Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • ХАМАГ МОНГОЛЫН ХАТАН ЖАДНЫ ҮЗҮҮР ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ. ХАРАА ИХТ ” ХАР СҮЛД “

    Эрт дээр үеэс монголчууд аян дайнд мордохдоо ” Хар сүлд “- ээ тахиж, ялалт амжилтаа даатган, хийморь сүлдээ бадраадаг байснаас гадна улс орны дотоодод гарсан үймээн самуун, хулгай дээрэм, нийтийг хамарсан бослого тэмцэл, халдварт өвчин тахалыг дарахад ” Хар сүлд “-ээ догшруулан тахиж, саадтай саар бүхнийг дардаг байсан талаар түүхийн эх сурвалжуудад дурьдсан байдаг.
    Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан бөгөөд Жалайр овгийн Мухулай жанжинд хариуцуулсан бөгөөд Хар тугийг дайн байлдаанд залж явах, тахих болон догшруулах, байрнаас нь хөдөлгөхөд Мухулай жанжин болон түүний үр удмынхан гардан гүйцэтгэхийн зэрэгцээ өөр хүмүүс ” Хар сүлд “- энд гар хүрч хөндөхийг цээрлэдэг байсан ажээ. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
    Монгол Улсын Бүх Цэргийн Их Хар Сүлд.
    Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар баталсан Бүх цэргийн Их Хар сүлдийн дүрмэнд “ Бүх цэргийн Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ. 
    Монгол Улсад ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос төрт ёс, түүхэн уламжлал сэргэж эхэлсэнээр Монгол төрийн Есөн хөлт цагаан сүлдийг бүтээхийн сацуу Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Хар сүлдийн эх загвар зургийг Урлагийн гавьяат зүтгэлтэн ардын зураач М.Амгалан зурж, түүний урласан эх загвар зургийг БХЯ-ны сайдын зөвлөлийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат БХЯ-наас ирүүлсэн санал, сүлдийн эх загварыг эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцээд, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Батлан хамгаалах яамны сайдын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Цэргийн сүлд, байлдааны тугийг бүтээн залах ажлыг зохион байгуулах комисс байгуулжээ. Бүх цэргийн Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
    Бүх цэргийн Их хар сүлдийн титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 25.8 см урт гилбэр 6,6*10 см-ийн хэмжээтэй дөрвөн ган цэцэг, 3,5 см голчтой хоёр ган зангилаанаас бүрдэнэ. Гангаар хийсэн дөрвөн цэцэг нь монгол орон дөрвөн цагийн эргэлтэнд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол ган шиг бат байхыг, хоёр ган бат зангилаа нь төр улс эв нэгдэлтэй, бат хүчтэй байхыг бэлгэднэ. Оройн гилбэр нь эртний монгол цэргийн сумын зэв хэлбэртэй байна. Энэ нь цэрэг эрс шулуун шударга, зэв шиг хурц, харьшгүй хатан зоригтой байж эх орноо дайснаас хамгаална гэсэн утгатай. Их хар сүлдийн дээврийг монгол газрын 35 см голчтой гангаар бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимсэн. Туургыг мөн гангаар бүтээж, дээд, доод захаар нь алтадсан хүрээ товойлгон хадаж, наян нэгэн сүвэгч гаргасан байна. Сүлдийн дээвэр, туурга нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бэлгэдсэн гэр хэлбэртэй, туурган дээрх наян нэгэн сүвэгч нь улсын хил эргэн тойрон мөнхийн хяналттай байж, дайлаар ирэх дайсныг сүвэгчийн төдий ч зайгаар оруулахгүй хамгаалахыг бэлгэднэ. Их хар сүлдийн залааг хар зүсмийн азарганы 40-60 см урттай хөхөл дэлээр, бүч, бүслүүрийг хар дэвсгэр дээр одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн. Залааг харьшгүй хатуу бат бөхийг бэлгэдсэн хар өнгийн хөхөл дэлээр хийсэн нь монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь бат бэх, тогтвортой байхыг бэлгэднэ. Залааны гадуур хар дэлний үсээр хялгасан ханан сүлжээс гарган бүрж, бүч, бүслүүртэй холбосон. Бүч 55 см, бүслүүр 35 см урттай байна. Гол сүлдийн дөрвөн бүч, бүслүүр нь хар өнгийн дэвсгэр дээр хөх өнгийн эдээр хийгдсэн нь мөнх хөх тэнгэрийн дор Бүх цэргийн Их хар сүлд мөнхөд оршихыг бэлгэднэ. Бүч, бүслүүрийн уулзварт 9 см голчтой дөрвөн толь байна. Энэ дөрвөн толь нь дөрвөн зүг найман зовхисоос учрах аюулыг сэрэмжлэн харж, Монгол Улсын тусгаар тогтнолыг ашид мөнх сэвгүй ариун байхыг бэлгэддэг.

  • ДАЛ ШАТААЖ МЭРГЭЛЭХҮЙ

    Далыг хүндэлж цэвэр газар хадгалж эсвэл (Дал давж урт удаан наслаарай далан улаан үхэртэй болоорой ) хэмээн хэлж хаядаг ба далыг халуун, хүйтэн талтай гэх. Мэргэ хийхдээ; Хонь мэргэн Дал мэргэн алтан ясны төлгө мэргэн алсын мэргэ үнэн тавиарай гэж шившэх нь ч бий.
    Далын шатаахад анхаарах зүйл :
    Далыг олон хүнтэй газар шатаахгүй байх. Хамгийн дээд тал нь 2-3 хүний дэргэд тавих.
    Далыг түлж байхад гаднаас хүн оруулахгүй байх.
    Далыг аргал болон, харганы зөөлөн гал дээр шатааж мэргэлэх.
    Түлж байгаа дал тань шинэ сайхан, бүрэн бүтэн, махнаас бүрэн цэвэрлэсэн байх.
    Боож үхсэн, усанд унасан, араатан жигүүртэнд бариулж идүүлсэн, ямар нэгэн хүчин зүйлээс болж үхсэн зэрэг малын далыг ашиглахыг цээрлэдэг.
    Далаар төлөг тавьдаг хүн далыг муулж элдэв үгээр хэлэх, буугаар буудах, шидэж гэмтээх, хөлөө дэвслэх, усанд хаях, зориудаар хугалж гэмтээж болдоггүй ажээ. Харин төлөг тавиулж байгаа хүмүүс өөр хоорондоо ярих эсвэл хөлөө ачих, элгээ тэврэхгүйгээр мэргэлүүлэх хэрэгтэй. Энэхүү бүхнийг зөрчвөл дал худал хэлж мэргэ төөрөг төөрдөг гэж үздэг..
    Далны таван оронд хар цагаан 2 замтай тус бүр өөрийн хамаарах шинжээрэй тайлагдана
    Бурхны орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн орон гэх таван орноор болон тэнгэр газар, лус савдаг, эрлэг ад хорлол, бурхан шүтээн онгод гэх мэтээр хар ба цагаан замаар шатааж мэргэнд буулган төлгө шинжээ хийнэ. Мөн цааш лавшруулж таван төрлийн гал байдаг ба мөн таван төрлийн шинжээ бий түүнтэй холбон тайлах хэрэгтэй. Дээрхи мэргийг тайлан уншиж, хэрхэн тайлах нь мэргэч төлгөч хүний ухаан билиг, зөн совин хоёр мэддэг.
    Далны мэргэ хийх нь залуу хүнд халгайтай гэж ярьдаг. Далыг худал уншиж тайлвал над шиг хувхайрч байгаарай гэж хараадаг гэлцдэг. Тиймээс мэдэх мэдэхгүйдээ цээр тавин хандаж, үл мэдэх зүйлдээ санааны мунхагаар бүү хандаж байгаарай хэмээн захъя.
    А. Готов

    djmedia:777
  • ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮЙЛ СУМЫН ЗҮҮН ХАЙРХАН УУЛЫН СҮЛД.

    Би маргааш нь Зүйл суманд барилдаж түрүүлээд буцаж явахдаа тус сумын ЗҮҮН ХАЙРХАН УУЛАНД телливизийн станц байрлуулж явсан хэдэн залуустай тааралдсан нь тэд нэг сонин зураг надад үзүүлж энэ хайрхны савдаг нь морь унасан баатар байдаг гэсэн үнэн юм. Бид нэг орой бороо сэв хийхээр Зүүн хайрхнаад явж майханд ганц эмэгтэй инженер үлдсэн юм .Тэр уйдахдаа гадаа байглийн зураг дарж байгаад орж ирсэн нь камерт нь морь унасан эртний баатрын ийм зураг гарсан байгаа юм хэмээн надад үзүүлсэн юм Тэр зураг энэ зураг дээрхи морьтой баатрын зурагтай яг адилхан байсан юмдаа.Энэ бяцхан эссэг уншаад ЗҮЙЛ СУМАНД РЕЙЛЭНИЙ СТАНЦ тавьсан залуучууд тэрхүү гайхамшигтай зургыг тавиарай. Маш сонин юм даа.Энэ Зүүн хайрхны савд-
    гийн зураг лав 300 гаруй жилийн настай байх.Миний бодлоор өндөр Гэгээн минь энэ Зүүн хайрхны зүүн суганд 1635 онд төрсөн 5 насандаа Халхын анх дугаар богд ламын сэнтийд энэ нутагийн Ширээт цагаан нуурт залагдсан .Тэгээд л Шанхын хүрээг 14 настайдаа байгуулж төрсөн Зүүн хайрхныхаа савдгийн зургыг хийсэн болов уу хэмээн зөнөг өвгөн бодол хөвөрднөм… үгүй ч байж болно доо .Мэргэд, түүхчид сэтгэгдлээ бичээрэй. Энэ зургыг арай тодруулбал сайн байна. Морь унасан баатар нум сумны хөвч татаж байх шиг бас сэлэм зүүсэн ч юм шиг… Дээр нь гурван давхар сүм байгаа болохоор ямар нэг хувраг бүтээсэн болов уу.Эндээс ойрхон Шартын давааны бурханд ууланд цагаан онгоц явахад утаа шиг зам гардаг яг тийм зам гаргаад бурхан багш бадар аягаа бариад завилж сууж явсаар Бурханд ууланд шингэсэн гэж миний найз Мэндбаяр минь анхны их хурдаас буцаж явахдаа үзээд уулын “атейст ” нөхөр жаахан либреал тал руугаа орж түүнээс хойш Цагаан сар гарахад гэртээ лам залж ном уншуулдаг болсон байгаа юм . Би өөрөө нүдээрээ үзсэн болохоор үнэмшсэн.Тэгээд ч тэр өндөр хар уулыг Бурхант уул гэдэг болсон байх.Нүдээр үзээгүй бол энэ нөхөр худлаа гүвж байна л гэж хэлэх байсан .Байгал дэлхийд олон сонин зүйл байх юм даа гэж билээ.
    Жамцын Амарсайхан 2023 оны 9 сарын 6 .Хужирт Шарбулаг .
    Зураг 1. ЗҮҮН ХАЙРХНЫ САВДАГИЙН САХИУС.

  • АРДЫН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА УХААНААС

    6. Тахианы мах идээд мараг пиво уухыг хориглоно. Аюул болно.
    7. Бал үрийн тос хоёрыг хамтад нь бүү хэрэглэ.
    8. Сонгиныг болтай хамт идвэл гэдэс тасарна.
    9. Тарвас боов боорцог хамт идвэл шар огино.
    10. Загасны мах тахианы өндөг хоёрыг хамт хэрэглэвэл ходоодны эдгэшгүй өвчин тусах аюултай.
    11. Зэс саванд шинэ тос хийж 10-аас илүү хоног байлгах нь хортой.
    12. Шар тос идээд араас нь сүү уугаад исгэлэн бүхнийг идэх, зөгийн бал, ургамлын тосны хувьд тэнцүү хольж идэх, шараад удаан хадгалсан мах харш болно.
    Санамж: Эрүүл чийрэг гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэхийн тулд 1-2 удаагийн хоолыг алгасах буюу бүтэн өдрөөр мацаг барих зуршил эзэмшвэл маш сайн. 1-2 хоног хоолноос татгалзах нь зүрхэнд болон бусад эрхтнүүдэд маш сайн амралт болдог. Иим өдрөө хүйтэн нэрмэл ус уух хэрэгтэй. Хэрэв халуун юм уумаар байвал нэг аяга ногоон цайг бага зэрэг зөгийг балтай хольж ууж болно.

  • ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛЫН ДОМОГ

    Сайхан Гурвын бүсгүйн тухай ам дамжсан яриа говь нутгаар тархав. Хээрээр гэр, хэцээр дэр хийн амьдардаг Өлзийт, Цагаан, Цогт хэмээх гурван залуу тэдэнтэй учирдаг болж хуримлан суухаар болзоо товложээ.

    Гэтэл өөдгүй нэгэн зарц нь эзэн ноёндоо ховлосноор баривчлан хар гэрт хориод, гав гинж зүүн байцаав.Хонины бэлчээрээс холдолгүй аргалчин болгосноор мөнөөх гурав тийнхүү хангайгаас ирсэн гурван охинтойгоо уулзаж чадахаа больж, алс зүүн зүгт Өлзийт овоо, Цагаан овоо, Цогт овоо нэртэй гурван хайрхан болон үлдэж, он жилүүдийн уртад гурван залуугаа хүлээсээр нөгөө гурван охин ч Гурван сайхан уул болон мөнхөрсөн гэдэг.
    Тэгээд хэзээ нэгэн цагт хэлцээ болзоо ёсоор хонгор жаахан хөвгvvдийг заавал ирнэ хэмээн урин цагийн түрүүчээр ногоон торгон дээлээр гоёж, улирлын сэрүүн намраар цагаан эсгий тоорцог асааж газар тэнгэрийн савслагад гангалж суудаг болсон гэнэ.
    Цул Цагаан

  • ЗАД БАРИХ БУЮУ БУУЛГАХ.

    Амьтны гаралтай задын чулуу нь маш ховор ;байх буюу хойлог шувуу, янгир ямаа, баавгай зэрэг амьтадаас гарах тохиолдол байдаг. Aмьтны биед оршдог задын чулууны хамгийн хүчтэй нь илжиг, могойнд байдаг гэдэг учраас их хүчтэй задыг “Илжгэн зад”, ” могойн зад” гэж ярилцах тал бий. Задын чулуу хэмээх нь байгаль дахь аливаа үзэгдлийг задалж, өөр дүр байдалд оруулдаг, өөрчлөх хүч чадал бүхий чулуу гэсэн утгаар сэтгэж төсөөлөн ирсэн ажээ. Ийм задын чулууг эрхэмлэж түүний ид шидийг амьдрал ахуйдаа хэрэглэхтэй холбогдон ” зад барих ” ёс бий болжээ. “Зад барих” гэдэг үгийн гол утга санаа нь “задраах” , “зад цохих” , “задлах” үйлдэл юм. Задын чулуу нь хэмжээний хувьд харилцан адилгүй байхаас гадна солонго татсан олон талстай, хар цагаан өнгөтэй, гарын хуруу адил салаатай, өвөрмөц бүтэц хэлбэртэй байдаг. Гагцхүү түүнийг таньж, зад барихад таарч тохирохыг олж авах, олсны дараа хэрхэн хэрэглэхээс шалтгаалдаг. Байгалийн гаралтай задын чулуу нь дотроо цагаан үүл мэт солонгорсон дүрстэй ихэвчлэн байдаг. Түүнийг нь ” Хонин эрдэнэ ” хэмээдэг. Мөн задын чулууг амьтай чулуу учраас наранд удаан байлгаж болдоггүй эс бөгөөс задын чулуу амь алдаад хэрэглэж болдоггүй гэж үздэг. Задын чулуунаас гадна задын өвс гэж бий түүнийг задын шар цэцэг гэдэг. Мал амьтан энэ өвсийг олж идвэл биед нь задын чулуу үүсэн бий болдог байна. Задын өвс Алтайн сарьдаг өндөрт ургахаас гадна танихад нилээд бэрх, шөнийн цагт өөрөөсөө олон өнгийн гэрэл гаргах тохиолдолд ч байдаг. Ийм задын өвс идсэн адуу, үхрийн тархи цөснөөс олсон хөхөвтөр өнгийн задын чулууг зарим задчин хэрэглэдэг. Хүн болгон зад бариад байж чаддаггүй. Учир нь тодорхой нөхцөл шаардлага тулгарсан хэрэгцээтэй цагт л зад барьдаг. Задчид зад барихыг төдийлөн дурладаггүй. Учир нь зад барихад задчин хүний гэдэс хөөж, давсаг чинэрч бие нь ихээхэн зовиурладаг. Ган болсон үед бороо оруулах зорилгоор эсвэл хэт их бороо цас орж зуд болсон үед зогсоох зорилгоор зад барьдаг. Задын чулууг уулын араас гарсан мөнх ундаргатай булгийн эхэнд сойвол сайн. Харин чулууг усанд булхуулан дүрвэл үер усны аюул гамшиг болно гэж үздэг. Хир зэрэг их бороо оруулахаас хамаарч задын чулууг усанд сойх хугацаагаа тохируулдаг хэмээдэг. Задын чулууг усанд сойсны дараагаар тусгай шившлэг уншдаг. Зад барьж, бороо цас оруулсан хүн түүнийгээ зогсоох чадвартай байх ёстой. Хэрэв зогсоож чадахгүй бол үер усны аюул болно. Зад барьж хур бороо оруулсны дараа хэрэглэх гол зүйл нь адууны хуурай хомоол юм.
    А. Готов

  • Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл

     

    • Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хоргилно.
    • Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
    • Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
    • Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
    • Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
    • Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
    • Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
    • Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
    • Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
    • Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
    • Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй.
    • Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
    • Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
    • Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
    • Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг. Хүйтний улиралд онгоцондоо ус үлдээж хөлдөөхийг ч цээрлэнэ.

  • ЦЭЭРЛЭХ ЁС

    Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх. Гараа хоосон савчдаггүй.
    Цустай зүйл гал руу хийдэггүй. (шатаадаггүй)
    Алгаа хоосон ташдаггүй.
    Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ.
    Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
    Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ.
    Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.
    Хэвтэж ном уншдаггүй.
    Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй.
    Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй.
    Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
    Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
    Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морины уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн.
    Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх.
    Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй.
    Буруу гараараа юм өгч авалцдаггүй.
    Нохой зардаггүй.
    Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах.
    Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх.
    Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг.
    Ахмад хүний яриа тасддаггүй.
    Хүндлэхийн учир бөлгөө.
    Хүн рүү хар ус цацдаггүй.
    Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
    Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг.
    Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх.
    Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг.
    Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна.
    Хайч ангалзуулдаггүй.
    Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй. Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.
    Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана.
    Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй. Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй.
    Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй.
    Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.
    Толгой сэгсэрдэггүй.
    Хүний нүүр лүү нулимдаггүй.
    Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй.
    Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй.
    Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан.
    Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг.
    Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй.
    Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл.
    Харанхуй шөнө үсээ самнадаггүй.
    Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй.
    Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй.
    Хүний малгай өмсөх цээртэй.
    Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.
    Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.
    Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй.
    Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
    Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг.
    Ус , гол руу нулимж үл болно. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй.
    Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх.
    Эмэгтэй хүн завилж сууж болохгүй.
    Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
    Сүүнд түүхий мах хийж болохгүй.
    Болсон идээнээс заавал амсах.
    Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх.
    Айлд хумсаа авах цээртэй.
    Айлд үсний сэвээ хаях цээртэй.
    Сэвийг галд хийх цээртэй.
    Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
    Харуй бүрийгээр хог гаргах цээртэй.
    Эх рүүгээ муухай харах цээртэй.
    Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй.
    Хаалга түшиж зогсох цээртэй.
    Гэрийн багана түшиж зогсох цээртэй.
    Баганын зовлон халдана гэх.
    Тургих цээртэй. Бороо орно гэнэ.
    Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх.
    Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
    Аав нь хормойн донтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\ Эхнэр нь хормойн донтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг.
    Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
    Ширээ буландаж суух цээртэй.
    Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх.
    Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх.
    Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй.
    Хундаганы ёроол гартал уух цээртэй. Архичин болно гэх. Архины шавхруу уух цээртэй.

  • НУУЦ ТОВЧООГ ТОЙРСОН НУУЦУУДЫГ ТАЙЛАХ ЮМСАН

    Энэ ном түүхэн үнэнийг түүхчлэн өгүүлж байна уу, эсвээс энэ ном уран зохиол юм уу? Номыг бичсэн зорилго нь яг чухамдаа юу болох? Бөртэ чиногоос Есүхэй хүртлэх 22 үеийн өвөг дээдсийг нь нэрлэж тоочжээ. Энэ үнэн юм уу? Ер нь Бөртэ чино бодитой байсан, түүхэн, хувь хүн мөн үү? Энэ 22 үеийнхний наад зах нь л 18 орчим нь зохиомол биш гэж үү? Есүхэйгээс хойш Лигдэн хаан хүртэлх 21 үеийн хаадыг 1640 онд дэс дараалан нэрлэхэд ч бичиг, цаас харж, судалж байж л зөв хэлнэ шүү дээ. Бөртэ чиногоос Есүхэй хүртэлх 500 орчим жил, мөн Есүхэйгээс хойш Лигдэн хүртэлх 500 орчим жилийг хамаарсан 1000 орчим жилийн ургийн бичиг байгаа бол өөр хэрэг л дээ. Гэтэл эхний 500 орчим жилийн ургийн бичиг байсан гэж үү? 1240 онд ямар материал ашиглаад 22 үеийнхнийг нь нэр устай нь тоочдог байна вэ? 1240 оноос өмнө Монголчууд ургийн бичиг хөтөлж байсан юм уу? Энэ номын бичмэл эх нь ямар бичгээр байсан бол оо? Энэ номыг уйгаржин монгол бичиг, үсэгтэй Монгол хүн бичсэн үү, эсвээс Хятад ханз бичигтэй Монгол хүн бичсэн үү? Хятад ханз бичигтэй хятад хүн (монгол хэл мэддэг) хятад бичгээр, Монгол хэлээр нь хуулж авсан юм уу? Энэ бол Уйгаржин бичгээр, Монгол бичиг мэддэггүй, гэхдээ Монгол хэл мэддэг хятад хүн уг номыг монгол хүнээр уншуулж байж хятадаар бичиж авах хувилбар юм. МНТ-г бичиж дууссан 1240 он бол Их Монгол улсыг тунхагласнаас хойш 34 жил өнгөрсөн, Чингис хаан нас бараад 13 жил өнгөрсөн цаг үе. Энэ үед Уйгаржин Монгол бичиг үсэгтэй хүн, түшмэдүүд хаана л бол хаана олширчихсон байсан нь тодорхой. Ингэхлээр МНТ-г бичих боломж бодьтой юм. Харин хэн, ямар материал ашиглаж, ямар зорилгоор бичсэн юм бэ? гэдэг нь сонин болно.

    МНТ ном шууд Бөртэ чино, Гоо Марал хоёроос эхэлдэг. Тэр хоёрын угсаа, гарал, хэлний талаар өгүүлсэнгүй. Тэд Монголчууд гэж ойлгогддог. Номын эхний өгүүлбэр: Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу”. Гэргий Гоо Марал нь жирийн хүн бололтой. Бөртэ чоны эцэг, эхийг нэрлэсэнгүй. Яагаад дээд тэнгэрээс заяатайг нь ч дурдсангүй.

    Үлгэр, уран зохиол л ингэж эхэлдэг. “Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ”. Энэ бас үлгэрт л байдаг дүр. “Тэнгэс гэтэлж ирэв.” Энэ бас л үлгэр гэхээр… Зохиогч Чингисийн намтраар дамжуулан Монголын түүхийг бичих гэсэн, эсвээс Чингисийн намтрыг бичиж түүний тэнгэрлэг угсаа язгуур, хаадын хаан байсан их гавъяаг алдаршуулах гэсэн байж ч болох юм. Угсаа, гарвалыг нь зохиомжлон дээдэлж үзүүлээд өөрийн нь амьдрал, үйл ажиллагааг тоочин өгүүлэх аргыг сонгосон байж ч мэднэ. Энэ номын зохиогч нь ихэд шашинжуулж бичсэн, ид шид, мөнх тэнгэрийн хүчинд хэтрүүлэн дулдуйдсан нь мэдрэгддэг бол сүүлд орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлсэн хүмүүс нилээд улстөржүүлж, бас шүлэглэж, уран зохиол талруу нь хазайлгажээ. Номонд байгаа утгыг сэжүүрээс нь дөнгөж шүүрээд л шүлэглэж бүүдгэрүүлсэн, дүрсэлж хэтрүүлсэн нь мөн ажиглагддаг. 9 настай Тэмүүжин эцгийнхээ үхэлд гашуудан уйлж байхад нь хүмүүс улстөр, цэрэг ярьж тайтгаруулж байх жишээтэй… Хятадаас олдсон эх, Хятадруу аваачсан эх нь Хятад үсгээр, Монгол хэлээр байгаагийн учир, зорилго юу байв аа? Хятадуудад зориулж аваачсан бол хятад хэлээр л баймаар юм. Мин улсын үед МНТ-г Хятад хэлэнд хөрвүүлж 1382 онд одоогоос 641 жилийн өмнө хэвлэжээ. Судлаач Кафаров МНТ-г Орос хэлэнд хөрвүүлж 1866 онд (одоогоос 175 жилийн өмнө) хэвлүүлжээ.

    Хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн 1908 онд МНТ-г зарим тайлбартайгаар мөн хэвлүүлжээ. Энэ гурван хэвлэлийг уг эхтэй харьцуулж, хятад бичгээр Монгол хэлээр бичигдсэн уг эхийг хэр зөв хөрвүүлсэн болохыг хянах, шалгах хэрэгтэй. XIII зууны хятад ханзын утга, XIII зууны эртний Монгол хэлний нэр томъёо, хүний нэр, газар усны нэр, тогтмол хэллэг, зүйр цэцэн үгний утга гэх мэтийг ойлгож, тооцож орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлэн гэдэг бол амар ажил огт биш юм. Махчилж орчуулах аваас нэг янз, чөлөөтэй орчуулах аваас өөр янз, жинхэнэ шинжлэх ухаанчаар орчуулах аваас гуравдахь янз байх магадлалтай… Эх хувийг хятадаар, хятад орчуулгыг оросоор, Орос орчуулгыг Монголоор хөрвүүлэхэд ч мөн их алдаа, мадаг гарнаа даа! Анхны Монгол эхийг (Уйгаржин Монголоор л бичсэн болов уу) хятад ханзаар буулгасан хүний мэдлэг, чадвар ч мөн тооцогдох учиртай. Энэ ажлыг Монгол хэл мэддэг Хятад хүн хийсэн үү, эсвээс хятад бичиг мэддэг Монгол хүн хийсэн үү? Уг номыг бичсэн хүн өөрөө хийсэн үү, эсвээс өөр нэгэн хүн хийсэн үү? Монгол хэлээр, Хятад ханзаар бичиж хадгалахын зорилго, зориулалт нь юу юм бэ? Арай МНТ-ны зохиогч нь Монгол хэлтэй Хятад хүн байсан юм биш биз? Түүний бичсэн эх нь гар бичмэлээр үлдээж, хожуу нь бээжингээс олдсон байж ч болох юм. Энэчлэн нягтлах, бодох, тооцох, судлах, хардах, сэрдэх зүйлс ч их байгаа болно. Ер нь хятадаас олдсон эх нь гар бичмэл юм уу, барласан хэвлэсэн хувь юм уу?

    1949-1954 онуудад Зөвлөлтийн судлаач, эрдэмтэд Сталины даалгавараар Монголын товч түүхийг бичиж өгсөнтэй адилхан ажлыг хятадын Мин улсын түүхчид (хааныхаа даалгавраар) 1382 онд хийж гүйцэтгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв тийм ахул энэ номонд улс төрийн зорилгоор нэмсэн, хассан, гуйвуулсан зүйл олон байх нь эргэлзээгүй. Зөвлөлтийн судлаачдын бичсэн түүхэнд ч тэр, мөн Хятадаас олдсон гэх МНТ номонд ч тэр Монголын түүхийг Чингис хаанаас л эхлүүлсэн байдаг нь адил юм, сонин юм…

    Монголчуудын өвөг дээдэс Хүннү улсыг, хожуу Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулсан болохыг Чингис хаан мэддэг, энэ тухай Чан Чун Бумбад (1148-1227) илгээсэн захидалд дурдсан байдаг даа… Тэгэхлээр Чан Чун-гийн үеийн хятад судлаачид (XIII зууны дундуур) энэ талаар мэддэг, мэдээлэлтэй байсан нь тодорхой. Гэтэл XIV зууны хятадын судлаачид энэ талаар таг дуугүй л байцгаажээ. Чингисээс өмнөх үеийн Монголчуудын түүхийг Орос судлаачид ч, мөн хятад судлаачид ч мэддэггүй байсан танин мэдэхүйн шалтгаан ч энд байсан байж болох юм. Улстөрийн зорилгоор биш, харин танин мэдэж чадаагүйн улмаас иймэрдүү байдал, үр дагавар гарсан байж болно л доо… Тодорхой угсаатны түүхийг, алдартай хувь хүний намтрыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн холч санаархлаар өөрчилж, худал зохиож бичих тохиолдол олон байсан нь баримттай зүйл билээ. Монголын түүхийг, Модун шаньюй болон Чингисийн намтрыг улстөрийн зорилгоор өөрчилж бичсэн байхад гайхах зүйл үгүй юм. Хятадын түүхчид Модун шаньюйгийн намтрыг нүүдэлчдийн, өвөг Монголчуудын зан чанар, ёс суртахууны үүднээс бол итгэхийн аргагүй зэрлэг, догшин болгож бичсэн буй билээ. Нүүдэлчдийг, Модуныг доош хийх, үзэн ядуулах зорилгоор худал бичих, буруугаар сурталчлах нь тэр цаг үеийн улс төрийн шаардлага, сонирхол байсан бизээ. Хаадууд, ордны түүхчид битгий хэл том шашинууд, бүр нэг шашины өөр өөр урсгалууд хүртэл хоорондоо дайсагналцаж, элдвээр муулж, гүтгэж, бүр дайтаж байсан л хорвоо шүү дээ. Хятадын нийслэл хот, хааны ордон хавийн барилга, цэцэрлэг, нуур мэтийг Монголчууд (Хувилай хаан) дэлхийд гайхагдахуйц түвшинд тохижуулж, гоёмсог болгосон бол харин хятадууд Их Монгол улсын Хархорин хотыг 30 жилийн зайтайгаар 2 удаа эвдэлж шатаажээ. 1380 онд хятад цэрэг 4 чиглэлээр давшсаар Хархорумыг эзэлж балгас болтол нь сүйтгэжээ. Энэ үед хархоумд хадгалагдаж байсан бүх бичиг цаас устсан болохоор 1389 онд хятадууд МНТ-г хятадаар орчуулж хэвлэхдээ элдвийн өөрчлөлт, нэмэлт, хасалт хийсэн байж ч болох юм. МНТ-ны өөр эх, бичмэл эх байх боломжгүй гэж тэд тооцсон байж болох билээ. XX зуунд холбогдох цөөн жишээ дурдая: Оросын академич Б.Я.Владимрцовын (1884-1931) бичсэнээр (Общественный строй монголов. Монголский кочевой феодализм 1934г) “Монголчуудын хувьд феодализм XI-XII зуунд хөгжиж эхэлжээ”. Мөн орос түүхч А.Ю.Якубовский “Монголын нийгэм XII зуунд хүй нэгдлийн байгууллын зардалд өртжээ” хэмжээжээ (Из историа изучения монголов). “Чингис хаан 1206 онд Монголын тулгар буюу анхны улсыг байгуулсан (БНМАУ-ын түүх, I боть. УБ 1966он 214 дэх талд)”. “800 гаруй жилийн тэртээ цагт Монгол угсаатан бүрэлдэж, XIII зууны эхэнд улс төрөө байгуулжээ (БНМАУ-ын түүх 1984 УБ 664 дэх талд)”. “Монголын нууц товчооны 10 дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ (МНТ 1990он 34дэх талд)”. Монголын ард түмний түүх Чингис хаанаас эхэлнэ (Ш.Нацагдорж Чингис хааны цадиг УБ 1991он 298 дахь талд)”. X зууны Монголчуудын гол шинж бол… овгийн байгуулал задарч, ангит нийгмийн үр хөврөл боловсорч эхэлж байв (Ч.Далай Хамаг Монгол улс (1101-1206) 1996он 10дахь тал)”- ийм л үзэл санаа ноёрхож байлаа.
    Орос, Монголын түүхчид XX зуунд өмнө дурдсанчлан алдаж эндсэн байхад 2000 жилийн өмнөх, 1000 жилийн өмнөх Хятадын түүхчид алдаж эндсэн байх нь гайхах зүйл ер биш болно. Нүүдэлчдийг дорд үздэг “түүхийн нялхсын өвчин,” “хятад төвийн синдром,” “хөгжилтэй Европ, хоцрогдсон Ази” гэх бурангуй хандлага зэрэг нь түүхэн үнэнийг танин мэдэхэд чөдөр, тушаа болсоор ирснийг тооцох аваас онол-аргазүйн уг үндэстэй алдаа, төөрөгдөл дэлхий дахины түүх бичлэгт ч олон буй.

    1.Биологийн нэгэн зүйл амьтан 2.Оюун ухаантай амьтан 3.Нийгмийн амьтан болохынхаа хувьд аль ч угсаа, гарлын аль ч тивийн хүмүүс адилхан. Тэд бүгд л хомосапиенсын дэлхийгээр нэг тарсан үр хойчис, удам судар, төрмөл заяагдмал тэгш эрхтэй хүн зон. МНТ номны “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн” гэх утга бол уран сайхны халил төдий уг утга юм. Суурин иргэдийн болон нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн түвшинг зөвхөн, ганцхүү үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж зэвсэгтэй шууд хамаатуулж, хатуу холбож үзэх нь ч зөв арга, хандлага биш. Хүний хүмүүнлэг, оюунлаг чанарын нь хөгжил, төлөвшлөөр, хоорондох харилцааны нь төгс төгөлдөр л тухайн угсаатны хөгжлийг үнэлэх нь зөв. Нүүдэлчдийн түүх, дэлхийн түүхэнд нүүдэлчдийн үзүүлсэн нөлөө, үр дагавар, нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөгжил, онцлог зэргийг судлах ажил байнгад л орхигдсоор иржээ. Энэ бол “хөгжилтэй суурин иргэд, хоцрогдсон нүүдэлчид” гэх бурангуй, бас дээрэнгүй үзэл, хандлагын илрэл болж байв. “Хүнд, хүмүүст байвал зохих зан чанар, ёс суртахуун өнөө гэхэд ганцхүү нүүдэлчдэд л үлдэж хоцорчээ” хэмээсэн ухаантны үг буй. Хүний нийгэмд юуны өмнө л хүмүүнлэг байх ёстой. Голлож, бахархаж энэ үзүүлэлтээр л нийгмийн хөгжлийн түвшинг үнэлэх учиртай. Хөгжил нь мөнхүү нийгмээ улам бүр л хүмүүнлэг бус болгосоор байх аваас, хүн хүндээ чоно болох чигт хувьссаар байх аваас хөгжиж байгаа бус юм. Ямар ч нийгмийн хөгжил бол хүнээ л хөгжүүлсэн хувьсал, өөрчлөлт, шинэчлэл байх учиртай.Хувьсал, өөрчлөлтийн явцад хүмүүс эвдэрч, хүмүүнлэг мөс чанараа алдаж байвал тэр хөгжил биш. Баруунд ийм үзэгдэл буй…

    Сыма Цян Хүннүгийн тухай, Модун шаньюйгийн тухай бичсэн цаг үе нь тэр цагийн Хятад хааны их цэрэг Хүннүд довтлоод ялагдсан, жанжин нь олзлогдсон (уравсан), Сыма Цян мөнхүү жанжингийн ялагдлыг аргагүйн эрхээр болсон үзэгдэл мэтээр өмгөөлж үг хэлснээсээ болж ялд унаж хэлмэгдсэний дараахан тохиосон нь үнэн юм. Хүннүг харааж, Модуныг харлуулж, Монголчуудыг гутааж бичихээс өөр аргагүй нөхцөл, байдал бүрэлдчихээд байжээ. Монголчууд зэрлэг, бүдүүлэг, хүний мөсгүй зан авиртай болгож харуулснаар өөрсдийн ялагдлыг, арчаагүйг зөөллөх цайруулах хэрэгтэй болсон байх л даа. Түүхэн тэр үед Хятадууд Түмэр шаньюйгийн хүү Модуны талаар, түүний намтар, түүхийг сайтар мэдэж байх нь худал л даа.
    “Модун (хааны хүү) харьд барьцаанд байсан, аав түүнд хайргүй байсан (бүр хөнөөх санаатай), Модун хариас өөрөө оргож гарсан, цэргүүдийг үг дуугүй, автоматаар захирагддаг болгохын тулд хүлэг сайн морио (байлдааны хүлэгээ) харваж хөнөөсөн, авааль гэргийгээ харьд өгсөн (бараг худалдсан), ааваа харваж алсан…” гэх мэтээр бичиж Модунг дүрсэлжээ. Махчины тухай, мангасын тухай үлгэр нэг тийм байдаг даа…
    Нууц товчоог нийтэлж, олонд ил болгосон цаг үе бас л Монголчуудад хорсож, үзэн ядаж байсан мөн л нэг төстэй цаг үе юм. Монголчууд Хятадаас хөөгдөж гараад, эргэж довтолсоор, хядалцсаар, харилцаж үзэн ядалцаж байсан уур амьсгал ноёрхох болсон 1382 онд МНТ Хятад хэлээр хэвлэгджээ. Дайсан нь дайсныхаа тухай бичиж, дайсныхаа талаар мэдээ тараажээ дээ? Нүүдэлчдийн гарал түүхийг гуйвуулах, гутаах хятад оргодол, босуулаас эх авсан мэтээр үзүүлэх сонирхол Хятадын түүх бичлэгт ноёрхсоор ирсэн нь үнэн юм.

    МНТ дахь өгүүлэмж нь Модуныхтай төсөөтэй. Тэмүүжин эцэг нэгтэй, нэг дор өссөн дүүгээ харваж алдаг. Бусдад гадуурхагдаж, хоригдож, оргож амиа авч гардаг. Эхнэрээ харьд булаалгадаг, есөн шаргаа дээрэмдүүлдэг гэх мэт.

    Дорно дахинд, тэр дундаас хятадаас хаадыг дээд тэнгэрээс тэтгэгддэг хэмээх ойлголт ноёрхсоор ирсэн (күнзийн суртал). МНТ ингэж л эхэлж байна. Монголд тэнгэс, далай үгүй атал Бөртэ чино далайн чанадаас ирсэн мэт болгож гарал, үүслийг нь далайн чанадад болгож Монголоос салгажээ… (Гэхдээ орчин цагийн утга нэр томъёогоор шүүх). Нийтийн тооллоос өмнө Сыма Цяны бичсэн тэр л хэв маяг МНТ-ны эхний хэсэг, домог мэт хэсэгтэй яг л танигдахаар давтагджээ.
    Мин улсын үед, 1382онд МНТ-г хятад хэлээр хэвлэхдээ тэд яаж ч засварлаж яаж ч гуйвуулж, ямар ч санаа, зорилгоор хавчуулж болох байв. Монголын нийслэл хотыг (хархорин) хоёр удаа эвдэлж, шатааж, тэнд байсан ном, судар мэтийг, ер бүх бичиг баримтыг устгачихаад байсан цаг шүү дээ. МНТ-ны бичмэл эх үгүй болсон гэдгийг Мин-гийн төр мэдэж л байсан болов уу. МНТ-г хятад хэлэнд хөрвүүлж бэлдэх, барлах нь хувь хүний хийх ажил биш. Энд төр, хааны оролцоо байх нь маргаангүй. Нүүдэлчдийн тухай Сыма Цяны бичсэн зүйлийн эхний хэсэг нь, мөн МНТ-ны эхний хэсэг нь домгийн, тэр дундаа хятад домгийн шинж, өгүүлэмжтэй байгаа нь анхаарал татдаг, энэ талаар судлах, нягтлах хэрэгтэй. Энэчлэн МНТ-нд тайлах, тодруулах шаардлагатай зүйлс олон байна.

    МНТ-г Цэнд гүн Хятадаас Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, МНТ-г оросоос Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, Цэнд гүнгийн хөрвүүлгийг аман зохиол, уран зохиолын хэлбэр рүү оруулж өөрчилсөн Дамдинсүрэн гуайн арга, барил, ер аливаа орчуулга бол 1.Махчилсан 2.Чөлөөтэй 3.Шинжлэх ухааны хэмээгдэх ангилагдах үүднээс үзвэл аль нь юу болох гэхчилэн нягтлах, тулгах шалгах, судлах, цаг үетэй холбох, түүхээс үнэнд аль болохоор ойртуулахыг бүх талаар хичээх гэх мэтийн бүтээлч хандлага одоо ч гэсэн үгүйлэгдсээр байна. “МНТ-ны сонгодог эх” гэх нэр үнэн утгаараа төрөн гарах ялгаа ч үгүй байгаа юм шүү. Нөр их ажил, гүн хийгээд алсуурх бүтээлч сэтгэлгээ, үнэ цэнтэй, хийгүй боловсруулалт, олон өнцөг адилгүй байр суурины үүднээс хандах маргаан, мэтгэлцээн үгүйлэгдсэн янзаараа л байна. Нимгэхэн мэдлэг, ядуухан чадварын түвшнээс чанар төрөн гарах нь бараг үгүй билээ.

    Судлаач,профессор Д.Чулуунжав