Category: Монгол бөө

  • ИХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ҮЛДЛЭЭ, МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН С.ЭНХМАА

    МБНЭ-ийн тахилгыг сурталчлах, зохион байгуулах, бэлтгэлийг хангах чимхлүүр олон ажил байсан, тэр түүнийг хийж чадсан. Магадгүй мөнгөөр худалдагдсан оюун ухаан, олон шавиар түрүү барьж, тахилгыг тасалдуулах гэсэн атгаг санааг бид тасалж чадсан.
    Бас хоосон чалчигсад, хий дэмий шүүмлэгсэдэд ам ажлын нэгдлийг харуулж чадсан. Мянган удаа хоосон чалчисанаас нэг удаа биер оролцсон нь энэ цаг үед үнэ цэнэтэй байна. Говь нутаг монгол бөөгөө жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг, бөөгийн ёс зүй, жудагийг жинхэнэ утгаар авч яваа бөө байдагийг харуулж чадсанаараа энэ цаг үед монгол бөөгийнхөө нэр хүндийг өргөхөд Энхмаа удган гавьяа байгуулж чадлаа.
    Тиймээс бид Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаагаар бахархаж, баярлаж явна. билээ. Энэ цаг үед хамтарч ажиллаж, тэмцэж сурч байгаагийн илэрхийлэл бол Өмнийн говьд хийсэн нэгдсэн их тахилга, түүний үр дүн байлаа. Бид нэгдсэн тахилгыг зохион байгуулахдаа гурван дамтамжтай хийдэг. Анхны тахилга амжилттай боллоо. Олны хүч оломгүй далай гэдгийг харууллаа. Дараа дараагийн нэгдсэн тахилга зохион байгуулахад их туршлага үлдэв. Одоо Монгол бөөгийн тэргүүн удган С.Энхмаад дараа дараагийн нэгдсэн тахилгын бэлтгэлийг хангаж хоёр, гурав дахь тахилгыг зохион байгуулах их хариуцлага үлдлээ. Цаг хугацаа бүхний шалгуур билээ.

     

  • Цол гуншинтанаар дүүрсэн Монгол болох нь

    Энд зөвхөн ганц нэгэн жишээ татъя. Тухайлбал, П.Давааням гэх нөхрийн цол гуншин бараг богино өгүүллэгийн хэмжээнд очих нь. Тодруулбал, П.Давааням нь “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн, Хунтайж, Чингисийн ач, Тэнгэрийн элч, Эш үзүүлэгч, Маршал корпус командлагч, Баатар, Дэлхийн аварга, АНУ-ын их сургуулийн хүндэт профессор гээд хөвөрнө. Үхсэн хатсаны дэлхийн аварга, Хунтайж вэ. Юун профессор. Хэн түүнд өгөв гэхээр тэндээс эндээс өгсөн тодорхой баримт байхгүй. Хэдэн дуртай гарууд Төрийн бус байгууллага байгуулж бие биеэндээ цол чимэг хайрладаг бололтой юм.

    Гэтэл үүнээс ч илүү гарчихаар хүмүүс бас бий. Яагаав өнөөх мөнгө далладаг, мөнгө тогтоодог Б.Сарандаваа. Түүний цол чимгийг жагсаавал “Монгол Аура” энергийн төвийн тэргүүн, Монгол Улсын боловсрол судлалын философийн доктор, АНУ-ын Рочивейл их сургуулийн шинжлэх ухааны доктор, Сүнс судлаач, Түмэн гэрэлт Дарь эх, мөнгө баригч, дуудагч, мөнгөний эрлэг, Ямандаг хотхоны эзэн, Мозабекийн хүндэт эдийн засагч, философич” гэнэ дээ. Б.Сарандаваагийн боловсрол судлах, хүндэт эдийн засагч энэ тэр бол өмнөөс нь ичиж үхмээр. Юуных нь эдийн засагч байхав дээ. Ёстой л хүн луйвардаж олсон мөнгөө тоолж барвал их юм.

    Ийм цол гуншинтай хүмүүс Монгол Улсаар дүүрлээ. Хамгийн сонирхолтой нь манай эрх баригчид, УИХ-ын гишүүд хүртэл энэ мэт цол гуншинд туйлын дуртай. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сонин сэтгүүлийг аваад харвал бас л хэрэгтэй хэрэггүй цол гуншин хөвөрдгийг уншигч та анзаарсан байх. Тэгэхээр ч бусад нь арга байж уу даа.

    Н.Дөл

  • Галын даллагын учир.

    Галын бурханд хишиг буяны өчиг өчиж цог заль, сүр сүлд, мал идээ, сайн чадал, мэргэн ухаан, чийрэг бие, алдар нэр, их хэрэг, зөв үйл, малын хишиг, ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, язгуур үндэс, нөхөр хань, боол зардас, замын өлзий, нутгийн өлзий, үйлсийн өлзий, амар жаргалан, хотол баясгалан, сайн буян өлзий хутаг, номын буяныг хурайлан дуудаж оршоох утгыг агуулсан байдаг.

    Галын даллагын яруу найргийн уран сайхны онцлог нь хишиг буяны төрөл зүйлийг элдэв чимэг тодотгол үгсээр тодруулж, батлах хийгээд үгүйсгэх холбоосоор зангидаж сэтгэлд зохист нийцэт утга бүхий үгсийн уран хэлхээсийг хэлхэж урласан байдаг. Буян хишиг, өлзий учрал, цог золбоог тоочин өгүүлэн тоочимж бүхнийг шадлан шад бүхний төгсгөлд ба хийгээд холбоосоор давтан холбож, утга уянгын яруу зохицлын тэгш хэмнэлийг тааруулсан байна.

    Муу үйлсийг зайлуулан соёрх, сайн үйлсийг өгөн соёрх гэсэн гол үгсийг бадаг бүхэнд давтан, хишиг даллага хурайлан аливаа хүний сэтгэлийг өөдрөг бадрааж хөгжөөхийн аясыг өгүүлсэн зул бадамлан бадрах мэт сэтгэгдэл төрүүлдэг уран сайхны онцлогтой.

  • Галын даллага

    гэж хүн бүхэн хувин, сав, тавагтай идээгээр даллага хурайлан дуудаж даллага авах ба бас хуудам хаагаар даллага авах ч байдаг. Өчиг, даллага дуудаж байхад архи дарс, өөх тос, амс зэргийг дахин дахин өргөж байх хэрэгтэй. Галын даллага авах үес хүн бүхэн энгэрийн товчоо мултлан, цээжээ сэлж хишиг буяныг биедээ шингээж аваад даллага дуудаж төгсмөгц энгэрээ товчилж буян хишгээ хадгалдаг.

    Хүлцэл гуйж очих. Галын тахилгыг дуудаж дуусан дуустал галын эзэнд тахил тавигийн зүйлийг тасралтгүй өргөж байх ба ихэд бишрэнгүйгээр сүслэн мөргөж залбирал үйлдэн ариун буяны хишиг арвижуулахыг зорино. Гал тахисны хойно галын бурхнаас хүлцэл өчиж гуйн мөргөдөг сайхан заншил нийт монголчуудад бий. Энэ нь нутаг нутгийн гал тахих ёс харилцан адилгүй бөгөөд баахан зөрүүтэй ба гал тэнгэрийн таалал ямар байхыг эс мэдсэн дээрээс буюу доорд сэтгэлийг барьж омогшил бардамналыг номхотгон хүлцэл өчиж айлтгадаг.

    Бидний мэдлэг чадвар мөхөс, урьдын ёс журмыг ёсчлон үйлдэж мэдэхгүйн улмаас сайтар хүндэлж чадаагүй алдаа эндэл байсан бол авран өршөөж хайрлахыг гуйя гэж нүгэлээ наминчлан хичээнгүйлэн айлтгасан утга агуулдаг. Монгол хүн гал усанд ам гарч болдоггүй гэж хэдий сайтар ёсчлон тахисан боловч хүлцэл өчиж, уучлал энэрлийг гуйж, нүгэл гэмээ наминчлан цагааруулахыг хүсэж айлтгадаг байна.

    Хүлцэл өчих явдал хүмүүжил боловсрол ёс жудгийн эрхэм агуулгатай бат журмын ёсыг агуулсан яруу найргийн сэдэвчилсэн төрөл юм. Ялангуяа бөөгийн яруу найрагт хүлцэлийн сэдэвт шүлэглэл түгээмэл байдаг. Жишээ нь:

    Барайсныг хардаггүй
    Бархирсныг сонсдоггүй
    Усан хар нүдтэн
    Цусан улаан зүрхтэн
    Өнөө үеийн хойчис
    Мөгөөрсөн биет нялхас бид
    Мэдэхгүй байгааг маань
    Мэргэндээ тольдож мэдээд
    Өршөөж хайрлаж соёрхоно уу гэх мэтээр хүлцэл өчиж айлгадаг.

    Галын хүлцэл
    Аль бас бидний мэдэл чадал муугийн эрхээр
    Ариунаар тахин хүндэлж эс чадсан тэргүүтэн
    Алдал нүгэл хэдий чинээн болсныг гэмшин наманчилъя
    Аварч хүлцээд гэмгүй болгон соёрхоо

    Гал тэнгэрийг ажааруулах.Галын тэнгэрийг тахиж ерөөл тавьсаны дараа гал тэнгэртээ архи дарс, хишиг амс өргөн галын тэнгэрийг хурааж дэгдээх зан үйлийг Гал тэнгэрийг ажааруулан хураах гэж нэрлэдэг.

