Category: Бидний тухай

  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ. Тав. Баян-Өлгий аймагт

    Өлгий хотод байх хугацаанд Монгол бөөгийн тэргүүн удган Энхээ биднийг өөрт байгаа боломжоороо үйлчилсэн. Оройн цагаар ажлын дараа хуучлан ярилцах сайхан байсан. Бидэнд бусад үед ийм боломж бага олддог. Улаач хүмүүст бас өөрийн гэсэн онцлог яриа өрнүүлэх тийм мөч ховорхон тохионо.
    Өлгий хотын төв талбайд дурсгалын зураг авахуулав. Тэндээс дараагийн хот болох Улаангом руу хөдөлсөн билээ.
    Баян-Өлгий аймаг нь ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг. 1940 онд анхны өрхөө татаж байсан казакын ард түмэн өдгөө олонх болж, монголчууд цөөнхийн цөөнх болсон газар болжээ. Хүн ам нь 93 мянгад хүрч, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. Байгалийн унаган төрхөө хадгалсан нутаг дэвсгэр нь мөнх цааст сүрлэг өндөр уулс, уудам хөндий хотос, тунгалаг уст гол мөрөн, нуур цөөрөм, рашаан булаг, жимс жимсгэнэ, дэлхийд ховордсон эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувууд, алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг эрдэс баялагийн арвин их нөөцтэй аймаг юм.

    15. Бөөгийн овоонд залбирав.
    Бид өвөг дээдсийнхээ өнө эртний энэ сайхан ёс заншил, түүх соёл, төрт ёсны уламжлалыг баримтлан уул овооны тэнгэрийг тайх үйлдэж байна. Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний бахархалт сайхан уламжлал. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон ёс заншил, соёл юм.
    Бөөгийн овоо бол олон мянган жил бөөгийн уламжлалыг таслалгүй тахиж ирсэн, Хүннү, Сүннү, Их гүрний үеээс өмнө өвгөд дээдсийн тахиж шүтэж байсан газар билээ. Олон талаас нь бодсон байгалийн хүчин нөлөөг тусгасан сонголт хийсэн бөөгийн овоо бол ариун шүтээний ордон. Эргэн тойрноо олон тайлагдашгүй бичээсийг мөнхөлсөн Дэлхийн Галарейн төв мөн билээ.
    Энд бид овооны өмнө идээнийхээ дээжийг өргөж, овооны зүг саран хэлбэртэй дугуйран сууж хуур манжигаар хөглөн бөөлж тахилгы идээгээ цунцалаар өгсөн билээ. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Ш.Нямдорж, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Монгол бөөгийн зайран Мөнх-Очир, Тамжид нар бөөлсөн билээ.
    Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна.

     

     

    16. Цэнгэл хайрхандаа залбирав.
    Ховдоос Өлгий хот орох нь хэдхэн цагын асуудал болжээ. Засмал зам бидэнд ийм цаг хугацааны хэмнэлийг олгожээ. Бид Ховд аймгийн хил зааг бүхий Цамбагарав хайрханд залбирч, өргөлөө өргөв.
    Одоо Баян-Өлгийн Толбо сум, Толбо нуурын эрэгт тулж ирлээ. Монголын нэн шинэ үеийн түүхэнд Толбо нуурт монголын тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн монгол-орос цэргийн тулалдаан болсон, цагаантны бүслэлтэд олон хоног тулалдсан тэр газар билээ. Одоо бараг мартах шахаж. Бид аймгийн төвд бэлтгэлээ хангаад Цэнгэл хайрханыг зорьсон билээ.

    МБНЭ байгуулагдаад баруун бүсэд хийсэн, монголын минь толгой уул Цэнгэл хайрханы нэгдсэн тахилга хийгдсэн тэр газрыг зорьсон. Уул усныхаа төлөө цаг наргүй, хөрөнгө мөнгөө зориулан яваа улаач нарын хөдөлмөрийг үнэлэх газар ховор билээ.
    Биднийг хөтөл дээр гарахад анхны тахилга хийсний дараа үүссэн нуур бүхэлдээ харагдав. Эндээс бид дурсгалын зураг авч баярлан хөөрөлдөв. Энд хийсэн бөөгийн нэгдсэн тахилга, хамтран ажилласан үе, үеийнхэнээ дурсан байлаа. Одоо нуур ус нь багассан бараг хатсан харагдана.
    Бид өгсөөр анх Нэгдсэн тахилгын Хайрханы тахилга хийсэн газарт очив. Энэ хайрханыг тойроод 20-иод айл буужээ. Бидний ойролцоо хоёр айл байв. Хайрханд өргөх идээний дээжээ өргөчихөөд залбиралаа хийж эхэллээ. Яах ийхийн зуур хайрхан тойрон үүлшиж, улмаар бороо, мөндөр хаялж эхэлсэн.
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн маань тэргүүлэн, бусад улаач нар хуур манжигаар хүч дэмжин бөөлсөн. Бөөлөө дуусаад хөтлөх агшинд тэнгэрийн үүл арилж, цэлмэж эхлэв. Бид Цэнгэл сум явахаар хөтөл дээр гарахад тэнгэр цэлмийж, нуур эргээд усаар дүүрсэн харагдана. Юутай сайхан агшин билээ. Тэнд байгаа олон айл бөөгийн үйлийг анзаарсан биз ээ. Бид хийдэгээ хийгээд хөдлөв. Нутгийн иргэдэд бага ч гэсэн яриа үлдээсэн бол болоо.
    Ай, Хайрхан минь бид таван жилийн дараа ирлээ, биднийгээ ихэд хүлээжээ. Буянт сумын засаг даргатай урьд өдөр нь ярьсан юм. Хамтарч тахилга хийж байсан билээ. Одоо тэр үеээ мартсан ажгуу. Бөөгийн хөдөлмөр ингэж үнэлэгддэг цаг үе ажээ.

    17.Алтай таван богдод хуяглан бөөлөв.
    Овоо босгож тахина гэдэг нь эх газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бататган бэхжүүлэх, иргэдийнхээ эх оронч үзлийг бадраах утга санаа, үйлдлэг сэтгэлгээг агуулдагт тайлга тахилгын ёслолын ач холбогдол оршино.
    Бидний очсон газар бол Алтай таван богдын бүх оргилууд харагддаг өвөрмөц газар юм. ЭНэ газар бол Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын нэр төр, зан үйлтнй холбоотой, түүний босгосон овоо байдаг.
    Бөөлөөн болох энэ газарт Алтай таван богд маань сүүн голоо илгээн цагаан хадагаа өргөх мэт сүртэй цуурайтан урсана.
    Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх бөөлөөг Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн хуяглан босч хийсэн билээ. Түүний дараа олон сорилыг даван энд ирсэн их говийнхон бөөлөн суугаа харагдана. Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдын туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм. Нүүдэлчин ард түмний аугаа их түүх бичигдсэн нутаг.
    Алтай Таван богд хайрханы тэнгэрийг тайх ёслолыг бид цөөнгүй удаа уламжлалт монгол бөөгийн зан заншилаар хийсэн билээ.
    Дашрамд дурьдахад Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул /4374 м/ бөгөөд Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.
    Таван Богд уул нь таван үндсэн оргилтой бөгөөд Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог.

    djmedia:274
  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ.ДӨРӨВ: Ховд нутгаар

    Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойд цэнхэрийн голын хөвөөнд гайхамшигтай түүхийн дурсгал эдүгээ оршсоор байна. Эндхийн Гурван цэнхэрийн агуй одоогоос 3000-4000 жилийн тэртээх эртний хүмүүс амьдарч байсан ул мөр бүхий ан амьтдын дүрслэлтэй хоёр амсартай агуй юм. Агуйд заан, тэмээн хяруул, ороонго гөрөөсийг зурснаас харахад эрт үед чийглэг халуун уур амьсгалтай байсныг гэрчилдэг. Агуй уулын хормойгоос 100 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд түүний дотор талын өндөр нь 15 метр, багтаамжийн хувьд асар том юм. Гурван цэнхэрийн агуйн дурсгалыг дэлхийн томоохон эрдэмтэд тодорхойлж бичихдээ “Хүн төрөлхтний эртний урлагийн хүчирхэг голомт байсан ба асар өндөр хөгжсөн, уран сайхны их авьяастай, эртний чулуун зэвсгийн зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ. Тиймээс 2010 онд Гурван цэнхэрийн агуйг Монголын есөн гайхамшгийн нэгээр шалгаруулсан юм.

