Category: Монгол үндэсний түүх

  • Монгол үндэсний хувцас

    Уран гоо бүсгүйчүүд
    Уужуу сайхан ташаа тавьж
    Учиг шингээж урласан
    Уурга барьсан адуучин
    Урам хайрлаж эдэлдэг
    Уламжлалт соёлоороо гайхуулдаг
    Утга төгөлдөр Монгол дээл
    Дэвсээд хэвтэхэд гудас
    Дэрлээд унтахад жинтүү
    Өрөөлдөөд нөмрөхөд хөнжил
    Өөдөсхөн үрсэд өлгий нь болсон
    Өнө эртний домог түүхтэй
    Өнөө цагийн гоёл Монгол дээл

  • Оюунтүлхүүр сургаал

    Бурхны шашинд амиа тавь
    Лам хүний эд малд бүү хүргэх мэт.
    “Оюунтүлхүүр” -ээс
    Хаан хүн хамаг эрхийг төгсгөвч
    Хайрлах сэтгэл үгүй болбоос
    Хамагт аргагүй хөнгөн болмой.
    Айл муут болбоос
    Харин төрхөмдөө буцаж буг болмуй.
    Түшмэл хүн есөн эрдмийг төгсгөвч
    Түвшин сайн энэрэлгүй болбоос
    Хорт чоно мэт жигшигдэхүйн тул
    Төв сэтгэлийг ихэд хичээ
    Арслан мэт ноёныг барс мэт түшмэл дагах
    Барс мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагах
    Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагах
    Чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагах тул
    Хамаг дор зовлон болмуй.
    Ер хүний ахуйн үйл яршигтай, амьтаны сэтгэлийг мэдэшгүй
    Зальхай хуурмаг аргатан олон тул тиймийг яахин баримталмуй.
    Тустай сайн санаагнасад хичээ, тустай сайн хүн ус мэт эелдэг
    Тун муу хүн мод мэд хөшүүн
    Ер хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт
    Хорин хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг
    Өнөр хүн эвгүй болбоос өнчин хүний элэг болох
    Олон хүн эвгүй болбоосоор цог хүний идэш болох
    Цувж явсан бараас цуглаж суусан шaаазгай дээр тул эв эеэнэн бэхлэгтүн
    2012-01-09 11:31:41
    Мэдээ оруулсан: Л. Номинчулуу

     

  • А.Амар “Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе”

    МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож Монголыг хаав. Жао улс Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
    Цинь Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан Цинь төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
    Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган эрт үеэс Ху хэмээн нэрлэж байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
    Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
    Чингисийн өмнөх 1367-1136 оны Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
    Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
    Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг Мэнгу хэмээн нэрлэж байсан ба МЭ 25 оны үед Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
    Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
    Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод уван цуван нийлсэн.
    Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.
    Манай монголын ерөнхий сайд асан түүхч Анандын Амарын “Монголын товч түүх” номноос .

  • 5-17. Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын “намын эсрэг” бүлэг

     

    МАХН-ын Төв Хороо, “Монголын урчуудын эвлэлийн хорооны ажлын тухай” /1969/ тогтоол гаргаж, “… сүүлийн 2-3 жилд манай зарим зураач үзэл сурталгүй бүтээл гаргах, хөрөнгөтний урлагийн хэлбэрдэх арга барилыг дуурайсан хийсвэр зураг зурсан нь уран бүтээлийн зарим ажилтан харш үзэл суртлын нөлөөнд ямар нэг хэмжээгээр автагдсаныг гэрчлэх баримт мөн”1 гэж тэмдэглээд, зураач О.Цэвэгжав, П.Балдандорж, Г.Дунбүрээ, Г.Соосой нарыг буруушааж арга хэмжээ авсан байна. Үнэн хэрэгтээ тэд уран бүтээлдээ шинийг эрэлхийлж, модернист чиглэлийг туршин үзэж байсан юм.
    1970 онд МАХН-ын Төв Хороо акадаемич Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толийн хавсралтын тухай” хэлэлцэж, “Мянган жилийн харьцуулсан хуанли”-д В.И.Ленин, VIII Богд Жибзундамба нарын төрснийг нэг зиндаанд дараалуулан бичих зэргээр ангич байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан, шашны болон үндсэрхэх үзэл бүхий зарим баримт сэлт оруулсан гэх мэтээр зэмлэн буруушааж, худалдагдсан цөөн тооны толийг хураан авч, номын худалдаанд байгаа толийн хавсралтыг салган авч устгасан байна. Гэтэл толийн эл хавсралт нь сахь эрдэмтний нөр их хөдөлмөрийн үр дүн, ард олонд түүхийн боловсрол, мэдлэг олгож, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой туурвил байсан бөлгөө.
    1976 онд Намын Төв Хороо “Залуучуудын үнэн”, “Улаанбаатарын мэдээ” сонинд нийтэлсэн, радиогоор нэвтрүүлсэн “харш үзэл бүхий найруулал”-ын тухай хэлэлцэж, Г.Жамъян, Г.Дугар, Ж.Дашдондог, Ц.Шийрэв, Ө.Цэдэндорж, Ж.Барамсай зэрэг 20-иод сэтгүүлчийг зөвлөлтийн эсрэг үзэлтэн болгон арга хэмжээ авсан байна.
    Интернационализмын далбаан дор үндэстэн ястны хэв заншил, өвөрмөц онцлогийг ч үгүйсгэж байв. Намын Төв Хороо “Интернационалч хүмүүжлийн ажлыг хүчтэй болгох тухай” /1978/ тогтоолдоо: “Баян-Өлгий аймагт зарим хүн, түүний дотор удирдах зарим ажилтан ч орон нутгийн явцуу, отог омгийн үзэлд автах, түүний илрэлтэй тэмцэхийн оронд эвлэрэнгүй хандах, интернационалч хүмүүжлийн ач холбогдлыг дутуу үнэлэх ноцтой дутагдал гаргаж” байгааг тэмдэглээд, хүмүүсийн ахуй, ухамсарт үлдэж хоцорсон хуучин нийгмийн явцуу отог омгийн үзэл нь МАХН-ын марксист-ленинист улс төрийн бодлого, интернационалч хүмүүжилд харш бөгөөд үндсэрхэх үзэлд хүргэх аюултайг анхаарч, түүний аливаа илрэл, хоцрогдол зан заншилтай шийдвэртэй тэмцэл явуулахыг заажээ.
    1980 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо “БНМАУ-ын түүхийн дээж бичиг”, “БНМАУ-ын түүхийн сурах бичиг”-ийг зохиосон эрдэмтэн Г.Сүхбаатар, Л.Жамсран нарыг Монголын түүхийн дээж бичиг бэлтгэхдээ “марксизм-ленинизмийн эх зохиолоос оруулалгүй”, хятад эх сурвалжийг голчилж, ангич, намч байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан хэмээн буруутган арга хэмжээ авч, судалгааны ажлаас нь хөндийрүүлж, алба амьдралаар нь хохироож байв.

  • МАЛ СҮРЭГ МИНЬ ЭНЭ ХЭТУУ ЦАГИЙГ ТУУЛАХАД Ч ТУС БОЛНО.

    Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
    Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
    Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
    Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
    Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
    Др. М. Найданхүү.

  • ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд

    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
    1. Монгол тууль
    2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
    3. Монгол цуур хөгжмийн урлаг
    4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
    5. Монгол уран бичлэг
    Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
    1. Луу алтан товч
    2. Монгол шунхан данжуур
    3. Есөн эрдэнийн ганжуур
    Хүн ба шим мандал хөтөлбөр:
    1. Монгол Дагуурын тал
    2. Дорнод Монголын тал
    3. Хустайн нурууны цогцолборт газар
    4. Говийнихдарханцаазатгазар
    5. Увс нуурын сав газар
    6. Богд хан уул тус тус оржээ.

  • Бэр гуйх ёс1

    Ямар хүнээр бэр гуйлгавал зохилтой вэ? Бэр гуйх хүмүүсийн бүрэлдхүүн:
    Бэр гуйгч нь удам судар сайтай /ядаж гэмээ нь гар сайтай/ нэр бүтэн хүн байх ёстой. Зан үйлийн өргөн мэдлэгтэй, гэр бүлээсээ салж, хагацаагүй, үр хүүхдээр өнөр өтгөн, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, нутаг усандаа нэр хүндтэй, төлөв түвшин, нүдэнд дулаан, харилцаж буй хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй нэгэн байвал таны үр хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Хоёр дах шалгуур нь хүүтэй чинь ивээл жилтэй, элдэв муу зуршилгүй байх нь чухал. Жил нь таарахгүй ч олон айл гэрлүүлсэн сайн хүн тохиолдвоос уг хүнийг тохирохгүй жилтэй болгон дом засал хийж явуулдаг. Дагалдагч нь бэр гуйхад хэрэглэгдэх хадаг самбай, идээ ундаа, бэлэг сэлтийг бэлдэж, сөн түших үүрэгтэй.

    Бэр гуйгчийн намба төрх, үг хэллэг
    Бэр гуйх хүн ийм хувцас өмсөнө, тийм хувцас өмсөхгүй гэсэн журам заавар байхгүй хэдий ч Монгол зан үйл гүйцэтгэж яваа гэдэг утгаараа үндэсний хувцастай байх нь зохимжтой. Бүсэндээ хэт хутга, хөөрөг, даалингаа хавчуулсан /өвөртөлсөн ч болно/ хэн ч харсан хүндэтгэлийн зан үйл гүйцэтгэж яваа нь мэдэгдэхээр хувцаслах бөгөөд гэр байранд ороод мэнд усаа мэдэж, цаг улирал, бие, ажлыг нь асуунгаа охины эцгээс эхлэн тамхилж, яриа хөөрөөний эхийг зөв гарган бэлэг дэмбрэлгүй яриа /өвчин хуучин, үхэл зовлон, хэрэг зөрчил г.м/ өрнүүлэх, хараалын үг хэлэхийг цээрлэнэ. Бэр гуйгчийг дагалдагч нь авч яваа бэлэг сэлт, идээ ундааг газарт /шал, дэвсгэр дээр/ хүргэхгүй өөртөө ойрхон орчинд байлгана.

    Бэр гуйгчийн мэдвэл зохих зүйл
    Гэрлэх гэж буй эрэгтэй нь уг айлын хэд дэх хүүхэд, ямар алба хашиж байгаа /охиныхыг нэгэн адил/ мэнгэ, жил, махбодий нь бэр болох хүний жил, мэнгэ, махбодьтой нь судалж хүү, охин 2 гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь мэдэж очих, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйхаар явж буй хүний үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж буй хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг тандаж, магадлах эрхтэй.

    Бэр гуйх хугацаа
    Бэр гуйх өдрийг цаг тооны бичигт тэмдэглэсэн байдаг. Тэр өдрийн сайн цагийг олж харснаар хугацаагаа товлоно.

    Охины эцэг, эх гэр бүлийн хүмүүст өгөх бэлэг дурсгал.
    Бэр гуйхдаа бэлэгтэй очно, очихгүй гэсэн зүйл байхгүй. Хүний охиныг өөрийн болгох гэж буй айл элчээ илгээхдээ хоосон явуулдаггүй. Амьдралын боломж нөхцлөөсөө шалтгаалан ангийн арьс хөрснөөс эхлээд аав, ээжид нь бэлэг дурсгалын зүйл авч очдог заншил үндэстэн ястан бүрт байсан. Одоо ч байгаа. Нийгмийн хөгжил дэвшил, ард түмний амьдралын түвшин сайжрахын хэрээр аливаа тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан авч өгөх бэлэг дурсгалын агуулга, чанар чансаа дээрдэж байгаагийн адил бэр гуйхдаа авч очих бэлгийн зүйл тухайн зан үйлдээ тохирсон байх ёстой.

    Хүргэн болох гэж буй хүний хадаг архи идээг охины тал авахаас татгалзах үндэслэл
    Бэр гуйхаас урд хүүгийн эцэг, эх охины аав, ээжтэй танилцаж хэн хэнийхээ удам гарал, хийгээд хоорондоо мах цусны холбоо хэлхээ, сэтгэцийн болон ямар нэгэн төрлийн хүнд өвчний удамшил байна уу, үгүй юу, хүргэн болох хүн өрх гэр толгойлж эхнэр хүүхдээ тэжээж тэтгэж чадах эсэх гэх мэтээр хэн хэнийхээ байр байдал, санаа бодол хүсэл зорилгыг судлаж мэдсэн байх ёстой. Тэгж чадаагүй нөхцөлд бэр гуйж, гуйлтыг зөвшөөрөх нь харилцан бие биенээ хүндэтгээгүй, хүү охины ирээдүйд хайнга хандсан хэрэг болно. Судалгаа тандалт бүрхэг, жил, мэнгэ, махбодь харш зэрэг тохиолдолд аль аль нь тэр тусмаа охины тал хүргэн болох хүний талын хүсэлтэд түдгэлзэж, татгалзсан хариу өгч хадаг архи идээг буцаах эрхийг эдэлдэг.

    Бэр гуйх хүмүүсийн авч явах идээ ундаа
    Бэр гуйхдаа газар газрын авч явах зүйл өөр өөр байдаг. Шимийн архи , бяслаг, ааруул авч очдог байхад тавгийн идээ, ууц шүүстэй очдог нутаг нугынхан байдаг. Хүн амын дийлэнх нь суурин амьдралд шилжиж янз бүрийн ястан үндэстэн холилдон амьдрах болсноос шалтгаалан хот аймгийн төвд амьдрагсад тухайлсан ястан үндэстний ёс жаягийг баримтлах боломжгүй харин сум, баг орон нутагт амьдарч буй хүмүүсийн тухайд нутаг нугынхаа ёс заншлыг баримтлахад болохгүй гэх газаргүй бөгөөд цагийн аясыг дагах үүднээс төв суурин газарт бэр гуйх тохиолдолд:
    • Дугуй булантай цай (мөнгөн аяга хадагны зурагтай)
    • Ёотон (урт гонзгой хйрцагтай)
    • Архи (Болор юмуу ерөөл ханилан суух хүмүүсийн амьдрал болор шиг тунгалаг байх ерөөл тавилангаар учирч буйг билэгдэн энэ 2 нэр бүхий архины аль нэгийг авч очих нь зохимжтой).

    Архи идээгээ байрлуулж, хадаг барихдаа юуг анхаарах ёстой вэ?

    Хадгийг эхлээд эцэгт (эцэг байхгүй бол төлөөлөх хүнд) дараа нь эхэд барьдаг. Хадгийг барихдаа доороос нь очиж өгөх ба сайн өнгийг гадагш, задгай амыг барьж байгаа хүнрүүгээ харуулж өгнө. Өвөө, эмээ, өндөр настан байвал хадаг барихад буруугүй. Энэ үйлдэл нь охины эцэг эх гуйлтыг зөвшөөрсөн тохиолдолд үргэлжилнэ. Гурав дахь хадаг (8 тахилтай юмуу бурхантай )-ийг бурханд тавихдаа малгайгаа авч мөргөж хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь ширээн дээр нь буй цөцгийн болон айрагны тосноос багаханыг авч цай, сахарын 4 өнцөг, архины бөглөөнд түрхэж гэрийн хойморт бурхан тахилын ойролцоо байрлуулна.Төгсгөлд нь авч очсон сүүнээсээ аягалж тэнд буй хүмүүст (аав ээжээс нь эхэлж) амсуулснаар бэр гуйх ёслолын эхний үе дуусна.

    Бэр гуйхаар очсон хүмүүс идээ архиа яаж байрлуулах ёстой вэ?
    Бэр гуйхаар хүмүүс ирэх гэж буйг урьдчилан мэдсэн охины тал бурхан тахилаа тоосолж гэр орноо цэвэрлэн, идээ архи тавих боломж нөхцлийг бүрдүүлсэн байх Бэрийн идээ архийг гэрт болон өрөө тасалгааны хойморт байрлуулна. Тэр айлын хаалга үүд хаашаа харж буйгаас үл хамааран цай, сахарын толгойг усны эх, газрын өндөр талруу харуулж тавина. Архийг идээний дээж гэж нэрлэдэг боловч цай идээ амсалгүйгээр архинд уруул хүргэдгүйг харгалзан цай сахарын доод талд архины нэрний үг үсгийг ил харагдахаар байрлуулна.

    Охины эцэг эх хадгийг хэрхэн хүлээн авч бэлэг сэлт идээ ундаатай яаж харьцах ёстой вэ?
    Бэр гуйж яваа хүн хэдэн настайгаас үл хамааран охины аав ээж хадгийг сууж авна.Тэхдээ малгайтай, энгэр замаа товчилсон, ханцуй шамлаасгүй байх ёстой. Бэлэг сэлтийг хоногоос доошгүй хугацаагаар хүндэтгэлийн байранд байлгах нь тухайн зан үйлийг дээдэлсний баталгаа болох бөгөөд идээ шүүс ирсэн тохиолдолд галын бурхандаа өргөсний дараа зооглож хүртдэг.

  • Академич Сергей Глазьев: Өнөөгийн дэлхийн хямрал хийгээд дайны онцлог

    Орос эрдэмтэн учраас орос өнцгөөр, оросын эрх ашгийн үүднээс илтгэлээ хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ АНУ, Хятад болон бусад бүх том улсуудад иймэрхүү төрлийн баримт бичиг байгаа гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй.
    Ямар ч гэсэн дэлхий дахинаа чухам юу болоод байгааг ойлгож ухаарахад тус болно гэж үзээд энэ том илтгэлийн ганцхан хэсгийг (параграф) орчуулан хүргэж байна. Харин над руу хандсан ямар ч “шүүмжлэлийг” хүлээж авахгүй гэдгээ эртхэн хэлчихье…

    х х х
    Нийгэм-эдийн засгийн хөдөлшгүй хуулийн улмаас АНУ Хятадтай хийж буй худалдааны дайнд ялагдах нь тодорхой байна. Хэдий ийм боловч Америкийн эрх баригч элит даяар ноёрхлынхоо төлөө олон улсын эрх зүйг ч үл харгалзан өөрт байгаа бүхий л хэрэгслээр тэмцэхийг оролдож байна.
    Хамгийн сүүлд гэхэд л Хятадтай худалдааны дайн хийхдээ Олон улсын Худалдааны Байгууллагын хэм хэмжээг үгүйсгэв, НҮБ-ын Дүрмийг зөрчин Балкан болон Ойрхи Дорнодод зэвсэгт түрэмгийлэл үйлдэв, түүнчлэн Европ, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд төрийн эргэлт зохион байгуулав. ОУВС-гийн дүрмийг зөрчин Оросын эсрэг хориг арга хэмжээ авав, биологийн зэвсэг боловсруулж, кибер терроризм хийгээд бусад орнууд дахь цэргийн оролцоогоо өсгөн нэмэгдүүлж байна, олон улсын конвенцуудыг зөрчин сансарт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна, шашны хэт даврах үзэл, неонацизмыг санхүүжүүлж, террорист байгууллагуудыг зохион байгуулж, өөгшүүлж байна, бусад орны санаанд нь үл нийцэх иргэдийг хулгайлан, хөрөнгийг нь хурааж байна.

    Энэ дайныг АНУ-ын эрх баригч элит Хятад дахь эдийн засгийн хөгжлийг удирдах бүтэн эрэмбээр дээгүүр үр ашигтай систем бий болсон шинэ нөхцөлд өөрийн даяар ноёрхлыг хадгалан үлдэх зорилгоор өдөөн турхирч байна. Одоо америкийн элитүүд ноёрхлоо тогтоон барих гэж зүтгэхдээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ ямар хязгаар хүртэл үйлдэх вэ ? гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

    Дэлхий дайнууд хэрэглэж буй технологоороо бие биенээсээ эрс ялгагддаг. Дэлхийн хоёрдугаар дайн моторын дайн байсан бөгөөд энэ нь тухайн үеийн технологийн хэвшлийн цөмийг бүрдүүлдэг автомашин зохион бүтээх, органик синтезийн аж үйлдвэрийн хөгжилд хүчирхэг түлхэц өгсөн юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс энэ нь өсөлтийнхөө хязгаарт хүрч, түүнийг технологийн дараагийн хэвшлээр солих үйл явц эхэлсэн ба энэ шинэ хэвшилд микро электроникийн аж үйлдвэр түлхүүр хүчин зүйл нь болжээ.
    “Оддын дайны” номлол хийгээд АНУ-ын эхлүүлсэн сансар-пуужингийн хүрээнд зэвсэглэлээр хөөцөлдөх болсон нь түүний өсөлтөд хүчирхэг түлхэц өгсөн ба энэ нь өнөөгийн зуун жилийн эхэн хүртэл үргэлжилж иржээ.
    Харин өнөөдөр бол технологийн энэ хэвшлийг дараагийн хэвшлээр солих үйл явц болж байгаа ба энэ шинэ хэвшлийн түлхүүр хүчин зүйл нь мэдээлэл-харилцаа (информационно-коммуникационный) нано болон био инженерийн технологиуд юм. Үүнийг мөн л урьдын адил зэвсэглэлээр хөөцөлдөх явдал тэтгэн урамшуулж байна.
    Гэхдээ өнөөдөр технологийн шинэ хэвшлийн төлөвшин бүрэлдэж буй суурь технологиуд өмнөхөөсөө эрс ялгаатай. Эдгээр технологийг боловсруулах ажлыг өдөөн урамшуулахад стратегийн объект, хүн ам болон дайсны ухамсрыг хөнөөдөг өндөр нарийвчлалтай пуужин, биологийн зорилтот, кибернетикийн болон мэдээллийн когнитив (ухамсарт нөлөөлөх-орч) зэвсгүүд хамгийн сайн тохирдог юм.
    Өнөөдөр зэвсгийн эдгээр төрлүүдийг өргөн хэрэглэж байгааг ажиглахад хэцүү биш. Тухайлбал: өндөр нарийвчлалтай зэвсгийг байлдааны ажиллагаанд, биологийн зэвсгийг корона вирусын тахал хэлбэрээр, кибернетик зэвсгийг санхүүгийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектын эсрэг, когнитив зэвсгийг нийгмийн сүлжээнд өргөн ашиглаж байна.
    Цөмийн болон химийн зэвсгийг хэрэглэх боломжгүй болохоор орчин үеийн дайн гибрид (эрлийз- орч) шинжийг олсон ба энэ нь дайснаа номхотгохын тулд санхүү, худалдаа, дипломатын арга мэхийг өргөн ашиглах явдал болно.
    АНУ дээр дурдсан бүх хүрээнүүдэд олсон давуу талаа ашиглан дайснаа сулруулах үндсэн дээр дэлхийн эдийн засаг дахь давуу талаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Оросын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээний хэлбэрээр санхүүгийн дайн өдөөсөн ба үүний золиосонд хөнгөн цагааны аж үйлдвэр “Русал”-д харъяалагдаж америк “хамтрагчдын” хяналтад шилжсэн усан цахилгаан станцуудынхаа хамт нэрвэгдэж байна. Тэдний дараагийн бай нь барууны менежментээр хэсэгчлэн хянаж буй “Роснефть” болж байна.
    Вашингтонд таалагдаагүй оросын хуулийн болон биет этгээдийн хөрөнгийг баривчлах, мөнгөн шилжүүлгийг хаах, тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийхийг хориглох зэрэг үйлдлийг долларын бүхий л бүсэд өргөн фронтоор хэрэгжүүлж байна. Оросоос гарсан бүтэн триллион доллар англо-саксоны оффшорын олзонд байна.
    Худалдааны дайны хэрэгслүүдийг Хятадыг сулруулахын тулд ашиглаж байна, Вашингтон Дэлхийн Худалдааны Байгууллагын хэм хэмжээг зөрчин, нийт 300 млрд долларын импортын нэмэлт татвар Хятадад ногдуулж, түүнчлэн компьютерийн технологийн тэргүүлэх үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авав.
    Худалдааны дайны шалгарсан аргаар Саудын Арави нефтийн үнийг унагав, үүнийг Оростой хийх худалдааны балансыг алдагдуулах зорилгоор Вашингтоны тушаалаар гүйцэтгэсэн ба энэ аргыг 80-аад онд ЗХУ-ын эсрэг хэрэглэж байсан юм. Үүний дээрээс Саудын Арави оросын компаниудыг шахан зайлуулах зорилгоор Европын зах зээл рүү нефтийн нээлттэй демпинг хийж эхэлсэн ба нөгөө талаас нь АНУ хориг арга хэмжээ зэрэгцүүлэн авч байна.
    Кибернетик зэвсэг хэрэглэсэн жишээ нь Ираны Атомын цахилгаан станцад гарсан бөгөөд үүнийг технологийн процессыг удирдах автоматжуулсан системд компьютерийн вирус оруулж өдөөсөн юм. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг Хятад, Орос, Венесуэл болон Вашингтоны хяналтаас гадуурх улс орнуудын эсрэг минут тутамд хэд хэдэн кибер дайралт хийж байна. Телефон яриаг сонсох даяар сүлжээ, компьютерт нуусан “цох”-ыг ярих ч хэрэг байхгүй.

    Энэ жил биологийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гибрид дайны шинэ фронт нээгдэж байгаа ба хятадын болон оросын олонхи экспертүүдийг үзэж байгаагаар корона вирусыг нийлэгжүүлж, америкийн тусгай албад Уханьд тараажээ.
    Дайны зорилгоор био инженерийн технологи боловсруулах нь технологийн шинэ хэвшлийн хөгжилд хүлээвэл зохих “жолоодлого” (драйвер) юм.
    Тодорхой арьстан, нас болон хүйстэй хүмүүсийн эсрэг зорилтот хөнөөгч үйлчилгээ бүхий вирусыг нийлэгжүүлэх боломжийн тухай Оросын ШУА-ийн эрдэмтэд бүр 1996 оноос ярьж эхэлсэн ба Оросын биологийн аюулгүй байдлыг хангах тусгай програм боловсруулах, батлахын зайлшгүйг үндэслэж байлаа.
    Эбола чичрэг хэлбэртэй “анхны хараацай”, гаж (атипичный) хатгалгаа, магадгүй “шувууны” ханиад, ДОХ зэргийн үе аль хэдийн өнгөрчээ. Дэлхий даяар энд тэндгүй тархсан америкийн биологийн нууц лабораториудын өргөн сүлжээ био инженерийн зэвсэг “дархалж” байгаа нь эргэлзээгүй.
    Үүнийг боловсруулж, хэрэглэх нь био инженерийн тэргүүлэх аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулах ба энэ нь анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгаа, багаж хэрэгсэл, шинэ нарийн вакцин хийгээд эмийн эрэлтийг бий болгоно. Технологийн шинэ хэвшлийн тэргүүлэх салбар болсон анагаах ухаан өсөлтийн нэмэлт түлхэц олж авна.
    Газар сайгүй тогтоосон хорио цээрийн арга хэмжээ, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан явдал нь мэдээллийн технологи, тооцоолох техникийн хөгжилд асар их түлхэц өгч, үүний ачаар электрон худалдаа, зайны сургалт, гэрээр ажиллах тоног төхөөрөмж, алслагдсан ажлын байрны эрэлтийг эрс өсөхөд хүргэж байна.
    Төрөөс хотууд хийгээд олон нийтийн газруудад видео бүртгэл, иргэдийг хянах, хувь хүнийг таних, тэдний шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийг хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд аварга их мөнгөний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ үндсэн дээр том өгөгдөл дээр ажиллах хиймэл оюун ухаан төлөвшүүлж, эдгээр том өгөгдлийг боловсруулахад супер компьютер, хэт өндөр бүтээмжтэй программын хэрэгсэл хэрэгтэй болж байна. Энэ нь эргээд зохих өндөр бүтээмжтэй, авсаархан, эрчим хүч хэмнэдэг тооцоолох техникт зориулсан нано технологийн хөгжлийг урамшуулж байна.
    Технологийн хувьсгалын үед зэвсэглэлээр хөөцөлдөх нь цаг ямагт технологийн шинэ хэвшлийн өсөлтийн хэтийн чиглэл рүү эргэдэг юм. Технологи нь бөөнөөр хөнөөх зэвсэг боловсруулах хүртлээ боловсрон хөгжиж, ёс суртахуунгүй улс төрчдийн гарт орвол хүн төрөлхтний оршихуйд аюул занал учруулна.
    Хүн төрөлхтийн эсрэг үйлдсэн тэдний гэмт хэргийн тод жишээ нь Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн явдал юм. Сая сая хүмүүсийг хөнөөгч корона вирусыг хэрэглэж байгаа нь орчин үеийн тэргүүний технологийн үндсэн дээр үйлдсэн гэмт үйлдэл гэдгийг харуулж байна.
    Японы хотуудад атомын бөмбөг хаяснаас ялгаатай нь биологийн зэвсэг эргэх үр дүн үзүүлдэг бөгөөд дайсныхаа төдийгүй, өөрийн хүн амыг хөнөөж болдогт оршино.
    АНУ-ын эрх баригч дээдэс буюу “гүний улс” гэж нэрлэгддэг бүлэгт Вашингтоны хяналтад буй дэлхийн хэсгүүдэд түүнийгээ хэрэглэх нэмэлт сэдэл байгаа гэж таамаглаж болно. Тагнуулын Төв Газрын саланги задгайгийн улмаас болсон 2011 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын хүчний байгууллагууд эрс хүчирхэгжин, нийгмийн хяналтаас гарч, өргөн их эрх мэдэлтэй болсон билээ.
    Цар тахлын дэлгэрэлт иргэдийн иргэний эрх чөлөөг бүрэн устгатал нь хязгаарлах улам илүү өргөн өргөн суурь дэвсгэр бий болгож байна. Технологийн хэвшил солигдохыг дагалдан капитал үнэгүйдэх, гутран уймрах үзэгдэл бий болж байна. Үүний дээрээс дэлхийн аж ахуйн хэвшил солигдож байгаа нь эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах институтын үр ашгийг унагаж, улс төрийн хямралыг өдөөж байна.
    Нөхцөл байдлыг хяналтандаа тогтоон барихын тулд эрх баригч элитүүдэд иргэдийн эрхийг хязгаарлах ил үндэслэл хэрэгтэй болж байна. Энэ нь дэлхийн гибрид дайны нөхцөлд бүр чухал болон тавигдах ба энэ дайны явцад америкийн эрх баригч элитийн хүүхэлдэй тоглуулагчид үйлдлийн эрх чөлөөг алга болгох, золиосны хөрөнгийг хураан авахыг оролдоно. Санхүүгийн хөөс хагарч, санхүүгийн зах зээл сүйрснээр олон арван сая америкчуудын хөрөнгө үнэгүйдэнэ. Иймээс боломжит эсэргүүцлийг саармагжуулахад хорио цээрийн дэглэм хамгийн их тохирно.
    Бүрэлдэн тогтсон дэлхийн аж ахуйн хэвшлийн хүрээнд зонхилох байр сууриа хадгалах гэсэн, оршин буй технологийн хэвшлийн үйлдвэрлэлд капиталын хэт хуримтлалаа алдсан улс орнууд дэлхийн дайныг өдөөж байна. Гэвч энэ дайнд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтыг цагаа олж бүрдүүлсэн, технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг эзэмшиж чадсан тэр орнууд ялалт байгуулж чадна. Тийм орнуудын хувьд энэ үе нь эдийн засгийн хөгжилдөө үсрэлт хийх, Кондратьевын шинэ урт мөчлөгийг бусдаас түрүүлэн барьж авах, капиталын хуримтлалын зууны шинэ мөчлөгийг эхлүүлэх боломж нээгдэх юм.

    Дэлхийн өнгөрсөн дайныг Их Британийн даяар ноёрхлыг тогтоон барих зорилгоор английн тусгай албад өдөөсөн билээ. Гэвч энэ дайны ялагчаар дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтэд үндэслэсэн удирдлагын үр ашигтай систем бүтээж чадсаныхаа ачаар технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг хурдан хөгжүүлж чадсан ЗХУ, АНУ хоёр ялан гарсан юм.

    Босоо чиглэлд нэгтгэн зангидсан, томоохон хэмжээний үйлдвэрлэлийг зохион байгуулж чадах, яам, корпорациуд нь нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж Баруун Европын ялзарч муудсан эзэнт гүрнүүдэд буй гэр бүлийн фирм, элэгдэж хуучирсан язгууртнуудыг бодоход ЗХУ-д ч, АНУ-д ч олон дахин илүү байсан юм.
    Энэ дайны эхний шатанд Гурав дахь Рейхийн корпоратив-захиргааны бүтэц дэх нөөцөө төвлөрүүлснийхээ ачаар Европын бүх улсуудыг амархан бут ниргэсэн Герман ялалт байгуулсан ба эцсийн дүнгээрээ нацистын корпоратив улсын хэлбэртэй дэлхийн аж ахуйн хүнийг үзэн ядагч шинэ хэвшлийг устгасан ЗХУ, АНУ хоёр ялсан юм.
    Өнгөрсөн зууны дэлхийн дайнууд газар нутаг эзэмшихийн төлөө болж байв. Ямар ч гэсэн гол түрэмгийлэгч Герман, Япон хоёр өөрийн үндэстний амьдралын орон зайг тэлэх зорилт тунхаглаж, бусад хүн төрөлхтнийг боолчлохыг хүссэн.
    Өнөөгийн гибрид дайныг АНУ-ын эрх баригч элитүүд дэлхийн эдийн засаг, юуны өмнө түүний санхүүгийн системд хяналт тавих гэж өдөөн турхирч байна.
    Дэлхийн валютад эмисс хийх үүргийг хувьчлан авсныхаа ачаар америкийн эрх баригч олигархууд өөрсдийнхөө хийсэн баталгаагүй мөнгийг бодит материал баялаг, актив болгон солих замаар бүх хүн төрөлхтнийг шулан мөлжих боломжтой болсон юм.
    Тэдний түрэмгийллийн зорилго нь либерал даяарчлалын үйл явцыг дуусгаж, энэ хүрээнд бүх улс орнуудад америк доллар дэлхийн валют байдлаар чөлөөтэй эргэлддэг, түүнийг бүхий л үндэстний таваар-материалын үнэт зүйл, активаар сольдог болгох явдал болно.
    Ийм учраас өнөөгийн гибрид дайны байлдааны ажиллагаа өнгөрсөн зууных шиг танк, усан онгоц, нисэх онгоц ашиглаж биш, харин санхүүгийн хэрэгсэл, худалдааны хязгаарлалт, кибер атак, нийгмийн ухамсрыг төөрөлдүүлэх замаар хэрэгжинэ.
    Зэвсэгт хүчнийг байлдааны ажиллагааны төгсгөлийн шатанд нэгэнт ялагдсан дайснаа бүрэн дарж авахын тулд залхаан цээрлүүлэх зорилгоор хэрэглэнэ. Харин биологийн зэвсгийг удирдлагыг алдагдууулах, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор хүн амын дунд үймээн сандраан үүсгэхийн тулд хэрэглэнэ.
    Энэ дайнд ялах нь АНУ-ын хувьд газар сайгүй тоглоомын дэглэм бүрэлдэхэд хүргэх ба тэднээс олон зүйл шаардахгүй, тэд бусад улс орнуудаас: эдийн засгийн нээлттэй байдлыг хангах ОУВС-гийн зөвлөмжийг хатуу мөрдөх; мөнгөн эмиссийг удирдах үндэсний систем бүтээхээс татгалзаж, капиталын чөлөөт хөдөлгөөнийг хангах; улсын үйлдвэрийн газруудыг америкийн копорациудад ашигтайгаар хувьчлах; ХМХ болон теле харилцаанд америкийн агентуудын хяналт тогтоох; Вашинтоны гадаад бодлогыг дагалдах зэргийг л шаардана.

    Америкийн эзэнт гүрэн хяналт тогтоосон орнуудад түрэмгийлэх цэрэг байлгах ямар ч хэрэггүй: АНУ болон Их Британийн дээд сургуулиудад сахилгажуулж, томоожуулж сургасан эрх баригч элитүүд Вашингтоны зааврыг идэвхи чармайлттай биелүүлэх бөгөөд үндэснийх нь баялгийг америкийн капитал шулан мөлжсөнөөс олсон орлогын өөртөө ногдох хувийг хүртэнэ. Үүний хариуд америкийн зааварлагчид тэднийг үндэсний эдийн засгаа хөгжүүлэх ажлаас чөлөөлж, үүнийг гадаадын хөрөнгө оруулагчдад хариуцуулна.

    Латин америкийн орнуудыг АНУ олон жилийн турш хянаж түүхэн туршлагаас үзэхэд тэдгээр орны макро эдийн засаг, батлан хамгаалах болон гадаад бодлогыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн явуулахын тулд Төв банк, Сангийн яам, мөн батлан хамгаалах болон гадаад яамны удирдах албан тушаалд өөрийн агентыг байлгахад л хангалттай болох нь харагдаж байна.
    Орчин үеийн ийм түрэмгийллийн хэвшмэл жишээ нь АНУ-ын хяналт, удирдлагад байдаг Украин, Гүрж, Ирак, Бразилийн дэглэмүүд болон ЕХ-г оролцуулсан бусад олон улсууд юм.
    Ийм “зөөлөн” түрэмгийллийн үр дагавар нь өнгөрсөн зууны дэлхийн дайнуудад ялагдсан орнуудын хүлээсэн хохирлоос юугаараа ч дутахгүй. Жишээлбэл: Вашингтоны хяналтад байсан Ельциний дэглэмийн үед Орос орны хүлээсэн хохирол Гитлерийн түрэмгийллийн хохиролтой дүйцдэг.
    Эзлэн авсан газар нутаг дээрээ ихээхэн амьд хүч, техникээ алдсан фашист Германаас ялгаатай нь америкийн эрх баригч элитүүд триллион триллион долларын капиталд хяналтаа тогтоож, түүнд байсан активуудыг ямар ч алдагдалгүй пост зөвлөлтийн орон зайнаас гарган авч чадсанд оршино.
    Гибрид дайн бол өнгөрсөн зууны зэвсэгт мөргөлдөөнийг бодоход хамаагүй илүү ашигтай, ая тухтай байдаг. Гибрид дайн америкийн эрх баригч элит, хүчний бүтэц, нөлөө бүхий клануудын бизнес логикт маш сайн тохирдог: АНУ-ын хяналтад байдаг Афганистан, Колумбийн хар тамхины сүлжээг Тагнуулын Төв Газар, Ирак, Ливээс америк цэргүүдийн дээрэмдсэн нефтийн худалдааг Пентагон, Украины хийн тээврийн хувьчлалыг Байданы гэр бүл, Кувейтын нефтийн ордууд дээр Бушийн гэр бүлийн хяналт тогтох г.м.
    Энэ бол ердөө л тусгай тусгай жишээ юм. Америкийн копорациуд эзлэгдсэн орнуудын хөрөнгө, нөөцийг дахин эргэлдүүлж, тэднийг америк технологи ашиглахыг шаарддаг. Дээрэмдсэн музейнуудаас авсан ховор нандин үзмэрүүдээр америкийн цуглуулгууд дүүрч байна. Америкийн эмнэлгийн байгууллагууд баян захиалагч нарт зориулж хаост нэрвэгдсэн орнуудаас хүний эрхтнийг авч байна. Гэхдээ хяналтандаа байдаг улсуудын санхүүгийн зах зээлийг залилж мэхэлсэн америкийн корпорациуд хамгийн их ашиг олж байна. Тэр ч байтугай үгүйрч ядуурсан Украины облигацаас Соросын асрамжлагчид жилийн орлогынх нь 60 хүртэлх хувийг залилан авч байна.
    Дайныг арилжаанд оруулах нь капитал хуримтлуулах америк мөчлөгийн гол элемент мөн. Түүний нөгөө талд АНУ-ын хяналтад байгаа улс орнууд үгүйрэн хоосорч, үүний улмаас дэлхийн аж ахуйн хэвшлийн бүрэлдэн тогтсон даяар нөхөн үйлдвэрлэлийн хүрээ зааг шавхагдаж байна.
    Ойрхи Дорнод, Хамтын нөхөрлөлийн орнууд, Латин америкт үйлдсэн америкийн түрэмгийлэл хэт их ашиг өгч байгаа хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлт, хүн амын сайн сайхан байдлын дээшлэлтийг хангах удирдлагын системийн боломж нь шавхагдсаны улмаас гибрид дайнд АНУ ялагдал хүлээх тавилантай.
    Вашингтоны хөтлөн явуулж буй дэлхийн гибрид дайны золиос болсон улс орнууд үгүйрэн хоосорч байхад “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадын нэгтгэн ойртуулж буй улс орнуудын (Энэтхэг-Хятадын орнууд, Пакистан, Монгол, Шри Ланка Эфиопи болон африкийн бусад орнууд) амжилттай хөгжил америк төвт дэлхийн аж ахуйн хэвшлийн үр ашиг унасаар байгаагийн илт харагдах жишээ болж байна.
    Америкийн эрх баригч элит даяар ноёрхлоо тогтоон барихын тулд өөрийнхөө хяналтаас гадуурх улс орнуудын нөхөн үйлдвэрлэлийн хүрээ заагийг гибрид дайны дээр дурдсан хэрэгслүүдийн тусламжтайгаар газар сайгүй эвдэн сүйтгэхийг чармайж байна.
    Гэхдээ америкчууд эзлэгдсэн улс орнуудын хөгжилд шинэ боломж бүтээх зорилт огт тавиагүйгээр үл барам тэр орнуудыг шулан мөлжүүлэхээр өөрийн корпорациудад шилжүүлж байна.

    “Эбола” чичрэг гарсан африкийн хэд хэдэн орноос хятадуудыг хөөн гаргасан америкчууд Хятадын барьж эхэлсэн нийгэм, тээвэр, инженерийн дэд бүтцийн объектуудыг гүйцээлгүй орхиж, тэдгээр орны үндэсний орлогын эх булагт хяналт тогтоосноор сэтгэл ханаж байна.
    Украиныг Оросоос салгасан америкийн хөлсний этгээдүүд хоршооллын тасалдсан холбоог орлуулах, зогссон хөрөнгө оруулалтын төслийг шинээр эхлэн талаар юу ч хийсэнгүй, харин Украины эдийн засгийн хамгийн их орлоготой объектуудыг америкийн капиталд шилжүүлжээ.
    Зах хязгаарын улс орнуудын хувьд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн ойртон нягтрах бүтцэд орох уу, эсвэл америкийн үндэстэн дамжсан корпорациудын шинэ колоничлолын талхинд орох уу гэдгийг ялгаа улам бүр тодорхой болж байна: үр ашигт чанараа алдсан дэлхийн аж ахуйн эзэнт гүрний (империя) хэвшил шинэ, интеграл, дэлхийн аж ахуйн хэвшлийн нөхөн үйлдвэрлэлийн механизм бүрэлдэж, өргөсөхийн хэрээр сүйрэн унаж байна…

    2020 оны 04 дүгээр сарын 22

    Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

  • ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЯРИЛЦЛАГА

    -Таны уран бүтээлд яагаад заавал Монгол аяс давамгайлдаг вэ? Та өөрийн имиджээ ингэж бүрдүүлэхийг хүсдэг үү? Өөр шалтгаан бий юу? Мөн уран бүтээл тань хэр их судалгаанд суурилдаг вэ?
    -“Мөнх тэнгэрийн хурай” уран бүтээлээр жишээ татахад “Хурай” гэдэг үг нь хурааж, хуруулах гэсэн утгатай байх шишээтэй. Үгийн үндэс нь Хур. Би зүгээр үгийн утга агуулгын тухайд хэллээ. Мэдээж уран бүтээлээр аливаа утга санаа, хүсэл зорилгыг илэрхийлэхийн тулд судалгааг тодорхой хэмжээнд хийнэ. Тэр дундаа Монгол гэх тодотголтой байхын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болдог. Би болон миний уран бүтээлд Монгол гэдэг филоссофи зөвхөн имидж төдийхнөөр хэмжигддэггүй. Миний дотор хийгээд гадна, үйлдэл болон оюун санаа жинхэнэ Монгол. Ингэж байж уран бүтээл минь Монгол илэрхийллийг даацтай үнэн илэрхийлж чаддаг. Би багаасаа л Монгол ахуйд хайртай өссөн. Аймгийн төвд тэмээнээс бусад малыг маллаж өсөхдөө л ахуйдаа дурласан. Хамгийн сайхан дурсамжуудаа санах бүрт Монгол ахуй буудаг. Том болоод СУИС –д уртын дууны ангид ороод үстэй дээл, лоовуузан малгай, монгол гутал өмсөөд явдаг байлаа. Дараа нь Монгол ахуйд тун хайртай залуутай ханилсан. Миний хувьд хамгийн сайхан аялгуу Монгол аялгуу, хамгийн сайхан зүйл бол Монгол байгаль, хамгийн гоё зүйл бол Монголын язгуур өв соёл.
    -Таны хань анх Монголч бүсгүй болохоор тань татагдсан байж магадгүй?
    -Бид хоёр анх танилцаад удаагүй байхад өрнөсөн яриа бий л дээ. Дуртай хоолны тухай. Бид хоёрын хамгийн дуртай хоол толгой шийр байсан. /Инээв/ Сонирхол бол маш их нийлдэг.
    -Хар хархан харц дууны клипэнд толгой шийр идэж гардаг?
    -Тийм. Бид хоёр дуртай, бидний хүүхдүүд ч дуртай. Толгой шийрийг хаан хоол гэж нэрлэдэг. Маш их шимтэй хоол л доо.
    -Таны нөхөр нэгэн цагт зохиолын дууны ханхүү гэгдэж байсан. Харин өнөөдөр төр түшилцэж гишүүн болсон. Нөхрийн хийж байсан, хийж буй ажлуудын хооронд их зөрүү байна. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
    -Өөрөө хэлдэг. Олон жил тасралтгүй дуулжээ. Харин одоо миний хэрэлдэх цаг хугацаа болсон гэж. Уг нь дуулж байгаа хүн хэрэлдэж байгаа хүн хоёрын дуулж байгаа нь илүү сайхан шүү дээ. Гэхдээ миний хань ганцхан өөрийнхөө төлөө хэрэлдэж яваа биш болохоор хүслийг нь хүндэлдэг. Ард түмний сайн сайхны төлөө чинь сэтгэл нь тэр хүнийг тэнд аваачсан. Хэн нэгний хүсэл биелэх шиг сайхан зүйл байдаггүй. Би ханийхаа хүслийг биелээсэй гэж залбирдаг. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.
    -Таны нөхрийн УИХ –ын гишүүн болсон зорилго хэр биелж байгаа бол? Та энэ үйл хэргийг нь хэрхэн дэмжиж, арын албанд хэр үүрэгтэй байна даа?
    -Миний хань өөрийн байрь сууриндаа бат зогсож байгаа. Ямар нэг зүйлд автахгүй, хазайхгүй ганц дайчин ганцаардахгүйн замаар явж байна.
    -Таны нөхрийн зарим үйлдэл олны анхаарлыг ихээр татах нь бий. Жишээ нь УИХ –ны чуулганд мориор ирсэн ч гэх юм уу. Энэ бүх шийдвэрийг тантай зөвлөж шийддэг үү? Та хэрхэн ханддаг вэ?
    -Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гол зорилго нь тийм үйлдэл хийхийг шаардаж байвал би дэмжинэ. Содон сонин байлаа гээд бохир муухай биш.
    -Танайх ер нь жинхэнэ Монгол айл байх. Энэ нь аж төрөх байдлын хувьд ярьж байна. Та өөрийгөө жинхэнэ Монгол гэргий гэж хэлж чадах уу?
    -Сайн эзэгтэйн эрхэм чанаруудын цөөн хэдийг нь эзэмшсэн байж болох ч үлдсэнийг нь суралцаад амьдарч л явна. Би ер нь учиргүй бардамнах дургүй. Хэн ч ирээдүйд яаж амьдрахыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн хувьд сайн эхнэр, сайхан Монгол эмэгтэй байхыг хичээж л явна.
    -Та хүүхдүүдээ уламжлалт сэтгэхүй, хандлагаар хүмүүжүүлдэг үү?
    -<Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг гэж боддог. Би хүүхдүүдээ ахуйтай нь ойр амьдруулахыг зорьдог. Эрдэмд шамдаж, соён гэгээрч болох ч зөвхөн ингэснээр ХҮН болж чадна гэдэгт эргэлздэг. Галаа түлж чадахгүй Монгол хүн байж боломгүй мэт санагддаг. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж эрдэмд сургана. Бусад цагт нь зусланд мал дээр гаргах мэтээр ахуйтай нь уядаг. Бид хоёргүй хорвоод хазайж гудайхгүйхэн шиг амьдарч тавилангаа дааж чадах хүн болоосой гэж өсгөж байна. Хүүхдээсээ хэт их зүйл нуухгүй байхыг зөв гэж боддог. Алаг хорвоо гэж ярьдаг даа. Шаазгайн өнгө шиг хар, цагаан ээлжилдэгийг мэдэж өсөөсэй л гэж хүсэх юм.
    -Эмэгтэй хүний сайхан нь юундаа оршдог юм бол? Алаг нүд сайхан биендээ эсвэл ээж болох тавиландаа юм болов уу?
    -Эмэгтэй хүний сайхан нь дотроосоо хайр ундруулж чаддагт оршдог гэж бодож байна. Гэр бүлээ, эд юмсаа, үр хүүхдээ, бусдыг… Ер нь аливааг хайралж энэрч байгаа хэн бүхэн хамгийн сайхан харагддаг. Дотроосоо хайр ундруулж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй дээ.
    -Та хэр хайр ундруулдаг эмэгтэй вэ?
    -Хайрыг ундруулахыг маш их хүсдэг. Гэхдээ зарим үед хайраа ундруулаагүй үе ч байгаа байх. Бас хэт ихээр ундруулсан үе ч бий. Хайр гэхээр зөвхөн эр эм, эхнэр нөхрийн хайр гэж явцуу ойлгох хэрэгггүй. Аливаа юмсыг, амьд бүхнийг хайрлан энэрэх өгөгдөл эмэгтэй хүн бүхэнд байдаг. Гэрийнхээ орчин, тавилгыг хайрладаг, хямгаддаг эмэгтэйн гэр орон, эд хогшил ямар сайхан эмх цэгцтэй, шинээрээ байдаг билээ. Хайрлаагүй амьдарсан эзэгтэйн гэрийн тавилга, хүүхдийнх нь харц л бүхнийг хэлээд өгнө дөө. Бүх зүйлд л хайр шингэдэг. Эмэгтэй хүний хайр шингэсэн бүхэн өнгө орж гялалздаг.
    -Бас өөрийгөө хайрлах ёстой байх?
    -Тийм. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж үг бий. Эмэгтэй хүний гоо сайхны тал хувь нь гадаад, нөгөө тал нь дотоод гоо сайхан байдаг. Өөрийгөө хайрлаж тордсон эмэгтэй бусдыг хайрлах тэнхээтэй, итгэлтэй болно. Хүн ер нь амьдралдаа хэт их баярлахгүй, хэт баяжихыг хүсэхгүй, хэт их гунихгүй бас ядрахгүй өөрөөр хэлбэл алдан дунд, зохистой хэмжээнд тэнцүүлж чадах нь хамгийн аз жаргалтай байх гарц юм уу гэж боддог.
    -Хэт ихэдвэл цалгилаад, багадвал бас дутаад хэцүү тухай хэлж байна уу?
    -Тиймээ. Тавыг нь тааруулж сурах л чухал.
    -Та хэр ухаантай охин бэ, -Ээж аавынхаа?
    -Гайгүй шүү. Миний аав ээж намайг сайн явна, сайхан амьдарна гэдэгт бат итгэдэг. Магадгүй миний охин ухаантай учраас сайхан амьдрана гэж боддог байх. Би ээж аав хоёртоо аль болох муу үг дуулгахгүй, итгэлийг нь даахыг хичээдэг. Болж байна, бүтэж байна. Охин нь сайн байгаа, ийм сайхан зүйл хийхийг хичээж зорьж байна гэх мэт дандаа сайхан үгээр ярилцдаг.
    -Эцэг эхээ өтлөхийн цагт асарч хайрладаг энэрч өргөдөг Монгол хүүхдүүдийн онцгой чанар байдаг. Энэ чанарын тухай таны бодол?
    -Гадны зарим улсад эцэгээ хөгшрөхөөр асрамжийн газарт өгдөг жишиг байдаг тухай хамгийн анх сонсоод ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авч байсан. Энэ бол Монгол хүний ухаан л даа. Гайхамшигтай зан чанар. Их ухаан юм даа. Бас нэг зүйлийг би их гоё гэж боддог. Бид их сайхан цаг үед амьдарч байна. Орчин үеийн эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлээд бие зүсээ сайхан авч явснаараа мундаг, сайхан гэж олонд хүндлэгдэн хайрлагддаг. Энэ бол одоогийн нийгмийн хамгийн онцгой сайхан чанар юм шиг.
    -Та хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?
    -Одоо гурван хүүхэдтэй. Дахиад хамгийн багадаа нэг хүүхэд төрүүлнэ дээ.
    -Одонтой ээж болох нь ээ?
    -Одон аваагүй байж авна даа гэж санаашрах нь юу юм. Ер нь эх хүний хувьд бодол бий.
    -Та их сайхан үг хэллээ. Их сайхан нийгэмд амьдарч байна гэж?
    -Надад бол миний амьдарч байгаа цаг хугацаа их сайхан бас үнэ цэнэтэй. Нэг хэсэг гадны соёлд автан дурлаж байсан бол одоо харин эргээд Монгол ахуйгаа санагалзаж, үндэсний хувцас хэрэглэлдээ дурлан түүгээр гоёхыг чухалчидаг үе ирж байна. Энэ мэт нийгмийн хувьслыг бид түүхийн хуудаснаас уншаагүй. Уншигдах түүхийг бүтээлцэн амьдарч байна. Их азтай.
    -Хүн амьдралд алдаж онодог. Хазгай гишгэж хальтрахгүй амьдрахын тулд хүнд ямар зан чанар байх ёстой юм бол?
    -Баярласан ч уурласан ч ер нь сэтгэлийн ямар ч хөдлөлд захирагдахгүй байх ёстой юм шиг. Аль нэг талдаа автаад дийлдээд ирэхээр л хэтийдсэн шийдвэр гаргаж амьдрал дайвалзах шийдвэр гаргадаг байх. Эрүүл ухаанаар аливаад хандах ёстой юм болов уу?
    -Ийм голчтой, өөрийн гэсэн чамбай үзэл бодолтой эмэгтэйг өсгөсөн ээжийн тухай яриач?
    -Миний ээж багш. Бага байхад маш ихээр ажил хийлгэдэг, зүйр цэцэн үг их хэлж загнадаг байж билээ. Одоо ч хэвээрээ. Би хоёр насны зөрүүтэй эгчтэй. Хоорондоо муудахдаа зүйр цэцэн үгээр үзнэ. Сайныг дагавал сарны гэрэл. Мууг дагавал могойн хорлол. Наранд нь сууж саранд нь гэгчээр чи өөрөө хийх ёстойгоо хийгээгүй байхад би яахаараа хийдэг юм гэж муудалцдаг байсан. Одоо бодоход их өхөөрдөм байгаа юм л даа. Гэхдээ энэ бидний хүмүүжлийн нэг хэсэг байж. Би хүүхдүүдээ хааяа зэмлэхдээ энд тэндэхийн эрээвэр хураавар үг биш хүний амьдрал хэрэг болохуйц гурван үг хэлэхийг бодно. Үүнд мэдээж нөгөө зүйр үгээ ашиглана./Инээв/
    -Танайх Монгол гэрт амьдардаг гэж хүмүүс ярьдаг?
    -Аль алинд л амьдарна. Манай Монгол гэр Гачууртад байдаг. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгөх, нөхөр хуралдаа хоцрохгүй ирэх хэрэгцээнүүдээс шалтгаалаад хотод байна даа.
    -Танай Монгол гэр билгэдлийн чанартай юу?
    -Үгүй. Очсон хүн эднийхэн эндээ л их байдаг юм гэж бодохоор. Угаасаа ч тийм. Амралтын өдөр болонгуут л гэр рүүгээ яардаг. Очоод гурилаа зуурч элдээд хоолоо хийж иднэ, долоо хоногийнхоо боорцогоо хийж, цуйвангийнхаа гурилыг бэлдэж аваад буцна даа.
    -Таны нөхөр хэр сайн хань вэ?
    -Эмэгтэй хүн сайн ханьтай учрах нь ерөөлийнх. Би их сайхан, ухаантай нөхөртэй. Юу юуны духанд хүрээгүй хайраа гэж гүйгээд элдвээр сүйдлэхгүй ч ноён нуруундаа хайр нь бат байж л байна. Эр хүний сайхан чанар. Би ийм ханьтайдаа маш их баярладаг. Их л талархаж явдаг даа. Боломж гарвал цай сүүнийхээ дээжийг мөнх тэнгэртээ өргөнө дөө.
    -Цайныхаа дээжийг өглөө бүхэн өргөдөг үү?
    -Улаанбаатарт байсан үедээ өглөө бүхэн өргөж чаддаггүй ээ. Айлын машин, хүний толгой дээр цацчих гээд. Ерөөж залбирах биш бүр тавгүйтэж орхидог. Ерөөж хүсэж залбирах биш бүр айдастай өргөгддөг. Харин Гачууртын гэртээ очихоороо хэдэн минутаар ч хамаагүй гадаа зогсоод хүссэн санасан бүхнээ даатгаад хүслээрээ дээжээ өргөнө дөө./Инээв/
    Цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, мөнх тэнгэртээ өргөх тэрхэн хугацаа бясалгал юм. Өглөө бүхэн хоёр минут сайхан зүйлийн тухай бодож хангай дэлхийтэйгээ харьцах нь их сайхан мэдрэмж. Өдрийн сайхан эхлэл болдог.

  • “Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм”

    Чадраабалын Лодойдамба
    Бүтээсэн дүр болгон нь сэтгэлээс гардаггүй мөнхөрдөг дүрийн эзэд Монголын кино урлагийн түүхэнд олон бий. Тэдний нэг нь Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай билээ. Та XX зууны шилдэг роман, Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншиж байхдаа хэсэг зуур нүдээ аниад “Итгэлт баян”-ы дүрийг төсөөлөөд үз. А.Очирбат гуайн царай л орж ирээд байгаа биз. Кино урлагийн нэг гайхамшиг бол энэ.

    А.Очирбат гуай амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд олон түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан.
    1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төржээ. Түүний төрсөн аав нь нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэдэг хүн байж. Дашдаваа нь ихэвчлэн бурхан зурдаг хүн байсан гэдэг. Харин А.Очирбатыг ээжийнх нь дүү жирийн ард Аюурзана өргөж авсан түүхтэй. Малч удмын хүү тэрээр багаасаа малын дэргэд өссөн, 19 нас хүртлээ мал маллаж өнгөрөөжээ. Энэ тухайгаа дурсахдаа “Ихэвчлэн хонинд явна. Хааяа саахалт айлынхаа үеийн банди нарыг дагаж адуунд давхина. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.” хэмээжээ.
    1940-өөд оны үе Монголчуудын хувьд шинэ бүхний эхлэл байжээ. Бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аянг зохион байгуулагджээ. Тэрээр хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа дурсан ярьсан байдаг. Ингээд үеийн хүүхдүүдтэй эрдэм номын их аянд мордож, бичиг үсэг тайлагджээ. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байгаагүй аж. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийнхаа онц сурлагатнаар шалгарсан түүхтэй. Тэрээр сайн суралцаж, бүлгэмийн болон сумын төвийн багш болсон байна. А.Очирбат гуай “ Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана” гэж ярьсан байдаг. Тэрээр төрсөн аавыгаа дуурайсан маш гоё зурдаг хүүхэд байж. Тэр үед цаас ховор байсан болохоор улаан тамхины боодлын цаасан дээр л зурж, голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлдэг тухайгаа ч мөн хуучилсан байдаг.
    Жүжигчний мэргэжилтэй анх холбогдсон нь
    Ардын жүжигчин маань уран бүтээлч, жүжигчин болно гэж зүүдлээгүй явсан гэдэг. 19 нас хүрч сумандаа ч багшилж байсан тэрээр хот явж сургуульд сурахаар шийдэж л дээ. 1947 онд морь унасан, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод ирлээ. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой тээж явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан учир Цэргийн сургууль, Худалдааны сургууль, техникум гээд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой түүнийг их сургуульд аваагүй гэдэг. Гэтэл тэр үед нутгийн хүн нь тааралдаж “Би чамайг сургуульд оруулж өгье” гээд жүжигчний ангид оруулжээ. Шалгалт өгөхөөр олон зуун хүүхэд бужигнаж хүүхдүүд ч нэг нэгээрээ шалгуулж дуусжээ. Харин Очирбат гуай нутгийн хүний нэрийг бодож шалгалт авч буй багш нарын хэлсэн бүрийг гүйцэлдүүлсэн гэдэг. Энэ үед шалгаруулалтад ирсэн Д.Маамхүү, Д.Хишигт, Сэлэм тогмид зэрэг Монголын урлагийн алтан хуудсыг бичилцсэн хүмүүстэй танилцжээ. Цагааны Цэгмид, зохиолч Э.Оюун, зэрэг хүмүүс шалгалтын комисст багтсан байв. Гэвч А.Очирбат гуай тэдгээр хүмүүсийг таньдаггүй тул айж, сандрах зүйлгүй дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулсан ч нас барсан” тухай байж. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй” байх шүү гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээр хүүхдүүдийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад гайхсан гэдэг. Ингээд малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна. Наймдугаар сарын 20-нд сургуульд дуудагдаж, мэргэжлийн хичээлээ Цагааны Цэгмид багшаараа заалгав. Энэ үеэс урлагийн сайхныг мэдэрч, урлагт ухаангүй дурласан гэдэг. Тэрээр Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж зэрэг авьяаслаг хүүхдүүдтэй хамт урлагийн сургуулийг дүүргэжээ.
    Түүнийг сургуулиа төгсдөг жил Төв хорооны тогтоол гарч “Улсын хүүхэд залуучуудын театр” байгуулагдсан бөгөөд жүжигчин мэргэжил эзэмшсэн төгсөгчид бүгд томилогджээ. Тэр үед театрт нийт 13 хүүхэд томилогдсон бөгөөд тэдний нэг бидний хайртай Ардын жүжигчин болсон А.Очирбат байлаа. Тэрээр хамгийн анх Ч.Лодойдамба гуайн зохиол “Нэг ангийнхан” жүжигт тогложээ. Сургуульд орсон цагаасаа хойш тайзан дээр амьдарсан А.Очирбат гуай тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулж, Монголчуудаа урлагийн сайхнаар аялуулсан хүн билээ. Үүгээр ч зогсохгүй “Баавгай дуулах дуу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга” зэрэг арваад жүжгийн зохиолууд бичсэн. Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд БНМАУ-ын Гавъяат Жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнасан байдаг.
    Ард түмний сэтгэлд хоногшсон дүр
    Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр нь яах аргагүй “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр өөрөө ч миний Итгэлт баяны дур хүмүүст их хүрсэн шүү гэж ярьдаг байсан.Тэрээр “Зохиол нь мундаг байсан болохоор биднийг хөтлөөд л аваад явчихсан. Онгирч байна гэж бодох вий дээ. Итгэлийн дүрийг бүтээхэд ямарч бэрхшээл тулгараагүй шүү. Сайн зохиол жүжигчнээ хүртэл хөтлөөд аваад явчихдаг юм билээ” хэмээн ярьсан байдаг. Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог адтай, овсгоотой энэ дүр түүний дэлгэцийн анхны бүтээл байв.
    Түүний Итгэлт баяны дүрд томилогдсон нь бяцхан түүхтэй. Шавилхан биетэй, шаг хийсэн яриатай хүнийг олох гэж кино багийнхан их хайсан гэдэг. Ингээд жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа тархаж эхэлж. Харин энэ үед А.Очирбат гуай Д.Намдагийн “Хярааны хонхорт” кинонд тоглох гээд хяналтад ороод завгүй явж. Харин Ч.Лодойдамба “Итгэлт баян”-аа хайгаад энэхүү киноны хяналтад саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэж. Яваад очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харна аа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гэсэн гэдэг. Ингээд түүнд “Хярааны хонхорт” кинонд тоглуулалгүй “Итгэлт баян”-ы дүр оногдуулжээ. Уг дүрийг бүтээхдээ тэрээр 40 гаруй настай байжээ. Гурван ангит кино хийхэд багагүй хугацаа зарцуулагдаж, нэг ангийг нь жилийн хунгацаанд зургийг нь авсан гэдэг. Кино бүтээхэд гурван жилий хугацаа зарцуулагдаж, зураг авалт дууссанаас хойш жилийн дараа үзэгчдийн хүртээл болжээ. Сонирхуулахад эхний зураг авалт цүү хаядаг хэсэг байж. Энэ зургийг хүмүүс “Тамирын гол” гэж боддог ч Таван толгойн бааз, Туул голын эрэг дээр авчээ. Манай уншигчид санаж байгаа байх “Тунгалаг тамир” кинонд Цэвэлсүрэн гэж ганган хүүхэнтэй сээтэгнэх хэсэг гардаг. Тэр хэсэгт тоглоход жүжигчинг биеэ бариад байна гээд солих уу яах уу гэж ярьцгааж байж. Маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг авахад найруулагч нь нэлээд урам орж “За өнөө орой цүү хаядаг хэсгээ ав” гээд авч байж. Энэ тухай тэрээр “ Мал тоолдог хэсэгт муу тоглосон бол би энэ кинонд тоглохгүй байсан байх” хэмээжээ.
    Түүний бас нэгэн түүхэн дүр бол Сатай сайд. “Мандухай цэцэн хатан” киног хийх үед тэрээр өөрөө Сатай сайдад тоглох санал гаргажээ. Энэ тухай тэрээр “Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа. Гэхдээ түүхэн дүр болохоор сайхан шүү. Кинондоо бол их чухал дүр. Мандухай хатныг авчирдаг, насаараа түүний үнэнч зөвлөх нь байж, төрийн төлөө амьдралаа зориулдаг шүү дээ” гэсэн байдаг.
    Мөн тэрээр урлагийн гараагаа тайзнаас эхэлсэн. У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж байжээ.
    Ингээд А.Очирбат гуайн дурсамжаас хүргэе.
    -“Тунгалаг тамир” киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сэтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.
    -Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс бүтээж буй дүрд нь байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш. Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.
    -Үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчний логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас “Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ” гэж асуухад “Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ” гэж их гоёор энгийн хариулж байлаа.
    – Энэ киноны хоёр ангийг Ч.Лодойдамба багш зохиож байсан ч харамсалтай нь таалал төгсч, эхнэр нь үргэлжүүлж зохиосон. Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.

    -“Тунгалаг Тамир”-ыг Монголын “Дөлгөөн Дон” гэдэг. Энэ хоёр зохиол төстэй гэгдэх үйл явдал олон. Гэхдээ нэг нь Монгол зохиол, нөгөө нь Орос зохиол. “Тунгалаг тамир”-т үнэхээр Монгол гэсэн уур амьсгал, ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй. Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн “Би эхнээс нь аваад, төгсгөл хүртэл “Дөлгөөн Дон”-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ” гэж.
    -“Хатанбаатар Магсаржав” кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүр бий. Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.

    Г.ЖАРГАЛ