Category: Монгол бөө

  • МОНГОЛЧУУДЫН БӨӨ ТОДРУУЛАХ ХОЛБОХ ЁСНЫ АЛДАА ОНОО

    Монголчууд социализмын торноос мултарч, үзэл суртлын хүлээс нь тавигдсаны дараахан буюу 1990-ээд оны дунд үеэс бөө мөргөл эргэн сэргэх хандлага хүчээ авсан ч үндсэндээ буриад, дархад хоёроос бусдад нь бөө мөргөлийн зан үйл мартагдсан учраас учир битүүлэг зүйл их байлаа. Гэвч Монголын бөө мөргөлийн талаар шинжлэх ухааны анхны бүтээл хийсэн Дорж Банзаров “Бөөг бүрмөсөн устгахын тулд өөр их зүйл хийх хэрэгтэй болно. Тэрээр тийм ч амар устаж үгүй болохгүй, эрдэм боловсролтой ард түмэн, догшин ширүүн байгалиар түүний ирээдүй хамгаалагдана”(1) гэж бичсэн нь үнэн болж өнөөдөр бөө тодруулах, онгодтой нь холбох зан үйлийн талаар нэлээд тодорхой ярих боломж бүрдээд байна.
    Бөө мөргөл эргэн сэргэх үед бөө тодруулах зан үйлийг амьдрал дээр ихээхэн дэлгэрүүлсэн хүн бол буриадын заарин, олонд Баавай хэмээгдсэн Цэрэн билээ. Тэрээр газар газрын шавь нараа бөө болгохдоо буриад ёсыг голлон барьж байсан нь шанар хийх зан үйлээс нь тодорхой харагддаг. Буриад бөө нь шарын шашинтай гүнзгий холбогдож, уншлага тарни, сахиус шүтээн, зан үйл нь хүртэл нэлээд холилдсон учраас эртний их онгодтой бөө нар, ялангуяа халх бөө нарт буриад бөөгөөр холбуулах нь төдийлөн зохимжгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Тэгээд ч одоогийн буриад бөө нь шавь сургалтын хэлбэртэй, бөө тодруулах, замчлах зан үйл нь нэлээд бизнес сүлжээ шинжтэй болчихоод байгаа юм. Бөө болгох шавь сургалтын стандарт энд нэгэнт бий болсон гэж хэлж болно.
    Бөөгийн тухай гарын авлага болгохуйц ном бүтээлийн тухайд Ч.Далай, Б.Ринчэн, С.Бадамхатан нарын судалгааны бүтээлүүд нэгэнт байсан бөгөөд 1998 онд эрдэмтэн доктор О.Пүрэвийн “Монгол бөөгийн шашин” хэмээх томоохон бүтээл хэвлэгдсэн юм. Тэрээр энэ бүтээлийнхээ нэг бүлгийг бөө болох ёсонд зориулсан нь тухайн үедээ тун чухал хэрэглэгдэхүүн болж байв. Бөө болох хүн лус, савдаг, онгодтой нөхцөх үйлийн үр, багш шавийн барилдлага, бөөгийн зам заах ёс зэргийг доктор О.Пүрэв нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ энд дурдагдсан зан үйлүүд нь зөвхөн судалгааны хүрээнд олдсон мэдээллүүд атал монгол бөөгийн нийтээрээ дагаж мөрдөх зүйл мэтээр ойлгуулж, тийм байх ёстой, тэгэх ёстой гэсэн заавар, стандарт тогтоохыг оролдсон нь бөө сонирхогч, бөө бологчдод буруу ойлголт төрүүлэхүйц болжээ. Тухайлбал, “…шавийн байгаа гал голомтноос хэн нэгэн шийдвэрлэгч хүн багшаар тодорсон бөөд очиж “Та манайд очиж хүний зам зааж цагаан мөрөө хайрла” гэх мэт үг хэлээд аяга дүүрэн сүүг алд цэнхэр хадагтай бариад”(2) гэх мэтээр хэлэх үг, хийх үйлдлийг нь хүртэл нэгбүрчлэн зааж бичсэнийг учир мэдэхгүй хүмүүс хадаг барих чинь хаанаас хэдийд нэвтэрсэн ёс билээ гэхчлэн нарийн нягтлалгүйгээр ёсчлон гүйцэтгэх гэж хичээж л таарна. Эндээс л стандарт үүсч байгаа юм. Зүй нь “ Бөө бөөгийн буулт өөр, бүжин туулайн дэгдэлт өөр” хэмээх цэц үг дан ганц бөөгийн буултын тухайд биш, ерөөсөө монгол бөөгийн зан үйлийг нийтэд нь илэрхийлсэн, монгол бөөд аливаа нэгэн стандарт байдаггүйг хэлсэн хэрэг юм.
    Аль ч газрын бөө болох хүний онцлох шинж нь бөөгийн өвчнөөр өвдөх явдал байдаг. Ингэж өвдсөн хүн орчин цагийн эмнэлгээр явахад онош нь үл тодрох, эсвэл нэг өвчнийг нь эмчилж эдгэрүүлэвч өөр нэгээр өвчлөх зэргээр шаналгадаг. Энэ нь чи бөө болох ёстой гэж тэнгэрээс өгч буй дохио юм. Үүнийг мэдэхгүй байх, мэдсэн ч эс тоовол үхлээр төгсдөг. Мөн бөө болох ёстой хүний санасан хэрэг, сэдсэн ажил нь бүтэхгүйтэн үргэлж унаж босч, орон шоронд ортлоо дордох нь хүртэл бий.
    Бөөгийн өвчний илрэх байдал нь сэтгэл мэдрэлийн өвчинтэй илүү төстэй. Хий юм харна, сонсоно, татаж унана. Ийм жишээ ном сударт үй түмээрээ бичигдсэн байдаг. Тухайлбал эртний нэгэн бөө “Би хорин насандаа өвдөж, бусдын хараагүйг нүдээрээ харж, сонсоогүйг чихээрээ сонсож эхэлсэн. Хүмүүс надад итгэхгүй доог тохуу болгоно гэж айсандаа би арван жил хэнд ч хэлэлгүй тэссэн. Эцэст нь хүчтэй өвдөж үхлийн аюул гарцаагүй нүүрлэсэн.Тэгээд бөөлж эхлэнгүүт дээрдсэн юм. Одоо ч гэсэн бөөлөлгүй удвал бие эвгүйрч өвддөг”(3) гэсэн байдаг.
    Гэхдээ хий юм харж сонссон, хүнд өвдсөн, татаж унасан бүхэн бөө болох ёстой гэсэн үг биш. Хараал хорлол, хий юмтай нөхцөх, зүгээр өвдөх зэргээс болж ч болно. Иймд эхлээд юунаас болов гэж учир шалтгааныг тодруулах хэрэгтэй. “Хараал хорлол нь биежиж, мэдрэмж нь хурцадсан хүнийг бөө болох хүн байна гэж эндүүрэн ажил ундруулж, эцэст нь нөгөө хүн нь хараалаасаа салан ямар ч мэдрэмжгүй нэгэн болж хэн хэн нь гайхшаа барчихсан байсан”(4) тухай би өмнө нь нэгтээ бичиж байсан.
    Орчин цагийн өнгө мөнгөнд шунасан бөө нэрт зарим хүмүүс ийм өвчин зовлонд унагсдыг, хараал хорлолд шаналагсдыг яг л торонд нь ороолдох ялаа шумуулыг отсон махчин аалз мэт хүлээж байдаг болсон нь тодорхой байна. Миний дотнын анд Х-тэй яг ийм явдал тохиолдсон юм. Тэрээр хэсэг хүмүүс бөө бөөлүүлэхэд нь унаа тэргээрээ үйлчилж явтал “Тэр залуу хүрээд ир” хэмээн нөгөө бөө нь дууджээ. Тэгээд нэр жилийг нь асууснаа “Пөөх, чи чинь бөө болох ёстой хүн байна. Ямар хэнэггүй нөхөр вэ. Ингэж яваад үхвэл яана, чи” хэмээн загнажээ. “Би эрэгтэй шавьгүй хүн байгаа юм. Эндээс нэг том зайран олоод авлаа. Удахгүй би хөдөө явж уул хайрхад тахихдаа чамайг дагуулж явж бөөлүүлнэ Юм хумаа бэлд” гэж тулгав гэнэ. Мөрөөрөө явж байгаад бөө болчих шахсан нөхөр маань нүд нь орой дээрээ гарчихсан давхиж ирлээ. “Чи энэ бөө мөөг сонирхдог хүн байна. Хэлээд өг. Ийм юм байж болох уу?” гэхэд нь нэг биш, нэлээд хэдэн хүн дээр очиж асуу гээд явуулсан минь бүр гай болжээ. Очсон бөө болгон нь барьж авч шавиа болгох гээд сандаргаж, нөхөр ч сүүлдээ дүрдээ итгэн хувцас хэнгэрэг бэлдэх юм болоод явчихлаа. Нэлээд сайн гэгддэг үзмэрч бүсгүй түүнд тийм юм байхгүй, цаадуул дээрээ дахиж очилгүй хаячих гэж хэлээд ч, ах дүүс нь дургүйцээд ч нэмэр болсонгүй. Нэлээдгүй хөл болж, ихээхэн мөнгө зарлагадаж явж бөө болсон Х маань дахиад надтай холбогдсон юм. “Энэ нэг л биш ээ. Чи нэг хүрээд ирээч” гэнэ. Яваад очтол шинэхэн бөө маань хувцас хэрэглэлээ өмсөн бөөлж үзүүллээ. Хэнгэргээ дэлдэж байтал төд удалгүй онгод суув бололтой намс хийгээд явчихлаа. Цай барьтал өлсөж ундаасаж үхэх гэж буй аятай хахаж цацан залгилчихлаа. Өмнө нь барьсан идээ будаанаас ам руугаа базан чихэж, заримыг нь өвөр түрий рүүгээ ч хийж байх шиг. Мэндийн үгэнд ганц хоёрхон үгээр хариулаад өөр юу ч ярихгүй юм. Тэгснээ архи нэхэж байна. Өгөөд л байвал уугаад л байх шинжтэй. Ямар ч шидгүй гайтай “онгодыг” нэлээд юм болж байж буцааж мордуулав.
    Дараа нь бид хоёр түүнийг анх хэрхэн холбосон, юу болсон талаар ярилцлаа. Багш нь онгодоо оруулж ирээд л “Одоо чиний онгодыг дуудаж биед чинь оруулна” гэж хэлээд дэргэдээ хэнгэрэг дэлдүүлэн суулгатал орж ирсэн онгод нь энэ аж. “Ингээд онгод суучихлаа. Ойр ойрхон бөөлж байгаарай” гэсэн гэнэ.
    -Чиний энэ онгод чинь хэдий үеийн ямар гээч онгод вэ?
    -Мэдэхгүй. Аавын талаас л гэсэн.
    -Багш чинь чиний энэ онгодыг өөрийн биед оруулж чамтай яриулаагүй юм уу?
    -Үгүй.
    -Хувцас хэрэглэл чинь ямар байхыг хэн хэлж өгсөн юм бэ?
    -Багш л бүгдийг нь мэдээд, хийдэг хүмүүсээрээ хийлгэсэн. Би мөнгийг нь л өгсөн.
    -Дуудлагаа яаж олж авсан юм бэ?
    -Багш хэлж өгч цээжлүүлсэн.
    -Чамтай цуг өөр хүнийг холбосон уу?
    -Надтай дөрвөн хүнийг холбосон.
    -Дуудлага нь бүгд ижил үү?
    – Тийм. Багш бүгдэд нь хэлж бичүүлсэн юм чинь.
    -Хэр их зардал гарав?
    -Бараг гурван сая төгрөг.
    -Цаашид яана гэж байна?
    -Ирэх жил чанарт явна гэсэн. Олон чанарт яваад ирэхээр аяндаа хүч орно гэсэн.
    -Чи ч арван хэдэн удаа чанарт явбал дор хаяж гуч гаруй сая төгрөг гарздах нь дээ.
    -Харин тийм л болж таараад байна. Гайгүй шиг бөө болж байвал мөнгө ч дүүрч.
    Бүх зүйл ойлгомжтой. Түүнийг бөө болох хүн мөн эсэхийг ном ёсоор нь тодруулсангүй. Бөөд замчилна гэдэг ёс суртахууны том шалгуур байдаг. Энд тэр нь үйлчилсэнгүй. Хэнийг ч хамаагүй бөө болгож байна хэмээн хуурч хэдэн төгрөг салгадаг шуналын туламнуудын нэгтэй Х маань учирчихаж.
    “Жинхэнэ сайн бөө бол чамд буух ёстой онгодыг эхлээд өөрийн биедээ дуудан оруулж, хүний хэлээр яриулна. Угийн онгод чинь чиний халуун зүсийг хараад баярлаж, чамд хэлэх зүйлээ хэлж, хамаа бус хэлэх ёсгүй зүйлээ бол дараа өөрийн биед чинь орохоороо хэлнэ хэмээдэг. Тэгээд намайг ингэж тэгж дуудаарай, буудал суудал минь ийм шүү, хувцас хэнгэрэг, өргөл тахил маань тийм шүү хэмээн захиж хэдийд яаж буулгахыг хүртэл хэлж өгдөг. Зарим нь энэ ертөнцөд хүн биед байхдаа юу хийж, яаж явснаа хүртэл хуучилж, тэнгэрийн оронд ядарч, эсвэл жаргаж яваагаа ч өгүүлдэг. Тэгээд тэр ёсоор нь бэлдэж холбогддог болохоос хэн нэгний хэлсэн, аль нэг номонд бичсэнээр болдог эд биш” хэмээн би Х-д учирлаад багш дээрээ очиж, саяын хэлсэн дагуу хийж өгөхийг хүс, үнэн бөө бол угийн онгодыг чинь оруулж ирээд л яриулна, худал бөө бол тэр дороо тар нь танигдана гэж зөвлөв.
    Ер нь монгол бөөг тодруулах ёс бол ийм л тодорхой зүйл билээ. Сүүлийн үеийн халх бөө тодорч байгаа байдлыг харахад энэ нь бүр ч тодорхой байгаа юм. Дархад бөө ч үүнтэй төстэй. Бөө болох ёстой хүн мөн байна гэдгийг нь бөөлж байж тодруулаад, холбогдох ёстой онгодыг нь дуудан ирүүлж бөө бологчийн биед оруулж өгдөг. Тэгээд бөө хүний зайлшгүй мэдэж мөрдвөл зохих цөөн зүйлийг хэлж өгөөд, үлдсэнийг нь өөрийнхөө онгодоос асууж мэд хэмээн бие даалгадаг. Дархад зайран Ч.Чинбат “Бөөгийн зан үйл гэдэг чинь замын хөдөлгөөний дүрэм, эсвэл Үндсэн хууль шиг хүн зохиож цаасан дээр буулгасан эд биш шүү дээ. Чи үнэхээр бөө болох төөрөгтэй хүн нь мөн байгаад багш чинь чамайг онгод тэнгэртэй холбоод өгчихсөн юм бол цааш цаашдын бүх юмыг чинь онгод хэлээд заагаад, засаад залаад хөтлөөд явчихдаг. Чи онгод гэдэг тэр айхтар ид шидийн хөл дүүжлэх унаа нь болохоос өөрөө шидтэн биш шүү дээ”(5) гэсэн нь ч үүнийг нотолж байна.
    Харин буриад бөөгийн тухайд бөөг тодруулах, холбох ёс дэг нь өөрийн гэсэн стандарт шахам дэг жаягтай, уламжлалаа нэлээд сайн хадгалж ирсэн онцлогтой, энэ талаар судалгаа шинжилгээний ном бүтээл ч цөөнгүй билээ.
    Харин халх бөөг тодруулах, холбох зан заншлын талаархи судалгаа нэлээд учир дутагдалтай байсан нь халхууд дунд шарын шашин эрт нэвтэрч, харийн бодлого, түүнд бөхийсөн төрийн шахалтаар бөөгийн уламжлал үндсэндээ тасарсантай холбоотой юм.
    Гэхдээ сүүлийн үед халх бөө нар олноор төрснөөр эрт цагийн онгодуудтай холбогдох боломжтой болж, түүнийгээ дагаад дээрх мартагдсан ёс заншлын талаар олж мэдэхэд дэвшил гарч байна. Халх бөөг угийн онгодтой нь холбогдон тодруулж, тэр онгодны хэлж заасны дагуу хувцас хуягийг нь бэлдэж, зан үйлийг нь гүйцээхэд ямар ч хүндрэл төөрөгдөл гарахгүй байгаа бөгөөд буриад бөө шиг олон жил суралцах, чанар хийх шаардлага байдаггүй. Хамгийн гол нь уг залгах хүнийг өөрийнх нь онгодтой уулзуулж, яриулах нь чухал бөгөөд тэгэхдээ хувцас хэрэглэл, бусад зүйлсийг тодруулж авахыг хичээх хэрэгтэй болдог.
    Эрдэмтэн Ч.Далай “Монгол бөө хувцас нь оршин амьдарч байгаа угсаатан ястныхаа онцлогийг дагаж, түүнд зохилдсон тул хэлбэр маяг нь хоорондоо зөрүүтэй байдаг ажээ. Тухайлбал, Монголын баруун хэсгийн бөө удган нар ихэнх нь намхан оройтой малгай өмсөж, зарим нь алчуураар толгойгоо боодог. Харин дээл нь захаасаа аваад хормой хүртэл урт өргөн даавуунууд унжуулан зүүсэн, нэлээд сүрлэг байдалтай байдаг. Гэтэл халх бөө нарын малгай нь нэлээд сүрлэг байдалтай, ялангуяа удганы малгай их өндөр оройтой бол Дархадын бөөгийн хувцас ч гэсэн өвөрмөц байдалтай”(6) хэмээсэн байдаг. Үүн дээр нэмж өгүүлэхэд одоо бууж буй халх онгодууд нэлээд эрт үеийн том тэнгэрүүд байх нь элбэг тул өмсгөл хэрэглэлийн хувьд дахин давтагдашгүй, өөр өөр байх тал ажиглагдаж байна.
    Тахил идээ тавих, өргөх ёсны тухайд ч нэлээд өөр бөгөөд юуг хэрхэн яаж тавихыг онгод бүр өөрөө зааж өгч байна. Гэхдээ халх бөөд ажиглагдаж буй нийтлэг нэгэн үзэгдэл гэвэл архи дарс огт хэрэглэдэггүй, хараал хорлол муу үйл хийхийг тэвчдэггүй, үйлийн үрийн талаар ихээхэн ярьж сургадаг явдал юм. Хар муу, хатуу хүтүүг үйлдүүлэх нь бүү хэл айраг өргөсөн тохиолдолд хүртэл зөөлрүүлж байна гэж араас нь сүү өргүүлэн цайлгах ёс ч байна. Бүр онцгой тохиолдолд л архи өргүүлж, эсвэл тахил дээр нь тавиулдаг ч энэ нь маш ховор. Гэтэл буриад бөөд архи маш түгээмэл хэрэглэгддэг. Энэ мэтийн ялгаа зөрөө байгааг сайтар нягтлан, ном журмаар нь холбогдож, ёс зүйтэй, шуналгүй, түмэнд тустай бөө төрүүлэх аваас буруу нь юу билээ.
    Гэтэл онгод тэнгэртэйгээ дутуу хагас холбогдсон ухвар мөчид хүмүүс хэн таарсан хүнийг бөө болгоно хэмээн сандаргаж, дарамталж, айлган сүрдүүлж сэтгэл зүйгээр нь тоглож байгаа нь харамсалтай. Дээр өгүүлсэн Х-гийн тухайд бөө биш, уггүй нэгэн байсан бөгөөд завсрын ертөнцийн тэнэмэл сүнстэй хүчээр холбосноос тийнхүү ууж идэхээс өөр шидгүй “онгодтой” болчихсон байсныг өөр нэгэн бөө салгаж өгч санааг нь амраасан гэнэ лээ.
    Ер нь бол бөө холбоно гэдэг сүнсний ертөнцтэй харьцаж буй хэрэг учраас харанхуйн орон, дээд ертөнцөөр онгодын хүчээр аялах чадал хүч бүрдсэн хүний ажил.
    “Хязгааргүй гүн огторгуйд бидний мэдэхгүй далд сүнсний ертөнц байдаг гэдэг. Тэрхүү сүнс(онгон)нүүдийн ертөнцөд шидийг олсон хүн бүрийн сүнс очдоггүй, харин хүмүүст арга шид домоороо ихээр тус хүргэж(ариун буяныг), чадал чансаа зэргээрээ(эвэр туурайгаараа) өндөрт гарсан хүмүүсийн сүнс онгон болон очдог гэдэг.
    Бөөгийн сүнс зэрэг дэвээрээ очдог хэд хэдэн давхраа буй нь тодорхой болоод байгаа ч энд өгүүлэх сэдэв биш тул түр орхин үндсэн сэдэвтээ эргэж оръё. Ашиг хонжоо хайсан бөө нэрт хүмүүс завсрын ертөнцийн төрлөө олоогүй хэний ч хамаагүй тэнэмэл сүнстэй хүнийг хүчээр холбож, зовсон хүний итгэл сэтгэлээр тоглон нүгэл хураах нь түгээмэл болсон тул бөөд хандахдаа болгоомжтой байхыг сануулж байна. Тэгээд ч элдвээр хүнийг айлгаж буй бөөгөөс сүрдэх хэрэггүй бөгөөд ёс бусыг хийсэн тэд л буруудахаас нүглийн үйлийг эхэлж хийгээгүй танд муу юм огтхон ч болохгүй гэдгийг санаж явууштай. Бөө хүн ёс бус загнаснаар өөртөө, үр удамдаа гай болоод зогсохгүй, дээр байгаа онгод тэнгэрийнхээ зэрэг дэвийг бууруулж, эдлэх ёстой гэсгээл шийтгэлээ тэнгэрээс хүртдэг учраас явдал буруутнуудыг шүүн хэлэлцэх нь ч илүүц юм. Үйлийн үрийг үүрч барахаас тойрч гарахгүй нь хорвоогийн үнэн болохоор тэд буруу үйлийнхээ төлөөсийг хэзээ нэгэн цагт заавал хийдэг.
    Эцэст нь хэлэхэд дээд тэнгэрээс монголчуудад хүчтэй сайхан онгодуудаа олноор илгээж буй нь яалтгүй үнэн бөгөөд түүний зараал болох хувь төөрөг танд ноогдож мэднэ. Гагцхүү тийм оноолт таарсан хүн нь уг асуудалд мэдлэгтэй мэдээлэлтэй хандаж, анхнаасаа зөв хүнээ олж түшин зам мөрөө зөв эхлэх нь л чухал юм.
    Тайлбар
    1. Дорж Базаров. Бөө судлал буюу Монголын харын бөө. Д.Бадарчийн орчуулга. УБ., 2007. 78-р тал (Черная вера и шаманство у монголов)
    2. О.Пүрэв.Монгол бөөгийн шашин. УБ., 2002. 281 дэх тал.
    3. Белов.Н.В. Шаманизм. Минск., 1999. 6 дахь тал.
    4. Б.Галаарид. Бөө мөргөл, тэнгэр шүтлэг. УБ., 2008. 28 дахь тал.
    5. Б.Галаарид. Онгод тэнгэрийн зараалаар. УБ., 2005. 18 дахь тал.
    6. Ч.Далай. Монголын бөө мөргөлийн түүх. УБ., 2009. 74 дэх тал

