Category: Монгол бөө

  • Зүүн мөргөл манжиг

    -Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм.

    Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ.

    Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.

    Зүрх манжиг-Цагаан хуулар эцэгтэй, шарнууд ээжтэй, хар дархад багштай Цэвээний Хорол удганы бөө дээлийн энгэрт өвчүүний тус газар бэхэлсэн гурван манжигийг “зүрх манжиг” гэх бөгөөд нэг шилбэнд бэхэлж багцалсан гурван манжигийн нэг нь шар, цагаан алаг, нөгөө нь улаан, шар алаг, гурав дах нь улаан, ягаан цоохор өнгийн эдээр бүржээ. Үүний улаан, ягаан нь амь, амьдрал, шар нь хүүхэн хүний /сахил авсан лам явсан эр хүн/ хайр сэтгэлээ өгсний бэлгэдэл, цагаан нь сүү шиг цагаан санаатай явдгийн илэрхийлэл билээ гэдэг.

     

     

  • Дом

    Дом шившлэгийг эртний монголчууд байгаль нийгмийн үзэгдлийг зөв оновчтойгоор таньж чадахгүй элдэв бүхэнд сүнс эзэдтэй гэж гэнэн ойлголтоор ойлгож түүнийг тахиж шүтэж, гуйж, даатгаж байсны улмаас цаашид ид шидтэй шившлэг домтой үгээр тэрхүү эзэд сахиусыг аргадан илбэж зорилго хүсэлдээ хүрэхийг горьдсон бүхий шашны тахил мөргөлийн нэг зүйлийн зан дадгал болно хэмээн өнгөж хуумгай тайлбарлаж байсныг өнөө үеийн шинжлэх ухааны нээлт няцааж байна. Дом үг гэдэг нь аливаа зүйлд оршиж бүхий эзэд сахиусыг аргадан тохинуулж өөрийн арга ухаандаа оруулан зорьсондоо хүрэхийг горьдож хэлэх тусгай үг хэллэг болно. Шившлэг үгийг ардын аман зохиолын дутагдаж болшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсны хувьд түүний онцлогийг маш товчхон бүгд нарийн хэмжээ айзам цохилготой, зүйрлэл адилтгал, чимэглэл, хэтрүүлэл, давуулал, авталт дүрслэлийг гоё сайхан өвөрмөц хэв шинжтэйгээр хэрэглэсэн байдаг юм. Дом шившлэгийн агуулга хамрагдахууныг анх алхам хүнд холбогдох дом шившлэг, ан агнууртай холбоотой дом шившлэг, ан агнууртай холбоотой дом шившлэг жич бас бусад онцгой төрлийн дом шившлэг гэж хэдэн талаар нь хуваан ойлгож болно.

    Монголын бөөгийн шүтлэгийн зан үйл дотор шившлэг домын зан үйл онцгой байр суурийг эзэлдэг. Хүний сэтгэийн рэчим хүчийг итгэлийн үнэмшилтэй холбон үйлдэж, байгаль, нийгэм, юмсын хооронд гүйн үйлчлэх зай, олон зүйл соронзон гүйдэл долгион, энергийн болон масс, эсийн зайн үйлдлүүдийг нэгтгэсэн гайхамшигт үзэгдэл нэг талын томоохон шинжлэх ухааны нээлтийг Монгол хүн бүтээсэн болох нь олон зууны дараачаар одоо үед хүчирхэг зэвсэг болгон ашиглахаар олон улс орны эрдэмтэн мэргэд ажиллаж байна. Эрт баларын хүмүүс байгалийн догшин үзэгдэл үйлчлэлийг танин мэдэж, тодорхой арга зан үйлийг ашиглан түүнээс зайлах, холдуулах, ойртон ирэхээс сэргийлэх аргыг олсны нэг нь домнох-зан үйл болно. Монгол дом нь ямарваа нэг зүйлээс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгээх, харааж зүхэх буюу түүнийг номхотгон дарах чиглэлтэй байдаг. Сэргийлэх домыг үйл явдлын эхлэхээс бүүр өмнө үйл хэрэг бүтээх, алс холд одох зэрэгт үйлддэг бол эмчилгээний домыг өвчилсөн хойно хийдэг ба хараах зүхэх домыг ямарваа үйлийг номхотгон дарах, сэрэмжлэх, халдан дайрч устгах зорилготойгоор хийдэг байна.

    Мал сүрэг хотондоо ирэлгүй хээр хөдөө хонох үед гарзын үүдийг хааж, чоно нохой зуухаас урьдчилан сэргийлэхийн тулд голцуу галын хайчны амыг тэмээний бурантаг юмуу утсаар боогоод гэрийнхээ баруун урьд завагт хавчуулдаг бол анагаах эдгээх дом хийхэд жишээ нь хүзүү гоётож өвдвөөс ганган хээцэр хүүхэнд очиж өвдөгнөөс нь адис авах маягаар хэдэнтээ бөхөлзөх дом хийдэгчлэн хараал зүхлийн дом гэвэл алив хүний зам дээрээс буруу эрчилсэн хуй салхи дэгдэн өөрийг нь дайран гарвал бугийн тоос гэж үзээд буруу харан бөхийж салтаан доогуураа шороо цацан дом хийдэг. Энэчлэнгээр сэргийлэх, анагаах, зүхэх гурван үйлд дом хийж домнох олон янзын хувилбар байдаг. Өвчнийг ерөндөглөх, дайсныг номхотгох чиглэлтэй домыг “хар дом” гэж заншчээ. Монгол дом нь ам дамжин өвлөгдөж уламжилсаар ирэхийн хамт сүүлдээ судар номд бичигдэн үлджээ. Монголчуудын утаатай бор гэр, хоймрын хар авдранд нь домын судрууд хадгалагдаж үеэс үед шилжин иржээ. “Хар домын судар”, “Ногоон дом” хэмээх судар арваас хорин хувилбар буй. Зарим хувилбар нь өөр хоорондоо маш адилхан ч гэсэн ямар нэгэн юмаар өөр байдаг ажээ.

    “Чингис хааны хар домын судар”, “Ловонгийн хар домын судар”, “Элдвээс хамгаалах чадал, үсэг тарнийн судар”, “Эрэндоонацагийн хар домын судар” гэх мэт олон тооны домын ном судар өнөөдөр ч хүмүүсийн гар дээр байсаар байна.

    Монгол домнох зан үйл нь эртний уламжлалт сэтгэл заслын арга юм. Дом ийнхүү сэтгэл зүйн үзэгдэл болон үүсээд боловсронгуй, төгөлдөр зэрэгт хүрэх маш урт замыг туулсан ажээ. Тийм урт замд нь домч бөө, удган, ховсч, хараалч, ерөөлч, мэргэч, төлгөч, үзмэрч, тарнич, хувилгаад, гүртэнгүүд төрөн гарсаар хорьдугаар зуунтай золгожээ. Бид бүхий үдэж буй хорьдугаар зууны сүүлийн хагаст “экстрасес” гэхчилэн шинэ маягийн домч нар олноор төрөв. Дом гэдэг ухагдахуун одоогийн хөгжингүй орнуудад “психтроника” /сэтгэл гансруулагч/ хэмээх сэтгэл зүйн дээд шатны үзэгдэл болон хувирчээ.

    Алс холын зайнаас хүний үйл ажиллагаа амьдралд нөлөөлдөг хүчийг үндсэндээ дом гэж үзсээр иржээ. Тухайлбал Африкийн бөө нар зомбичлах үйлдлээрээ хүнийг үхүүлээд сэхээдэг дом шившлэгийг хэрэглэдэг байна. Янз бүрийн өвчин эмгэг үүсгэдэг хортой муу газрын хүчнийг нөлөөллийг саармагжуулахад металл толь тэр тусмаа бөөгийн хүрэл зэс оль онцгой нөлөө үзүүлдэг болохыг манай эрдэм мэдлэгтэй бөө удган нар эртнээс олж мэджээ. Гадны нөлөөгөөр хүнд учирч байгаа хүчтэй нөлөөллийг астрал довтолгоон хэмээн нэрлэдэг.

    Домын дээд хэлбэр болох “психотронны” /сэтгэл гансруулагч/ нь эдэвгээгийн хүчирхэг том гүрнүүдэд шинэ маягийн зэвсгийн төрөл зүйл болон ашиглах улмаар “психтроникийн дайн” дэгдэхийн босгон дээр тулж ирлээ. Хүн төрөлхтөн уул нь өөрийгөө хамгаалах зэвсэг болгон “дом” гэгчийг бүтээсэн байтал одоо тэр нь хүн төрөлхтөн өөрийгөө егүүтгэх хууль үйлчлэх ёр орж байгаа ч юм бил үү? Ийм аюултай бөгөөд нууцлаг зэвсэг боловсруулж байгаа их гүрнүүд халуун цөмийн зэвсгээ, тухайлбал цөмийн пуужингуудаа устгаж харагдах нь ч ойлгомжтой буй заа.

    Дом ийнхүү аюул нүүрлүүлэх хэмжээнд хүрснийг бага буурай орнууд төдий ч анзаарахгүй байх мэт. Харин эрт цагийн домынхоо уламжлалыг дурсах нь идэвхжих янзтай.

    №2

    Монгол дом гурван үйлэнд сайн гэдэг. Юуны урьд болзошгүй осол аюул, муу юмнаас биеэ хамгаалахад домнох арга нэн хэрэг болдог байж. Монголчууд дайнд их үрэгдсэн бөгөөд дайтах байлдахыг бараг хорин зуун, түүнээс ч өмнө нийгмийн идэвхийн гол үзүүлэлт болгож явсан түүхтэй. Дайнд явахдаа олон төрлийн дом, шившлэг хийдэг байжээ. Тэрний нэг нь хойлог шувууны мах биедээ авч явах дом юм. Хойлог шувууны махыг биедээ авч явах боломжгүй бол идээд дайнд ордог. Хойлогийн мах идсэн хүн дайнд шарх оловч тэрхүү шархнаасаа болж үхдэггүй буюу шархны халуунаар үхдэггүй гэдэг байжээ. Олон цэрэг шархдаж зовох үед дарга нь “хойлогийн мах идсэн хүн байна уу?” гэж цэргүүдээсээ асуудаг. “Байна” гэвэл тэр хүнийг дор нь харван алж, махыг нь өнөөх шархтангуудад хуваан өгдөг байсан гэх домог бий. Тиймээс “хойлогийн мах идсэн гэж бүү хэлээрэй” хэмээн эцэг эх нь дайнд явах хүүдээ захидаг байжээ.

    Монголчууд амьдралын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. Ялангуяа малд зориулсан домын арвин сан буй бөлгөө. Үүнд мал нядлах, хурга, ишиг хөнгөлөх, хөгширсөн хуц ухнын засааг чимхэх, мал хээл хаях, эргүүтэх, хамуурах, годронтох гэхчлэн элдэв юм тохиоход тус бүрд нь домнож бас шившлэгийн үг хэлж бүүр дадал заншил болсон нь монгол малчдын онцлог өвөрмөц төрх юм. Морь эвшээх юм уу ам цагаан хулгана исгэрэхэд ч гэсэн монгол хүн заавал хариу домыг уруулаа хавсран исгэрэх байдлаар өгдөг юм.

    Монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг нийтээр зуршил болгосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь монгол ахуй, нүүдэлчний амьдралын онцлогт дулдуйдсан зан үйл зонхилдог учир байгаль хүн хоёр, хүн мал хоёрын харилцан шүтэлцээ, харилцан зохицохуйн хандлагыг илэрхийлдгээрээ онцлог юм. Гэхдээ эм, эмчилгээ анагаахын шаардлагыг тусгасан дом давамгайлдгаас “эм дом” гэсэн хоршоо утгатай нь дийлэнх болой.

    Монголын бөөгийн шүтлэгийн зан үйлийн уламжлал дотроос төрсөн монгол ардын домнох зан үйлийн ухаан нь аж төрөх ахуйн үйлдлэгийн арга, бэлэгдэл дүрсийн арга, үг хэлний хүч увдисын арга гэж гурван зүйлд хувааж үздэг.

    Хүн амьтны дом: Хүн амьтны тухай дом шившлэг гэдэг нь голдуу хүмүүсийн нийгэм байгалтай харилцаж аж амьдрах явцад тохиолдсон сайн муу алив зүйлийг аргадан илбэх дом шившлэг байдаг. Үүнд юуны өмнө хүмүүст үргэлж тохиолддог өвчин тахал, үхэл зовлонтой холбогдох дом шившлэг нь ихээхэн хувь байрыг эзэлдэг.

    Хүний өвчний дом: Эртний хүмүүс өвчин зовлон орох буюу гэнэт ямар нэг зүйлийн гол бус учралаас болж хүмүүст гэнэт хэцүү үйл тохиолдоход дом шившлэгийн аргаар шийдвэрлэж байжээ.

    Үг хэлний увдисаар домнох зан үйл: Хүний биед үргэлж гал бадарч байдаг эрчим хүч ихтэй хоёр эрхтэн байдгийн нэг бол хэл юм. Хэлний үзүүрээс урсан гарах үгийн ид шидийг ашиглан алив муу муухай арилган устгаж, сайхан бүхнийг дэлгэрүүлж болно хэмээн монголын бөө нар үзэж ирсэн. Хэлийг түлхүүр эрхтэн ч гэдэг. Хүний зүрх сэтгэлийг хэлний үзүүрээс урсан гарах үгийн хүсээр түлхүүрдэн баяр баясгаан, зовлон жаргалыг авчирч болдог. Бөөгийн дуудлага, тамлага ч үүнтэй холбоотой юм. Үг хэлний дом нь нэг ёсонд уламжлалт сэтгэл засал болой.

    Хэлээр илрэн гарах шившлэг нь домын салшгүй дагуул, бүрэлдэхүүн хэсэг юм. Домын үйлдлийг хийхийн хамт шившлэгээ дагалдуулан хэлдэг учраас дом,шившлэг хоёрыг салшгүй холбоотой.Шившлэг нь ардын аман зохиолын биеэ даасан төрөл зүйл болтлоо боловсронгуй болон хэвшсэн төрөл зүйл. Үгийн увидасаар элдэв муу бүхэнтэй үзэлцэхэд зориулсан богино хэлбэрийн яруу цэцэн хэллэгийг шившлэг гэдэг. Шившлэг нь ил далд хоёр хэлбэрээр хэрэглэгдэж ирсэн. Ил хэлэх шившлэг нь ихэвчлэн сайн сайхны ерөөл, хүсэл мөрөөдлийн бэлгэдлийн шинжтэй байдаг. Харин далд унших шившлэг нь мэргэ төлөг тавих, харал зүхэл хийхэд хэрэглэдэг учраас ил тод хэлэгддэггүй. Шившлэг үйлдэж буй хүний зөвхөн уруулын болон нүдний хөдөлгөөнөөр нь мэдэрч болно.

    Ил шившлэгийг гол төлөв домноход болон цацал цацахад хэрэглэнэ. Тийнхүү шившлэгийг домын, мэргэ төлгийн, хараал зүхлийн гэсэн гурван төрөлд хувааж болно. Ер нь ч тиймэрхүү хандлагаар хэрэглэгдсээр иржээ. Домын шившлэгийг домч хүн хийнэ. Гэхдээ өргөн олонд ихэд тархсан зан үйл учир заавал дан ганц домчоор зогсохгүй түгээмэл зүйл юм. Харин мэргийн шившлэгийг зөвхөн мэргэ, төлөгч хараал зүхлийн шившлэгийг зөвхөн хараалч,тарнич хүн үйлдэнэ. Хараалын шившлэгийг шүд бүтэн, нас залуу хүн нууцаар хийдэг байжээ.

    Шившлэг нь аврал, нигүүсэл, эрсэн, даатгасан шинжтэй бас заримдаа хишиг даллага, урилга заллагын маягтай байдаг. Шившлэг нь хувь хүний хүсэл мөрөөдлийн илрэл юм. Гэхдээ нийтэд түгээмэл сайн сайхны мөрөөдөл шившлэгээр илрэх нь цөөнгүй. Бурханы шашин монголд дэлгэрснээс хойш шившлэг нь агуулга хэлбэрийн хувьд нилээд өөрчлөгдөж хувирсан юм. Монгол хэлээр яруу найргийн хэлбэрээр гарч байсан шившлэг Төвд хэлээр тарнийн үг болон өөрчлөгдсөн нь ч олонтаа билээ. Шившлэг нь зөвхөн монголчуудын дунд дэлгэрсэн үзэгдэл биш юм. Өөр улс үндэстэнгүүдэд үгийн ид шидийг ашиглан шившлэг үйлдэх зан үйл мөн л түгээмэл дэлгэрсэн байдаг.

    Үгийг ид шидтэй хэмээн үздэг үндэстэн бүхэнд шившлэг байдаг бөгөөд үгээр анагааж ч болно, алч болно гэж итгэн шившлэг залбирал, зүхэл зэрэг төрөл зүйл буй болгожээ. Шившлэг нь гуйж, аргадсан, урин залсан, даллласан, даатгасан утгатай бол залбирал нь цэвэр өршөөл соёрхол эгээрсэн утгатай болой. Харин зүхлээр айлган сүрдүүлэх, хараан мохоох чиглэлтэй ажээ.

    Түүнчлэн аливаа хүн цаг бусын найман зүйлийн үхлээр амь насаа алдаж болох тул тэр бүхнээс сэрэмжилсэн шившлэг тарни, судар ном байсан ажгуу. Тэдгээр найман зүйл цаг бусын үхэл нь гал, ус салхи, газар хөдлөх, хор, хараал, араатан, аянга зэрэг болно. Аянганд ниргүүлж цаг бусаар үхэх аюулаас сэргийлэн олон төрлийн дом хийдэг байсан. Үүнд: зуны эхэн сард тэнгэр дуугарваас гэрийн эзэн гоёлын хувцсаа өмсөөд савтай тараг, сүүгээ авч гараад гэрээ нар зөв тойрон цацал өргөж:

    “Зудаа цааш нь

    Зунаа нааш нь” гэж шившдэг болой.

    Тэнгэрийн дууг тэнгэрт луу дуугарав гэж итгэдэг байснаас цахилгаан цахихыг “луу унжив” хэмээн ойлгодог байв. Тэнгэр ихээр дуугарч, луу унжиж, цахилгаан цахиж эхэлбэл аянганд ниргүүлэвзэй хэмээн болгоомжилж дор дурдсан дом хийдэг басан. Үүнд:

    $1- Айргаа бүлж эхэлнэ

    $1- Задын чулуу, заг аянганд үхсэн малын яс эсвэл гурван цаас, эдлэл ил гарган тавиад “Алтангэрэл” судар тэврэн сууна.

    $1- Сохор номингийн арьсыг тэнгэр ниргэдэг тул тийм арьсаар бүрсэн элдэв эдлэл байвал цээрлэн гаргаж хаях, газарт булах дом хийнэ.

    Цагаан ястай тайж хүнийг тэнгэр ниргэдэггүй гэж үздэг тул:

    Хан цагаан ястай билээ

    Хас номин жинстэй билээ

    Хан тэнгэр язгууртай билээ

    Хай хийг хай хийг гэж хашгиран өөрийгөө таниулдаг домтой ажээ.

    Аянга цахилгаантай цагаар сондгой ганц модны дор зогсохыг цээрлэх бөгөөд жирх, олби оготно, сохор номинтой газар хоргодон саатахыг хорьдог заншилтай байв. Хэрвээ аянганд дайруулчихваас /гэр, хүн, мал дээр буусан бол/ есөн цагаан морьтой хүн түүнийг тойрон давхилдацгаан,

    Аньсан нүдээ хар

    Атгасан гараа тавь гэх мэтээр үглэн шившиж хашгиралдан домнодог байв. Тэрхүү домыг “Тэнгэр дэгдэх” дом хэмээмүй.

    Алив нэгэн хүнд муу юм шүглэсэн гэж үзвэл түүнийг шахан зайлуулах дом хийдэг байсан тул “шид хөөх”, “Шидэл гаргах” гэдэг зан үйл үлджээ. Тийнхүү “шид хөөх” тухайд уншдаг “шидэл” гэдэг ном буй. Түүнийг уншиж, гурилаар элдэв дүрс хийгээд шуудайлан гадагш гаргаж газар тавиад гаднаас нүдэж цохиж мөнөөх гурилан дүрсүүдийг буцалж дуусаад зүгийн муу зүгт хаядаг ажээ. Гурилан дүрсүүдийг бас “шидэл” гэх бөгөөд “шидэл” гэж зарим хүн хараадаг нь үүнээс үүссэн үг бололтой. Шидэлд шившиж хамаг явдлыг үглэн хэлээд бяцлан хаяснаар муу муухайгаасаа шившлэг домоор салдаг ажээ.

    Монголчууд мал сүрэгтэйгээ холбоотой дом, шившлэгээр тун өвөрмөц болой. Ялангуяа унасан морио хамгийн үнэнч дотны нөхөр гэж үздэг учраас эртний монгол шившлэгт янаг, амраг эхнэртээ зориулсан шившлэгээсээ илүү хүлэг мориндоо хандсан шившлэг үлэмж олон байдаг ажээ. Тухайлбал, аргамаг хүлэг морь нь алс хол гүйж магадгүй гэсэн сэжиг төрвөөс монгол эр маш олон арга ширгэ, дом хийдэг. Тэр дайны арга ширгийг амраг бүсгүйдээ хийдэггүй гээд л бодчих. Юу гэвэл гүйж магадгүй моринд шанхнаас нь авгай хүний үс зүүх, өөрийн хомоолыг нь унагах мориныхоо хомоолтой хольж үнэртүүлэх, нэг үндэстэй ургасан гурван тусдаа модны навчаар утах, сормуусыг хайчлаад гэрээ нар зөв тойруулж цай чанасан тогооны хавхагийг толгойд нь хүргэж, дөрвөн туруунд нь нутгийн дөрвөн уулын нэр бичих, туруунд нь номын нэр бичих, хонины ноос томж дөрвөн хөлийн сагагнаас нь юм зүүх, нэг хөлийн сагагнаас улаан бөс бөгжлөн уях, унаган морьтой холбож тавиад ижилсүүлэх, чихэр амсуулах, судраар адис өгөх зэрэг арга ширгэ хэрэглэдэг нь өөр ямар ч тохиолдолд ийм олон “мэх” гаргадаггүй гээд бодоход их л сонин санагдахаар билээ.

    Үйлдлэгийн энэхүү домыг олонхи тохиолдолд үгийн ид шидээр хүч оруулдаг юм. Ялангуяа хурдан морь цоллох, тууль хайлах зэрэг нь үгсийн шидээр нөлөөлөх дээд хэлбэр гэлтэй. Хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг мөн тушгирах, зүзүүлэх, хөөслөх зэргээр үгсийн ид шидээр уяруулан домнох бүхэл бүтэн төрөл зүйл буй. Харин үхэр, адууг тэгж өөвлөн, гуруйлах маягаар арга ширгэ, шившлэгт оруулах нь харьцангуй ховор байдаг. Гэхдээ бас нутаг нутагт өвөрмөц зүйл байдаг буюу.

    Үгээр үхүүлснийг

    Өвчиж болдоггүй

    Амаар алсныг

    Ачаалж бодоггүй гэж үг байдаг нь их л учиртай ажгуу.

    Монгол шившлэгийн үг нь:

    “Тоо нь түм хүрэг

    Тоос нь огторгуйд хүрэг” гэж эцэг мал тавихад ерөөлийн шинжтэй.

    “Алах гэж алсангүй

    Аргамж хялгасанд ороолдож үхлээ” /адуу нядлахад/ гэж гэмшлийн утгатай.

    “Саадагтай бол саадгаа буулга

    Санчигтай бол санчигаа буулга” /баавгай агнахад/ гэж шаардах өнгөтэй.

    “Бэр очсон газраа

    Чулуу шидсэн газраа” гэж /бэр буулгахад/ захисан шинжтэй.

    “Өвдөг өвдгөнд гарахаас

    Хэзээ нүдэнд гарч байлаа” гэж ятгасан /нүдэнд өвдөг гарахад/ аястай байх буюу

    “Чи муу нохой зээх

    Чийгээ бүү гарга” гэж /анд явахад зээх таарваас/ тушаасан маягтай.

    “Долоон уулын цаагуур ор

    Дов шороон доогуур ор” гэж /хэрээ гуаглахад/ хараасан өнгөтэй.

    “Өндөр гэвэл уулыг ниргэ

    Өргөн гэвэл талыг ниргэ” гэж зөвлөсөн шинжтэй.

    “Ангайсан ам нь зуураг

    Алтан араат, булган сүүлт минь” гэж занасан дүртэйгээр шившлэгийг харуулж байх ажээ.

    Товчлон хэлбэл: ерөөх, гэмших, шаардах, захих, ятгах, тушаах, хараах, зөвлөх, заналхийлэх, сүрдүүлэх, даатгах, амрал эрэх зэрэг сэтгэлийн олон өнгө илэрхийлдэг нэн баялаг аястай бас уран сайхны нарийн боловсруулсан билүүдмэл үгс байх тул шившлэг нь ардын аман зохиолын биеэ даасан төрөл зүйл юм. Бичгийн уран зохиолд ч шилжин өвлөгдсөн байдлыг үзэхэд шившлэг бол эртний Монгол уран зохиолын угийн бичигт том байр эзэлж байсан ажээ.

    Дуулж бүжиглэх дом. Монгол оронд өргөн дэлгэрсэн “адай” дуулах гэдэг нь ямар нэг айлын эхнэр хүүхэд буюу эмэгтэй хүмүүс хачин жигтэй өвчинд нэрвэгдвэл юуны өмнө бөө удганыг дуудаж өвчнийг нь тодруулахад хэрэв “Адай өвчин” гэж тодолбол даруй бөө удганаар тусгай “адай дуулуулах” болно. Адай өвчинд голдуу ад адай ба ураг адай гэж хоёр хуваана. Ад адай гэдэг нь эмэгтэй хүн хий өвчинтэй болоод дураараа энд тэнд солиотож гүйх, элдэв эс галзуу мэт аашлах өвчнийг ав адай орлоо гэдэг. Ураг адай гэдэг нь зарим эмэгтэй жирэмсэн болох үед илэрхий элдэв хачин жигтэй үзэгдэлтэй өвчнийг хэлнэ. Үүнээс гадна бас цагаан адай, элээ адай, цагаан элээ адай гэж байдаг.

    Адайгаар домнох шившихэд юуны өмнө адай дуулахаас өмнө бөө, адай өвчин олсон хүнтэй хэдэн өдөр хавьтаж ойртоод, өвчтнийг сургаж номлоно. Дараа нь өвчтнийг гэрт нь вандан ширэээн дээр суулгаж, гарт нь хүж бариулаад залбируулан үсийг нь сул тавин цочоож, бөө удганаас:

    “Хар үсийг чинь тавьж, ээ-адай

    Харж суухаас холдов ээ адай

    Хамт нөхөд чинь цөм ирэв ээ адай

    Хайрлан гарах цаг болов ээ адай

    Хүрээ дүүртэл хүн ирэв ээ адай

    Хүртэж түргэн босоод ир ээ адай

    Хүрээний талбарт гарах бол ээ адай

    Хүжийн үнэр авилгуулав ээ адай

    Гарын арван хуруугаа ээ адай

    Гадагш түргэн салга даа ээ адай

    Гадна талбарт гарахгүй бол ээ адай

    Гал тормоор цохино доо ээ адай

    Сэжиж хөвөн давхи даа ээ адай

    Санасан ёсоор чинь гүйцэтгэе ээ адай

    Зандан хүжээ тавь даа ээ адай”

    гэж өвчтнийг үтгэн аялгаж дуулах бөгөөд бас:

    “Дөрвөн дөрвөөр давшъя

    Дөрвөн зуун хорин нэгийг гүйцэтгэе

    Найм наймаар давшъя

    Найман зуун хорин нэгийг гүйцэтгэе”

    гэж дуулахад гэрт байгаа өвчтөн барьсан хүжээ алдаж, толгой гар нь чичирч салганахад хүмүүс гараас нь хөтлөн гадна аваачиж олны дугуйлж бүжиглэж бүхий адайн бүжгийн талбигуурт оруулан гар хөтлөлцөн адай дуулахдаа:

    “Адай өвчин хэд ч

    Айж суугаад болно уу даа

    Айлын ах дүү чинь цугларав

    Алхаж давхиад дуулцгаая”

    гэж бүжиглэхэд өвчтний өвчний байдал илээр болоход хүмүүс өвчтний байдалд тохиролцуулан

    “Туулан морийг унахаар

    Домын таяг сайн эд юм

    Тогтсон өдөрт гарахгүй бол

    Дуун үгүй уувал амраг юм” гэж дуулдаг байна.

    Зарим үед өвчтнийг дуулагч бөө удганы зоригоор явах үгүй, элдвээр аашилбал бас зохих хариуцах арга авч олон янзаар дуулж бүжиглэдэг бөгөөд бас өргөө цагаан гэр босгож өгдөг байна.

    Адай өвчнийг домнож, дуулж бах талбигуурт өвчтний ойр цус махан төрөл садан оролцдог үгүй цээр ёстой юм. Иймээс адайн дуунд:

    “Бэлгэ тохой гарлаа хө

    Бариад байвал цаашаа

    Бэлгэ үгүй үгийг хэлэлцэнэ шүү

    Цээрлэл байга нь цаашаа зайл” гэж дуулдаг байна.

    Адай дуулах гэдэг нь монголын эртний бөөгийн бөөллөгтэй холбогдох эмэгтэйн өвчнийг засах эртнээс уламжлалт нэг зүйлийн ардын эмчилгээний арга болно. Үүнд хэдийгээр шашин шүтлэгийн агуулгаар тойм боловч, өвчтний санаа бодлыг үндэслэж голдуу дуулж бүжиглэх зэргээр “сэтгэлийн зүй”-н жам ёсоор өвчнийг засах ёс жам бас байгаа юм.

    Ахуйн үйлдлээр домнох зан үйл. Ахуйн үйлдлийн дом нь нэн эртнийх бөгөөд хамгийн энгийн басхүү их нууцлаг хэлбэр нь ахуйн үйлдлийн ид шидээр домнох арга болно. Үйлдэл хийхдээ ямар нэгэн үг хэлэх юм уу шившлэг бараг хэлэхгүйгээр домнож элдэв гай зовлон учрал тохиолдлоос сэрэмжлэн хамгаалах энэ хэлбэр нь нүүдэлчин монголчуудын аж төрөлд их гүнзгий нэвтэрсэн бас маш олон төрөл зүйлтэй зан үйл юм. Тэрхүү төрөл зүйлийн хамгийн эртнийх нь ширгэ юм. Ширгэ бол галаар ариутгах ёсны уламжлал мөн. Гал тахихын үндсэн агуулга нь хоол ундаа болгох, гэр оронгоо дулаацуулахын дээр алив нэг юмыг шатаан ариутгах болгох чанартайг эрт дээр үеэс мэдэхийн хамт галыг ариутгах, үгүйсгэх чадал бүхий хүч гэж үздэг. Хоёр галын дундуур гарган ариутгал үйлдэж байж уул овоо тахидаг ба оршуулгын зан үйл хийдэг.

    Ахуйн домын үйлдлийн нөгөө нэгэн хэлбэр нь газар устай холбоотой. Газар уснаас хамааралтай үйлдлүүд хийх домнох аргыг амьдралын туршлага, эрэл хайгуул бас санамсаргүй тохиолдлоор “нээж” үр хүүхэддээ уламжлуулан үлдээсэн нь мянга түмэн оныг туулж, уг гарал, утга чанар нь ойлгогдохгүй нууцлаг зүйл болно хувирсан ч гэсэн амаар уламжлан хэрэглэсээр ирсэн байна. Ахуйн дом яваандаа ардын эмчилгээний арга хэрэглэлүүд болсон байна.

    Ахуй үйлийн дом, үг хэлний дом хослох тохиолдол цөөнгүй байдаг. Үг хэл, шившлэг үгүйгээр зөвхөн үйлдэл хийж домнох арвин баялаг сан хөмрөг монголчуудад байдаг. Тэдгээрээс үйлдлэгийн домын цөөн жишээ иш татвал:

    Хүүхэд ширгэлэх дом: Хүүхэд тавгүйтэн уйлагнах, өвчин ороох шинж тэмдэг мэдэгдвэл галын цогшсон үед атга давс хаяж хүүхдийг нүцгэнээр нь тэрхүү давсны шатан үсчиж шад пад дуугарах зуур нь гал дээр нар зөв эргүүлэх маягаар ширгэлэхийн хамт:

    Ган ширгэ суухаа

    Ган ширгэ суухаа

    Ширгэ! Ширгэ! Ширгэ! гэж шившин хэдэнтээ давтана. Хүүхэд тавгүйтвээс хар, цагаан аршаанаар угаал үйлдээд усыг буруу үүдээр гадагш цацаж домноно.Хүүхдийг өвчин ороох шинж орвоос үдэш харуй бүрийгээр тугалга хайлуулан савтай хүйтэн усанд хийж элдэв янзын дүрс гарган царцсан хэсгийг уул хүүхдийн манцуй, өлгийнөөс нь зүүж өгч домноно.

    Хүүхэд дүрслэх дом. Өндөр уулын бэлд нар ургах зүгт гарсан булгийн эх орчим, уулын ар буюу өвөр завсрын бэлд ургасан хус модыг Пүрэв гаригт зүүн баруун, дээд доод талыг эндүүрэгдэхгүйгээр тэмдэглэж огтлоод уран хүнээр хүүхэд бүтээлгэж будна. Модны дээд талд толгой хийдэг.

    Өглөө нар эхэлж тусах газар зүүн тийш нь харуулж гарт нь мөнгөн толь бариулж тавиад бөөн цагаан чулуун дээр цагаан хивэнд боож эхийн сүүгээр шүршиж модон хүнийхээ ард баглаж нууна. Хүүхэдтэй болох, хүүхэд тогтох дом энэ юм.

    Бүсгүйн дом. Үр нь үл тогтох бузар орсон айлд үнэгний эр баасыг гэр тойрон дөрвөн хуруу өргөн үргэлж дэлгэвэл буг зайлаад үр тогтох дом болно. Эр баас гэдэг нь мод чулуу, юман дээр байх, эм баас бол хаана ч байдаг. Жирэмсэн эхнэр төрж ядан хүндэрвээс гэрийн өрхний оосрыг тооноор оруулж унжуулан домноно. Нярайлсан эхийн хөх хавдаж үрэвсвээс хөхний нь арьсан дээр хөөгөөр гэрийн тооно зурж домноно.

    Хүнээс юм горьдсоноос хөх хавдсан бол горьдуулсан хүн нь цаасанд аргал боож бэлэг мэт өгч дахин нэг горьдуулаад дараа нь жинхэнэ өгөх юмаа өгч хавдрыг хариулна.

    Эмэгтэй хүн үр таслахыг хүсвэл буудайны гурилын исгэвэр нэг жинг сайн архинд хуурч чанаад шаарыг нь шүүж хаяад архийг гурван хэсэг хуваан сарын тэмдэг ирсэн өдрийн орой нэг аяга, маргааш өдрийн үдэд нэг аяга уугаад нар гарахад үлдсэн хэсгийг уувал 50 нас хүртлээ үр тасарна гэдэг.

    Эхнэр хүн шүдээ хавирах цээртэй бөгөөд аль нэгэн тохиолдлоор шүдээ хавирчихвал засал дом хийнэ. Эхнэр хүн шүдээ хавирваас эрдээ муу болно. Охин хүүхэд шүдээ хавирваас эх, эцэг хоёрт муу гэдэг. Засах дом нь: гутлын уланд нэг, нэг зоос гурав гурван хэсэг түүхий мах хийж хавсраад тэр хүнийг унтуулаад гутлын зулгаар гаднаас нь гурав гурав цохиод зоос махыг авч түүн рүү гурав гурав нулимаад зүүн тийш гарга. Хойноос нь нэг аяга ус цацваас магад амарлина.

    Тогтдоггүй хүүхдийн дом. Хүүхэд нь тогтдоггүй айл шинээр төрсөн хүүхэддээ Хэнч биш “хүн биш”, “нохой хүү”, “бааст” гэх мэтийн гажиг нэр өгвөл дом болно. Хүүхэд нь тогтохгүй бол өөр айлд түр үрчлүүлэн, хүний хүүхэд мэт байлган домноно. Хүүхэд тогтохгүй бол онго, сахиус зүүх, үнэгний хоншоор, тарваганы соёо, явуу, шувууны хумс, нурууны яс мэтийг зүүж домноно.

    Хүүхэд тогтдоггүй айл шинээр төрсөн хүүхдээ газар тавьж дээр нь тогоо хөмрөөд гадуур нь зурж домноно. Хүүхдээ тогтоохын тулд ихрийн өрөөснөөр эх бариулан домноно. Тогтохгүй хүүхэд гэж үзвэл харь угсаатны дээл хувцсанд эх барьж боож авна. Хүүхэд тогтохгүй болбоос гэр орныхоо тавилгыг сольж домноно. Хүүхэд нь тогтдоггүй айл шинэ төрсөн хүүхдээ чонын арьсан тулманд манцуйлж авч домноно.

    Хүүхэд нь тогтдоггүй айл шинэ төрсөн хүүхдийнхээ хүйг зээр, буга, чоно, алаг дааганы шөрмөсөөр боож домноно. Хүүхэд нь тогтдоггүй айл шинээр төрсөн хүүхдээ олон хүүхэдтэй эхийн дотоод энгэр хормойгоос хайчлан авч манцуйд нь хадаж домноно.

    Эм дом. Гар дээр үү гарвал утсыг үү хэд гарсан тэр тоогоор зангидаж нойтон газар булаад “үү, чи сонс, Тэр нэрт хүн үхтэл чи юунд явна” гэж сүрдүүлэн шившинэ.Булсан илжирч тасармагц үү үгүй болох учиртай гэдэг. Гар дээр үү гарваас дөрвөн замын уулзварын шорооноос авч арван тавны сартай шөнө шээсээрээ зууран угаана. Сарны гэрэлд үүтэй гараа үзүүлж байгаад нохойд долоолгоно.

    Хүзүү хөшиж гоётвоос гоё сайн эдийг өмнө нь тавиад түүний зүг гурав, гурвын ес мөргүүлж, өвдсөн газрыг цагаан эдээр арчаад цацал өргөж домноно.

    Чих дүлийрвэл хээр хөсөр хэвтсэн хувхай гадсыг аваад газарт шааж сугалаад нүхэнд нь чихээ наан чагнаж байгаад “Миний чихний өвчнийг чи ав. Чиний зовлонг би авъя” гэж хэлээд долоо дахин тийн үйлдвээс сайн гэдэг.

    Элдэв дом. Орон дээр хүн хонохгүй эзгүй байхад хүрвэл хайч, хутга, нүдүүр, мэс сүхний аль нэгийг тавьж хонуулан муу юмнаас сэрэмжлэн домноно.

    Бүсээ дээдлэх учир шөнө унтахаар тайлахдаа дунд нь эвхэн хүвэрхий зангидаж тавина. Сунаж, цувирсан өлөн гэдэс мэт тавих, нар буруу эргүүлэн бүслэх цээртэй.

    Хулгайч, дээрэмчний хөл хорихын тулд хатавчны хөлд таван зүйлийн утас дор нь босготой холбож аль зорьсон дайсан, дээрэм, хулгайн нэрийг бичиж тавибал дээрэм хулгайн дурыг дарж өгнө. Гэрийн чанх урд болон ар талд овоо босгох эсвэл гадас шааж орхивоос хий салхин, гүйдэл, сэлт муу юмыг хаана.

    Хулгайч дээрэмчдэд юмаа алдсан хүн жамба модон /дөрвөн хуруу дөрвөлжин мод/ дээр хулгайчийн дүрсийг төсөөлөн зурж “ум ан ган хүг за ди суухаа” гэсэн тарнийг бичиж 21-108 удаа уншин бясалгаж, хулгайчийн толгой эргэн мансуурч чихээр нь хатгуулж байна гэж бодон жамба руу шившин үлээж галд шатааваас хулгайч авсан юмаа буцаана.

    Од харвахыг харваас

    Тэнгэрийн од болохоос

    Миний од биш Түй! Түй! Түй! гэж гурвантаа нулимж домноно.

    Морины дом. Монгол хүн унасан морио хамгийн их эрхэмлэн хайрлаж олон тооны дом шившлэг хэрэглэдэг.

    Мориндоо газрын сүр цохиулахгүй /өндөр уулнаа/ хэмээн жижиг сухай модны тайрдас цоолоод хоёр эрүүний нь хооронд зүүж домноно.

    Морио уралдахад хурдан давхиулахын тулд хазаарын сагалдарганаас сухай зүүнэ. Мөн шувууны өд ч бас зүүж домноно. Бас цагаан зандангаар утаж өгнө.

    Моринд нь олиг өвчин /хутаг/ туссаныг гаргахын тулд үдшийн цагаар хурганы шуугиан дундуур хөтлөн явна.

    Морины хутаг /олиг өвчин/ гаргахын тулд адууны зуултаар утах, арц буцалгаж өгөх, шөнийн цагаар голын ус сөргүүлэн услах, сарын арван тавны шөнө цагаан эсгийгээр нэмнэнэ.

    Морины хутаг гаргахын тулд нэг модны долоон боргоцой буцалгаж өгнө. Мөн хутаг гаргах морийг хур үнсэн дээр ух, чоно хөөх, эсгий татах зэргээр домноно.

    Морины хутаг гаргахын тулд 2,5,7 настай бүстэй хүүхэд гаргасан эхнэр хүнд унуулах, ихэр хүүхдийн оймсоор цохих дом хийнэ.

    Моринд хутаг /олиг өвчин/ суулгахгүйн тулд тэр морин дээр хонь дүүрэхийг цээрлэнэ. Мөн мордохдоо хондлой дээр нь гутлаа хүргэхийг болон хог новшин дундуур явуулахыг цээрлэнэ.

    Морийг хол газар буюу уул нутагтаа гүйж магадгүй гэх сэжиг төрвөөс шанхнаас нь авгай хүний үс зүүх, өөрийнх нь хомоолыг унаган мориныхоо хомоолтой хольж үнэртүүлнэ. Гүйж магадгүй морийг нэг үндэстэй ургасан гурван тусдаа модны навчаар утах, сормуусыг хайчлаад гэрээ нар зөв тойруулж, цай чанасан тогооны хавхагийг толгойд нь хүргэнэ.

    Гүйж магадгүй морины дөрвөн туруунд нь нутгийн дөрвөн уулын нэр бичих, хонины ноос томж дөрвөн хөлийн сагагнаас улаан бөс бөгжлөн уях, унасан морьтой холбож тавиад ижилсүүлэх, чихэр амсуулах, судраар адис өгөх зэрэг олон тарнийн дом хийнэ. Үйлийн дом хийх ийм заншил ихээхэн өргөн цар хүрээтэй билээ.

    Монголчууд “Долооврын дом Эрхийн эрдэм” гэж монгол мэргэн үг байдаг. Яагаад тэгж ярьдаг нь ойлгомжтой. Долоовор хуруугаар домнодог, дом хийдэг, эм өгдөг, тугнадаг, элдэв юмыг амталдаг учир “долооврын дом” гэж алдаршжээ. “Эрхийн эрдэм” гэдэг нь нум сум харвахад эрхийвчлэн татдаг тул мэргэн харваачийг тийнхүү “эрхийдээ эрдэмтэй” гэж үздэг байлаа.

    “Эрхий мэргэн

    Эмч домч” эрхий, долоовор хоёр хурууг тийн нэрлэх болсон амой.

    Бас хүн рүү долоовроор дохих, зангах, чичих цээртэй. Учир нь хараал, дом хүрч мэдэх тул тийнхүү цээрлэнэ.

    Энд цөөн хэдэн жишээг эмчилгээний домоор авч үзвэл:

    Илж домноход голдуу мөнгөн аяга, хад чулуу, гууль зэргийг хэрэглэхээс гадна тэмээний сүү, шар тос, архи зэргийг түгээмэл хэрэглэдэг байжээ. Хүмүүсийн өвчнийг илж сугарч домнох хүнийг “заарин” гэдэг нь энэхүү илж сугсрах эмчилгээ нь эртний бөө мөргөлийн соёлын хувиар бөө удган үйлдэж байсныг дахин гэрчилж байна.

    Сэвсэлж арьсалж цолдож домнох: Сэвслэх гэдэг нь хонь, ямаа, морь зэрэг малыг алсаны даруйд халуун сэвсээр гаднаас нь хөхүүлж өвчнийг засахыг хэлнэ. Тухайлбал хорт могой гар хатгавал даруйд нь ямааны сэвсээр сэвсэлж домнон засдаг. Арьсдах гэдэг нь сэвслэхтэй ойролцоо малын арьсыг өвчмөгц халуун арьсаар боож ороох заслыг хэлнэ.

    Цолдох гэдэг нь мал амьтны дотор таван цулаар хүний таван цулыг засах арга болно. Тухайлбал хүний дэлүү гэмтсэн бол малын дэлүүг авч хүний дэлүү байгаа газарт гаднаас нь наалдуулан анагааж засах болно. Ардын эмнэлгийн домыг “Монголын нүүдэлчин ардын эмнэлэг” хэмээх номд тодорхой оруулсан болно.

    Хар цагаан хэл амнаас сэргийлэхийн тулд: Жишээ нь 55 настай хүн, 55 см улаан утас нийтгээд гэрийнхээ босгоны баруун талаас шороо авч хааш хаашаа 10 см хэмжээтэй цагаан даавуунд боогоод, нийтгэсэн утсаараа боож, хаалганыхаа дотор талаас уяна. Өөр нэг арга бол гарынхаа хумснаас авч, зарааны үстэй хамт биедээ хадгалж явбал сайн. Ер нь зарааны үс хэл амнаас хамгаалдаг. 5-7 ширхэг үс авч явбал илүү сайн.

    Арилжаа наймааг ашигтай байлгахад: Цагаан хадгаар тооно тушиж, хөвөрхий уяна. Хадгандаа зарах гэж байгаа зүйлийнхээ өлөн тоосноос авч хадгална. Гэхдээ битүү саванд хийлгүй, ил байлгана. Та нилээд “хэцүүхэн” хүнтэй ажил хэргийн болон хувийн асуудлаар уулзаж, хүндхэн сэдвээр ярилцаж нааштай хариу авахын тулд нөгөө хүнийхээ нэрийг бичиж шатаагаад, үнсийг нь өөрийнхөө үстэй хамт цаасанд боож, уулзах үедээ авч орно.

    Харанхуй шөнө хүүхэд уйлахад: Хүүхэд юмнаас айн хөлсөж уйлдаг. Тэр үед галдаа /плиткан дээр бол асгаад/ долоон ширхэг давс хийгээд “ширэг, тайраг” хэмээн хэлж, хүүхдээ тэврээд нар зөв гурав, нар буруу тойруулна.

    Хайртай залуу, бүсгүйгээ ховсдож өөртөө татахын тулд та оюун санаагаа төвлөрүүлэн, ховсдох гэж байгаа хүнийхээ тухай бодож, гурван өдөр цагаан хоол идэж, нэг хоног мацаг барина. Эмэгтэй эрэгтэй ямар ч хүн байсан өөрийнхөө малгай, бүсийг дэрлэж унтана. Та ховсдох гэж буй хүнийхээ сайн муу чанарыг цаасан дээр бичээд, муу чанарыг нь бичсэн цаасаа шатаан үнсийг нь нар мандах үеэр өөрийнхөө муу зүгт хийсгэнэ. Сайн чанарыг нь бичсэн цаасаа шатааж, өөрийнхөө үстэй хамт цагаан даавуунд боогоод, ховсдож байгаа хүнийхээ амьдардаг зүг рүү өөрийнхөө наснаас нэгээр илүү алхаж, газар булна. Жишээ нь та 22 настай бол 23 алхана гэсэн үг.

    Бэлгэдэл дүрсээр домнох зан үйл: Монголчуудын бэлгэдэл дүрсээр домнож, сайн муу олон үйлдлийг бүтээх зайлуулах арга заслуудыг бөө нар хийж ирсэн юм. Энэхүү бэлгэдэл дүрсийн дом заслын аргыг одоо цагт “фэн шүй” гэж нэрлэн дэлхий дахинаар тархсан зан үйл болсон байна.

    Бэлгэдэл дүрсийн домын олон төрөл байдаг бөгөөд олон зүйл онго эсвэл шидэт дүрс зурсан сахиус, сэтэр саяг, буу, зуу, зүү зэргийг зүүх, наах, залгах, шатаах газарт дарах зэргээр домнодог. Эдгээрийг хэрэглэх арга хэлбэр нь янз бүр. Онгон сахиус бол төрсөн өдөр, гарсан гаригийн төөрөг, бичсэн номын хуудас хэлбэртэйг нь тусгайлан уутанд оёж, амилуулан хүзүүнээсээ байнга зүүж явдаг зүйл. Бас түүнтэй бараг ижилхэн буу гэдэг сахиулыг хүүхдийн дээлийн ухлаадаст оёж шилэн хүзүүн тушаа нь дээл дээр хадаж өгдөг байсан нь мөн л нэгэн ёсны домболох тул тэр дээлийн эзнийг элдэв хорлолоос сахин сэрэмжлэх учиртай ажээ.

    Саяг бол /саяга, сая, заяа гэж газар газарт олон янзаар дуудагддаг/ цаасан дээр бичиж эвхсэн тарни юм. Түүнийг зүүж болно. Бас идэж ч болно.

    Энэ бол “Алив зүгт одвоос муу одны хорлол үл болох” саяг юм.

    Энэ бол “Үүнийг залгиваас зүүдэлж дэмий донгосохыг амарлиулах” саяг юм.

    Энэ бол “Хонины гамшиг бүгдэд зүүвээс өлзий” гэдэг буу юм.

    Энэ бол “Адуу сахих саяг” Азарганы дэлнээс зүүдэг аж.

    Энэ бол “Унасан морийг сахих зуу” юм.

    Аливаа хүн, амьтан /мал сүрэг/ үхэж үрэгдэх эсвэл тогоо нэрж байхад архи эс гарах, тос хайлж байхад шар тос үл ялгарах, хэл ам болох, хэрүүл шуугиан гарах зэрэгт зүүж, наадаг эсвэл газарт булдаг буу нь хамгийн өргөн хэрэгцээтэй байсан ажээ.

    Ан автай холбогдолтой дом: Ойн иргэдээр гол болгож ан агнуур хийсэн монголчууд аж амьдралын гол нэгэн эх сурвалж болох ан агнуурын аж ахуйг үйлдэхдээ ч үүнтэй тохирох хувийн сэтгэхүй төсөөлөлтэй уялдсан ан агнуурын хамаатай ангийн магнаг тэнгэрийн тахилгатайгаар үл баран бас анд холбодох маш арвин цээр ёс буюу дом шившлэгтэй болжээ. Ойн иргэн ба талын малчны ан агнуурын хамаатай дом шившлэгийг доорх мэтээр дөхөм танилцуулъя.

    Ан даллах дом: Чоно үнэг барьсаны дараа арьсыг нь өвчиж хуулбал “Чоныхоо цагаанаас үнэгнийхээ улаанаас, мануулынхаа эрээнээс” гэж арьсаар нь хурайлж даллан шившдэг байна.

    Ан дайралдахын дом: Агнуурчин хүмүүс хөдөө хээр явж байгаад жигэгээгийн мөртэй дайралдахыг ихэд цээрлэдэг тул хэрэв дайралдвал:

    “Чиглэсэн буу чигээ бүү алд

    Чи муу нохой жигэгэгэ

    Чигэ бүү гарга” гэж домнож шившдэг байна.

    Чоно агнах дом: Анчин хүн чоно ялангуяа бэлтрэгийг агнасан бол буцахдаа нарийн гэдсээр нь зам дээр хэц татаж орхиод:

    “Булган сүүлээ наашлуул

    Алтан араагаа цаашлуул” гэж домнон шившдэг байна.

    Анхалж ан сурах хүний дом: Эрэгтэй хүүхэд анхны ан агнахад эрхий хурууг нь тэр ангийн өөхөөр тослон мялааж найр хурим хийж тусгай дом шившлэг хийдэг бөгөөд дом шившлэгийн үгий нь бас шившдэг байна.

    Ангийн хавх домнох: Анчид ан хийж байгаад буу зэвсэг нь онохгүй, ан амьтан алагдахгүй бол үүнд зориулсан хариу дом шившлэг хийдэг байна. Хавх ямагт газраас гарах буюу амьтан гөрөөс хавхлагдахгүй бол босгон дээр хавхаа тавьж, боловсон эхнэр буюу бүсгүй хүнээр долоон удаа алхуулах буюу эсвэл ташуурдаад дахин аваачиж зүүдэг байна.

    Ангийн буу шийрвэлж домнох: Буу онохгүй бол тусгай шийрвэлж домнодог байна. Тухайлбал халх нутгийн анчид буу онохгүй бол бууг мэргэн цэцэн болгох гэж буундаа нохойн сүг хайчилж мах анагаах босгон дээр тавьж буудах, цагаан цэгээгээр буугаа зайлах дом хийдэг.

    Дом-шившлэг-Хүн төрөлхтөний хамгийн анхны шүтлэгийн хэлбэр бол дом шившлэг мөн. Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн дунд үеэс хойш дом шившлэг буй болжээ. Дом шившлэгийг овог төрлийн ахлагч эрхлэн хамтаар үсрэх, бүжиглэх, дэвсэх харайх мэт биеийн хөдөлгөөн, шившэх, дуулах, зүхэх, даатгах, шивнэх мэт хэлний ажиллагааны хэлбэрээр гүйцэтгэдэг байсан. Дом шившлэгийг дууриах дом шившлэг, хүртэх дом шившлэг гэж хоёр төрөлд хуваадаг. Дом шившлэг бол домнох үйл ёслол, шивших үг, шүлэг хоёроос бүрэлддэг. Дом шившлэг нь ерөнхийдөө сайныг илрүүлэх, мууг зайлуулах чиглэлтэй байдаг. Дом шившлэг хоёрыг хамтатгаж нэгэн зэрэг хийх тухай энд өгүүлж, харин тус тусад нь хийдэг аргыг салгаж бичсэн болно.

    Дууриах дом шившлэг-Дууриах үйл ажиллагаагаар дамжуулан байгаль буюу хүн амьтанд нөлөөлөн зорилгоо тулгах гэсэн үйл ажиллагаа болно. Жишээ нь: ан агнахад, араатныг алахын тулд хад чулуу буюу ямар нэгэн газарт жад, сум хатгасан араатны дүрсийг дууриан зурах ба сийлж тавьдаг. Энэ бүхнийгээ шүтэх гэвэл үлдээн шүтэж, хорлол гэвэл эвдэн хаядаг билээ.

    Хар дом шившлэг- Энэ бол элдэв мууг зайлуулах чиглэлтэй байдаг.

  • ЗАЙВРАА БУУРАЛ УДГАНЫ ТҮҮХ

    -Хн Дува та хоёрт сайхан далим болж. Юу, юугүй цас дарчихаас өмнө хэсэг өвсөө ч гэсэн дөхүүлмээр юм даа гэж хэнд ч хандаагүй өнгөөр тэрүүхэндээ хэлээд галаа засч хоёр, гурван гишүү хийлээ.
    Намайг хүүхэд байхын л түүнийг нутаг орныхон “Дува сохор” гэж дууддаг байлаа.
    Тэр хүн бүртэй тийм дотночилохгүй, хальт харсан нэг нь элий солиотой гэмээр боловч аавтай сүрхий найзархана. Арсайн голдоо бүү хэл зэргэлдээ сумдуудад шагшигдсан баян Хөөлэй гэж хүний ганц хүү байж. Хүүхэд байхын л ан авд сонирхолтой, мэргэн цэцэн нэгэн байсан ч 33 нас хүрсэн жилийнхээ өвлөөс өрөөсөн нүд нь гэнэтхэн таг сохорчихож. Аль л сайн эмнэлэг эмч, эрдэмтэй чадалтай бүхнийг дуусгаад нэмэр болоогүй ч азаар өрөөсөн нүднийх нь хараанд ямар ч нөлөө үзүүлээгүй юм гэнэ лээ. Түүнээс хойш баян Хөөлэйн хөрөнгө мөнгө элсэнд хийссэн ус шиг үгүй болоод үр хүүхдүүдээс нь ганц энэ муу Дува л үлдсэн юм. Энэ бол хурга ишиг хариулж, зурам чогчиго үргээж явснаасаа хойш сонссон үлгэр домог шиг яриа билээ. Энэ бүхнийг нэхэн эргэцүүлж хэвттэл
    Хүрэн тоо-лоо-гойн ээ сүү-дээр ээ… хэмээн дуулах нь сонсогдлоо. Өвлийн амралтаа далимдуулан аав ээж дээрээ ирсэн би үд шахтал хэвтсэн нь энэ л дээ. Тиймээс шалавхан босч хувцасаа өмслөө. Тэрээр хуучин муу цэмбэн дээл өмсөж, үзүүр нь сэмэрсэн дурдан ороожээ. Хэдэн жилийн өмнө сургууль төгсөж хот хүрээ бараадахад иймэрхүү л янзын хүн байсан хэвээрээ ажээ. “Юмтай хүний зүстэй хүү” явсныг нь гэрчилэхээр үлдээ болов уу гэж энгэрт нь үлдэж хоцорсон хоёр том мөнгөн товчний цан хайлах нь хэн нэгний хауурслын нулимс мэт. Баруун нүд нь улам ч гүн ширгэжээ. Мэнд мэдэлцэж идээ цай болсны дараа ээж нэрмэл гарган халаалаа…
    …Хоёр өвгөний яриа задгайрч чангарах янзтай. Хар модны хуурай гишүүний илч өвлийн жижиг гэрт төөнөж агаар амьсгалмаар санагдана. Аавын дээлийг хөөргөж бүслээд гарахад Дува ахын
    -“Урд хөл бүдэрхээр хойд хөлийг ташуурдана” гэгчийг энэ биеэрээ тууллаа даа гэсэн үгс хаалганы цаана үлдэхгүй гэсэн шиг жавар сөрөн зүтгэлсээр чих рүү орчих шиг санагдав.
    * * *
    Эцэг өвгөдөөс өвлөсөн ч өөрийн сайндаа хороож үрэлгүй харин ч нэмж цуглуулсан энэ их хөрөнгийг хэндээ үлдээдэг билээ гэсэн хармын бодол ойрд Хөөлэйн тархинаас гарахгүй зовоож байлаа. Тиймээс ан харах нэрийдлээр уул хангайд гарч, сэтгэлийн шаналалаа бага ч гэсэн нимгэлэхийг санаархана. Тавь хүрсэн хойноо залуу эхнэр аваад ч, уул хангай, онгод бөөгөөр яваад ч түүнд голомт сахих хүү заяасангүй. Энэ бүхэндээ шаналсаар Тамтын ам уруудан сажилж явтал нэгэн шинэхэн урцаас утаа гарч байхтай таарав. Хөөлэй ч элдэв юм бодолгүй урцны гадаа очиж “Нохой хорь” гэж хэлсэн болоод морьноосоо буутал дөрвөн нүдтэй хоёр банхар гэнэтхэн дайрчээ. Мориндоо мордож амжилгүй бариулахын даваан дээр өнөөх урцаас дунд эргэм насны хүүхэн гарч ямар нэгэн юм хэлсэнд хоёр нохой гарч ирсэн шигээ алга болжээ. Хормын дотор болсон энэ явдалд ухаан санаа нь дүйнгэтсэн юм морио түшиж зогстол хазгай монгол хэлээр урцандаа орохыг урив. Үндсэн тагшинд хийж барьсан бор цайг нь салгалж чичрэн аваад үг хэлгүй суутал өнөөх хүүхэн ам нээж:
    -Онгод тэнгэртээ хаягдаа юу
    Охин хүүхдүүдээ голоо юу
    Элгэн ганц хүү хүсээ юу
    Эрлэгтэй тохироход ч бэлэн явна уу хэмээн аялгуулан асуух нь тэр. Энэ бүхнийг сонсоод Хөөлэй хахаж цацан сөхөрч суугаад нус нулимстайгаа хутгалдсан амьтан ээрч мууран гай зовлонгоос гэтэлгэхийг, юу хүссэнийг нь өгөхөө амлан, амлан ярьжээ. Харин удган гурав хоногийн дараа өөрийг нь их хүндлэлийн дор аваачиж, өөрийн биеэр хүргэж өгч чадвал хүссэнийг нь биелүүлж өгье гэсэн байна.
    Хорогдож өгөхгүй өдрүүд зовоосоор өнөөх гурван хоног өнгөрч удган Хөөлэйнд ирээд арван алдын сур, шинэхэн хазаар, гөрмөл суран ташуур зэхүүлэн хүү даллан дуудаж том гэрийнх нь өрхийг бүтээлгэн өдөр шөнө дамнуулан бөөлжээ. Харин дараа нь Хөөлэйг дуудан өмнөө суулгаад хар, цагаан хэл ам, лусын тархины эрдэнэ авсан учраас хорлол болж. Тиймээс тэр эрдэнээр хийлгэсэн шар эдийг, тэр үед унаж явсан шарга зүсмийн морьтой хамт өөрт нь өгч явуулах, өөрөө хүргэж өгөх ёстойг дахин сануулжээ. Харин морин толгойн чинээ алт олж түүгээр урлуулсан алтан бурхан, арван бодоор ч солихгүй жороо шарга хоёроо Хөөлэй өгөхийг хүссэнгүй. Тэгээд ч яг хүүтэй болох эсэх нь ч эргэлзээтэй учраас удганыг өөрийн зарцаар гар хоосон хүргүүлжээ…
    …Аравдугаар сарын цасан шамрагатай орой баяны барлагаар хүргүүлэх замдаа юу ч дуугараагүй удган Тамтын амруу орохоос өмнө ядуу эрийг ирсэн замаасаа өөр замаар буцахыг сануулаад цааш ганцаараа явахаар эргэхдээ
    Барагддаггүй хөрөнгөтэй Хөөлэйн
    Балаг үүгээр дуусахгүй ээ хоё
    Лай ланчигаа дуусахаар
    Лаларуудын оронд таарнаа хоё… гэснийг нутгийн салхиар дамжуулан цасан дунд нүүгэлтэх их, их уулс л сонсчээ. Аравдугаар сарын цасан шамрагатай тэр оройноос хойш есөн сарын дараа Хөөлэй баяных шинэ хүнээ тосч байхад Тамтын амны гүн хавцал дунд гавлынхаа баруун нүдээр үзүүртэй хадруу мөргөж унасан удганы шарил тэртээ доор хөглөрч байжээ…
    Сэр-Одын нэрэмжит шагналт Т.Дарханхөвсгөл
    Улаанбаатар хот 2019.12.10

  • ДАРХАД ЯСТАН БИЙ БОЛСОН ТҮҮХ

    13 дугаар зуун буюу Чингис хааны бага залууд Дархад аймгийн Бадай, Хишлэг хоёр ирж хаандаа шадарлан үтгэдэг байжээ. “Дархад” гэдэг нь Дархан эрхтэй хүмүүс гэсэн үгнээс гаралтай гэдэг.

    Дархад нутагт нутаглаж байсан иргэдийг Манжууд Сэлэнгэ нутгийн Хараа, Ерөө гол дагуу нутаг заан цөлөлж байжээ. Тэнд очсон Дархадуудын цаа, мал нь тогтож суурьшихгүй, хүн ард нь нутгаа санацгааж хэцүү байж гэнэ. Отгийн ахлагч гурын арьсыг битүү өвчин хийсэн хийсгэл дээл, гурын эвэртэй малгайгаа өмсөөд гөрөөсний годон гутлынхаа түрийнд булга түрийлэн Богд эзэн хаанд очиж гэнэ. Отгийн алагч Богдын өргөөнд ороод хагсуурган гаансаараа тамхилж, гутлынхаа түрийнээсээ булга гарган өгч хэлэхдээ:

    “Унагатай хүү унагаа хаяад нутаг буцаж байна.
    Хүүхэдтэй хүүхэн хүүхдээ хаяж гүйж байна” хэмээн үнэн учраа хэлсэнд, Богд хаан:
    “Тэгвэл бүгд нутаг буцаж шавь болтугай” хэмээн нутаг буцах зөвшөөрөл өгсөн гэдэг.

     

  • БУРИАД МОНГОЛ ОМГИЙН ҮҮССЭН ДОМОГ

    Монголын Чингис хаан албат Ойрад буриадын гарвалтай Асуйхан удган Байгаль далайн эргээр явж байтал далайн эрэгт хөх бух цахран байхыг удган үзээд хүнтэй учрах жигт ийм юм байх ёсгүй бүлгээ. Бурхан тэнгэрийн дохио надад хувьт магад хэмээж удган эргүй агснаас бух лугаа тачаангуй үүсгэх гэж сэтгээд тэнд тачаангуй үүсгэв. Удалгүй удган жирэмсэн болж хоёр хөвгүүн төрсний их нь Буриадай, бага нь Хоридой хэмээх болсон ажээ.

    Буриадай анд явж байтал уулын оройн жодоо модонд нэгэн охин явсаныг олж, гэргийгээ болгов. Түүнээс хоёр хөвгүүнтэй болсныг ахыг нь Эхирид, дүү нь Булгад гэж нэрийджээ.

    Эхирид найман хөвгүүнтэй болж. Түүнээс дэлгэрсэн үндсэн олон ястан овогтой болж, байгаль далайн тэр бие Эрхүү мужид Бирхалинс, Балканск, Иди олон тасаг буриад, Байгаль нуурын орчимд олон овог ястан болсон байна.

    Хоридайн үр сад нь сүүлд Монголоос дүрвэж ирсэн олон ястан овогтонтой холилдсон аж.

    Эхиридийн найман хүүхэд, Булгадын зургаан хүүхдүүд одоо хүртэл “Бух ноён аав, Будан хатан эжий” хэмээн сүүгээр цацал өргөн тахиж мөргөдөг ёс үүссэн байна.

  • “ГУРВАН НАСТАЙ БӨӨ”

    Нэг удаа фейсбүүк жиргээнд гурван настай бөө хүүхдийн тухай тавьсан байлаа. Тэгээд хийгэмд түгж шүүмжлэл өрнөсөн юм. Манай нэг гишүүн Нэгдсэн тахилга дээр бяцхан хүүхдээ хуяглаж, бас жижигхэн хэнгэрэг бариулсан яваатай таарсан.
    МБНЭ-ийн ДЦХ-аар энэ асуудлыг яаралтай авч хэлэлцсэн юм. Тэгээд ийм байдлыг бөөгийн зан үйлд гаргаж болохгүйг хатуу анхааруулж, таслан зүгсоох үүрэг өгсөн.
    МБНЭ-ээс баталсан “Монгол бөөгийн ёс зүй”-д
    “ 7.Бөөгийн онгодын бариа бөө болохоор заяагдсан хүнд хэдэн ч насанд илэрч болох ч үүнийг бөөлсөн хугацаа жилд оруулан тооцох нь буруу. Зөвхөн хуур амилуулах, яслуулах, залаалуулах, анхны бөөллөгөөс хойш л (эхний чанар, чандруу нэрэх үйлээс хойш) бөөлсөн жил хугацааг тооцно.
    8.Монголчууд бидний өвөг дээдсийн маань сургаж хэлсэнээр бол чөмөг дүүрсэн байх. Энэ нь эмэгтэй хүүхэд 13 нас, эрэгтэй хүүхэд 15 нас хүрэхэд бөө болох боломжтой ч ухаарал төлөвшил суусан насанд нь бөөгийн угийг бариулах.” Гэж заасан байдаг.
    Монгол бөөгийн ёс зүйг сахигтун.

    жиргээ “Гурван настай бөө”

    Зуд болохоор нохой зоолно
    Зовлон ихэдхээр ………

  • ДӨЧИН НЭГЭН ЧУЛУУНЫ МЭРГЭ

    Дөчин нэгэн чулуугаар мэргэлэх нь: Зөв гартаа 41 чулуугаа атгаад мэргэлэх зүйлээ шившиж (ингэхдээ ухаан бодлоо төвлөрүүлэх нь чухал) хавтгай ширээн дээр 41 чулуугаа нэг овоо мэт болгоод түүнийгээ 3 хэсэг болгон хуваана. 1- 2- 3
    Хуваасан гурван хэсэгээ баруун гар талын /3/ хэсгээс дөрөв дөрвөөр тасдан авч үдсэн чулууг дээш өрнө. Дараа нь дунд талын /2/ хэсэг чулууг мөн адил дөрөв дөрвөөр тасдан авч үлдсэн чулууг дээш тавина, мөн зүүн гар талын /1/ хэсгийг мөн адил тасдан өрнө. Ингээд таны мэргийн толгой буюу 1-р эгнээ бий боллоо.
    Толгой эгнээ 1- 2- 3
    Одоо та дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болгоод дахин гурван хэсэг болгон хуваана. / хувааж байхдаа тоолохгүй багцаагаар хуваана/ дээрхтэй адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд сав буюу 2-р эгнээ бий боллоо.
    Сав эгнээ 4- 5- 6
    Мөн дахиж дөрөв дөрвөөр тасдсан чулуугаа нэг овоо болоод дахин гурван хэсэг болгон хуваагаад дээрх хоёртой адил дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуугаа өрөхөд хөл буюу 3-р эгнээ бий боллоо. Дөрөв дөрвөөр тасдан үлдсэн чулуу мэргэнд орохгүй.
    Хөл эгнээ 7- 8- 9
    Ингээд та 9 нүд бүхий 3 эгнээ чулуугаа байрлуулан дууслаа. 9 нүдэнд байгаа 3 болон 4-өөрөө байгаа чулуунаас 2-ыг хасна. Үүний дараа тайлж унших нь чухал.
    Дөчин нэгэн чулууны үндсэн тайлбар:
    Эгнээгээр нь:
    толгой 1-2- 3 босоо эгнээ 3,6,9 нь таны өөрийн тал
    сав 4- 5- 6 2 нүд нь хэлтэй эсэх, 5 нүд нь баяртай эсэх,
    хөл 7- 8- 9 8 нүд нь саадтай эсэх,
    босоо эгнээ 1,4,7 хүний тал гэж уншина.
    Нүдний тайлбар…
    • Өөрийн талын толгойд /3 нүдэнд/ нэг чулуу буувал таны толгой сэргэлэн ухаалаг байна, 2 чулуу буувал таны толгойд бодол байна гэж хэлнэ. / тасалсан нүд бүрт нэг юм уу, хоёр чулуу л байна./
    • Өөрийн талын саванд /6 нүдэнд/ нэг чулуу буувал таны савнаас гарсан байна, хоёр чулуу буувал таны савнаас гараагүй байна. Мөн өөрийн талын баяртай эсэхийг заана.
    • Өөрийн талын хөлд /9 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна гэж үзнэ.
    • Хүний талын толгойд /1 нүдэнд/ нэг чулуу буувал айл бодолгүй байна, хоёр чулуу буувал бодол байна гэж хэлнэ.
    • Хүний талын саванд /4 нүдэнд/ нэг чулуу буувал айлын саванд байна, хоёр чулуу буувал айл хоосон байна. Мөн айлын сав нэг чулуу буувал баяргүй, хоёр чулуу баяртай байгааг заана.
    • Хүний талын хөлд /7 нүдэнд/ нэг чулуу буувал хөл хөнгөн байна, хоёр чулуу буувал хөл хүнд суурин байна.
    • Хэлтэй эсэх /2 нүдэнд/ нэг чулуу буувал хэл сураг ирэхгүй, хоёр чулуу буувал хэл ирнэ гэж хэлнэ.
    • Баяртай эсэх /5 нүдэнд/ нэг чулуу буувал баяргүй байна, хоёр чулуу буувал баяртай байна гэж хэлнэ.
    • Саадтай эсэх /8 нүдэнд/ нэг чулуу буувал саадгүй, хоёр чулуу буувал саадтай байна гэж хэлнэ. Үндсэн тайлбаруудыг сайтар уншиж ойлгож аваарай.

     

  • 9.Дархан тэнгэрийн тамлага

    Хүлэглэн байж буусан
    Хир дархан нэртэй
    Хар хөх өнгөтэй
    Даян дээгүүр суудалтай
    Далай дээгүүр гүйдэлтэй
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Далай дээрээс 77 их дархчуул
    Хясын /хас/ эзэн Хяндаруу Дархан Тэнгэр
    Үлгэрийн эзэн Үүвшин Дархан Тэнгэр
    Балтын эзэн Балган Цагаан ноён Тэнгэр
    Цавчуурын эзэн Цагаан ноён Тэнгэр
    Дөшийн эзэн Түвшин ноён Тэнгэр
    Толь товчны эзэн Амцагаан ноён Тэнгэр
    Догшин эзэн Сэлэмт Цагаан ноён Тэнгэр
    Бух хөөргөө бужигнуулж
    Булингар улаан ширээдсийгээ
    Цацруулан байж буусан
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён Тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Наанаа сайхан дуулаарай
    Хүч чадлыг минь нэмээрэй
    Хүүгийнхээ биеийг хүрээлээрэй.

    Эх сурвалж: Удган Батмөнх

    2015.01.20

    10.Идээ цагааны онгон тэнгэрийн дуудлага
    Үхэгийн ард байрласан
    Алт мөнгөн баганыг ширээлдэж буусан
    Бор хурган дахтай
    Богд их заяач
    Хар хурган дахтай
    Хан их заяач

    11.Дорлиг тэнгэрийн дуудлага
    Хадияи ширэхэн
    Хадин шинэн хи
    Хар хөргэеи хажигануулахан
    Хар булуд дүши еэ
    Ханхиналуулахан
    Хан Дорлиг тэнгэр
    Бутын чинээн
    Хар хөргэеэ бужигнууланхан
    Булут төмөр дүшие бужигнууланхан
    Бурхан Дорлиг тэнгэр

    12.Хясаан улаан тэнгэрийн дуудлага
    Шон улаан хадан хүмтэй
    Шухан зээрд морин хүлэгтэй
    Гургалдай зээрд морион хүлэглэнхэн
    Гучин хоёр алтан зэвеэ гялбалзуулахан
    Эр хүний хөлдэеэ эрх дороо дарахан
    Эм хүний хөлдэеэ өлмий дороо дарахан
    Хихаан улаан тэнгэр, шунган хатан ээж
    Хадан газар буудалтай, хяр газар буудалтай
    Хихаан улаан тэнгэр

    Эх сурвалж: Дорнод аймгийн Баян-Улаан сумын Цэвээн /78 настай/ 1962.06.03 өдөр Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн байна

  • Баянхошуу хайрханы онгод тэнгэр өвчнийг нь эдгээж өгчээ

     

    Эрүүл мэндээрээ ингэж тоглуулах эсэх нь хувь хүнээс ч бас их шалтгаална. Өвчинд шаналсан хүн аль сайн гэсэн рүү гүйдгийг бас буруутгах аргагүй юм. Амгалан чухам л ходоодоороо ингэж “тоглуулсаар” байгаад авах юмгүй болгосон юм байх. Аргаа барсан эхнэр нь “Нөхрийн маань нас залуу байна даа. Залуугаар нь алдах хайран байна. Бурхан тэнгэр минь, нөхрийн минь хүнд өвчинг эдгээж өгөхөд туслаач” гэж хий дэмий л залбирна.

    Архи, тамхи хэрэглэдэггүй, амьдрал ахуйгаа өөд татсан ажил хэрэгч, алт шиг нөхрийгөө алдахыг хэн хүсэх билээ. Хүний өвчнийг биеэс нь ор мөргүй алга болгодог Сэлэнгэ гэх удган хүүхэн байна гэдгийг сонсоод эхнэр нь Амгаланг дагуулан очсон байна. Тэр удган хүүхэн нэлээд элдэвтэй хүн байв. Амгаланг хараад л шууд ходоодны хүнд өвчтэйг нь, олон эмнэлгийн хаалга татаж ходоодоороо багагүй “тоглуулсныг” нь хэлж байна.

    Удганы өмнө сууж байхад ч Амгалангийн ходоод их өвдөж байлаа. Удган түүний ходоод хавиар хэдэнтээ барилж байснаа гэнэт “Ёо, ёо, миний ходоод өвдөөд эхэллээ. Би таны ходоодны өвчинг авчихлаа” гэж хэлэх нь тэр. Тэгмэгц тэсэхийн аргагүй өвдөж байсан Амгалангийн ходоодны өвчин аажимдаа намдаад ирсэн нь үнэхээр гайхалтай. Санаа нь зовсон Амгалан “Үнэхээр ч миний ходоодны өвчин намдаад ирлээ. Та одоо яадаг билээ” гэхэд Сэлэнгэ удган “Би яахав. Миний онгод тэнгэр биед минь орж ирээд энэ өвчинг зайлуулчихдаг юм. Тэр болтол ходоод минь хэд хоног өвдөг байх. Иймэрхүү маягаар би олон хүний өвчинг авч эмчилсээр байгаад биегүй болж байгаа хүн дээ” гээд инээснээ “Би бариач нар шиг олон удаа барихгүй, нэг л удаа гараа хүргэдэг. Миний ходоод өвдөнө гэдэг чинь таны өвчин миний биед орчихлоо гэсэн үг. Тэгэхээр та ходоодоо дахин өвчлүүлэхгүйн тулд хор багатай эм ууж, хоолны дэглэмээ сайн барьж яваарай. Харин жилийн дараа дахин надтай ирж уулзаарай” гэжээ.

    Бараг л хэдхэн сарын настай гэж байсан Амгалангийн ходоодны өвчин үнэхээр хэд хоногийн дараа ор мөргүй алга болж, ЭХО-д харуулахад эмч нь “Ямар сонин юм. Ходоод чинь бараг эдгэсэн байна” гэж гайхжээ. Өвдөх өвчингүй болсон Амгалан хэдэн сарын дараа эхнэрээ дагуулан Америкт байдаг хүү дээрээ очиж амьдрахаар явжээ. Хүн өвчин зовлонгүй болчихоороо тус болсон хүнээ, өвдөж зовж явснаа мартчихдаг гэмтэй тал бий. Амгалан ч энэ “бичигдээгүй хуулиас” гажсангүй. Америкт гурван жил гаруй амьдрахдаа жилийн дараа Сэлэнгэ удгантай дахин уулзахаа таг мартаж, дэлхийн диваажин болсон орны янз бүрийн амттаныг гэдсээ хагартал идэж байгаад ходоодныхоо өвчинг дахин хөдөлгөж орхив. Тэндээ мөн л олон эмнэлгийн хаалга татсан боловч эмчлэгдсэнгүй, бас төлбөр нь өндөр болохоор сая л өөрийн эрхгүй Сэлэнгэ удган санаанд орж, хүний нутагт үхэхээс айсан Амгалан эх орондоо санд мэнд иржээ.

    Сэлэнгэ удганыд очтол аль хэдийн хаашаа ч юм нүүгээд явчихсан байв. Арайхийн холбоо барих утсыг нь олж аваад нэгэн өдөр баахан бэлэг сэлттэйгээр эхнэрийн хамт бараалхлаа. Сэлэнгэ удган тэднийг жаахан янз муутайхан угтав.
    – За, яав? Ходоод чинь өвдөөд дахин хүрээд ирэв үү? Би таныг жилийн дараа ирж дахин засал хийлгүүлээрэй гэсэн шүү дээ.

    – Харин тийм ээ. Ах нь Америкт гурван жил болсон болохоор нааш ирж чадсангүй. Уг нь ирэх санаа байсан л даа.
    – Та худлаа ярьж байна. Өвдөж зовж явснаа хүмүүс амархан мартчихдаг юм. Би энэ удаа таны наад өвчинг чинь дийлэхгүй. Яагаад гэвэл жилийн дараа ирсэн бол би дахин нэг гараа хүргээд бүр эдгээж чадах байлаа. Гэтэл та гурван жил гаруй таг чиг болсон. Тийм болохоор миний чадал хүрэхгүй.

    – Би одоо яах вэ?
    – Би гурван жилийн өмнө таны өвчинг авахдаа манай эндхийн Баянхошуу хайрханы онгод сахиустай харьцаж, хүч чадал авч байгаад эмчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ийм байна. Энэ хайрхан дээр эмэгтэй хүн гардаггүй юм. Та өөрөө ганцаараа хайрхан дээр гарч овоонд нь чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөж “Өвчинг минь эдгээж өгөөч” гэж гуй, идээ будаагаа өргө. Тэр хайрханы онгод сахиус таныг хүлээж авах юм бол өвчин чинь эдгэнэ. Хүлээж авахгүй бол хэцүүхэн л юм болох байх.

    Гурав хоногийн дараа тэд Сэлэнгэ удганы хамт Баянхошуу хайрханы энгэрт байдаг овоонд ёс төр үйлдэн, идээ будааны дээжээ өргөөд Амгалан Баянхошуу хайрхан өөд аврал гуйхаар ганцаараа мацсан байна. Хайрханы орой дээрх овоонд олонтаа мөргөж, идээ будаагаа өргөн, хадаг яндараа уяж “Ээж хайрхан минь, өчүүхэн муу хүүгээ өршөө. Ёс алдсан нүглийг минь уучлаач. Харь нутагт гурван жил одоод ирж чадсангүй. Өнөөх зовлонт өвчин маань дахин зовоогоод эхэллээ. Энэ өвчинг минь эдгээж өгнө үү” гэж мянгантаа хэлэн мөргөхийг нь Баянхошуу хайрханы онгод сахиус хүлээн авчээ. Яг ингэж мөргөж байх агшинд Амгалангийн ходоод мөн л өвдөж байсан бөгөөд мөргөж дууссаны дараа ходоодны өвчин нь намдаж, бие нь сэргэн хөнгөрөөд ирсэн нь онгод сахиус түүнийг тэнгэрээс эмчилсэн хэрэг байжээ. Одоо Амгалан Сэлэнгэ удган, Баянхошуу хайрхан хоёртоо байнга бараалхдаг, өвдөх өвчингүй, сайн сайхан амьдраад хоёр жил гаруй болж байгаагаа сонирхуулан ярьсан юм.

    – Хэрвээ би Америкаас цаг алдалгүй ирээгүй бол тэндээ үхэх байсан. Өвдөж зовохын цагт тус болсон хүн өөрийн эрхгүй орой руу орж ирдэг юм билээ. Би Сэлэнгэ удган, Баянхошуу хайрханы онгод сахиус хоёрын хүч чадлыг үнэхээр биширсэн. Урьд нь би ийм юмыг хий хоосон зүйл гэж бодоод огт тоодоггүй, баахан л эмчилгээ хөөцөлдөж ходоодоороо “тоглуулж” байсан.

    Хүн аливаа юмыг өөрийн биеэр мэдэрч байж л ойлгодог, үнэнийг нь мэддэг юм байна. Сэлэнгэ удган дээр анх дагуулж очсон эхнэртээ хамгаас их баярладаг гэж тэрбээр бас ярьсан юм.
    Эх сурвалж www.wikimon.mn
    – See more at: http://www.wikimon.mn/content/74434.shtml#sthash.u24r8V8N.dpuf

  • Мухар сүсгээр дүүрсэн нийгэм

    Байгаа юмс цаанаасаа ингэж заяасан уу эсвэл хүний хийсэн бүтээл үү гэж хүн цааш нь сонирхоно. Эцсийн эцэст нийгэм хүнийг бүтээдэг өөрөөр хэлбэл хүн нийгмийн бүтээгдэхүүн. Мөн үүнтэй адил хүн нийгмийг бүтээсэн учраас нийгэм нь хүний бүтээгдэхүүн. Нийгмийн хөгжил зөвхөн дотор нь ажиллаж амьдарч буй хүмүүсээс шалтгаалах ба түүнээс биш өнгөрсөн түүх эсвэл ирээдүйн нээлт зэргээс ямар ч хамаагүй.
    Нийгэмд хүмүүст мэдэхгүй, мэдэх боломжгүй олон зүйлс тааралддаг учраас түүнд ямар нэг далдын хүч болон ид шидийн утга өгдөг. Гэхдээ л мэдлэггүй хүмүүс мэдэхгүй болохоороо таадаг, таах нь ихэнхдээ алдаатай. Хүн мэдлэггүй, мэдэхгүй байгаагаасаа бас айдасд автсан зэргээсээ болж мухар сүсэгт хөтлөгддөг. Эрт үеэс л мухар сүсэг байсан. Аян дайнд явах болон ахуй амьдралаа зохицуулах олон асуудлаа мухар сүсэгтэй холбодог. Яагаад гэвэл тэнд философи, шинжлэх ухаан зэрэг мэдлэгийн салбарууд хөгжөөгүй байсан.
    Хүн төрхөөсөө л мэдэхийн төлөө явдаг. Харин мэдэхгүй юм гараад ирэхлээр айдаг, гайхдаг бас зугтаадаг. Гэхдээ эцэст нь учрыг нь олж, мэдэхийг эрмэлздэг нь ухамсарт хүний шинж юм.
    Байгалийн болон нийгмийн тодорхойгүй зүйлс л хүнийг мухар сүсэгт хүргэдэг. Тэр л бүх зүйлийн учрыг нь олчихвол хүн гайхахаа болино, айхаа бас шүтэхээ болино. Товчхондоо мухраар сүсэглэхгүй.
    Эртний хүмүүс юм бүхэн цаанаа шалтгаантай, мөн эзэнтэй гэж үздэг байсан. Ган болохлоор лус савдаг, уул овоо тахидаг. Ажил нь бүтэхгүй болохлоор лам, үзмэрч дээр очдог. Энэ бүхэн өнөөдөр манай нийгэмд сэргэжээ. Гэхдээ үүгээр л хүн өөрийн сэтгэлээ тайтгаруулдаг. Хэрвээ ган тайлагдвал лус савдагтаа баярлана, тайлагдахгүй бол дахиад л тахина. Харин лам үзмэрч нар хүний амьдрал нийтлэг учраас онож таана эсвэл онохгүй таана, таахгүй бол энэ их хэцүү зүйл байна гээд л өнгөрнө. Зурхай, мэргэ төлөг зэрэг нь зөвхөн л таадаг. Тэгвэл ингэдэг, ингэвэл тэгдэг гэсэн энэ л мухар сүсэг, домгын амьдралаас салах нь орчин үеийн хүнд чухал. Үсээ засуулах өдөр нь тэгээд 5 настай, 50 настай хоёр хүнд адилхан үйлчилэх үү. Иймэрхүү утгыг зүйлийг хүн анхаараад байх хэрэггүй.
    Мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийн нийгэмд мухар сүсгийн орон зай тун бага байдаг. Мэдлэггүй газар л мухар сүсэг хүчээ авдаг. Мэдлэгтэй, боловсролтой хүн нээх мухар сүсэгтээд ламдаад, бөөдөөд байдаггүй. Өөрийн ухамсраар л үйл ажиллагаагаа чиглүүлээд явдаг.
    Өнөөдөр манай орны хувьд төрөөс авахуулаад энгийн айлд хүртэл мухар сүсэг шингэсэн. Мухар сүсгээр ажлаа төлөвлөдөг хүн олон. Мухар сүсгээр ашиг хонжоо ологчид болон түүнд бүрэн автагдсан хүн ч олон байна. Бид юмны цаад мөн чанарыг нь мэдэхгүй байгаа учраас л мухар сүсэгт хөтлөгддөг. Уламжлалд мухар сүсэг их шингэсэн. Уул овоо тахих, гэр бүл болоход.. Мөн зарим хүмүүст зурхай, мэргэ харж байж л тухайн ажлаа хийдэг. Мухар сүсгээс болж хүний амьдрал бүтэлгүйтэх, хохирох тохиолдол их бий.
    Хүн аймхай амьтан учраас айдсаа дарна. Олон янзын юманд элдвийн утга учир өгнө, энэ тухайн хүний үнэт нь болно\шагай, чулуу, ээжийн алчуур\. Хүнд хүч өгдөг зүйл бол мэдлэг бөгөөд аливаа зүйлийн талаар мэдэж авах. Энэ бол айдсыг даван туулах арга юм. Мухар сүсэг нийгмийг хойш нь татдаг. Харин мэдлэг улс орныг хөгжил рүү хөтөлнө.
    Цаг төр. мн