Хаан Санад хамаг ардынхаа хамт их сүргээ туун өмнөөс хойд зүгийг чиглэн алс нутгийг зорин их нүүдлийн замдаа гарчээ. Цэрэнгийн эцэг ч морины нуруунд тохсон том богцонд нуугдан суугаад бас л нүүдэлчидтэй цуг явж байжээ. Цэрэн эцгээ хүн амьтнаас далдуурхан хооллож ундлан, харанхуй шөнө богцноос нь гарган биеийнх нь чилээг гарган явсаар байв гэнэ. Тэгж явсаар тэд нэг их тэнгисийн захад иржээ. Хаан Санад энд хоноглоё гэжээ.
Хааны нэг түшмэл тэнгисийн эрэгт зогсож байгаад гэнэт тэнгис дотор ямар нэг юм гялалзахыг олж харжээ. Дахин хянамгайлан хараад энэ нь маш гоёмсог хэлбэртэй алтан аяга болохыг үзжээ. Тэгээд хаандаа очин тэнгисийн ёроолд үнэт алтан аяга хэвтэж байна гэж хэлжээ. Хаан Санад шууд л алтан аягыг авчир гэж тушаажээ. Гэтэл өөрийн хүслээр тэнгисийн ёроол руу шумбах хүн олдсонгүй. Тэгэхээр хаан шавга татъя гэж тушаагаад эхлээд нэг хүн тэнгис рүү шумбаж гэнэ. Тэр хүн эргэж гарч ирсэнгүй. Ингээд хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх гээд олон хүн өндөр эрэг дээрээс ус руу үсэрчээ. Ингэсээр Санад хааны олон иргэд тэнгисийн ёроолд амь алдав. Харин цэвдэг сэтгэлт сувдаг хаан санаснаасаа буцсангүй. Хааны зарлигаар дуулгаварт ардууд нь нэг нэгнийхээ араас ус руу орж үхсээр байжээ.
Тэгтэл залуу эр Цэрэнгийн ус руу орох ээлж болжээ. Цэрэн эцэг дээрээ ирэн эцэгтэйгээ салах ёс хийж, Эцэг минь, баяртай! Та бид хоёрын үхэх цаг болжээ гэхэд эцэг нь юу болсон, яасныг асуужээ. Цэрэн тэнгисийн ёроолд байгаа алтан аягыг авахаар ус руу орох миний ээлж боллоо. Урьд нь орсон хүмүүсээс хэн нь ч эргэж гарч ирээгүй, тэгэхээр би ч гэсэн эргэж ирэхгүй биз ээ. Харин таныг эндээс олоод хааны зарц нар алчихна даа гэв. Өвгөн эцэг нь энэ бүгдийг сонсоод, Ээх, та нар ингээд цөмөөрөө усанд живж үхээд, хэн ч алтан аягыг авчирч чадахгүй дээ. Алтан аяга тэнгисийн ёроолд биш, тэр уулын оройд байгаа юм. Тэнгисийн захад байгаа өндөр уулыг харж байна уу? Та нарын харсан чинь зөвхөн усанд туссан тусгал дүрс нь байхгүй юу. Та нар яагаад энэ тухай бодсонгүй вэ? Тэгвэл би одоо яах вэ? гэж Цэрэн асуухад эцэг нь, Ууланд авирч гараад алтан аягыг хаанд авчир! Алтан аягыг олоход амархан, холоос гялалзаад харагдаад байна. Гэхдээ аяга авирч гарч боломгүй эгц хадан дээр байж магадгүй. Тийм бол чи хажуугаар явж байгаа янгируудыг үргээ, янгир ямаанууд гүйдэл дундаа аягыг унагаачихна. Харин чи харанхуй хавцал руу унахаас нь урьтаж барьж авна шүү гэж эцэг нь зааж өгчээ. Цэрэн тэр даруйхнаа уул өөд явжээ.
Уул өөд авирах хэцүү байлаа. Цэрэн бут бургаас, хурц чулуунаас татаж чангаан нүүр гараа шалбалж хувцас хунараа уржээ. Тэгээд их өндөрт авирч гарсан хойноо нэг гарч боломгүй хадан дээр гоёмсог алтан аяга байхыг олж харжээ. Тэр хаданд авирахын аргагүй ажээ. Тэгэхээр нь эцгийнхээ зааснаар янгир гарч ирэхийг хүлээн суусаар байв. Удаан ч хүлээсэнгүй, хэдэн янгир хадан дээр гараад ирж гэнэ. Янгирууд тайван зогсоод доош харж байв. Цэрэн байдгаараа чанга хашгиртал янгирууд айн хадан дээгүүр харайлдан гүйлдэж алтан аяга ч доргионд нь уначихлаа гэнээ. Аяга өнхрөн унамагц Цэрэн самбаачлан шүүрэн авав.
Тэгээд сэтгэл ханамжтай, баяртайгаар уулнаас буун хаандаа алтан аягаа аваачиж өгчээ. Хаан нь,
-Чи энэ аягыг тэнгисийн ёроолоос яаж авав? гэж гэнэ. Би энэ аягыг тэнгисээс биш тэр өндөр уулын орой дээрээс авчирлаа. Усанд зөвхөн дүрс нь л харагдаж байсан юм.
Хэн чамд зааж өгөв? Өөрөө бодож мэдсэн гэж Цэрэн хариулж, хаан ч өөр юм асуусангүй. Маргааш нь хаан хамаг ардынхаа хамт цааш нүүжээ. Тэд явсаар байгаад нэг их өргөн цөлд иржээ. Нар хурцаар шарж өвс ногоо гандан ойр орчинд гол ус ер харагдахгүй байлаа. Хүн мал ундаасан цангаж, хааны тушаалаар хэдэн тийшээ хүмүүс яваад ус олохгүй, эргэн тойронд хатаж хагарсан хуурай газраас өөр юу ч байхгүй байлаа. Хүмүүс аймшигт ган гачигт автан яах, юу хийхээ мэдэхгүй болов… Цэрэн эцэг дээрээ сэмхэн очиж,
-Усгүй, одоо яах вэ? Хүн малгүй цөм хатаж үхэх нь гэж асуужээ. Өвгөн, Гунжин үнээг дагаад яв, тэгээд нэг газар зогсоод үнэрлээд унана, тэр газар нь ух гэжээ.
Цэрэн нэг гунж гаргаад тал руу хөөчихсөн чинь явж явж нэг газар очоод халуун газрыг үнэрлэлээ гэнээ.
Энд ухаарай гэж Цэрэн хэлж хүмүүс ч яаран ухвал нэг их булаг ундран оргилжээ. Цэвэр хүйтэн тунгалаг ус газар дэлхийг ундаалж хүн малгүй цангаагаа тайлж сэргэн сэхэв.
Хаан Санад Цэрэнг дуудан, чи ийм хуурай газар хаана нь булаг байгааг яаж мэдэв гэж асуухад, Цэрэн шинж тэмдгээр нь олсон гэжээ. Тэгээд тэд цаашаа нүүсээр олон өдрийн дараа нэг даваан дээр буудаллаад байтал шөнөжин бороо орж галыг нь унтраачихжээ. Нүүдэлчид яаж ч оролдоод галаа асааж чадсангүй. Даарч норсон хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байснаа холын нэг уулан дээр гал гарч байхыг харжээ. Хаан Санад ч одоохон явж гал авчир гэж зарлиг буулгаж, ард олон ч хааныхаа зарлигийг биелүүлэхээр ээлжлэн явжээ. Тэд цөм л өтгөн гачуур модны дор гал түлэн сууж байгаа анчныг олж тэндээс асаж байгаа цучил авсан боловч хэн нь ч гал авчирч чадсангүй. Цучил нь замдаа бороонд цохигдон унтарчихаад байж гэнэ. Хаан уурлан галд яваад авчирч чадаагүй хүн болгоныг алах ял тогтоожээ.
Цэрэнгийн явах ээлж болж, Цэрэн эцэг дээрээ очин, Одоо яах вэ? Уулнаас энэ хүртэл галаа яаж унтраахгүй авчрах вэ? гэж асуухад өвгөн, Асаж байгаа цучил битгий ав, замдаа асаж дуусна, эсвэл бороонд цохиулчихна! Нэг сав аваад яв, тэгээд савандаа асаж байгаа улаан нүүрс дүүрэн хийгээд ир. Тэр чинь л гал болно гэжээ.
Цэрэн эцгийнхээ зааснаар том саваар дүүрэн улаан нүүрс авчирч гал асаахад цөм баярлан хувцас хунараа хатаан дулаацаж, хоол ундаа хийж идэцгээжээ.
Хаан хэн гал авчирсныг мэдээд Цэрэнг дуудан загнажээ. Чи яаж авчирахыг мэдэж байсан юм бэ яагаад өдий болтол хэлэхгүй байсан юм бэ? Би өөрөө мэдэхгүй байсан…Тэгээд чи яаж мэдсэн юм бэ? Аан! Хаан Цэрэнг удаан шалгааж загнасаар байгаад үнэнийг нь хэлүүлжээ. Эцгийн зөвлөснөөр л би таны зарлигийг биелүүлж байсан гэжээ. Эцэг чинь хаана байна? Эцгээ би замын турш том богцонд суулгаад нуугаад явсан. Тэгэхэд хаан эцгийгээ авчир гэж тушаагаад, энэ өдрөөс хойш хуучин зарлигаа би өөрчиллөө. Өвгөд хөгшид бидэнд тээр саад болохгүй юм байна. Тэд амьдралын их туршлага, мэдлэг, мэргэн ухаантай юм. Иймээс үүнээс хойш бүү нуугд, бидэнтэй цуг яв! гэжээ.
Category: Монгол үндэсний түүх
-
АЛТАН АЯГА /Буриад ардын үлгэр/
-
ЧИНГИС ХААНЫ ОНГОН, МОНГОЛ ХААДЫН ОНГОН, НАЙМАН ЦАГААН ГЭР ЖИЧ ЭЗЭН ХОРОО
“Тэмүжиний онгоныг тойруулан сум хатган хүрээ /гуч газрын хэмжээтэй-уул тайлбар/ болгож, морьт харуулаар хамгаалуулдаг” /дээрх ном/ бөгөөд энэхүү “Онгоны хамгаалагч нь мянган өрх урианхан болно” /Рашид, Джувейни нарын ном/.
Хожим нь Тулуй эзэн, Мөнх хаан, Хубила хаан болон Аригбөх нарын шарилыг Чингис хааны хамт оршуулж, бусад үр хөвгүүдийг нь өөр газар оршуулсан гэдэг билээ.
Чингис хааны шарилыг оршуулахын хамт “Мөнхийн дурсгал” тахилын орон болгож найман цагаан гэрийг үүдэн байгуулжээ. “Эзний найман цагаан гэр” гэдэг нь энэ үед ингэж үүссэн байна. Энэ тухай арван долдугаар зууны үеийн Ордос, түүхч Саган цэцэн:
“Мөнх хүүрийг ану үүдэн. Ерөнхийн шүтээн найман Цагаан гэрийг тэнд байгуулжухуй” /Эрдэнийн товч, 1962 оны гэрэл зургийн хэвлэл, 89 дүгээр нүүр/ гэж тодорхой тэмдэглэжээ. Үүнийг одоогийн зөв бичлэг болговол:
“Мөнх хүүрийг нь үүдэн. Ерөнхийн шүтээн найман Цагаан гэрийг тэнд байгуулжээ” гэсэн үг болно. Энэхүү найман цагаан гэрийн тухай “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Түүх”-д: “Нас барсан газар нь “ мөнх хүр” дурсгал болгон Ордос нутагт найман цагаан гэр байгуулж, эдэлж хэрэглэж байсан зүйлийг онголон тахих болгосноор тэр нь Чингисийн шарил гэж хожим алдаршсан аж” гэж тэмдэглэж буй. Энэ нь манай баримтлаж байгаа тулгар бичгүүдтэй баахан зөрөөнтэй байхыг зааж гаргах хэрэгтэй. Энэхүү найман цагаан гэрийг анх байгуулахдаа “Ордос нутагт”-т биш, харин Чингис хааны шарилыг оршуулсан газар-Хэнтий ханы энгэр хавь буюу тухайн үе дэх Монголын төв газарт байгуулсан нь нэлээд баримттай бөгөөд зүйтэй юм. Тэр үед Чингисийн онгоныг сахиж байсан нь Ордос аймаг биш, харин мянган өрх урианхан аймаг байжээ. “Ордос” гэдэг нэр Чингисийн үед байтугай, Юань улсын үед ч байсан мэдээ хараахан харагддаггүй. Их төлөв Юань улсын мөхсөнөөс хойш, дотор газраас ухран гарсан зургаан түмэн Монголчууд ба Монголын эх газар дахь Монголчуудыг түүх, сударт Ордос, Цахар, Халх зэрэг зургаан түмэн гэж тодорхой тэмдэглэжээ. Одоогийн Ордос нутаг Чингисийн үед Тангудын нутаг байсан бөгөөд Юань улсын. Үед Шаньси муж болон Төв бичгийн мужид тус тус харъяалагдаж байжээ. Одоогийн Ордосчууд бол Чингис хааны дөрвөн ордны хойчис болох бөгөөд уулдаа Монголын төв газраар нутаглан байж, их төлөв арван тав, арван зургаадугаар зууны үед өмнөшиж, Бортохой хавьд нутаглажээ. Тэд Хатан голыг гатлан одоогийн Ордосын өндөрлөгт нутагшсан нь бараг арван зурагаадугаар зууны сүүлч буюу арван долдугаар зууны эхээр биелэгдсэн мэт. Одоо хэн бүхний мэдэж байх ёсоор, Өвөр Монголын Их Зуу аймгийн Эзэн хороо хошуунд “Чингис хаан онгон” гэж тахиж байх нь ч үнэн учир юм. Гэвч тэр нь үнэн Чингисийн онгон биш, ялангуяа тэр үед байгуулагдсан ч биш гэдэг баримт одоо нэлээд тодорхой болсоор байна.
Эзэн Чингисийн тахилын орон болсон найман цагаан гэрийг анх Монголын эах газар байгуулж, мянган өрх урианханчуудаар сахиулж байсан бөгөөд Өгөөдэй хааны үеэс Мөнх хаан /Тулуйн ахмад хөвгүүн/-д хүртэлх гучаад жилийн дотор Монголын их хааны ор нь хэдэнтээ солигсон боловчтэрхүү найман цагаан гэр мөн ч Монголын төвөг дагалдан уламжлагдаж иржээ.
Хаант Монгол Улсын дөрөвдүгээр их хаан-Мөнх хаан 1259 ондю үхсэн хойно, Монголын язгууртадын дотоодод хямралдаан гарч, Тулуйн тавдугаар хөвгүүн Ариг бөх Хар хорум хотод өөртөө хуралдай хийж Мөнх хааны орыг залгамжласны зэргээр, Тулуйн гуравдугаар хөвгүүн Хубилай Кайфун хүрд балгас /Хожмын Юань улсын дээд нийслэл Шаньду/-д өөрийгөө их хаанаар өргөмжилж, Хаант Монгол Улсын тавдугаар их хаан болсон бөгөөд хаожим нь бүх Дундад улсыг хамтран их Юань улсын анхны хаан нь болжээ. Энэ үед уулсын эх газар дахь найман цагаан гэрийг хэрхсэн тухай тэмдэглэл харагддаггүй байна.
Гэвч найман цагаан гэрийн уламжлал ер тасраагүй. Юань улсын эхэн үед энэхүү найман цагаан гэр нь Хятадын уламжлалт “Дээдсийн сүм” гэдэг дүрэм лүгээ уялдаж, Юань улсын хаадын тайлга тахилгын газар болжээ. Юань улсын анхдагч хаан Хубилай сэцэн Чжи Юань-ий гуравдугаар он /1266 он/-ы 10 дугаар сард Дээдсийн сүмийг байгуулж, Хубилай сэцэн хаан түшмэл Ань Тунь, Баян нарын айлтгалыг үндэслэж Пань Чжан ноён Чжао Би зэрэг олон сайд түшмэддээ зарлиг буулган ярилцуулж, өвөг дээдсийн үе уламжлал, сүмийн нэр, тахилгын тавилга зэргийг тогтоосон бөгөөд сүмийг найман гэрээр тогтоожээ. Энэ найман гэр нь яриангүй Юань улсын төв Дайду хотод байжээ. Найман гэрийг байрлуулсан нь доорхи мэт:
Нэгдүгээр гэрт: Чингис хааны эцэг, Юань улсаас Лянцзу богд эш хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Есүхэй баатар болон Сюань И хуанхэү Өгэлүн эх;
Хоёрдугаар гэрт: Хаант Монгол Улсын анхдугаар хаан Юань улсаас Тайцзу Богд Баатар гэж нэхэмжлэн өргөмжилсөн Чигис хаан болон Богдын Түшээ Гэгээн Ивээлт хатан Бөртэ үжин-ийг;
Гуравдугаар гэрт: Хаант Монол Улсын хоёрдугаар хаан Юань улсаас Тайцзу Эрдэмт Гэгээн хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Өгөөдэй болон Чжао Сы хуанхэү Дөрэгэнэ хатан-ыг;
Дөрөвдүгээр гэрт: Чингис хааны ахмад хөвгүүн Жочи болон түүний хатан Бедачүмиши-ийг;
Тавдугаар гэрт: Чингис хааны хоёрдугаар хөвгүүн Чагаадай болон түүний хатан Есүлүн-ийг;
Зургаадугаар гэрт: Чингис хааны отгон хөвгүүн, Хубилай хааны хөгчсөн эцэг, Юань улсаас Жуйцзун Цзин Сян хаан гэж нэхэмжлэн цоллосон Тулуй болон түүний хатан, Хубилай хааны нөгчсөн эх Жуан Шэн хуанхэү Сорхагтани бэхи хатан-ыг;
Долдугаар гэрт: Хаант Монгол Улсын гуравдугаар их хаан, Юань улдсаас Динцзун Цзяньпин хаан гэж нэхэмжлэн цоллосон Гүюг болон түүний хатан Цинь-шу хуанхэү Хамиши хатан-ыг;
Наймдугаар гэрт: Хубилай хааны нхөгчсөн ах, Хаант Монгол Улсын дөрөвдүгээр их хаан, Юань улсаас Сяньцзун Хуаньсу хаан гэж нэхэмжлэн өргөмжилсөн Мөнх болон түүний хатан Чжэнь Цзе хуанхэү Хутугтай хатаныг тус тус цоллон тахижээ. Энэ бол “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл” /74 дүгээр боть/ дэх найман цагаан гэрийн тужс бүрийн тахилын орныг тогтоосон анхны тэмдэглэл болно. Хубилай хаанаас хойш, Юань улсын хаан орыг залгамжилсан олон хаад нь бас энэ дүрмийг үе улиран залгамжилж, сүүлчийн хаан нь түрүү хаандаа сүмийн цол өргөмжилж, тогтсон цаг хугацаандаа тахилга тавилгаа гүйцэтгэсээр байсан билээ.
1368 онд Юань улс төрөө алдаж, түүний эцсийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр цөөн хүмүүсээ дагуулж Дайду хотоосоо дутаан явахаас гурван өдрийн өмнө, илүү 7 дугаар сарын 26-нд “Дээдийн ёслолын хорооны түшмэл Арухуныг дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайцзи нарыг авч умарш одтугай” гэж зүүн мөрийн түшмэл Ширэмүн зарлиг уламжлуулж байсан бөгөөд “Арухун нар даруй дээдсийн сүмд очиж, ёслолын тушаалтан Ван Сы Цзун, тайж түшмэл /тахилгын сайд/ Харбуха-гийн хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгаж, гэрт нь хүлээн байв” гэж “Юань улсын түүх, Тогоонтөмөр хааны шастир”-т тэмдэглэж буй.: Үүнээс үзэхүл, Тогоонтөмөр хаан “Эзний найман цгаан гэр” буюу адагтаа түүнд тахиж байсан “шүтээн” мэтийн үйлсээ авч явсан нь лав үнэн хэрэг юм.
1368 оноос хойш, сүүлчийн Юань улс гэж дуудах болов. Ухаант хаан Тогоонтөмөр 1370 онд Барс хотод нас барсан хойно түүний хөвгүүн Аюушридара хаан орыг нь залгамжилж, Билигт хаан гэдэг билээ. Мөн тэр жил Мин улсын цэрэг Барс хотыг довтосонд Билигт хаан хүч мөхөсдөж, цөөн хэдэн хүмүүсээ авч Хар хорум хот өөд дутаажээ. Тэр, энэ удаа дутаахдаа “Эзний найман цагаан гэр”-ийг хэрхсэн тухай мэдээ байдаггүй. Хэрвээ үнэнхүү арван хэдхэн хүн бачим яаруу дутаасан бол авч завдсангүй ч магадгүй. Чингэвэл “Найман цагаан гэр” ингээд тасарчихав уу? гэвэл, үгүй байна. Сүүлчийн түүхэнд бас тэмдэглэл байдаг. Жишээлбэл, 1434 онд /Билигт хаан Барс хотоос дутаасны дараах 64 дэх жил/ Ойрадын Тогоон тайш зүүн Монголыг эзлэн авсан тухай:
“Монголын төрийг авсан хойно, Тогоон тайш их төр барьж, эзний найман Цагаан гэрт мөргөж, хаан ор авъя гэж ирээд мөргөж хаан болов” гэж “Хураангуй Алтан товч” /1980 оны хэвлэл, 852 нүүр/-д тэмдэглэж байдаг бөгөөд “Эрдэнийн товч”-д:
“Тохан /Тогоон-эшлэгч/ тайш Мирасуны хонгор морин хэмээхээр.Эзний ордын цомог /найман цагаан гэрийг Ордост одоо ч мөн “цомцог” гэдэг билээ-эшлэгч/-ийг гурвантаа эргэж дайрлан цавчил. Чи суут бие найман цагаан гэр болса /болоосой-хө/. Би суутай үр Тухан байнам…” гэж тэмлэглэж буй. Энэ тэмдэглэлүүд юуг харуулж байна гэвэл, сүүлчийн Юань улсын төв нь Хар хорум хүрээд бас “Эзний найман цагаан гэр”-ийг сэргээснийг харуулж байна.1470 онд Мандухай сэцэн хатан долоон настай Батмөнхийг гараас хөтлөн Эш хатны шүтээний өмнө ирж, сацал сацаж тангараг хийгээд Батмөнхийг Даян хааны орд суулгасан гэдэг билээ. Энэ Эш хатан гэдэг бол Тулуйн хатан Сорхагтани бэхи-д Чингис хаанаас соёрхсон цол болох бөгөөд тэр нь түрэг хэлний “бэр” гэсэн утгатай үг хэлж Японы монголч эрдэмтэн Окада Хидэхиро мэдээлж байв. Энэ Эш хатны шүтээнийг хэлэлгээнгүй найман цагаан гэрт тахиж байжээ. Дараа нь “Даян /Даюун/ хаан Батмөнхийн найман Цагаан орд харагчин могой жил /1473 он/-ийнэ зургаан сар Хэрлэн голд байсан бөгөөд тэнд бүх улсын их чуулганыг хийжээ” гэж Рашипунцагийн зохиосон “Их Юань улсын түүх” /Чуулалт хаалгын хорголжин бар, 667 нүүр/-д тэмдэглэж байсан бөгөөд бас “Эрдэнийн товч” /132 нүүр/-д:
“Тэндээс Даян хаан баруун гурван /Ордос, Түмэд, Харчин, Юншээбү гурван түмнийг хэлж буй-эшлэгч/-ыг бүрнээ оруулан, Зургаан түмнийг их улсаа түгээрэн төвшитгөөд, найман цагаан гэрийн өмнөөс хаан цолоо тунхаг авч бүрүн..” гэж тэмдэглэж байв. Эзний уламжлалт найман цагаан гэр нь бүх Монголыг хоёр дахь удаа нэгтгэсэн Батмөнх даян хааны үед бас их хааны төвдөө байсныг бид дээрх тэмдэглэлүүдээс мэдэж болно. Энэ үед “Ордос найман цагаан гэрийг хадгалсан их заяат улс бөлгөө…” /Эрдэнийн товч”, 131 нүүр/ гэж Даян хааны хэлж байснаас үзэхүл, Монголын төв дэх эзний найман цагаан гэрийг Ордос түмэн хадгалан хамгаалж байсан бөгөөд тэр үед Ордос аймаг ч бас Монголын төв газартаа байсан бололтой.
Гэвч Даян хаанаас хойш, Монголын их хааны төв нь Цахар хаадын харъяанд шилжсэн юм. Даян хааны их орыг шууд залгамжилсан хаан бол Батмөнхийн ач хөвгүүн их орыг шууд “Боди Алаг зүүн гурван их орон суувай” /”Хураангуй Алтан товч”, 117 нүүр/ гэдэг билээ. Энэ бол Эзний найман цагаан гэр хаан орынхоо хамт Цахар өөд шилжсэнийг харуулж байна. Цахар аймаг нь Дарайсун Гүдан хааны үеэс эхлэн, Монголын төв газраасаа зүүнш Ляодун өөд шилжсэн юм. Тэд шилжихдээ бас тэрхүү найман Цагаан гэрээ авч явсан нь дамжиггүй хэрэг. Энэ тухай “Эрдэнийн товч”-д:
“Дарайсун Гүдан тайж … Уу бичин жилээ /шарагчин бичин жил буюу 1548 он-эшлэгч/ цагаан гэрийн өмнөөс хаан цолыг аван, баруун /баруун гурван түмнийг хэлж байна-эшлэгч/ лугаа эе төрөөр барилдан харьж одохуйяа..” гэж тэмдэглэж буй.
Дарайсун Гүдан хааны ачинцар хөвгүүн Лигдэн бол хэрэг дээрээ зүүн гурван түмний л захирч байсан цахар хаан юм. Гэвч түүнийг бүх Монголын их хааны залган төрлийн уламжлалаар бүх Монголын хамаг эцсийн нэгэн их хаан буюу гучиндөрөв дэх хаан гэдэг. Тиймээс эхний найман цагаан гэр ч Лигдэн хаанд уламжлагдан очсон нь мэдээжийн хэрэг билээ. Нийтийн он тооллын 1628 онд Манжийн дайлан дагуулагчид Монгол өөд довтолсон үед Лигдэн хаан Ляодун-гийн газраас ухарч, баруун гурван түмний нутагт шилжиж ирсэн нь зайлшгүй хэрэг билээ. Ордос түмэн ч яг энэ үед Лигдэн хааныг дагажээ. Энэ бол бүр түүхэн тэмдэглэлтэй хэрэг юм. Тэр нь 1634 онд Лигдэн хааны цэрэг ялагдаж өөрөө цөөн хүмүүс дагуулан Хатан голыг гаталж баруунш дутаасан байна. Энэ үед тэр хааны алтан тамга, хатад хүүхдээ хүртэл авч завдсангүй тул тэрхүү “Эзний найман цагаан гэр”-ийг авч явсангүй нь мөн ч дамжиггүй хэрэг. Энэ үед найман цагаан гэр нь цахар түмний олонхитойгоо одоогийн Бортохой орчим үлджээ. Сүүлчийн Юань улс гэдэг нь ч ингээд туйлбартай мөхсөн байна. Чингэвэл “Эзний найман цагаан гэр” яав гэсэн асуудал тавигдана. Үүнийг бид бас Ордос түүхч Саган сэцэний тэмдэглэлээр хангамжтай хариулж болно. Тэр тэмдэглэсэн нь “Тэр цагт, Цахарын Алтан суварга зайсан Сэрэн Бодумал хэмээх, эзний цагаан гэрийг Туба Тайсун хунтайж дүүд нь өөд болгон ирж, Жихи-д буулгасан ажгуу” /”Эрдэнийн товч”, 176 нүүр/ гэжээ. Энд дурдаж байгаа “тэр цаг” гэдэг бол, Ордосын Ринчин сэцэн жонон болон Саган сэцэн нар 1634 онд Цахараас салж, Ордостоо харьж ирсэн үеийг хэлж байна. Мөн ч Лигдэн хаан баруунш явсанаас дараах явдал билээ. “Эзний цагаан гэр” гэсэн нь даруй тэрхүү үе улиран залгамжилж ирсэн ерөнхийн шүтээн болсон эзний найман цагаан гэрийг хэлж байна. “Туба Тайсун хунтайжийн дүлү” гэсэн нь Ринчин жононгийн дүү болно. “Жихи” /зарим хуулбарт “еихи” гэдэг/ бол Саган сэцэний нутаг Их Шавар гэдэг газрыг зааж байх мэт. Жононгийн ордон нь бас энэ газар байсан бололтой. Чин улсын үеийн хятад орчуулгад “И-на-цэц-цзя” гэж, нөхөр Дорнотивийн шинэ орчуулгад “дэргэд нь” гэжээ. Харин “и-кэ” гэж хятадчилбал зохих мэт. Үүнээс үзэхүл, энэхүү эзний найман цагаан гэр нь хэдийд Одост шилжин очсоныг маш тодорхой тэмдэглэжээ.
Сартугуд Баянбуугийн Сайшаал
Чингис хааны товчооны I хэсгээсСүүлчийн хүмүүс Чингис хааныг Ордост онголлоо гэдэг нь доорхи хоёр баримтлалыг үндэслэжээ. Нэг нь, арван долдугаар зууны үед зохиогдсмон монгол түүхүүдэд тэм дэглэсэн мэтээр, Чинги с хааны шарилыг умарш хүргэж явж байхад хасаг тэрэг нь Монийн хөхбөр гэдэг газар ирж бул чинээ шигдсэн учраас тэр газар нь Чингис хааны өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймсыг нь онголов гэдэг. Энэ бол нэлээд уран домгийн шинжтэй тэмдэглэл болох нь дамжиггүй. Чухам ийм түүхэн хэрэг байсан эсэхийг нотлох өөр баримт хараахан үгүй байсаар билээ. Ийм учир байлаа ч гэсэн, тэр нь Чингисийн үнэн онгон биш гэдгийг ингэж тэмдэглэсэн хүмүүс ч зөвшөөрч байсан билээ. Бас энэ “Монийн хөхбөр” гэдэг газар одоогийн Их Зуу аймагт байгаагүй нь лав юм. Учир нь энэ Мони уул бол Алшаа уулаас зүүнш, Хатан голоос умарш байдаг тул “Монийн хөхубөр” ч лав Хатан голоос хойш байх ёсттой. “Монийн хөхбөр”-ийн бодитой байрыг нотлоход бэрх боловч Чингис хааны нас барсан Цин Шуй Сянь-аас умарш Онон, Хэрлэнгийн эх газар өөд явах замд нь байсан нь дамжиггүй. Энэ зам нь лав одоогийн Ордос нутгаар дайрах ёсгүй. Тэгэж явбал хол тойруу болох юм. Чингис хаан ирэхдээ ч энэ замаар ирсэнгүй нь лав юм. Ялангуяа энэ нутаг бол тэр үедээ Тангуд улсын харъяат газар байсан тул Монголчууд эзнийхээ шарилыг харь нутагт оршуулах ёсгүй.
Нөгөө нэг нь: Залуусын хурим” ба “Чингисийн их өчиг” зэрэг номд Монголын зургаан түмнийг тус тус магтан үнэлэхүйдээ:
“Эрчимт начины жигүүр болсон
Эргэх хасаг тэргийг хадгалсан
Эрхийдээ мэргэн
Өвчүүндээ их омог зүрхтэй төрсөн
Эзний уул мэт цагаан гэрийг хадгаласан Ордос түмэн” /”Залуусын хурим” гар бичмэлийн гэрэл зураг/ гэжээ.
Уул мэт сод цагаан гэрийг чинь
Осолдол үгүй хадгалсан
Умарталгүй хүчээ өгсөн
Наранд өдөр төрсөн
Найман цагаан гэрийг чинь төрийн төв
Түмний ах болсон
Болд төмөр зүрхтэй /зүрхт/
Баатар Ордос түмэн чиний энэ бүхийгээр ажаамуу” /”Чингисийн их өчиг”/ гэж тэмдэглэж байдаг.
-
ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ХАТАН ХААН НАМСРАЙН СУВД
Наад сэтгэл чинь юунд үймрэв. Охин минь чамд бүсгүй хүний мөрөөддөг элбэг хангалуун амьдрал тав тух, үр хүүхэд байна…
Энэ бол хүссэн хүн бүхэнд олддог юм бишээ. Сайн бодоорой гэх зуураа тэр харанхуйд уусах адил алга болов.
Гэтэл удалгүй гэтэх мэт алхаагаар дахин гарч ирснээ.
-Үгүй ээ! Чи бүү цухалд. Амьдрал гэдэг чинь жаргал зовлон сүлэлдэж байж амттай байдаг юм. Александр чинь чамд хайртай. Чи бүсгүй хүний амсах ёстой бүхнийг амслаа. Анна чи хүн чанараа сонс… гэж хэлээд мөн л алга болно. Энэ бол саяхан Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавигдсан Л.Н.Толстойн зохиол “Анна Каренина” романаар бүтээсэн шинэ жүжгийн нэгэн хэсэг юм. Тэгвэл тэр ер бусын хар хувцастай бүсгүй хэн бэ гэвэл найруулагчийнх нь нэрлэснээр “Анна сүнс”.
Уг дүрийг амилуулсан хүн нь төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд л даа. Түүнийг Вронскийтой бүжиглэхдээ тайзыг бараг гурав тойрон сэнс шиг эргэлдэхэд нь үзэгчид энэ чинь үнэхээр Сувд мөн үү гэж эргэлзсэн. Мөн байлаа. Яг л арван наймт шиг харагдсан. Энэ бол жүжигчний авьяасын нэг тал нь. Бүр тодотгоод хэлэх юм бол жүжигчин хүний сэтгэл зүрхэнд үрчлээ суудаггүйг үзүүлсэн нь тэр. Өнөөдөр Сувдын нас хэд билээ. Энэ тухай эргэцүүлэн бодохул хэн нэг залуу жүжигчин тэр вальс эргэхийг яг Сувд шиг хийж чадах байсан болов уу гэж бодогдов. Тайз, дэлгэцийн хатан хаан гэж бичигч миний өргөмжлөн нэрлээд байгаа Н.Сувд ясны жүжигчин хүн. Тэр хэлдэг юм билээ.
-Чи биднийг харж байгаа бурхан гэж бий. Тэр бурхан бол урлагийн өглөг буян. Уран бүтээлч хүн өөрөө өөрийгөө шатааж, элдэж эвхэж нэг үгээр хэлэхэд өөрийгөө зольж явдаг юм. Тиймээс би жүжигчний ажилдаа бүхнийг зориулдаг. Миний бүтээсэн дүрийг харах гэж яардаг. Хараад таашаадаг басхүү шүүж тунгаадаг үзэгч түмнээ ямагт хүндэтгэдэг гэж.
Намсрайн Сувд гэдэг эрхмийг би сартай зүйрлэн бодож үзлээ. Яг л тийм өнгөлөг дотоод сэтгэлээсээ гэрэл цацруулсан хүн. Сарны тухай ойлголт бол гоо зүйн нандин чанартайгаас гадна үл тайлагдах нууцыг өөртөө шингээсэн ертөнц билээ. Сар хүнээс хол мөртлөө ойр санагддаг. Түүн лүгээ санахлаар Н.Сувд хэмээх бодгаль тайз, дэлгэцэд бүтээсэн дүрүүдээрээ бүхэнд танигдсан ч олон олон жүжиг, киноноос түүнийг харж бахархаж, хайрлаж явдаг хэрнээ Н.Сувд гэж чухам хэн бэ гэдгийг хэн ч гүйцэд таньж мэдээгүй гэхэд болно.Харин бүтээсэн дүрдээ ард олноо соён гэгээрүүлэх шинэ санаа сэдэл, сургамжтай бүхнийг шингээж өгч чаддаг уран бүтээлч гэж түүнийг найруулагч нөхөд нь үнэлдэг юм билээ.
* * *
Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд Улаанбаатарын жинхэнэ уугуул. Тухайн үеийн нэгэн элит гэр бүлд төрсөн хүн л дээ. Аав Ц.Намсрай нь эрдмийн талын хүн. Яг үндсэн мэргэжил нь сэтгүүлч. Ижий нь нөгөө зууны сайхан эмэгтэйгээр шалгарч байсан Хөдөлмөрийн баатар, маршал Х.Чойбалсангийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л даа. Тэдний ууган охин нь Н.Сувд. Тухайн үед ясли, цэцэрлэг гэж ч байсангүй. Тиймээс эх хүн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна тийм л.
Л.Цогзолмаа гуай одоо ч ярьдаг. Н.Сувдыг өлгийтэй байхад нь ажилдаа аваад явдаг байлаа. Тайзны ард хаа нэгтэй тавьчихна. Тэсвэртэй өссөн дөө. Ямар сайндаа. 1949 онд Унгарт болсон залуучууд оюутны фествальд аваад явж байхав гэж.
Энэ тухай Гонгорын Хайдав агсны ярьсан нэг дурсамж бий. Тэд Москвад явж байхдаа Кремлийн музей үзэх гэж явтал гоё буйдан дээр нь охин шээчихэж. Үүнийг Бал дарга дуулаад,
-Хожим хуриман дээр нь хөгийг нь хэлэх юм шүү гэсэн гэж. Ингэж л өнөөгийн алдарт жүжигчин Н.Сувд алтан тайзны анир чимээ, урлагийн хүний амьдралыг хар багаасаа биеэ, сэтгэлээрээ үзэж сонсож явсан байгаа юм.
Түүнийг багад нь аав, ижий нь физикч юм уу математикч болгох гэж шалгалт өгүүлж байж. Гэвч хувь заяаны зөн билгэ нь дийлсэн хэрэг үү. Жүжигчний сургуульд явах аз завшаан нэгэн цагт олдсон юм билээ. Тэгээд 1970 онд Москва хотноо Бүх Холбоотын кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлийг 22 настайдаа төгсгөөд иржээ.
Түүнээс хойш Кино үйлдвэр, Улсын драмын Эрдмийн театрт жүжигчин, урансайхны удирдагч, 2000 оноос театрынхаа дэд захирлаар ажиллаж өдийг хүрсэн юм билээ. Олон жил урлагт зүтгэхдээ асар их ачаа үүрсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэвэл маргах хүн ховор л болов уу.
Жүжиг, кинонд тоглох урилга, томилолт завсар зайгүй ирнэ. Сүүлийн жилүүдэд удирдах талын алба, элдэв сонгуульт ажлын ачаа бүр нэмэгдсэн байдаг. Аль алиныг нь амжуулж л явж. Амжуулах амжуулахдаа нэр төртэй хийж бүтээж ирсэн гэдэг нь үнэн. Түүний тайзнаа бүтээсэн анхны дүр 1973 онд тоглосон Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса. Кино дэлгэцэд бол “Эхлэл” киноны Хорлоо.
Үүнээс эхлээд яаж амжуулж байсан юм гэмээр бүтээлээ ундруулсан байгаа юм. Заримыг нэрлэбэл “Хоёр эзний нэг зарц”-ын Беатриче, “Отелло”-гийн Дездемони, “Гамлет”-ын Офилия, “Мартагдсан аялгуу”-гийн Бадам, “Нора”-гийн Нора, “Байцаагч түшмэл”-ийн Анна Андреевна, “Цахлай”-гийн Аркадина гээд олон жүжгийн, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”-гийн сувилагч Цэндсүрэн, “Ичээнд нь”-ийн Солиотой хүүхэн, “Анхны хайрын дууль”-ийн Янжин, “Хань”-ийн Наран, “Хатанбаатар”-ын Жаргал гээд киноны дүрүүдийг нэрлэж болно. Энэ нь түүний уран бүтээлийн зөвхөн эхлэл хэсэг нь. Н.Сувд уран бүтээл дундаасаа гоц олзуурхан бодож явдаг нэг юм нь олон сайхан хатдын дүр бүтээснээрээ бардамхан явдаг юм билээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” киноны Өүлэн ижий, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Монгол хатан гэх зэрэг түүхэн хатдын дүрийг нь үзэгч түмэн андахгүй л дээ.Тэр дотроос Монголын эрэлхэг эмэгтэй Мандухайн дүр гоц. Яагаад гэхээр Мандухай хатан гэхээр Н.Сувд л нүд болоод сэтгэлд буудаг шүү дээ. Тиймээс ч энэ дүрээрээ төрийн шагнал хүртсэн нь чухамхүү нүдээ олсон хэрэг гэж олон түмэн хэлцдэг.
-Та тэр сайхан хатдын дүрийг өөрөө сонгож бүтээсэн үү гэхэд тэр
-Яалаа гэж дээ. Найруулагч л сонгоно. Харин тэр нь надад азтай явдал байсан байж болох. Тийм ижилхэн олон дүрийг өөр хооронд нь ялгаатай бүтээнэ гэдэг жүжигчин миний үүрэг байсан. Олон Мандухайг үзэгчид хүлээж авахгүй шүү дээ. Мандухай нэг л байх ёстой. Өүлэн эх ч гэсэн дээ. Нэг л бодит хүн. Хатдыг хооронд нь ялгаатай гаргахын тулд мэргэжлийн ур чадвар их шаардана. Жүжигчин хүний нэг зовлон тэр гэж хэлсэн бий.
Жүжигчин Н.Сувд ижийгээ дуурайсан сайхан эмэгтэй. Энэ нь ч тэр хатдын дүрийг амилуулахад дөхөмтэй байсан гэж найруулагчид үздэг байх л даа. Анх Мандухайд Н.Сувд тоглох боллоо гэхэд хүмүүс зарим нь арай биш ээ гэсэн аястай байсан гэдэг. Тэгвэл киног үзсэний дараа жинхэнэ Мандухай болж гэсэн яриа байдаг.
Н.Сувд их энгийн ихэрхэх зангүй, зөөлөн сайхан яриатай хүн болохоор эрэлхэг эмэгтэйд тохирохгүй гэсэн санах хүн байж л дээ. Гэтэл морин дэл дээр хийсгэн сэлэм эргүүлж дайтсан нэгэн байж чадсаан.
Киноны аль ч хэсэгт орлон тоглогчгүй ажилласан нь Н.Сувдын дотор бас нэг дайчин Сувд оршин байсан шиг санагдуулдаг шүү дээ. Кино найруулагч Б.Балжинням агсан нэг удаа “Сувдыг Мандухайгүйгээр Мандухайг Сувдгүйгээр төсөөлшгүй санагддаг гэж хэлсэн байдаг. Энэ нь би дүрээ зөв сонгсон гэсэн үг байлаа. Авьяаслаг хүн гэдэг өөрөө сайн дүр бүтээгээд зогсохгүй хамтран тоглогчоо дүрд нь тодруулж эгэл хүний амьдралаар амьдруулж, дурлуулж, сархадад шартуулж, өөртөө дасгаж бас зөвтгөж буруутгаж давтагдашгүй болгож чаддаг байх юм. Тэгснээрээ тэнгэрийн элч мэт хаадыг махан биетэй, цусан зүрхтэй жирийн хүн болгож үзүүлсэн нь Мандухайн дүр л дээ. Бас гайхалтай бөгөөд харамсмаар үхэж чадснаар Исмайлын дүрийг үнэхээрийн үзэн ядмаар адгийн дүр болгосон юм шүү. Нөгөө гэвэл Өүлэн эхийн дүрийг эх хүн төдийгүй жинхэнэ эх оронч ухаалаг болгон бүтээсэн бий. Чингисийг дайнд мордохын өмнө гэртээ орж ирээд гарахад “Битгий яв миний хүү” гэж хэлдэг. Үргэлжлэлийг нь харцнаас нь уншиж болдог. Хасарыг зодуулж байхад юу ч хэлээгүй хэрнээ “Энэ хүний нуруун дээр Монголын төр байгаа юм шүү” гэж бас зөвхөн харцаараа ойлгуулдаг юм. Уг дүрийг задалж үзэх юм бол цааш маш ихийг нэмж мэдэж болох. Жүжигчин хүн үгийн амтыг ам, хэлээрээ биш сэтгэлээрээ мэдэрдэг байхын учир тэр гэж болно. Ер нь Н.Сувд дүр бүтээхэдэ урандархан хүн шиг ажиллаж олон талын судалгаа хийж сэтгэл оюундаа бүрэн багтааж байж дараа нь гаргаж ирдэг байх юм.
Нэг үгийг яруу сайхан хэлж болно. Харин тэр үгтэй цуг ямар дүр зураг харуулахав гэдэг чухал. Энэ бол жүжигчний баримталдаг нэг гол зарчим. Нэгэн бодит бөхийн амьдралаас сэдэвлэсэн “Хань” кино гэж бий. Уг киноны зохиолыг Б.Гомбо найруулагч гол дүрд нь Н.Сувдыг тоглуулна гэсэн зориулалттай бичсэн гэдэг юм. Тэгээд ч тэр үү хүний жинхэнэ хань ямархуу үнэнч, сайхан сэтгэлтэй байхыг Наран гэдэг бүсгүйн дүрээр гаргаж чадсан гэдэг юм билээ. Сувдын хэлдэг нэг алт шиг үг бий. Тэр нь “Би театрт муу ажиллах эрхгүй хүн” гэсэн үг.* * *
Бурхан Н.Сувдад нэг л юмыг өгөөгүй. Тэр нь атаа жөтөө, хувийн шиг завшаанч байхын тухай гэж болно.
Басхүү Н.Сувдад нэг сайхан бахархал байдаг гэдэг. Анх жүжигчин гэдэг диплом өвөртлөөд ирэхэд нь Монголын театрын алтан үеийнхэн хүлээж авсан. Тэдний дунд ёстой л өөхөнд боолгосон мэт өсөж өндийснөө тэр байнга дурсдаг. Тэд авьяасын тэнгэрүүд гэхээр хүмүүс байв. Зохиолч, найруулагч Э.Оюун, Л.Ванган нараас эхлээд ардын жүжигчин С.Гэндэн, Ц.Цэгмэд, Н.Цэгмэд, Д.Чимэд-Осор, Т.Хандсүрэн, Г.Гомбосүрэн, Ц.Гантөмөр, гавьяат жүжигчин Т.Цэвээнжав, Р.Дамдинбазар, У.Осор, М.Бадамгарав, Ц.Цэнд-Аюуш тэргүүтэй ахмад үеийнхэн Н.Сувдыг үр хүүхэд шигээ бөөцийлж ихийг сургасан гэдэг юм.Тэр мундгуудаас сурснаа өнгөлж тордсоор өдийг хүрэхдээ Н.Сувд өөрөө Монголын урлагийн оддын нэгд тооцогдох болж театрынхаа залуу үеийг сургаж үлгэрлэж явна.
1980-аад оноос театрынхаа урансайхны удирдагч дараа нь дэд захирлаар ажилласнаасаа хойш залуу жүжигчдэд тайз, дэлгэцнээ хэрхэн амьдрах ухааныг зааж аяны дөрөөнд нь сүү дусааж өгсөн хүн гэж ч болно. Театрынхаа хойч үеийг бэлтгэхийн төлөө ч ихийг хийсэн юм Урансайхны удирдагч болонгуутаа Ю.Цэдэнбал даргатай биечлэн уулзаж ЗХУ-д хүүхэд сургая бас уранбүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг анхаарья гэх зэрэг санал дэвшүүлсэн байдаг. Үр дүн нь ч гарсан. Олон хүүхдийг ЗХУ-д суралцуулсан. Тэд нь өнөөгийн театрын гол хүч болж яваа. Урлагийн ертөнцөд хүч авьяасаа сорино гэдэг бол үнэхээрийн тэвчээр, чадал тэнхээ заасан ажил юм шүү гэж тэр залууст сургадаг. Тиймээс театрынхаа мэргэшсэн жүжигчидтэй байхыг түүчээлсэн хүн хэн бэ гэвэл Н.Сувд гэж хэлэхэд онох л байх. Өнөөдөр Монголын театр дэлхийтэй өрсөлдөхүйц бүтээл хийдэг болсон. Энэнд ч түүний сэтгэл зүтгэлийн нэмэр асар ихийг хэлэхгүй бол алдас болж магадгүй л дээ. Жүжигчдийн хувьд даанч мастер гэдэг цол байхгүй юм. Байдагсан бол Н.Сувд урлагийн нэг мастер нь мөн. Ингэж хэлэх нь Мандухайн дүр бүтээснээрээ төрийн шагнал, 2001 онд гавьяат жүжигчин, 2010 онд Ардын жүжигчин гэдэг эрхэм цол хүртсэнийг нь чамласан юм биш л дээ. Ижийгээсээ хөдөлмөрийн баатар гэдэг дээд цолоор л дутуу яваа. Ер нь уран бүтээлчийн хувьд авсан шагнал бол тоочоод барамгүй. Гэгээн муза цомыг бараг арваад удаа авсан байдаг.
Тэр бүтээсэн олон янзын дүрээрээ амьдралын үнэнг агуулж, алагтай цоогтой түүхийн нэгэн гэрч болж явна. Тайз, дэлгэцийн хатан хаан-хөргийн баатар маань нартын жаран илүүг туулахдаа юу эсийг үзэхэв. Аав, ижийгийн их хайр, залуу нас, хайр дурлал, хамтын амьдрал, хагацал гуниг бүгдийг үзсэн. Гэвч Сувд Сувдаараа л байж чадсан. Нэг удаагийн ярилцлагадаа хувийн амьдралаа цухас нээж арван жилийн сургуульд байхаасаа үерхэж яваад ханилсан хоёр хүүхдийнхээ эцэг авааль нөхрөө өөр хүүхэнтэй боллоо гэхэд
-За Төрөө минь би явлаа. Чи сайн бодсон л байх. Дараа нь эргэж хургав, харамсахгүй биз гэж хэлээд явчихсан гэдэг. Тэгсэн дөрвөн сарын дараа Сувдыг эргээд ирээч гэсэн байгаа юм. Тэр үед “Чиний сонгосон зам шүү дээ” гэсэн байдаг. Уран бүтээлд нь ч ийм явдал зөндөө тохиолдсон л байх. Мандухайн кинонд түүнийг аян дайнаас ирэхэд нь Даянхаан Батмөнхийг Алтжин гэдэг бүсгүйтэй учир ургуулаад байгаа тухай Сатай түшээ хэлдэг. Тэгэхэд Мандухай цөөн үг, ухаалаг харцаараа “Монголын төр л түвшин байх болтугай” гэсэн санаагаа ойлгуулдаг. Энэ бол аугаа чанар. Н.Сувдын залууст хэлж сургадаг үгнээс зөвхөн нэгийг онцлоход
-Алив дүрд том жижиг, гол туслах гэж ялгавартай хандаж болохгүй. Энэ гол дүр юм гээд ур чадвар, сэтгэл зүрхээ зориулсан хэрнээ за энэ ч яахав жижиг дүр гэж түүндээ дутуу дулимаг хандах нь огтоос байж болохгүй зүйл. Үзэгдээд өнгөрөх төдий дүрд ч сэтгэлээ өгч бай гэж сургадаг. Ер нь хүний дотоод сэтгэлийн өгөгдөхүүн гэж нандин юм бий. Даангүй жижигчин хүнийх бүр онцлог. Энэ талаас аваад үзэхэд Н.Сувдын авьяас төрмөл шинжтэй нь мэдрэгдэнэ. Төрмөл төрмөлдөө өөр бусдад хагас дутуу өгөгдсөн байдаг бол түүнд бүтнээрээ заяагдсан болов уу. Ийм бодохлоор жүжигчин Н.Сувдын авьяаслаг аугаа чанар нь амьдралыг гал мэт цоргин дүрэлзэж, гол мөрөн мэт цэлэлзэж явдаг билээ.
Амьдралын алив бүхэн жүжигчин хүний уураг тархинаа өртөж зүрхэн дундуур нь урсаж байдаг гэдэгтэй санал нийлэхүйд ийм. Н.Сувдаас нэг сурвалжлагч асуухдаа
-Ямар ч дүрийг төвөггүйхэн гараас гаргачихна гэсэн бардам бодол танд байдаг уу гэхэд
-Хэзээ ч тэгж бодож явсангүй ээ. Би нэг харцтай, нэг нүүр царайтай, нэг өнгийн дуу хоолойтой. Гэвч тэр бүхнээ лав тавин жил янз бүрээр хувиргаж ирлээ. Сайн талын дүрд ч, саар бүр яадгаа алдсан хүний дүрд ч хувирах шаардлага гардаг. Хэцүү л дээ. Харин нас ахих тусам сэтгэл зүтгэл байлаа ч бие хаа өөр болж санасандаа хүртэл хувирахад жаахан хүнд болох юм гэсэн хариулт өгсөн байв. Тэгвэл өнөөдөр ч энэ хүний жүжиглэлт уран бүтээлийг харахад өөрчлөгдсөн өнгө төр харагддагүй хэвээр. Барагдашгүй авьяасынх нь эрч хүч тэр байхаа.
“Анна Каренина” жүжгийн сүнслэг дүрийг амилуулснаас нь харахад бүр тийм бодол төрсөн дөө.
Жаран дамжсан хоёр зууны өнгөнд Монголын тайз, дэлгэцийн уран бүтээл яндашгүй арвин түүхийг бүтээлцэж яваа энэ эрхмийн хүн чанар, ажил амьдралынх нь тухай бүгдийг энэ бэсрэгхэн хөрөг нийтлэлд багтаахын учир үгүй тул уучлал эрж, эгэл нэгэн алдартан-жүжигчин Намсрайн Сувд гэдэг бүсгүйн дурлалтай, дурсамжтай, дарстай, цэцэгтэй, баяртай нулимстай замнал буюу үзэгч олноо хөгжил дэвшилд хөтөлж хойч үедээ үлгэр үзүүлж яваа намтар юунаас нь хэлтлэн хэлтлэн байж бичиглэхийг эрмэлзсэн минь энэ.
Жүжигчин бүсгүйн цаашдын амьдрал, урлагийн тэнгэр хойшид улам цэлмэг байх болтугай гэсэн ерөөлийг өргөмүү.Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Д.Цэрэннадмид
-
Ж.БАТСУУРЬ: УДМЫН САНГАА СЭРГЭЭХГҮЙ БОЛ БИД УСТАХ ГЭЭД БАЙНА
-Өнөөдөр монголчууд угийн бичиг хөтлөхөд нэг их ач холбогдох өгөхгүй байна. Үүний нэг тод жишээ нь Боржигон овогтон хүн амын нилээд хувийг эзэлж, түүнийгээ хэдэн янзаар бичих юм. Энэ асуудлыг та юу гэж дүгнэх вэ?
-Монголчууд өргөн уудам нутагт их цөөхүүлээ амьдарч ирсэн түүхтэй. Аливаа ард түмний хувьд хамгийн үнэт зүйл нь төрөлх газар шороо, хоёрдугаарт удмын сан, гуравдугаарт уламжлалт соёл байдаг юм. Тиймээс улс гүрэн өөрийнхөө хөгжлийн асуудалд цогц хандахыг хичээдэг. Ингэхдээ хүн амынхаа удмын санг ямагт цэвэр ариун, үргэлж тунгалаг байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, ямар ч нөхцөлд сэргэлэн цовоо, саруул ухаантай, сайхан бие бялдартай үр удам төрүүлэхийн төлөө л тэмцдэг. Ер нь аливаа амьд амьтан, хүний удмын санд ялгаагүй цус ойртсон шинж тэмдэг илрэхээс зайлсхийдэг. Ийм гайхамшигтай өв соёлыг бидний өвөг дээдэс олон зууны тэртээ бүтээсэн.Энэ өргөн уудам нутагт цөөхүүлээ амьдарч буй ард түмэн оршин тогтнохуйн эл нууцыг мэдэрч, ухаарч, гайхамшигтай өв соёлыг үлдээсэн. Гэтэл энэ гайхамшигтай өв соёлоо мартагнах гээд байдаг болжээ. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн залуус аавын талыг авга, ээжийн талыг нагац гэдгийг мэдэж байна. Өөрөөсөө дээшээ хоёр үеэ л муухан мэддэг. Сайн мэдэж байгаа нь овог нэр, төрсөн жил, амьдарч байсан газар нутаг, хэдэн хүүхэд төрүүлснийг л хэлнэ.Тэгээд л түүнээс цаашаа мэдэхгүй болчихдог. Удмын сангийн мэдээлэл ингэж бүдгэрээд ирэхээр ирээдүйд үр удам нь хань ижлээ сонгохдоо ямар төвшинд ураг төрлийн холбоотой байж болох вэ гэдгийг мэдэх аргагүй. Үүнээс болгоомжилж есөн үеэ мэддэг, есөн үе дотроо гэр бүл болдоггүй байсан гайхамшигт өв соёлыг монголчууд тэртээ 800 жилийн тэртээ бий болгосон шүү дээ.Их эзэн Чингис хаан үүнийг их хатуу мөрдлөг болгож авч явсан юм байна. Энэ тухай хүн төрөлхтөний түүхийг бичилцэж байсан гадаадын том эрдэмтэн мэргэд хүртэл гайхширч бичсэн байдаг. Ураг удам, ахан дүүсээ мэдэхгүй хүн гэж байхгүй юм.Өөрөөсөө дээшээ есөн үеэ мэддэг ард түмэн. Ийм учраас үр удам нь хоорондоо гэрлэж, цус ойртох гэсэн ойлголт байдаггүй юм байна гэж бичиж үлдээж байжээ. Тиймээс өвөг дээдсийн гайхамшигтай өв соёлыг сэргээх нь чухал асуудал болоод байна.
-“Миний хүү, холоос хань ижилтэй болоорой” гэж захьдаг-
Өнөөдөр зарим аав ээж үр хүүхдээ “Нутгийнхаа хүнтэй л суугаарай. Эцэг эхийг нь мэддэг, уг удмыг нь таньдаг хүн л хань болно” эсвэл “Миний хүү голоосоо л хань ижлээ сонгоорой. Хараа бараандаа амар шүү дээ” гэх маягтай, ер нь үр хүүхдээ хол нутгийн айлд өгөх дургүй, аль болох ойр байх сонирхолтой болсон байна?
-Энэ чинь манай нүүдэлчдийн сэтгэхүй биш. Монгол хүн угийн бичгээ хөтлөж, овгоо мартах хэмжээнд хүргэсэн. Засгийн газрын нууц тогтоол 1925 онд гарсан байдаг. Үүнийг монголчууд өөрсдөө гаргаагүй нь мэдээж. Өөрсдийнхөө гараар өөрсдийгөө устгах ийм зүйл хийхгүй. Хүн төрөлхтөний түүхийн тавцанд монголчууд эрэмгий зоригтой, ухаантай, бүхнээс дээгүүр соёл иргэншилтэй, гайхамшигтай оюунлаг, цөөхүүлээ хэр нь морин дэл дээрээс дэлхийг талыг эзэлж, гүрэн байгуулж явсан ард түмэн. Нэгэн үе их муу хэлж, яргачин, дээрэмчин, тонуулчин, хүн төрөлхтөний соёл иргэншлийг сүйтгэсэн гээд л байсан.Одоо бол үгүй юм байна шүү, энэ монголчууд чинь хүн төрөлхтөний түүхэнд энх амгалангийн гүрэн байгуулах тэр гайхамшгийг нээж өгсөн юм байна гээд түүхийг ойлгож эхэлж байна шүү дээ. Тиймээс муу хэлж байсан тэр үедээ “Энэ монголчуудыг хүн төрөлхтөний түүхийн тавцанд ахиад гаргачихгүй юмсан. Тэд гараад ирвэл ямар ч гайхамшгийг бүтээж чадна” гэж болгоомжилсон байдаг. Тиймээс чимээгүйхэн шиг цаагуур нь өв соёлыг нь мартагнуулж, өөрийг нь өөрөөр нь устгуулах улс төрийн далд үйл ажиллагаа явагдсан юм болов уу гэж бид таамгалдаг. Өнөөдөр бид жалга довны үзэлтэй, нутгийнхаа хүнтэй гэр бүл болохоо илүүд үзэж, хараа бараатай явахыг чухалчилдаг болсон нь нөгөө л өв соёлыг мартагнуулсны гай. Аав ээж нь үр хүүхэддээ “Миний хүү, холоос хань ижилтэй болоорой. Битгий нутаг усныхаа хараа барааны хүнтэй гэрлэчихээрэй дээ. Тэгэхгүй бол тэнэг маанаг өөрийгөө авч явж чадахгүй төрөл бүрийн өвчин согогтой үр хүүхэд төрдөг юм шүү” гэж хэлж сургадаг байсан гайхамшигийг л мартуулчихсан хэрэг. Тэгээд л ойрхоноос баг сумандаа танилцсан хүнтэй гэр бүл болж болдог юм байна гэдэг ойлголт бий болчихжээ. Нөгөөтэйгүүр, Монгол нутаг их өргөн уудам. Түүхээс харахад засаг захиргааны хувьд ердөө дөрвөн аймагт л хуваагддаг байсан. Хангайгаасаа говь руу очдог, говиосоо тал хээрээр дамжаад хангайдаа ордог. Малаа сайхан оторлож таргалуулаад, нүүдэл бэлчээрээ сэлгэн байгалиа хамгаалж, хайрладаг байжээ. Ингэж явахдаа хол нутгийн залуус хоорондоо танилцаж ижилсэн гэр бүл болдог. Малаа хүртэл цус ойртуулчихгүй гэж малынхаа хээлтүүлгийн үед эцэг малаа холоос сонгох гэж отор нүүдэл хийдэг байж. Монгол Улсад “Малын удсын санг хамгаалах тухай хууль” хүртэл байна. Өвөг дээдсийнхээ малаа цус ойртуулахгүй өсгөж үржүүлдэг өв соёлоо ч мартчихсан байна. Түүнтэй адил хүн амаа хамгаалдаг уламжлалт өв соёлоо мартсан байна.Монгол улсыг дөрвөн аймагт хуваагддаг байсныг 21 аймаг, 331 сум, 1700 шахам баг болгон хуваачихсан. Ингээд хуваачихаар засаг захиргааныхаа хүрээнд л баг сумандаа ажиллаж, амьдарч таарна. Тэр хүрээндээ залуус хоорондоо ижилсэж танилцаад гэрлэдэг.Энэ нь явсаар байгаад цаагуураа чимээгүйхэн цус ойртолтын аюулыг бий болгоод л байна. Өнөөдөр монголчууд соёл иргэншлийн даяаршил гэж яриад байгаа ч хүн амын маань өвчин эсэргүүцэх өвчин даах чадвар эрс буурсан. 1990-ээд оны эхээр чихрийн шижин, хорт хавдартай хүн өдрийн од шиг цөөн байсан шүү дээ. Тэдний тэр гуай тийм хавдар тусаж гэнээ гэхээр аргагүй өндөр настай хүн гээд л ярилцдаг байлаа.Гэтэл өнөөдөр хорт хавдраар хоёр сартайгаас эхлээд бүх насны хүмүүс өвчин болоод байна. Энэ нь нэг талдаа даяаршлын нөлөөгөөр импортоор есөн шидийн хүнс оруулж ирээд идэж байгаатай холбоотой ч нөгөөтэйгүүр өв соёлоо мартсанаас улбаатай. Цаагуураа цус ойртох үзэгдэлд нэлээд орчихсон ард түмэн чинь зохисгүй хүнсний хэрэглээний улмаас янз бүрийн өвчтэй болж хэврэгшээд яваад байна шүү дээ.
-Манай улсын хүн амын хэдэн хувьд нь цус ойртолтын аюул тулгараад байгаа вэ?
-Энэ бол Монгол Улсын хүн амын тэдэн хувь нь тэглээ, ингэлээ гэж тодорхойлж болдоггүй үзэгдэл. Цус ойртолт гэдэг бол нуурийн ёроолд давсны тунадас хуримтлагдаад жил ирэх тусам бага багаар нэмэгдээд яваад байдаг шиг чимээгүйхэн шиг өсдөг өвөрмөц зүйл.Өнөөдөр хүн амын доторх цус ойртолтыг тодорхойлбол тодорхой төвшинд цус ойртоогүй аймаг, сум гэж байхгүй болсон. Тиймээс бид өнөөдөр үр хүүхдээ сум дотроосоо битгий гэрлээрэй гэж хэлэхээс өөр аргагүй болчихоод байна.Үүнийг монголчууд дотроо ярих асуудал. Түүнээс биш гадаадынханд өгөөш болгож олон нийтэд хамаагүй мэдээлээд байх үзүүлэлт биш. Үндэсний онцгой нууцын зэрэглэлтэй байх зүйл. Аливаа улс үндэстэн цус ойртолтоос сэргийлж төрийн тусгай бодлого явуулж ирсэн. Дэлхийн түүхэнд хүн ам нь цус ойртолтын аюул нүүрлээд байсан улс орны ч жишээ бий.
-Цус ойртолтыг холдуулж байна гээд эрлийзжээд байж болохгүй-
-Тэдгээр улс орнууд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
-Ийм нөхцөлд тухайн улс хууль гаргаад, хүн амаа хөдөлгөөнд оруулдаг. Тухайлбал, зам харгуй тавьж, залуусыг хооронд нь уулзах сайхан боломжоор хангаж байсан. Цус ойртохоор оюуны хөгжлийн доройтолтой төрөх хүүхдийн тоо өсдөг. Хүн амын оюуны чадавх буураад ирнэ. Ингэхээр шинжлэх ухаан, технологийн гайхамшгийг бүтээх чадвар буураад ирэхээр хаана очих нь ойлгомжтой.Тиймээс хүн амаа цус ойртоогүй байсан ч ойртохоос сэргийлж, ийм үзэгдэлд оруулчихгүй байхыг төрийн хар хайрцагны бодлогоор авч явах ёстой. Цус ойртолтыг холдуулж байна гээд эрэгтэй, эмэгтэйгүй гадаад хүнтэй суугаад эрлийзжээд байж болохгүй. Монгол хүний генийн санд агуу чанар, чадвар нь байгаа. Гагцхүү тэрнийг дотор нь ойртуулж болохгүй учраас монгол хүн бүр өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээх хэрэгтэй. Нэг гэр бүлийн хоёр “Миний хүү аавын талынх нь ах дүү хамаатан садан ийм хүмүүс байдаг юм шүү. Ээжийнх нь хамаатан садан ийм хүн байдаг юм шүү” гэж бүгдийнх нь нэрийг бичээд хооронд нь холбоод зураг болгоод хүүхэддээ өгчих. Тэгээд миний хүү хамаатан садангийнхаа энэ хүрээлэл дотроос хань ижлээ сонгочихов оо. Аль болох холоос ханиа сонгоорой гээд хэлээд өгчих. Хүүхэд чинь аяндаа хөтлөөд үргэлжүүлээд л аваад явчихна. Ингээд явахад нэг л мэдэхэд цэцэг мэргэн оюун ухаантай, хачин сайхан бие бялдартай, сийрэг сэтгэлгээтэй үр удам л төрөөд байх болно. Ер нь аливаа ард түмний дунд цус ойртох үзэгдэл бий болох л юм бол төрөл бүрийн удамшлын өвчтэй, оюуны хомсдолтой хүүхэд төрдөг нь хууль. Герман, Япон, Орос ялгаагүй бүгд адилхан хүн шүү дээ. Гагцхүү тэр ард түмний дунд цус ойртох хүчин зүйлийг бий болгож буй зүйлийг арилгаж, үндэсний аюулгүй байдлын бодлогоороо хүн амын удмын санг хамгаалж ирсэн юм.
-Гадаадын зарим кинон дээр хааны угсааныхан үеэлтэйгээ сууж байгаа тухай гардаг. Үүнийг залуу үеийнхэн, хүүхдүүд яагаад гэж их асуудаг шүү дээ?
-Хүн төрөлхтөний генетикийн сургамжууд бий. Тэд хоорондоо гэрлэсээр байгаад хаан угсаа устаж, бүхэл бүтэн овог аймаг мөхсөн нь ч бий. Ийм жишээ олон. Хүн төрөлхтөний өөрсдийн ёс заншилтай холбоотойгоор хаан угсааны цус, харц хүний цустай холилдох ёсгүй гээд дээдсийнх хүрээндээ үржиж өсч байх ёстой гэдэг үзэл баримтлал түүхийн явцад байсан уу гэвэл байсан. Тийм үзэгдлийн үргэлжлэл өнөөг хүртэл байдаг улс орон ч бий. Гэхдээ мөхлөөр л дуусна.
-Есөн үе өнгөрвөл ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хийдэг--Манж Чин улсын мөхөл ч бас үүнтэй холбоотой юу?
-Манж Чин улсын мөхөл бол ганц цус ойртолт гэж би хэлж чадахгүй. “Эмэгтэйчүүдээ хамгаалаагүй үндэстэн мөхдөг, эрчүүдээ дээдлээгүй улс сөхөрдөг” гэж мэргэдийн үг бий. Энэ үгний утга ойлгогдож байгаа тийм үү.Тэгэхээр тэр үндэстэн Хятад гэдэг аварга том далай дээрх цайны хөөс шиг юм байсан. Хэдэн зуун сая хүнтэй улсыг толгойлж байсан Манж гээд цөөхөн хүн амтай ард түмэн. Яагаад, юунаас болоод живээд алга болчихсон юм. Тэднийг өнгө мөнгөнд умбуулж, хүүхний сайханд уяруулж, хооронд нь эвдрэлцүүлэх замаар өөрийг нь өөрөөр нь устгуулчихсан.Ер нь хүний генетикийн шинжлэх ухаан хөгжиж ирсэн цагаас л үүнийг мэддэг болсон шүү дээ. Генетикийн шинжлэх ухаан чинь 1900 оноос л хөгжиж эхэлсэн юм. Гэтэл монголчууд генетикийн хуульгүй, энэ шинжлэх ухаан үүсээгүй байхад буюу 800 жилийн тэртээгээс хүний удамшлын шинж тэмдэг яаж өвлөгдөж ирдэг вэ гэдгийг мэдэж байсан байгаа биз. Есөн үеийн дотор гэрлэж болохгүй шүү. Хэрэв гэрлэвэл хүүхэд чинь тэнэг болно шүү гэж цээрлэдэг. Есөн үе өнгөрвөл манай ураг төрлийн холбоо ариллаа гээд баяр хүртэл хийдэг байсан. Энэ уламжлалаа л сэргээе. Монгол гэдэг энэ агуу ард түмэн өөрөөрөө сэргэх цаг нь болсон. Япон хоол гоё, америк тахиа гоё гэж хошуурахаа болих хэрэгтэй. Эхлээд өөрийгөө таньж мэд. Бид алга болох гээд байна. Соёл иргэншил чинь устах гээд байна. Нөгөө гайхамшигтай удмын сан чинь хэцүүдэх гээд байна.Нийгэмд зөндөө сөрөг үзэгдэл байна. Энийг заавал тэр аймгийн, тэр сумын, тэр багийн гээд дэлгэх хэрэг байхгүй. Харин эрдэмтэд судалж, төр холбогдох бодлогоороо ард түмнээ яаж сайн сайхан авч явах вэ гэдэг л анхаарах асуудал. Тиймээс сонссон, мэдсэн бүхнийгээ цахим ертөнцөөр дэлгэж тавиад байх хэрэггүй.
-Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ--Төрийн зүгээс тодорхой ажил хийж байгаа болов уу?
-Мэдээж байгаа. Тэр бүхнийг ард түмэнд дэлгэж болохгүй. Бүх юманд хэм хэмжээ, хязгаар бий. Таван настай хүүхдэд тохирсон хэмжээ, 25 настай залууд тохирсон ёс суртахууны хязгаар л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн гэдэг амьтан араатан байхгүй юу. Хүн уламжлалт соёлоо гээвэл араатан л болдог. Юуг ч устгаж, юуг ч барьж идэж, юуг ч хөнөөж чадна.Тархинд уламжлал соёлыг суулгаж өгөхгүй бол араатан шиг загнаж чадна. Уламжлал соёл чинь хүнийг хазаарлаж барьдаг зүйл шүү дээ. Тэгэхээр монгол уламжлалаа сэргээж, дээдэлж байж бид бүтэн Монгол болно. Тэрнээс биш харахад махан бие нь монгол хүн харагдаад байдаг, алхаж гишгэж байгаа нь яриа хөөрөө зан үйл ахуй соёл нь хэн бэ гэж танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн хүмүүс зөндөө болох нь.Одоо монголчууд тэр америк, япон, герман, англи орос солонгос гоё гээд өөрсдийгөө голоод л давхиад байна. Яагаад чи өөрийгөө голоод байгаа юм. Өөрийгөө голохоо больж, өөрийгөө таньж мэдэж, судлаад, харин би яавал хөгжих юм гэдгийг гаргаж ирэх ёстой. Тэгж чадахгүй бол мөхчихнө шүү дээ. Ерөөсөө л тэр. 21 дүгээр зуун бол оюун санааныхаа нөөц баялагт шүтэж, тэрэн дээрээ тулгуурлаж амьдардаг эрин зуун болж байна. Тив алгасдаг атомын бөмбөгтэй, хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй байдаг амьдрал одоо хэрэггүй болсон нийгэм рүү шилжиж байна. Монгол хүн өнөөдөр их мөнгөөр яах юм. Оюун санаагаараа, уураг тархиараа агуу баян байна. Уураг тархиныхаа агуу баялагаар амьдрахыг хичээ. Бурхан өгөөгүй газрыг хувьчилж аваад, тэндээ хаус барина, энд нь ландаа тавина гээд том том ярьдаг бүхэн үеэ өнгөрөөсөн. Оюун санааны эринд хэн оюун ухаанаа хөгжүүлж, үндэстэнээ оюунлаг байлгана тэр улс л тэргүүлнэ.Монголчууд 21 дүгээр зууны оюун санааны тэргүүлэгч гүрэн болох агуу өгөгдөл, оюуны нөөц нь төрөлхөөсөө байгаа. Харамсалтай нь энийгээ үл тоомсорлоод өнгө мөнгөний хойноос хөөцөлдөөд баяжина, мөнгөжинө гэдэг сэтгэлгээнд автаад байна.Энэ бол биднийг мөхөөх зам руу нь явуулна уу гэхээс сэхээхгүй. 21 дүгээр зууныг авч явах, өндөр оюун ухаантай залуусыг бий болгохын тулд өнөөдөр бид энэ мартагдаад байгаа уламжлалаа сэргээж байж л хүн амаа аврана.Ярилцсанд баярлалаа.
П.Нарандэлгэр.
-
СОРХАГТАНИ ХАТНЫ ИРАН ДАХЬ
Тэд нар уй гашууд автсан Хүлэгү ханд хандан Наср ад-Дин Туси нь маш сайн хүн тул эхтэй нь хамт оршуулах нь зүйтэй хэмээн ятгасанд Хүлэгү хан ч зөвшөөрөв. Наср ад-Дин Туси үүнийг олж сонсонгуутаа дайснуудынхаа ов мэхийг гадарлажээ. Ингээд тэрээр Хүлэгү ханд бараалхан “Өчүүхэн боол би тантай хамт оршуулагдахыг л хүснэм. Иймд таны эхтэй хамт оршуулагдах хүнийг би олъё” хэмээсэнд тэрээр зөвшөөрч зарлигийн бичиг үйлдэн гарт нь өгчээ. Наср ад-Дин Туси тэндээс гарангуутаа зарлигийн бичгийг аван дайснуудынхаа нэгийг барин авч Хүлэгү ханы эхтэй хамт оршуулсан” гэдэг. Энэхүү домог нь Ил хаант улсын үед хойлголох зан үйл оршиж байсны ул мөр юм. Харин уг бунхныг Монголын зарим түүх, хууч сонирхогч, аялагчид Сорхогтани хатны бунхан мэтээр эндүүрч бичин олон түмнийг төөрөгдүүлэх явдал сүүлийн үед газар авсан тул бяцхан залруулгыг доктор Д. Анхбаяр хийсэн юм.
Түүхийн сурвалж бичигт Сорхогтани хатны булшны тухай мэдээ тодорхой тэмдэглэгдсэн байдаг. “Судрын чуулган”-д: Аригбуха нас барахад Сэлэнгэ мөрөнд ойр байх Бор өндөр хэмээх Чингис ханы Их хоригт хүргэв. Хубилай хаанаас бусад бүх хан хөвүүдийг тэнд оршуулсан билээ хэмээжээ.
Үүнээс гадна Марагад буй уг бунхны хананд Куран судрын бадгууд сийлэгдcэн байхыг үзвээс энэ нь мусульман хүнд зориулсан нь тодорхой байдаг. Үүнийг зарим судлаачид гярхай ажиглан “Хүлэгү ханы эх Сорхогтани Бэхи хатан нь загалмайтны шашинтай нэгэн байсан тул мусульман маягаар оршуулагдсан байх боломжгүй. Хүлэгү хан өөрөө буддын шашинг шүтдэг байсан билээ. Тэгвэл буддын шашинт хүн загалмайтны шүтлэгт эхийнхээ бунханд Куран судрын үг сийлүүлсэн байж хэрхэвч таарахгүй” хэмээн дүгнэсэн ч үзэгдэнэ. Иймд уг бунхан нь Марага хотын хамгийн үзэсгэлэнт байгууламж болохын хувьд Хүлэгү хан энд нийслэллэн суухдаа эхийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ийн нэрлэсэн гэж үзүүштэй гэсэн амуй. -
МАНДУХАЙ СЭЦЭН ХАТНЫ ДОМОГ
Баянмөнх болох жонон хутагт Дэрстэй гэдэг газар Шихир тайхуугаас Даян хааныг хөвгүүлэв. Даян хааныг Балгагчны Багай нэрт хүнд өгөв. Түүний хойно Ойрдын Исман тайж довтолж Шихир тайхууг аваад мөн Исман тайж асрав. Жонон Борбугийн газар Булудай хоёулаа зугатааж явтал Еншөөвийн захын улсад хүрч, жонон хээр байж Булудайг үг ав гэж илгээв. Булудайн эгч нь золгож дүүгээ барьж эс тавив.
Жонон ундаасч хүлцэн ядаад айлд бууж айраг уухад нэгэн баяд охин жононгийн унасан цагаан шаргал морь, өмссөн хэрмэн дотортой магнаг дээл. алтан бүс тэр бүгдийг ажиглан суув. Жононг мордож явсны хойно тэр охин усны дэргэд олон хүн байхыг үзээд очиж хэлэв. Тийм атаатай нэг хүн үзэв гэв. Еншөөвийн таван отгийн Хэрэй Цагаан хоёр. Төмөр, Мөнх, хар Бадай эд бүгдээр гүйцэж жононгоос «Чи юун хүн бэ» гэж асуув. Жуулчин гэв. Алтан бүсээ ац гэв. Эс өгөв. Еншөөвийн хэдэн хүн Баянмөнх болох жононг цулбуурдаж бариад хороож барс жил тэнгэр болов. Еншөөвийн нэг гэм нь тэр гэх.
Даян хааныг муухан тэжээхийн дор Тангуудын төлөгчийн долоон хөвгүүн Төмөрхадаг ирж Багайд өгүүлрүүн: Энэ хөвгүүнийг сайн хүнд өг. Эсвэл надад өг гэж гуйхад эс өгөв. Түүний хойно Төмөрхадаг ах дүу долуулаа сайн улаан морио унаж ирээд булааж авч ирэв. Өчүүхнээсээ эцэг эхээсээ хагацсанаар Даян хаан бэтэг өвчтэй болсон ажээ. Тэр өвчнийг Төмөрхадагийн эм Сайхан хэмээх нь есөн түм цагаан тэмээний сүүгээр тэжээж гурван мөнгөн аяга цоортол илэн эмнэв. Тэр эмнэлэгт замаг мэт долоон хэсэг өвчин унаж сайн болов. Даян хааны нэг зовсон нь тэр болов. Түүний хойно Даян хааныг тангуудын Төмөрхадаг аваачиж Мандухай цэцэн хатны гарт хүргэв. Мандухай цэцэн хатан эртний хаадын өшөөг дурдаж үхэр жил цэрэг мордуулан явган цэргийг явуулж гурав хоносны хойно морь цэрэг авч мордов.
Мандухай цэцэн хатан
Сайвраар саадаглаж
Садарсан үсээ хурааж
Эр хүн шиг зэвсэглэн
Сайн Даян хааныг үхэг тэргэнд суулгаж мордов. Даян хаан балчир байв. Хишэгтэний Алиатунгаар газарчлуулж дөрвөн түмэн ойрдыг довтлоход Цэцэн хатны малгай нь унаж, хүзүүнд нь эгэлдэрлэж явахад Ойрдын хүн үзээд өөрийн малгайгаа өгөв. Хатаи аваад, хориглож давшуулж дөрвөн түмэн Ойрдыг дагуулав. Тас бүр дээр довтолж, дээд нь дээр байрлалдаж, тэнхрүүлэлгүй тосон даллага авч тэвчүүлэв. Зургаан түмэн улс Ойрдын нэг төрийг эндүүлэв. Түүний хойно Мандухай цэцэн хатанд Хорчины Ноёнболд:
Өн галыг чинь цахиж
Нутгийг чинь зааж өгсүү гэв
Мандухай цэцэн зарлиг болруун:
Хааны минь өвийг
Хасрын үр чи идэх буюу
Хасрын үр чиний өвийг
Бид идэх билүү
Өргөж үл болох үүдтэй билээ
Алхаж ул гарах босготой билээ
Хааны минь үр байтал
Чамд үл очно гэв
Түүнээс Хойно Алагчуудын Сатай доголонгоос үг асууруун: Ноёнболд өнгийн үг зөв буюу буруу буюу гэж асуув. Сатай доголон зөв байнам чи гэв. Хойно, хорлодын Мэнд өрлөгийн гэргий Жаахан агааас урьдах үгийг асуув. Жаахан ага хэлэв.
Хасрын үрд очвол
Хар мөр удирдан
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдъюу
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт ивээгдэж
Хамаг улсаа эзлэн
Хатан нэрээ алдаршъюу
Цагаа хөвгүүнд очвол
Цагаан мөр таталж
Цахар түмнийг эзэлж
Цаглашгүй нэр алдаршюу
Жаахан ага энэ үгийг айлтгав. Мандухай Жаахан агагийн үгийг зөвшөөрч Сатай доголонгийн үгийг буруушаав.
Хааны урийг өчүүхэн гэж
Хамаг улсаа эзэнгүй гэж
Хатан биеийг минь бэлбэсэн гэж
Хасрын үрийг их гэж
Xамаагүй өгүүлэв гээд
Халуун цайг тэргүүн рүү нь асгав.
Мандухай цэцэн хатан Даян хаанд гурван давхар ултай гутлыг өмсгөж Алагчуудын үнэгийн алаг лонхот архийг авч найман цагаан ордны өмнө очиж гэрийн ноён Мэнгэн нуруугаар суут хаан хатны сүлдэнд сацал сацуулж Эши хатан өөрөө ийн өгүүлэв.
Хар цагааны зүсэн ялгагдахгүй
Хол газар бэрлэдэг билээ би
Хаан чиний үрийг балчир гэж
Хасрын үрийг авъя гэхэд
Хайрлан тэтгэх өршөөлийг эрж
Хааны ордны дэргэд ирлээ би
Харах нүд минь далдирч байна
Харайх хөл минь сөхөрч байна
Алаг морины зүс ялгагдахгүй
Алс газар бэрлэдэг билээ
Ач үрийг чинь өчүүхэн гэж /47/
Алсын авга авъя гэхэд
Арчлан тэтгэх өршөөлийг эрж
Алтан ордны чинь дэргэд ирлээ би
Айх амь минь алдарч байна
Арчих нүүр минь улайж байна
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нам гэж
Өөр хүнд очвоос
Өөдгүй нэр надад хоцрог
Балчир үрийг чинь бага гэж
Басаж доромжлохгүй би
Болд андийг их гэж
Богтлогдож очихгүй би
Уурга чинь урт бишүү
Уургалж ав өчүүхэн намайг
Хуйв чинь уужуу бишүү
Хурааж ав өчүүхэн намайг
Хав хүч бүрдсэн
Хаан хөвгүүн төрж билээ
Хаан хөвгүүний чинь халив гэж
Хар биеэ мэдэж очвоос
Хаа гуяасаа хагацъя би
Эзэн богдоос минь
Эрхэс хөвгүүн төрж билээ
Эрхэм хөвгүүнийг чинь алдав гэж
Эм хүн биеэ мэдэж очвоос
Эзэн хаан хатны өмнө
Эвдуулье би гэж
Үнэн үгсээ өгүүлж
Үүрдийн тангараг өргөөд
Хувь заяагаа соёрхон
Хутагийг гуйж залбирсан нь
Энэ үгийг зөвшөөрөх болоосой
Эмэгтэй намайг өршөөх болоосой
Эрхт хаан эцэг минь
Эши хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваас
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эвлүүлье гэж залбираад харив.
Хатны тэр зарлигийг сонсоод
Ноёнболд урьд үгээ байв
Даян хааныг Хулгурын голд
Долоон насандаа усанд унасанд
Шунгаж явсан Тангуудын
Айв төмөр нэрт хүн авсан гэх
Түүний хойно Батмөнх даян хааныг
Арван долоон насанд нь
Мандухай цэцэн хатан биеэ залгуулж
Тэр хутаг гуйсны хүчээр Мандухай цэцэн хатнаас долоон нуган ганц охин төрөв. -
Ж.ОДОНЦЭЦЭГ: БИД ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ ЯСНААС ХОЛДОЖ, ЦУСНААС ТАСАРЧ ЧАДАХГҮЙ
Өвөг дээдэс гэдэг ойлголт хүн бүрд өөр, өөр тусдаг. Хүндэлж боддог хэсэг байхад энгийн л мэт санах хүмүүс ч бий. Нэг талаараа өвөг дээдэс гэдэг нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хэн нэгнийг хэлэх мэт боловч нөгөөтээгүүр бидний яс махнаас үл тасрах холбоо сүлбээг илэрхийлдэг.
Бид бүхэн өдий хугацаа хүртлээ өвөг дээдсээ харанхуй бүдүүлэг, өчүүхэн хэмээн сэтгэж бидэнд үлдээсэн ёс жудаг, өв соёлоо баримтлан ирсэн үзэл бодлыг умартан хойш тависнаар хазгай гишгэлтрүү орсон. Өвөг дээдсийнхээ бишрэм өндөр гүн ухааны үзэл онолыг дээдлэн зан заншил, үйл, соёлын өв, ёс жудагт зөв үнэлэлт өгч шинжлэх ухаанч байдлаа үнэнээр нь мөрдөх цаг нь болсон. Иймд өвөг дээдсийн минь асар гүн ухааны онолч байдал нь шинжлэх ухааны бүрэн үндэстэй. Шинжлэх ухаанаас илүү ч гарах үзэл онол байгаа.
Өвөг дээдэс минь үеийн үед үргэлжлэх тасралтгүй холбоогоор бидэнтэй холбогдсон байдаг. Тийм ч учраас бид тэдний үлдээсэн ёс жудаг, үзэл бодлыг томчууд бид үр хүүхдэдээ бага ахуй наснаас нь амьдралд нь энгийн аж байдлаар сургаж өгмөөр байна.
Өнөөдөр бид хичнээн өвөг дээдсээ хүндэлж байгаа мэт боловч уг үндсийг нь гаргаж ирэлгүй дутуу мэдлэгтэй амьдарч байна шүү дээ. Ердөө урт дээл өмсөж, Монгол гэрт аж төрөх нь дээд үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлыг дагасан хэрэг болохгүй.
Дээд үеийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүний талаарх ойлголтыг энгийн аргачлалаар олж судлах хэрэгтэй. Тэгвэл амьдралынхаа алхам тутамдаа суралцах боломжтой байдаг.
Мэдээж дээл хувцаснаасаа авахуулаад эдлэл хэрэглэлийг нь судлаж өмсөж зүүх нь зөв. Орчин үед хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү уламжлалт хувцсаа мэддэг болсон нь авууштай хэрэг. Цаг үеийн байдалтайгаа хослуулж шинэлэг дээл хувцсыг ихээр үйлдвэрлэж гаргах болсон шүү дээ.
Үүнд би нэгэн жишээ дурьдая гэж бодлоо л доо.
Өвөг дээдсүүдийн маань өмсөж зүүж ирсэн хувцас нь байгаль эхээ хайрласан, дээдэлсэн хэв загвартай байдаг шүү дээ. Тэдний нэг нь ээтэн хоншоортой монгол гутал юм. Хоншоор нь ээтэн байдгын учир нь өмсөөд явахад газар эхээ сэндийчихгүй нөгөө л байгаль эхээ хүндлэн дээдэлж буйн тод илрэл болж байна шүү дээ.
• Өвөг дээдэс гэдэг нь хэд хүртэлх үеийг хэлж байгаа вэ?
Үечлэлд хэт их ач холбогдол өгч хуруу даран тоолох бус өөрийн эцгийн эцэг мөн өвөг эцгийн ухаан буюу гал голомтоо хэрхэн цогцлоож авч явдаг байсныг нь сайн мэдэхийг л хэлж байгаа юм. Түүнчлэн энэ талаар мэдлэгтэй боллоо гэж бодоход өвөг эцгийнхээ баримталдаг байсан ёс жудаг, эрүүл мэнддээ анхаардаг байсан аргуудыг илүүтэй мэдэж авах нь чухал.
Өвөг дээдсээ судал гэдэг нь үүнийг л хэлж байгаа болохоос үе бүрээ цээжээр хэлдэг байх гол биш. Тэгж гүн гүнзгий судлах нь таны толгойг эргүүлж, судлах гэж буй гол утга учраас чинь холдуулна. Гэхдээ угийн бичиг хөтөлдөг, удам угсаагаа сайтар мэддэг хүмүүсийг үгүйсгэж буйн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Товч хэлбэл өвөг дээдсийнхээ өдөр тутмын амьдралдаа энгийн мэт хэрэглэгддэг байсан ёс жаяг, хүндлэл дээдлэл зэргийг алхам тутамдаа бид амьдралдаа хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.
• Орчин үеийн буюу өөрсдийгөө Z generation гэж нэрлэх залуу үеийнхэн өвөг дээдэс бүү хэл ургийн овгоо ч мэдэхгүй байх тохиолдол байна. Эдгээр хүүхдүүдэд хандаж өвөг дээдсээ мэдэх нь ямар холбогдолтой талаар хэлэхгүй юу?
Дээр хэлсэнчлэн алхам тутамдаа Монгол ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “бид бол Чингис хааны босоо монгол удам” гээд цээжээ дэлдээд байхыг хэлэхгүй.
Өвөг дээдсээ мэдэх гол ач холбогдол нь тэдний мэргэн ухаан, ахуй амьдралаас суралцахад оршдог. Улс орны хөгжил нэг хүнээс л эхэлдэг шүү дээ. Хойч ирээдүй болсон залуу үе минь дээд үеийнхээ саруул ухаан, амьдралын туршлагад суралцаж ёс жудаг, зөв амьдралын хэв маягийг нь өлгөж авах нь ирээдүйд нь маш хэрэгтэй.
Өвөг дээдсийн минь амьдралын хэв маягт утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Сууж босох нь хүртэл цаанаа гүн билэгдэл, учиртай байдаг. Дараа нь өөрийнхөө онцгой шинж чанар, амьдрах хэвшлийг олж мэдэх хэрэгтэй. Мэргэн ухаан, алсын харааг яаж амьдрал ахуйдаа энгийнээр хэрэглэдэг байсан зэргийг л өөртөө өлгөөд авчих ёстой юм.
Монгол улс минь шударга хэлэхэд Барууны болон Азийн соёлын дунд гацчихсан “эрлийз” байдалд байна. Гаднаа Монгол хүн шиг харагдах боловч цаанаа Монгол ёсоо мэддэггүй, дэг жаяггүй байдал үүсчихсэн. Үүнийг засахын тулд бид амьдралдаа заншил ёсоо хэвшүүлж, энгийн байдлаар үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй.
• Өвөг дээдсээ мэддэггүй эсвэл ойшоодоггүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Адаглаад л тэр хүний амьдрал, гэр бүл, ажил үйлсэд нөлөөлж байдаг. Аливаа өндөр хөгжилтэй, сайн яваа улс орныг ажаад байхад өвөг дээдсийнхээ ёс жудгыг мэддэг, амьдрал ахуйдаа хэвшүүлдэг хүмүүс байдаг нь харагддаг. Харин манай улсын хувьд цөөн хэдэн хүмүүс хүндлэн дээдэлж, ёс жудагаа яриад байгаа боловч амьдралдаа хэвшүүлж, хэрэгжүүлж байгаа нь тун ховор. Иймд өвөг дээдэс гэсэн нэршлийг голлон ярихдаа биш дээр хэлсэн бүгд буюу ёс жудаг, эрүүл зөв хооллолт зэргийг амьдралынхаа өдөр тутмын хэвшилд хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний буурай байдлын нэгэн хэмт үзэгдлийн шалтгаан болоод байна даа.
Буурай гэдэг маань манайхан оюуны хэт доройтолд орсон, дээрээс нь маш цамаан, залхуу байдалтай байгаа нь энэ нэг жишээ шууд хэлээд өгч байгаа юм. Орон нутгийн идэш бэлтгэж нийлүүлдэг зарим малчид малын гэдэс доторхоо угааж цэвэрлэхээсээ залхуурдаг юм уу гэмээр бүгдийг нь газарт булж хаяж байна. Энэ яг юу гэсэн үг вэ. Үнэхээрийн цочирдмоор зүйл биш гэж үү. Энэ мэтчилэн байдлаар бид буянт мал сүргийнхээ буяныг нь гөвж, байгаль эхээ бохирдуулж байна. Үүнийг дан ганц иргэд, малчид анхаарахаас гадна төр засаг ч анхааралдаа авч ажилламаар байна. Нөгөө л яриад байдаг байгалиа хамгаалж байна гээд хэдэн ширхэг мод тарихаас илүүтэй энэ мэтчилэн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь өдийд яг болсон байна.
Аймгийн хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэж яридаг хэрнээ хачир дээрээ таван цул газарт булсан нь төр нийгмийн томоохон албан хаагчидад жижиг мэт асуудал боловч, энгийн мэт яригдаад буй таван цул чинь бидний бие махбод, эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмүүдээ бид хаяж байна.
Өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй. Холбоо нь үеийн үед үргэлжлэх болно.
• Өвөг дээдсээ хүндэлнэ гэдэг нь зургийг нь авдар дээрээ тавьж шүтэн бишрэхийг хэлж байна уу эсвэл сэтгэлдээ тээж нандигнахыг хэлж байна уу?
Хүндлэл гэдэг нь сэтгэлдээ тээж, захиасыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг л хэлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ингэснээр өвөг дээдсийн амьдралдаа хэрэгжүүлдэг байсан энгийн мэт сонсогдох агуу ёс заншлаасаа холдоод байна. Бид бүхэн эв найрамдал гэж амаараа их яридаг ч, чанар дээрээ хамгийн их дутагдаад байгаа нь энэ юм. Гэтэл өвөг дээдэс минь хонины гэдэс гаргах үедээ саахалт айлууддаа тэнцүү хувааж өгдөг сайхан заншилтай байж. Тэр нь эв найрамдлыг эрхэмлэж, харилцаагаа улам нягт болгож буй их ухаан юм. Үүнийг нь хүүхэд багачууд хараад их зөв үлгэр дуурайлал авдаг. Хүндлэл гэдэг ийм энгийн аргачлалаар л бий болдог зүйл.
Харин одоо энэ бүхэн алдагдаж гадаадын соёлд хэт их уусаж байгаа нь л өвөг дээдсээ хүндлэхгүй байгаагийн гол илрэл юм. Хэрэв бид түрүүний дурдсан шиг энгийн зүйл дээр ч уламжлагдаж ирсэн алт шиг үнэтэй ёс заншлуудаа хэрэгжүүлж хэвших юм бол тэднийг хүндэлж байгаа хэрэг юм.
Нөгөө талаас хүн бүрийн яс маханд өвөг дээдсийнх нь өгөгдөл оршиж байдаг юм. Гэр бүлийн хэлхээс дунд нь байсан дайчин нэгний хүч зарим хүний дотор оршиж байдаг. Сайн яваа хүний үйл хэрэг хойч үедээ хадгалагдан үлддэг шиг өвөг дээдсийн онгод сүнс ч хүний дотор оршиж байдаг. Тиймээс хүн гэдэг өөрийн зөн совин, дотоод дуудлагад итгэж байх хэрэгтэй юм.
• Өвөг дээдэс үгүй бол бид ч байхгүй нь адил, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс минь тэр бүхнээс улбаалан үүссэн байх. Харин дотоод өгөгдөл гэдэг ойлголт их өвөрмөц юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
Бид агуу өвөг дээдэстэй улс. Түүнээс ирсэн өгөгдөл гэдэг нь оюун ухааны чадамж, увдис, шударга зан, амны билэг зэргээр илрэн гарч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн эсвэл өвдсөнийг илааршуулах чадвартай онцгой хүмүүст өвөг дээдсээс нь өгсөн өгөгдөл нь өндөр байдаг гэсэн үг.
Нэгэн цагт махан биетэй явсан нэгний сүнсэн бие хойч үе дээ очихдоо сайн сайхан зүйл хийхэд нөлөөлж, дотроос нь илэрч гарч байдаг.
Хүний биеийг хэд базаад хамаг өвчнийг нь авчихдаг нэгнийг улсууд “бариач” гэж дорд үзэнгүй ханддаг. Гэтэл цаад утгадаа тэр хүн чинь өвөг дээдсээсээ авсан хүч, өгөгдлийн бүрэлдэхүүн юм шүү дээ. Түүнийг дорд үзнэ гэдэг нь өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаагаас өөрцгүй. Анагаах ухаан талаас нь эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой өвчтөнийг харж, мэдэрч, эдгээж чаддаг увдистай хүмүүс цөөнгүй бий. Бас зарим талаараа уламжлалтын хийж чадаагүй зүйлийг ч анагаах ухаан хийж чаддаг.
Уг өвөг дээдсээс ирж буй өгөгдлийг улан доороо гишгэж байгаа нь манай улсын хөгжил хоёр тийшээ ганхахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
• Өгөгдөлтэй хүн өөрийгөө ухаарч ойлгосон бол цаашид чадвараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
Зөв аргачлалаар хөгжүүлэх ёстой. Магадгүй зарим хүмүүс авьяасаа мэдмэгцээ хэдэн төгрөг олчихъё, баян больё, би гэсэн үзэлрүү хэт автдаг. Гэтэл оюун бодлоо ариун байлгахгүй бол онцгой чадварынх нь хэрэг ч гарахгүй. Хичнээн дээд үеэсээ сүнслэг бэлэг авсан ч махан бие нь булингартай байх юм бол хөрсөндөө орох хугацаа хүртлээ буруу замаар явсаар дуусна.
• Сүүлийн үед айл гэрт “нэг бөө, нэг орифлеймчин байна” гэж шоглох болсон. Хэдий тоглоом ч гэлээ бөө нарын тоо эрс ихсэж байгаа нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд өгөгдөлтэй гэж ойлгож болох уу?
Тухайн хүн нь өөрийнхөө дотор үнэхээр өгөгдөл байгаа эсэхийг нягталж үзэх л хэрэгтэй. Бусад хүн таныг шүүхээс урьтаж та өөрийгөө шүүх нь чухал. Сэтгэлийн угаас гарч байгаа үг тань зөв байна уу, эргээд зөв бодол болж амнаас тань гарч байгаа эсэхийг анхаарч хараарай.
Болчимгүй зүйл хийх санал ирэх үед нь яаж хүлээж авч байна гэх мэт олон талаас нь өөрийгөө тунгааж бодох хэрэгтэй. Хүний бие л болсон хойно огт сэвгүй байна гэж үгүй. Нийгэмтэйгээ харилцаанд орохын тулд өмсөж зүүхдээ анхааралгүй яах билээ. Гэхдээ эдгээр зүйлсийг зөв хандлага, сэтгэлээр хийж байгаа эсэхээ л бодож үзээрэй. Тэгж бодолгүй бие, сэтгэлийн булингартай хүн мөнгө олохын тулд бөө болох үедээ хүний сэтгэлзүй, амьдралаар тоглож маш их хохирол учруулдаг.
• “Өвөөгийн сүнс бууж ирэх гэж байна” гэж хэсэг ярьчхаад дараа нь би бөө биш байсан байна гээд явж байдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр яг ямар учиртай вэ?
Утга учраа олоогүй хүмүүс ийм зүйлээр оролдохгүй л байх хэрэгтэй байна. Нэг удаа биедээ сүнс оруулчхаад түүндээ төөрөгдөөд яваад байвал их аюултай. Аажимдаа тэр нь амьдралд нь нөлөөлөөд буруу замаар будаа тээж эхэлнэ.
Монгол түмэн минь эдийн засгийн хувьд дорой гэхээсээ илүү оюуны хувьд л доройтож байна. Жишээ нь эмнэлэгт үзүүлэхэд маш их зардал гарч удаан эмчилгээ хийлгэх байсан толгойдоо гэмтэлтэй хүүхдийг өөрийн гэсэн увдистай бариач бариад эдгээж байхад тэр хүнийг хүмүүс дорд үзэж, дооглох хандлага гарч байна. Энэ нь ямар их оюуны доройтолд орсныг нь харуулж байна.
Бид асар баян байгальд амьдарч байгаа ядуу улс болж. Нэгнээ сайн явахыг харж тэвчдэггүй, унагаж, хэмхэлж орхидог.
Бусдад муу санасан сэтгэл нь эргээд өөрийг нь ороож ажил төрлийг нь нураах, өвчин зовлонд орох шалтгаан болдог. Өвөг дээдсээ үл тоосон энэхүү мунхаг зангаа ухаарч ойлгож чадахгүй бол нийгмээрээ өөдлөхгүй шүү дээ.
• Хүмүүс өөрийн оюуны чадамжаасаа ч илүү материаллаг зүйлсээр өөрийгөө “чигжих” болж. Энэ бүхэн нь өвөг дээдсээ үл хүндэлж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?
Дотоод өгөгдөл, өөрт заяагдсан мэргэн ухаанаа ашиглаж чадахгүй махан биеийн хүсэлдээ автаж байгааг нь харахад л ойлгомжтой. “Хүн” гэхэд дотоод үзэлрүүгээ орж чадалгүй гадна байрлах “бие” үзэлдээ автчихсан.
Гаднаа хичнээн гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эд хогшил зүүлээ ч махан дотор байгаа бүхнийг халхалж чадахгүй.
Адаглаад л амруугаа хийж байгаа хоолноосоо эхлэх хэрэгтэй. Агуу соёлтой Монгол хүнсээ хэрэглэж гэмээнэ өвөг дээдсээ хүндэлж, дотоод “бие”-ээ зөв бүрэлдүүлэх эхлэл тавигдана.
Хүмүүс үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаад мундаг хүн болгочихно гэж боддог. Хүн чанарт суралцахгүй бол мянга үнэтэй сургуульд яваад яах юм бэ?
Амар аргаар мөнгө олох гэсэн, хүн муутай бол өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй.
• Адаглаад хоолоо зөв идэх хэрэгтэй гэдгийг арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Яг ямар хүнсийг “зөв” гэж тодотгож байна вэ? Монгол хүн ямар хоол идэх ёстой бэ?
Монгол хүн монгол хоолоо л идэх хэрэгтэй. Монгол улс нь өргөн уудам нутагтаа өсөж үржих олон малын эзэн. Бүгд байгаль дээр өссөн эрүүл малнууд гэхээр уг нь бидний хувьд том тансаглал шүү дээ.
Хүн төрөлхтөнд байгаль эхээс заяагдсан хоол болох өвсөн тэжээлт таван хошуу малаа иддэг. Идэхдээ хүртэл ёс жудагтай, зохицуулж иддэг. Зарим хүмүүс махыг, зарим нь цагаан хоолыг илүүд үзэх нь бий. Гэхдээ махыг хэт ихэсгэж болон хориж болохгүй. Манай монголын бэлчээрийн малын мах чанар сайтай. Гэхдээ үүнийгээ зөв зохицуулж идэхгүй болсноос бол хойш биеийн ядаргаа, тамирдал үүссэнээс болж нэмэлт витамин, тариа, эмийг хэрэглэх болоод байна.
Манай Монгол малын мах тэр аяараа нөгөө яриад байгаа байгаль эхийн ургамал.
Монгол малын махаар ямар ч хоол хийж идсэн биед эм болно.
Тэр махаа л идэж байвал бид эрүүл саруул, айх зүйлгүй амьдарна. Даан ч химээр бордуулсан гахайн махаа халуун ногоонд хуурч идсээр байгаад гэдэс ходоодны өвчлөл нь тэргүүн эгнээнд жагсдаг болчихсон.
Бидний эцэг эх шинэ махаар шөл гаргаж, өөхөн тосонд боорцог хайрч биднийг хүн болгосон шүү дээ. Таван хошуу малаа ихэд дээдэлж хүндэлдэг, элдэв бодис шахдаггүй улсууд юм. Бэлчээрт гаргахдаа хоёр энгэрийг нь шилж сонгож байж бэлчүүлдэг сайхан ард түмэн.
Гэтэл бид гадаадын юманд хошуурч байгаа нь нөгөө л өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаа хэлбэр юм.
Бидний өвөг дээдсийн агуу ген одоо ч бидний дотор байгаа. Жижиг зүйл дээр ч бид өвөг дээдэс, ёс заншлаа дээдэлж байх хэрэгтэй.
Өвгөдийн минь ариун сургааль, ёс жудаг, шударга зан, хүндлэл өнөөдөр алт, мөнгөтэй ч зүйрлэшгүй үнэт өв юм шүү.Үргэлжлэл бий…
-
ГУРВАН ЖИЛ БОЛСОН ХӨХ АРГАЛ ГЭМТЭЙ
Би бол энүүгээр нутагладаг нэг баян айлын зарц байсан юмаа. Хэдэн жилийн өмнө хэцүү өвчин тусаад босож чадахгүй болсонд эзэн асрахын оронд сэжиглэн орхиж нүүсэнд би гэдэг хүн гэртээ өлбөрч үхээд буг болсон юм. Тэгээд би тэдний гарсан хүүхэд болгоныг авч явдаг болсон.Тэднийд очоод гурван жил болсон халтар аргал болоод хаяанд нь хэвтчихдэг юм. Маргааш орой очиж энэ жил гарсан хүүг нь авна даа гэж хэлчихээд сэв хийтэл алга болчихжээ. Хүн гуай ч үүнийг бодсоор үүр цайлгав гэнэ. Замдаа гарч орой болохын хавьд нэг айлд хоног тааруулж гэнэ.
Тэр айл ой хүрэх гэж байгаа нэг хүүтэй юм санжээ. Хүн гуай ч гэрийн эзэнтэй хуучлан элдвийг ярьж суутал орой болохын хэрд зүв зүгээр байсан хүүхэд хоолой нь боогдсон мэт чарлан уйлж гарчээ. Ээж аав нь сандран элдэв арга чарга хэрэглэсэн ч тусыг эс олон хүү сүүлдээ уйлж чадахаа ч больж хяхтнасан дуу л гаргадаг болжээ. Гэтэл ээж нь зочин руугаа харж хүүг минь аварч өгөөч, тэгвэл танд юу ч байсан өгье, манай хоёр хүүхэд бас яг ингэж байгаад явчихсан гэж гэнэ. Зочин нь ч за би аваръя, галаа сайн түл гэжээ. Тэгээд гэрийн хаяа руу хартал нэгэн даргар хөх аргал хэвтэж байж гэнэ.
Гэрийн эзэгтэй галаа түлж байж суухын аргагүй болтол өрдсөн ч тэр хөх аргалд л хүрч өгөхгүй байжээ. Тэгтэл ч хүүхдийн бие улам дордож амьсгаа нь боогдож эхэлтэл тэсвэр алдсан хүн галын хайчийг нь булааж аваад өнөөх хөх аргалыг чанга гэгч нь хавчин галруу хийчихжээ. Тэгэхэд нь галын дөл тооно хүртэл дүрэлзэж хачин муухай хашгирах чимээ гараад намдахад хүүгийн бие тавирч амьсгал авч гэнэ. Удалгүй хөхөө хөхөөд унтаад өгөв гэнэ. Магнай хагартлаа баярласан баяных жинчинд шан харамж хайрлалгүй хүртээж түүгээр ч зогсохгүй хүүгээ томроход жил болгон очиж золгодог болж гэнээ. Хөгшдийн 3 жил болсон хөх аргал гэмтэй гэдэг үг ортой. -
ШАТАР ЧУЛУУН ХӨШӨӨ.
Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ.
Энэ мэтийн 50 гаруй дурсгал байдаг. Эдгээрийн олонхи болох буган чулуун хөшөөний оройн хэсэгт нь нарыг дүрсэлж хөшөөний эх биеийг хэд хэдэн бугыг загварчлан дүрслэх сонгодог аргаар болон бодит байдлаар урласан ба түүний доогуур нь бүс татаж зэр зэвсэг, чинжаал хутга, толь зэргийг дүрсэлсэн байна.
Барагцаалбал 13 буган чулуун хөшөө байгаа. Хөшөөг саарал яагаан өнгийн боржин болон гантиг чулуугаар урласан байна. Түүхийн олон цаг үеийг хамрах олон дурсгал нэг доор бөөнөөрөө байдаг нь бусад дурсгалуудаас ялгагдах гол онцлог юм. -
УРАН БЭРИЙН НҮҮДЭЛ
Мангас ч ирж сэлмээ гарган хажуудаа тавин тоглож эхэлж гэнэ. Өвгөн цагаанаар тоглож гэнэ. Хэдэн нүүдлийн дараа Арилдий өвгөн мад болох буюу бүх юмаа алдах байдалд орж гэнэ. Үүнийг ажигласан бэр нь,
– Агаар тэнгэр муу, салхи шуурга болох гэж байхад аав та ажиг ч үгүй тоглож наадаад байвал би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд, харагч ингэндээ хоёр хүүхдээ тэгнээд явчихна шүү гээд хаалга саван гарч одож. Энэ үгийг сонссон Арилдий өвгөн бэрийнхээ цэцэн ухаантайг мэдэх тул энэ лав нэг утга бий гэж бодож үзвэл, мориороо бэрсийн хөлийг хааж сул өгөөд, дараа нь тэргээрээ сул шалж идүүлээд, тэмээний дугийг нээвэл түүний хэлсэн үгийн утгатай нийлж тэмээнд хоёр хүүхэд тэгнэсэнтэй адилхан маягтай мад болохоор байжээ. Өвгөн бэрийн хэлсэнээр нүүн мангасыг хожиж толгойг нь авч гэнэ. Ийнхүү ухаант бэрийн ачаар Арилдий өвгөн амь хэлтрээд зогсохгүй хаант улсын амьтан хүн айх аюулгүй амар тайван амьдрах болжээ.ТЭРХИЙН ЦАГААН НУУРЫН ДОМОГ-1,2
1. Эрт цагт энэ нутагт нэг ноён охинтойгоо амьдардаг байсан ба ноёныд улаан хөлтнийг урдуураа гишгүүлдэггүй нэг айхтар шар нохой байж. Бас нэг хүү ээжтэйгээ амьдардаг байсан ба ноёны охин тэрхүү хүүтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Гэтэл ноён эцэг нь охиноо хол нутагт баян ноён хүнд эхнэр болгон өгөхөөр болоход охин нь өөрийн нутаг, хайртай залуудаа хоргодож, уйлсаар нуур болон үлдсэн нь Тэрхийн цагаан нуур юм.
Хайртай залуу нь уулзаж байхын тулд гол болсон ба энэ нь Суман гол. Тэрх нуурын дундуур нэг гол урсдаг нь гайхамшигтай харагддаг бөгөөд энэ нь Суман гол юм.
Шар нохой нь өтлөөд галзуураад ойртсон бүхнээ урдаг болсон тул охин нь ангалд аваачиж хийгээрэй гэж захиж байсны дагуу ноён ангалд аваачиж хийхэд 3 хоног улиад үхсэн гэдэг. Энэ нь Шар нохойн там гэдэг агуй болжээ.
Ноён охиноо санан, мөн ганцааранг нь үлдээхгүй гэсэндээ нуурын хөвөөнд үргэлж суусаар хад болон үлдсэн нь нуур луу өнгийн тогтсон одоогийн Өвгөн хад билээ.
*. *. *
2. Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэгэн овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад, ” -Тэр их цагаан нуурын хараа!” хэмээн дуу алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг.
*. *. *
ТЭРХИЙН ЦАГААН НУУР – МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР
Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгаль экологид сөрөг нөлөөтэй ажээ. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.…Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд намайг пийшэн галла гэнэ. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая гэж санан мод түллээ. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъё гэж зориуд нойтон модыг хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв. Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон хөөдсөн.
Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ. Тэгээд:
-Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй.
“Лодонгийн Дандар” номын түүний ярианаас…“ЗҮҮН ГАРЫН ХУВЬСАЛ”-ЫГ ЭХЛҮҮЛСЭН УЛАМБАЯР ХАТАН
Зүүнгарын хаант улс нь Манжийн эсрэг тэмцэгч Галдан бошигтын эцэг Эрдэнэбаатар хунтайжийн өвөг дээдсээсээ өвлөж авсан, басхүү эмхлэн байгуулсан улс бөгөөд үүнийг түүхэнд “Дөрвөн ойрад” гэж тэмдэглэсээр иржээ. Галдан бошигтыг Манжид ялагдсаны дараа түүний ах Сэнгийн хүү Цэвээнравдан Зүүнгарын хаан ширээнд суусан байна. Цэвээнравдангийн дараа түүний хүү Галданцэрэн хаан ширээнд суужээ. 1745 онд Галданцэрэн хааныг нас барсаны дараа түүний 14 настай хүү Цэвээндоржнамжил хааны ор залгав. Энэ үед түүний нас балчир байсан тул төрийн хэргийг удирдан зохион байгуулах авъяас чадал илэрхий дутагдаж, үүний улмаас Цэвээндоржнамжилын төрсөн эгч Уламбаяр төр барьж эхэлжээ. Ухаалаг, сэргэлэн, үзэсгэлэн гоо Уламбаяр хатан 1745-1749 он хүртэл Зүүнгарын хаант улсыг захирахдаа цэгц шулуун зангаараа, цэцэн шударга ухаанаараа түмний хайрыг мянгантаа татаж эхэлсэн тул түүний дүү Цэвээндоржнамжил, “Энэ хүүхэн намайг хаан ширээнээс огцруулж өөрөө хатан хаан болохоор шийдлээ” гэж хардаж сэрдэж эхэлсэн байна.
Тэр үед Цэвээндоржнамжил 18 нас хүрч байсан бөгөөд бүх цаг үеийн туршид хор найруулж, холион бантан хутгасаар ирсэн мөнөөх л ордоны ноёд түшмэд л болсон хойно Цэвээндоржнамжилын дээрхи хардлагыг үтэр түргэн шүүрч аваад, үймээн самууны эх үндсийг тарих нь тэр. Тухайн үед Уламбаяр хатан ард олондоо болон өөрийн талын ноёд түшмэддээ ихэд нөлөөтэй, нэр хүндтэй болчихсон байсан тул Цэвээндоржнамжилын хамсаатнууд юуны өмнө Уламбаяр хатны ойрын шадар туслахуудыг хөнөөхөөр шийджээ. Ингээд 1749 оны хаврын нэг өдөр хааны ордонд цус асгаруулсан алаан хядаан болсон байна. Цэвээндоржнамжилын хамсаатнууд Уламбаяр хатныг баривчлан шоронд хорьж, түүнтэй холбоотой гэж үзсэн баахан ноёд, зайсанг хэрцгийгээр хөнөөж Зүүнгарын хаант улсын ширээнд 18 настай Цэвээндоржнамжилыг залжээ. Цэвээндоржнамжил эхэн үедээ төрсөн эгчийгээ арай ч алж зүрхэлсэнгүй. Харин сүүлдээ байдал эвгүйтээд ирмэгц төрсөн эгчийгээ хонь нядалж байгаа аятай л толгойг нь тасдаж орхижээ. Гэвч хорт муу санаа агуулсан Цэвээндоржнамжил хаан ширээнд удаан заларч чадсангүй. Галданцэрэн хааны бага хатнаас төрсөн хүү Лхамдаржаа гэгч ноён Уламбаяр хатны эр нөхөр Сайнбилэгтэй хамт цэрэглэн хөдөлж мугуйд хэрцгий аргаар хааны суудлаа бататгасан Цэвээндоржнамжилыг өргөөндөө байхад нь дайран орж хөнөөгөөд суудлыг нь булаан авчээ.
Зарим түүх бичлэгт Лхамдаржаа нь Цэвээндоржнамжилын нүдийг ухаад эзгүй хээр газар цөлсөн тухай бичигдсэн байдаг. Зохиолч Б.Шүүдэрцэцэг Уламбаяр хатны эмгэнэлт түүхийг өгүүлсэн “Өрөөсөн бойтогны дууль” хэмээх өгүүллэг бичиж хэвлүүлсэн байх бөгөөд үүнд хоёргүй сэтгэлээр Зүүнгарын төрд зүтгэж яваад дүүдээ цаазлуулсан ухаант Уламбаяр хатныг цаазалсан газраас холгүй бяцхан өрөөсөн бойтог гээгдсэн байсныг хэд хоногийн дараа эр нөхөр нь олж авч байгаа тухай өгүүлдэг. Хов живийн үгэнд итгэн ачит эгчийгээ цаазалсан Цэвээндоржнамжилыг Ламдаржаа ах нь барьж нүдийг нь сохлоод цөлсөн тухай ч гардаг. Уламбаяр хатан дүүгийнхээ төрийн хэрэгт хамжилцаж байхдаа зальхай түшмэлүүдтэй тэмцэж байснаас яваандаа Оросын хатан хааныг дууриаж эмэгтэй хаан болж төр булаах гэж байна гэсэн гүтгэлгийн улмаас амиа алдсан гэдэг. Уламбаяр хатныг ийнхүү хөнөөснөөр Зүүн гарын хаант улсад олон жилийн турш утга учиргүй дайн дэгдсэн бөгөөд үүнийг түүхэнд “Зүүн гарын хувьсал” гэж тэмдэглэсэн байдаг.