    Эрх хүчин төгөлдөр гал тэнгэрийн чуулган үеэр
    Энэрч манай тусыг бүтээсэн маш их ачтай болов
    Эдүгээ өөрийн оронд ажааран залраад
    Эгүүрд султгалгүй нигүүлсэнгүй бээр айлдан соёрх
    Хамаг ертөнцөст өвчин гамшиг хэрүүл тэмцэл
    Хамаг үл зохилдохуун амирлаад ном буян
    Хамаг хүсэгдэхийн учрал зуны агаар мэт дэлгэрч
    Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай.
    гэж ерөөл тавиад гал тахилгын явц өндөрлөдөг.

  • АЙМГУУД, СУМЫН БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ЖИГДЭРЧ БАЙНА

    Аймаг сумдад намрын ажил өрнөж, хадланд гарцгаасан, сургуулийн хичээлийн шинэ жил эхэлж байгаа үе таарсан тул хүн төв суурин газар хүн цөөтөй байсан ч манай гишүүд цугларч энэ жилийн хийсэн ажилаа ярилцаж, санал солилцлоо.
    Дорнод аймгийн Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүдтэй уулзсан билээ. Тус сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болд угтаж, энэ жилийн Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгыг зохион байгуулсан тухай танилцуулсан юм. Энэ сум МБНЭ-ийн 30 гаруй гишүүнтэй
    Мөн Хэнтий аймгийн Дадал суманд болсон “АЛТАРГАНА-2014” наадмын ажиллагаанд оролцож ОХУ-ын Буриадын бөө нартай уулзаж ярилцсан дүнг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд танилцууллаа.
    Дорнод аймгийн Баяндун сумын бөөгийн зөвлөлийн тэргүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дамдинхүү, дэд тэргүүн “Авай цагаан тэнгэр” бөөгийн холбооны тэргүүн, зайран Батдоржтай уулзаж, шинээр байгуулсан бөөгийн өргөөтэй танилцсан юм. Энэ суманд МБНЭ-ийн 20 орчим бөө нартай.
    Дорнод аймгийн Баян-Уул сумын бөө нартай Зайран Б.Түмэнжаргалын гэрт уулзсан юм. Нутгийн удган, зайран нар цугларч бөөгийн өнөөгийн нөхцөл байдлаа хоорондоо ярилцсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн үйл ажиллагаанд зориулсан хувь нэмрийг үндэслэн Зайран Б.Түмэнжаргалыг МБНЭ-ийн “хүрэл шонхор” медалиар шагнасныг гардуулсан юм.
    Баян-Уул сумын төвөөс урагш 10 орчим км-т орших “Тэнгэрийн сүлдэр” бөөгийн холбооны чанар хийж байгаа газарт очсон билээ. Тэр мөчид зайран Оюунбаатар шавь нартаа бөөлж байсан бөгөөд бид өргөө гэрт нь зочилсон юм. Эгнэн суусан бидний нэгэн болох Монгол бөөгийн Буриадын их зайран Г.Болдыг зайрантан онгодоороо дайрч угтаж билээ. Энд хатуу дэг жаягтай ажээ. Энд зураг авах хориотой.
    Тэндээс бид Хэнтий аймгийн Өндөрхаан хотод ирж, МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Мөнхтайвантай уулзсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд МБНЭ-ийн Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэн ажил төдийлөн сайнгүй байсан нь тэргүүн Мөнхтайваний ажилтай шууд холбоотой байсан. Мөнхтайвантай төрийн байгууллагад ажиллахын зэрэгцээ чөлөөт цагаараа хүүхэд залуучидтай хамтран онгоцны зарварын нислэгээр олон улсын тэмцээнд түрүүлж, одоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон зэрэг шалтгаанаар зав муутай байгаагаа хэлж байсан. Тиймээс бид удган Соёл-Эрдэнийг МБНЭ-тэй хамтран ажиллах саналыг тавьсан юм.

  • Бөөгийн үүсэл түүний түүх язгуур уламжлал1

    Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн. 1959 онд Ч.Далайн “Эртний үеийн бөө мөргөл, дундад зууны үеийн бөө мөргөл” гэсэн үечлэлийг 1985 онд Х.Буянбат улам нарийвчлан үзээд Монгол бөөгийн түүхийн дор дурдсан 5 үед хувааж үзсэн байна.

    1. Эхийн эрхт овгийн байгууллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
    2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
    3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
    4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
    5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үехэмээн тус тус үечилж авч үзжээ.

    Миний судалгаагаар Монгол бөөгийн түүхийн дор дурдсан үеүдэд хуваан үзэж байна. Үүнд:
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс байгуулагдан задрах хүртлэх үе МЭӨ 209 он
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс МЭ 48- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    5. Бөө мөргөл буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368он) хүртэлх үе.
    6. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577он)
    7. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577 он) – Манжийн эрхшээлд байх үе
    8. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе (1800 он)– Их хэлмэгдүүлэлт эхлэх үе (1932)
    9. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    10. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    Бөө мөргөлийн мандан буурлын хөгжлийн үе шат
    1. Бөө мөргөлийн үүсэл үе: Хүй нэгдлийн үеэс –Овог аймаг үүсэх үе хүртэлх
    Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой юм. Эрт цагийн балар харанхуй нийгэмд сүсэг бишрэл бий болж харин бөөгийн шашин түүнээс бүр сүүлийн үед гарч ирсэн байна
    Эртний хүмүүсийн дунд (бөөгнөрч) бүлгээрээ амьдрах хэлбэр үүссэн байдаг. Балар эртний хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увидастай хүмүүс байгалиас энэ их эрдэм чадлын хүчээр тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох холбоо бий болгож байсан.
    Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм.
    Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөгжил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увидсын эрдэм чадвартай хүмүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Энэ үеэс “бөө” (бөөгнүүлэгч, цуглуулагч)- гийн үүрэг оролцоо ач холбогдол улам ихсэж, яваандаа бөөг шүтэх тогтолцоо бүрдсэн байна.
    Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс эхийн эрхт овгийн байгууллын үед бөө мөргөлийн зан үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эндээс отог (бүлэг буюу гал), омог, аймгуудын ихэнх удирдагч нар нь бөө байсан байна. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөө мөргөлийн үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.
    С.Бадамхатан “Хөвсгөлийн цаатан ардын аж байдлын тойм”-доо “Хөвсгөлийн дархад ястан” бүтээлдээ “бөө мөргөл үүсэх түүхэн нөхцөл шалтгаан бол анхны хүй нэгдлийн нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжлийн тухайн үед буюу өөрөөр хэлбэл хүрэл, төмрөөр хөдөлмөрийн зэвсэг багаж хийдэг болж, нийгмийн дотор эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, байр суурь үлэмж бэхжиж, хувийн өмч буй болж хөгжих явцад баян хоосны ялгаа үүсэж, овог аймгуудын тэргүүлэгч, зонхилогчдын эрх мэдэл эрс өссөн зэрэг шалтгаанууд юм” гэжээ.
    2. Бөө мөргөлийн хөгжлийн үе: Овог аймгийн үүсэх үеэс – Анхны төрт улс үүсэх хүртлэх үе МЭӨ 209 он
    Хүннү гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Хүннү гүрэн (МЭӨ 209-МЭ 93 он) нь Монгол нутаг дахь анхны төр улс юм. Аймгийн холбоо, цэргийн ардчиллын шатанд байсан хүннү нарын 24 аймгийг Түмэн шаньюй захирч байсан бөгөөд МЭӨ 209 онд түүний хүү Модун эцгээ егүүтгэж, шаньюйн мэдлийг өөртөө авч төр улсаа байгуулсан байна. Хүннү нарын үндсэн шашин нь бөө мөргөл байв. Хүннү нар цагаан cap, тав, есдүгээр сард өвгөд, тэнгэр, дэлхий, онгон шүтээндээ тахилга үйлддэг, шаньюй өглөө ургах наранд орой саранд мөргөдөг, хүннү бөө тайллага хийдэг байжээ.
    Ноён уулын VI булшнаас олдсон бөөгийн малгай нь саравчийг нь булганы арьсаар бүрж дунд нь хоёр гурвалжин онгорхой үлдээж түүний дунд улаан хүрэн ноосон утсаар цагираглан оёж хийсэн нүдтэй байжээ. Мөн булшнаас олдсон Хүннүгийн (м.э.ө-III зуунаас м.э-I) үед хамаарагдах 2,6х1,95 метр хэмжээний ширмэл ширдэг дээр дараалсан есөн буга,есөн хар цагаан модыг дүрсэлжээ. Мод бол үржин дэлгэрэх, буга бол овгийн шүтээн бөгөөд ес байдаг нь дээд тэнгэр гэсэн утгийг харуулсан байна.
    Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
    3. Бөө мөргөлийн задралын үе: Хүннү гүрэн задрах үеэс (МЭ 48)- Монголын анхны тулгар төр байгуулагдах үе (XIII зуун буюу1206 он )
    Хүннү улс МЭ 48 онд өмнөд, умард хоёр хэсэг болон хуваагджээ. Гэвч умард, өмнөд хүннү хоёр улсын байдалтайгаар МЭ 93 он хүртэл оршин тогтносоор байжээ. Умард Хүннүг хятадын турхиралтаар өмнөд хүннү, сянби, ухуань нар үргэлж довтолж байсны улмаас МЭ 93 онд ихэд ялагдан бум гаруй өрх сяньби нартай нэгдэн өөрсдийгөө тийн нэрлэх болжээ. Умард хүннүгийн нэг хэсэг алс өрнө зүг зайлан нүүсэн бөгөөд МЭ IV зууны сүүлчээр Баламбер хаанаар толгойлуулан Каспий, Хар тэнгис хүрч сармат, алан нарын олон аймгийг өөртөө нэгтгэн V зууны эхээр Месопотами, Бага азид довтлон улмаар төв европт нэвтрэн иржээ. Тэд Аттилла (МЭ445-453) хааны үед маш хүчирхэгжсэн байна. Харин өмнөд Хүннү нар нэг хэсэг цагаан хэрмийн араар бие даасан хүч болон оршсоор байжээ. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж.
    ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэртэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
    4. Бөө мөргөлийн мандан бадралын үе: Монголын анхны тулгар төр байгуулагдах үе(1206 он )- Монгол улсын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэлх үе
    “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
    Чингис хаан бөөгийн мөргөлийг их шүтдэг хүн байжээ. Чингис хаан аян дайн хийхийнхээ өмнө заавал өндөр уулан дээр гарч, бүсээ хүзүүндээ өргөж залбирдаг байжээ. Ингэж цэргээ сүсэг бишрэлийн аргаар зоригжуулах явдал их байсан тухай Монголын нууц товчоонд бичсэн байдаг.

    Бөө мөргөлийн буурах үе: Юань улс байгуулагдсан үеээс (XIII зуун буюу 1271 он)- Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөн эх нутагтаа эргэн ирэх (XV зуун буюу 1368 он) хүртэлх үе.
    Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ.
    Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ.
    Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв.
    5. Бөө мөргөл сэргэн дэлгэрэх үе: Юань улс задарч (1368 он)- Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1577)
    Юань улсын төр мөхөж, Монголчууд Хятадын нутгаас хөөгдөх үед ордны улаан малгайтын ламын шашин Монголд ямарч нөлөөгүй болж, бөөгийн мөргөл дахин сэргэв. Монголд шарын шашин дэлгэрэх үе хүртэл (1368-1576) Монголын бөөгийн мөргөлийн эцсийн удаагийн хүчтэй байсан үе юм. (Ч.Далай)
    6. Бөө мөргөлийн доройтон буурах үе: Монголд шарын шашин дэлгэрэх үе (1577) – Манжийн эрхшээлд орох үе
    1577 онд Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Түмдийн Алтан хаантай уулзаж Далай лам цол хүртэн Түвдийн тэргүүн гэгдсэн бол Далай ламын зүгээс Алтан хааныг номын хаан энэ тэр гэж өргөмжлөн хаан цолыг нь баталгаажуулж өгчээ. Ийнхүү тойгтныг сөхрүүлж толгойтныг мөргүүлж явсан омог ихэт Монголчуудын сүр cүлд нь шарын шашны номлолоор дарагдан номхрох замнал нээгдэв. Баатарлаг өвөг дээдсийнхээ зориг зүрхээр хоймроо сэргээн зоригжуулж, цавчих сэлэмний ир шиг хурц явсан Монголчууд боолын боол босгоны шороо болон хувирч, хавь ойрынхоо улсуудаа эзэрхэн захирч эзэн нь явсан харц дээгүүр омог бардан Монголчууд доош харан дорой дуугаран хувь заяандаа эзэн биш захирагдаж харийн хүнийг мөргөн шүтэж явахын үндэсийг нээжээ.
    Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам, Түвдийн шарын шашны тэргүүн Содномжамц Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх 1600 -аад оны үед увидасын хүч билэгээ шалган тулалдаж ялсан байна.
    Алтан хааныг өвдсөнийг дуулсан Түмдийн ноёдууд энэ шарын шашин тийм сүрхий юм бол бишрэн дагагч Алтангаа хамгаалж үл чадан юунд өвдүүлэв гэх мэтээр тохуурхан ярилцаж байжээ. Иймд 1602 онд Алтан хаан хатуу хууль цааз гарган зарлигдаж тэр үед айлуудад байсан хуучны онгон шүтээнүүдийг нь гарган шатаалгаж, өвөг дээдсийн онгон шүтээнээ шатаахаас айж устгахгүй байсан айлуудаар нь лам нарыг явуулан галд өргөсөн байна. Зарим мэдээгээр бол бөө нарыг ид шидийг нь үзнэ хэмээн бүгдийн цуглуулан шатааж алсан гэдэг. Хожим Буддын шашны номлолоор хэлдэгчлэн үйлийн үрийн дагуу коммунист шашинд Монголчууд орохдоо энэ үйлдлийг нь өөрсөд дээр нь дахин давтаж аллага, таллага галдан шатаалт үйлджээ.
    Манжийн Сэцэн хаан 1633 онд “Монголчууд лам нарын үгэнд маш итгэж эд малыг бүрэлгэн өгч хилсийг арилга, сүнсийг сайн газар төрүүл хэмээн ёдор татуулж, овоо үйлдүүлэх зэрэг нь их л мунхаг тэрслүү, үүнээс хойш цөм цаазлан байлгаваас зохимуй” гэж байжээ.
    Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг.
    Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ.
    Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ
    7. Бөө мөргөл шинэчлэгдэн дэлгэрэх үе: Манжийн эрхшээлд байх үе –
    1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.

    Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
    Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ. Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нарлуу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.
    1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ.
    8. Бөө мөргөл устан алга болох үе: Их хэлмэгдүүлэлтийн үеэс (1932) – Ардчилсан хувьсгал хийх хүртлэх үе (1990 он)
    Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв.
    9. Бөө мөргөлийн шинэ сэргэн мандалтын үе: Ардчилсан хувьсгалын үеэс (1990 он) –Одоог хүртлэх үе
    1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай.
    .Түүх үргэлжилсээр…
    Б.Мөнхдалай (Бөө судлаач, гоц үзэгдэл далд ухамсар судлаач)
    Эх сурвалж
    1. Ё. Гантулга “Монгол буддизм” http://gantulga.wordpress.com.au
    2. Гонгор, Д. 1970. Халх товчоон: хоёрдугаар боть. Улаанбаатар

  • ХОЁР ӨДРИЙН ДОТОР БӨӨ БОЛГОНО

    13. Багш бөө шавийг зөвхөн замчилаад орхих биш төрсөн үр мэт хайрлан бөөгийн эрдмээ харамгүй зааж өвлүүлэх, шавиа эрсдэлтэй буруу алхам хийхээс сэргийлж цаашид бөөгийн замналаар биеэ дааж явах хүртэл нь зааж зөвлөн туслах, замыг засаж өгөх нь багш бөөгийн хүлээсэн үүрэг мөн.
    21. Багш бөө шавийг сонгохдоо шунаг сэтгэлээр бөө болгох ёсгүй хүнийг хөрөнгө чинээлэгийг нь харгалзан бөө болгохыг хатуу цээрлэх. Иймээс багш шавийн барилдлагад баян, ядуу хөрөнгө чинээг харгалзахгүй байх. Зөвхөн тэнгэрээс тамгатай хүнийг л бөө болгох.
    22. Багш багшлах сонирхолтой, шавь өөрөө шавь орохыг хүссэн ямар нэгэн албадлагагүй байх. Багш бөө хүчээр шавиар орохыг ятгах, дарамт шахалт үзүүлж болохгүй.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн
    Бага хуралдайн 2012 оны 12-р сарын 14-ны өдрийн хуралдаанаар баталсан №8 дугаар тогтоолоос

    МБНЭ-ээс Монгол бөөгийн нэр төрийг сэвтүүлж байгаа зарим хүмүүсийг нийтэлж олонд хүргэж, иймэрхүү бөөгийн нэр төрөөр тоглож байгаа хүмүүстэй харьцахгүй байхын олон түмэнд АНХААРУУЛЖ, СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

    Монгол бөөгийн нэр барьж, мөнгө хүүлж байгаа хүмүүсийн мэдээ тасрахгүй байна. Сүүлийн саруудад энэ мэдээ Улаанбаатар хот, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгуудаас ирж байна. Ирж байгаа мэдээнүүдийг баримтжуулсаны дараа зарим мэдээг нийтэд анхааруулах зорилгоор сайтад фото зургийн хамт тавьж байна.
    Сэрэмжлэгтүн. Бөөгийн нэр барьсан багш нэртэй ийм хүмүүсээр үйлчлүүлэхгүй байхад анхаарна уу-Шүтлэгтэн олон.
    Л.Баярлах нь 30 орчим настай, Өөрийгөө Хурцжавхлангийн шавь (Хурцжавлан багшийн зүгээс өөрийн нэр барьж байгааг шалгаж тогтоох шаардлагатай.) гэж нэрлэсэн ийм нэгэн багш Толгойтын орчимд цөөн хэдэн хоногийн дотор өөрт үйлчлүүлэхээр ирсэн шүтлэгтэн олныг богино хугацаанд угийг нь барьж бөө болгон залилан хийж байгааг анхаарна уу.
    Иргэн Т нь өөрийгөө удган гэх Лодойжамц овогтой Баярлахад сүсэглэн очиж амьдрал, ноён нуруугаа үзүүлсэн байна. Иргэн Л.Баярлахад үзүүлэхэд сахиустай байна гэж хэлсэн. Сахиус залах мөнгөтөй болох хоёр өдрийн хугацаа өгсөн. Мөнгө олоод ирэнгүүт намайг дагуулж Нарантуул захад очиж хуяг, дуулга, хэнгэрэг худалдаж авахуулсан. Энэ бүхэнд 1400000 төгрөг зарцуулсан. Эдгээр бөөгийн хэрэгслийг авах мөнгөө иргэн Т ломбардад ээмэг бөгжөө тавьж, цалингийн зээл авч байж цуглуулсан байна. Иргэн Т-ээс сахиус оруулж өгнө гэж Долоон зуун мянган төгрөг авсан байна.
    Иргэн Т-г өөрийгөө удган гэх Л.Баярлах нь өөрийнхөө амьдардаг хашаандаа дуудаж хуяг, дуулгыг өмсгөж хоёр өдөр дараалан хэнгэрэг нүдэж бөөгийн сахиус барих зан үйл хийсэн байна. Тэгээд сахиус орсон гэж хэлсэн. Иргэн Т-ийн хувьд ямар ч өөрчлөлт болсонгүй, сахиус орохгүй байгаагаа хэлжээ. Хэнгэрэг нүдээд, янз бүрийн зүйл яриад бай гэдэг тэгэхлээр аяндаа сахиус орно гэдэг. Ингээд хоёр өдөр тамираа барталаа хэнгэрэг нүдээд Сахиус нь орсонгүй. Түүнийгээ ч хэлсэн байна, гэтэл удган Баярлахын сахиус орсон одоо “болсон” гэж хэлж, нөхөр нь болох залуу хэнгэрэг нүдэж байхад “сахиус” орж байгааг харж гэрчилсэн гэж байгаа. Тэгээд бөө болгох хугацаа дууссан тул хашаанаасаа чирж гаргаж хөөсөн байна.
    Тэр цагаас хойш иргэн Т-г хашааны хаалгаар оруулдаггүй бөгөөд хашаанд орж уулзах гэхээр нохойноос дор үзэж нөхөр нь түүнийг хашаанаасаа хөөж, чирч гаргадаг.
    Бусдад сургамж болгох зорилгоор, бас над шиг хүмүүсийг дахин бусдад залилуулах боломж олгохгүйн үүднээс иргэн Т нь МБНЭ-д энэ тухай гомдол гаргасан байна. Энэ үйл явдлын талаар ТҮ-8 телевизэд мэдээ гаргаснаас гадна цагдаагийн байгууллагад хандсан байна.

     

  • Гал голомтын тахилга.

     

    “…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заяасан гал, галайхан ээждээ
    Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

    Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

    Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

    Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

    Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

    Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

    Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

    Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

    Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

    Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

    Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

    Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

    Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.

  • НОГООН ХОТХОН-МАНДАРВАА

    Өнөөдөр олон зуун “улаач” нэртэн шавь босгох, эсвэл шавь нараасаа мөнгө босгох хэлбэрээр амьдралаа залгуулах арга хэрэгсэл болгосон үнэн билээ. Тиймээс зуугаас мянга руу тоолох шавь төрүүлж, тэдний дунд “хаан” мэт амьдрагсад нийгэмд бий болжээ.
    Нүүрэн дээрээ мөнх тэнгэр, улаачийн үйлийг эрхэмлэдэг мэт харагддаг боловч хачир дээрээ олон зуун шавь нарынхаа хүчээр амьдрагсадын тоо олширч байна. Багш нэртэй сургааль айлдаж, чанар нэртэй цугларалт хийж, эсвэл уул хангайд мөргөл, бясалгал хийж олны уруу татан цаг өнгөрөөж байна.
    Бөө шүтлэгийн мэдээлэл хомс, түрүүлж мэдээлэл хүргэсэн боломжоо ашиглан мөнх тэнгэртээ шүтэгчдийн замын эхлэлийг өөрт ашигтайгаар чиглүүлж байгаа “улаач” нар байна. Өнөөдөр болж байгаа мэт боловч удахгүй зан байдал, чиг хандлага нь тодорхой болоод ирэхээр тэдэнд нүүр хийх газаргүй болох цаг хугацаа ойртсоор байна. Та бүхэн багш гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүний толгой эргүүлж, шавь хэт олноор төрүүлээд байгаа “улаач” нарыг сонирхоод үзээрэй, хүний үйлийн талаасаа эзэмшсэн мэргэжил, боловсрол дулихан, тийм хүмүүс байна лээ.
    Энэ цаг үед тэнгэрийн “улаач” багш хүн ямар хүн байх ёстойг харуулж, үлгэрлэж яваа нэгэн улаачийн хийж байгаа ажлаас цухас дурьдаж байна. Түүний Гэрэлмаа удган гэдэг.
    Одоогоос хэдхэн жилийн өмнө Хүй долоон хутагт 524 айлын газар авч ногоон хотхон байгуулах гээд эжлаа эхэлж байсан. Газраа авч түүнийгээ бусдад булаалгах, байг гэхэд айлууд буугаад газрын маргаан бий болгохоос урьтаж, тэр том талбайг тойруулан эзэмшлийн хашааг байгуулсан. Түүнд багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулсан. Тэгээд санаа нэгтэй хүмүүстэй хамтран “Мандарваа” ногоон төгөлийн удирдах зөвлөлийг байгуулж, байгууламжийн хөгжлийн төлөвлөгөөгөө гаргаж, тэр төлөвлөлтийн дагуу орчиноо тохижуулах ажлуудыг хийж эхлээд байна. Бүх ажлаа хуулийн хүрээнд баталгаажуулж чаджээ.
    “Мандарваа” ногоон хотхонд оршин суугчид хуульд заасан хэмжээгээр газраа авч, эзэмшсэн газраа тойруулан мод, бургас тарьж хашаагаа тойруулан цэцэрлэгжүүлэх ажил хийж эхлээд байна. Төв гудам болон салаа гудамжнуудыг гаргаж, замын 2 талаар моджуулах ажлууд хийж байна. Заасан эзэмшилт газрын хэмжээгээ бага ч хэмжээгээр томруулах гээд газар эзэмшигчид дураар аашлах нь их байгаа тул айл болгоны эзэмшлийг тойруулан газрыг ухаж хэмжээг нь тодотгож өгчээ. Тэр ухсан газарт нь бургас юм уу жимсний бутлаг мод тарих боломжтой.
    Хийсэн ажлуудтай нь танилцаад явж байхад олгосон газраа 1-2 метрээр өргөтгөөд хашаагаа барихад л гудамжны жигд байдал алдагдаж, ирээдүйд байгуулах явган болон машины замын байдалд нөлөөлөхөөр ажээ.
    “Мандарваа” ногоон хотхон өнөөдөр газар хувиарлалтаа хийж, эзэмшлийн хашаагаа барьж, мод, жимс тарих эхлэл тавьсан байна. Гүний өрөмдлөгө хийж, худаг гаргажээ. Одоо төвийн цахилгаантай холбох ажил үлджээ. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байгаа энэ цаг үед энэ асуудал нилээд удах төлөвтэй байна. Гэхдээ “Мандарваа” ногоон хотхоны ажил жигдхэн урагшилсаар байгаа.
    Хэлсэнээ ажил болгодог энэ чанар манай өнөөгийн хүмүүст нэн чухал чанар. Амьдралд амарханыг нь бус хүндийг нь сонгож ажил болгож чадна гэдэг гайхамшиг. Энэ эгэл жирийн юм шиг боловч энэхүү гайхамшигийг хийж байгаа Монгол бөөгийн Удган Гэрэлмаагаар бид бахархаж байна. Мод тарина гэдэг маш том буян. Хэдхэн жилийн дараа “Мандарваа” ногоон хотхонд мод, жимс, цэцэгс халиурсан ногоон төгөл, одоогийн ярьдагчлан эко орчин бүрдэнэ. Бодлогыг хэрэгжүүлэгч нь жинхэнэ эгэл олон байдгын тод жишээг “Мандарваа” ногоон хотхоны бүтээн байгуулалт харуулж байна. Энэ их ажлыг санаачилан хийж байгаа МБНЭ-ийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаадаа улам их ажлын амжилтийг хүсье.
    Д.Хүрэлбаатар

  • Бөөгийн өчил ба ногоон малгайтнуудын хэрэг

    Болж өнгөрсөн түүхийн гол баатар нь, тодруулж хэлбэл Дотоодыг хамгаалах газраас үүсгэсэн хав¬таст хэргийн эзэн холбогдогч нь ойун Моньогон гэдэг хүн байв. Якут хэлнээс орчуулах юм бол түүний нэр “Хар бөөрөлзгөнө” гэж бууна. Харин нутгийн зон олон нь өөрсдийн алдартай бөөг зүгээр л Өвгөн гэж дууддаг байлаа.
    Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл
    Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд¬лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь¬дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир¬сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг.

    Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа.

    XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж.

    Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ.

    Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг¬луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм.

    Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.

    Нууц ажиллагаа
    Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө¬гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ.

    Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв¬шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг¬луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ.

    Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал¬гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж.

    Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот¬лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой¬гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху¬рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм.

    Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ.

    “Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг¬тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ.

    Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа.

    Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор¬шуулц¬гаав.
    Гэм зэм
    Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би¬чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич¬вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна.

    Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ.
    1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар¬чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл-дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ.

    Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ. Эх сурвалж www.wikimon.mn