    Б.Галаарид

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН Я.МӨНГӨНСУВД БӨӨЛӨВ

    орших хайрхандаа залбирч өргөл өргөв.
    Манай залуу удгануудын нэг, Монгол бөөгийн Тэргүүн удган Я.Мөнгөнсувд хуяглан бөөлж, онгодоо цайллаа. Бөөлөлт дээр түүний шүтлэгтэн олон ирж оролцлоо.
    Монгол бөөгийн Тэргүүн удган Я,Мөнгөнсувд бөөлөлт дээр МБНЭ-ийн удирдлагаас оролцлоо.

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он МОНГОЛ БӨӨГИЙН ИХ УДГАН БУЛГАН, ТЭРГҮҮН УДГАН ЗАГДАА НАР БӨӨЛӨВ

    уулын Яармагийн өмнө орших уулын аманд хуяглан бөөллөө.
    Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа буриад бөөгийн онцлоготой бөөлөлт хийж, зураглалаа авахуулсан юм.
    Бөөлөлтийн зэрэгцээ ОХУ-ын буриадаас ирсэн шавь нь уг арга хэмжээнд оролцсон юм. Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа нарын хуяг нь өөр өөрийн өвөрмөц төрхтэй байлаа.
    Монгол бөөгийн Их удган Булган хотгойд бөөгийн онцлоготой, Монгол бөөгийн тэргүүн удган Загдаа нарын бөөлөлт дээр МБНЭ-ийн удирдлагууд байлаа.

  • № 16. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Хадаг нь бөөгийн уламжлалт өргөлд сүүлд орж ирсэн, мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он УЛАМЖЛАЛТ ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ


    Хээрийн онгодыг жил жилийн ээлжит тахилга, хааяа хийдэг гэнэтийн тахилга хэлбэрээр хийж байна. Ямар ч нөхцөлд тахилга хийхдээ онгодод өргөх өргөл, бэлгэлэх өлгөц, тахилгын идээ цагаа махан шүүс бэлтгэнэ.
    Онгодод өргөж буй хонины шүүс нь хэдийгээр алаад махыг нь чанасан боловч онгодод өргөхдөө бүтэн амьд хонь өргөв гэсэн утгаар болсон мах сүүж мялаалт, 9-нг засал бүхий толгой ,шийр арьс тэргүүнд нь бүрэн байна. Онгоддоо өргөх идээ шүүсээ бүрэн тавьсаны эцэст асрын голд ам цагаан дэвсгэр дээр бөө явганаар бөөлж гүйцээд идээний дээжээ Цунцалд өргөнө. Ийм нэгэн тахилга болж өнгөрлөө.

  • БӨӨГИЙН ЗАН ҮЙЛ ШАШИН МӨРГӨЛ БОЛСОН ТҮҮХ

    Кэмбрижийн Их сургуульд 2 сарын хугацаатай судалгааны ажлаар ирсэнтэй нь холбогдуулан “Оюунлаг оршихуй” цуврал уулзалтын тав дахь дугаарын зочноороо урилаа.
    Уулзалтын сэдвийн хувьд “Бөө” гэдэг зүйл шашин мөн үү үгүй юу? хэмээх ерөнхий асуултанд хариулт өгөх зорилготой боловч мөн биш гэдэг дээр тодорхой хариулт өгөхөөс урьтаж бөөгийн зан үйлийн талаар судалгаа хэрхэн явагдсан тухай илүү тодорхой ярилцах сонирхолтой байгаагаа уулзалтын зочин маань дурьдаж яриагаа эхлүүлсэв.
    Манай улсын бөө судлалын байдлыг олон улсын түвшинтэй харьцуулбал нилээн дээгүүрт ордог ч энэ нь бөөгийн зан үйлийн судалгаа хангалттай гэсэн үг биш аж.
    Бөөг судлахын тулд хоёр ойлголтыг ялгаж салган ойлгох нь маш чухал байдаг гэв. Үүнд:
    1. Бөө мөргөл
    2. Бөөгийн шашин
    Бөө мөргөл
    1800 оны дунд үеэс “бөө мөргөл” гэдэг нэр томъёо анх гарч ирсэн гэж үздэг. Үүнээс өмнө Монголчууд Монголын Нууц Товчоонд дурьдагдсанаар “мөргөл” гэдэг үгийг ашиглаж байжээ. Тэгвэл “бөө” гэдэг нь хувь хүний зан үйл гэсэн үг бөгөөд энэ нь нэгдэж байгуулсан бус тус тусдаа зан үйл явуулдаг, хувь хүмүүсийн үйл хэрэг. Бүх бөөд тохирсон нэгдсэн дүрэм гэж байдаггүй харин бөөгийн нэгдсэн шүтээн гэж байдаг тэр нь мөнх хөх тэнгэр юм. Нэгдсэн дүрэм байхгүй гэдэг нь хүний ертөнц дээр баримтладаг шиг дүрэм бөөд байдаггүй буюу бөө ямар нэгэн зөрчил гаргавал ял, шийтгэл оноох шалгуургүй гэсэн үг юм. Бөө чухам өөрийн хэлж буй тэрхүү тэнгэртэй харьцаж, тухайн онгодоо буулгаж буйг батлан тогтоох батлах аргагүй. 20-р зууны дунд үеэс өмнө зөвхөн “бөө” гэдэг үг л байсан болохоос бөөгийн шашин гэдэг үг байгаагүй.
    Судлаач, эрдэмтэн Кольнер Колимзын зохиолд “Буддын шашин Монголд дэлгэрч лам нар гарч ирэх тэр үеэд тэднийг эсэргүүцэгчид гарч ирсэн. Тэдгээр эсэргүүцэгчид ард түмний дунд ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулдаг удган, улаач, бариач зэрэг хувь хүмүүс байсан” гэж дурьдсан байдаг. Эдгээр хувь хүмүүс нь бөө нар байсан бөгөөд буддын шашинтны хувьд тэднийг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс болж харагдаж байгаа юм. Үүнийг бөөгийн шашин анх удаа нэгдэж нэг институци болсон хэмээн Кольнер Колимз бичсэн байдаг.
    Ингээд анх удаа бөөтэй холбоотой ном зохиол, судлагдахуунуудыг нэгтгэж “бөө мөргөл” гэдэг ухагдахуун гаргаж иржээ.
    Монголын бөө мөргөлийн хамгийн анхны судалгаа зохиолыг бичсэн гэгддэг Дорж Ванзаров гуайн 1846 оны “Монголчуудын бөө мөргөл ба харын шүтлэг”зохиолдоо бөө мөргөлийг “хараа шажин” хэмээн дурьдсан байдаг ба энэ нь буддын шашинтнуудын зүгээс өгсөн шарын шашины эсрэг үзэлтэй “харын шашин” гэсэн утгатай үг юм. Энэ нэр томьёо 19-р зууны дунд үед гарч ирсэн ба 20 р зууны үеэс судлаачид “бөө мөргөл” хэмээх нэр томьёог анх судалж эхэлсэн гэж үздэг аж.
    Энэхүү нэр томьёог судлах ажилд Дорж Ванзаров гуайгаас гадна Б.Рэнчин, Ц.Дамдинсүрэн, Ч.Далай зэрэг манай нэрт эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулсан юм. Жишээлбэл: Дамдинсүрэн гуай 1957 онд “Монголын уран зохиолын тойм” хоёрдугаар боть бүтээлээ хэвлүүлсэн байдаг. Уг бүтээлдээ “Монголын бөөгийн мөргөлийн яруу найраг” хэмээх 5 хуудас бичмэл хэсэгт “бөө мөргөл” гэсэн нэр томъёо оруулсан байдаг. Мөн Ч.Далай гуай 1959 онд гаргасан “Монголын бөө мөргөлийн товч түүх” хэмээх бүтээлдээ “бөө мөргөл” гэж нэр томъёог хэрэглэжээ.
    Одоогоор эдгээр бүтээлүүдээс өөр “бөө мөргөл” хэмээх нэр томъёог дурьдсан бүтээл, бодьтой түүхэнд тэмдэглэгдсэн эх сурвалжууд байдаггүй.
    “Бөө мөргөл” гэдэг нэр томъёо нь бөө нараас гаралтай биш харин бөөг судладаг судлаачид судалгаандаа хэрэглэж байсан буддын шашнаас гаралтай үг юм.
    Бөөгийн Шашин
    20 р зууны 2 р хагасаас “бөө мөргөл” гэдэг нэр томъёог судлах судалгааны ажилд өөр чиглэл гарч ирсэн. Түүхч судлаач О.Пүрэв гуай бөө мөргөлийн судалгаа, шинжилгээний ажилд маш чухал судалгаа, баримт үлдээсэн хүмүүсийн нэг юм. Түүний нэг чухал бүтээл бол “Монгол бөөгийн шашин” хэмээх ном.
    О.Пүрэв гуай уг бүтээлээ тохиолдлоор “Монгол бөөгийн шашин” гэж нэрлээгүй агаад тэрбээр бөө бол шашин гэж үздэг байсан. Түүгээрч барахгүй “энэ дэлхийн хамгийн агуу шашин бол бөөгийн шашин” хэмээжээ. Энэ үеэс “бөөгийн шашин” гэдэг нэр томъёо гарч ирсэн ба өнөөгийн үеийн бөө нар, бөө судлаачид уг нэр томъёог авч судлаж эхлээд байгаа юм.
    Өнөө үед бөөгийн шашин эмх замбараагүй, утгаа алдаж байгаа нь нууц биш. Биедээ онгод тэнгэр дуудаж юм оруулдаг, үзэж хардаг хүн бүхнийг өнөөдөр бөө гэж нэрлээд байгаа. Үүний учир шалтгаан нь өнөөдөр бөөгийн шашин нэгдсэн зохион байгуулалтанд ороогүй, нэг институци болж чадаагүй байгаагаас болж байна. Шинжлэх ухааны үүднээс харахад өнөөдөр бөөгийн шашин хэмээж буй нь ердөө л бусдаас дорд харагдахгүйн тулд зохиож байгаа улс төрийн зорилго бүхий үзэгдэл. Өөрөөр хэлбэл бөөг шашин хэмээх нь өнөөдөр улс төржөн гаргаж ирсэн зохиомол зүйл. Дэлхийд зөвшөөрөгдсөн шашинд исламын шашин, буддын шашин, загалмайтны шашин, хинди зэрэг дэлхийн олон хүн шүтдэг шашнууд багтдаг. Эдгээр шашнууд тус бүрдээ өөр өөрсдийн судартай, өөрийн гэсэн нэгдсэн шүтээнтэй, сүм хийдтэй, албан ёсны лам хуваргатай, баримтладаг дүрэмтэй.
    Эдгээр дэлхийн шашинуудыг хувьсалын онолчид бусад ард түмэнд байгаа шашны холбоотой соёлын элементүүдтэй харьцуулаад үзэхэд харьцангуй том харагдаж байсан. Иймээс хувьсалын онолчид эрэмбэ зэрэг тогтоож. Өөрөөр хэлбэл, хувьсалын онолын үүднээс хөгжиж чадсан дэлхийн шашнуудыг шашин хэмээн үзэж, хөгжиж чадаагүйг нь шашин биш бөө мөргөл гэж англисан. Ингээд шашин хэмээх нэр зүүсэн болгон хувьсалын онолчдын ач гавьяагаар нэр хүнтэй, илүү чухал болон хувирч, шашин гэсэн нэр томъёо зүүж чадаагүй нь чухал бус болж харагдах болсон. Ийм учраас манай эрдэмтэд “бөө мөргөл” хэмээх нэр томъёог “бөөгийн шашин” болгон хувиргах боллоо. Гэхдээ өдгөө бөөгийн шашин тодорхой хэмжээгээр институц болж байгааг дурьдах нь зүйтэй.
    ____________________________________________________________________
    АСУУЛТ ХАРИУЛТ
    Асуулт-1: Өнөөдөр альваа шашин, шашны үзэгдлүүд шинжлэх ухаанч бус, шинжлэх ухааны үндэслэлгүй байна. Энэ нь хүмүүсийн амьдралд их том зөрчлүүдийг үүсгээд байгаа гэж боддог. Үүнд ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэл байх уу?
    Хариулт-1: Үүнд шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Учир нь шинжлэх ухаантай авцалдахгүй маш олон зүйл гарч ирдэг. Гол шалтгаан нь юу вэ? гэхээр шинжлэх ухаан бол өөрийн ажилладаг механизмтэй, судалгааны арга зүйтэй харин бөөгийн шашинг ойлгодог механизм, хэмжүүр нь өөр байдаг. Жишээлбэл: Бөөгийн шашин хий юм, онгод орох үзэгдэлийг бодит зүйл гэж үздэг. Харин шинжлэх ухаан үүнд мэдэхгүй гэж хариулдаг. Хий юмс үзэгдэх, сүнс зэрэг ойлголтыг ихэнхи шашин байгаа бодит зүйл гэж үздэг бол шинжлэх ухаан үүнийг байхгүй гэж үгүйсгэдэггүй ч одоогоор мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг.
    Асуулт-1.1:Тэгэхлээр агуу их шинжлэх ухаан бөөгийн шашины өмнө өвдөг сөхөрч байна гэсэн үг үү? Шинжлэх ухаан бүгдийг мэддэг, бүгдийг тайлбарладаг биз дээ?
    Хариулт-1.1: Өвдөг сөхрөх биш. Одоогоор мэдэхгүй байгаа юм. Шинжлэх ухааныг бид өөрсдөө агуу гэж боддог болохоос шинжлэх ухаан өөрийгөө хэзээ ч би агуу гэж хэлээгүй, зарлаагүй. Сүүлийн 300 жил хүн төрлөхтөнд бий болсон хамгийн том зүйл бол хүмүүсийн шашинд итгэдэг байсан итгэл шинжлэх ухаанд итгэдэг болсон явдал юм. Шинжлэх ухаанд маш олон мэдэхгүй зүйл байдаг. Гэхдээ шинжлэх ухаан хэзээ ч ухардаггүй, юмсын учир шалтгааныг олох арга замаа хайж байдаг, цаашид хайсаар ч байх болно.
    Асуулт-1.2: Гадныхан бидний Монгол үндэстэнг өөрийн уугуул шашингүй хэмээн үздэг. Ялангуяа барууныхан. Гэтэл бидний уугуул шашин бол бөөгийн шашин. Өнөөдөр Монголд 25,000 орчим бөө, 5000 гаруй лам байдаг гэсэн тоо судалгаа бий. Өөрөөр хэлбэл, бөөгийн шашин сүүлийн үед Монголд хүчтэй дэлгэрч байна. Энэ нь нийгэмд эмх цэгцгүй байдлыг авчирч байна. Энэ тал дээр Монголын төр ямар бодлого баримтлах ёстой вэ? Та энэ тал дээр төр засгийнханд ямар нэгэн зөвлөлгөө өгөх үү?
    Хариулт-1.2: Энэ асуудал өнөөгийн нийгэмд тулгарч байгаа асуудал мөн. Миний бодлоор энэ тал дээр манай төр засгийнхан ямар бодлого баримтлахаа бүрэн шийдэж чадаагүй байгаа байх гэж бодож байна. Үүнийг шийдэхэд тийм ч амар зүйл биш. Өөрөөр хэлбэл бид юун дээр ямар бодлого баримтлахаа мэдэхгүй байна, объектоо бүрэн таньж чадаагүй байна гэсэн үг юм. Ийм нөхцөл байдалд зөв бодлого боловсруулна гэдэг тийм амар зүйл биш л дээ. Гэхдээ “төр төмөр нүүртэй” гэдэг үг байдаг. Төр өөрөө шийдвэр гаргаад энэ асуудлыг шийдэж болно. Гагцхүү мэргэжлийн судлаачидтай зөвлөх хэрэгтэй.
    Хэрвээ би мэддэг, зөвлөлгөө өгдөгсөн бол бөө нарын энэ нийгэмд гай болоод байгаа архи уудаг, мөнгө авдаг хоёрыг л болиулахыг нэн тэргүүнд зөвлөнө. Аливаа шашин хүн төрлөхтөнд нэмэр болох гэж л байгаа бол хэзээ ч тариф тогтоох ёсгүй. Мөнгө хураадаг энэ зүйл анх гандан тэгчилэн хийдээс үүсэлтэй. Өнөөгийн бурхан шашны тэргүүлэгч нар гандан хийдийг аварч үлдэхийн тулд санхүүжилд олох зорилгоор тариф тогтоож эхэлсэн байдаг. Энэ нь нийгэмд буруу үлгэр дуурайлал авчирсан гэж би боддог.
    Асуулт-2: Манай улсад буддын шашин ч бай бөөгийн шашин ч бай хамаагүй хүмүүст шашны сургалт явуулах ёстой гэж би боддог. Ялангуяа хүүхдүүдэд шашныг дэлгэрүүлж заах тал дээр манай улс маш дутагдалтай байдаг. Өөрөөр хэлбэл шашинаар дамжуулж хүүхдийг зөв хүмүүжүүлэх сургалтын ажлыг бид хийх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны бодол юу вэ?
    Хариулт-2: Шашины сургалтын асуудал дээр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой, ёсгүй гэсэн асуудлууд зөндөө гарч ирдэг л дээ. Миний хувьд янз бүрийн шашны сургалтын загвар, төлөвлөгөөнүүдтэй танилцаж, харж байсан. Нөгөө талаар энэ асуудлыг эсэргүүцдэг талууд байдаг. Тэд нарын ч бас буруу биш юм. Ялангуяа энэ бөөгийн шашин, бөө нарын нэр хүнд алдагдаж байгаа өнөө үед шашны асуудлыг сургалтын хөтөлбөртэй хольж хутгах нь дэмий гэж үздэг маш олон хүн байдаг.
    Бөө нар нэр хүндээ алдахад бид нар, тэр дундаа бөө нар өөрсдөө буруутай. Өнөөдөр магадгүй маш олон хүн бөө нараас хол байхыг хүсч байгаа энэ үед бид нар хүүхдүүддээ шашины хичээл заана гэдэг маш төвөгтэй асуудал болон хувирч байгаа юм. Дээрээс нь шашны холбогдолтой хичээлүүдийг хүүхдүүд сонирхох эсэх асуудал бас чухал. Гэхдээ таны хэлж байгаа ерөнхий агуулгатай би санал нэг байна. Бид зөвхөн шашин гэлтгүй Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хүүхдүүдэд илүү сайн ойлгуулах талаас нь зааж сургах шаардлага манай нийгэмд байгаа гэдэг дээр би таньтай санал нэг байна.
    Асуулт-3: Миний бодлоор энэ бөө гэдэг чинь зөвхөн манай улсад биш аль эрт дээр үеэс уламжлагдан ирсэн зүйл. Тийм учраас одоо үүнийг заавал нэг институцэд оруулах ч юм уу, ямар нэгэн хэлбэр журамд оруулаад байх шаардлага байгаа юм уу?
    Хариулт-3: Тийм шаардлага ерөөсөө байхгүй. Би хэрэгтэй эсвэл хэрэггүй гэж хэлэх ёстой хүн биш л дээ. Гэхдээ миний харж байгаагаар магадгүй ямар нэгэн институцийн хэлбэрт оруулахгүй байх нь өөрт нь хэрэгтэй юм шиг байгаа юм. Зөвхөн манай улсад ч биш өөр дэлхийн маш олон оронд шашин, түүнтэй ижил төстэй маш олон соёлын элементүүд олон мянган жилийн өмнөөс үүсээд хөгжөөд ирсэн байдаг. Тэд хэзээ ч бид нар шашин байх ёстой, бид нар шашин мөн биш гэж маргаан үүсгэж байгаагүй. Үүнийг таны хэлснээр ямар нэгэн хайрцганд оруулж нэрийг нь солих ч юм уу өөрчиллөө гэхэд тэд энэ шашинаа шүтэхгүй орхино гэж байхгүй.
    Асуулт-3.1: Миний ингэж асуулт тавьсан нь ямар учиртай вэ? гэхээр та хэлэхдээ аливаа нэгэн шашин хөгжихийн тулд ямар нэгэн институцийн хэлбэрт орох ёстой гэж хэлсэн учраас уг асуултыг тавьсан юм.
    Асуулт-3.2: Миний хэлээд буй санаа бол өнөөдөр бөө гэдэг зүйл ямар эмх цэгцгүй замаа алдаад байгаа. Үүнийг тодорхой хэмжээгээр эмх цэгцэнд оруулья гэвэл институцэд оруулах шаардлагатай болж байгаа юм. Институц байхгүй байгаа учраас бөө нар дур дураараа авирлаж, хүнд ямар нэгэн байдлаар гаж буруу сөрөг үйлдэл хийж байгаа юм. Үүнийг зогсоох үүднээс ямар нэгэн тодорхой институцид оруулах юм бол асуудлыг арай амар хялбараар шийдэж болно. Оруулахгүй бол үүнийг шийдэж цэгцлэхэд төвөгтэй гэдэг талаас нь хэлээд байгаа юмаа. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс үүнийг заавал институцид оруулах ёстой эсвэл оруулах ёсгүй гэх хэлдэггүй. Шинжлэх ухаан болон судлаачид аливаа нэгэн асуудлыг судлаж үр дүнг нь тогтоохдоо зөвхөн боломжит хувилбаруудыг л гаргаж ирж санаагаа хэлдэг. Түүнээс бид тийм, ийм байх ёстой гэсэн байр сууринаас асуудалд ханддаггүй.
    Асуулт-4: Бөөгийн шашинтай холбоотой нийгэмд олон гаж үзэгдэл гарч ирээд байна. Үүнийг төр засаг маань эмх цэгцэнд нь оруулах ёстой биз дээ? Эсвэл үүнийг энэ чигээр нь ингээд хаячих ёстой юм уу? гэдэг энэ талаас нь би сонирхон асуулт тавьж байна.
    Хариулт-4: Төр энэ тал дээр агра хэмжээгээ авч байгаа юм байна лээ. Сүүлийн үед би энэ талаар зарим нэг хүмүүстэй санал бодлоо солилцож байгаа. Цөөхөн боловч зарим нэг тохиолдолд энд тэнд шатсан, түлэгдсэн, үхсэн эсвэл залилан хийсэн гээд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдүүлэг өгдөг юм байна лээ. Цагдаагийн байгууллага ч өргөдөл гомдлыг хуулийн дагуу барагдуулах ажлыг хийж хариуцлага хүлээлгэсэн тохиолдол цөөнгүй хийсэн байдаг. Хэдий тийм боловч ихэнхи тохиолдолд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргадаггүй, гаргасан ч өргөдөлөө буцаагаад авчихдаг. Учир нь бид ямар нэгэн бөө дээр очоод юмаа үзүүлчээд энэ бөө надад худлаа хэлсэн гээд өргөдөл гаргаад хариуцлага хүлээлгэнэ гээд яваад байдаггүй. Харин ч үүнийг аль болох мартаад өнгөрөөхийг боддог тийм уламжлал, ёс суртахуун байгаад байгаа юм. Тиймээс энэ тал дээр төр засаг ямар нэгэн арга хэмжээ огт авахгүй байгаа гэж хэлж болохгүй юм.
    Асуулт-5: Шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа юмыг шашин гэж хэлээд байж болох уу? Ер нь шашин гэж яг ямар учиртай зүйл вэ? тодорхойлолт байдаг уу?
    Хариулт-5: Энэ шашин гэдэг зүйлийг хэсэг бүлэг хүмүүс өмчилчихөөд байгаа хэрэг. Дэлхийн шашинууд гээд байгаа нөхдүүд энэ шашин ийм, ийм байх ёстой гээд өмчилчихөөд байгаа юм. Жишээлбэл: өөрийн гэсэн сүм хийд, лам, судартай гэх мэт хэд хэдэн зүйлс гаргаад түүнийгээ бусад шашинд тулгадаг. Өөрөөр хэлбэл танай шашин гээд байгаа зүйлд дээрх шалгуурууд байхгүй байна тиймээс энэ шашин биш, эсвэл мөн гэж нэрлээд байдаг. Энэ нь шашныг өмчилчихөөд байгаагийн нэг тод жишээ. Өнөөдөр дэлхийн шашнуудыг шүтдэг хэсэг хүмүүсийг гэгээлэг, соёлтой гэж үзээд бусад шашнуудыг шүтдэг хүмүүс гэгээлэг бус болж харагдуулаад байгаа учраас энэ шашин гэдэг нэрийг олж авах, шашин болохын төлөө тэмцээд байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол бөөгийн онгод тэнгэр энэ зүйлд эмзэглээд байгаа юм биш, энэ нь зөвхөн бид нарт байгаа асуудал юм.
    Асуулт-6: Харвардын Их сургууль төгсөөд одоо MIT- д багшлаж байгаа Б.Мандухай гэж тантай адил нийгэм соёлын антропологийн чиглэлээр судалгаа хийдэг манай мундаг том эрдэмтдийн нэг судлаач хүн байдаг. Та энэ хүнтэй хамтарч судалгаа хийж, холбоотой ажилладаг уу?
    Хариулт-6: Мандухай эгч бид хоёр одоохондоо хамтран судалгаа хийж байгаа зүйл байхгүй, магадгүй ирээдүйд болох байх. Харин бид хоёрын судласан хүн яах араггүй нэг юм. Мандухай эгчийн номны хавтас дээр буриадын Цэрэн зайрангийн зураг байгаа. Цэрэн зайрантай би анх 1995 онд уулзаж байсан. Миний бөөг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлсэн маш олон зүйлс энэ хүнтэй холбоотой. Мандухай эгчийн судалгаа үндсэндээ Цэрэн зайран болон буриадын бөө нарын тухай судалгаа юм. Мандухай эгч бид хоёрын судалгааны чиглэл ойролцоо учраас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр бид хоёр холбоотой гэх юм уу, ямар ч байсан холбоогүй хүмүүс биш.
    Дэлхийн нэр хүндтэй их сургуульд багшлана гэдэг бол асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажил байдаг. Энэ ажлыг гадарладаг хүний хувьд би Мандухай эгчээр бахархаж явдаг. Монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг гадаадын зарим нэг эрдэмтэд байдаг. Одоогийн байдлаар гадаадын томоохон их сургуулиуд дээр мэргэжлийн үүднээс монголын бөө мөргөлийн талаар судалгаа хийдэг Монгол эрдэмтэд гэвэл бараг Мандухай эгч бид хоёр л юм шиг байна. Өөр энэ талаар мэргэжлийн үүднээс судалгаа хийдэг Монгол судлаачид одоогоор байхгүй гэж хэлэхэд болох байх.
    Дашрамд хэлэхэд бөөгийн шашинтай ойролцоо хий юмтай холбогддог энэ төрлийн үзэгдэл зөвхөн манай улсад биш дэлхийн бараг бүх улсад саа сайгүй маш олон байдаг.
    Асуулт-6: Шаманик гэж яг юу гэсэн үг вэ?
    Хариулт-6: Бөөгийн арга “засал” гэсэн үг. Бөөгийн арга засал дотороо маш олон янз байдаг. Жишээ нь: толгой тархи, бие организмыг барьдаг, эдгээдэг увьдастай гэх мэт. Буриад бөө нар энэ тал дээрээ нилээн алдартай. Буриадын бөө нар үндсэндээ хоёр янзын уг барьдаг.
    1. Бариачын уг буюу чандмань эрх
    2. Бөөгийн уг буюу чанар эрх
    Зарим буриад бөө нар хоёуланг нь давхар барьсан байдаг.
    Асуулт-7: Бөө нар өмсгөл өмсөж бөөлдөг. Заавал өмсгөл өмсөх ёстой байдаг уу? Өмсгөлийн ялгаа гэж байдаг уу? Бөө нар дотор бас янз янзын бөө байдаг. Жишээлбэл: дээд ангилалын бөө нар нь улс орны төлөө илүүтэй бөөлдөг жаахан доод зиндааны бөө нар аахар шаахар ойр зуурын юмыг засах маягтай бөөлдөг гэх мэт.
    Хариулт-7: Бөөгийн хувцасыг дайнд орж буй баатарын хуяг, дуулгатай адилтгаж үздэг. Хэн их хуяг дуулга, хувцас сайтай нь дайнд амьд үлддэгийн адилаар бөө нарын хувцас нэг талаасаа хуяг дуулга болж өгдөг. Нөгөө талаасаа бөө нарын гэхээсээ илүү онгодуудынх нь хувцас байдаг.
    Бөө нарт бас эрэмбэ гэж байдаг. Бөө дотороо хэдэн жил бөөлснөөс хамаарч эрэмбэлэгддэг. Түүнээс гадна оногдууд дотор бас эрэмбэ бий. Бөөд орж ирж байгаа онгодууд хаанаас ирж байгаа, ямар хүч чадалтайгаас хамаараад түүнд эрэмбэ гэж байдаг. Энэ эрэмбээсээ хамаараад хувцас, эдлэл хэрэгсэл нь ондоо байдаг. Бүр асар их хүчтэй онгод байдаг ба түүнд ямар нэгэн хувцас, эдлэл хэрэгсэл шаардлаггүй онгод нь шууд орж ирдэг тохиолдол хүртэл байдаг. Энэ нь тухайн онгод өөрийнхөө ид хавийг гайхуулж байгаа хэрэг юм.
    Уулзалтын техникийн саадгүй байдлыг ханган аажллахын зэрэгцээ, онлайн дамжуулсан докторант Ц.Будхүү, гэрэл зургийн сурвалжлага хийсэн сэтгүүлч Ж.Хулан , уулазлтыг хамтран зохион байгуулсан Элчин Сайдын Яамны хамт олон болон хүрэлцэн ирж оролцсон нийт Монголчуудтай,Монголчуудтаа гүнээ талархая
    Тэмдэглэл хөтлөсөн У.Ганзориг, Хянан тохиолдуулсан Д.Цэрэнбат
    Уулзалт Зохион байгуулах Баг

  • БӨӨГИЙН НЭР БАРЬЖ ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙГААГ АНХААРНА УУ

    Харин тэнгэрийн улаач болохоо шалгуулах бол тодорхой шалгууртай. Нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэр тусгай ажлын хэсэгт хуяглан бөөлж шалгуулж, фото болон кино дүрсээр бичүүлж, МБНЭ-ийн архивт хадгалагдаж, дүрэмд заасны дагуу Дээд цэцийн хуралдайд дүрс болон фото хэлбэрээр танилцуулж, Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтаар олонхийн санал авч байж, бөөгийн цол олгох шийдвэр гаргуулахаар МБНЭ-ийн Ерөнхийлөгчид очдог. Эцэст нь Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нууц санал хураалтын дүнг үндэслэн МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамж гарч гэрчилгээ, цолны энгэрийн тэмдэг олгодог.
    2017 оны 12 дугаар сарын 5-нд шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор Орхон аймгаас Г.Мөнхтуяа ирж, улмаар МБНЭ-д гишүүнээр элссэн байна. Өөрөөр хэлбэл МБНЭ-ийн Шинэ жилийн арга хэмжээнээс өөр арга хэмжээнд оролцоогүй гэсэн үг юм. МБНЭ-д гишүүнээр элсээд нэг жил өнгөрчээ.
    Гэтэл Г.Мөнхтуяа нь өөрийгөө бөө гэж тунхаглан зарлаж, олон үйлчлүүлэгчийг өндөр үнэтэй зан үйлээр үйлчилж эхэлсэн байна. Өөртөө үйлчлүүлэгчдийг татахын тулд хуурамч цол алдар, бичиг баримт, шагналыг ашиглах болсон байна. Бөөгийн зан үйл хийж өргөл барьц авахын зэрэгцээ үйлчлүүлэгчдээс их хэмжээний мөнгө, эд зүйл зээлж түүнийгээ буцааж өгөлгүй зугатаах болсон байна. Тэрээр Сойшаалаар үйлчлүүлэгчийг татах маш олон аргыг хэрэглэж байна.
    МБНЭ-ээс үйлчлүүлэгч олонд анхааруулах нь:
    1. Г.Мөнхтуяа нь МБНЭ-д гишүүнээр элссэн боловч Бөө мөн эсэхээ шалгуулаагүй улаач болох нь тодорхойгүй болно.
    2. Өөрөөр хэлбэл МБНЭ-д бөө болохоо шалгуулаагүй бөгөөд Монгол бөөгийн удган цол нэр алдарыг хэрэглэх эрхгүй юм.
    3. ОХУ-ын Зөн билгийн тулааны Шилдэг зөн билэгтэн гэж өөрийгөө хуурамчаар алдаршуулсан нэрийн хуудас ашиглаж байна.
    4. МБНЭ-ийн лого ашиглан, тамга, гарын үсгийг хуурамчаар үйлдэж өөрийгөө Монголын зөн билгийн 19 цувралд оролцож байгааг хуурамчаар тодорхойлсон гэрчилгээ хийж, түүндээ МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албыг Ерөнхий захирал гэж бичсэн байна.
    5. Мөн МБНЭ-ээс зохион байгуулсан Нэгдсэн тахилга арга хэмжээнд толгойлж болон тэргүүлж бөөлөгчдөд олгодог Өргөмжлөлийг хуулбарлан өрөөндөө тавьж, ашигласан байна.
    6. Энэ бүхэн нь түмэн олныг хуурамч алдар нэрээр өөртөө татах гэсэн явуургүй үйлдэл юм.
    МБНЭ-ээс Г.Мөнхтуяагийн ёс зүйгүй үйлдлийг олон түмэнд сонордуулж байна.

  • Зөн билэг нь урьдчилж мэдрэхээс илүү зүйл юм

    Тэдний судалсанаар

    Зөн билэг нь – бидний хүлээн авч буй мэдээлэл нь тархины ухамсаргүйн түвшинд хүртэгдэж, боловсрогдож, хадгалагдсаны үр дүн бөгөөд түүний нөөц бололцоог цаашид судлах шаардлагатай сэтгэл зүйн ойлголт хэмээсэн байна.

    Зөн билгийнхээ ачаар өөрийгөө ослоос сэргийлж, эсвэл эмч нар өөрийн мэдрэмжээрээ эмчилсэний дүнд хүнд өвчтэй хүмүүс эдгэрсэн зэрэг тохиолдлууд үй олноороо байдаг. Гэвч эмч нар зөн билгийг шинжлэх ухаанч бус, ер бусын зүйлийг судалдаг ухаанд багтаан үл тоомсорлосоор байдаг.

    Уг ойлголтыг маш ихээр судалсны дүнд эрдэмтэд дараах дүгнэлтэнд хүрсэн байна.

    – Зөн билэг нь өнгөрсөн туршлага дээр үндэслэгдсэн, асуудлыг шийдвэрлэх нэмэлт түлхүүрийг агуулсан тархины зураг юм. Гэхдээ шийдвэрийг ухамсаргүйн түвшинд маш хурдан хүлээн авдаг. Бидэнд харин мэдэгдэж байгаа нь ямар нэгэн зүйл зөв эсвэл буруу гэсэн ерөнхий мэдрэмж билээ.

    “Бага хугацаанд шийдвэр гаргах, эсвэл мэдээлэл хэт олдсон үед, эсвэл ухамсартайгаа дүн шинжилгээ хийж боломжгүй ноцтой аюултай нөхцөл байдал тулгарахад, ихэнхдээ хүмүүс зөнгөөрөө үйлдэл хийдэг” – хэмээн профессор Хожинсон хэлжээ. Тэрээр нэгэн жишээ дурдсан юм.

    Формула 1 хэмээх хурдан машины уралдаанд оролцож байсан нэгэн нисгэгч огцом эргэлтэн дээр өөрийн эрхгүй тормозоо гишгэжээ, харин үүний ачаар тэрээр бөөгнөрөн осолдсон бусад машинуудтай мөргөлөхөөс сэргийлж чадсан бөгөөд өөрийн амийг өөрийн мэдэлгүй аварсан байна. Уг нисгэгч юу мэдэрсэнээ тайлбарлаж чадахгүй байжээ. Ямартай ч түүний зогсох хэрэгтэй гэсэн мэдрэмж нь уралдаанд түрүүлэх гэсэн хүслээс давж гарсан байна. Уралдааны дараа түүнд сэтгэл зүйн дүн шинжилгээ хийхээр болж нисгэгчид тэр үеийг дахин мэдрүүлэх үүднээс тус үйл явдлын дүрс бичлэгийг харуулав. Дүрс бичлэгийг үзэж байхдаа нисгэгч, эргэлт рүү хэрхэн орж байгаагаа хараагүй, учир нь нүд нь тэр үед гэнэт өвдөж , яг л хөшчихсөн юм шиг өөр тийш харж байснаа санав. Энэ нь чухамдаа ухамсаргүйгээс өгсөн мэдээлэл байв. Тэрээр нисгэгч тухайн үед ямар нэгэн зүйл бишдэж байгаа ухамсаргүйгээр хүлээн авч тэр дороо зогссон байжээ.

    Профессор Хожкинсоны үзэж байгаагаар, зөн мэдрэмжээрээ гаргасан шийдвэр нь тиймэрхүү нэмэлт мэдээллүүд дээр үндэслэгддэг бөгөөд харин шийдвэр нь заавал зөв гэдгийг баталгаатай хэлэхгүй. Хүмүүст ухамсартай ухамсаргүй оюун ухааны үйл явлууд аль аль нь хэрэгтэй, гэхдээ нэг нь нөгөөгөөсөө илүү байх бараг л боломгүй юм гэжээ.

    Танд зөн билгийн мэдрэмжээрээ хийсэн үйл явдал тод санагдаж байвал доорхи сэтгэгдлийн цонхонд бичиж бусад хүмүүстэй хуваалцаарай. Бидэнд байдаг энэхүү гойд чанараа чагнаж байхыг Танд эцэст нь зөвлөе.

  • Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй

    дуу алдахаар ажээ. Түүний ажил үйлс, амьдрал хэвийн явж үргэлжилж байсан. Залуу бүсгүй бөөгөөр засал хийлгэхээр өөрийгөө Зайран Чанцалын Батбаяр гэж нэрлэсэн нэгэнд ханджээ. Тэр тодорхой нэг өдөр бөөгийн зан үйл хийж, бөөгийн “хорхоглох угаалга” гэгчийг үйлдэж өгчээ. Энэ зан үйлииг хийлээ гэж бүсгүй М-ээс нэг сая таван зуун мянган төгрөг авсан байна.

    Тэгээд өргөл авсан шигээ шүтэн бишрэгчдээ үйлчилж чадсангүй. Тухайн үед бүсгүй М нь энэ зан үйлийг хийлгэхээс татгалзсан байна. Гэтэл зайран гэх Ч.Батбаяр нь тэнд байсан дөрвөн залуугаар хүч хэрэглэн байж улайсгасан чулуун дээр архи асгаж, ууранд нь бүсгүй М–ийг утсан байгаа юм.
    Энэхүү зан үйлийг хийсний дараа бүсгүй М-ийн тодорхой хэсгүүдээр улайлт өгч, улмаар загнатсаар зурганд үзүүлсэн яр, шарх бий болж, улмаар нүүр царайнд өөрчлөлт орсон байна.

    Энэ шарх үүснээс хойш ямар нэг хувцас өмсөх боломжгүй болж, хэрвээ хувцас өмсвөл үрэлт үүснээс шарх нь сэтэрч улам нэмэгддэг болсон. Түүгээр зогсохгүй залуу бүсгүй М-ийн царай нь маш хурдан өөрчлөлт орж, хоёр жилийн дотор хөгшин хүний төрхийг олжээ.

    Нүүр биенд өгсөн өөрчлөлт, биеийн шарх өнөөдөр бүсгүй М-ийг “там”-д унагаад байгаа. Хүнд залуу нас дахин олдохгүй. Тэрээр бөөгийн нэр барьсан нэгэн”Залилагч”-тай учирсанаар ийм зовлонт амьдралтай учирсан байна.
    Өөртөө зайран нэрийг олгосон Ч.Батбаяр нь өнөөдөр бөөгийн ажлаа хийсээр яваа. Өөр бусад хэнийг ч ийм хэцүү байдалд оруулж байгааг хэлэхэд хэцүү.

    Мөнх тэнгэрийг шүтлэгтэн хэн ч өнөөдөр бөө гэсэн тааралдсан болгонд хандаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралаараа хохирох бус жинхэнэ “Тэнгэр”-ийн улаач нарт хандаж үйлчлүүлж байхгүй бол ийм байдалд хүрч, амьдралын зовлонд унаж болохыг бүсгүй М-д тохиолдсон сургамж харуулж байна.
    Сэрэмжлэхтүн. “Тэнгэр”-ийн улаачийн нэр барьсан бөөгөөр залилан хийгчдэд анхааруулж байна. Монгол бөөгийн нэр төрөөр тоглох эрх хэнд ч байхгүй. Мөнх тэнгэрийн хариуцлага өндөр, гэсгээл маш хатуу билээ.

  • № 14. Монгол бөөгийн хуяг, дуулганы тухай

    , шинжаны монголчууд, Хорчин бөө зэрэг олон язгуур хамаарна.
    Энэхүү зураг № 14-д бөөгийн хуяг нь Х1Х зууны сүүлчээр 1932 онд Якутаас олж авсан. Энэ хуяг нь үхрийн арьсаар хийсэн. Ган ашигласан. Өргөн диаметр нь 43 см, өндөр нь 74 см хэмжээтэй байна.
    Тайлбар: Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн бага хуралдайн есдүгээр хуралдаанаар \2015.10.09\ Монгол бөөд тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, Монгол бөөгийн түүхэн уламжлал, судалгаа дүнг үндэслэн хэлэлцээд шийдвэр гаргасан.
    Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг болох бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглосон.
    Хоёрдугаарт: Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан. Учир нь мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
    Гуравдугаарт: МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулга, Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна.
    Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан