Category: Бидний тухай

  • Гурав. Говь дахь хээрийн онгод

    Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатарын олон үеээрээ амьдран ирсэн Хар толгой дахь Тэмээн хаданд хээрийн онгодоо байрлуулсан байна. Бөөгийн урц байгуулж, эргэн тойрныг байгалийн тогтоцтой уялдуулан байгууламжаа хийжээ.
    Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар өөрийн хээрийн онгон дээрээ өөрийн болон нутгийн зон олны тухай сэтгэгдэлээ ярина билээ. Халх бөөгийн мөн чанарыг харуулсан, онцлогыг тусгасан уламжлалыг хөгжүүлэх талаар хийж буй их эрэл хайгуулын нэг нь энэ хээрийн онгодын урц байлаа. Энэ л Тэмээн хаднаас эргэн тойрон нутгийн байршил тов тодорхой харагдана. Хээрийн онгод дээр очсон энэ өдөр сэвэлзүүр салхи салхилсан дулаахан өдөр таарлаа. Энэ газар бол Ханбогд хайрхан, Таван толгой хайрхан, Цогт цэций сумын дунд орших говийн үзэсгэлэнт газар байлаа.

    djmedia:510
  • Хоёр. Өмнийн говийн Таван толгойд

    Цогтцэций сумаас урагш, Гашуунсухайт орох замаар 90 км давхиад Гавилуут багийг нутагт орж явчихлаа. Одоо нутгийн хадтай толгодыг сүлжин явсаар хоёр дахь сайр дээр зарим жижиг машин элсэнд суув. Хэдүүл түрсээр сайраас гарч нэг их явалгүй зорьсон газар болох Улаан овоогийн намаржаанд болох Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийнд ирлээ.
    Аян замын явцад цаг хугацаанд захирагдсаар яг шөнийн 00 цаг өнгөрөх мөчид ийнхүү зорьсон газраа ирлээ. Олон арван машин, зон олон, түүний шавь нар цугларч өргөө гэрийн үүдэнд цугларч гар барин мэндэлж биднийг хүндэтгэн угтаж авлаа.
    Гэрийн төвд идээ ундаагаа тавьж түүнийгээ тойрон суусан цугларсан олон, хотоос ирсэн бидэнтэй хөөрөг зөрүүлэн мэндээ асууцгаан танилцав. Зуны улирлын байдал, холын замын сонинг дурсах ярилцлага завсарлаад, шууд л ажилдаа орцгоолоо. Хэдий шөнө дунд эхэлсэн байсанч болзоо тавьсан ёс заншлын дагуу дараагийн ажил эрчимтэй эхэллээ.
    Энэ бол галын тахилга байлаа. Гол бадамлан асч эхэлмэгц Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээ хуяглан босч, галын тахилгаа толгойлон бөөллөө. Түүний араас шавь нар нь дэмжиж бөөлснөөр галын тахилга ид хүчээ авч өрнөлөө. Энд хүрэлцэн ирсэн шавь нар бүгд хуяглан боссон байлаа. Монгол халх бөөгийн дэг жаягийн дагуу ийнхүү галын тахилга сайхан болж өнгөрлөө.
    Өглөөний нар ургахтай зэрэгцэн дараагийн ажил эхэллээ. Есдүгээр сарын хичээлийн жил эхэлж байгаатай уялдан хүн болгонд хувийн ажил ихтэй байсан ч зон олон, нэр хүндтэй удганаа зорин цугларсан байлаа.
    Говийн малчин улаачид хэрхэн өөрсдийн онгод, сахиусаа залж явдаг талаар нийтэд бодит үлгэр жишээ болсон Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийн гэрийн онгодын өргөөнд зочлов. Нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болсон гэрийн онгодоо залсан монгол гэр, түүнийгээ хамгаалан эргэн тойрон хашаа барьсан ажээ.
    Харин удганы хээрийн онгод монгол орныхоо тусгаар тогтнолын бэлэгдэл болсон удган модтой холбоотой юм. Улаан овоо хэмээх толгодын дунд орших Хар хадны ам хэмээх нутгийн домог болсон газар байдаг. Хар хадан дээр эртний монголчуудын үлдээсэн хадны зураг тод харагдана. Өвөг дээдсийн үлдээсэн хадны зургуудыг сонирхож явахдаа бахархах сэтгэгдэл аяндаа төрнө. Хар хадны дэргэд нэгэн удган мод байх бөгөөд түүнийг нутгийнхан Бөгтөр удган мод хэмээн хүндэлэн шүтнэ. Тэртээ хувьсгалын жилүүд болох 1920-иод оны үед хувьсгалаас даажин зүгтаж явсан гамингийн цэргүүд Хар хадны судгаар явж байхдаа энэхүү удган модыг сэлмээр цавжсан гэдэг домогтой. Цавжсан талруугаа улаан хөөс цахарч байгаад эдгэсэн гэх бөгөөд мод тэр талруугаа бөхийч эдгэрчээ. Тэгээд түүнийг нутгийнхан Бөгтгөр удган мод хэмээн нэрлэх болжээ. Харин Бөгтгөр удган модыг цавжсан гамингууд үерийн усанд живж үхсэн домогтой билээ. Одоо ч олон хүний яс гарч ирдэгийг гамингийн яснууд гэх бөгөөд домог нь түүхэн явдал байсныг гэрчилнэ.
    Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээ хээрийн онгод болох Бөгтгөр удган модондоо өргөл өгөх зан үйлээ хийсэн билээ. Тэгээд тэрхүү Бөгтгөр удган модны сүүдэрт сууж монгол бөө шүтлэгийнхээ тухай ярилцлага хийж билээ. Энэ жил бороо хуртай байсны илэрхийлэл болов уу, үерийн ус нэг тонны усны савыг хэдэн км урсган удган модны дэргэд авчирсан харагдана. Удган мод очихын тул хадтай толгод, элсэн сайрыг туулан бартаатай замыг туулан очно.
    Удган модонд очсоны дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Цэцгээгийн шавь нар бөөлж, онгод, сахиусаа зална билээ. Ийнхүү говь нутгийн бөө нарын цугларалт өндөрлөж, цугласан олон тарцгаасан юм. Налгар сайхан халуухан өдрүүд байсан нь нутгийн олон цугларч залбирах боломжийг бүрдүүллээ. Тэндээс бид Цогтцэций сумыг зорьсон билээ.

    djmedia:509
  • КОВИДТОЙ ЗУНЫ АЯЛАЛ (2021)-ӨМНӨ ЗҮГ.Нэг. Дундговь аймагт

    Холимог үүлтэй өдөр байв. Буянт ухаагийн чиглэлэээр хуучин нисэхийн өмнө шинээр зассан хурдны замаар “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг зорьлоо. Хурдны замаар анхлан зорьчиж байгаа хэрэг. Уг замаар автомашин зорчих нь цөөн байгаа ажээ.
    Мандалговь хотод аялалын багт Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан нэгдэж цаашид аян замаа үргэлжлүүллээ.

    Дундговь аймгийн онцлог газраас дурьдвал:
    Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.
    Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг, хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд 2003 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.
    Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино. Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал байдаг.
    Бага газрын чулуу өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг.
    Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.
    Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.
    Энэ бүхнээр олонтой аялжээ. Өмнийн говийн энэ удаагийн аялал ажил үйлсээр арвин байгаа билээ.

    djmedia:508
  • Гурав. МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨСӨН БААТРУУУДАА ЗОРИУЛСАН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.

     

    Их, бага баатруудын онгон орших энэ л газарт олон зуун бөө нар цуглан хүндэтгэл үзүүлж, дурсгалын самбараа байгуулж байсан. Одоо тэр газар бусдын эзэмшилд очиж, бид ч хүндэтгэл үзүүлэх боломжгүй болгосон байгаа. Тиймээс төлөөлөн болон очиж, хашааг даван орж, дурсгалын самбартаа цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Хэзээ нэг цагт монголчууд олноороо дурсан хүндэтгэл үзүүлэх цаг үе ирнэ.
    Үүний дараа Толгойтын зүүн салаанд Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилга болох газарт бид очсон. МБНЭ-ийн төв асарын өмнө монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн тугийг залсан байв. Төв хэсэгт галын тахилгаа хийхээр бэлтгэлээ хангажээ.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан тахилгын ажиллагаа өсвөр үеийнхэний үндэсний бөхийн барилдаанаар эхэллээ. Үндэсний бөхийн барилдаанд залуу бөх Хаш-Эрдэнэ түрүүлж, Баасанжав үзүүрлэж, Пүрэвдагва, Мөнхбат нар шөвгөрсөн байна.
    Үндэсний бөхийн барилдаан өндөрлөх мөчид Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын нээлтийг хийж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэллээ. Хэдий цар тахал газар авсан хэдий хүндэтгэлийн арга хэмжээг таслалгүй хийж байгааг онцлон тэмдэглэлээ.
    МБНЭ-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгохын ач холбогдлын талаар онцлон ярилаа.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан тахилгын талаар мэдээлэлийг энэ ажиллагааг зохион байгуулж байгаа Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун танилцууллаа.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад тусласан багш Бат-Өлзийд бөхийн шагналыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдлага гардуулж өглөө.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Мөнхчулуун толгойлон бөөлж ийнхүү эхэллээ.
    Галын тахилгыг Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэнгийн гал, Монгол бөөгийн зайран Ц.Тамжидын гал, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Лхагва нарын гал, Монгол бөөгийн удган Сарантуяа, Удган Сайнзаяагийн гал тус тус бөөлөө.
    Ийнхүү арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан Галын тахилгад Увс аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлж Болд, Дархан-уул аймгийн Хөтөл тосгоноос, Өмнөговь аймгиас төлөөлөл оролцлоо.
    Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгад 81 удган, зайран, шүтлэгтэн нар оролцлоо.
    Арга хэмжээний эхний хэсэг болох Богд хан уулын ард, хатан Туул голын урд эрэг дээр байрлуулсан Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан дурсгалын самбарт цэцэг өргөх үйл ажиллагаа хэтэрхий сунжирсантай холбоотой, галын тахилгын ажиллагаа 2 цагаар хоцорч эхэлсэнд уучлалт хүсье.

     

  • Хоёр. ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН НАР ДАЙЧИН УЛАМЖЛАЛАА СЭРГЭЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА.

    djmedia:497

    Энэ үнэт зүйлээ улам боловсронгүй болгож удирдахуй ёсонд энэхүү шүтлэгийн эрдэмийг ашиглаж ирсэн нь их хаадын ялалт, амжилтын үндэс байсан юм. Удирдахуй ухаанд далд мэдрэхүйг ашигладаг байсан гэж би хэлэхийг хүсч байна. Тухайлбал ганцхан жишээ дурдая. Халуун орны мөрний эрэгт хэдэн зуун мянган цэрэгт бүслэгдсэн цөөхөн монгол цэрэг үхлийн аюулд тулгарахад Цэргийн жанжин нь зарлиг буулган улаачаа бөөлүүлэн их цас оруулж, бээрсэн дайсны цэргийн дундуур ямарч хохиролгүй цэргээ гаргаж байсан түүх байж л байна. Гол асуудалдаа оръя.
    Дэлхий даяар түгсэн, олон зуун сая шүтэн бишрэгчтэй, тэднээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, олон мянган жилийн туршлага хуримтлуулсан баялаг түүхтэй, материалаг бааз суурь нь бэхжсэн, мянга, мянгаар тоологдох сүм хийдтэй, сурталчилгааны хүчирхэг хэрэгсэлтэй, өөрийн телевиз, радиотой, лам, пастор гээд бие даасан тусгай бэлтгэгдсэн олон мянгаар тоологдох хүний нөөцтэй, нэгдсэн удирдлагаар явуулдаг өдөр дутмын үйл ажиллагаатай энэ их хүчирхэг гадны шашины эсрэг, тус тусдаа үйл ажиллагаа явуулах сонирхолтой хэсэг бүлэг, галууд, тэд хаяахан нийлж тахилга, чанар хийдэг, олон зуун хүнийг даатгал ивээлдээ багтаан залбирдаг бие даасан хувь улаач нар, их мэдэгчид, шүүмжлэхийг эрхэм болгон шүлсээ үсчүүлдэг, бие биендээ “тамын тогоог” санагдуулдаг, нэр бүхий хэдэн бөө нараас бид бүрдэж байгаа.
    Нэгдсэн тахилга гэж юу юм бэ? гэж зарим нь шүүмжилдэг. Тийм зүйл байгаагүй гэж зарим нь бичиж байна. Тиймээ, сүүлийн олон зуун жил ингэж олуулаа нэгдэж тахилга хийж байгаагүй. Тэгэхдээ цаг, цагаараа байдаггүйг бүгд мэднэ. Бид олон жил хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулан дэвшүүлсэн билээ. Тэдгээрийн эхэнд нэгдсэн тахилга хийх асуудал байсан. Энэ асуудалд даруй есөн жил зориуллаа. Нэгдсэн тахилга хийх нь монголын төрт ёсонд тэнгэр үзэл гол үндэс болох цагт бид төрийн тахилга хийх аргачлалыг боловсруулахыг зорьсон хэрэг юм. Зарим байгууллага зүгээр л бидний үйлийг дууриаж “хөглөж” байлаа.
    Хэрэг дээрээ бид олуулаа нэгдэж, долоон өвгөн одны тахилга, хайрханы тахилга, лусын тахилга, тэнгэрийн тахилга, атаа таван тэнгэрийн тахилга зэргийг тус тусад хийж байсан. Тахилга бүрийн онцлог энд харагдаж байсан. Энэ бол их эрэл хайгууль байсан. Бид төрийн тахилга хийх боломжийг эрж, хайж, судалж байсан хэрэг юм. Тэгээд бид зорьсондоо хүрсэн. Бусад шашинууд лус савдагийн унтаа байдалд байлгаж тахидаг бол монголчууд бид жинхэнэ утгаар нь сэрээж, идэвхижүүлж, амилуулж тахидаг, бидний нэг онцлог энэ билээ. Төрийн тахилгад толгойлж нэг л бөө хайрхан, лус, савдаг, тэнгэрийн болон бусад тахилгыг нэгтгэн тахиж хийх болно. Энэ бол хоёр дахь онцлог, гэхдээ уламжлаад ирсэн зүйл.
    МБНЭ-ийн ДЦХ-н даландолдугаар хуралдаан дээр бид төрийн тахилга хийх аргачлалын эхний хувилбарыг тавьж хэлэлцэж тодотгосон. Одоо бид төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийхэд бэлэн гэж хэлж чадна.
    Дараа нь хэрэгжүүлэх гэж байгаа бодлого зорилт бол Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүд, Монгол туургатангуудын уламжлалыг сэргээн хөгжүүлэх, тэдний оюун санааны дархлааг бэхжүүлэх, үндэсний зан үйлийг дэлгэрүүлэх зорилтыг үндэслэн Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан, тэнгэрийн “Улаач”, түшээ нар манлайлан жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгохыг зорьсон билээ. Будда, иссус нар өөрийн өдөртэй байхад монголын тэнгэр шүтлэгтэнгүүд яагаад өөрийн өдөртэй байж болдоггүй юм.
    Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж, монголчууд малын тараг, тэвээрээ үзэж ирэх өвлийг хэрхэн давах бэлтгэлээ хэрхэн хангаснаа шинждэг өдөр юм.
    Хамгийн утгатай асуудал болох Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх өдөр болно. Амьд дээр баярлуулж байя л даа. Зөндөө бичдэг зүйлээ ажил хэрэг болгоё л доо. Жилдээ ганц өдрийг эцэг, эх, эмээ өвөө нартаа зориулж болохгүй гэж. Ямар ч завгүй байсан эцэг, эх, эмээ өвөө нараа баярлуулая. Энэ тийм хэцүү юм гэж үү.
    Дээр өгүүлсэн “онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж” гэдэг нь тэнгэрт байгаа өвөг дээдэс, өвгөд буурлууд, эцэг эхдээ мөн л хүндэтгэл үзүүлэх зан үйл юм. Энэ бүхэн нийлээд иж бүрэн монгол зан үйлдэл болж байгаа юм.
    Эцэст нь Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийхийг зорьж байна. Дэлхийн хуурай газрын бүхэлд нь хамарсан мянга орчим газарт бидний өвөг дээдсийн хувь заяатай холбоотой дурсгал үлдээжээ. Тэд өнөөгийн энэ их газар нутаг, хүн ардынхаа төлөө амиа өгсөн баатруудын хөрс, цус амь нь шингэсэн дурсгал билээ.
    Энэ их хувь тавиланг бидэнд үлдээсэн баатруудынхаа дурсгалыг нь өнөө үе бид, залуучууд дурсахгүй юм бол өөр хэн дурсах юм. Тэдний сүнсэнд залбиран мөргөж талархалаа илэхрийлэхгүй юм бол хэн үүнийг хийх юм.
    Бид улаач нараа тэнгэрийн тамгатай гэдэг, тэнгэрийн тамгатай юм бол тэнгэрт нь хүртэл баатруудынхаа сүнсийг баярлуулахгүй юм бол өөр хэн баярлуулах юм бэ.
    Энэ удаагийн зан үйлийг МБНЭ-ийн залуучууд удирдаж хийлээ. Энэ их үйлийг санаачилан хийж байгаа залуусдаа баярлаж байна. Тэдний үйлд алдаа оноо байж болно. Даахин доороос эр босдогын адил, залуухан улаач нар дотроос хүчирхэг зайран, удган нар босох л болно.
    Биднийг шүүмжлэхийг, шоолохыг үл тоо, залуучууд ирээд оролц, бөөл, өөрийгөө сорь. Залуу нас алдаа оноон дээр босдог юм.
    Шүүмжлэгч хүний шүлс нь үсэрч байхад, Хөдөлмөрч хүний хөлс урсаж байдгийг санагтун…
    ХИЙНЭ гээд явж байгаа хүнд ерөөл өг
    ХИЙГЭЭД явж байгаа хүнд урам өг
    ХИЙСЭН хүнд шагналыг нь өг
    ХИЙНЭ ДЭЭ Ч байхгүй хүнд ЮУ Ч БҮҮ ӨГ
    Мөнх тэнгэрийн хүчин дор
    Их эзэн хаан Чингисийн ариун сүнс ивээх болтугай.

  • МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМИА ӨРГӨСӨН БААТРУУДАА ДУРССАН ТАХИЛГА БОЛЛОО. Нэг. ОГТ ДЭМЖИГДДЭГГҮЙ ҮЙЛ ХЭРЭГ

    Нэг л мэдэхэд МБНЭ-ийн төвийн бяцхан өрөө шороо бүхий саваар дүүрсэн байлаа. Нэгэн дипломатын охин, удган энэ ажлыг хийжээ. Хамгийн баруун цэг нь Шайо голын хөвөөнд европын шигшмэл 85 мянган цэргийг хиар цохин 65 мянган цэргийг нь устгасан, монгол цэргийн дайтах хосгүй ур чадвар, сүр хүчийг үзүүлсэн тулалдаанд амь үрэгдсэн монголын 1000 дайчдын булшнаас тэдний алдар гавъяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсан байдаг. Дараа нь Польшийн Легницийн тулалдааны болсон газраас монгол цэргийн булшнаас хүндэтгэн залсан шороо бий.
    Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатрууд, Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нарын түүхэн газрууд материал ирэв.
    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсийн үлдээсэн газар нутаг, хамгийн зүүн цэг Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нарын оршуулганаас шүншиглэсэн шороог авчирав.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн очиж, түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн бунханаас залсан шороо ирлээ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа нэр бүхий газар, Өмнөговийн Булган сум, Ховдын Дарив сумын бөөгийн овооноос шүншиглэсэн шороог залж иржээ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ бахархан дурсаж тэр л газраас залж ирсэн шороо байна. Дээрх түүхийн дийлэнх нь монголын хатан зоригт цэрэг эрсийн түүх байдаг.
    Тэгээд энэ олон цугларсан шороо хөрсөнд нь шингээж байрлуулах шаардлага тулгарав. Ийм шаардлагаас улбаалан Засгийн эрхийг барьж байсан Монгол Ардын нам, Монголын ардчилсан нам, МАХН-д учир зовлонгоо айлтгаж Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтнүүдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлагыг дэмжиж өгөхийг хүссэн билээ. Харамсалтай нь энэ санаачлагыг аль ч намууд ажил болгон дэмжээгүй юм.
    Тэгээд арга ядаад, цугларсан шүншиглэсэн шороогоо Их богд уулын ард, хатан Туулын урд хөвөөнд хүндэтгэн залах ажиллагаа зохион байгуулсан байдаг. Залуучууд их цуглардаг энэ газар шүншиглэсэн шороог залав.
    Энэ ариун хүндэтгэлтэй газарт хэрхэн хүндэтгэлийн газар байгуулахаа тэр үед зөвлөлдөн ярилцаж ийм шийдэлд хүрсэн байдаг. Тэгээд тэнд бүгд цугларан дурсгалын самбар босгож шүншиглэсэн шороогоо залах ажиллагаа хийсэн билээ. Тэрхүү зураглалаа энд тавьж байна.
    Гэвч удалгүй хэн нэг нь тэрхүү газрыг тойруулан хашаа барьж улмаар уулын сэтэлж хэд хэдэн хөшөөг нураан зам тавьж эхэлсэн. Монголын бөө нар ч зүгээр байсангүй, их бага баатруудын онгонд учрыг мэдүүлж, уулынхаа савдагыг догшруулах зан үйл хийсэн. Түүний дараа Тува, буриадаас ирсэн бөөгийн төлөөлөгчид бөө нарын хийсэн зан үйлийг дэмжиж, монгол бөө нарынхаа бүтээсэн зүйлийг нураасан эздэд зориулж хатуу зан үйл хийж билээ. Одоо тэрхүү газрыг “онгичсон эзэн” нь байхгүй болоо биз ээ. Ийм үйл явдал өрнөсөөр нилээд хэдэн жил өнгөрлөө.
    Бид ч үйл ажиллагаагаа өргөтгөн Монгол төрийнхөө төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэг хүрээлэн байгуулах санаачлага болгон өргөтгөн төр барьж байгаа МАН-ын удирдагад хүсэлт болгон тавсан байдаг, дэмжиж байна гэж хүлээж авсан байдаг.
    Гэвч энэхүү үйл хэрэг ажил болоогүй огт дэмжигдээгүй өнөөг хүрч ирлээ. Монгол төрийн төлөө амиа өргөсөн баатруудаа хүндэтгэдэг цаг үе ирнэ. Түүнд огт эргэлзэхгүй байна. Үүнийг монголчууд бид өөрсдөө хийнэ. Бидний төлөө харийнхан зүтгэхгүй гэдгийг бүү мартагтүн.

    djmedia:498
  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР

    Мөнх тэнгэрээ шүтэгч, Монгол туургатан,
    тэнгэрийн “Улаач”, түшээ, шүтлэгтэн нарт

    Нэг. Жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгосугай.
    Хоёр. Энэ өдөр тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэх,
    Гурав. Монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх, Монгол төрийнхөө төлөө амиа өргөсөн баатруудынхаа төлөө нэгдсэн залбиралын зан үйлийг хийж хэвшүүлсүгэй.
    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • УРИЛГА

    Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн Галын тахилга хийгдэнэ.
    Төв хэсэгт Монгол Улсын төрийн далбаа, Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн далбааг байрлуулсан байна.

    11.00-Монгол үндэстэн баатруудынхаа амиа зориулсан газраас хүндэтгэлийн шороо залсан хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа.
    (Их, бага баатруудын аманд) Дээд цэцийн хуралдайн гишүүд

    12.40-Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. (Толгойтын Цагдаа толгойн ойролцоо)
    12.45- Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэн зориулсан Галын тахилгад зориулсан хүндэтгэлийн үг хэлнэ
    Д.Жаргалсайхан -МБНЭ-ийн Ерөнхийлөгч

    12.55- “Эцэг, эх, өвөг дээдсээ хүндэтгэх өдрийг тэмдэглэх тухай”, МБНЭ-ийн зорилтын мөн чанар, агуулга” үг хэлнэ.
    Д.Одонхүү- МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн Их зайран

    13.00-Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх Галын тахилгад зориулсан өсвөр насны хүүхдүүдийн үндэсний бөхийн барилдаан

    14.00- Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлэх Галын тахилгын тахилгын ажиллагаа
    Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнхчулуун

    14.00-Нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийх.
    17.00-Нийт оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулж хаалтаа хийнэ.

     

  • ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУРЫН НЭГДСЭН ТАХИЛГА-(2021-3)

    Бүгд майханаа барьж оройн хоолоо идчихээд цугларсан олон гал түшин, элдвийг ярилцсаар шөнө дөл болсон байлаа.
    Өглөөний наран мандаж, энэ өдөр тэнгэр цэлмэг биднийг угтлаа. Их замаар Хар зүрхний Хөх нуур зоригсод тасралтгүй цувна. Жин үдэд тахилга эхлэх байсан учраас өглөөний ажиллагаа тайван аажуухан үргэлжилж бэлтгэл ажиллагаа хангагдав.
    Өнгөрсөн жилийн Лусын тахилга хийж байсан газраас багахан доошлож тахилга хийх газраа сонгожээ. Энэ нь тодорхой шалтгаантай байсан. Тахилга хийх газрын ойролцоо хоёр ч булаг оршино. Хар зүрхний Хөх нуурын Лусын тахилга хийх бэлтгэлээ хангаж, идээ, өргөлөө зассав. Нэгдсэн тахилгын бөөлөлт хийх газар болон хайрхан, нуурын зүгрүү баримжаа авч байрлалаа зассан харагдана.
    Нэгдсэн тахилгын нэгэн үндсэн хэсэг болсон Лусын тахилга өндөр үүрэг, хариуцлага хүлээсэн бөөлөлт байсан. Тахилгын бөөлөө хийх газрыг тойрон улаач нар, шүтлэгтэн олон хоёр эгнээ болж суудлаа эзлэв.
    Цаг агаар тогтуун мөнх хөх тэнгэр хагас үүлгүй шахам харагдана. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул бөөлж эхэллээ. Нэгдсэн тахилгад оролцогчид хуур манжиг, хэнгэрэгээр дэмжин залбирал хийнэ.
    Тамлага юугаа дуудаж, онгодоо дараалан залж, бөөлөлт үргэжилж байна. Олон зүйлийг эндээс харж болохоор байна. Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул олны итгэлийг даахуйц хэмжээнд хүрсэнийг түүний бөөлөлт харууллаа. Олонтой шүүмжилж байснаас нэг ирээд харчих нь улаач нарт хэрэгтэй байдаг.
    Өнгөрсөн жил тавьсан болзоондоо ирж залбирч, бөөллөө. Энэ их хэл ам, хатуу хөтүүг даван туулж бөөлөөний болзоондоо ирсэн улаачдаа таларханам. Хайрхан болон галын тахилгын хувьд улаач нарт нь бэрхшээл тохиолдож бөөлөх боломж гарсангүй. Улаач хүний зүтгэл өөрөөс гадна өрөөлөөс хамааралтай байдаг. Тийм л явдал боллоо. Сайн улаачид саад мундахгүй. Бэрхшээлийг давах дутам чиг хандлага чинь улам тод томруун болно. Саад бэрхшээлийг улаач хүндээ голдуу сорил болон тулгадаг нь олон жилийн туршлагаас харагдаж байна.
    Ийнхүү Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилга сайхан болж өнгөрлөө. Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын Лусын тахилгаар Эх орон, олон түмнийхээ төлөө, сайхан сэтгэл, зүтгэлээр бөөлж байгаа зорилгоо тэнгэртээ уламжлан хүргэлээ.
    Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул бол Монгол бөөг уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж яваа залуу төлөөлөл юм. 2014 онд Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон, 2015 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон, 2016 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон, 2017 онд “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон. Нарны залбиралд оролцсон, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад зохион байгуулж оролцсон. 2019 онд Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон. 2021 онд ийнхүү Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгад Лусын тахилгыг гуравдахаа толгойлон бөөллөө. Залуу үе маань монгол соёлын үнэт өвөө нэр төртэй залгамжлан авч яваад таларханам.
    Энэ удаа уламжлал ёсоор залуу улаач нартаа бөөлөх боломж гаргасан болно.
    б. ДҮНГИЙН ХУРАЛ
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурлаа хийлээ. Улс орны маань орчин цагийн жаягаар шинэ хаанаа сонгосон жил билээ. Энэ бол түүхэн цаг мөч. Мөнх тэнгэр үнэнч шударгыг эрхэмлэдэг. Тиймээс шинэ хаанаа түүхэн их сорилгод оруулж байгаа. Дэлхий даяар тархсан нийтийг хамарсан өвчин, хүнд хатуу өвөл, улс төрийн нөхцөл байдал, улам бүр хүнд сорилын өмнө аваачиж байна. Олон зүйл амьдралаар шалгагдаж, улс төрчдийн нүүр царай тодорхой болно. Хүссэн ч, эс хүссэн ч луйварчид зайлж одох он жилүүд эхэлсэн билээ. Эх орноо аваад явчих олон сайхан залуу үе бэлэн болжээ.
    Ийм үед Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилга болж өнгөрлөө. Нэг хэсэг нь бидэнтэй өрсөлдөн тахилга нэртэй зүйл хийнэ. Хаяахан нийлж хийдэг тахилга бол улаач нарын байнгын хийдэг зан үйл билээ. Бусад шашин байгууллагуудтай өөрсдийн үйл ажиллагаагаа харьцуулаад бодоод үзээрэй. Тэд байнгын ажиллагаатай, олон давуу зүйлүүдтэй, сүм хийд, лам, пастер гээд орон тооны ажилтантай, сурталчилгааны телевизтэй, эдийн засгийн хүчирхэг дэмжлэгтэй. Тэр түвшинд хүрэхэд бид нэгдэж байж л ойртох болов уу. Манайхан шалтгаан олоходоо гаргуун тэгээд тэд шашин, бид зан үйл хэмээн тайлбарлах байх. Хуулиндаа будда, иссус, бөөг адилхан шашин гэж тодорхойлдог.
    Хувь хувиа хичээн бөөлж явдаг цаг хугацааг хичнээн магтлаа ч, хамгааллаа ч тэр бүхэн цаг хугацаатай хамт хувь улаачийн зүтгэл болон үлдэх болно. Оромдоод явдаг тэр цаг үе дуусч байна. Харин улаач хүн өөр, өөрийн замналаар явдаг ч нэгдэх цаг болсоныг цаг үе мэдрүүлж байгаа билээ. Өөрийгөө товойлгох гэж хичнээн мэрийгээд нэмэргүй, цаг хугацааны “цавчаанд” жинхэнэ зүйл л үлдэж хоцорно. Нэгдэж чадахгүй бол бид бусдын амны “зугаа” болно. Хувь хувиа амиа бодоод хичнээн цамнавч тэр хэмжээгээр олон түмэн биднийг зөв ойлгохгүй. Зуу, зуугаар тоологдон бүртгэгдсэн бөөгийн байгууллага байгаа боловч бөөгөө тогтвортой сурталчилаад олон түмэнд хүргээд ажиллаад байгаа нь бараг, байхгүйтэй адил юм. Хаяахан нийлээд хийх тахилга, бөөлөөгөө бичихээс илүү чадваргүй, нийгэмд тэнгэр үзлээ, бөө мөргөлөө бодлогын чанартай сурталчилсан байгууллага үгүйлэгдсээр байна.
    Хар зүрхний Хөх нуурын Нэгдсэн тахилгын дүнгийн хурал дээр Монголын их эзэн Чингис хааныг өргөмжилсөн энэ л газар “Мөнх хөх тэнгэр, бөө мөргөлийн өмнө тулгарч байгаа бэрхшээл түүнийг даван туулах зорилтын тухай” МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан мэдээлэл хийсэн билээ. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Тэргүүн удган А.Оюунтуул онгодын айлдвараа хуралдаан дээр танилцуулав.
    Дүнгийн хуралд МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлийг төлөөлөн, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Төлөөллийн зөвлөлийг төлөөлөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Залуучуудын зөвлөлийг төлөөлж, Залуучуудын удирдагч, Монгол бөөгийн удган Сэргэлэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Монгол бөөгийн удган Анхмаа, Н.Лхагваа, Хөвсгөлийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн удган Цэндсүрэн нар оролцсон байна.

