Хэц хэнгэргэн жолоотонгууд минь
Агуу их хүчтэнгүүд минь
Авралт заяат сахиустангууд минь
Далд их биетэнгүүд минь
Давхар олон шидтэнгүүд минь
Хар цагаан гарвалууд минь
Харь халуун гарвалууд минь
Бурхан цагаан гарвалууд минь
Буумал их шүтээнүүд минь
Амьд бүхнийг тэтгэсэн
Алтан шар нар минь
Алсын замыг заасан
Алтан гадас од минь
Атаа таван тэнгэр минь
Лусын найман аймаг минь
Харсан долоон од минь
Барууны 55 цагаан тэнгэр минь
Зүүний 44 харын тэнгэр минь
Хүчин 33 хурмаст минь
Номтын 33 баатрууд минь
Хясаан улаан тэнгэр минь
Хялман хатан ээж минь
Ойхны 13 ноёдууд минь
Номын хатан ээж минь
Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн
Саруул зүгийн заяа билээ та бүхэн
Дээд тэнгэрээс заларч
Дэвжид асараас туяарч
Ханат гэрийн хойморт
Халуун голомтын эхэнд
Эргэн байж буугаарай
Найрлан байж цэнгээрэй
Эрдэм чадал, ид шидээ
Хайрлан хайрлан буугаарай.
Өнө их тэнгэрийн
Өндөр дээд шүтээнүүд минь
Өмнө талаас ирэх
Өнө их саадаас нь
Өмөөрч намайгаа хамгаалаарай
Барууны 55 цагаан тэнгэрийн
Урхан цагаан гарвалууд минь
Баруун талаас ирэх
Бартаа их саадыг нь
Барин хааж намайгаа хамгаалаарай.
Хойд зүгийн тэнгэрийн
Хатуу догшин гарвалууд минь
Хойд зүгээс ирэх
Хамаг их саадаас нь
Хүрээлэн байж намайг хамгаалаарай
Зүүний 44 харын тэнгэрийн
Зуун түмэн сахиусууд минь
Зүсрэн ирэх их саадаас нь
Зүсэн байж хамгаалаарай.
Мөнх хөх тэнгэрийн
Мянга түмэн сахиусууд минь
Магнай дээрээс минь ирэх
Мянга түмэн саадаас нь
… улаачаа
Мятрашгүй сайн хамгаалаарай.
Хий их тэнгэрийн
Хийсвэр үүлэн дамжлагатангууд минь
Сэрвийн бүгдээрээ хараарай
Сэртийн бүгдээрээ чагнаарай
Унаган биеийг минь хуяглаарай
Удмын харгуйг минь таниулаарай
Дааган биеий минь тахлаарай
Далдын харгуйг минь хараарай
Тоонон дээр минь эргээрэй
Тод туяа татуулаарай
Гэр дээр минь эргээрэй
Гэрэлтэй туяа татуулаарай
Оргойтой бөөд олуулахгүй
Орхимжтой ламд тушуулахгүй
Хатуу чанга хамгаалаарай
Заяа гуйн залбирч байна
Ерөөл гуйн мөргөж байна.
Гунан хандгайн эвэр бариултай
Гутаар загасан зэр зэвсэгэн холбуйтой
Сухаа улаан бардагаа
Сонгон байж уриалж байна.
Зуун хөлт зултай
Харын сайхан тахилтай
Хамба торгон билэгтэй
Хадаг мөнгөн хавчуургатай
Орон дэлхийн их идээтэй
Идээ бүр нь дээжтэй
Аагтай шаргал цайтай
Таван тансаг идээтэй
Ариун сайхан сүүтэй
Хатуу харын сэрчимтэй
Энэ л сахан хүндлэл дээр минь
Эргэн байж буугаарай
Таныг гэж тахиж байна
Тахил зулаа бадрааж байна.
Мөн гэж мөргөж байна
Мөнхийн зулаа бадрааж байна.
Хаан шиг халамжтай
Ноён шиг номхон
Нам сууж найрлаарай
Удаан сууж ундаалаарай.
Category: Онгод тэнгэрийн айлдварууд
-
99 Тэнгэрийн дуудлага
-
Ноёо зөнөг бөөгийн онгодын дуудлага
Хөгий Харганатыг эзэлсэн
Хэдэн үеийн сүлд болсон
Гэрэл буурал ээж минь
Авралыг бүрэн хайрла, хатуухан
Зөв замаар замна хайрхан
Зөөлөн нинжин орогтий хайрхан
Энэ сүү шиг цагаан морийг
Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
Булт бүрэн сонсогтий
Санасан бодсон хоёр өнгөнд
Босоо бугшмал эзэн бологтий
Буурал эхийн заяаг
Буянтай сайхан нартаас
Хуучин үеийг алдаагүй
Хойтын ёсыг дагаагүй
Хорвоо ертөнцийн өнгөнд
Хоттой бүлэг тэнгэрийг
Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
Хуучин ёсын залбирлыг
Алдаагүй залбирлаа гэж амины гэамшилгүй
Амьдын үйлс хасахгүй
Аврал магад хайрлагтий.
Алун гуу удган ижийн дуудлага
Ариг гол ундтай
Ар бууралд суудалтай
Арцат хэц дээр гүйдэлтэй
Алтан мутар тайгатай
Бүрэнхаан дуудлагатай
Минжин, Хөх, Хөгнөт, Малхант
Хамарт, Явдалт эргэлэгтэй
Сүх, Зэл, Ариг, Торлог
Алттайгаар шунгалагтай
Буурь цагаан
Буха хан гол доо тахилгатай
Хотой бүргэд сахиустай
Буриадаас ястай
Бодончуудаас гарвалтай
Ачихай бодонгууд овогтой
Хорилдойнохин Алангуу алдартай
456 настай
Цэн тогоруу унаатай
Цэрэг монгол заяатайдаа
Цэцэн Добу өвгөнтэй
Дэрсэг таван хүүтэй
Атхан соогоо өндийлгэн
Тэвхэр таван хүүтэй
Тэнгэр их заяагаа бодож
Бигүтэй, Билгүнэй, Бухахати
Бухасалжи, Бодон мундаг гэсэн
Хөх буха сахиусаар Бухахатгийгаа даатгасан
Хар буха санаж Бухасалжугаа даатгасан
Бодон сахиусаа санаж Бодончуу мундагаа даатгасан
Эвшээхэй нумаар хуяглаад
Эрчит сумаар багцлаад
Эвтэй байхыг харуулсан
Умайн 5 хөвгүүдээ
Удам ариухан
Угсаа хол
Ухаантай явагдаа.
-
Онгод урин залах дуудлага
Онгодын дуудлага бол бөө нэг буюу хэд хэдэн онгодод хандан нэр гуншин, цол, оршин байгаа буудал суудалт нутаг усыг нь нэрлэн, дээд тэнгэр дэвжид асраасаа заларч өөрийнхөө улаачийн биед орших хүртэл нь урьж байгаа дуудлага юм. Халх бөө удганууд эхлээд заавал толгой онгодоо дуудаж оруулсны дараа дагуул онгодуудаа оруулдаг. Дархад бөө нар мөн толгой онгодоо юмуу эсвэл нутгийн хүчтэй хайрхадын эзэн онгодуудыг дууддаг. Жишээ нь: Балигийн ээжийн дуудлага гэх мэт.
Онгодын уриа дуудлага олон шад мөртэй байхаас авахуулаад онгодын нэрийг дурсах төдий болоход улаачийнхаа биед ордог. Зарим тохиолдолд онгодын нэрийг дурсах төдий болоход эсвэл бүр дурсаагүй дуудаагүй байхад хүртэл онгод нь улаачийнхаа биед харваж орж ирэх тохиолдол байдаг. Гэтэл үүний яг эсрэг ямар нэгэн шалтгаанаар онгод орж ирэхгүй цааргалах, сураг чимээгүй байх тохиолдол байдаг.
“Бутанд хярсан янзага мэт
Бургасанд нуугдсан болжмор шиг
Бутанд хярсан туулай шиг
Бүлтгэнэж явахад минь
Энэ мэдэхгүй чадахгүй улаачийнхаа
Хүслийг яагаад бодохгүй ирэхгүй байна… тийм жилтэй тийм хүний үр зовоод байна. Энэ хүнийг зовлнгоос нимгэлж хэлтэлж өгөөч” гэхчилэн аргадан гуйдаг.
Газар орны байдал хол ойр, ойр орчинд онгод буух бололцоогүй бохир нөхцөл, хараал хэрүүлд өртсөн, лус тэнгэрүүдэд хорлогдсон үед онгод огт орж ирэхгүй байх буюу орж ирмэгцээ буцдаг тал байдаг. Буриад бөөгийн ёсонд онгодыг урин залж, аль нэг зүйл дээрээ буулгаж авахаар дууддаг зан үйл байдаг.
Хүрлэгтэй улаан галын
Унь бутарсан дөлөн дээр
Хүрэл төмөр тогооны
Ширэм дээрх охь болон хандалсан
Ариун цагаан угаалгыг минь ариулж буугтун. Гэх мэтээр буурал аав хэмээх онгон сүнс, Дархан цагаан тэнгэр, тэнгэрийн хөвүүн тэх, шар манжлай, арын аран гурван ноёд нарт хандаж хэцээ цохиж, холбого, хонгинуураа хангинуулан сухай улаан бардагаараа урин залан дууддаг.
“Их далайн усыг ес дахин домнож
Есөн уулын гангыг үндсээр нь хандаллаа.
Хэц тойвуураа дэлдэн
Үүлэн хүлэг болсон сорийг тань
Хурдатган ергүүлж урин дуудаж байна.
Урилганд минь ирэгтүн
Угтлаганд минь морилогтун” хэмээн онгод шүтээнээ дууддаг.
-
Баруун тэнгэрийн онгод түшүүлэйн дуудлага
Түмэндэйн хүү Түлшүүлэй
Заарин их гарвал
Таныгаа урин залан дуудаж байна
Урилганд минь залраарай
Дуудлаганд минь ирээрэй.
-
Алтан гургалдай онгодын дуудлага
Өргөн Шишигэдэн хонхорт л
Өдтэй шувуу л ирэхэг л
Өдий болтоло сонсоё гэв дээ
Хөх л тэнгэрээр явдаг болдоо
Хөрстэй дэлхий хэнздэнэ дээ
Алаг хувилгаан заяачтай бил дээ
Аянгат л буувал аюултай даа
Хөх тэнгэрт эзэн бил
Хэн ч намайг дуудахав дээ
Халаг өө, халаг өө, халаг өө
Хөхө тэнгэрээн цахилгаан биш үү
-
Онгодын дуудлага
Дөчин хоёр салаалсан
Харвалдааны түргэн үед
Харанхуй манан хувирлага
Эдэлдээний түргэн үед
Элгэн газартаа шингэлээ
Жинчивайн басган Долгорсүрэн гарвал -
Бор зөгий онгодын дуудлага
Дуудлаганд минь морил
Бор зөгий эргэлттэй
Хар зөгий дуудлагатай
Нууц талаар эргэсэн
Хоёр гахай сахиустай
Хүрэн эрээн бүргэдүүд
Хөх тэнгэртээ хийгтий
Хүний тусын тулд
Аръяабал бурханы үүдэнд өргөсөн
Долоон сайхан жигүүртэн
Дамжуулж элгэсэн
Угийн их сахиустаа өргөе
Хүн бүхэнд эргэж явъя -
Бух ноёны дуудлага №2
Догшин долоон басганатай
Долгиун гурван хөвүүнтэй
Тагнын тарлан бухан хөлөгтэй
Чаргын ноён дүүтэй
Оросыг омогдсон
Буриадыг богтолсон
Эрхүү дүнхэнийг эзэлсэн
Рэнчиндорж хаан
Хөх бухан хөлөгтэй Бухан ноён аав
Будан хатан эвий ноён таныгаа
Урин залан дуудая. -
Дэрсэйн онгодын дуудлага
Судгийн ээжээ л сэтэртэй
Дүүрэлдээд явъяа гэсиймаа
Дүүрэнгийн ээжээ л сэтэртэй
Онгон ховсоо хувилгаан минь дээ
Орж л гарахдаа л дураараа билээ дээ
Хайртай ханиасаа л салж л явсанбэ
Хайрын дураараа л дуудаж л явсанбэ -
Бух ноёны дуудлага
Дан хүний махыг
Далан саваар тэгнээд
Давхар эрээн могойгоор
Давсгаараа дамнуулаад
Хөхөл чулуун хүйстэй
Хөх чулуун хоногтой
Ханхийн их ноёнхой
Хамаг олны ноёнхой
Жалгын чинээ амтай
Жаран хоёр соёотой
Гал дөлөн идэштэй
Галзуу хөх бухан хүлэгтэй
Арцахан сайхан туурайгаараа
Алтан дэлхийг туулаад
Ац сайхан эврээрээ
Алаг тэнгэрийг туулаад
Шивэр шивэр гишгэлж
Шивэр ширэнгийг шүргээд
Тайгын эрээн бухандай
Наа ха, хэ хэ ха ха хэ хэЭх сурвалж: Булган аймгийн Тэшиг сумын Рэгзэн удган эл дуудлагыг Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн.