Өвдсөн, зовсонд өрөвч сэтгэлээр хандан, өдөр шөнө ялгалгүй тус хүргэн явах буянтнуудыг хэлэх бөлгөө. Харынхан харин аюултай. Хар хэл ам, хараал жатга хийх юм уу харын талын “юм” хийлгэсэн хүмүүсийн хариулгыг хийж өгдөг гэдэг билээ. Бараг мэргэжлийн хараалчид гэхэд болно л доо. Баруун Монголоос гаралтай нэгэн харын талын удган саяхныг хүртэл Баянхошуунд амьдарч байсан билээ. Нэрийг нь Дарьзав гэнэ. Уг нь гурван үеэ дамнасан дан удганы талтай айл ажээ. Дээд үед нь харин сайн, сайн зайрангууд байсан гэх юм билээ. Сүүлчийн удгад нь харынх байсан юм уу, хаашаа юм. Дарьзав удган мэдээ орохын л нэг тиймэрхүү юм хэлдэг хүүхэд байж. “Балдан гуай ч тэсэхгүй байх аа. Хорол чавганцын хөл унаа нь иржээ. Халтарынд хүүхэд тогтохгүй дээ” гэж ирээд л үргэлж муу амалж явах. Хүмүүс ч түүнээс нь баахан цэрвэдэг байжээ.
Ямар сайндаа л түүнээс аль болох дөлсхийж явах вэ дээ. Тэгээд ч хэн л болсон хойно таагүй мэдээ хүсэх вэ. Халз таараад хачин юм яривал тэр нь биелж, таардаг болохоор тэр биз. Гэхдээ таарсан болгонд ч хэлээд байхгүй л дээ. Хэлье гэсэндээ л хэлнэ. Тэр нь нэг ёсондоо урьдчилан сэргийлэх арга байсан юм уу даа. Миний нэг сайн таних нөхөр тэднийд очсон байгаа юм. Тэгээд бөөн унтууцал болсон амьтан ирснээс болж бид баахан хөөрөлдсөнөө санаж байна. Уг нь архинаас холдчих санаатай, аргаа барж яваад “Дарьзав л аргална даа” гэхээр нь ээжийгээ дагуулаад очсон байгаа юм. Бага зэргийн юмыг ч аргалах нь аргалдаг гэдэг юм шүү, хөөрхий. Бөөн дараалалд дарагдсан удган гэртээ бууж байжээ. Гэхдээ “Бууна, барина” гээд учир зүггүй цамнаад, бүжээд, орилоод байдаггүй хүн гэнэ билээ. Онгодоо дуудаж жаал гөлийж сууж байгаад л хэлдэг, хэлсэн дороо засал, маслыг нь хийчихдэг юм байх. Нэгэн хархүүг үзэнгээ мань хүнийг “Хүлээзнэ” гээд хажуудаа суулгаж орхисноос элдвийг үзэж, сонссон байгаа юм. “За, хүүхээ. Үйлс чинь бүтэхгүй ээ. Хар талын юм хийлгэчихэж. Баруун хойт талаас бараавтар царайтай эмэгтэй хүн хараал хийлгэжээ. Аваар, осол тохиох чинь юу ч биш. Амь нас чинь ч гаргуунд гарах нь. Хариу хийхгүй бол горьгүй нь. Хатуухан юм хийхээс дээ” гэжээ.
Өнөө хар хүү их аминчхан нэгэн байсан бололтой. “Та ямар хариу хийх вэ?” хэмээн сонирхвол “Тэмээ л унуулаад илгээчихнэ дээ” гэсэн байна. Дашрамд дурдахад, монголчууд тэмээг хүйтэн хошуутай мал гээд цэрвэмтгий байдаг билээ. Ялангуяа тэмээ зүүдлэхийг нэг их таашаадаггүй юм. Тэр дундаа хэн нэгэн тэмээ унаад тэшүүлж одвол бараг л бурханы орноо илгээгдэнэ гэсэн үг л дээ. Тийм зүүд зүүдлэгсдийг хөгшчүүл “Хөл унаа нь иржээ. Замд нь бэлдвэл таарна” хэмээдэг. Замд нь бэлдэнэ гэдэг нь ая тааваар нь байлгана гэсэн үг юм. Тэгэхээр хараал хийлгэгчийг золигт гаргахыгаа л хэлээд байхгүй юу. Манай найзын ээж нутаг усандаа нэлээд нэр төртэй, бас ч гэж шударга, тэгээд ч удганаас эгчмэд нэгэн байжээ. Дээрх яриаг сонссон хархүү “Хэцс, хадам авгай л байна. Түүнээс гарахгүй ээ. Харыг хараар гэдэг биз дээ? Эгч хүү, тэр нөхөрт тэмээг нь унуулаад тавьчих. Арыг нь би даая” гээд тун ч хэнэггүй суусан юм байх. Ингээд удган харын арга хийхээр гурил, балин хийж эхэлжээ.
Тэр бүхнийг харж, сонсч суусан найзын маань ээж гэнэт дүрсхийгээд явчихжээ. “Хөөе, Дарьзав, яаж байгаа чинь энэ вэ? Хүний амь золих ийм санаан зоргоор байдаг юм уу? Аав ээж, ах дүүгүй хүн үү, чи? Бухимдсан эмэгтэй лам хард очоо л биз. Юун сүртэй юм. Осол, аваар чинь хараасан, хараагаагүй өдөр, шөнөгүй л гарч байдаг биш үү, энэ их хотод? Тэр болгоныг хараал гээд хариулаад байвал юу болох вэ? Чи ч гэсэн дээ, яачихсан амьтан бэ? Эр хүн байж жаал холуур харж сурах хэрэгтэй ш дээ. Хадам ч гэсэн дээ, хүний л эх шүү дээ. Наадахаа боль, би явлаа” гээд босчээ.
Удган Дарьзав ихэд сандран “Цэрэв гуай тайвшир даа. Нутаг усны ахмад хүн таны үгийг сонсохгүй яахав. Нээрээ тийм юм байна. Энэ залуугийн үйлс бүтэхгүй, ойрхон юманд орооцолддог болсон байна. Цаадуул нь юм хийлгэх нь ч хийлгэсэн бололтой. Гэхдээ би тэгж хариулахаа больё” гээд л буугаад иржээ. Заслыг ч өөрөөр хийх болсон байна. Залуу хархүү ч ухаарсан бололтой. “Уучлаарай, эмээ. Уурандаа дэмий юм хийлгэчих шахлаа. Өөрөөр аргалж болдог юм бол заавал хатуу хариу энэ тэр гээд ч яах вэ” хэмээж суужээ. Яагаад үүнийг нуршаад байна вэ гэвэл бусдыг санаа аваасай гэсэн дээ л тэр шүү дээ.
Харын арга чарга, хар дом, ид шид байдаг ч хамаа бусаар хийгээд байдаггүй гэсэн шүү. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэж үг буй. Харын арга, хараал жатга хийх юм уу хийлгэх ч тийм сайн зүйл биш гэдэг үнэний хувьтай байх аа. “Харыг цагаан, хатууг зөөлөн” гэдэг ардын сайхан үг ч бий. Удган Дарьзав манай найзыг үзээд “Айлтгүй ээ. Аяндаа өөрөө холдчих юм байна. Чи ч өөрөө хичээ. Би ч тусалъя” гээд багагүй юм хийж өгсөн гэх бөгөөд өнөө л лав архи уухаа больжээ. Тэр удган нөлөөлөв үү, өөрөө аяндаа больсон уу, ёстой чөтгөр бүү мэд дээ. Гэнэт уумааргүй санагдаад л хаячихсан гэдэг юм. Иймэрхүү тохиолдол уг нь ч элбэг байдаг юм шүү. Харин тэр биеэс нь өт авах, адистай архи уулгаад гаргах энэ тэр ч дээ, худлаа байх. Тэр аргыг хийлгэсэн хүн архинаас гарсан гэж сонсоогүй юм байна. Үүнийг товчлоод удганы хувь заяаг сонирхоцгооё.
Жилийн дараа удган найзын маань ээжийг яаралтай ирж уулз хэмээжээ. Тэд ч сандарсан байна. Манайд л нэг эвгүй юм тохиох нь дээ гээд үтэр түргэн очицгоожээ. Удган нэлээд ядруу хэвтэж байжээ. “Ашгүй, Цэрэв эгч та юу?” гээд өндийгөөд иржээ. “За, дүү нь ч баларсан байх. Үйлийн үрийг одоо яана гэх вэ. Бие дордлоо. Бусдад тус болж байна гээд буруу зөрүү зүйл бишгүй л хийсэн байна. Бүгдийг нь эцэслэн тунгаалаа. Огт хэрэггүй зүйл олныг хийжээ. Залуу хосыг ч салгасан байна. Хариу хийж байна гээд хэдэн халтар цаасны төлөө хүний амь насанд хүрсэн ч байж мэднэ. Барилгын компанийн захирал гэх нэгэн залуугийн хүсэлтээр мөнгө зээлээд өгөхгүй байна гэсэн хүнд ч юм хийж явжээ. Харин нэг хүүхний эсрэг юм хийчихээд л баларлаа. Хадамдаа хатуурхсан, хар царайтай, хатуу ширүүн хүүхнийг золигт гаргачихсан юм. Тэр шөнө өөрөө тэмээ унаж одсоноос хойш ийм болов. Их муухай зүүдлэсэн юм. Одоо ч нэмэргүй биз ээ. Тэр хүүхний ар тал их хатуу, харын талтай улс байж. Айлгүй хийчихээд амиа алдахдаа тулаад байна даа” гэжээ.
