Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • НААДМЫН АЖИЛЛАГАА

    Наадмын нээлтийн дараа багачууд, хүүхдүүд хоёр насны ангилалаар үндэсний бөхийн барилдаан хийсэн бөгөөд түрүүлсэн болон үзүүрлэсэн өсвөр насны хүүхдүүдэд медаль, дурсгалын зүйлээр шагналаа. Наадам үргэлжилж дааганы уралдаан боллоо. Уралдаанд айргийн тавд орсон даагнуудад медаль шагнал гардууллаа. Энэ үеээр хуран цугларсан олонд зориулж урлагын тоглолт болсон. Урлагын тоглолтод Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төлөөлөл болсон ээж, охин хоёр оролцсон байна. Наадамд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зохион байгуулагчдаас хүндэтгэл үзүүлж, хүлээн авалт хийж, дурсгалын зүйл гардууллаа.

    djmedia:759
  • МОНГОЛ БӨӨГИЙН ЗАЙРАН ЧУЛУУНБААТАРЫН МЯГМАР ХАЙРХАНЫ ТАХИЛГАД ТОЛГОЙЛОН БӨӨЛЛӨӨ.

    Хайрханы тахилгыг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Зайран Чулуунбаатарын Мягмар толгойлон бөөлж, монгол уламжлалт бөөлөөний дэг жаягаар бөөлөлтийг хийлээ. “Мянгантай сонсож байснаас нэг удаа үз” гэж өвгөд дээдэс минь айлддаг билээ. Олон залуу улаач нар сонирхон үзмээр ховорхон тохиолдол болоод өнгөрлөө.

    djmedia:758
  • НАМРЫН ТАХИЛГЫН ЛУСЫН ТАХИЛГЫГ МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД ЗАЙРАН Ц.БОЛД ТОЛГОЙЛОН БӨӨЛЛӨӨ

    Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран Ц.Болдын ярилцлагыг “Mongolian shaman News-147 2021он. Даваадорж, Болд зайрантай хийсэн ярилцлага”-аас дэлгэрэнгүй уншиж танилцана уу.
    Тахилгын дараа удалгүй мөндөр орж эхэлсэн нь онгод тэнгэр хүлээн авсаны дохио гэж олон түмэн үзэж байлаа.

    djmedia:757
  • ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН НАРЫН НАМРЫН ТАХИЛГА БОЛЛОО.

     

    Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн ЭЦЭГ, ЭХ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ ХҮНДЭТГЭХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ХҮРЭЭНД жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбирал хийдэг уламжлалтай билээ. Энэ удаа ирээдүй, хүүхэд багачууддаа зориулж Хүүхдийн овооны тахилга хийж байна.
    Энэхүү арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч Анхмаа, Баян-Өлгий аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Өлзийсайхан, Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Сосорбарам, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Солонго, Өмнөговь аймгийн төлөөлөл Тамжид, ДЦХ-н гишүүн Б.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, Батзул нар оролцлоо.
    Тахилга, бэсрэг наадам нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Хар чулуутын аманд болж өнгөрлөө. Наадамд түрүүлсэн бөхчүүд, айргын тавд хурдалсан даага, унасан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

    djmedia:756
  • Арван нэг. ДҮНГИЙН ХУРАЛДААН,

    Уламжлал ёсоор Нэгдсэн тахилгад толгойлж бөөлсөн улаач нар онгодын мэдээллээ танилцуулсан билээ.

    1. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР өргөсөн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатарын мэдээлэл
    2. Бага газрын чулуунд хийсэн залбирал, Лус, савдагийн мэдээлэл
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү
    3. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Нарны тахилгыг толгойлж хийсэн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын мэдээлэл
    4. Халх бөөгийн жаягаар хийгдсэн, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайханы онгодын мэдээлэл
    5. Дархад бөөгийн жаягаар хийгдсэн Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын мэдээлэл
    6. Буриад бөөгийн жаягаар хийгдсэн, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэнгийн онгодын мэдээлэл
    7. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Галын нэгдсэн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүүгийн онгодын мэдээлэл тус тус хийлээ.
    Мөн “Өвгөн долоон одны тахилга дээр бөөлсөн улаач нарын тухай” дүн мэдээг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцууллаа. Өнгөрсөн жилээс эхлэн Монгол бөөгийн цол авах бөөлөлтөө Долоон өвгөн одны тахилга дээр бөөлж хийдэг уламжлал тогтож байгаа билээ. Монгол бөөгөө уламжлан авч явах олон залуу улаач нар төрч байгаад баярлаж байгаа илэрхийллээ.
    Хэдий хүн цөөтэй ч Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн өөрийн нутагтаа, Их газрын чулуунд Нэгдсэн тахилгаа амжилттай хийж чадлаа. Тэд тахилгад оролцогчдод дурсгалын зүйл гардуулав.
    Энэ удаагийн нэгдсэн тахилгад ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Өвөрмонголоос төлөөлөл ирж оролцсон онцлоготой.
    Тахилгыг зохион байгуулахад идэвхитэй оролцсон Халимаг Басаныг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, Өвөрмонголоос Наран, зүтгэлтэй ажилласан Баттулга, Бэлгүүнтөгс Цэрэнчимэг нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор медалиар шагналаа. МБНЭ-ийн хамгийн залуу шагналын эзэнээр Бэлгүүнтөгс тодорч байгаа юм.
    Энэхүү тахилгыг амжилттай зохион байгуулсан Монгол бөөгийн тэргүүн удган Ж. Өлзийсайхан толгойлон бөөлж, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Зайран Бум-Эрдэнэ нар, түүний гэр бүлийнхэнд Нэгдсэн тахилгад оролцогчид талархал илэрхийллээ.
    Энэхүү тахилгад оролцогчид Монголчууд бид цөөхүүл, бас байгалийн гамшиг нэгээр нэмэгдэж байгааг хараад зүгээр сууж болохгүй. Энэ гамшиг монголчуудад тулаад ирчихсэн байна. Тиймээс энэхүү аюулаас сэргийлэн болгоомжилж Монголын бөө нар Тэнгэрт өргөх айлтгалдаа “Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.” гэж зорилгоо тодорхойлжээ.
    “Бага оворын ганц АЦС- ыг зэлүүд эзэнгүйдэж байгаа бѳглүү газарт байгуулж ашиглавал орос хятадын эрчим хүчний хараат байдлаас гарах, ѳр зээлнээсээ бага ч болов хороож, агаарт цацах угаарын хийг багасгахад тустайг тэнгэр эцэг этүгэн ээж, лус савдаг савдагууд болгоож харьд оччихдоо тулаад байгаа эх нутагтаа монгол хүмүүн эзэн байхад туслах буйзаа.” гэж нэгэн уншигч бичжээ.
    Өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, ард түмнээ баян амьдруулах газрын хангалттай нөөцтэй монголыг минь буруу удирдаж, их өр зээлэнд оруулж, цөөнх баяжсан ядуу улс болгосон бурууг ураны баяжмалаар нөхөх нээ.
    Амилж буй Шар тийрэнг “ агаарт цацах угаарын хийг багасгахад тустай” хэмээн тайлбарлахыг оролджээ.Харин ч бүр эсрэг Европын хамгийн өндөр хөгжилтэй улсууд хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй, атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ.
    Тактикын зориулалтай ганц их бууны сумны агаарт дэгдсэн үүл, тоосонцор ямар их хор хөнөөлийг учруулж байгааг Украйны дайны үйл явдал харуулж байна.
    Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
    “Шар тийрэн”-ийн эсрэг, байгалиа хамгаалах Нэгдсэн тахилгыг Монгол бөөгийн өндөр цолтой улаач нар хамтран хийлээ. Монгол бөөгийн Тэргүүн дээд цолтонгууд хамт бөөлөх ховорхон тохиолдол байсан.
    Сүүлчийн Хөвсгөл нуурын тахилгад гэхэд аймгийнхаа харьяалал бүхий 50 орчим улаач нар санхүү болон биеэрээ оролцож хийсэн. Харин энэ удаагийн нэгдсэн тахилгыг Дундговийн гурван дайчин улаач нар гар нийлэмжтэй ажиллаж зохион байгуулсан. Сонгодог зохиолд гардаг шиг зоригт хоёр дайчин бүсгүй сайн ч зүтгэлээ. Маш их саад байсан. Юм гэдэг маш их сорилыг туулуулж байж сайн үр дүнг илэрхийлдэг.
    Тахилга хүссэн амжилтаас ч илүү болж чадсан. Өвгөн 7-н одонд бөөлсөн улаач нараас цаашид уламжлалаа сайхан аваад явчих залуусаар эгнээгээ тэлсэнд их олзуурхаж байна. “Би”-ээр битгий өвчлөөрэй гэж л дүгнэлтэндээ хэлсэн. Бөөлөлтийн агуулга өргөжсөн. Өнөөдөр ийм өндөр зохион байгуулалттай тахилга хийж байгаа байгууллага байхгүй.
    Дахин тэмдэглэхэд бид хоорондоо нэгдэж нягтарахад, ойлголцоход, их сайхан тахилга болж өнгөрлөө. Бид гадаад харилцаа, олон бөө нар жинхэнэ утгаараа нэгдэж ажиллах төв байгууллага байсаар байна. Одоо биднийг олон гадаад арга хэмжээ хүлээж байна.
    Их газрын чулуунд хийгдсэн Нэгдсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.

     

    djmedia:715
  • Арав. ГАЛЫН ТАХИЛГАД ХАМТЫН БӨӨЛӨӨГ ХАРУУЛЖ ЧАДСАН ӨМНИЙН ГОВЬЧУУД

    Маш цөөн тооны халх бөө уламжлалаа авч үлдэх хүнд сорилтыг 200 гаруй жилийг туулж, шашингүй үзлийн сүүлийн 70 жилд тасрахад хүрсэн байдал харагддаг.
    Өнөө цагийн ихэнх халх бөө буриад бөөгөөс эх авсан уламжлалтай байна. Тэгээд ч нэг дор хэдэн зуугаар бөө босгох зан үйлийг дэлэгрүүлсэн. Одоо цагийн халх бөөд буриад бөөгийн олон чанар нэвт шингэсэн харагддаг.
    Бөө мөргөлийн гол үйлчин нь өвөг дээдэстэй харьцах, тэнгэр сахиустай харьцах, уул усны эзэд буюу лус савдагтай харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд болох бөө юм. Бөө хүнийг зөвхөн өвөг дээдэс нь онго болсон бол сонгож шийднэ. Онгодын дээр “Дээд тэнгэр” гэж буй.
    МБНЭ-д багтдаг Өмнөговийн залуу улаач нар өөрийн уламжлалт бөө мөргөлийг авч явахын тулд их эрэл хайгуул хийж байгаа билээ.
    Бөө болох хүний уг гарвалыг тодорхойлох, онгодтой нь учруулж золгуулахаас эхлээд хуяг хударга /дээл хувцас/-ыг заах, онго тэнгэрийнх нь дуудлага, суудлагыг олж биед нь суулгах хүртлэх бүх үйлийг гүйцэтгэгч бөөг “Замч” гэж нэрлэх ажгуу.
    Иймд замч заавал энийг энгэх, тэрийг тэгэх ёстой, тахилаа заавал тэгэж өрөх хэрэгтэй гэж бултыг нэг бүрчлэн сургах ёсгүй. Хэдийгээр нэг заяачийн олон шавь байлаа ч онго тэнгэрийнх нь зан үйл, ёс заншил, дэг жаяг харилцан адилгүй байдаг байна. Гэх олон зүйлээр ихээхэн ялгаатай байна.
    Их газрын чулууны нэгдсэн тахилгын Галын тахилга өвөрмөц болж чадсан. Их галын отгыг тойруулж наран цацрал мэт холбон долоон гал бэлджээ. Түүний өмнө талд лусын зан үйл хийхээр бэлдсэн харагдана. Энэ удаагийн Галын тахилгыг Монгол бөөгийн зайран Гэнэнхүү толгойлон бөөлж эхэлсэн. Бөөлөлт эхлэж онгодоо татаж буулгасны дараа тэргүүлж бөөлж байгаа улаач нараа удирдан дараалан отго омгийн галаа бадруулж эхэлсэн.
    Галын тахилгаа нар зөв тоойрон бадрааж онгодоо буулгалаа. Зайран Түвшинжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнх-Очир, Монгол бөөгийн тэргүүн зайран Тамжид, Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс нар дараалан тэргүүлж бөөллөө.
    Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар онгодоо буулгаж, галдаа идээний дээжээ өргөх зан үйлийг удирдсан. МБНЭ-ийн удирдлага галд шүүс өргөж, дараа нь оролцсон олон зорьж авчирсан идээгээ галдаа өргөлөө.
    Галын тахилгад цугларсан олон ая дуугаа өргөн онгод юугаа баясан цэнгүүллээ.

