Category: Бидний тухай

  • ДӨРӨВ. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ХАВРЫН ТАХИЛГА

    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн 2 нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт буюу Канадын нутагт хурдны зам дээр таардаг бол 4 дэх нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөлийн нутагт давхацдаг байна. Энэхүү огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуураас хойш байрладаг. Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай.
    Иргэд Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин очигсод ихсэж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна. Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч “ямар хийморьтой хүн бэ, ямар одтой хүн бэ” гэхчилэн ярилцаж ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
    Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол дээр Эрдэнэхайрхан уул оршдог. Монголчууд энэ чанарыг эрт дээр үеээс мэдэрч энэ хайрханыг тахиж, шүтэж ирсэн байдаг. Эрдэнэхайрханыг тойрон үе удмаараа амьдарч ирсэн нутгийн олны төлөөлөлийн нэг нь Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар билээ. Тэрээр энэ удаа Хайрханы хаврын өргөлөө өргөхөөр ирсэн байлаа.
    Түүний хаврын тахилгад түүний багш, Хөвсгөлийн алдарт Цэгмэд удганы хүү, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар оролцсон билээ.
    Тахилгын дараа Эрдэнэхайрханы жижигхэн агуйд орж, түүхийн мөчлөгөө дурсан ярилцаж билээ. Маргаашийн холын аяндаа бэлтгэж багийн хуралдааны танхимд хоноглож, аян замын сониноо ярилцсаар унтаж амрав.

    djmedia:554
  • ГУРАВ. МӨРӨН ХОТ ДАХЬ УУЛЗАЛТУУД

     

    Хөвсгөл аймаг монгол бөөгийн түүхэн онцгүй үүрэг гүйцэтгэдэг аймаг. Энэ талаар эртнээс алдартай нутаг. Аялал жуулчлалын хөгжүүлэх тухай их ярьдагч гол брендийн нэг болсон бөө мөргөлд нэг их ач холбогдол өгдөггүй.
    Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэржавхлантай хэдхэн хором уулзав. Сүүлийн 30 жил аймаг удирдаж яваа олон л даргатай уулзаж байсан. Уймраадуу, бухимдуу нэгэнтэй уулзаад өнгөрөв. Ийм хүитэй дахиж уулзаж цаг үрэх дэмий байдгийг амьдралын туршлага хэлээд байдаг юм. Ийм үед ажлаа мэддэг хүнтэй уулзах нь зөв байдаг. Сошиалаар дүүрэн Аймгийн засаг даргын цар тахлын үед тогтоол зөрчиж, тавилга, автомашин, наадмын талбай зэрэг үргүй зардал гаргасан тухай мэдээлэл байх юм.
    Аймгийн засаг даргын хэлтсийн даргатай уулзсан нь цагаа олсон ажил болж санал бодлоо өргөн хэмжээтэй ёолилцож чадлаа. Угтаа бол бид төрийн ажилд чимх ч атугаа тус болохыг эрмэлзэж байгаа хэрэг юм.

    Нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. Монгол улсын хэмжээнд хүн амын болон малын тооллогын дүнгээр улсад тэргүүлжээ. Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой.

    Мөрөн хот нь төвийн бүсийг өрнөд бүстэй холбох авто замын зангилаа, худалдаа эдийн засгийн томоохон хот юм. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 76.9 хувийг халх, 13.7 хувийг дархад, 5.2 хувийг хотгойд ястан эзэлдэг. Мөн цөөн тооны буриад, дөрвөд, урианхай, цаатан, өөлд иргэд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

    CNN телевизээс сэтгэлээ сэргээж, алжаал тайлах сайхан байгальтай дэлхийн шилдэг 10 газрыг нэрлэсэн бөгөөд үүнд Монголын бөө удганчуудын өлгий нутаг Хөвсгөл аймгийг багтаажээ
    Aймгийн нийт нутгийн 35.4 хувийг ойн бүс эзэлнэ. Ойн бүсэд хар модноос гадна гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит ба шилмүүст мод ургана. Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийгдсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу, гантиг, боржин чулуун ордууд байхын зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялагууд бий. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын “Даян дээрх” зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад байгалийн гайхамшигтай үзмэрүүд юм.

    Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн буган хөшөө, хиргисүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кульбилгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

    djmedia:553
  • ХОЁР. БУЛГАНД УЧИРСАН БАГШ ШАВЬ ХОЁР.

