Category: Монгол бөө

  • Онгод

     

    Онгод нь байгаль дэлхий тэнгэр од нар, сарны ивээлээр амьд амьтныг авран гэрэлтүүлж оршихуйд нь төвхнүүлж дээд тэнгэрийн элч улаач юм. Бөөгийн онгод нь далдыг мэдэрч ухааран таних өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн болж өнгөрсөн, болж байгаа ба болох шинж төлөвийг далд ухамсраас төсөөлөл гаргаж өгдөг. Үүгээрээ бөө хүчтэй байдаг. Түгээмэл ертөнцийн оюун ухааны мандалаас ирж буй болон амьд байгалийн /оюун ухаан/-ыг долгион болон асар далд дуу чимээгээр онгод бөөд дамжуулдаг. Түүнийг хүлээн авах онцгой чадвар зөвхөн бөөд л байдаг.Тэгэхээр бөө нь байгалиас заяагдан төрдөг бөгөөд ийм бөөг онгодтой дархан бөө гэдэг. Онгод орж ирж оршдоггүй бөөг тахилч бөө гэдэг. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй оршин оюун санааны онгодыг төрүүлдэг.

    Сүнс гурван зүгээс ирдэг гэх бөгөөд өөрийн өнгөтэй “агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхт хар муу сүнс” гэж байх ба эр эм бэлэг чанартай. Онгод нь сүнснээс төрнө. Онгодын хүч нь тэнгэрт дүүлэх, тэнгис гэтлэх, тэвнийн нүхээр шургах ид шидтэй гэж үздэг байжээ. Зарим нь удам дамжина. Дарханы хүүхэд дархан, бөөгийн удам бөө, хурдан азарганы төл хурдан гэх мэт. Онгодын анхны хэлбэр нь бөөгийн байдаг. Онгод дуу чимээгээр тархдаг. Ертөнц бол дуу чимээ болой. Дэлхийн эргэлтийн хүчнээс түүний дээд доод талд асар их дуу чимээ физикийн хууль ёсоор гарах боловч бид үл сонсоно. Яагаад гэвэл тэр дуу чимээ нь дэлхий рүү бус сансарын хязгааргүй мандал руу цацагдан одох ба асар хол тул бид үл сонсоно. Онгод нь сүнсээс эхтэй сүнсний биежилт юм. Урлаг онгодоос үүсэлтэй. Бодит ертөнцийн гоо сайхныг онгодоор дамжуулан бүтээдэг.

    Онгодоос урлаг төрдөг болохоор монгол нүүдэлчдийн бүх урлагийг бөөгийн урлагт хамааруулан үзэж байна. Урлахуйн ухаан нь хүний биеийн хүч, оюуны хүч, байгалийн хүч энэ гурван супер хүчний бүтээл юм. Хүн дүрст бие, дүрсгүй сүнс “оюун санаа”-аас бүтэх бөгөөд энэ хоёр хүчнийхээ ачаар байгалийг бүтээл болгон урлан туурвидаг. Урлаг бол энэ гурвын гурамслал юм. Эндээс монголын нүүдэлчдийн иш гүн ухааны гурамслалын онол үүсдэг. Үүнийг супер гурамслалын онол гэж хэлж болно. Гурамслал гэдэг үг нь сүлжээ, тасаршгүй харилцан уялдаа, бат хүчний нэгдэл энэ гурвын нийлмэл цогц юм. Нүүдэлчдийн ахуйд тоо томшгүй олон гурамслал оршиж байдаг. Сансар, сав, шим хэмээх энэхүү гурван ертөнц сүлжилдэн гурамслаж нэгдмэл супер хүч болон оршдог.

    Дууны урлаг нь үг, ая дуучин гурвын гурамслал юм. Хувцас нь хэрэгцээ, гоёл, эрүүл мэндийн гурамслал юм. Эхнэр нөхөр хүүхэд нь гурамслалын нэгдсэн хүч болж ам бүл, айл гэрийг бүрдүүлнэ. Тооно, хана, унь гурав тулгын чулуу гал ус гурав, чөдөр ба томсон дээс зэрэг олон зүйлийг нэрлэж болно. Бөөгийн шүтлэгийн үндэс нь мөнх тэнгэр, газар дэлхий сүнс гурав болно. Онгод бол олон янзаар илэрч байдаг боловч ялгагдах олон онцлогтой. Онгодгүйгээр яруу үг аялгуу дуудлага төрдөггүй. Шүлэгч онгодоороо яруу найраг бичдэг бол бөө яруу үгт дуудлагаараа онгодоо урин залж ирүүлдэг.

    Шүлэгчдэд онгод яруу сайхны ухаарлыг өгдөг бол бөөд онгод ид шид хүч чадлыг оруулдаг. Онгод дуудлага салшгүй нэгдмэл болно. Байгалиас заяагдсан төрөлх авъяас бэлэгтэй онгод нь хосолж байдаг. Төрөлхийн онцгой мэдрэмж зөв совингийн бодит биелэл болж байдгаараа онгод хүчтэй. Онгодгүйгээр аливаа урлаг үл бүтнэ үл дэлгэрнэ. Цэцэг үрийг төрүүлж үр цэцгийг төрүүлэх адил онгод урлагийг төрүүлж урлагаас онгод сэрдэг. Онгод нь хийрхэл, дэмийрэл, балайрал бус мөнх тэнгэрээс буусан шидэд хүч мөн. Хүн төрөлхтөний оюунд түгээмэл оршдог. Авъяас увидастай уг нэгтэй онцгой үед илрэх ба онцгой авъяас чадвар болон зарим хүмүүст заяалагдсан байдаг. Онгод бол далд хүч мөн. Урлахуйн ухааны бүх бүтээл онгодоор бүтээгджээ. Онгод бол ид шид мөн бөгөөд онгодыг тэжээгч нь хөдөлмөр юм. Онгод нь яруу сайхнаар сэтгэж бүтээх үйлийг жолооддог. Өөрөөр хэлбэл яруу сайхан дүрслэлийн их булаг юм. Бөөгийн онгодын бууж орж ирдэг буудал суудал гэж байдаг. Онгод бөөгийн биед орж оршихоос гадна тусгайлсан онгон “онго”-д бууж оршдог. Тийм оршихуй үгүйгээр онгод бүтээлч хүч болж чаддаггүй.

    Өөд болсон бөө дээдсийн хүчирхэгжсэн сүнс буюу эрчим хүч, газар усны эзэд /лус савдаг/ буюу байгаль дээрх эрчим хүч хоёрын /нийлбэр/ нэгдлийг Онгод гэнэ. Онгодыг бөөгийн шүтлэгтэнүүд хий ухаар юмс хэмээн ерөнхийд нь нэрлэдэг бодит зүйл мөн. Эрт цагийн бөө удгадын амин сүнс онгод болон дэгдэж гүйдэл суудал, дэгдлэг, дамжлагаараа дамжин, бөө удган нарын урилганд ирж биед нь орон хэрэг зоригийг бүтээж өгдөг хэмээх бөө мөргөлийн ойлголт. Онгод урих, онгод оруулах, онгод гарах, онгод догшрох гэх мэт. Онгод эхлэн үзэгдэх тэмдэг нь гурав ажгуу. Хурц гэрлээр туяарах, будан манан мэт тоосрох, харанхуй агуйд орох мэт харанхуйлан хучигдах зэрэг болно. Онгод уригдан залагдаж ирэх, буумалдаа оршин суух, буцах гурван үйлээр дамжиж байдаг. Гурван минут орчим үргэлжилдэг байна.

    Онгод амилах ёс-Янз бүрийн өнгө, хэмжээ бүхий даавуунууд болон эсгий,цэмбэ зэрэг мал, амьтны гаралтай /утас, ноос, шөрмөс, булга, хэрэмний арьс, үс, өөх тос зэрэг/ зүйлийг дээр үеэс хэвшил болгон хатуу тогтоосон ёс журмын дагуу оёж, шидээслэж үйлдсэн ямар нэгэн бүтээгдэхүүнд бөө дээдсийн бага хүчдэл бүхий эрчим хүч ба байгаль дээрх мөн тийм хэмжээний эрчим хүчнүүдийн нэгдлийг шившин шингээхийг онгод амилах ёс хэмээн нэрлэдэг.

    Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

    Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

    Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

    Онгод нөхцөх үйл явц-Бөө угсаатай болон ийм угсаагүй цөөн хүмүүст онгод нөхцөх үйл явц гэж байдаг. Судлаачдын тодорхойлсноор бөө гэр бүл буюу бөө нар элбэгтэй, бөөгийн шүтлэгийн үзэл санааны нөлөө хүчтэй хэвээр байсан нутгийн 12-18 насны охид, хөвгүүдэд онгод нөхцөх үйл явц харьцангуй их байдаг. Лус савдагтай нөхцсөн охид, хөвгүүд нь гэр орноосоо дайжиж хээр тэнэдэг бол онгод нөхцсөн хүүхэд залуучууд сэтгэл мэдрэлийн хурц илрэлтэй өвчинд нэрвэгдэж онгод орох, дэмийрч галзууран зарим тохиолдолд хүндэрч хүний гарт ордог.

    Онгод орох гарах үүд-Монгол бөөгийн ёсонд бөө дээлийн хоёр суга цоорхой байдгийн дээр бөө малгай нь өргөн тууз хэлбэртэй ар талдаа уяатай байдаг. Үүнийг бөө нар тайлбарлахдаа онгод тэнгэрүүд бөөд ирээд түүний бие толгойд шингэхдээ орж, гардаг үүдүүд юм гэдэг. Бөө хүн бөөлж байхдаа дээд тэнгэртэй шууд харьцаж байдаг гэж үздэг.

    Онгод оршуулах ёс-Монгол орны нутгаас малтаж шинжилсэн эртний булшуудад хүн оршуулсныг эрдэмтэн Ёнсог “Онгод оршуулах ёс” хэмээн томъёолсон байдаг. Энэ нь эртний булш бунханууд өөд болоочийг оршуулахдаа амьсгал болон хөлс шингэсэн эд өлгийн зүйлийнх нь хамт оршуулдаг. Үүнийг өөд болоочийн хүний сүнс байгаа хэрэг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааны үүднээс тайлбарласан зөв бодитой тайлбар мөн гэж үздэг.

    Онгод сахиусанд даатгах даатгал
    Хурмаст тэнгэрээс заяасан
    Хотол олны сахиус болсон
    Цанхилан цагаан удган
    Цагаадай өвгөн аав минь
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглон соёрх
    Явдал учраа даатгаж
    Ямааны зүлдээ өргөнөм
    Арьс махан рашаан болж
    Амин сүнсний бурхан болж
    Адгуусны төрлөөс зайлж
    Амар заяанд төрөг
    Хотон доторх хониноос
    Хонгор халзныг шилэв би
    Төлгөн хонины чинь ууц
    Төө зузаан
    Хурган хонины чинь ууц
    Хуруу зузаан
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглож соёрх
    Уу хормойд багтааж
    Уудам суганд хавчуул
    Бүжин туулайн бүвүргээр
    Бүүрэг чонын шогшоогоор
    Гүвэг гүвэг гүйцтэй
    Хан буурал тэнгэр минь
    Гүрээний судсан хатгалгаатай
    Галзуу чонон хүлэгтэй
    Гал могой ташууртай
    Хүний махан хүнстэй
    Хүрэл чулуун зүрхтэй
    Хар эрээн бүргэд хамжаастай
    Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
    Бөртэ чонын шогшоогоор
    Бөөн бөөнөөр залардаг
    Онон их сахиус
    Олон үеийн шүтээн
    Тавьсан тахийг минь
    Тавтай сайхан зооглоод
    Алд биеийг минь алдалгүй харж
    Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
    Архаг өвчтэй бол
    Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
    Долоовроороо домнож
    Хайраараа хараатай
    Халамжаараа өргөхтэй
    Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй.

  • Н. Цэгмэд удган онгодын магтаал дуудлага

    Торго болсон Шишгэд минь
    Хан их аав минь
    Хатан их ээж минь
    Харж үзэж, хааж боож
    Буруу санаатныг буцааж
    Зөрүү санаатныг зөвшүүлж
    Хар санаатныг хариулж
    Муухай харсныг мухрааж
    Хурпны хөлөөс зайлуулж
    Хурцын илдээс зайлуулж
    Халтирхахад шатал
    Хазайхад нь түш
    Орон хангайн уул савдагууд минь
    Дээр нь пэвэн харж
    Дэргэд нь манан харж
    Харж үзэн
    Хамгаалж байгтий

  • ХАМГИЙН АНХНЫ УДГАН

    Тэнгэрийн мянган бурхан анхан хүмүүсийг бүтэхдээ элээ шувуугаар эргүүл харуул тавьж ямар нэг ад чөтгөрөөс харж хамгаалж бай гэжээ. Хэрэв хүмүүсийг хорлох дайсан ирвэл элээ бурханд хэлэх ёстой байлаа. Элээ ч бурханы зарлиг ёсоор хашаа хороон дээр үргэлж сууж, хүн амьтныг харж байв. Тэгтэл тэр хүмүүсийн хүүхдүүд нь элээг харваж намначих гээд амар заяа үзүүлэхгүй болохоор нь тэр бурханд очиж: Би энэ хүмүүсийг чинь харж манаж чадахгүй. Тэд чинь намайг харваж алчих гээд байна гэв. Бурхан хариуд нь:

    За тэгвэл чи хүмүүст очиж ид шидийн хүчээ өг гэжээ. Элээ нисэж явсаар хонь хариулаад гэрээсээ хол төөрсөн нэг бяцхан охины дэргэд модны тайрдсан дээр ирж суугаад тэр эмэгтэйд ид шидээ өгчээ.

    Охин сэрээд ийш тийшээ араад ухаан санаа нь сэргэж юм бүхэн ив илхэн юм шиг болсон байв. Тэгээд охин гэртээ эргэж ирвэл ах нь “Чи гурав хоног хонь аваад хаашаа алга болсон, чамайг ална шулна” гэж аашилжээ. Охин ингэж ахыгаа учир зүггүй аашлахад түүнд гомдов. Тэгтэл ах нь тэр дороо муурж унаад шээс нь хаагддаг өвчтэй болсон байв гэнэ. Бяцхан охин ахдаа “Би таныг эдгээнэ” гээд түүнийг цагаан эсгийн дээр тавьж гэрт оруулж, ацтай баганан дээр хэвлийгээр нь хэвтүүлээд авсан чинь тэр дорхноо эдгэрч гэнэ. Түүнээс хойш тэр бяцхан охин удган болсон юм байна. Энэ анхны удганыг “Шошоолок” гэдэг байсан юмсанжээ.

  • Хуурамч бөө нарыг тэнгэр гэсгээх нь үнэн үү

    Тэгвэл тэд Ерөнхийлөгчийн гаргасан зарлигт яагаад дургуйцэж бас яагаад таалж байгаа, мөн бөөтэй холбоотой ямар ямар жигшүүрт хэрэг гарав гэдгийг сурвалжиллаа.
    Шашин шүтэх эс шүтэх нь хүний эрхийн асуудал. Гэтэл, гэнэн мөрөөр сүсэглэн ирж буй хүмүүсийг “Би бөө. Таны амь амьдралыг тэнгэр шүтээнд даатгаад, аюул ослоос аварна, танай удмынхны замыг цайруулж, сайн сайхан болгоод өгье” хэмээн “уургалан” авах бөө нар олширсон.
    Эсвэл хэн нэгэн өвчин, зовлон тусч, аргаа барсандаа бөө гэгчийг зориход өмнөөс нь “Өө та угтай /онгодтой/ юм байна. Бушуухан угаа авахгүй бол амиа ч алдаж мэднэ, Бүр танай хамаатан, саданд муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр муу муухай зүйлээс холуур байлгах боломж бий. Та төдөн сая төгрөг аваад ирвэл бүх юм “ок” болно” гэж айлган сүрдүүлж, түмний сэтгэл санаагаар тохуурхах бөөгийн “хар бизнес” хэрээс хэтэрлээ. Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино гэгчээр бөөгийн нэр хүнд ч энэ хэрээр навс унаж, удам залгасан, ард түмэндээ олон жил ач буянаа өгч яваа зайран, удгадад сөргөөр нөлөөлж байгаад нийгмийн нэг хэсэг нь бухимдаж байна. Тэгвэл хуурамч, зуурдын, хулхи бөө нар гэж хэн бэ. Түүнийг яаж таньж болох вэ гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байна.

    Д.Дарьчулуун: Жинхэнэ бөө хүн дээд тал нь 3-5 шавь төрүүлэх ёстой

    Энэ талаар Азийн бөөгийн “Тив дэлхий холбоо”, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн баруун урианхайн долоон үеийн зайран Д.Дарьчулуунтай цөөн хором ярилцлаа.

    -Та Ерөнхийлөгчийн гаргасан зарлигтай хэр санал нийлж байна вэ?

    -Миний хувьд түүнийг зөв гэж үзэж байгаа. Яагаад гэхээр борооны дараах мөөг шиг олширч буй худал, үнэн бөө нар тэнгэрээ доромжилж дууслаа. Гэхдээ тэр зарлигт нэг дутагдал байна.

    -Ямар дутагтал?

    -Бөөг бөөлүүлэхийг зогсоох талаар ярьсан гэж сонссон. Тэр үнэхээр байж болохгүй асуудал. Тэртээ тэргүй онгод нь ороод ирсэн бөөг яах юм бэ. Бид ямар 1937 онд амьдарч байгаа биш дээ. Ардчилсан нийгэм шүү дээ. Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэн ч боймолж болохгүй. Харин тэр хулхи гэгдээд байгаа бөө нарыг хууль хяналтын байгууллага олж тогтоох хэрэгтэй.

    -Тэгвэл тэр хулхи, зуурдын бөө нарыг яаж таних боломжтой вэ?

    -Хөх тэнгэр, од, сар, нар, ариун сайхан лусын хаадтай жинхэнэ бөө хүн л харьцдаг. Жинхэнэ бөө гэдэг бол бөөгийн удамтай, бас байгалиас тодордог. Бөө болоход наанадаж гурван жил хэрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ядаж арцаа зөв уугиулах, онгодоо яаж буулгах зэрэгт суралцах хугацаа юм. Гэтэл шинээр бөө болж байгаа хүмүүс суралцахаасаа илүүтэй шууд онгод ярьдаг болж. Хэрэв тэр хугацааг давж таван жилээс дээш бөөлж чадвал тэр хүнийг зуурдын бөө биш гэж болно. Өнөөх хуурамч, зуурдын бөө гэдэг нь тэнэмэл сүнсээр бөөлдөг хүмүүсийг хэлдэг. Ийм онгодууд эргээд эзнээ хорлодог жамтай. Бас ах дүү, хамаатан садандаа муу нөлөөтэй.

    -Багшаас бөөг төрүүлдэг гэх юм. Тэгээд өчнөөн сая төгрөг нэхэж, олон хүмүүсийг хохироосон хэрэг олон гарч байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?

    -Дээр хэлсэнчлэн таван жилээс дээш хугацаагаар бөөлж байж уул усандаа гардаг. Харин долоон жилээс дээш бөөлсөн хүн багшилж болох дэгтэй. Тэгтэл одоо бөө гэсэн нэрийдэлтэй хэн дуртай нь баахан шавь төрүүлдэг болж. Шавь авлаа гэхэд 3-5-ыг л төрүүлэх ёстой. Түүнчлэн олон сая төгрөг нэхэх нь байж болохгүй зүйл. Тэр шавиар ирж байгаа хүн өөрийнхөө өргөлөөр л бөө болох учиртай юм. Ерөнхийлөгч хэлсэн, хэлээгүй зуурдын бөө нарыг тэнгэр аяандаа тун удахгүй цэгцлэх болно. Эцэст нь хэлэхэд Монгол түмэн минь хан гэхийн ханиадгүй, хархирах гэхийн зовлонгүй байх болтугай.

    БӨӨГИЙН ЗАСАЛ ХИЙХ НЭРЭЭР АРХИ ӨГЧ ХҮЧИНДЖЭЭ

    Тэрбээр ийн хэллээ. Тэгвэл хуурамч, зүй бус бөө нарын гайгаар хаана ямар аймшигт хэрэг гарав. Одоогоос долоо хоногийн өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнчлэн одоогоос нэг сарын өмнө Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлсэн гэнэ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ. Өнгөрсөн онд бөөтэй холбоотой дөрвөн том хэрэг гарсан нь Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалан “Миний эхнэр бол, эс тэгвэл хоёулаа тэнгэрийн зарлигаар үхье” гээд гарынх нь судсыг боож байхад охины ар гэрийнхэн олж цагдаад мэдэгдсэн тохиолдол гарчээ.

    Эцэст нь хэлэхэд хууль хяналтынхан бөө нартай хатуу тэмцэнэ гэж байгаа ч хуурамч, зуурдын бөө нарыг ямар аргаар илрүүлэхээ мэдэхгүй байгаа гэнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын нэрээ нууцлахыг хүссэн ахлах дэслэгч нэгэн “Уг нь дээрээс энэ төрлийн хэрэг болон хуурамч бөө нарыг олж тогтоох даалгавар ирж байгаа. Гэхдээ нэг хэцүү нь шууд очоод чи хуурамч бөө гээд баривал хүний эрхэд халдсан болно” гэсэн юм.
    Л.БААТАРХҮҮ

  • ГАНДАНГИЙН ОРЧИМД БӨӨГИЙН НЭР БАРИГЧДААС БОЛГООМЖИЛ.

    Гэвч энэ тахилгын дараанаас Л багшийн сураг тасарсан нь гадаадад ажиллах болсонтой холбоотой байв. Нилээд хэдэн жил өнгөрсөний дараа манай нэгдсэн тахилга дээр дан залуучуудаас бүрдсэн баг бүрдүүлж хоёр дахиа оролцсон байдаг. Тэгэхдээ захдуу байрлаж галын тахилга дээр бүх шавиа бөөлүүлж гаргаад, маргааш нь эртлэн хөдөлсөн, тэгээд сураг тасарсан. Бидэнтэй холбогдсон хоёр тохиолдол нь энэ юм.
    Саяхан нэг өдөр манай байгуулагад нэгэн бөө гэх бүсгүй ирж гомдол мэдүүлэв. Амьдралын янз бүрийн гачланд босч, бүдэрч яваа гэх бүсгүй маань “гандангийн орчим”-д байрлаж зан үйл хийдэг нэгэн удган, түүний шавь нарын тухай мэдээлэл өгөв.
    Амьдралд болж бүтэхгүй зүйлээ засуулаад тэгширч амьдрах нь хүн бүрийн хүсч байдаг зүйл. Тэр бодлоор Ц гэдэг иргэн Л гэгч удганд ханджээ. Удган Л гэгч түүнийг онгодтой гэв. Онгодоо авбал бүх зүйл сайхан болно гэсэн ажээ. Тэгээд энэ оны нэгдүгээр сард өвлийн ид хүйтэн тачигнасан, цасаар хучигдаж, мөс зузаарсан үед бөө болгон хуяглаж, босгожээ.
    Тэгээд өвлийн улиралд босгосон олон шавь нараа дагуулан Хөвсгөл орж, Даян дээрхийн агуйд дагуулж очиж бөөлөлт хийжээ. Бөөлөлт хийхдээ хуяглаад эргэлдээд бай, эргэлдээд бай аяндаа онгод ороод ирнэ гэдэг. Энэ бүхний эцэст иргэн Ц-д ямар нэг онгод орж, өөрчлөлт гарсан юм байсангүй. Амьдралд нь ахиц гарсангүй, улам доройтов.
    Иргэн Ц хувьдаа машинтай түүгээрээ амьдралаа залгуулдаг нэгэн байсан. Удган Л иргэн Ц-г шавь болгосон тул түүнээс мөнгө нэхжээ. Багшдаа машинаас өөр ямар ч мөнгөгүй гэж хариулж, багш нь тэр дор асуудлыг шийдэж, санаа зоволтгүй машинаа худалд, эзэн нь ойрхон байна гэжээ. Маргааш нь ойрхон байгаа эзэн тодорсон удган Л-ийн хүү болж, машиныг нь авч явжээ. Бөө болсоны төлбөрт иргэн Ц хоосон үлдэж, амьдралаа залгуулдаг унаанаасаа салжээ.
    Иргэн Ц хэлсэнээр бол удган Л бүх шавь нараа гандангийн хоёр талаар байрладаг газруудад байрлал түрээслүүлэн суулгаж бөө сурч ирсэн иргэдэд үйлчилдэг сүлжээг бий болгосон байгаа нь харагддаг. Түүгээр зогсохгүй удган Л-с МБНЭ ирж тахилга хийхэд бөөлж өгөхийг гуйдаг, тэдний бөөгийн үндсэн зан үйлийг би хийж өгдөг хэмээн хүмүүст “томордог” сурагтай.
    Энэ бүхний эцэст иргэн Ц хохиролоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бололтой. Ингээд бүх зүйл чимээгүй болов.
    Иргэн Ц-д бас хэлэх зүйл байна. Тэрээр өөрөө насанд хүрсэн хувь хүн. Бөө болох сонголтыг өөрөө хийсэн, ийм шийдвэрийг өөрөө гаргасан. Тэгээд гомдлох болохоороо удган Л гэгч өөрийг нь бөө болгосон бус, бөөгийн байгууллага бөө болгочихсон юм шиг аашлаж, гомдлож бас бусдад ингэж ойлгуулдаг бололтой. Хэсэг хугацааны дараа нилээд олон залуус, бас нэртэй зүстэй зайранг дагуулж ирээд танай байгууллага иргэн Ц-г бөө болгосон юм шиг ярив. Тэгээд бид хэд хагас дутуу учраа ололцоод салсан.
    Удалгүй МБНЭ-рүү удган Л гэгч утасдав. Орос, хятад, монголдоо нэртэй луйварчин бүсгүй танайд бидний тухай худлаа яриад яваад байна хэмээн хошуу хүргэв. Тэгээд намайг бөө мөн гэдгийг тодорхойлж цагдаад албан тоот хийж өгөөч гэж хүсэв. Ийнхүү бусдад сургамж болохоор нэгэн үйл явдал болоод өнгөрлөө.
    Энэ бүхний эцэст анхаарах нэгэн сургамж үлдэв. Нийслэлийн шашины төв гандангийн төв хаалгын зүг хөтлөх гудамжний хоёр талаар шашины үйлчилгээ төвлөрсөн байдаг. Тэнд шашины зан үйл хийдэг янз бүрийн байгууллагууд байхаас гадна хэрэглэгдэх эд зүйлсийн худалддаг төвүүд ч байрладаг. Тэнд монгол бөөг зөв талаас нь харуулдаг улаач нар байвал бөөгийн минь нэр төрд их тустай. Харин эсрэг байвал монгол бөөгийн нэр төрд тун цөвтэй.
    Ямар ч байсан өнөөдөр гандангийн хоёр талаар байрладаг бөөгийн үйлчилгээнд болгоомжтой хандах болсоныг энэ үйл явдал харуулж байна.
    МОНГОЛЫН БӨӨГИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА. БОЛГООМЖЛОХТҮН, ШҮТЛЭНТЭН ОЛОН ТҮМЭН МИНЬ.

     

  • Манжлага

     

    Бөө нарын нэг хэсэг могойнуудыг хийсвэрлэн дүрсэлдэг байхад нөгөө хэсэг нь бурханы шашны хүчтэй нөлөөллийг сөрөн зогсож жинхэнэ могойн дүрээр нь бодитойгоор дүрсэлдэг болно. Тэгэхдээ могойг ямараар дүрсэлсэн ч түүнийг анх үйлдэн бүтэхдээ жадлан алж байгаа хэрэг болуузай хэмээн болгоомжилж, зүү шөвгөөр нэвт хатгахыг ихэд цээрлэдэг байсан.

    Бөөгийн өмсгөл дахь могойн дүрсийг хийсвэрлэн дүрслэхдээ түүний толгой, нүд, хамар, сүүл зэргийг дүрслэхгүй, зөвхөн зулзаган могойг могойн дүрсэр дүрсэлж, том буюу бие гүйсэн могойн их биеийн сүүлийн хэсэгт арьсан цацаг хийдэг. Ийм дүрсээс монголын баруун, баруун хойт нутгийн бөө нарт их дэлгэрсэн байдаг. Үүнийгээ манжиг хэмээн нэрлэдэг. Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.

  • Зүхэл

    /Монголын нууц товчоо/

    Зүхэл
    Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо
    Тавин суугаад зүх
    Талын чинээ таван сүлдээ
    Татан суугаад зүх
    Таван барим сагалдаргам
    Бугын ташуураараа
    Дохин суугаад зүх
    Лусын хадын шигшгээрээн
    Шигшин суугаад зүх
    Минжин сайхан хүлгээрээ
    Мэхэлзүүлэн суугаад зүх
    Наян есөн хортон могойг тань
    Намилзуулан суугаад зүх
    Найман мянган холбогы тань
    Шилбэлзүүлэн суугаад зүх
    Найгалзах сайхан биеэн
    Нахилзуулан суугаад зүх
    Найман сайхан шандсаа
    Яралзуулан суугаад зүх
    Өндгөн сайхан толгойгоо
    Бөхөлзүүлэн суугаад зүх
    Нарийн сайхан хүзүүгээ
    Нахилзуулан суугаад зүх
    Хатан сайхан ясаа
    Үжирүүлэн суугаад зүх
    Хар чулуун зүрхээ
    Догдлуулан суугаад зүх
    Өтгөн хар цусаа
    Шингэрүүлэн суугаад зүх
    Шунхан улаан цусаа
    Тургин суугаад зүх
    Хар цусан сэржмээн
    Есөн архиар бүрдүүлэн
    Цацан суугаад зүх
    Тэнгэрлэж шүтсэн
    Таван хар Гомбо Махагалдаа
    Зүрхлэн суугаад зүх
    Есөн ес наян нэгэн
    Муу ёрыг үзүүлэн суугаад зүх
    Энэ тангарагласан тангараг минь
    Санасан бүгд хар тэнгэр минь
    Андгай ёсоор гүйцээн хайрла
    Бум живээ хар тэнгэр минхь
    Ай хайрхаан

    Бөөгийн өөр нэгэн зүхэл
    Үүлэн чинээ хүрэн улаан оргойгоо тавин суугаад зүхье
    Талын чинээ таван сүлдээ татан суугаад зүхье
    Таван барим таатрам буган ташуураа дохин суугаад зүхье
    Лусын хаадын шигширгээрээ шигшин суугаад зүхье
    Наян есөн хорт могойгоо намилзуулан суугаад зүхье
    Найман мянган холбогоо шилбэлзүүлэн суугаад зүхье
    Минжин согоон хүлгээ мэхэлзүүлэн суугаад зүхье
    Өндгөн сайхан толгойгоороо мөргөн суугаад зүхье
    Өөхөн сайхан өвдгөөрөө сөхрөн суугаад зүхье
    Найман сайхан шандсаа яралзуулан суугаад зүхье
    Наян хоёр биеэ нахилзуулан суугаад зүхье
    Хар чулуун зүрхээ догдлуулан суугаад зүхье
    Хатан сайхан ясаан яралзуулан суугаад зүхье
    Хар санасан бүгдээ хага ниргүүлэн суугаад зүхье
    Буруу санасан бүгдээ бут ниргүүлэн суугаад зүхье
    Хангинахаас хар тогоо нь үлд
    Шингэн цусаа шимүүл
    Өтгөн цусаа урсуул
    /Мөнхүү өтгөс заарин Нанзад хэлж өгөв/.

     

  • ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР

    Тэдгээрийн дотор Отчигин ноёны харьяатууд ч мөнөөх бөөгийн албат болжээ. Отчигин ардаа эргүүлж авахаар өөрийн биеэр очиход нь ах дүү долоо элбэж Отчигины амыг авч, Тэв тэнгэр бөөд мөргүүлээд буцаасан аж. Энэ явдал Чингисийн чихэнд даруй хүрч, боломж гармагц Тэв тэнгэр бөөг урдаас бэлтгэсэн гурван бөхөөр нугасыг нь таслуулан хороодог. Ингээд Чингис хаан “Тэв тэнгэр миний дүү нарт гар хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг тэнгэр авч одов” гэх тайлбар хийжээ.

    Энэ бүхнийг Монголын нууц товчооноос эшлэн авлаа.

    Зовлон гэмээ нь цочоож ирэхийн цагт бид бурхныг хайдаг. Уул ус, мод чулуу, айлын чавганц гээд хавьтсан таарсан бүхнээсээ “ид шид” эрнэ. Амьдралын зовлон түмэн янз. Энгийн аргаар шийдэж болохоос аваад “ид шид” хүртэл хэрэг болдог ярвигтай эд. Ид шид нь ч олон зүйл. Нэгэн цагт монголчууд гай зовлон тохиолдох бүрийд хуйгаараа Гандангийн дэнжийг зорьдог байлаа. Ах ламын морины уяан дээр амьтан хүн багтаж ядан багширч, багш лам гэрийнхээ хойморт хоолой шахан малилзаж, олз омгийн ихийг хурайлан даллаж байсансан. Буддагийн сургаал номлолоос илүүтэй тарни шившлэгээр зэвсэглэсэн бурсан хуврагууд түмний зовлонтой нүүр тулж, аргалж, янзалж, арыг нь дааж явсан цаг саяхан. Энэ хорвоогийн юм бүхэн мөнх бусын мөн чанартай хэмээх Буддагийн сургаал ёсоор болж, лам багшийн тарни шившлэг хүний зовлонг өдгөө нимгэлж “хүчирхэхээ больжээ”. Арав, таван мянгаар яригддаг төвд номын хүч “суларч”, хэдэн арван саяар үнэлэгдэх суврага хүмүүсийн сүсэгт сэв суулгасан ч байж мэднэ. Харин таван зууны тэртээ шарын шашинд шахагдсан бөө мөргөлийн ээлж ирсэн бололтой.

    Юмс шинэхэн дээрээ сонихон байдаг хойно хүн бүхэн бөө рүү хошуурч байна. Сайтар мартагдсан эртний бөө мөргөл өнөө цагийн элдэв мэдээллээр цэнэглэгдэж, зүрх зүсэм маркетингаар зэвсэглээд цоо шинэ өнгө аясыг олж монголчуудын “зовлонтой барилцаад” авлаа. Өрх бүрээс бөө төрүүлэх элдэвтэй арга бодож олсон энэ бизнес Монгол улсын 500 мянга гаран өрхийг бүрэн эзлэх ариун дайныхаа оргил хэсэгт явна. Удалгүй тэд дотроо зохион байгуулалтад орж, “жинхэнэ” ба “хулхи” гэх хоёр хэсэгт хуваагдах ширүүн тэмцэл хийнэ. Одоохондоо монголчуудын уламжлалт жалга довны үзлээр ястан болгон өөрийн онцлог бүхий бөөлөх дэг жаягтай, хүч чадал нь ч харилцан адилгүй гэх сурталчилгаа ид явагдаж байна. Энэ фронтыг бөө мөргөлийн сүүлчийн голомт болсон цаатан түмэн нутагладаг Хөвсгөл нутгийн харьяатууд, Сэрүүн дуганаа коммунистуудад сүйтгүүлсэн буриадууд өнгөлж яваа бололтой. Монголын зонхилох ястан халхууд ч зангаргаараа зайгаа эзлээд авчээ. Монголд харьцангуй цөөн тоотой орос, хятадын эрлийзүүд маань ч энэ талбарт цөөдөхгүй царайтай.

    Амьдрал санаан зоргоор нь явж өгөхгүй байгаа, анагаах ухаанаар хараахан эмчлэгдэхгүй өвчин туссан, тэр бүү хэл бие дээр нь элдэв яр шарх шавсан хэн боловч бөө болох нигуртай аж. Найман зууны тэртээ Хөх тэнгэрийн тааллыг хүн зонд дамжуулж явсан бөө өдгөө хүн бүрийн өвөг дээдсийнх нь сүнс байдлаар бууж байгаа юм гэнэ. Өвөг дээдэс шиг нь эрхэм юм хүнд үгүй хойно нэгэнт “буугаад ирвэл” хүлээж авахгүй ээ гээд суувал ядаж л хүн чанар талаасаа жаахан тиймхэн. Ингээд л бөөгийн тоо үхэгсдийн тоотой уралдан өсөж явна.

    Зовлонгоос салах арга хайсан түмний эрлийн үзүүр бөө мөргөлийн зүг нэгэнт хандсан байна. Учир нь олддоггүй уурга тархи, сэтгэлийн зүрхний зовлонд бөөгийн зан үйл тун давгүй зохидгийг барууны сэтгэл судлаачид үнэлдэг юм билээ. Ан авд гарах, тэмцэл тулаанд орох тоолондоо нийтээрээ зүрх зоригоо чангалж гал тойрон гуугчин бүждэг бүдүүлэг ард түмний ёслол хөгжил дэвшлийн шуурганд учраа алдсан бидэнд ч бас хэрэг болдог аж. Хаа ч, хэзээ ч хүний мөн чанар нэг юм хойно аргагүй биз. Сэтгэл заслын ухаанд хэрэглэж болохуйц олон арга чарга бөөд байгааг “засал авсан” олон хүн гэрчилнэ. Тэгээд ч психотерапи хэмээх ерөнхий нэршилтэй сэтгэл заслын арга дотор бөөгийн хэрэглэдэг айлгах, ичээх, цочоох, аргадах, өрөвдөх, өргөмжлөх, итгүүлэх хувилбарууд тухай бүрдээ нэртэйгээр хэрэглэгддэг юм.

    Энэ цагийн бөө номлол сургаал, дэг жаягийн хувьд их баяжжээ. Ерөөс таван зуун жилийн тэртээгээс бөө мөргөл шарын шашинтай сүлэлдэж эхэлсэн юм. Өдгөө бөө нар “хар”, “цагаан”, “шар” гэх ерөнхий ангилалтай мэтээр ойлгогдож байгаа. Хорчины цагаан зүгийн бөөгийн тухай Өвөр Монголын судлаач Нямын бичсэнийг үндэс болговол шарын шашныг эрс эсэргүүцдэг бүлэг бөөг “хар зүгийн”, мөнөөх шашны тавиг ёсыг хүлээж авсан хэсгийг нь “цагаан зүгийн” хэмээн нэрлэх болсон аж. Харин одоо хараал хийдэг нь “хар”, ерөөл тавьдаг нь “цагаан” өнгөтэй болж шарын шашин, бөө мөргөл хоёрыг уялдуулдаг хэсгийг нь “шар” гэх болсон юм билээ. Үзэл суртал нь айл өрхийн амьдралаас аваад нэлээд глобаль шинжийг олж дэлхийн дулаарал, экологийн тэнцвэр, цөлжилт зэргээр баяжаад зогсохгүй улстөрийн өнгө аястай ч болоод авч. Бас 2012 онд дэлхий сүйрнэ гэх Маяагийн хуанлиг ч иш татаж, фэнг шү Ганбаагийн “хөх цэрэг”-ийг ч олоод сонсчихсон явна.

    Төрд огт дансгүй атлаа “төрийн зайран” хэмээн биеэ өргөмжлөгчөөс аваад төрсөн биед нь оршсон гэх өвөг дээдсийнхээ онгодыг үхэн хатан нууж яваа ч улс бий. Насанд хүрээгүй хүүд нь дээдсийн сүнс оршсон нэрээр хүүдээ шил шилээр нь архи сөгнөж суугаа ээж захаас аван. Өөрийнхөө амар жаргалын төлөө айл хөршөө унтуулахгүй үүр цайтал хэц хэнгэрэг дэлддэг хувиа хичээгч бөөг мэдэх биз. Айлын эхнэрийн хүсэлтээр нөхрийг нь сөгтгөхөөр очоод зодуулаад гарсан бөө ч дуулдсан. Бас л нэг зовсон эхнэрийн гуйлтаар нөхрийг нь засах гэж байгаад түлж алчихаад зовлон дээр нь хагацал нэмсэн бөө чиг гарсан. Шинэ цагийн эрхэм бөө, тэнгэрийн улаач нараас сэрэмжилж явахад ер илүүдэхгүй бололтой. Чингисийг тэнгэрийн элчээр өргөмжилж, даяарыг хурааж өгсөн Хөхөчү тэв тэнгэр бөө эзэнтэйгээ эд хөрөнгө, эрх мэдэл булаалдаад нугасаа хугалуулсан түүхийг бөө нар бодууштай л юм. Хүнд зовох нэг цаг байхад жаргах үе ч бас бий. Жаргал гэмээ нь согтоож ирэхийн цагт бурхныг бид мартдаг.

  • Туг сүлдний шүтлэг

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.

    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.

    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.

    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.

    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.

    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж

    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.

    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.

    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.

    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.

    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.

    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

  • ОТОЧИЙН ҮҮДЭНД

    -Та бүгд юу хүлээж суугаа юм бэ? гэж асуусан чинь
    -Зүгээр л оточоор судсаа бариулах санаатай гэж нэг хүүхэн ам алдав.
    -Отчийнх юмуу. Тэгвэл би бас судсаа бариулая.Толгой өвдөөд ….гэсэн чинь тэр сууж буй хүмуус шал өөр болж надаас бишүүрхэхээ болив. Дарга биш гэж боджээ.
    -Та яаралтай яваа бол ороод судсаа бариулчих л даа. Бидэнд яарах юм алга гэж нэгэн хижээлдүү хүн надад тал засав, Тэд нар цөм л малчид бололтой юм. Хувцас хунар, төрх байдал нь тэд яав ч хотын хүмүүс биш байлаа.
    -Зүгээр зүгээр Би хамгийн сүүлд ирсэн хүн, Та нарын дараа гэсэн чинь
    -Явуулын хүн саатаад яахав, та ор ор, гэж нөгөө хэжээл эр үүд сөхөхөд нь арга буюу орж явчихлаа
    Гэрт ердөө онцгой юм алга. Нэг өвгөн нөгөө өвгөнийхөө судасыг барьж баруун хоймроо эзлэн сууж байлаа. Судас чагнахад нь саад болохгүйн тулд би дуугүйхэн толгой дохиж мэндлээд зүүн талд очиж суув. Оточ
    -Дусал цувраад удаж байна уу? гэж нөгөөх судсыг нь барьж байгаа хүнээсээ асуув. Эхлээд би сайн ойлгосонгүй Тэр хүн
    -Нэлээн хэд хоног болчихлоо гэв,
    -Дусап цуврах нь ус хаагдахын шинж. Тэгэхлээр чи туулайн мах ид, Бүхэл ясыг нь будаатай хамт буцалгаж шөлийг нь уу. гэж оточ хэлсэнд
    -Өө юун сайн юм бэ? Муусайн туулай бишгүй л нэг гүйж яваа. За би өнөөдөр л …гэж хэлээд тэр хүн босч гадагшаа гарахад зөрөөд л өөр “нэгэн орж ирэв. Тэгээд шууд л оточийн өмнө сөхрөн суув Тэгээд гараа оточид өгөх зуур:
    -Мах буураад, залгамж тасрах нь шиг байна, Яахав гэж асуув. Оточ судасыг. нь барьснаа
    -Гайгүй л юм байна. Шар үнээний нэг аяга сүү, хоёр аяга усанд хярамлаад буцалгаж уу. Арав дахин ууна. Махжаад ирэхийн үед нь энсэгийн зүйл удсан тосонд найруулаад сарын албин өнгөрмөгц уух юм бол үр олдоно гэв,
    Тэдний ярианы үгийн сан нь хачин өөр байхад нь би гайхаж суутал дараах хүн нь орж ирмэгц мөн л сөгдөж
    -Сүүлийн үөд мартамхай болоод байна. Бас үө үе уруу суугаад шартамхай ч болох шиг, ой булгиад л. гэж үглэхэд нь оточ судасыг бариад
    -Живэрт хулганы тархийг усанд эуурч уу. Санамгай болво. Ёлын ходоод ч бас хэрэг болж мэднэ. Гэхдээ арван нэгдүгээр сард олж хадгалсан сарьсан багваахайн мах идвэл ч бараг бүх шаналгаанд тустай, бүр …. гэснээ танайх чинь хуүхэдтэй билүү? гэж асуусанд нөгөөх эр
    -Байдаггүй шүү. Эхнэртээ ч хаягдаж мэдэх болоод байна. Үгүй тэр живэрт хулгана гэдэг чинь юу билээ гэж лавлаа
    -Сарьсан багваахай л даа. Өвлийн эхэн сарын үед олж хадгалсан сарьсан багваахайн мах, тархи л чамд хэрэг болно гэсэнд тэр хүн шаламгайлан босч
    -За гялаалай. Сарьсан багваахай энэ хавьд ховор. Би явнаа. гээд үүд чиглэв. Түүнтэй зөрөөд нэгэн бүсгүй орж ирэв. Оточ:
    -Давхар эхнэрт зохисгүй юм идсэн байна. Аягүй бол нярайлахад чинь хүндэрч мэднэ гээд судасыг нь барихаа болив.
    -Үгүй тэр зохисгүй юм гэдэг чинь юу юм болоо? гэж өнөөх эхнэр гайхан асуув. Оточ ;
    -Хөх хуцын мах идсэн үү? гэв.
    -Өө нээрээ тийм, манай хажуу айлын хөх хуц хөгширөөд өнхрөөд өгсөн л дөө.Түүний гэдэс махнаас хуваалцахаар нь идэж орхисон юм гэж нөгөөх жирэмсэн бүсгүй дуу алдав.
    -За тэр чинь л давхар эхнэрт хориотой зүйл. Тэгэхээр төрөх дөхөөд ирэх үедээ шарга морины сүүлний хялгасыг галд түлж хярвасыг зуурч уувал тустай, үгүй бол олби оготны арьсыг олж хадгал. тэгээд төрөх хүндэрвэл түүнийг атгаад бай. Одооноос нөхөртөө хэлж бэлтгүүл гэв. Нөгөө эхнэр
    -Тэгье тэгье гээд босч гарахаар явав. Тэр хүмүүс зав зай өгөхгүйгээр хойно хойноосоо орж ирэн, цаг үрэхгүй шуурхай гарцгааж байхад нь би гайхан харж суув.
    Нэгэн хижээлдүү насны эр орж ирээд
    -Би удахгүй нэг л юм асуугаад гарна. гээд надруу хялавхийн харснаа оточоос
    -Эхнэрийн хөх сүүгүй болчихлоо. Яах вэ? За тэгээд би ч бүр хүүхдэд дарагдаж гүйцэхнээ. Үр тасалмаар байна яах вэ? гэж зогсоогоороо асуув.
    -Эхнэрийн чинь хөх сүү орохгүй байгаа бол янгирын чөмөг идүүл, Хавдсан бол хар бивлин усанд зуурч хөхийг шавш. Чи өөрөө үр тасалмаар байгаа бол буудайн гурил исгэж нэг жинг сайн архинд зуурч чанаад шаарыг нь шүүж хаяад гурав хувааж авгайдаа сарын тэмдэг ирсэн орой нь нэг аягыг, маргааш өдрийн үдэд нэг аягыг нар гарах үед нэг хэсгийг уу Чи өөрөө ч бас тэгэж уу. Тавин нас хүртэл үр тасарна гэж мэдээрэй гэж оточ зааварлахад өнөө эр
    -За гээд эргэж гарав. Хамгийн сүүлд бололтой нэгэн охин орж ирээд
    -Өвөө би дигваранзанд хатгуулчихлаа яах вэ? гэв.
    -Цагаан байван усанд уусгаад л түрхэхгүй юу, үгүй бол худгийн ёроолоос шавар авч хэд дахин түрх гэсэнд охин
    -За аавд хэльө гээд годгосхийн гарч одов. Ахиад хүн орж ирсэнгүйд Оточ надруу
    -Өршөөгөөрэй. Таныг чилээчихлээ. Энэ улсууд өглөөнөөс л хүлээсэн юм. Та юу гэж явна? гэв.
    -Өө би бараг зүгээр шахуу, энд ганц гэр, тэгээд үүдэнд нь хүмүүс байхаар сониучлаад ирсэн чинь хүмүүс урдуураа оруулчихсан юм л даа. Тэгээд суутал хүмүүсийн яриа сонирхол татаад хүлээчихлээ.
    -Энэ хавьд хүн амьтан айл хунар байхгүй юм. Та тэгээд энд ганцаараа суудаг юмуу? гэсэн чинь оточ;
    -Энд суудаггүй юмаа. Түр барьсан гэр л дээ. Нутгийнхан судсаа бариулна гээд хүний нүднээс далд энийг барьсан юм.Та яаж олж ирэв? Машин замгүй газар шүү дээ? гэж асуув.
    -Би энэ хавьд нэг чулуу байдаг гэхээр нь олж үзэх гэж яваад л ….гэсэнд оточ
    -Албаны хүн үзчихвэл мухар сүжиг энээ тэрээ гээд байдаг болохоор хүмүүс нууцаар гэхүүдээ жилдээ үе үе судсаа бариулдаг юм Өнөөдөр энэ сарын наймны өдөр, хуучнаар бол манал бурханы өдөр гээд л судас барьж хэнхэглэдэг юм л даа би гэв.
    -Би нэг их сүрхий дарга марга биш. Ер нь зохиолч хүн л дээ, Таныг судас барьж хүмүүст зөвөлгөө өгөхийг сонсоод бүүр гайхмаар санагдлаа. Таны хэл яриа бүүр эртний монгол сонин үгсээр дүүрэн байсан нь надад тун их том олз боллоо.
    -Ямар үг тийм их олз болдог билээ? гэж оточ гайхав.
    -Залгамж тасрах (үр хүүхэд, гарахгүй байх), ус хаагдах (шээс хаагдах), сарын албин (сарын юм), мах буурах (турах), мяраалах (таргалах), давхар эхнэр (жирэмсэн зхнэр), уруу суулгах (гэдэс гүйлгэх), дур булгих (дургүй болох), гээд л тун боловсон үгс юмдаа гэсэн чинь
    -Юу нь боловсон байхав дээ. Эртний хуучинсагийн үг шүү дээ гэж оточ хэлэхэд нь: би
    -Одоогийнхний шууд утгаар нь хэялээд байдаг бүдүүлэг үгсийг (үгийг байтугай хэрэг явдалыг) их л эелдэгээр нууцлаг хэлбэрээр хэлж байгаа нь боловсон гэх ёстой зүйл юм.
    -Хэллэг бүдүүлэгжиж байгаа нь өнөөгийн хүмүүсийн сэтгэлгээний нэгэн сул тал юм гэж би зохиолчийн хувьд үздэг л дээ. Харин зарим нэр томьёоны хувьд ч танаас шинэ үг сонслоо. Жишээ нь сарьсан багваахайг “живэрт хулгана” гэж та хэлнэ лээ гэтэл
    -Хуучны ном сударт тэгэж байдаг юм. Одоо ч мартчихсан хэрэг. Тэр ч байтугай “Оточ” гэдэг үг их учиртай байтал хаяад “эмч” гэдэг болсон нь хачин санагддаг. Би бол оточ гэгдэнэ үү гэхээс “эмч” биш. Оточ гэдэг бол хүнд тусч эхэлж байгаа эсвэл тусч болох өвчнийг судасны нь байдлаар оношлож гүнзгийрэхээс нь сэргийлж “отлого” хийдэг хүний нэр. Одоогийнхоор бол “Урьдчилан сэргийлэгч “юм л даа. Тэгтэл одоо “эмч” гэдэг болсон нь үнэндээ нэгэнт тусчихсан өвчнийг л эм хэрэглэж эдгээдэг болсон гэсэн үг. Өвчин бол гэнэт тусах нь ховор, Эхлээд шинж тэмдэг нь илэрч дараа нь аажмаар үгдэрч хүндрэн өвчлүүлдэг зүйл. Оточ бол урьд цагт эхний шинж тэмдэгийг судсаар нь оношлоод урьдчилан сэргийлж өгдөг л хүн байв. Манай аав ч яг л тийм байсан. Харин би нэг их олигтой сураагүй болохоор ор нь тасрахын өмнөхөний л оточ гэмээр хүн л дээ. Манай энэ хавийнхан алс зэлүүдэд нутагладаг болохоор боловсон эмнэлэгээс хол түргэн тусламж авах хэцүү болохоор надруу л гүйцгээж ирээд сурчихсан юм. Зарим нь илааршиж эдгэрдэг тохиолдол нилээн болсноос л би ингэж “бурхангүй газар бумба галзуурч” байгаа хэрэг гээд оточ гараа сунгаж
    -За алив ,таны судсыг нэг бариад орхие гэв.Судсыг маань барьсны дараа тэрээр
    -Эв эрүүл залуу байна, Гэхдээ нохойн хошуу чанаж уух, живэрт хулганы хатаасан мах хаяа идвээс (тэр мах халуун чанартай) нас уртсахад тустай л гэдэг юм гэснээр бидний яриа дуусвар болсон юм. Учир нь оточийг нүүлгэж авч явахаар хүү нь морин тэрэгтэй ирсэн билээ…
    …Тэр цагаас хойш бараг хагас зуун өнгөрөв. Оточийн зөвөлсөнөөс нохойн хошуу жимсийг үе үө хэрэглэж байв.
    -Харин живэрт хулгана буюу сарьсан багваахайн мах нас уртасгана гэдэгт эргэлздэг байлаа. Залуухан үедээ айл гэр болж Шадублин дахь Зохиолчдын Хорооны гурван модон байшингийн нэгэнд зусланд гарсан тэртээ олон жилийн өмнөх нэгэн явдал мартагддаггүй билээ. Юу гэвэл тэр үед Шадублинд зуслантай байгууллага бараг байсангүй. Зохиолчид, Банкныхны хэдхээн байшин байлаа. Сарампай шахуу байшинд зусч байх үед дээвэр, даазны нь хөндийд сарьсан багваахай үүрлээд шөнө андаа гарч хошуунаасаа дуун долгион цацруулан сүрчигнүүлж цочоодог байлаа. Тэрнээс хойш сарьсан багваахайг ч нөгөөх оточийн зөвлөлгөөг ч мартаад шинэ зуун гарч нэлээн хэдэн жил өнгөрөх үед гэнэт нөгөөх “живэрт хулгана” буюу сарьсан багваахайн тухай мэдээлэл олж үзээд гайхав. Долоо найман төрлийн өвчин эдгээхэд тустай бас нас уртасгадаг ид шидтэй мах бүхий хулгана ажээ. Бас түүний хоргол нь хүртэл чухал хэрэгтэй чанартай юм байна. Бусад хулганын хорголноос ялгаатай гурван үзүүр бүхий цагаан өнгөтэй байдаг ажээ.
    Оточийн үүдэнд сууж байсан тэр хүмүусийн ярианы эзэд, оточ өөрөө ч нэгэнт хорвоог орхисон боловч мэдлэг сургамж нь үүдэнд биш хойморт байдаг монгол сударт үлдсэн ажээ.
    Л.ТҮДЭВ /ДАЛ/