    13.Ховд хотод
    Ховд хот бол түүхт хот. Тиймээс хүмүүс энэ тухай олонтой бичсэн болохоор би нэн шинэ үеийн түүхийг бичихийг зорив. Анх 2013 онд Ховд аймгийн бөөгийн хүрээлэнг байгуулахаар ирж байснаа дурсав.
    Хайж явсаар нэг гэр бүлийн хостой учирсан юм. Тэр үед тэд зах дээр наймаа хийж, амьдралаа босгож яваа шинэ гэр бүл байлаа. Тэгээд МБНЭ-ийн батлах, Монгол бөөгийн альбом, Ёс зүйн номоо үлдээгээд, ажиллах чиглэлээ өгөөд явсан билээ.
    Тэр явдлаас хойш найман жил өнгөрчээ. Өнөө үед улаач нарын тухай таагүй мэдээ арвин байдаг. Энэ түүхийг бөө нар өөрсдөө голдуу бүтээгээд байгаа билээ. Тэгвэл бусдад бахархамаар түүхийг энэ гэр бүл бүтээсэн билээ. Залуу улаач нар зан үйлээ хийхийн зэрэгцээ цаг үетэйгээ хэрхэн зохицож амьдрахын жишээг энэ гэр бүл үлгэрлэсэн юм.
    Одоо Ховд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, удган Ц.Лувсанлхамо нь төрийн ажил хүчин зүтгэж явна. Тэр Жаргалант сумын нийгмийн бодлого хариуцсан засаг даргын орлогчийн албыг хийж байна. Түмэн олныхоо төлөө зүтгэж чадсан, хийсэн ажилтай нэгэн болжээ.
    Тэр олон мянган залуу улаач нарт нийгтийн төлөө хэрхэн ажиллахыг үлгэрлэж чадсан ниймийн зүтгэлтэн болжээ. Залуучууд түүнээс үлгэрлэн бахархаж байна. Бид улаачийн ажлын зэрэгцээ улс орныхоо төлөө, олон түмний төлөө, нийгмийн төлөө ийм л үлгэрлэлээр ажиллах болно. Олон мянган улаач нарт энэ манлайлал туйлын хэрэгтээ байгаа билээ. Бид хийж, бүтээж чадна.
    Баруун Монголын олон ястны өлгий Ховд хотын анхны суурь Эрдэнэбүрэн сумын нутаг Онгоцны улааны урд Согоот уулын зүүн хойт зүгт орших Ховд голын хөвөөний Улаанхаргана хэмээх газарт Монгол улсын түүхэнд Галданбошигт Хаан хэмжээн алдаршсан Галдан цэргийн бэхлэлт, тарианы суурин байгуулахад анх үүссэн гэж үздэг.
    1762 онд Монгол Алтайн нуруунаас эх авсан үзэсгэлэнт Буянт голын хөндийд шилжин суурьшиж байгуулагдсан. Энэ үедээ Буянт голын урд эрэг дээр орших цэргийн бэхлэлт бүхий дөрвөлжин хэлбэртэй 3,5-4 метр өндөр Сангийн хот гэгдэх хэрэм, их бага нарийн зээл гудамжнаас бүрдсэн “Маймаачин гэгдэх худалдааны дүүрэг, Буянт голын хойд эрэг дээр орших Түгээмэл амаржуулагч хийд зэргээс бүрдэж байв.
    Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол улсын хаан 8 дугаар богд Жавзандамба Засгийн газрын 1912 оны эхээр цэргийн яамны Сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ.
    1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн 1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм.
    1940 оноос Ховд аймгийн төв болж байсан бөгөөд 1952 онд АИХТ-ын зарлигаар Ховд аймгийн төвийг Жаргалант хот, 1961 онд АИХТ-ийн зарлигаар Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэжээ. УИХ-ын 1992 онд 23 дугаар тогтоолоор орон нутгийн төв хотуудыг сумын зохион байгуулалтад шилжүүлсний дагуу Жаргалант сум болсон юм. УИХ-ын 2003 онд 02 тоот тогтоолоор Ховд хот нь баруун бүсийн тулгуур төв буюу улсын зэрэглэлтэй хот болсон.

    djmedia:270
  • ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА-МБНЭ байгуулагдсаны 9-н жилийн ойд зориулав. ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ.

    Захуйн говь, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оров. Энэ говь бол олон жолоочийн амь насанд тулсан үйл явдлаар арвин түүхтэй, зориг шаардсан зам байсан. Захын айлаас аваад сайд асанг хүндлэн угтаж билээ. Намхавтар нуруутай Аварзэд гуйа их согтсонч машины жолоогоо хүнд үл шилжүүлнэ. Айлаас айл хэссээр долоо дахь хоног дээрээ Захуйн байн бүрдэд очив. Тэгэхэд миний үзсэн үлгэрийн орон бол энэ баян бүрд байлаа. Цаг агаар намар шиг дулаахан, төрөл бүрийн жимс элбэг, өвс ногоо халиурсан тийм сайхан нутаг байлаа.
    Тэнд Агаараас эсэргүүцэн хамгаалахын нэг анги байсан. Зон олон олноороо амьдардаг, ажил буцалсан баян бүрд байж билээ. Миний анхны их говийн дурсамж ийм л содон түүхтэй байлаа.

    7.Ээж хайрхан мину
    Ээж хайрханд хийсэн 1975 оны миний анхны аялал бас л сонин түүхтэй байв. Хүүхэд байсан болоод тэрүү их сонирхон сонсож билээ. Цогт сумын даргын даргын хүү цэргээс халагдаж ирээд ээж хайрханыг зорьсон тухай, тэгээд тэр ууланд алга болсон түүх ид яригдаж байсан үе юм. Тэрхүү идэрхэн залуугийн бие олон сарын дараа олдсон бөгөөд толгой үгүй, өмссөн дээл нь гандаагүй хэвээр байсан, хадан дээр суугаагаараа байсан хэмээн хүмүүс ярихыг сонсож билээ. Одоо энэ түүх үлгэр мэт сонсогдох биз ээ.
    Ээж хайрханд нэгэн насаараа амьдарсан долоон ямаатай эмгэний домог мэт яриаг нутгийнханы амнаас сонсож байсан. Түүнээс хойш энэ хайрханд олонтой ирсэн, аялсан тоогоо ч мартаж дээ.
    Ээж хайрханы /Хатан хайрхан/-ы байгалийн дурсгалт газарын хэмжээ, 22475 га, хамгаалалтанд ¬1992 онд авсан. Улаанбаатраас 1120 км-т оршдог. Баянтоорой тосгоны төвөөс 56 км байдаг. Говь – Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл 3 сумын зааг нутагт хамаардаг. Алтайн өвөр говийн уудам зайд уул хоорондын цөлөрхөг хотгорт оршино. Энэ нутгийн зон олны голлох шүтээн, хол ойрын зочин гийчдийн нүдийг хужирлаж, мэлмийг баясгадаг хамгийн гол үзвэр бол Ээж хайрхан уулын алдарт есөн тогоо юм. Тогоо бүр устай байх бөгөөд ус ихтэй жил нэгээс нөгөөд дамжин урсаж байдаг. 8-р тогооны төгсгөл хэсэгт хадан дэвсэг дээр тогтсон хөрсөн бүрхэвчинд ургасан томоохон томоохон бургас байдаг. Энэ бургасыг нутгийн ард түмэн эрт үеээс шүтэн хүндлэн дээдэлж, сүслэн залбирч ирсэн. 9 тогооны орчим байгаль сонирхогч, аялагчдын сонирхон үздэг бас нэг зүйл бол “гахайн толгой” хад юм.
    Энэ агуйд хүн амьдарч байсан сонирхолтой түүх бий. Ламын агуйн зүүн талын гүрвэл хад, Бүсгүйчүүлийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, Тэврэлдэн суугаа хос залуус, Түлээний амбаар, Театрын суудал, Ембүү хад, Далайн яст мэлхий, Найрын ширээ хад, Бамбарууш хад, Хүүхэн хэл хад, Цаана нь тагтаа хад, Янзага хад, Сталин, (энэ хэвтэн буй сахалтай нөхөр зөвхөн шөнө харагдана),
    Ээж хайрхан ууланд хамгийн түмээмэл тохиолдох мөлхөгч бол Замба гүрвэл, нутгийхан замба зараа ч гэж нэрлэдэг. Монгол орны хамгийн том биетэй гүрвэл. Үзээгүй хүмүүс гэнэт хараад айж цочиж болзошгүй. Дараачийн нэг болгоомжилох зүйл бол шар аалз. Энэ аалз шөнө гэрэлт олноор цугладаг том аалз.
    Ээж хайрхан уултай холбоотой олон домог яриа байдгийг нэг бол яах аргагүй алмас болно.
    Ээж хайрхан уулын хойт энгэрт нутгийн иргэд төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалан амьдардаг. Энэ хэсгийг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг.

    8.Алсын алсад орших Алтай сум.
    Говь-Алтайн Алтай сум бол монголын минь баруун өмнөд алсын сум билээ. Хамгийн их бартаат замыг туулан энэ суманд очно. Монголын хамгийн алсагдмал холын суманд энэ газар тооцогдох болов уу. Энэ суманд анх ирж байснаас хойш 50 жил өнгөрсөн боловч төвлөрсөн цахилгаангүй, нарны энергээр ажилладаг станцтой, толгодын оройд байсан хөшөөний оронд мобикомын антентай болсоныг эс тооцвол хөгжил дэвшил бараг гараагүй бөглүү газар билээ. Миний анх явж байсан замд хилийн нэг застав шинээр байгуулагдсан, сумын төвд хэдэн дан байшин шинээр барьсаныг эс тооцвол хөгжил зогссон мэт харагддаг. Энэ нутгийн ард түмэнд буруу гэж юу байхав. Гол нь бодлого боловсруулдаг газар, хэрэгжүүдэг засгийн гажиг харагдана.
    Энэ сумыг хүн амын тоог нэмэгдүүлсэн зэвсэгт хүчний нэг анги, хилийн отряд байдаг. Хилийн отряд л тэнд барилга, байгууламжаараа тэргүүлнэ. Хамгийн алсын энэ отрядын хилийн боомт нь хоёр улсын хилийн завсраар 20 гаруй км явж байж зөрж гардаг сонин тогтолцоотой байсан, одоо түүнийгээ зассан байна лээ. Гэхдээ одоо Бургастайн заставаар манай баялаг урсан гардаг нэг суваг болсон. Гэвч энэ нутагт үлдсэн юм юу байна…
    Шилжилтийн үед спирт болон тамхи бусад хил дамжсан наймааны газар байлаа. Би ҮАБЗ-д ажиллаж байхдаа эндээс тэр үеийн монголын шилдэг хэмээх бөхчүүдийн хил дамжсан наамай хийж яваатай таардаг байсан. Энэ нутгийн жалга бүрт хил давахаар бэлтгэсэн ачаатай том том машинууд бүгсэн байдаг байв.
    Бургастай хилийн боомтын ойролцоо бидний яваа цуваанд гурав дахь бэрхшээл тохиосон нь нэг машины духны ремен тасарсан явдал байв. Бид асуудлаа зохицуулчихаад цаашид алсын аялалаа үргэлжлүүлсэн билээ.

    9. Хонин усны говьд
    Хүний сонирхол гэдэг багагүй цаг хугацаа зарцуулан байж биелдэг. Үүний тодорхой жишээ бол миний фото зураг авах хүсэл байв. Тэгээд хүсэлдээ автаж үнэтэй фото аппарат, дуран авч, аргал, янгирын зураг дарах авахаар олон жил, цаг хугацаа зарцуулсан. Энэ хүсэлээ биелүүлэх гэж олон ч газраар аялсан. Тэгээд голдуу хоосон хоцордог байдаа. Нүд чилээх алс өндөрт, туурайндаа цавуу наасан мэт дүүлэх янгирын зургийг хүссэнээрээ авах гэж 20 жил зарцуулжээ. Сүүлдээ бүтэшгүй мэт бодогдох болсон. Хүсэл минь санамсаргүй биелсэн. Тэгэхдээ энэхүү Хонин усны говьд биелсэн. Энэ говиор цөөнгүй явсан. Тэр азтай мөч бол хилийн бүсэд заставаас хөдлөөд хавцал дундуур явсан тэр мөчид тохиосон. Алтайн нурууны дундуур үүссэн хавцлын замаар өгсөж явахдаа гэнэт огцом эргэлт хийх үед бөөн янгир дунд орчихов. Тэгээд янгирын сүргийг хоёр хуваачихав. Янгирын сүрэг хуваагдсан боловч зогсоод хөдлөхгүй бидний үйлдлийг ширтэнэ. Машинаа зогсоогоод бууж зураг дарахаар боллоо. Янгирын сүрэг хөдлөхгүй зогссоор байлаа. Тун ойрхоноос зургаа дарж эхэлсэн, сүрэг алжрахгүй зогсоно. Эргээд нөгөө талын хаданд үлдсэн янгирын зургийг дарж байхдаа, сүрэг явахгүй болсон шалтгааныг олж харлаа. Тэр бол хадны дунд сортолзох янгирын янзагийн чих байлаа. Сүрэг янзагаа орхиж явахгүй зогссон нь тэр байжээ. Би ханатлаа зураг дарав. Миний хүсэл энэ хонин усны говьд биелсэн нь тэр. Харин дараахан дахин хүсэл биелсэн нь Завханы Улиастай хотын Мөстийн аманд амралтын гэрт байрлаад орон дээр хэвтэж байхдаа харсан янгирын сүрэг байлаа. Тэгээд орон дээрээс зурагаа авч, дараа нь гэрээс гарч янгирын зураг дарьсан юмдаг. Зөвхөн монголд л гэрийн тооноор янгирын зураг дарж чадсан мөчөө дурсахаар сайхан байдаг юм.
    Хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм.
    1996 онд ЮНЕСКО “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэн авчээ.

    Дөрөв. Ховд аймгийн нутагт
    10.Алтайн өмнөд говьд
    Алтайн нурууг хөндлөн гараад анхны тааралдах дурсгалт газар бол хилийн застав байрлаж байсан Гүн тамга булаг гэдэг газар юм. Энэ л газраар явахын тулд түүхийн архивт сууж хилчдийн баатарлаг түүхийг уншиж судалсан билээ. Энэ застав гэхэд … тэр ганцхан өдрийн тулалдаанд “манай тал Дайсны 2-ыг алж, 3-ыг шархдуулсан ба 2 морь, пулемётын 135 сум бүхий 3 магазин олзолж байжээ.”
    Айлд болгонд үхэл авчирсан дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд энэ нутагт болсон дайны сүүдрийг мартаж болохгүй. Би далд байдаг түүхийг уншаад хил орчмын дээрэмчдийг үзэн ядах болсон билээ. Байтаг богдын тулгаралт гэхээр хүн болгон санана байх аа. Хилийн бүсэд байдаг тулалдаан болсон газраан сүнсэглэсэн шороог залж, Туул голын эрэг дээр монголын уламжлалт ёсоор байрлуулсан боловч бидний энэ ажлыг дэмжсэн хүн ховор билээ. Тэгээд дурсгалын самбарыг нураасан гунигт түүх үлдсэн. Гэхдээ бид шантрахгүй дурсгалыг нь сэргээж, олон ирдэг газар болгоно.
    Үенчийн отрядын тухай олон сайхан дурсамж надаа үлджээ. Тэр дундаа хилийг олон удаа тойрсон надад энэ отрядын бүтээн байгуулалт сэтгэлт ойр байдаг. Амьдрал азгүйтэл байдаг. Азтай нь өчүүхэн зүйлээр нэр алдар олж байхад, асар их ажил амжуулсан нь хоосон хоцордог. Хүний хөлөөс хол байдаг болохоор энэ отрядын ажлыг зохих ёсоор үнэлж чадаагүй юм. Хурандаа В.Дамдинсүрэнгийн үед офицерүүд орчин үеийн орон сууцанд орж, отрядын байрлалд нь олон улсын эрдэм шинжилгээний хурал хийхүйц үлгэр жишээ тохижуулсан байсан билээ. Тэр бол генералын дайтай бүтээн байгуулалт хийсэн удирдагч байсан. Миний бүтээн байгуулалтын бахархал бол В.Дамдинсүрэн хурандаа билээ. Энд ирэх бүрдээ хурандаагаа сэтгэл зүрхэндээ дурсдаг.
    Говийн их дархан цаазат газар нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөө хэвээр хадгалж үлдсэн говь цөлийн өвөрмөц экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд тив дэлхийн ач холбогдол бүхий онцгой газар нутагт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад орших энэ нутгийг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтад авч Говийн их дархан цаазат газрыг анх байгуулсан ба дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ. Дэлхий дээр зөвхөн Хятад, Монгол хоёр улсын нутагт цөөхөн тоотой үлдэж хоцорсон хавтгайн популяцийн үндсэн буюу цөм сүрэг Говийн их дархан цаазат газарт тархана.

    11.Бодончийн хавцал хөгжлийг харуулна.
    Зэрэгцээ шахам тавьсан хоёр засмал замыг эс тооцвол энд монголын автозамын хөгжлийг жинхэнэ утгаар нь үзэж болно. Орчин үеийн стандарт шаардлагын дагуу өндөр уулын замыг энд бүтээж чаджээ.
    Асар их хугацаа зарцуулан давж явсан Бодончийн хавцалыг хэдхэн цагийн дотор туулна гэдэг хөгжил юм даа. Уулын зам, усны хамгаалалт, гүүр, далан, хадны нуралтын бэхэлгээ гээд бүх л зүйлийг зохих ёсоор шийдвэрлэжээ. Энэ замаар зорчиж яваа хэнд чөөдрөг сэтгэгдэл төрнө. Бид хийж ч юмуу, эсвэл хийлгэж чаджээ.
    Үүгээр өнгөрч явахдаа Бодончийн хавцалд байсан чулуун дээр бичсэн, сударыг хайгаад олсонгүй. Олон жилийн өмнө явахдаа тэрхүү хадан судрыг уншаад нэгээс нөгөөд шилжүүлэн номын хуудас мэт уншиж байхтай таарсан билээ. Одоо сураг олдсонгүй.
    Монголын хамгийн урт хавцалуудын нэгийг ийнхүү хүний хүчин зүйлээр өөрчилж чаджээ.
    Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгээр амжилттай хэрэгжсэн төсөл ОХУ-тай хиллэх Улаанбайшинтын боомтоос Баян-Өлгий, Ховд хот, Ховд аймгийн Алтай, Булган сумаар дайран БНХАУ-тай хиллэх Ярантын боомт хүртэлх босоо тэнхлэгийн 770 км замын 403 км-т нь Азийн хөгжлийн банк 207.6 сая ам.долларын хөрөнгө оруулж, Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг 2016 онд амжилттай хэрэгжүүлж дуусгасан юм. Босоо тэнхлэгийн хатуу хучилттай тус замыг Бодончийн хавцал зэрэг байгалийн хүнд хэцүү орчин, нөхцөлд барьж дуусгажээ. Зам барилгын үеэр үер буух, цасан шуурга шуурах гээд бэрхшээл, саад багагүй тохиолджээ.
    Барьж дуусгасан гүүрээ үерийн усанд эвдүүлээд дахин барьсан жишээ ч байна. Замын хажуугийн тэмдэг тэмдэглэгээ, уулын чулуунаас хамгаалсан хаалт хашлага, ойр ойрхон тааралдах стандарт хэмжээтэй замаас гарч зогсох зориулалт бүхий зогсоол гээд цогцоороо Монгол Улсдаа жишиг болж чадахуйц анхны авто зам тэнд зурайж байна.
    Нутгийн иргэд 69-өөс өөр маркийн автомашин унах боломжгүй байсан бол одоо шатахуун бага хэрэглэдэг приусээс эхлээд төрөл бүрийн машины хэрэглээ нэмэгд¬сэн, түүнчлэн шатахууны хэрэглээ багасч, машины эвдрэл гэмтэл гарахаа больсон байна.
    Аймгийн төвөөс 300 км алслагдсан Алтай сумынхан төв суурин газар бараадсан иргэдийн нүүдэл, шилжилт хөдөлгөөн багасч, хүн амынх нь тоо нэмэгдсэн сайхан мэдээгээр биднийг угтав. Тэд зам тавигдаагүй байхад Бодончийн хавцлыг 90 гаруй гатлага усаар гарч аймгийн төв ордог байжээ. Энэ бүхэн түүх болон үлдлээ.
    Хятад, Оросыг холбосон босоо тэнхлэгийн замыг нутагтаа бариулаад авсан Ховд аймаг бүс нутгийн төдийгүй олон улсын тээвэр, ложистикийн төв болох бодит ирээдүй харагдаж байгааг нутгийнхан онцоллоо. 13 угсаатан амьдран суудаг, өв соёлын гайхамшигт түүх, баялагтай тэд өнгөрсөн зун хөөмийн тэмцээн, тэмээн жин тээх арга хэмжээг зохион байгуулахад олон жуулчин ирж сонирхсон байна.
    Сэнхэрийн агуй, Хар-Ус нуур, Цамбагарав хайрхан, Баянзүрхийн Буган хөшөө зэрэг Ховд аймгийн есөн гай¬хам¬шигт багтсан газруу¬даар аялахдаа босоо тэнхлэгийн шинэ замаар зор¬чих боломжтой бол¬сон тул цаашид аялал жуулчлалдаа түшиглэн ногоон эдийн засгаа хөг-жүү¬лэх томоохон боломж байна.

    djmedia:268
  • МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

    Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны гурван сард мянга хоёр зуу гаруй уул, ус, байгаль дэлхийгаа хайрланхамгаалах тахилга, зан үйлийг хийсэн байна.
    Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй.
    Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бөөгийн шүтлэгийг хөгжүүлхэд бөө нар болон судлаачдын оруулсан хувь нэмэр асар их юм.
    Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл, ганц нэг, хэсэг бүлгээрээ хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдлыг өөгшүүлэх, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна.
    Бөөгийн нэр хүндэд халдсан хувь хүмүүс, иргэдтэй зохихтөрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Нэг. Бөөгийн байгууллага, бөө нарын нэр хүндэд халдсан, таагүй байдал нийгэмд үүссэн энэ үед бид улам нэгдэн нягтарч хамтран ажиллах байтал, Зарим бөө, судлаачид МБНЭ-ийн гишүүдийг цуглуулан өөр байгууллагыг байгуулж, хагалан бутаргах, МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаа, бодлогод хортой үр дагавар учруулсан үйлдлийг гаргах боллоо.
    МБНЭ-ийн зарим гишүүд өөрсдийн үйл ажиллагаагаараа эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулах чин хүсэл, өөрийн үзэл бодлоосоо ухарсан, үнэт зүйлээс няцсан туйлбаргүй үйлдэл гаргаж байна. Тэд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн зарим гишүүдийг цуглуулж хуралдаан зохион байгуулжээ.
    Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлэн манлайлан ажиллаж, Тахилгын зан үйлийн үед архи ууж согтуурахыг хориглосон юм. Гэтэл хамтын шийдвэрийг үл тоон тахилга дээр архи ууж согтууран бусдыг доромжлох, зодолдох зохисгүй үйлдлийг гаргаж, улмаар согтуугаар автомашин жолоодож, онхолдож осол гаргажээ.
    Гурав. Сүүлийн үед Монголын бөөгийн нэр барьсан бизнесийн ажиллагаагаа идэхжих боллоо. Ганц хүний байгуулсан бөөгийн олон байгууллагын нэр барьсан “Мөнх тэнгэрийн зайран, удган, бөөгийн гэрчилгээ, Бөөгийн үйл хийх батламж, тусгай зөвшөөрлийн лиценз, хүндэт доктор, баатар, гавьяатан” зэрэг шагналууд, алдар цолыг олгох ажиллагаа хийгдсээр байна. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн хортой үзэгдэл юм. Мөн зарим шагнал нь төрийн нэр барьсан, төрийн өмнөөс олгож байгаа цол мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа юм. Гэтэл төрийн нэртэй шагнал, урамшлыг зөвхөн төрийн байгууллага олгодог хууль, журамтай билээ.
    МБНЭ-ийн гишүүдийн эдгээр үйлдлүүд нь:
    1. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөл бүлгийн 5 дугаар зүйлийн 6-д “МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.” Гэсэн заалтыг,
    2. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний үүргийн 2 дугаар зүйлийн 6.3-д “МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,эв нэгдлийг хамгаалах,” гэсэн заалтыг,
    3. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөлийн бүрэн эрхийн 5 дугаар зүйлийн 12.3-д “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.” Гэсэн заалтыг зөрчсөн байна.
    4. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний хүлээх хариуцлага бүлгийн 2 дугаар зүйлийн 8.1-д “МБНЭ-ийнбайгууллагын нэр хүндийг унагасан” гэсэн заалтыг зөрчжээ.
    Иймээс МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг үндэслэн МБНЭ-ийн зарим гишүүдийг МБНЭ-ийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг МБНЭ-ийн Бага хуралдайд оруулж байна.
    МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦ

  • ИХ ГОВЬ, АЛТАЙ ТАВАН БОГД, ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АЯЛСАН НЬ.

    Өвөрхангайн төв Арвайхээр хотод ирэхэд аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Дуламжав угтсан билээ. Бидний аялалын эхний өдөр Аравгар хээрийн талд хоноглож эхэлж байна.
    Социалист бүтээн байгуулалтын үед Зөвлөлтийн цэргийн томоохон анги байсан энэхүү содон түүхийг одоо хүмүүс мартжээ. Жолооч нартай таарч байсан сонин сайхан түүхийг энд хүмүүс ярьдаг билээ.
    Нэгэн түүхийг бичье. Монгол орны минь тээврийн гол ачааллыг хуруундаа үүрч байсан олонд алдартай автотээврийн баазуудын нэг Автотээврийн 22 дугаар авто баазын нэгэн жолооч энэхүү Арвай хээрийн талд тээвэр хийж явсан байдаг. Аймаг хоорондын тээврийн үндсэн ачаалалыг алдарт Зил-130 машин гүйцэтгэдэг байжээ. Тэгээд нилээд хуучирсан машин эвдэрсэн тул энэхүү алдарт Арвай хээрийн талд зогсож байж, гэтэл шинэвтэр Зил-130 автомашинтай орос цэргүүд түүн дээр иржээ. Юу болсоныг асууж сурсанаа тэд өвөрмөц шийд гаргасан нь өөрсдийн машиндаа ачааг нь шилжүүлж ачжээ. Тэгээд хуучин машиныг авч үлдээд, архи байвал өгчих гэжээ. Жолооч тэр байдалд үнэмшсэнгүй их л болгоомжтой хандсан боловч эцэст нь шинэ машиныг нь аваад хөдөлсөн байна. Нэг л үнэмшилгүй санагдаад гүвээ даваад сэмхэн эргэж ажиглаж сууж гэнэ. Нөгөө хэдэн орос цэргүүд хуучин машинд нь бензин цацаж шатаачихаад цааш алхаад явахыг нь хараад орос цэргүүдийн бодож олсон шийдийг ойлгосон гэдэг. Энэхүү түүх баазын дотор гал шиг хурдан түгж нэгэн хэсэгтээ ам дамжин яригдаж билээ.

    2.Хурдан морины цогцолбор
    Одоо энэ талын дунд Монгол морины цогцолбор сүндэрлэнэ. Энэ цогцолбор нь өнөөгийн хурдан хөлгүүд ажнайнуудын суу аладарыг өгүүлнэ. Харамсалтай нь монгол морь бол баялаг түүхтэй, Дэлхийн хуурай газрын туурайгаараа тахалсан түүхтэй, тэр нь энд байдаггүй. Зөвхөн өнөө цагийн хэдэн морины түүхийг сорчилон үзүүлнэ. Харин түүхийг бүтээсэн баялаг намтар сүүлийн хэдэн жилийг өгүүлнэ. Юутай харамсалтай билээ.
    Өмнө зүгийн корей улсад монгол морины хөшөө бий. Яагаад тэд монгол моринд хөшөө босгоо вэ. Хятадын өргөн уудам нутагт монгол морины хөл хүрээгүй газар үгүй билээ. Гималайн нурууны цаад талд, зүүн өмнөд ази, энэтхэг, Иран, Турк нутагт монгол морьд мөрөө тахалжээ. Юутай алдар суу вэ. Сибирийн тайга, намаг, шавар, хүнд замыг монгол хүн морьтойгоо л туулсан.
    Оросын баруун хэсэг зүрх болсон нийслэлийн дэргэдээс Германы хутаг хүртэл дэлхийн дайны хүндийг туулалдсан монгол морины хөшөө Москвад бий. Дээр нь Монголын эзэнт гүрний түүхэнд монгол морины гүйцэтгэсэн үүргийг бодоод үзээрэй.
    Унгарын Муха тосгоны дэргэд хийсэн цэргийн урлагын түүхэнд бичигдсэн аугаа тулалдаанд европын шигшмэл 85 мянган цэргийн 65 мянган цэргийг хиар цохин устгасан түүхийг үлдээсэн монгол цэрэг, морины суу алдарын одоо хэн ч дурсдаггүй юм. Бид юутай харамсалтай сэтгэдэг ард түмэн бэ. Биднйи түүх, Монгол морины түүх нь цогцолборт байгаа энэ хэдэн мориор дуусах юм гэж үү. Үгүй шүү олон түмэн, бид өнгөрсөн түүх, алдараа мартах ёсгүй. Эргээд сэргээх ёстой түүх юм шүү.

    ХОЁР. БАЯНХОНГОР АЙМАГ
    3.Бөө цагаан нуур
    Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт байдаг Бөөн цагаан нуур бол говийн томоохон нуурт хамаарна. Энэ нуурын эрэгт бид хоноглосон билээ. Нүд алдам цэлгэр нуур сэтгэлд ихийг бодогдуулна. Нуурын эрэгт байрлах малчин айлын дэргэд аян замын алжаалаа тайлан зураг авцгааж билээ.
    Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
    Нууруудын хөндий дэх бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм. Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй, хаяа нутгийн өвс ургамал бүхий намгаас тогтдог.
    Бөөнцагаан нуурын ус гидрокарбонат, сульфат, хлорын ангин, кальцинатри, магни бүлэгт хамаарагдахаас гадна шүлтлэг орчинтойд тооцогдоно.
    Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөн цагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй. Бөөн цагаан нууранд 96 зүйлийн шувууд хуран цугладаг, дэлхийд гайхагдсан ховорхон нуур юм. Монгол улсад урсдаг нийт нууруудын хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог.

    4.Анхны болон хоёр дахь саадыг давав.
    Баянхонгорын нутагт бидэнд анхны бэрхшээл тулгарав. Бид түүнийг анхны сорил гэж нэрлэсэн билээ. Тэр бэрхшээл бол говийнхоны хувьд аялалаа бүрэн зогсооход хүргэх шалтгаан байсан юм. Машины моторын дээд ангийн боолт хугарч поршингийн хэсэгт орж, моторын үндсэн хэсэг хагарч гэмтсэн нь япон тэргэний хувьд “амьсгал хураасантай” тэнцэхүйц явдал байв.
    Машинаа чирч оруулсан хашааны арын айлд яг тэр машины задалсан мотор байж байх нь тэр. Тэгээд хоёр моторын дундаас шинэ мотор “босгох”-оор говийнхон эрчимтэй ажиллав. Ёстой дайчин хүмүүс байсан. Хэрвээ өөр хүмүүс байсан бол моторгүй машиныг босгоно гэдэг “зүүд” байсан билээ. Ерөөс хэдхэн цагийн дотор мотороо задалчих нь тэр. Тэгээд шийдвэр гаргалаа. Тэд нэгэн зэрэг хөдөлж, мотороо сэлгэн маргааш нь гэхэд бэлэн болгосон.
    Монгол залуучууд үнэхээр бахархам “инженерийн алтан толгойтой”, бас “бие, гар нь юутай зүйрлэмгүй хөдөлмөрч” тэгээд зорьсондоо хүрч чадсан. Ийм гайхамшигт чанар монгол хүнд байна гэхээр бид юу ч бүтээх чадвартай хүмүүс энэ чанараа бахархан бичихээс аргагүй билээ. Зөв удирдаж чадвал монголчууд юуг ч бүтээж чадна.
    Харин бид машинаа компьютерт оношлуулахаар 3 хоног хүлээсэн, оношлогооны хүн маань амраад хөдөө явчихсан байсан. Тэгээд эрс шийдэмгий шийдвэр гаргаж, аялалаа үргэлжлүүлсэн билээ. Одоо машин жигд хурдатай “их говийн хэсгийг” алгасан Ховдын зүг хөдөллөө.
    Харин манай Ланд 200 машины хувьд Баянцагаан сумын төвд машины хойд хэсэгт сальник сэтэрч аймгийн төвөөс захиалж авчирч засахад нэг шөнийг зарцуулав. Андуурч авчирсанаас дахин захиалж, бид энэ хугацаанд хагас өдөр хүлээсэн. Энэ бол бидний хоёр дахь саад байсан. Ийм богино хурдан хугацаанд сэлбэг авчирч өгөхөд нутгийн залуу Рэнцэнжүгдэр бидэнд тусалсан. Хүнд туслая гэсэн сэтгэлтэй говийнхоны зан чанар зах зээлд “нураагүй” нь харагдаж байлаа. Саьник тавих нь хэдхэн минутын ажил байлаа.
    Баянхонгор аймгийн говийн үзэсгэлэнт байгаль нь аймгийн төвөөсөө 150 километрт орших их говийн элсэн манхан, заган шугуйд шургалан тогтсон Монголын говийн хамгийн том нуурууд болох Бөөнцагаан болон Орог нуур, Монголын хоолойгоос эхлэн эх орны баруун хязгаар буюу Монгол улсын торгон хил хүртэл сунан тогтсон өргөн уудам нутгийг хамарна. Орог, Бөөнцагаан нууруудын эргэн тойрон дахь элсэн манханууд, говийн чимэг болсон заган шугуй, дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүрэг гэх мэт Монголын их говь нутаг өөрөө ер бусын сонин өвөрмөц байгалийн үзэсгэлэн билээ.
    Орог нуурын хаяанаас дэлхийн хамгийн эртний хүн амьдарч байсан буурь сууц олдож байсны зэрэгцээ, зүүн эргээр нь түүх соёлын нандин өв болох олон зуун хиргисүүр, булш бунханууд эгнэн байдаг билээ.

    djmedia:267
  • Мөрөн хотод

    Хөвсгөлд зайрангийнд
    Монгол бөөгийн зайран Пүрэвдоржийнд бууж мордсон мөч МБНЭ-ийн архивт үлджээ. Түүний гэрийн онгод олон зуун жилийн уламжлалтай, түүгээрээ содон түүхийг өгүүлнэ. Энэхүү ховор зүйлийг үлдээж авна гэдэг бахархал юм.
    Зайрангийхаас гараад бас нэгэн зайрангийнд зочилсон нь П.Ганболдынх байлаа. Монгол бөөгийн их зайран П.Ганболд нүсэр их ажил болох Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын дараа уулзсан минь энэ билээ.
    Уулзах болгондоо надаа нэг зүйлийг сануулдаг байлаа. Тэр нь Хөвсгөлийн Дамдин зайрангийн хоёр охины тухай байлаа. Хотод нэг нь байдаг, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн гол зүтгэлтэн, нөгөө нь Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун юм. Бид хотынхоо Батчулуунд, Ганболд маань Алаг-Эрдэнийн Батчулуунд илүү болохоор гомдол гаргадаг нь арга ч үгүй биз ээ.
    Зурганд Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Нямдаваа, Монгол бөөгийн их зайран П.Ганболд нарын зураг мөнхлөн үлджээ. Бидний хамт Хөвсгөлийн нэгдсэн их тахилгыг голлон зохион байгуулсан Ганболд зайрангийн гэргий Хандаа байна. Зураг түүх болон үлдсэн нь энэ билээ.