    Яагаад ч Булган хот хөгжил нь зогсчихсон юм шиг санагддаг билээ. Бага байхдаа анх ирж байсныг бодвол хэдэн барилга нэмэгдсэн харагддаг. Бараг тавиад жилийн өмнөх анх ирж байсан хэрэг Ийм сум маш олон байна. Цахилгаантай болсон, Захиргаа, сургууль, эмнэлэгийн барилга шинээр баригдсан. Иргэд ахуйгаа сайжруулах гэж барьсан байшин байна аа. Тэгээд бүтээн байгуулалт хязгаарлагдана. Харин хувь хүний зүтгэлээр боссон олон бүтээн байгуулалт бий.
    Булганы хойд нутгаар явахад бэлэн болсон Боомт, шороон засмал зам бэлэн болчихсон байж билээ. Нэгэн газар монголдоо байхгүй саун, зочид буудалтай таарч байсан. Бас монголдоо томоохонд орох уурхай, цогцолбортой танилцаж байлаа.
    Булган хотоос хөдлөөд нэг их удалгүй Өлзийхутагийнд энэ жилдээ хоёрдахаа зочиллоо. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, өөрийн гарын шавь нарын нэг Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутагтай уулзалдав. Сүүлийн хэдэн жил уулзалдаагүй багш шавь хоёрт ярилцах зүйл их байлаа. Өлзийхутаг бол маш хөдөлмөрч хүн, дээр нь олон зүйлээр хойч үедээ үлгэрлэл, манлайлал, улаач хүний хүнд сорилтыг туулсан “баатарлаг тэмцэгч” билээ.
    Бид цааш хөдлөөд Уньт багийн рашааны сувилалын амралтад ирж хоносон билээ. Өглөө эрт аяны хөдөлгөөнөө эхэллээ. Тун ч удалгүй Булган аймгийн Хутаг-Өндөр сумын дэргэдүүр өнгөрлөө. Ардын Хатанбаатар Магсаржав нь тус сумын Өвөр цагаан бургас хэмээх газар төрсөн билээ. Орчин цагийн цэргийн жанжинуудын нэг. Магсаржавын өвөг дээдэс голдуу цэргийн гавъяаны гүн цолтой хүмүүс байсан бөгөөд Магсаржав нь 7 дахь үеийн хүн байжээ. 1912 онд Баруун хязгаарыг төвшитгөх сайдаар томилогдон Ховдыг дайран эзэлж, манж хятадуудыг буулган авчээ. Магсаржавын гавъяаг Богд хаант Монгол улсын Засгийн газраас үнэлж үе улиран залгамжлах Хатанбаатар цол олгожээ. 1914 онд зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, Цагаан Оросын үлдэгдлийг дарах зэрэг цэрэг дайны үйл ажиллагаанд оролцжээ. 1919 онд Монголын автономитыг устгаж Хүрээнд орж ирсэн хятадууд 1920 оны дундуур Магсаржавыг Хүрээний нууц бүлгэмүүдтэй холбоотой хэмээн баривчилж шоронд хорьжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Хүрээг эзлэн авахдаа Магсаржавыг суллаж, Богд хааны түр сэргэсэн Засгийн газарт Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгүүлжээ. 1921 оны 7 дугаар сард Улиастайд байрласан цагаантны удирдагч Вандановыг устгажээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн баруун аймгуудад Ховд, Улаангом, Толбо нуур, Гурванцэнхэрийн сав газруудаар бүгэж байсан цагаантны цэргийн хүчнүүдийг даржээ. Магсаржав Зөвлөлт Орос Улсаас тусламж гуйх үйл хэрэгт идэвхтэй оролцож, 1922 онд цэргийн яамны сайдаар томилогдож, Зөвлөлт Орос Улсын Засгийн газраас Байлдааны гавъяаны Улаан тугийн одон, 1924 онд Ардын Засгийн газраас “Ардын” хэмээх цолыг тус тус олгожээ. 1924 онд МАХН-ын Төв Хорооны гишүүнээр сонгогдсон ба Москва хотод албан ёсоор айлчилж байжээ.
    Магсаржав нь Чингис хааны удмын сурвалжит цэргийн жанжин бөгөөд XX зуунд хүний зүрхээр туг тахисан сүүлчийн монгол жанжин юм. Алдар гавъяаг мөнхжүүлэх зорилгоор Булган аймгийн төвд Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжүүлэн бунхалжээ. Нутгийн ард түмэн Магсаржавыг шулуун шударга зантай, ажилсаг хичээнгүй, олон үггүй төлөв төвшин, эрэмгий зоригтой, морины ба бөхийн цолыг сайхан дууддаг, дуунд авъяастай байсан хэмээн ярилцдаг байжээ.

    djmedia:552
  • НУТГИЙН МИНЬ ХОЙМОРЬ БОЛСОН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД НЭГ. ЛҮН СУМ.

