Category: Монгол үндэсний түүх

  • Занданшуулах ёс

    XIII-XIV, XVI зууны үед холбогдох хэд хэдэн занданшуулсан шарил олджээ. 1932 онд Хэнтий аймгийн Норов-Дадал

    сумын ардууд тус сумын хойд зах нутаг айл нутагладаггүй зэлүүд газарт буй Түнхэн уулын зүүн суганд нэгэн чулууны хөмгөөс эсгийд хийсэн эмэгтэй хүний занданшуулсан шарил олдсоноос гадна тус аймгийн Дэлгэрхаан сумын Хүйтэн хошууны хадны оршуулга, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн хадны оршуулга, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хэц уулын хадны оршуулга, мөн аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Нартаас хадны оршуулгууд илэрчээ.

    Дундад зууны үед шашны өндөр зэрэг дэвтэй, эрдэм мэдлэгтэй лам хүмүүс суугаагаараа нас бардаг байжээ. Нас барсны дараа занданшуулах юмуу чандарлах зэргээр оршуулдаг байна. Занданшуулах ёс нь дотроо өөрийн эрхтэй, өөрийн эрхгүй гэсэн хоёр янз байдаг. Өөрийн эрхгүй гэдэг нь тухайн хүн амьд сэрүүн байхдаа “намайг занданшуулаарай” гэж гэрээслэх, эсвэл өөрийн эрдэм чадлаар биеэ ариусгаж, өөрийгөө занданшуулах сэтгэлийн хүчийг олж чадаагүй хүнд хэрэглэдэг арга юм. Энэ аргыг ихэвчлэн хаад, ихэс язгууртнуудыг оршуулахад хэрэглэдэг. Тусгай аргаар тухайн хүнийг бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохир юмнуудыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулахыг хэлдэг. Энэ аргыг ялангуяа дорно дахины орнууд илүү хэрэглэдэг бөгөөд монголын шашны ихэс дээдсүүдийг ингэж занданшуулжээ. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг. Өөрөө өөрийгөө хатааж занданшуулсан хүмүүс байдаг бөгөөд ингэж өөрийгөө хатааж занданшуулсан шарилаас ямар ч эвгүй үнэр гардаггүй байна. Учир нь сэтгэлийн ариусалд хүрсэн учраас бие нь ямар ч хор хөнөөлгүй болсон байдаг. Тийм ариусалд хүрсэн хүний шарилаас гарч байгаа бүх зүйл сайн сайхан байдаг учраас суварганд хийгээд сүм дуганы шүтээн болгон залдаг.

    Улаанбаатар хот дахь Чойжин ламын сүм музейд ард түмэнд Чойжин лам гэж алдаршсан Лувсанхайдавын занданшуулсан шарил хадгалагдан байдаг. Түүнийг цогцосыг улсын сангаас 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулан тэр хэвээр нь тусгай дуганд хадгалан агуулжээ.

  • Монгол хүний эрхэмлэх ёсон.1

    Саадаг нумыг эр нь мэднэ
    Сааль савыг эм нь мэднэ
    Аян жинг аав нь мэднэ
    Ааль аашийг ээж нь мэднэ
    Ардаг догшныг аав нь мэднэ
    Авах гээхийг ээж нь мэднэ

    Эцэг хүний таван эрдэм:
    1. Уужим ухаан
    2. Хатан зориг
    3. Бат журам
    4. Өрх гэрийн түшиг
    5. Үр хүүхдийн сүр сүлд

    Эцэг хүний цээрлэх найман зүйл:
    1. Бор дарсанд үл шунах
    2. Болчимгүй үгэнд үл автах
    3. Болох болохгүй хэргийг сэдэх
    4. Богд Чингисийн сургаалд үл тэрслэх
    5. Үр хүүхдээ үл хараах
    6. Үнэн ханийг үл гомдоох
    7. Үйлийн хэцүүгээс үл шантрах
    8. Өмсөхийн өнгөнд үл автах

    Эх хүний есөн эрдэм:
    1. Өнгөнд цэвэр
    2. Үйлэнд уран
    3. Үрд энэрэлтэй
    4. Үргэлж цэмцгэр
    5. Ханьдаа түшигтэй
    6. Хадамдаа элэгтэй
    7. Найранд дуутай
    8. Настанд ерөөлтэй
    9. Нартад буянтай

    Эхнэр хүний цээрлэх таван гэм:
    1. Эр бусдыг сэтгэх
    2. Атаа жөтөө өвөрлөх
    3. Муу санаа агуулах
    4. Харамч байх
    5. Зохилдохгүй үйл үйлдэх

    Эрхэм сайн хөвгүүний ёсон:
    Эцгийн сургаалаар явагч, эрдэм сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй, шударга хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

    Асар муу хөвгүүний шинж:
    Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас ихэсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн муу хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

    Эрхэм сайн охины шинж:
    Сайхан гоо зүстэй, санаа сэтгBkyэл номхон дөлгөөн, саруул ухаантай, эхийн сургаалаар явагч, эгч дүүтэйгээ эвтэй, эсгэх оёход уран, алиа наадгайд дургүй, ахуй биеэ хичээн хадгалаад, ахас ихэсийг зэргээр хүндлэгч, уур хилэнгүй.

    Асар муу охины шинж:
    Авир дүр нь чөтгөр мэт, ааш зан нь сармагчин мэт, асар их ууртай охин муу, ачит эцэг эхээ сургахад уурлан, ах дүүтэйгээ хэрэлдэн хараагч, алиа наадгайд маш баясан, айл хэсэгч охин муу, үйл хийхэд дургүй, үг хов хэлэх дуртай, үргэлжид гэрт гадаа яншигч дуулагч, үл бүтэх, айх ичихийг үл мэдэн, ажиггүй шалиг үг хэлэлцэн, аливаа садар самуун явдалтай, аальгүй.

    Хүүхэд хүмүүжүүлэх ёсон:
    Хэтэрхий амттанаар хангалуун байлгавал хэнэггүй шогломтгой болгоно
    Хэтэрхий өнгө үзэмжид дасгаж сургавал ганган хээнцрээс өөр юмгүй болно
    Хар багаас нь тансаг эд юманд умбуулбал эдийн шуналтай бэлэнчлэх болно
    Хэрүүл зодоон улай үзүүлэхийг цээрлэ
    Нойронд автуулахаас болгоомжилж эрт босохыг хичээдэг болго
    Уурлаж уцаарлахыг цээрлэж уужуу тайванд сурга
    Залхуу хойргыг цээрлэж ажилсаг зүтгэлийг сурга
    Заваан бохирыг цээрлэж цэвэр цэмцгэрийг сурга
    Хов зөөх, илүү үг ярихыг цээрлэж үнэнч ариуныг эрхэмлэ
    Хувиа хичээхийг цээрлэж тусархаг нөхөрлөлийг сурга
    Их идэхийг цээрлэж цагтай хэмжээтэй идэхийг сурга
    Ашигч шунахайг цээрлэн амарлингуй өглөгчид сурга
    Аймхай хулчгарыг цээрлэн эрмэг зоригт сурга
    Хатуу хэрцгийг цээрлэн хайрлан энэрэхийг сурга

     

  • “Хубилай хаан авд мордсон нь”

    Тайванийн Үндэсний “Хааны ордон” музейд Монголын түүх, соёлд холбогдох хосгүй, үнэт өв дурсгалууд цөөнгүй хадгалагдаж байдаг аж. Миний бие энэ тухай монгол түмэндээ хүргэн танилцуулж байгаа билээ. Тэдгээрийн дотор “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг Тайванийн “Төрийн эрдэнэ” хэмээн үнэлэгдэж, хосгүй үнэт өвийн санд хадгалагдаж байна. Энэ зураг үнэхээр чухаг нандин өв ажгуу.
    Түүх бичлэгт тэмдэглэснийг үзвэл, энэ зургийг 1280 онд Хубилай хааны зарлигаар ордны зураач Лю Гуандао хэмээх хятад хүн зуржээ. Тэрбээр бидэнд мэдэгдэж буйгаар, Арника хэмээх Балбын уран зураач, уран барималч, Хорихусун хэмээх монгол зураачийн хамтаар тухайн цаг үеийн төрийн соёл урлагийн үйлийг хариуцсан сайд түшмэд, уран бүтээлчид байжээ. Лю Гуандао 1279 онд хунтайж Чингимийн хөргийг бүтээснээрээ хаанаас хүрмэн дээлээр шагнагдсан тухай мэдээ “Юань улсын судар”-т бий. Өнөө хүртэл хадгалагдаж ирсэн түүний хамгийн том бүтээл нь “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх зураг болой.
    Торгон дээр зурсан энэ бүтээлийн өндөр нь 182.9 см, өргөн нь 104.1 см хэмжээтэй, аргагүй том уран бүтээл. Миний ажлын өрөөний хананд яг энэ хэмжээтэйгээрээ өлгөөстэй байдаг. Өдгөөгөөс 740 шахам жилийн тэртээд урласан ийм том бүтээл, аль ч талаас нь авч үзэхэд яахын аргагүй чухал ач холбогдолтой, үнэт өв дурсгал мөн. Зургийн ач холбогдлыг олон талаас нь дугаарлан өгүүлж болно. Тухайлбал, цаг хугацааны, түүхэн, соёл урлагийн, шинжлэх ухааны буюу бүр тодруулвал Монгол судлалын, угсаатны зүйн ач холбогдол гэх мэтээр олныг өгүүлж болно. Энэ үүднээс үзвэл энэ зургийн тухай бүхэл бүтэн ном ч бичих боломжтой. Харин энд би өөрт төрсөн сэтгэгдлийг хэдхэн зүйлээр тоочин уншигч танд хүргэсү.
    Нэгдүгээрт, зурагт нүүдлийн соёл иргэншлийн нэгэн ахуй, нүүдэлчин малчин ард түмнүүдийн амьдралын нэгэн чухал зан үйл болсон ав хомрогыг тод томруун дүрсэлжээ. Ав хомрого нь юуны өмнө хоол хүнсээ олж авах арга хэлбэр юм. Энэ арга хэлбэр зөвхөн нүүдэлчид төдийгүй, нийт хүн төрөлхтний хамгийн эртний зан үйлүүдийн нэг билээ. Эртний хүмүүсийн амь зуух гол арга бол ан хийх байсныг бүгд мэднэ. Гэвч тэр тухай нуршилгүйгээр нүүдэлчдийнхээ тухай л авч үзье.

    Нүүдэлчдийн хувьд ав хомрогын удаахь нэгэн зориулалт нь цэрэг дайны бэлтгэл байсан. Энэ тухай мэдээ занги Хүннүгээс ч өмнөх үед холбогддог. Гэвч түүхэнд дурдагдсан бодит баримтыг хөөн үзвэл, Хятадын түүхийн эцэг гэгдсэн Сыма Цень түүхчийн бичсэн “Түүхийн тэмдэглэл” хөлгөн сударт буй үг мөн. Тэнд “Бага хүүхдүүд нь хонь ямаа унан, хавчаахай нумаар шувуу, зурам агнадаг. Арай томхон нь үнэг, туулай намнан хоол хүнсэндээ нэмэрлэмүй. Тэдний хэв заншил гэвэл жирийн цагт тааваараа мал маллан нүүдэллэж, ав хомрогоор ажил үйлээ болгомуй” гэсэн байдаг.
    Түүнчлэн нийтийн тооллын 4 дүгээр зууны үед бичигдсэн “Баруун Хан улсын бичиг” хэмээхэд “Хүннү нар гурван настайдаа морь унаж, тавтайдаан нум сумаар харваж сурдаг бөлгөө” гэсэн байдаг. Эдгээр өгүүлбэр ямар их мэдээлэл агуулж байгааг мэргэн уншигч та надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа буй заа. Ийм олон мэдээ баримтаас, ав хомрого бол нүүдэлчдийн ертөнцөд нэгэн зайлшгүй чухал зан үйл байжээ гэдгийг мэдэхэд төвөггүй. Их эзэн Чингис хааны намтар, үйлээс харахад ч, тэрээр ав хомрогын үйлд их дуртай, насан эцэс болтлоон авлаж, гөрөөлж явсан болох нь мэдэгддэг. Энэ тухай миний орчуулж 2010 онд хэвлүүлсэн “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх сударт хэрхэн өгүүлснийг үзье:
    “…Наймны өдөр хаантан зүүн уулын бэлд ан авлаж яваад нэг бүдүүн бодон намнах үед унасан морь нь бусгаж, хаан жолоогоо алдан ойчжээ. Тэр бүдүүн бодон яг дэргэд нь байсан атлаа мэгдэн зогтусаад хааны биед эс ойртжээ. Хааныг бараалан дагагсад тэр даруйд ухасхийн хүрч, хааныг хамгаалан авч, авыг зогсоон нүүдэл ордондоо буцацгаав. Энэ тухай хутагт багш сонсоод хаанд бараалхан ятгасан нь:
    -Хүмүний амьд явах хийгээд заяа төөргийг Дээд тэнгэр мэдэх билээ. Өдгөө хаан эзэн Таны нас сүүдэр өндөр болсон тул энэ мэт ан авд цөөн мордвол зохино. Мориноос ойчсон тань Дээд тэнгэрийн сэрэмжлүүлэг. Бодон гахай танаас аюуж эс ойртсон нь Тэнгэр таныг хамгаалсан нь тэр болой! хэмээв. Хаан өгүүлрүүн:
    -Миний бие үүнийг гүнээ ухаарав. Хутагт арш намайг ятган сэнхрүүлсэн нь маш зөв болой. Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл байдаг тул шууд орхиж чадахгүй биз. Хэдий тийм боловч Хутагт аршийн үгийг би сэтгэлийн гүнд хадгалсу! хэмээгээд бие эргэж Хишлиг дарханд өгүүлсэн нь:
    -Хутагт аршаас надад энэ мэт сануулсан үг бүхнийг бултаар дагаж мөрдөгтүн! хэмээн зарлиг болговой. Түүнээс хойш хаан бээр хоёрдугаар сард авд ахин мордсонгүй.“
    Энэ бол 1222 оны өвөл Чингис хааны өнөөгийн Афганы нийслэл Кабул хотын ард байх Их Цаст уул хэмээх Гиндугушийн нуруунд өвөлжиж байхад нь болсон явдал. Их хааны хэлсэн “Манай монгол хүн морь унаж, харвах намнах нь нялх багаас хэвшсэн зан үйл“ гэсэн үгийг та тунгаагтун! 13 дугаар зууны үед ав хомрого нь амь зуух гол арга хэлбэр байхаа больж, цэрэг дайны бэлтгэл хангах, мөн зан үйлийн шинжээ хадгалж үлдээд байсан юм.
    1227 оны 8 дугаар сард Чингис хаан Тангудыг байлдаж явахдаан, аанай л ав хийж хулан агнаж яваад зост бор мориноосоо унаж бие чилээрхэн хэвтэрт орж, улмаар 66-ны сүүдэр зэрэгцэх насандаа тэнгэрт хальсан билээ. Тэгэхлээр ав хомрого бол аргагүй л монголчуудын салшгүй нэгэн зан үйл байжээ. Ав хомрогын тухай мэдээ баримт хожмын түүхэн цаг үедэд ч цөөнгүй тохиолдох тул тэр болгоныг дурдахыг азнан цааш өгүүлсү. “Цогт тайж” кинон дээр монгол цэргүүд Түвдийг дайлаар мордохын өмнөх өвөл их ав хомрого хийн цэрэг дайчид байлдах, дайтах арга урлагаа бататгаж буй тухай гардаг. Хэдийгээр уран сайхны өгүүлэмж боловч энэ нь ав хомрогыг хэрхэн яаж хийдэг байсныг оновчтой харуулсан дүрслэл мөн.

    Монголчуудын дунд ав хомрогын зан үйл саяхныг хүртэл түгээмэл байжээ. Энэ тухай өнөө ч амьд сэрүүн амьдарч байгаа хөгшчүүлийн дурсамжууд олон. Нэгэн дурсамжид: “1957 он шиг санагдана. Сумын төвд эвлэлийн үүрийн хуралд суугаад, дараа нь олуул цугласных, шинэхэн цаснаар чонын авд мордоцгоосон юм” гэж Дорнод аймгийн Гурванзагал сумын өндөр настан дурсчээ. Өнөөдөр ч монголчууд ан ав хийх дуртай хэвээр. Ялангуяа мөнгөтэй баячуул, улс төрчид хурдан буу, хүчит техникээр ааглан ав хийдэг болсон нь харин жаахан тиймэрхүү. 2013 онд Говь-Алтай аймагт чонын их ав хийж, нэг удаад 273 чоно авлан, бөөн дуулиан дэгдээсэн нь сүүлчийн мэдээ буй заа.
    Хоёрдугаарт, одоо уг зургийн тайлбартаа эргэн орьё. Зургийн гол төвд Хубилай хаан, хатныхаа хамтаар морь унасан зогсч байна. Хаан бээр их дэлтэй, хангал тарган, дөрвөн шийр цагаан, халзан азарга унажээ. Хаан, хатан хоёул хүлгийн жолоог татан зогсч, гэдрэг эргэн харсан байдалтай. Тэртээ дээр тэнгэрт нисч буй хоёр жигүүртнийг онилон нум сумаар харвахаар дэлэн татаж байгаа морьтныг харж буй нь тэр ажээ. Зурагт нийт арван хүн дүрслэгдсэний бусад ес нь бүгд тэр залуу морьтны хэрхэн харвахыг сонирхон харж байгаагаар дүрслэгджээ.
    Хубилай хааны унасан хүлгийн хазаар ногт, эмээл, хөмөлдрөг нь онцгой, омруун дээр нь зүүсэн молцог зэрэг нь аргагүй л дээдсийн хүлэг гэдэг нь илт. Хятадын судлаачид энэ хүлгийг “аха ма” гэсэн байдаг. “Аха” гэдэг нь Ахалтегин гэсэн Туркмен үүлдрийн аргамаг хүлгийн нэр, ма гэдэг нь морь гэсэн хятад үг. Хятадын эртний түүхэнд “Хүннү нарт цусан хөлст адуу бий. Тэр нь нэгэн давхилаар мянганы газрыг туулдаг” гэсэн байдаг. Мянганы газар гэдэг нь 500 км зайг хэлнэ. Цусан хөлст адуу холыг туулан давхиж ирэхэд цус шиг улаан өнгөтэй хөлс гардагаас тэгж нэрлэсэн бөгөөд түүний удмыг өдгөө Туркменд үржүүлдэг Ахалтегин адуу мөн гэж үздэг байна.
    Хааны өөрийнх нь өмсгөл зүүсгэл, дээл гутал ч онцгой. Музейн эрдэм шинжилгээний ажилтны тайлбарласнаар, Хубилай хаан алтан утсаар зүү ороон луун хээ /монголчууд бас үүлэн хээ ч гэдэг/ шагласан улаан хүрэн торгон дээл өмсч, гадуур нь цагаан үенгийн үнэт арьсан дах асаажээ. Зураг дээрх Хубилай хааны дүр төрх, тус музейд хадгалагдаж буй Хубилай хааны эш хөрөгтэй адилхан байна. Тиймээс эл хоёр зургийг нэг хүн зурсан, эс бөгөөс аль нэг зургийг нь мэддэг хүн нөгөөг нь зурахдаа адилхан байхаар бодож зурсан байж таарна.
    Хатны унасан хүлэг аргагүй л сайхан аргамаг хүлэг агаад, түүний хазаар ногт, хөмөлдрөг молцог тэргүүтэн нь бүр ч гоё ганган, бүгд алтан тоногтой ажээ. Үүгээрээ хаан, хатан хоёрын хүлэг морины гоёл чимэглэл хоорондоо ялгарч байна. Хатны унасан хүлэг бол яах аргагүй монгол адуу агаад өнөөгийн Гоё халиун, Толин хул, Гал шарга, Нийгмийн хонгор гэх мэтийн цуутай сайхан хүлгүүд шиг л харагдана. Эртний хятадын түүх бичлэгт халиу ма, цидань ма гэх үгүүд таардаг нь халиун, хонгор, хул, шарга зүсмийн адууг заасан нэр. Хул зүсмийн адууг хятадууд “кидань морь” гэдэг байсан нь нүүдэлчин хитанчуудын адуу ийм зүстэй нь элбэг байсных юм. Өнөөдөр ч манай ийм зүсмийн адуу Хитанчуудын уугуул нутаг асан зүүн талдаа түлхүү байдаг.
    Гуравдугаарт, зураг дээр өдгөө хэдийн мартагдаж орхигдсон зарим эдлэл хэрэглэл, хувцас өмсгөл дүрслэгджээ. Дах гэдэг монгол үг хятадын эртний ном сударт энэ хэвээрээ тэмдэглэгдсэн байх ба “Юань улсын судар”-т “Дахыг мал, амьтны арьс, үсээр хийдэг. Жирийн хүмүүс хонь, хурганы арьсан дах өмсдөг бол хаад дээдэс үен, булга, үнэг, чоно зэрэг үнэт ангийн арьсан дах өмсдөг” гэсэн бий.
    Юань улсын үеийн буюу 13 дугаар зууны монголчуудын хувцас өмсгөл, гоёл чимэглэлийн талаар “Юань улсын судар”, “Хар татарын хэргийн товч”, “Монгол татарын бүрэн тэмдэглэл” зэрэг хятадын түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичсэн байдаг. Зурагт тэдгээр хувцаснуудын заримаас дүрслэгдсэн байгаа нь харагдана. Тухайлбал, нум сум харвах гэж байгаа морьтон начин дээл өмсчээ. Начин дээлийн онцлог нь, хоёр гарын булчингийн хавьд ангархайтай, яаралтай харваж намнах хэрэг гарвал дээлээ тайлалгүй, хоёр ханцуйгаа шувтран, тэр ангархайгаар гараа гаргаж, нумаа шүүрэн авч сумаа хийгээд дэлэн татаж харвах боломжтой байдаг аж. Зүйрлэвээс яг л шунган нисч буй начин шонхор лугаа адил тул тийн нэрлэсэн бололтой. Хааны нум баригч хорчин өвгөн, хатны ард байгаа негр, бүргэд барьсан морьтон бас ийм дээл өмсчээ. Начин дээлийн хоёр ханцуй ийм ангархайтай, дээлийн ар нуруунд товчоор товчлогдсон салангид ханцуйтай байх нь бий. Судлаачид, ийм дээлийг их шинжлэх ухаанчаар бодож олжээ гэж дүгнэсэн байдаг.

    Начин дээл нийт нүүдэлчдийн ертөнцөд лавтайяа 9 дүгээр зууны үед өргөн тархсан байсан нь эртний түүх бичлэгт тааралддаг. Өнөөдөр нэгэнт орхигдож мартагдсан нүүдэлчдийн олон хэрэглээний зүйлс бий. Тэдгээрийн нэг нь энэ начин дээл юм. Ийм дээл нэн эрт цагаас, лав л морь унадаг болсон тэр цагт бий болсон байх магадлалтай. Учир нь дорно, өрнийн олон эх сурвалжид нүүдэлчид амьдралынхаа ихэнх цагийг морин дэл дээр өнгөрүүлдэг тухай дурдсан байдаг. Ууж идэхдээ ч, унтаж амрахдаа ч, ажил үйл хэлэлцэж, арилжаа наймаа хийхдээ ч, аян дайнд одож дайтаж байлдахдаа ч мориноосоо салах нь нэн ховор гэж аль Хүннүгийн үеэс л Хятадын ч тэр, Герег Ромын ч түүхэнд дурдсан байдаг.
    Дөрөвдүгээрт, хатны ард талд байгаа бараа бологч харваас хар арьст боол авай. Наад талд нь бас нэг хар арьст боол харагдана. Зургийн доод хэсэгт цааш харан яваа морьтныг музейн тайлбарлагч зааж “Цайвар шар үстэй энэ хүн Дундад Азийн, магадгүй, Европ зүгийн хүн” гэсэн юм. Тун магадгүй. Ази, Европын хэдэн арван улс орныг нэгтгэсэн Монголын их гүрний төрд арван зүгийн есөн хэлийн хүн зон хүчээ өргөн зүтгэж байсан билээ. Тэдний дотор их уран дархан Анигаа тэргүүт балбын урчуул дархчуул, Хубилай хаанаас Улсын багш цол хүртсэн Пагва лам тэргүүт түвд, тангад зүгийнхэн, одон орон судлалыг хөгжүүлсэн араб, персийн иргэд, Ромын папын элч болж ирээд 17 жил хааны дэргэд шадарлан зүтгэсэн Марко Поло тэргүүт түүний аав, авга ах зэрэг европчууд олон байсан билээ.
    Хаан, хатан хоёрын эргэн тойронд хааны шадар бараа бологчид тойрон хүрээлж харагдана. Тэд янз бүрийн төрх байдалтай, зарим нь морин дээрээ нумаан дэлж тэнгэр өөд онилон, тэртээ дээр нисч яваа шувуудыг харвахаар зэхсэн байхад, нөгөө нэг нь их хааны ардхан, хааны нумыг агсан дагаж яваа харагдана. Энэ бол хорч, хорчин, бас зарим ном сударт өгүүлдэгчлэн Хааны нум баригч болой. Тавдугаарт хэлэх гэсэн зүйл минь энэ. Шувуу онилсон морьтон залуугийн барьсан нум сум бол жинхэнэ монгол нум сум мөн. Өнөөдөр монголчууд улсын баяр наадмаараа нааддаг нум сум бол монгол биш, манж нум сум юм. Дайчин баатар монголчуудыг эрхшээлдээ оруулсан манжийн хаад монголчуудыг тэр гайхамшигт зэвсгээ хэрэглэхийг хатуу хориглосон юм. Чингэж зууны уртад монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан гайхамшигт зэвсгээ умартан орхижээ. Чингис хаан өрнө зүгт хийсэн их аян дайнаасаа буцаж ирээд 1225 онд их найр наадам хийх үеэр Есүнгэ мэргэн 225 алд буюу 500 гаруй метр холд харвасан тухай хөшөөнд сийлэн тэмдэглэж түүхэнд мөнхөлсөн байдаг. Зарим хүн үүнийг худлаа, нум сумаар тийм хол харваж чадахгүй гэдэг. Тэгвэл өнөөдөр монгол нум сумыг судалдаг гадаадын, түүний дотор Тайванийн судлаачид үүнийг үнэн болохыг нь нотолж байна. Гэвч энэ тухай жич өгүүлнэ.
    Өрнө зүгийнхнийг хятадаар “сөмүрэнь” буюу өнгөт нүдтэн гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Шаргал үстэй, цагаан арьстай, цэнхэр, саарал, ногоон нүдтэй хүмүүс байснаас тэр. Түүхээс үзвэл, Монголын төрөөс нийт хүн амыг 4 давхарга болгон ангилж, нийгмийн дээд хэсэгт монголчууд, дараа нь өнгөт нүдтэн буюу Дундад Азийнхан, гутгаарт Хойд Хятадын иргэд, дөтгөөрт Өмнөд Хятадын хүмүүс, гэж ангилдаг байжээ. Үүнээс үзвэл хүн амын дунд Дундад Азийн гаралтай оршин суугчид цөөнгүй байсны илэрхийлэл нь энэ зураг мөн.
    Дээрх өнгөт нүдтэний ард мориных нь хондлой дээр цоохор ирвэс сууж байна. Ерээд оноос хойш зарим хүн “Монголчууд ирвэсээр ан хийж байгаагүй. Худлаа. Энэ бол зураачдын зохиосон хэтрүүлэг” гэсэн үгс явсаар ирсэн. Тэгвэл энэ зураг монголчууд ирвэсээр ан хийдэг байсан эсэх тухай маргаанд цэг тавихуйц хангалттай нотолгоог өгч байгаад нь энэ зургийн нэг ач холбогдол оршино. Цоохор ирвэсийг бас үчимбэр гэдэг. Үчимбэр бол Төв Азид байхгүй, Африк зүгийн амьтан. Түүнийг эзэн хаанд хариас бэлэг болгон ирүүлж байсан байж таарна. Хубилай хаан арслан, заан, барс зэрэг амьтантай байсан тухай Марко Поло тэмдэглэсэн байдаг.
    Зургадугаарт, өөр нэг өнгөт нүдтэн гар дээрээ анчин шонхор шувуу авч явна. Бүр цагаан шонхор гээч. Энэ бол зүгээр нэг тохиолдлын төдий өгүүлэмж яавч биш. Энэ бол Хубилай хааны өвөг дээдэс, их эзэн Чингис хаан, ерөөс монголчуудын гол угсаа болох боржигин овгийн хиад ястны шүтээн мөн болохыг давхар илэрхийлж байгаа хэрэг. Үүгээр энэ зургийн бас нэгэн түүхэн ач холбогдол тодорч байна. Тэр шонхорчийн наад талд буй хүн гар дээрээ анч бүргэд суулгасан харагдана. Италийн жуулчин Марко Поло “Ертөнцийн сонин хачин” номынхоо 92-р зүйлд “…Их хаанд чоно, үнэг, зээр, буга бариулдаг олон тооны бүргэд байдаг. Тэдгээр нь олон тооны ан барих бөлгөө. Чоно барьдаг хамгийн том хүчирхэг бүргэд бий. Тэдний махир хошуунаас зайлж чадах чоно нэгээхэн ч үгүй” гэжээ.

    Долдугаарт, зургийн зүүн доод хэсэгт нэгэн хээр морьтон хар сүлд залж явна. Энэ бол монголчуудын дайны их хар сүлд мөн. Их Монгол Улсад хар, цагаан сүлд байсан, цагаан сүлд нь төрийн хүндэтгэл, ёслолын бэлгэ тэмдэг бол хар сүлд нь дайн байлдааны онгод хийморийн илэрхийлэл болой. Өнөө ч монголчууд үндэсний их баяр наадмаараа цагаан сүлдээ залждаг бол манай Батлан хамгаалах яам Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх ёслол үйлддэг. Хубилай хаан авд мордохдоо мүнголчуудын дайны их хар сүлдийг авч явж цэнгүүлэн баясгаж, магадгүй, ан авын олз хиймориор сүлдээ тахин мялаадаг байсан буй заа.
    Зургийн дүрслэл, илэрхийлэл үүгээр дуусахгүй. Зургийг ерөнхийд нь хоёр хэсэгт хувааж болно. Доод хэсэгт буюу хүн эгц харахад нүдэнд тусах тэр хэсэгт зургийн гол өгүүлэмж болох дээр дурдсан тайлбарууд байх бол зургийн дээд хэсэгт байгаль дэлхий, уул талыг дүрсэлсэн агаад уулсын дундуур тэмээн жин явж буй, дээд тэнгэрт шувууд нисч буй зэрэг өгүүлэмжтэй. Өнгөрсөн зууны жараад оны сүүлчээр үеэ өнгөрөөж, орчин үеийн хурдан тээвэрт халаагаа өгсөн тэмээн жингийн тээвэр 740 жилийн өмнө ямархан байсныг өгүүлж буйд энэ зургийн бас нэг ач холбогдол оршино. Тэмээн жингийн цуваа лавтайяа хоёр мянганы түүхтэй.
    Наймдугаарт, энэ зураг бол зүгээр нэг уран сайхны зураг биш. Зураг дээр Монголын их хаан Хубилайн ав хомрогын зан үйлийн тухай өгүүлэмж дүрслэгдсэн. Тэгэхлээр зурагт дүрслэгдсэн хүмүүс бүгд бодит дүр мөн гэж үзэх нь зүйд нийцнэ. Тэгвэл зураг дээр хэн хэн байгаа вэ? Одоо энэ тухай тогтож ярилцья. Зурагт нийт арван хүн дүрслэгджээ. Мэдээж, Хубилай хаан байгаа болохоор түүний дэргэд агч хатан бол бас түүхт хүн байх ёстой. Тэгвэл тэр бол Хубилай хааны их хатан Чаби, монголоор Цэвэр хатан гэгч болой. Зурагт дүрслэгдсэн арван хүний үйлдэл бүгд нэг хүн рүү буюу нумаа дэлэн тэртээ дээш харвахыг завдан буй залуу морьтныг харж байгаагаар дүрслэгдсэн. Тэгэхлээр бүгдийн анхаарлын төвд байгаа залуу морьтон хэн бэ? Зарим судлаач түүнийг хааны хүү хунтайж гэж таамагласан байх аж. Тун магадгүй. Энэ мэтээр бусад дүрүүд ч бодит хүний эх дүр байх нь гарцаагүй. Харамсалтай нь тэднийг ингэж оноон таамаглах боломж хомс юм. Зураг дээр хоёр негр хүн, хоёр Дундад Ази гаралтай хүн, бас магадгүй Европ төрхтөн ч байна.
    Эцэст нь тэмдэглэхэд, энэ зураг уламжлалт хятад зургаас өөр, Түвд, Балбын уран зургийн арга барилтай байгаа нь Юань улсын үед олон улс үндэстний соёл, урлагийн зүйлс харилцан нөлөөлөлцөж байсны гэрч мөн. Зургийг зурсан зураачийн ур чадвар маш сайн бөгөөд ялангуяа нүүдэлчдийн дээл хувцас, өмсгөл зүүсгэл, хүлэг морьд, тэдгээрийн эдлэл хэрэглэлийг зөв, нарийн дүрсэлсэн нь онцгой. Урлаг судлаач С.Майжаргал энэ зургийн тухай бичихдээ: “…Хүн болон амьтдын хөдөлгөөнийг илэрхийлэх амаргүй ур чадварыг зураач маш сайн эзэмшжээ. Монголын Юань гүрний энэ цаг үеийн уран бүтээлийн тод илрэл болсон энэ зурагт дүрснүүдийн хоорондох хэлхээ холбоо, үгүүлэмж, баатруудын хоорондын харилцаа, зан араншин, төрх байдлыг урлагийн эрхэмсэг тансаг чанартай зүйл байхгүй бөгөөд зураг дээр дүрслэгдсэн бүх зүйл, өчүүхэн жижиг зүйл ч цөм нэгдмэл нэг утга агуулгатай, үзэж байгаа хүнд нэг цогц сэтгэгдэл төрүүлэхэд чиглэсэн байна” гэсэн байдаг.
    “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх 740 жилийн өмнө хааны өөрийнх нь оролцоотой бүтээгдсэн энэ зураг бол яах аргагүй сонгодог уран зураг мөн. Ямарч гэсэн, монголчуудын хувьд энэ зураг дэлхийн сонгодгуудын зиндаанд дээдлэх учиртай асар их үнэ цэнтэй бүтээл юм. Урлагийн гайхамшигт ур хийцээрээ, бас түүхэн ач холбогдолоороо яах аргагүй сонгодог бүтээлийн зиндаанд хэлцэгдэнэ ээ.
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар.
    2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр,
    Тайвань, Тайбэй хот.

  • Ертөнцийг үзэх монгол ухааны гайхамшиг

    Чингис ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй байжээ. Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.

    “Вашингтон пост” гээд Америкийн том сонин бий. Тэр сонин дэлхийн “Мянганы хүн”-ийг тодруулсан. Энэ мянганд хамгийн суут хүн Чингис хаан байсан. Гэхдээ яаж, ямар шалгуураар энэ хүнийг тодруулсан бэ? Зүгээр л энэ Чингис чинь мянганы хүн байна гээд хэлчих үү? Дэлхийг хэн агшаав? Агшаана гэдэг маань энэ дэлхий гэдэг чинь их жижигхэн юм байна шүү гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг нэг хэмжүүр, энэ дэлхийн ард түмний арга технологийг хэн урагшаа ахиулав гэдэг хоёрдугаар хэмжүүр, энэ дэлхийг хүн эзэгнэж байдаг юм гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг гурван хэмжүүрээр дэлхийн бүх алдартнуудын нэрийг оруулаад цахим тооцоолуураар шалгасан байна. Тэнд Шекспир, Колумб, Напалеон, Македоны Александр гэх мэтчилэнгээр дэлхийд хамгийн алдартай хүмүүсийн нэр орсон. Тэгээд цахим тооцоолуураар шинжлэх ухааны үүднээс тооцоолоход дээрх гурван хэмжүүрийг хангасан хүн ганцхан Чингис хаан байсан. Америкчууд бас үүнд итгээгүй ээ. Дараа нь Нью-Йорк Таймс сонин бас энэ гурван хэмжүүрээр оруулсан. Дахиад л Чингис хаан тодорсон.

    Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан.
    Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой.
    Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна.
    Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал…” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?

    “Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
    “Төрийн бат бэх байх нь бодлогын сайнаас, хуулийн чангаас болмуй”, “Сэтгэл хэмээгч биеийн эзэн. Сэтгэл мунхарваас бие даруй хэвтэнэ. Эзэн хэмээгч улсын хаан, эзэн ташаарваас улс даруй мөхнө” хэмээн мөн айлджээ. Тэгэхээр хаан хүн гэдэг бол хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол манай эзэн хаанаас 800 жилийн өмнө өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүст үлдээсэн захиас гэж хэлж болно. Өнөөдөр улс төрчид алдаад л байвал улс орон маань доройтоод л байна. Хамгийн ухаан билигтэй хүн төрийг атгалцахад оролцоно гэж Чингис хаан үзэж байсан. “Онгоц үйлдэн сэлүүрийг нь зохиохуй нь гол мөрнийг гатлахын тулд болой. Эрдэмтэн ухаантныг сонгон авах нь төрийн жолоог атгалцахын тулд болой” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Төрийн жолоог мэргэн билигтэй, ухаантай түшээд атгалцах ёстой гэж үздэг байжээ.
    Тэгж ч чадсан. Мухулай, Боорчи, Сүбэдэй, Зэлмэ гээд есөн өрлөг, мөн гадны ухаантай эрдэмтэй хүмүүсийг орчуулагч зэргээр авч ажиллуулдаг байсан. Хятадын “Чингис хаан” гэдэг кинонд Елүй чуцай гээд хүн Чингисийг бараг хамраас нь хөтлөх шахаад яваад байна аа даа. Монголын ганц ч сурвалж бичигт Елүй чуцайгийн тухай байхгүй. Юань улсын түүхэнд нэг ганц хоёр хуудас байдаг юм. Гэхдээ тэр бол Хятад түүхчийн бичсэн зүйл. Монгол төрийг байгуулахад Елүй чуцай огт оролцоогүй шүү дээ. Тэр чинь бүр сүүлд Алтан улстай байлдаж явахдаа олзолж авсан хүн. Тэр кинон дээр Чингист заагаад сургаад л, төрийн бодлогод оролцоод яваад байх шиг гардаг. Үгүй шүү дээ. Монгол төрийн бодлогыг монголчууд өөрсдөө явуулж байсан. Чингисийг жаахан алдаа, ташаарал гаргавал есөн өрлөг нь засаж зааж хэлдэг байсан. “Алтан товч”-д ч байна. “Нууц товчоон”-д ч тодорхой бичээстэй байна. Хамаг Монгол, Их Монгол Улс бол жинхэнэ монгол ухаанаар, өөрөөр хэлбэл Чингис хааны ухаанаар үүсч хөгжсөн юм.

    Төр ард түмнээ жаргаах бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хаантан дэндүү ухаарч байлаа. Нэг удаа Чингис хаан Алтай уулан дээр гараад хатад, охид, жанжид цэргүүд, ард иргэддээ хандаж, “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн гоолин нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар гал сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангитан санах нь, эднийхээ аманд амтат чихэр хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалаг, амттайгаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлуулахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр узуур зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” гэж хэлсэн байна. Тэрчилэн “Эзэнт гүрний харъяат хэн ч бай, монгол хүнийг боол буюу зарц болгож болохгүй” гэж хуульчилан заасан байна. Боолын худалдаа цэцэглэж байсан тэр аймшигт үед монгол хүн хаана ч цээж түхэгэр, толгой гэдгэр, омог бардам явж байж шүү.

    Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
    Би “Монголын нууц товчоо”-г хүүхэд байхаасаа л уншиж эхэлсэн. Хэд дахин уншсаныг мэдэхгүй. Энэ ертөнцийг үзэх үзлийн талаар 1996 оноос судалж эхэлсэн юм. “Нууц товчоо”, “Алтан товч”-ийг үзээд байхад Чингисийн гоё гоё сургаал гарч ирдэг. Энэ сургаалиудаар жижигхэн ном хийе гэж бодоод “Чингисийн оюун билгийн соёрхол” гээд өврийн ном бичсэн. 1999 оноос хойш 100 гаруй номыг Англи, Орос, Монгол хэл дээр уншиж байж энэ бүх сургаалиудыг цуглуулж авсан. Тэгээд “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичсэн юм.

    “Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.

    Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай.

    Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Г.АКИМ

  • С.Зориг, Н.Энхбаярын анд, парламентийн танхим дахь өвөрмөц ”үзэгдэл” О.Дашбалбар

     

    Дарьгангын хүү: Дарьгангын сайхан нутагт 1957 оны 2-р сарын 10-нд гарын арван хуруу шиг хүүхэдтэй айлд О.Дашбалбар мэндэлжээ. О.Дашбалбарыг яруу найрагч Р.Чойномтой 21 жилийн зайтай нэг өдөр төрсөн хэмээн билэгшээдэг. Сүхбаатар аймгийн Наран сумд хүүхэд насаа өнгөрөөсөн түүнийг багаасаа зөн билэгтэй хэмээдэг байж.

    Хорин гурван насны ааг: Амьдралынхаа тэн хагасыг амтлаад байсан 23-хан насандаа монголчуудын хэдэн үе цээжиндээ унших “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ бичжээ.
    Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
    Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
    Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
    Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!

    Горькийн шавь: Тэрбээр 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тухайн үеийн сэхээтнүүдийн сурдаг байсан энэ сургуулиас төрөлхийн яруу найрагчийн онгод авъяасаа улам бадруулжээ. О.Дашбалбар өөр сургуульд сурч байгаагүй ч уншсан, мэдсэн нь төрийн хэрэгт багадаагүй билээ.

    Билэг танхай төрх. Урт үстэй, бодлогошронгуй харцтай билэг танхай яруу найрагчийн төрх. О.Дашбалбарын бүтээл нь түүнийг олонд таниулж, олон хүнийг шавиа болгожээ. Тэрбээр “Оддын аялгуу”, “Жаахан шарга”, “Гэрэлт хайр”, “Гол ус намуухан урсана”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бие биеэ хайрла, хүмүүс ээ” зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн. Эдгээр номд орсон Түүний “Талын хөх чоно”, “Дарьганга аялгуу”, “Тэнгэр шиг бай”, “Янжинлхамыг баясгах дуулал” зэрэг олон шигтгээ болсон шүлгүүд нь багтжээ. 1998 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1996 онд төрийн шагнал хүртсэн.

    Улс төр дэх өвөрмөц “үзэгдэл”: О.Дашбалбар 1996 онд МУНН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентийн танхимд суух болсон. Урт үстэй, дээл өмссөн нэг тийм өвөрмөц “үзэгдэл” байв. Түүний чуулган дээр голчлон ярьдаг сэдэв нь газар нутаг, эх орон. Хэвлэлийн шар хуудсыг сөхөөд үзэх нь ээ түүний амнаас гарсан үгсийн ихэнхи нь ийм л утгыг онилдог байсныг цөөнгүй хүн санаж буй. Сүүлд үзэл бодлын зөрөлдөөнөөс болж энэ намаас гарч МҮСН-тай нийлэн МУШЁН-ыг байгуулж байв.

    Монгол төрийн зөн: Тэрбээр парламентийн танхимд сууж байхдаа С.Зориг, Л.Энэбиш агсан болон одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяртай донто нөхөрлөж явжээ. О.Дашбалбар УИХ-ын гишүүдийн гаргаж буй хуулийг ихэд шүүмжлэн, чанга дуугардаг байв. “Зөвхөн өөрсдийнхөө явцуу эрх ашгийг хөндөхөөр сөрөг хүчин болчихоод, өөрсдөд нь хэрэгтэй асуудал бол “зөвшилцөж” улс төрийн соёлтон болчихоод байвал инээдэмтэй хэрэг”, “Нэг хэсэг хүн намаасаа урваж л байг. Харин би намаасаа гарлаа ч эх орноосоо, Монгол улсаасаа урваагүй, Монголд газар хэрэгтэй” гэж өнөөдөр бидний шүүмжлэн ярьж буйг 13 жилийн өмнө хэлж байж.

    Гурван бүсгүй: О.Дашбалбарын хувьд 1990 оны сүүлийн жилүүд ороо бусгай байлаа. Улс төрд санал үл нийлэгчид түүнийг “солиотой, галзуу” хэмээн нэрлэнэ. Бас зүрх сэтгэлийнх нь асуудлыг сөхнө. Түүний хувьд эмзэг хэрнээ амархан суманд оногддог талбар нь бүсгүй хүн байв. Түүнд гурван эмэгтэй байсан. Багын нандин Борхүү, зүрхний хайртай Анимаа, сэтгэл булаасан Оюунхандаа.

    Оюунхандаа!!!: Оюунхандаа бол жирийн нэгэн багш бүсгүй. Тэрбээр олон жил О.Дашбалбартай найз нөхдийн харьцаатай явсан ч сүүлд сэтгэлийн хүчээр нийлсэн гэж ярьдаг. Яруу найрагч сэтгэлийг нь булаасан эгчмид бүсгүйд хандан ийнхүү бичиж байжээ.
    Оюунхандаа! Аз жаргалыг би чамгүйгээр төсөөлөн бодож чадахгүй нь…
    Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?
    «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»
    Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ… Харин О.Дашбалбарыг тэнгэрт хальсан хойно Н.Оюуханд түүнд зориулан ном бичсэн байдаг юм.

    Найрагчийн удам: Б.Борхүү, О.Дашбалбар нар гурван хүүхэдтэй. Хүү Д.Ганбаатар нь МУИС-д багшилдаг бөгөөд аавынхаа нэрийг өвлөсөн “Дашбалбар сан”-г удирддаг. О.Дашбалбарын нэгэн шавийн дурсан ярьснаар тэрбээр Москвад суралцаж байхдаа нэгэн орос бүсгүйтэй сэтгэлийн холбоотой байсан бөгөөд тэд нэг хүүтэй болжээ.

    Хувилгааны дүр. Л.Дашбалбарыг бага байхад нь нутгийнхан нь Овооны сүмйн цорж лам гэдэг байжээ. Тэрбээр Буддын гүн ухааныг судалж, нутгийнхаа 3ундуй, Манлай зэрэг номтой лам нарт шавь орж байжээ. “Би 25 хүрч байж буддын гүн ухааны мөн чанарыг ойлгож эхэлсэн. Энэ үедээ л би Нагаржунай болон олон бандида нарыг уншсан” гэж нэгэнтээ хуучилж байсан аж.

    Гашуудал: УИХ-ын гишүүн болоод хэл амнаас салахаа байсан түүний шүлгүүдийг цаанаа л нэг уйтгар гунигтай болсон байсныг ойр дотныхон нь дурсдаг. Тэрбээр 1999 оны 10-р сарын 16-нд нас баржээ. О.Дашбалбарыг бусдад хорлогдсон нь үнэний ортой гэж үзэгсэд олон бий. Дүү О.Балжинням нь “Би гадны нөлөө байсан гэж боддог. Анх “бие нь муу байна ир” гэж дуудагдаж ирээд, ахыгаа хараад л би “Хүнд хорлогдчихсон байна ш дээ” гэсэн. Тэгж л харагдсан” гэж ярилцлага өгчээ.

    Зуурдаар зургуулаа: Гарын арван хуруу шиг зургаан хөвгүүн, дөрвөн охинтой Очирбатынх гэдэг айл О.Дашбалбарыг тэнгэрт хальснаас хойш дахин таван сайхан хүүгээ алджээ. Тэд бүгд цаг бусаар, бусдын нөлөөгөөр амиа алдсан гэж дүү О.Балжинням нь харуусан ярьжээ.

    Хувь тавилан: УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан анд С.Зоригтойгоо тэрбээр зэрэгцээ газар нойрсжээ. Түүний захиас үг шүлгэнд нь бий бөгөөд “Амьддаа бие биеэ хайрла” гэсэн мөртүүд олон хүнийг амьдралаа өөрчлөхөд ухаарал өгсөн буй за.

    Би хэн бэ?: Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
    Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
    Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
    Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?

  • Я.Мөнгөнсувд: Бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн урлах ёстой

     

    -Монгол бөөгийн нэгдсэн эвлэл гэж анх удаа л сонсож байна. Хэзээ байгуулагдсан, яг ямар үйл ажиллагаа явуулдаг газар юм бэ?

    -Эвлэл маань бай¬гуу¬лагдаад гурван жил болж байна. Манай эвлэлд 1000 орчим бөө бүртгэлтэй байдаг. Бид жинхэнэ угтай болон уггүй бөөг ялгаж, салгаж өгдөг. Өнөөдөр манай нийгэмд угтай, онгод тэнгэртэй нэгэн байхад уггүй ч бөө байна.

    Онгод, тэнгэргүй атлаа тав, зургаан жил бөөлчихсөн, өнөөг хэр нь онгод, сахиус нь орж ирээгүй будилчихсан яваа олон хүн бий. Үүнээс болж нийгэмд асар их хор уршиг бий болж байна. Учир утгагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй энэ олон бөөг цэгцэлж, учраа олохгүй яваад нь туслах зорилгоор эвлэл маань байгуулагдсан.

    -Өөрөөр хэлбэл, онгод сахиусгүй атлаа өөрсдийгөө бөө, удган гэж хүний сэтгэхүй, оюун санаагаар тоглож, бизнес хийж байгаа бөө нарыг цэгцлэх зорилготой байгуулагдсан гэсэн үг үү?

    -Тийм ээ. Худалч хүнд айл болгонд нэг бөөтэй болж. Уг нь онгод, сахиус гэдэг 60 жилд ганц удаа удамдаа буудаг уламжлалтай. Гэтэл дөнгөж шилжилтийн насан дээрээ яваа охид, хөвгүүд бөө болж байна.

    Тэднийг онгод, сахиустай гээд хэлчихдэг. Түүний уршгаар тэдний ааш аяг эвдрэх, гадуур тэнэх, архидан сог¬туурах нь ихэслээ. Бас бөөгөөс болж гэр бүл ихээр салж байна шүү дээ.

    -Далдын хүч, сүсэг бишрэлдээ итгээд үү?

    -Үнэхээр онгод, са¬хиус¬тай жинхэнэ бөө олон байна л даа. Гэхдээ хуурамч нь түүнээсээ их байна. Үүнийг цэгцлэх л шаардлагатай байгаа юм.

    -Юм мэддэггүй, бөө нэр зүүсэн олон хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ шашин гэдэг тоглоом биш биз дээ?

    -Тийм ээ, тоглоом биш. Сая би эвлэлийнхээ зорилгыг хэлсэн. Хуурамч бөөд итгэн онгод, сахиусаа хүлээж авсан хүмүүс уггүйгээ мэдээд болилоо гэхэд наад зах нь 5-6 сая төгрөгийн хувцас, хэрэглэл авчихсан байдаг. Энэ нь хувь хүнийг сэтгэл санаа төдийгүй эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна.

    -Үнэн л дээ. Хаа сайгүй л бөөгийн хувцас, хэрэглэл зардаг газар байдаг болж?

    -Бүр жижиг хэмжээний зах болчихсон. Уг нь бөөгийн хувцас, хэрэглэлийг жинхэнэ удам дамжсан дархан хүн хийх ёстой байдаг. Тэгж байж хувцас, хуур зэвсэг нь амь ордог учиртай. Гэтэл хүмүүс дураараа хийж, захаас ху¬далдан авч байна.

    Эсвэл нэг нэгэндээ дамлан зардаг болжээ. Энгийн жишээ дурьдахад, найман мянган төгрөгийн үнэтэй дээлийг 80-аар зарж байна. Гэтэл үүний ард иргэд бие сэтгэл, эдийн засгаараа асар их хохирол амсч байна.

    Мөн бөө болох гээд онгод сахиус нь орж ирэхгүй болохоор хувцас, хэрэглэлээ хаа хамаагүй ууланд аваачиж хаяж байна. Иргэд түүнийг нь мэдэхгүй хажууд нь архи дарс уудаг. Уусан архи нь дэвтэй болж, залуус архинд донтох зэрэг хор уршиг дагуулдаг.

    -Таны хувьд бөөгийн хэчнээн хувцас, хэрэг¬лэлийн ёс журмын дагуу цэгцлэв?

    -Онгод, тэнгэр маань хү¬нийг угтай эсэхийг нь ял¬гадаг л даа. Үнэхээр угтайг нь зөв замд нь оруулж өгдөг. Миний хувьд 20-иод хүний хувцас, хэрэглэлийг ном ёсоор нь цэгцэлж, янзалсан.

    -Гэхдээ нэг зүйл илт ажиглагддаг. Хүнийг хэн нэгэн бөө онгод сахиустай гээд хэлчихдэг. Түүгээр зогсохгүй “Онгодоо авахгүй бол танай гэр бүлээс тэд хоногийн дараа хэн нэг нь нас барна” ч гэдэг юм уу, хувь хүний сэтгэлзүйгээр их тоглодог. Үүнээс нь болж тэд аргагүйн эрхэнд ордог ч юм байхыг үгүйсгэхгүй?

    -Үнэхээр бөө бол хүний амь авдаггүй. Энэ бол хүний сэтгэлзүйгээр тоглож, нэг төрлийн бизнес хийж байгаа үйлдэл юм.

    -Гэхдээ хүн өөрийгөө онгод, сахиустай гэдгээ яаж мэдэх юм бэ?

    -Миний хувьд удам дамжсан л даа. Манай өвөө Завханы гаралтай бөө хүн байсан. 13 настай байхдаа гадаа тоглож байгаад хуй салхинд дайруулсан. Түүнээс хойш юм хардаг болчихсон. Тэр цагаас сонин, хачин зүйл амьдралд тохиолдох болсон. Онгод, сахиусаа хүлээж аваад 14 жил болж байна.

    -Таны хувьд өөрийгөө бөө болно гэдгээ яаж мэд¬сэн юм бэ?

    -Эмээгээ нас барж байхыг зүүдэндээ харсан. Тэр үеэс л өөрийгөө үнэхээр бөө юм байна гэж мэдэрсэн.

    -Тэгэхээр ихэвчлэн зүүд нойронд орж ирдэг гэсэн үг үү?

    -Зүүдээр л мэдрэгдэнэ дээ. Их л сийрэг мэдрэмжтэй болчихдог юм билээ. Бөөгийн хувцас хэрэглэлээ яахаа мэдэхгүй болчихсон иргэдэд тусламаар байна. Онгод сахиусаа авах гэж байгаа хүмүүс сайн үзүүлэх хэрэгтэй.

    Гэхдээ олон бөө дээр очих хэрэггүй. Манай эвлэл дээр ирж болно. Учир нь, манайх өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон арга хэмжээ зохион байгуулсан. Их ч цэгцэлсэн. Гэхдээ л дийлэхгүй байна.

    -Тэнгэрийн шийтгэл хатуу гэж ярьдаг. Бөөгийн шашнаар бизнес хийж байгаа хүмүүс хожим ямар шийтгэл хүлээх бол?

    -Үнэхээр тэнгэрийн шийтгэл хатуу. Олз чинь хаагдаж, ажил үйлс чинь бүтэхээ болихоос эхлээд амьдын хагацал үзнэ.

    -Яах вэ, онгод сахиусаа хүлээж авдаг юм байж. Гэхдээ улаач нь хүлээж авахыг хүсэхгүй бол яах вэ?

    -Тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй хүнд онгод са¬хиус ирдэг. Тэнгэр са¬хиус, онгод тэнгэр таниар тог¬лоо¬гүй. Мөнх тэнгэрийн үзэл бодлыг хаяж болохгүй. Үнэ¬хээрийн тэнгэртэй хүн бол авахаас өөр аргагүй. Хүссэн ч, хүсээгүй ч авч л таарна.

    Б.Төрбат

     

  • Чойжин буух

    Түүнд зориулж “ЧОЙЖИН ЛАМ” –ын сүмийг 1904 онд барьж эхлэн, 1908 онд ашиглалтад орсон байна… Лувсанхайдав чойжин лам хүний хувийн явдалд буудаггүй улсад тохиолдох аюул гайг арилгахын төлөө буудаг байж.
    Лувсанхайдав лам Чойжин буулгахдаа…Их чогчин дуганын голд их суудал дээр суух бөгөөд дөрвөн талаас нь гинжилдэг байна. Эргэн тойрон лам нар ном уншиж байх бөгөөд Чойжингийн хэлмэрч лам тусгайлан байдаг. Тэр лам Чойжингын сунганд толгойгоо хүргэн чагнаж аврал айлдыг дамжуулдаг. Тэндэх лам Чойжингын сахиусыг залах номыг уншихад тэр нь оршилоо гэж хэлхэд 2-р хүн Чойжингын дуулгыг өргөж тэргүүнд нь өмсгөнө. Тэгээд Чойжин сэлэмээ түшин босож сагалдаргаа унжуулан цамнан зүүн баруун дэгдэн цамнаж, сэлмээ цавчилан, үзүүрийг нь эвхэн зангидаж шидэлнэ. Тэр үед хэлмэрч лам суганд нь тулж аврал айлтгаж хүмүүс мэдээлнэ. Ингээд бууж дуусах үед сэлмээ газар шаан, хөдөлгөөн нь намдан сулрахад араас нь хоёр хүн түшиж авна. Тэгж бууж байх үед амнаас нь цагаан хөөс цахран байдаг. Ингээд хэсэг байгаад ухаан орж, дуулга тайлаад хуучин хэвэндээ ордог байна. эдүгээ ч 14 далай ламын дэрэг Найчүн гэдэг Чойжин ажилладаг байна…Мөн хүний хувийн хэргийн төлөө буудаг Чойжин лам нар одоо ч монголд байдаг билээ…

  • Хасар удмынхан хэнд зүтгэсэн бэ?

    Үүнээс нааш ч олон бий бөгөөд тэдний нэг нь Англи, Францын хүчирхэг флот, армид чухам монгол дайчны ур чадварыг гайхуулсан бахдам хавтай цохилтуудыг удаа дараалан өгч явсан алдарт Сэнгэринчин жанжин юм. Тэр бол Хасарын хорин зургадугаар үе нь болно. Зөвхөн нэгнийх нь тухай л бичихэд дээд өвөг Омог босоо Хавт Хасарын түүхээс огтхон ч үл дутах яруу сайхан зохиолын бэлээхэн сэдэв, “түүхий эд” бий дээ. Хавт Хасарын тухайгаар эхлүүлсэн романаа цааш үр хойчисийнх нь бахдам нууцлаг түүхээр үргэлжлүүлэн бичиж чадах хүмүүн чухам өөрөө мөн билээ хэмээн эрхэм зохиолч нөхөр Ж.Заяабаатарт сануулахын ялдамд, дараагийн романыг нь найдан хүлээж буйгаа уламжилсу.
    Омог босоо Хавт Хасар” романы тухай олон зүйлийг өгүүлж болох билээ. Түүхэн зохиолд түүхэн бодит үнэн, уран сайхны давс хужир хоёрын тун банг тааруулна гэдэг амаргүй. Түүхэн үнэний тун ихэдвэл зохиол биш түүх бичлэг болж орхино. Харин уран сайхны давс нь хэтэрвэл түүхээ гүтгэн гүжирдсэн хэрэг болно. Харин энэхүү романд тэр зааг, хэмжээ, чанарыг гайхалтай сайхан тааруулсан. Ялангуяа Хавт Хасарын омог босоо оршсоны нууцын тунг тааруулж ч, тайлж ч чаджээ. Монголын Нууц товчоонд өгүүлэхээс төдийлөн зөрөхгүй атлаа, тэнд байх бяцхан өгүүлбэрийг ч бүрэн дүүрэн өгүүлэмж болгон бүтээж чадсан байх юм. Тэгээд түүнээ өвөрмөц сонин өнцгөөс тайлан илэрхийлнэ. Энэ бол уран бүтээлчийн ур чадвар.
    Ер түүхэн зохиолын гол мөн чанар нь түүхийн алив үйл явдал хийгээд түүхэн хүнийг шинээр нээн, нууц зангилаа бүхнийг уран сайхнаар тайлах явдал юм. Бид Өвөр Монголын алдарт жүжигчин Г.Баасангийн гол дүрийг нь бүтээсэн “Чингис хаан” олон ангит киног дуртайяа үздэг. Хүний сэтгэлийг татаж чадсаны нэгэн учир нь түүхээ яс барьсан ч, тэр түүхэн үнэнийхээ хүрээн дотор гайхалтай сайхан уран сайханжуулж чадсаных юм. Ж.Заяабаатарын “Омог босоо Хавт Хасар” роман ч мөн үүн лүгээ адил. Түүнээс гадна яруу сайхан хэл найруулга, дүр дүрслэлийг эл романы хуудас бүрээс үзэж болно.

    “…Хасар хаврын тарчигт ихээхэн туйлдсаар хүрч иржээ. Цаг ямагт дүрэлзэн жийхайж байдаг жартгар бор нүдийг нь үүлэн цайвар нулимс бүрхэж, сахалтай уруул нь чичрэх аж…” /223-р хуудас/ Энэ хоёр өгүүлбэрээс Балжун нуурт ахыгаа олж ирж буй Хасарын дүр төрх нүднээ харагдах шиг болно.

    “…Хасарын цэргүүд далай руу хошууран орсон элсэрхэг зөөлөн эрэгт тулж ирэх үес огторгуйг зэгэл үүлс бүрхээд, их усны цав цагаан хөөс алгадан цахлай шувууд шуугилдан нисэлдэх авай. Эрх дураараа, дэндүү зоргоороо, бүгдийн эсрэг ганцаараа тэмцэлддэг эрх чөлөөт, хар толгойт шувуухай салхи хүсэн тэнгэрт чарлалдсаар…” Энэ цахлай шувуудын тухай дүрслэл бараг л дэндүү зоргоороо, дэндүү эрх дураар, омог төгөлдөр Хасарын өөрийнх нь дүр төрхийг дамаа өгүүлэх мэт. Хасарыг яагаад “Хавт” хэмээдэг билээ? Хавтай бахтай байх нь сүр жавхлан, зориг чадлын илэрхийлэл билээ.
    Энэ мэт олон сайхан жишээг дурдан өгүүлж болно. Хавтай бахтай, омог босоо Хавт Хасартаа зориулан Монгол түмнээс босгосон яруу сайхан, утга төгөлдөр үгэн хөшөө болжээ хэмээн энэхүү романы тухай тун товчоор үнэлж болно

    ХАСАР

    https://mn.wikipedia.orgвэбсайт дээр тэмдэглэгдсэн өгүүллээс…

    Бага нас

    Жочи Хасар нь Чингис хааны эх эцэг нэгтэй гурван дүүгийн нэг байсан. Тэрээр нум сум харвахдаа чадварлаг сайн байсан учраас түүнийг мөн Хавт Хасар гэж нэрлэдэг байсан. Хасарыг хүүхэд байхад нь тайчуудын жанжин Таргутай Хирилтуг гэр бүлийнх нь хамт Боржигон овгоос хөөж явуулсан. Хоол хүнс ховор байсан бөгөөд түүний эх нэгтэй дүү Бэxтэр хүнс хулгайлсан учраас Хасар ах Тэмүжингийн хамт Бэхтэрийг найман шарга адуугаа хариулж байхад нь хоёр талаас нь угтаж харван алсан.

    Идэр нас

    Тэрээр 1179 оноос эхлээд Чингис хааныг их улсаа төвшитгөн, нэгтгэх хүртэл хорь гаруй жилийн туршид хүчин зүтгэж байсан. 1203 онд хаан ахтайгаа эв түнжин хагарч сарнисан үед, Хархалзан элээт хэмээх газар Монгол, Хэрэйдийн цэргийн хүчин хоорондоо байлдаж, Чингис хан зүүнш ухарсны дараа Хасар тэргүүтэй Монгол өрхүүдийг Хэрэйдийн их цэрэг хураан авсан. Чингис, Хасар нар дахин нэгдэж Ван хааныг туулын Хар Түнийн шугуйд бүхүйд нь хумин авч довтлоод эзлэн авчээ.

    Өмч газар хүртсэн нь

    Чингис хаан эх нэгтэй дүү Хасар, Хачиун, Тэмүгэ, Бэлгүтэй нарт Их Монгол улсын зүүн захад нутаг олгож, зүүн жигүүрийг бүрэлдүүлсэн бол гурван хүү Зүчи, Цагадай, Өгөдэй нарт баруун захын нутгийг өгч баруун жигүүрийг байгуулсан. Баруун жигүүр баруун тийш үлэмж хэмжээгээр газар нутгаа тэлсэн боловч зүүн жигүүрт тийм их эзлэх газар байгаагүй. Баруун жигүүрээс ялгаатай нь зүүн жигүүрт Хасар, Хачиунаас илүү Тэмүгэг илүү дэмждэг байсан. Хасарын улс (ард түмэн болон хоёрдугаарт газар нутаг) Тэмүгэгийн улсаас хавгүй жижиг байсан. Түүний анхны газар нутаг Хянган уулсын баруун тал байсан бөгөөд Эргүнэ мөрөн, Хайлар мөрөн болон Хөлөн уулаар хүрээлэгдсэн байжээ. Хятадыг байлдан дагуулсаны дараа Хасарын удмын ноёд нэмж Шаньдун болон Жяньши мужуудад тус тус хувь газар хүртээж өгсөн.

    Залгамжлагчид

    Хасарыг түүхэн сурвалжуудад 40 орчим үр хүүхэдтэй гэж бичсэн байдаг. Харин түүхэнд нэр дурьдсан нь Егү, Есүнгэ, Тогу нарын нэрс тодорхой үлджээ. Хасар, Хачиун, Тэмүгэ зэрэг ноёдын удам нь Жалайр, Хонгирад, Ихэрэс, Үжээд, Мангууд зэрэг таван хүчирхэг аймагтай ижил хэмжээнд очиж, зарим үед тэдгээрийг өөрсдийн харъяанд багтааж байв. Эдгээр удамынхныг ихэвчлэн Тэмүгэгийн удмын ноёдууд удирддаг. Аригбөх хааны тэмцэлийн үеэр энэхүү гурван ноёдын удам Тэмүгэгийн ач хүү Тачарын удирдлага дор Хубилайг (Чингис хааны ач хүү) дэмжсэн.Түүнийг нас барсны хойно Егү залгамжилжээ. Түүний дараа Хасарын ноёдын дунд гурав дахь гэр бүлийн тэргүүн Есүнгэг Хубилай хаан сонгож баталгаажуулсан байна. Тэрээр Хасарын хүү бөгөөд ах Егүгээ залгамжласан. Тэрээр Есүнгэгийн бичээсийн (хуучин чингисийн чулуу гэдэгээрээ алдартай) баатар юм. Энэхүү ноёдын удамыг Есүнгэгийн хүү Эсэн Эмүгэн залгамжласан бөгөөд дараа нь Эмүгэний хүү Шидур залгамжласан. Хэдийгээр Шидур Тэмүгэгийн ачинцар Наянгын удирдсан Хубилайн эсрэг бослогод оролцсон боловч энэхүү ноёдын овог ямар нэгэн самуунгүйгээр үлдэж чадсан. Зургаа дахь тэргүүн Бабушад 1307 онд Хайсан Хүлүг Хаан Чин ван цол хүртээсэн. Эх сурвалжаас харахад Хасарын удамын ноёд эзэнт гүрэн Хятадаас гарсны дараа ч гэсэн энэхүү цолыг хадгалсаар ирсэн. Хасарын үр удам монголын эзэнт гүрний бусад хэсэгт ч гэсэн хүчирхэг хэвээр байсан. Жишээ нь Хасарын удамын Тугайтөмөр, XIV зууны дунд үед Ил ханы улсын хан ширээний төлөө өрсөлдөгчдийн хамгийн сүүлчийн хүчирхэг нэгэн байсан.

    Хасарын удмын нэг ноён Мин улсын цэргүүдээс хамгийн сүүлчийн Их хаан Тогоонтөмөрийг хамгаалах гэж яваад алагдсан гэж мөн нотолдог. Монголчууд Хятадаас ухарсны улмаас үүссэн үймээн самуунаас болж Юань гүрний сүүл үеэс зууны дунд үе хүртэл Хасарын удмын ноёдод юу тохиолдсон нь тодорхойгүй байдаг. Монголын он тооллын бичигт Хасарын үр удмын талаархи зарим нэг тэмдэглэл байдаг боловч тэдгээрийг түүхчид ихэвчлэн буруу ташаа мэдээлэл гэж үздэг. Ялангуяа Мэргэн Гэгээний зохиосон Алтан Товч (Лувсанданзангийн Алтан товчтой андуурч болохгүй) Хасарын удмын ноёдын нөлөөг хэтэрхий дөвийлгөсөн байдаг. Учир нь үүнийг зохиогч нь өөрөө Хасарын удам юм. Өнөболдын тухай өөр нэг алдартай түүхэнд тэрээр Мандуул хааны бэлэвсэн эхнэр Мандухай хатанд гэрлэх санал тавьсан боловч Мандухай түүний оронд Чингис хааны удмын балчир хүү Батмөнхыг (Даян Хаан) сонгосон гэдэг.

    Хасарын угсааныхны эзэмшил

    Болунай, Хорчин Монголчуудыг удирдаж Хянганаас зүүн тийшхи нутгийг захирч байсан. Түүний үр удам Манж Чин гүрний захиргааны Жиримийн чуулганы Хорчин, Жалайд, Дөрвөд, Горлос, Зуу Үд чуулганы Ар хорчин, Улаан Цав чуулганы Дөрвөн Хүүхэд, Муу Мянган, Урад аймгуудыг багтааж байсан. Тэдний дундаас Хорчингын ноёд Манжийн сүр хүч нэмэгдэж байсаны эхний үед эзэн хаан Айсан Гиорогийн гэр бүлтэй ураг төрлийн холбоо тогтоож Чин гүрэний ноёрхолын туршид дээд түвшиний ноёдын цол хэргэмтэй байсан. Хэйлонжиан мужийн Дөрвөн аймаг 1624 онд Чин гүрэнд дагаар орж Хасарын үр удамынханы удирддаг Жиримийн чуулганы нэг туг болж зохион байгуулагдсан. Горлосын хошуу мөн Хасарын үр удам удирддаг байсан.

  • Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утга

     

    Улаан зосон ХАС буюу Монгол нутгаас олдсон хамгийн эртний хас

    “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн …хээтэй вааран сав олдсон… Энэ хээтэй вааран савыг манай орны Улаанхад хотын Аухан хошууны Ши Пин шан уулнаас уудлан гаргасан…” гэж өвөр Монгол судлаач Солонгууд Б.Буян /Эртний зоосон дээрх наран шүтлэгэт зургийн тухай/ бичсэнийг хальт уншихдаа Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байна гэж ихэд олзуурахсан сан.

    Судлаач маань тэр нь ямар овог аймаг болохыг мэдсэнгүй ч, хятад маягаар цөөн тоот үндэстэн гэсэн нь ч, тэр ваар хаанаас гаралтайг дурдаагүй нь ч хамаагүй л дээ. Гагцхүү судлаачийнхаар бол хүн төрөлхтөн чулуугаар оролдон эхэлж байсан тэр үед Монгол нутагт ваар шатаадаг хөгжлийн нэлээн дээд шатанд гарсан овог аймаг байсан болж таарч байгаа нь үнэндээ хачирхалтай болж ирэв. Шинэ чулуун зэвсгийн үе гээд байдаг, тэгсэн мөртлөө 4500 жил гээд байдаг. Цаг хугацааны хувьд бүр олигоо алдав.

    Чулуун зэвсгийн үе нь хоёр сая жилийн өмнөөс 6000 жил хүртэл үргэлжилсэн. Шинэ чулуун зэвсэг гэхээр хоёр сая жилийн өмнөх юм болох гээд байдаг. 4500 жил гэхээр Хүрэлийн үе рүү давхиад орчих гээд байдаг. Гэвч нэг тийм ваар олдох нь олдож. Нийтлүүлсэн зургаас үзвэл энэ нь нар буруу эргэсэн, чингэхдээ үзүүрийг давхар эргүүлсэн хас байна.

    Тэгтэл хас судлаач М. Энхпүрэвийн “Монгол хасын эх орон” номноос . .Доктор Д.Цэвээндорж Увс аймгийн Зүүн хангай сумын нутаг Зураагийн хошууны өвөр талын таван том улаан хадны дундаас эртний хүмүүсийн 7000 жилийн өмнө улаан зоcoop зурж үлдээсэн хас тэмдгийг нээн илрүүлжээ” гэж бичсэнийг олж үзэв. 7000 жилийн өмнө… Энэ нь харин Монгол нутгаас олдсон хамгийн эртний хасын тухай мэдээлэл байлаа. Дархан хотын орчмоос морин толгойг нар буруу эргүүлэн сийлсэн хас бүхий буган хөшөө олдож.

    Буган чулуун хөшөөг хуучин чулуун зэвсгийн төгсгөл, Хүрэлийн үе рүү эрдэмтэд хамааруулж байгаа. Чингэхлээр энэ буган чулуун хөшөөн дээр байгаа хас нь 6000-аас 5000 жилийн өмнөхийн юм болж таарч байх шиг.

    “СВАСТИКА” буюу Энэтхэгчүүдээс хас үүссэн гэнэ

    Эртний энэтхэгчүүд хоёр гараа энгэртээ зөрүүлэн мэнд усаа мэдэлцдэг аж. Энэ мэндлэх заншлаас хас үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, энэтхэгчүүдийн свастика/svastika/ гэж нэрлэдэг хас нь зөрүүлсэн хоёр гарын дүрс юм байна. Хас нь тэрхүү свастика гэдэг нэрээр дэлхийд тархжээ.

    Гэтэл Монголд түүнийг хас гэнэ. Свастика нэрийг Монголчууд зээлдсэнгүй. 7000 жилийн өмнө хас дүрслэж байсан Монголын дээдэс үлийгээ хийж гаднын үгийг авах билээ. Харин 7000 жилийн тэртээд энэтхэгчүүд гараа цээжиндээ зөрүүлж мэндэлдэг байсан болов уу.
    Свастика гэдэг нь самигардиар “сайн сайхан, оршихуй” гэсэн хоёр язгуураас бүтжээ. Иймээс сайн сайхан байдал, элбэг дэлбэг байдал гэсэн утга илтгэдэг аж.

    “Хаос бол хас мөн” буюу манай мэргэд хасын тухай юу айлддаг вэ?

    Хасын судалгааны салхийг хагалсан хүн бол Ч. Эрдэнэ гэж бодож байна. Тэрвээр “Их гурвалжин” номдоо “Хас нь угтаа ертөнцийн томъёо, тэр тусмаа орчлонг үүтгэгч хосмол, нэгдмэл ерөнхий/универсиум/ язгуур зарчмын загвар юм…Орчин цагийн шинжлэх ухааны гол объектын нэг нь хаос төлөв бөгөөд учир нь энэ хуйларсан
    замбараагүй төлөв хэрхэн хар аяндаа зохион байгуулагдах процесс, зүй тогтол нь нэн сонин байгаа юм. Тиймээс Хас маань материйн өөрөө эмхлэгдэн зохион байгуулагдах зүй тогтлын томъёолол эцэстээ мөн” гээд Хаос бол Хас мөн гэсэн гаргалгаа хийжээ.

    Гэхдээ чухам яагаад гэдэг үндэслэлийг үнэмшилтэй гаргасангүй юу даа гэж бодмоор. Хасын судалгаа руу ханцуй шамлан орсон хоёрдох хүн бол М.Энхпүрэв юм. Тэрвээр “Мөнх тэнгэрийн хасбуу”, “Монгол хасны эх орон” гэсэн хоёр ч ном бичжээ. Түүний “Монгол хасны эх орон” номдоо бичсэн нь: “Миний бие …хаадын итгэл үнэмшил, шүтлэг бишрэлийн дээд идеал болсон мөнх тэнгэр нь Монгол угсаатны гүн ухаан, онол сэтгэлгээний цогц мэдлэгт үндэслэсэн гэдгийг товчоолон гаргахыг зорьсон болно.

    …Энэхүү идеалист гүн ухааны мөнх тэнгэрийн санаа зориг хэмээх ойлголтыг нар зөв эргэлттэй хас, мөнх тэнгэрийн ивээлийг нарны эсрэг хөдөлгөөнтэй хас дүрсээр төлөөлүүлэн бэлгэдэж байсныг хэдэн жилийн харьцуулсан судалгаагаараа гаргаж тавьсан болно” гэжээ. Гэтэл энэ санаагаа ягштал баталсангүй юу даа гэмээр. Гэхдээ өөр бичсэн өгүүллүүддээ гаргасан, түүнийг нь молхи би уншаагүй байж болно л доо.

    Бас ӨвөрМонголын судлаач Буян дээр дурдсан өгүүлэлдээ бичихдээ: “Шинэ чулуун зэвсгийн үед, одоогоос 4500 жилийн өмнө ӨвөрМонголын зүүн хэсэгт оршин амьдарч байсан балар эртний өвөг дээдэсчүүдийн хас хээтэй вааран сав олдсон нь тухайн үе дэх нарыг шүтэж байсан гэдгийн тусгал байжээ” гэж шув шулуухан дүгнээд “Нарны гэрлийг эрт дээр үед хас хээ зургаар илтгэж байсан гэдэг маань найдвартай болно” гэж их л итгэл төгс өгүүлээд, харин яагаад гэдгийг баталсангүй.

    Зүрхний тамга буюу хасын тухай гадныг мэргэдийн айлдсан нь

    Үнэндээ гадаадын мэргэний бичсэн бие даасан өгүүлэл олж үзэж чадсангүй. Гэхдээ хоёр гурван нэвтэрхий толь шүүрдсэнээс хамгийн сонин тайлбартай нь орос В.Андреева, В.Куклев, А.Ровнер нарын найруулсан “Энциклопедия символов, знаков, эмблем” байлаа. Энд нэлээд хэдэн тайлбар оруулжээ. Эдгээрээс онц сонирхолтой ганц хоёр тайлбарыг орчуулан сийрүүлсү.

    “Эртний нарны тэмдэг хамгийн балар үеийн тэмдэг бөгөөд нүдээр харахад Дэлхийг Нар тойрон эргэж байгаа хийгээд жил дөрвөн улиралд хуваагдаж байгааг зааж байгаа юм. Нарны жилийн хөдөлгөөн ба өвөл зуны хоёр тэнцэтгэл өдрийг тэмдэглэж байгаа юм. Мөн ертөнцийн дөрвөн зүгийн утгыг илэрхийлж байгаа болно.. .Нар зөв эргэлттэй хас нь материйг эрхшээх, материйг жолоодох/ёогт биеэ хөдөлгөөнгүй барьдаг шиг/-ын тэмдэг юм. Нар буруу эргэлттэй хас нь биеийн болон зөн билгийн хүч суларч, дээд хүч нэвтрэхэд саад учирч байгааг илтгэдэг. Энэ чиглэлийн хөдөлгөөний үед механик, газрын талыг эрхэм болгодог гэжээ.”

    Энэ нь бас эзотерик буддизмын тэмдэг бөгөөд энэ үүднээс “Зүрхний тамга” гэж нэрлэгддэг аж. Бурхан багшийн зүрхэн дээр хасыг дарсан учраас тэгж нэрлэдэг гэж домогт өгүүлжээ.

    Түмэн наст хээ буюу Мөнх тэнгэрийнхээ бэлгэдэл дээр Монголчууд гишгэлээ гэж үү?

    Мэргэдийн айлдаад байгаа шиг хас нь Мөнх тэнгэрийн бэлгэдэл, нарны бэлгэдэл юм бол Монголчууд дээр нь гишгэх үү. Монголчуудын хувьд тэнгэр, эзэн Чингисийн үеэс мөнх тэнгэр нь орой дээрээ тахиж байсан шүтээн нь байлаа. Монголчууд, Хөх түрэгүүд Нарыг Мөнх тэнгэрийн хөвгүүн гэж шүтэж байсан. Энэ нь Чингис хаан Гурван мэргэдэд хөөгдөж, Бурхан халдунд бүгээд, буухдаа “гараа өвчүүндээн мөөлдөж, наран зүг есөнтөө сөгдөж сацал, өчүүл өргөсөн”-өөр нутлагдана.

    Чингис хааны маань мөнх тэнгэрийн үзэлт (тэнгэр-эрхэт тэнгэр-мөнх тэнгэр-мөнх тэнгэрийн хүч) өөрийнх нь ач Хувилайн дэлгэрүүлж эхэлсэн (бурханы сургаалд дийлдтэлээ 174 жил буюу Тогоонтөмөр хааныг дуустал оршсоор байсан юм. Өөрөөр хэлбэл, Монгол хаадын зарлиг “Мөнх тэнгэрийн хүчинд, Их суу залийн ивээлд” гэдэг үгээр эхэлж байсан юм. Хамгийн сүүлд Тогоонтөмөр хаан зарлигаа ингэж титэмлэсэн байдаг.

    Үүнээс хойш энэ агуу үгс хаадын зарлигаас арчигдсан байдаг. Гүег хааны тамганы бичээст “Мөнх тэнгэрийн хүчин дүр. Аюутугай, биширтүгэй” гэжээ. Мөн Монголчууд наран тайлга хийж байсан. Энэ нь мөн Бурханы шашины зан үйлд түрэгдэн баларсан боловч баярлууштай нь Баянхонгор аймгийн Баруун Богд уулын тайлгад нэр нь үлдсэн байна. Наран тайлга гээд бурханы шашны ном уншиж байгаа боловч энэ нь Монголд наран тайлга байсны гэрч болж байгаагаараа гайхамшигтай. Ийнхүү мөнх тэнгэр нь ийм олон жил Монголчуудыг эзэмдэж байсан шүтээн гэдгийг нутлаад байхын хэрэггүй.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Монголчууд ширдгээ түмэн наст хээгээр ширж гоёдог. Хас бол түмэн наст хээний нэг махбод гэдэгт эргэлзэх хүн үгүй. Гэтэл бид ширдэгэн дээрээ гишгэнэ биз дээ. Ингэхлээр хас дээрээ гишгэж байна. Мөн хас дөрөө байна. Бид хас дөрөөгөө дөрөөлж мориндоо морддог. Ингэхээр /Таамнал/ бас л хас дээрээ гишгэж байна гэсэн үг юм.
    Монголчууд нарыг бэлгэдэж хийсэн тоонон дээгүүрээ харайдаггүй. Нарны сацрагийг бэлгэдсэн унин дээгүүр алхдаггүй. Чингис хаан маань “Миний дээр малгай л байна” гэж нэг айлдсан нь бий. Монголчууд малгай дээр гишгэх нь байтугай газар тавьдаггүй. Сүүлд бид бурханы шашинд орсны дараагаар Оройн дээд Очирдар гэх юм уу Бурхан багшийг орой дээрээ залах гэх зэргээр ярьдаг болсон.

    Орой дээрээ залдаг Бурхан багшийн хөрөг, дүр дээр Монголчууд хэзээ ч гишгэхгүй, гишгэвээс алдас болно гэж үзнэ. Бид төрийнхөө сүлдэн дээр бас гишгэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл төр бидний дээр байгаа. Хэрэв хас Мөнх тэнгэрийн бэлгэдэл юм бол яагаад бид түүн дээр гишгээд байгаа юм бэ.

    Мөнх тэнгэрийн хөвгүүд буюу тэнгэрийн бэлгэдэл юу вэ?

    Нарны дүрс гэдгийг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Бүүр балар цагт босгосон буган чулуун хөшөөний оройд сийлсэн нарны зураг үүний баталгаа мөн. Буган чулуун хөшөө гурван янз буйгаас нэг нь цулгуй, хоёр нь сийлбэртэй. Шувуун хошуутай буган хөшөөний оройд ч Монголчуудын бүх шүтлэгтэй холбоотой бухтай хөшөө, зэр зэвсэгтэй /нум сум, чинжаал хутаг/ хөшөөний оройн аль алинд нь нар дүрсэлсэн байна.

    Эртний Монгол, хөх түрэг угсаатан нарыг мөнх тэнгэрийн хөвгүүн гэж үздэг байсан Безертинов/. Мөн буган хөшөөн дээр нар дүрсэлснийг хүний тэргүүн гэж үзэх археологчид бий. Алтан ордны улсын Тогтох хааны зэс зоосны ард наран дотор хүний нүүр дүрсэлсэн нь түүнийг баталж байж магадгүй. Энэ нь нарны хүнчилсэн дүрс байж болно.

    “Хөдөлгөөнгүй мөртлөө хөдлөж байгаа дүрс” буюу хас эргэлдэж байгаа зүйлийг бэлгэддэг

    Хас мөнхийн хөдөлгөөнийг зааж байгаа талаар судлаачид санал нэг байна. “Хас тэмдгийг ямар ч хувилбараар зурсан, хөдөлгөөн, орчил эргэлтийг хүний санаанд буулгах увидастай. Хөдөлгөөнгүй мөртлөө хөдөлж байгаа дүрс” гэж Ч. Эрдэнэ бичсэн нь үнэхээрийн оносон дүгнэлт юм. Хас үнэхээр мөнхийн хөдөлгөөнийг илтгэж байдаг. Чингэхээр хас эргэлдэж байгаа нэгэн зүйлийг бэлгэдэж байгаа нь тодорхой юм.

    Тэр эргэлдэж байгаа юм нь юу вэ. Дэлхий буюу эртний Монголчуудын нэр томъёогоор бол Этүгэн эх гэж молхи би мунхаглаж байна. Хэдийгээр харьцангуй ойлголт гэж болох боловч Дэлхий тэнхлэгээ мөнх эргэж байдаг гэж хэлж болно. Иймд молхи би Хас бол Этүгэн эхийн бэлгэдэл гэж таамнаж байна.

    Чингис хааны сүлд буюу “тэнгэр газраа хүч нэмэгдэж…”

    “Монголын нууц товчоон”-д Тэмүжин Гурван мэргэдийг ялсны дараа Тоорил, Жамуха хоёрт “Эрхт тэнгэр нэрийдэж, Эх этүгэнээ хүргэж..гэж хэлж байдаг. Мөн Хамаг Монголын хан болоод нөхдөдөө “Тэнгэр газарт хүч нэмэгдэж игээгдвээс…” хэмээн бас өгүүлж байдаг. Ингэхээр Чингис хаан Тэнгэр, Этүгэн эх гэсэн хос шүтээнтэй/ dualism/ байсан нь тодорхой байна.

    Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, өнгөрсөн зун Монголын хаадын зоос цуглуулагч, судлаач Б. Нямаагийн “Монгол Улсын гүйлгээний мөнгөн тэмдэгт” гэсэн гайхамшигтай номыг олж үзсэн юм. 1227 онд Самаркандад дэлдсэн, ар талдаа Чингис хаан, Чингисийн мөнгө гэсэн араб бичээстэй, нүүрэн талдаа оройн хэсэгтээ, нуман тамганы дээд талд одоо бидний ширээтэй онги гэж нэрлэдэг тамга бүхий зоосны зургийг уг номонд тавьсан байлаа.

    Тэр ширээтэй онгийг Чингис хааны сүлд нь энэ биш үү хэмээн дуу алдав. Тийм ээ, энэ нь Чингис хааны буюу Их Монгол Улсын сүлд яах аргагүй мөн байх учиртай. Тэгээд бэлгэдлийг нь тайлах ухааны юм болов. Бидний “онги” гэж нэрлээд байгаа дугуй цагираг бол, мэдээж, нарны дүрс юм. Х.Пэрлээ гуай “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” бүтээлдээ онгин тамгыг наран тамга гэж нэрлэсэн нь түүнийг батална.

    Энэ талаар маргах хүн ховор биз. Гэтэл бидний “ширээ” гэж нэрлээд байгаа тэр хайрлага, түүний чанх голд перпендикуляр буусан босоо хайрлага юу вэ, юуг бэлгэдэнэ вэ. Муугаа мэдэхгүй толгойгоо гашилгаж эхпэв. Их хааны дуализм л сэтгэлд буугаад байлаа. Тэр хайрлага Этүгэн эхийг бэлгэдэж байгаа юм биш биз. Гэхдээ яагаад хайрлага /зураас/ гэж Нямаагийн номыг цааш нь ухлаа.

    Хариугаа олох шиг болов. Тэр хайрлага бол Хасын, чингэхдээ битүү хасын/+/ махбод/элемент/ байна гэж тархи руу харвав. Алтан ордны улсын эрт үеийн мөнгөн зоосон дээр Бат хааны хөлтэй ширээ бүхий онгин тамга байна. Мөнхтөмөр, Тодтөмөр, Тольбуга, Тогтох зэрэг хаадын тамганд ч Батын сүлд төдий л өөрчлөгдсөнгүй буюу баруун хөл, зүүн хөлний үзүүрт зэтэр нэмэгдсэнээс өөр онцын өөрчлөлтгүй явж байснаа Бэрхэ хааны тамга буюу сүлд нь цувгаа дөрвөлжинтэй онги болжээ.

    Чингэтэл Сарай хотод дэлдсэн гэх нэгэн зэс зоосон дээр тэрхүү цувгаа дөрвөлжин голтой нар буруу эргэсэн өлзий хэлбэртэй хас урлажээ. Чингэхээр Алтан ордны улсын сүлд нь нар буруу эргэсэн буюу билиг хас байжээ. Хэрэв Хас Этүгэн эхийн бэлгэдэл гэдэг миний таамаг үнэн бол нар буруу эргэлттэй буюу эм байх учиртай. Манай дэлхий ч тэнхлэгээ нар буруу эргэдэг шүү дээ.

    Ялдар дурдахад, Кашгарт дэлдүүлсэн, он нь үл мэдэгдэх зэс зоосны ар талд нар зөв эргэсэн хас дүрсэлсэн нь бий. ӨвөрМонголын нэрт эрдэмтэн Сайшаал агсан “Чингис хааны товчоон” номдоо Говийн умардыг захирагч Гүнжийн тамганы дардасыг нийтэлжээ. Энэ тамганы голд Хас ина гэсэн үгийг Монгол бичгээр сийлсэн байна. Энэхүү “ина” нь инь, янь буюу арга билиг гэсэн үгийн инь буюу арга биш байгаа.

    Өөрөөр хэлбэл, “арга хас” гэсэн үг биш биз. Яагаад ингэж бодов гэвэл нэгд, ина. инь хоёр үгийн бичлэг төстэйгээс хоёрт. Чингис хаан Уйгарын Идагудад Алалтун бэхи охиноо өгөхдөө хэлсэн үгнээс ургуулсан болой. Чингис хаан охиндоо захихдаа: “Хатагтай хүн гурван эрт болой. Аль гурван эр хэмээвээс тэргүүн, төр эр буй. Түүний хойно нэр эр буй. Түүний хойно авсан эр буй. Гурван эр хэмээгдэх энэ.

    Төр эрийг хатуужваас нэр эр бэлэн эсхүү буй. Бэлэн нэр эрийг бэхлэвсээс авсан эр хол ангид, алс хэтэс хаана одох” /Лувсанданзан. Алтан товч/ гэжээ. Иймд төрийг арга гэж сэтгэж байсан юм биш үү. Тийм бол төрийг бэлгэдсэн тамга арга байх, төрийн тамгыг баригч нь билиг байх учиртай. Богд хааны зааны ясан хайрцагт нандигнан хадгалж байсан Чингисийн бөлзөгний хас хаашаа эргэлттэй байсныг Осендовский бичиж үлдээгээгүй нь юутай харамсалтай.

    Дашрамд хэлэхэд хааны сүлдний нарны доорхи одоо бидний ширээ гэж байгаа зураасыг зураас, ширээ гэж нэрлэж байгаагүй нь тодорхой. Нэг нэр томъёо байсан байж таарна. Магадгүй, эртний Монгол үгсийг хадгалж үлдсэн буриад, урианхай, дөрвөд аялгуунд байж ч байж мэднэ дээ. Ямартай ч, Монголчууд бид хааныхаа сүлдийг морин эрдэнийнхээ гуяан дээр авч үлдсэн баяртай.

    Хас дөрөө буюу хас дээр гишгэдгийн учир юу вэ?

    Түмэн наст хээ нь Этүгэн эхийн мөнх оршихын бэлгэдэл юм. Ер нь бол түмэн наст хээ нь хязгааргүй үргэлжилдэг хээ. Өөрөөр хэлбэл, энэ хээг үргэлжлүүлэн зураад байвал дэлхийг ч бүтэн бүрж болно. Түмэн наст хээгээр ширдгээ ширдгээрээ тэр айл гэр хотлоороо урт наслаж, удаан жаргах, айл гэрийн эв зангиа бөх бат байхыг бэлгэддэг. Энэ хээн дээр гишгэж байгаа нь Этүгэн эх дээр бат гишгэхийн бэлгэдэл юм гэж молхи би мунхаглаж байгаа юм. Дөрөөний улыг хасаар чимэглэдэг нь Монгол хүн дөрөөгөө бат жийж, эмээл дээрээ бат суухын бэлгэдэл мөн. Яваандаа хас нь бат бөхийн бэлгэдэл болон хувирсан байна. Үүнийг Хар-хүрэм хотын туурьнаас гарч буй тоосгон дээр нар буруу эргэсэн хас товойлгосон байгаа нь нутална. Өөрөөр хэлбэл, тэр ордон, харш, сүм нурахгүй, бөх бат байхын бэлгэдэл баих нь л дээ.

    Сүлд нь овоо буюу хас арвангурванын тоотой холбогдох нь

    Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт Сүлд нь хөх овоо гэж бий. Чингисийн цагаан сүлдийг тахиж байсан дагшин газар. Сүлд нь хөх овоо 13 овоотой. Голдоо сүмбэр овоо нь, дөрвөн талдаа дөрвөн тийшээ цацарсан дөрөв дөрвөн овоо. Өөрөөр хэлбэл битүү хасын хэлбэртэй. Ийм хэлбэртэй овоо гэвэл миний үзсэнээс Хэрлэн баян улаан уулын арван гурвын овоо юм. Энэ овоог Чингис богдын 27-ны сүүдэрт зориулж босгосон гэж домоглодог. Овоон хас дэлхийтэйгээ хамт нар буруу эргэж байдаг. Бид овоондоо мөргөхдөө нар зөв тойрдог. Энд арга билгийн нэгдэл болж байж мэднэ. Хас ийнхүү овоогоор дамжин арвангурвын тоотой холбогдож байж болзошгүй.

    Хасбууд өөрөө тодорсон хас гэсэн утга байгаа юм биш биз

    Нэгэнт хасын тухай өгүүлсэн болохоор хасбуу тамганы талаар бодлоо хэлмээр санагдав. Гэхдээ урьд нь нэг сонин домог сийрүүлсү. Чингис хаан хасбуу тамгаа Цагаадайд өгөхөд Өүлэн эх далдуур харамсч, хасбуу тамгыг хөхөндөө дарж, дардсыг нь авч үлдэн, тэр дардсаар хийсэн тамгыг Өгээдэйд өгсөн гэнэ.

    Миний бие 2011 онд ӨвөрМонголын Ордост явж байхдаа өвөрлөгч эрдэмтдээс хасбуу тамгыг сураглавал тэд “Лигдэн хааныг Хөх нуурын орчимд таалал барьсны дараагаар түүний хүү Эрххонгор Манжид Толийн цайдамд бууж өгөхдөө хасбуу тамгыг Манжийн хаанд өгсөн гэдэг яриа бий гэж тэд хариулсан. Тэгээд намайг Толийн цайдамд аваачиж уг газрыг үзүүлсэн.

    Үүнийг өгүүлэлгүйгээр домгийг үргэлжпүүлбэл, хасбуу тамгыг авсны учир Манжийн хаан хүчирхэг болсон гэнэ. Цагаадайд өгсөн тамга яаж яваад ч юм Оросын хааны гарт орж улмаар Оросын цагаан хаан хэндч дийлдэхээ байсан гэнэ. Ийм нэгэн хачин нууцлаг домгийг урианхай нарын дунд ярьдагийг сэтгүүлч Ш.Адьшаа түмэнд ил болгосон байсан. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, “МНТ”-д хас гэсэн үг ганц ч байдаггүй.

    Харин “Чингис хааны алтан товч нэртийн цэдиг” гэсэн сурвалж бичигт “Хас ордон”, “Хас их зарлиг”, “Эрдэнэт хас аяга” гэж гурав гарч байна. Хасбуу тамганы тухайд анх дурдаж байгаа нь, “Эрт төрөхүйд минь баруун гарт минь лусын орноос хасбуу тамга бурханы зарлигаар учирвай”. Энэ зохиолыг судлаачид 1330 оноос өмнө зохиосон байх гэж таамагладаг аж. Ямартай ч, Монголд бурханы шашин хүчтэй болж ирж байсан үед зохиогдсныг “хасбуу тамга бурханы зарлигаар учирвай” гэдэг өгүүлбэрээс мэдэж болно. Мөн хас гэдэг үг энд хийсвэр утгаар хоёр, бодот утгаар нэг гарч байна.

    Үүний дараагаар хасбуу тамганы тухай дурдсан хүн бол Саган сэцэн юм. Чингис хааны 22 дугаар үеийн удам Саган цэцэн хунтайж “Эрдэнийн товч” бүтээлдээ хасбуу тамга бүтсэн тухай сонин домог оруулжээ. Сийрүүлсү. . Тэмүжин хан хөвгүүн хорин найман насандаа шарагчин тахиа жилээ Хэрлэн мөрний хөвөөнөө Хөдөө аралаа хаан орноо суухуйд тэр өдрөөс урьд гурван өглөөд, гэрийн өмнө нэгэн дөрвөлжин цагаан чулууны дээр таван өнгөт болжмор мэт шувуу сууж, Чингис, Чингис хэмээн донгодсоноор дунд бүр дуурьсах нэр нь Суут богд Чингис хаан хэмээн хотол зүгүүдэд алдаршжээ.

    Тэнд тэр чулуун гэнэт бөгөөд өөсөөн хагарсан дотроос хасбуу нэрт хас тамга уртуулин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон агсан, жидэр нь сийлсэн мэт горвилон бүхий гарвай” гэжээ. Цагаан чулуун дээр таван өнгийн болжмор мэт шувуу донгодож байгаа нь энэтхэг домгийг санагдуулам. Яст мэлхийн дээр хоёр луу ороолдсон, үсэг нь сийлсэн мэт гэж байгаа нь Хятадын ханз үсгийг яст мэлхийний хуягны хээг дууриалган зохиосон гэдэг хятад домгийг санагдуулам.

    Гэвч эдгээрээс миний хамгийн сонирхсон нь цагаан чулуу өөрөө хагараад хасбуу тамга бүтэж байгаа явдал юм. Энэ нь соёмбу үсгийн үүссэн домгийг санагдуулаад байгаа юм. Соёмбу буюу Svayinbhy-г өөрөө тодорсон үсэг гэдэг. Самгарид хэлний бу(соёмбу, замбу) нь оршин буй, орон, дэлхий гэсэн утга заадаг аж. Бурханы шашины түүхийг бичсэн Саган сэцэн өөрөө тодорсон үсэг буюу соёмбу-г мэдэхгүй байх гэж үгүй. Учир иймд хасбуу-г өөрөө бүтсэн хас гэсэн утгатай болгох гэж эрмэлзсэн байж магадгүй юм аа. Ялдар сонирхуулахад, хасбуу тамга гарч ирсэн гэх домогт хад Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг. Нутгийн ард тийш гаднын хүн авч очих дургүй юм билээ.

    Чингис хааны сүлд буюу эргэсэн хасын утгыг тайлах гэсэн мөхөс оролдлого, таамнал ийм болой. Гэхдээ энэ нь Монголчуудын сэтгэлгээний үүднээс тайлах гэж оролдоход шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх аа. Сүлдийг мөнгө зоосон дээр тавьдаг уламжлал Монголчуудаас эхтэй байж мэдэх юм шүү.

     

  • Н.Нагаанбуу: 2016-2046 онд Монгол Улс дэлхийн хамгийн дээд үзүүлэлтэд хүрнэ61

    Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээсэй гэж боддог. Одоо 1 дүгээр сард 3 өдрийн баяртай болголоо гэж байгаа нь монголын биш буддын ёслол юм. Нөгөөтэйгүүр тэр баярын 3 өдөр нь баахан хүн архидаж, баахан хүн хөлдөж үхнэ. Энэ сайн юм биш.
    Тэгэхээр та удахгүй болох цагаан сараар шинэлэхгүй гэсэн үг үү?
    Нэг үг байдаг юм. Сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэж зурхайтай холбоотой зүйл байдаг юм. Сохор гэдэг нь хүрээнд сууж байсан манжийн амбан нь доголон хүн байсан юм билээ. Түүгээр золгож байсан чинь Богд хаан бошиг гаргаж Төвдийн Төгс буянтаар явахаар болгож өөрчилсөн юм. Энэ үеэс эхлээд монголчуудын өөрсдийнх намрын он тоолол дунд эргэдэхдээ хүрээнийхэн сохорын газар сохор, доголонгийн газар доголон явъя гэж хавар шинэлдэг ёсыг барьж байсан. Тухайн үед Богдын хуулиар хэрэв намар золговол 6 сарын пүнлүүг нь хасна, бага албан тушаалтнуудыг 2 бодоор торгоно, энгийн хүмүүсийг 80 удаа ташуурдана гээд монголын цагаан сарыг мартуулах гэж Манжийнхан, Богдийн Засгийн газар анхаарал тавьсны уршиг нь өнөөдөр намрын цагаан сарыг мартчихаад байгаа явдал.
    Монголчууд Аравтын тогтолцоогоор явах ёстой гэдгийг та дэмждэг. Яагаад?
    Анхдугаар Үндсэн хуулинд аравт, зуут, мянгатын тогтолцоог бичсэн байдаг. 1924 он хүртэл хэрэгжүүлж байсан тогтолцоо. Телевизээр монголд нам хэрэгтэй юу, хэрэггүй юу гэсэн нэвтрүүлэг явахыг харлаа. Тэгсэн чинь 34 нь хүн хэрэгтэй гэж байхад 70 хүн намыг үзэн ядаж хэрэггүй гэж зурсан байна. Миний бодлоор монголд эх оронч үндэсний үзэл хэрэггүй. Монголоо гэсэн чин сэтгэл, эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл бидэнд хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй. Үүний төлөө бүгдээрээ нэгдэж, 70 хүн суугаад 70-уулаа нэг зүйл бодоход гайхамшигтай ухаан гарна. Энэ монголыг сэхээх нэг үндэс нь.
    Монгол төрийн өнөөгийн төрхийг шинжвэл?
    Төр ард түмний итгэлээр тоглож байна. Сонгуульд худлаа амлаж байна. Худлаа амлалтаа хэрэгжүүлэх гэж төрийг самарч байна. Төрийн бодлого үзлээр явж болохгүй ээ. Онолоор явах ёстой. Нам байгаа бол намд онол байх ёстой. Өнөөдрийн энэ хэдэн нам дотор онол байхгүй. Зөвхөн идэж уухын төлөө арцалдсан хэдэн бүлэглэл бий болсон байна. Үүнийг нам гэж үзэж болохгүй. Дор нь баахан хүмүүс дамбийжаагийн тоодгор гэдэг шиг намын батлах авчихаад давхиад байдаг. Үр дүн нь ч өөрсдөд нь ирдэггүй. Тэгсэн мөртлөө хийрхэж ханахгүй цаг үе бий болчихоод байна шүү дээ.
    Гадаад дотоодынхон газрыг маань ухаад баялгийг нь авч хүртээд байна. Байгаль дэлхий эргээд ямар хариу барьдаг вэ. Газар хөдлөлт, байгалийн гамшиг үүнтэй холбоотой юу?
    Хүний хамгийн гол өмч бол эцэг итгэл, эх сэтгэл, үр зүтгэл юм. Би үүнийг л баялаг гэж итгэж явдаг. Байгалийг хөнөөж байгаа хүмүүс баяждаггүй юм өө. Түүх байдаг юм. Өнөөдөр баахан мөнгөтэй болоод л, тансаглаад л, ийш тийш нь мөнгө шилжүүлдэг юм. Гэтэл нэг хүний хэрэгцээ юу билээ. Би мөнгө ихтэй хүн гээд өглөө 3 хүний идэх хоолыг, өдөр 5 хүний идэх хоолыг идэж чаддаггүй л байхгүй юу. Би мөнгө ихтэй хүн гээд 3 давхар хувцас өмсөөд гэрээсээ гарвал өвчний уут, хүмүүсийн нүдний булай болно. Тэгэхээр хэрэгцээ бол ядуу, баян адилхан. Тийм учраас баяжина гэж байгаа, баяжсан хүмүүст би нэг л үг хэлдэг. Таван үеийн баян гэж байдаггүй юм гэнэ лээ. Баян хүн адгийн наад зах нь үрийн хоосрол болдог. 5 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй баян хүн дээр үед байгаагүй юм билээ. Баян хүмүүсийн үр удам байдаггүй юм шүү дээ. Ихэнх нь өргөмөл хүүхэдтэй байдаг. Чингисийн үеэс үлдсэн алт эрдэнэ эдлэл гэж байдаггүй юм шүү дээ. Тэгэхээр харийнханд оосорлогдоод, янз бүрийн бодлого шийдвэр гаргаад, монголоо хусрааж хоосроож байгаа хүмүүсийг хараад би өрөвддөг. Бизнесмен, УИХ-ын гишүүдийн зарим нь “энэ нэг юм зохиол, түүх яриад явж байдаг юм” гээд надад их зан гаргадаг юм. Гэтэл тэр өөрөө надад их жижиг харагддаг байхгүй юу. Үнэхээр тэнэг жижиг харагддаг. Алт, мөнгө, уурхай баялаг гэж байгаа хүмүүстэй би юу ярих юм бэ.
    Монголчууд газар доороо байгалийн баялаг нөөцтэй атлаа яагаад ядуу буурай, хөгжихгүй байгаад байна вэ?
    Хүн болгон гадны ямар нэгэн үзлийн золиос болчихоод байна шүү дээ. Ийм нөхцөлд хөгжихгүй. Тухайлбал чи хятадад нөлөөтэй, би орост нөлөөтэй байхад чи бид хоёр шийдвэр гаргах гэж хоёр тийшээ чаргууцалдана. Өөр бас нэг нөхөр казахын төлөө юм хэлнэ. Энэ дунд Монгол хохирсоор, хоосорсоор байгаад л дуусна шүү дээ. Түүнээс биш 3 сая хүн гэдэг бол томхон хотын хүн. Үнэхээр монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн төрийн тэргүүнд гарах юм бол монголыг хөгжүүлэх нь үдийн будаа шиг амархан ажил. Нөгөөтэйгүүр тэр байгалийн баялаг Нагаанбуугийн өмч болох гэж хэдэн зуун жил бүрэлдээгүй шүү дээ. Түүний эзэн бүх монголчуудад баялагийн өгөөж өв тэгш очиж байх системийг Монгол Улс олоогүй байгаа нөхцөлд уурхайн баялаг гэж солиорох нь гутамшиг. Гэхдээ өнөөдрийн зам үүнээс өөрөөр шийдэгдэхгүй. Яагаад гэхээр УИХ-ын 76 мангуу бол 76 шунал л байгаа. Тэдэн дунд монголоо гэсэн сэтгэлтэй хүн ээдээ цөөн шүү. Хэдхэн хүнд л итгэж харж явдаг. Хэрэгтэй цагт тэд нар маань бидэн шиг бодож, сэтгэж эргэж харах болов уу гэж бодож явдаг. Гэхдээ тэдэнд дээрээс нь унжиж байгаа зүйл маш олон бий. Энэ бол хэцүү хувь заяа.
    Чингис хаан хөх цэргүүдтэйгээ тэнгэрээс бууж ирж байгаа гэдэг ямар учиртай юм бэ?
    Тэнгэр гэдэг тархин доторх ертөнц гэж би дээр хэлсэн. Өнөөдөр дуучин Амараа ч юм уу хэн ч юм Хөх Монгол, Босоо Монгол гэх мэт янз бүрийн бүлгэмүүдийг хэлж байгаа юм. Энэ олон залуучуудын тархин дотор Чингис хааны, Чингүнжавын, Галдан хааны тэр юм өнөөдөр бууж байна. Цаг үе нь ирж байна. 30, 40, 50, 60, 70 онд ийм зүйл буухгүй, хорьчихсон байсан. Нам засаг, коммунист, зөвлөлт гэсэн яриан дундуур энэ ордоггүй байхгүй юу. Зай байхгүй байсан. Өнөөдөр ардчилал гарсан, юу ч хийж болно гэж бодоод байсан чинь Чингис хаан гэж баахан хийрхэж явсаар явсаар энэ биш байна гэдгийг одоо мэдэж байна шүү дээ. Үнэн мөн хэрэгтэй гэж. Тэр үзэл санаа сэргэхийг л хэлж байгаа хэрэг. Биетээр бууж байна шүү дээ.
    Тархин доторх ертөнцөө сэрээдэг хүний хувьд Монгол Улс хэзээ хөгжин цэцэглэж, хүн ардын нуруу тэнийх вэ?
    Миний “Итгэхүйн ухаан” номонд монголын эртний зурхайгаар зурж түүхэн он цагийн үечлэлээр гаргасан юм бий. Тухайлбал 360 жилийн давтамж байна. Жарны давтамж байна. Үүгээр хөөгөөд 1925 он дээр ирэхэд цикл нь өөдөө болдог. Үүнээс дээшээ жаран дотроо гэхэд 1986 оноос эхэлж 30 жил уруудах цикл байдаг юм. Тэр нь ирэх 2015 онд дуусна. Ингээд 2016 оноос эхлээд 2046 он хүртэлх 30 жил бол 1205 оны түүхэн үечлэлтэй давхцах гайхамшигтай 30 жилийн цикл бидэнд ирж байгаа. Хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэдэг шиг 2016 оныг үзэх хэрэгтэй. 2016 оноос 2046 он хүртэлх хугацаанд Монгол Улс нэг хүнд оногдох ДНБ болон өөр бас бус үнэлэмжүүдээрээ дэлхийд цулгар нь болж, хамгийн дээд үзүүлэлтийн үр дүнд хүрнэ. Зурхай гэдэг бол ид шидийн юм биш шүү дээ. Өнгөрсөн давтамж үечлэлүүдийг харьцуулж гаргадаг тоон ухаан. Үүгээр бол 2016 онд итгэ. 2016 оны сонгуулиар монголын ард түмэн хариуцлагатай байсан ч, хариуцлагагүй байсан ч, мөнгө тараасан ч, эс тараасан ч түүхэн хувь заяаны тулганы ам нээгдэнэ.
    Тэгвэл 2014 оны өнгийг хэрхэн харж байна вэ?
    Би ид шид ярих дургүй. Тэнгэр, газрыг шинжээд хэлбэл 2014 онд цаг агаарын хувьд нэг их муу муухай зүйл болохгүй. Яагаад гэвэл могой, морь хоёр жил маш эерэг сайхан жилүүд байдаг юм. Хоёулаа гэрийн хоймор зүгт байдаг жил. Түүхэнд могой, морь жилүүдийн зуулга маш сайн байдаг. Тэр л давтамжаараа явна. Дан могой жил гэвэл их хэцүү. Могой жилийн зуд гэж байна. Тэр бол 60 жилийн давтамжтай явж байдаг. Энэ удаад тийм зүйл байхгүй. Хүннүгийн үеийн тэмдэглэлд хүртэл бичсэн байдаг. Хятадын түүхийн эцэг Си Ма Чянь “могой, морь жилийг Умардын Ху нар ихэд шүт мой. Тэр жил нь тэдэнд сайн мой” гэсэн байдаг. Тэгэхээр Хүннүгийн үеэс эхэлж таатай байсан тэр он жилүүд юм.
    Ярилцсан: Ж.Дагийсүрэн