    djmedia:713
  • Ес. ТЭНГЭРИЙН ТАХИЛГЫГ БУРИАД БӨӨ НАР ХИЙЛЭЭ.

    Яг энэ л газар Монгол бөөгийн Тэнгэрийн тахилга боллоо. МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар толгойлон бөөлсөн нь олонтай билээ.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяагийн удирдсан, Отгонтэнгэр хайрханд Дорнодын Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүд, Гандан уулын тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Отгонсүрэн, Амгаланням (хожим тахилгад толгойлж бөөлөхөө таслаж, цол буурсан), Бурхан халдун хайрханы тахилга болон Хөх уулын тахилгад Монгол бөөгийн их зайран Болд толгойлон бөөлж байсан түүхтэй билээ.
    Буриад бөө нар чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байдаг.
    Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Эн ёсын дагуу өмнөх өдөр нь Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн өргөх шүүсээ бэлтгэх зан үйлийг хийсэн байдаг.
    Буриад тамлаг цуурайтан их тахилга эхэлсэн. Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн толгойлон бөөлж, түүний араас шавь, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа тэргүүлж бөөлсөн билээ.
    Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол буриад бөөгийн онцлогыг харуулж бөөлсөн бол Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа Халх бөөгийн жачгаар бөөлсөн нь содон байлаа.
    Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн бөөлөлтийн зан үйл хийхдээ Монгол буриад бөөгийн онцлогыг тусгайлан тайлбарлаж байсан нь улаач, шүтлэгтэн нарт ойлгоход дөхөм байлаа.
    Тэнгэрийн тахилгын төгсгөол цугларсан олон ая дуугаа өргөн онгодоо баясан цэнгүүллээ.

     

    djmedia:712
  • Найм. ДАРХАД БӨӨЛӨӨ БҮХИЙ ЛУСЫН ТАХИЛГА

     

    Их газрын чулууны Лусын тахилга хойд талын хөндийд болсон. Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лусын тухай ойлголт юм.
    Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг.
    Хайрханы тахилгаас зүүн тийш орших хэд хэдэн усны ундрагын холбоосыг сонгон Лусын тахилга хийхээр бэлджээ.
    Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг салхиын аясаар намирна. Хөвсгөлийн дархад, цаатан бөөгийн тамлага цуурайтан, хэнгэрийн дуугаар түрэн Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөллөө.
    Түүний ард олон улаач нар хагас саран хэлбэрээр дугуйлан сууж хуур манжигаар тахилгын бөөлөлтийг дэмжин түрсэн билээ. Зон олны минь залбиралын түрэлт тахилгыг улам хүч оруулсан нь лавтая.
    Нэгдсэн тахилгын Лусын тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран Пүрэвдорж тэргүүлэн бөөллөө. Миний мэдэхийн гэрийн онгод нь хамгийн олон жил тасралтгүй залж ирсэн түүхэн уламжлалт нандин өв юм.
    Түүний бөөлөлт өөрийн өвөрмөц өнгө аясыг өөртөө шингээсэн улаач хүний сонирхон судалбал зохих олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Их газрын чулууны нэгдсэн тахилгын Лусын тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн бөөлөлтөөс уламжлалт бөөгийн өвөрмөц бөөлөлтийг нэгэн суудлаас харах хэн бүхэнд олдохгүй нандин боломж байлаа. МБНЭ-ийн хамт олныг төлөөлөн Лусын эзэнд 9-н мөрт илгээх айлдвар гаргасныг үндэслэн бичиж цунцалд өргөлөө.
    Мөнх тэнгэр, эзэн хаан Чингис мину
    Мэлмий үл хүрэх, уудам сайхан эх орон мину
    Сонсогтун:
    Хүн гүрнээс уламжилсан бөө мөргөл мину
    Хүмүний ёсон монголын минь шүтээн болж,
    Хүслийн дээд эрхэм зорилго мину биелэх болтугай

    Түмний дээдэлдэг тэнгэр та мину
    Түмний залбирдаг онгод та мину
    Түмний эрхэмлэдэг шүтээн та мину

    Монгол түмнийг минь өршөө, өршөө, өршөө

    Дархад ёсоор өргөлөө цунцалаар өргөснөөр тахилга өндөрлөв.

    Их газрын чулуунд лусын олон судалтай, нутгийн ард түмэн “Уст хад”-ыг дөрвөн алд уурга оруулахад ёроолд нь хүрдэггүй гүнзгий гэж ярьдаг, нүдний мах ургах, улайх зэрэгт энэ рашаанаар нүдээ угаадаг ажгуу.

    djmedia:711
  • Долоо. ХАЛХ БӨӨГИЙН ЖАЯГААР ХИЙСЭН ХАЙРХАНЫ ТАХИЛГА

     

    Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөг, хайрхад савдагуудтай. Хайрхаддаа зориулж, Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж. Өлзийсайхан толгойлон бөөлж, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Зайран Бум-Эрдэнэ нар тэргүүлж бөөлсөн билээ.
    Хуран цугларсан олон улаач нарын хуурын түрлэгт хайрхадын савдаг баясан цэнгэсэн. Өмнө ирж залбирч байхад цагаан янгир гарч ирж билээ. Түүнийг нэгдсэн их тахилга хийх хүслийг хүлээн авч байна гэж үзсэн билээ. Тэгээд ч энэ удаагийн МБНЭ-ийн нэгдсэн тахилга хийгдэж байгаа энэ билээ.
    Их газрын чулуу Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц, Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн дөч гаруй агуйтай, “Эхийн умай”, “Уст хад” тахилгын өргөлд баясан хэнгэрэгийн дуу цуурайтан ариусгаж байлаа.
    Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.
    МБНЭ-ээс Хайрханд өргөл өргөхдөө Монгол нэрмэл архи өргөж байх, хадаг бус цуудар өргөх шийвдэр гаргасан билээ. Хайрханы овоонд идээний дээжээ тусгайлан томилсон зайран, иргэд овоонд өргөж, хүргэснээр Хайрханы тахилга өндөрлөсөн юм.

    djmedia:710
  • Зургаа. СОЛОНГО ТАТСАН НАРНЫ ТАХИЛГА

    Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх “Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт гардаг “Хур харцагын таг” юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоо тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал олонтой юм.
    Энэ нутагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “ембүү” хад, “Лян буюу үр гуйх” хад зэргийг монголчууд зорин ирж, хүслээ шивнээд явдаг гэх баримтууд олон бий.
    Ийм байгалийн өвөрмөц тогтоцтой Их газрын чулууны байрлалд Нэгдсэн их тахилгын Нарны тахилга болсон. Өглөөний наран мандах мөчид халх бөөгийн тамлага агаарт цуурайтан монгол бөөгийн нарны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал толгойлон бөөлж эхэллээ.
    Түүний араас Монгол бөөгийн тэргүүн зайран Доржпүрэв, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар хуур манжигаар дэмжин бөөллөө.
    Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байв. Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батжаргал нарандаа залбирч бөөлөх, өргөл өргөх зэрэг олон бусдад сургамж өгсөн сайхан үйл боллоо.
    Тэнгэрт наран мандах мөчид давхар солонго татаж хур бороо дуслаж эхэлсэн. Толгойлж бөөлж байгаа удганаа дэмжин цугласан олон улаач нар хуур, манжигаараа дэмжиж байлаа.
    Газар газраас хуран цугларсан олон улаач нарын их түрлэг хүч нэмэн нарны тахилгыг улам сүр хүч оруулж, зан үйлийг баяжуулж байлаа.

    djmedia:709