     

    ДУЛАМЖАВ УДГАН
    Хөвсгөл нуурын тахилга өндөрлөх агшинд нэгэн бөөлөө болсон нь гэрэл зургийн хальсанд МБНЭ-ийн архивт ийм нэгэн зураг үлджээ. Нэг нэгэндээ гэсэн сэтгэлээр туслаж байгаа зан үйл содон байв.
    Тэр явдлаас хойш он цаг өнгөрч Дуламжав удган өнөөдөр Монгол бөөгийн тэргүүн дээд цолтон болжээ. МБНЭ-ийнхэн түүнийг андахгүй. Хэдий амьдралын хүнд сорил дунд явсан түүний амьдрал удган хүний хэцүү замналыг өгүүлдэг. Монгол бөөгийн тэргүүн дээд удган Дуламжав чин сэтгэлээр бөөгийнхөө нэгдсэн байгууллагын төлөө зүтгэсээр, тэмцсээр явна.
    Харин нөгөө нэг удган Д.Батчулуун өөрийг нь анхлан нийгэмд таниулсан МБНЭ-ээс гарч, Монгол бөөгийн их дархан удган цолноосоо татгалзаж, зарим хүмүүсийн бичээд байгаачлан даруухан бөгөөд Дэлхийн тэнгэр шүтлэгтэний нэгдсэн холбоонд тэргүүн зөвлөх багш цолтой явна. Монголыг нэгдсэн бөөгийн байгууллага багадаж, дэлхийг нэгтгэсэн байгууллагад зүтгэх болсон нь хувь хүний сонголт биз ээ. Аль, аль нь тэнгэр шүтлэгийн төлөө болохоор ажил амжилттай яваа бол болоо.

    djmedia:266
  • Хатан голоо аврахын тулд хамаг бөө нар зүтгэх хэрэгтэй гэнэ

     

    Ер нь бол хүн далд ухамсраа чөлөөтэй ашиглаж чадах юм бол ийм чадвар бүгдэд нь бий гэдэг. Тодорхой арга технологийн тусламжтайгаар ийнхүү ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин ямарваа нэгэн мэдээлэл олж авах арга зам нээлттэй ч ямар түвшний мэдээлэл авч байгаагаа тодорхойлоход бэрх, хожмын үр дагавар нь ямар ч байж болох тул учир мэдэх хүмүүс чадах байлаа ч үүгээр оролдддоггүй.
    Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго буулгах арга юм. Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөө нарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөө нэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.

    Ер нь бөө хүн буруу хазгай үйл хийвэл газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөө судлаач Д.Бадарч энэхүү айлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүү айлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөө нар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь учруулсан гэсэн санаа:
    Өндөр тэнгэрийн хүслийн
    Өмөг түшиг болохоо
    Хөх тэнгэрийн хүслийн
    Хөл гар нь болохоо
    Мөнх тэнгэрийн хүслийн
    Мөчир салаа нь болохоо
    Хаан тэнгэрийн хүслийн
    Харуул манаа нь болохоо
    Эзэн тэнгэрийн хүслийн
    Элч улаач нь болохоо
    Удамт Монголын хойчсууд минь
    Угсаа залгасан үрсүүд минь
    Ухаж сайн ойлгогтун
    Учир ёсоо мэдэгтүн… гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.

    Бөө хүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөө нэрээр буруу муу үйл хийсэн хүмүүс энэхүү гэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнө нь олонтаа бичсэнийг энэхүү айлдвар баталж:
    Дугуй дугуйгаараа нийлж
    Дур зоргоороо аашлагсад
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөглөнд орохоор яарагсдын
    Хийсэн үйлийг нь хэлэлцэж
    Хэцүү гашууныг нь ялгана
    Хэрцгий явсныг нь хэрчинэ
    Хомхой явсныг нь хуйхална
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөчир салаа үлдээхгүй хэмээн сануулжээ. Ийнхүү сайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөө нэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүү хатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөө нар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.

    Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнө бар жилийн өнгө ямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөө илгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөө маань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөө маань захидалдаа юу өгүүлснийг түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөө нар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүү айлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.

    Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүү онгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
    “Их Монгол эвдрэлцэхгүй гэж
    Элгэн биеэ уралцахгүй гэж
    Бурууг хийгсэд бултахгүй гэж
    Бусдын үгэнд орохгүй гэж
    Бууц юугаа солихгүй гэж
    Буурь юугаа сэлгэхгүй гэж
    Уул усаа тахь
    Ургамал модоо шүт
    Хайрхан уулаа тахь
    Хатан голоо шүт
    Хаан хүнд хошуу хүргүүл
    Хамаг олонд хэл хүргүүл
    Бугшсан олны уурыг гаргахгүй бол
    Буруу л хүмүүс дээшээ гарна” хэмээн сануулсан байна.
    Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөө бөөлж хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ” гэжээ. Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөө нар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөө бүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.

    “Олны үйлийг үүрсээр байгаад
    Олбог минь цоорлоо.
    Түмний үйлийг үүрсээр байгаад
    Төө бие минь агчлаа.
    Эхээс төрсөн биеэ
    Энэ зөнд нь орхиё.
    Эргүүлж усаа хайрла даа,
    Эгэл түмнээ өрөвд дөө.
    Тавилан заяаг минь даа даа,
    Татарсан голоо тавиул даа.
    Бугшсан хилэнгээ тат даа
    Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
    Өргөлийн дээдийг өргөж,
    Өргөн түмний буяныг дуудаж,
    Мөргөхийн дээдээр мөргөж,
    Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн” гэж мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөө нар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.

    Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөө л болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүү шүүгээрэй. Аль болох олон бөө нийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул ийнхүү илүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.

  • ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ТАХИЛГА-2014

     

     

    5. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилга
    2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 9.40-өөс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир нар тэргүүлж бөөлж эхэллэв. Дараа нь Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ) нар бөөллөө.
    Энэ тахилгын үеэр зайран С.Лхагважав өөрийн дураар бөөлж, МБНЭ-ийн бага хуралдаагаар баталсан нэгдсэн тахилгын эртнээс тогтсон журмыг эвдэж, сахилга дэг алдагдуулсан билээ. Үнэхээр зайран С.Лхагважавт бөөлөх хүсэл байсан бол МБНЭ-ийн бага хуралдайд санал бодлоо илэрхийлж, тахилгад бөөлөх боломж байсан. Нөгөөтэйгүүр заавал бөөлөх хүсэл байсан бол өөр хаана ч бөөлөх боломж байсан билээ. Өмнөговийн тахилгад зайран Ж.Чулуунбаатар, Хөвсгөлийн тахилгад зайран С.Лханважав нар тахилгын журмыг зөрчсөнд МБНЭ-ийн Хяналтын цэцээс хариуцлага тооцох шаардлагатай байгааг харууллаа. Тэгэхгүй бол цаашид хэн дуртай нь бөөлж, дэггүйтэл газар авах нээ.

     

    6. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Хайрханы тахилга
    2014 оны 7 дугаар сарын 4-ны 11.40 цагаас Хайрханы тахилгад Хөвсгөлийн зайран Д.Нямдаваа, Х.Батбаяр, (олонд “бүдүрэ” зайран) нар толгойлж бөөлсөн байна.
    Тахилгын завсар хооронд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тахилгыг сонирхон оролцон байгаа АНУ, Францын төлөөлөгчид зэрэг гадаадын 30 орчим төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, сонирхосон асуудлуудад хариулт өглөө.

     

    7. Шагнал олгов.
    Үдээш хойш 17.00 цагаас шагнал олгох ажиллагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Дархадын зайран Э.Балжир, Д. Нямдаваа нарыг шагнасныг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Ганбаатар гардууллаа. Мөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд тахилгад оролцсон бөө нарт шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн Монгол бөөгийн Тэргүүн зайран цол, тэмдэгээр Б.Баяраа, Х.Батбаяр нарт олгосныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулж, энгэрт нь тэмдэгийг нь зүүж өглөө.

     

    8. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Галын тахилга
    Орой 22.00 цагаас Галын тахилга болж, Монгол бөөгийн тэргүүн удган В.Жавзансүрэн удирдаж, Хөвсгөлийн удган Энхжаргал, удган Цэнд-Аюуш, удган Ариунбаяр нар толгойлж бөөлсөн билээ. Галын тахилгын өрнөлд залуучуудын бөөгийн “Галт шонхор” төвийн залуучууд оролцож, бөөлж галаа хөгжөөлөө.
    Галын тахилга дуусангуут Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын хаалтын ажиллагаа болов. Хаалтын ажиллагаанд хөвсгөлийн театрын хамт олон оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгад толгойлж бөөлсөн бөө, зайран Б.Балжир, Д.Нямдаваад Монгол бөөгийн тэргүүн зайран, Удган Энхжаргал, Цэцгээд Монгол бөөгийн Тэргүүн удган, Т.Пүрэвдоржид Монгол бөөгийн зайран, Цэнд-Аюуш, Ариунбаяр нарт Монгол бөөгийн удган цол тус, тус олгосон байна. МБНЭ-ын “Алтан шонхор” медалиар Б.Балжир, Д.Нямдаваа, “Мөнгөн шонхор” медалиар зайран Сансар, Ариунбаяр нар, “Хүрэл шонхор” медалиар Эрдэнэцогт, Энхжаргал нарыг, МБНЭ-ийн “Өргөмжлөл”-өөр арван хүнийг шагнасныг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулан зүүж өглөө. Энэ үед тэрхэн орчинд их манан тэнгэрээс газарт бууж, битүү бүрхэж нэг, нэгнийгээ харахад бэрхтэй болсон юм.

    djmedia:265
  • ХӨВСГӨЛ НУУРЫН ИХ ТАХИЛГА-2014 БОЛЛОО.

    2014 оны 7 дугаар сарын 3-ны орой гэхэд газар газраас ирэгсэд байрлалаа эзлэн буусан байлаа. Хөвсгөлийн бөөгийн хүрээлэнгийнхэн чадлынхаа хэмжээндээ бэлтгэлээ хангасан байв. Хүрэлцэн ирэгсэдийг нутгын зон олон цэнхэр хадаг, мөнгөн аягтай сүүгээр угтан авч байлаа. Төв хэсэгт зургаан гэр байрлуулжээ. Тэнд МБНЭ-ийн Дээд цэцийн төв, бөөлөх бөө нар байрлажээ. Бид бөө нарыг өөр, өөрсдийн майхан асартайгаа ирэхийг МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэхдээ шийдвэрлэсэн билээ. Гэтэл зарим нэг нь зөвхөн гэрт заларна гэж хүндрэл учруулж, тэгэхгүй бол явлаа гэж айлган одов. Алс холоос тахилгадаа ирчихээд иймхэн шалтгаанаар тахилгадаа оролцохгүй явсанаар хэн хохирох юм бэ.

    2. “ХӨВСГӨЛ ДАЛАЙН ИХ ТАХИЛГА” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурал
    2014 оны 7 дугаар сарын 3-ны өглөө 12 цагаас Хөвсгөл аймгийн Хатгал сумын соёлын төвд “ХӨВСГӨЛ ДАЛАЙН ИХ ТАХИЛГА” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурал болж, судлаач, бөө нар, шүтлэгтэн олон илтгэл, үг хэллээ. Нэгдүгээр байрыг Нэгдүгээр байр – өргөмжлөл, үнэ бүхий зүйл, мөнгөн шагналыг залуу судлаач Б.Мөнхдалай “Лусын тухай ойлголт, Лусын тахилгын зан үйл” сэдвээр, Хоёрдугаар байр – өргөмжлөл, мөнгөн шагналыг Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Бадамсүрэн “ Хөвсгөл далайн нүрээлэн буй орчин ашиглалт, хамгаалалт” сэдвээр, Гуравдугаар байр – өргөмжлөл, мөнгөн шагналыг судлаач Н.Туул “Бөө гэгээн тархи” сэдвээр, Тусгай байр – өргөмжлөл, шагналыг Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун “Хөвсгөл далайн Лусын тахилгын зан үйл” сэдвээр, Нэрэмжит шагнал-өргөмжлөл, шагналыг зайран, судлаач С.Лхагважав нар эзэллээ.
    Эрдэм шинжилгээ, онол практикын бага хурлын дараа Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал нутгийн ахмадууд, хүүхдүүдэд гарын бэлэг тараасан билээ.
    3. “Сүхбаатар” усан онгоцоор Хөвсгөл далайд аялав.
    Бөө, түшээ, шүтлэгтэн нар Хатгал сумын орон нутгийн музейг үзэж, дараа нь “Сүхбаатар” усан онгоцоор Хөвсгөл далайд аялав. Усан онгоцонд болсон тэмцээн уралдаанд МБНЭ-ийн гишүүн удган Л.Адьяа, Ц.Чулуун нар идэвхтэй оролцсон билээ.
    Орой 19 цагаас тахилгад хүрэлцэн ирэгсэдэд зориулан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Оройн хүндэтгэлийн зоог барьж, баяр хүргэж, талархал илэрхийлэв.
    Их тахилгын өмнөх өдрийн оройноос Эх дэлхий минь хайлан уярч хур бороогоо хайрлав. Шөнөжин орсон бороо Лусын тахилгын өмнөхөн зогсов.
    4. Нээлтийн ажиллагаа болов.
    Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын нээлтын ажиллагаанд Хөвсгөл аймгийн драмын театрын хамт олон оролцож бидний тахилганд уран бүтээлийн тоглолтоор хүч нэмсэн билээ. Тахилгад оролцохоор монголын бүх аймгаас улаач нар хүрэлцэн ирсэн байлаа.
    МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир, Д.Нямдаваа, Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ), Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Буриадын Их удган Х.Гэрэлтуяа зэрэг олонд нэр хүндтэй олон зайран, удган нээлтийн ажиллагаанд байлцлаа.
    5. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилга
    2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 9.40-өөс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир нар тэргүүлж бөөлж эхэллэв. Дараа нь Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ) нар бөөллөө.
    Энэ тахилгын үеэр зайран С.Лхагважав өөрийн дураар бөөлж, МБНЭ-ийн бага хуралдаагаар баталсан нэгдсэн тахилгын эртнээс тогтсон журмыг эвдэж, сахилга дэг алдагдуулсан билээ. Үнэхээр зайран С.Лхагважавт бөөлөх хүсэл байсан бол МБНЭ-ийн бага хуралдайд санал бодлоо илэрхийлж, тахилгад бөөлөх боломж байсан. Нөгөөтэйгүүр заавал бөөлөх хүсэл байсан бол өөр хаана ч бөөлөх боломж байсан билээ. Өмнөговийн тахилгад зайран Ж.Чулуунбаатар, Хөвсгөлийн тахилгад зайран С.Лханважав нар тахилгын журмыг зөрчсөнд МБНЭ-ийн Хяналтын цэцээс хариуцлага тооцох шаардлагатай байгааг харууллаа. Тэгэхгүй бол цаашид хэн дуртай нь бөөлж, дэггүйтэл газар авах нээ.
    6. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Хайрханы тахилга
    2014 оны 7 дугаар сарын 4-ны 11.40 цагаас Хайрханы тахилгад Хөвсгөлийн зайран Д.Нямдаваа, Х.Батбаяр, (олонд “бүдүрэ” зайран) нар толгойлж бөөлсөн байна.
    Тахилгын завсар хооронд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тахилгыг сонирхон оролцон байгаа АНУ, Францын төлөөлөгчид зэрэг гадаадын 30 орчим төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, сонирхосон асуудлуудад хариулт өглөө.
    7. Шагнал олгов.
    Үдээш хойш 17.00 цагаас шагнал олгох ажиллагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Дархадын зайран Э.Балжир, Д. Нямдаваа нарыг шагнасныг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Ганбаатар гардууллаа. Мөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд тахилгад оролцсон бөө нарт шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн Монгол бөөгийн Тэргүүн зайран цол, тэмдэгээр Б.Баяраа, Х.Батбаяр нарт олгосныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулж, энгэрт нь тэмдэгийг нь зүүж өглөө.
    8. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Галын тахилга
    Орой 22.00 цагаас Галын тахилга болж, Монгол бөөгийн тэргүүн удган В.Жавзансүрэн удирдаж, Хөвсгөлийн удган Энхжаргал, удган Цэнд-Аюуш, удган Ариунбаяр нар толгойлж бөөлсөн билээ. Галын тахилгын өрнөлд залуучуудын бөөгийн “Галт шонхор” төвийн залуучууд оролцож, бөөлж галаа хөгжөөлөө.
    Галын тахилга дуусангуут Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын хаалтын ажиллагаа болов. Хаалтын ажиллагаанд хөвсгөлийн театрын хамт олон оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгад толгойлж бөөлсөн бөө, зайран Б.Балжир, Д.Нямдаваад Монгол бөөгийн тэргүүн зайран, Удган Энхжаргал, Цэцгээд Монгол бөөгийн Тэргүүн удган, Т.Пүрэвдоржид Монгол бөөгийн зайран, Цэнд-Аюуш, Ариунбаяр нарт Монгол бөөгийн удган цол тус, тус олгосон байна. МБНЭ-ын “Алтан шонхор” медалиар Б.Балжир, Д.Нямдаваа, “Мөнгөн шонхор” медалиар зайран Сансар, Ариунбаяр нар, “Хүрэл шонхор” медалиар Эрдэнэцогт, Энхжаргал нарыг, МБНЭ-ийн “Өргөмжлөл”-өөр арван хүнийг шагнасныг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулан зүүж өглөө. Энэ үед тэрхэн орчинд их манан тэнгэрээс газарт бууж, битүү бүрхэж нэг, нэгнийгээ харахад бэрхтэй болсон юм.
    9. Хаалтын ажиллагаа
    Монголчуудын эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Өүлэн эхийн санааг илэрхийлж, баруун хязгаарын монголчуудыг төлөөлж урианхай, тува, ойрад, захчин, дөрвөд, баяд, өөлд бөө нар, зүүн хязгаарын монголчуудыг төлөөлж буриад, барга, хамиган бөө нар, Монголын өмнийн говь, гурван голын билчэрээр амьдардаг төв халхын бөө нар, Хөвсгөлийн дархад, цаатан, хотгойд бөө нар гээд олон язгуун угсааны бөө нар өөр, өөрсдийн нумын сумаа авчирчээ. Нумын сумаа энэхүү Монголын хоймор болсон далай ээж, Хөвсгөл нуурын хөвөөнд нэгтгэн зангидаж, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуунд шардуулж, уг нумын сумнуудыг нэгтгэн зангидаж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд гардуулан өгч, Монгол бөө нар нэгдэж нэгэн дээвэр дор, нэгэн туган дор нэгдэж байгаагаа тунхаглалаа. Энэ ажиллагааны дараа буусан манан дээшээ дэгдэж, тэнгэр цэлмэж, одод харагдав. Маргааш үдэд давхар солонго гарч, сонин сайханыг олны өмиө үзүүлэв. Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилга амжилттай дууслаа.
    Энэхүү Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгыг гардан зохион байгуулж, удирдсан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд, түүний отго, галын хамт олонд МБНЭ-ийн Ерөннийлөгч Д.Жаргалсайхан, Дээд цэц, Хяналтын цэцийн өмнөөс талархал илэрхийлье.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:264
  • МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ, МОНГОЛ БӨӨГӨӨ ЭРХЭМЛЭДЭГ БҮХЭНД ХАМААРАЛТАЙ АСУУДЛУУД

    Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.
    Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
    Өнөөдөр Монголд Иссусын 400 гаруй сүм, Бурханы 350 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болохоор байна. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
    Хэдэн сая америк долларын хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
    Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Одоо бид өөрсдийн байдлаа тодотгоё.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан.
    1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 12-14 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Магтаал хожимдохгүй учраас ингээд зогсоё.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Бөө нарын тоог хэвлэлд 10-15 мянга хэмээн бичжээ. Тэр олон бөө нарын тухай одоо ярилцья.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн багш нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байна. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй.
    Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг яалтай билээ.
    Манай сайтад тавиад байгаа асуултад хариулах зорилгоор олон зүйлийг ил тод тавихад хүрлээ. МБНЭ-д хандсан төрийн болон хувь хүмүүсээс ирсэн баримтуудаас цөөхөн хэдийг дурдая.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь “эдэлж” байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.
    Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм.
    Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Арай дэндэнэ ээ.
    Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднаас аврал ирж хандав. Учир нь долоо хонгийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    Саяхан МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна.
    Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
    Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна.
    Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. “Төрийн зайран, удган” цолыг олон арван жил зүүж, монгол бөөд нэрээ мөнхөлсөн тэднээс үлдсэн амьдралаа монгол бөөгийнхөө төлөө жинхэнэ утгаар зориулж, хамтран ажиллахыг уриалж байна.
    Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна. Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа. Тэглээ гээд хариуд нь зогсоолд тавьсан автомашиныг Том жип машинаар олны нүдэн дээр зориуд мөргөж хэмхэлчихээд, замын цагдаатай нийлээд өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Иргэдийг хохироогоод “мунадаг” байгаа юм биш үү.
    Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстой болж байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой.
    МБНЭ байгуулагдаад хоёр жил өнгөрөөд байна. Одоо МБНЭ-д бөөгийн ная орчим байгууллага нэгдэж, нэг мянга орчим гишүүнтэй, 19 аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас байгуулсан 160 орчим гишүүнтэй бага хуралдай, түүнээс байгуулсан Дээд цэцийн зөвлөл байна.
    МБНЭ-ийн бага хуралдай, Дээд цэцийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол бөөгийн ёс зүй” баримтыг батлан гаргаж мөрдөж байна.
    Дараа нь Монгол бөөгөө уламжлалт зан үйлээр нь авч яваа “тэнгэрийн улаач” нараа тодруулан “Монгол бөөгийн цол” олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь дээр дурьдсан бөөд үүссэн олон зүйлийг зөв гольдролоор шийдэх гэсэн хамтын шийдвэр, бодлого юм. Энэ шийдвэр шүтлэгтэн олонд Монголд байгаа энэ олон мянган бөө нарын хэнд нь итгэх вэ гэдэгт хариултыг өгөхийг эрмэлзэж байгаа хэрэг юм. Бөөгийн олон байгууллагын хүлээн зөвшөөрсөн, Монгол бөөгийн ёс зүй, цолны шалгуур үзүүлэлтийг хангасан “улаач”-ийг МБНЭ-ийн шат, шатанд шалгаруулан сонгосон Дээд цэцийн гишүүдийн олон талаас нь харж, шинжиж, ярилцаж, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол бөөгийн цолыг олгож байна. Үүнээс өөр зам одоохондоо олж харахгүй байна. Тэрнээс биш Жаргалсайхан гэдэг хүн энэ цолыг ганцаар дур мэдэн олгоод байгаа хэрэг биш юм. Өөрийгөө Монгол бөөгийн уламжлалаа зөв авч яваагаа МБНЭ-д шалгуулах нь жинхэнэ бөө хүнд эгэл жирийн асуудал, улмаар монгол соёлын биет бус өвийг хамгаалж яваагаа төрдөө бүртгүүлж байгаа давхар үйл юм. Харин МБНЭ-д шалгуулах нь хуурамч бөө нарт бол асуудалтай, хүнд сорилт байх болно.
    Шүтлэгтэн олон “Цэрэн Бөө”-гийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж” хэнд нь цол хэргэм олгоод байгааг мэдэх боломжгүй. Бас жинхэнэ хуурамч бөөг ялгахад бэрхтэй. Өнөө цагт чанар, агуулгыг нь тоон үзүүлэлт, хэлбэр нь дарж “алчихаад” байна шүү дээ.
    Сайтын нэгэн мэдээний дор “Цэрэн Бөө-хэдэн төгрөгөөр авсан болоо” гэсэн түүний бичсэн ганц өгүүлбэр түүнийг бүхнийг зоосны нүхээр хэмждэг, бодит үнэнийг ялгах “онгод” үгүй нь харагдаж байна. Бас ч үгүй дээр дурьдсан “бөө”-г үйлдвэрлэдэг багш нарын нэг ч юм уу гэх хардах сэтгэлийг төрүүлэв. “Цэрэн Бөө” хэдэн өгүүлбэр тэрлээд шүүмжлэх, майханд танилцуулга тарааж яваа ажилтныг үгээр биднийг “шодох” биш, харин бөөд үүссэн дээрх гажуудалыг засахад биечлэн оролцохыг урьж байна. Та дээр дурьдсан бэрхшээлтэй тулж үзсэн үү. Бид өдөр бүр тулж байна.
    МБНЭ нь жилдээ хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхнийх нь 6 дугаар сарын 22-ны хийсэн нарны нэгдсэн залбирал юм. Энэ жил бид нарны тахилга хийгээгүй. Харин нарны нэгдсэн залбирал хийсэн. Дараа жилээс энэ өдөр Хүй долоон хутагт нэгдсэн залбирал хийхийн зэрэгцээ бөөгийн байгууллагууд өөрсдийгөө бие даан сурталчлах ажлуудыг хийх болно. Шилдэг бөөгийн байгууллагаа шалгаруулах болно. Тэгэхээр та бүхэн Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн цар хүрээг харах боломж бүрдэнэ.
    Жил буриын 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборт хөшөө нэмж байрлуулах ажиллагааг хийж байх болно.
    Монгол бөө төрдөө хүндлэгдэж явсан цаг үе бий. Бид, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтдэг байсан цаг үеэ дурсах биш, сэргээх цаг үе ирж байна. Бид үүнийг хийж чадна.
    Жилдээ Нэгдсэн Их тахилгыг 2-3 удаа хийнэ. МБНЭ нь зөвлөлдөх хамтын удирдлагын байгууллагын хувьд Нэгдсэн тахилгыг хэн удирдах, хэрхэн зохион байгуулах асуудлаар хэлэлцэж, байгууллагынхаа хүрээнд нэгдсэн шийдэл гаргадаг юм. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод байгаа нь асуултаас харагдаж байна.
    Эцэст нь нэг зүйлийг дурдая. МБНЭ-ээс явуулж байгаа үйл ажиллагаа нь шавь нараасаа мөнгө хуримтлуулж санхүүждэг бөөгийн багш нарын эрх ашгийг хөндөх болсон. Тиймээс шавь нараа цуглуулан, МБНЭ-д гишүүнээр элссэн шавь нарын “араас” нь жатга шидэх, шавь нартаа МБНЭ гэж “аймшиг” байдаг мэт буруу ойлголт өгөх, нэгдсэн тахилга, тайлгын нэрээр шавь нараасаа мөнгө татах, тэгсэн мөртлөө тахилгадаа оролцолгүй хувьдаа зарцуулах, МБНЭ-ийн нэрээр уулзах гэж ирсэн олныг өөрийн нэр дээр цуглуулан хувийн нэр хүндээ бэхжүүлэхэд ашиглах зэрэг зохисгүй үйлдэл гарч байна.
    Гаднаас ирж буй оюуны салбарт дахь энэ их хүчирхэг довтолгоон, түрэмгийлэл, дотоодод болж байгаа бөөгийн нэрийг шаварт хутгагчид биднийг эвлэрэн нэгдэж ажиллахаас өөр замгүйг харуулж байна. Сүүлийн үед МБНЭ-ийн гишүүдийн дунд элдэв хов тарааж, дунд нь хутган үймүүлэх, зарим хүмүүсийн нэр төрийг олны дотор зориудаар гутаан доромжлох, өнгөрсөн үеийг авч явж ирсэн хүмүүсийнхээ түүхийг харлуулах зэрэг эв нэгдлийг сэвтээх гэсэн оролдлого гарч байна. Цаг хугацааны хүнд сорилтыг туулж яваа энэ цаг үед ийм үйлдлийг хийгчдэд МБНЭ-д орон зай байх ёсгүй. Бид эв нэгдэлээ хамгаалахад хатуу сахилга хэрэгтэй. Бусдын идэш болохгүй нь тулд бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал хэрэгтэй байна.
    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа