Category: Монгол бөө

  • ДЭЭЛ, АР БИЕ, БҮС, БҮЧ, ЗАХ, МАНЖИГ, ӨРБӨЛГӨ, СУГА

    Дээлийн бүс-Монгол Улсын нутагт байдаг түрэг угсааны хуулар овгийн бөө нар газар лусаа хөллөж /хүчийг олж/ бөөлдөг учир газар уснаа явагч могойн дүрсийг бүс болгон хэрэглэдэг уламжлалтай. Үүнийг цааш нь нарийвчилбал хуулар овгийн зайрангийн бөө дээлийн могойн дүрсэн бүс гурван ац сүүлтэй бол удганых шувтан ганц сүүлтэйн дээр эдгээр бүсүүдийг хүрэн улаан өнгийн эдээр дүрслэн үйлддэг байжээ.
    Дээлийн бүч-Бөөгийн өмсгөлд байдаг бүч нь лус савдагийн элч нар буюу лусын амьтан болох могойнууд хийгээд тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, ямба ёс, хучлага дэвсгэр эсвэл илд, сэлэм зэрэг зэвсгийг илэрхийлдэг гэдэг. Монгол угсааны бөө нарын өмсгөлд байдаг бүч нь хөх цэнхэр өнгөтэй, тэгш өнцөгт дөрвөлжин үзүүртэй бол түрэг угсааны бөө нарынх улаан хүрэн, ногоон өнгөтэй гурвалжин үзүүртэй байдаг.
    Дээлийн зах-XX зууны эхэн дунд үеийн монгол харын болон шарын бөө нарын бөө дээлийн зах нь тухайн үеийн монгол төрийн хар хүний өмсдөг дээлийн нэгэн адил манж захтай байсан нь язгуурын монгол үндэсний дээлийн зайвар зах, бурхан шашны монгол лам дээлийн зах болж хувирсантай холбоотой. Үүнээс улбаалж хүн амыг дотор нь лам хар гэж нийгмийн байдлаар нь хоёр хувааж хар нь эр эмийн ялгаагүй төрийн тал болсон учир хан төрийн, лам нь монголын шашны ёсыг дагах болсон байна.
    Дээлийн манжиг-Бөөгийн шүтлэгтэнүүд газар уснаа явагч могойг лус савдгийн амьтан хэмээн үзэж бөөгийн өмсгөл хэрэгсэлд дүрслэхдээ могойн дүрсийг олноор нь нэгэн дор багцлан байрлуулсныг монгол харын бөө нар манжлаг буюу цацаг хэмээн нэрлэсэн нь сунжирч манжиг гэсэн нэр үг болон хувирчээ. Манжигийг томж эрчлүүлсэн хонины ноос, хөвөнгөөр дүрсэлж гадуур нь зохих өнгийн даавуугаар бүрж, бүтээгээд, бөө дээлийн үндсэн хэсэг болгон хадалж бэхэлдгийн дээр ерөнхийд нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг.
    Дээлийн өрбөлгө-Монгол бөөгийн тухай түүхэн домгуудад эртний алдарт бөө нар төрийн цаазын өмнө хүзүү толгойгоо гудайлгах үед биеийг нь эзэмдсэн онгод тэдний хоёр мөрний тус газраас нь ямар нэгэн шувуу болон нисэн одсон тухай өгүүлдэг.
    Домгийн шувуудын нисэн одсон тэр газар буюу бөө дээлийн хоёр мөрөн дээр харын бөөгийнхөнд бүргэд, шарын бөөгийнхөнд улаан цоохор эдээр багцлан өдийг нь сарвайлган бэхэлсэан байдаг. Харын бөөгийн ийнхүү багцалж бэхэлсэн бүргэдийн өдийг өрбөлгө хэмээн нэрлэдэг.
    Дээлийн суга-Монгол харын бөө нар хүний суганы арьс биеийн бусад хэсэгтэй харьцуулбал харьцангуй нимгэн учир түүгээр бөөд онгод орж гардаг гэж үздэг болохоор харын бөө нарын бөө дээлийн хоёр сугыг зориудаар цоорхой хийсэн байдаг.

