Хрисчидын орилдоод байдаг, Хэрэйд аймаг, Ван хан хрисчин байсан гээд байсан чинь ,Ван ханы ордоны тууриас хэдэн зуун Буддын шавар баримал гарч ирсэн байна.
Ван ханы ордоны туурь Шувуун фабрикт байдаг юм байна. Хрисчидын орилдоод байдаг, Хэрэйд аймаг, Ван хан хрисчин байсан гээд байсан чинь ,Ван ханы ордоны тууриас хэдэн зуун Буддын шавар баримал гарч ирсэн байна. Ван ханы ордоны туурь Шувуун фабрикт байдаг юм бна.
Category: Монгол үндэсний түүх
-
ВАН ХАНЫ ОРДОНЫ ТУУРЬ ШУВУУН ФАБРИКТ БАЙДАГ ЮМ БАЙНА.
-
ЕВРОПЫН СҮР ХҮЧ ШАЙО ГОЛЫН ДЭРГЭД СҮЙРЭВ
Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ.
Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.ЗУРАГ 1 Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь их эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүндээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 4 сарын 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолсныг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишигтэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг
“чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт”
хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт…
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монголчууд бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв. … Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.ЗУРАГ 2 Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “…бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “… морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг.
-
ИРАН БӨХ МОНГОЛЫН ӨМНӨӨС БАРИЛДАЖ БУЙ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ
Өгөдэй хааны үед өнөөгийн Ираны нутагт дийлдэшгүй хүчтэй, уран барилдаанч бөхийн сураг гардаг байжээ. Их хаан зарлигдаж түүнийг хоёр жилийн хүнд бэрх аян зам туулуулан байж Хархоринд авч ирэв. Ингээд Монгол бөхчүүдтэй барилдуулж үзэхэд түүнийг давах нэгээхэн ч гарсангүй гэнэ. Иймд хаан түүнд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээ шагнал болгон өгч Монгол нутагт үлдэхийг зарлигдсан байна. Өнөөгийнхөөр бол иргэншилийг нь сольчихсон гэсэн үг. Тэгээд долоо хоногийн дараа өнөөх амьд “шагнал”аа дуудаад юу болсоныг асууж гэнэ. Эмэгтэй “надад огт ойртсонгүй” гэхийг сонсоод хаан бөхийг дуудаж учрыг асуухад “хаантан минь миний толгой бөх барилдаж таныг цэнгүүлэх үүрэгтэй билээ. Хэрэв би эмэгтэй хүнтэй ойртож гэмээ нь ядарч сульдан, өрсөлдөгчдөө ялагдах үндэс болох тул…” хэмээн тайлбарласан байдаг. Өгөдэй хаан “чи зугаацуулахаас гадна бидэнд үр удмаа үлдээх ёстой, үгүй гэвэл бидэнд бөх олон бий, нэгний толгой мултарах харамсалтай биш” гэж байж албан ёсны хүргэнээ болгосон түүхтэй. Энэ түүхээс тэр цагт л Иранд бөх нь цэрэг дайны гэх анхдагч шаардлагаас давж, зугаа цэнгээний буюу спорт түвшинд хүрсэн байсан тухай анзаарагдана. Байлдааны мөнхийн бэлэн байдалд байх цэрэг армитай улсад очиж буй бөх өөрийг нь зөвхөн барилдуулж түүнээ харах сонирхолтой хэмээн бодож буйгаас анзаарагдаж байгаа биз дээ… Энэ ч яахав тэр үеийн түүх агаад хүчтэй байхдаа бид хүчээр иргэншилийг нь солиулдаг байв. Тэгээд хөдсөн дээл нөмрүүлж, монгол хүүхэн тэврүүлнэ. Харин өнөө цагт Саейд Моллай өөрөө биднийг гуйж ирэв. Бид хэн нэгнийг зандарч чадахаа байгаад өөрсдөө хоёр хөршдөө үргэлж зандаруулж, бусдын өмнө хормой дэвсэн гуйлга гуйх энэ цагт шүү дээ. Урьдын хүч чадлын сураг үгүй болж эгээ л хүн мичнээс үүссэн гэдэгт итгэмгүй шиг тэр цагийн хаадын үр үндэс гэхэд үнэмшимгүй доройд баригдсан биднээс иргэншил гуйж, төрийн далбаан дор минь барилдах эрх олж авсан. Манайхан жаахан андуураад байна. Хакухо японы иргэншилтэй ч гарцаа байхгүй Монгол хүн. Тэрэн шиг энэ залуу манай иргэншилтэй, манай далбаан дор зодоглох хэдий ч гарцаа байхгүй иран хүн. Түүний зүрх сэтгэлд фарс аялгаар ярих нутгийн хүн ард, аав ээж, өссөн төрсөн хот тосгод, дундад азийн толгорхог нутаг нь хадаастай бий. Түүнд Монгол уртын дуу таалагдах ч анхны хайрынх нь дурсамтай холбоотой иран дууг нь давна гэж байхгүй. Моллайн нандин бүхэн ирантай холбоотой. Ираны засгийн газраас түүнд үзүүлсэн шахалт ч эцсийн эцэст эх нутгаа, үндэс угсаагаа үзэн ядах шалтаг болохгүй. Бөхийн амжилтын оргил үеэ мэдэрч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн учраас л тэр иргэншилээ сольсон. Гэхдээ дэлхийн аварга гэх ланжгар цолыг авсан хүнд баян тансаг орноос, үгүй ядахдаа бүр хятадаас ч иргэншил гуйх боломж бий. Дор хаяж л шашин шүтлэг ойролцоо казакстан биднээс хэд дахин илүүг түүнд өгч чадна. Гэвч тэр маш сайн бодож Монголыг сонгосон юм. Монгол нь Ирантай олон улсын маргаангүй. Тэр бүү хэл Ираны хувьд манай юм бүхэн ач холбогдол багатай. Гэсэн атлаа Жудо сайн хөгжсөн. Бэлтгэл хийх бололцоо өндөр, бэлтгэл хангагчид нь хүртэл маш хүчтэй. Ямартай ч амжилтын төлөө болохоос мөнгөний төлөө эх орноосоо урвасан гэж хэлэгдэхгүй тийм л газрыг сонгосон нь Монгол юм шүү дээ. Хэзээ нэгэн цагт буцаад очих бололцоо гарвал энэ бүхэн давуу тал болно гэдгийг ойлгож байгаа. Мэдээж Иран буцааж түүнд иргэншилээ олгодоггүй юм аа гэхэд хэзээ нэгэн цагт ойлголцол үүсэж Монголын иргэний хувиар эх нутагтаа очиход ч төвөг чирэгдэл аль болох бага гэж тооцсон биз. Эцэст нь манай танай нутаг гэж маазрах, Молом нэр өгөх ч дээ хөгжилтэй болохоос биш хүнлэг үйлдэл бол биш шүү. Тэр Ираны нэрийн өмнөөсөө чөлөөтэй барилдаж чаддаг байсан бол өнөөдөр алт авчих байсан ч байж мэднэ. Эх орноо, гэр бүлээ санахын хэцүү чинь явж явж хамгийн том шаналал шүү дээ… Түүнийг тамирчин хүнийх нь хувьд хүндэлж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэхдээ Монголын нэрийг гаргаж байгаад нь л ханацгаая. Бүрх малгай хазгай тавьж, Монгол дээл өмссөн Моллай гэх залуу охиныхоо духыг үнэрлэж гарынхаа тосыг энгэртээ арчиж буйгаар төсөөлөх эрх бидэнд байхгүй.
-
Г.ЭНХБАЯР: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТАА ЦӨӨНХ БОЛООД АМЬДАРЧ БУЙ УРИАНХАЙ, ТУВА, ДӨРВӨД ИРГЭДЭД БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛУУД БИЙ…
Өнөөдөр нэгэн залуутай танилцах гээд, бас уншигчиддаа танилцуулах гээд уулзаж байна. Сайн байна уу?
Сайн, сайн байна уу? Хувьтай хүн хурнаар гэдэг шиг сайхан өдөр та Өлгий хотод маань ирсэн байна. Намайг Г.Энхбаяр гэдэг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Тува хүн байна. Гэр бүлийн хүн маань Өлгий хотод “Арвин” нэртэй ресторан ажиллуулдаг.
Эхнэр нь ресторан ажиллуулдаг юм байна. Нөхөр юу хийж байна?
Нөхөр бизнесийн салбарт туршлага багатай.Төрийн албанд ажиллаж байгаад, улмаар бизнесийн салбарт ороод 3 жил орчим болж байна. Суралцаад л явж байна. Ресторанаас гадна өөр шинэ бизнес рүү орох санаатай. Хийж буй ажлаараа дамжуулж, орон нутгийн хөгжилд дэм болоод, чаддаг зүйлээрээ тусалчих санаатай л явж байна даа.
Аав, ээж нь бас Цэнгэл сумын уугуул хүмүүс үү? Өвөг дээдсээ хөөвөл аль нутгийн хүмүүс байна?
Тийм ээ. Аав ээж маань ч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх. Ер нь Цэнгэл суманд голдуу Тува хүмүүс амьдардаг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум бол Монгол Улсад амьдардаг Тува хүмүүсийн өлгий нутаг гэж явдаг л даа. Дээр үед 3 том хошуу байсны Шар Даагийн буюу Хөх Мончоогийн Хошуугаар нутагтай хүмүүс л дээ, аав ээж минь. Аав минь Цэнгэл сумын урд талын Хар уулаар нутагтай. Ээж маань Хар уулын цаахан талд Улаан хус сумын Баян уул гэж бий. Тэр хавиар нутагтай. Ийм л угсаа гаралтай хүмүүс дээ.
Монголд ойролцоогоор хичнээн Тува хүн амьдарч байна?
Зарим нь хэл усаа мэдэхгүй, дээрээс нь энд тэнд тархаж амьдраад,яг тэд гээд тоо гаргахад хэцүү болчихсон. Сүүлийн үед зарим нь өөрийгөө Тува гэхээ ч больчихсон. Ер нь бол ойролцоогоор 10-15 орчим мянган хүн бий байх гэсэн багцаа тоо байдаг.
Тэгвэл дэлхий дээр Тува хүн ер нь хэд байна вэ?
ОХУ-д 360,000 орчим, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд 10,000 орчим Тувачууд бий. Тэд бол Алтайн Урианхайн 7 хошууны гурван хошуу Тува байсан хүмүүсийн үргэлжлэл. Хил тогтооход Шинжаанд үлдчихсэн хүмүүс юм.
Цөөхүүлээ байна шүү. Түүхэнд Тувачуудын талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ?
Түүхийн хувьд Чингис хааны үеэс л улбаатай. Сүбээдэй баатрыг Тувачууд бидний өвөг дээдэс, Тувачуудын баатар гэж ярьдаг.
Урианхай, Тува хоёр бол нэг гарал үүсэлтэй, ах дүү хүмүүс. Нэршлийн хувьд Тува ч гэдэг, мөн ерөнхий том утгаар нь Урианхай ч гэж нэрлэх нь бий.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Тува хэлээр ярьдаг хүн байна гэхээр нь хамт машинд суугаад явсан л даа. Нэг ч үг ойлгоогүй?
Тува хэл бол Алтай язгуурын хэл л дээ. Зарим нь Түрэг угсааны хэл гэдэг ч Монгол хэлнээс ч үг бий, мөн Түрэг үг ч бий. Гэхдээ би Алтай язгуурын хэл л гэж боддог.
Алтай язгуурын хэл Японоос эхлээд, Иран, Ирак гээд яваад байх шиг?
Тэгэлгүй яахав. Урал Алтай гээл аргагүй том л доо. Гэхдээ түүн дотроо “Өвөг” Алтай гэх юм уу даа, ОХУ-ын Алтайн улс байна. Хакасууд байна.Тэгээд Тувачууд, цаашлаад Якутууд бол хэл, гарал угсааны хувьд ойролцоо хүмүүс шүү дээ.
Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
Аав маань Орос хэлний багш хүн. Цэнгэл сумандаа, мөн аймгийн төвд, Ногоон нуур суманд багшилж байсан. МУИС төгсөөд, нутагтаа ирж, насаараа л багш хийсэн дээ. Ээж маань гэрийн сайн эзэгтэй. Ах дүү бид 6 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн, бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлж, сайхан Тува ахуйгаар хүмүүжүүлж хүн болгосон ачтай буянтай хүн дээ.
Зарим нь Тува гэдгээ хэлэхээс эмээж байхад танай гэр бүлийнхэн бол би Тува хүн гээд бардам зогсож байхаар л хүмүүжиж дээ?
Тэгэлгүй яахав.Бид чинь Тува ахуйд төрж, өссөн.Тэр орчиндоо л хүн болж, амьдралын ухамсар, үнэ цэнийг олж авсан. Би нэг ах, хоёр эгчтэй. Хоёр охин дүүтэй.
Ах, эгч, дүү нар бүгд дээд боловсролтой гэсэн. Та хэд маань ямар мэргэжил эзэмшсэн бэ?
Том эгч маань аавын мэргэжлийг өвлөж, нийгмийн ухааны багш болсон. Ах маань эрдэм шинжилгээний ажилтан, хэл судлаач хүн байгаа. Би өөрөө хуульч, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн. Хоёр охин дүүгийн нэг нь багш, нөгөө нь эмч мэргэжилтэй. Аав ээж хоёр минь зургаан хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой болгосон…
Таны хувьд төрийн албанд олон жил зүтгээд, 3 жилийн өмнөөс л хувийн салбарт хүч үзэж байгаа гэсэн?
Тийм ээ. Би төрийн тусгай албанд ажиллаж байсан. Мөн сүүлд нь дипломат албанд ажиллаж байгаад, одоо хувийн бизнест хүч үзээд явж байна.
Хаана хаана очиж ажиллаж байсан бэ?
Баян-Өлгий аймагтаа арваад жил, мөн Улаанбаатар хотод ажилласан. Турк Улсын Анкара хотод Монгол улсаас суух Элчин сайдын яаманд 4 жил ажилласан.
Та чинь тэгвэл Турк хэлтэй, аягүй бол Казак хэлтэй байх нь ээ?
Тэгэлгүй яахав. Би Турк Улсад дээд сургууль дүүргэсэн. Мөн Турк улсад 4 жил дипломат албанд ажилласан учраас Турк хэлний мэдлэг бол нэлээн боломжийн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг Тува айлд орж хэсэг ярилцахад хүүхэд нь сургууль дээрээ Монгол хэл, Тува хэл үздэг. Мөн Казак хэл заалгадаг гэж байсан ?
Цэнгэл суманд Тува бага сургууль бий. Уг бага сургууль нь хос хэлний хөтөлбөрөөр хичээллэдэг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд суралцахдаа зөвхөн Монгол хэлээр хичээл нь ордог юм. Ингээд Монгол хэлээ албан ёсны боловсролын хөтөлбөрөөрөө сурчихна. Мөн Казак айлууд байдаг учир амьдарч байгаа орчиндоо Казак хэл сурчихна. Тува хэлийг гэр бүл дотроо сурчихдаг. Энэ бол маш том давуу тал.
Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?
Манай гэр бүлийн хүнийг н.Пүрэвсүрэн гэдэг. Урианхай гаралтай. Оорцогын хүн л дээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Эдийн засагч мэргэжилтэй. Арваад жил банкинд ажилласан. Одоо хувийн бизнестээ анхаараад явж байгаа ийм бүсгүй байна даа.
Танай гэр бүлийн энэ бизнесийг хүмүүс их сайшааж, магтахыг сонсоод эхнэрээс тань анх ярилцлага авья гээд ирэхэд манай нөхөр л ярилцлага өгнө гэж байсан. Тэгээд хийдэг нь өөрөө, хэлдэг нь нөхөр юм уу? гээд тоглоом хийж байлаа. Та хоёр маань хэдэн хүүхэдтэй вэ?
Манайх гурван охинтой. Том нь 11-р анги. Удаах нь 10-р анги. Бага нь 6-р ангид сурч байна.
Тэгэхээр та хоёр маань залуу гэр бүл юм байна шүү дээ?
Залуу ч гэж, ер нь хожуу гэр бүл болсон. Үеийн нөхдийн маань хүүхдүүд эхнээсээ их, дээд сургууль төгсчихлөө л дөө.
Баян-Өлгий аймаг үнэхээр л нэр шигээ, аль ч суманд нь очсон дуу алдахаар үзэсгэлэнтэй, Монголчууд маань зайлшгүй очиж үзэх ёстой нутаг юм даа гэж бодогдлоо?
Би өөрөө төрж өссөн болоод ч тэр юм уу, дэлхийн хэд хэдэн оронд очиж үзсэн хэдий ч Алтай нутгаа улам илүү таньж мэдэх ёстой гэж санагддаг. Сэрүүн Алтай гэж ярьдаг шүү дээ. Зундаа сэрүүхэн, өвөлдөө өндөр уулсаараа хүрээлүүлсэн нөмөртэй сайхан газар. Алтай нутаг маань Монгол орны үүц юм болов уу гэж боддог.
Нутаг усаа магтаад, гурван зүйлийг нь онцлоод хэлээч гэвэл?
Алтайн сүрлэг уулс, эрэлхэг дайчин иргэд.Яагаад эрэлхэг дайчин иргэд гэхээр Алтай нутаг сүрлэг сайхан хэдий ч нөгөө талдаа цаг агаар, уур амьсгал нь амаргүй, бэрх, эрс тэс уур амьсгалтай. Энэ нөхцөлд мал ахуйгаа, ажил хөдөлмөрөө эрхлээд амьдарна гэдэг амаргүй юм.Гуравдугаарт, сайхан гол, ус мөрөн элбэгтэй. Та гуравхан зүйлийг онцолж хэлээч гэсэн учраас энэ гурвыг онцоллоо. Түүнээс ер нь олон зүйлийн араатан жигүүртэн гээд бахархам онцлогтой зүйлс ихтэй нутаг даа.
Баян-Өлгий, Ховд, Увс нутгийг олон ястны өлгий гэж ярьдаг шүү дээ. Та бүхэн маань соёлын хүрээнд ч тэр, бусад салбарт ч хоорондоо яаж хамтарч ажиллаж, амьдарч байна вэ?
Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан. Хүн амын дийлэнхи нь Казак түмэн. Уугуул иргэд нь бол энэ нутагтаа хэдэн үеэрээ амьдарч ирсэн Урианхай, Тува, Дөрвөд ястнууд. Сүүлийн үед мөн ажил албаны шугамаар өөр олон үндэстэн, ястнууд амьдарч байна.
Мэдээж энэ олон үндэстэн, ястнуудад соёлын болон сэтгэлгээний, мэдлэгийн гээд ялгаатай зүйлс олон бий. Үүнээс үүдэлтэй жижиг сажиг үл ойлголцол байдаг. Гэхдээ энэ бол хаана ч байдаг зүйл байх. Ерөнхийдөө хоорондын эв найрамдал, хүндэтгэл, харилцаа сайн байдаг шүү. Цахим орчинд Баян-Өлгий аймагт амьдарч байгаа үндэстэн, ястны асуудлыг дэвэргэж, хөөргөх үйлдэл цөөнгүй байна. Магадгүй зарим нь янз бүрийн бодолтой хүмүүс ч байдаг байх. Баян-Өлгий аймагтаа цөөнх болоод амьдарч байгаа Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн хувьд бэрхшээлтэй асуудлууд байдаг л даа. Ялангуяа сонгох, сонгогдох асуудал дээр хэн нь сонгогч олонтой байна, тэр нь л гараад ирнэ ч гэдэг юм уу? Үүнээс улбаатайгаар төлөөллөө зохих түвшинд гаргаж чаддаггүй гэдэг ч юм уу? Улстөрд төлөөлөлтэй байж төрөөс ирж байгаа боломжуудыг тэгш хүртэх, түүнийг авах орчин бүрдэнэ ч гэдэг юм уу? Иймэрхүү хүндрэлтэй асуудлууд бий…Баян-Өлгий аймгийн иргэдийн хуралд Казак үндэстнээс өөр төлөөлөгч бий юу?
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд байхгүй байсан. 2020 оны АИТХ-ын сонгуулиар Буянт сумаас нэг Монгол нэр дэвшигч сонгогдож, төлөөлөгч болсон.
Тэр хүн маань яаж сонгогдсон байна?
Буянт сумын хүн амын 50 гаруй хувь нь Урианхайчууд л даа. Өмнө нь ч Аймгийн ИТХ-д Урианхай хүмүүс сонгогддог л байсан юм.
Би УИХ-ын гишүүн байхдаа Монгол-Хятадын парламентийн бүлгийн дарга байсан. Тэр үед БНХАУ-д хэд хэдэн удаа айлчлал хийж байсан. БНХАУ-д эмэгтэй квот гэж байдаг. Гурван даргын нэг нь эмэгтэй байх. Мөн Өвөрмонгол, Шинжаан Уйгарт ч юм уу гурван даргын нэг нь заавал үндэсний цөөнхи байна гэх мэтээр үндэстэн, ястны оролцоог бүрдүүлдэг квот байдаг?
Баян-Өлгий аймагт одоогоор тийм зүйл алга. Ардчилал гэдэг утгаараа хэн олонхийн санал авч чадсан байна, тэр тал нь удирдлагаа бүрдүүлээд явчихдаг. Энэ асуудлыг улстөрийн намууд дотроо илэн далангуй, сайн хэлэлцэж ярилцах ёстой болов уу. Үүнийг нууж хаах зүйлгүй шүү дээ. Зөвхөн үндэстэн, ястны асуудал ч биш, өөр өөр эрх ашиг, сонирхолтой хүмүүсийн эрх ашгийг нь тэгш хангахийн тулд намууд хэлэлцээ явуулдаг шүү дээ. Үүнтэй адилаар цөөнхи дотроо цөөнхи болж амьдарч байгаа, сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэдийнхээ эрхийг хангасан бодлогыг намууд дотроо сайн хэлэлцэж, зөв төлөвшүүлээд, дэмжээд явчихад болмоор санагддаг. Жишээ нь: Баян-Өлгий аймаг дотроо квот олгож болмоор санагддаг юм. Манай аймаг бусад аймгаас онцлог зүйл нилээн бий. Жишээлбэл Аймгийн Засаг дарга нь 2 орлогч даргатай. Үүний нэг орлогч даргыг нь аймгийнх цөөнхи иргэдээс томилох ч гэдэг юм уу? Ингэж байж цөөнхи иргэддээ хүрч ажиллах, тэдний орхигдоод байгаа, зөрчигдөөд байгаа эрхийг нь, асуудлуудыг нь төрийнхөө бодлогод тусгах боломж бий болох болов уу?
Таны хувьд ямар намын гишүүнчлэлтэй вэ?
Би нам бус.
Сонгох сонгогдох эрхийн асуудал ийм байгаа юм байна. Сурч боловсрох, мэдлэг авах эрх ямар байна? Үндэстэн, ястны хэлээ сурах боломж нь хэр байна вэ?
Боломж нь бий. Төр засгаас, яамны түвшинд ч, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын түвшинд ч энэ асуудал байнга яригддаг. Ялангуяа Баян-Өлгий аймгийн хувьд хос хэлний хөтөлбөрийг нутагшуулах гээд зориод явж байгаа. Өөр хос хэлтэй улс орны туршлагийг нэлээн судалдаг. Миний мэдэхээр Казахстан улсаас туршлага судлаад ирсэн, Киргизээс туршлага судалсан. Гэх мэтээр гадны орнуудаас туршлага судлаад, үүнийгээ нутагшуулах гээд явж байна л даа. Гэхдээ тодорхой хэмжээнд хүндрэл бэрхшээл байлгүй яахав.
Хос хэлний боловсрол гэдэг нь Казак хүүхэд Монгол, Казак хэлээр сурах, Тува хүүхэд Монгол, Тува хэлээр сурах асуудлыг л яриад байна уу?
Тийм ээ.
Гол асуудал нь манай аймагт “Цөм” хөтөлбөрийн хүрээнд бүрэн дунд боловсрол Монгол хэлээр явагдана гэдэг шугамаар явж байгаа юм. Гэхдээ үүнийг Казак хүүхэд ойлгохгүй бол Казак багш нь Казак хэлээр тайлбарлаад явчихаар нөгөө хүүхэд маань Монгол хэл сурах боломж нь, эрх нь хязгаарлагдмал болчихоод, дунд боловсрол эзэмшсэн хэр нь Монгол хэлний мэдлэг нь тааруу байдаг нь үүнтэй л холбоотой юм л даа.
Баян-Өлгий аймгаар явахад Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлах тохиолдол цөөнгүй байсан л даа. Тэгээд дотуур байранд байгаа хүүхдүүдтэй ярилцах гэхээр бага ангийн хүүхдүүд нь Монгол хэлийг огт мэдэхгүй шахам. Орчуулагч багшаар дамжуулж харилцдаг ч юм уу? тийм тохиолдол их. Харин ахлах ангийн сурагчид нь их, дээд сургуульд сурахад шаардлагатай гэдэг утгаараа ч юм уу? Монгол хэлээр харьцангуй сайн ярих нь ажиглагдсан л даа?
Тийм зүйл байгаа. Орчин бүрдэхгүй байна. Хос хэлний хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ойлголт алга байна. Мэдээж арай дэвшилттэй, шинэлэг гэсэн зүйлийг туршиж байгаа болов уу? Намайг Анкара дахь Элчин сайдын яамд ажиллаж байхад Баян-Өлгий аймгаас очиж суралцаж байгаа олон хүүхэд байсан л. Тэдгээр хүүхдүүд дунд харамсалтай нь Монгол хэлээ мэдэхгүй нь ч байсан. Тэгээд нутгийн хүүхдүүд гэдэг утгаар нь цуглуулж байгаад, та нар маань энд сурч байгаа Монгол оюутнуудтайгаа найзалж, дотносож, тэднээсээ Монгол хэлээ суралцах хэрэгтэй. Энд сургууль төгсчихөөд зөвхөн Баян-Өлгий аймагт л ажиллана гэж жижиг орчноор амьдралаа төсөөлж болохгүй. Монгол бүү хэл дэлхий даяарчлагдсан энэ үед Монголын шилдэг компаниудад ажиллах шаардлага гарна. Тэр үед Монгол хэлээ сайн мэддэг байхгүй бол ажил олгогчийн шаардлага хангахгүй шүү дээ гэж хэлж байсан.
Энэ асуудал ганц Баян-Өлгийд ч биш, жишээлбэл Улаанбаатарт гадаад хэлний сургалттай сургуульд хүүхдээ багаас нь явуулчихсан чинь нөгөө хүүхэд нь Англи хэлээр ярьдаг, зүүдэлдэг, боддог болчихсон. Өвөө эмээтэйгээ ч ойлголцохоо болиод ирэх гэх мэт асуудал үүсээд байна л даа?
Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах ёстой нь үнэн. Тэгэхээр гадаад хэл, ялангуяа Англи хэл сурах шаардлагатай. Гэхдээ Монгол хэлээ бүрэн төгс сурч, эзэмших зайлшгүй шаардлагатай л даа.
Энэ асуудал зөвхөн Баян-Өлгий аймагт биш, Монгол Улсад тулгарчихаад байгаа асуудал юм шиг санагдаад байгаа учраас хөндөж ярилаа л даа. Намайг УИХ-ын гишүүн байхад, ер нь түүнээс ч өмнө, арван даргын нэгийг нь Казак хүнээр тавих ч гэх юм уу? үндэсний цөөнхөө илүү анхаарах, илүү хүндлэх харилцаа байсан. Өнөөдөр эргээд бодоход тэгж онцгойлон анхаарах асуудал биш юм шиг надад санагдаж байна. 21 аймгийн л нэг. Адилхан Монгол Улсын л иргэд. Заавал ингэж онцгойлох шаардлага юу билээ гэж бодогдох болсон. Үүнийг та үгүйсгэх үү?
Энэ бол улс орон бүрийн үндэсний цөөнхийнхөө талаар барих бодлого, жанжин шугамтай холбоотой асуудал байх л даа. Шаардлагатай тохиолдолд төр үндэсний цөөнхдөө дэмжлэг үзүүлэх ёстой байх.
Хамгийн сүүлд гэхэд Х.Баделхан гишүүн сайд боллоо шүү дээ?
Тийм ээ. Цөөнхийн төлөөлөл тэнд байгаа гэж бодохоор энд амьдарч байгаа Казак ард түмний сэтгэл нь өег гэдэг ч юм уу, социалист нийгмийн үед ч явж байсан бодлого юм билээ. Түүнтэй адилаар төр засаг Баян-Өлгий аймагт амьдарч буй Казак түмнийг үндэсний цөөнх гээд дэмжиж байгаа бол түүн дотор амьдарч байгаа Дөрвөд, Урианхай, Тува иргэдэд ч мөн адил хүлээлт байгаа юм л даа. Төр засгаас явуулж байгаа бодлогын үр шим бидэнд ч тусах ёстой гэдэг ч юм уу? Аймагтаа, сумандаа, амьдарч байгаа орчиндоо нөгөө төлөөлөл байх гэдэг асуудал гараад ирж байгаа юм л даа.
Цөөнхийн цөөнхи?
Яг энэ цөөнхийн цөөнхи гэдэг нэршил бол надад зөв нэршил биш санагдаад байгаа юм. Яг өнөөгийн хэвшсэн олонхийн сонгуулиар энэ асуудал шийдэгдэж чадахгүй байгаа. Иймээс намууд нь тусгайлсан бодлого гаргадаг ч юм уу, квот үүсгэдэг ч юм уу, янз бүрийн шийдэл байгаа.
Жишээ нь: Цэнгэл сумын сонгуульд өрсөлдөх намууд хоорондоо тохироод, Урианхай, Дөрвөд, Тува иргэдээсээ хэд, хэдэн хүн нэр дэвшүүлье гээд тохирчих нь байна шүү дээ?
Тийм ч байж болно. Ер нь олон шийдэл байгаа. Мэдээж хэрэг аль нэгэн намыг дэмжигч Урианхай, Дөрвөд, Тува иргэд байж л байгаа. Үүнийгээ сайхан хоорондоо ярилцаад, нэгнээ сонсох хэрэгтэй. Ингэж байж дундын шийдэл гарах болов уу.
Энэ асуудлыг яагаад хөндсөн бэ? гэхээр социализмын үеэс өнөөдрийг хүртэл олонхи нь цөөнхөө гэдэг бодлыг тээж шийдвэр гаргадаг. Энэ бодлого одоо ч байгаа. Яг үүнтэй адилхан Баян-Өлгий аймагт олонхи нь болчихсон байгаа Казак иргэд маань бас цөөнхөө бодож шийдвэр гаргадаг байгаасай гэж л таныг өдөж асуусан юм?
Энэ асуудлаар сонгуулийн дараа шинээр томилогдсон Баян-Өлгий аймгийн Засаг Дарга, ИТХ-ын даргатай цөөнхийн төлөөлөл болсон Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн төлөөлөл уулзаж, нилээн ярилцаад, та бүхэн минь тулгамдаад байгаа асуудлууд дээр анхаарч өгөөрэй. Мөн төр засгийн сонорт хүргэж, шийдэж өгөөрэй гэдэг хүсэлт тавсан. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга. Гэхдээ шийдлийг нь хайж, эрэлхийлж байгаа болов уу гэж бодож байна.
Таныг энэ төвөгтэй асуудлаар бага ч гэсэн яриулсандаа миний хувьд баяртай байна. Яагаад вэ гэхээр яг энэ асуудлыг хөндөж байгаа хүмүүс их цөөхөн байна. Та бид хоёр багагүй эр зориг гаргалаа гэж бодож байна?
Бодит байгаа асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргаж ярих ёстой гэж боддог юм. Та ч мэдэх байх. Чингис хаан Хэрэйд аймгаас туслалцаа аваад, нөгөө найман аймагтай, Хонгирадуудтай харилцаад явж байсан түүхтэй шүү дээ. “Нууц товчоон”-д ч энэ талаар орчуулагчаар дамжуулж харилцаж байсан гэсэн зүйл байдаггүй шүү дээ.Тэгэхээр хэл ус, бүх л зүйл нь ойролцоо байжээ.Дэлхийд өнөөдөр бид бүгд эсгий туургатны соёлын гол төлөөлөл хүмүүс.
Сэтгэлгээний хувьд, Алтайн соёл, эсгий туургатны соёл гээд олон талаараа ойролцоо.Тийм учраас өнөөгийн орчин цагийн нөхцөлд тааруулж, хоорондоо ойлголцоод, бие биенээ дэмжээд, эв найрамдалтайгаар, уламжилж ирсэн зүйлээ хадгалаад цаашаа явах бүрэн боломжтой.
Олон хүний дотор яваад байдаг хэр нь ил гаргаж ярьдаггүй сэтгэл зовнил байдаг. Ил харагдаад байдаггүй энэ төвөгтэй асуудлыг хоёулаа зоримог сайхан ярилаа. Үүнийг олон хүн уншаасай. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс нэгийг бодож, шийдвэр гаргаасай гэж хүсч байна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн маань гол зорилго бол энэ цагийн Монголчуудаа түүхчлэн авч үлдэх, тухайн хүнээ нилээн ухах зорилготой юм. Гэхдээ өнөөдөр таныг нэг их ухсангүй. Нөгөө асуудлаа голлож ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ сайхан яриа боллоо. Тантай ярилцсандаа маш их баяртай байна. Та бүхэндээ ажилд нь амжилт, хамгийн дээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэнд бас баярлалаа. Монгол Улс төдийгүй, хил даваад, гадаадад амьдардаг өнөө цагийн Монголчуудынхаа ахуй амьдрал, бодит байдлыг эрэн сурвалжилж, сум бүрээр, баг бүрээр очиж, хүн бүртэй уулзаж байгаа нь танин мэдэхүйн маш том ач холбогдолтой гэж хардаг. “Бидний цөөхөн монголчууд” төслийн бичлэг, зураг, яриа хөөрөөг байнга үздэг. Бидний мэдэхгүй олон зүйлийг үзүүлж, таниулдаг энэ сайхан төслийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэе.
Таны аавын талаар ярихад надад нэг Тува өвгөний түүх санагдсан юм. Өнгөрсөн жил ковидын улмаас ОХУ-ын нийслэл Москва хотод би нилээн удаан хугацаагаар хөл хорионд байсан. Тэр үедээ бас зүгээр суулгүй олон хүнтэй уулзаж ярилцлага хийсэн л дээ. Энэ үеэрээ н.Гомбо гэж өвгөнтэй танилцсан юм. Увс аймгийн Давс сумын хил залгаа нутагт төрсөн. Ер нь Монгол хүн юм билээ.
Санхүүгийн мэргэжил эзэмшээд сумандаа нягтлан хийдэг, унаган Монгол хэлтэй. Нутгийн Тува хэлтэй. Гэтэл нэг өдөр Москвагаас яриад Москва хотын Хилийн цэргийн академид орчуулагч, багшаар ажилд авчихаж. Тэр сургуульд нь Монголын хилийн цэргийн албан хаагчдын ихэнхийг нь бэлддэг юм байна. Орос багш нар, Монгол оюутнууд хооронд орчуулгыг хийж өгдөг. Монголын хилийн цэргийн албан хаагчдын 400-500 нь тэр хүний шавь нар. Нөгөө өвгөн би Монгол явахад паспорт хэрэг болохгүй. Манай шавь нар намайг мөрөн дээрээ өргөөд л явна гэж надад дэгсдүүлж онгирч байгаа юм. Таны аавыг Орос хэлний багш гэж ярихад тэр хүн санаанд орлоо. Аливаа хоёр орны харилцаанд хэл гэдэг маш чухал юм. Тува Улсын Ерөнхийлөгч байсан Шолпан дарга, өөр олон хүмүүстэй уулзаж байхад нэг сонин зүйл сонссон.Тува улсын төрийн дууллыг Баян-Өлгий аймагт амьдардаг хоёр Тува залуу бичсэн гэж. Энэ үнэн үү?
Тэр үнэн шүү. Одоо тэтгэвэрт гарчихсан, тухайн үедээ хилийн цэрэгт алба хааж байсан хоёр хилчин хүн бий.Энэ хоёр хүний Тува түмнээ, Тува нутгаа магтаж, омогшлоороо бичсэн дуу л даа. Хилийн цэрэгт, заставуудаар ажиллаж явж байхдаа бичсэн. Тэр сайхан нутаг ус, байгаль дэлхийгээ хараад онгод нь ороод бичсэн юм болов уу даа. Нэг нь ая оруулаад энэ сайхан дуу бүтсэн юм билээ. Тэр дууг Цэнгэл сумын Тувачууд маань сүлд дуугаа болгоод, дуулаад их олон жил болсон. Тэгээд ОХУ-ын Тува Улсын уран бүтээлчид ирээд, нөгөө дууг сонсоод маш их сонирхож сураад, нутагтаа очоод түгээн дуулсан байгаа юм. Тэгээд Тувагийн алдарт дуучин Андрей Монгуш мөн дуулж алдаршуулаад, ингэж явсаар байгаад тухайн үеийн Тува Улсын Ерөнхийлөгч энэ дуу бол их сүнслэг, Тува хүнийг дэлхийд алдаршуулсан дуу байна. Энэ дууг төрийн дууллаа болгоё гээд шийдвэр гаргасан байдаг юм. Ингээд уг дууг зохиосон хоёр хүнд Тува улсын Гавьяат цол олгож, нилээн дэмжсэн.
Таны хувьд Тува үндэстнийхээ ёс заншлыг түгээн таниулахад анхаарал их хандуулдаг юм шиг анзаарагдсан л даа. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг Баян-Өлгийн Цэнгэл суманд ажиллах үеэрээ Тува үндэстний хурим, найр, наадам гээд ёс, зан заншилтай холбоотой бүхий л зүйлийг бүрэн дүрсжүүлж авсан байгаа. Үүнийгээ удахгүй нэвтрүүлэг болгох гээд ажиллаж байна. Бэлэн болсон үед нь уг сайхан соёл, ёс заншлыг олон түмэнд түгээх, таниулах ажилд бид таны хамтрагч шүү гэдгийг хэлэхэд таатай байна.
“Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамт олонд маш их баярлалаа. Уншиж байгаа хүмүүстээ сонин болгоод товчхон хэлэхэд Тува хэлийг Түрэг гаралтай гэж их ярьдаг л даа. Миний хувьд Түрэг биш, Алтай язгууртай гэж хэлнэ. Тувачууд бол Өвөг Алтай хэлний тээгч ард түмэн юм. Бөөгийн шүтлэгтэй, нэлээн хожуу Алтайн хязгаарт Буддын шашин дэлгэрэхэд уг шашинд орсон. Уул овоогоо тахиж шүтдэг. Ёс заншил бүх зүйлээрээ нийтлэг. Баруун Монголын үндэстэн, ястнуудтай ижил ард түмэн дээ.
Сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа.Таныг, хувь хүнийг нь л ухаж амжсангүй…
Дараа дахин ирээд ухах байх аа гэж бодож байна.
Баярлалаа.
-
“ААВЫГАА ХАРААГҮЙ Ч НЭРИЙГ НЬ СОНСООД ХАРИУЦЛАГА ҮҮРЧИХСЭН”
Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдардаг тэрээр таван настайдаа уншиж сурснаар дунд сургуулийн хоёрдугаар ангиас дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж “Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан”-гийн байнгын уншигч болжээ. Аавынхаа авьяасыг өвлөж багаасаа зураг зурж, шүлэг бичдэг байсан тэрээр “Би бол чи” нэртэй анхны номоо 2018 онд хэвлүүлсэн юм байна.
“Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ
Аавынхаа төрсөн нутагт
Нийгэм ороо бусгаа, үзэл суртлын хайч гээч зүйл үл үзэгдэх атал юуг ч үл хайрлан тас хяргаж байсан 60, 70-аад оны “шуурга”-нд найрагчийн өөрийнх нь шүлэглэсэнчлэн шунхан улаан залуу насныхаа эрхээр шувуу шиг нисэн өнгөрсөн гал цогтой яруу найрагч бол Ренчиний Чойном байсан билээ. Олон бүсгүйд зориулж шүлэг бичсэн ч тэрээр гурван эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрлан амьдрал холбож, үрийн зулай үнэрлэжээ. Өдгөө түүний үргэлжлэл болж сувд шиг гурван сайхан охин үлдсэний нэг нь манай “Амьдралын тойрог”-ийн зочин Чойномын Мөнхтэмүүлэн юм. Тэрээр төрсөн эцгийн хайрыг үзэх битгий хэл барааг нь ч хараагүй. Сургуульд орохдоо ээжээрээ овоглож, заримдаа хойт эцгийн нэрээр овоглож явсан бөгөөд 1990 оны ардчиллын нөмөрт төрсөн эцгээрээ овогложээ.
Ч.Мөнхтэмүүлэнгийн ээж бол нэрт найрагчийн зохиол бүтээлд нэрээ үлдээгээд зогсохгүй, отгон охиныг нь төрүүлсэн тэр үеийн хотын сайхан бүсгүйчүүдийн нэг, орос хэлний багш Дашдондогийн Туул агсан юм. 1966 оноос нэрт найрагч эсэргүү шүлэг бичиж, нийгмээ шүүмжилсэн гэх хилс хэргээр шоронд орж, 1970-аад оны дундуур сулагдаад удаагүй байж. Зохиол бүтээл нь хаалттай, нийтэд уншихыг хориглосон тул оюутны уулзалт, үдэшлэгт нууцаар очиж шүлгээ уншина. Ингэж явахдаа МУИС-ын оюутан, өөрөөсөө 14 насаар дүү өндөр цагаан бүсгүйтэй танилцсан нь Д.Туул байжээ. Бүсгүй өөрөө шүлэг найрагт дуртай, урт урт найраглалыг цээжээр уран тод уншихын зэрэгцээ Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын зохиол бүтээлээс ч уншина. Ийнхүү тэд яруу найргийн гэрэлд татагдаж, залуу насны итгэл сэтгэлээр хөглөгдөн ижил дасал болсон гэдэг. Гэвч тэдний дурлал амьдрал болж үргэлжлээгүй. Мөнхийн мөрдлөг, хавчлага шахалт, дарамтад амьдарч явсан Р.Чойномын хувьд амьдрал зохиож, үр хүүхдээ өсгөн налайж суух боломж байгаагүй тул хоёр тийш болжээ. Нэрт найрагч өмнөх эхнэр Н.Нинагаасаа ч мөн ийм л шалтгаанаар холдсон гэдэг. Хоёр бүсгүй хэн, хэнийхээ тавиланг давтсан өрөөсөн заяаны эзэд юм. Охин үрс нь ч эцэг, эхийнхээ хүсээгүй салалтын гунигт тавилан, өнчрөл хагацлын гашууныг амсч өсч торницгоожээ. Мөн тэднийг хоорондоо сайн харилцаатай байсан, Д.Туулыг өвдсөн үед Н.Нина биеийг асууж утсаар ярьдаг байсан хэмээн мэдэх, таних хүмүүс дурсдаг.
Д.Туул шаардлага өндөртэй, зарчимч бүсгүй байжээ. Тэрээр охиноо бага байхад аавынх нь талаар хэлдэггүй байж. Харин 13-14 хүрч юмны наад цаадыг ялгаж салгаж ойлгохтой болох үед нь “Чиний аав уран бүтээлч хүн байсан. Нэр хугарахаар яс хугар гэж үгтэй. “Эмэгтэй хүн эрдэм боловсролтой байх ёстой. Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ.
Аавыгаа огт харж байгаагүй, юу хийдэг ямар хүн байсныг ч мэдэхгүй бяцхан охин Мөнхтэмүүлэн гэнэт ийм хариуцлага үүрч, орос сурах бичиг үзэж, зузаан ном тэвэрч суухдаа “Би жирийн хэн нэг хүний хүүхэд байхгүй яав даа” гэж бодох үе ч байжээ.
Д.Туул бүсгүй айлын 13 хүүхдийн нэг хэдий ч эцэг эхээс дөрвүүл үлдэж, хожим тэднээсээ хагацаж хүний ганц охин болсон. Аав ээж нь Октьябрийн хувсгал эхэлж цаг төр үймэх үеэр Оросоос Монгол руу ирж Сэлэнгэ аймгийн нутагт амьдарч байгаад Улаанбаатарт суурьшсан буриад хүмүүс байсан тул мөн л нийгмийн шахалт хавчилтад амьдарч байж. Дээр нь цаг үедээ адлагдсан яруу найрагч Р.Чойномтой ханилснаар түүний амьдрал мөрдлөг хавчлагад өртөж бүр ч амаргүй замыг туулжээ. Хожим цэргийн хүнтэй гэрлэж нэг охин төрүүлсэн ч ой ч хүрээгүй байхад нь хадмуудын зүгээс “Эсэргүүний эхнэртэй ханиллаа, цол тушаал ахихгүй хэцүү” гэсээр тэд салж, охиноо ч хүнд өргүүлжээ. Гэхдээ тэрээр сайн цагийг үзэж, 1990 оны эхээр Р.Чойномыг цагаатгасан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гардан авч, 1998 онд охин Ч.Мөнхтэмүүлэнгээ 22 настай оюутан байхад нь бурхан болжээ.
Ч.Мөнхтэмүүлэн хүнд өргөгдсөн дүүгээ хаана явааг мэдэхгүй. Нэг өдөр зүс мэдэх хоёр эмэгтэй ирээд “Дэлгүүр рүү молоко аваад ир” гэж охиныг гүйлгээд ирэх хооронд нь авч яваад хүнд өргүүлчихсэн байж. Хэнд өргүүлснийг нь тэр үед ээж нь ч мэдэж чадаагүй гэдэг. Өдгөө ээжийнх нь талаас түүнд хамаатан садан байхгүй. Харин “Өд” сангийн Д.Ганболд ахтай хааяа утсаар ярьж аавынхаа хэвлэгдсэн номноос авахаас гадна зарим үед бага сага тусламж гуйдаг. Д.Ганболд ах ч тав арав гээд л боломжоороо тусалдаг” гэв. Ч.Хулан \Н.Нинагаас төрсөн охин\, Эрдэмном \Лхагважаваас төрсөн охин\ гэж ээж өөртэй ч эцэг нэгтэй хоёр эгч түүнд бий. Гэвч тэд бие биеэ сургаар мэдэж сүүлд бараа бараагаа харж эгч дүүс гэдгээ мэдэлцсэн байна.Ч.Мөнхтэмүүлэн ээжийгээ нас барсны дараа Н.Нина дээр очиж, Хулан эгчтэйгээ уулзжээ. Ээж нь амьд сэрүүндээ түүнийг аавтайгаа адилхан гэж ярьдаг байсан бол бусад хүмүүс Хулан, Мөнхтэмүүлэн хоёрыг хоорондоо усны дусал шиг адилхан гэлцдэг аж. Түүний хувьд нэлээд хожуу “Өд” сангаас аавынх нь ургийн баярыг хийхэд хүүгээ дагуулан очиж Хулан эгчтэйгээ уулзжээ. Харин Эрдэмном эгчтэйгээ бүр сүүлд одоогоос хоёр жилийн өмнө л анх уулзалдаж танилцжээ. Мөн “Өд” сангийн урилгаар аавынх бүтээлээр нэрлэсэн “Оюухай” наадамд очиход сүрэг зээр зам хөндлөн давхиж, хос тогоруу нисч байсан бол буцахад нь бороо орж солонго татаж их найрагчийн нутаг бэлгэ дэмбэрэл дүүрэн угтаж үдсэн гэнэ. Одоо аавынхаа нутаг руу явбал тэрээр гэр бүлээрээ очих бодолтой байдаг гэв.
“Зурах, сийлбэр хийх дуртай, шүлэг бичдэг охин байв”
Аавынхаа төрсөн гэрийн буйран дээр том охины хамт. 2014 он.
“Амьдралын тойрог”-ийн зочин маань Улаанбаатарт төрж, 100 айлын Хүнсний IX дэлгүүрийн арын гэр хороололд тоглож өсчээ. Түүнийг том болоход тэднийх III, IV хороолол руу нүүсэн байна. Багаасаа зураг зурж, шүлэг бичиж, гарт таарсан модыг зорж сийлбэр хийх гэж оролддог байв. Дөрөвдүгээр ангид байхад нь “Пионерийн үнэн” сонинд анхны шүлэг нь хэвлэгдэж байсан бол 10 жилд байхдаа бичсэн шүлгүүд нь 1990- ээд онд “Залуучуудын үнэн” сонинд гарчээ. Харин анхны номоо 2018 онд “Би бол чи” нэртэйгээр хэвлүүлжээ. Номын нэрийг аав нь түүний зүүдэнд ирж хэлж өгсөн гэнэ.
Тэрээр аравдугаар ангиа төгсөөд “Цагаан шувуут” компанийн Монгол ёс заншлийн хувийн дээд сургуульд орсон ч зах зээлийн үед сургалтын төлбөрийн асуудал хэцүү байсан тул сургуулиасаа гарчээ. Дүрслэх урлагийн “Анима” сургуульд шалгалт өгч тэнцсэн ч мөн л төлбөрийн асуудлаас болоод сурч чадаагүй. Ингээд Солонгос компанид ажилд ороод байтал нэг өдөр Ардын уран зохиолч Д.Бадарч тааралдаж “Зохиолчдын хороон дээр яваад оч” гэснээр тийш очиж Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд шалгалт өгч тэнцсэнээр элсэн оржээ. Удалгүй ээж нь нас барж, дараа жил нь айлын бэр болж том хүүгээ төрүүлж, улмаар хүүгээ эмчлүүлэх, асрах шаардлага гарч сургуулиа орхиж 2006 оноос Дарханд суурьшжээ.Ренчиний Чойномын нэрийг өргөж, үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна
Ч.Мөнхтэмүүлэнгийн нөхрийг Д.Отгонбаатар гэдэг. Тэд дөрвөн хүүхэдтэй өнөр бүл байсан ч өнгөрсөн жил дөнгөж 20 нас хүрээд байсан том хүүгээ алджээ. Дараагийн охин нь ирэх намар арванхоёрдугаар ангид орох бөгөөд зураг сайн зурдаг, ирээдүйд үргэлжилсэн үгээр зохиол бичиж мэдэхээр авьяаслаг нэгэн. Дунд охин нь энэ жил зургадугаар ангид орох бол бага охин нь зургаан настай гэнэ.
Бид Ч.Мөнхтэмүүлэнд өнгөрсөн өвөл хоёрдугаар сард цахимаар ярилцах хүсэлт илгээсэн ч тэрээр хойшлуулсаар энэ хүрсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаа тавгүй байх болсон. Тэр минь сурлага сайтай, яруу найрагт дуртай , шүлэг бичиж, Beat зохиодог байлаа. Хүүгээ амьд сэрүүн байхад зээл авсан юм, ном гаргах санаатай. Гэтэл түүний дараахан хүү минь өвдөж, эм тариа олох, эмчилгээ хийлгэх гээд аав нь ажлаасаа гарч хот руу очиж сахисан. Сайн эмч нарийн ачаар хүү маань эдгэрч хичээлдээ явж эхэлсэн. Энэ дашрамд хүүг минь үргэлж тусалж дэмжиж байсан Отгонтэнгэр их сургуулийн удирдлага болон багш ангийн найз нарт нь үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. Дараа нь цар тахал хөл хорио гээд орлогогүй боломж муутай болсон. Бас хүү маань гэнэтийн ослоор бурхан болж, хэдэн төгрөгөө юм болгож эргэлдүүлж чадсангүй, зээлээ ч төлж чадсангүй. Хүүгийнхээ буяны ажил дээр ирсэн найз нөхөд, танил тал, сайхан сэтгэлээрээ тусалсан хүмүүсийг хараад “Миний хүү үнэхээр бусдад хүндлэгдсэн мундаг хүн байж” гэж бахархаж омогшихийн зэрэгцээ ийм үнэтэй эрдэнээ алдчихлаа гэж бодон маш их харамсч ашуудсан. Одоо зээл нэхэгдэж, шүүхийн мэдэгдэл ирээд барьцаанд тавьсан байраа алдчих вий гэж сэтгэл зовниод байж байна. Манай нөхөр шилэн кабелийн техникч мэргэжилтэй, Дарханд мэргэжлийн ажил олдохгүй бас нас, хүйс заагаад ажилд авдаггүй. Миний хувьд гар дээрээс ном зарж, солилцож, түрээсээр уншуулж хэдэн төгрөг олж амьдралдаа нэмэрлэж ирсэн. Цар тахлын үед хүмүүс гар дээрээс ном авах, гар дамжуулж унших дургүй болж миний ажил ч зогссон. Зээлийн барьцаанд тавьсан байраа ч алдаж болзошгүй хүндхэн байдалд орсон учраас ярилцлагад урихад чинь хойшлуулсаар энэ хүрлээ. Гэвч байдал сайжирсангүй, сэтгэлийн зовлонтой байна. Би бага байхаас ямар ч сорилтыг давж туулаад л ирсэн. Амьдрал ээдрээтэй хэцүү гэдгийг мэдэхгүй явсаар одоо л хэцүү юм уу гэдгийг олж харах гээд байна. Залуу байхад анзаардаггүй байжээ. Бүхнийг чадах, мэдэх юм шиг тийм л цагаан цайлган, тэнэг зоригтой байж. Гэхдээ одоо би чадна гэж бодогдохоо бас байжээ, нас ч явж байна хэмээн ярьсан юм.Цаг үеэсээ түрүүлж төрөөд хориотой хатуу нийгмийн буулган дор нухлагдсан ч бууж өгөөгүй зохиол бүтээлээрээ тэмцэж буцсан Ренчиний Чойномын отгон охин Ч.Мөнхтэмүүлэнгийн амьдралын тойргоор аялахад ийм байна. Аавын охин болж төрснөөр надад боломж олон таарсан ч би алдсан нь их. Тийм аавтай байна гэдэг сайхан. Зарим хүн “Чи азтай юм” гэдэг, зарим нь чи тийм хүний охин юм чинь ийм байх ёстой гээд амьдрал заах гээд аав шигээ авьяастай, алдартай байхыг надаас нэхээд байх нь бий. Би Ренчиний Чойномын охин гэж нэрээр нь овоглосон ч Мөнхтэмүүлэнгээрээ л амьдарч ирсэн. Би ийм байж ирсэн, ийм л байна хэмээн даруухан өгүүлэх тэрээр аавынхаа алдраар овоглож бас үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна. Монгол Улс бурангуй үедээ эцгийг нь хэлмэгдүүлж хохироосон юм чинь хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлж яваа энэ үедээ алдаагаа засаад үр хойчийг нь өргөж тэтгээсэй билээ.
Ч.Мөнхтэмүүлэн болон түүний тэнгэрт байгаа хүү О.Энх-Амгалан нарын шүлгийг толилуулъя.
Намайг тэнд байхад
Намайг оргилд байхад
Нүд бүхэн намайг ширтэж
Нүсэр бүхэн надад сөгдөж
Нүцгэн үнэн хүртэл дээлээ давхарлаж
Нүгэл бүхнээ надаас нууна
Намайг нүхэнд унахад
Уруул бүхэн намайг нулимж
Хуруу бүхэн намайг чичилж
Хуучин бүхэн надаас түрүүлж
Худал хуурмаг надаар тоглоно
Намайг байхгүй байхад
Хэн ч намайг санахгүй байж болно
Хэсэг нэгэн нь алтан өнгөтэй хорон үгийг
Хэд хэдийг хойгуур минь унагаж байж ч болно
Намайг байхаа болиход
Бүгд л гаднаа уйтгар гуниг
Бүгд л гаднаа уй гашуу
Бүхний тэр нулимсан дунд
Бүдэгхэн нэг инээмсэглэл байх вий2016 он О.Энх-Амгалан
Эх орон буюу өвгөдийн захиас
Алтан түүхийн шарласан хуудаснаас
Аньсага цавчилгүй намайг ширтэн
Аяархан санаа алдсан өвгөдийн минь сүнс
Алтнаас үнэтэй эрдэнэ эх орон минь гэж шивнэнэ
Амь шигээ хайрлаарай гэж захина
Алдахгүй хамгаалж чадвал
Амгалан тайван, нуруу цэх амьдарна
Алдаж үрэгдүүлвэл бусдын боол болж
Арчигдан устаж мөхөх болно гэж сануулна
Атар хээр талын ширхэг чулуунаас эхлээд
Алтай Хангайн ноён оргил хүртэл
Рашаан булаг, гол нуурын дусал ус ч
Асгарсан цус, тасарсан амины үнэтэй шүү гэнэ
Өвчинд шаналбал эмчлэх эм чинь
Өвс ургамал, рашаан усанд нь бий
Өлсч ядарвал идэх хоол чинь
Өргөн тал, уул хангайд нь бий
Үлгэрийн мэт эрдэнэс баялаг хөрсөн доор нь бий
Өнчрөхгүй, сөгдөхгүй явах ухаан нялхсын цусанд бий
Өнөөдрийн эх орны хувь заяа харин чиний гарт бий
Эх орон газар нутгаа гэсэн өвгөдийн минь тэмцэл
Эрин зуунд мартагдахгүй түүх болон мөнхөрсөн юм
Элгэн чулуун хөшөө болон хээр талд үлдсэн юм
Эхийн чинь хайр болон чамд шингэсэн юм
Эцгийн чинь овог болон чамтай үлдсэн юм
Эргэн тойрноос чинь хүрээлэн түшсэн юм
Эгц бардам омголон явахад чинь тусалсан юм
Ийм учраас хойч үе минь чи
Эрээн мяраан өнгөнд бүү авт
Элэггүй харийн хүнд өврөө бүү нээ
Эх орондоо эзэн шиг нь эзэн бай
Хүүхэддээ өвлүүлэх хамгийн эрхэм өв болго!
Хүн шиг амьдрах амьдралын нь баталгаа болог!
Худал хуурмагийн салхи орчлонг бүрхэж
Хувь заяандаа гутарч суух үедээ
Хэзээ нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн дээдсээ дурсаж
Хэний үр сад гэдгээ санан омог бардам бай!
Хүж дэлхийгээр эрэн тэнүүчлээд явсан ч
Хүрч ирээд амрах эх оронтой байлга!
Хүй орчлонгоос хальсан ч гэрэлт сүнс чинь
Хөх чонын удамт өвгөдтэйгөө нэгдэх ёстой!
Хөх толбот Монгол болж Эх орондоо төрөх ёстой!
Хүчирхэг Монголын голомтыг унтраалгүй сахих ёстой!
Энэ бол чиний оршин тогтнох утга
Эх орон гэдэг алдашгүй ганц эрдэнэЧойномын Мөнхтэмүүлэн
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -
Газар усны нэрийн уламжлалт ёс
7р зууны үеийн Орхоны дурсгалд тохиолддог Тугла /Туул гол / Оркун /Орхон гол/ Алтай /Алтайн нуруу/ Сэлэнгэ /Сэлэнгэ мөрөн/ зэрэг нэршлүүд одоо хүртэл өөрчлөгдөөгүй нэрлэгдсээр яваа бөгөөд энэ нь эрт цагийн түүхийн элдэв явдлыг хожмын үеийнхэндээ тодотгож өгөх үнэт баримт юм. Газар усны нэрэнд овог аймгийн газар нутгийн суурьшил хэмжээ, хол ойрын хил заагийг гаргахад чухал баримт илтгэн үзүүлэх нь цөөнгүй ажээ. Энэ тухай академич Ренчин гуайн бичсэн нь “ Хөвсгөл аймагт Дэлгэр мөрөн гэдэг нэртэй мөрөн явсаар байгаад нэг газраас гэнэт Сэлэнгэ болчихдог нь түүхийн үүднээс, эхээр нь монголчууд хэзээний оршин суусаар ирсэн учраас Дэлгэр гэж нэр өгсөн ба эрт цагт хамниган нар суудаг байсан тэр нутагт мөрөн ус даруй хамниганаар Сэлэнгэ буюу монголоор Төмөрт гэсэн нэртэй болсон аж. Зүүн зүгээс монголчууд хамниганы нутагт хүрэлцэн ирэхдээ уугуул хамниган нэрийг нь хэвээр хэрэглэн нэг мөрөн ус, адаг, дунд биедээ хамниган нэртэй, эхээрээ Дэлгэр гэдэг монгол нэртэй болж ирсэн түүхтэй “ гэжээ.
13р зуунаас өмнө монгол хэлтэн улс аймаг хаагуур нутаглаж байсан тухай асуудал бол одоо үеийн шинжлэх ухаанд төгс шийдэж чадаагүй бэрх асуудлуудын нэг билээ. Энэ мэт асуудлыг асуудлыг боловсруулахад газар усны нэр чухал баримт болдог. 13р зуунаас өмнө Хөх нуур Түвдийн хязгаарт монгол хэлтэн аймаг улс байсан тухай мэдээ түүхэнд мөчид гардаг боловч тэр хавийн газар усны нэрийг судлахад 13р зуунаас өмнө монгол хэлтэй овог аймаг тэнд нутаглаж байсан тухай тодорхой баримт олддог байна. 1280 онд Хубилай хаан Хатан голын эхийг олуулахаар Түшийг томилж явуулсан бөгөөд энэ ажлыг Түшийн дүү Хугачу үргэлжлүүлж дуусгасан билээ. Тэдний мэдээлснээр Хатаны гол Ходун –наураас /одон нуур/ эх авч урсана. Цаашид энэ орчим Хулан гол /улаан гол/ , Йесүн олом-/есөн олом/ , Кара бэлчир /хар бэлчир/ , Нарин кара /нарийн хар/ гэх мэт монгол нэр тохиолддог байна. Ер нь дорнод Түвд, Ганьсү мужид газар усны монгол нэр тохиолдсоор байдаг. Үүнээс үзэхэд дээрхи нутагт монгол хэлтэй аймаг улс оршсоор байжээ.
Монголын нууц товчооны газар усны нэрийг ажиглахад тэр үеийн монгол хэлзүйн сонин баримт ажиглагддаг. Далан Нэмүргэс, Далан Балжуд, Гурбан Тэлэгсүд, Көлүрэн-ү, Долуган Болдугууд гэх нэрд олон тоогоор харилцан шүтэлцэх ёс нь мэдэгдэж байна. Нууц товчоонд гардаг Көл-Баргужин-Төкүм, Баргужин гол зэрэг нэр нь нэн эртний шинжийг агуулжээ. Учир нь Баргужин гэдэг нэр үгэнд эм хүйсийг үзүүлэх жин дагавар хэрэглэн газар усыг нэрлэж байгаа нь эхийн эрхт ёсны ул мөрийг санагдуулна. Жин , чин, лүн гэх дагавараар тэр үед эм хүйсийг үзүүлж нэлээд өргөн хэрэглэж байсан.
Шүтлэг мөргөл шашин суртхууны нөлөө газар усны нэрэнд ул мөрөө үлдээсэн байдаг. Монгол бөөгийн мөргөл хүчтэй байсан цагт уул усыг эрхэмлэн тахиж, шүтэн биширдэг байсан бөгөөд уулыг ихэвчлэн хан, голыг хатан гэж нэрлэдэг байна. Алтай хан, Хангай хан, Хэнтий хан, Муни хан, Хэрлүн хатан, Онон хатан гэх мэтээр холбон хэлдэг байжээ. Монгол оронд буддын шашин дэлгэрсэн цагаас хойш богд ,хайрхан хэмээх үгийг уулын нэрэнд их хэрэглэх болсон байна. Ац Богд, Цагаан Богд, Таван Богд, Аж Богд, Баатар хайрхан, Мөнх Хайрхан зэрэг нэр үүнтэй холбоотой байна.
Монголын газар нутгийн нэр дотор нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц үйл ажиллагаатай шууд холбогдсон нэрийн зүйл маш элбэг. Монгол нутагт Жороо, Хээр адуу, Хонгор , Шарга гэх мэт адууны нэрээр нэршсэн газар олон бий. Мөн түүнчлэн Шийр, Дэл, Сүүл, Шарга морьт, Адуун худаг, Тэмээн уул, Хөгнөхан, Тэмээн хүзүүт, Үхэрт, Морин даваа, Ямаат, Ишгэн шил, Ингэн гол гэх мэт нэршлүүд аймаг сумдад элбэг тохиолддог.
Түүнчлэн байгалийн баялагаар онцлон нэрлэсэн Тарвагатай, Хужирт Оюу толгой Алтан уул, Шохойт, Цахилдагт, Булган гол Сонгинот , уул усны төрх байдлаар нь нэрлэсэн Дөрвөлжин, Төгрөг нуур, Дөрөө нуур, Холбоо нуур, Дэл хад, Ханан чулуун ам, Хавтгай уул, өнгө зүсээр заасан Улаан нуур Хөх гол, Цагаан гол, Улаан даваа, Шар худаг, Хар өндөр , Ногоон нуур,Буурал хайрхан, мөн тооны нэр оролцон түүний бүтэц бүрэлдхүүнийг илтгэн гаргасан Хос гол, Гурван нуурын рашаан, Найман нуур, Дөрвөт даваа, Таван богд, Есөн булаг, Гучин ус, зэрэг мөн зүг чигийг заасан Баруун бүрэн, Өмнөдэлгэр, Дунд гол, Дээд хөндөл, Адгийн цагаан нуур, эрхэмлэн өргөмжилсөн магтан бахдсан Алдархан, Мандал овоо, Өндөрхан, Баянцогт, Дэлгэрхангай, Эрдэнэмандал гэх мэт монгол орны газрын нэршил агуулга туйлын баян агаад түүнийг бүрэн тооцоход бэрх юм.
Монголын газар усны нэрийг аймаг ястны нэр, эрдэнийн чулууны зүйлээр газар усны нэрийг бүтээх, мөн өргөмжилсөн дархан нэр хэрэглэх, зарим уул усны нэрийг цээрлэж өөр үгээр орлуулан нэрлэх зэрэг олон янз байдаг билээ. -
ХУБИЛАЙ ХААНЫ ҮЕИЙН ЧИНГИС ХААНЫ ЗУРАГТАЙ ВААР
Уг ваарыг Хубилай хааны үед бүтээгдсэн гэж үздэг бөгөөд ваарны хүзүүний орчим Их эзэн хааны дүр зургийг мөнхөлсөн гэдгээрээ онцлог юм. Ваар нь далайд живсэн худалдааны хөлөг онгоцноос олж, анх судлаачдын анхааралд өртсөн гэж үздэг. Ваарыг анх олсон хэлбэрээр нь дахин бүтээсэн бөгөөд энэхүү бүтээлээ ийнхүү олонд танилцуулж байгаа ажээ.

-
БӨГЖ ЗҮҮХЭД УЧИР БИЙ.
Дунд хурууны бөгж:Хашир туршлагатай хүн шүү гэсэн санааг илэрхийлдэг.
Долоовор хурууны бөгж:Эрчүүдийн хувьд ирээдүйн эхнэрээ эрж хайж байна гэсэн утгатай. Харин эмэгтэйчүүдийн хувьд бусдад буруу ойлголт төрүүлэхгүйн тулд долоовор хуруундаа бараг бөгж зүүдэггүй.
Харин хуримын бөгжийг ихэнх оронд зүүн гарын ядам хуруунд, Орос болон бусад оронд баруун гарын ядам хуруунд зүүдэг уламжлалтай. Бөгж буюу бэлзэгийг голдуу оюу, шүр, сувд, тана эрдэнийн чулуугаар шигтгэх нь нарийн сайхан ур хийцтэй болгодог байна. -
З.Бат-Отгон: Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэдлэгээр тайлбарлаж, баталж бичсэн
-Сайн байна уу, та? Таныг шинэ, сонирхолтой ном гаргасан гэж сонслоо. Баяр хүргэе. Ямар ном гаргав аа? Энэ номыг бичих санаа хэзээнээс төрж эхэлсэн бэ?
-Баярлалаа. Би саяхан “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гэдэг ном гаргалаа. Миний үндсэн мэргэжил бол физик – математик. Би оюутан байх үеэсээ амьдралыг, хөгжил дэвшлийг болон орчлон хорвоог арай өөр нүдээр харж эхэлсэн. Гэтэл манай дэлхийд сайн сайхан зүйлсээсээ муу муухай зүйлс илүү олон байв. Жишээ нь, маш олон дайн самуун болж, хүмүүсийн цус нулимс урсаж, хагацал өнчрөл, зовлон зүдгүүр, өлсгөлөн гуйланчлал, ядуурал, хар тамхи, мансуурал, донтол, биеэ үнэлэлт, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл гэх мэт амьдралд байж боломгүй – тэвчишгүй муу муухай зүйлс энгийн үзэгдэл болсон, түүнд хүмүүсийн бодол, сэтгэл хэтэрхий дассан учир ямар ч эмзэглэл, харуусал төрөхгүйгээр маш буруу амьдарч байгааг ажигласан. Тэгээд миний сэтгэл маш их шаналсан, маш их гутарсан.
Тэр үеэс би “Хүн төрөлхтөн яавал энэ их муу муухай зүйлсээс салах бол?” гэж их боддог болсон. Бас “Хүн төрөлхтний зөв, сайн сайхан оршин амьдрах арга нь юу вэ, гарц нь юу вэ?” гэж эрж хайж эхэлсэн. Байгальд хамгийн төгс шийдэл, гарц гаргалгаа байдгийг санаад эрэл хайгуулаа байгалиас эхэлсэн. Энэ нь эцсийн эцэст орчлонгийн оршихуйн түгээмэл хууль гэж нэрлэгддэг орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг таньж мэдэх ажил болж хувирсан.
Орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг би өөрийн эзэмшсэн физик, математикаас олоогүй. Тиймээс хими, биологи, газар зүй, анагаах ухаан, хүн судлал, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухааны тулгуур 20 гаруй салбар луу орж судалгаа хийсэн. Бас л олоогүй. Шинжлэх ухааны хамгийн сүүлчийн салбар болох синергетик нь шинэхэн учраас тийм өндөр түвшний шийдэлд хараахан хүрээгүй байна. Дараа нь философи руу орсон. Өрнө, дорнын гүн ухааныг бүхэлд нь уншиж судалсан. Бас олоогүй. Дараа нь будда, христос, ислам хэмээх гурван том шашны сургаал номлолоос олоогүй. Мөн эзотерикийг уншиж судалсан боловч бас олоогүй. Ингээд миний эрэл мухардсан.
Ингээд би 2000 – аад оны эхээс монгол судлал руу орж судалгаа хийж эхэлсэн. Учир нь, нүүдэлчин монголчууд байгалийг илүү танин мэдсэн байдаг төдийгүй тэдний амьдрал нь байгальтай хүйн холбоотой байдаг. Ингэж монгол судлал руу орж, эртний Монголын гүн ухааныг судалсанаар би орчлонгийн оршихуйн түгээмэл онол, үндсэн хуулийг олсон. Удаан хайсан эрлээ олсон. Түүнийгээ “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж уншич та бүхэнтэй хуваалцаж байна.-Мөнх тэнгэрийг шинжлэх ухаантай хослуулж бичсэн гэсэн үг үү?
-Товчхондоо, тэгж ойлгож болно. Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэдлэгээр тайлбарлаж, баталж бичсэн.-Монголчууд бид Мөнх тэнгэр гэж ярьдаг ч яг юуг нь сайн мэддэггүй. Мөнх тэнгэр гэж яг юу юм бэ? Олон монголчууд танаас энэ асуултыг асуугаасай гэж бодож байгаа байх.
-Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Эндээс Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болох нь маш тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр гэдэг бол цахилгаан соронзон физик, гэрлийн буюу оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик гэсэн үг. Цаашилбал, синергетикийн онол, хууль, мэдлэг. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, дээд мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм. Чухамхүү үүнийг л уг номонд дэлгэн өгүүлсэн.-Мөнх тэнгэр, монгол суу ухаан хоёр яаж холбогдох уу?
-Нэг талаас, судалгаа маань монгол суу ухаан гэсэн шатнаас мөнх тэнгэрийн ухаан гэсэн дараагийн дээд шатанд ахисан гэсэн үг. Нөгөө талаас, мөнх тэнгэрийн ухаанаас монгол суу ухаан соёолж, ургаж гарсан гэсэн үг. Нэг ёсондоо, монгол суу ухааныг төрүүлсэн эцэг ухаан нь мөнх тэнгэрийн ухаан.-Тэгэхээр таны судалгаа ахиж дээшлээд, улам хүрээгээ тэлээд, гүнзгийрч байна гэсэн үг үү?
-Тиймээ. Миний судалгаа дараагийн түвшиндөө шилжсэн. Хэрвээ орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл түүний тооно нь Мөнх тэнгэр. Орчлонгийн орой бол Мөнх тэнгэр. Тиймээс өвөг дээдэс маань “Оройн дээд Мөнх тэнгэр бий, орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч бий” гэж итгэлтэй хэлдэг байж. Энэ нь Мөнх тэнгэр бол орчлонгийн төр – орчлонгийн глобаль удирдлага гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл тэр гэр доторх бүх амьдрал гагцхүү Мөнх тэнгэрийн хуулиар буюу Мөнх тэнгэрийн зарлигаар явагддаг юм байна. Монголчууд тэр хуулийг танин мэдээд, түүгээр улсаа бадраан хүчирхэгжүүлж Их Монгол улсыг байгуулжээ. Бидний өвөг дээдэс ингэж орчлон гэрийг бүхэлд нь бүрэн танин мэдэж, тэр мэдлэгээ дэлхий гэр, улс гэр, өрх гэртээ хэрэглэснээр тэнгэрлэг, агуу оршиж ирсэн байна. Мөнх тэнгэрийн ухааныг улс гэрт хэрэглэсэн нь монгол суу ухаан. Тэгэхээр Мөнх тэнгэрийн ухаан бол орчлон гэрийн оршихуйн ухаан, харин монгол суу ухаан бол улс гэрийн оршихуйн ухаан. Мөнх тэнгэрийн ухаан ч, монгол суу ухаан ч хоёулаа байгалийн ухаан төдийгүй тэнгэрийн ухаан. Чухамхүү ингэж орчлонгийн буюу тэнгэрийн оршихуйн онол, хуулиудыг баримталж оршин амьдарсан монголчуудыг тэнгэрлэг монгол гэж нэрлэдэг байжээ.-Та түрүүн Мөнх тэнгэр бол орчлонгийн орой гэж хэллээ. Тодруулж тайлбарлаач?
-Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадагийг бид мэднэ. Тэгвэл Мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг юм байна. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг. Чухамхүү энэ бол супер нэгдэл. Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрхүү супер нэгдэл нь монголчуудын танин мэдсэнээр Мөнх тэнгэр байжээ. Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүйд ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Тиймээс уг номыг англи, орос, япон хэл рүү хөрвүүлж, хэвлэж, түгээхээр ажиллаж байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрдмийнх нь ажилд улам өндөр амжилт хүсье!
-Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье!www.times.mn
-
Алтан улсын амин голыг тэмтрэгч мянтрашгүй жанжин Самуха
Шар мөрнийг монголчууд хэзээ ч гаталж чадахгүй гэж хятадууд үздэг байлаа. Ингэснээрээ Алтан хаан өөрийн эзэнт улсын хамгийн баян хэсгийг орхисон байлаа.Тэрбээр өөрийнхөө оронд засаг баригчаар ойрын төрлүүдийнхээ нэгийг үлдээжээ. Үүний дараагаар нэгэнтээ зогсож эхэлсэн дайн дахин шатаж хэлэх нь тэр. Чингис хаан Мухулайг нэн даруй Манжуур луу тдлөх тушаал өгөхтэй зэрэгцэн Самуха жанжинд нэг түмэн цэрэг өгч нэн даруй Алтан улсын хуучин нийслэлийг дайлаар эзлэх үүрэг өгөв. Гамуха жанжин бол монголын бүх том жанжнуудад шинж төгс байсан зорилгот чанараараа онцгой нэгэн байв. Тиймээс ч түүнийг Чингис хааны жанжнууд дотроос хамгийн шаргуу нь гэж зүгээр нэг хэлээгүй “олой. Удахүй түүнтэй нэгдэн нийлэхээр дахин хоёр түмт очив. Ийнхүү хятадын нийслэл аюулд учирлаа.
Самуха жанжны удирдсан их цэрэг Алтан улсын нутагт давшин рмогц бүх нийтээр оргон зулбах давалгаа хятадын армийг хамрав. Самуха жанжин Дунхуан боомтыг авсны дараагаар Алтан улсын цэргийн зөвлөл яаралтай хуралдаж, Хатан голын урд хойтох эргийн хот болгонд цэрэг суулгаж, жижиг тулалдаан хийх шийдвэр гаргажээ. Энэ нь цэрэг дайны зориулалттай адуун сүргээ монголчуудад удаа дараа алдаж морин цэрэг дутмаг болсонтой холбоотой байжээ. Самуха гурван түмийг нэгггэж, бас 1214 онд Чингис хааны талд орсон Алтан улсын цэргийн жанжин Мин Анаар удирдуулсан олон тооны босогчдыг удирдан Яньзин рүү хөдөлж 1214 оны наймдугаар сард энэхүү асар том хотыг бүслэв. Эзэн хааны эзгүйд нийслэл түүний орчин тойрныг захирч байсан Алтан улсын хан хүү монголчуудын цэргийн байрлал дундуур зугтаахыг оролдсон боловч чадсангүй. Энэ бүх хугацаанд Кайфынд аюулгүй байдалд байсан эзэн хаан 1215 оны 4 дүгээр сарын 13-нд өлсгөлөн, дайн хоёрт ядарч туйлдсан нийслэл рүүгээ нүсэр том армиар хамгаалуулсан ачааг илгээсэн авч Самуха тосуулан цэрэг илгээн бут цохиж, энэхүү ачаа барааг олзлон авчээ. Ийнхүү нийлэл хот аврагдах найдвараа алдсан байна. Нийслэлийн хамгаалалтыг толгойлогч тусламж авч чадаагүйдээ тэсгэл алдан амиа хорлов. Харин түүний оронд суусан дарга нь монголчуудын хуаран дундуур зугган гарах гэсэн хамгийн сүүлийн аргаа хэрэглэхээр болжээ. Цөөн тооны зориггон түүнтэй нэгдсэн байна. Энэхүү улайрсан агаад сүүлчийн оролдлого 1215 оны 6 дугаар сард болжээ. Энэ бол мөхөж байгаа нийслэлийн зовлон шаналалын сүүлчийн мөчүүд байлаа. Харин Самуха энэ бүхнийг ажиггүй тэвчээртэй хүлээн суув. Хүн ам тэсвэр тэвчээрээ алдаж, хамгаалалтын албаны дарга цэргээ сүүлчийн тулалдаанд оруулсан үед хотод үлдэгсэд хотын хаалгыг нээн бууж өгчээ.
Яньзин хот унаснаар Шар мөрнөөс хойш хэсэгт Алтан улсын эсэргүүцэл үндсэндээ зогсчээ. Хуучин нийслэл хот унасан явдлыг Чингис хаан эцэст нь хүртэл ашиглан “Алтан хааны” шинэ нийслэл Хэнань дахь Кайфын хотод цохилт өгөхөөр шийджээ. Харин Хэнань мужийн нутагт л эсэргүүцэл үргэлжилсээр байв. Яньзин унасны дараа чөлөөлөгдсөн хүчийг удалгүй дахин байдцаанд бэлэн болгох ажил хятадын нутгийн гүнд хийгдэж энэ ажлыг гардан хариуцаж, Хэнанийг байлдан дагуулах үүргийг Чингис хаан мөнөөхөн Самуха жанжинд даалгажээ. Энэ үед Самухын мэдэлд байсан цэрэг ердөө ганцхан түмтээс бүрдэж байв. Юутай ч Чингис хаан аугаа их Шар мөрөн бол эдүгээ хүртэл монголчуудын замд тохиолдож байсан бүхий л саад тотгоруудын дундаас хамгийн аюултай, хамгийн автагдашгүй гэдгийг ухамсарлаж байв. Самуха жанжин Шар мөрнийг Нинь У-гаас баруухнаар гаталж Шэньси мужийн өмнөд рүү оржээ. Энд Шар мөрөн нэн явцуу голдрилоор урсдаг бөгөөд түүнээс зүүн тийш орших Тунгуан цайз баруун замаас Хэнань мужийн яг голт зүрх рүү орох замын манаач нь болж байсан байна.
Энэ цайз Самухын бүх дайралтыг амжилттай няцаажээ. Өвлийн цаг дуусах дөхөж байсан учир Самуха жанжин энэ дуулгаваргүй цайзын дэргэд удаан саатахгүйгээр шийдсэн байна. Шар мөрний хөндийгөөр гарах замыг нь Тунгуаны цайз хааж, энэ хөтыг эзэлж чадахгүй нь гэдгээ ойлгомогцоо тэрбээр Циньлиний салбар уулсын мөсөн бүрхүүл дээгүүр морин цэргээ туучуулж, өндөр бөгөөд мөстсөн уул энгэрийг давж, хөндий газар руу орж чадсан байна. Ийнхүү Кайфын руу явах замдаа тэрбээр Южоу цайзын дэргэд л нэг удаа амарч, дараа нь уг мужийг дэс дараатайгаар хоослон цөлмөж, 1216 оны өвлийн сүүлээр Кайфын отод хүрчээ. Байлдааны төлөвлөгөө сайтар боловсруулагдсан мэт “айсан боловч хятадууд монголчуудаас тоогоороо үлэмж давуу хүчийг хотын дэргэд хуралдуулж чадсан байна.
Гэвч арга тасран балмагдсан Алтан улсын эзэн хаан найрамдал тогтоох гэж оролдсон боловч олон сая хүнтэй улс орны гүн дотор 1 түмэн цэрэгтэйгээр байлдаж байсанмонголын эрэлхэг жанжны болзол шазруун бөгөөд биелүүлэх аргагүй байсан тул галаас айх мэтээр монголчуудаас хулчийдаг Алтан улсын эзэн хаан хүртэл татгалзахаас аргагүйд хүрчээ. Кайфины бат бэх хэрмийг яаж ч чадаагүй Самуха жанжин өөрийн түмтийг ирсэн замаараа буцаав. Харин Самухын зол болоход өвөл эрт хүйтэрч, Шар мөрөн тас хөлдсөн байсан учир голын мөсөн дээгүр эсэн мэнд гарч, умрыг барин саад тотгоргүй ухрах боломж нөхцөл бүрэн байсан ажээ. Гэвч ухарч няцсангүй 1216 оны 11 дүгээр сард түрүүчийн аянаа давтжээ. Энэ удаад түүний хүч арай нэмэгдсэн байв. Тэрбээр Кайфины дагуул хотод очихоосоо өмнө Южоу, Жоузяноу болон бусад хотуудыг эзэлсэн учраас бүслэлтийн зэвсэгтэй болсон байлаа. Самухын тактикийг зураглаж хятадын нэгэн түшмэл эзэн хаандаа явуулсан захидалдаа “Монголчууд нийслэл хот орох зам дээрх бүх суурингуудыгхоосолж, хотуудыгдайран нурааж байна” гэжээ. Энэ бол тооцоолон бодсон устгал байв.
Монголчуудын хувьд Кайфын дэндүү хүчирхэг байсан учраас тэд нийслэлийн эргэн тойрны нутаг дэвсгэрийг хоосолж, шатааж үгүйрүүлэхээр шийджээ. Нийслэлийг булшны аниргүй байдал л хүрээлж байх ёстой байв. Ийнхүү монголчуудын гол хүч хотоос гарах бүх гарцыг хааснаар дээд зэргээр сургаж, зэвсэглэсэн Алтан улсын цэргийн анги хот дотор хашигдав. Харин энэ үед Самуха жанжны тушаалаар монголын морьт цэргүүд эргэн тойрныг нэгжин байв. Алтан улсын цэргийн зөвлөхүүд нь цэргээ байршуулах талаар эзэн хаандаа зөвлөхдөө юуны өмнө Тунгуаны цайзыг монголчуудаас хамгаалах, дараа нь монголын цэргүүдтэй партизаны болон хорлон сүйтгэх дайн хийх, түүнийг зохион байгуулахын тулд шилдэг дарга нарыг шилмэл дайчидтай илээх хэрэггэй гэцгээж байв. Кайфын хот бол Яньзын хотыг бодоход хамгаалахад зайлшгүй зүйлээр тун бага хангагдсан гэдгийг тэд бас хэлж байлаа. Гэвч Яньзин хот зэвсэг, хүнсний асар их нөөцтэй атлаа монголчуудыг зогсоож чадаагүй байхад Кайфины талаар итгэл муу байсан нь ойлгомжтой. Монголчууд хотыг бүсэлчих вий гэхээс хятадуудын нуруу руу хүйт оргиж байв. “Чингис хаан өөрөө тус хот руу зорьж ирэх гэнэ” гэсэн цуурхал ч хотынхны дотор тарж байв.
Энэ үед Алтан улсын эзэн хаан тээнэгэлзэж, зөвлөхүүдийн санал хуваагдан, айлган сүрдүүлэх, тамирдуулахын нөлөө аливаа санаачилгыг боомилж байв. Нэгэн цагт аугаа их байсан Зүрчидийн Алтан улсын төгсгөл ойртож байх мэт. Гэвч тэдний аз болоход Самуха жанжинг нутгаас нь дуудсанаар хэсэгтээ л сэхээ авав.Самуха жанжин цаашдаа дурсагдаад байх хэмжээний юм хийгээгүй байлаа ч гэсэн түүний энэхүү хоёр удаагийн аян дайн нь түүнийг бүрнээ зүй ёсоор хүн төрөлхтний түүхэн дэх морин цэргийн аугаа их жолоодогчийн нэг болгож дуурсгасан байна.
2012-10-03 15:07:55
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий