Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • АТАА 5 ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА

    Буцахдаа бултыг өршөө
    Лха 5 тэнгэр минь Таван хошуу сүрэгтээ
    Өвөлийн цагт өн хайрла
    Гарах гарзыг хааж
    Орох олзыг нээж хайрла
    Улин ирэх нохойн амыг хааж
    Хар цагаан хэл амыг халхал
    Уургалан ирэх хулгайн амыг тасал
    Өдөр ирэхдээ өнгийж .Хоногтоо ирэхдээ хойшоо эргэж хар
    Хөрст дэлхийгээ хөдөлгөсөн Лха 5тэнгэр минь
    Хий агаараар Үрийн үр
    Үеийн үед дамжин харах Лха 5тэнгэр минь
    Зээрийн хүү шиг зэрэглэж
    Аргалын хүү шиг алаглаж
    Дагаж харсан тэнгэрүүд минь
    Ямба юсондоо Яндаг чимэгтэй орш
    Гэрийн гэмийг гэтэлгэ
    Гадна талаас Газар лусаас хамгаал
    Толгойд тортоггүй Элгэнд эмгэггүй
    Эрүүл мэнд энх тунхийг өршөө
    Үрээгэр морь хийж
    Үрээрэ хүн хийж
    Үеийн үе Цагийн цагт үргэлж харсан лха 5тэнгэр минь
    Хойноо хоггүй
    Урдаа уршиггүй
    Тоонот гэрт тохино
    Уньтай гэрт учир
    Бариатай гэрийг батал
    Байгуулсан хогшлыг арвижуул
    Мууг зайлуулж
    Муухайг арилгаж хайрла
    Зовлонтны зовлонг зогсоо
    Гарзтаны гарзыг арилга
    Нэгийг хоер Нимгэнийг зузаан болгож хайрла
    Нарийнийг өргөтгөж
    Навтгараа өндөрсөг
    Явсаныг ирүүлж хайрла
    Очсоныг олзлуулж хайрла
    Цуурхай аманд цусыг залгиулж
    Хагархай аманд хальсыг наа
    Зүүд сахь Сүүдэр дага
    Хатуугас харьдаггүй
    Бузараас буцдаггүй Лха 5тэнгэр минь
    Найман түмэн тамлагтнуудад
    Улаан үндэснээсээ уугин цацарч
    Цагаан үндэснд цайран буу
    Бага гэрийн багана
    Балчир үрсийн өлгий болсон
    Заяач 5тэнгэр минь
    Хар толгойт хүмүүн
    Хавдар өвчин зовлонггүй
    Өвсөн хоолт сүрэг
    Өөхөн хоолт хүмүүн амьтад
    Өгөөж буянаа хайрла
    Өгөөж буянаа хайрла
    Өрхтэй гэрээр өнгийж
    Тооонотой гэрээр тонгойж хайрла
    Хазайсныг тэгшилж Хагацсаныг гаргаж
    Хурдан морины тоосонд булуулж хайрла
    Хурц мэсний ирэнд Хайруулалгүй хуйрнан бууж хайрла
    Айх газар зүрх болж хайрла .Унах газар зүрх болж хайрла
    Сарын тоогор өршөөж
    Хоногийн тоогор хосолж хайрла
    Баруун тивийг ороосон
    Бар их тэнгэртээ Барчид балаггүй явахаа бататган даатгаяа
    Шөөг шөөг шөөг
    Охин Тэнгэр Тэнгэр

  • ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДАЯАНЧ ЛАМЫН АГУЙН ДОМОГ…

    Уур нүдүүрийн дуунаар сэрээд дээлнийхээ сугаар отож хартал бүсгүй “Миний хүү босоорой! Аав нь ирсэн шиг байна” хэмээн хүүгээ дууджээ. Залуу эрийн хүү нь том сайхан эр болж, сүйт бүсгүй нь үнэнчээр хүлээж байсан нь энэ ажээ. Явуулын хүмүүсээс болгоомжлон хүүгээ өвөртлөн унтдаг байсныг мэдээд баярлахын сацуу санаа муут хүн үр хүүхдийг нь эцгийнх нь гараар алуулж бузар хэрэг хийлгэх гэж байсныг ухаарчээ. Залуу эр хүүгээ эрдмийн дээдийг сурч энэ мэт муу муухай хэргийн үр үндсийг таслах чадалтай болгохыг хүссэн гэдэг.
    Аавын сургаалийг сонссон хүү ертөнцийн хаана ямар эрдэм чадал байна, түүнийг олж суръя, тэгээд ард олноо муу муухай бүхнээс аваръя гэж өдөр бүр боддог болов. Хүрээ хийд, сүм дуган бүрийн номыг төгс эзэмшээд, бурхан багшийн шидийг бишрэн дагаж, хийд хүрээнээс холдон Захуй Зармангийн говьд сүндэрлэх Ээж хайрхан уулнаа ирж даяанчлан хүн амьтны зовлонг мөнхөд үгүй хийх шидтэй болохын тулд амь биеэ зориулан бясалгав. Ургамал амьтнаар баян боловч хүнгүй зэлүүд энэ ууланд түм буман ном уншиж бясалган 3 жил, 3 сар, 3 хоног өнгөрчээ.
    Нэгэн өдөр бясалгалын зүүднээс сэрээд хартал цэцэг мэт тансаг нэгэн охин агуйн үүдэнд зогсож байв гэнэ. 16 орчим настай танхил охин алд цэнхэр хадаг дэлгэж ийнхүү учирлажээ. Санаа сэтгэл тогтохгүй сониуч нь дэндсэн охин би хан уул шиг аавыгаа дагаж өмнө зүгт алсыг зорьсон юм. Илчит нар уначихсан мэт халуун, зах хязгааргүй энэ уудамд хэдэн хоног сараар яваад усгүй ангах шахаж арай гэж нэг урц овоохойн бараа харсан билээ. Аав бид хоёр баярлан очтол тогос шувуу шиг ганган хүүхэн угтаж тогоо дүүрэн мах чанаж байсан нь хүний мах байв. Том цар таваг дээр гар хөл, өвчүү ууцыг үе үеэр нь салгаж тавиад өмнөөс минь барьсан билээ. Аав минь үүрч явсан “Сундуйжадамба” судраа биенээсээ салгалгүй намайг хөтөлсөөр урцнаас холдсон. Цааш явтал нэг сайхан ширээ бөхтэй ингэ зам дээр хэвтэж байв. Аав бид хоёр тойрч гараад явтал хойноос дагав. Буцах замдаа аав маань нөгөө ингэнд ачаа ачиж, эзгүй цөлийн Довондойн усанд дөхөж очтол өнөөх ингэ хэвтчихээд боссонгүй. Аав маань ядаж цөхөөд ачаагаа өөр тэмээнд ачаад “миний охин Довондойн усанд очоод унаа малаа амрааж, майханаа бариад, цай унд чанаад байж бай, аав нь энэ ингийг босгоод араас нь очно” гээд “Сундуйжадамба” судраа надад үүрүүлэв. Усны захад ирж буудаллан хүлээтэл нар шингэх ч дөхөв. Буцаад аав руугаа яаран очтол аав минь дөнгөж амьсгалж байлаа. Хартал нөгөө ингэ чинь ингэ биш өхий /зэвхий чөтгөр/ байв. “Аавыг чинь хорлочихлоо, сая чиний барааг хараад эндээс холдов, одоо би сэхэхгүй, миний охин хурдан явж нутгийнхаа барааг хар, энд удвал бас хорлогдоно” гэв. Би яаран майхан руу буцаж судраа үүрээд аавыгаа авахаар тэмээ хөтлөн эргэж очтол аавын маань нэг гарыг ханцуйтай нь таслаад хаясан байв. Өнжин хонон хайсан боловч олсонгүй, их говьд ангав … хэмээжээ.
    Лам багш охиныг дагуулан Довондойн усны захад очиж майхан барьж, цай чанах зуурт улаан толгойтой нэг хонь хургаа хөхүүлж зогсох нь харагджээ. Охин “энэ эзэнгүй цөлд юун хонь вэ” гэтэл лам багш “говь гаталж яваа аянчин гийчний хонь биз” гэж хэлээд тогоотой цайгаа аваад үүдээрээ гаргаад алдаад асгачихжээ. Лам багш “би дахиад цай чаная” гэв. Цайны дараа охин бин хайрч суутал лам багш хэд хэдээр нь авч гараад тоорой модны мөчирт өлгөж тогтоогоод байв гэнэ. Дараа нь ачаа хөсгөө янзлаад цааш явах гэтэл гэнэт тэмээ унасан хүн нөгөө бин өлгөсөн тооройн төгөл рүү шургаад орчихож гэнэ. Охин эзэнгүй цөлд хүн явж байгаа учрыг ламаас асуутал “явуулын хүн биз, би очиж уулзаад араас чинь очно, харанхуй болтол намайг гүйцэж очихгүй бол буудаллаад цайгаа чанаарай” гэжээ. Харанхуй болж лам багш ирсэнгүй, охин буудаллаад цайгаа чанав. Шөнө тарни унших дуу сонсогдож чимээ өгсөөр лам багш ирж гэнэ. Өврөөсөө нэг эрхи гаргаж ирсэнд эрхиний яс бүрээс улаан ягаан шүүс гарч байв гэнэ. Маргааш нь охин багш хоёр Баруун Зүүн бурханы оронд хүрч очиход олон лам гэгээнтнүүд багш ламыг хүндэтгэн эрхинээс нь адис авах гэж хачин их хөл болж байна гэнэ. Багш лам охины эцгийг хорлосон өхийд унд хоол өгч хүчийг хариулж байгаад өхийн толгойны ясаар тийнхүү эрхи хийж иржээ. Нэгэн өдөр багш лам “охин минь нутаг буц даа, энэ хүмүүс хэсэгтээ надад явах чөлөө өгөхгүй бололтой, би удахгүй Ээж ууландаа очно” гэв.
    Охин лам багшийнхаа хэлснээр Ээж ууланд номоо уншин суутал хэд хоногийн дараа багш нь ирээд “Өхий мянга хувилдаг чадалтай. Улаан толгойтой хонь, нөгөө ингэ, төгөл рүү орсон тэмээтэй хүн, хүний мах чанаж байсан хүүхэн зэрэг нь нөгөө өхий байсан. Өхийг арай гэж дарж хүмүүсийг аюулаас аварсан нь их завшаан” хэмээв.
    Охин лам багшаас “та өхийг дарсан хэрнээ гунигтай байхын учир юу вэ” хэмээв. Хүний махаар хооллодог өхий үгүй болсон боловч хүн хүнээр хооллох аюул ирж байна, түүнд л санаа минь зовном, би маргааш Ээж уулнаа наран төгс мандах үед орхин одохоос өөр аргагүй, удахгүй зэвсэг агссан хүн ирж намайг өчиггүй тонилгоно, түүний дараа сайныхаа дээр муу нь гарна, бүтээх биш бүрэлгэнэ, асрах бус ашиглана, туслах биш гэмтээнэ, хүн хүнээ хараад айх цаг ирнэ, сайхан хувцас өмссөндөө бусад нь дургүйлхэнэ, бие биенээ амьд явахад битүүхэндээ дургүй болно, атаач сэтгэлтнүүд амьдралыг утгагүй санагдуулна. Хүнийг араатан амьтнаас дор үздэг атаа жөтөөний мунхаг бага боловч нимгэрч эхлэх тэр цаг үед хоёул дахин учрахын ерөөл талбитугай” хэмээн лам багш яриагаа өндөрлөв.
    Гэтэл охин “Багш минь өчүүхэн намайг авралдаа багтааж аваад залраач” хэмээсэнд “тэгвэл, хоёул бүх ном судар, бурханаа энд үлдээж, эрдэм чадлаа нутаг усандаа шингээе” гэв.
    Маргааш өглөө нь наран төгс мандахад багш лам нь “миний орхимжны үзүүрээс сайн бариарай” гэснээр охин орхимжноос зүүгдэн багш ламын хамт агуйн үүднээс огторгуй өөд солонго адил гэрлэн замаар оджээ. Ийнхүү тус агуйд багш ламын судар ном, бурхан тахил үлдсэн гэдэг. ЭЭЖ ХАЙРХАН УУЛЫН ДАЯАНЧ ЛАМЫН АГУЙН ДОМОГ ийм болой

  • ОНГОД ТЭНГЭРИЙН АЙЛДВАРУУД /УНШИХАД ИЛҮҮДЭХГҮЙ/

    Чамд эрүүл бие хорвоог туулах хоёр тулгуур хөл бий. Сэтгэл буй бол аргаа олох биз. Хол нутгаас нь эжий нь дуудваас чиний хэрэг гарсан байж таарна. Арга сийлэхэд болох бус уу? Гээд л. Шууд л совингоо дагаж хөдөө хээр шуудангын унаанд эсвэл вагоноор явж Шөнийн талд олноос хол үйлээ хийж явдаг байж билээ.
    Угаас хэн ч ойлгохгүй боловч Хэллээ гээд мэдэрч мэдмийдэж чадах хүмүн нь хэд билээ дээ. Уулс хайрхад минь тосон авч Сэтгэл гаргаад албаа орхиж Хормойдоо багахан ааруул багахан сүү тагшинд хийн тавьж олбог суудалч үгүй түшээ ч үгүй
    Хээрээр гэр хийн шөнөөр зүрхээ бөхөлж Маргаашийн мандах нар гарах л юм чинь хэмээн итгэлээс өөр юмгүй хэнгэрэгээ дэлдэж Талын салхинд зогсоогоороо шөнийг барж л явлаа. Жаахан хүйтэн ч дасчихжээ.
    2.Аавын минь хүүхэд ахуйд хэлдэг байсан сургаал ч байдаг. Хүнээс ялархаж бэлэн юм аваад байхаар Сүүлдээ чи дасчихна. Авах ёстой юм шиг бэлэн занд сурна
    Дараа нь чи ингэж амьдарч болох юм байна гээд улам даврах болно. Хөлс хүч хөдөлмөр гэж бодохоо больж Хэн ч биш болж бусдыг зовоодог болно. Аяндаа чи хэн ч биш болно. Зарим зүйлийг сураад аргаа олоод хийгээд сурчихвал тэр чамд хоол болно гээд л хэлдэг байж билээ. (Өглөөгүүр эрт сэрээж гудамж тойруулж гүйлгэнэ гар дээр суниах хэвлийн дасгал хийлгүүлээд л Толгой шийр хуйхлуулж заруулна. Чөмөгний яс чануулж тосыг нь заруулж Түц ажиллуулж билээ. Тэр үед ямар ядаргаатай юм бэ л гэж боддог байсан даа.)
    Одоо ч хийж байгаа зан үйл мод суулгах үйл маань үүнтэй холбоотой.
    Хүнд хэдэн гурил будаа эд юм өглөө гээд Нэг л өдөр эсвэл хэсэгтээ л чамд баярлана
    Тэгээд өлсөнө. Цаашлан муу зан сурж бусдаар өрөвдүүлж бэлэн зүйл авахыг хүсдэг болно. Ямарч хийж бүтээх хүсэл эрмэлзэлгүй. Өөрөө ч хөгжихгүй, Бусдад ч тээр болно.
    Олны хайр энэрэл заримдаа хүнийг хорлодог уршигтай.
    Одоо нийгэмд тийм л болж. Бэлэн ашиг ч талын хүмүүс нь их болжээ. Ашигтай л бол найзалдаг ч юм уу. Харин унаган байгаль нь догшроогүй өлсөж доройтсон ч угтаад тосох байгаль нь байваас тайтгаран өвөг дээдэс минь бидэнд ямар сайхан газар нутаг үлдээгээ вэ? Хэмээн нулимсаа арчин ерөөс би ингэж байж болохгүй хэмээн арга сийлэх биз ээ.
    За энэ ч яах вэ. Хамгийн гол нь Би машин аваад өг. Тэгээд би уул хангайгаа тахиж аргадна гэж бусдад ялархаж явсангүй. Яах вэ би мод суулгах гэж хандив авч байгаа.
    Гэхдээ би тэр мөнгийг гол ус уул хайрхандаа нутагт нь мод болгож ирээдүй хойч минь гэж эцэг өвгөдийн өвлүүлсэн тэй адил үлдээх юм байгаа юм. Угаас тэр чинь олны юм. Тийм учраас олонд нь зориулах ёстой. завших их шунал чинь улс түмнээс илүү үнэ цэнэтэй мэт. Яадаг юм. Хуяг уналгаа бариад шуудангийн унаанд суухгүй юу чи. Байгаадаа сэтгэл ханахгүй. Энэ их шуналыг яанам бэ? Хөлгүй алхаж чаддаггүй өвчтэй хүн алхахыг хүсдэг тэрнээс тэргэнцэр хүсэхгүй.
    Энэ мэт шуналтай хүмүүнүүдээ эртхэн дарж байхгүй бол дараа нь та нар л зовох байх аа гэдгийг хэлмээр байна. Унаа авна. Тэрний дараа та нарыг засаж үзэж харах хаус байшин гэр гээд даврах биз.Эцэст нь тэр Өөрийгөө гэснээс та нарыг яг бодож байгаа гэж үү?
    Дараа нь яаж ийж байгаад баяд ноёдтой чинь нийлж уул усыг чинь өнгө зоосны төлөө тонон дээрэмдэхэд арыг нь дааж явбал яах бол?
    Нийтэд ил биш л болохоос ингэж явдаг маш олон шашин шүтлэгийн талын хүмүүс байдаг.
    Хэдий тэр үед миний унаа минь эвдэрч Хэцүүдсэн ч шуудангын унаанд говьд 10 л устай уналгаа үүрч цүнхээ чирээд явж газар эхийнхээ шаналлыг тэнгэрт мэдүүлж л байлаа. Унаагүй цагтаа шалтаг тоочиж гэртээ сүү өргөсөн болоод хойш сууж байсангүй аргаа олоод очдог л байлаа. Ай Хүний шунал гэж хэцүү шүү.
    Ялангуяа тэнгэр бурхадтай харилцдаг далд чадвартай хүмүүс ийм зүйлд автваас нийтэд хөрстөд маш их гай уддаг билээ. Эцэст нь хэлэхэд хорвоо надтай надгүй чамтай чамгүй эргэдэг л байхгүй юу. Нэгийн ертөнц бус нийтийн тойрог ертөнц юм.
    Эх сурвалж: Тэнгэрхүү Харганачин