    djmedia:402
  • Т.ЦЭНДСҮРЭН:БИ ХҮНИЙ НЭР ЖИЛИЙГ Л АСУУДАГ, ӨӨР ЮУ Ч АСУУДАГГҮЙ ҮЗЭЖ ЭМЧИЛДЭГ

    -Тэгэхээр бөөгийн зан үйл, өөрийн байгалиас авч төрсөн бариа заслын мэдрэмжийг хөгжүүлдэг, энэ замд хөтөлдөг хүмүүс гэж байдаг даа?
    -Намайг энэ зам харгуйд хөтлөн оруулж, эрдэм авьяас өвлүүлэн сургасан олон сайхан хүмүүс бий. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Батбаяр буюу Бүдүүрээ зайранд очиж анх хуур бариад, тэр хуурыг есөн жил барьж яваад Улаан-Уул сумын Ганболд гэдэг зайранд очиж хуяг дуулгаа өмсөж байлаа. Харин эмчилгээний эрдэм зааж сургасан Н.Тухайт гэдэг хүн бий. Мөн лам багш маань Хүрэлбаатар гэж зурхайч хүн Улаан-Үүдэд амьдарч байгаа бол Наро Бэнчин гэгээнтний хойд дүрээр тодорч явсан Дагийжамц гэдэг хүнээс олон тарнийн хүчийг авсан.
    -Их сонин санагдаж байна. Өөрөө сахиус буулгаж авсан удган хүн, тийм байтал лам багштай, бас зурхайч бариач багштай юм байна. Ялангуяа бөөгийн шашин, шарын шашин хоёрт зөрчил гарахгүй юу?
    -Энэ тухай хэдэн жил бодож яваад Москва хотод нэг гэгээнтэн дээр очлоо. Тэгээд “би удмын сахиустай хэдий ч бөөгийнхөө шашин руу орж чаддаггүй. Мөн манай удам жод тавьдаг лам хүн байсан ч шарын шашин руу орж чадахгүй явсаар есөн жил боллоо, одоо яах вэ” гэж асуусан. Үнэн хэрэгтээ би тухайн үед эргэлзэж явсан хэрэг шүү дээ. Тэр хүн мэргэ тавиад “чиний хувьд биендээ бурхан буулгасан ч болох юм байна, сахиус буулгаж залаад явсан ч болох юм байна” гэж хэлсэн. Гэхдээ “Хамгийн гол нь чи алийг нь ч хаяж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд ч манай ээжийн талынхан бөөгийн шашинтай байсан ч улааны шашинтай жод барьдаг хүмүүс байсан юм билээ. Тэгэхээр миний хувьд сөргөлдөж харшлаад байх зүйлгүй.
    -Сахиус буулгасан, өндөр мэдрэмжтэй бариа засалч хүмүүс хүний зовлон жаргалыг мэдэрдэг тийм мэдрэмтгий хүмүүс байдаг гэдэг. Таны хувьд?
    -Би хүний нэр жилийг нь асуугаад үздэг, өөр юу ч асуудаггүй. Юуны өмнө тухайн хүний биед ямар өвчин зовлон байна вэ, тэр нь ямар шалтгаанаас үүдэлтэй байна вэ гэж харж ажиглаад, түүний дараа энэ хүнд ямар бариа засал, ямар дом хэрэгтэйг мэдэж хийдэг. Ерөөсөө өөрийнхөө бие сэтгэлээр мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, би үзэж байгаа хүний хаана ямар өвчин байгааг яг өөрийнхөө биеэр өвдөж сүнсэн биеэрээ мэдэрч үздэг, бас эмчилдэг. Үүнийг ихэнхдээ энергийн бариа заслаар эмчилдэг.
    -Би таниас дээр асуусан, ОХУ-ын Буриад тэргүүтэй хотуудад олон өвчин шанлалтай хүн эдгээж босгосон гэж. Энэ талаар?
    -Би Улаан-Үүд, Чит гэх мэт ОХУ-ын зарим хотуудад таван жил амьдрахдаа олон хүнийг энергийн бариа заслаар эмчилсэн. Элэгний өвчин, зүрхний импакт гээд олон төрлийн өвчтэй хүмүүсийг эдгээсэн дээ. Хамгийн наад зах нь архинд хэт донтож орсон хүнийг ч эрүүл саруул болгож байлаа. Саяхан наашаа ирэхээс өмнө бага насны хүүхдэд ханиадтай үед нь вакцин хийснээс болоод тархины өвчин тусаад ухаангүй байхад нь босгоод ирлээ. Гэхдээ тухайн хүн ямар шалтгааны улмаас өвдөв гэдгийг юуны өмнө олж мэддэг. Ямарваа нэг зүйлд шалтгаан байдаг учраас түүнийг нь олоод дараагийн шатны эмчилгээ, дом засалдаа орохоор төгс эмчилгээ болдог.
    -Өөрийн унаган мэдрэмж, авьяасаар бариа засал хийдэг байж таарна. Гэхдээ үүнийг орчин цагийн анагаах ухаантай хослуулсан тохиолдол бий юу. Хэвтэрт орсон хүн босгож байсан гэдэг?
    -Орчин цагийн анагаах ухаанд авах зүйл олон байлгүй яахав. Мөн уламжлалт анагаах ухаанд ч зүү төөнүүрээс эхлээд олон авах зүйл бий. Дээрээс нь би олон төрлийн өвс ургамлыг эмчилгээндээ хэрэглэж байна. Элгээр өвдөөд эмчилгээгүй гээд цус алдчихсан хүнийг нэг сар эмчлээд босгож байлаа, зүрхний хагалгаанд орох гэхээр нас өндөр болсон гээд эмнэлэг буцаасан хэвтрийн хоёр ч хүнийг босгоход эмч нар хүртэл гайхаж байсан тохиолдол байдаг. Эмнэлэг найдваргүй гэсэн олон хүнийг эмчилж босгосон.  
    -Бөө нар дунд нэг нэгнээ эрэмбэлсэн байдал ажиглагддаг. Энэ талаар?
    -Миний хувьд тийм ийм байх ёстой гэдэг ч юм уу, нэр төр хөөцөлдөөд байдаггүй. Би энэ замаар 10 гаруй жил явж байхад тийм бодол ч төрж байсангүй. Удмаасаа буулгасан сахиусаа авч, дээдсээс өвлөсөн бариа заслаа хийгээд олон сайхан хүмүүсийн ач буянаар үүнийгээ хөгжүүлээд, хүмүүст тус хүргээд явж байна. Ингэхээр үүнд эрэмбэ тогтоох, нэр төр хөөцөлдөх эрх хэнд ч байхгүй. Одоо ч тайлж чадаагүй байгаа тэр нууцыг, магадгүй цаашид тайлагдахгүй байх магадлалтай нууцыг өвлөж авсан хүнд ийм бодол орж ирдэггүй. Яахав, хэмжүүр гэж байдаг бол тухайн хүн өөрөө хэр олон хүнд буян хүргэж вэ, нийгэмд тэр тус нь хэр өргөн хүрээнд эерэг тусч байна вэ гэдгээр эрэмбэ тогтоож болох юм.
    -Таны хувьд удмаасаа, байгалиас авч төрсөн авьяас билгийг бол мэдэрч, түүнийгээ олон түмэнд түгээж яваа хүн. Тэгэхээр цааш үүнийгээ үргэлжлүүлээд улам олон хүнд тус хүргэх бодол байна уу?
    -Миний монголд ирсэн нэг зорилго бол хөдөө орон нутагт байгаа ахмад настнуудад тус болох юм. Тэд Улаанбаатар болон бусад өөр газарт очиж чадахгүй, тэнхэл дорой болсон хүмүүс ч бий. Нялхас ч бий. Энэ бүгдэд газар дээр нь очиж тус хүргэх санаа байна. Ахмад настнуудад буян хүргэх нь эргээд бидний ажил үйлсэд ихээхэн тустай. Яагаад гэхээр би монголдоо ихээхэн ажил хийх сонирхол байгаа учраас ахмадуудаа юуны өмнө баярлуулж тус хүргэх бодол бий. Энэ тал дээр орон нутгийн Ахмадын байгууллагад хандаж, бүр нэг кампанит ажил болгох зорилготой. Би бодохдоо зүдэрч зовсон хүмүүстэй уулзаад чи төдөн төгрөг өг гэх мэтээр хэлж үзсэнгүй. Гэхдээ өнөөдөр би монголд ирэхэд онгод шүтээнээ ч залах газаргүй, ажлын байр ч үгүй байх жишээтэй. Гэсэн ч би цаашид ажил амьдралаа зохицуулж аль болох олон хүнд тус хүргэхийг хичээнэ. Энэ тал дээр надтай хамтран ажиллах, сайн санааны үүднээс дэмжлэг үзүүлэх хүнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна.  
    -Олон улсад нэр хүндтэй байгууллагаас таны авьяас чадварыг удаа дараа үнэлж байсан гэдэг. Чухам ямар байгууллагуудаас шагнал урамшуулал авав?
    -Буриадад би олон ч хүнд тус хүргэхийг хичээж, энэ хэрээр өвчтэй зовлонтой хүмүүс эдгээд баяр хөөр болж л байдаг. Мөн “Оны шилдэг бариа засалч”, Залуучдын холбооноос “Авьяаслаг залуу” алтан медаль, Боловсролын байгууллагаас “Тэргүүний ажилтан” гээд олон цол тэмдэг өгсөн. Энэ бол ядарч зүдэрсэн хүмүүс зовлонгоосоо ангижарсан баярын их сэтгэгдэл юм даа гэж боддог.  
    С.Ууганбаяр

  • БӨӨГИЙН ПАЯН

    Говь-Алтай аймгийн харъяат Рэгжин хэмээх нөхөр 1992 онд Улаанбаатар хотод цэргийн алба хааж, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нэг нөхөртэй ёстой л өвөр түрийдээ орж хугацаат албаа дуусгасан байна. Тэрээр амьдралын эрх дагаж янз бүрийн ажил хийсээр яваад онгод сахиусаа авч, бөө болжээ. Чадвар муугийн зэрэгцээ жинхэнэ онгод сахиустай эсэх нь мэдэгдэхгүй Рэгжинд үзүүлж харуулах ч хүн нутагт нь эс олдож, сүүлдээ бараг хүүхэд нохойн доог болсон аж. Тиймээс мань бөө алс зүүн Сүхбаатар аймагт байх цэргийн андруугаа холбогдож, тус суманд айлчилсан байна. Чингэхдээ өөрийгөө ойлгуулж, хүмүүсийг үзэж харж, засал хийж мөнгө олно. Олсон ашгаа хувааж авна. Харин чи надад тусла гэх зэргээр тохиролцожээ.

    Тохиролцоо нь мэдээжийн хэрэг, тус сумын унаган иргэн, цэргийн андад нутгийнхаа зовлон зүдгүүртэй байгаа болон мухар сүсэгтэй иргэдийн түүх намтарыг дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулж өгөхийг даалгана. Цуглуулах юу байхав, нутгийн унаган иргэн тэднийхээ амьдралыг арван хуруу шигээ л мэднэ биз дээ.   Тэгээд үзүүлж харуулах гэсэн эхний хоёр хүний заяа зургийг өнгөрсөн одоо ирээдүйтэй нь яг л хэлдэг аж. Яахав, найз нь хэлээд өгчихгүй юу. Тэгэхээр л сумын төв тэр чигээрээ хошуурдаг юм байх. Тэднийд гайхалтай сайн бөө ирж гэнэ. Яг л хэлж байна гэнэ шүү хэмээн цувна. Мань бөө ч би маш олон хүнд үйлчилж байгаа учраас ядарч байна. Та нар овог нэрээ тодорхой бичээд манай түшээд өгчих хэмээн ядрангуй дүр эсгэнэ. Ард олон ч нэгнээсээ урьтаж оочёр дугаар бичүүлэх гэж бөөн юм болно.

    Ингээд арав, хориор тоологдох нэрсийн жагсаалт авсан бөө

    -За та нар маргааш төдөн цагаас хүрээд ир хэмээн явуулах аж. Ингээд энэ шөнө өнөөх дугаарт бичүүлсэн нэрсийг шүүж, сумынх нь иргэнтэй хамт удам судраас нь эхлээд нас барсан, салсан нийлсэнтэй нь мэдээд авна. Бүр мөнгө төгрөгний хэмжээ, мал сүргийнх нь тоо толгойг хүртэл данслаад авна. Маргааш нь оочёр бичүүлсэн нөхдүүд орж ирээд л өөрийнхөө бараг мартах шахсан зүйлийг ч тус бөөгөөс мэдэж ёстой л мэл гайхаж, тахин шүтнэ. Яахав, цаадхи нь жагсаалтад бичүүлсэн овог нэрийн дагуу шөнийн бэлдсэн намтрыг хэлбэрт оруулаад хэлж орхино доо. Та чинь урьд өмнөх нөхрөөсөө салсан юм байна. Танай нэг тийм хүн нас барж, түүний нэг алтан ээмэг байна, аа даа. Энэ хүн чинь үүндээ хоргодож, та нарын амьдралд саад болдог юм байна ш дээ. Үүнийг нэг газарт ном ёсоор нь өргө. Ном ёсоор нь өргөж чадахгүй бол улам их гай болно шүү, ойлгож байна уу. Чадахгүй бол надад өг. Би л нэг өөрийгөө золиослож аргалахаас хэмээн тамшаална. Ийм сайн тоочиж хэлж байхад яах юм. Мөнгөө өгөөд зогсохгүй гай болоод байгаа үнэт эдлэлийг ч өгч байж сая нэг амьдралаа тэгшлүүлнэ. Энэ өдөр мань бөө орон сууцны мөнгө хийдэггүй юм гэхэд гэр төхөөрчихөөр мөнгө цуглуулчихна. За тэгээд өргөхөөр авсан үнэт эдлэлээ оруулбал талийж өгнө. Ийн маягаар нэг суманд зовлонгоо тоочсон хүмүүсийг гурван өдөр үзэж, мэргэн түргэний гайхамшгийг үзүүлэхэд овоохон юм олно шүү дээ. Бас болоогүй ээ, цаадуул нь та л аргала гэхэд нь баахан цаараглаж байгаад зөвшөөрнө. Өргөл барьц ч өсөөд явчихна. Ингээд л тагнуул туршуулын ажил хийж хүмүүсийн зовлонг тоочиж өгөхөд үлэмж тус хүргэсэн найздаа бонус хүртээх болжээ. Нийтдээ арваар тоологдох алтан ээмэг бөгж, таван мөнгөн аяга, зургаан сая төгрөгийн ашиг олсон Рэгжин ашгаа хуваах болохдоо гол тус хүргэсэн цэргийнхээ андыг гомдоож, 500 мянган төгрөг өгөөд оджээ. 

    Харин мань бөө зэргэлдээ суманд нь мөн л судалгаа хийж очоод байхад нь цэргийнх нь анд араас нь давхин очиж, булайг нь дэлгэж, олны нүдэн дээр зоджээ. Мань эр цэргийнхээ андыг очиход хоёр дахь айлдаа бөөлж цайлуулаад жигтэйхэн юм сууж байсан юм байх. Харин цэргийнх нь анд тус сумын танхайдуу нөхдийг дагуулж очоод хамаг мөнгө, хатуу эдлэлийг мулзалж аваад ёстой л “гахай нүцгэн нохой явган” үлдээгээд одсон гэнэ. Нэгэнт хамаг бүхнээ алдахын зэрэгцээ тус суманд нэр нүүрээ барсан Рэгжин яах аргагүй үлдэхдээ “Аа новш гэж. Ахиухан л мөнгө өгдөг байж. Тэртээ тэргүй зүгээр орж ирсэн юмыг талыг нь өгчихөд яадаг байна, аа. Миний шунал уу” хэмээн халаглаж суусан гэдэг.
    Ч.Дорж
           

     

  • ЦААТАН, ДАРХАД БӨӨГИЙН ОНГОД

    3. Хорхой толгой (хорхойн толгой шиг цоохор дүрст онгод) гурав болно.
    Н.Суувъян удганд ч бас эдгээр онгод буй бөгөөд өөрийнх нь ясны онгод саялиг шувуу буюу хөх цэцгий болох нь 1992 оны долдугаар сарын 29- ний бөөллөг хийгээд хэллэг дуудлагаас тодорхой байв. Мөн Н.Суувъян гуайн онгодод баавгай онгод орж ирж урцны модыг (алаажийг) хүрхрэн самарч, сүр жавхлантай орж байлаа. Н.Суувъян гуай ч ер дөхсөн настан биш, хөвчийн хүчирхэг хүрэн мэт харагдаж байв.
    Энэ мэтчилэн бүргэд, шар шувуун дүрт онгодууд ч байдаг байна. Дархад бөө нараас цаатан бөөгийн гол ялгагдах онцлог нь тэдний онгодын хэц-тэлүүрт арав хорь гэх мэт их олон онгод байдаггүй харин ч дөрвөөс тав, ихэвчлэн хоёр гурван л онгод байдаг байна. Уул усны эздийн хувьд цаатан ястны эртнээс идээшсэн нутаг Агыя, Үтэг Хаяа, Жангыс тайга, Тэнгис голын эздийг голчлон шүтдэг байна.

     

  • АЛМАС ХАР ТЭНГЭРИЙН ТАМЛАГА

    Зөөлөн нинжин ороггүй хайрхан
    Энэ сүү шиг цагаан морийг
    Эцсийн бүлэгт цуглируулагтий хайрхан
    Эзэнтэй соргог тэнгэрээсээ нааш
    Булт бүрэн сонсогтий
    Санасан бодсон хоёр өнгөнд
    Босоо бугшмал эзэн бологтий
    Буурал дэлхийн заяаг
    Буянтай сайхан нартаас
    Хуучин үеийг алдаагүй
    Хойтын ёсыг дагаагүй
    Хорвоо ертөнцийн өнгөнд
    Хоттой бүлэг тэнгэрийг
    Хуур хэнгэрэг хоёроос хоцорсон ч гэсэн
    Хуучин ёсын залбирлыг
    Алдаагүй залбирлаа гэж
    Амины гэмшилгүй
    Амьдын үйлс хасахгүй
    Аврал магад хайрлагтий.

     

  • ХУЯГ ХУВЦАС ХЭРЭГСЛИЙН ЭЗЭН ОНГОД, ХУЯГЛАХ, ХЭЛ ХУУР, ОРБО, ОРГОЙ, ХАС

    Хэл хуур-Монголын харын бөөгийн ёсонд хуяг хувцасгүйгээр бөөлөхдөө хэрэглэдэг аман хуур хөгжмөө хэл, уруул, шүдийг дайрсан амьсгалын таталт, түлхэлтээр авиа гаргаж хуурддаг болохоор хэл хуур хэмээн нэрлэдэг. Тэгэхдээ бөө хүн гал голомтноосоо онгод тэнгэрийн оронд хүрч очих замдаа өөрөө унаж явдаг шуудан хөх /цэнхэр/ морь гэж үзээд, түүнийг морины дүрс бүхий хайрцагт хийж хадгалдаг. Хэл хуурыг хуурын эзэн бөөтэй ивээл жилтэй дархан хүн ган төмрөөр хатааж хийдэг байсан ба арал буюу их бие, хэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтнэ. Хуурын их бие арлын хоёр талын нарийдагч төмрийг шуудан хөх морины хоёр хаа /урьд хоёр хаа/ хэмээн нэрлэж, түүний хоёр үзүүр дээрх жижиг хэрчээсүүдийг уг морины хоёр туурай юм гэж үздэг. Түүнээс гадна хэл хуурын хэлийг арлын нугалсан хэсэгт бэхэлсэн байх бөгөөд хуурын хэл төмрийн үзүүрт цэвэр мөнгө үмхүүлдэг нь шуудан хөх морины явдлыг сайжруулж, хуурын хэлийг нь улам хурц, тод /шунаг биш/ болгож буй хэрэг гэж буй хэрэг юм. Энэ утгаараа бас онгодын хэлмэрч ч гэж үздэг явдал буй.

    Хэл хуурын цохилт-Хэл хуурыг гурван янзын цохилттой гэдэг. Үүнд: нэгд, амьсгалын цохилт. Энэ нь шууд байна. Хоёрт, хэлний цохилт гэдэг нь хүний хэлний хөдөлгөөнөөр хууранд янз янзын дуу авиа оруулдаг. Гуравт, Онгодын аялгууны цохилт нь эхлээд эзгүй хээр тал, морь-малын төвөргөө-давхилтыг дүрслэн аялгуулдаг.

    Орбо-Монгол бөөгийн ёсонд онгодын унаа гэж тайлбарладаг тал хэнгэрийн цохиурыг Орбо гэдэг. Орбыг тэх гөрөөсний годоор зөөлөвчлөн бүрдэг бөгөөд энэ нь Чингис хааны арван алсан халтар тэхийн годыг төлөөлүүлж байгаа хэрэг гэж бөө нар тайлбарладаг. Чингис хаан 6 өрлөгтэйгээ бараа харж явтал яг урд доороос нь халтар тэх босож зугтаахад хаан өөрөө толбот бор мориороо гүйцээд алав гэж “Монголын нууц товчоо”-нд байдаг. Үүнээс үзвэл энэхүү халтар тэх нь тайчуудын сүлд /тотем/ байсныг их хаан өөрөө устган шарж идчихээд дараа нь 300 тайчуудыг ялсан гэж хэлж байгаа бололттой. Энэ бүхнээс улбаалан монголчууд дээр үеэс өшөөтөн дайсныхаа сүр сүлдийг ялсан ч ялагдсан ч өөрийнхөө сүлд тахилгын ёслолд доромжлол болгон хэрэглэдэг уламжлал тогтжээ. Энэ л утгаар эртний тайчуудын сүлд-тотем болсон амьтдны год эдүгээ хүртэл монголын онгодын унаа хэнгэрэгийн ташуур болон уламжлан иржээ.

    Оргой-Олон салаа эвэр бүхий бөө удган нарын өмсдөг дуулга малгай. Монгол Улсын ихэнх нутгийн шарын бөө нар бөөгийн өмсгөлийн нэгэн чухал хэсэг болох малгайг /оргой/ хэмээн нэрлэдэг. Шарын бөөгийн оргой нь битүү оройтой байдаг бол харын бөөгийн малгай нь оройгүй, задгай тэнгэртэй, чөлөөтэй харьцаж байхад зориулагдсан байдаг.

    Хас-Хас нь бөөгийн хувцас хэрэглэл дээр элбэг тааралддаг. Ертөнцийн эрч хүчний бэлэгдэл юм. Монголчуудын гүн ухааны онолын үүднээс үзвэл хосломол чанартай. Эр эмийн бэлэгдлийг агуулдаг.Нар зөв эргүүлэгтэй эр хас, нар буруу эргүүлэгтэй эм хас байдаг. Ертөнцийн эцэс төгсгөлгүй мөнхөд орших хүчийг хасаар төлөөлүүлж кодолсон ажэ. Хас нь зөвхөн мнай гариг дээрх бус хязгааргүй орчлонт ертөнцийн түгээмэл зүй тогтолын код ажээ. Бөөгийн толины тэг дугуй доторх хас нь үүний илэрхийлэл нь ажээ. Эртний нүүдэлч удмын монголчууд оршин тогтнож ирсэн мянга мянган жилийнхээ туршид үнэхээр агуу их эрдэм соёлыг бүтэн цогцлоосон боловч өнөө бид тэр бүхний утга учрын нууц увидас хүч хийгээд сэтгэлгээний хийсвэр санааг нь ухаарч мэдэхгүйн харгайгаар мөн ч ихийг алдсаар байна даа.

    Өвөг дээдсийнхээ эрдэм ухааны уламжлалт өв эрдэнэсийг судлах арвин нандин үйлсийг бүхий л насныхаа үйл хэрэг болгосон эрдэмтэн мэргэд бидний монголчуудаас хэд хичнээнийг гагцхүү тэнгэр бурхан мэдэх буй. Тэрхүү эрдэм ухааны нэгээхэн нууцыг хадгалсан дурсгалуудын нэг нь хас буюу түмэн насан хээ бөгөөд дорно өрнийн улс түмэнд ч түүнийгээ түгээн дэлгэрүүлсэн гавъяатай. Тиймээс хасыг манайхаас зээлдэн авсан зарим улс орон үндэсний бахархал, төрийн бэлгэдэл болгож байсан нь сонирхолтой юм. Төв Азийн өндөрлөг, говь, хээр талаас дөрвөн зүг, найман зовхист удаа дараалан нүүдэллэж одсон хүй нэгдлийн үеийнхэн хасны дүрс санааг чулуун дээр тэмдэглэн орхисноос хойш явсан хүрсэн, суурьшсан газар бүрдээ мөнөөх тамга дүрсийг гэрч болгон үлдээсэн баримт ихээр олддог.

     

  • МАНЖИГ

     

    Бөө нарын нэг хсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан.

    Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг. Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.

    Бие манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.

    Мөргөл манжиг-“Гар манжиг”, “Бие манжиг”, “Баруун мөргөл манжиг”, “Гол мөргөл манжиг”, “Зүүн мөргөл манжиг” гэсэн таван манжиг байдаг.

    Бараан мөргөл манжиг-Харын бөөгийн хуяг хувцасны баруун гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийн баруун мөргөл манжиг гэдэг. Энэ нь баруун зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөгийн ураг төрлийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл даатал үйлдэж, ариутгал хийхэд хэрэглэгддэг зүйл юм.

    Гол мөргөл манжиг-Монгол харын бөөгийн шүтлэгийн бөө дээлийн зоо нурууны голд зэл хонхинууруудын доохно бэхэлсэн манжиг, хэц, бүчүүдийг бөө дээлийн гол мөргөл гэдэг. Бөө дээлийн гол мөргөл нь нэгдүгээрт: тухайн бөөгийн гал голомтын эздийн сайн сайхны тулд гол мөргөл манжигууд нь бүтээгддэг бөгөөд хэрэв аль нэгийг нь зангилсан бол өрхийн гишүүдийн хэн нэгний амь насыг бэхэлснийг;

    Хоёрдугаарт: хэц бүч нь лус савдгийн илгээсэн элч нар болох могойнууд, тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, хучлага-дэвсгэр, илд-сэлэм, ямба ёсыг;

    Гуравдугаарт: дээд тэнгэр, дэргэдэх лус савдгийн ивээлээр үүсч бүрэлдсэн жигүүртэн, араатан амьтад болон мал сүргийг төр түмнийхээ хамт бөөгийн шүтлэг нуруундаа үүрч, хамгаалж явдаг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааг тус тус илэрхийлдэгийн дээр гол мөргөл манжигт эзэн төрийн гурван тулгуурыг дүрсэлсэн гурван хүч байдаг.

    Зүүн мөргөл манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм.

    Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ.
    Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.

     

  • АЛТАЙ ТАВАН БОГД УУЛЫН ДОМОГ

    Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байжээ.
    АЛТАЙ УУЛЫН ДОМОГ
    Алтай хаан арван хүүтэй байж гэнэ. Таван бага хүү нь тарган хүлэг унаж, ирэг хонь ганзагалаад нэг явахаараа гэрийн бараа хардаггүй болжээ.
    Алтай хаан их хүү Тайшир хаанд: “Хэдэн дүү нар чинь хаахнуур хэсч давхиад байна вэ? Сураг гаргаж өгөөч” хэмээн хэлүүлжээ.
    Тайшир хаан таван дүүгээ тандан байж элсэн цөл, ээрэм газарт Хангай хааны таван охинтой ханьсан нийлснийг мэдэж Алтай хаан эцэгтээ хэл дамжуулжээ.
    Чингэхэд Алтай хаан элчээ зарж, Хангай хаанд: “Танай таван охин манай таван хүүтэй учраад хагацаж салахаа больсон байна. Урьд нь чи их охин Завханаа Тайшир хүүд минь өгч, бид худ ураг барилдсан билээ. Алтан говийн харуул болж алив бүхэн нь тэгширсэн яваа. Одоо тэгэхээр таван охиноо надад өгч, таван хүүг минь та авна уу?” гэжээ.
    Гэтэл Хангай хаан: ”Таван охиноо таньд өгөхгүй, таван хүүг тань ч би авахгүй. Дасаж ижилдсэн нутагт нь таван айл болгоё. Онгон зэлүүд тэр газартаа байж, олон амьтдыг жаргаасан нь дээр биз дээ” хэмээн хэл өгөв гэнэ. Үүнийг сонссон Алтай хаан асар ихээр баярлаж, хувь хишиг төхөөрч, хурим тойгий нь хийсэн гэдэг.
    Таван хүү нь их говийг нөмөрлөж, ээл хурыг даллаж, эгнээ зэрэгцэн суусан ижил таван уул Их богд, Бага богд, Арцат гурван богд, Говь гурван сайхан уул, Баацагааны нурууд болсон гэнэ.
    Таван сайхан охин нь Байдраг, Түй, Таац, Онги, Агуйт голууд болоод таван мөнгөн сөнгөөр тансаг рашаан мэлтэлзүүлэн байдаг нь Бөөнцагаан, Орог, Таацын цагаан, Хаяа, Улаан нуур юм гэнэ билээ. Хулс зэгсэнд нь хун галуу үүрээ зассан, элс бөөргөнд нь олон амьтад өсч үржсэн эдгээр газруудын домог ийм ажгуу.
    Бүлгэмийн жолоодогч БОДОНГУУД ДӨШ

  • Цайны дээжээ өргөхдөө хэлсэн үгс энгийн хэрнээ хүчтэй засал болдог

    Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.
    Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.
    Энгийн хирнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.
    Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шүү.
    Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм. Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй. Харин бид 7 бурханыг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ.
    Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг. Тиймээс айл гэрийн эзэгтэй, ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдэгийг хэлж өгөе.
    Долоон бурхан одны тэгширдэг цаг:
    Зун: 02:30 – 04:30
    Намар: 21:30 – 23:30
    Өвөл: 19:00 – 20:30
    Хавар: 0:30 – 02:30
    Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.
    Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг:
    Цайны дээжний өргөл /Өвөг дээдэстээ өөрсдийгөө таниулах/
    Үе үеийн өвөг дээдэс минь
    Хөх мөнгөн тэнгэр эцэг минь
    Хөрст алтан дэлхийн эх минь
    99-н тэнгэр минь
    33-н хурмаст минь
    Уул усны эздүүд минь
    Ураг төрлийн онгодууд минь
    Өвгөн буурал аав минь
    Эмгэн буурал ээж минь
    Харсан даасан тэнгэрүүд минь
    Хар лусын савдгууд минь
    Атаа таван тэнгэр минь
    Та бүхэндээ …………. жилтэй ……………. овогтой …………
    Цайныхаа дээжийг өргөж байна.

  • НАЙМАН ЛУС

    Харин лусын 8-н аймгийн дагалдах лусууд нь Улаан лус, Алтан лус, Бор лус, Эрээн лус, Ногоон лус багтдаг. Хамгийн хүчирхэг бөгөөд хүндлэл хүсдэг нь Цагаан лус бол хэцүү бэрх нь Хар лус ( сохор ), хорлол ихтэй нь Эрээн лус, хамгийн номхон нь Бор лус, ач тустай нь Алтан лус, тогтуун нь Ногоон лус, догшин нь Улаан лус юм. Харин Цагаан лусыг эртнээсээ хаад ноёд тусгайлан их тахиж тухайн жилийнхээ төлөв байдал, өнгийг мэдэж авдаг байсан уламжлалтай бол жирийн үед ч их аргадуулах дуртай нь Хөх лус юм. Хөх лусыг удган хүн аргадаж тахидаг заншилтай.