Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • ГЭР ОНГОД ТАХИХ ба ТҮҮНИЙ МӨН ЧАНАР.

     

    Уламжлалт гэр онгод тахих :
    Уламжлалт / харын / бөө мөргөлтөнгүүд ёс дэгийг хатуу баримтладаг байсан бөгөөд залгамжлагчгүйгээр үеэ өнгөрсөн бөө хүнийг өөд болсноос хойш гурван жилийн дараа, тухайн бөө хүний онгодыг онголон хөрөглөхийн зэрэгцээ түүний хань ижил, үр хүүхэд, ах дүүс нь уламжлалт бөө мөргөлийн ёс дэгийг мэддэг туршлагатай бөөгөөр амилуулан орон гэртээ залж байрлуулсан онгодын хөрөг дүрийг гэр онгод гэдэг. Ингэж амилуулсан онгодууд гэр онгод болохоос гадна ихэвчлэн уул усандаа “Асар “-лагдсан байх нь элбэг байдаг. Мөн эдгээр гэр онгодуудыг дотор нь ” Гал голомтны эзэн онгод, эцэг эхийн талын мах цусны барилдлагат онгод, багш шавийн барилдлагат онгод, олон үеийн өмнөөс гал голомтонд эрээ хорлолоор ирж тахигдсан онгод “-ууд хэмээн хуваадаг болно. 17-20р зуунд бөөлж байсан ихэнх харын бөө нарын онгод гэр онгод болсон байдаг. Харин 13-р зуунаас эхлээд…… Начигай онгод, Буриадын Авгалдай онгод, Дархадын нисдэг долоон бөөгийн онгод гэх мэтчлэн 20-р зууныг хүртэлх ихээхэн домог түүхтэй маш цөөн тооны онгодоос бусад нь үндсэндээ мартагдсан аж. Уламжлагдан ирсэн ийм төрлийн гэр онгодыг тахиулдаг айл өрх нь өөрийн гэр онгодыг сайн танин мэддэгээс гадна тахиулж буй онгод тэнгэртэйгээ ямар нэг байдлаар харш биш онгодтой бөөг залж онгодоо тахиулдаг ажээ. Гэр онгод тахих тахилгыг тухайн айл өрх өөрийн ам бүл, үр хүүхдийнхээ хүрээнд, зөвхөн шүтлэгийнхээ хэмжээнд хийж ёсолдог заншилтай байдаг. Түүнчлэн тухайн өрх айлын гэр онгодыг тахиж байгаа бөө ихэвчлэн явган бөөлөхөөс гадна тахидаг онгод тэнгэр нь догширсон бол хуяглан бөөлж, сэтэр ариулах, хишиг буяны даллага авах, гал голомт тахих, үүдэн тэнгэр тахих, догширч хатуурсан онгодыг аргадах, хар хэл ам, хараал жатаг зэргийг хариулах, гэр оронд нь нүүрлэсэн гай зовлон арилгах, өвчин эмгэгийг засах арга засалтай хамтган хийж болдог. Эцэст нь энэ жилийн өдийгөөс, дараа жилийн төдий хүртэл ” Хар толгойт хүн бүхэн хахирах төдий ханиад ч үгүй, хамаг хишиг буянд нь алдах төдий гарзгүй, халуун гал голомтонд нь бүрэн мэнд суулгаж хайрлах “-ыг даатган залбирч зан үйл хийдэг болно.
    Бөө хүн гэр онгод тахих ёс:
    Бөө мөргөлийн / харын / ёсонд ” Харанхуй орноор аялах, замчлан заалгах, бөөгийн ёс дэгээс буцааж няцахааргүй шулуудсан “-аас хойш 3-н жилийн дараа, гал голомтондоо бие даан бөөлж, гэрийн онгод тахих анхны зан үйл хийж эхлэдэг. Түүнээс хойш жилд нэг удаа тогтмол өөрийн бүх онгодуудаа бүгдийг нь дуудаж, нэг бүрчлэн уулзахын зэрэгцээ онгодуудаа зориулж их цайллага үйлдэхийг тогтмол гэрийн онгод тахих ёс хэмээдэг. Гэрийн онгод тахих үедээ бөө хүн хэд хоног махан хоол идэхийг цээрлэн биеэ бэлтгэсэн байх ёс дэгтэй юм. Түүнчлэн яг гэр онгодоо тахих үедээ эхлэж хэл хуураар хэсэг хуурдаж, амьсгалын ба хэлний 7-н цохилтоос гадна онгодын аялгууг тоглон, гал голомтноосоо харанхуй оронд одож буйг дүрслэн аягладаг ажээ. Эцэст нь гал голомт, хуяг хэрэгслэлээ арцаар ариулан өвч хуягаа бүрэн өмсөн бөөлөхийн зэрэгцээ онгод тэнгэртээ их сөнгийн идээ, 21-н төрлийн цагаан идээ, бүтэн хонины бүхэл өтөг шүүс тавьж, өргөл чимэглэл өргөн, даатгал хийж бөөлдөг ёс учиртай юм. Энэхүү зан үйл нь бөө мөргөлтэй хүмүүсийн зүгээс болон тэр дундаа бөө хүн өөрийнхөө зан үйлд үнэнч шударга хандаж буйгаас гадна хичээл зүтгэл гарган тангарагтаа үнэнч байгаа тод илэрхийлэл билээ. Мөн тогтмол тахилгаас гадна тухай айл өрхөд гай нүүрлэж гарз гарах, / хүн нас барах / өвчин зовлон ороож аж амьдрал доройтох эсвэл онгод тэнгэр нь баарч, баалахад онгод тэнгэрээ аргадаж, саад бэрхшээлийг арилгахын тулд заслын тахилга хийж, айлтгал даатгал өргөхийг ” Тогтмол бус ” тахилга гэдэг. Онгод тэнгэрийн тусгайлсан засал тахилга гэдэг нь хүндэтгэлтэйгээр хийдэг томоохон хэмжээний дом заслын зан үйл юм. Ер нь бөө хүн өрөөл бусдын онгодод дийлдэхээсээ өмнө өөрийн онгодын баалалтанд орох элбэг байдаг. Гэрийн онгод тэнгэрийн тогтмол бус тахилга хийх, гол шалтгаан нь ихэвчлэн онгод тэнгэр нь ” Баарах, баалах ” дохиолдол юм. Бөөгийн онгод баарна гэдэг бөөлөх явцад онгод огт ирэхгүй болох дохиолдолыг онгод баарах гэнэ. Харин онгод баалах гэдэг онгод ямар нэг зүйлд маш ихээр эгдүүцэн уурлаж, тэрхүү уураа эзэгнэгч бөөдөө гаргаж залхаан шийтгэж байгаа хэрэг. Бөө хүн өөрийнхөө онгодын бааралтыг гаргаж чадахгүй удвал онгод нь улмаар баалж эхэлдэг. Иймхүү баалж буй онгодын баалалтыг гаргаж эс чадваас тухайн бөө хүнд муу зүйл болох буюу амь нас нь цөвтөхөөс гадна цаашид эрээ хорлол нь уг бөөгийн үр удамд үлдэх хор хөнөөлтэй байдаг. Бөө мөргөлтэй хүмүүс болон бөө хүн өөрийн онгодынхоо бааралт, баалалтыг өөрөө эс дийлэх бол туршлагатай сайн бөөгөөр яаралтай засуулдаг учир энэхүү заслыг зөвхөн онгод тэнгэрээ тахиж, аргадан засдаг тул гэрийн онгод тахих заслын тахилга хэмээдэг.

  • БӨӨГИЙН ДУУДЛАГА

    Өсрөн догшрох өмрөн энэрэх хамгаалах хурцлагдах харвалдан довтолж шарван дайтах мэт дайны бүжигээр хөлөлхүйеэ тэр сайхан омогдол нь сүр хүчин ихэт суут өмнийн гарвал хүн үүсэх үеээс эхтэй ажээ…..Харцаа тусгахуйяаа хамхуул шатаая хатирч бөөлхөө хад бутлаюу халуун амьсгаа нь цөн төрүүлхүйд хайр юу нь хуяг нэвтэлхүй… гэх мэт хэтрүүлэг бүхий огшил догшрол ивээл хайлан багтаж энгэр цээжиндээ үл багтам тэр их зүйлийг сацан түгээж тарааж …. Харин өөр бөөгиын бичлэг өөр бөөгийн алдар суут дуудлагыг дуурайн хөдөлж аялаж хуулж бөөлвөөс буруудаж өөр зүйлтэй холбогдох хатуу хонгилруу гулсах аюултай цээрлэдэг байхнээ. Хүний өөрийн хөдөлгөөн аялах урин дуудах бүр орчлонд нэг л тул өөрөөсөө ичилгүй өөрийнхөөрөө дууддаг байх нь!
    Улаахан Уужаа

     

  • ОЙРАДЫН ЗАЯАЧ ТЭНГЭР БУЮУ ЭЗЭЭ

    Эрт цагт нэг баян айлын цээрч,цэвэрч гэж жигтээхэн гэргий хүүхдийнхээ хөлийг шороог гарыг нь тосонд хүргэлгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ.Идэж уудаг юмнаас нь үртэс ч газар унагаадгүй иймээс өөрийг нь хамгаалдаг хөлтэй заяач тэнгэр нь өлсөж харангалаад, өөр айлын нялхсын асгаж цутгасан хоол хотноос хүртсээр ирэхэд нөгөө хүү эндчихсэн байсан гэлцэх.
    Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж,өөрөө идэж ууж сурдаг,ингэхдээ заяач тэнгэрээ цуг хооллож байдаг юм гэнэлээ.
    Манай өвөөгийн Эзээ гэрийн зүүн талд тэрмийн(хана) толгойд эсгийн цүнхэн дотор байсан юмдаг.Хүн болгон хардаггүй.Согтохоороо өөрөө гарч ирдэг дуу дуулдаг гэлцдэг байв.Эзээ харж байсан хүмүүсийн үгнээс сонсоход төө хэр биетээ маш урт цагаан сахалтай хүн дүрстэн байдаг гэнэ.Эзээтэй айлын малаас гарз гардаггүй гэлцдэг.
    Шинэ бэрээ өөрийн галдаа мөргүүлж овгийн гишүүн хэмээн хүлээж авсаны дараа эзээ тэнгэрийг сайн хооллож байхыг захидаг учир нь сайн хооллохгүй бол тухайн гэрийн эзээ бэрийг хорлож,мал амьтангүй үгүй хийдэг гэнэм.Манай нутагт нэгэн айлын эзээ хоёр ч бэрийгээ хорлоод гурав дахь бэр нь болж очсон эмэгтэйн ээж аав нь тэднийх их догшин эзээтэй (биелсэн амьд онгон сахиустай ) айл шүү хоол цай идээ цагааныхаа дээжийг сайн дээжилж өгч бай гэж захиад явуулсан юм байна. Бэр болж очсон хүн ч үүнийг яг таг биелүүлж хамаг сайн юмаа дээжилсээр эзээг өөртөө дасгаад ирэхийн үед эзээ нь харагдаад эхэлжээ.( төө орчим өндөртэй хүн шиг дүрстэй юм байсан гэдэг.) Нэг өглөө эрт босоод архи нэрж цөгцөнд дүүргэж тавиад үхрээ саахаар гарчээ. Үхрээ саагаад ороод ирэхэд нөгөө эзээн тэрмийн толгойноос өлгөсөн дээжний тавцан дээр тасраад уначихсан байжээ. Галдаа их харган өрдөөд дэгжээд ирэхийн үед галруу авч хийж дарсан түүх бий.
    Ойрад Монголчууд дотор дээрх онгод сахиустай холбогдох өөр бас нэг зан үйл нь муулсан малын зүрхийг эзээ тэнгэрт өргөх буюу зүрхний дээд үзүүрийг хэрээслэн сэтлэж бүтнээр нь эзээн тахилгын урд тавьдаг явдал.Ийн тавьж тухайн амьтны сүнсийг эзээдээ өргөдөг гэнэ .Маргааш нь тухайн зүрхээ айл хотлоороо энэ тэнцүү хуваан иддэг.Яг Ойрад Монголчууд дунд өдгөө ч амь бөхтэй байгаа энэ зан үйлийн тухай Рубрук(13-р зуунд Монголчуудтай уулзсан) мөн өөрийн номондоо дурдсан байдаг.Ойрадын эзээ тэнгэрийн тахилга шүтлэгийг 1930-аад оны үеэс эрс хориглож , маш олон айлын сахиус онгыг шатаасан гэдэг гэвч одоо хүртэл зарим айлууд эзээгээ шүтэж тахисаар л байна.
    Khar Dungerten

  • Агарын хайрхан гэж хэн бэ?

    Гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олонд маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг. Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтлэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.

  • ЕСӨН ХҮСЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    2. ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна. Мөн л үхэн үхтэл үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Гэхдээ л өвчтэй бол орон байр, унах унаа, тансаг хоол, үнэтэй хувцас байгаад ч яалаа. Тэгэхээр эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Үгүй бол эдтэй байгаад түүндээ ханаж баясах нь үгүй. Эрүүл энхийн хүсэл дээр эдийн хүсэл суурилна.
    3. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд ассан байна. Яагаад хоол идэх ёстой, яагаад дулаан хувцаслах ёстой, яагаад юм сурах ёстой юм, яавал эрүүл байх вэ, эдийг яаж бүтээх вэ гээд л өөрийн хүслээ өөрөө хангахад суралцана. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй. Танин мэдэхүйд тэмүүлэхгүй, хүсэл үгүй бол ирээдүйн төсөөлөлгүй, төлөвлөгөөгүй, идэх уухаас хэтрэхгүй амьтан төдий л байна гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл дээр энэ хүсэл суурилна. Энэ 2 хүслээ хэнээс ч хамааралгүй дүүргэдэг болохын тулд танин мэдэх шаардлага тулгарна.
    Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ юм. Арал дээр ганцаар орхигдсон ч энэ хүслээ хүн ганцаараа, өөрийн чадлаар гүйцэлдүүлж чадна. Өөрөө хүсэхгүй, хичээхгүй л бол бусад хүмүүс 1000 хүсээд тэр хүний өмнөөс нь өвдөхгүй байж, өлсөхгүй даарахгүй байж, эрдэм сурч барахгүй, чадахгүй, бутэхгүй. Тиймээс энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Энэ хүслийг биелүүлэхийг өөр хүнээс нэхэх нь утгагүй зүйл, арчаагүйн шинж.
    Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.
    4. ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Эхний 3 хүслээс улбаатай. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ. Эхний 3 хүслээ дүүргээгүй хүнд энэ хүсэл биелэх нь юу л бол. Эдгээр хүслээ дүүргээгуй хүн үргэлж өвчин зовлон ярьж, бусдаас хоол унд нэхэж, тусламж хүсэж, дээрээс нь мэдэх чадах юм юу ч үгүй байх тул тэгсгээд л холддог нь үнэн. Дэм дэмэндээ гэж, бусдыг дэмнэх чадалтай байж байж л анд найзтай болно. Хүссэн хүсээгуй өөрт дутууг нөхөх, чадахгүйг дэмнэх хүнтэй л ойртож нөхөрлөдгөөс байнга л өөрөөс нь авч байдаг, огт өгдөггүй хүнтэй найзалдаггүй нь үнэн. Багаас нь хамтруулж сургадгаас өрсөлдүүлж сургадаггүй байсан нь энэ хүсэл дүүрэхийн эхлэл юм.
    5. ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна. Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хамтарч сураагүй хүн хань болж чадахгүй. Авахаасаа илүүг өгөх шаардлага ханийн хүслээ дүүргэхэд чухал. Аваа, өгөөг тэнцүүлж явдаг андын нөхөрлөлтэй адилгүй нь энэ. Нэг нь өгөөд л нөгөө нь аваад л байдаг бол айл болж чадахгүй, нэг нь давраад л нөгөө нь уучлаад л явдаг бол амьдрал утгагүй. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь. Мэдээж өвчин тусч нэгнээ зовоох нь, идэх уухаа бэлдчих чадалгүй нь, эхнэр нөхөр, эжий аав байхад яахаа мэдэхгүй нь аз жаргалтай амьдралын саад болдог.
    6. ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Хань хүсээгуй хүн үр хүсэхгүй. Сууя, гэрлэе гээгүй бол юу юугүй хүүхэдтэй болохоо болих хэрэгтэй. Тэгчихээд хөөрхий нялх үрийг “хүсээгүй хүүхэд” гэж цоллоод үрийн заяаг гомдоож, хүний тавиланг доройтуулах ямар хэрэг байна? Хэдий хүсээгүй ч эхийн сэтгэл зөөлөрдөг бол эрийн сэтгэл зөөлөрдөггүй. Учир нь тэр хүсээгүй. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг.

    Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Нэг хүнтэй найзлахыг хүсэвч нөгөөх нь хүсэхгүй бол бүтэхгүй, нэг хүнийг хайрлавч нөгөөх нь хайрлахгүй бол бүтэхгүй, үртэй болохыг хүсэвч хань үгүй бол бүтэхгүй, тийм л хүсэл. Үрийн хүслийн тухайд нэг нь хүсээгүй ч хүүхэдтэй болоод байдаг ч хамтдаа өсгөж, хайрлаж энэрэхгүй байхаар үрийн хүсэл яаж дүүрэх билээ. Ээж ааваасаа хөтлөхийг хүссэн хичнээн үрийн хүсэл дүүрээгуй бол? Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог. Эдгээр хүслээ дүүргэж барахгүй бол нийгэм даяараа асуудал, зовлонтой байх нь үнэн. Хэдий эрүүл саруул, өмсөх зүүхээр дутахгүй, эрдэм номд нэвтэрсэн ч анд нөхөдгүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй, өөрөөр хэлбэл санаа тавих хэн ч үгүй хувиа л хичээсэн хүмүүсээр дүүрэн бол нийгэм ямар байхыг төсөөлөөд үзнэ биз. Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.
    7. ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл. Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал. Энэ биеэ хариуцаж чадахгүй бол бусдын үгээр явахаас яахав. Эд хөрөнгөө хариуцаж чадахгүй бол бусдын идэш болохоос яахав. Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ хариуцаж түгээж байж эзэн эрхээ эдлэхээс хаяж гээгээд явбал булаах хүн гарч ирнэ. Андын харилцаандаа хариуцлага үгүй бол найз минь гэж дуудах эрх үгүй. Амраг ханиа хариуцаж чадахгүй бол алдахаас яахав. Үр хүүхдээ хариуцаж чадахгүй бол эжий аав гэгдэх эрхгүй гэхчилэн. Хариуцаж чадаж байж эзэн эрхийн хүслээ дүүргэнэ. Эзэн байна гэдэг өмчлөхийн нэр биш, харин хариуцаж, хамгаалж, оршоож чадаж байж л эзэн гэгдэнэ. 6 хүслээ дүүргэж бараагүй, хариуцаж оршоогоогүй хэнд ч эзэн эрх олгогдохгүй нь үнэн. Хэн хүлээн зөвшөөрч, хэн үнэлэх билээ.
    8. ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл. Нийтээрээ биеэ засаад гэрээ засчихвал атаархал хорсол, хулгай дээрэм, аллага хүчирхийлэл гарахгүй ЭНХ АМГАЛАН ноёлно. Энх амгаланг хуссэн хүмүүс нь өөрийн нутгаас дайжиж өөр сайхан газар очлоо гэхэд эзэн эрхийн хүсэл дундарна. Гадны хүн гэж үргэлж сортлогдож үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь сэтгэлийн амар амгаланг үгүй болгоно. Тиймээс л эзэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тэр л газартаа энх амгаланг цогцлоохыг хүснэ. Энх амгалан үгүй бол бүтээсэн бүхэн, өөрөө ч хормын төдийд үгүй болох магадлал өндөр. Дашрамд хэлэхэд, биеийн зовлонгүй амьдралыг амар амьдрал, сэтгэлийн зовлонгүй амьдралыг амгалан амьдрал гэдэг байж. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.
    9. МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм. Энэ бол Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үзэл санааны үндэс юм. Амьдрал мөнх орших боломжтой гэж үзэж, мөнх оршоохын тулд яах ёстойгоо томъёолсон нь Тэнгэр үзэл юм. Чингис хаан Чанчун бумбыг залаад мөнхийн амьдралын тухай асуусан гэдэг. Өнөөх нь “мөнх амьдрал гэж үгүй” гэж хариулахад их бэлэг сэлт өгөөд буцаасан гэдэг. Мөнх амьдрахыг хүссэн тэнэгдүү хааныг эрдэм ухаанаараа дийлсэн мэргэн бумбын тухай домог байх. Мохос миний таамгаар, “би үхээд л амьдрал дуусна” гэх утгат хариулт нь “дэргэдээ шадарлуулах хүн биш аж” гэж бодуулсан ч юм бил үү? Амьдралын мөн чанарыг олж чадсан бол дэргэдээ үлдээч л гэх байсан байх. Нэг бодьгалын үхэх төрөх нь амьдралын нэгхэн хэсэг, амьдралын жам болохоос амьдрал бүхлээрээ биш юм. Амьдрал яг цаг хугацаа шиг төгсгөлтэй эсэх нь үл мэдэгдэнэ. 1 цаг эхлээд 60 минут яваад дуусахад цаг зогсдоггүй шиг 1 хүн төрөөд 60 жил наслаад одоход амьдрал зогсолгүй үргэлжилдэг нь үнэн. Өөрийгөө бодвол амьдрал 1 л өдөр дуусна, харин бүхнийг бодвол амьдрал хэзээ дуусах нь үл мэдэгдэнэ. Эндээс хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ.
    Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм. Иргэд нь эзэн эрхтэй, энх амгалан амьдралтай, энэ нь мөнхөд үргэлжлэх эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Төр үгүй бол энэ хүсэл биелэхгүй. Эзэн эрхийг төр л баталгаажуулдаг. Энэ миний байшин гээд нэг хүн ирэхэд “үгүй шүү, эзэн нь би шүү” гээд төрийн гэрчилсэн гэрчилгээг үзүүлсэн нь л эзэн нь болно. Оюуны өмчөө батлуулж, шинэ нээлтээ бүртгүүлж, эхнэр нөхрөө, үр хүүхдээ ч батлуулна, гэрчлүүлнэ. Эзэн эрхийг төр батлахад шударга ёс яригдана.
    Энх амгаланг төр тогтоодог. Зөвийг тэтгэн түгээж, бурууг цаазлан хорьж байж энх амгалан тогтоно. Зөв бурууг төр тогтоосон цагт нийтийн зөрчил үгүй болдог. Төр түүнийг тогтоогоогүй цагт хүн бүрийн зөв буруу зөрчилдөж, энх амгалан үгүй болдог.
    Төр өөрөө хүнийг бодвол мөнх орших чадамжтай тул мөнх оршихуйг төр л хариуцдаг. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг.
    Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.
    Хамгийн эхний хүсэл төрөхөөс өмнө эхэлсэн бол хамгийн сүүлийн хүсэл үхсэний дараа ч үргэлжилнэ.
    Эцэг өвгүд минь эдгээр хүслийн зүй тогтолыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтухай гэж ерөөл өргөн үлдээжээ.
    Та бүхний ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ!…

  • ЯМААН ДАХААР ЯЛ ЯНГААС МУЛТРАВ

    Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж байжээ. Тэгэхээр нь нөгөө хүн “Хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз” гэж бодоод Мэнд гуайнд очтол, тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байжээ гэж бодон Мэнд гуайд хэлтэл, “За байз отог дээрээ нэг очдог юмуу. Тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юмсан. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.

  • ХАР ЗҮЛДЭН ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА

    Дунд үеэрээ тогтож өг
    Гадуураа хай, дотуураа хай
    Хүн амьтнаа элдэв үхэл, тахал
    Өвчин зовлонгоос чөлөөл
    Мал сүргээ өсгөх магад хүчийг ац
    Үнсэх үрдээ өлгий болон ир
    Үндэснээсээ орги, үзүүрээсээ сацар
    Хилэнгүй номхон, хивцэггүй дөлгөөн
    Эргэхээ эрчмээ өг
    Буцахдаа бултыг нь тэтгэ
    Эцэг таван тэнгэр
    Таван тивийн хүн ардад
    Кун эрдмийг түгээж өг
    Дөрвөн далайн эрэг ирмэгт
    Хуйн гамшгийг зайлуулж өг
    Хар зүлдэн тэнгэрээ дуудъя
    Харван ирэх солирын замыг хаа
    Хар нүх, эрхсийн эрчмийг түгээ
    Зүлдэн тэнгэрээ дуудаж
    Зүглэ, дайлгыг чинь хэлнэ
    Ямба ёсыг олгож
    Янтра чимгийг чинь нэмнэ
    Харанхуйг гийгүүлж, өнгөтийг өргөж
    Толгойд тотгор үгүй
    Тогтсон эдэд гарз үгүй
    Тоотой толгойгоо товчилж хар
    Хөрст дэлхийгээ хөвлөгсөн
    Эзэн таван тэнгэр
    Хий агаараар дэвэрсэн
    Үрийн үүрд, үеийн үед
    Дамжин харах
    Дамжиггүй эзэн тэнгэр
    Зээрийн хүү шиг зэрэглэж
    Аргалын хүү шиг алаглаж
    Дагаж харсан тэнгэрүүд
    Хэв ёсондоо
    Хиур чимэгтэй орш
    Гэрийнхээ гэгийг гэтэлгэ
    Гадна талаа мана
    Газар уснаасаа дэгд
    Хамарт ханиад үгүй
    Элгэнд эмгэг үгүй
    Бөөрөнд бөртөг үгүй
    Бөгсөнд хий үгүй
    Зүрхэнд жиг үгүй
    Зүүдэнд ёр үгүй
    Уугинд урхаг үгүй
    Цөсөнд цөв үгүй
    Чөмгөнд сэв үгүй
    Эрүүл мэндийг өг
    Үрээгээрээ морь хий
    Үрээрээ хүн хий
    Эр ихт бараатангууд
    Ээл нөмөрт түшигтэнгүүд
    Бар ихт бараатангууд
    Бараан гялаан зүлдтэнгүүд
    Сүр ихт оньтонгууд
    Нарны гэрэл туяатангууд
    Сарны туяа гэрэлтэнгүүд
    Шил толин нүдтэнгүүд
    Үе үе эргэж буусан
    Үндэс язгуур таван тэнгэр
    Эрчмийг залгуул эрдмийг түгээ.
    Хүн төрөлхтөнийг авар
    Хөө хуяг мэт хуягла
    Зовлонтны зовлонг зогсоо
    Гарзатын гарзыг гарга
    Нэгийг хоёр болго
    Нимгэнийг зузаан болго
    Нарийныг өргөсгө
    Унасанд бүдрээгүй
    Уусанд цалгиагүй
    Сайн нь саадгүй болог
    Эцгийн тэнгэр ивээ
    Эхийн тэнгэр энэр
    Өөрийн тэнгэр өршөө
    Хатууг зөөлрүүл
    Хаттаныг уяруул
    Догшиныг номхотго
    Доройг ивээ
    Далдыг ил гарга
    Давхрыг дан болго
    Гэмтнийг гэтэлгэ
    Гэнэтийн аюулаас зайлуул
    Хаяанаас халдахыг хаа
    Хажуугаас нялзахыг арч
    Хорон санааг урвуул
    Бузар санааг задал
    Хойчийн маргааш
    Хойнын өдөр болтол
    Хир балаггүй суухыг
    Хившүүлж өг шоог, шоог
    Нэг настай
    Нэтгэр үетэй цагаас
    Авахуулж заяасан тэнгэр
    Хар /жинхэнэ мөн чанар/ чанарыг түгээ
    Халуун цусыг тунгаа
    Таван мэдрэхүйг зал
    Таван цулыг тэжээ
    Осол гэмтэлд бүү оруул
    Од эрхэст зуучил, хайрхаан
    Өөрийн хамт төрсөн
    Зүд оньст тэнгэр
    Хэзээнээс нааш хэв янзтай
    Суурь суурьшилтай
    Заль барьж ирсэн
    Эцэг өвгөдийн маань
    Зүлд тэнгэр
    Сунаж унтаж
    Суниаж босохын
    Жаргалыг залгуул
    Гэмтэх гэмээс гэтэлгэ
    Өргөст үйлээс өнгөрүүл
    Өөрийн таван тэнгэр
    Үзэж харж өг
    Жилийн чинь насыг өргөнө
    Цагийн чинь цайлгыг өргөлөө, хайрхаан
    Уулсын толгойд цас хучлаа
    Усны захад мөс хөрлөө
    Хойтон жилийн энэ үеийг хүртэл
    Хохирол гэмшилгүй
    Хотолсон сүргээ хорогдолгүй
    Төллөх төлдөө гарзгүй
    Оргих шимийн булаг шиг
    Оргиулж бялхуулж өг
    Таван өнгө, дөрвөн гэрэл
    Тэгш дүүрэн байг
    Амьтан хүн амсаагүй
    Таван янтар бүрдсэн
    Тансаг идээ
    Тараг, цэгээндээ ир
    Элгээрээ эсэн мэнд
    Төрлөөрөө төвшин сайн
    Ургаараа уршиггүй
    Урьдын өнөр эрэмбээр
    Угсран буусан
    Угийн буурал тэнгэр өвгүүд
    Дээр дэвсэн
    Дэргэд мандсан
    Зүлдэн тэнгэр
    Элээхийн үеийг
    Эргэж харсан
    Энэрэлт эцэг тэнгэр
    Эзэн хайрхан тэнгэр
    Заяа болсон тэнгэрүүд
    Атаа таван тэнгэр
    Амин зүлд тэнгэр
    Холын дуулах, ойрын үзэхэд
    Мууг бүү үзүүл
    Муухайг бүү сонсго, хар тэнгэр
    Халуун элгээ хүргэ
    Хоног ирэхэд
    Ховор сайн домоо хүргэ
    Үд ирэхэд
    Үнэн сайн домоо хүргэ
    Сүмбэр уулнаас
    Сүлдэлж буусан
    Хар далайд харваж буусан
    Хасбуу далайд харайж буусан
    Шар мөрөнд шаргиж буусан
    Сахарын элсэнд сацарч буусан
    Үүлтэй тэнгэрээс дүүлэн буусан
    Үертэй Гангад шунган буусан
    Давст нууранд дасаж буусан
    Дараа нь Атлантад дамжиж буусан
    Хөхийгээс хөвчилж буусан
    Хүйтнээс салхилж буусан
    Утханаас уламжилж буусан
    Тарвагатайн тавлаж буусан
    Тэрхийн цагаанд үдлэж буусан
    Хоргын тогоонд хоноглож буусан
    Дүбханд тухлаж буусан
    Дэвсэх Буур хээрт дэшилж буусан
    Хан Хэнтийд ханарч буусан
    Шилийн Богдод шилж буусан
    Галбын говьд гялбаж буусан
    Ганц модонд гацалдан буусан
    Хамаг Монолчуудад хуяг болсон
    Хан хар тэнгэр
    Эцэг болсон зүлдэн тэнгэр
    Арцнаас ариун, санхамаас сайхан
    Өнгө, гэрэлт есөн тэнгэр
    Дам үглэснийг “сонс”
    Дэвсэн бүжиснээр “цэнгэ”
    Илт бэлтгэсэн сэдхэлээр хувилгасан
    Идээ будааныхаа дээжинд буу
    Мөнх мод шиг намилзан сацарсан
    Өнгөт солонго шиг туяарсан
    Амин зүлд тэнгэр
    Ах нартайгаа амь бүрийг
    Авараар тэтгэ
    Гэр бүхнийг гэрээр гийгүүл
    Гэгээвчтэй гэрээр орж
    Эрүкэ гэрээр өнгийж
    Тооното гэрээр тонгойж
    Тогтнон хур
    Бага гэртээ бага болсон
    Баатар хар тэнгэр
    Балчир үрдээ өлгий болон ир
    Хүч эрчмээ буулгасан
    Угийн дээд тэнгэр
    Учран уулзаж
    Буруутайг ухааруулж
    Зөвтэйг хүлээх хүслээр
    Алаг хуягийг хэдэрч
    Аян жаргалыг жолоодон
    Сар нарны тусгалд
    Сүндэрлэн харсан
    Мөрт нь мөргөн
    “Сүүдэр”-т нь сөгдөж явна.
    Гэм алдаагий минь
    Мэдрүүлж, ухааруулж өг
    Хөрс Этюкэнд хүн болж төрөхөд
    Анх заяасан өөрийн тэнгэр ир
    Цоорсон аурыг “цойлд”
    Замхарсан солонгыг залга
    Дутуу эрчимийг нөх
    Дундуур эрдмийг гүйцээ
    Хурдан эрчимийн хуйг бүү ирүүл
    Хурц хэлний хорыг дар
    Сарын тоогоор сацар
    Өдрийн тоогоор өнгө ор
    Хоногийн тоогоор кун нэм
    Мөхийн түвшин мөнхийн амьт
    Мөнх тэнгэрийн буу
    Хар зүлдэн тэнгэртээ заль барьлаа.

    Үндсэн эх нь “Монголын аман зохиолын дээж бичиг” ном
    Эх сурвалж: Д.Наран-Очир “Мөнх тэнгэрийн оньс” УБ. 2007 он, 62 дугаар тал/

  • Онгодын уриа дуудлага

    Эцгийн озоорын заяа билээ та
    Элэнц угийн тэнгэр минь билээ та
    Сайн зүгтээ заларсан
    Саруул зүгтээ тунарсан
    Гэр нэвт гэрэлтэнгүүд
    Туурга нэвт туяатангууд
    Ханатай гэртээ ханаран залгарсан
    Хамаг барцдыг арилган төрсөн
    Хан дээд тэнгэрүүд минь
    Ханхар хадан хувилгаантангууд
    Хамба хилэн хивнэгтэнгүүд минь
    Халиу булган нударгатангууд минь
    Хаш цагаан олбогтонгууд минь
    Хатан төмөр зоригтонгууд
    Толит мэргэн ончтонгууд минь
    Торго магнаг яндагтангууд минь
    Тоонотой гэртээ тодрон заларсан
    Тотгор барцдыг зайлуулж ирдэг
    Дайнд ороход хуяг болсон
    Далайд ороход хуяг болсон
    Даян олонд сүлд болсон
    Дархад омогтоо омог нь болсон
    Ханат гэртээ хаац болсон
    Халуун элэгтэнд хань болсон
    Хар санаатанд аянга болсон
    Хамаг сүрэгтээ хашаа болсон
    Харанхуйн оронд гэрэл болсон
    Халтирахын оронд түшиг болсон
    Хан хуулар эзэнгүүд
    Хашир догшин хүлэрнүүд /хуулар онгод гэсэн үг/
    Бөх чулуун зүрхтэнгүүд
    Бүдүүн ноён озоотонгууд
    Өрхөт гэртээ өлзий болсон
    Өнөр сүрэгтээ манаа болсон
    Сайхан бүхэнд даллага болсон
    Саар бүгдэд хаалт болсон
    Наргүйд туяа болсон
    Саргүйд гэгээ болсон
    Ар биед аврал болсон
    Өвөр биед өршөөл болсон
    Асарын оронд чуулсан
    Алсын газарт заларсан
    Хазайхад түшиг болсон
    Халтирахад тулгуур болсон
    Харахад нүд минь болсон
    Хазахад шүд минь болсон
    Өсөхөд жаргал болсон
    Өөдлөхөд заяа болсон
    Өвдөхөд өршөөл болсон
    Өндийхөд дэмжлэг болсон
    Түрхэхэд алт минь болсон
    Түшихэд сүлд минь болсон
    Далд их биетэнгүүд
    Давхар олон шидтэнгүүд
    Орон бүхэнд магтаалтангууд
    Огторгуйн оронд суунагтангууд
    Оч хар тэнгэр минь
    Хиртэй биеийн
    Хирийг хөнгөрүүлээрэй та
    Хилэнцтэй биеийн минь
    Хилэнцийг хөнгөрүүлээрэй та
    Махыг минь нэвт
    Ясыг минь хараарай та
    Малгайг минь нэвт
    Үсийг минь хараарай та
    Хан хуулар эх минь
    Хатан баатар эцэг минь
    Авралт заяат нар минь
    Асралт сүлд нэр минь
    Хатан цагаан яс минь
    Дээд тэнгэрээс заларч
    Дэвжид асараас туяар ч
    Ханат гэрийн хойморт
    Халуун голомтын эхэнд
    Цугларан ирж
    Цувран бууж
    Чуулан заларч, хайрлагтий

  • ЗҮҮНИЙ 44 ТЭНГЭР

    – Яруу шороо тэнгэр, зүүн хойд зүгт залрах муу дуутын орны эзэн тэнгэр.
    – Ширмэл ширмэн тэнгэр, гачигдал гашуудлыг сэргийлэх тэнгэр.
    – Хидэр догшин тэнгэр. Хэрүүлийн эзэн адар догшин тэнгэр гэдэг. Дайн байлдааны толгой тэнгэр.
    – Бочим тэнгэр, элдэв өрөвсөл өвчнийг хамаарсан тэнгэр.
    – Хадарга боомон тэнгэр, хараал зүхлийн эзэн тэнгэр, хараалын эзэн хадарга боомон тэнгэр гэдэг.
    – Хан хар тэнгэр, догшин хар тэнгэр гэдэг.
    – Ноён баавай тэнгэр, хуульт ертөнцөд оршихгүй тэнгэр.
    – Суут дайчин тэнгэр, ганц нүдтэй тэнгэр.
    – Учрам дайчин тэнгэр, үүд хаалгыг сахигч тэнгэр.
    – Хөх дайчин тэнгэр, үүдний зүүн талыг сахигч тэнгэр.
    – Асур тэнгэр, хурмаст тэнгэртэй эсэргүүцэж тэмцсэн тэнгэр.
    – Хан хажир тэнгэр, зүүн хойдод заларч догшин газар тэнгэрийн муу орныг эзлэн суусан тэнгэр.
    – Хөндлөн халзан тэнгэр, зүүн өмнө залрагч эзэн тэнгэр.
    – Униар хар тэнгэр
    – Цусан гол тэнгэр
    – Буруу цоохор тэнгэр
    – Шар цоохор тэнгэр
    – Тэх тэнгэр, ямааны эзэн тэнгэр
    – Гурван салхи тэнгэр
    – Амьч гурван тэнгэр
    – Бүрдэн хар тэнгэр
    – Бүхлэгэр хар тэнгэр
    – Хайр хар тэнгэр
    – Хар цоохор тэнгэр
    – Хар балар тэнгэр, Балар хар тэнгэр гэдэг
    – Модор тэнгэр
    -Эрин тэнгэр
    – Мангас тэнгэр
    – Хязгаар тэнгэр
    – Өгөөмөр тэнгэр
    – Ажир тэнгэр
    – Цахилгаан тэнгэр
    – Ятга тэнгэр
    – Хяргуун тэнгэр
    – Таянмай тэнгэр
    – Атаа бэрс тэнгэр
    – Аянган тэнгэр, аянга цахилгааныг захирагч тэнгэр
    – Зүрхэн хар тэнгэр, зүүн зүгийн эзэн тэнгэр
    – Марсын охин тэнгэр, долоон гахай хөлөглөсөн марсын охин тэнгэр “мангасын охин тэнгэр” гэдэг.
    – Эллэн эх тэнгэр, хар нохой дагуулсан эллэн эх тэнгэр
    – Саармаг есөн тэнгэр, шар ямаа хөллөсөн саармаг есөн тэнгэр гэдэг.
    – Цахилгаант тэнгэр, цагаан ногооныг илтгэсэн цахилгаант тэнгэр гэжээ.

    Энд дурьдагдсан тэнгэрүүдийн нэр нь хэдийд чухам хаанаас бий болсон нь тодорхойгүй. Шарын шашин монголд ирээд бас олон тэнгэр нэмэрлэхийн хамт тэдний тэнгэр бөөгийн тэнгэрүүдийг ахлах болжээ. Цагаан хар гэж тэнгэрүүдийг ялгасан нь хар цагааны сүлд шүтлэг утга зүйл билэгдэлтэй холбоотой.

    – Өнгөний утга зүйн билэгдэл
    – Шинж чанарын агуулга
    – Арга билиг
    – Эцэг эхийн талын ёс угсаатай холбоотойгоор ангилсан байна.

    Бөөгийн шашиныг судлагч Эрдэмт 1995 онд “Баатарлаг туульс ба бөөгийн дуудлага дахь тэнгэр” гэх өгүүлэл нийтлүүлж бөөгийн дуудлага баатарлаг туульсад гардаг 175 тэнгэрийн нэрсийг жагсааж нэг хэсэг тэнгэрийг тодорхойлсон байна. Энэ бол тухайн үе хүртэл бүртгэгдсэн бөөгийн шашины тэнгэрийн хамгийн олон тоо болно. Тэнгэрүүдийг нэг бүрчлэн нэрлэхийн хамт бүлгээр нь нэрлэсэн байх нь олонтоо байдаг. 33 тэнгэр, 77 этүгэн тэнгэр, 99 тэнгэр, 75 тэнгэр, 33 номт цагаан тэнгэр гэх мэт олон тоогоор бөөгийн дуудлага болон баатарлаг туульс дотор гарч ирдэг.

    Барууны ба зүүний тэнгэрийг голлон судалсан боловч хойд зүгийн 77 этүгэн тэнгэр, өмнө зүгийн 99 гал улаан тэнгэр зэрэг дөрвөн зүгт оршдог тэнгэрүүдийг тэр бүрчлэн нарийн судлаагүй байна. Мөн дархад, халх, тува зэрэг бөөгийн дуудлаган дотор гардаг номтын ногоон тэнгэрийн тухай тэр бүр бичиж тэмдэглэж судалсан зүйл алга байна. Чухамдаа эдгээр тэнгэрүүдийг бүгдийг нь тоочин нэгтгэвэл 275 тэнгэр болдог юм. Нутаг орон бүр, үндэстэн ястан бүр тэнгэрүүдийг өөр өөрсдийнхөөрөө нэрлэж заншсан бололтой. Учир нь нутаг орон бүрт нэрлэгдэж байгаа нэр нь тэр бүр нийтлэг биш байгаа юм.

    Монголчууд эртнээс мал аж ахуй эрхэлж байгаль дэлхийг түшиглэн түүний өгөөмөр хишиг буянаар амьдарч ирсэн ард түмэн тул байгаль ертөнцөд туйлын дотно элгэмсэг хандаж байдаг. Тэдний байгаль ертөнцийн элдэв бүхнийг цөмийг эцэг тэнгэр, эх этүгэн газрын ивээл соёрхол хэмээн үзэж чин сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж улмаар дээдлэн шүтэж ирсэн баялаг уламжлал туршлагатай юм.

    Иймээс монголчуудын тэнгэр шүтлэг нь тэдний аж амьдрал орчин ахуй лугаа авцалдан үүссэн олон мянган жилийн түүхтэй эрхэм нягт уламжлалтай болно. Энэ сайхан уламжлал нь эх байгалийг хамгаалж хүн байгаль эвсэн орших энэ цаг эринд улам ч эрхэм чухал ач холбогдолтой болж байна. Иймээс бид тэнгэр шүтлэгийг мухар сүсэг гэж муучилж болохгүй юм. Харин ч эргэн үзэж эх дэлхийгээ хайрлан хамгаалах түгээмэл арга хэрэгсэл болгон хойч үедээ үлдээх ёстой билээ.

    Эцэг тэнгэр, этүгэн хийгээ улам хүндэтгэн шүтэж түүний хайр хишиг, ивээл соёрхолыг илүүтэй хүртэхээр чармайх хэрэгтэй юм.Үүнд уламжлалт тэнгэр тахилга ба шүтлэгийг сэргээж түүнийг зарим журам зан заншилыг нэгтгэн хэлбэржүүлж олон түмнээрээ тахин шүтэхэд дөхөм болговол зохино. Шарын шашин монгол оронд нэвтэрч орж ирсэнээс хойш бурхан шашины шүтлэг нь хэвшин журамжилж бөөгийн тахилгын шүтлэг нь улам баларсан нь байгаль ертөнцдөө хандах монгол хүний сэтгэлгээг эвдэж харин ч эх дэлхийгээ үл тоомсорлох эзэгнэн захирах гэсэн харгис хатуу бодлого нийтэд хэвшин тогтож эх байгаль маань эвдэрч сүйтэх аюулд сүүлийн 50 жилд орсон юм. Иймээс эцэг өвгөдийнхөө эртний уламжлалт шүтлэгийг сэргээвэл байгаль хамгаалах үйлсэд нэн их ач тустай гэж үзэж байна.

  • БАРУУНЫ 55 ТЭНГЭР НЬ:

     

    – Манхан тэнгэр, ан гөрөөсийг хамардаг тэнгэр. Бас ангийн тэнгэр гэдэг.
    – Дайчин тэнгэр, дайн байлдааныг захирах тэнгэр.
    – Хан хар тэнгэр, эм эмнэлгийг харъяалах тэнгэр.
    – Зайран тэнгэр, элч тэнгэр.
    – Баян цагаан тэнгэр, баруун өмнө залрагч Баян цагаан тэнгэр гэдэг.
    – Номт цагаан тэнгэр, ард түмний амар түвшинийг хамгаалагч тэнгэр.
    – Наран долоон тэнгэр, сүлд заяаны тэнгэр гэдэг.
    – Хурын тэнгэр, хур ус, хур бороог хамаарсан тэнгэр. Бас хурын гурван тэнгэр гэдэг.
    – Шударгуу цагаан тэнгэр-үнэнч шударгууг эрхэмлэх тэнгэр.
    – Цайр цагаан тэнгэр, гал баатар тэнгэр.
    – Заяа цагаан тэнгэр, үнс мөрийг заах тэнгэр. Бас заяа таван тэнгэр гэдэг.
    – Баян цагаан тэнгэр, баруун зүгийн эзэн баян цагаан тэнгэр гэдэг.
    – Хясан тэнгэр, Баруун хойт зүгт залрагч баялагийг захирагч тэнгэр. Бас улаан хясан тэнгэр гэдэг.
    – Одон заяаны тэнгэр, Өмнө зүгийн эхлэгч тэнгэр, өвчин зовлонг арилгагч, ад чөтгөрийг элдэгч, адуу малыг хамгаалах тэнгэр гэнэ. Бас заяа тэнгэр гэдэг.
    – Гал халуун эх тэнгэр, галын эзэн тэнгэр бас асур тэнгэр гэдэг.
    – Милаан тэнгэр, эд баялагийг агуулагч, мал сүргийг арвижуулагч тэнгэр. Бас эрхт милаан тэнгэр гэдэг.
    – Арвижих тэнгэр, баялаг аливааг захирагч тэнгэр.
    – Зол нэмэгдүүлэгч тэнгэр, хийморь мандуулах, захирах тэнгэр гэдэг.
    – Суу тэнгэр, оюун билгийн тэнгэр, бас их суу заль тэнгэр гэдэг.
    – Зол тэнгэр, адуу малыг арвижуулагч, зол жаргалыг олгогч тэнгэр.
    – Заль тэнгэр, энх түвшинийг, өнгө зүсийг билэгдэгч тэнгэр.
    – Улаан хотол тэнгэр, сүү саалийг нэмэгдүүлэгч тэнгэр гэнэ.
    – Анарвай тэнгэр, өнгө үзэмжийг харъяалсан тэнгэр.
    – Гүнбаатар тэнгэр, гай барцадыг арилгах, баруун хойд зүгт залрагч тэнгэр.
    – Ардаг улаан зайгал тэнгэр, хар санаатанд нэргэлт хийж, буруу санаатанд буцаалт хийх тэнгэр.
    – Азур тэнгэр, үр хүүхдийг хамгаалах тэнгэр.
    – Тариа арвидах тэнгэр, амуу будаа, тариа төмсийг төрүүлэх тэнгэр.
    – Гал улаан дархан хүчин тэнгэр, өндөр эвэртэй араатан амьтныг хамгаалах тэнгэр.
    – Цагаан өвгөн тэнгэр, хамаг дэлхийг эрхшээгч өвгөн цагаан тэнгэр.
    – Гурван худгай тэнгэр, эгч тэнгэр.
    – Охин цагаан тэнгэр, тахилгын тэнгэр.
    – Онгорвай тэнгэр-үйлсийг бүтээгч тэнгэр.
    – Найман хошуу тэнгэр, дэлхийгээр тойрон явж хүн амьтанд тус хүргэх тэнгэр.
    – Хоёр лавай тэнгэр, муу хэрэг явдлыг арилгах тэнгэр.
    – Сүлд тэнгэр, хийморь цог сүлдийг бадруулах найман сүлд тэнгэр гэнэ. Бас есөн сүлд тэнгэр ч гэдэг.
    – Бахдалын гурван тэнгэр, зүүн зүгийн 44 тэнгэртэй тэмцэхэд илэрсэн гол баатар тэнгэр.
    – Өвгөчүүр тэнгэр, өвгөн бууралыг сахих тэнгэр.
    – Нярваан тэнгэр, хүн амьтны сүнс мөрийг заагч тэнгэр, дахин төрж илэрхийг захирах тэнгэр, бас нярваан есөн тэнгэр гэдэг.
    – Охин тэнгэр, энэрэхүй сэтгэлтэй хүний ертөнцөд тус үйлдэж явдаг тэнгэр.
    – Андын тэнгэр, анд нөхдийн тэнгэр.
    – Ахын тэнгэр, ах нарын тэнгэр.
    – Дүү тэнгэр. Дүү нарын тэнгэр.
    – Дөрвөн одой тэнгэр.
    – Алиман тэнгэр.
    – Заяагч тэнгэр.
    – Заргач тэнгэр.
    – Их хэт тэнгэр.
    – Нөхцөгч тэнгэр.
    – Уйтгар цагаан тэнгэр.
    – Улаан цолмон тэнгэр.
    – Тайван эзэн тэнгэр.
    – Лха тэнгэр, лхамын тэнгэр бас баяжуулагч тэнгэр.
    – Чингис тэнгэр. Чингис хааны нэрээр нэрийдсэн тэнгэр.