Category: Монгол бөө

  • АЛБИН

     

    Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

    Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

    Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

  • ХУЯГ ХУВЦАС ОНГОД ХЭРЭГСЛИЙГ АМИЛАХ ЗАН ҮЙЛ

    Энэ ажлын бэлтгэл болгож тэр өдрийн үдээс өмнө хонины хонго, шаант чөмөг, уураг сүүл гурван өндөр хавиргыг чанаж хус бодон шоронд шорлоод онгодын өмнө аягатай сүү, хадгийн дэргэд тавьсан байна. Тэгээд өмсгөл хэрэгслийг амилахдаа шавийнхаа бөө гутлыг зөрүүлэн тавиад дээр нь хэнгэрэгийн толио талыг нааш харуулан тавьж, бүрээсгүй талаас нь дээлийг нөмөргөж баруун ханцуйг урагш бөгтөргөн, аманд нь орбыг нь тавиад, хэнгэрийн дээд тал дээлийн захны тус газар малгайг нь нааш харуулан тавьж өмнүүр нь сая хөрөглөсөн онгодын шинэ хөргүүдийг бөгтөргөн, хэнгэрэг дотор хуурыг нь тавьж, хэнгэрэгийн цулбуураас багш бөө зүүн гартаа барьж хуяг хувцасгүйгээр хоёр гурван онгод дуудаж бөөлнө. Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.
    Хуяг хувцас хэрэгслийн эзэн онгод-Монгол бөөгийн ёсонд бөөгийн хуяг, хувцас, хэнгэрэг хэрэгслүүдийг дор бүрд нь эзэгнэсэн онгод байдаг ёстой. Эдгээр онгодыг багш бөө хуяг хэрэгслийг амлах үедээ оноож өгдөг. Ийнхүү оноож өгөхдөө багш бөө дуртай онгодоороо оноохгүй, шавийн гал голомтонд байдаг сүлд сахиус онгодоос асууж, зөвлөсний эцэст өөрсдийн нь саналаар оноодог байжээ.

  • ДАРХАН ТЭНГЭРИЙН ТАМЛАГА

    Хөвчийн цэнхэр бутыг
    Арц гангын цоргиор уугиулсан
    Хүрэн шарга ямаагаа
    Хүлэглэн байж буусан
    Хир дархан нэртэй
    Хар хөх өнгөтэй
    Даян дээгүүр суудалтай
    Далай дээгүүр гүйдэлтэй
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Далай дээрээс 77 их дархчуул
    Хясын /хас/ эзэн Хяндаруу Дархан Тэнгэр
    Үлгэрийн эзэн Үүвшин Дархан Тэнгэр
    Балтын эзэн Балган Цагаан ноён Тэнгэр
    Цавчуурын эзэн Цагаан ноён Тэнгэр
    Дөшийн эзэн Түвшин ноён Тэнгэр
    Толь товчны эзэн Амцагаан ноён Тэнгэр
    Догшин эзэн Сэлэмт Цагаан ноён Тэнгэр
    Бух хөөргөө бужигнуулж
    Булингар улаан ширээдсийгээ
    Цацруулан байж буусан
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён Тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Наанаа сайхан дуулаарай
    Хүч чадлыг минь нэмээрэй
    Хүүгийнхээ биеийг хүрээлээрэй.

    Эх сурвалж: Удган Батмөнх

    2015.01.20

    10.Идээ цагааны онгон тэнгэрийн дуудлага
    Үхэгийн ард байрласан
    Алт мөнгөн баганыг ширээлдэж буусан
    Бор хурган дахтай
    Богд их заяач
    Хар хурган дахтай
    Хан их заяач

    11.Дорлиг тэнгэрийн дуудлага
    Хадияи ширэхэн
    Хадин шинэн хи
    Хар хөргэеи хажигануулахан
    Хар булуд дүши еэ
    Ханхиналуулахан
    Хан Дорлиг тэнгэр
    Бутын чинээн
    Хар хөргэеэ бужигнууланхан
    Булут төмөр дүшие бужигнууланхан
    Бурхан Дорлиг тэнгэр

    12.Хясаан улаан тэнгэрийн дуудлага
    Шон улаан хадан хүмтэй
    Шухан зээрд морин хүлэгтэй
    Гургалдай зээрд морион хүлэглэнхэн
    Гучин хоёр алтан зэвеэ гялбалзуулахан
    Эр хүний хөлдэеэ эрх дороо дарахан
    Эм хүний хөлдэеэ өлмий дороо дарахан
    Хихаан улаан тэнгэр, шунган хатан ээж
    Хадан газар буудалтай, хяр газар буудалтай
    Хихаан улаан тэнгэр

    Эх сурвалж: Дорнод аймгийн Баян-Улаан сумын Цэвээн /78 настай/ 1962.06.03 өдөр Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн байна

  • ХАР ТУГ-СҮЛДИЙН НУУЦ ШҮТЭЭН. 2014.12.30 3-р хэсэг

     

    Чингис хаан Алтан хааны эсрэг дайтахаар Умард Хятад руу довтлохдоо тэрбээр Мөнх тэнгэрт сөгдөж, аврал ивээл эрэн өгүүлсэн нь “Хятадын эзэнтэнгүүд нь миний төрөл ахас даадас Амбагай хаан, Охин бархаг ба Хадан баатар нарыг хэрцгийгээр хөнөөсөн тул би тэднийхээ өшөөг авахаар явна. Аугаа их Мөнх тэнгэр минь та аврал ивээлээ хайрлана уу хэмээн мэхийж байна” гэж даатгаад мориндоо мордон явлаа” /Рашид ад Дин, 1, 2002, 192-193/ гэжээ.

    Чухам Монголын түүхэнд болсон энэ эмгэнэлт явдлаас хойш эцэг нь охиноо хадам төрхөмд нь хүргэж өгдөгийг цээрлүүлэн зогсоож, “эцэг эргэлтэд, эх хүргэлтэд” гэдэг зан заншил, мэргэн үг гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ цагаас эхлээд эх нь охиноо хадамд нь хүргэж өгдөг, эцэг нь хожим эргэлтээр очдог болжээ. Мөн Татаруудад хууртаж, Алтан Улсын хаанд модон илжгэнд тэлүүлэн тэнгэрт хальсан Амбагай хааны сүнс онгодыг хараа ихт хар сүлдэндээ догшуулан шингээж тайж тахидаг болсон байна.

    Тэгэхлээр бидний бодлоор дан ганц Амбагай хааны сүнс биш Охин бархаг, Хадан баатар нарын гурамсан сүнс энэ сүлдэнд оршиж буй учраас тийм их хүчирхэг догшин ямар ч дайн тулаанд үл гартуулах сүр хүчийг олсон гэсэн санаа болно. Хараа ихт хар сүлдийн догшуулгын өчиг, тайлгын даатгал зэрэгт ч үүнийг санагдуулах дурьдлагууд олон буй. “Чингис хааны хар сүлдийн догшуулах тайлгын даатгалдаа”:

    Арван сарын арван дөрвөнөө
    Гадаад далайн тэртээ
    Гарах нарны зүгт
    Эрээн шилбэт
    Эргүүл улаан уруулт
    Шар сормууст
    Цагаан шаахайт
    Харь дайсны толгой руу
    Шилгээ орхигсодыг орхив
    Ха ха, ха ха, ха ха гэхчлэн тамлан өчиж байдаг нь бидний бодлоор Алтан улсын үеийн зүрчид манж угсаатныг хэлсэн бололтой. Энэ нь өвөг дээдсийн олон үеийн өс хонзонт, заналт дайсныг догшин хар сүлдэндээ зүслэн таниулах учир зорилгоор дурдсан зүйл мөн.

    Энд гарч байгаа “шилгээ орхидос”, “шилгээ-шилээ орхигсод” гэдэг нь халх аялгууны “шившиг шилээ”, “бузар буртаг” гэсэн үг, дөрвөд, захчин, торгууд, өөлд, урианхай баяд, хотон зэрэг ойрад аялгууны /шилээ/ буюу “золиг, чөтгөр” гэсэн үгтэй ойроолцоо утгатай бололтой.

    Хар туг-сүлдийн тайлага тахилга. Чингис хааны хараа ихт хар сүлдийн тайлга тахилгыг он удаан жил уг ёсоор нь бүрэн бүтнээр уламжлуулан өвлөж ирсэн монгол угсаатан бол Орос дахь сүлдийн дархадууд юм. Сүлдийн дархадын есөн хишиг хар сүлдийг тайж тахихдаа хар сүлдийн энгийн тайлга /өдрийн тайлга/, бага тайлга /сарын тайлга/, зуслангийн тайлга, их тайлга /тасман тайлга/, догшуулах тайлга /хөхөл шүүх тайлга/, сүсгийн мөргөл хэмээх хэдэн зүйлийн ялгамжаатай байдаг ажээ. Цагийн бэлгэдлийн хувьд сар бүрийн шинийн нэгэн, улирал бүрийн эхэн сарын шинийн гурваныг эрхэмлэж байгаа нь буюу монгол угсаатны бөө мөргөлийн онгодын тайлгадтай /уйгар, дархадын гэх мэт/ адил төстэй байна.

    Бага тайлгын журмаас үзэхэд хар сүлдэд зайсангийн тушаалаар залгамж тайж няндар /хадаг сэлт/ өргөж, ерөөлч чинсан няндарын даатгал хийдэг, мянгат зул өргөж, ерөөлч зулын даатгал хийдэг, туулийн тушаалаар засуулч ерөөл ерөөдөг, мянгатаас эхлэн сүлдийн санг олноороо уншдаг, зайсангийн тушаалаар залгамж тайж тавиг /сархад/ өргөж, царгигч царги дэлдэн “их буу” дуулдаг, засуулч, мянгат нэг рашаан өргөдөг ийм бүрэн төгс ёс ёслол юм байна. Их тайлгын онцлог нь тайлга эхэлмэгц “ямаа шүүх” ёслол явуулдаг. Нэг онгон хар ямааг хар эсгий дээр унагаж, бошго хөлийг нь чангааж, түшмэл амыг нь атгаж, “дархан баатар” өрцөлж, голыг нь тасалмагц бас нэг бошго арьсыг нь өвчиж, дөрвөн шийртэй арьсыг нь сангийн өрөөндөө тэлж өлгөнө. Махаар нь өтөг бэлтгэж зул өргөөд түшмэл түрүүлэн энэ арьсандаа мөргөж тахилга хийдэг.

    Энэ ёслол бол үнэндээ язгуурын хар тугаа тахиж байгаа учир болно. Хар сүлдийн догшуулах тайлга гэдэг бол Луу жил тохиолдох бүр хар сүлдийг тайж тавигладаг зан үйл. Үүнийг ба хар сүлдийг “хөхөл шүүх тайлга” гэдэг. Монголчууд луу жилийг 12 жилийн цорын ганц тэнгэрийн амьтны жил гэдэг болохоор энэ жил бол тэнгэрийн жил гэж хар сүлдээ догшуулан тахидаг. Заримдаа луу жил биш ч цаг төрийн үймээн ихдэх, дээрэм хулгай арвидах, ган гачиг болох, өвчин дэлгэрэх зэрэг элдэв шалтгаанаас болж сүлдийг догшуулж тахиж байсныг бичиг баримтад тэмдэглэжээ.

    Тайлгаас хоёр өдрийн өмнө 2 бошиг хошууч баатар, хавсуурчин гэх цолтой 2 хүнийг дагуулж, хошуу айлын малаас “бэлгэгүй /тас/ хар ямаа”, “хүрэн эвэртэй, шар сормуустай, шар халзан хонь”-ийг морин дээрээс шүүрэн барьж довтлон буцдаг. Үүнийг “шүүрэлгэ хийх” гэдэг. Энэ ямаа буюу хонио догшуулах тайлгад зардаг.

    Дархан баатар гэдэг нь эртний монгол цэргийн “цог хийморийн жагсаал”-д явдаг хүн юм. Уул нь дархан баатар дайсан этгээдийн зүг довтлон дайрч нэг хүнийг шүүрэн дүүрч авчраад өвчүүг нь хадаж, булгилан байгаа зүрхээр нь хар сүлдээ тахиж, халуун цусыг нь уудаг байжээ. Тайлга ёслолд үүнийг ямаа хонь шүүрэхээр орлуулжээ. Энэ ёслолын бусдаас ялгарах нэгэн зүйл нь цусан тахил арвин их ордгоороо сүрдэм бөгөөд аюумшиг төрүүлэм юм. Шар халзан хохин төөлэйг тэвштэй цусанд дүрж, сүлд рүү хандуулан хавсах гэх мэт.

    Хар сүлдийн тайлгын цээр ёсон. Хар сүлдэд тайлгын үйлийг гүйцэтгэгч тусгай албаттай бөгөөд аль олон цээр ёсон байдаг. Хар сүлд бол монголчуудын цэрэг эрийн туг байж цэрэг эр л тахидаг болохоор эмэгтэйчүүдийг хар сүлд огшуулах тайлга оролцуулдаггүй. Бас сүлд догшуулах тайлгадаа цус, нөж сацаж алж нядлах үйлтэн учир эмэгтэй хүн бүхэн “эх бологсод” болохоор өр зөөлөн сэтгэлтэй, уярч гутарна. Гэрт нь хүн өнгөрсөн буюу өнгөрсөн хүнтэй ойртоод 45 хоноогүй хүн тайлга үйлдэж болохгүй, мөн сүлдэд мөргөл хийж болохгүй.

    Халуун хижиг дэлгэрч хөл хорьсон нутгийн домог /бургас, шороо буюу чулуугаар босгосон тэмдэг/-ийн дотор мөр гаргасан хүн тайлгад орж болохгүй. Зэмдэг хүн тайлга үйлдэж болохгүй, мөргөж болно. Ураглаад нэг насаараа эс хөнгөжсөн бүсгүй хүнийг хар сүлдийн аль ч тайлгад оролцуулдаггүй. Харь ястныг сүлдийн тайлгад оролцуулахгүй. Зарга заальхайд унаж амин хэрэгт чирэгдсэн хүн 3 жил тайлгад орж болохгүй”. Энэ бүх зан заншил нь өдгөө хүртэл Бурхан Халдуныг тахихад халх монголчуудын баримталж ирсэн ёс заншилтай яг ижилхэн байгаа юм. /С.Дулам/.

     

  • Цол гуншинтанаар дүүрсэн Монгол болох нь1

     

    Сүүлийн үед өөртөө цол чимэг олгох, нэр сүр өгөх явдал газар авсан энэ цагт бол хоёр аваргын цол чимэг дарагдах аж. Цол чимэг олгодог Төрийн бус байгууллага хэдэн зуугаар тоологдоно. Түүнийгээ нэр алдарт дуртай нэгэнд зарна гээд хөл ихтэй болсон цаг. Ерөөсөө нийгмийн бүхий л салбарт цол гуншинтунууд дүүрэн болсон. Улстөр, урлаг соёл, эдийн засаг, боловсрол гээд бүхий л салбарт цол гуншинтангууд эгнээ байраа хэдийнээ эзэлжээ.

    Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм.

    Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич” гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм.

    Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа.

    Н.Дөл

  • ОНГОД ОРШУУЛАХ ЁС, ОНГОД САХИУСАНД ДААТГАХ ДААТГАЛ

     

    Онгод сахиусанд даатгах даатгал
    Хурмаст тэнгэрээс заяасан
    Хотол олны сахиус болсон
    Цанхилан цагаан удган
    Цагаадай өвгөн аав минь
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглон соёрх
    Явдал учраа даатгаж
    Ямааны зүлдээ өргөнөм
    Арьс махан рашаан болж
    Амин сүнсний бурхан болж
    Адгуусны төрлөөс зайлж
    Амар заяанд төрөг
    Хотон доторх хониноос
    Хонгор халзныг шилэв би
    Төлгөн хонины чинь ууц
    Төө зузаан
    Хурган хонины чинь ууц
    Хуруу зузаан
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглож соёрх
    Уу хормойд багтааж
    Уудам суганд хавчуул
    Бүжин туулайн бүвүргээр
    Бүүрэг чонын шогшоогоор
    Гүвэг гүвэг гүйцтэй
    Хан буурал тэнгэр минь
    Гүрээний судсан хатгалгаатай
    Галзуу чонон хүлэгтэй
    Гал могой ташууртай
    Хүний махан хүнстэй
    Хүрэл чулуун зүрхтэй
    Хар эрээн бүргэд хамжаастай
    Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
    Бөртэ чонын шогшоогоор
    Бөөн бөөнөөр залардаг
    Онон их сахиус
    Олон үеийн шүтээн
    Тавьсан тахийг минь
    Тавтай сайхан зооглоод
    Алд биеийг минь алдалгүй харж
    Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
    Архаг өвчтэй бол
    Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
    Долоовроороо домнож
    Хайраараа хараатай
    Халамжаараа өргөхтэй
    Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй.

  • ТА БӨӨ МӨН ҮҮ?!!!

     

    Эмгэнэлт драмын жүжгийг хүртэл хэр баргын найруулагч хошуу дүрж тайзан дээр тавихыг зүрхлэдэггүй байх. Хүн болж төрсөнөө хувь заяа гэж бодон талархаад явж байхынхаа оронд дээлний цаана дэл сүүл байгааг ч ялгаж чадахгүй суун байж өргөл барьц дутаад байна гэж цээжээ дэлдэх та хэн юм. Хойморьт ханхайн сууж ах дүүс, садан төрөл, зорин ирсэн зон олондоо хорвоогийн хамаг айхтар зовлон хараал шүгэлсэн яг л солонгос драма шиг азгүйтлын гол дүр болгон хямрааж алах нь таны үйл юм уу. Энэ хорвоод мөнх бусыг үзэх цаг нь болсон хүнийг авч явах эрлэгийн элч ч ийм цэвдэг байж чадахгүй ээ.
    Одоо иргэд мань энэ олон шунал, чөтгөр мэт атгаг санааны муу муухайгаас хаширлан цэнзүүрлэж алдаа онооноос жоохон ч гэсэн хэрсүүжиж байгаа нь сайшаалтай. Магад зарим нь өөрийн юу хийгээд байгааг ч ойлгож ухамсарлахгүй яваа. Миний мэдэх бөө нар ийм л байдаг гэх төөрөгдөлдөө бүрэн автсан мэдэмхийрхэх хүн ч байгаа. Зарим нь бүр улаач болох онгод залж явах ёсгүйгээ мэдсэн хэдий ч энд зориулсан цаг хугацаа, эд хөрөнгө мөнгөө бодон босгосон багш гэх хүн өөрийг хүрээлэх хүмүүс санаа зовох хорсох санаа гомдолоо ард иргэдэд гарган бөө дүр үзүүлж байгаа нь эгдүүцэл хүргэмээр. Замаг усандаа ногоон загасны том нь жижгээ барьна гэхчээр та нар үнэрлэх үр үлдэх хойчисоо аятай тайван тавилан амтлуулая гэж байгаа бол одоо л боль!!!,
    Үлдэх амьдрал чинь үр хүүхэд чинь ямар ч буруу байхгүй шүү. Би буруугүй гэж өөрөөс биш бусдаас бүү бурууг хай. Сайн муу байсан ч сонголт чинь өөрийн чинь нүгэл хилэнц, буян хишгийг нь харуулаад өгч байгаа юм. Намайг бөө болох юм байна гэсэн штдээ тэгээд нэрээ л бие өвдөөд байсан үхэл тохиолдоод байсан юм гэж хариулж мэднэ. Зөвөө, та өөрийгөө яагаад байгааг мэдхийн тулд эцсийн бүлэгтэй лам хар, бөө удгад дээр очиж өмнө нь сөгдөн бөө болохоо айлдуулж явсанаа санаж байгаа байх.
    Харин та өөрт чинь зовлон гунигаа үүрч ирэх унтах нойр явах биегүй болсон тэр хүнийг хархад өөрийн чинь зовж явсан хором огт бодогдохгүй байна уу?! Яагаад зовлонгоосоо зол буян байвал багахан ч байтугай салая гэсэн чин хүсэл дээр өөрийн бусдад тохуурхагдсан мөнгөнд шунасан нүд, зовлонд цадах сэтгэлийн гомдолоор уур хилэн, сархадад хөлчүүрхэсэн хэрцгий авирыг гарган шаналгаад байгаа юм. Айлын хойморьт заларч архи дарсандаа согтон эрийг нь зодож халуун чулуу өмхүүлэн түлж, авгай хүүхдийг нь айлгаж ичээлгэдэг мунхагтаа автсан буг тийрэнгүүдээ, жүжигчидээ цаана чинь хорогдсон сүнстэй байшинд бууж бөөлөгөө хийн хутга шаланд зоон цус олгойтуулан гаргаж гадна орох цас бороонд үл норох чадалтай бөө онгод нь байгаа шүү!!!.
    Бөө хүний зам мөр эрдэм чадал гэдэг чинь хийдэд сууж арцны үнэр шингээж, ном судар уншиж хоолой бүдүүсгэх лам шиг, өчнөөн олон бүлэг судрын дор өршөөл эрж явах пастор биш юм аа. Орчилон хэмээх хүний нүдэнд үзэгдэх хийгээд үл харагдах огторгуй оддоос алхах гишгэх газар шорооны хооронд оршин байх амьд бие хийсвэр биетэны тэнцвэрийг хадгалж далд ертөнц сүнс сүүсгэлтэй харьцдаг тунчиг тунгаах бодол сэтгэлтэй хүн байдаг юм шүүдээ. Ямартай ч зовлонгоо чирээд ирч байгаа хүнд өөрийн бүх зовлонгоо дахин үүрүүлээд явдаг нь биш. Одоо хийсэн гай бузрын чинь хойноос Тайлал нь заслаа хийн аргадаж Ташуур нь зөөлөн хатууг нь тааруулж Зараал нь үнэний хойноос гэж болоод явааг нь хүний хараанд өртүүлж будилж явааг нь төвшитгөж бузарлаад байгааг нь ичтэл нь шэйрлэж байх шиг байна. Сайн тал байв чиг 90 оноос хойш монголчууд дунд 1% ийн шүтлэгийг 15% болтол нь босгож сэргээн яваа бусад нөхдийнхөө хөдөлмөр зүтгэлийг бүү шатаагаач.
    Хэрэв та бөө болно гэж хэн нэгэн бөөгөөс сонссон бол улаач болох гэж бүү яаар!!!, Ном судар, нийтлэл өгүүлэл олон байгаа түүнийг унш олон бөө нартай уулз ярилц сонс бусдын үгнээс өөрийн үгийг олно гэдэг мэргэн үг байдаг. Энэ нь өөрөөлийг дуурай бусдад итгэ гэх нь биш юм. Өөрийгөө ол танин мэдэж ойлго би үнэхээр улаач уу? зөн мэдрэмж ямар байна, харах мэдрэх хараа ямар байна, зүүдэнд юу болж байна, мэргэлэх ур ухаан гарч байна уу? хүнийг энэрэх сэтгэл танд төөнөж байна уу? гэх мэт мэдрэгдэх зүйл байгааг ажигла. Хүн өөрт тохиолдсон болон учирах зовлон өвчин үхлээ бодсоор байгаад би хэн болох юм, надад ямар чадвар байна, ямар зам замналыг туулах вэ? гэдгээ мартаж чухам дээл өмсөж хэц барьвал зүгээр болох юм байна гэсэн эмийн сангаас өвчин намдаах аваад уух хүн шиг сэтгэл гаргаж байгаа нь харамсал юм. Өөрийнхөө болон гэр бүл ах дүүсийнхээ амьдралд бүү тэгж хөнгөн хандаарай. Бөө болоод учираа олохгүй байгаа, бөө болно гэж яваа, улаач бол гэж шахагдаж болон шахаж яваа нөхөддөө зориулан анхааруулж бичлээ .

    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Б.Анхбаяр

  • ОНГОД АМИЛАХ ЁС, ОНГОД БОЛГОХ ЁС, ОНГОД БОСГОХ ЁС, ОНГОД БӨӨД ОРОХ ЁС,

     

    Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

    Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

    Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

  • ХАВАРХСАН ОНГОДЫН ТАМЛАГА

    Мянган хүнд минаач болж
    Махан хэлээрээ толмооч болж
    Охины сайхныг бэдэрч
    Өнгийн голыг эдэлж
    Зуны дунд Ангарт мөс тогтоож
    Азааргаар адуу хулгайлж тууж гарлайт.
    Эрхүү хотод дуудагдаж
    Автай оросын туршилганд орж
    Далан чарга түлээ овоолуулж
    Хаьтгай чулуу улайсгуулж
    Түүн дотор орж хатирч байхдаа
    Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
    Автай оросыг гар дээрээ барьж
    Ганзагандаа уяж байсан эрдлэс тань тийм сэн билээ.

  • ХУДАЛ БӨӨ БА ТӨСӨӨЛӨЛ…

    Онгод нь цаг үе дамжин өөрийн удмын яс цусаар тамгалсан улаач дээрээ буух үзэгдэл бол бөө мөргөлийн гол шинж юмаа…Урьд хэлсэнчлэн амьд байсан өвөг дээдсийн оюун санаа улаач дээрээ бууж ирэн үйл хийж / бөөгийн үйл: Уул ус аргадан тахих,айл гэрийн гал тахилга,хүний засал гэх мэт/ байдаг. Уг удамгүй хүн гэж байхгүй билээ. Улаач болход нэн чухал хэрэглэл бол хэнгэрэг / хэсэ,хэц,дүнгэр/ юм. Бөөгийн хэнгэрэг бол хий хийсэглэн дүртэй бүхнийг амьлуулан босгох хүчтэй байдаг бөгөөд улаачийн уналага болдог. Улаач уналагаа барьсан бол тэдгээр хий биетэд дайруулах аюултай байдаг бөгөөд аялан явах үедээ өөрийн онгодоо танин оруулах нь улаачийн нууц юм…Гэтэл өнөө үед өөрийн өвөг дээдэст нь Бөө байсан хүнгүй атал үр удмаас нь бөө төрүүлэх нь ямар учиртай байна вэ? тэдгээр худал бөө нар юу хийж байна вэ? Энэ асуултад хариулах гэж хичээе…Хүний тархи бол агуу хүн тархиныхаа өчүүхэн хэсгийг ашигладаг хүн төсөөлөн бодох асар их чадвартай байдаг. Бөө тодруулах алдаа бол бөөгийн уг удамгүй тамгалагдаагүй хүнийг бөө болгох юм. Энэ нь төсөөлөл дээр явагддаг бөгөөд өөрийн удамд нь ямар нэг онгод бий болгоод тэр онгодыг биежүүлэж эхэлдэг байна. Би эхэнд хэлсэн хэнгэрэг бол хий бүхнийг сэрээдэг гэж хэнгэрэг барьсан удамдаа онгодгүй хүн өөрийн төсөөллийг ашиглан хэнгэрэг барихад тэр онгод нь биежин буух бөгөөд өөрийн оюун санаа байгаад байтал ямар нэгэн хүчинд эзэмдүүлдэг байна.
    Төсөөлөлдөө бөө болсон улаач нар эргэн тойрноосоо үйл сурч байдаг замч болон багштайгаа адил зан үйл хийдэг. Ингээд Хаан, ноён,баатар, хатан гэх мэтээр өөрсдийнхөө онгодыг төсөөлөн бодож тэр төсөөлсөн онгоддоо зориулан хуяг хувцас бэлдээд тэдгээрээ төсөөлөн бодож бөөлөө хийхэд хаан, хатан, баатар зэрэг нь буудаг энэ бол тэр улаачийн төсөөлөл бөгөөд ямар нэгэн онгод биш юм. Төсөөлөлдөө бөө болсон улаач шавь аваад мөн өөртэйгөө адил бүтээгдэхүүн гаргадаг …………энэ бол эмгэнэл
    Maitsetseg Khongor