Category: Монгол үндэсний түүх

  • Вашингтон Пост: Чингис хааны онгоныг олоход ойрхон байна

     

    “Вашингтон Пост” сонинд онцолсоноор Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн ач холбогдол бүхий газруудыг тодорхойлсон бөгөөд “Public Library of Science One” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл, Чингис хааны бунхан байх боломжтой археологийн 55 газрыг эрдэмтэд тодорхойлсон байна. Тэд Монголын эртний 2,3 сая түүхэн дурсгал дотроос хайж үзжээ.
    Судлаачдын дунд хааныг Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатар хотоос 150 бээрийн зайтай орших ордных нь ойролцоо нутаглуулсан гэдэг таамаглал давамгайлж байгаа ажээ. Гэхдээ хааны булш мөн гэдгийг хараахан батлаагүй юм. Монголчууд эртнээс нааш бунхан руу хэнийг ч нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, ариун дагшин газар гэж үздэг байжээ. Тиймээс эзэн хааны онгон хэний ч мэдэхгүй, ариун газар хадгалагдаж байх магадлал өндөр юм.

    Хэрэв бид Чингис хааны онгоныг олвол дээрх 10 мянган сайн дурынханд талархах хэрэгтэй болох нь ээ. Эзэн хаан нас барахаасаа өмнө өөрийг нь хэн ч битгий олоосой гэж хүсч байжээ. Тиймээс ч хожмоо түүнийг таалал төгссөний дараа хааны бунханыг барихад оролцсон хүмүүсийг бүгдийг нь хороож, цэргүүдээр хамгаалуулж байсан бөгөөд дараа нь тэд бүгд нэгнийгээ хороосон тухай эх сурвалжид дурджээ.

    АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, “2010 оноос хойш биш өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү ажил хийж ирлээ” гэж мэдэгджээ.

    Өнөөгийн судлаачид Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явах үед олзолж авсан үнэт эдлэлүүдтэй нь хамт оршуулсан гэж үздэг байна. Хэрэв түүний бунханыг олвол дэлхийн түүх шинээр эргэх боломжтой гэж “Вашингтон Пост” нийтлэв.

  • О.Сүхбаатар: Түүхээ зөв ойлгох, сэрэх нь бидний дархлаа юм Зууны мэдээ

    -Улс хувьсгалын баяр наадмыг жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Харин Халх голын дайны жил 1939 онд нам, төрийн удирдагч Маршал Х.Чойбалсан наадмаа хийх үү, байх уу гэж нэг асуусан юм гэдэг. Тухайн үед орос цэргүүд хараахан ирж амжаагүй, хавраас өгсүүлээд Монголын цэрэг дайчид олноороо алагдаж байдал маш хүнд байсан. Гэхдээ монгол цэргүүдийг тэгж тулалдана гэж санаагүй япончуудыг ихээхэн цочролд оруулсан. Монгол цэргүүд 250-350 доторх байг алдалгүй онож байсан бол япон цэрэг 250-аас дотогш зайд байгаа онож байсан. Хоёр талд буудалцахаар манай цэргүүд илүү, тиймээс шийдвэртэй давшилт хийж чадахгүй хориглох тулаан хийж байгаад орос цэргүүд ирж манайхан Халх голын дайнд давамгайлж эхэлсэн. Тэр үед маршал Х.Чойбалсан зүүн талд цэрэг, дайчид маань олноороо үрэгдэж байхад, бид энд наадам хийх хэрэг зохистой вэ гэж асуусан ч дайны жил, хүнд хэцүү цагт ард түмнийхээ сэтгэл санааг өргөж, тусгаар тогтносон улс гэдгээ баталж төрт ёсны баяр наадмаа хийх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад хийсэн түүхтэй.

    -Манай улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч залуучууд “No наадам” хөдөлгөөн зохион байуулсныг олон нийт дэмжсэн. Засгийн газраас наадмаа дараа жил хүртэл хойшлуулсан. Гэтэл зарим нь “YES наадам” гэсэн акц бас хийлээ?

    -Нийтийг хамарсан цар тахал гарч наадмаа өнжих болсон нь тиймхэн ч уяачид, бөхчүүдийн лоббид бас ормооргүй байгаа юм. Ялангуяа уяачид бол морио үнэ хүргэж зарах гол юм нь наадам болчихсон. Тэнд унаач хүүхдүүд хохироод байгаад нийгэм даяараа шүүмжлэлтэй хандаж байна. Бөхчүүд мөн адил, даваа наймаалцах, орлого олох гол юм нь бас наадам болсон. Ерөөсөө уяач, бөхчүүдийн орлого олох гол юм нь наадам, сумын наадмаас эхлээд хэнийг амлах вэ, яах вэ гээдэг, тэрийг нь зохицуулдаг, найруулдаг хүмүүс ч бий болж далд бизнес явж байдаг. Тэр нь явсаар түрүүлсэн бөх хэчнээн саяын үнэтэй жип машин, өчнөөн өрөө байр авдаг, тэрийгээ хийх гэж ард түмнийг турхирч болохгүй л дээ. Хуучны ёсонд өвөл хэзээ ч морь уралдуулдаггүй, зун нэг л сар нааддаг байсан. Намар бол морь хайлна гээд уралдаан хийхгүй. Гэтэл одоо жилийн турш наяр наадам зохиож, бизнес хийдэг зуршил тогтлоо. Тиймээс уяач, бөхчүүд наадам хийнэ гэж үхэлдээд байна. Төрийн томчууд бүгдээрээ шахам морь уядаг, тиймээс далдуур дэмжиж, тэдний оролцоотой жагсаал, цуглаан боллоо шүү дээ.

    Цаг нараа тохируулж их нарийн зохион байгуулж харагдсан. Морьтой хүмүүс Яармагийн голын замын зүлгийг адууны хөлөөр онгичоод хаячихсан байна гэсэн. Тиймээс наадам хийнэ гэж энэ нөхдүүдэд хөтлөгдөх хэрэггүй. Хуучны ёсонд хурдан морь, хүчит бөхийн барилдаанд ам зөрөх, хэрүүл хийх бүү хэл том дуугарахыг цээрлэдэг байсан. Одоо морь гараанаас гарахаас аваад хэрүүл, зарим бөх барилдах гэж зодолдох шахдаг болж ёс жудгаа алдагдуулах болсон.

    -Өнгөрсөн жил цахим наадам хийсэн. Энэ жил хийх гэж бэлдэж байснаа больсон гэсэн. Төрийн зүгээс ямар нэг хэлбэрээр ёслол хүндэтгэл үзүүлэх учиртай санагдана?

    -Төрийн өндөрлөгүүд чимээгүй байгаа ч наадмын өглөө эрх биш өргөн олондоо мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх байлгүй дээ. 100 жилд ганц тохиож буй учраас Монголын төр хүндэтгэлтэй хандаж, ялангуяа өргөн түмнээ баярлуулсан шийдвэр гаргаж, малчин түмнээ шагнаж урамшуул, бэлдсэн ганц нэг юм байгаа бол тэрийгээ энэ олон телевизүүдээрээ гаргавал олны сэтгэл сайн сайхнаар дүүрч, баяр цэнгэлээр сүлэгдэж нийтээрээ сайхан л байна байх. Тэгээсэй гэж бодож харж сууна. Хэрэв цар тахлын байдал намжвал ирэх намар есдүгээр сард наадмаа хийе гэж зарлахад бүгд баяртай хүлээж авах байх. Гол нь наадмаа улс, аймаг, сумдад зэрэг хийх нь зүйтэй. Нийтээрээ тэмдэглэх баярын утга үүнд оршино. Нөгөө талаас ингэж зэрэг зохион байгуулахгүй бол нөгөө бөхчүүд, уяачид чинь баяр наадмын утгыг алдагдуулаад наадам биш болгочихсон шүү дээ. Тэд л улс, аймаг, сумын наадмыг цувуулж хийж дүрэм журмыг самраад байдаг. Тэгээд өөрсдөө давхиж очоод өнөөдөр нь нэг сумын ойн наадмыг худалдаж аваад, маргааш өөр аймгийн наадамд очдог. Ингээд жирийн ардын морь түрүүлэх бүү хэл барианд орж айрагдахаа байгаад, нутгийн залуу бөхчүүд аймаг, сумандаа гарч ирэх боломж хаагдсан. Наадам хэсч барилддаг, ойн баяруудыг тойрч уралддаг явдлыг зогсоочихвол нийслэл, бүсийн наадмуудаар хүн машины төвлөрөл саарна.

    -Наадам хэзээ хийхийг цар тахлын байдал шийдэх нь. Ирэх жил наадмаа тэмдэглэвэл утга, бэлгэдлийн хувьд ямар байх бол?

    -Нийтийг хамарсан энэ өвчний тархалт, явц байдлыг харж байгаа байх. Ирэх жил наадмаа хийвэл Ардын хувьсгалын 100 жилийн ой, шинэ зууны эхлэл 101 жилийн ойгоо хавсруулаад тэмдэглэхэд болохгүй юм байхгүй. Энд ардчилсан хувьсгалын ой энэ тэр гэж хамаатуулах утгагүй. Энэ бол төрд байгаа хүмүүс алба тушаалын юмаа хийж ирсэн санаархал. Ардын хувьсгалын 100 жилийн ой бол хойд, урдаас ирсэн эзлэн түрэмгийлэгчдийг хоёуланг нь хөөж гаргаж, гадаадын түрэмгийдэгчдээс бүрэн чөлөөлөгдсөний 100 жилийн ой юм шүү дээ. Оросын цагаантнуудыг хөөж гаргасны 100 жил, Хятадын гамин цэргийг бут цохиж эх нутгаасаа хөөж гаргасны 100 жилийн ой тохиож байна.

    -Гэхдээ зарим хүн Барон Унгерн Монголыг чөлөөлөхөд гавьяа байгуулсан гэж үзэх нь бий?

    -Барон Унгерн гавьяа байгуулсан юм биш шүү дээ, Монголыг дайны талбар болгох ашиг харж орж ирсэн болохоос монголчуудад туслах гэж ирсэн юм биш шүү дээ. Манайхны зарим нь түүх судлалд ч хэтэрхий холбирох юм. Жишээ нь 1911 оны хувьсгалт үйл явдлыг бүгдийг нь Богд хаанд тохчихоод монголчууд юу ч хийгээгүй гэж ярьж, бичээд байдаг. Гэтэл Да лам Цэрэнчимэд, шанзав Бадамдоржоос өгсүүлээд тэр бүгдэд гар бие оролцож, зохион байгуулсан хүн олон бий. Тэдний тухай нэг ч дурсахгүй, хийснийг нь ярихгүй, тэгээд ганц Богд л бүгдийг хийсэн , монголчууд юу ч хийгээгүй гээд байдаг. Бодит байдалд Богдын бичсэн тал хуудас ч байхгүй. Богдыг зөвшөөрүүлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан баримт бичгийн ихэнхийг Бадамдорж хийсэн байдаг. 1900 онд Орост очиж, хөдөлгөөн гарах үед оросуудаас дэмжинэ гэсэн тохиролцоог хийчихээд ирсэн хүн шүү дээ.

    -Гэхдээ Хятадын удирдагч Сюй Шү Жанд урвасан, Монголыг эзлүүлсэн гэсэн үндэслэлээр гавьяанаас илүү ял нь жин дарж түүх бичлэгт дурдагддаг шүү дээ, Бадамдорж шанзавын тухайд?

    – Сюй Шү Жаны үед гарын үсэг зурна гэдэг уг нь ял биш гавьяа юм. Богд, Бадамддорж хоёрыг Бээжинд аваачина гэж хятадууд хөсөг бэлдчихээд байхад мань хүн ороод гарын үсэг зурсан. Хэрэв Бадамдорж биш Богд хаан ороод гарын үсэг зурчихсан бол Хятад улс тэрийг дэлхий даяар зарлах байсан. Монголын төрийн тэргүүн, хаан нь бидэнтэй нэгдсэн гээд. Тэгүүлэхгүй тулд Бадамдорж өмнө нь орж гарын үсэг зурсан. Олон улсын актаар бол Бадамдорж тусдаа төрийн тэргүүнтэй, төрт улсын шашны бүлгийн ахлагч л болохоос биш төрийн хүн биш учраас тэр гэрээ бичиг нь олон улсын хувьд стратегийн бичиг баримт биш. Хэрэв Богд хааныг Бээжинд аваачиж гарын үсэг зуруулсан бол хятадууд манай улсыг НҮБ-д элсэх үед ч тэр бичгийг гаргаж ирээд тавих байсан. Тэгэхээр Балдандоржийн гарын үсэгтэй учраас тэр бичгийг хятадууд гаргаж ирж зүрхлээгүй. Улс төрийн хувьд тэр бол ач холбогдолгүй бичиг. Хятад улс Сюй Шү Жан, Го Син Ли хоёрыг 1924, 1925 онд цаазлахдаа тулгасан ял нь “Хүрээний хөгшин үнэг Балдандоржоор хуурамч бичиг үйлдүүлсэн” гээд цаазаар авсан. Гэтэл энэ бүх баримтыг тооцож үзэхгүй ганцхан Богд гэгээнтэн хийчихсэн гэж төв гаралтай хэдэн эрдэмтэн шуугиулж, түүнийг нь тухайн үеийн Ерөнхийлөгч дэмжээд явчихсан нь учир дутагдалтай. Нөгөө нэг асуудал нь хүрээг Барон чөлөөлсөн гээд байдаг. Энэ талаар Н.Хишигт доктор асуудал дэвшүүлээд ганцаардсан байх. Бараг 10 мянга орчим монгол цэрэг хүрээг чөлөөлөхөд оролцсон юм шүү дээ. Барон эхэндээ монголчуудыг тоохгүй өөрийн 800 цэргээр довтлоод дийлэлгүй зугтсан. Монгол цэргүүд оролцож байж дараачийн довтолгооноор нь хүрээг чөлөөлсөн. Ингэхдээ монгол цэрэг гол үүргийг гүйцэтгэсэн, нэг хэсэг нь Богд уулын ард олон гал түлж олуулаа юм шиг сүрдүүлээд, өглөө нь Туул голыг дагаж давшаад, нөгөө хэсэг нь араар нь явж Улиастай, Хужирбулан, Дамбадаржаа, Шадивлан болон Гандангийн ар орчмоор бүсэлж орж ирсэн. Ингээд Хятад цэргийн гол хэсэг ухарсан, тэр үед Барон зүүн талаас нь дайрч Хятадын банкийг эзэлж авсан.

    Барон Унгерний гол зорилго нь тэр банкийг монголчуудад өгөхгүй авах, хятад пүүсүүдийн бараа таваарыг дээрэмдээд Байгал нуур руу довтлох байсан, тэрийгээ гүйцэтгээд Галуут нуур хүртэл давшсан.

    Цэргийн тактикийн хувьд Байгал нуур хүртэл довтлох нь онол байсан бол Барон бараг хэрэгжүүлэх шахсан. Түүнээс Монголд анхаарал тавьсан юм байхгүй. Гэтэл манайхан өнөөдөр монгол цэргийн гавьяаг ярихгүй, ганц Богд хаан хийчихсэн мэтээр яриад, хүрээг Барон Унгерн чөлөөлсөн гэж туйлширдаг нь харамсалтай. Тиймээс нийтийг хамарсан цар тахал, дархлаажуулалтын талаар ярьж буй энэ үед хэлэхэд монголчууд бид наадмаа хийх, хийхгүйдээ ч гол биш түүхээ зөв ойлгох, сэрэх нь чухал бөгөөд бидний гол дархлаа юм.

    Ч.Үл-Олдох
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • ШИНЖЛЭХ УХААНЫГ ӨМӨӨРӨХҮЙ (IV)

    Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан. Хулганы арьс таллаж будчихаад иммунологийн том нээлт хийлээ гэж зарласан австрали эрдэмтний явдал саяхных. Гэвч шинжлэх ухаан нотлогддог, няцаагддаг чанартай учир энэ төрлийн шуугиан урт насгүй. Сайн дурынхан хорвоогоор нэг. Зургаан тэрбум хүн дотор аль янзын юм байхыг тэр гэхэв. Харин тэднийг шинжлэх ухаан тоодоггүй. Шинжлэх ухааны нэр барьсан луйварчид дундад зууных шиг элбэг биш ч ялангуяа сэтгэлгээ дорой, хоцрогдсон нийгмүүдэд амь бөхтэй оршсоор. Хөрс байгаа болохоор л луйварчид гаарч байгаа хэрэг. Сэтгэцийн өвчтөн шинжлэх ухааны нэр барих явдал ховор биш. Харин эрүүл нийгэмд тэд эмнэлэгийн хяналтандаа л байна уу гэхээс зурагтын дэлгэцээс салахаа больчихдог юм гэж хаа байхав! Эрүүл нийгэмд бүгд байх ёстой газраа л байр байрандаа. Хаа ч хэзээ ч байдаг энэ үзэгдэл харин манайд хавтгайрч, улс орны хөгжлийн бараг л албан ёсны баримжаа чиг хандлага болон алдаж, нийгмийн гишүүдийн дийлэнхийг хамарч, мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчлагдаж, олон түмэнд итгэл үнэмшил болж байгаад хамаг аюул байна. Нийгэм ийм зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулж оюун санааны гүн хямралд орж, байгаа ертөнцөөсөө тасарснаар ямарваа хөгжил дэвшил сайн сайхны тухай ярих нь ч утгагүй хэрэг юм. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг Үндэсний телевиз сэтгэцийн өвчтэй хүнээр яриулж Европын уулыг тахихад хандив өргөхгүй бол хараал хийнэ гэж ард түмнийг заналхийлгүүлж байхаар яахав? Танин соён гэгээрүүлж танин мэдүүлэх зорилготой гэх телевиз орой болгон ид шидтэнүүдээр бөөлүүлдэг заншилтай болчихоор яахав?

    Нийгэм маань гүн өвчтэй байна. Иймдээ шинжлэх ухааны нэр барьсан элдэв мистик, ид шид, ердийн солиорол, улайм цайм луйвар манай нийгэмд хүний санаанд оромгүй том орон зай эзэлж бараг л нийгмийн сэтгэлгээг тодорхойлж байна. Үүнийг ядуурлаар тайлбарлаж болно л доо. Арга ядсан, амьдралд сөхөрсөн үй олон хүмүүс мухар сүсэг рүү хуйларч аврал эрж байна гэх мэтээр. Гэтэл үнэндээ Монголын нийгмийн амьдрал статистик утгаар нь бодож үзвэл 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй чинээлэг болсон. 1986 онд Хүнсний зорилтот программаар нэг хүнд жилд 88 кг мах идүүлнэ гэж зорилго тавьж байсан. Одоо 120 кг мах ноогдож байна, мөнгөтэй нь тийм их мах иддэггүй учраас ерөнхийдээ хүн амд жигд л хуваагдаж байгаа. Борлогдож буй гурилын 80 хувь нь 2-р гурил байсан бол одоо дөнгөж 5 хувь эзэлж байна. Өдөрт хэрэглэж буй хоол хүнс Монголд 2700 ккалори байгаа нь дэлхийд муугүй үзүүлэлт шүү. Сүүлийн ганцхан жилд цалин тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдлээ. 700 мянга орчим өрхийн 98 хувь нь ямар нэг гэхээр өөрийн орон гэртэй юм байна. Тэдний ердөө 0,2 хувь нь тог цахилгаангүй гэнэ. Хүний дундаж наслалт сүүлийн жилүүдэд ихээр уртсаж өдгөө эмэгтэйчүүд наслалт дундачаар 73 хүрсэн байх юм. Өөр иймэрхүү олон статистик жишээнд татаж болно. Нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн нөмөрсөн гамшиг алга. Харьцуулахын аргагүй ядуу байсан үе саяхных. Бидэнд хэзээ ч тохиолдож байгаагүй ядуурал өлсгөлөн гуйранчлалыг тухайлбал солонгос, япон, орос, европын ард түмэн саяхан л туулаад гарч байсан. Тэдний хаана нь ч мухар сүсэг ингэтлээ нийгмийн баримжаа болон тодорч байгаагүй. Ингэхээр ядуурлаар тайлбарлах нь учир дутагдалтай байхаа.

    Боловсрол. Бүдүүлэг нүүдэлчдийг богино хугацаанд бичиг үсэгтэй төдийгүй нийтээр дунд боловсролтой болгож чадсан нь ХХ зууны Монголын хамгийн том ололт байлаа. Өчигдрийн дундад зууны хоцрогдсон нүүдэлчин ганцхан үе өнгөрөхөд орчин үеийн сэхээтэн, багш, эмч, инжинер, хуульч, эдийн засагч, технологич, профессор, химич, физикч болж чадсан нь юутай бахархал. Ийм аугаа үсрэнгүй амжилтыг энэ богино хугацаанд үзүүлж дөнгөсөн өөр ард түмэн олонгүй л байх. 1950-1990 оны хооронд гадаадад 50 мянган мэргэжилтэн бэлтгэгдсэний 16 мянга нь дээд мэргэжлийн байв. Үүнээс хойшхи 20 жилд дахиад түүнтэй дүйцэхүйц олон боловсон хүчин дэлхийн өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. 1990 онд дотоодод 18 мянган оюутан байсан бол одоо бараг 130 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 10 гаруй хувь нь шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд. Бараг л оюутны хот. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ-ын өмнө, дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна, манай Монгол! Тоон үзүүлэлтээр ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!

    Манай боловсролын тогтолцоо хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн бол одоо энэ нь тодорхой үе шатаас эхлээд гэгээрсэн ард түмнийг мухар сүсгийн харанхуй руу түлхэх машин болжээ. Энэ орныг бараг бүрэн эзлээд байгаа энэхүү солиорол, солиорлыг даган хуйлрах үй олон бол манай боловсролын системийн зэрэмдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдийг хар нялхаас нь эрдэмтэн болгохоор бэлддэг манай сургалтын тогтолцоо хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хоцрогдсон ард түмэнд гэрэл гэгээ болон их амьдрал руу дуудддаг байсан байх. Харин техник технологийн тодорхой эрэмбэд хүрсэн, хотожсон, иргэншсэн нийгэмд “эрдэмтэн бэлтгэх” программын эцсийн бүтээгдэхүүн нь мухар сүсэгт баригдсан хоосон толгой.

    Марксист сурган хүмүүжүүлэх ухаан гэгч нь ердийн сурганаас тэс ондоо юм байдаг. Маркс ангигүй тэв тэгш нийгэм хүсч байсан. Энэ төсөөлсөн нийгмийн иргэд нь универсаль өв тэгш, чадахгүй мэдэхгүй юмгүй супер баатрууд байх ёстой аж. Маркс коммунизмын үеийн иргэнийг өглөө загас барьдаг, өдөр нь үйлдвэрт ажилладаг, орой нь суралцдаг, үдэш нь шинжлэх ухаан урлагийн шүүмж бичдэгээр төсөөлж байв. Бүр ингэж бичиж байсан. Зөвлөлтийн сурганы систем яг энэ загвараар хийгдсэн нь манайд шууд хуулагджээ. Өв тэгш хүмүүжил боловсролын тухай МАХН-ын их хурал бүрээр заавар гарч байсныг ахмад үеийнхэн маань мартаагүй байж магадгүй. Гэтэл хүн гээч бодьгал хоорондоо ижилгүй, бараг давтагдашгүй онцлогтой, хүйснээсээ авахуулаад хүсэл сэтгэлгээ чадвар нь шал өмнөө олонлог гэдгийг ердийн эх эцэг мэднэ. Ингээд манай сургалтын программ, бүтэц, арга зүй, үнэлэмж, хандлага нь энэхүү универсаль эрдэмтэн бэлдэх зорилготой учраас эцэст нь ихэнх тохиолдолд зэрэмдэг бүтээгдэхүүнтэй хоцордог. Дунд сургуульдаа нуль онц сурч байсан хүүхэд амьдралд төдий л хөлөө олдоггүй нь манай сургалтын доголдлыг харуулна. Өв тэгш болохоор бэлтгэгдэж буй хүүхэд шинжлэх ухаан бүрээс зуурч нэлээд гүнзгий мэдлэгтэй болох ёстой аж. Программ нь тийм юм. Тэр дундаа яагаад ч юм математикийг ихэд шүтнэ. Тоо л бодоод байвал амьдрал хөнгөрчих юм шиг. Гэтэл ердийн мах цуснаас бүтсэн хүний амьдрал интеграл диференциалиас нэлээд холуур. Товхийсэн мужаан болоод подхийтэл амьдрах гэж байгаа хүүхдэд насан туршид нь огт хэрэг болохгүй.

    Солгой хоолойтой мань мэтийг самбарын өмнө дуулуулж, ямар ч дүйгүй хүүхдээр ундааны шил зуруулж үйл иддэгсэн, дунд сургууль. Өчнөөн жил өгүүлбэр зүй, тусагдахуун, байц ч гэх шиг хачин юм монгол хэлний хичээлээр үзсэн, 30 жил бичлээ – лав л ямар ч байц надад хэрэг болоогүй. Тэр тусагдахуун нь хэлний нарийн судлалд хэрэгтэй л биз, инжинер тэрүүгээр яах юм бэ? Гэтэл эх хэлээрээ зүгээр л аятайхан хүнд ойлгогдчихоор захиа бичиж, өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл биччиж чадах хүн огт бэлддэггүй. Хүүхэд хүссэн хүсээгүй хүний нийгэмд орно. Энд хамгийн чухал юм бол бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвар. Өөрийгөө нийгэмд зөв илэрхийлж чадахгүй бол хэний ч амьдрал өөдлөхгүй. Монгол сурагчид өөрийгөө илэрхийлэх аргыг амьдралаас олдог болохоос лав л системтэй сургалтаар биш. Тиймдээ ч юун түрүүн худалч болдог биз. Тодорхой шинжлэх ухаанд сургаж байна гээд ёстой зэрэмдэглэнэ дээ. Хэт хүнд, хэт олон талын, хэт мэргэжлийн хандлагатай сургалт хүнд тогтоогддогүй төдийгүй амьдралд ямар ч хэрэг болдоггүй. Хүнд ойлгомжгүй хэцүү бэрх л бол мундаг гэсэн ойлголтоор шинжлэх ухааны энгийн суурийг аль л хэцүүгээр нь чирнэ. Би л лав Пифагорын теоромыг дээд сургуульд орж байж ойлгосон. Гурвалжингаа дөрвөлжин болгож зураад заагаад өгчихсөн бол хэн ч ойлгочихоор юм байж л дээ.

    Манай нийгмийн мухар сүсгийн уг суурийг чухам дунд сургуульд тавьж байна. Нийгэмд юун түрүүн үнэ цэнэтэй ХҮН хэрэгтэй. Энэ хүнийг гэрбүл, орчин, цэцэрлэг, сургууль бэлдэж өгөх учиртай. Энэ хүн нь нийгэм дэх өөрийн байр суурийг эзэлсэн байх ёстой. Юунд ч авъяас чадваргүй хүн гэж хорвоод үгүй. Аль нэг юм хийхдээ гаргууд л байж таарна. Сургалтын систем тухайн хүүхдийг тэрхүү чадвартай юм руу нь хөтлөн цаашид яаж юугаар амьдрахыг нь чиглүүлнэ. Анхан, дунд шатны боловсролын гол зорилго энэ. Нэгэнт хүүхэд ирээдүйд хүний нийгэмд амьдрах учир эргэн тойрныхоо тухай цэгцтэй анхдагч ойлголттой болох хэрэгтэй. Хүүхэд болгоныг бүх юмыг мэддэг чаддаг болгох гээд ямар ч үр дүнд хүрдэггүйг сүүлийн 60-аад жилийн сургалтын систем маань харууллаа. Тэгээд ч манай нийгэм эрдэмтэн доктороор дүүрлээ. Чулуу аваад дуртай зүг рүүгээ нүдээ аниад шидэхэд л аль нэг докторын толгой хага. Ийм олон оюутан, оюунтан, доктор профессортой болчихоор хэн гарч хог асгах юм бэ! Тэр олон докторыг чинь хэн тэжээх юм бэ!?

    Нийгэм өөрчлөгдөөд хориод жил боллоо. Өрнийн сургалтын системийг шууд хуулж хэрэглээд үр дүнг нь үзвэл үзэх хугацаа өнгөрлөө. Универсаль хүн бэлддэг марксист сургалтын системээс яагаад салж болдоггүй юм бэ? Шинэ нийгэмд энэ тогтолцоо таарахгүй болохыг арьс махан дээрээ бид мэдэрсээр л байна. Энэнээс болоод дээд мэргэжлийн дипломтой бол хоол бэлэн гэсэн ойлголт хүмүүсээс салдаггүй, иймээс хэрээс хэтэрсэн олон оюутан эрдэмтэнтэй болж сандал хадах хүнгүй боллоо. Энэ систем чухамдаа шинжлэх ухаанаар даажигнаж байна. Нийгэм солиорч, мухар сүсэгжиж, псевдо шинжлэх ухаан эрчээ авч буйн бүх биш гэхэд ихээхэн хувь нь боловсролын системд байна. Монгол хэлээр шинжлэх ухаанд хүрэхэд учир дутагдалтай. Хэл нь муудаа биш, цөөн хүн хэрэглэдэг учраас өнөөгийн мэдээлэлд дарагдсан ертөнцөд монгол хэлээр юм шүүх бололцоо хязгаарлагдмал. Норвег, фин, тай, румын хэл ч хязгаарлагдмал бололцоотой. Урьд бид төвд хэлээр дамжуулж байсан. Саяхан болтол орос хэл хорвоотой харилцах гүүр байлаа. Одоо орос мартагдаад англи орж ирж амжилгүй завсрын хэлгүй даадаа болчихоод байгаа нь бас нэг шалтгаан юм. Үнэндээ англи байтугай солонгос, хятад, японоор наймааны хэлтэй болж байгаа ч шинжлэх ухаанд нэвтрэх гүүр болохуйц хэлний боловсрол дэндүү дутаж байна.

    Жич: Дэндүү урт болчихлоо. Гэтэл хэлэх гэсэн санаа минь бүрэн гарч чадсангүй. Манай нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа энэхүү гажиг, үүнийг засаж сэлбэх талаар хүн хүнд олон бодол бий байх. Миний л бодоход ийм байна. Гажиг сэтгэлгээтэй нийгэм урагшлах дэвжих талаар ярих нь дэндүү ахадсан зорилт мэт. Төөрөлдөж мунхран мухар сүсэг ид шидэнд итгэсэн зуу зуун мянган ангаахайнууд бэлэн хоол нэхэн, болж бүтэхгүй болгоноо өөрөөсөө бусад бүх юманд тохон ид шидээр бэрхшээлээс гарч амьдралаа дээшлүүлнэ гэж горьдох боллоо. Миний бодоход зовлон бэрхшээлийн цаад шалтгаан нь хүмүүс өөрснөө юм. Түүнээс хохирогч нь биш. Будда сургахдаа зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн. Шашин ч бидэнд шал өөр өнцгөөс шал өөр учир шалтгаанаар ирж нөхцөж байх шиг. Аймаар том ид шид! “Шашныг өмөөрөхүй” гэж өгүүлэл бичье гэж бодлоо. Шашныг лам хувраг болон элдэв ид шидтэн, бөө удган, зайран, үзмэрч, мэрэг төлөгч нараас өмгөөлж хамгаалах хэрэгтэй юм шиг. Шашныг шашны эдгээр дайснуудаас хамгаалах ёстой байх. Урлагийг ч үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй юм шиг. Энэ талаар та бүхэнд санал байвал bbaabar@gmail.
    2008.11.2

  • НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ УЛАМЖЛАЛТ ЁС

    Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдсон үеэс эхлээд эхээс төрөх хүртлээ нэг нас элээдэг гэж үзэн түүнийг “хий нас” гэдэг. Иймээс эхээс төрсөн дор нэг настай гэж үзээд одоогийнхоор нэг ойндоо хүрэхэд хоёр настай боллоо гэж тооцдог уламжлалтай байсан. Монголчууд хүүхдийн насны ойг эхээс төрөөд бүтэн жил болсны ойн дээр тэмдэглэдэг, харин жил бүр төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ. Ер нь монголчуудын баяр цомхон байсан нь уламжлалт амьдралын хэв маягтай нь салшгүй холбоотой. Хүүхдээ хоёр нас хүрмэгц (хий настайгаа) цагаан идээгээр идээ засч ойр төрлийн ах дүү, айл саахалтаа цуглуулан будаалга хийдэг. Хүрэлцэн ирсэн хамгийн өндөр настай хүнээр ерөөл, бэлгэ дэмбэрэлийн үг хэлүүлдэг. Хүүхдийн насны ойгоор хүүхдэд өвөө эмээ, ах дүүс, ээж аавын анд нөхөд нь бэлэг өгч хишиг хүртээдэг уламжлалтай. Хөдөө орон нутагт ихэндээ бага насны халзан цагаан хонь, адуу зүслэн өгдөг ёс одоо ч хэвээр байна.
    Хүүхдийн насны ойг тэмдэглэх үеэр томчууд бага зэрэг архи, эсэг цэгээ хэрэглэх боловч билиггүй муу үг хэлэх, элдэв маргаан гаргахыг хатуу цээрлэдэг. Хүүхдийн ойн ёслолыг өглөөний сааль зөрүүлсэний дараа эхлээд оройн сааль эхлэхийн өмнө төгсгөдөг байна.
    Монголчуудын уламжлалт заншлаар дал, наян тав, ерэн насанд өндөр насны найр хийдэг харин хожим тавин наснаасаа эхлэн насны найр хийх болсон. Гэвч тавин насны найр нь ихэндээ албаны шинжтэй найр байдаг. Наян тав хүрэхэд зуны дэлгэр цагт айраг цэгээ исгэн найр хийх ба ерэн таван насанд ирэгний сүүл хувааж иддэг хэмээн хуучны үг байдаг. Ойн найрыг үр хүүхэд, садан төрөл, нутаг усныхныгаа урьж өргөн дэлгэр хийдэг. Өндөр насны найрыг албан болон, энгийн хоёр янзаар тэмдэглэх ба хамтруулан тэмдэглэх ч тохиолдол үзэгддэг. Албан ёсоор ёслох бол албан газрынхаа ёслолын өргөөнд суудал засч, идээ ундаа бэлтгээд зохион байгуулагчдын зүгээс уг хүний тухай даруухан танилцуулсаны дараа байгууллага хамт олон, мэргэжлийн нөхдөөс нь бэлгэдлийн үг хэлж бэлэг сэлт гардуулдаг. Ёслолын төгсгөлд найрын эзнээс хурсан олонд хариу талархал илэрхийлээд ёслолын цай хүртээдэг. Харин өөрийн гэрт тэмдэглэж байгаа бол ах дүү, үр хүүхдээс нь ёсны үг хэлж ёслолыг нээгээд үр ач нараас нь хадаг идээ барьсаны дараа хамт олноос нь үг хэлэн хундага дэвшүүлдэг байна. Найранд хүндэтгэлийн дуугаар ая барьж, ерөөл дэвшүүлж болдог. Тухайлбал, ямар ч насны ойд ялгалгүй дараах ерөөлийг хэлдэг.
    • Өнөөдөр болбоос
    • Өвгөн буурал аавын минь
    • Өлмий лянхуа батадхын
    • Өлзий хутаг оршсон
    • Өгөөмөр зохист эрин
    • Өтгөс их настнаа
    • Өргөн дээдэлж хүндэтгэдэг нь
    • Өргөн монголын жам
    • Өвч олны заншил
    • Өнөөгийн бидний баясгалан
    • Өсөх хойчист үлгэр
    • Өрнөн мандахын бэлэг
    • Өвлөж залгахын ерөөл
    • Өдгөө цагийн баяр
    • Өнөд үүрд мөнхрөх
    • Өлзий найрыг үүсгэе хэмээн насны найрыг нээдэг ажээ.

  • ИХ ХОРИГ ТИЙШ ХӨТЛӨХ БИЧЭЭС ИЛРҮҮЛЖЭЭ

    Тэрбээр сансраас татсан зургаас улбаалан Их эзэн Чингисийн онгон байж болзошгүй газрыг тогтоохоор таамаг дэвшүүлэн, үүнийхээ дагуу хоёр жил гаруй судалснаа ийнхүү олон нийтэд мэдээлсэн юм. Түүний судалгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэн, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан гарцаагүй нээлт мөн гэдгийг баталж, тухайн газрыг төрийн хамгаалалтад авахаар болжээ. Б.Сумъяабаатар гуай сэтгүүлчдэд сансраас авсан нэгэн зураг үзүүлээд “Энэ зураг интернэтэд байгаа учир олон орны эрдэмтэн мэргэд аль хэдийнэ судлан, шинжилж, үр дүнд хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ зурагт буусан дүрс хэт өндрөөс харагдахгүй. Мөн тухайн газарт зогсоод ч олж харж, мэдэх боломжгүй. 700 метр өндрөөс маш тодорхой харагддаг” хэмээн онцлон тайлбарлав. Нэг км гаруй урт, олон арван метр өргөн газрыг хамарсан, дөрвөн эгнээ бүхий нэгэн бичээс Хэнтий аймгийн нутагт тодруулбал, түүхийн хуудаснаа тэмдэглэснээр Их хааныг нутаглуулан, дархалсан хэмээдэг “Их хориг” хэмээх газарт байгааг тэрбээр хэдэн жилийн өмнө “Google”-ийн сансрын зургаас олж, илрүүлэн, учир начрыг нь судалж, шинжилжээ. Түүний тайлснаар уг бичээс нь “Хаан тэнгэрийн хөвүүд” гэсэн үг бөгөөд үүнийг монгол бичиг мэддэг хэн ч харсан ойлгомжтой аж. Эрдэмтний анхаарлыг татсан өөр нэг зүйл нь бичээсийн доод талд, гол руу заасан сум зурсан нь илт анзаарагдаж байна. Тэгэхээр тэр зүгт Их хааны онгон байх магадлалтай гэсэн үг. Тиймээс тэрбээр “Онгонд хөтлөх бичээс” хэмээн онцолсон.

    Түүний таамаглал түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэнтэй таарч байгаа нь нэг зүйл хэлээд байх шиг. Тэрбээр “Эрдэмтэн хүн асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг юм. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” гээд хэдэн жилийн турш нойрыг нь хугасласан судалгааныхаа талаар “Энэ бичээсийг тольдож унших буюу номын бар, тамганы үсгийг сийлдэг аргаар бүтээжээ. Буруу харуулж сийлсэн номын бар, тамгыг дарахаар зөв харж, уншигддаг. Тэгэхээр энэхүү бичээсийг чухам юуны учир буруу харуулах болов гэсэн асуулт гарна. Хэмжээний хувьд том ч, дэргэд нь очоод олж харж чадахгүй эл бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байх. Олон зууны турш эртний монголчуудын нууцыг хадгалсан бичээс сансрын эрин зуунд тайлагдах учиртай байсан болов уу. Эндээс өвөг дээдсийн минь гайхалтай ухаан, алсын хараа мэдрэгдэж байна. Энэхүү нууцлаг зүйлийг бичээс гэж үзээд, тайлан унших нэг хэрэг. Хамгийн гол нь нэг бодлын эмзэглэмээр, болгоомжилмоор асуудал цаана нь бий. Тэр бол өвөг дээдсийн онгоны асуудал. Тиймийн учир ил гарган хэлж болох, эсэх талаар тунгаан, олон сар, жил дарлаа. Нас минь дээр гарчээ. Одоо санаа бодолдоо салхи үзүүлэх цаг нь гэж үзлээ” хэмээв.
    Хэвлэлийн хуралд гавьяат багш, доктор, профессор С.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нарын эрхэм хүмүүс морилсон нь энэхүү үйл явдлыг улам сонирхолтой болгосон. С.Галсан багшаас энэ нээлтийн талаар тодрууллаа. -Б.Сумъяабаатар гуайн дэвшүүлсэн таамгийг хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ? -Үүнийг би нээлт гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуралд ШУАийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, академич Б.Чадраа нарын олон эрдэмтэн оролцож Б.Сумъяабаатарын олж, илрүүлэн, тайлж уншсан эл бичээсийн тухай хэлэлцээд шинжлэх ухааны нээлт байна гэж үзсэн. Би тэр үед мөн байсан. Ер нь энэ хүн түүхийн хуудаснаа шинээр бичигдэх нээлт хийдэг хүн. Зүгээр нэг таамаг дэвшүүлдэг хуумгай хүн биш. Би Б.Сумъяабаатартай 100 хувь санал нийлж байгаа. Г.Мэнд-Ооёо гуай ч их эрдэмтний үгийг батлан “Сумъяабаатар бол гарцаагүй, баталгаатай тохиолдолд л ам нээх хүн. Үнэхээр монголчуудад хэрэгтэй, сайхан нээлт хийснийх нь төлөө талархах ёстой” гэлээ.

    Эх сурвалж: http://www.mongolnews.mn

  • ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙН ДҮРСЛЭХ УРЛАГ

    Монгол нутаг дахь хамгийн эртний уран зургийн дурсгал бол Ховд аймгийн Манхан сумын Хойд цэнхэрийн агуйн хадны зураг билээ. Хойд цэнхэрийн хадны зураг нь палеолитын дээд үе 40000-15000 жилд холбогдох түүх, соёл урлагийн гайхамшигт дурсгал юм.
    Хойд цэнхэрийн агуйн зургийг судлаад “урлагийн эхлэл түүний үндэс” анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг дорно дахинд төв азийн гүнд байсан хэмээн судлаачид дүгнэжээ.
    Ховд аймгийн нутаг дахьХойд цэнхэрийн агуйн ханан хадан зураг нь Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн1]
    Хойд Цэнхэрийн агуй нь карбонат чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас адар хүртэл 20метр орчим зай хөндийтэй юм. Эл агуйн хана болон дээврийн хөндийн хаднаах зургуудыг анх газар зүйч их эрдэмтэн О.Намнандорж илрүүлж, дараа нь Орос, Монголын археологчид А.П.Окладников болон Н.Сэр-оджав, Д.Цэвээндорж нарын эрдэмтэн судлаачид нягтлан шинжилж эртний чулуун зэвсгийн дээд палеолитийн үед холбогдолтойболохыг тогтоосон.
    Агуй нь 2,5м өндөр ханатай, 2 м өндөр мөрөгцөгийн тааз хананд олон янзын тэмдэг дүрс байдаг бөгөөд Үүнд: ан амьтдыг бие биеийнхэн дээгүүр давхардуулан зурсны дотор зогсож буй бугын эр хүйсийг цохон дүрсэлсэн зураг тод үзэгдэнэ. Мөн хэрж зогссон том эвэртэй одос бухын зураг, нэгэн мөрөгцөгт бух янгир, тэрчлэн арслан, тэмээн хяруул зэргийг зурсан байдаг. [зураг 1,2]
    Монгол нутагт дээрх амьтад энэ үедамьдарч байснаар,палеолитийн дээд үе хүртэл монгол нутагт урин дулаан уур амьсгалтай, түүнийгээ дагаад халуун дулаанд зохицон амьдардаг ан амьтад байсныг гэрчилж байна.
    Агуйн зураг дүрслэлийнхээ хувьд амьтдын гадаад төрхийн гол онцлогийг тодруулан гаргахад анхаарч бодит байдлаар харуулсан байх бөгөөд агуйн хаднаах зургууд нь Ази тивийн хувьд палеолитийн хосгүй, цорын ганцад тооцогдох агаад хуучин чулуун зэвсгийн дээд үеийнхүмүүс урлагийг ойлгож, мэдэрэх,бодит хийсвэрлэл, дүрслэн үзүүлэх арга, хэлбэр ямар түвшинд байсныг харуулах чухал баримт болно.
    Ийнхүү монгол нутаг дахь түүх, соёл, археологийн үнэт дурсгал болох Хойд цэнхэрийн агуйн хананы зургийг бүтээгч хүмүүс хаданд хэрхэн яаж урлан бүтээж чаддагийг харуулсанаараа эртний урлагт оруулсан том хувь нэмэр болжээ.

  • Нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн үед яах ёстой вэ?

    Хурц үрэвсэл намдсан, архаг үрэвсэлтэй үед өөх тосгүй, махтай гурилтай хоол, бантан, ногоотой шөл, төрөл бүрийн ногооны зутан, нухаш, хярам, ногоон цай, талх, тос багатай боов, алим бусад исгэлэн бус шинэ жимс идэхийг зөвлөж байна. Харин шарж хайрч болгосон малын гаралтай өөх тостой хоол, даршилсан төрөл бүрийн хүнс, хоол амтлагчууд, хорхог, боодог, гэдэс, борц, хүйтэн хоол, архи, дарс, айраг, хийцтэй болон өтгөн цай, хийжүүлсэн ундаа, хүйтэн унд, цай, хөөлгөгчөөр исгэсэн гурилан бүтээгдэхүүн, тосорхог жигнэмэг, боов, шоколад идэхийг хориглодог. Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн эмээр бус хоолоор эмчлэгддэг, өвчтөн зөв дэглэм барих эсэхээс их шалтгаална.

  • ХУРДАН ХҮМҮҮС

    Үнэг гүйцдэг Тогооч
    Хэнтий аймгийн хуучин Идэрмэг сумын нутагт Зээгийн Тогооч гэж их хурдан хүн байжээ. Тиймээс нутаг усныхан нь “зээр гүйцдэг Зээгийн Тогооч” гэцгээдэг байсан гэнэ. Нэг удаа нутгийн анчид Баянхутаг уулыг үргээгээд үнэг хөөж гаргахад З.Тогооч Талын толгойн урд бэлээс явган хөөж Талын толгойг хоёр, гурав тойруулан элдээд гүйцэн “намнаж” байсан гэдэг юм. Тэрхүү хурдан З.Тогоочийн хүү “Мичин” Чоймбол гэж арван засгийн наадмын начин цолтой гучаад оны эхээр ч юм уу даа жин тээж явсаар “Идэр жинчин” цол хүртэж байсан БНМАУ-ын хорин жилийн ойн тухай журналд ч дүр нь мөнхөрсөн хүн байлаа. Лагс зузаан битүү хууз сахалтай цэнхэр нүдтэй Т.Чоймбол өвгөний бидний үеийнхэн ихэд хүндэтгэн “манай нутагт Маркс төрсөн” хэмээн хөөрцөглөн ярилцдаг байсан юм.
    Хурдан хоёр
    Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт “Тонгоон” Осор, “дээхэн” Ядам гэдэг ихэвчлэн явган гүйж явдаг сонин хүмүүс амьдарч байжээ. Тэрхүү Осор, Ядам хоёр залуудаа Баруун Харгана уулын бэлээс өглөө эрт Тэсийн голын усанд орж сэлнэ, сэрүүцнэ гэж явган гарч хоёр өртөө гаруй зайтай байх голын усанд орж сэлж зугаацаж байгаад тэндээс гарч гүйсээр үдийн хонь сааж байхад эргэж ирж байсан гэнэ. Энэ нь Осор, Ядам хоёр жар, далаад км газрыг явган гүйсээр 8-9 цагт туулсан хэрэг юм.
    “Гүйдэг” Гэндэн
    Хуучин Сэцэн Хан аймгийн Боржигин Цэцэн вангийн хошуунд “гүйдэг” Гэндэн гэж их хурдан гүйдэг, яггүй тэнхээтэй нэгэн амьдарч байжээ. “Гүйдэг” Гэндэн нэг удаа арваад мод газраас морьтой хүмүүстэй жанжин Чойр хүртэл явган уралдаад морьтон нөхдөөсөө түрүүлж байсан гэдэг. Бас нэг удаа нутгийнхаа “сэрүүхэн” Ёндон, “халуун” Боожоо, “Галаа” Тавхай гуравтай бяр чадлаа сорьж үзэхээр ярилцан Ламын жас дээр нутгийн жинчдийг тосч очооод хүн бүр 12 пүү хэмжээтэй тэмээний тэнгийн ачаа дөрвөн хунз цайг үүрээд Зүүн Чойр хүргэхээр алхацгааж дээ. Жинчид ч тэднийг бараадаад хөдөлсөн юм биз. Газрын дунд хүрэв үү үгүй юу “Сэрүүхэн” Ёндонгийн хөлс нь цутгаад хөл нь гуйвлаад сөгдөж ойчин ачаагаа жинчдэд өгчээ. Удалгүй “халуун” Боожоо, “галаа” Тавхай хоёр ч тэнгийн тээртэй ачаагаа буулгаж нуруугаа амраасан гэнэ. Харин “хурдан ” Гэндэн ер алжааж ядарсан янзгүй аажуухан алхан хажуугаараа зэрэгцэн яваа тэмээн ачааг зориуд шүргэж “сахилгагүйтсээр” Чойр дээр ирж ачаагаа буулгаад нөгөө гуравтаа “би та нарыг бодвол арай илүү тэнхээтэй тэнгийн ачаа даахтай юм шив дээ” гээд инээж суусан гэдэг хууч яриа байх юм.
    Ю.САНЖААГОНЧИГ

  • ХҮН УЛС МӨНХ ТЭНГЭРИЙН ҮЗЛИЙГ ТӨРИЙН ХЭМЖЭЭНД ШҮТЭЖ ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШ 2222 ЖИЛ БОЛЖ БАЙНА.

    Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн хэмээн бичдэг байсан боловч монголын түүхийн нэгэн боть зохиол, гурван боть, бага, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь Хүннү2 хэмээн бичих явдал ягштал тогтсон энэ нэрээр нийтэд хэвшжээ.
    Хүннү гүрний үед 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон бөгөөд түүний дараа Төв Азийн улс төрийн тавцан дээр ноёрхлоо тогтоосон Сяньби, Жужан зэрэг монгол угсаатан улсуудын төр улсын эхлэл үндэс суурь нь болж өгсөн юм. X зууны эхэнд Хятан нар Төв азид өөрийн хүчирхэг төр улсаа байгуулж 200 гаруй жил оршин тогтнож байсан юм. Хятан нар, Хэрлэн Барс хот Баруун-Зүүн хэрэм, Өглөгчийн хэрэм, чинтолгойн балгас, Шаазан хот, Талын улаан балгас, Хар бухын балгас зэрэг олон хот сууринг Монгол нутагт байгуулж, мал аж ахуй, газар тариалан аль алинийг нь эрхэлж, гар урлалыг хөгжүүлж байжээ. МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн Хүннүгийн шанюйн өргөө ордон нь Ар Монгол нутгийн зүүн хэсэгт, тухайлбал Богд хан уул, Баян улаан бүсэд байдаг болоод шанью түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг байжээ. Үчжүлыү-Жоди шанью Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй мэндтэй оршуулагдаад 1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.К.Козловын археологийн шинжилгээний ангид илрэн олдсон байна.Түүний булш бунхнаас олдсон зүйлс Хуханьегээс эхлэн түүний дараах Хүннүгийн шанью тэргүүтэй сурвалжит язгууртан ноёдыг чухамхүү Ноён ууланд оршуулдаг болсныг нотлоод Монгол ба нийт Төв Азийн нүүдэлчдийн судалгаанд ихээхэн чухал хувь нэмэр оруулсан юм.
    Ар Монголд 100 мянган өрх буюу 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг зайлан оджээ. Умард Хүннүгийн дотроос Хуйянь овгийн тэргүүтэй нэг хэсэг нь тийнхүү баруун тийш халин гараад Түрэг, Перс , Угро хэлтнүүдийн дунд орсон байна.Умард хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга, Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт Түрэг-Үгро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна.
    Тэдгээр Хүннү-Үгрө аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ.IV зууны 70-аад оны үест Баламбер (Баламир) тэргүүтэй Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн баруун Европ дахь “Улс түмнүүдийн их нүүдэл”-ийг эхлүүлсэн байна.377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ.Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж , Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн байжээ. Дэлхийн хэмжээний бидэнтэй холбоотой нэг түүх ийм байна.
    Л.Н.Гумилевын цохон тэмдэглэсэнчлэн “Хүннү нар соёлын тэргүүний буухиа тэмдгийг алдар нэрээ мандуулагч өөр улс түмэнд гардуулан өгч чадсан юм. Юу ч боллоо яалаа ч гэсэн нүүдлийн соёлын эрчимт үе хэрэгжин биелсэн байв. Үүнд бас дэлхий нийтийн түүхийн өмнө Хүннү нарын байгуулсан хоёрдох гавьяа зүтгэл орших билээ. Хятадын зах хязгаар байсаар ирсэн юм шиг яригддаг Төв Азийн улс түмнүүдийг бүрэн дүүрэн чадвар, чадавхигүй хэмээн шагширдаг бэртэгчин үзэл санааг няцаахын тулд бид энэ асуудлыг ингэж дэлгэрэнгүй авч үзлээ, үнэн хэрэг дээрээ тэдгээр улс түмэн бол биеэ дааж, эрчимтэй хөгжин байсан билээ гэсэн маш зөв зүйтэй дүн шинжилгээ хийсэн байна.. Л.Гумилев “ каспи нуурын орчин тойрны мянган жил”3 мөн тэнд, тал 92
    Хүннү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс гүрэн байсан юм. Тэнгэрийн хүү хэмээгдэгч шанью хаан өглөө өргөө ордноосоо гарч ургах наранд мөргөл үйлддэг, орой үдэш саранд мөргөдөг байжээ. Хүннү нар нэн түрүү тэнгэр газар , өвөг дээдэс, онгон шүтээн, лус савдагт шүтэн мөргөдөг байжээ. Билгийн улирлын нэгдүгээр сард буюу цагаан сарын үеэр ихэс дээдэс, аймгийн зонхилогч цөөн тооны сурвалжит язгууртан нар Луут хот дахь шаньюйн өргөө ордны тахилгын сүмд цуглаж мөргөл үйлдэн, төрийн бодлого аливаа чухал хэрэгявдлын холбогдолтой зөвөлгөө хийдэг байжээ. Тавдугаар сард ихэс дээдэс, аймгийн зонхилогч, овгуудын ахлагчид цөм Луут хотод хуран цугларч өвөг дээдэс тэнгэр газар, онгон сахиусанд өргөл өргөж, мөргөл үйлддэг байжээ. 9-р сарын эхний нохой өдөр Лунцы тосгонд бүх нийтээр цуглаж тэнгэр тахидаг байжээ. Сар бүрийн могой, нохой өдрүүд ээлтэйд тооцогддог байжээ.
    Хүннү нар уулсын эзэн савдаг, усны эзэн лус бас бус онгон шүтээнд шүтдэг байжээ.Түүнчлэн аливаа овог, аймгийн үүсэл гарвалтай холбоотой, түүнийг ивээн тэтгэгч тотем хэмээх амьтдыг онгон сахиус болгож шүтэн биширдэг байжээ. Чоно, марал буга, шонхор шувуу тэргүүтэй араатан жигүүртнийг шүтэн бишрэх амьтан шүтэх тотенизм тэдний дунд багагүй байжээ. Хүннү, Түрэг, Монголын аль алины тотем онгоны тоонд чоно дээгүүр байр суурь эзэлж байсан бөгөөд цөм уртын дуутай байсаар ирсэн. Түүнчлэн бас мод ургамал, хад чулуу, амьгүй бодисыг сүнс сүүдэртэй хэмээн шүтэх анимизм хэмээх бишрэл байсан.
    Тэнгэр бол Хүннү улсын цорын ганц дээд шүтээн байсан боловч дэлхий ертөнц, өвөг дээдэс, газар ус гээд бас өөр олон янзын дэд шүтээн байдаг байжээ. Тэд бүхэнтэй шууд харилцдаг нь бөө, удган нар хэмээн тооцогддог байжээ. Бөө удгандаа хүннү нар маш ихэд итгэн биширдэг байсан бөгөөд тэдний бөөлж буух үедээ хэлсэн үг нь тэнгэрийн айлдвар, онгодын айлдсан зүйл хэмээн итгэгдэн бишрэгддэг байжээ. Бөө, удган нар онгон сахиустай харилцана, өвчтөнийг эмчилнэ, мэрэг төлөг үйлдэнэ, хувь заяа, ирээдүй төлвийг урьдчилан мэдэж хэлж өгнө, сайн сайхны ерөөл үйлдэнэ, муу муухай хараал зүхэл хийнэ, дайсны сүр сүлдийг дарж ялагдалд оруулахын тул ирэх зам дээр нь алсан ямаа газар доор булж хараал зүхэл хийгээд орхиж одох зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг байжээ. Тэнгэр шүтлэг, бөө, мөргөл нь Хүннү тэргүүтэй Төв Азийн нүүдэлчин малчин улс түнүүдийн соёл иргэншлийн амин сүнс, ёс суртахууны мөн чанар, дотоод агуулгыг илэрхийлэн илтгэгч байв.
    Хүннү нар тахилгын сүмдээ алтан онгон тавьсан мэдээ байдаг боловч дийлэнх ихэнхдээ мод чулуугаар хийсэн онгодууд тавьдаг байжээ. Тэдгээр онгодыг тахидаг бөө, удган Хүннүд маш олон бөгөөд их хүч нөлөөтэй байжээ. Хүннү гүрэн 928 онд хувцасны тусгай хууль гаргаж байжээ.
    Хятадын Хань улсын Уди хаан хүртэл Хүннүгийн хүчирхэг байдаг нь бөө удган нарт байж магад хэмээн үзэж, тэдэнд зориулсан тахилгын сүм бариулж байжээ. Түүгээр ч үл барам, Уди хаан тэдгээр бөө удганы ид шидээр Хүннүгийн хэдэн мянган модон хүн гарч ирээд Хятадыг сүйтгэж байна хэмээн зүүдэлж байсан тухай баримт хятад сурвалжид элбэг байдаг.
    Эндээс бид нэг дүгнэлтэд хүрч болох юм. Тэр нь Хүннү нар мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухамхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулжээ.
    Хүннүгийн соёлын дурсгалд томоохон суурь эзлэх өөр нэгэн зүйл бол мал ба адгуусан амьтныг дүрслэх явдал байжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал , ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Тиймээс судлаачид ,,Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл гэх бүрэн үндэс байна,, хэмээх дүгнэлтэд хүрсэн байна
    1Г.Сүхбаатар. монголчуудын эртний өвөг.УБ., 1980. тал 150.
    Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна. Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна.
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна.
    Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ.
    Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байгаа юм.
    Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч солишгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөртөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
    Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
    Одоо цаг. Дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Тиймээс Монголын “Тэнгэрийн улаач” нар анх удаа 2012 онд Ноён уулаа хамгаалах нэгдсэн их тахилгыг хийсэн нь монголчуудаа сэрээх гэсэн тэмцлийн эхлэл байсан. Тэмцэл дуусаагүй байна.
    Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон бөгөөд Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ. Монголын төр Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарласан.
    Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт (Их сурвалж Olloo.mn) тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.
    Хэнтий аймгийн харьяанд орших энэ дархан нутагт эрх дураараа зорчих гадаадын жуулчдыг Улаанбаатар хотын захирагч өмөөрч байсан цаг саяхан. Тэгээд үр дүнд нь тэнд гадны хэн ч чөлөөтэй зөрчих хүний эрх чөлөөгөөр хангагдах болсон.
    Одоо цагт. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 20 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв.
    Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан.

     

  • ДЭЛХИЙД ГАЙХУУЛАН БАХАРХАН ҮЗҮҮЛЭХ ГАЗАР ШОРОО, ЭХ НУТАГ МИНЬ

    Эрт дээр үеийн Төв Ази, Монгол оронд амьдарч, түүхийн сурвалжид нэр тэмдэглэгдэн үлдсэн аймаг овгуудын дотроос анхных нь ди нар буюу эртний хятадаар тэмдэглэхдээ гал, нохой гэсэн хоёр дүрс үсэг нийлүүлэн бичсэн байна. Ди нар бүхэлдээ Монгол оронд оршин амьдарч байсны дотроос Өвөр монголд байсан хэсэг нь Умард ди, Цагаан ди гэх зэргээр ялгарч, их элсэн говиос хойш, Ар монгол дахь хэсгийг Умард Ди гэдэг байжээ.
    Төв азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, түүний дотор Монголын ард түмний эрт үеийн түүхийг судлах ажил олон жилийн өмнөөс эхлэн археологичид угсаатны зүйч түүхчдийн сонирхлыг татсаар иржээ.
    Дэлхийд өрсөлдөх чадвартай цөөхөн зүйлийн нэг нь үлэг гүрвэлийн баялаг олдвор, өв. Эдгээр олдворууд Монголоос Берингийн хойлоогоор дамжин Умарт америкт очсоныг баталдаг. Шинжлэх ухаан үлэг гүрвэлийн нүүдэл нэг чигтэй байдгыг нотолдог. Одоо манай эрдэмтэд хамтарч Түрүү Кембри үеийн 600 сая жилийн тэртээх Монголын үеийг судлаж байна. Өнөө хэр нь тайлагдаагүй нууц олон байна. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар илэрсэн олдворуудыг ангилвал 160 сая жилийн турш 7-8 бүлэгт хамаарах 400 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод тэдгээрээс 70-80 зүйл нь Монголоос олдсон.
    Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл. Өнөөдөр.2015.9.28.
    Одоо цаг
    Гэтэл Палентлогийн олдвор илэрдэг газарт 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд хаячихсан. Хил давуулж наймалцсан одоо эргүүлж авчирч байгаа “Баатар”-ын яснууд нь нэг амьтных боловч нийлүүлчихсэн цуглуулга, Тийм зүйлээр үзмэр болгоно гэдэг хэцүү.
    Чулуужсан модоо хилээр гаргаад худалдаад дууссан. Хожим араас нь хилээр гаргахгүй байх хууль гаргаж өнгөрсөн борооны хойно цув нөмөрсөн түүхтэй.
    Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн шинжилгээний анги “Цахиуртын хөндий” зэрэг газраас хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах Төв Ази төдийгүй дэлхийд ховор нээлттэй сууринг илрүүлэн судалжээ. Мөн энэ үед холбогдох томоохон дурсгал нь Өмнөговь аймгийн нутагт дахь Оцон-Мааньтын бууц юм. Олдсон олон арван зэвсэг багажийн зүйлс нь нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байна. Үүний зэрэгцээ 1960, 1961, 1964 онуудад өвөрхангай аймгийн Хар хорины сангийн аж ахуйн нутаг Орхон голын хойд дэнжид буй Мойлтын амны 4 соёлт давхрага бүхий палеолитийн үеийн сууринг малтан шинжилснээр Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болох нь тодорхой болсон юм.
    Рашаан хадны чулуун зэвсгийн суурингийн 1980, 1981 оны малтлагын явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Төв Ази (Монгол), Умард Азийн ( Сибирь) чулуун зэвсгийн өнөөгийн байдлаас үзэхэд Төв Азийн нутгаас эх авч урсах Обь, Ангар, Лена, Амар зэрэг Сибирийн гол мөрний сав нутгаар олонтаа олдсон дээд палеолитын бууц суурингийн чулуун эдлэлүүд нь Монголын мөн үеийн дурсгалуудтай адил байна. Энэ баримт нь тус орны нутаг дэвсгэрт оршин сууж байсан палеолитийн анчид дунд палеолитийн эхнээс эхлэн дээд палеолитийн туршид уул нуруудын хөндий, томоохон гол мөрний сав дагаж Сибирь зэрэг бусад газар оронд нүүдэллэн очсоныг гэрчилж байна хэмээн судлаачид үздэг юм. Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд тэр нь баруун зүгт Дорнод Памир, умар зүг Якут, дорно зүгт япон хуртэл тархсан байна. Өөрөөр хэлбэл, говийн үлдэц нь Сибирь, Якут, Чита муж,Тэнгисийн хавь нутаг, Камчата, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, Мезолит, түрүү неолитийн үеийн бууц суурингуудад өргөн тархжээ.Ийнхүү монголын Соёлын үндсэн гол хэрэглэгдэхүүн, Зэр зэвсэг дурьдсан газар нутагт тархсан нь Төв Азийн гүнээс Сибирь , Берингийн хоолойг дамжин Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэллэн очиж нутагласан буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм.2 2.ОУМЭ-ний IV их хурал, II боть, УБ., 1986,
    Монголын чулуун зэвсгийн талаар гүйтцэтгэсэн томоохон ажлын нэг нь 1969 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг ярх уулын дэргэдээс доод палеолитийн үед холбогдох гилбэр зэвсгийн соёлын дурсгал бүхий дархны газар нээсэн явдал билээ. Энэ дарханы газар нь Төв, Дундад Азийн чулуун зэвсгийн түүхэнд томохон байр суурь эзлэх дурсгал бөгөөд Монгол нутагт хүн анх нутаглах болсон хийгээд тус тусын палеолитын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад онол практикийн чухал ач холбогдолтой юм.
    1995-2000 онд А.П.Деревянко, Д.Цэвээндopж, Ж.Олсен нарын удирдсан Монгол-Орос-Америкийн хамтарсан чулуун зэвсгийн дурсгал судлах анги Баянхонгор аймгийн Цагаан агуй, чихэн агуйд палеолит, мезолитын соёлт давхрага бүхий суурингуудыг малтан судлахын хамт тэдгээрийн он цагийн хамаарлыг геологи, полеоботаник, радиокарбоны аргаар тогтоох ажлыг ОХУ, АНУ-ын лабораториудад гүйцэтгэж буй нь Монголын чулуун зэвсгийн судалгаанд нэвтэрч буй шинэ зүйл болсон.
    Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна.
    Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим , Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим , баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.
    1. 1А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА.
    2. 2 С.Н.Вайншеин. история народного искусства Тувы. М.,1974. рис. 2,1.
    3. 3В.Д.Кубарев .Древние изваяния Алтая. Новосибирск 1979 табл.4 Х-3
    4. 4 З.С.Самашев Алма-Ата, 1992.стр 156.
    Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна.
    1994-2000 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан “Алтай” төслийн хүрээнд явуулсан хайгуулаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээн байгааг тогтоожээ.1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и археологи.
    Эртний түрэгүүдийн хувцас хунар, гэзэг үсний хэлбэр, зарим эдлэл хэрэглэл, гоёл чимгийн зүйлсийг тодруулан судлах гол нэгэн сурвалж нь хүн чулуун хөшөө юм. Эдгээр нь түүхэн тулгар сурвалж төдийгүй тэр үеийн дүрслэх урлаг, уран сайхны хөгжлийн төвшинг илтгэн харуулдаг . Ийм төрлийн дурсгалыг Алтай , Тува, Дундад азийн нутгаас Оросын эрдэмтэд их хэмжээтэй судлан тодорхойлж эрдэм шинжилгээний олон бүтээл нийтэлжээ.2.ОУМЭ-ний IV их хурал, II боть, УБ., 1986,
    Манай улсын Баян-Өлгий, Увс зэрэг баруун талын аймгуудын нутгаар тохиолддог ба төдийлөн нарийн сайн судалж хараахан амжаагүй юм.Эдгээрийн жишээ болгон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын төвөөс 8.5 км зайтай Битүү хэмээх газарт орших хөшөө, мөн Ногоон нуур сумын төвд буй 2 хөшөө зэргийг дурдаж болно.
    Дээрх хүн чулуудын хийц дүрслэл болон дэргэд нь байх байгууламжийн хэлбэр дүрс түрэгийн хүн чулууныхаас эрс ялгарч байна. Харин газар зүйн байршлын хувьд, түрэгийн хүн чулуу элбэг тархсан Баруун Монгол, Алтайн уулсаар байх ба Уйгур улын төв байсан Монголын төв нутагт огт тааралддаггүй ажээ.
    Манай улсын Баян-Өлгий аймгийн нутагт орших олон км үргэлжилсэн хадны зураг бол зөвхөн монголд харж болох нэн эртний өвөг дээдсийн үлдээсэн хожим дэлхийд гайхагдах “дэлхийн түүхийн галарей” билээ.
    Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь олон соёлт давхарга бүхий Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй юм.
    Эдгээр нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд ази, Европ, Африкын доод палеолитын ашэллийн хэмээх үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна.
    Одоо цаг. Дээр дурьдсан дэлхийд гайхагдах түүхийн бүтээлээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн харамсалтай мэдээ байна. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэх ёстой.
    Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. Монголын хадны зургийн ангиллыг шинэчлэн хийсэн ба Ишгэн толгой Чандмань хар үзүүр, Рашаан хадны сийлмэл зургуудыг палеолитын үе, Зураагийн Улаан хадны төрлийн зосон зургийг неолитын үед, Цагаан салаагийн зарим зургийг хүннүгийн үед холбогдуулан үзэж насыг шинээр тогтоож судалжээ. Судалгаандаа үндэслэн “Монгол оронд мэзолитийн үед 15000-8000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн ба Монгол орон бол мал аж ахуй бие дааж үүссэн дэлхийн гурван том голомтын нэг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
    Манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээл туурвижээ. Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо
    Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
    Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
    Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгал судлах, сэргээн засварлах зорилготой Монгол-Туркийн хамтарсан төсөл нь Архангай аймгийн Хөшөө Цайдам дахь билгэ хаан, Куль Тегин жанжны болон налайх дахь мэргэн сайд Тоньюукугийн тахилын онгон зэрэг томоохон дурсгалыг малтан судалж сэргээн засварлах ажил гүйтсэтгэсэн байна.
    Би шинжлэх ухааны байгууллагуудын Монгол Улсад явуулсан энэ олон судалгааны материалууд, нотолгоонуудыг дурьдсан нь Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Та бүхэн монголын хамаг өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахад анхаарлаа чиглүүлэхийг хүсч байна.
    Энэ сайхан нутгийг бид л хамгаална. Харийнхан хамгаалахгүй гэдгийг онцгойлон анхааруулж байна.
    МБНЭ байгуулагдаад анхны нэгдсэн их тахилгаа Монгол Улсын баруун хязгаар Дэлхийн болон Манай өвөг дээдсүүдийн өлгий нутаг Алтайн арван гурван хайрханаас эхэлсэний цаад учир ийм байна.
    Түүхийн жимээр аялсан Д.Жаргалсайхан

    djmedia:427