Category: Монголын түүх

  • Төмөр хаан алтан ордны улсыг дайлсан нь буюу ижил мөрний дэргэд болсон их тулалдаан

    Цагаан Ордоос хөөгдсөн Тохтамыш Төмөрт хандан тусламж эрэн очиход, тэрбээр Чингис хааны алтан ургийн хүний хувьд хүндэтгэлтэйгээр хүлээн авч, албат харьяат, эд хөрөнгө, мөн байлдах цэрэг өгч, удаа дараагийн бүгэлгүй тэмцлийг нь ивээн тэтгэсний эцэст од хийморь нь гүйсэн Тохтамыш бүх өрсөлдөгчөө дийлэн, дэлхийн хамгийн хучирхэг хаадын нэг болсон билээ. Тэгээд их ван, удамт ноёд, өдий төдий улс ард түмнийг захирсан, Чингис хааны удам, Зүчийн улсын хууль ёсны залгамжлагч болсон тэрбээр Трансоксанийн нэг л мужийн эмир ноёны хэмжээнд буюу Төмөрийн хамжлага мэт явахыг хүлцэн тэвчсэнгүй. Ил хаадын улсын үеэс булаалдан ирсэн зах хязгаарын нутаг Азербейжаны төлөө хэд хэдэн удаа Төмөртэй зэвсэг зөрүүлжээ.

    Өөдлөн дэгжих замыг нь сэтгэл харамгүй засаж өгөөд, Алтан Ордны улсын хаан болгосон Тохтамышийг өөрийн нь эсрэг ийн мөчөөрхөн тэмцэх болсонд эгдүүцсэн Төмөр 3 жилийн турш Алтан ордны улсын эсрэг хийх аян дайнд бэлтгэв. Тэрбээр Тохтамышийн өстөн Зүчийн удмын гурван ч хунтайжийг энэ үед талдаа татаж чадав. Тэд Алтан Ордны улсын харьяат овог аймгуудаас хувь хүртэнэ хэмээн найдаж Төмөртэй зам нийлжээ. Мөн Зүчийн улсаас гаралтай Ногайн удмын хүн болох Крымийн монголчуудын нэгэн хааныг Төмөр зөвлөхөө болгоод их аян дайнд мордов.
    Тохтамыш айсуй аюулын тухай мэдээ авсан бололтой, элч нар нь Төмөрийн цэргийн хүрээнд хүрэлцэн ирэв. Тэд Төмөрт бэлэг сэлт болгон хурдан морьд, эрдэнийн чулуун чимэг бүхий оройвч, богочтой анч шонхор шувуу барив. Төмөр шонхор шувууг гар дээрээ суулган, ихэд анхаараад, эзнийхээ харамслыг илэрхийлж, өршөөл эрэх үгсийг өвдөг сөгдөн айлтгаж буй элч нарыг огтхон ч тоосонгүй. Тэгж тэгж эцэст нь, түүний өгсөн хариуг түүхчид нэг бүрчлэн тэмдэглэсэн байдаг ба тэр нь 55 нас сүүдэр зооглосон Төмөр хаан дээрээ хэнийг ч байлгаж тэвчдэггүй, өөрийгөө Чингис хааны удмынхныг ч шүүх эрхтэй гэж үздэг Азийн жинхэнэ дарангуйлагч гэдгийг харуулдаг билээ. “Тохтамышт бидний хүргэсэн тус, түүний төлөө хийсэн бидний буянд үйлийг дэлхий гэрчилнэ. Тохтамыш бөөн шарх сорви болж тун ч зовж зүдэрч, ядарсан амьтдын хоргодох буяны газар болсон миний ордонд дүрвэн ирж, бидний ивээлд орсон нь үнэн билээ. Гэвч тэр урьд өмнө тангарагаасаа няцаж, шудрага бусаа харуулсан нь олонтоо тул, бид ч бас түүний уран гоё үгэнд хууртаж байх гэнэн улс бишээ. Бид санаж төлөвлөсөн үйлээ хойш тавилгүй хийх болно. Бидний хэнийх нь зөв хэнийх нь буруу болохыг дайны тэнгэр мэдтүгэй” хэмээсэн ажгуу. Тэгээд тогтсон ёсыг дагаж элч нарыг дайлж цайлахдаа чанд харгалзжээ.
    Чингис хааны нарийн тооцоолж төлөвлөсөн аян дайнууд, дайснаа нэгд нэгэнгүй судалдаг арга ажиллагаатай харьцуулбал, Алтан Орд улс руу хийсэн Төмөрийн энэ аян дайн хэтэрхий хөнгөмсөг, балмад явдал гэж болохоор бөгөөд ямар ч жанжин тоглохооргүй мөрийтэй тоглоом мэт байлаа. Буман хүн бүхий их цэргийг огтоос таньж мэдэхгүй газар руу, Тохтамыш гэдэг дайсан тэнд хаа нэгтээ байгаа, олж цохино гэж хөтөлж явна гэдэгүнэхээр хөнгөмсөг гэхэд багадмаар үйл байв. Гэвч тэрхүү буман хүн өөрийн удирдагч Төмөрт сохроор итгэж явав. Ийнхүү 3 cap хаашаа зорьж буйгаа ч мэдэхгүй, хүний бараа бараг харалгүй, Тохгамыш ч, түүний арми нь ч хаана байгааг мэдэхгүй довтолгов. Хүнс тэжээл хорогдсон тул талх тариа хэн хүн зоргоороо авч идэхийг хориглож, зөрчсөн этгээдийг цаазаар аваачихыг жанжин сайд нарт чандлан тушаасан нь хэцүүдсэн хэрэг байв. Ингэсээр нэг өдөр Төмөр нийтээр ан хийх зөвшөөрөл өгч, эртний монгол заншлаар томоохон хэмжээний газрыг бүслэн авч, зэрлэг амьтдыг дотогш нь үргээн хомроглон авласнаар, хэд хоног махан хоол хүртэж, цэрэг дайчдын сэтгэл санаа дээшлэн аянаа үргэлжлүүлэв.
    Тоболь голын эхэнд Төмөр бууж цэргээ засаад, нийт дайчдынхаа зүрх зоригийг чангалахын тулд томоохон ёслолын жагсаал үйлдэж, цэргээ баруун, зүүн жигүүр, төв толгойн ангид хуваагаад, байлдааны журамд оруулж, зүрх зоригийг бадраасан гал цогтой үг хэллээ. Цааш явахдаа дайсан этгээдийн талаар бага сага зүйл олж мэдээд, аянаа өрнө зүг Урал мөрөн рүү чиглүүлэв. Ийнхүү дөхөж ирэхэд голд гурван гарам байвч Төмөр алинд нь ч цэргүүдээ ойртуулсангүй, тулж очсон газраараа хөвж гаталсан нь түүний аминд оров. Тохгамыш гармууд дээр цэрэг бүгүүлэн амдуулж байжээ. Цэрэг цаашлан явсаар эцэст нь Самара голын эрэг дээр тунчиг сэрэмжтэй урагшилж явсан толгойн ангиуд нь дайсны цэргийн чимээг сонсчээ. Ингээд Төмөрийн их цэрэг тэр дороо зогсож хүрээлэн бууж, цэргийн дарга, овог аймгийн удирдагч нараа цуглуулан үнэтэй бэлэг сэлт тарааж, соёрхол ивээл үзүүлж, ихэд найртай загнасан нь шийдвэрлэх цаг мөчид хүмүүсээ урамшуулж баярлуулан, өөртөө үнэнч байх арга сүвэгчилсэн нь тэр байлаа. Энэ мөчөөс эхлэн хэнбугай ч байлаа гэсэн цэргийн ангиасаа холдож салах эрхгүй болов. Цэргийн хүрээ бүр хоноглох газартаа суваг шуудуу тойруулан ухаж хүрээлээд, харуул манааг чангатгав. Ийн дайсан гэнэдүүлэн дайрахаас ч, өөрийн цэрэг оргож зугтахаас сэргийлж, өдөр тутам байлдааны журмаар явсаар байвч дайсныг бас л олж үзээгүй байлаа. Дайсан тухай бүр ийнхүү зайлчихаад байгаа нь цэрэг дайчдыг эвгүйцүүлэх болов. Тал нутаг өнгөрч ой шугуй, чийг намагтай газар эхэлж, цааш хэрхэн явахаа ч мэдэхээ байлаа.
    Энэ үед Тохтамыш Төмөрийн цэргийг урт аянд ядарч зүдэрч явааг мэдэж, намаг балчигтай газар зориуд дагуулж оруулах санаа сэдэж байгааг нэгэн олзны хүн Төмөрт мэдүүлэв. Энэ мэдээг цэргүүдэд тараахгүйн тулд олзны хүнийг хороолгож, аянаа хурдавчлахыг тушаав. Нэгэн гол гатлах үеэр толгой анги нь дайсны яггүй хүчтэй таарч хамх цохигджээ. Торгон цэргээ толгойлж тулалдааны талбарт давхиж ирсэн Төмөр дайсны тэр цэрэг Тохтамышийн арын сэргийлэх анги байсныг мэдэв. Төмөр хоёр түмэн цэргээ авч дайсныг нэхэж, тулалдаанд дуудаж оруулах арга эрэлхийлэхийг хүү Омар шейхэд тушаажээ. Ийнхүү Омар шейх гол цэрэгтэйгээ дайсныг гүйцэж, нэг хоногийн дараа Төмөр өөрөө хүрэлцэн иржээ. Хоёр их цэрэг ийнхүү бие биетэйгээ Төмөрийн нүсэр аян дайн эхэлснээс хойш дөрвөн сарын дараа анх нүүр тулан учрав. Гэтэл 6 дугаар сарын дунд үе байсан хэдий ч санамсаргүй цасаар шуурч зургаан өдөр тасралтгүй нүджээ. Долоо дахь өдөр нь тэнгэр цэлмэж, Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэв. Түүний цэрэг ядарч туйлдан, өлсөж цангасан байлаа. Харин дайсан этгээд хүчээр давуу, гачигдаж дутагдсан зүйлгүй, таньж мэдэх нутаг орондоо байлаа. Гэвч Төмөрт өөр арга байсангүй. Цэргийнхээ сэтгэл санааг өөд татах, итгэл найдварыг нь сэргээхэд ялалт ус, агаар мэт хэрэгтэй байлаа. Бүхэл бүтэн дөрвөн cap мөрдөж яваад одоо л дайснаасаа халирах юм бол, зориг алдаж буй их цэргийг нь буцах замд нь Тохтамыш арчиж хаях байлаа.
    Хоёр армийн цэргүүд говийн элсэнд ургасан өвсний үндсээс ч олон байсан агаад цусан далай урсгахаар илд сэлмээ далайж, туг сүлдээ засаад, бие биенийг дайран оров. Хоёр талын гарамгай баатар эрчүүд сэлмээ гялалзуулж, аварга манчуургаа исгэрүүлэн, арам жад шидсээр, үхэл хагацал дуудсаар тулалдаанд оров. Газар дэлхий үүл мэт тоосонд умбаад, бургилж цалгисан их тэнгис лугаа нааш цааш үймэж давалгайлах нь нэн сүртэй байв. “Улангасч галзуурсан олон морьтон дайчдын дэгдээсэн их тоосонд гэрэлт наран халхлагдан харанхуйлахад, саран авхайн сэвхт нүүр мөнөөхөн тоосонд халтартах ажгуу. Орилж бархирах, уртаар гаслан ёолох дуун агаарт цалгиж, тэнгэр бурхан ч өршөөл аврал эрэх мэт” хэмээн энэ их тулалдааны тухай он дарааллын бичигт тэмдэглэн үлдээжээ.
    Тулалдаан 3 өдөр үргэлжлэв. Ахиухан нөөцтэй байх үүднээс Төмөр тулалдааны шинэ дэг сонгож, цэргээ тав бус долоон хэсэгт хуваан алгуур тулалдаанд оруулж байв. Тохтамыш харин давуу хүчиндээ эрдэж, цэргээ хавирган cap маягаар гурван хэсэг байрлуулжээ. Хэрэв энэ л тулалдаанд ялагдах юм бол алс хол үлдсэн эх нутагтаа бас ялагдана гэдгийг Төмөр өөрөө ч, түүний хөвгүүд, жанжин баатрууд ч сайн мэдэж байлаа. Гэвч үнэхээр зориг баатарлаг, хатуужил тэсвэртэй байлдсаар байвч нэг бус удаа ялагдахын даваан дээр очиж, тэр болгонд Төмөр өөрөө шилдэг цэргээ манлайлан тулалдаанд орж, үхлийн аюулыг зайлуулж явлаа. Төмөрийн дэргэд байсан Зүчийн удмын гурван хунтайж тулалдааны үеэр Тохтамышийн цэрэгт явсан өөрийн овог аймгийн цэргүүдийг олж авч, Төмөрийн талд оруулж ирсэн ч байдал дээрдсэнгүй.
    Тулалдааны 3 дахь өдөр Тохтамыш Төмөрийн зүүн жигүүрийг сэт татаад гол хүчнийх нь араас цохив. Ингээд л бүх зүйл өнгөрлөө дөө гэхээр болсон тэр мөчид Төмөр тулалдааны төв хэсэгт байлдаж байсан цэргүүддээ мориноос бууж, тулалдааны талбарын төвд хүрээгээ хатгах гэж байгаа мэт гэр майхан босгохыг тушаажээ. Яг энэ мөчид Тохтамыш хааны сүлдэт туг нь унав. Цасаар шуурч байсан 6 хоногийг Төмөр зүгээр нэг өнгөрөөсөнгүй, дайсны тугчийг хахуульдан талдаа татаж, тулалдааны дундуур тусгай дохио өгмөгц хааны сүлдэт тугийг унагаахаар тогтсон байсан ажээ. Хааны сүлдэт туг унана гэдэг хаан алагдлаа гэсэн дохио ажээ. Тохтамыш дайсны ар нуруунд гараад “Одоо л ялалт минийх боллоо” гэж байтал өөрөө гол хүчнээсээ таслагдаж, арчаагүй байдалд орж, тэрхэн мөчвд хааны сүлдэт туг унаснаар “хаан маань нэгэнт алагдсан болохоор одоо тулалдаж үхэх нь утгагүй” гэж бодсон Тохтамышийн цэргүүд сарнин бутарч, эргэн зуггахыг харжээ.
    Тиймээс өөрөө ч дайсанд олзлогдохгүйн тулд ч бушуухан зугтах хэрэгтэй болсныг ойлгов. Төмөрийн цэрэг дайснаа Ижил мөрөн хүртэл элдэн хөөжээ. Тал хөндий буман хүний хүүрээр дүүрч, дайсны эхнэр хүүхэд, эд баялаг, мал сүрэг ялагчдын гарт оров. Дайны олз омог гэдэг учир тоймгүй, ийнхүү ганц шийдвэрлэх цохилтоор л олон сарын бэрхшээл гачигдал, асар их зүтгэл чармайлтын үнэ цэнэ төлөгдөж, эхнэр хүүхэн, боол зарц, эд хөрөнгөөр шагнагдаж, хамгийн чухал нь хоол хүнсээр бялхжээ. Дайсны нутгийн гүнд, алс хол Ижил мөрөн дээр үнэт эрдэнээр өвч чимсэн сав, суулганаас зоог барьж, алтан мөнгөн хундага, цомоор архи дарс хүртэж асан зэрлэг агаад өвөрмөц найр эхэлж 26 хоног тасралтгүй үргэлжилсэн байна. Тохтамышийн Төмөртэй хийсэн дайны улмаас Алтан Ордны улс дахин сэргэн өндийсөнгүй бөгөөд энэ үеэс эхлэн дэлхийн эзэнт гүрний ач холбогдлоо алдаж, Азийн соёлын нэгэн төв байхаа больжээ.

  • 5-10. ЗҮҮНТНИЙ ҮЕД УЛСЫН САНХҮҮ ХООСОРЧ, БАНК БЭЛЭН МӨНГӨГҮЙ БОЛСОН.

    5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичгүүд. II боть. УБ.1984. тал 409-496.
    1936 оны 2 сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 46 дугаар хурал томоохон үүрэг гүйцэтгэж “Төрөөс шашныг тусгаарласан хуулийг биелүүлэх арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ.
    1937 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо “Сүм хийд, лам нарын асуудлын тухай” тогтоол гаргаж, сүм хийдэд шавилж буй 10-17 насны хөвгүүдээс татан авч, Цэргийн яам, Дотоод яам, Сангийн яам, Банк, Худалдаа үйлдвэрийн яам, Ардыг гэгээрүүлэх яам, Эрүүлийг хамгаалах яам, нам, эвлэл, үйлдвэрчний байгууллага, Алтанбулаг, Өндөрхаан, Баянтүмэн зэрэг арван нэгэн газарт 100-500 хүүхэд бүхий тусгай сургуулийг 1937 оны 10 сарын 1-нд нээн байгуулж, нийт 670 хүүхэд бүхий хамарч иргэний боловсрол олгохыг Сайд нарын зөвлөлд даалгажээ1. 1 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. Тал 549.
    1937 оны 12 сарын 27-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаас тогтоол гаргаж, Монголын бүх хүрээ хийдийн сүүлч болох Улаанбаатарын Гандантэгчилэн хийд, Голын цагаан сүм, Дэчин галбын дацан, Очирдарын сүмийн үйл ажиллагааг бүрмөсөн хориглож, Гандан хийдийн барилга, эд хөрөнгийг улсын санд хурааж, зарим дуган сүмийг ЗХУ-ын улаан цэргийн хэвлэлийн газарт үнэ өртөггүй шилжүүлэн өгчээ1. Ингэж олон зуун жил шашинд сүсэглэж байсан монголчууд мөргөж, итгэл хүндэтгэлээ үзүүлэх ганц ч орон хийдгүй болсон нь ард олны шүтэж бишрэх эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хаан боогдуулсан, XX зууны Монголын түүхэнд тохиосон нэгэн том эмгэнэлт явдал байлаа.
    1900-аад оны эхнээс болон 1917 оны 10 сарын хувьсгалын дараагаас Монголд олноороо нэвтэрсэн буриад иргэдийг ЗХУ залхаан цээрлүүлж сургамж үзүүлэхийн тулд янз янзын арга сэдсэн бөгөөд сонгож олсон зүйл нь Монголын удирдагчдын нэгийг Японы тагнуулын хэрэгт холбогдуулж, Оросоос дүрвэн, Монголд нутагшсан буриадуудыг олноор нь түүний эсэргүү бүлэгт хамруулан, цээрлүүлэн залхаах явдал байв. Чухам ийм зорилгоор 1933 оны зун ДХГ-т ажиллаж байсан зөвлөлтийн сургагч, зөвлөх нарын зохион байгуулсан “Лхүмбийн хэрэг” гэгч сүр дуулиантай хэрэг гэнэт дэгдэж, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбийг баривчлан “Японы тагнуул” хэмээн сэжиглэж, ЗХУ-д аваачин байцааж, урьдаас төлөвлөсөн ялаа тулгасан юм. Энэхүү эсэргүү хэрэг гэгчид оролцогчдыг байцааж, үнэн мөнийг нотлох оролдлого 1934 онд үргэлжилж, Хэнтий, Дорнод, Төвийн бүлэг хэмээн ангилж, нийт 317 хүнд ял ногдуулсны дотор 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил ганданд хорихоор шийдвэрлэжээ. 1 НТАЭ.ф-1, д-6, хн-51, тал 68, ф-1, д-6, хн 7, тал 121-122,131.
    Мөн энэ хэрэгт ялласан 125 буриад иргэн ба 700 гаруй буриад өрх айлыг Монголын нутгаас хөөн зайлуулах тушаалыг Монгол улсын ерөнхий сайдад тулган, нууц тушаал гаргуулсан байна.
    Ингэж 1921 оны хувьсгалаас хойш Монголын төрөөс анх удаа ийм олон хүнийг нэг дор ялласан бөгөөд энэхүү хэрэг гэгчийг оргүй зохиомол хэрэг хэмээн эсэргүүцсэн ДХГ-ын ажилтан Төгсжаргал, Норовжамц, Цэрэндаш, Ширнэн, Дорждэрэм, Дорж, Дашцэрэн зэрэг хүмүүсийг урван тэрслэгч хэмээн буудан алжээ. Харин энэхүү зохиомол хэргийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хүмүүсийг төр засгаас одонгоор хөхүүлэн шагнасан байна. Чухам энэ үеэс улс төрийн хэлмэгдүүлэлт хүч авч, 1937 оны намар оргилдоо хүрсэн юм.
    МАХН-ын нэр хүнд ч бас буурч байв. Тухайлбал, “… 1932 онд намын гуравдугаар шалгалтын явцад намын 42 000 гишүүдээс олон хүн сайн дураараа гарч, 3000 гаруй хүн хөөгдсөн”5 бөгөөд түүнээс хойш намд элсэгчдийн тоо харьцангуй цөөрч, 1934 онд намын IX их хурлын үед 8000 орчим гишүүнтэй болсон байлаа6. Мөн МАХН-ын удирдлага ч намын дүрмээ зөрчиж 1935, 1938 онд нэг ч удаа Төв Хорооны бүгд хурлаа хуралдуулаагүй байна. Мөн Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал нь 1932-1935 он хүртэл хугацаанд алдаг оног хуралдаж, аар саархан зүйлийг ёс төдий хэлэлцэж байлаа.
    5 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. II боть /1929-1940/ УБ.1984 он. Тал 344.
    6 Коминтерн ба Монгол УБ. 1996. Тал 419.
    Нам бол эзэрхэг түрэмгий ба феодалыг эсэргүүцсэн хувьсгалыг амжилттайгаар туйлд хүргэхийн тулд ард түмнээс тэмцэж буй хувьсгалын тэмцээнд тэдгээрийн улс төрийн зохион байгуулагч бөгөөд удирдагч мөн”3 хэмээн МАХН-ын шинэ дүрэмд тодорхойлжээ.
    3 МАХН-ын тогтоол, шийдвэр, баримт бичиг. 2-р боть. /1929-1940/.УБ. 1984. Тал 428.

  • Сорхогтанбэхи хатны түүх

    Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтанбэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхитайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.
    Рашид-ад Диний өгүүлсэнээр:
    Сорхогтанбэхи миний хайрлаж байдаг нөхөр минь хааны төлөө, түүний өмнөөс өөрийгөө золиослосон билээ гэж үргэлж ярьдаг байж. Тулуй эзэн нас барсанаас хойш өнчирч хоцорсон хөвүүдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ихээхэн чармайсаны үрээр сайн үйлсийг бүтээдэг ёсорхог болгон хүмүүжүүлж, хөвгүүдээ хоорондоо өчүүхэнч төдий маргалдах явдал хэзээ ч гаргуулдаггүй байсан.Хатдыг хоорондоо элэгсэг, эмх цэгцтэй, эргэцүүлэн боддог болгон хүмүүжүүлсэн. Чингис хаан, Тулуй хаанаас үлдэж хоцроод түүний захиргаанд байсан хөвгүүд, ач нар болон цэргийн ахмад ноёдоо хамгаалж хүмүүжүүлдэг. Тэд ч төгс ухаантай, туйлын авьяаслаг гэж биширдэг болохоор түүний айлдсанаас хумсын чинээ ч даварч зөрдөггүй байлаа гэж Рашид-ад Динихэд сайшаан магтаж Сорхогтан бэхийн зөвхөн гэр бүл, үр хүүхдүүддээ төдийгүй харьяал санал бат ноёд, залуу хатдыг хүмүүжүүлэхэд ихэд анхаардаг уужууухаан, холч бодлыг илэрхийлсэн байдгийг дурьдаж үлдээжээ.
    Хуралдай, алтан ургийнхны уулзалт зөвлөгөөн, ер нь хэзээ ч хүн болгоны өмнө хамгийн ганган хээнцэр хувцаслаж ирсэн Сорхогтанбэхи бараа бологсод хийгээд цэрэг дайчид , цөмийнх нь сүр жавхланг бууруулж харагдуулдаг сүр жавхалантай хатан байлаа. Цэвэр цэмцгэр биеэ авч явах сүр жавхлан төгөлдөр, эрхэмсэг амьдрахыг үлгэрлэдэг байсан нь харагдана. Хан хөвгүүддээ өндөр боловсрол олгож, цэрэг дайны болон байлдах эрдмийн мэдлэг олгохыг нэн чухалчилсаны үрээр алтан ургын бусад хан хөвгүүдээс даван гарч, хан төрийн эрхийг бариулж чадсан нь Сорхагтанибэхи хатантны төрт ёсны бодлого залгамж чанарыг барьж байсантай холбоотой. Хан хөвгүүд өөрсдөө хэдийгээр эрх мэдэлтэй, зарлиг тушаал буулгах, хориглох бүрэн сүр хүчтэй байсан боловч Их засаг хуулийг зөрчих юмуу өөрчлөхийг хориглосон хатуу зарчмыг Сорхогтанбэхи хатан баримталж байсан байна.
    “Холын хүнд өршөөл тус хүргэвээс
    Алдар нэр дуурсана
    Ойрын хүнд асрал өглөгийг хүртээвээс
    Эв эе бүтээл, хүчин нэмэгдэнэ”.гэсэн Чингис хааны билиг сургаалыг Сорхогтанбэхи хатан мөрдлөг болгож байсан нь лавтай байна.
    Гүюүг хаан их цэрэгтэйгээр Бат хааны хязгаар тийш хөдөлмөгц, Сорхогтанбэхи Бат хаанд нууцаар яаралтай элч довтолгож, Чингис хааны алтан ургийн хоёр их хаад хоорондоо нүүрлэн тулалдаж, ахан дүүсийн цус урсан монгол түмэнд хүнд гарз тохиолдож ч болох түүхэн эгзэгтэй мөч үүсээд байсныг Сорхогтан Бэхи хатан эвлэрүүлж чадсан байдаг. Тулуй хааны ууган хөвүүн Мөнхийг ухаан билэг төгс, авьяаслаг хаан байхаар бэлтгэгдсэн нь төрт ёсонд Сорхогтан Бэхи хатны гүйцэтгэсэн том гавъяа юм. Бат хаан түүнийг байхад яахин би хаан болохсон билээ. Мөнхийг дэмжээд ах дүүс, төрөл төрөгсөд ба бүх ноёдыг Мөнхийн захиргаанд оруулан захируулж, Мөнхийг онон, хэрлэнд очиж хаанд өргөмжлүүлэхээр явуулсан байдаг. Хаан сууж байх эрхийг Тулуйн өрхийнхөнд шилжүүлж, бататгах нь Сорхогтанбэхийн авьяас, түүний алсыг харах чадварын ач нь. Бат хааны элэгсэг дотны ухаалаг алхам түүний тус дэмжлэгтэйгээр Мөнх хаан ширээнд суужээ.
    Мөнх их хааны сэнтийд заларсан явдал нь Монголын эзэнт их гүрний их хааны ширээг эзлэхийн төлөө Чингис хааны олон ач хөвгүүд, хатад тэдгээрийг дагалдсан их ноёд, сайд, баатар жанжидын идэвхтэй оролцсон өрсөлдөөнд ухаан билэг, авьяас чадварт хатан эх Сорхогтанбэхийн зүтгэлийн ач буян их байсан билээ.
    Сорхогтанбэхи хатан түүнд заяасан ухаан, авьяасынхаа ачаар л тэр хөвүүдээ үеэл ахан дүүсийнх нь түрүүнд гаргаж, хаан төр ба хааны зэрэгт хүргэж чадсан нь эргэлзээгүй юм. Сорхогтанбэхи хатаны хөвүүн Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх гэсэн хөвгүүд нь он жил дарааллын хуудаснаа Хаан ширээнд сууж байжээ.
    Төвшин сайхан их засгийг Тулуйн удам бариад байвал
    Төвгөө судах гурван дайсныг монголчууд үзэхгүйсэн.
    Угсаасайт хөвүүдээ, улсын эзэд болтол хүмүүжүүлж
    Ургын урагтаа хүндлэгдэж, улс гүрэндээ алдаршаад
    Тулуй эзэн-эр нөхрийнхөө хойноос тэнгэрт хальсан ньТөрт ёсонд хүндхэн гарз тохиолдсон нь түүхэнд үлджээ. Түүний нас барсан үеэс алтан ургынхны цаашдын эв нэгдэл сүрхий ганхсан байдаг нь Сорхогтанбэхи хатны орон зай үгүйлэгдэх болсоныг харуулдаг.

     

  • №5-9 Лам нарын бослого

    1 НТА.ф.4, д.3.хн.186.тал 102
    1932 оны 4 сарын 14-нд Намын Төв Хороо, Засгийн газраас бослогыг дарах тухай шийдвэр гаргаж, Ж.Лхүмбэ даргатай Засгийн газрын бүрэн эрхт комиссыг томилжээ. БНМАУ-ын Бага хурал, Засгийн газрын товчооны Тэргүүлэгчдийн 1932 оны 4 сарын 17-ны өдрийн хамтарсан хурлын тогтоолд: “эсэргүү хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, хор аюулыг нийтэд таниулахын тулд Ж.Лхүмбэ тэргүүнтэй, Ц.Гиваапил /ДХГ/, Санжмятав /цэргийн/, Г.Цэдэн-Иш /Эвлэлийн Төв Хороо/ нарын таван хүний бүрэлдэхүүн бүхий комиссыг улс төрийн гэмт хэрэг шүүн таслах эрх хэмжээтэйгээр томилжээ.
    Монгол орны Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай гээд л бараг бүх аймгийг хамарсан зэвсэгт тулалдаан хийж, түүнд лам, хар нийлсэн хэдэн арван мянган ард иргэд хамрагджээ. Энэхүү зэвсэгт бослогын уршгаар олон хүний амь эрсдэж, улс оронд ихээхэн хэмжээний хохирол учиржээ.
    НТХ-ны нарийн бичгийн дарга Ө.Бадрах, З.Шижээ, Ерөнхий сайд Ц.Жигжиджав, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Л.Лааган нарын болчимгүй, бодлогогүй үйл ажиллагаа байсан мэтээр НТХ-ны нарийн бичгийн дарга П.Гэндэнгийн илтгэлд цохон тэмдэглэсэн байна.
    Төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хэт нүсэр орон тоог цомхтгох нь зүйтэй гэж үзсэн юм. Тухайлбал: Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Бага ястны зөвлөл, Өлсгөлөнгийн комисс, Эмэгтэйчүүдийн комиссыг татан буулгаж, тэдгээрийн үүргийг Улсын Бага хуралд хариуцуулжээ. Мөн Улсын хянан байцаах яам, Эдийн засгийн зөвлөл, Улсын инженерийн газар, Арбитрын комисс, Хүчнийг хамгаалах төв хороо, Латин үсгийн хороо, Соёлын довтолгооны штаб, Цааз хуулийн комисс, Бурхангүйчүүдийн төв зөвлөл, Биеийн тамирыг сайжруулах зөвлөл, Улсын батлан хамгаалах зөвлөл зэрэг улсын төсвөөр санхүүждэг арав гаруй газрыг татан буулгаж тэдгээрийн үүргийг зохих яам, газруудад хавсруулав. Ингэснээр захиргааны байгууллагын нэг жилийн зардлыг тавин хувиар хямдруулах боломжтой болов.
    1934 онд А.Амарын санаачлагаар улсын хэмжээний бүх аймаг сумын тэргүүний хашир туршлагатай малчдын зөвлөлгөөнийг анх удаа хуралдуулсан явдал юм.
    1938 оны эцэст улмын хэмжээгээр 52 нэгдэлд 1550 гаруй гишүүд хамрагдаж, мал адгуулж, тариалан эрхэлж, жин тээж байв.
    1930-аад оны дундуур Төмрийн завод, Монгол тээхийн засварын баазыг нэгтгэж, ширэм хайлах, металл хийц үйлдвэрлэх, авто машины мотор засварлах, хөдөө аж ахуйн ба бусад хэрэгцээний зарим сэлбэг засварын зүйл үйлдвэрлэх болсон байна.
    1936 онд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Монголтрансыг бүх хөрөнгийнх нь хамт БНМАУ-д шилжүүлэн авсан нь ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлжээ.
    1937 онд Налайх-Улаанбаатарын төмөр зам, 1939 онд Соловьеюск-Баянтүмэнгийн төмөр зам ашиглалтад орсноор улс ардын аж ахуйн дэд бүтцэд цоо шинэ салбар бий болжээ.
    1934 онд Монголын радио хороо байгуулагдаж, 1940 он гэхэд бараг бүх аймаг радио нэвтрүүлэг хүлээн авч дамжуулах станцтай болж, радио цэгийн тоо 4350 болсон байна.
    1932 оны зунаас эхлэн ЗХУ-ын худалдааны байгууллага “Стормонт”-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний бүх хөрөнгө, барааг “Монсов бөөнөөр”-т шилжүүлжээ.

  • Дээдсийн өвийг сахин, тал нутгийг эзэгнэгч Хайду хаан

     

    Хүнд зэвсгээр өвч тоноглогдсон рыцариуд эхлээд тактикийн амжилтад хүрч тулалдаанд түрүүлэн орсон Байдар ханы цэргийг ихэд шахан ухраасан боловч энэ үед отолтонд хүлээж байсан Хайдугийн түмт тэдний хажуу боорнөөс хаман цохиж, бүрмөсөн сүйрүүлсэн байна. Эндээс Хайду өөрийн удирдсан цэргийн нэг хэсгийг умар зүг илгээхэд Литовын нутагт цөмрөн орж, өөдөөс нь сөрж байлдсан Литовын цэргийг бут цохиж, улмаар Дорнод Пруссын эсэргүүцлийг нуга даран Померан, Өрнө Полылоор дамжин Лигниц рүү буцаж ирэв. Тэд үүргээ биелүүлжээ. Умард зүг Балтийн далай хүртэлх нутагт монгол цэргийн хоёр жигүүрт заналхийлэх ганц ч дайсан этгээд үлдсэнгүй.

    Энэ үед байлдах чадвартай цорын ганц цэрэг нь Саксон, Тюрингэд төвлөрч байсан боловч Хайду дайсан этгээд өөрсдийг нь амдаж буй өрнө зүг давшилгүйгээр өмнө этгээд рүү огцом эргэж, Моравид цөмрөн оров. Гэнэдүүлэх энэ арга бүрэн зөвдөж гар хоосон Морави тэдний хялбар олз болсон агаад харин Саксоноос Венцел ваигийн удирдсан цэрэг Морави хүрэх гэсээр байтал тэрхүү баян чинээлэг орон бүрэн түйвээгдэж цэцэглэн хөгжиж байсан Трогшау, Нойштадт, Фройдэнтал зэрэгхотууд эзлэгдэн тоногдов. Эндээс Хайдугийн монгол цэрэг Унгарт хүрэлцэн очиж, Баттай нийлжээ. Энэ үед Өгөдэй хаан нас барсан мэдээ ирсэн тул их цэргийг гэдрэг буцаах шийдвэр гаргасан билээ.

    Европт хийсэн дайны дараа их хааныг суурьт залах ёслол олон жилээр ужигран саатах болж Гүюг хааны богино хугацаанд төр барьсны дараа Өгөдэй, Цагаадайн удмьщхан Мөнх хааны эсрэг бослого гаргаж үй олноороо баригдан цаазлагдан хороогдоход Хайду Европт хийсэн аян дайнд оролцож, Лигницийн тулалдааны баатар хэмээн өршөөгдөж, Тарвагатайн нуруу хавиар нутаглах болж, нэг ёсондоо нутаг заагдсан гэдэг. Хайду эхлээд олон цэрэг, албат иргэнгүй байв. Гэхдээ ухаалаг, авьяаслаг бас зальжин хүн байсан тул бүхнийг амжуулж энд тэндээс хэдэн зуугаар цэрэг цуглуулсаар эцэстээ ихээхэн хүчтэй болжээ. Хубилай хаан хятадад аж төрөн өмнөд хятадыг эзлэх гэж дайтсан, нутаг алсадсан зэрэг нь Хайдуд бие даан үйл ажлаа хэнд ч захирагдахгүй явуулах таатай боломжийг олгожээ. Хайду өөрөө хүчирхэг цэрэгтэй болоод зогсохгүй Алтан ордны улсын эзэн ноёдтой холбоо тогтоон, тэдний дэмжлэгээр Цагадайн улсын зарим хэсгийг эрхшээлдээ оруулжээ.

    Тэгээд хууль бусаар хаан ширээг эзэлсэн, нийслэлээ Хархорумаас шилжүүлж хятадын хогод өргөөлөх болсон, улсын нэрийг хятад үгээр өөрчилсөн зэрэгт Хубилайн үйл ажиллагааг эхнээсньэсэргүүцэнтэмцжээ. Зүчи, Цагаадай, Өгөдэй удмын олон хан хөвүүд энэхүү тэмцэлд биеэрээ, сэтгэлээрээ, цэрэг зэвсгээр дэмжин тусалж байсан учир Хайду хүчийг олон, хятадын олон сая хүн амтай, хүчирхэг эдийн засгийг гартаа оруулсан их гүрний эзэн Хубилайн эсрэг 30 гаруй жил тэмцэн тэсэж чадсан билээ.Хайду ухаалаг хүн учир хүчирхэг хаан Хубилайтай тэмцэхийн тулд бас хүчирхэг улс Зүчийн удмын эзэн Бэрхийг түшжээ. Бэрх, Хайду нар Цагадайн улсын эзэн Алгуйг юун түрүүн дарж авахыг эрмэлзэв. Үнэндээ бол Хайду Алгуйтай тэмцэхээс аргагүй байв. Учир нь Их Монгол гүрний хаанаар албан ёсоор өргөмжлөгдөж гарсан Аригбөхийг Хубилайтай тэмцэж ялагдахад голлон нөлөөлсөн хүн бол Атгуй юм. Алгуй нэг ноёноороо цэргээ толгойлуулан Хайдутай тулалдуулахаар явуулсанд ялагдан жанжин нь амь үрэгджээ. Дараа нь Алгуй ихээхэн хэмжээний цэрэг удирдан байлдаад ялж чадаагүй ч Хайдугийн хүчийг нилээд сулруулсан боловч 1264 онд өөрөө нас барав. Бэрхийн дараа Алтан Ордны хаан ширээнд суусан Мөнхтөмөрийн үед Хайду ихээхэн хүчирхэгжсэн бөгөөд түүний амьдралтай холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болжээ. Юуны өмнө Цагадайн улсын эзэмшилд байсан Долоон гол орчмын нутгийг Хайду 1266 онд эзлэн авсан юм.

    Хубилай хаанаас Хайдуг дарах зарлиг авсан Борак Цагадайн улсын хаан болмогцоо Хайдугийн эсрэг цэргээ хөдөлгөн байлдаж эхлээд нилээд амжилт олсон боловч сүүлд нь Алтан ордны хаан Мөнхтөмөрийн илгээсэн цэргээр хүчээ сэлбэсэн Хайдуд цохигдон ухарчээ. Эцэстээ Борак, Хайду, Мөнхтөмөр нарын тавьсан найрамдлын болзлыг хүлээн авч Хубилайн эсрэг чиглэсэн Таласын хурилдай гэж түүхэнд нэрлэх болсон үйл явдлыг зохиох эхлэлийг тавьж чадсан байна. Улмаар Боракийг нас барсны дараа Цагадайн улсыг бүрэн эзнээр Хайду өөрийн төлөөний хүн болох Дуваг суулгаад Хубилайн эсрэг шийдвэрлэх тэмцэлдээ оров. Тэрбээр өөрийгөө монгол төрийн өв уламжлалыг хууль ёсоор залгамжлан үргэлжлүүлэгч хэмээн үзэж Хубилайн эсрэг явуулсан байлдааны арга тактикийг урьдын монгол аймгуудын толгойлогчдын Алтан улсын эсрэг хийсэн аян дайны үеийнхтэй яг адил болгожээ. Тэрбээр өөрийнх нь болон, хань хамсаатных нь улс залгах Туркестаны уудам тал, Алтайн их уулсын ам, салаабүрээс нэрэг цуух цуглуулж Хубилайн гүрэнд довтон оржээ. Энэ үед тэрбээр өөрийг нь даруулахаар явуулсан хан хүү Номгоныг олзлон, Ляодуны захирагч Наяа ноёныг холбоотон болгож Хубилайн эсрэг бослого гаргуулж дөнгөсөн нь түүний үйл хэргийг амжилтанд хүргэж ч болохоор байдал үүсгэв.

    Тэгэхэд нь Хубилай мөнөөхөн дээр үеийн Алтан улсын хаад монгол аймгуудын эсрэг хэрэглэж байсан аргыг ашиглаж урьд зөвхөн сэргийлэх ангиудыг их хэрмийн дагуу явуулан дайтуулж нүүдэлчин аймгуудыг бүслэн байлдцаг байсан бол Хубилай цэргээ Алтайн онгон зэлүүд уулс тийш хөдөлгөсөнгүй. Харин Хайдугийн улс орныг цэргийн ангиудаар бүслэн хаахад Хайду бүслэлтийг сэт цохин гарч ирэх тэр цагт л их цэргээ хөдөлгөжээ. Ингээд хятад болон түүний омголон догшин нүүдэлч хөрш хоёрын хооронд эртнээс тогтсон нөгөө л хуучин харилцаа дахин сэргэж, хятадын хил хязгаар Алтай хүртэл тэлэн нүүдэлчдийн довтолгоо одоо эзэнт гүрний чухал төвүүдийг хүрч чадахаа нэгэнт больсон мэт болжээ. Монголчууд суларсангүй харин монголчуудын захирч байсан хятад орон хүчирхэгжиж ирлээ. Хайду нэгэн удаа буман морьт цэрэг гарган байлдсан ч монгол нутагтаа бүслэгдэн цохигдсон нь дайсан этгээд нь урьдын хятадын нөгөөх л хөдөлж адсан дорой цэрэг бус, харин өөрийнх нь цэргийн нэгэн адил хүчтэй, гэхдээ илүү сахилгатай, илүү зэр зэвсэгтэй явган цэрэгтэйгээ байлдааны үйл ажилагаагаа тун ухаалгаар хослуулсан эрэмгий монгол морин цэрэг байсантай холбоотой юм.

    Урагш довтлон орох, арагш ухрахад ч богино жад илдээр зэвсэглэсэн явган цэрэг морьтон цэргийн ард явж тулалдааны өмнө амсхийж хатгалдааны үед дайсны морьдыг устгах болжээ. Хэдийгээр ийнхүү олон удаа тулгаран байлдаж заримдаа найрамдал тогтоон түр эвлэрэх зэрэг янз бүрийн арга мэх хэрэглэсэн ч их хаан Хубилай амьд сэрүүн үедээ Хайдуг дарж дийлэлгүй, өөрөө ертөнцийн мөнх бусыг үзсэн байна. Харин түүний дараа гарч ирсэн Юань улсын их хаан Төмөр удаан хугацаанд бэлтгэж байгаад их цэрэг хуримтлуулан, Хайдуг довтолжээ. Цагадайн улсын эзэн Дува Хайдуд туслахаар эрмэлзсэн боловч хоцорсон байна. Тэд тулалдаад Хайдуг дийлэн ухраасан байна. Гэвч хоёрдахь өдөр Харалтугын орчим тулалдаанд Хайду гэнэт өвдсөн учир цэргээ аван ухарч, нэг сарын дараа Тайхан нуур гэдэг газар нас баржээ.

    Дэлхийн талыг эзэлсэн монгол эзэд сүүлдээ хятадад төвлөрсөн их гүрэн байгуулсны эсрэг тэмцэгч, тууштай эх оронч, хүчирхэг эзэн хаан Хайду ийнхүү 14 зууны эхэнд нас баржээ. Хайдут халуун эх оронч өвөг дээдсийн нэг гэж дурсан санах учиртай буй заа.

    2013-01-16 17:10:58
    Мэдээ оруулсан: undesten

  • № 5-8. “панмонголистууд”-ын хувь заяаг шийдсэн нь

    Намын VII их хурлаар Коминтерны төлөөлөгчдийн зааврын дагуу “панмонголистууд”-ын хувь заяаг шийдэх нь гарцаагүй хэрэг болон тавигдсан байна.
    Дамбадорж ширүүн маргааны үед их л ууртайгаар: “Би өнөө орой бүгд хуралд очихгүй ч байж магадгүй. Бодоотой тохиолдсон түүх давтагдах нь шив дээ”1 хэмээн нөхөр Базаронд ярьсан нь эдүгээ архивт хадгалагдан үлджээ.”Баруунтан” хэмээгчдийн нэг гол төлөөлөгч, удирдагчдынх нь нэг Ц.Дамбадоржийг Монголын удирдлагаас зайлуулаад зогсоогүй, Монголд байх эрхийг хүртэл хассан юм шиг санагддаг юм. БХК /б/Н-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлын “Онцгой хавтаст” хэргийн 1928 оны 10 сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монголын засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, намын удирдлагаас Дамбадоржийг хөндийрүүлэх тухай ярьж байсан2 бол, Товчоо 1928 оны 11 сарын 29-ний хуралдаанаар Дамбадорж, Жадамба нарыг албан тушаалаас нь бүр зайлуулах шийдвэр гаргаж, КИГХ-ны төлөөлөгчиддөө3 илгээсэн байдаг.
    VII их хурал дуусмагц буюу 1928 оны 12 сарын 16-нд тэр хоёрыг “баривчилсан хүмүүс” мэт Москва руу аваад явсаг байдаг1. Ц.Дамбадоржийн хувьд эх орноо бүрмөсөн “орхисон” хэрэг явдал байлаа.
    1 НТА, д.1. хн 29. 2 РЦХИДНИ.ф. 17. Оп.162.д.6. тал 138. 3 РЦХИДНИ.ф. 17. Оп.162.д.7. тал 3-4.

    Намын VII их хурлын тогтоолд: “Тус VII их хурлаас үүний урьд тус Төв Хороонд дарга ба орлогч дарга хэмжээн тусгайлан сонгож явсан нь эдүгээ өөрчлөн зохиож, намын нийгэм удирдлагын ёсонд нийлүүлэн тусгай Төв Хороонд дарга хэмээх орыг сонгохгүй адил эрхтэй нарийн бичгийн дарга гурвыг бүгд хурлаар сонгож гүйцэтгэвээс зохино”1 хэмээн зааснаар намын даргын албан тушаалыг үгүй хийж, намын удирдлагад Коминтерны шийдвэрийг үг дуугүй биелүүлэгчид гарч ирэх үүд хаалгыг нээсэн юм. Ингээд ч зогссонгүй Намын VII их хурлын үеэр Коминтерны төлөөлөгчдийн тусгай хуралдаанаар нэг ч монгол хүний оролцоогүйгээр монголын нам, төрийн удирдлага хэн хэн байхыг шийдсэн юм. Ийнхүү намын VII их хурлаас сонгогдсон бүгд хурлаас Намын Төв Хорооны адил эрхтэй 3 нарийн бичгийн даргаар Ө.Бадрах, П.Гэндэн, Б.Элдэв-Очир нар “сонгогдсон” байна.
    1 МАХН-ын VII их хурал.УБ. 1980 он.
    VIII их хурал: “Одоо бид … феодалын хөрөнгийг хурааж, хоршоо эвлэл, коммуныг үүсгэн явуулсан ба улсын аж ахуйг нийгэм журамт ёсондоо хөтлөх үест эхлэн орж буй учраа хувьсгалыг 3 шатны эхэн хэмээмүй” гэж хувьсгалын үе шатны асуудлыг тодорхойлсон.
    VII их хурлаар баталж, дагаж мөрдөх болсон капиталист бус буюу нийгэм журмын замын тухай “баруунтны” гол үзэл сурталч хэмээн зэмлэл хүлээж, буруушаагдсан Ж.Цэвээн бичихдээ: “өөрийн хэрээс хэтэрхийеэ хүнд ачаа мөрөн дээрээ үүрч, хэрээс хэтэрхийеэ зүтгэж өндөр өндөр үсэрбээс Монголын ажилчин ард түмнийг бэртээж, олон олон хүмүүсийн уушиг ба зүрх хийгээд хий судлуудыг гэмтээж, бүхэл улс үндсээр эцэх цуцахын туйлд хүрүүжин хэмээн санагдан ахуй билээ. Юу ч атугай хоцрогдсон нүүдлийн ажилт ард болбоос биеэр бүтээх хүнд ажил хөдөлмөр дор тариалан ба эд үйлдвэрийн боловсролтой суурин суух улс лугаа хэрхэвч адилтгаж болохгүй нь магад хэрэг. Учир иймээс хөгжилтийг алгуур явуулж, аливааг удаан боловч чанартайгаар явуулах гэсэн билээ” гэжээ.
    Засгийн газар феодлын хөрөнгө хураах ажил эрхлэх төв комиссыг 8 хүнтэй байгуулж, даргаар нь Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Х.Чойбалсанг томилжээ.
    Намын Төв Хороо, Улсын Бага хурал, Засгийн газрын заавар ёсоор Дотоодыг хамгаалах газрын төв, орон нутгийн харъяа анги, хэлтсүүд юуны өмнө нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажлыг зохиож эхэлжээ.
    Хууль ёсын зөрчиж “довтолгоог” хавтгайруулснаар 1932 оны хавар гэхэд зөвхөн төвийн хорих газруудад 5191 хүн хоригдоход хүрсэн байна. Тэдгээрээс 4610-ынх нь хэргийг хувьсгалын 11 жилийн ойгоор хэрэгсэхгүй болгож хураагдсан хөрөнгийг нь буцаан өгөхөөр шийдвэрлэжээ. Гэвч эдгээр хүмүүсийн хувь заяа Дотоодыг хамгаалах газрын хяналтад байх болж, хожим дахин баривчлагдах үндэс болжээ.
    1931 оныг дуустал хугацаанд цугларсан 25 000 хувь хөрөнгийг “…ямар газар хэчнээнийг зарцуулсныг хэн ч мэдэхгүй..” байж буйг Дотоодыг хамгаалах газраас Намын Төв Хороонд танилцуулаад “… хураагдсан хөрөнгийг хэрхэн хуваарилах… хатуу дүрэм зохион гаргаж гүйцэтгэх, улсын орлого зарлагад оруулж… хуваах бөгөөд жишээлбээс энэ хөрөнгөнөөс хоршоо, хамтралын үл хуваагдах эд хөрөнгө болох постод зориулан эргүүлэн авахгүйгээр 25 хувийг олгох, 25 хувь мал мах бэлтгэлийн газар зохих тогтоосон үнээр худалдаж, тэрхүү мөнгөнөөс 10 хувийг аймгийн орлого болгон олгох, 15 хувийг ял эдэлж хугацаа дуусаж гарсан феодалуудыг аж ахуйн талаар аж үйлдвэр байгуулах хэрэгт зориулж, үлдсэн 50 хувийг улсын орлого, зарлагад оруулах…” санал тавьж байжээ.
    “Лам нар болбоос хувьсгалын эсэ.ргүү дайсан феодлын анги хэмээн үзэж, намын VIII хурлаас феодалын ёст байдал лугаа тэмцэх явдал болбоос тус намаас даруй гүйцэтгэх зорилго”1 болгон заасныг баримтлан лам л бол дайсан, бидний замын нөхөр бус гэсэн үүднээс тэдэнд хандаж байлаа.
    1 НТА.ф.4.3.хн.176.тал 66.

  • Монголын тусгаар тогтнолын асуудал

    Хамгийн түрүүнд Азийн ард түмэн сэргэж эхлэв. Ази тивийн хамгийн анхны хувьсгалыг Ираны зоригт ард түмэн хийсэн юм. Улмаар 1908 онд македонид туркийн залуу офицерүүд младотуркийн гэсэн хувьсгал гарган, Османы эзэнт гүрнийг унагаж, Турк Улсыг бий болгох их үйлсийг эхлэв. 1905 онд Манжийн эсрэг “Хятадын хувьсгалт нэгдсэн холбоо” байгуулагдаж, Тунмынхайн бослого, удаалаад 1906-1910 онуудад Хятадын тариачны Ихэтуаний үргэлжилсэн бослого гарч, 1911 онд Синьхайн бослого ялав.

    Энэтхэгт 1905 оноос Калькутт хотод үймээн эхэлж, Үндэсний Конгресс нам бий болж, ард түмний олон жилийн тэмцэл эхлэв. Улмаар 1910-аад оноос Гандизмийн хөдөлгөөн өрнөж, байн байн бослого хөдөлгөөн гарч эхлэв. Индонезид 1900 оноос эхлэн чин зоригт эмэгтэй Раден Ажжангийн удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлж, үргэлжилсэн хувьсгалын замд оров. Солонгост “Чхондогё” буюу “Тэнгэрлэг замын сургааль” хөдөлгөөн үүсч, 1919 онд бослого гаргаж, тусгаар тогтнолын тунхагийн хөдөлгөөн өрнөж, хувьсгалын үе эхлэв. Индонезэд 1918 онд Сарекат Исламын удирдлагын дор капитализмын эсрэг хөдөлгөөн гарав.
    Энд би Европ, Ойрхи дорнодын хийгээд Дундад Азийн олон станууд, түүнчлэн бусад олон жижиг улсуудыг огт яриагүй байна. Үүнийг дэлхий дахины түүхэнд үндэсний эрх чөлөөний хувьсгалын эрин үе гэж нэрлэдэг юм. Дэлхий дахин, нэн ялангуяа Ази тив бүхлээрээ сэргэн, хувьсгалаар оргин буцалж байсан юм. Ганцхан Монголд хувьсгал гарчихсан юм биш.

    Эдгээр орнуудын түүхэн хөгжлийн өвөрмөц байдлаас шалтгаалан хувьсгалууд янз бүрийн замаар өрнөсөн нь мэдээж. Капиталист мөлжлөг, коммунист үзэл санаа, уламжлалт нийгмийн задрал зэрэг нь хувьсгал гарах суурь нөхцөл болсон юм.Өөрөөр хэлбэл дэлхий дахиныг хамарсан модернизацийн их давалгаа болсон юм. Модернизацийн анхдагч давалгаа, мөн уламжлалт нийгмийг халах хувьсгалын анхдагч давалгаа. Эдгээр үйл явц асар их тэмцэл, зөрчилтэй болсныг ХХ зуун өөрөө нотолдог.

    Дорно дахины орнуудыг авч үзвэл тэнд болсон бүх хувьсгалт үйл явдлуудад дараах нийтлэг зүй тогтол байгааг хялбархан ажиглаж болно: Үүнд:
    1. Үндэсний Тусгаар тогтнолоо олж авах.
    2. Хаант ёсыг халж, Үндсэн хуульт байгуулал тогтоох
    3. Хэвшиж тогтсон хуучин нийгмийн байгууллыг халах чиг хандлага болно.

    Тухайн үеийн олон улсын болон дотоод шалтгааны улмаас нэг хувьсгалаар дээр дурдсан тулгуур асуудлаа шийдсэн улс ганц ч байхгүйг онцлон дурдаж байна. Бүгдээрээ 2-3 хувьсгал дамжиж, дэлхийн дайн болон иргэний дайн самуунаар дамжиж тусгаар тогтнолоо олж, нийгмийн хуучин байгууллыг халж чадсан.Нийгмийн хуучин байгууллыг халах шиг хамгийн чухал, хамгийн хүнд зорилт ХХ зуунд байгаагүй, цаашид ч байхгүй биз.

    Гэтэл сүүлийн үеийн монголын “ардчилсан” түүхчид энэ замд гарсан алдааг буруушаан, нийгмийн дэвшлийг үгүйсгэн, түүхийг дандаа амар хялбар, дардан замаар явах ёстой мэт сурталдаж байгаа нь утгагүй бөгөөд санаатайгаар түүхийг гуйвуулж буй зорилтот үзэл суртал мөн. 1911 онд монголчууд эртэй сайндаа тусгаар тогтносон гэж үзээд энэ их үйлст тус болсон хаант Оросыг хараах болжээ. Оросууд улс төр, дипломат, мөнгө, зэр зэвсгийн тусламж үзүүлээгүй бол бид тусгаар тогтнолоо олж чадахгүй байсан нь баталгаатай үнэн юм. Гэхдээ хаант Орос дэлхийг дахин хуваахад оролцож, Монголыг нөлөөнийхөө хүрээнд авсан, түүнийг нь бусад том гүрнүүд бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрөөр хэлбэл том гүрнүүд манай тусгаар тогтнолын талаар наймаалцсан ба энэ байдал өнөө үед ч хэвээрээ байгаа.

    Манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлт, тусламж гуйсан бичигт барууны ганц ч улс хариу өгөөгүй нь үүний баттай нотолгоо болно.
    Харин энэ нь манайд тун азтай туссан юм. XIX-XX зууны заагт бүрэн утгаар тусгаар тогтносон улс ганц ч байгаагүйг би мөн онцлон дурдаж байна. Тэр үеийн дэлхийг Англи, Герман, Орос, Франц, Итали, Япон зэрэг хэдхэн том улс хуваан захирч байсан юм. Энэ хэдэн том улсын тохирсноор л дэлхийн жижиг улсуудын “тусгаар тогтнол” шийдэгддэг байсан нь хэн бүхэнд тодорхой.

    Гэтэл манай “ардчилсан” түүхчид Оросын нөлөөнд орвол тусгаар тогтносон биш, харин Англи, Америк, Японы нөлөөнд орвол тусгаар тогтносон гэж үзэх хачин тэнэг үзэл суртал бий болгож байна. Энэ бол шинжлэх ухаан биш юм. Эдүгээ системт судалгаа, түүхэн гүн ухааны үүднээс нэн тодорхой дүгнэлт хийж болно. Тухайлбал:
    1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон буюу Манжийн дарлалаас гарсан. Энэ бол үндэсний сэргэн мандалтын эх болсон түүхэн чухал үйл явдал байсан. Гэхдээ ердөө л эхлэл байсан.

    Тэр үеийн Монгол нь феодалын гэгдэх ангилалд багтах шашинт төр бүхий хаант засагтай, угсаа залгамжлах хийгээд хамжлагат ёстой, шарын шашны хэт тэлэлт болсон, эдийн засгийн суурь байхгүй буюу натурал аж ахуйтай, гадаадын капитал бүрэн ноёрхсон, нийгмийн байдал хийгээд хөгжил нь дундад эртний түвшинд, нийгмийн оюун сэтгэлгээ нь мухар сүсэгт хэт хүлэгдсэн, бүхий л талаараа үлэмж хоцрогдсон улс байсан. Ийм улс хөгжих нь битгий хэл оршин тогтнох боломжгүй байсан. Түүхэн болон шинжлэх ухааны энэ баримтыг хэн үгүйсгэж чадахгүй ба боломжгүй.

    Манжийн дарлал дээр феодалын бутралыг оролцуулаад тоолбол монголчууд төр, нийгмээ өөрөө удирдалгүй 400 гаруй жил болсон байсан. Энэ нь шинэ тутам бий болсон Монгол Улсыг удирдахад өдөр болгон харагдаж байсан. Өөрөөр хэлбэл монголын “феодалууд” төр улсаа удирдах чадваргүйгээ илт тодорхой харуулсан.

    Гэтэл зах зээл, машинт үйлдвэрлэл, шинэ үзэл санаа бүхий цоо шинэ цаг үе буюу цоо шинэ ХХ зуун түрэн ирж байсан. Ингээд нийгмийн хувьсгал зайлшгүй хэрэгтэй болсон юм. Бусад бүх улсууд ХХ зуунд нийгмийн хувьсгал хийсэн, харин “феодалын байгуулалдаа” байгаад байвал зөв байсан гэж өнөөдөр гиюүрэн санааширдаг улс Монголоос өөр байхгүй. Гадаад дотоод олон шалтгааны улмаас Монгол Улс 1919 онд буюу тусгаар тогтноод ердөө л 7 жилийн дараа тусгаар тогтнолоо Хятадад алдсан.

    Ингээд монголчууд бид 1921 онд Ардын хувьсгал хийж алдагдсан тусгаар тогтнолоо сэргээж, 1924 онд Бүгд Найрамдах засгаа анх удаагаа тунхагласан юм. Энэ бол хамжлагын харилцааг халж, ТУСГААР ТОГТНОЛОО тунхагласан Ази дахь Үндсэн Хуульт, ардчилсан, АНХДАГЧ төрийн нэг мөнөөсөө мөн.
    1921 оны Ардын хувьсгал 1911 онд эхэлсэн үндэсний сэргэн мандалтын эхлэлийг нэр төртэй үргэлжлүүлж, Монгол орон, монгол үндэстнийг нийгмийн дэвшилд хүргэсэн АГУУ ИХ ХУВЬСГАЛ байсан юм.

    Энэ бүх дэвшилд хөгжил Зөвлөлт Холбоот Улсын тусламж, ивээл дор болсон. Зөвлөлтөөр дамжин бид социалист орнууд гэхчлэн бүх дэлхийтэй танилцсан. Хамгийн гол нь тусгаар тогтнолоо хамгаалан бататгаж чадсан. Тэдний үзүүлсэн европ гаралтай улс төр, эдийн засаг, соёл боловсролын ач тусыг одоо болтол хүртэж байж харааж зүхэх нь утгагүй хэрэг.

    Социализмын гэх хугацаанд бид орчин үеийн бат бэх эдийн засгийн суурь, мэргэжлийн боловсон хүчин бүхий бүхэл бүтэн давхаргууд, соёл боловсрол, урлаг, утга зохиол, спорт, шинжлэх ухааны бүх салбар бүхий нийгмийн давхаргатай нийгмийн цогцолбор системийг бий болгосон. Үүний ачаар бид олон зууны, магадгүй мянганы хоцрогдлоос гарч чадсан бөгөөд энэ агуу үйл явцыг нийгмийн дэвшил гэдэг юм. Энэ суурь үндэс дээр монголчууд бид одоо болтол тарвалзаж байна.

    1921-1940 оны хооронд бид хуучин нийгмийг эвдэн шинэ нийгмийн үндсийг тавьж, 1960-1980 оны сүүл хүртэл шинэ нийгмийг бүтээн байгуулах нөр их үйлс бүтээсэн юм. Нийгмийн энэ байгуулал шинэ цаг үетэй нийцэхгүй болсон тул 1990 оны хувьсгалт үйл явдал болсон юм. 1990 онд ч гэсэн бид эртэй сайндаа хувьсгал хийсэн гэвэл их эндүүрэл болно. Яагаад гэвэл дэлхийн олон оронд тийм үйл явдал болсон ба түүний үр дүн ба хандлага одоо болтол тодорхойгүй байгаа. Энэ бүх үеүд Монгол Улс, монгол үндэстний сэргэн мандалтын эргэлтийн үеүд юм. Эдгээр нь хоорондоо ихээхэн зөрчилтэй боловч нэгдэлтэй, бие биенээсээ урган гарсан түүхэн үйл явцууд юм. Гэтэл эдгээрийг зөрчилдүүлэн нэг үеийг нь дөвийлгэхийн тулд нөгөөг нь үгүйсгэх бол монгол үндэсний эсрэг хийж буй гэмт хэрэг мөн. Сүүлийн үед “ардчилсан” түүхчид хийгээд үзэл сурталчид түүхийг гуйвуулах, тархи угаах загалмайтны аян дайн хийгээд удаж байна. Тэд Монгол Улс 1911 онд тусгаар тогтносон, 1921 онд тусгаар тогтнолоо алдсан, 1990 онд дахин тусгаар тогтносон мэтээр хачин тэнэг, хачин утгагүй суртал нэвтрүүлэг явуулж байна.

    1921 оны Ардын Үндэсний Хувьсгалыг үгүйсгэж байгаа хүмүүс Монголын нийгэм феодалын байгуулалдаа, хамжлагат ёстойгоо, угсаа залгамжлах ёстойгоо, 941 сүм хийдтэйгээ, эрчүүдийн тал шахам нь лам хэвээрээ, бүгдээрээ шахам бичиг үсэггүй, өвчин зовлондоо баригдсан, эдийн засагт нь гадаадын капитал хуваарьгүй ноёрхсон, орчин үеийн машинт үйлдвэрлэлгүй, уламжлалт хуучин нийгмийн зохион байгуулалттайгаа байсан нь хамгийн зөв гэж үзэж байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй л дээ. Зөвлөлт маягийн социалист нийгэм бол орчин үеийн модерн хийгээд постиндустриаль нийгмийн нэг өвөрцмөц хэлбэр гэдгийг дэлхийн олонхи эрдэмтэд хүлээн зөвшөөрдгийг дашрамд дурдаж байна.

    XXI зуун гарчихаад байхад монголын “ардчилсан түүхчид” XX зууны туршид “феодалын байгууллыг” хэвээр хадгалан үлдэх нь зөв гэсэн үндэслэл гарган ирж шившиг болж байна. Сүүлдээ бүр 1911 оны хувьсгал нь АН-ынх, 1921 оны хувьсгал нь МАН-ынх гэж “хуваадаг” болж, ард түмнээ хагаралдуулж байна. Ийм тэнэг үйлдлийг Монголын түүх болон ирээдүй зөвшөөрөхгүй.

    1911 оны үндэсний үзэлтнүүд ч, 1921 оны ардын хувьсгалчид ч цаг үеийн эрхээр өөр хоорондоо зөрчилдөж, тэр нь заримдаа эмгэнэлт үр дагаварт хүргэдэг байсан. Ийм явдал аль ч улсад тохиолддог. Өнөө үеийн бидний үүрэг бол үүнээс түүхэн ухаарал авах ёстой болохоос түүхийн шүүгч хийх эрх бидэнд байхгүй. Монголчууд 1911 оны Үндэсний хувьсгалаа, үндэсний үзэлт эх орончдоо хүндэтгэдэг, хайрладаг, гэхдээ 1921 оны Тусгаар Тогтнол, нийгмийн дэвшлээ түүнээс дутахгүй хүндэтгэн хайрладаг.
    Яагаад гэвэл 1921 оноос Монгол Улс алдсан тусгаар тогтнолоо олж, тусгаар тогтнолоо хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж, нийгмийн асар их дэвшил хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж улс шиг улс болж чадсан юм.Монголын шинэ нийгмийн жинхэнэ бүтээн байгуулалт үнэн хэрэг дээрээ 1950-1980-аад онуудад болсон түүхэн баримтыг хэн үгүйсгэж чадахгүй.

    Хэрэв “ардчилсан түүхчид” 1921 оныг үгүйсгэвэл 1990 оныг үгүйсгэх хэн нэгэн гарч ирнэ гэдэг эргэлзэх зүйлгүй. Яагаад гэвэл ардчилсан бүтээн байгуулалт социалист бүтээн байгуулалтаас хамаагүй илүү гэдгийг нүдэнд харагдтал, хүн үнэмштэл харуулж чадахгүй бол энэ сэдэв ямагт нээлттэй хэвээрээ байна.

    Социализмын үед өмнөх иргэншлээ үгүйсгэх үүднээс 1911 оныг муулдаг байсан, одоо бол социализмыг муучлах үүднээс 1921 оныг муучилж байна. Энэ хоёр хандлагын аль аль нь буруу бөгөөд нэг нь хэт коммунист, нөгөө нь хэт либерал үзэл суртал юм. Хоёулаа гадаад үзэл суртал болох нь хэн бүхэнд ойлгомжтой. 1921 оны Ардын хувьсгал ба социалист бүтээн байгуулалт нь түүхээ мартсан одоогийн МАН болон МАХН-д огт хамаагүй юм. Түүнчлэн 1911 оны Үндэсний хувьсгал нь хэт либерал АН-д огт хүртээлгүй. Та нар ард түмнийг бага шиг үймүүл, улс төрийн үзэл суртлаа өөр газар очиж хий. Харин монголчууд бидэнд үндэсний үзэл санаа, монголын үнэн түүх хэрэгтэй. Ардчиллыг хорь гаруй жил хөгжүүлчихээд социализмаас илүү гаргаж чадахгүй “ухаалаг төртэй” болъё гээд зогсож байгаа бол ардчиллыг буруу хийсэн нь нэн тодорхой байна. Харсаар байтал манайд шал буруу ардчилал байна. Яагаад гэвэл шинэ зүйл нь хуучнаасаа ямагт илүү байж прогресс болох ёстой атал манайд улам дордож регресс болж байна…

    Түүхийн нэлээд урт хэрчимд системийн түвшинд аваад үзвэл ивээн тэтгэгч систем нурсан буюу халагдсан тохиолдолд Монголд хувьсгалууд гардаг зүй тогтол илт харагдаж байна.
    Тухайлбал, Манж Чин гүрэн нурж, Хятадад бүгд найрамдах засаг тунхагласан завсрын үед манай 1911 оны Үндэсний хувьсгал ялсан, дараа нь Хаант засаг унаж, Зөвлөлт засаг тогтсон шинэ үед 1921 оны Ардын хувьсгал ялж Ардын засаг тогтсон, дараа нь социалист систем нурж, ЗХУ задарсан 1990 онд Ардчилсан хувьсгал гарсан. Энэ чинь зүй тогтол биш юм уу ?!

    Яагаад хэн ч үүнийг сонирхохгүй, яагаад хэн ч судлахгүй, яагаад хамгийн адгийн улс төрийн үзэл суртал хийгээд байгаа юм, яагаад ард түмний тархийг угааж үймүүлээд байгаа юм, яагаад шинжлэх ухааны үнэнээс зугтаад байгаа юм ?!

    Монголын тусгаар тогтнолын асуудлыг адгийн доод түвшинд ярих хэлэлцэх боломж байхгүй. Хэрэв яривал зөвхөн системийн онол, арга зүйн түвшинд ярих боломжтой. Миний мэдэж байгаагаар өнөөдөр манай тусгаар тогтнол үлэмж эргэлзээтэй болчихсон байна…

    Судлаач Х.Д.Ганхуяг

  • № 5-7. Монголын хувьсгалчдын түүхт зөвлөлгөөн.

    1 Монголын хувьсгалчдын түүхт зөвлөлгөөн. 1921 оны гуравдугаар сарын 1-3 /Үндсэн баримт бичиг/. УБ. 1996. Тал 3-4.
    Тус хуралдаанд С.Данзангаас Монгол орны байдалд үнэлэлт өгч, хувьсгалчдын байр суурийн талаар тодорхой илтгэжээ.
    Хоёр дахь өдрийн хуралдаанаар төлөөлөгчид С.Данзангийн саналын ёсоор ЗОУ-ын тусламжийг хүлээхийн хамт цагаантнаас эрс тэс хагацан салах хэмээн тогтсон бөгөөд Ардын намын цэргийн хэргийг захирах газрыг /штаб/ 5 хүний бзүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Бүх цэргийн ерөнхийд Д.Сүхбаатарыг тохоон томилжээ. Хурлын төгсгөлд С.Данзан, Д.Сүхбаатар нараас намд гишүүн элсүүлэх тухай асуудлыг дэвшүүлэн тавьж, нийт 24 хүн намын сурталыг дагаж гишүүнээр элсэхээ илэрхийлэн бүртгүүлжээ.
    Харин гуравдахь өдөр нь зөвхөн намын дотоод асуудал хэлэлцэж, баримт бичгийг “МАН-ын хурлын бичиг” хэмээн ялгавартайгаар гарчиглажээ. Хурлын даргад Д.Сүхбаатар, дэд даргад Ж.Цэвээн, нарийн бичгийн даргад Ц.Дамбадорж, Ц.Бадамсуу, Ж.Дэжид-Осор нарыг тус тус сонгож, хэлэлцэх асуудалд: 1. МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичиг, түүний оршлыг хэлэлцэж батлах, 2. Намын Төв Хорооны гишүүдийг сонгох гэсэн хоёр асуудлыг төлөвлөсөн байв.
    Хурлын эхэнд Ж.Цэвээнээс Коминтерны зорилго бодлогыг тайлбарлан илтгэж, ЗОУ-ын ГХАК-ын Троицковсавск дахь бүрэн эрхт төлөөлөгч О.М.Макстенек хуралд баяр хүргэж үг хэлжээ. Түүнчлэн хурлаас дэлхийн олон улсын намуудтай найрамдлыг илэрхийлсэн баярын цахилгааныг КИ-ны бүрэн эрхт төлөөлөгч Б.З.Шумяцкийн нэр дээр илгээжээ.
    Энэхүү ерөнхий оршлоос гадна жинхэнэ эрмэлзэх 10 зүйл нь мөн товч оршилтой бөгөөд түүнд намын эрмэлзэх зүйлүүдийг: 1.Ард олны эрх мэдлийг мандуулж, бусад улсуудын адил эрдэм боловсролын замаар хөгжин, нийтээр тэгш жаргах, 2.Монгол үндэстний нэгэн гэр улс байгуулах, түүний тулд даруй хятадын дарлалаас ангижирч, автономит төрийг шинэчлэн босгох, алсдаа Монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болох, 3.Шударга засаг байгуулан тусгаар тогтноод бүгд хоорондоо нэгэн хэлхээ баталж холбоот улс /федераци-Ред/ байгуулах, 4.Монголын ард олны эрхийг эрхэмлэх, төрийг босгох гэсэн хоёр зүйлийн зорилгоо гүйцэтгэхэд МАН нь бошгыг халах журмыг баримтлах, 5.Хэрэв Монголын өөр намууд буй болж МАН-ын хэрэгт туслах аваас тэдэнтэй хүчин хавсрах, саад хийвээс дайсанд үзэх, үндэсний эрх ашгаас урвагчдыг нэгэн адил занан үзэх, 6.Дотоод засаг, шашин, зан суртал, аж төрөх ёс, дэлхийн олон улсын байдал, ирээдүй хойчийг харгалзан, улс үндсээрээ урагш дэвшин хөгжих, олонд хорлолтой ба цагийн байдалд нийцээгүй зүйлүүдийг устгах, 7.МАН-аас Орос, Хятадын зэрэг олон улсын намуудтай холбоо тогтоож харилцах. 8.Дарлагдсан буурай улсуудтай эв санааны нэгдэлтэй дэмжин туслах, 9.Дотоод засаг заслал, төр иргэний холбогдолтой зүйлүүдийг хэрхэн шийтгэхийг МАН-аас нягтлан хянаж зүйчлэн бичээд дараагаар зарлах, 10.Монгол үндэсний төлөө зүтгэхийг хүссэн шударга үнэнч хэнийг ч боловч нийгмийн гарал, хүйс үл харгалзан намд элсүүлэх зэрэг 10 зүйлийг Монголын олон түмэнд тунхаглан зарлажээ.
    МАН-ын үйл ажиллагааг орон даяар дэлгэрүүлэхийн тулд намын удирдах төв байгууллага-Төв Хороог 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгохоор шийдвэрлэв. Намын Төв Хорооны даргад С.Данзан, гишүүдэд Ц.Дамбадорж, Д.Лосол нарыг сонгож, 4 дэх гишүүнийг Коминтерны АДНБДНГ-аас сонгон суулгахаар тогтжээ.
    1921 оны 2 сарын 21-нд Д.Сүхбаатар тэдгээр цэргүүдийг нэгтгэн нэгэн хороо болгож, даргад Б.Пунцаг, цэргийн ламд Ц.Хасбаатар, пулемёт бууны даргад “бөгтөр” хэмээх Дамдинсүрэнг тохоон томилжээ. Энэхүү анхны хороо нь 31 хүнээс бүрдэж байв.
    1921 оны 3 сарын 10-нд хийсэн зохион байгуулалтаар цоохор цэргийн тэргүүн хороо болгож даргад Б.Пунцагийг хэвээр, бэйс Л.Сумъяагийн хошууны цэргүүдийг хоёрдугаар хороо болгон даргад захирагч О.Цэрэндорж, зүүн харуулуудын цэргийг гуравдугаар хороо болгон даргад Дүйнхорын да лам Ц.Хасбаатарыг, Эрдэнэ вангийн хошууны цэргүүдээр дөрөвдүгээр хороо байгуулан даргад занги Ч.Базарсадыг тохоож ангийн дарга нарт Нанзад, Содномдаш, Дамдинсүрэн, Бумцэнд, Бальдир, Тохноо нарыг тус тус томилжээ. Үүний хамт “Суртлыг номлогч”-ийн орон тоог буй болгож ухуулга, улс төрийн ажлыг эрхлэх тэрхүү албан тушаалд Х.Чойбалсан, Ц.Дамбадорж нарыг тохоожээ.

     

  • №5-6 Хувьсгалт хөдөлгөөний өрнөлт

    “Гадаад Монголын ардын намын төлөөлөгч нараас Орос улсын Зөвлөлт засгийн газар лугаа хэлэлцэх зүйлийг тэмдэглэсэн нь” хэмээх ажлын удирдамж бүхий С.Данзан, Д.Чагдаржав нар Омскоор дамжин Москвад хүрчээ. С.Данзан, Д.Чагдаржар нар Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин, түүний орлогч Л.М.Карахан, Цэргийн ерөнхий командлагч С.С.Каменев зэрэг Зөвлөлтийн удирдагчид ба КИГХ-ны ажилтнуудтай уулзаж, Зөвлөлт засгийн газарт хандах дараахь хүсэлтийг тавьжээ.
    Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Эрхүү хотноо үлдэж, Хүрээний нөхөдтэй харилцан, Москвад одогсдоос мэдээ хүлээн суухын хамтад Коминтерн ба ОК//б/Н-ын орон нутгийн байгууллагуудын ажилтай танилцаж, И.Ф.Гапоноор дамжуулан улаан цэргийн дарга нарын сургуульд түр суралцаж, цэргийн тактик, зэвсэг техниктэй танилцсан ажээ. Тэдэн дэээр тун удалгүй Омскоос Д.Лосол эргэж иржээ.
    1920 оны 2 сарын 12-нд С.Данзан, Д.Чагдаржав нарыг Москвагаас Эрхүүд буцаж ирмэгц МАН-ын төлөөлөгчид зөвлөгөөн хийж, эрх чөлөөний төлөө тэмцэлд бэлтгэх практик үйл ажилдаа түргэвчлэн оржээ.
    1921 оны 2 сарын 21-нд Унгернээс Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яамыг байгуулав. Засгийн газрын ерөнхийлөн шийтгэх сайд бөгөөд дотоод яамны тэргүүн сайдад Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад шанзудба Дашзэвэг, Цэргийн яамны тэргүүн сайдад бишрэлт ван Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад бэйс Чимиддорж, монгол цэргийн жанжинд Хатанбаатар Магсаржавыг тус тус тохоон томилжээ1. Ийнхүү Богд хаан тэргүүтэй, монгол ноёдоор бүрэлдсэн засгийн газар байгуулагдсанаар Монголын төрийг сэргээснээ зарлав.
    Барон Унгерн 3 сарын эхээр Нийслэл Хүрээг дахин дайрсан хятад цэрэгтэй тулалдан, 3 хоногийн дараа буулган авсан ба улмаар Чойр, Хаалганы байлдааны ажиллагааг биечлэн удирджээ.
    Улаан хадны байлдаанд Балжинням бэйс, Сундуй гүний захирсан 1200 орчим монгол цэрэг хятад цэргийг бут цохиж ихээхэн хохирол учруулсан бол 3 сарын эцсээр Чойрын сүмийн ойролцоо гамин цагаантны хооронд сүүлчийн тулалдаан болжээ. Хятад цэргийн захирагчид хил даван нутагт зугатаж, хятад цэрэг 4000 орчим хүнээр хохирчээ. Хятад цэргийг хөөн зайлуулсан Унгернд Богд гэгээн хошой чин ван цол шагнаж, дагалдагсдыг ч нэгэн адил хөхүүлжээ.
    1 Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх.УБ. 1994. Тал 192.
    Унгерны үнэн нүүр царайг монголчууд тун удалгүй ойлгож эхэлжээ. Монголын төр, шашны тэргүүн Богд гэгээн ба Унгерны хоорондын харьцаанд ан цав гарч, Богдоос Унгерны үйл ажиллагаанд ихээхэн болгоомжтой хандах болжээ.

     

  • Мин улсын эзэн хаан монголчуудад олзлогдсон Тү Мү цайзын тулалдаан

    Эсэн бол Чингис хааны гавьяат өрл өг Урианхад ын Зэлмийн 9 дүгээр үеийн ач бөгөөд түүний эцэг нь Ойрадын Чорос аймгийн Тогоон тайш байв. Энэ үед баруун монгол буюу ойрадууд ихэд хүчирхэгжиж ирсэн боловч монголын төр ёсонд Чингисийн алтан ургийн хүн хаан болдог тогтсон журамтай байснаас ойрадын ноёд шууд өөрсдөө монголын их хаан болж зүрхлэхгүй, харин зүүн монголоос хаан болгож, чухамдаа тэдний далбаан дор засаглаж, ирээдүйн замаа засах болжээ. Эсэн тайш яг ийм маягаар Адай хаан, түүний шадар Аругтай нарын эсрэг байлдан дийлэхдээ зүүн монголын Тайсуныг сөргүүлэн хаан болгож, өөрөө түүний шадар сайд буюу тайш болсон авч хэрэг дээрээ улс орны хэрэгт давуу мэдэлтэй оролцох болжээ. Улмаар хаан, тайш хоёр гар нийлэн нийт монгол туургатныг захиргаандаа оруулж чадсан байна. Мөн зүрчид аймгийг эрхшээлдээ авав.

    Монголчууд ийнхүү нэгдэн нягтарч байх үед хятадын Мин улс эдийн засгийн талаар хаан боож, дотроос нь хагалан бутаргаж, хүчийг сулруулах бодлогыг эрчимтэй явуулж байв. Иймд Эсэн тайш өөрийн бага хүүд Мин улсын хааны гүнжийг өгнө гэсэн амлалтаасаа буцсан гэдгээр шалтаглан Тайсун хааны зөвшөөрөлтэйгөөр Мин улсад дайн зарлажээ. Энэ үед монголчуудын хуучны цэрэг дайны систем болох мянгатын оронд хопгуу гарч ирсэн бөгөөд цэрэг захиргааны хуваарь болж байсан түмтүүд энэ үед бараг улс гэсэн утгатай болж, бие даасан цэргийг эзэн захирагч нь мордуулах болжээ. Гэхдээ цэргийн хэрэг болон байлдаанд шалгарч гавьяа байгуулсан хүнд хошууч цол шагнаж, хошуу удирдуулдаг байв. Харин Их Монгол улсын үеийн байлдааны журам бараг өөрчлөлтгүй хэрэглэгдэж байв.

    1449 оны 7 дугаар сард монголын цэрэг 4 замаар Мин Улсын хилрүү довтлон оров. Эсэн тайпшйн биечлэн удирдсан их цэрэг Датун руу, Тайсун хааны удирдсан цэрэг Ляодун руу, баруун гарын баатруудын чинсан түшмэл Алагтөмөрийн цэрэг Сюаньфу руу, Алчу жанжны цэрэг Шаньси руу тус тус довтолсон байна. Эдгээр 4 замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алагтөмөр жанжны удирдсан цэргүүд байв. Монголоос нийт 2 түмэн цэрэг энэ дайнд оролцсон бөгөөд 7 дугаар сарын 30-нд Эсэн тайшийн цэрэг Датун хотын ард Мин улсын дэд жанжины цэрэгтэй тулалдахад дэд жанжин нь алагдаад цэрэг нь бутарч, монголчууд Датунгийн арын олон бэхлэлтийг эзлэв.

    Мин улс дөрвөн их жанжинаар тус бүр түмэн цэрэг захируулан, байлдуулсан авч цөм ялагдаж, бараг бүх цэрэг нь алагджээ. 8 дугаар сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас ялагдсан байна. Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутаан ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсун хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.

    Монголын цэргийн бусад гурван замын цэрэг бас л амжилттай тулалдаж ялалт байгуулсан байна. Ийнхүү монголын цэрэг дөрвөн замаар саадгүй давшин урагшлан байгаа мэдээ Бээжин хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь эзэн хаан Ин Цзунг биеэрээ цэрэг удирдан монголтой байлдан гавьяа байгуулахыг ятгажээ. Гэтэл ордны зарим сайд, түшмэд, хааны хатад хүртэл Ин Цзун хааныг дайнд мордохыг хориглож гуйсан боловч, тэр яаруу зарлиг буулгаж, 8 дугаар сарын 6-нд 50 түмэн цэрэг дайчилж, Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Цавчаал боомтоор гарч, 12-нд Сюаньфу хүрчээ. Яаруу сандруу хөдөлсөн Мин улсын их цэрэг замдаа салхи, борооонд цохигдон тавгүйтэхэд, мод, өвс хүртэл монгол цэрэг шиг харагдах болсныг их түшмэл нь муу ёр хэмээн хаандаа айлтгаж давшилтаа зогсоохыг ятгахад, Ван Чжэнь тайган түүнийг зэмлэж зодсон ажээ. Энэ үед Мин улсын их цэрэгтэй урьд нь алагдсан цэргүүдийн үхдэл энд тэндгүй тааралдаж, улам ч аягүйтүүлэх болсон төдийгүй цэргийн хүнс хоол дутаж эхлэв.

    Ин Цзун хааны их цэрэг 18-нд Датун хүрч анхлан зэвсэг зөрүүлэхэд монголын цэрэг сүрдэн дийлдсэн аятай ухрахад Мин улсын цэргийн явдлын яамны сайд Куан Е: “Нэхэн хөөж хэрэгггүй цэргээ татаж буцтугай” хэмээн ятгахад Ван Жэнь тайган ихэд хилэгнэж: “Цэрэг дайны явдал мэдэхгүй ялзарсан бичгийн түшмэл” гэж түүнийг буруушаагаад цэргийг үргэлжлүүлэн давпгуулсан боловч отолтонд орохоос болгоомжлон гэнэт ухруулжээ. 8 дугаар сарын 27-нд Мин улсын цэрэг Сюаньфуд буцаж ирэхэд монголын цэрэг араас нь нэхэн байлдваас, Ин Цзүн хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч угтан тулалдуулсан боловч цөм монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ.

    31-нд хаан их цэргээ авч Тү Мү /одоогийн Хэбэй мужийн Хуай Лай сяний баруунтаа/ гэдэг газар ухран иржээ. Энэ газар нь дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн бяцхан цайз бөгөөд Цавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө байжээ. Хаан энд ихэд айн сандарч зугтах гэсэн боловч гарах зай олж чадахгүй байв. Ийм үед Эсэн тайш 9 дүгээр сарын 15-нд элч томилон очуулж, Ин Цзун хаантай эвсэж найрамдах гол төлөвлөгөөгөө амжилттай мөрдөж хэрэгжүүлсэн зэрэг нь шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байв. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал дэлхийн цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн монгол цэргийн байлдах чадвар өндөр байсны гэрч болой.

    Ин Цзун хааныг олзлон Эсэний цацарт хүргэхэд урьд нь түүнтэй уулзаж байсан хоёр ч хүн түүнийг мөн гэж нотолсон байна. Тэгэхэд Эсэн олон сайд түшмэдээ цуглуулан “Би тэнгэрийн доорхыг нэгтгэн Их Монгол улсыг дахин мандуулья хэмээн үргэлж тэнгэрт залбирдаг билээ. Энэ өдрийн мэт дийлэхийг үзвэл магад биелэгдэх ажээ” хэмээн өгүүлсэн байдаг. Чингис хааны үе эргэж ирэх аюул хятадад ийн тулгарч ирлээ. Гэвч Эсэн тайш их байлдан дагуулагчийн энтэй хүн биш байлаа. Аюулт дайснаа дарж гялалзсан ялалт байгуулсандаа эрэмшсэн тэрбээр түүнийгээ дүгнэж, цэгнэж чадсангүй. Бээжин рүү давшихын оронд буцаж сайн нутаг бэлчээр хайж умар зүг одов. Хятадууд ялагдлын шархаа анагааж, сэхэж сэргээд, шинэ хаан сонгосон хойно л гэнэт сэхээ авч, олзлогдсон эзэн хааныхаа барьцааны мөнгө төлөөгүйд хилэгнэсэн Эсэн тайш Бээжингийн хананд тулж давшсан ч таатай цаг үеийг нэгэнт алдсан байсан тул хэдэн удаагийн бага тулалдааны дараа буцаж, ашиг муутай нөхцөлөөр найрамдахаас өөр аргагүй болов. Зуун жилийн дайн самууны дараа ч нүүдэлчин аймгуудын хүч чадал хэвээр байсныг Эсэн тайш ийнхүү батлан харуулсан гайхам ялалтаа бүрэн дүүрэн ашиглаж чадалгүй, дотоод самуунд татагдан орсон түүхгэй.