүд бий болжээ. Энэ бол аль ч талаараа тогтоосон хязгаарыг давсан, нийгмээс ичмээр цол, үнэлэмж байлаа. Ичмээр эдгээр олон цол гуншин дуудуулаад цочрох ч үгүй гадаад арга хэмжээнд оролцож байгаа бөө нар цөөнгүй байна. Одоохондоо нүднээс далд чихнээс хол байгаа болохоор болж л байх шиг байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
    Ийм алдар цолыг бий болгон түүгээр мөнгө хийж, хүмүүсийг өрсөлдүүлэн баяждаг “бизнес” эрхлэгчид бий болсон. Тийм шагнал, алдар, цолгүй бол тэр бөө хэн ч биш, цаана чинь дөнгөж бөөлж эхлээд хэдхэн сар болж байгаа боловч ард түмний баатар, ард түмний гавьяат, төрийн зайран, төрийн удган цолтон зөндөө байна. Тэр алдар цолонд хууртсан олон түмэн түүний мөн чанарыг мэдтэл тэрхүү “алдартан”-г хошууран тойрч хуйларна. Нөгөө “Сэрэлт” кинонд гардаг шиг, хуурамч цолтны гадаа олон түмэн багширч, жинхэнэ “Тэнгэрийн улаач”-ийг хүн мэдэхгүй байх жишээтэй. Ийм байдлыг “алдар, цол” үйлдвэрлэгчид бий болгож чадсан байна. Тэгээд бизнист нь саад болж үнэнийг хэлсэн иргэний машиныг өдрийн цагаар жип машинаар мөргөж “хэмхэлж” хаячихаад дуудлагаар ирсэн “танидаг” замын цагдаатай нийлж, өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Тэгэхлээр ийм бизнис эрхлэгчийг ялж, үнэнийг тогтоож, асуудлыг зөв голдролд оруулна гэдэг бэрх зүйл.
    Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстойг мэдэхгүй болсон байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой. Ийм шаардлага МБНЭ-ийг байгуулах нөхцлийг бүрдүүлсэн юм. Ийм нөхцөл байдал үүссэнээс монгол мөнх тэнгэрийн үйлээ хамгаалахаар бөө нар нэгдэж, хамтарч ажиллах нөхцөл байдал бий болсон.
    Д.Жаргалсайхан

    djmedia:62
  • ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ- 12 Ирак, Кувейт толгой

    Сүүлчийн удаа бид нисдэг тэргээр ажлын хэсэг очиж билээ. 200 км газраас тойрч нисч байдлыг судаллаа. Шалгалт очих сургаар хүн, машин, тэргүүд хоёр толгойгоос зайлж, янз бүрийн газруудад байрлаж, амралтаа эдэлсэн, хувцас хунараа угаасан шиг байрласан харагдана.
    Тэгэхэд азтай тохиолдол гарсаныг хилийнхэн илтгэсэн юм. Учир нь бидний очих сургаар газар дор байсан 40 орчим нинжа нарыг нүхнээс албадан гаргасан байсан. Тэд их хойрго байсан гэсэн. Нисдэг тэрэг очиж явах мөчид тэр орчин нилээд их газар цөмөрсөн байсан. Албадан гаргаагүй бол тэнд байсан бүх хүн энэ нуралтад өртөх байсан. Азтай л тохиолдол болсон. Сүүлд нь сонсовол амьд үлдсэний баяр тэмдэгсэн сураг сонсогдсон. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь говийн бага дархан газарт орших Сүүж уул хэмээх газарт 2004 оноос эхлэн хүмүүс гар үйлдвэрлэлийн аргаар алт олборлож эхэлсэн. Хожим энэ газар Ирак, Кувейт толгой нэртэй болсон хэрэг л дээ. Энэ толгойд цугларсан автомашиныг жагсааж журамлахад цувааны урт 7 км болж байв.
    Сүүж ууланд байгалийн тусгай хамгаалалттай газрын захиргаанаас томилогдсон хамгаалалтын хүмүүс, Дорноговь аймгийн цагдаагийн ажилтны хамт хамгаалалт хийдэг боловч таслан зогсоож чадахгүй байлаа. Энэ хамгаалалт нь үндсэндээ хамгаалалт биш болсон. Тус сумын нутагт зундаа агаар 40 хэм, хөрсөн дээр 60 хэм хүртэл халдаг учир мөнгөн ус уурших хангалттай нөхцөл болох юм байна. Хөрсний болон гүний усны түвшин доошилсон. Хур бороо орох нь улам бүр ховордсоор багассан.
    Сүүж уулан дахь алт олборлож буй “Ирак”, “Кувейт” толгойнуудаар очиж, байгалийн тусгай хамгаалалтын ажилтнуудтай уулзлаа. Хамгаалалтынханы талаар урьд сонссон зүйлүүд үнэний хувьтай байлаа. Алт олборлох нүхэнд УУАА-ны ажилтан орж, нөхцөл байдлыг судаллаа. Энэ нь 15-16 м гүн байх бөгөөд бүлэг осол гарч болзошгүй байгааг тогтоолоо. Энд нийтдээ 9 хүн осолдож амь насаа алдаад байгаа гэнэ.
    Томилолтоор ажиллах явцдаа Ханбогд болон бусад сумын нутагт бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаа, Цагаан суварга хэмээх газар уулзаж тус сумын Өлөнт, Цагаан дэвсэг хэмээх газруудад бичил уурхайгаар алт олборлож байгаатай танилцав. Олон болох үедээ 400-500 хүрдэг. Өвөл зунгүй ажилладаг. Хүмүүсийн амьдралд их нэмэр болж байгаа тухай сумын Засаг дарга Эрдэнэбат ярив. Олборлосон алтыг нь ченжүүд авч хятадруу гаргадаг ажээ. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга З.Буянтогтохтой танилцаж бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааны талаар ярилцав. Олборлосон алтаа баяжуулж ялгаж авдаг цэгүүд нь Ханбогд сумын нутаг Галбын говьд байрлаж байсан. Нийтдээ 45 ширхэг хүрдэн тээрэм ажиллаж байсныг төвлөрүүлж Галбын говийн урд захаас 11 км зайд орших Булан цагаан, Замт, Дөрвөлжин тээг хэмээх 3 газарт байрлуулахаар шийдвэрлэж нүүлгэж эхлээд байгаа тухай танилцуулж байлаа. Тээрэм ажиллуулж буй хүмүүс нь сумын иргэдээс гадна аймаг, Улаанбаатар, Зүүнхараа зэрэг газруудаас ирсэн байдаг. Мөнгөн ус, циант натри хэрэглэн алт ялгаж авдаг.
    Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Аргалантын ар хэмээх газар чулуужсан модны ордыг ихээр сүйтгэсэн байдлыг үзлээ. Одоогоор олборлож байгаа хүн байхгүй байв.
    Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Раднаатай уулзаж төслийн ажил болон тус аймгийн нутаг дэвсгэр дээрх бичил уурхайн үйл ажиллагааны талаар санал солилцож 24-25-ны зөвөлгөөний талаар танилцуулав. Өмнөговь аймагт Ханбогд, Ноён, Сэврэй, Гурвантэс, Мандал-Овоо, Цогт-Овоо зэрэг сумуудад бичил уурхайгаар алт олборлодог байна.
    Булган сумын нутаг Ханын хэцийн хярын Сүүл толгой, Хөдөө хэмээх газруудад хүрдэн тээрэм ажиллуулж, мөнгөн ус ашиглан алт ялгадаг тухай мэдээ авч Хөдөө гэдэг газар ажиллаж байгаа тээрэмний үйл ажиллагаатай танилцлаа.
    Мандал-Овоо сумын нутаг Зодохын арын хяр Бөөн ам хэмээх газарт бичил уурхайгаар алт олборлож байгааг үзэв. 24 автомашин, 8 компрессор бүхий 100 орчим хүн ажиллаж байв.
    Мандал-Овоо сумын Дөрвөн дэрт хэмээх газар гоёлын өнгөт чулуу болох чүнчигноров олборлодог газар очиж сонирхов. Орд гэж болохоор газар байв. Нэлээд ухаж ашигласан байлаа.
    Сүүлийн үед бидний анхааралыг татаж байгаа асуудал бол Бадамшандад алтны хүдэрийн илэрц газарт алт хууль бусаар олборлох сонирхолтой Өмнөговийн голдуу хүмүүс олноор цугларч байгаа явдал юм. Бид Байгал орчны яамтай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Цугларсан хүмүүсийг тарааж газар нөхөн сэргээлт хийж, ил гарсан судлуудыг булах ажилыг хийж дуусгасан
    Бид орон нутагт ажиллахдаа цогц байдлаар ажиллахыг эрмэлздэг байв. Орон нутагт ажиллаж байгаа ҮАБ-ыг хангах чиг үүрэгтэй байгууллагыг бэхжүүлэх нь маш чухал байв. Энэ бол амжилтын үндэс юм. Алдарт толгойл ажиллахаар явахдаа Дорноговийн Цагдаагийн хэлтсийн ажилтай танилцав. Орон тоо дутуу, 4 суманд хэсгийн төлөөлөгчгүй байсан. Тухайн онд 684 хэрэг бүртгэгдсэн байсан. Энэ нь өнгөрсөн оныхоос 23.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэргүүдийн дийлэнх нь буюу 50 хувь нь Замын -Үүдэд гарч байгаа ба үүнд хүндэвтэр хэргүүд орж байна.
    Дорноговь аймгийн хувьд бусад аймгаас онцлог зүйл байдаг. Энэ нь малыг олон хоногоор эргэж тойрохгүй орхидогоос мал эргэж ирэхгүй удах, алга болох тохиолдол гардаг. Зүүн баян багийн цагдаагийн хэсгийн ажил ачаалал ихтэй байдаг. 22 гэмт хэрэг гарсан байв.
    Харин ОБЕГ-ын Аймгийн Хэлтсийн ажил орон тоо, ажил үйлс сайн байсан. Голдуу обьектын түймэр гардаг. Малын өвчний 2 голомттой байв.
    Зэвсэгт үчний 336-р ангийн хамт олон Зэвсэгт хүчний марш тактикын аврага шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Ангийн дулааны системийг шинэчилсэн. Ногооны талбайг усжуулалтын системтэй болгосон ажлаа танилцуулж байлаа.
    Дараа нь Сулинхээрийн отрядад ажиллав. Хэц уулын заставын ойролцоо3 км-т эртний хүний яс бүхий агуй байсныг 2004 оны 4-н сард Америкийн эрдэмтэд авч явсантай танилцав. Их шар хадны аманд заставаас 18 км-д байдаг. Цагаан зандан мод байдаг. Энэ нь дэлхийд 2 байдаг. Түүнтэй бас танилцлаа. Энд байхдаа Хан мандалын хилийн боомтын үйл ажиллагааг үзэв. Мөн Замын-Үүдийн хилийн отрядын ажилтай танилцсан. Нэг удаагийн томилолт иймэрхүү багцаатай байдаг байлаа.
    Д.Жаргалсайхан

    djmedia:61
  • БНАСАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулсан уулзалт боллоо

    БНАСАУ нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд хоёр орны түүхэн хамтарсан үйл явдалд оролцож байсан дипломатууд, эрдэмтэн, судлаачид, иргэд, монголд солонгос хүүхдүүдийг асарч байсан багш нар дурсамжаа ярилцаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ Энэхүү үйл ажиллагаанд МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар үг хэлж, 30 жилийн өмнө БНАСАУ-ын их удирдагч Ким ир сенийг хүлээж авах Цэргийн хүндэт харуулын бэлтгэл ажлын үеийн дурсамжаа ярьж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
    Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо уулзалтын төгсгөлд, БНАСАУ нь Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн хүрээнд хоёр орны түүхэн хамтарсан үйл явдалд оролцож байсан дипломатууд, эрдэмтэн, судлаачид, иргэд, монголд солонгос хүүхдүүдийг асарч байсан багш нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.
    Б.Банзрагч

    djmedia:60