Category: Монгол үндэсний түүх

  • МОНГОЛЧУУД ХАР УС ХҮНД ӨГДӨГГҮЙН УЧИР

    Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих гэж гэнэ. … Айлын хүнд харин ч сайн юм болж, хурдан гэгч савтай хар уснаасаа хутгаж өгөв. Бадарчин шанагатай түүхий усыг авч залгилчихаад цааш явж байтал замдаа гэдэс нь өвдөөд болохоо байж, бие зассанд мөнгөөр хүндэрч гэнэ.
    Түүнээс хойш тэр бадарчингийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч, үеийн үедээ баяжсан бөгөөд харин бадарчинд хар ус хийж өгсөн баян айлын амьдрал өдрөөс өдөрт муудаж, үеийн үедээ ядуу зүдүү амьдарсан гэдэг. Тэр бадарчин жирийн хүн биш байсан учраас зориуд баян айлын буяныг авахаар очсон байжээ. Үүнээс хойш Монголчууд зочиндоо хар ус өгөхийг ихэд цээрлэх болсон ба зочноо ихэд хүндэтгэн халуун хоол, ундаар дайлдаг болсон ажээ

  • Ш.СҮХБАТ: МОНГОЛЫН ШИЛДЭГ ХӨВГҮҮД МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧ ИРЭХ ЦАГ УДАХГҮЙ ЭЭ

    -Тиймээ байгуулагдаад нэг жил болох гэж байна. Удахгүй ойгоо хийнэ. 2-3 удаагийн тахилгыг эс тооцвол одоохондоо дорвитой зүйл хийгээгүй байна. Алсдаа хийхээр төлөвлөсөн зүйлс байгаа.
    -Танаас нийтлэг нэг зүйл асууя л даа. Танаас хүмүүс олон асуудаг байх. Энэ бол сүүлийн жилүүдэд бөө нар олноор төрөх болсон тухай. Эдгээрийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг?
    -Би Азийн бөөгийн “Тив дэлхийн холбоо”, Монгол бөөгийн “Голомт” төвийг удирддаг. Одоо ч удирдсаар явна. Энэ зүйл маань миний гол судалж, ажилладаг зүйл л дээ. Ер нь бол Монголын үндэсний ухамсарын сэргэлт, өнгөрсөн соёлоо эргэн харж байгаа, энэ соёл дахин сэргэн мандах өөрөөр хэлбэл түүх эргэн давтагдахын эхлэл дээр их олон бөө нар төрж гарсан. Бөөг бол дээд тэнгэрийн илч, улаач гэж үздэг. Тэгээд социализмын үед бөө мөргөлийн соёл уламжлал хав дараатай байлаа. Манай соёл бол археологийн үнэт олдвортой адилхан болтлоо газрын хөрсөнд дарагдсан. Энэ соёл маань эргэн мандаж сэргэж байгаатай холбоотой. Бөөгийн тухай элдэв таамаг дэвшүүлдэг ч бөө болох үйл явцын талаар жичид нь судлах асуудлууд бий.
    -Зарим тал дээр эдгээр олноор төрөөд буй бөө нарыг жинхэнэ бөө мөн, биш гэсэн ойлголт бий болсон санагдадаг.
    -Энэ тал дээр би судлаач хүний хувьд жаахан үгүйсгэдэг. “Би бөө болъёо” гээд зүтгээд байгаа хүн бол байхгүй. Лав л манай байгууллагын үүссэнээс хойш надад тэгэж хандаж ирсэн тийм хүн байхгүй. Харин бөө болон босч ирээд бөөгийн ёс заншил, түүний ёс дагаж мөрддөг зүйлсийг мэдэхгүй өөрөөр хэлбэл бөөгийн эрдмээ эзэмшээгүй, мэдэхгүй хүмүүс бол их байгаа. Эрдэм номоо сураагүй байдал нь бусдад хуурамч юм шигээр бусдад харагддаг болов уу.
    -Монголд нээрээ хэд орчим бөө байдаг юм бол? Нарийвчилсан судалгаа бий болов уу?
    -Миний тооцоогоор бол 10 мянга орчим бөө бий. Өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрөөр зуны эхэн сарын улаан өдөр Хар зүрхэний Хөх нууранд томоохон тахилгыг хийсэн. Тэр тахилгад 5 мянга гаруй бөө ирсэн. Тэнд ирээгүй хөдөө орон нутаг алс холд байгаа зөндөө олон бөө нар үлдсэн. Тэдгээрийг нэгтгээд баримжаалан тооцоолбол 10 мянга гаруй бөө байдаг болов уу гэж үздэг. “Мөнх тэнгэрийн түмэн хөх цэрэг заларна” гэсэн Ностардамусын зөгнөл биелэсэн болов уу. 2012 оноос хойш шинэ бөө нар бараг гарахгүй байгаа.
    -Та бөө судалж эхлээд хэд орчим жил болж байна. Судлах болсон шалтгаан?
    -Яг 20 жил болж байна. Бөө мөргөл нь үндэсний өв соёл маань шүү дээ. Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны үндэс язгуур хаа байна тэрийг эрж хайх, олж таньж мэдэх зорилгоор Монголын хэсэг эрдэмтэд, судлаачид нийлж “Голомт” төвийг байгуулсан. Тэд бүгд тухайн цаг үеийн Монголын нэр хүндтэй улсууд байсан. Дамдин аварга, Сэвжидийн Сүхбаатар, Бадар-Ууган мэтийн 13 хүн нийлээд “энэ бөөг судлая, соёлынх хувьд харах үзэх юм юу байна” гэж зорьсон.
    Ер нь бөө мөргөл маань 40-100 мянган жилийн өмнө манай тооллын өмнөх үед үүссэн анхны их том шүтлэг ш дээ. Хэдий Хүннүгийн үед дэлгэрсэн энэ тэр гэж ярьцгаадаг ч нотлох баримт байдаггүй. Гэхдээ бөө бол манай үндэсний шүтлэг мөн гэдэг нь тодорхой. Монгол угсаатны шүтлэгийг нийтийн шүтлэг, онгодын шүтлэг, мөнх тэнгэрийн шүтлэг гэж гурав хувааж үздэг. Нэгдүгээрт нийтийн шүтлэгт, малчин ардуудын цай, сүүний дээжээ наранд өргөдөг, мөнх тэнгэртээ өргөдөг, уул ус, байгаль дэлхийгээ хайрладаг шүтлэг, Хоёрдугаарт, онгодын шүтлэг, энэ нь зөвхөн бөө хүнд л заяагдсан онгодоороо тахидаг, тайдаг шүтлэг, Гуравдугаарт, мөнх тэнгэрийн шүтлэг, Мөнх тэнгэрийн шүтлэг бол дээд язгуурын буюу язгууртан дээдсийн шүтлэг юм.
    -Та сүүлийн үед босч байгаа бөө нарын багш, шавийн барилдлагын талаар юу гэж хэлэх вэ? Ер нь бөөгийн ур чадварыг багштай нь холбон тайлбарлаж болно биз?
    Монголд багш, шавь болох уламжлагдаж, тогтсон ёс байдаг хэдий ч одоо бөө гэсэн хүмүүс зүгээр нэг онгод тэнгэр лүү нь залгуулж оруулчихаад явдаг, шавьдаа их хариуцлагагүй бөө нар их бий болжээ. Иймд зан үйл рүүгээ зөв ороосой, зөв яваасай гэж ном, сурах бичгүүдийг би тэдэнд зориулж гаргаж байгаа.Судлаачдын гаргаснаар7000 гаруй зан үйл байдаг. Эдгээр зан үйлээс багш болж буй хүмүүс ядахнаа 2000 3000-г нь сурчихаад шавьдаа зааж өгөх хэрэгтэй. 2-3 зүйл сурчихаад багш шавь гэж ярих нь их учир дутагдалтай зүйл юм л даа.
    Бөө мөргөл маань дэлхий нийтэд хэр судлагдсан зүйл вэ? Судалгаанаас орхигдож гээгдсэн зүйлс хэр байдаг бол?
    Дэлхийн даяар судалсан нь бол асар их. Японы эрдэмтэд, Хятадын эрдэмтэд, Оросын эрдэмтэд мөн Англи, Франц, Германы эрдэмтэд бол их судалсан. Одоо надад байгаа бүртгэлээр бол 78 хүн боть ном өөр өөрсдийн хэл дээр бичиж гаргасан байдаг. Энэ дотроос хамгийн их судалсан нь Б.Ринчин гуай. Тэр хүн бөөг үнэнхүү их сайн судалсан. Б.Ринчин гуайн номнууд бол ихэнх нь гадаадад хэвлэгдсэн. Бид саяхан орчуулаад “Монгол бөөгийн дуудлагууд” гээд гаргасан. Одоо 2 дахь удаагаа хэвлүүлээд байна.
    Шинээр төрсөн өөрт байгаа хүчээ ашиглаж чадахгүй байгаа бөө нарт юу гэж зөвлөх вэ?
    Сурах хэрэгтэй. Дахин дахин сурах хэрэгтэй. Ном унших хэрэгтэй. Онгод сахиус тэнгэртээ үнэнч байх хэрэгтэй. Бүх талаараа ариун явах хэрэгтэй. Тэгээд энэ уул ус, газар дэлхий байгальтай харьцаж сурах хэрэгтэй. Тэрний эргэлтэнд орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Мөнх тэнгэрийн хүчин доор өөрийн энергиэрээ холбогдож бүрэн орж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хийх гээд байгаа зүйл нь хүчтэй болж чадахгүй.
    Уул уурхайн үйлдвэрлэлээс болж байгаль, цаг уур ихээхэн доройтох болсон. Монголд маань бөө нар зөндөө олноор байх авч уул усны эзэд нь хилэгнэсээр л байгаа бусуу?
    Ер нь байгаль цаг уур гэлтгүй хүн төрлөхтөний өсөлттэй холбоотойгоор гараг өөрөө мөхөл рүү явж байна ш дээ бүхэл дээ. Асар их буруу юм хийж байна. Дэлхий нийтдээ газар шороо руу гаа авах, ухах, үйлдвэрлэх, хэрэглэх мэтээр хандаж байна. Манай орны хувьд олон мянган жил билэгийн соёлыг эрхэмлэж ирсэн учираас 90-ээд оныг хүртэл байгалиа онгон ариунаар хадгалсан шүү дээ. Тэгээд ардчиллын дараа хэрэгжсэн буруу бодлогын улмаас л өнөөгийн байдалд хүрээд байна.Энэ зүйл дээр бөө нарын хувьд тэнгэр дуудаад, уул усны эздээ дуудаад залбираад юм хийж байгаа хүмүүс их бий. Гэхдээ төрийн зөвшөөрөл доор хүчээр хүмүүсийн хийж байгаа ажиллагааг таслан зогсоох боломжгүй байдаг.
    Ямарваа шашны урсгалууд ирээдүйг харсан зөгнөлүүд байдаг. Бөө мөргөлийнхний хувьд улс орныг хэрхэн зөгнөсөн бэ хэдийнээс цэгцрэх бол?
    Асууж байгаа санааг чинь шууд ойлгож байна. Би 2009 онд Дархадын Балжир удганд очоод онгод дуудаад та хэлээд өгөөч “Бидний хувь заяа хаа байна? Бид сэргэлт хэдийд авах вэ, мөд авах нь уу” гэж асуухад тэр удган “2012 оноос Монголын төр цэвэршиж эхэлнэ. Намайг “чи амьд явах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. Биеийнхээ эрүүл мэндийг сайн бодож яваад үүнийг хараарай” гэсэн.Үнэхээр одоо цэвэршиж байна. Цэвэршилт бол өнгөрдөг жилээс эхэлсэн. Хулгайч нар луйварчдыг бол асар их илчилж байна. Дахиад ч олон мянгаараа илчлэгдэнэ. Хэрвээ л Ардчилсан намын Засгийн газар л луйварчдыг дарахгүй бол өдий төдий идээчин уугаачид гарч ирнэ. Бүгд нам байгуулчихсан ард түмнийг хуурч мэхэлж байгаад сонгуульд мөнгөөрөө ороод ялчихсан луйварчид дүүрэн бий. Ядуурал зовлонт энэ амьдралыг тэд л өдөөсөн. Тэднээс хариуг нь авах хэрэгтэй.
    Сүүлийн асуултыг танд үлдээе. Та Монголынхоо ард түмэнд хандаж юу гэж хэлмээр байна.
    Манай үндэсний агуу их соёл маань дэлгэрч байж, энэ улс оршин тогтноно шүү дээ. Энэ эрлийз хурлийзууд төрийн эрхэнд гарчихаад Монгол улсыг баллаж байна ш дээ. “Эрлийзийн элгийг “элгэн” чулуу эмтлэхгүй” гэсэн айхтар үг байдаг юм. Тэдэнд Эх Орон утга учиртай биш үнэтэй ч биш хоёр талын мах цусны гаралтай хүн хэзээ ч эх орон гэж бодоггүй. Бүгд л хувийн амьдралынхаа төлөө баяжихаар зүтгэдэг. Агуу их үндэстэн, агуу их төрийг байгуулсан, агуу их соёлыг бүтээсэн агуу их ард түмний үр сад бид сэрэх хэрэгтэй, сэргэх хэрэгтэй.Бид хэтэрхий их залхуу, хэнэггүй Эх орон гэж аман дээрээ ярих дуртай ч Эх орныхоо төлөө юу ч хийхгүй байна. Үндэсний эрх ашгийнхаа төлөө үндэснийхээ эв нэгдлийн төлөө нэг тугийн доор босох цаг ирсэн. Орой бүр айлын хойморт УИХ-ын танхим доторх хэрүүл гардаг. Хэн нь хэнийхээ төлөө зүтгээд байгаа нь ойлгогдохгүй хэрүүл гарч байгаа нь Монголчуудыг үзэл санааны хувьд, сэтгэл санааны бутралд оруулж байна. Манай үндэсний эв нэгдэлийг тэд л бутаргаж задалж байна. Үүнд автах ёсгүй. Монголын шилдэг хөвгүүд Монгол төрийн толгойд гарч ирэх цаг удахгүй ээ.

  • УЛАМЖЛАЛТ ШАШНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

    Ний нуугүй хэлэхэд бараг монгол хүн бүр шашнаа “сэм” шүүмжилж буй боловч гагцхүү яаж өөрчлөхөө л мэдэхгүй байгаа гэж баттай хэлж болно. Ингээд би судлаачийн хувьд бугшсан зарим асуудлыг хөндөх гэсэн юм. Хөндөх ч юу байхав, асуудлыг шийдэх нөхцөл байдлыг арай тодорхой, арай хялбар, арай дөхөм болгох сайн санааны үүднээс үүнийг бичиж байна. Түүнээс биш би шашны асуудлыг шийдэх гээгүй. Энэ төр шиг юм нь уул овоо тахихаас өөрийг мэдэхгүй тохиолдолд өөрөөр яах билээ…
    Шашин гэвэл манайхан дур дураараа ойлгодог. Тэгвэл аль ч талд нь орохгүй, бүгдээрээ зөвшөөрөх тийм ойлголт гэж байх уу ? гэсэн асуулт үүснэ. Байна аа. Энэ бол сонгодог социологийн болон системийн анализийн ойлголт юм.
    Шашныг, түүний дотор манай уламжлалт шашныг: нэг, ном эрдэм, сургааль номлол, хоёр, сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр, гурав, лам хувраг буюу боловсон хүчин, дөрөв, нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр гэсэн дөрвөн том хэсгээс бүрдэх нийгмийн том систем буюу нийгмийн институт гэж авч үзэж болно.
    Ингээд энэ системийг бүрдэл хэсэг тус бүрээр нь авч үзье. Гэхдээ би энд зөвхөн арга зүйн асуудлыг л авч үзнэ.
    Нэг. Онол ном сургааль
    Манайхан шашин гэнгүүт л зөвхөн энэ асуудал руу ордог ба түүний буруу зөвийн тухай эцэс төгсгөлгүй, үнэн худал нь үл ялгарах маргаан руу ордог. Энэ маргаан хэдэн мянган жил болсон ба цаашид ч дуусахгүй гэдгийг ор тас мартдаг. Гүн ухааны шинжтэй энэ маргаанаас ялагч болон гарсан нь цөөн. Иймээс онол ном, сургаалийн тухай яриа маргааныг энэ сэдвийн хүрээнд цэглэх ёстой. Одоо бол хүн хүн өөр өөрийн итгэл үнэмшлээр явах болсон цаг.
    Гүн ухааны утгаар Буддын сургааль, гүн ухаан маргаангүй үнэн зөв гэдэгт би итгэдэг. Харин энэ бол зөвхөн миний хувийн итгэл үнэмшил юм шүү. Харин тэрхүү сургааль номлолоо манай шашны систем монголын нийгэм, үндэстэндээ хүргэж гэгээрүүлж, ариусгаж чадаж байна уу, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу гэвэл би огт чадахгүй байгаа гэж шууд л хариулна.
    Хоёр. Сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр
    Дэлхийн олон шашин бүгд шахуу сүм хийдтэй. Тун цөөхөн нь сүм хийдгүй. Манай шашны сүм хийд байрлал, тоо хэмжээгээрээ хэтэрхий олон, оршин тогтнох эдийн засгийн арга нь тун өвөрмөц. Тэд угаасаа өргөл барьц авч жас жав хэмээх аж ахуйгаа өөрөө тэлэн хөгжүүлж, улс дотор улс болж өөрийн хүчин чадлаа байнга өсгөж ирсэн хачин сонин уламжлалтай. Энэ нь шарын шашны сүм хийдийн хэт их тэлэлтийн үндэс болж байсан. Шарын шашин түүхэн утгаараа улс орны эдийн засгийн туйлын идэвхигүй байр суурь баримталдаг.
    Бусад улс оронд сүм хийд байдаг боловч “нэг сууринд нэг сүм” гэсэн зарчим голдуу үйлчилдэг. Манайд бол нэг газар төрөлжсөн, хоршсон, мэргэшсэн асар олон сүм хийд байх. Ингээд ахиад нэмж сүм хийд байгуулна. Тэгээд тэлэлт явагдана. 1919 онд 900 шахам болтлоо өссөн шүү дээ. Ингээд сүм хийдийн тоо хэмжээ хэт ихэсдэг. Хуучин ч тийм байсан, одоо ч тийм. Тоо ихэсвэл чанар мууддаг. Энэ бол зүй тогтол. Ингэхээр тоо хэмжээг анхаарах ёстой болж. Тоо хэмжээнээс гадна соёл хийгээд үйлчилгээ гэсэн гол юмаа орвонгоор нь өөрчлөхгүй бол нэг их хол явахгүй дээ.
    Сүм хийдийн эдийн засгийн оршихуйн дүрэм журмыг цэгцлэхгүй бол хамтын болон хувийн өмч илт холилдож үүнээс болоод зөрчилдөөд байна. Ухаандаа Бурханд, сүм хийдэд, ламд өргөж байгаа мөнгө хөрөнгө их ялгаатай л даа. Хэрэв хувийн орлого юм бол улсад татвар төлөх ёстой, нийтийн орлого юм бол нийтийн буюу буяны үйлст зориулагдах ёстой. Энд бүх юм холилдсон хамаг зүйл зохицуулалтгүй байгаа нь хэн ч харахад ойлгомжтой. Үүнийг чинь маш амархан янзалж, зохицуулж болдог юм. Үүнийг лам нар биш, шинжлэх ухаан хийдэг юм.
    Сүм хийд манай нийгэмд гамшиг болсон лалар харанхуй мухар сүсгийн эсрэг дорвитой ажил зохиохгүй бол хамаг лай ланчиг нь уламжлалт шашин дээр бууна шүү. Сүүлийн үед манай мунхаг харанхуй, балар суртал арай дэндэж байна ш дээ. Үүний тулд систем дотроо байгаа мунхаг харанхуйтай эхлээд тэмцэх ёстой гэдэг нь баараггүй үнэн. Ингэлээ гээд Та нарт л сайн нь тусна. Нээрээ шүү…
    Шинээр барих сүм хийдийн гадаад дотоод дизайн, орчноос эхлэн өөрчилж орчин үеийн цэлгэр, тохилог, үзэмжтэй болгох ажлыг зоригтой эхлэх нь шинэчлэлийн нэг гол чиглэл болно.
    Гурав. Лам хувраг буюу боловсон хүчин
    Аль ч газрын боловсон хүчин сайн байж ажил үйлс нь бүтэмжтэй байна. Энэ утгаар манай шашны үйлс сайн байна гэж номонд хазгай. Жишээ татаад яахав, бүгдээрээ л мэдэж байгаа хойно. Энэ нь боловсон хүчнийг хуучин аргаар бэлтгэж байгаа болон мөнгөнд автсантай холбоотой.
    Саяхан би “Баруун дахь Буддизм” ном уншсан юм. Баруунд буддизм их дэлгэрч байна. Энэ ч сургааль номын сайных байх. Түвдээс баруунд дүрвэж очсон лам нар анх их зовсон юм байх. Номоо номлох гэсэн чинь тэднийг америкчууд ёстой тоож харагдана ш дээ. Түвдэд зүгээр сууж байхад нь сүсэгтнүүд ирдэг байсан бол баруунд лам нар нь “шинэ” сүсэгтний араас гүйдэг болж гэнэ. Буддын лам нар арга барилаа өөрчлөн барууны хүмүүсийн сэтгэл зүй, тэдний зовлон бэрхшээлийг судлан тэрийг нь Бурхны номын үүднээс тайлбарлаад өгсөн чинь нөгөөдүүл нь гэгээрээд ирж гэнэ. Ингээд шашнаа дэлгэрүүлж гарчээ. Тэгэхдээ ихээхэн амжилттай.
    Энэ түүх надад их таалагдсан. Заавал үүн шиг байх нь албагүй л дээ. Ямар ч байсан манай лам нар орчин үеийн хүмүүсийн үнэт зүйл, зовлон жаргал, тэдний оюуны эрэлт хэрэгцээг мэдэж байх ёстой. Үүний тулд лам нар орчин үеийн социологи, сэтгэл зүй зэрэг шинжлэх ухааны үндсийг мэдэж байх ёстой гэж санана. Тийм биш гэж үү ?! Хүнийг гэгээрүүлэхийн тулд өөрөө эхлээд гэгээрсэн байх ёстой. Лам нар өөрөө гэгээрэх нэг хэрэг, бусдыг гэгээрүүлэх түүнээс ч том хэрэг. Үгүй ядаж хувийн ариун цэвэр болон харилцааны соёлын стандарт гэж байх ёстой биз. Цаашилбал сахилга бат, үйл ажиллагааны хэм хэмжээ гээд олон юм ярьж болох…
    Сүм хийдэд албан ёсоор данс бүртгэлтэй лам хувраг нараа цагдаа нарт байдаг шиг хувийн дугаар, ялгах тэмдгээр хангасан ч илүүдэх юм алга. Тэгэхгүй бол аль нь лам хувраг, аль нь хулгайч луйварчин гэдгийг ялгахгүй зовж байна ш дээ, энэ хүмүүс чинь…
    Дөрөв. Нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр
    Шашинд хүн хэзээ ханддаг вэ ? Нэг, үхэх төрөх үедээ, хоёр, зовлонд учирсан үедээ, гуравт, аз үзэх үедээ, хамгийн сүүлд дөрөв дэхэд нь, аз жаргалтай үедээ. Хамгийн түгээмэл бөгөөд заавал хийх үйл нь үхлийн шалтгаан юм. Үүнийг эдийн засгийн хувьд ч, үйлчилгээний хувьд ч стандартад оруулаад хэл амгүй, хүний сэтгэлд юм хийхгүй аятайхан хийчихэж болноо доо. Стандарт зөрчсөн шуналын туламнуудаа олж шийтгэж болно биз дээ. Хахууль авсан төрийн албан хаагчийг хуулиар шийтгэдэг шиг хийхгүй юу…
    Гадаадын сүм хийдийн олон үйл ажиллагаа гэгээрүүлэх, хүмүүнжүүлэх болон буяны олон үйл ажиллагаа хийдэг. Улаанбаатар хотод найдваргүй болсон өвчтөнд үйлчилдэг Христийн хөнгөвчлөх эмнэлэг ажиллаж болоод байна. Ямар ч мөнгө авахгүй, амьдралын эцсийн хоногоо хүлээсэн хүний сүүлчийн өдрийг сэтгэлийн сайхан үгээр үдэж байна. Тэд баярын нулимстай хорвоог орхиж байна. Яагаад манай шашин ийм буян хийж нэг сайхан эмнэлэг барьж болдоггүй юм гэж би асууж байна. Нас барсан хүн хайж явдаг олон лам нарын ядахдаа хэдхэн нь ийм эмнэлэгт ажиллаж найдваргүй болсон хүмүүст буян болж болдоггүй юм ?!
    Оршуулах газар, зан үйлээ хүртэл солонгосуудад алдсан гэм буруугийн дийлэнхи нь ёстой жинхнээсээ хараал идэж баймаар улс төрч, Улаанбаатар хотын захиргааныханд ногдлоо гэхэд нэлээд хэсэг нь лам хуврагуудад ногдоно гэж би бодож байна.
    Монгол талийгаач Монгол Нутаг дээрээ гадаадынхны оролцоогүй тайван нойрсож болно биз дээ !!! Монгол хүн нас барсан хойноо ч баян ядуугаараа ялгаварлагдаж ад үзэгдэхгүй Эх Нутагтаа үүрд нойрсох эрхтэй юм байгаа биз дээ !!! Монголчуудынхаа сүнсийг шашнаас нь өөр хэн хамгаалах юм ?!
    Энэ мэтээсээ болоод л манай уламжлалт шашны нэр хүнд унаж байгаа ш дээ…
    Цэвэр мал аж ахуйгаас бүрдсэн эдийн засагтай, малчин ард хийгээд феодал хоёроос бүрдсэн уламжлалт нийгэмд байсан шашны системийн хэлбэрийг XXI зууны зах зээлийн эдийн засагтай, нийгмийн олон анги, давхраатай, олон ургальч үзэлтэй өнөөгийн нийгэмд тэр хэвээр нь сэргээн мандуулна гэдэг бол үл гүйцэлдэх ажил мөн.
    Шашны шинэчлэлийн тухайд
    Манайхан сүм хийд (2), лам хувраг (3), шашны нийгмийн үйл үйл ажиллагааны (4) асуудал ярингуут онол номын (1) асуудал руу заавал оруулж балайруулдаг заншилтай. Ийм байдлаар яривал шашны асуудлыг яагаад ч шийдвэрлэж чадахгүй нь лавтай. Системийн 4 бүрдэл хэсгээс гурав нь сүйрлийн байдалд орсон бол үлдсэн нэгдээ буюу онол номдоо муугаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Системийн анализ хийхэд иймэрхүү байдлаар харьцангуй “бие даасан” хэсгүүдэд задалж тус тусад нь шинжлээд дараа нь “нийлүүлдэг” юм. Ингэхгүйгээр эхнээс нь “хольчихвол” ямар ч “юм” гардаггүйг ойлгоно гэж найдаж байна. Үүнээс өөрөөр тайлбарлах аргаа би олохгүй байна…
    Ер нь ямар ч шашин нэг талаас нийгэмтэйгээ дасан зохицож, нөгөө талаас нийгмээ манлайлж хөгждөг жамтай. Гэтэл уламжлалт шашин орчин үеийн нийгэмд дасан зохицож ч, манлайлж ч чадахгүй байна. Уламжлалт шашны үйл ажиллагаа дэндүү хуучин хэлбэрт баригдсан байна. Шинэ юм болгоныг уламжлалаа сэргээх гэдэг тэнэг үгээр няцааж байна. Бүх уламжлалаа сэргээнэ гэвэл дундад зууны балар харанхуй руугаа буцаж орно гэсэн үг л дээ. Манай шашныхан Бурхны шашныхаа төв үзлийн сургаалийг огт мэддэггүй улс байна.
    Уламжлалт бус шашныг зоргоороо шүүмжилж болох ч өөрөө түүнээс бүх талаараа илүү, хүчтэй, идэвхитэй, зохион байгуулалттай баймаажин тэднийг ялж даван гарах нь бас л зүй тогтол гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймээс манай шашны системд шинэчлэл хийх гарцаагүй шаардлагатай.
    Шашны шинэчлэлийг яръя гэвэл дан ганц шашны мяндагтнуудын хүрээнд биш, харин дээр дурдсан системийн бүрдэл хэсгүүдийн хүрээнд орчин үеийн системийн онол, онолын социологи, удирдахуйн онол зэргийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Шашны систем нийгэмтэйгээ холбогдох, шүргэлцэх үй олон шижмийг шашин судалдаг биш, онолын социологи гэж шинжлэх ухаан судалдаг юм. Шашны социологи гэсэн салбар ухаан ч байдаг. Үүнийг би олон хүнд олон удаа хэлж үзсэн. Надад бараг л шашны дайсан мэт хандах нь олонтаа.
    Монголын шашны систем монголчуудыг эх оронч, ёс суртахуунтай, хүнлэг, эрч хүчтэй, нийгмийн идэвхитэй, өөртөө итгэлтэй, зоригтой, золбоо хийморьтой болгодог байгаасай гэж би хүсч байна.
    Олонхи монголчууд уламжлалт шашнаа дээдлэн шүтдэг, хүндэтгэдэг, харин шашны нийгэмд явуулж буй үйл ажиллагаа, сүм хийдийн байдал, соёл хийгээд үйлчилгээ, зарим лам хуврагуудын хувийн зан байдал, зарим гаж үйлдэлд сэтгэл алдардаг нь нууц биш билээ. Үүнийг монголчууд шашнаа шүтэхээ больж байна гэж тайлбарладаг хуврагуудыг би нүдээрээ үзэж байсан. Ингэж маанагтаж болохгүй ш дээ. Монголын ард түмэн шашнаасаа шинэчлэлийг хүлээж байна. Би судлаач хүн мэдэлгүй яахав. Энд би зөвхөн асуудал л дэвшүүлж байна. Уг нь ярих ярихгүй, ил ярих, далд ярих олон л юм байхсанж…
    Хэрэв дутагдлыг нь хэллээ гэж намайг шашны дайсан мэт үзэх юм бол би танай дайснуудад саад болох үүрэг хүлээгээгүй…
    Судлаач Х.Д.Ганхуяг

  • ШАР ТОС ОЙ ТОГТООЛТЫГ САЙЖРУУЛЖ, ТАМИР ТЭНХЭЭГ ТЭТГЭДЭГ

    Шар тосыг дотроос ууж хэрэглэхээс гадна хийн өвчин болон нойргүйдэх өвчний үед бүтэн биеийн зөөлөн бариа, дөрвөн толион зөөлөн иллэг хийж өгснөөр хийг дарж нойргүйдэхийг анагаах ач тустай. Өвлийн улиралд өглөө өлөн дээрээ нэг халбага шар тос уух нь үр дүнтэй. Мөн толгойн өвдөлтийн үед шар тосыг түрхэж зөөлөн бариа хийж өгснөөр өвдөлт намдахаас гадна үсийг торгон зөөлөн намирсан болгох чадалтай. Нүүрэнд түрхэж, хамар чихэнд бага зэрэг дусаан хэрэглэснээр чих шуугих, хамар битүүрэх, хуурайших зэрэг өвчнүүдээс ангирч чадна.
    Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжихэд шар тос ихээхэн тус болно. Хүүхдээ усанд оруулсны дараа шар тосоор зөөлөн бариа хийж өгвөл дархлаа сайжирч, хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн шөнө ханиалгаад унтаж чадахгүй байх үед нуруунд нь шар тосоор иллэг хийж өгвөл ханиалга дарагдах болно. Аливаа зүйл хэдий тустай ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Шар тосыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршилгүй болох, тосоор гүйлгэх эрсдэлтэй.
    Мөн эс шингэх өвчин, хоолны шингэлт муудсан үед, суулгах, хэрэх, тулай дур булгих, бадганы хувь их бөөлжих, ундаасах зэрэг өвчнүүдийн үед ямар ч тослог зүйл идэхийг хориглоно. Дашрамд дурдахад шар тос нь өвөл хэрэглэхэд тохиромжтой бөгөөд насыг уртасгах, хоолны шингээлт, оюун ухааныг сайжруулах ач холбогдолтой бол үрийн тосыг зуны улиралд хий арвидсан өвчний үед хэрэглэдэг. Харин хаврын улиралд чөмөгний тос, өөхөн тосыг ядарч сульдсан, яс үес өвдөх, хэвлий, умайгаар өвдөх, тархи, чих өвдөх үед хэрэглэнэ.
    Оточ Манрамба Их Сургуулийн багш, УАУ-ын их эмч Б. Болорчимэг

  • МОНГОЛ УГСААТНЫ ТӨРИЙН ТҮҮХ

    Овгууд хоорондын харилцаа нь улс төрийн шинжтэй биш бөгөөд сүрэг, хүй нэгдлийн хамаатал нь удтал нөлөөтэй байж илүү их биеэ даасан нийтлэг болох аймгууд үүсэхийн урьдал болж байжээ.
    Овгийн зохион байгуулалттайгаар аж төрсөн цаг хугацаа бас олон зуу, мянган жилээр хэмжигдэх учиртай.
    Овгууд эхийн эрхт ёс, эцгийн эрхт ёсыг дамжин хувьссаар эцэстээ тусгаар гэр бүлүүдэд хуваагдаж тэр нь удаах нийтлэгүүдийн тогтвортой, анхдагч нэгж болж хувирчээ.
    Гэр бүлүүд үүсэх үе гэхэд ойролцоо амьдардаг овгууд бүгд л өөр өөрсдийн хэлтэй, өөр өөрсдийн нутаг, устай, зан заншилтай болж аажмаар том, жижиг аймгийн зохион байгуултад оржээ. Цаашдаа хэл, соёл нэгтэй, ойролцоо нутагладаг аймгууд нэгдэх, угсаатан үүсэх процесс эхэлжээ.
    Аймгууд буй болж тодорхой нутаг дэвсгэрийг тогтвортой эзэмших болсноор аймгуудын хооронд улс төрийн шинжтэй харилцаа үүсэж элдэв зөрчлийг үүдэх болжээ. Чухамхүү  тиймэрхүү зөрчлүүдийг шийдвэрлэх арга, замаар л аймгууд томорч ойр орчноо эрхшээл, нөлөөндөө авсаар угсаатан гэх илүү тогтвортой, илүү их нэгдэлтэй нийтлэгүүдийг төрүүлжээ.
    Газар нутаг, хэл, соёл, аж ахуйн төсөө, нийтлэг нь угсаатан улсууд үүсэх үндэс болж түрүү төрийн хэлбэрүүд тив бүхэнд гарч иржээ. Газар тариаланд суурилан аж төрдөг хот-улсууд, угсаатан-улсууд том том голуудын сав газрууд даган үүссэн байна. Ийм үйл явц одоогоос 5-8 мянган жилийн өмнө эхэлжээ. Ази, Европ, Африкийн том том гол мөрөн, нуур, тэнгэсийн эрэг хавиарх хот-улсууд харьцангуй түргэн хөгжиж, хэлбэржиж, анхны хаант улсууд болж хувирсан байна. Ази, Евразийн нүүдэлчид ч тэднээс төдийлөн хоцрохгүйгээр угсаатан улсуудыг үүсгэж, аажмаар томорсоор, эзэнт гүрэн болох хандлагад автжээ.
    Төв Азийн өндөрлөгөөр чөлөөтэй нүүдэллэн аж төрж байсан өвөг Монгол аймгууд анхандаа угсаатан-улс болох Хүннү улсыг байгуулжээ.
    Хүннү улсыг байгуулсан өвөг монгол аймгуудын нэр тодорхой бус учир товчлон, алслан орхихоос өөр аргагүй байна.
    Хүннү улсын төр хэлбэржих, бэхжих, хүчирхэгжих үйл явц тэр цаг үеийн онцлогоор нөхцөлдөн нилээд удаан хугацаагаар үргэлжилжээ.
    Хүннү улсад заналхийлэх хэмжээний хүч, боломжтой улс төрийн субъект түүний ойр тойронд байсангүй. Өмнө этгээдэд Хятадын том, жижиг улсууд буй болчихсон байсан хэдий ч тэдэнд умрын нүүдэлчдийг хүч хэрэглэн өөртөө нэгтгэх, Сибирийн ой тайга хүртэл эзлэн түрэмгийлэх бодлого ба хүч байгаагүй нь үнэн юм.
    Монгол угсааны бүх овог, аймгийг нэгтгэж чадсан Хүннү улс аажимдаа Төв Азийн өндөрлөг дэхь олон хэлний бүх эсгий туургатныг өөртөө захируулж эзэнт гүрэн болох зам дээр НТӨ III зууны үед гарч иржээ.
    Ингэх болсны гадаад шалтгаан нь Хятадад том эзэнт гүрэн буй болж хавь орчиндоо заналхийлэх болсон, мөн түрэг, манж угсааны жижиг улсууд ба Хүннү улсын хоорондох харилцаа хурцдаж цэрэг зэвсгийн хүчээр зөрчлийг шийдэхэд хүрсэн явдал юм.
    Их Хүннү гүрний нөлөө, захиргаанд орж гурван зуун дамнан аж төрж байсан Төв Азийн олон хэлний нүүдэлчин аймаг, том, жижиг улсуудын нэр мөн тодорхойгүй учир товчлон орхихоос өөр аргагүй байна.
    Хүннү улс ойр зэргэлдээ оршиж байсан олон хэлний нүүдэлчдийг өөртөө нэгтгэж том эзэнт гүрэн болж чадаад өмнөд хилээ Хятадын Их Цагаан хэрмээр тогтоосон гэрээ хэлэлцээрийг Хан гүрэнтэй байгуулжээ. Тэд нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хил заагаа ч тогтоожээ. Чухамхүү энэ цаг үеэс эхлэн Хан гүрний хаад Хүннү гүрний болзошгүй халдлагаас ихэд эмээх болж “нүүдэлчдийн энэхүү хүчирхэг гүрнийг хагалан бутаргах хүчийг нь сулруулах, дотоодод нь өрсөлдөөн, тэмцэл үүсгэж аль болохоор хурцатгах” бодлогыг ил, далд бүх арга, хэлбэрээр явуулах болжээ. Хан гүрний хаадын хорон бодлого, явуулга амжилтад хүрч Хүннү гүрэн дотооддоо хямарсаар хуваагдаж задарчээ. Их Хүннү гүрний нэг хэсэг нь зүүн Европ руу нөгөө хэсэг өмнөд Ази руу нүүдэллэж, нэг хэсэг нь Хан гүрэнтэй нэгдэж, үлдэх хэсэг нь Сүмбэ улсыг байгуулан хүчирхэгжиж Сүмбэ гүрэн болж томорсон байна. Хэтдээ Сүмбэ гүрэн Их Нирун улс болсон түүхтэй. Сүмбэ, Нируныг байгуулсан зонхилох хүч нь монгол угсааны аймгууд, монгол угсааны хаадууд байлаа.
    Их Нирун улсын захиргаа, нөлөөнд оршин байсан түрэгүүл бослого гаргаж төрийн эрхийг булааснаар Түрэг, Уйгар, Киргизийн ноёрхол Төв Азийн өндөрлөгт ээлжлэн тогтжээ. Нөхцөл, байдлын аясаар тэдний ноёрхол ч унажээ. Монгол угсааны аймаг, ханлигууд нэгдэж, орчноо хураан захирч Их Монгол улс буй болж нэн их хүчирхэгжжээ.
    Өөрт нь аюул учруулж байсан, өөрийг нь басамжилж хандсан, элч төлөөлөгчдийг нь хөнөөсөн олон улс орныг Их Монгол улс довтлон эзэлсээр, буулгаж авсаар тэр цагийн дэлхий дахинд ихэнхэд нөлөө, захиргаагаа тогтоож Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Дэлхий дахинд Монголчуудын тогтоосон гэх тайван амьдрал, даяаршил олон зууныг дамнан үргэлжилж байв.
    Чингис хаан эзэнт гүрнээ хөвгүүддээ хувааж өгсөн нь түүний задралыг нөхцөлдүүлжээ.
    Монголын эзэнт гүрний нийслэлийг Хувилай хаан Хятад руу шилжүүлсэн нь Монгол, Монголчууд, Хархорин хотын нэр, нөлөө, хүчин чадлыг бууруулж, бараг л “давааны цаадах” шоовдорлогдсон муж болгож хувиргажээ.
    Хувилай болон түүний залгамжлагчдыг тансаглалд умбуулсаар хааны ордныхон, Хятад түшмэдүүд зөөлөн аргаар мөхөл рүү нь хөтлөн аваачсан түүхтэй.
    Чингис хааны байгуулсан их гүрэн задран унаж, дотооддоо зөрчилдөн байсаар Манж Чин гүрний идэш, вассал, мөхөж буй угсаатан болж доройтжээ.
    Хятад, Манж, Төвд, Хаант Оросын удирдлага Их Монгол улсын нутаг дэвсгэр, хүн ам, мал сүрэг, газрын доорх баялаг, хүмүүсийн гар дээрх алт, мөнгө тэргүүтнийг хүчээр болон эвээр, залиар болон мухар сүсгээр дамжуулан хуваан авч чадсан үр дүн XX зууны эх гэхэд дэлхий дахинаа ил болсон билээ.
    Хятад дахь Манжийн төр доройтож, Хятадын цэргийн эрхтэнгүүд олон тал болж хоорондоо тэмцэлдэж, Оросын хаант засаг мөхөж, иргэний дайн дэгдэж, Японы милитаристууд эх газар руу түрэмгийлэл үйлдэж “ёстой л түм түжигнэж бум бужигнасан” нөхцөл, байдалд Монголын эх орончид үндэсний эрх чөлөөний төлөө амь хайргүй тэмцсэнээр Ар Монгол тусгаар улс болж чаджээ. Ар Монгол анхандаа Богдхаант Монгол улс, удаа нь Хятадын автономит муж, Хятадын хязгаарын муж, дахиад Богдхаант Монгол улс, БНМАУ, Монгол Улс болж нэр ба статусаа өөрчилсөн билээ.
    Монгол угсаатны иргэний түүх, аж ахуйн түүх, соёлын түүх, бичиг үсгийн түүх, шашин шүтлэгийн түүх, цэрэг-зэвсгийн түүх, гадаад харилцааны түүх, философи сэтгэлгээний түүх гэх мэтээр Монголчуудын амьдрал, оршлын түүхийн тал тус бүрийг товч тоймлон бичих аваас мөн л өмнөхийн адил олон зүйлийг өгүүлж болох юм.
    Улс төрийн хувьд, төрийн хувьд, Монголчууд бусдын далбаан доор орсон нь цөөн биш болох нь өмнө өгүүлснээс тодорхой байна. Мэдэгдэж буй тохиолдлууд гэхэд л Түрэг, Уйгар, Киргиз, Манж, Хятад, Орос улсын төр засаг Монголчуудыг мэдэж, залж, захиргаадаж явжээ. Гэхдээ Монголчууд тухай бүрд нь төрийн эрхээ эргүүлэн авсаар байжээ. Ингэхлээр Монголчууд цөөхөн ч гэсэн эрт хэлбэржсэн угсаатан, бэрхийг туулсаар ирсэн том үндэстэн мөн юм. Монголчуудад улс төрийн ухамсар, улс төрийн харилцааны түүхэн том уламжлал, туршлага буй нь ч тодорхой байна. Энэнийгээ харин бид эргэж судлах ёстой, сурталчлах ёстой, гаргууд сайн эзэмших, өвлөх, цаашид хөгжүүлэх ёстой.
    Тохиолдлын хүмүүс, ойворгон залуус элдэв нөхцөл, байдлыг ашиглан төрийн эрхэнд гараад ард түмний хувь заяа, эд баялаг, өмч хөрөнгөөр тоглосоор буй баримт бол Монголчууд бид өнгөрсөн түүхээсээ зөв сургамж авахгүй байгаа, төрийн түүх, улс төрийн сэтгэлгээний түүхээ мэдэхгүй, судлахгүй байгаагийн тод илрэл болно.
    Монгол төрийн судалгаа, Монголчуудын улс төрийн сэтгэлгээний судалгаа удаах шинэ шатандаа гарах хэрэгтэй байна. Эс тэгвээс өнөөгийн эмгэнэлт байдал цааш цаашдаа ч үргэлжлэх болно.
    Монголчуудын өвөг дээдсийн үеэс нааш байгуулсан төг нь солигдох, задрах, мөхөх, томрох, бутарч жижигрэх зэргээг өөрчлөгдсөөр иржээ. Бусдын эрхшээл, нөлөөнд орж, хаяа хатавчинд нь хоргодож асан тохиодол ч мөн гарчээ.
    Монголын төрийг хэврэгшүүлж байсан нөхцөл, хүчин зүйлүүдийн судалгаа муу хийгдэж, муу суртачлагдсан гзж хэлж болох юм.
    Монголын төр гадаад хүчин зүйлийн нөлөөнд ч ихээхэн өртөж, бас дотоод зөрчил, тэмцэлдээ ч ихэд идэгджээ. Монголын хаад, язгуутнуудын зөрчил, тэмцлийг харь улс орнууд ч мөн олон дахин овжин ашиглажээ. Ялангуяа их хаадын дараах үеийн төв төрийн засаглалын хомсдол Их Хүннү гүрэн, Их Монгол улс Монголын эзэнт гүрнийг бутраажээ.
    Төвдийн удирдлага, Манжийн хаадын хол явах хорт бодлогоор Монголчуудын оюун санааны амьдралыг шарын шашны мунхруулганд бүрэн автуулсан нь хэргээ хийж Их Монгол улсын төрийг мөхөөж, Монгол угсаатныг олон болгон бутраасан билээ. Энэний үлдэгдэл нөлөө, сөрөг үр дагавар өнөөдөр ч гэсэн маш хүчтэй, хорлолтой хэвээрээ байна.
    Нийгмийн сэтгэлзүйн зарим тал, хэсэг, хүн амын хагасаас илүү нь мухар сүсэг, сохор бишрэл, шашны зан үйлийн нөлөөн дор оршиж дандаа харь гаралтай хийсвэр зүйлүүд, шүтээнүүдэд /соёмбо тэмдэг, хийморийн хүлэг, хангарьд г.м/ залбирсаар байгаа билээ. Гэтэл XXI зууны 20-иод он гэхэд хүн төрөлхтний идэвхтэй, боловсролтой, оюунлаг хэсэг нь гагцхүү шинжлэх ухааны үнэн мэдлэг, мэдээлэлд итгэж, мухар сүсэг, сохор бишрэлээс хол хөндий байх болчихжээ. Гэтэл Монголын хот, хөдөөд хутагт, хувилгаадын хойд дүрүүд тодорсоор, бөө удган нарын нөлөө өссөөр, төвд хэл дээрх элдэв уншлагаар иргэд маань “зам, мөрөө засуулсаар” л байна.
    Буддагийн үзэл, сургаалыг хүндлэх, дагах, судлах, мөрдлөг болгох үйл явц бол мухар сохроор сүсэглэх, маань мэгзэм тарни, шившлэг цээжлэх, ид шидэд итгэх, төмөр, шавар, зэс, гуулин бурхдад мөргөх, адис авах, сахиус зүүх, хийморийн дарцаг хийсгэх мэтээс огт өөр үйл хэрэг юм. Сүм хийдүүдийн сүр хүчтэй зан үйлүүдээр /золигт гаргах, сор залах, чөтгөр шулмыг дарах, номхотгох гэх мэт/ юу ч өөрчилдөггүй, бүтээдэггүй гэдгийг хүн төрөлхтөн аль хэдийнээ таниад мэдчихсэн цаг үе шүү дээ. Одоо зөвхөн ухвар мөчид, гэнэн, сэтгэл санааны өвчин, гажиг олсон хүмүүс л мухар сүсэгт автах болжээ. Мухар сүсэг, сохор шүтлэгээс чөлөөлөгдөх үйл явц улам л өргөжсөөр, хүн төрөлхтөн зөвхөн өөртөө итгэж, өөрөө өөртөө эзэн болж, өөрийн мэдлэг, оюунаар бүх асуудлаа шийдвэрлэдэг болсоор байна.
    Судлаач, профессор Д.Чулуунжав Sonin.mn agency

  • ХҮННҮГИЙН БУЛШНЫ ДУРСГАЛУУД ОЛОН АЙЛЫН ХАШААНД ОРСОН”

    Жишээ нь, томхон судалгааны малтлага явуулахад 100 сая болно. Цаашлаад өчнөөн сая, тэрбумаар яригдана. Иймд гаднын эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж, малтлага судалгааг үргэлжлүүлдэг юм. Нөгөөтэйгүүр гаднын улс орнуудын шилдэг эрдэмтдээс бид туршлага солилцож байдаг.
    Археологи хэдийгээр зардал өртөг ихтэй ч эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой салбар. Баригдаж буй шинэ музейг юугаар дүүргэх вэ? гэхээр археологийн олдвор. Үүнийг гаргаж үзмэр болгосон нь археологичид. Археологийн судалгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй, аялал жуулчлалын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой. Эдийн засагт шууд болон шууд бус утгаараа өгөөжтэй.
    Дээр нь мэдээж өвөг ба эртний түүхийн судалгааны гол сурвалж болно. Тиймээс археологийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.  Сүүлийн 1.5 жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр гадаадтай хамтарсан том төслүүд зогссон болохоор нуулгүй хэлэхэд археологийн салбар хүндхэн байлаа. Товчхондоо Монголын археологи хөрсөн дээрээ бууж байна. Гэхдээ бид дотоодын санхүүжилттэй цөөнгүй судалгаа хийсэн. Энэ жилээс гадаадын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төсөл эргэн сэргээсэй гэж хүсч байна.
    -Археологийн салбар өртөг өндөр, бас эдийн засагт үр өгөөжтэй. Энэ салбараас ашиг хонжоо хайж, баяжих эх үүсвэрээ болгосон мэргэжилтэн байхыг ч үгүйсгэхгүй байх?
    -Хувь хүний тухай яриагүй, үндэстнээрээ баяжна. Эдийн засаг гэх ерөнхий утгаар нь үр өгөөжтэй гэж хэлж байгаа юм. Зарим улс орнууд археологийн салбараар хоолоо олж идэж байна. Жишээ нь, Грек, Египет улс археологийн салбараа аялал жуулчлалтай холбож хөгжүүлсэн.
    -Археологийн үнэт олдворыг алт, мөнгөөр хэмждэг үе өнгөрсөн гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэвч, энэ үзэл амь бөхтэй байгаа. Түүхийн үнэт олдворууд сүйдэж байна. Археологичид өөрсдөө булш тоногчид болсон тухай  мэдээлэл цацагдсан?
    -Археологичид өөрсдөө булш тоногчид байх боломжгүй. Мэргэжлийн хүнд тонуул хийх ёс зүй байхгүй болов уу. Цагдаагийн байгууллагын 2015 оны судалгаагаар улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг 26 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутгийн иргэд ямар нэгэн байдлаар оролцсон байгаа юм. Зарим нь хотоос ирсэн хүмүүс. Харин мэргэжлийн хүн нэг ч холбогдоогүй. Хүмүүсийн хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ археологич болох замналд түүхийн үнэт олдвороо хайрлах, хүндлэх үзэл суухаас биш, хувийн ашиг сонирхол хайх сэдэл гардаггүй.
    Би энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа түүхийн үнэт олдвороо шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнийг нь харснаас биш ашиг хонжоо хайсан нэг ч эрдэмтэн, судлаач, ажилтан харж байгаагүй. Тиймээс энэ асуудал зарим хүмүүсийн ойлгодгоос өөр болов уу.
    Энэ талаар баттай нотолгоотой зүйл ярихгүй бол бүтэн салбарыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгөх хор нөлөөтэй. Хүмүүс археологичдыг судалгааны ажлаар биш, хулгайч гэж харж эхэлбэл сөрөг үр дагавар нь их. Ийм асуудал гарсан байлаа гэхэд нийт олныг хамааруулж, харлуулж болохгүй.
    -“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Цөөн хүний шуналаас болж хууль хүчний байгууллагынхан төдийгүй археологичид өөрсдөө ч ил зарладаггүй, нуудаг юм биш үү?
    -Хэрэв археологич булш тоносон асуудал гарлаа гэхэд археологийн салбарт төдийгүй нийгэмд маш хор хөнөөлтэй. Ер нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудал хариуцаж буй хууль сахиулах байгууллагын хүч чадал их сул дорой байна. Үүнийг бүгд мэдэх хэрэгтэй. Улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг ганц л хүн бий. Энэ бол үнэхээр хангалтгүй. Хариуцсан тасаг нэгж гарвал хүмүүс ажил хийнэ, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд л соёлын өвийн хадгалалт хамгаалалтын түвшинд эрс өөрчлөлт гарна гэж бодож байна. Ер нь хууль эрхзүйн орчны хувьд соёлыг өвийг хамгаалах боломжтой болсон. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар соёлын өвийн эсрэг бүлэг анх удаа тусгасан. Гэтэл бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна.
    Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүмүүсээ мэргэшүүлж амжихгүй, бололцоо олгохгүй байгаатай холбоотой. Хэрэв хуулийг хэрэгжүүлж чадвал Монголд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг буурах боломжтой.
    -Та булш тонох гэмт хэрэг их гарч байгааг ч онцолж байсан. Хэн дуртай нь булш тонож, түүхийн үнэт олдвороос ашиг харж байна гэсэн үг үү?
    -Хэн дуртай нь л булш тонож байна. Хэн дуртай нь л хулгай хийж байна. Зарим газар бүр гэмт хэрэг гэж боддоггүй бололтой. Хулгай, гэмт хэрэг гэж ойлгодоггүй. Газар шороотой харьцдаг нинжа нарын бүлэг бий болчихлоо. Алт харсан хүмүүст соёлын өвийг хайрлах сэтгэл байхгүй. Металл хайгчаар зэвсэглэсэн, домог цуу ярианы араас хөөсөн хүмүүс маш их байна. Зарим аймаг, суманд бүтэн үлдсэн дурсгал байхгүй болсон. Жишээ нь, Өмнөговь аймгийн Номгон сумыг судлаачид дурддаг. Ерөнхийдөө булшны тонуул маш их болсон. Энэ асуудалд сэтгэл их өвддөг. Байгальтай зүйрлэвэл соёлын цөлжилт гамшгийн хэмжээнд хүрлээ. Ер нь Монгол Улс археологийн дурсгалт газар, түүхийн үнэт олдвороор баялаг. Дурсгалт газаргүй бүс, газар гэж байхгүй.
    -Таны хувьд эл салбарт олон жил ажиллахдаа 50 гаруй малтлага судалгаа явуулж, дэлхийд гайхагдах олдворууд нээж байсан. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ хаанаас бүрдүүлж байв?
    -Археологийн малтлага, судалгаа зардал их боловч үр өгөөжтэй. Цар тахлаас өмнө судалгаа шинжилгээний ажлыг гадаадын төслүүдтэй хамтран зохион байгуулдаг байлаа.
    -Таны ерөнхий чиглэл Хүннү судлал болон Монголын хүрэл, төмрийн үеийнх. Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна?
    -Хүннүчүүд бол монголчуудтай генетикийн удамшлын шууд холбоотой. 2004 онд Хүннүгийн жирийн иргэдийн булшаар докторын зэрэг хамгаалж байлаа. Үүнээс хойш Хүннү судлалыг орхиогүй. Ерөнхийдөө 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Тамирын Улаан хошуу гэх Хүннүгийн хамгийн том жирийн иргэдийн оршуулгын газарт судалгаа хийж байгаа юм. Энд хийгдсэн цогц судалгаанаас хүннүчүүдийн эртний генетикийн судалгааг онцлон дурдууштай. Өөрөөр хэлбэл, монголчуудын гарал, үүслийг тогтооход нэмэр болохуйц судалгаа хийгдэж байгаа юм. Түүх сөхвөл, Хүннүгийн өмнөх үе буюу скифийн үед европжуу, монголжуу холимог хүн ам Төв, Баруун Монголд оршин байжээ. Үүний дараа мандсан Хүннү бол их гүрэн учраас олон үндэстэн, ястнаас бүрддэг байсан байгаа юм. Өмнөх үеийн хүн ам Хүннүгийн бүрэлдэхүүнд багтан орсон нь тогтоогдож байна.
    Тамирын улаан хошууны судалгаагаар Монголд анх удаа нэг гэр бүлийн таван үеийг илрүүлсэн. Ах дүүс, аав ээж, хүүхэд, эцэг эх зэрэг. Нэг оршуулгын газрын хүрээнд бид бичил он цагийг тогтоож, 100 жилийн түүхийг харж болохоор байгаа юм. Энэ бол археологийн шинжлэх ухааны салбарт том ололт, бас нэг шатаар ахисан алхам боллоо.
    Харамсалтай нь, эдгээр нэг гэр бүлийн таван үеийн булш бүгд тоногдсон байсан ч яс нь хэмхэрч, гэмтээгүй байснаараа судалгааг үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Ерөнхийдөө Хүннүгийн оршуулгын дурсгалт газрууд олдвороор баялаг байдаг. Ялангуяа Тамирын Улаан хошууны булшны дурсгалт газар маш онцгой. Манай судалгааны багийнхан өнөөдрийг хүртэл 50 гаруй булшны малтлага явуулахад 10 цоо шинэ хэлбэрийн шавар сав суулга олдсон. Эдгээр ваар нь дахин давтагдашгүй маш өвөрмөц хэлбэртэй. Тамирын Улаан хошууныхан ваар урлахдаа маш шинэлэг байдлаар ханддаг байсан. Одоогийн хэллэгээр бол инновацлаг хүмүүс байсан юм.

    -Археологийн судалгааны гол зорилго, ач холбогдол юу вэ?
    -Сүүлийн үед бидний судалгааны гол зорилго монголчуудын угсаа гарлыг судлах. Монголчууд гэж хэн юм бэ?, Монгол үндэстэн хэзээ бий болсон юм бэ, гадаадын судлаачдын хэлдэг шиг одоогоос мянган жилийн өмнө Зүүн хойд зүгээс Амар мөрнөөс нүүж ирсэн анчид загасчид юм уу, эртнээс нааш Монголын нутаг дэвсгэрт аж төрж байсан юм уу гэдгийг археологийн талаас шийдэх зорилготой.
    Хөрш орнууд болон холын хөрш улсууд манай улсын түүхийг гуйвуулсан судалгааг гаргах болсон тул Монголын судлаач, түүхч, археологич, антропологичид хүчээ нэгтгэж, монголчуудын угсаа гарлын чиглэлээр гурван жил ажилласан. Энэ ажлын үр дүнд өнгөрсөн онд гарсан “Археологийн судалгаа: Монголчуудын угсаа гарвал” бүтээлд монголчуудын угсаа гарвал наад зах нь 3000 жилийн өмнөөс эхлэлтэй болохыг тодорхойлсон байгаа.
    НТӨ 1000 жилийн үеэс монголчуудын угсаа гарвал нэлээд тодорхой болж эхэлсэн. Тухайн үед монголчуудын өвөг гэж нэрлэж болох үндэстэн манай археологийн нэр томъёогоор дөрвөлжин булшныхан мөн гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэднээс хүннүчүүд залгамжилсан нь зан үйл, олдворын хувьд нягт холбоотой.
    -Түүхийн дурсгалт эд өлгийн зүйлс нийслэлд ч бас түгээмэл. Гэвч хүн амын хэт нягтралаас үүдэн бас л сүйдэж байна. Энэ асуудалд Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ?
    -Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан зам гүүр, барилга, уул уурхай явуулах газруудад урьдчилан хайгуул хийж, шаардлагатай тохиолдолд авран хамгаалах малтлага судалгаа явуулж чөлөөлдөг. Нийслэлийн хэмжээнд археологийн олдвор баялаг ч хүн амын хэт нягтрал, барилгажилт, газар олголт зэрэг олон шалтгаанаас болж түүхийн үнэт дурсгалууд устаж үгүй болох эрсдэл үүссэн тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Зүүн салааны аманд Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон. Үүнийг ШУТИС-ийн малтлага судалгааны баг 2010 онд судалж тогтоож байв. Мөн Ар гүнтэд Хүннүгийн үеийн болон хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд байгаа ч газар олголтод орж, айлууд хашаалсан. Үүнийг чөлөөлөх шаардлага байна. Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булш байдаг ч бас л эрсдэлд орсон. Тус аманд Археологийн хүрээлэнгээс энэ жил судалгааны ажил эхлүүлнэ. Уг дурсгалт газрыг 1960-аад оны үед манай ахмад археологичид нээж илрүүлж байсан. Түүнчлэн Их тэнгэрийн аманд маш алдартай хадны зосон зураг байдаг ч устах аюул нүүрлээд байна. Хүрлийн үеэс Их Монгол Улсын үеийн хоёр үед хамаарах зосон ба бэхэн зурагт богтаг малгайтай монгол эхнэр хүн ба согооны дүрслэл байдгийг Алун гуа эх ба Гуа марлын дүрслэл гэж таамагладаг. Мөн энд хар бэхээр бичсэн XIII-XIV зууны монгол бичигтэй маш алдартай зураг юм. Гэвч орчин тойронд нь бөөгийн овоо босгож, тос нялаад, түүхэн үнэт дурсгалыг сүйтгэх эрсдэл байгаад анхаарах ёстой. Энэ мэтчилэн нийслэл дэх түүх соёлын дурсгалууддаа хүмүүс хайхрамжгүй, хүйтэн сэтгэлээр хандаж сүйтгэж байгаа асуудал олон байна. Үүнийг нийслэлээс анхаарч, тордон аялал жуулчлалын бүс болгох боломжууд байна.

    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

     

     

  • МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ЭРХЭМЛЭХИЙН УЧИР

          Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билгэдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлний бүс  бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билгэдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлдцэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.
    Image
           Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм/ саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүсэлдэг нь гурвын тоон билгэдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.
    Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.
    Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг “бүсгүйчүүд” гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлний бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж. дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.
    Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад. бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийг аль билгэтэй үгээр тайлбарлаж, зангилээг тайлж өгдөг байжээ.
    Тэгш төрийн дээл.
           Ийнхүү нэрлэдэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас нэхий дээл үзвэл Монгол хувцас балар эртнээс үүсчээ. Монгол дээлийг анхлан зохиохдоо нүүдэлчин Монголчуудын бие, эрүүл мэндийн онцлог хийгээд байгаль цаг уурын байдалд дасан зохицож ирсэн тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт нийцүүлэн бодож хийжээ.
        Монгол дээл нь өмсгөл хувцас болохоос гадна бусад олон янзын зориулалтаар ашиглагддагаараа онцлогтой. Тухайлбал, нударга нь жийргэвч, бээлийний үүрэг гүйцэтгэдэг бол өргөн бүсийг ууц нуруу, бөөрийг хамгаалах зорилгоор бүсэлдэг байна. Үүнээс гадна дээлтэй холбоотой цээрлэх зүйл бий. Тухайлбал, дээлний захыг урагш буюу түрүүлгээ харуулж хаядаггүй, өвчин зовлон гуйна гэдэг. Дээлний захыг гал руу харуулж өрөөлдөж хучдаггүй, хоёр ханцуйг нь зөрүүлж эвхдэггүй, хүний эрхэнд хүлэгдэхийн ёр гэж үздэг. Мөн дээлийг толгой дээгүүр нөмрөх нь ялтан болохын дохио, энгэр заам задгай байх нь гэр бүл салж сарних бэлэвсэрч хагацахын шинж хэмээнэ.
           Товчийг үмхэж аманд зуух буюу хазаж зууваас өнчрөлийн дохио гэж үздэг. Хожмоо халх эхнэрийн дээл түнтгэр мөртэй болжээ. Энэ нь урьдын их дайн самуунд халхын эрчүүд үрэгдсэнтул эмэггэйчүүддайнд мордожханцуй юугаа шамлан ихэд баатарлаг байлдан ялжээ. Иймд халхын хүүхнүүдийн баатарлаг гавьяаг тэмдэглэх болж ханцуйгаа шуун мөрөө давтал хунируулан овойлгож дайтаж явсан учир ханцуйны дээд угийг мөрөөс нь илүү гаргасан хувцас хийжээ.
          Ингэж халх эмэгтэйчууд дээлний мөр түнтгэр хэлбэртэй болсон нь бүсгүйчүүдийн ялгуулсан гавьяаг илтгэж буй хэрэг аж. Энэчлэн Монгол үндэсний хувцасны зах ханцуй зэрэг хэсэг бүр нь цаанаа билгэдэл, зан үйл, түүх домгийг агуулж байдаг юм.
    Мандах төрийн малгай.
             Монголчууд малгайгаа ийнхүү хүндэтгэн нэрийддэг. Энэ нь хурц шулуун, харилтгүйн утга билгэдсэн шовгор оройтой малгайгаархүний биеийг ёс төртэй, мандан бадарч явахыг билгэдсэн байна Монгол хүн малгай, бүсээ заавал тэгш, зөв өмсөж, түүнийгээ айлд зочилох, аливаа ах зах хүнтэй уулзахын өмнө дахин нягталдаг нь зочноо хүндэлснээ илэрхийлж буйн шинж. Жишээ нь: Монгол малгай бол улаан залаатай, нар, сар, гал билгэдэлтэй амин шүтлэгийн тэмдэг тул хүн тэргүүндээ зөв харуулж өмссөн байх учиртай. Малгай нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг тул хамгийн хүндтэйд тооцогддог. Монголчууд тоорцог, лоовууз, дөрвөн чихтэй шовгор малгай зэрэг өөр өөрийн зориулалт бүхий 200 гаруй нэр төрлийн хэлбэр хийц, нэр бүхий малгайг хийж, өмсөж, эдэлж иржээ.
             Малгайг өвөл, зун, хавар, намрын хэмээн ангилахаас гадна эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэж зүйлчилнэ. Малгайг тоорцог оройтой, дуулга оройтой, туг оройтой гэж янз бүрээр нэрлэнэ. Малгайн оройг өндөр бөмбөгөр хийж, наран цацраг мэт ширээсний тоогоор ямар ястан болохыг тодруулж, оройд улаан залаа хадаж, хойш хоёр улаан бүч гарган урладгаас Монгол орон ертөнцөд мандан бадрах болтугай гэсэн билгэдэлтэй болно.
          Малгайд мөн хурга, үнэг, булга, суусар, шилүүсний үс хаддаг. Европчууд малгайгаа тайлж хүндэтгэл үзүүлдэг бол Монголчууд малгай, бүстэйгээ хүнтэй мэндэлж золгохыг хүндэтгэлд тооцно. Эр хүний малгай бүсийг гэрийн эзэгтэй хамгийн хүндэтгэлтэй газар дээдлэн тавьж хадгалдаг заншилтай.
    Монголын олон овог ястны малгайн заримаас нь дурдвал:

    djmedia:417
  • ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮНИЙ ШИНЖ ЮУ ВЭ?

    Архинд донтож ухаан санаагаа доройтуулснаар олон Монгол эр хүний үнэлэмж буурч гэр бүлгүй, ажилгүй, архичин, арчаагүй, амьдралгүй, ёс суртахуунгүй, ухамсаргүй болж байна.
    Үнэхээр л өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд ороовч нохой тоож шиншихгүй боллоо.
    Нүүдлийн соёл иргэншил болон Монгол үндэстний уламжлалт сэтгэхүйн онцлог, ардын сургааль, зүйр цэцэн үгс, сахилга бат, уламжлалт соёлтой өтгөс буурлууд, эцэг эхчүүд нь жинхэнэ эх орон, гэр бүлдээ эзэн болсон эрчүүдийг бэлдэж байжээ.
    Тэгвэл одоо Жинхэнэ Монгол эр хүний тухай номын хуудаснаас хайж, түүхийн гүнээс түүж цуглуулах хэрэгтэй болов. Монголчуудын бахархал болсон олон бөхчүүд ч хүртэл сүг болсон байнам.
      Энэхүү нийтлэлийг Монгол эрчүүд минь уншиж үзээд өөрийгөө засаж, үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлээсэй хэмээн хүснэм.
    Эмэгтэйчүүд маань ч гэсэн эрчүүддээ Эр ХҮН болох нөхцлийг олгож ойлгож, итгэж дэмжээсэй хэмээн хүснэм!
    Үр хүүхэддээ үлгэрлэн сургаасай хэмээн хүснэм! Ядаж жаахан ч болов санаа аваасай хэмээн хүснэм!
    Бид гал шиг халуун сэтгэлтэй, ус шиг тунгалаг бодолтой хүний дээд хөх толбот Монголчууд шүү дээ!

    Ингээд жинхэнэ Монгол эр хүний шинжийг өгүүлсү!
    Монгол эр хүн зорилготой амьдарч, бие дааж шийдвэр гаргаж нэртэй төртэй амьдарч чаддаг. Энэ нь нүүдлийн соёл иргэншлийн үр дүнд Монгол эр хүнийг бие хүн болгож төлөвшүүлсэн суурь гайхамшигт Шинж чанар юм.
    Шийдвэр гаргасан хойноо түүнээс гарч болох ямарваа эрсдлийг дааж хариуцаж чадах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Энэ нь ухаан, амьдралын туршлага, сүүхээ, ажилч хөдөлмөрч зан, эрүүл мэндтэй холбоотой.
    Жинхэнэ Монгол эр хүн бол үр хүүхэддээ үлгэр дууриалал болж хүүхдийнхээ эрүүл мэнд, хүмүүжил боловсролд анхаарч гэр бүлдээ хайр халамж тавьж, амьжиргаанд хэрэгтэй зүйлсийг мэдэрч гүйцээж байх чадалтай байх нь нэр төрийн асуудал хэмээн үздэг.

    Сайн явах санааных, Санаж явбал бүтнэ гэдэг.
    Элдэв сул үггүй, хэлье гэснээ бодолтой, шулуухан, шударга, товчхон хэлчихдэг, алсын хараатай, зориг тэнхээтэй, алив зүйлийг бусадтай ярилцахдаа дөвийлгөн хөөргөх, хэт тойруулж ярих, давслах, өөрийгөө хэт магтах, хов жив хөөцөлдөх, сүржигнэх, үглэх, хэрүүл хийх, бусдын хор шар малтах зэргийг цээрлэн хичээдэг чанар бол жинхэнэ Монгол эр хүний давуу тал юм.

    Үр хүүхэд, гэр бүлийнхээ гишүүд болон бусдын жижиг алдаа дутагдлыг үл тоох уужуу тайван амгалан эрчүүд зөвхөн Монголд л байсан байна. Нойронд сэргэг байж ирээдүйн амьдралаа төлөвлөж чаддаг, цэвэр цэмцгэр, эрүүл мэнддээ анхааралтай, бусдад халамжтай нөмөр нөөлөгтэй, өөрийн зовлон уйтгар гунигаа бусдаас нууж аль болох бие даан хүндрэлээс гарах гарцыг олж шийдвэрлэх нь жинхэнэ Монгол эр хүний шилдэг шинж чанар юм.

    Бусдын хов үг, зусар муу ятгалганд орохгүй, өөрийн үзэл санаа амьдралын чиг шугамдаа үнэнч байх нь жинхэнэ Монгол эр хүний сэтгэлзүйн дархлаа, эр хүний ноён нуруутай холбоотой.
      Ах захтай, өтгөс буурлыг хүндэлж үгийг нь сонсож, түүх соёл, удам угсаагаа мэдэрч цаг үетэйгээ шударгаар зохицож амьдарах чадвар бол Монгол эр хүний шинж өвөрмөц чанар билээ.
      Монгол эр хүн уул мэт сууж, тал мэт хэвтэж, салхи мэт явж, зөв хувцаслаж, нуруу цэх, хараа дээгүүр байж шударга ёс, зорилгынхоо төлөө уйгагүй зүтгэж хүрдэг нь зориг зүрх, хүч чадал, эрүүл бие өвөрмөц сэтгэлгээтэй шууд холбоотой.
      Эр хүн алдаж эрэг нурдаг гэдэг. Жинхэнэ Монгол эр хүн алдаа хийснээ мэдэрч ойлгосноос эхлэн засан залруулж, уучлалт гуйж, түүндээ таарсан шийтгэл хариуцлагыг үүрээд гарч чадах чадвартай байдгаараа онцгой.
      Жинхэнэ Монгол эр хүн нь хүний итгэл дааж, хүнийг сэтгэл санаагаар болон эдээр дэмжиж, тусалсан шиг тусладаг. Бусдаас тусламж авч хариу тус хүргэж чаддаг. Хүний үг сонсож чаддаг, хүлээцтэй даруу шинж нь түүхийн хуудсанд эгэл баатруудтайгаа мөнхөрч байна.
    Аяганы хариу өдөртөө, Агтны хариу жилдээ…
      Жинхэнэ Монгол эр хүн бол хүн ялгаж харьцдаггүй, өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байж чаддаг түүнийхээ төлөө тэмцэж зүтгэж чаддаг. Анд нөхдөө зөв таньж нөхөрлөсөн шиг нөхөрлөж чаддаг.
    Анд нөхдөөрөө хүрээлүүлж бусдын хүндлэлийг олдог. Бусдыг өөлж гоочлохыг үзэн ядаж аль болох дэмжиж хамтарч их үйлийг нугалдаг.
    Дэм дэмэндээ дээс эрчиндээ…
    Монгол эрчүүд хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлж хүнийг бүтэн нэрээр нь дууддаг уламжлал бий. Нэр хугарахаар яс хугар хэмээн нэрээ хичээдэг. Өөрийгөө дорд үзэх, өөртөө үл итгэх үзэлгүй байж бусдаас ирсэн доромжлол, өдөөн хатгалганд таарсан хариуг барьж чаддаг.
    Хуурч мэхлэх, зусардаж зальдах, шалиглан завхайрах, байнгад архидан согтуурах, гүтгэн доромжлох, ихэрхэж баярхах, эрх мэдлээр далайлгах, эмэгтэй хүнд хүчийг үзүүлэх, айж урвах, хулгай дээрэм хийх, хүн муулах зэрэг нь адгийн эрийн шинж хэмээн Монгол эрчүүд цээрлэж байжээ.
    Ноён урваач нохой шарваач. Эрийн муу эмд…
      Эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хүний онцлог шинж гэсэн сайхан үгнүүдээр халхавч хийж өөрсдийгөө өмөөрч дутагдалтайгаа эвлэрч байхаар одооноос зоригтой шударга байж өөрсдийгөө өөрчлөе Эрчүүдээ!
    Одоо… эсвэл хэзээ ч Үгүй!!!

    Эрүүл, Зоригтой, Тэвчээртэй, Чадалтай, Оюунлаг, Хүнлэг, эх оронч байхыг хичээж
    Эзэн Чингис хаан, тулгар төр тусгаар тогтнол Монгол улс, Монгол үндэстнээрээ омогшиж амьдарцгаая Эрчүүдээ!
    Монгол бүсгүйн хайрыг татсан хайрлахгүй байхын аргагүй, гэр бүл эх орон, улс үндэстэндээ хүндтэй Жинхэнэ Монгол эр хүн байх нь зөвхөн таниас л хамаарна!
    Амжилт хүсье! Мөнх тэнгэр ивээх болтугай!

    С.БАТАА

  • ЯВГАН АЛХАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

    7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
    8. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна, цус харвах, цусны өндөр даралт болон диабет, холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
    Тиймээс та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай.
    Хэрэв та алхалт хийх гэж буй бол дараах зөвлегөөг анхааралтай уншаарай.
    #Алхаагаа түргэсгэ. Энгийн хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
    #Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
    #Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ.
    #Хөлд эвтэй, тохирох гутал өмс. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.
    #Биед эвтэйхэн хувцас өмсөх. Ууланд алхахдаа хөлсийг шингээж, амархан хатдаг, биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ус салхинаас хамгаалах материалаар хийгдсэн биедээ эвтэйхэн хувцас аль болохоор өмсөх нь хамгийн чухал.
    #Зориулалтын хэрэгсэлтэй явах. Ууланд алхах, явган алхахад зориулалтын хувцаснаас гадна хэрэгсэлтэй байх нь учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах төдийгүй биеийн ачаалалыг багасгах, тэнцвэржүүлэх, хөдөлгөөнийг дэмжих зэрэг ач тустай байдаг.
    #Иймээс зайлшгүй биедээ авч явж хэвших хэрэгсэл бол ТАЯГ, ҮҮРГЭВЧ, ХАДААС, УСНЫ САВ, нарны хэт ягаан туяанаас хамгаалах НҮДНИЙ ШИЛ, АЛЧУУР, МАЛГАЙ, БЭЭЛИЙ

    GoodHiker.com 

     

     

  • МОНГОЛЫН УНАЛТ, ДОРОЙТЛЫН НЭГ ГОЛ ШАЛТГААН НЬ ЛАМЫН ШАШИН, МУХАР СҮСЭГ

    Төв төрийг нь мөхөөж, түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, бүх баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн нар, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан, шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор үхэл мөхлийн ирмэгт тулжээ.
        XIII-XV зууны үед монгол хүн, монгол айл өрхийн гар дээр байсан алт, мөнгө, үнэт эдлэл, түүхийн ховор нандин зүйлс бараг л бүгдээрээ Төвд, Хятад руу зөөгджээ. Монгол айл өрхийн 90 гаруй хувь нь зөвхөн л жижиг гэр ба цөөн малтай үлджээ. Хөрөнгө, зоорь гэхээр өөр юм байсангүй…
        Эрчүүдийн 40 орчим хувь нь лам болсноос өрхийн тоо цөөрч, хүн амын өсөлтгүй жилүүд үргэлжилсээр XX зууны эхэн гэхэд 800 мянга хүрэхгүй хэмжээнд очжээ.
        Их Монгол-улсын дэвсгэр нутаг 5 сая квадрат километр гаруй байснаа эцэс сүүлдээ 1,5 сая квадрат километр болтлоо танагдаж багасчээ.
        Монгол хүний олонх нь БНХАУ-д, гурав дахь хэсэг нь Оросын харъяанд аж төрөх болов. Монголынх гэж нэрлэж болох бүх үнэт зүйлсийн (газар нутаг, газрын дээрх, доорх баялаг, хүн ам, мал, гэр, байшин г.м) 70 орчим хувь нь хойд, урд хөршүүдэд хуваагдан өвөрчлөгджээ. Ийм үр дүн гарсны гол шалтгаан нь монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдаад Манж чин гүрний вассал болсон, шарын шашинд гүнзгий автаад мухар сүсэгтнүүд болсон явдал юм.

        Төвд дэх Бурханы шашин олон урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон, ил далд дэмжигчидтэй болж, зөрчил тэмцэл яван хурцадсаар адаг сүүлдээ шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж, мөнхүү дайнд монголчууд эсрэг тэсрэг тал болон хуваагдаж оролцсон нь Монголын цэрэг-зэвсгийн чадамжийг ихэд доройтуулж бас дотоодод нь хагалж, ужгирсан самууныг тарьжээ.
        Бурханы шашны улаан малгайтны бүлэглэлд туслахаар Цогт тайж тэргүүтэй 40.000 орчим цэрэг эрс Лхас руу хөдөлсөн бол шар малгайтны бүлэглэлд туслахаар Төрбайх тэргүүтэй 10.000 орчим цэрэг эрс мөн л Лхас руу гарчээ.
        “Улаан хошууны” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн шийдвэрлэх том тулалдаанд монгол цэрэг эрсийн цус “уул давааг нэвтэртэл” асгарчээ. 30.000 шахам цэрэг амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь Төвдийг төвхнүүлэх хэрэгт үргэлжлүүлэн оролцож мөн л ихээхэн хохирол амсчээ. Харь холд зөөврийн дайн хийж, харь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, оролцох оролцохдоо бүр хоорондоо цус асгаруулан тулалдаж оролцсон нь Халх Монголыг ч сульдуулж бас Ойрд Монголыг ч доройтуулжээ. Сульдуулаад, доройтуулаад зөвхөн орхисон биш тэдний удаах харилцааг бүр дайсагнал, хонзогнолын байдалтай болгож эвджээ.
        Бурханы шашин олон урсгал, олон толгойтой болсон, шашны үйлчилгээ бизнесийн шинжтэй болсон, Лхасын сүм хийдүүд олон улсын аялал-мөргөлийн төв болж эхэлсэн, шашны урсгал тус бүрийн тэргүүнүүд, ихэс дээдэс нь нэр алдарт шунах, олбог суудал булаацалдах болсон, энэ үндсэн дээр дотоодын самуун эхэлж, Төвд орон засаглалын хомсдолд орж төр-шашны доройтол ужгирч сүсэгтэн олон түмэн хэрхэхээ мэдэхгүй үймэлдэж бужигнаж байсан нь Төвдийн уламжлалт нийгмийг сандчааж, бас туйлдуулжээ. Ийм болчихсон орныг эргүүлж цэгцлэх хүч Төвдөд дотоодод нь алга байв.
        Улааны шашны бүлэглэл цэрэглэн хөдөлж Лхасыг эзэлж шарын шашны талынхныг барьж хорьж, сүм хийдээс нь хөөж, дураараа загнаж эхэлжээ. Энэ нь шашны урсгал хоорондын цаг зуурын самуун төдий үзэгдэл биш байлаа. Төдхөн л хэн нь хэнийгээ вэ? гэсэн хурц тэмцэл, иргэний дайн болжээ.
        Төвд дэх иргэний дайныг Ойрдын ноёд зогсоож, Төрбайх ноён Төвдийн хаан болжээ. Төрбайхын албатууд Төвд рүү нүүж, Торгуудууд Ижил мөрөн тийш дайжиж, Буриадууд Оросын нөлөөнд автаж, Галдан, Занабазар хоёр учраа ололцохоо больж, тэдний хооронд Манжийн хаан болон Далай ламын төлөөний этгээдүүд яс хаясаар эцэс сүүлдээ тэд цус асгаруулсан сөргөлдөөнд орж Монголын төрийг мөхөөжээ.
        Шарын шашны ихэс дээдэст Монголын ноёдоос анх олгосон Далай лам, Банчэн эрдэнэ гэх цолыг төвдүүд овжиноор ашиглаж тэднийг амьд бурханы зиндаанд хүргэн алдаршуулж бас хойт дүрүүдийг нь тодруулж, Лхасыг бурхдын орон болгоод орон орноос эргэл мөргөлчдийг татаж ихээхэн ашиг олж эхэлжээ. Их Монгол улсын хаадаас олгосон гэх дуулиант алдрыг хөөрөгдөж дэвэргэж чадсан нь угтаа Чингисийн эзэнт гүрний хаялга мөн байв. Чингисийн эзэнт гүрэн, Их Монгол улсын нэр цуу тэр үедээ юуг ч Брэнд болгочихож чадахаар тийм өндөрт байжээ. Өөрсдийнхөө нэр суугаар бүтээсэн “энэ хоёр амьд бурханы” үлгэрт дараа нь монголчууд өөрсдөө бүрэн итгээд, шүтэж тахиж эхэлсэн нь ёстой л “түүхийн хошигнол” болох баримт мөн болно…
        Хариас цэрэг зэвсгийн тусламж авч элэг нэгтнээ хядсан Далай лам, Банчэн эрдэнэ хоёр өөрсөддөө учрах хойших аюулыг тооцож Ойрд ноёныг Төвдийн хаанаар өргөмжилжээ. Төрбайх хаан арван хөвгүүнтэй байсны зарим нь Төвд болон Хөх нуурын хаад, ихэс дээдэс болж өмнөх өш хонзон мартагдаж алга болоход хүрэлцэхүйц удаан хугацаагаар Төвд дахиныг захирчээ. Чингэж Төвд дэх иргэний дайны болзошгүй муу үр дагавар монгол цэрэг эрсийн хүчин зүтгэлээр арчигдаж мартагдсан түүхтэй.
        Төвд дэх Бурханы шашны түүхэнд зөвхөн л монголчуудын өгсөн цол, хэргэм дээдийн дээдэд тооцогдон үнэлэгдсээр бараг 600 шахам жил болж байгаа нь хаадын хаан гэгдсэн Чингис хааны алдар, суутай холбоотойг дахин хэлье.

    х          х          х
        Шарын шашныг Монголд аль болохоор түргэн, аль болохоор өргөн дэлгэрүүлэх хэрэгт Манжийн хаад, Хятадын түшмэдүүд, Далай лам, Банчэн эрдэнэ нар, Жавзандамба хутагтууд, бусад хувилгаад, Төвдийн том толгой лам нар ил далд уралдан зүтгэцгээжээ. Төвдөөс тодорч Монголд залагдсан Богд гэгээний 6 дүрийн Лхасаас авдаг нууц даалгавар бол “Монголын өнцөг булан бүрд сүм хийд барих, лам нарыг бэлдэх, хүн амыг гүнзгий сүсэгтэн болгох, эргэл мөргөлчдийн сүлжээ үүсгэж Лхас, Гүмбүм рүү илгээж зуршуулах” явдал байжээ.
        Эр, эм лам нарын тоо олширсноор Монголын баялаг бүтээгчдийн тоо, хүн амын тоо цөөрчээ. Өргөл, барьц, мандал, эргэл мөргөлчдийн шугамаар ихээхэн баялаг Төвд, Хятад руу урсан гарсаар байв. Хамжлага ардын бүтээсэн баялгаар амьдардаг хүмүүс ба давхрааны тоо өссөөр Монголын уламжлалт нийгэм 200 гаруй жилийн туршид завсрын сэргэлтгүйгээр унаж доройтжээ. XX зууны эхэн гэхэд Монголд лам нарын том давхраа, ноёдын том давхраа, Манжийн төрийн түшмэдүүд, Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид, Оросын худалдаачид, алт, мөнгө олборлогчид өөр өөрийн арга, хэлбэрээр малчин ардуудыг мөлжиж, мунхруулж, дарлаж, үгээгүй ядуу байдлыг гүнзгийрүүлсээр байлаа.
        Лхас, Гүмбүм рүү хэдэн сараар аялан явж эргэл, мөргөл хийх, Далай лам, Банчэн эрдэнэд мандал өргөх, хутагт хувилгаадыг тодруулан залж ирэх, шинээр барьсан сүм хийдүүдэд зориулж гол шүтээн бурхдыг Төвдөөс зөөх зэрэг зан үйлийн зардалд харамсмаар их үргүй зардал, чирэгдэл гарсаар байв.

        Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулж ирсэн арга, хэлбэр нь итгэл, үнэмшил багатай, мэхэлсэн хуурсан шинжтэй, нэг болохоор “урдах дүртэйгээ төстэй, хувийн эдлэл хэрэглэлээ минийх гэж таньсан, шавь хийгээд шадар хүмүүсээ нэрээр нь дуудсан” гэх мэтийн улмаас танигдаж, тодорсон, эсвээс “сэргэлэн цовоо олон хөвгүүд дундаас сугалаа болон шодох аргаар” тодруулсан гэх мэтээр яригддаг хэдий ч Далай лам, Банчэн эрдэнэ мэтийн дээдэс батламжилсан гэгддэг лагшин сольсон амьд бурхад Монголд олон болсоор байлаа. Үнэн мөнөөрөө уламжлагдан ирсэн ганц жишээ, мэдээг иш татъя. Да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын 8-р дүрийг тодруулахаар Их Хүрээнээс 1874 онд гарч Бээжингээр дамжин Лхаст очжээ. Ер бусын гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд сэгсэрч холиод мөнгөн савхаар 6-г нь нэг нэгээр сугалжээ. Харин үлдсэн 3-ын нэрийг алтан савхаар сугалсаар эцсийн нэгийг нь гаргаж ирэхэд Төвдийн нэгэн томоохон язгууртан хүний 4 настай, 4 дэх хөвгүүний нэр бичигдсэн байв гэнэ. Тэр хөвгүүнд Агваанлувсан гэх шинэ нэрийг Далай лам өгч, Манжийн хаан (Бүрэн засагч) зарлигаар батламжилжээ. Тэр үед Монгол оронд сэргэлэн цовоо хөвгүүд хэдэн арваараа байсан нь тодорхой юм. гэтэл яахлаараа шодох, сугалах ажлыг заавал Төвдөд, Лхаст явуулдаг билээ? яахлаараа монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур харь төвд хүний гарт байх ёстой гэж? Тодлогдсон балчир хүүхдийг аав, ээж, дөрвөн ах, нэг дүүтэй нь хамт, мөн хувийн нь багш, сойвон, донир, эмч гэх мэтийн олон төвдүүдийн хамт Их Хүрээнд авч ирэх ажил 19 сар орчим үргэлжилжээ. Зөвхөн тэдний замын хүнс хоолонд цалин цагаан мөнгө 1000 орчим лан зарцуулжээ.
        Монголын төлөөлөгчид Лхаст очоод манз барих ёслолд зориулж өмнөх Богдын сангаас 40.000 лан, Халх дөрвөн аймгийн хошуу бүрээс 10.000 лан, ван нар, засаг ноён бүрээс 1000 лан гаргажээ. Лхасаас Хөх нуурт ирэх уналга, хөсгийг дээд монголчууд, харин Хөх нуураас Их Хүрээ хүртэлхийг халх монголчууд даажээ. Энэ хэрэгт халхчууд атан тэмээ 1271, агт морь 823, эсгий бүрээстэй, ор дэвсгэр, уншлагын ширээ бүхий шинэ гэр 7, майхан 108-ыг гаргажээ. Уг хэрэгт Халхаас 400 гаруй хүнийг томилон оролцуулжээ. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хөлтэй том ажил 1875 оны Х сарын 3-ны өдөр төгсөж 8-р богд гэх төвд хүүхэд Их Хүрээнд морилон иржээ. Энэ хүү түүний төрөл төрөгсөд, багш, эмч, үйлчлэгч хүмүүс, зочин гийчин төвдүүдийн бүх зардлыг монголчууд 1924 он хүртэл даасаар байлаа…
        Өмнө дурдсантай төсөөтэй түүх олон янз хувилбараар энэ ХХI зуунд ч мөн давтагдан гарч эхэллээ. Зардал ба ашиг хоёрыг, үнэн ба худал хоёрыг, төр ба сурталдаа өөрсдөө эзэн болж явах, эс явахын тус ба ус хоёрыг дээр, дооргүй л бодолцмоор байна даа…
        Түүх арай өөрөөр, өөр нөхцөлд (гоо заслаар халхавчлагдаад) давтагддаг аюултай. Монголчууд бид туулсан, өнгөрөөсөн доройтол, уналтаа давтахаас цаг ямагт сэргийлэх учиртай. Энэ бол бидний хийчихэж мэдэх алдаануудаас нэлээд их магадлал бүхий нэг нь юм (Мухар сүсэг улам бүр л газар авсаар байна).
        Өмнө зүгт Тангадууд буй гэдгийг өглөө бүр надад сануулж бай! (Чингис) гэхийн адилаар энэ алдааны талаар бид байн байн бодож, сэргийлж явах учиртай…
        1911 оны гунигт төлөв, байдал хүртэлх уналт, доройтол, ядуурлын нэгэн гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг байсан нь үнэн болно.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

    djmedia:413