    Аяны өглөө тэнгэр цэлмэг сайхан байлаа. Сүүлийн хэдэн хоног бөгчим халуун хотын хүмүүс зуны ид халууныг сануулж байлаа. Хүмүүс зуны халуун үед өмсдөг хувцсандаа орсон байсан. Аяны зам энэ удаа нийслэлээс Лүн сумын чиглэлд хөдлөв. Тал ногоон туяа татаж өвс соёлж бүйг илтгэнэ.
    Манайханы байнга ирж мод тарьдаг байсан аж ахуй руу замын хажууд харагдав. Бид Лүн суманд иржээ. Лүн сумаар өнгөрөх бүрдээ ардын хувьсгалтай нас зацуу, Д.Төмөр-Очирын тухай бодол сэтгэлд цухалзана. Тэрээр энэ сумын жирийн малчны хүүхэд, Аж үйлдвэрийн комбинатын ноосны дагалдан пүүлэгчээр ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1938-1941 онд Орос Улсад Дорно Дахины Дээд Сургууль төгсөж, 1945-1950 онд Ломоносовын нэрэмжит Москва хотын Улсын их сургуулийн философийн ангид суралцаж манай улсаас анх удаа философич мэргэжил эзэмшсэн бөгөөд 1953 онд ЗХУ-ын Коммунист Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академид философийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан анхны философийн ухааны эрдэмтэн хүн юм. 1954 онд МАХН-ын Төв Хорооны тогтоолоор Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Тэргүүлэгч есөн гишүүний нэгээр, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн анхны есөн академичийн нэг болж сонгогдсон юм.
    1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тэмдэглэх ажлыг хөөцөлдөн зохион байгуулсан нь үндсэрхэх үзэлтэн хэмээн буруутгагдахад хүрч элдвэр хэлэгдэн хэлмэгдэж 1985 онд зэрлэгээр алагдсан бөгөөд 1990 онд цагааджээ. Тэр нэгэн үеийн эх оронч сэхээтнүүдийн нэг байсан.
    Лүнгийн Туул голын гүүр гараад төв замаас эгц хойш эргэн Лүнгээс Баяннуурын замруу орлоо. Өгссөөр даваа даваад уруудан Сайханаагийн хэмээх малчин залуугынхаар орж үдийн хоол идлээ. Өнөө цагийн хот орчмын малчин айлын сонгодог жишээ бол энэхүү малчин айл билээ. Хот газрын хэрэгцээ бүрэн хангагдсан. Нарны туягаар цэнэглэгддэг цахилгаан эх үүсвэрээр гэрэл, хөргөгч, телевизэрээ бүрэн хангасан байна.
    Дашинчилэн сум
    Энэ чиглэлийн замын түүхийг сайн санаж байна. УИХ-ын дарга Энэбиш энэ замыг тавих санаачлагыг гаргаж байсан билээ. Тэгээд энэ зам Лүнгээс Баяннуур, Дашинчилан чиглэлийн зам тавигдсан түүхтэй. Булган, цаашлаад Хөвсгөл явахад энэ зам нилээд датуу юм.
    Дашинчилан суманд Төр нийгмийн зүтгэлтэн Сономын Удвал 1921 онд төрсөн Д.Төмөр-Очиртай нас чацуу нэгэн байжээ. Москва хотод Дорно дахины судлалын дээд сургууль, ЗХУКН дээд сургууль төгссөн. 1937 оноос уран бүтээлээ эхэлж Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” бүтэээлээрээ 1978 онд Төрийн шагнал хүртсэн.
    Удвал гуай 1932 оноос Өмнөговь аймгийн яам, цэргийн хэлтэс, намын хооронд бичээч, 1937 онд Улаанбаатарт багшийн сургуульд ирээд, 1937 онд Эвлэлийн байгууллагын даалгавраар Дотоод яамны гал командад бичээчээр, Москвад сургууль төгсөж ирээд Өмнөговь аймагт сонины эрхлэгчээр томилогдон ажиллажээ. Самбуу гуйн адил төрийн ажлаа Өмнөговь аймагаас эхэлсэн байдаг. тай холбоотой юм.
    Удвал гуай бол Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч, Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгч буюу Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч, Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Монголын Зохиолчдын Хорооны даргаар ажиллахдаа 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны даргаар мөн хавсран ажиллаж ирсэн Монголын нийгэм төрийн нэрт зүтгэлтэн билээ. Нэгэн цаг үеийн ихэр боловч өвөрмөц хоёр хувь заяа ажгуу. Хаврын бүгчим халуун машины хурданд сэрүү татна.

    djmedia:551
  • Гурав. ГАЛЫН ИХ ТАХИЛГА

    Гурав дахь жилээс эргээд нарны тахилгаа Хүй долоон худагт үргэлжлүүлж хийж билээ. Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Бамжаргал нар гурван жил дараалан Нарны тахилга хийж байсан.
    Ийнхүү энэ удаагийн тахилгыг Монгол бөөгийн удган Х.Майцэцэг амжилттай сайн зохион байгууллаа. Энэхүү тахилгад монгол нутгийн аймаг сумдаас ирсэн төлөөлөл хүрэлцн ирж дэмжин оролцсон. Хамтарч нэгдэж ажиллахын нэг онцлог энэ. Ганц, ганцаараа, эсвэл гал галаараа, багштйнхаа удирдлага дор бөөгийн зөн үйлийг хийсээр ирсэн. Олон улаач нар нийлж байгаа үзэл бодол дээрээ нэгдэж ажиллах нь тулгамдаж байгаа асуудал юм. Бид энэ чигт л явж байна.
    Монгол бөөгийн удган Х.Майцэцэгийн удирдлага дор бүгд гар нийлэмжтэй ажиллаж галын тахилгын бэлтгэл ажлыг хангалаа. Галын тахилга эхлэх үед олон хүн нэмж ирсэн. Тус галын их тахилгад сонгогдсон хорин нэгэн удгад зайрангууд Төр, Түмэн олноо даатгаж мөн зорин ирсэн бүхнийг ивээлдээ багтааан бөөлсөн билээ.
    Монгол бөөгийн хамтарч бөөлөх, хүсэл зорилгоо нэгтгэн эх орон, түмэн олныхоо төлөө залбирахад бөөгийн зан үйлийг хатуу сахилга дэг журамтай хийх нь маш чухал байдаг.
    Энэхүү галын тахилгыг хамтран зохион байгуулсан улаач нартаа баярлалаа. Бас талархал илэрхийлье.
    Галын тахилгыг дэг журамтай сайхан зохион байгуулсан нь өөр зүйл хүсч байсан зарим хүмүүсийн дургүйг хүргэж байгаа бололтой. Энэ бол бидэнд байгаад байдаг хаявал зохих зан авир билээ.
    Урьд өмнөх галын тахилгууд толгойлж бөөлөх улаач зан үйлээ эхлэнгүүт араас нь дуртай нь хуяглан бөөлж замбараагүй байдал газар авчихдаг байсан. Энэ удаа толгойлон бөөлж буй улаач зан үйлээ хийхдээ дэг журмаа хатуу баримтлан зохион байгуулж хийлээ.
    Харин тахилга дээр гэнэт ирсэн зочин тэрхүү дэг журмыг эвдэн Тахилгын галд дураараа юм өргөх гэж “дайрсан” байдаг. Үүний цаана зориуд хэл ам өдөх гэсэн оролдлого явж байсан. Бусдынхаа үйлийг үл хүндлэх зан чанар энд харагдаж байна. Хэдий бид хүний эрх чөлөө ярьж, дураараа байх зарим эрх эдэлдэг гэлээ ч тахилгад хатуу дэг журам баримталж ажиллахгүй бол галаа “сэвтээдэг” гашуун туршлага бий. Түүнээс сэргэмжилж нэгдсэн удирдлагаар галын дэг журмыг сахиж ажиллах ёстой.
    Зав муутай нэгэн байх юм бол тахилгад зорьж очихын хэрэг юун билээ. Бүр болохгүй бол бусдадаа захиж өргөлөө хэлээд орхиж болно шүү дээ. Бөө нар бусдынхаа хийж буй зан үйлийг чин сэтгэлээсээ дэмжихийн оронд зориуд хэл, ам гаргаж маргаан үүсгэх шаардлага үгүй билээ. Зохион байгуулагч үл зөвшөөрсөн бол түүний шаардлагыг биелүүлэхэд л ямарч хэл ам гарахгүй өнгөрөх боломж бүрдэнэ. Тахилга зохион байгуулагчийн нэр хүндийг гутаах гэж их л оролдох шиг боллоо. Харин би бодохдоо залуу хүн гэхэд маш сайн зохион байгууллаа гэж дүгнэж байна.
    Хүн муулсан хүн өөрийгөө л таниулж байдаг. Дэлхий нийтээр тогтсон ёс зүйн хэм хэмжээний доод төвшинд очихоороо бие хүний хувийн чанарыг муугаар төсөөлөх гэж оролдох, нэр гоч өгөх, доромжлох гэж оролддог. Ийм ёс зүй ичигвэтэр болсон хэв хэмжээ, өөрийнхөө сул талыг илэрхийлсэн алхам байдаг. Юун хүнээр уучлал гүйлгах, бусдын үйлийг үймүүлсэний төлөө, өөрөө цугласан олноос уучлал гуйж сурах хэрэгтэй болов уу.
    Түмэн олондоо зориулсан Нарны тахилга амжиллтай болж өнгөрлөө.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс бүгдийг ивээх болтугай.

    djmedia:546
  • Гурав. НАРНЫ ТАХИЛГАД ЗОРИУЛСАН НААДАМ

     

    Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнхчулуун өмнөх намрын тахилгуудаар үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж хэвшсэн.
    Бөхийн барилдаан нь тахилгын зан үйлийн дараа зохион байгуулдаг үндэсний наадмын гол хэсэг юм. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.
    Энэ жилийн нарны тахилгын үеэр үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх оролцов. Хүч үзсэн барилдаанд Мөнхболд, Ганбаяр, Азбаатар, Элдэв Очир нар шөвгийн дөрөвт үлдэж, түрүүлж, үзүүрлэлээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон шөюөгт үлдсэн бөхөд Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”, ”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг(сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуу сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно.
    Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.
    Энэ удаагийн Нарны тахилгад хүчээ сорьсан сурын харваачдаас эхний байруудад шалгарсан харваачдыг МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар эхний гурван байранд шалгарсан сурын харваачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор”,”Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагналаа.
    Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна. Энэхүү наадмын бэлтгэл гарсан дааганы уралдааныг Нарны тахилгын наадамд шандас сорин уралдуулав.
    Миний хувьд олон жил дотроо бодож явсан Тахилгын үед наадам зохион байгуулахад ямархуу дүр төрхтэй байх талаар төсөөлөл минь ажил болж хэрэгжив. Өмнө бид Цаст хайрхан болон Хөх уулын тахилга дээр наадам амжилттай зохион байгуулсан туршлага бий. Харин хотын ойролцоо үндэсний их баярын өмнө бэлтгэл ажлын үед наадам зохион байгуулбал ямар байх талаар таамаглал төсөөлөл тодорхой боллоо.
    Нарны тахилгад зориулсан хурдан дааганы уралдаанд айргийн тавд орсон даагийг цоллож, хүчит бөхийн барилдаан, үндэсний сур харвааны шагнал гардууллаа.

    djmedia:545
  • Нэг. ӨГЛӨӨНИЙ ӨНГӨ БА НАРНЫ ТАХИЛГА.