    djmedia:490
  • МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДАЛАНДОЛООДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ1

    МБНЭ-ийн фейсбүүк болох “Монголын бөөгийн нэгдсэн эвлэл Mongoliin boogiin negdsen evlel”-ын уншигчдын тоо 370 мянгад хүрлээ. Энэхүү фейсбүүк нь өдөр дутмын байнгын ажиллагаа явуулж байна.
    МБНЭ-ээс хийсэн youtube.com-д тавигдаж байгаа кино мэдээлэл болох Mongolian shaman News 1-154 дугаарын үзсэн үзэгчдийн тоо 150 мянгыг давсан байна. Энэхүү ажлыг ганц хүн саннаачлан эрхлэн ажилласаар өнөөг хүрч иржээ.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс санаачлан энэхүү мэдээллийг эрхлэх админыг орон тоогоор ажиллуулах санаачлага гаргасан байна.
    Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс гаргасан санаачлагыг үндэслэн ТОГТООХ нь:

    Нэг. Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнээс жил бүр админы хоёр сарын урамшуулалтыг хариуцан ажиллахаар гаргасан санаачлагыг МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд, бусад Аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд дэмжин ажилласугай.
    Хоёр. Тэнгэр шүтлэгтэн, улаач нараас дэмжих аяныг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
    Гурав. Санаачлагын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг МБНЭ-ийн Бөөгийн зөвлөлд даалгасугай.

    Хуралдааны тэргүүлэгчид

    1. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн гаргасан санаачилгыг дэмжих тухай