Түүнээс хойш хэд хоноод нас барсан гэнэ билээ. Хэдхэн жилийн өмнөх болсон явдлыг дурдахад ийм байна. У.САРАН
Category: Монгол бөө
-
Тэмээ унуулж “илгээсээр” тэмээгээ унаад “одов”
-
МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛИЙН ДУУДЛАГЫН ТУХАЙ
Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр, газар дэлхий уул, ус, онгод шүтээн зэрэгт зориулагдсан уриа дуудлагыг гайхам сайхнаар дуулан магтсан дуудлага олон байдаг. Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Бөө хүн “Хан тэнгэрийг харигтал, Хатан дэлхийг доригтол нь онгод тэнгэрээ дуудах ёстой” гэдэг. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага татлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Судлаач доктор, профессор Д.Бум-Очир “Бөө мөргөлийн аман яруу найраг нь 1.Багшаас шавьд, 2.Залран буусан онгод, дээдсийн сүнч улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заан сургадаг бололтой” хэмээн дүгнэсэн байна. Монголчуудын шүтлэгийн тухай түүх зохиолд нилээд дээр үеэс тэмдэглэгдэн иржээ. Гэхдээ эдгээр бичиг зохиолд голдуу товч төдий буюу бусад зүйлийг тоочихын далимд цухас дурдсан дуудлагууд байдаг нь эрдэм шинжилгээний бүтээл болох нь ховор юм. Бөө мөргөлийн аман зохиол нь тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон уянга шүлгийн айзам, дуу хөгжмийн ая, шүлэглэх урлаг нь ихэд боловсорсон онцлогтой байдаг. Жишээ нь: Гал могойг ташууртангууд Галзуу чонон хөлөгтөнгүүд Хүний махан хүнстэнгүүд Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэх мэт. Бөө мөргөлийн аман яруу найраг нь уран сайхны шинжээсээ илүү зан үйл, хэрэглээний зориулалттай байна. “Бөөгийн дуудлага нь зүгээр нэг шүлэг ерөөлийг дуулан уншихтай адил бус бөгөөд аргадах, залбирах, засах үйлийг гүйцэтгэхэд хэрэглэж буй бие хэл сэтгэл гурвын хүчийг зангидан ашиглаж буй шашны зан үйл юм” хэмээн бөө судлаач Ш.Сүхбат хэлсэн байдаг. Монгол бөө нарын дуудлагад утга агуулгын өөрчлөлт цаг тухайн үед орж байсан явдал бол түүний дуудлагыг олон янзын хувилбартай болгох нөхцөлийн нэг нь болсон байна. Монголчуудын дунд бурханы шашин XVII зууны үеэс хүчтэй дэлгэрч, бөөгийн мөргөлтэй харшилдан мөргөлджээ. Энэ тухай бөө удгануудын дуудлаганд тод үлдсэн. Тухайлбал: Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь: Бурханд чинь мөргөх юм бол Булчингаа тас цавчуулна би Шашинд чинь сүсэглэх юм бол Шандасаа ховх татуулна би Хүрдийг чинь эргүүлэх юм бол Хүзүүгээ тас цавчуулна би… гэж бөөлж лам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. 16-17 дугаар зууны үеэс бөө мөргөлийн шашинд шарын шашны нөлөө халдаж дан цэвэр шинжээ алдаж, шарын шашны холимогт шинжтэй болон бие даасан шинжээ алдсан байна. Хайрхаан Ариун Умаа Хум Ар тайгаас түүсэн Ариун ганга арц ууги Амьтай бүхнийг даатгаад Бэгз, Жамсран, Махагал Хайрхаан ариун умаа хум Бурхан багш заларсан Будлангийн уул минь Эхний хэсэг нь бурханы шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Мөн дуудлагыг лам нар монгол хэл дээр зохиохдоо агуулгыг өөрчилж, уг шүлгийн журмыг дуурайлган ном судраа бичсэн байдаг. Мөн шинэ зохиосон дуудлагын завсар, завсарт нь Түвд хэлний уншлагыг ч оруулж чадсан байна. Энэ дуудлагыг хэрэглэх бөө нарыг шарын зүгийн бөө гэж нэрлэсэн, гэхдээ зарим нутагт цагаан зүгийн бөө ч гэнэ Монголын бөөгийн яруу найраг бол олон зуун жилийн турш ард түмний бүтээсэн уран зохиолын шилдэг өвийг биедээ шингээсэн учраас бурхны шажны ширүүн тэмцэлд тийм амархан ялагдахгүй, амь бөхтэй зууралдаж чадсан байна. Монгол бөө нар дуудлагаа голдуу аман яриагаар цээжилж байсан учраас үг, үсгийн илүү, дутуу зөрөө гарсан онцын их өөрчлөлт болж чадсангүй. Гэвч бас бөөгийн олон янзын дуудлагыг нэгтгэж бичсэн ном байсан бололтой байдаг. “Миний багшид “Онгодын гарчиг” гэдэг нэртэй, гурван хуруу хэртэй зузаан ном байсан. Багшийг нас барсны дараа үрэгдэв бололтой” гэж Булган аймгийн Дагва гуай 1956 онд Б.Содном гуайд ярьсан байна. Үүнийг тодруулж үзэхэд үнэн байсан гэдэг. Бөө мөргөлийн шүтлэгт уул ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, онго тэнгэрийг дуудах, аргадах, магтах гэх мэт уран сайхан хэл, аялгуу бүхий дуудлага яруу найраг, зан үйл, зан заншил багтдаг. Бөөгийн мөргөлийн яруу найраг цөм монгол шүлгээр байдаг бөгөөд зөвхөн зан суртахуун буюу ёс журмын тухай тайлбар тэднийг нь зүгээр үргэлжилсэн үгээр хийсэн байх юм. Монголын алдарт зохиолч Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад “Миний нутаг” гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн. Уг шүлгэндээ бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч бичсэн нь уншигчдад хүрч чадсан. Бөөгийн дуудлагын шүлгийн хэмжээ нь хэц цохиж, аялан дуудахад тохирч байдаг учраас үгийн толгой буюу адгийг холбоод зогсохгүй, мөр мөрөөр нь туушид нэвт шувт эгшиг, гийгүүлэгч нийлүүлсэн нь олон. Жишээ нь: “…Хонгор сайхан чуулгантангууд минь Хотгорынхон хэцтэнгүүд минь Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж Хэнд чинь хэнэггүй Алинд чинь алаггүй Бултын тань өмнө Бүгдийн тань дунд Даатгалыг хийж байна Шог, шог, шог…” гэжээ. Үүн дээр уг шүлгийн мөрийг туушид нь шүлэглэсэнээр барахгүй, үгийн толгой, адаг хоёрыг адилхан холбожээ. Үгийн эхэнд “Хонгор, хотгор” гэж Н, Т гийгүүлэгч үсэг оруулсан нь хоорондоо авиа харшгүй. Мөн үгийн эхэнд “Хэнд, алинд” гэсэн ойролцоо сонсогдох үгийн үеэр шүлэглэсэн нь сайхан дуулдаж, хэлэх, цээжлэхэд амархан болсон бөгөөд шүлгийн мөрний эцсийн үгийг бүхэлд нь хэнэггүй, алаггүй гэж холбосон нь аятай дуулдаж байна. Б.Ренчин гуай “Монгол бөөгийн дуудлага нь авиан зүйн хамгийн хялбар аргаар бичигдсэнээрээ Азийн төдийгүй дэлхийн соёлд онцгой байр эзэлнэ” гэсэн. Ингээд үзэхэд Монгол бөөгийн дуудлага нь монгол шүлгийн маш баялаг учир Монгол бөөгийн яруу найргийг сан цуглуулж, нарийвчлан судалбал, бидэнд олж ашиглах зүйл олон бий. Б.Мөнхдалай
-
БӨӨГИЙН ИХ ЧАНАР БОЛЛОО. 2012
Богд хайрхан уулын аманд болсон Чанарт мянга гаруй шавь, шүтлэгтэн нар оролцлоо.
Хагас дугулйан барьсан гэр, майхнуудын гол хэсэгт гурван газарт галын тахилга хийхээр бэлтгэсэн байна. Зайран Хурцжавхлангийн өргөөнд шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, тасралтгүй уулзан золгох ажээ.
Монгол бөөгийн Их удган Отгонсүрэн нь Буриаад бөөгийн онцлог шинж чанарыг харуулсан өвөрмөц бөөлөлт хийлээ. Эртнээс хуягны өвөрмөц байдлаараа Буриад бөө ялгарч харагддаг.
Галын тахилгын өмнөхөн бүгд хуяглах үед гурван хэсэгт хуваагдан галын тахилгад байрлалаа эзлэнэ билээ. Халх бөөгийн их хаад, хатад, баатрууд, дорлигууд гэсэн хэсэгт хуваагдаж тахилгаа хийсэн юм. Зайран Хурцжавхлангийн чанарт МБНЭ-ийн удирдлагууд байлаа. -
Тэнгэр шүтлэг Бөө мөргөл
. Кидан гүрний үед несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж. Харин хоёр дахь сэргэн мандалт нь мөнх тэнгэрийн хүчин дор гарч ирсэн Чингис хааны үеэс эхлээд арван долдугаар зуун буюу Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор залсан үе хүртэл үргэлжилдэг байна.
Үүний дараахан 1720-иод оны эхээр Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс мэднэ. Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх Алтан хааны залж ирсэн нууц тарнийн лам 1640-өөд оны үед увидасын хүч билэгээ шалган тулж ялсан гэхээр Өндөр гэгээний үед болсон тэмцэл нь нилээн хожуу үедээ орно. Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас мэдэгддэг. Харин гуравдугаар үеийн сэргэн мандалт нь 1800 оны дунд үеэс хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Тухайн үед бөө мөргөлийн шашин хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж иржээ.
Шар зүгийн бөөгийн сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нар луу гүйлддэг байснаа болив. Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ. Иймээс шарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ. Гэхдээ тоо толгойг нь цөөлж чанарыг нь сайжруулсан хэрэг.
1930 онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж 200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Ингээд их хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан билээ. Харин дөрөв дэх сэргэн мандалт нь 1990 оны ардчилсан хувьсгалаар эхэлсэн юм. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв. Гэвч яваандаа бөө мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх” болсон. Сүүлдээ бөөгийн хэд хэдэн төв ч нэгэн зэрэг байгуулагдлаа. Тэргүүнүүд нь хүртэл бие биенээ мэдэхгүй баахан бөө удган зайрангууд Монголоор нэг хөшилдөж энд ч бэлэн мөнгөөр тэнд ч машин унаагаар хахууль авч гол төлөв хараал ерөөл хийх болсон нь үнэ ханшийг нь хямдрахад хүргэсэн. Захын нэг архичин хүртэл бөө зайрангийн хувцас өмсөж тольтой хэнгэрэг зүүчихсэн “Хараалгах хүн байна уу, хадуулах зүрх байна уу” хэмээн амнаасаа хөөс цахруулж явах болсон нь онгон тэнгэрийн шашны нэр хүндийг ч навс унагахад хүргэжээ. Дөрөвдэхь үедээ сэргэн мандаад буй мөнх тэнгэрийн ёр зөн далд хүчний их шашин дотроосоо мөхөж мэдэх ийм байдалд орсон явдалд жинхэнэ бөө удам судартангууд ихэд жигшин зэвүүцэх болжээ. Тэд энэ оны долоон сараас эхлэн хуурамч бөө нарын эсрэг дайн зарлаж өөрсдийнх нь хэлээр бол “Зүрхийг нь идэж зүсийг нь шатаахаар” болсон байна. Сонирхуулахад жинхэнэ цэвэр бөө мөргөлийн ёс жаягаа шүтэн дээдэлж яваа 150 орчим удган зайран энэ тэмцэлийг хийхээр шийдсэн байна. Уг тулаанд хуурамч бөө нар гарцаагүй ялагдал хүлээх бөгөөд учир нь тэдэнд угаас заяасан хүч чадал байхгүй учраас аргагүй мөхөсдөнө хэмээн тэд үзжээ. Нэгэн үе бөө нар маань лам нартай хүч үзэх тухай яриа гардаг байсан бол эдүгээ бөө нар бөө нартайгаа эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай. Энэ нь нэг талаар бидний өвөг дээдсийн унаган шашинд гарч буй бас нэгэн шинэчлэл гэж хэлэхэд буруудахгүй байх.
-
Хуурамч бөө нарын алдаа багшаа буруу сонгосных
машиныг бөө шатаажээ” зэрэг сэтгэл сэртхийлгэсэн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсч, “Намайг бөө бол гэсэн”, “Бөө болоход дор хаяж 10 сая төгрөг шаардлагатай гэнэ”, “Манайхнаас нэг нь бөө болохгүй бол олон хүний амь нас эндэнэ гэлээ” гэх зэрэг эвгүй үгийг олон ч хүний амнаас дуулсаар…
Монголчууд эрт дээр үеэс тэнгэрээ шүтэж ирсэн. Үүгээрээ ч бөөгийн шашинг эрхэмлэн шүтэж, хүчирхэгжин явсан цаг үе бий. Гэтэл өнөө цагт өнгө мөнгөнд шунасан зарим хүн түүх соёл өв уламжлалын ариун хэлхээс болсон бөө мөргөлийг мөнгө олох хэрэгслээ болгон ашигласаар байна. Тэгвэл бөөгийн шашны эх захаа алдсан замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж буй гэв. 700 гаруй бөөг нэгтгэсэн тус байгууллага дөрвөн ч удаа томоохон тахилга үйлдсэн байна. Тэнгэрийн улаач нарын үе дамжин ирсэн дэг жаяг болон одоогийн гаргаж буй бөө нарын ёс зүйн алдааг нэгтгэн “Монгол бөөгийн уламжлалт ёс зүй” ном гаргажээ. Ингээд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, тэргүүн удган Н.Хишигжаргал, Б.Батсайхан нартай ярилцлаа.-Сүүлийн үед бөө нартай холбоотой хэргүүд газар авах боллоо. Үнэн, худал нь мэдэгдэхгүй бөө олнооро төрж байна гэж ярих болсон. Үүнийг цэгцлэхийн тулд Монголын бөөгийн нэгдсэн эвлэл бай¬гуулагдаж ямар үйл ажил¬лагаа явуулж байна вэ?
Б.Б: -Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь Монгол бөөгийн уламжлал ёс зүй. Энэ бол хэн нэгний зохиомол зүйл бус Мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль шүү дээ. Монгол бөөгийн ёс зүйн нарийн задаргаа нь монгол ёс заншил өв уламжлал маань. Монголчуудын хүн төрөлхтний соёл иргэншилд үлдээсэн үнэт өв, агуу баа¬тарлаг түүх, нүүдлийн их соёл иргэншил, төрт ёсыг маань мөнх тэнгэрийн бөө шүтлэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Бөө шүтлэг бол монгол¬чуудын хүчирхэг орши¬хын үндэс суурь, агуу суу ухаан байсаар ирсэн. Ямарваа нэг суурьгүй зүйл тогтвож өгөхгүй нуран унадаг биз дээ. Аливаа үндэстнийг эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь уламжлал. Гэтэл өнөөдөр Монголын бөөгийн уламжлал алдагдсан. Үүнээс болж элдвийн зохиомол хуурмаг жаягууд бий болсон. Морьдохын хазгай гэгчээр буруу жаягаар гарсан бөө нэртүүд буруу зүйл их хийж байна. Мөнгө олох л гэсэн бөө олноор бий болж иргэдийг хохироон бүр цаашлаад бөө шүтлэгийн нэрийг унагаж байна. Иймээс Монголын бөө¬гийн нэгдсэн эвлэлээс удам таслаагүй ахмад удган зайрангууд бусад бөө нарын саналыг авч өв уламжлалынхаа дагуу Монгол бөөгийн ёс зүйг эмхэтгэн ном болгон гаргалаа.-Тэгэхээр зөвхөн ном гаргаснаар бөө нарын замбараагүй байдал цэгцэрнэ гэж үзэж байгаа юм уу?
Б.Б: -Бид ном гаргаад ажлаа зогсооно гэж яриагүй. Манай төвд одоогоор янз бүрийн санал гомдол ирдэг л дээ. Тэр бүгдийг энэ ном¬доо зүйлчлэн оруулсан. Тэгэхээр энэ ном нэг ёсондоо тэнгэрийн улаач нарын дагаж мөрдөх дүрэм журам гэсэн үг. Энэ номд заасан ёс зүйн заалтуудыг зөрчиж, иргэдийг ямар нэг хэмжээгээр хохироосон тохиолдолд бид хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, асуудлыг шийдэх болно.-Хамгийн гол нь, таны хэлснээр хазгай бөө нар төрөхийг л журамлах хэрэгтэй юм шиг…?
Н.Х: -Манай эвлэлээс бөө нарын багш болох хүмүүсийг тодруулан гаргасан. Мөн багш бөө нарыг дөрвөн төрлийн зэрэг дэвтэй болгосон. Удган, зайран, тэргүүн удган зайран, их удган, зайран, дархан удган, зайран гэсэн цол чимэгтэй болгож байгаа нь “Чи энэ хүнийг багшаа болгож болно шүү” гэж зааж өгч байгаа хэрэг. Хазгай бөө төрөхийн хамгийн гол зүйл нь Дархад угсааны онгодыг буриад угсааны зан заншлаар буулгаж ирсэн, буруу буулгахыг завдсан зэргээс л болж байгаа юм. Буриад бөөгийн ёсоор бол шинэ онгодыг улаачид нь наахын тулд дор хаяж гурван өдөр чанар хийдэг. Гэтэл одоо нэг өдөрт 70, 80 бөө төрүүлж байгаа удган, зайрангууд байна. Тиймээс багш нарыг нь цэгцэнд оруулах хэрэгтэй болсон. Манай эвлэлд бөө нарын талаар их олон санал гомдол ирдэг. Нэг компанийн захирал эмэгтэй үйлдвэртээ хадаг өлгөчихөөд ажилчдаа “Энэ бол манай хүүхдийн сахиус. Та нар өдөр болгон ээлжлэн архиар ундаалж бай” гэж дарамталдаг гэсэн гомдол ирсэн. Түүнийх нь дагуу тэр эмэгтэй рүү ярьсан. Удалгүй гомдол гаргасан хүн холбогдон “Нөгөө хадгаа аваад явсан. Захирлын хүү нь ч гэсэн биднийг манай өвөөд үзүүл гэж дарамтлахаа больсон“ гэж ярьсан. Энэ мэтчилэн жижиг гэлтгүй л бид бөөтэй холбоотой гарсан асуудлыг шийдэж байна.-Тэнгэрээс бууж байгаа онгодыг ингэж дураараа зэрэг дэвтэй болгож болдог юм уу?
Н.Х: -Энэ бол онгодод нь өгч байгаа цол чимэг биш. Улаачид нь өгч байгаа зүйл. Хэдэн жил бөөлсөн, хэдэн шавь төрүүлсэн зэргийг нь харгалзан үзэж хичээл зүтгэлд нь өгсөн цол чимэг гэж ойлгож болно.-Тэгвэл Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн бөө нараас цол чимгийг нь харж байгаад багшаа сонгож болно гэсэн үг үү?
-Б.Б: Онгод сахиус авах хүн эхийн хэвлийд байхаас тамгалагдсан байдаг. 13 настай эмэгтэй, 14 настай эрэгтэй хүүхдийг бөө болгож болно. Гэх¬дээ улаач нь төлөвшөөгүй байдаг учраас хүлээдэг. Хэрэв унаж татах, хий юм сонсох зэрэг үл ойлгогдох өвчний шинж тэмдэг илэрсэн бол онгод буух цаг нь болсон гэсэн үг. Манай эвлэл дээр долоон угсааны бөөгийн багш байгаа. Тэднээс өөрийнхөө угсааны багшийг сонгож болно. Гэхдээ бөө болгон багш болохгүй. Зөвхөн нартын үйл хийхээр бууж ирсэн онгод байдаг.-Багш нар гэснээс бөө хүмүүсийг санхүүгийн дарамтад оруулж байна гэж санагдах болсон. Бөө болж, тэнгэрийн онгод сахиусаа буулгаж авахын тулд заавал их хэмжээний өргөл өгөх ёстой юу?
Н.Х: -Тэнгэрийн сахиусыг нь буулгаж өгсөн багш бол насан туршийнх нь багш байх ёстой. Заавал тэдэн төгрөг өгөх ёстой гэсэн зүйл байхгүй. Онгод бүр янз бүрийн цаг үед амьдарч байсан учраас өөр өөрийнхөөрөө өргөл нэхдэг. Хоёр бод, хоёр бог гэх зэргээр. Гэхдээ заавал тэрнийх нь хэрээр өгөх шаардлагагүй. Ямар нэг зүйл өгч байгаа нь багшаа хүндэлж байгаагийн илрэл. Бас онгод тэнгэр чинь заавал алтан ээмэгтэй байна, мөнгөн аяганд ууна гэж байна гэдэг. Энэ бол худлаа. Онгод дархад, буриад, халх гээд ямар ч угсааных байсан хамаагүй гял цал юм хэрэглэдэггүй.-Хэрэв их мөнгө нэхээд, алт үнэт эдлэл бэлд гээд л эхлэвэл жинхэнэ бөө биш гэж ойлгож болох нь ээ?
Н.Х: -Биш нь ч юу байхав. Албинтсан бөө байна л гэсэн үг.-Тэгвэл албинтсан улаачийг яаж таньж болох вэ?
Н.Х: -Онгод тэнгэрээ буулгасан цагаас эхлээд амьдрал нь уруудаж, доройтно. Улаач нь царай зүс алдана. Ажигч хүнд бол биеэс нь эвгүй үнэр ялгарна. Онгод нь буусан байхдаа хоол нэхнэ, архи ихээр ууна. Тийм хүн над дээр ир гэж дуудах, ямар нэг зүйл авч ир гэж нэхэх гээд буруу зүйл хийж эхэлдэг.-Тийм болсон улаачийг засах арга байх уу?
Б.Б: -Бидэнд онгодоо дутуу авсан, албинтсан улаач нар их ирдэг. Тэдний энерги нь маш их гэмтсэн байдаг учраас засахад хугацаа их орж, хүч ихээр шаарддаг.-Н.Хишигжаргал удган та жишээ нь тэргүүн удган гэдэг цол чимэгтэй шүү дээ. Хэдэн жил бөөлж, хэр олон шавь төрүүлээд байна вэ?
Н.Х: -Найман жил бөөлсөн. Сүүлийн гурван жил л шавь авсан. Одоо 80 шавьтай.-Таны шавь нар ч гэсэн шавь нар төрүүлээд бүр олон болсон уу?
Н.Х: -Үгүй ээ. Миний шавь нар хамгийн олон нь дөрвөн жил бөөлж байгаа. Гэхдээ би багш хүний хувьд шавь нараа зааж чиглүүлдэг. Тиймээс ми¬ний аль ч шавь өөрийн гэсэн шавьтай болоогүй байгаа.-Онгод тэнгэр гэж яг юу юм бэ. Эрт үед амьдарч байсан өвөг дээдсийнх нь сүнс дахин бууж ирэхийг л онгод гэж ойлгодог?
Б.Б: -Тухайлбал, би мөнх тэн¬гэртээ халилаа гэхэд ми¬ний орчин тойрны сайн сай¬хан энерги хуримтлуулсан мөн хальсан хүмүүсийн сүнс нэгдээд дахин хэдэн зуун магадгүй хэдэн мянган жи¬лийн дараа нартын хорвоод улаачийн бие дээр буухыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр онгод гэдэг бол ганцхан хүний сүнс биш. Дорж өвөө, Балдан өвөө ч гэх юм уу хүний нэртэй онгодууд жинхэнэ биш.-Тэгвэл нэг улаач дээр олон онгод буудаг шүү дээ. Тэр нь зөв юм уу?
Б.Б: -Тэр байж болно. Дээр үеийн нэртэй бөө нар цөөн хэрнээ чанартай онгод сахиустай байсан шүү дээ. Манай одоогийн бөө нар онгод нь буулаа гэхэд архи уугаад, тэрийгээ тэг, энийгээ ингэ гээд бүтэн өдрөөр ч хамаагүй суугаад л байдаг. Судлаач хүний хувьд хэлэхэд, хүний бие тэнгэрийн онгодыг 30 секундээс 5 минутын хугацаанд л хүлээж авах чадвартай байдаг. Ийм хугацаанд нэг онгод ороод дараагийн онгод солигдох жишээтэй.-Тэнгэрийн онгодыг хүлээж авахгүй байж болох уу?
Б.Б: -Нэгэнт эхийн хэвлийд байхдаа л тамгалагдсан бол онгодоо авах л ёстой. Авахгүй байх аргагүй. Зарим бөө “Чиний онгод буух хугацааг сунгаж өгье”, “Онгодыг нь тэнгэрт буцаана” гэх зэргээр ярьдаг. Энэ бол худлаа зүйл. -
МОНГОЛ БӨӨГИЙН БАЙГУУЛЛАГА ЦОЛЫГ ХЭРХЭН ОЛГОДОГ ВЭ
МБНЭ-ийг байгуулагдаж байх үед олон бөөгийн байгууллагаас 64 нэрийн цол хэргэм олгож байв. Өөрөөр хэлбэл бөөгийн цол олголт биднээс өмнө бий болчихсон, нэг хүний шийдвэрээр олгодог байв.
МБНЭ-ийн хамт олон цол олгох тухай хэлэлцээд цолыг цэгцлэх бодлого дэвшүүлсэн. Ингээд хэрэгжүүлэх ажил эхэлсэн. Бөө нараа мөн, бишийг ялгах асуудал гарч ирсэн. Бид элссэн гишүүдээсээ эхэлсэн билээ.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн 2013 оны 4 дүгаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар “МБНЭ-ийн цол олгоход мөрдөх журам”-ыг батлав.
Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан бөө нарт Монгол бөөгийн цол, тэмдэгийг олгохоор шийдвэрлэж байна.1дүгээрзүйл. Цол олгох үндэслэл.
1.1. Үндэсний оюун санааны дархлааг хамгаалах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр,
1.2. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,
1.3. Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн цол, тэмдэгийг олгоно.
1.4. Монгол бөөгийн цолыг МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, олгох ажлыг зохион байгуулна.
1.6. Цолны эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална.2 дугаар зүйл. Цолны нэр, шалгуур үзүүлэлт
2.1. Уг бариад 1-3 жил болж байгаа хүнийг “Улаач” хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй.
2.2. Бөөгийн зан үйлд 3-5 жил зүтгэсэн, Дээд тэнгэр, удмын тэнгэр онгод нь сонгож тамгалсан, байгалиас заяасан зөн мэдрэмж, далдыг харах увидас чадвартай, заяагдмал эрчим хүчтэй, Эх болсон байгаль дэлхий, хүн төрөлхтөн, өвөг дээдэс язгуурын өв соёлоо хайрлах үзлээр хүмүүжсэн, Монгол эх орныхоо түүх, өвөг дээдэс, удам угсаа, уг гарвалынхаа талаар сайтар мэдлэгтэй, тэнгэрийн өмнө өргөсөн андгай тангарагаа гүнээ ухамсарласан, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн зан үйлийг эрхлэн үйлдэгч эгэл бус хүмүүнд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг
2.3. Бөөгийн зан үйлд 7-12 жил зүтгэсэн, (Буриад бөө бол 5-н чанараа гүйцээсэн) бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж чадах өндөр ёс суртахуунтай, гэрийн болон хээрийн онгодыг тахих чадвартай, бөөгийн эрдэм чадал, увидас хүч нь бүрэлдсэн, дадлага туршлага хуримтлуулсан, чадварлаг бөөд, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн зайран”, “Тэргүүн удган” цолыг тэмдэгийг,
2.4. Бөөгийн зан үйлд 13-аас дээш жил зүтгэсэн, Монгол бөөгийн тэнгэрийн болон савдаг, лусын эзэнтэй харьцаж чаддаг, тэдгээрийг тахих тахилгын чадварыг эзэмшсэн, нэгдсэн их тахилгад толгойлж бөөлсөн, олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж, тэднийг манлайлан дагуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол бөөгийн “Тэргүүн дээд удган”, “Тэргүүн дээд зайран” цолыг,
2.5. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол бөөгийн уламжлалт ёс зүйг чанд сахидаг, өөрийн отог язгуурт тэргүүлэх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн их тахилгыг удирдан зохион байгуулсан, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг
2.6. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, бөөгийн шид бүрэлдсэн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдгийг
2.7. Бөөгийн зан үйлд олон жил зүтгэсэн, Монгол туургатан удган, зайран нарт толгойлон удирдах хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол бөөг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үндэслэн, Монгол Бөөгийн “Их дархан удган”, “Их дархан зайран” цолыг тус тус олгоно.3 дугаар зүйл. Цолыг тодорхойлох, олгох
Монгол бөөгийн ёс зүйг баримталсан байдал, Монголын бөөгийн байгууллагын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, цол,тэмдэгийг олгохдоо:
3.1. Монгол бөөгийн цол насан туршид нь үнэлж байхаар олгогдоно.
3.2. Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар дийлэнх олонхийн (90%) санал авсан бөө нарт олгоно.
3.3. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (80%-аасдээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.4. Монгол Бөөгийн “Тэргүүн Дээд Зайран”, “Тэргүүн Дээд Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (70%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.5. Монгол бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (51%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно.
3.6. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар хэлэлцэхэд Бөөгийн зөвлөлийн шийдвэр, Багш бөөгийн тодорхойлолт байж болно.
3.7. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг шалгасан дүнгээ Дээд цэцийн хуралдайд танилцуулна. Ажлын хэсгийн дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно.
3.7. Монгол Бөөгийн цол авах хүсэмжлэгч нь МБНЭ-ийн Дээд цэцэд хүсэлт гаргана.
3.8. МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөл, Дээд цэцийн хуралдайн хуралдааны шийдвэрийг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгоно.
3.10. МБНЭ-ийн гишүүнд элсээгүй бөөд Монгол бөөгийн цол олгохыг хориглоно.4 дүгээр зүйл. Цол хураах, бууруулах хариуцлага тооцох тухай.
4.1. Монгол бөөгийн ёс зүйг ноцтой зөрчсөн нь батлагаажсан нөхцөлд Монгол бөөгийн зөвлөлөөр хэлэлцэж, эсвэл МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр Монгол бөөгийн цолыг хасч хураана. Үүнд:
4.1.1. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн нь хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно.
4.1.2. Монгол бөөгийн нэгдсэн их тахилгыг толгойлж бөөлөх ажиллагааг тасалдуулсан,
4.1.3. Монгол улс болон гадаадын улсад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон.Энэ журмийн 3.7-д заасан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг нь бусдад хүндрэл учруулахгүй байх зорилгоор голдуу Тахилга хийхээр гишүүд цугларсан үед цол олгох бөөг Хуяглан бөөлөлт хийлгэдэг. Кино болон фото дүрсийг нь авдаг. Дээд цэцийн хуралдайн хуралдаанд оруулж хэлэлцдэг. Шаардлагатай гэж үзвэл кино дүрсийг хуралдаанд танилцуулдаг юм.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдааны нууц санал хураалтыг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирам гаргаж цол, тэмдэгийг олгоно. Өөрөөр хэлбэл зөвхөн хамтын удирдлагын шийдвэр гаргасан нөхцөлд МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжаар цол, тэмдэгийг олгох эрх үүсч байгаа юм.Д.Жаргалсайхан
-
ХАТАН ЭЖИЙ ЦОЛООР ӨРГӨМЖЛӨВ
Завхан аймгийн Нөмрөг сумын бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Сонинжаргал гахай жилийн босгон дээр Нутгийн төр захиргааны байгууллагаас “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнасан байна.
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг анхлан зохион байгуулагчдын нэг нутгийнханы нэрлэдэгээр Сонио удган зон олноос “ХАТАН ЭЖИЙ” цолоор шагнагдсанд МБНЭ-ийн хамт олон баярлан талархаж байна.
Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд -
“ЗӨН БИЛГИЙН ТУЛААНЫ ТУХАЙ” КИНОНЫ ЗОХИОГЧ ШОУНЫ ҮНЭНИЙГ ДЭЛГЭВ
тэтгэврийн хүмүүс, ганц бие эмэгтэйчүүдийн хувь тавиланг тээрэмдэж, хүний зовлон зүдгүүрээр тэжээгддэг мангасын ажил гагцхүү телевизийн эфирийн тусламжтайгаар л эхэлдэг байжээ. Борис Соболев (дуулиан тарьсан олон баримтат киноны зохиогч, түүний дотор 2013 онд Юрий Жирковын эхнэртэй сүсэг бишрэлийн тухай ярилцсан) яг үүнийг л нотлохоор шулуудсан ажээ. Сэтгүүлч зөн билигтнүүд болон бусад ид шидтэнүүдийн номлол айлтгалаар гурван анги “Чөтгөр лүү одогсод” хэмээх нэртэй кино зураг авчээ. Киноны нэгдүгээр ангийг 2017 онд телевизийн “Россия-1” сувгаар үзүүлсэн бол хоёр, гуравдугаар ангийг 2019 оны нэгдүгээр сарын 8-нд гаргажээ.
Баримтат киноч Борис Соболев үзмэрч, төлөгчдийг олон зуун удаа шалгаж сорьжээ. Үнэхээр ТЭД байдаггүй гэж үү гэдгийг ухаарч ойлгохын тулд “КП” (“Комсомольская правда”) киноны зохиогчтой ярилцсан байна.
-Борис, кино гарсны дараа та өөрөөс чинь өшөө авч байгаа хар хүчний үйлдлийг биеэрээ мэдэрч байна уу?
-Одоохондоо үгүй. Ид шидийн дарамт шахалтыг ч мэдрээгүй л байна. Оршуулгын газарт миний гэрэл зургийг аваачиж булна гэх мэтээр айлган сүрдүүлэгч сүсэгтнүүд заримдаа бичдэг л юм, гэхдээ би тэднийг өрөвдөж ханддаг.
-Сайн байна. За тэгвэл эхнээс нь дэс дараатай ярья. Та “сэхээн амьдруулагч” Грабовой, архины мафи, хууль бусаар ой мод огтлогчид, хулгайн анчид зэргийн тухай кино зураг аль хэдийнэ авчихсан, энэ удаа харин яагаад зөн билигтнүүдийг сонгох болов?
-Би телевизийн ямар нэг тодорхой ид шидтэй шоуны эсрэг кино хийгээгүй, тэд бүгдээрээ луйварчид гэдгийг онцолж тэмдэглэх нь чухал. “Зөн билгийн тулаан” бол зүгээр л иймэрхүү луйврын харьцангуй том жишээ. Өөрийгөө ид шидийн гээд нэрлэчихсэн бүхэл бүтэн сувгууд бий болсон гээд бод доо. Яаж энэ бүхнийг хийж байна гэдэг технологи нь миний сонирхлыг татсан юм. Редакцитайгаа хамт хоёр жил зарцуулж байж бид энэ бүгдийн механизмын учрыг олсон. Энэ бол жинхэнэ мэргэжлээсээ урвасан, ёс суртахуунгүй аргаар мөнгө олох увайгүй ажил гэдгийг одоо харин хэлж болно
-Яагаад?Энэ бол шоу. Зугаа цэнгэлийн зориулалтаар л авсан кино зураг шүү дээ.
-Ямар машинд хүн байгааг, ямар зурганд амьд, ямарт нь нас барсан хүн байгааг хаалт, халхавчны цаана зааж, хэлж өгөх зэрэг өчүүхэн заль мэхийг тоглоомын болзол гэж нэрлэж болох юм л даа. Үзэгч харин юу болох бол гэж тэсч ядан хүлээгээд л, тэр нь эфирт гараад л, тоглож байна гэж үзэж болох юм. Гэтэл энэ шоуны жинхэнэ гол заль мэх нь хүн эмгэнэлтэйгээр нас барсан, сураггүй алга болсон, гай зовлон тохиолдсон орон гэрт нь очиж байгаа явдал юм. Энэ бүхэн дээр жүжгийн бүх үйл явдал өрнөдөг.
-Гэхдээ зөн билигтнүүд үнэн мөний учрыг олоход тусалдаг байх?
-Энэ бүхэн ингэж явагддаг. Гэнэн хүмүүс тусламж хүссэн захидлаар сүсэг бишрэлийн шоуны редакцийг дүүргэдэг. Дараа нь хэрэг болсон газар руу редакцийн баг явж, хөршүүд, багын найзууд, төрөл төрөгсөдтэй уулзаж ярилцан, эмнэлгийн (эрүүл мэндийн) картыг нь (хүүхдийнхийг хүртэл!) худалдаж авч, хэсгийн төлөөлөгч нарт хандаж эрүүгийн хавтаст хэргийн материалыг үзүүлж харуулахыг гуйж, олон нийтийн сүлжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ (мониторинг) хийх зэргээр “тандалт” явуулна. Дараа нь бүртгэл жагсаалт үйлдэнэ, түүнийгээ “зөн билигтэн” болж тоглох жүжигчинд өгч цээжлүүлнэ. Үнэндээ бол зөн билигтнүүд байхгүй! Энэ бол баг өмссөн, амжилт ололгүй “шатсан” театрын жүжигчид. Дараа нь өнөөх “зөн билигтэн” зовлонд нэрвэгдсэн айлд хүрэлцэн ирж, болсон явдлыг дэлгэж гарна. “Таны хүүг замын хажуугаар чирсэнийг харлаа…”. Ээж нь зүрхээ дарж, аавынх нь даралт ихсэнэ. “Ингэхэд!” гээд “зөн билигтэн” цааш үргэлжлүүлнэ. “Хүү чинь хоёр настайдаа салхин цэцгээр өвдөж байсан юм байна (эмнэлгийн картнаас авсан мэдээлэл)”. Эцэг эх хоёул бараг ухаан алдах шахна. “Зөвхөн бид хоёр л мэддэг юмсан”. Ингэж далдыг үзэж хардаг авьяас чадвар бодитой байдаг тухай бүрэн дүүрэн хий хоосон зүйлийг эфирт бүтээнэ. Энэ бол тамын овоохой. Татарстаны ардын жүжигчин Марат Башаров зураг авалтын үеэр.
-Хүмүүс үнэхээр тийм гэнэн гэж үү?
-Хүмүүсийн сэтгэл дотрыг балартуулсан харанхуй манан арилмагц тэдний сэтгэл рүү хоёронтоо нулимахтай адил болж байгаа хэрэг. Хэрхэн залилж мэхэлснийг тэд ойлгоно. Энэ бүхэн зориуд найруулж тавьсан үйлдэл гэдгийг ч ухаарна. Гэр оронд нь гай зовлон тохиолдсон дээр нь бүр нэрмээд хамаг байдгийг нь хэлүүлээд камерт бичээд ил болгочихсон. Дараа нь бид тэр айлуудад очиж байсан л даа, одоо тэд бүх сэтгүүлчийг дайснаа гэж үзэж хардаг болсон.
-“Зөн билгийнхний тулаан” шоуны шигшээ өрсөлдөөнд шалгарагсад, ялагчид гээд маш нэр цуутай ид шидтэнгүүдийг (Зиррадин Рзаев, Мехди Эбрагим Вафа) та барьж авч төсөлд байгайтай адил даалгавраар тэднийг сорьж туршсан. Тэдгээр сорилыг ядахдаа нэг нь ч давж гараагүй гэж үү дээ?
-Тийм ээ, тэдний хэн нь ч юу ч хийж чадаагүй. Нэгмөсөн таг зогссон! Кино хийх хоёр жилийн хугацаанд эдгээр хүмүүсийг бид хэдэн зуун удаа шалгаж сорьсон. Тэдэнд тийм онцгой чадвар огт байхгүй.
Хэргийн учир өөр зүйлд байгаа юм. Тодорхой нэг даалгавар биелүүлэхэд хэргийн учир байгаа юм биш, ойлгож байна уу. Харин ийм нэвтрүүлэг хийхийн тулд чансаа өсгөдөг аргад нь хамаг учир оршдог юм. Телевиз үзэгч үй олон хүнийг олон жилийн турш системтэйгээр хуурч мэхэлсэн нь харсаар байтал ил болсон. Энэ бол ёс суртахууны гэмт хэрэг, оролцогчдыг санаатай, гэмт хэргийн замаар сонгосон юм. Мэргэжлийн тролль, жүжигчин Сергей Пахомов хүртэл “Зөн билгийн тулаан” – ыг цирк болгож хувирах гээд чадаагүй.
-Шоу дууссаны дараа тэгээд яг юу болж байна?
-Албаны үгээр үүнийг “Бүтээсэн ид шидийн дүрүүдийг эфирийн дараа ашиглах” гэж нэрлэж байна. Гоё байгаа биз, тийм үү? Яг үнэндээ мөнгө олох ажил явагдаж байна гэсэн үг. Дэндүү зарчимгүйгээр мөнгө үржүүлж байгаа хэрэг.
Эхний арга зам. Эфирт гарч эрч хүч нь суларсан үл бүтэх этгээдүүд астралд (сүнслэг ертөнц) хийх нислэг, гурав дахь мэлмий нээх, бие организмын нөөц хүчийг уудалж илрүүлэх гэх мэт сэдвээр “лекц” уншихаар Орос орон даяар аялацгаана. Нүүр царайг нь телевизээр хальт харсан болохоор ийм арга хэмжээнд оролцохыг хүн бүр хүснэ, тасалбарын үнэ 20 мянган рублиэс эхэлнэ. Оросын бөглүү хязгаар нутагт үүнийг хүмүүс маш их сонирхдог. 12 мянган рублийн цалинтай хүмүүс ид шидтэнийг үзэж, сонсохын тулд бусдаас мөнгө зээлнэ.
Хоёр дахь арга зам “ид шидийн салон”. Ганцаараа, эсвэл баг бүрдүүлсэн “мэргэжилтнүүд” хүмүүсийг оффист хүлээж авна. Зар сурталчилгааг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетээр идэвхтэй нийтэлнэ. “Зөн билгийн тулаан”-д шигшээд шалгарагч, эсвэл ялагчтай уулзахад төлбөр нь 30-150 мянган рубль. Эхний нэг удаагийн уулзалт. Энэ бол зөвхөн танилцах уулзалт. Тохиолдол маш төвөгтэй, хэцүү гэдгийг үйлчлүүлэгчид шууд мэдэгдэнэ. Удам дамнуулсан хараал жатгыг арилгах, хань ижил тогтдоггүйн учир шалтгааныг засах зэрэгт гэрийнхнээ дагуулж ирэх нь илүү сайн. За тэгээд 10-аас доошгүй удаа уулзах хэрэг гарна.
-Грабовой, Чумак, Кашпировский, Тони Роббинс нарыг үзэж хаширсан мөртлөө ард олон тэгээд цуварсаар л байх уу?
-Өөртөө байгаа сүүлчийн гэснээ өгч байгаа хүмүүсийг бид харуулсан. Айж балмагдаж, аргаа барсан хүмүүс олон саяын зээл авч, орон байраа зарж, энэ бүхэн тогтолцооны асуудал болж хувирдаг. Мөнгө олох өөр нэг аймшигтай арга бас бий. Колл-центрүүд. Энэ бол зүгээр л зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл. Хямрал ихтэй бүс нутгууд руу зорилго чиглэлтэйгээр нэвтрүүлэг бэлтгэж явуулдаг кабелийн телевизүүд Орост нэлээн бий.
“Ид шидтэнгүүд” тэнд эфирт өдөржин шөнөжин сууж, нүдээ бүлтийлгэж, гараараа дохиж зангаад л, “утсаар тусламж хүссэн” захиалга хүлээж авна. Нөхөр нь архидан согтуурч, эсвэл охин нь хань ижлээсээ салж байгаа нь эрчим хүчний бөөгнөрөл, хараалаас болсон байна хэмээн айлдаж, зөвлөгөө өгөх төв рүү утсаар холбогдвол гарцаагүй тусламж авч чадна хэмээн зөвлөж тайлбарлана. Нөгөө хүн утасдана, холбоо тогтоно. Ид шидийн үйлчилгээгээ тулгаж, идэвхтэй борлуулалт эхэлнэ. Маш хэрцгий.
Шоуны гуравдахь улирлын ялагч Мехди “Чөтгөр лүү одогсод” хэмээх кинонд туршилтыг давж чадалгүй, телевизийн төсөлд ялсан өртгийн тоо хэмжээг нэрлэж хэлсэн аж.
-Энэ чинь юу гэсэн үг вэ?
-Нэг эмэгтэй утсаар холбогдлоо, хариуд нь “Таны нөхөрт хоёр долоо хоногийн л нас байна.” Эсвэл “Таны охинд нүдний хор орсон байна. Хүүхэд төрүүлж чадахгүй болжээ. Түүнээс гадна зүүн хөх нь хавдартай болсон байна” гэнэ. Үүнийг тоохгүй утсаа хаях хүн тийм ч олон биш. Айлгаж чадсан бол нөгөө хүн мөнгөө төлж эхэлнэ.
-Яах гэж? Молиго гэдгийг сонсоо байлгүй дээ.
-Зохиомол аюулыг гэр бүлээсээ зайлуулахын тулд. Гол төлөв эмэгтэйчүүд утасддаг. Эдгээр ид шидийн салоноор бид цагдаагийн онцгой бүлгийнхэнтэй хамт орох үеэр хамгаас нууц ариун нандин шүтээн болох утасны дуудлага хүлээж авсан журналыг үзэж харах боломж олдсон юм. Овог нэр, мөнгөний тоо хэмжээ, утасны дугаар. 10 хуудас эргүүлэхэд ганцхан эрэгтэй хүний нэр таарсан. Дандаа эмэгтэйчүүд, ихэвчлэн дөчөөс дээш насныхан. Ганц бие, эд хөрөнгө гэх юмгүй, эрүүл мэндээр тааруухан, гол төлөв хөдөөний гэх зэрэг тайлбар хийнэ. Ер нь үндсэндээ эмэгтэйчүүд. Тэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, итгэмтгий, ятгалганд амархан автана. “Мөнгө байхгүй гэж үү? Оройтоогүй дээр нь зээл ав, хүнээс зээл. Эс тэгвэл ойр дотны чинь хүн өөд болно”. Иймэрхүү л томьёолол хийнэ. Маш олон хүнд нөлөөлдөг нь надад үнэхээр гайхмаар санагдсан. Энэ бүхэн тэгээд телевизтэй холбоотой нь бүр дэндүү харамсмаар. Дураараа дургих боломжийг эдгээр ид шидтэнүүдэд телевизийн шоу л олгосон хэрэг шүү дээ. “Зөн билгийн тулаан”-аас гадна “Зөн билигтнүүд мөрдлөг явуулж байна” хэмээх нэвтрүүлэг бий. Дараа нь “Зөн билигтний сургууль” шинээр нээсэн. Энэ мэтчилэн бага багаар хүрээгээ тэлсээр байгаа юм.
-Хууль сахиулах байгууллагад яагаад хэн ч ханддаггүй юм бол?
-Энэ бол сэтгэцийн онцгой хэв маягтай хүмүүс. Айж цочирдсоноосоо болоод сэтгэл зүй нь гэмтсэн хүмүүс. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд зөн билигтнүүдийн хосгүй ид шидийн чадварт итгэсээр байгаа. “Жинхэнэ ид шидтэнгүүд сүнсээрээ дамжуулаад намайг гэсгээх байх” гэж айсандаа маш олон хүн бидэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. Энэ бол луйварчид сэтгэл санааны хүнд хэцүү үеийг нь далимдуулсан хүмүүс. Жишээлбэл, ээжийгээ оршуулж байгаа өдөр. Ганцхан өдрийн дотор хүн орон байраа зарахаас аргагүй өр зээлэнд орсон байдаг. Колл төвийн оператор нэг бүрт “мегаговорилка”, өөрөөр хэлбэл ярилцах төлөвлөгөө, хүмүүсийг хэрхэн хуурч мэхлэх тухай зүйл тус бүрээр бэлтгэсэн скрипт буюу программ байна. Жишээлбэл, үйлчлүүлэгчид өөрийнх нь ярьсныг өөрт нь эргүүлээд арай өөрөөр ярина гэсэн үг. Шалгарсан хуучин арга л даа. Үүнийг өмнө нь цыган үржүүлэг хэмээн нэрлэдэг байсан. Одоо харин ТВ-ийн цувралд хэрэглэдэг болжээ.
Шоу заримдаа илэрхий сюрреалист шинжтэй болдог ч үзэгч сувгаа сольдоггүй
-“Зөн билгийн тулаан” шоунд оролцох үнэлгээг таны кинонд нэрлэж хэлсний дараа зөн билигтнүүдэд хэр зэрэг итгэж болох вэ. Төслийн хөтлөгч Марат Башаров үнэнийг зааж өгсний төлөө нэг сая гэж шулуухан хэлсэн.
-Ярилцаж байх үед Башаров шартсан байдалтай байсан. Тийм болохоор үнэнийг хэлж өгсний төлөө нэг сая доллар гэж хэлсэнд нь хэр зэрэг итгэх учиртайг хэлж мэдэхгүй байна. Харин “өөрт нь итгэж байгаа хүмүүс бол тэнэгүүд” гэж итгэмтгий үзэгчдийн талаар хэлсэн үг түүний сэтгэл зүрхний үнэн үг байсан гэж бодож байна. Ичгүүр сонжуургүй гэхэд ч багадна. Гэхдээ миний кино гарсны дараа ч хүмүүс телевизээр гарч байгаа ид шидийн шоу бол жинхэнэ үнэн гэдгийг ид шидийн янз бүрийн форум дээр бие биедээ нотолсоор л байгаа билээ. Юу ч гэх вэ дээ?
-Таны кинонд “Зөн билгийн тулаан”-ы хуучин улирлын ялагчид орсны учир юу юм бол?
-“Шинэ” улирлын ялагч нар анхны уулзалтын үнийг өсгөсөн, манай киноны төсөв хүрэлцэхгүй байсан. 70-100 мянган рубль. Нууц камераар авахад өртөг өндөр. Бидэнтэй ажиллахаас бүгд шууд татгалзсан. Энэ нь нэгдүгээрт, гурваас таван жилийн дотор хэнд ч юу ч ярихгүй байхаар телевизийн сувагтай гэрээ байгуулчихсан, хоёрдугаарт, хамаг паянг нь дэлгэчих вий гэхээс айцгаасантай холбоотой. Аливаа хөндлөнгийн хяналт шалгалт тэдний нэр алдрыг төгсгөл болгож мэднэ.
-Таны кинонд Вангагийн гавьяа зүтгэлийн талаар юу ч үгүй байхад Ромын Папын Жунад өгсөн бэлэг (Иисус Христийн гэрэл цацарсан яс) орсон нь сонирхол татаж байна?
Би шалгаж болох боломжтой хүмүүсийн тухай л кино хийсэн. Жунатай би энх тунх байхад нь уулзаж амжсан юм. Илэн далангүй ярилцаж, миний өмнө гайхалтай авьяаслаг ид шидтэн байгааг ухаарч ойлгох боломж надад олдсон. Он удаан жил маш олон хүний толгойг тэр харин яаж ингэж эргүүлж чадсан юм бол доо гэж гайхах л үлдсэн дээ гэж хэлье. Вангагийн хувьд бурхны оронд одсон болохоор асуудал төвөгтэй. Түүнтэй амьд сэрүүнд нь уулзаж “ид шид” гэж юу байдгийг нүдээр үзсэнээс эхлээд дэмий чалчихаас цаашгүй гэсэн эсрэг тэсрэг гэрчүүд л үлдэж дээ. Шалгаж, нягталж амжсангүй
Д.ЭНХЭЭ -
Бөөгийн буулт ба Элбэгдоржийн зуулт
учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг.
Шинэ ерөнхийлөгчийн чимээ ойртох тусам Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бачуурч яваагаа нуун ядан яваа нь ажиглагдах боллоо. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Засгийн газрын хуралдаанд оролцож хэлсэн хатуу үгсээс нь тод харагдав. Тэр үнэхээр гарамгай шоучин төдийгүй тамир муутай зангаа тавихгүй байсаар өндөр сэнтийгээсээ буух цаг туллаа. Ардчиллыхан хүртэл өөр хоорондоо Ц.Элбэгдоржийг “хар мөртэй” гэж ярьдаг нь нууц биш юм. Түүний олон хар мөрийг дурьдвал сонины зай хүрэхгүй биз. Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө нэгэн хүлээн авалтан дээр “Оюутолгой бол Роберт Фрийдландын өмч” гэж хундагны үг хэлж байсан нь Ерөнхийлөгч болонгуут биеллээ олж, С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн гэрээг алга ташин хүлээн авч, соёрхон сайшаасан билээ. Монголын газрын хэвлийн баялаг үе үеийн монголчуудын өв хөрөнгө гэсэн утгатай үгс түүний амнаас нэг ч удаа гарч байгаагүйг уншигч та анзаарсан уу? Одоо тэр Хурц хэмээх тамхины наймаачнаар дамжуулж АТГ гэх төрийн байгуулагыг хувийнхаа гестапо болгон хувиргаж, дахин Ерөнхийлөгч болоход нь саад учруулж болзошгүй хүмүүсийг намнаж сууна.
Түүний хоосон чалчих, хошгируулах авьяас нь хийсэн нүглийг нь өнгөлөн далдлах баг болдог юм. Үнэндээ монголчууд бидний аз, ухаан дутаж хамгийн “хар мөртэй” Ерөнхийлөгчтэй болсон нь гашуун үнэн юм. Засгийн газрын хуралдаан дээр дэглэсэн түүний үйлдлийг хараад Ерөнхийлөгч болсон өдрөөсөө л элгэн түмэндээ ийм хайртай байхгүй яав даа гэж гасалж суугсад олон. Даанч хугацаа бачуу үлдсэн болохоор Ерөнхийлөгч минь тогос шиг гоёод, тахиа шиг донгодоод ч нэгэнт оройтжээ. Тэгээд ч монголчууд явах хүнээр ачаа бүү татуул гэдэгсэн. Зөвхөн сүүлийн хэдхэн хоногт Ерөнхийлөгч маань нэлээд түжигнэлээ. Хаалттай хуралдаан яаран зарлаж, сэтгүүлчдэд хайр сэтгэлээ илэрхийлж, адаг сүүлдээ ар нь болж яваа багаа хүртэл баалж, аяг нь олдохоо болив. Энэ нь түүний хувьд сүүлчийн зуулт юм.
Учир нь АН-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд ард олон дунд баахан унасан тул ахиад өөр хүний эрэлд хүссэн ч хүсээгүй ч гарна биздээ. Дорвитойхон ажиллаж, домог болж байгаа хотын мээр Э.Бат-Үүлээс эхлээд нэр дэвшихээр санаархагсад бишгүй байгаа. Элбэгдоржийн нэр хүнд Энхбаяраар сүүдэртэж, Бат-Үүлээр бараантаж байгаа нь маргашгүй үнэн. Ядаж байхад 2009 онд Ерөнхийлөгчид нэр дэвших тэмүүлэлтэй байсан Бат-Үүлийн хөхийг нь хавтгаад, Улсын баатараар хуурч аманд нь түр сүүл өмхүүлсэн ч ахиад л нэр дэвшинэ хэмээн зовоож эхэлсэн сураг байгаа. Бас эгэл ардуудын дунд Женко Баттулгын сайр суурь ч баяртай мэдээ дуулгаад байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сайтуудад дараагийн Ерөнхийлөгч хэн бэ гэдэг санал асуулгаар Х.Баттулга түүний өмнө цохиж яваа, харин мань хүнийг дэмжихгүй гэсэн хүний тоо судалгааг манлайлж яваа нь сүйрэлтэй адил болоод байна. Олон жил парламентад сууж, гол хорыг найруулдаг, муур багш Р.Гончигдорж хүртэл би ямар ч албан тушаал аваагүй нь ерөнхийлөгчид үзэх гэсэн л санаа шүү гэх ухааны юм яриад гэтэж яваа.
Тэгээд Элбэгээ Засгийн газрын хуралдаан дээр хэн хэн руу байгаа онилсон зорилго нь зангирсан сэтгэлээ тайтгаруулж байгаа хэрэг. Тэр Бат-Үүлийг байдалд оруулж, баруун гар Баттулгаа матан баалав. Нам доторх түүний өрсөлдөгчид өд сөд нь гүйцэж, шонхрууд болжээ. Байдал бараанаар эргэж, ээлээ өгөхгүй байгаа нь түүнийг барьц алдуулав . Тэрбээр Н.Энхбаярыг л гол хатуу самар хэмээн андуурч, айдгаа авдартаа хийлээ гэж санатал айдас хажуугаас ургаж, дээр нь ард олон нүүрээ буруулсан нь бачуурах бас нэгэн шалтгаан болоод байгаа билээ. Учир нь ард түмэн түүнд ахин итгэл өгөхгүй гэдгээ амаа зууртал өөр хоорондоо ярьж эхэлсэнтэй холбоотой. Хулхи хар хайрцагаар дахин хуурах санаа байвал харин энэ удаа сачий нь хүрэхгүй хэмээн шүд зуугсад ч бишгүй тааралдах боллоо.
Дэлхий сүйрнэ гээд хар амалсан 12 дугаар сарын 21-нд Элбэгдорж зөвхөн өөрийнхээ төлөө гурван зүйлийг хийж амжуулсан байдаг. Энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг хар хайрцгаар тоолох хуулийн төслийг өөрийн халаасны гишүүдийн тусламжтайгаар яаран батлуулж, Н.Энхбаярыг эмнэлэгээс шорон руу ачуулж, орой нь бод идсэн боохой шиг инээд цалиглуулан, МҮОНТВ-ийн ярилцлагад орж, ард түмний эсэргүүцэлтэй тулгараад байгаа Оюутолгойн гэрээг дэмжсэн мэдэгдэл хийж, ард түмэнтэйгээ амь нэг гэж шоуддаг ерөнхийлөгчийн маань тар нь танигдаж, тамир нь мэдэгдсэн юм. Монгол улс баялгаа бусдад алдахад хүргэсэн гол буруутанг гэсгээж, ард түмэнтэйгээ амь нэг ерөнхийлөгч харин ч эсрэгээрээ PIOTINTO –гийн Монгол дахь албан бус дистрибютер нэртэй болсон нь монголчуудын голыг гонсойлгоод байгаа. Удам угшилыг үл тоон, улсын тэргүүнээр тавьсандаа иргэд амаа барьж, харамсан халаглах болсон нь нууц биш ээ.
Тэр авилгачин гэж нэр зүүгээд байгаа Н.Энхбаярыг шоронд хатаагаад ч авилгал буурсангүй харин ч улам гаарах маягтай. Ерөнхийлөгчийн Тамгын газарт АТГ-ын нэг салбар ажиллахаас наагуур юм болж, далдаас удирдан, хуулийн байгууллагыг улс төрийн захиалгат газар болгон хувиргаж чадсан юм.
Мөн Элбэгдоржийн халаасны хэвлэл мэдээллийн байгууллагын тоо хяналтаас гарсан мэдээ байгаа. Харин шалгадаг газар, хянадаг хүн байна уу? Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчөөр дэвшиж байх үе буюу 2012 оны 5 дугаар сарын 12-нд нэгэн зайрангийн онгод ‘’Хэл тагнайн ачаар хэтэрхий олныг үймүүлж, үгийн урнаар олныг хуурч, үймсэн олны сэтгэлийг дэвэргэж, улсаа гэх сэтгэлгүй, учрах мууг бодохгүй, урагш биш хойш татах хүн улсын толгойд хаан сууна. Төрийн толгойд сууж байвал түмний сэтгэл өвдөнө үү, түйтгэр зовлон ирнэ үү, түүнд ер хамаагүй’’ гэж буулгасан нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байх шиг. Үнэхээр түүнийг улсын эзэн сууснаас хойш халх монголын заяа хазгай явах болж, хар буруу санаатангууд хан төрд олноор шургалж, харийнхан хар шоргоолж шиг бүчиж, харз ус ширгэж, малчид бэлчээр нутаггүй бэдэрч явах болсон.
Тэгвэл 2012 оны 12 дугаар сарын 31-ны өдөр нэгэн зайрангийн буултанд ‘’Тангад ясны эр дахин мэдэлд суух гэж таван цаасаар түмнийг дахин хуурч, сэнтийд залрахыг чармайна. Чимээгүй байж байгаад, чигийг нь гаргаж өгөх ухаан, чинхүү сэтгэл монголчуудад бий. Элдэв уран үгэнд бүү хуурт, урьдын түүхийг нь тань, ураг төрлийг нь болгоо. Мэргэн түшмэдийг тодруулах мэргэн ухаан ардуудад бий. Аль нь ардуудад ээлтэй нь аяндаа шигшигдэн үлдэнэ. Арван эр өрсөлдөхөд авдар шиг биетэй, авхаалж самбаатай эр ардуудаас арвин санал авна. Аяндаа эзнээр сууна. Эзэн Чингисийн нутагтай, элгэн нутгаа хамгаалдаг эр эгэл олноос их санал авна ‘’ хэмээжээ. Ар халхын заяа буян дэлгэрч, ард түмний минь хийморь лундаа өөдөө байж, ахин алдаа хийхгүйг сануулан, өвгөд хүртэл өндөр тэнгэрээс өмөгнөн байгааг эрхбиш тунгаах цаг ирсэн буй заа. -
Дундговийн Дэндэв зайран тарнийн аргаар буг үүсгээд дархан газар болгодог байв
нэгэн мэргэний арга чаргаас уншигчдадаа хүргье. Энэ хүн бол нутаг усандаа “Зайран” хэмээн алдаршсан Дэндэв гуай юм. Бодит хүн гэдгийг юуны өмнө дуулгах нь зүйтэй байх. Бүр дал, наяад оныхон андахгүй хүн юм билээ. Энд өгүүлэгдэх түүхийг тэр нутагт олон жил бага эмчээр ажилласан, одоо гавьяаныхаа амралтад сууж буй Зэвэгээ гуай ярьсан билээ. Эл хүн бол Монголын тавь, жараад оны шилдэг бага эмч нарын нэгэн юм. Тэрүүхэндээ бас бага зэрэг хэлмэгдсэн гэж байгаа. Өөрөө “бага зэрэг” гэдэг ч их эмч болгохгүйгээр шийтгэсэн нь одоо бодоход их хэлмэгдүүлэлт баймаар санагддаг билээ. Бүхэл бүтэн хүний хувь заяа, амьдралаар тоглосон байгаа биз. Тэр тухай товчхон өгүүлээд цаашаа одъё. Энэ түүх ч өөрөө Дэндэв зайрантай бас холбогдох юм.
Зэвэгээ гуай тавиад оны эхээр Архангайн Хүн эмнэлгийн техникум төгсөөд тэр үеийн Эрүүлийг хамгаалахын сайдын томилолтоор Дундговийн Сайхан-Овоод бага эмчээр очжээ. Дөнгөж хорь гарч яваа эр хүний газар, гүний нутагт очсон ч хөл алдсангүй аж. Төрийн сайдын томилолтоор яваа учраас төрийн албан хаагч болчихгүй юү. Тэгэхэд говийнхон гэлтгүй Монголын бүх аймаг, суманд элдэв өвчин элбэг, тэр дундаа тэмбүү ярандаа бараг баригдчихсан байжээ. Улсын бодлого ч тэр зүгт чиглэсэн байсныг өгүүлэх юун. Тэмбүүгийн тариа болох “бхинол”-ыг ёстой авдар авдраар авч очсон гэдэг. “Улаан тариа” гэдэг чинь шүү дээ. Залуухан эмч сумаас гаргаж өгсөн гэрт байрлан нэгэн модон амбаарт үзлэг, эмчилгээ хийдэг байжээ. Бас болоогүй цэргийн төмөр ор тавтай гэж байгаа. Таван хүн хэвтүүлэх тасаг юм даа. Эхний хэдэн өдөр хүн хар үзүүлсэнгүй гэнэ.
Хөдөө газар учраас өвчин, хамуу гайгүй юм байлгүй дээ гэх ухааны юм бодож суужээ. Гэтэл тийм байж. Өвчтэй хүмүүс Дэндэв зайрангийнхыг зориод байж л дээ. Дэндэв зайран зүгээр нэг зайран биш, нутаг усандаа алдартай оточ юмсанж. Оточ гэдэг нь одоогийнхоор мэргэшсэн эмч гэсэн үг юм. Буддын гүн ухааны таван ухааных нь нэгэн болох анагаах ухаанд суралцсан хүн гэсэн үг л дээ. Зэрэг ахичихвал маарамба болчихно. Анагаахын доктортой адил гэх үү дээ. Амьтан, ургамлын гаралтай ардын эмээр эмнэдэг, судас, шээсээр оношлодог гээд юм юм байлгүй яахав. Тэгж байтал нэг өглөө өвчтэй хүүхдээ сундалсан хүн иржээ. Хүүхдийг нь үзвэл ангинатаад хоолой нь идээлчихсэн, бараг боохдоо тулсан байжээ. Их өндөр халуунтай, огиж бөөлжсөн хүүхэд байжээ. Хэвтүүлж аваад эмчилсэн байна. Цагаан стрептоцид гэх эмийг өдрийн гурваар өгөхөөр бичжээ. Өөр эм бараг байгаагүй юм байх. Өнөө хүүхэд нь өглөө, өдөр эмээ уугаад оройн эм уухын өмнө бүр сэргээд, халуун нь буучихсан байжээ. Цай уугаад, хоол идээд бүр босоод ирсэн гэх. Аав нь ёстой ид шидийг үзнэ гээч болсон юм байх. Хүүхдийнхээ толгойг байн байн бариад, гайхаад байсан гэдэг. Үүнд хоёр зүйлийн нөлөө байгаа юм.
Нэгд, тэр үеийн хүмүүс одоогийнх шиг эмээр бөмбөгдүүлж өсөөгүй болохоор бие махбод нь эмийн үйлчилгээ авахдаа сайн байсан хэрэг л дээ.
Хоёрт, өвчний үүсгэгч эмэнд дасаагүй тул маш мэдрэмтгий буюу амархан үхдэг байж. Иймээс цагаан стрептоцид гэх эмийг гурван ширхгийг уугаад л эдгэхгүй юү. Одоо бол гурван сая антибиотик тариад ч дарагдахгүй шүү дээ. Тийм л юм болсон байна. Тэр мөчөөс Зэвэгээ эмчийн ид шид тэр хавиар ёстой шуугиан тарьсан юм байх.
Өвчтэй, зовлонтой хүмүүсийн цуваа тасрахаа байсан гэнэ билээ. Ийнхүү өвчтөндөө дарагдан суутал нэг өдөр нүдэнд дулаахан идэр эр ороод иржээ. Өөрийгөө Дэндэв хэмээн танилцуулсан байна. Гэхдээ өвчин, зовлон ярилгүй аминчхан яриа дэлгэжээ. “Та ирсэн нь их сайн боллоо. Би үе дамжсан оточ хүн л дээ. Энэ нутгийнхаа ганц эмч нь байлаа. Одоо хоёулаа болов. Шинжлэх ухааны эмнэлэг, эмийг би гадарлана аа. Цаг нь ч тийм боллоо. Ерөнхийдөө та эмчилгээгээ хариуцаад явна биз. Хэрэв хүсэн зорьж ирсэн хүн байвал би үзээд барахааргүй бол тань руу илгээж баймз. Ер нь хоёулаа хамтарч ажиллая” гээд сэтгэлийнхээ үгийг ярьжээ. Удахгүй өнөө хүнийг Дэндэв зайран гэдгийг мэдэж авсан байна. Бүр орж, гардаг ч болжээ. Илүү гэртээ эмийн бүтээгдэхүүн болох өвс ургамлыг төрөл төрлөөр нь хадгалсныг нь ч үзжээ. Эмээ өөрөө тун жороор нь найруулдаг, гүрэм засал ч хийчихдэг байсан нь мэдээж. Ингээд хоёул тэр нутгийнхныг Европ, ард хосолсон эмчилгээгээр анагааж гарсан гэдэг. Тун удалгүй “Дэндэв зайран тань дээр оч гэв” гэсэн хүн иржээ. Байдлыг үзвэл их л зовиуртай нэгэн байжээ. Үзтэл бага аарцгийнх нь хөндийд идээ хурсан/парапроктит/ өвчтэй хүн байжээ. Жил орчим шаналж байгаа юм байх. Ингээд мэс заслын эмчилгээ хийн тэр хавиас нь литр орчим идээ аваад цагаан стрептоцидээ уулгажээ. Оройхон хэрд “Ёох, сайхан боллоо. Ингэж нэг бие тавирдаг юм байж. Жил шахуу түрүүлгээ харж хэвтсэн дээ” гээд уйлжээ.
Иймэрхүү зүйл аль олон тохиосныг хэлж барах билээ дээ. Тэр жил Цагаан сар болохын өмнөхөн ширүүхэн довтолгоон болжээ. Аймаг, сумын дарга нар нь айл хунараар орж, Цагаан сар хийлгэхгүй, архи нэрүүлэхгүй гэхдээ бүрхээр, жалавчийг нь хураан, устгаж гарчээ. Машинтай давхиж очоод бүрхээрийг нь гэрээс нь гарган дайруулж, жалавч энэ тэрийг нь бензин цацаад шатааж орхидог байсныг нүдээр үзсэнээ Зэвэгээ гуай ярьсан юм. Тэгээд нэг үг дарга нарын амнаас унажээ. “Манай сум Европ эмнэлэгтэй боллоо. Одоо Дэндэв зайрангийн хэрэг байхгүй” гэх маягтай юм ярьсан байгаа юм. Нэг өдөр Дэндэв ирээд “За, би ч хөдөөлдөг юм бил үү? Хүн хар үзэж болохгүй гэж байгаа юм байх аа. Чамд гэж хэлэхэд хэдэн чухал судар байгаа юм. Тэд оргүй шатаачих биз. Хэрэгтэй газар нь хүргэх гэхээр холдоод байна. Чамд хэсэг хадгалуулдаг юм бил үү дээ гэж ирлээ. Чамаас өөр найдах хүн алга” гэжээ. Ингээд гурван судар хадгалуулсан байна. Түүнийг нь санаанд ч үгүй дэрэн доогуураа шургуулж орхиод “Би нууцхан газар хадгалъя” гээд гаргажээ. Ингээд тас мартаж орхисон байгаа юм. Орных нь гудсан дор хэвтээд бараг сар болжээ. Аймгаас ирсэн нөхөд Дэндэв гэлэнгийнхийг зад нэгжээд, ургамал, өвсийг нь шатааж орхиод, дахиж хүн амьтан эмнэхгүй гэх ам өчиг аваад орхижээ. Гучин хэдэн оных шиг юм арай бололгүй нэг юм салжээ. Тэд тэр хавийн айл өрхүүдийг нэгжиж барьж явсаар Зэвэгээгийнд буужээ. Ингээд жаал ярьж хөөрч сууснаа “Ёс юм” гээд тэднийхийг нэгжсэнээр бөөн хэрэг мандахгүй юү. Европ эмчийнх нь гудсан дороос ламын эмнэлгийн ном, судар гарахгүй юу.
Аймгийн цагдаагийн дарга машид хилэгнэн хураагаад, сумын даргад түүрэгдсэн нь нэг ёсондоо аз болсон гэхэд хилсдэхгүй. Сумын дарга их ухаантай хүн байж л дээ. Өнгөн дээрээ болохоор Зэвэгээг баахан загнаад өнөө ном, судрыг нь хэзээ ч олдохооргүй, хол аваачиж өөрийн гараар устгахаа хэлээд хамт явцгаасан байна. Хэд хоноод хүрээд иржээ. “Таныг аймагт дуудсан байна. Хоёул явъя даа” гэжээ. Жолоочтойгоо гурвуулхнаа гарсан байна. Замдаа ийн ярьжээ. “Тэр ховор судруудыг арайхийж авч үлдлээ. Эзэнд нь өгчихье. Хэрхэхийг өөрөө мэдэг. Хайран юм” гээд Дэндэвийнд буужээ. Хоол, цай болонгоо судруудыг эзэнд нь өгөөд “Намайг устгасан гэж тэд бодож байгаа. Маш далд газар хадгал. Мөддөө гаргах хэрэггүй. Чамаас болоод энэ залуу л хэцүү байдалд орох нь ээ. Гэхдээ айлтгүй. Би аргална аа” гээд гарчээ. Аймгийн цагдаагийнхан Зэвэгээ гуайг толгой түрүүгүй загнаад, эмчээс өөр зүйл эрхлэхийг хориод золтой л шорон орон бололгүй буцаажээ. Гурван жил ажиллаж байтал их эмчийн сургуульд аймгаас хүн явуулах тухай яриа гарсныг сумын даргаасаа сонсоод уухайн тас аймгийн төв орсон байна. Гэтэл хувь заяа бүтэн эргэжээ. “Европ эмнэлгийг таниулан сурталчилах хүн байтлаа ламын эмнэлгийн ном, судар ашиглаж байсан таныг явуулахгүй. Дахиж энэ талаар ярилтгүй. Явж ажлаа хий” гээд гаргажээ. Тэр мөчөөс өнөөг хүртэл хорвоог бага эмчээр туулсан байна. Далаад он хүртэл ингэсээр яваад нас нь явж их эмч болох мөрөөдлөө орхисон гэнэ билээ. Зэвэгээ гуайн өөрийнх нь ярьсан “Бага зэрэг” хэлмэгдсэн гэдэг нь ийм учиртай юм.
Одоо Дэндэв зайрангийнхаа ид шидээс ганцыг өгүүлье. Дэндэв зайран ид шид, хар домын хүчийг хаана ч юм бэ эзэмшсэн нэгэн байжээ. Оточийн хувьд үе дамжихаас гадна нэгэн хүрээнд шавилахдаа эмчээр дагнаснаа Зэвэгээ гуайд ярьсан байгаа юм. Зэвэгээ гуай ч залуу байсан болохоор элдэвт дурлаагүй гэнэ билээ. Түүнээс биш элдэв ургамлаар эм хэрхэн хийдгийг нь мэдээд авсан бол одоо цаг үед аштай юу. Бас судас, шөрмөсөөр оношлох гээд тэр хүнээс авах юм их байжээ. Нэг удаа Дэндэв зайран/Зайран гэдэг нь бөөг хэлдэг юм. Тэгэхээр тэр зайран гэдэг нь олон түмний л өгсөн хоч төдий байх. Тиймээс Дэндэв оточ гэмээр санагдана. Сурв:/ тэднийд өөрийн биеэр морилж иржээ. Хөдөө гараад хэвтчихсэн болохоор хүн хар үзлээ, барилаа гэгдэлгүй бараг хоёр ч жил болсон юм байх. Нэг ёсондоо бараг мартагдаж байсан хэрэг л дээ. Тэгээд гадуур, дотуур явдаг болоо биз. Тэгээд ч зайран хүн гээд ямар өвчлөхгүй юм биш. Эмчийнхээр орж гарахад болохгүй нь ч юу байх билээ. Нэлээд нухацтай юм ярих болов уу гэмээр тухлаад авчээ. Тэгээд ийн ярьсан байна. “Их газрын чулууны баянбүрдийг манайхан сүйтгэх нь ээ. Дархалж орхихоос. Зав зайтай бол чи надтай хамт явангаа салхинд гарахгүй юү” гэжээ. Ингээд тэр хоёр товлосон цагтаа гараад өгсөн байна. Мэдээж хоногоор явжээ. Их газрын чулууны баянбүрд гэж ёстой жинхэнэ баянбүрд байсныг өвгөн яриад санаа алдсан билээ. Одоо ч Баянбүрдээ хатдаа “Хоосонбүрд” болоо байлгүй гэснийг нь ч хүргэх нь зүйтэй болов уу.
Тэд зорьсон газраа очоод жодгороо босгожээ. Зайран нэг майхан мэт юм босгожээ. Эмийн ургамал түүхдээ авч явдаг аяны палатка маягтай юм уу даа гэж бодсон байна. Өөрөө л урласан эд байх гэсэн билээ. Ингээд орой болтол тэр хавиар зугаалж, хоол цай болсоор жаал амарчээ. Тэгэх зуураа ёстой алмайрмаар сонин хачин юм зөндөө ярьсныг залуу явсан болоод тоолгүй, бараг мартаж орхижээ. Ингэсээр явтал үдэш болж бүрий тасраад ирэхийн алдад баянбүрдээ дархлах ажилдаа орсон байна. Хэд хэдэн зул асаагаад гэрэлд нь судар шагайгаад, амандаа дүнгэр дүнгэр уншиж гарчээ. Өөрт нь нэг их юм хэлээгүй аж. Санаанд ч оролгүй сонирхоод сууж байтал зулын дэргэд тавьсан гадсанд/хадаас/ шаасан цаасан хүрд нь аажим эргэлдэж эхэлжээ. Тэгснээ хурд аваад сэнс шиг сар сар хийн улмаар шуугин эргээд нүдэнд бараг үзэгдэхээргүй болжээ.
Ямар ч салхи, савиараггүй байтал гэнэт тийм юм болохоор гайхалгүй яах билээ. Зайрангийнхаа ид шидийг гайхаад сууж байтал гэнэт дотор зарсхийм дуу гарч хүн чарлах шиг болоод явчихаж. Хэн нэгнийг дуудаад ч байгаа юм уу, уйлаад ч байгаа юм уу, нэг мэдэхэд эр нь орилоод, эм нь чарлаад байх шиг санагдсан байна. Зайран гэнэт ном уншихаа болиод “За, боллоо” хэмээжээ. Тэгээд цай уух хооронд нь юу болсныг асуужээ. Зайрантан “Баянбүрдээ бугтай болгоод тавилаа. Эр, эм хоёр харцагын сүнсийг дуудаж ирээд хос буг болгож орхив. Сайн цаг иртэл энэ хавийг энэ хоёр л хамгаалж байг. Хүмүүс аяндаа мэдээд ирэхээрээ ийшээ зүглэхээ байна аа. Хүнд ямар ч аюул байхгүй. Зөвхөн нэр усаар нь дуудах юм уу хөөж тууж л магадгүй. Сүнсний хар хүчийг нь салгаж, цайруулаад илгээлээ. Хоёулаа унтаж амрах уу даа. Бидэнд одоо мэдэгдэхгүй ээ” гэжээ. Нэг хэсэг нойр нь хулжих аядсанаа алга болон нам унтаад өгчээ. Ингээд сар орчим болж байтал Самдан чөтгөртэй дайралдаад арайхийж салжээ гэх яриа гарсан байна. Сумын намын үүрийнхэн болон эвлэлийнхэн хуралдаад “Буг чөтгөр гэж юм байдаггүй юм. Айснаас болоод хий юм сонсохгүй юү. Хий юм харагдахыг ч үгүйсгэхгүй. Тэр талаар хий хоосон цуу яриа гаргаж болохгүй” гэх зэргээр таниулга хийгээд ч тусыг эс олжээ.
Гадуур шуугиад байхгүй ч хоорондоо их л аминчхан ярьдаг болсон байна. Түүний хүчинд тийшээ айлууд нүүдэллэхээ больсноор өнгө төрхөө алдаж асан баянбүрд нь сэргэж, ногоороод, ус булаг нь ундраад ирснийг ганцхан би ч биш тэр үед тэнд байсан хүн болгон мэднэ дээ. Тэрхүү буг ерээд оны эхэн хүртэл лав байсан даа. Хүмүүс Их газрын чулуу руу явдаг ч баянбүрд рүү нь зүглэдэггүй байв. Монголчууд байгалиа хамгаалах ийм л ухаалаг ард түмэн байсан даа” гээд өвгөн яриа дууссаныг илтгэн нүдээ анивчсан бөлгөө. Нутаг нутагт байдаг бугтай, чөтгөртэй гэх газруудыг ийнхүү дархалдаг байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Удган мод, хад, чулуу, овоо тахилга, энэ тэр гээд бишгүй л юмс үзэгдэл манай бараг баг, сум болгонд л шахуу байдаг байсан юм шүү. Бидний үеийнхэн ч зах зухаас нь мэднэ дээ.