     

    Нарны тахилгын өглөөний нарыг хэрхэн мандах бол, үүлтэй, бас бороотой байх болов уу гэж сэтгэлээ шаналгасаар шөнийн уртыг өнгөрүүлдэг. Нарны тахилгыг зохион байгуулах их ачаалалыг нуруундаа үүрсэн хоёр залуу маань энэ шөнийг догдлон өнгөрүүлсээр нойргүй хонож байгаа. Шөнө бороо хаялсан болохоор өглөө битүү үүлэрхэг байх магадлал өндөр байсан билээ.
    Үүрйин гэгээ орох үед тэнгэр бүрхэг харагдаж байлаа. Зүүн зүгээс тэнгэр онгойх сэтгэлийг гэгэлзүүлсээр тэнгэрийн хаяагаар хөх тэнгэр найдвар төрүүлэн мэлтийнэ.
    Тахилга хийхээр цугларсан олон гэр, асараа тойрон журамтай буусан харагдана. Өглөөгүүр шүтлэгтэн олны цуваа тасралгүй нэмэгдсээр нарны тахилгын талбай зон олноор дүүрэн харагдана. Энэ бол 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хүй долоон худагийн Цагаан хөтөлд болох Нарны тахилгын эхлэлийн дүр зураг байлаа.

    Өглөөний гэгээ орж, нарны туяа уулсын цаанаас аажимхан нэмэгдсээр шинэ өдрийг тунхаглан Наран мандах мөчид Хорин нэгэн морин хуурч хуурийн эгшигэнд монгол ардын уртын дууг тоглож уужим талд ард олны сэтгэл сэргэж, баярын сэтгэлийг огшоож цуурайтуулав. Юутай сайхан монголын минь нэг өглөө.
    Монгол морин хуурын эгшиг үргэлжилж, Хорин нэгэн уртын дуучид Монголын уртын дуугаа нарандаа илгээхэд хорвоо дэлхий юутай сайхан хослон үзэгдэнэ вэ.
    Нарны их тахилга, залбиралийн үйлийг эхлэж, Монгол бөөгийн удган, Гооршчууд Х. Майцэцэг толгойлж бөөлж эхэллээ. Бөөлөх явцдаа бие даасан бол хамтарч, нэгдэж бөөлөх үйл ажиллагааг сайн зохион байгуулжээ. Нийтэд болон нийгэмд бөөлөлтийг харуулах уялдаа холбоог гаргаж чадлаа.
    Энэхэн мөчид Хорин нэгэн алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулсан алдарт ээжүүд сүүн цацлаан нарандаа өргөн залбирцгаалаа.
    Толгойлон бөөлөлтийн араас Хорин нэгэн удгад зайрангууд нэгэн зэрэг нарны залбирал үйлдэж төр түмэн олноо Алтан шар нарандаа даатган бөөлөв.
    Байгаль дэлхий олон төрх өнгөө гайхуулж, тэнгэрт солонго татав. Энэ бүхэн тахилгын нэг содон тэмдэгийг илэрхийлнэ. Маш нарийн тогтсон эмх журам, ёс заншил үргэлжилсээр Нарны тахилгын эхний хэсэг өндөрлөсөн билээ. Үүлэрхэг тэнгэр онгойж цэнхэр тэнгэр хурц нар дэлхийг соёрхолоо.
    МБНЭ-ээс зохион байгуулж байгаа нарны тахилгыг гурван жилээр нэгэн улаач хариуцан хийдэг нь уламжлал болж байгаа билээ. Эхний гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн зайран Цагаанхүү, дараагийн гурван жилийг Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Батжаргал нар хийсэн билээ. Тэдний тахилга нь өөр, өөрийн онцлогыг тусгасан өвөрмөц өнгө аясыг агуулсаар ирсэн байдаг.
    Харин энэ удаагийн тахилгыг бөөгийн олон багийг нэгтгэн зангидаж зохион байгуулснаар онцлог байлаа. Тахилгыг зохион байгуулахад Монгол бөөгийн түшээ, Ерөнхий зохицуулагч Гончигын ажил зохион байгуулах туршлага, чадвар чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэхийг хүсч байна. Нөгөө талдаа Майцэцэгийн санал санаачлага, ур чадвар тод харагдаж байлаа. Энэ хоёр мөн чанар нэгдэн Нарны тахилгыг өвөрмөц өнгө аясыг бий болгож чадлаа.
    Хамтарч арга хэмжээ хийх, бие даасан багуудын чадварыг нэгтгэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг тод томруун харагдаж байлаа.
    Ажил хийж байгаа хүнд алдаа гаргах нь бий. Түүндээ сургамж авч, давтахгүй байж чадвал дараагийн алхамдаа улам чамбай байх болно.
    Бөөгийн арга хэмжээний нөгөө тал бол хамтарч хийх ажлын санхүүжилтээ босгох асуудал юм. Санаа нийлсэн хамт олон бүрдүүлж тахилгын арга хэмжээг сайн зохион байгуулж чадсан байна. Манай зарим хуучинсаг хэсэг томоохон арга хэмжээг хийхэд зарцуулах хөрөнгийг бөөлөхийн тулд төнгө авлаа гэж буруутгах өнцөгөөс шүүмжилж байгаа нь харагдсан. Тийм бишээ. Одоо цаг үед зохиож байгаа ажлын нэг тал санхүүгээс шууд хамааралтай болохыг хүн болгон мэддэг болсон байх аа.

    djmedia:544
  • ОХУ-ЫН БУРИАД БӨӨГИЙН ШАШНЫ БАЙГУУЛЛАГЫН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАВ

     

    Монгол Буриад бөөгийн язгуурт томоохон өөрчлөлт хийж, монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан зүтгэлтэн бол Б.Ж.Цырендоржаев билээ. Түүний зүтгэл, тэмцэл монгол бөөгийн олон зүтгэлтэнгүүдэд үлгэр жишээ болон тодордог. Бөөгийн төлөө бодит зүйл хийж чадсан зүтгэлтэнээр түүнийг нэрлэж болно. Бөөгийн түүхэнд анх удаа бөөгийн ордонг босгосон түүний гавьяг бахархан дуурсахад таатай байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг хүлээн авч уулзаж санал солилцсон билээ. Энэ удаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, ДЦХ-н гишүүд, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн улган Б.Анхмаа, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Болортунгалаг нар байлцаж сонирхосон сэдвээр ярилцаж санал бодлоо солилцлоо.
    ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаев Монгол бөөгийн тэргүүн зайран П.Нарангэрэлийн онгодын өргөөнд зочилж, монгол бөөгийн хөгжлийн чиг ханлагын талаар ярилцаж, монгол бөөгийн онгодын өргөөний байдалтай танилцлаа.
    МБНЭ болон Буриад бөөгийн хамтарсан тахилгыг Буриадын болон Монголын нутагт хамтран зохион байгуулах талаар санал нэгдэж зөвшилцлөө.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан 2022 оны 5 дугаар саын 27-нд болох Нэгдсэн тахилгад ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагаас төлөөлөгч оролцуулахыг албан ёсоор урилаа.
    Ажлын уулзалтын дараа ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчийн бөөгийн асуудал хариуцсан Зөвлөлийн гишүүн, Бөөгийн “Тэнгэр” шашны байгууллагын ерөнхий дарга Б.Ж.Цырендоржаевыг хүндэтгэн оройн зоог барилаа.

    djmedia:541
  • ХАЛИМАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

    Дараа нь халимагт очиходоо хоёр удаа уулзсан байдаг. Тэнгэр үзлийн талаар түүний туурвисан бүтээл халимагт энэ талаар гарсан цөөн номны нэг билээ. Тиймээс Халимагт очихдоо МБНЭ-ийн мөнх тэнгэрийн төлөө медалиар шагнаж байсан.
    Одоо тэрээр монгол уламжлалт соёлын өвийг сурталчилахад анхаарлаа чиглүүлж байгаа билээ.
    Монголд ирсэн өдрүүдэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Басан Захаровичтай уулзаж санал бодлоо солилцож, буцахад нь үдэж өглөө.

  • МӨНХ ТЭНГЭРИЙН ҮЗЭЛ САНАА УЛАМ БҮР ХҮЧЭЭ АВЧ БАЙНА.

    Б.Б:-Тэгвэл Гадаад арга хэмжээнээс ярилцлагаа эхэлье. Энэ оны эхний арга хэмжээ Хойд Солонгосоос эхэлсэн, тэнд ямар арга хэмжээ, юунд оролцоод ирэв?
    -Миний хувьд МБНЭ-ийн бага хуралдайд санал дэвшүүлж, улмаар шийдвэрлүүлсэн юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор БНАСАУ-ын ЭСЯ-д бид удаа дараа хүсэлтээ уламжилж, цөөнгүй удаа уулзаж байсан. Энэхүү үйл ажиллагаа хэрэгжихэд миний өмнө явуулж байсан үйл ажиллагаа их нөлөөлсөн гэж үздэг. БНАСАУ-тай хамтран ажиллах чиглэлээр “ЧүСөнь” нийгэмлэгийн би анх санаачлан байгуулснаас хойн олон жил өнгөрчээ. Энэ хугацаанд хамтын ажиллагаа өргөжин тэлж, жил болгон харилцан нэг нэгэндээ зочилж, улс орныхоо хөгжил дэвшилтэй танилцах, харилцан ярилцах өргөн боломж нээгдсэн билээ.
    Энэ удаагийн айлчлал БНАСАУ-ын хаврын хамгийн том баяр болох “Цэцгийн баяр”-т оролцоод ирсэн. Манай төлөөлөгчдийг өндөр хэмжээнд хүлээн авч, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн өнөөгийн байдалтай танилцуулсан билээ. Бид айлчлалынхаа явцад БНАСАУ-ын талд өөрсдийн хүсэлтээ илэрхийлж, Солонгост байдаг Монгол хатны бунханд Мөнх тэнгэрийн ёсоор хүндэтгэл үзүүлэх санал тавьсан юм. БНАСАУ бидний хүсэлтийг хүлээн авч, БНАСАУ, БНСУ-ын хилийн бүст очиж танилцсан. Энэ далимдаа хилээс холгүй орших Солонгост дахь Монгол хатны бунханд хүндэтгэл үзүүлэх, хатны бунханаас шүнсэглэсэн шороог эх нутагт нь залах ажиллагааг Мөнх тэнгэрийн ёс, бөөгийн үйлээр хийж гүйцэтгэсэн. Тэнд байхдаа миний анх санаачилсан ажил үр дүнтэй үргэлжилж, олон монгол залуучууд энэ орны хөгжид дэвшил, амжитыг үзэж сонирхож байгаатай тааралдлаа. Түүндээ сэтгэл хангалуун байна. Бас Монгол хатныхаа бунханд очсондоо бүр сэтгэл дүүрэн байна. Хамт энэ ажиллагаанд үүрэг гуйцэтгэсэн Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү нартаа их баярласан.Монгол төрийнхөө даалгавраар харьд очиж, бүх амьдралаа зориулсан төрийн төлөөллийн нэг монгол хатны бунханд очиж зан үйл хийхэд зарцуулсан үйл ажиллагаа, цаг хугацаа, хөрөнгө санхүү гээд олон бэрхшээлийг давж, нэг ажиллагаа дууслаа. Дэлхийн янз бүрийн 500 орчим цэгээс энэ ажиллагаа хийгдэнэ, тэгэхээр энэ бол олон жил, багагүй хөрөнгө шаардсан ажиллагаа болно. Тэгсэнээр бидний дээд буурлууд, эцэг өвгөдийн тухай өргөн ойлголтыг,Монгол төрийнхөө даалгавраар харьд очин амь насаа зориулсан баатрууд, төрийн зүтгэлтэн нарынхаа тухай залуучууд, хойч үе маань энэхүү бүтээн байгуулалтаас харж, сонирхож, судалж мэдрэх байх аа гэж боддог шүү. Өөрөөр хэлбэл үе, үеийн эх орончдын зориулсан амь, амьдралын үнэ цэнээр өнөөдрийн гал голомтоо сахин суугаа Монголчуудын эх нутаг, эх орон бидний гарт уламжлагдан ирсэн юм гэдгийг сануулах зорилготой юм. Бид олон зүйлээ мартаж, басхүү цөөнгүй зүйлээ харийн хаягтай болгосон.
    ОХУ-ын Улан-Үд, Эрхүү, Москва хотод болсон Аугаа их ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо. Хоёр жил дутам болж байсан ОХУ-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн түвшинд хийгдэж байсан хамтын ажиллагааны протоколуудыг хэрэгжүүлэх хүрээнд томоохон ажлууд хийгдэж ирсэн. Хоёр хөрш орнуудтай хамтран ажиллаж байсан тэр үеээ эргэн дурсахад их ажил хийжээ гэж боддог. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд одоо ажлаа хийсээр байна. Төрийн ажлын залгамж чанар тэнд байна. Манайханы хувьд улс төрийн сонгуулийн давалгааны дараа олон ажлаа мэддэг мэргэжилтнүүд “далайн эрэг”-т шидэгдэж одоо гудамжинд ажилгүй явна. Магадгүй гадаад харилцаанд гарсан харилцааны “хүйтрэл” зарим талаар үүнтэй холбоотой. Бидний хамтын ажиллагааг өндөр үнэлдэг байсан. Богино хугацаанд уулзалтууд болж байсан ч эдийн засаг, аюулгүй байдлын бүх хүрээг хамардаг байсан. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны харилцаанд огцом өөрчлөлт гаргахын тулд олон туршлагатай хүмүүсийг ажлаас нь өөрчилсан болов уу. Тэгээд өнөөдрийн үр дүнд хүрсэн гэж үзэж болно.
    Халимагт би бүх монголчуудтай уулзсан. Тодорхой хэлбэл хятадын өвөр монгол, шинжань-уйгарын монгол, афганд амьдарьдаг монголчууд болох могол болон хазарууд, оросын буриад, халимаг, тувачууд, бид нар, узбек, тажик гээд өргөн ам бүлээр уулзсан. Энэ уулзалтыг би амьдралдаа мартахгүй. Эх нутагтаа байгаа монголчууд та нар сэргэлэн цовоо, хийморлог, цоглог, хүчирхэг, цаанаа нэг өөр байх юм гэж хэлнэ лээ.
    Буриадад байхдаа олон сайхан хүмүүстэй танилцсан, тэдэнтэй цаашид хамтран ажиллах болно. Гол бөөгийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Тувад бөөгийн төвүүдээр орж хүмүүстэй нь танилцлаа. Монголчууд Та бүхний хийж байгаа ажлыг сонсоод бид ажиллах асар их урам зориг орлоо гэж ярьж байсан. Энэ үг бидэнд ч, тэдэнд ч их чухал үг байсан. Бид эх орноо тойрон амьдарч байгаа Монгол туургатнуудтай холбогдож чадлаа. Энэ жилийн гадаад харилцаанд тавьсан зорилгоо биелүүллээ.
    Д.Х:-Баруун Алтайд энэ жилийн анхны нэгдсэн их тахилга боллоо. Маш амжилттай болсон гэж сонслоо?
    -Бидний хамтарч ажилласны үр дүн гэж хэлж болно. Нэгдсэн их тахилгыг амжилттай болоход хувь хүмүүс манлайлж сайн оролцсон. Тахилгын дараа цөөнгүй өдөр хур бороо орж, ган тайлагдсанд нутгийн түмэн олон бидэнд талархал илэрхийлж байсан.
    Бүх аймгийн төлөөлөл оролцсон, олон язгуурын бөө нар нэгэн дор цугларан бөөлж, өнөө цагийн Монгол бөөгийн өнгө төрхийг харуулсан сайхан тахилга боллоо. Ийм бөөгийн дэг жаяг, ёс зүйгээ эрхэмлэн дээдэлж хүндэлсэн тахилга ойрын олон зуун жил болоогүй байх аа.
    Анхны тахилгаар энд нуур бий болгоно гэж хэлээд бөөлж байсан газар үнхээр цэлийсэн сайхан нуур гарчихсан, усны шувууд ирчихсэн байхыг харахад бөө нараараа бахархах сэтгэл төрж байлаа. Үнэндээ анх сонсож байхдаа “гарахгүй бол яана даа. Амлах хэрэггүй л байсан юм” гэж дотроо бодож байсан. Гэтэл хэн ч хараад хийж чаджээ гэж хэлэхээр зүйл бий болжээ. Тахилга сайхан болсон бодит олон жишээнээс ганцыг дурьдахад л ийм байна.
    Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд, Монгол туургатаны өлгий нутаг болсон энэ нутагт бид мартагдсан олон зүйлээ сэрэгтэл Нэгдсэн тахилгаа амжилттай хийлээ. Хамтарч ажилласны үр дүнд бид их үр дүнд хүрсэн.
    Д.Х-Та дотоод асуудлын талаар сая дурьдлаа.?
    -Монгол бөөг дөнгөж хөлд орж ядаж байх энэ үед зарим нэг нь улс төрийн “гар, хөл” болгох гэсэн оролдлого хийгдлээ. Энэ бол гэнэтийн зүйл байгаагүй. Эртнээс бэлтгэж, биднийг дотор нь зөрчил бий болгож, хагаралдуулж, задлаад шинэ байгууллага дээр төвлөрөл бий болгох гэсэн ажиллагаа байв. Бидэнтэй хамтарч ажиллаж байх хугацаандаа шинээр эвлэлд хандсан хүмүүсийг нэгтгэн шинэ байгууллагын суурь баазаа болгож, дотоод зохион байгуулалтыг нарийн судалж, дараа нь дотор нь хагалж бутлах, хэрүүл маргаан бий болгож, нэр хүндийг гутаан унагаж, тэгсэнээрээ өөрсдөдөө шинэ нөхцлийг бий болгох зорилгот ажиллагаа байлаа. Өөрөөр хэлбэл Улс төрийн бохир аргаар асуудлыг шийдэх гэсэн оролдлого юм. Тэнгэр үзэлтнүүд нэгдэх үйл ажиллагаа явагдаж байгаа энэ үед маш явуургүй ажиллагаа байсан. Өнгөрсөн оны сүүлийн улиралд МБНЭ-ийн бага хуралдайн бэлтгэл ажлын хүрээнд “дотор нь үймүүлэх” гэсэн тодорхой хүмүүсийн зорилгот ажиллагаа илэрч байсан. Энэ нь бага хуралдайн ажиллагаанд бэрхшээл учруулсаар ирсэн. Мэдээллийн эрин зуунд одоо худал зүйл хол явахааргүй болсон. Энэ бол сургамж.
    Монголчууд бид Мөнх тэнгэрийн үзэл санаагаа сэргээх их зорилгын төлөө явж байгаа. Их зорилгын төлөө явж байх үед явуургүй оролдлого, бэрхшээлтэй олонтой тулгарах болно. Зарим нэг нь зөвхөн бөөгийн үйл ажилагааны хүрээнд сэтгэх тохиолдол гаргаж байсан. Бид чинь шинэ зүйл биш, одоогоор 2223 жилийн өмнөөс дээд буурлууд, эцэг өвгөдийн бүтээчихсэн, бусдын зорилгот ажиллагааны явцад мартагдсан Мөнх тэнгэрийн үзэл санааг сэргээхийн төлөө явж байна. Тодорхой бэрхшээл болгон биднийг шигших болно. Манай байгууллагын хувьд тооноос чанарт шилжих тэр үерүүгээ орж байна гэж хэлж болно.
    Тулгарч байгаа бэрхшээл бүхэн биднийг улам нягтруулж, байгууллагын бүтэц боловсронгуй болж, үйл ажиллагаа жигдэрч сайжран, манай манлайлагч, удирдагч нар “шүүлтүүрээр” шигшигдэн мөн чанар нь танигдах боломж олгодог юм.
    Бидний зорилго, бодлогыг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол, үйл ажиллагааны хурдыг гүйцэхгүй хоцорч байгаа бол, худал ярьж, хоосон амлагчид, бидэнд саад бололгүйгээр сайн дураараа холдох боломжийг өнгөрсөн хугацаанд болсон үйл явц олгосон билээ.
    Ярилцсан Б.Банзрагч