Category: Монгол үндэсний түүх

  • элхийн соёлын өвд бүртгэлтэй Монголын морин хуурд

    Морин хуурыг анхлан нутаг нутгийн онцлогоос хамаарч ширэн цартай, морин, хүн, арслан, матар толгойт хуур зэргээр урлаж байсан байна.
    Хоёрт. Францын эрдэмтэн М. Санторо морин хуурын гарлыг бүр урагшлуулж, яст мэлхий үүссэн үетэй холбон тайлбарласан буй. Гэвч үүнийг батлах боломжгүй, хэт уран сайхны гэмээр санал болсон байна.
    Энэ хэсгийн дүгнэлт болгож хэлэхэд, Монголд угаас хуур, икэл хэмээх хөгжим байжээ. Тэр хөгжим дээрээ янз бүрийн хүн, амьтны толгой урладаг байсан байна. Гэвч Монголчууд морийг зөвхөн унаа болгон хэрэглэх бус, “Молор эрдэнэ” хэмээн дээдэлдэг байсан тул мөнөөх хуур хөгжим дээрээ ихэвчлэн “Молор эрдэнэ” – морио байрлуулах болсноор Морин хуур хөгжим үүсчээ.
    ХӨГЖИЛ ХУВЬСАЛ:
    Монголын эзэнт гүрнийг байгуулсан эзэн Чингис хааны үед төрийн ёслол, хүндэтгэл найр цэнгээнийг Морин хуур хөгжмөөр нээн эхлүүлдэг байсан нь энэхүү хөгжим ямар өндөр зэрэгт тавигддаг байсан нь харагдаж байна.
    Тодруулбал төрийн хүндэтгэл, ёслолыг нээж төрийн дуу гэгдэх Монгол Ардын Айзам Уртын Дуу болох “Эртний сайхан” – г дагаж хуурддаг байж.
    XVI зуунаас морин хуур нь Луу толгойт болон хувирсан байна. Энэ нь Манж Чин улсын дарангуйллаас үүдсэн бөгөөд Манж хүн нь шар өнгийг нарны өнгө, луу гэх үлгэрийн амьтныг агуу хүчтэй тэнгэрийн амьтан гэх мэтээр бэлэгшээн Манж ард эзэн хааныгаа наран адил гэгээтэй, луу адил хүчтэй хэмээн үздэг байснаас улбаалж морин хуур маань луу толгойт болсон байна. Үүнээс үзэхэд морин хуур нь зөвхөн ард түмний хүрээнд бус ордны хөгжим байсан байж болох талтай.
    Ийнхүү Монголын ард түмний дунд хөгжиж ирсэн морин хуур хөгжим орчин үеийн тайзны урлаг болон дэвшихэд 20-р зууны үеийн хоёр хүний хөдөлмөр чухал нөлөөтэй.
    1. Монголын нэрт хөгжимчин Г.Жамъян нь морин хуурын сургалтыг өнөөгийн мэргэжлийн түвшинд хүргэхэд онцлох үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр анх удаа морин хуурыг өрнийн тонн ноотонд шилжүүлснээс гадна анх удаа Монголд морин хуурын мэргэжлийн сургалтыг эхлүүлжээ.
    2. Манай хуурчид XX зууны 30 аад оноос хойш дэлхийн олон газар орноор аялан цаг агаарын янз бүрийн бүс нутагт тоглох болсон юм. Гэтэл ширэн цар нь хэт халуунд их агшиж дуу нь шингэрэх, чийгтэй газар шир нь сунаж дуу гаргах боломжгүй болдог байжээ. Ингээд 1962 онд монголын соёлын яамны урилгаар Оросын хийлийн төрлийн хөгжим урлаач Денис Яравойг урьж уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуурыг ширэн царнаас модон цартай болгож өнөөгийн бидний хэрэглэж буй мэргэжлийн морин хуурыг бүтээлгэсэн байна.
    МОРИН ХУУРЫН ХИЙЦ
    Морин хуурын бүтэц болбоос иш, цар, нум гэсэн гурван хэсгээс бүтэх нэг цогц бөгөөд ишний дээд талд морины толгойн сийлбэр, хөглөгч чих, цар буюу долгион дамжуулан дуу гаргагч хайрцаг, ишний дээд талаас царны доод хэсэг хүртэл үргэлжилэх цавхдас буюу хялгас, иш царнаас хялгасыг хөндийрүүлэгч дээд доод тэвх буюу марнууд, чавхдасыг хөрөөдөгч нумнаас бүрдэнэ. Морин хуур хөгжмийн зэмсэг нь бүдүүн нарийн чавдастай бөгөөд монголчууд жилийн 365 хоногийг бэлгэдэж нарийн болон бүдүүн чавхдас, нуманд хуваан уралдаг юм байна. Морин хуурын хоёр чавхдас нь арга бэлгийн чавхдас буюу нарийн чавхдас нь бэлгэ хялгас буюу сайн гүүний сүүлээр бүдүүн чавхдас нь арга хялгас буюу азарганы сүүлээр хийгдэнэ. Морин хуурын нум их чухал, өмнө нь нумыг бургас, хус болон улаан ухай зэрэг модоор хийж байв. Морин хуурын нумыг гадна хэлбэр дүрсээр нь
    1. Бөөрөнхий нум
    2. Наймантай нум
    гэж хоёр ангилдаг.
    Морин хуурын нумын хүнд нь хийл ба cello – н нумын адил тогтвортой байдаг. Морин хуурын нумын хүнд нь 86-95 гр байвал тохиромжтой гэж үздэг. Морин хуурын нумын хүндийн төв нь уг хэсгээс 1/3 орчмоос өмнүүр байна. Морины сүүлэнд давирхай амархан тогтох учир түүнийг нумын хялгас болгон ашигладаг мөртлөө адууны сүүлээр хийдэг ба нумны хялгас нь ойролцоогоор 250 ширхэг байдаг.
    МОРИН ХУУРЫН ХӨГ
    Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр кварт, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тонныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломжгүй юм. Хуурчид бидний үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж түнгэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээр хөгөөр тоголдог байсан юм байна. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас. Гэхдээ Монгол газар нутгийн уур амьсгал чийглэг бус сэрүүн байдаг учраас энэ тал дээр их бэрхшээл гардаггүй байсан байхаа. Харин хоёр чавхдасын хооронд тонн хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татаж байгаа юм. Морин хуур нь өөрийн үндсэн хөгөөр “салхинд” дуугардаг байсан нь маш сонирхолтой. Өөрөөр хэлбэл хуурын хоёр чавхдасын хоорондын тонн хөг нь яв цав тохирсон тохиолдолд морин хуурын хөг татаж байгаа мэт адил салхинд дуугардаг юм байна. Энэ нь юуг өгүүлж байна гэхээр Монгол түмэн байгалийн түүхий эдээр болон амьд эдээр энэ гайхамшигт “хялгасыг хялгасаар хөрөөдөгч” хөгжмийг өөрсдийн оюун ухаанаар болон ахуй амьдралаасаа бүтээсэн нь тод болж байгаа юм.
    Харин морин хууранд өрнийн хөгжмийн тонн хог тогтооход цахар хөгийг 7 эгшигт нотны бага актавын B.F цэвэр кварт, жонон хөгийг буюу тавц хөгийг B.F гэсэн тонн хөгөөр тогтоосон байна.
    ТОГЛОХ АРГА БАРИЛ
    Морин хуурыг тоглох техник арга барилын талаар танилцуулья.
    Морин хуурыг суугаа байдалтай, биенээс хагас хөндий барина. Зүүн гарын дөрвөн хуруугаар, зарим тохиолдолд эрхий хуруу оролцон тоглоно. Нэг хоёрдугаар хурууны хумсны толиогоор буюу хумс махны завсраар, гурав дөрөвдүгээр хурууны өндгөөр дотогш түлхсэн маягаар тоглоно. Хурууны байрлал болон дотогш түлхэх хөдөлгөөн нь морин хуурны ишнээс хол зайтай өндөр байдгаас шалтгаалдаг бөгөөд хуруунаас маш их хүч гардаг. Баруун гарын хувьд нумт хөгжимд тоглогддог штрихийг тоглоно.
    МОРИН ХУУР – ӨНӨӨДӨР
    Морин хуур өнөөдөр дэлхий нийтэд танигдсан хөгжим болж чаджээ. Ялангуяа 1990 оноос хойш маш эрчимтэй хөгжиж байна. Өнөөгийн морин хуурын хөгжилтэй зайлшгүй холбогдож яригдах зүйл бол МУ – ын ерөнхийлөгчийн шагналт Морин хуурын чуулга билээ. МУ – ын Морин хуурын чуулга нь 1992 онд анхны тоглолтоо тоглож нээлтээ хийж өнөөгийн морин хуураа болон монголын үндэсний урлагаа дэлхийн 3 тивийн 30 гаруй улс оронд таниулан ихээхэн өндөр үнэлгээ аваад байгаа 30 гаруй уран бүтээлчидтэй чуулга билээ.
    Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь морин хуур хөгжмийн гайхалтай тоглооч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтанд түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван тоглоочдыг төрүүлэн гаргасан билээ. Тэрээр морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС – н хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийлгэж анх үүсгэн байгуулж байсан түүхтэй юм.
    1992 оноос 2008 он хүртэл 16 жилийн хугацаанд 1400 гаруй уран бүтээлтэй урын санг бий болгож (монголын болон гадаадын сонгодог) морин хуур гэх хөгжмийн зэмсгийн бүхий л нөөц бололцоог дээд цэгт нь үзүүлж байгаа уран бүтээлчид билээ. Тэр цагаас хойш тэдгээр оюутнууд өнөөгийн морин хуурыг гайхалтай хөгжүүлэгчид, монголын урлагийн гарамгай төлөөлөгчид болж чадсан юм. Тэдгээрийн хийсэн онцлох зүйлүүдээс дурдвал:
    • 1999 онд Сонгодог дуурын урлагийн гайхалтай бүтээл болох “Carmen” дуурын “Сюит” – г морин хуураар болон чуулгаараа хөгжимдсөн. Тэр ондоо монголын урлагийн дээд шагнал болох Гоо Марал алтан цом шагнал хүртсэн.
    • Монголын анхны дуурь болох “Учиртай 3 толгой” дуурь
    • Австрийн хөгжмийн зохиолч В.А.Моцарт “Серенада #49”
    • “Радитцкий марш” гэх мэтчилэн олон арван бүтээлийг Монголыхоо болон гадаадын сонсогчиддоо хүргэсэн билээ.
    Энэхүү чуулга нь дэлхийд хэмээн нэрлэгдэх Японы “Сантори”, Оросын “Новый большой”, Америкийн New York хотын “Карнегийн их танхим”, Австрийн Брамсын нэрэмжит “Алтан тайз” зэрэг олон газар тоглож Монголыхоо нэрийг морин хуураараа дуурсгаж яваа билээ.
    Монгол улсын төр засгаас 2003 онд МУ – ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн ивээлд багтааж, айл өрх бүр морин хуурыг хоймортоо залах, хүн бүр сурч эзэмшихийг хичээж, хуурч бүрийг морин хуураа сурталчилж, сурган зааж явах үүрэг оноогдсон билээ.
    Монгол түмэн морин хуурыг дэлхийд таниулсан хамгийн том үйл явдал бол 2003 оны 11 – р сард дэлхийн өв сан болох UNESCO – д шилдэг хөгжмийн зэмсэг болгон бүртгэсэн явдал юм.

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан1

    1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв. Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно. Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа. Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв. Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.
    Мэдээ оруулсан: undesten

  • Чингис хаан

    Уг гарал

    Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гoo маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаасБоржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал юм.

    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаанХамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хиад Боржигин овог гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байсан.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабул хааны удам буюу Хиад Боржигины ноёдууд байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучар нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ.

    Бага нас
    Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Монголын нууц товчоо түүнийг төрөхдөө шагайн чинээ нөж атгаж төрсөн гэж бичсэн байдаг. Энэ үйл явдал нь тухайн үед Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай тохиосон тул шинэ төрсөн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасаp, Хачиун,Тэмүгэ Отчигон, Тэмүлэн. Мөн Сочигил хатны хөвгүүд болох эцэг нэгтэй ах дүүс Бэгтэр, Бэлгүтэй нар байжээ.
    Тэмүжин 16, 17 настай байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд инжинд ирсэн булган дахыг өөрийн эцэг Есүхэйн анд байсан Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон томоохон хэмжээний дипломат алхам болсон байна. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидийг дарсан ба Хамаг Монголын хан болсон нь
    1180 оны үед Гурван Мэргид цэрэглэн ирж өмнө Мэргидийн Их Чилэдү эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авахаар ирэн Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүжин өмнө нь түүнийг ивээлдээ багтаахаа амласан Хэрэйдийн Тоорил ханд очиж тусламж хүссэнд хүлээн авч Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрийн тулалдаанд бут цохин Тэмүжин эхнэр Бөртийг эргүүлэн авчээ. Энэ үед Бөртэ жирэмсэн байсан нь Тэмүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатан жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байжээ. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан байна. Гэвч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим Тэмүжинг даган ирсэнээр түүний өөрийн овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучар, Жүрхиний Сача-Бэхи,Даридай-Отчигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ. “Чингис” гэдэг үгийн гарал нь “тэнгис” гэсэн үгнээс гаралтай гэсэн түүхэн бичээс буй юм.

    Жамуха, Татар, Жүрхин, Тайчуудтай тэмцэлдсэн нь

    Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааныг Зээрэн хавцалд шахаад буцаж явсан ба замдаа Чинос аймгийн залуучуудыг далан тогоонд чанаж харгисласан байна. Энэ тулалдааны дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас салж Чингис хаантай ирж нийлжээ.
    XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үед урьдын өшөөт Татарыг дарах боломжийг ашиглан Чингис хаан, Тоорил хан нар хүч хавсран байлдаж Улз голын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар Мэгүжин сүүлтийг дарж устгажээ. Үүний дараа Вангин чансан Тоорил ханд “Ван хан”, Чингис хаанд “Чаутхури” гэдэг цол олгожээ. Үүнээс хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ. Улмаар Чингис хаан, Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцсэнийг Чингис хаан олж мэдээд Ван ханд мэдэгдсэнд, Ван хан цэргээ авч хүрч иржээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулалдаан гэж нэрлэдэг. Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга мэддэгээ хэрэглэсэн нь өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан хүзүүн тушаа Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан байна. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

    Нас нөгчсөн нь

    Чингис хааныг нас барах үеийн эзэнт гүрний нутаг
    1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад Одоогийн Египетэд морь унаж байхдаа унасны улмаас өнгөрсөн гэж үздэг харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэл гэх мэтийн өвчин тусаж тэр нь хүндэрч сэдэрснээр өнгөрсөн гэдэг байна, Galician-Volhynian Chronicleодоогийн Украйн сударт бичсэнээр түүнийг Тангуудтай дайтаж байхдаа алагдсан гэж тэмдэглэсэн байдаг.
    Чингис хаан өнгөрөхдөө өөрийн омгийн заншлаар тэмдэггүй газар оршуулаарай гэж захисан. Түүнийг нас барсны дараа түүний биеийг нь одоогийн Хэнтий аймгийн Онон голын сав газар дахь Бурхан Халдунууланд оршуулсан гэсэн таамаглал байдаг байна. Домогт үзсэнээр оршуулгын хамгаалагч ямар нэг хүнийг алсан ба (хааныг нас барсан гэж мэдэгдүүлэхгүйн тулд) замдаа нуухын тулд эцэст нь булшилсан гэж үздэг, Чингис хааны бунханыг түүний үхлээс олон жилийн дараа барисан боловч тэр нь түүнийг оршуулсан газар биш юм.

    Чингис хааны булшны нууц

    Их хааны булш төдийгvй тvvний хэрхэн өөд болсон нь он жилийн зузаан хөшгөөр бvрхэгдэж одоо хvртэл тодорхой бус хэвээр байна. XIII зууны vед Монголоор аялж байсан алдарт аялагч Марко Пологийн бичиж vлдээснээр Чингис хаан тулааны vед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг. Тэгвэл ангийн vеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг. Дэлхийн талыг байлдан дагуулсан их хааны булшийг өнөө хvртэл эрсээр байна. Марко Поло “Чингис хааны vр удмын их хаадыг бvгдийг нь Алтай хэмээх том ууланд нутаглуулдаг байсан. Хаан хаана ч нас барсан байсан хамаагvй дөч хоногийн дотор энэ ууланд авчирч харин шарилыг авч ирэхэд дагалдан ирсэн бvгдийн амийг сэлмээр цавчин хороож, их хааныг нөгөө ертөнцөд нь дагалдуулдаг байсан” гэж бичиж vлдээжээ. Чингис хааны тэнгэрт одсон он буюу 1227 оны vйл явдлыг энд тэндхийн эх сурвалжуудаас цуглуулбал нэлээн дэлгэрэнгvй дvр зураг харагдах юм. Их хааны шарилыг ачсан гашуудлын цуваа Шар мөрний (одоогийн Хятадын нутаг дээрх Хуанхэ мөрөн) хөндийгөөс хөдөлж Говийг гатлан Харахорум хот руу чиглэжээ. Харин замдаа их хааны vхлийн тухай цагаас нь өмнө мэдэх вий хэмээн сэрэмжилж тааралдсан бvхнийг хvйс тэмтэрч байсан гэнэ. Товлосон өдөр бөө нар цогцсыг авсанд хийжээ. Дараа нь энэ авсаа дахин дөрвөн давхар авсанд хийж улмаар Бурхан Халдун уул руу авч одсон гэнэ. Энд хааныг нутаглуулсан бөгөөд хожим хойно хэн ч тvvний амар амгаланг бvv алдуулаасай гэсэндээ нутаглуулах ажилд оролцсон бvх зарц боолыг хvйс тэмтэрчээ. Он жилийн уртад Хэнтийн нурууг өвс ургамал мод бут бvрхэж яг аль уулыг Бурхан-Халдун гэж нэрлэдэг байсныг ч хэлэхэд бэрх болсон юм. Хэнтийн нурууны нэг уулыг ариун газар хэмээн нэрлэж ийшээ ойртсон хvнийг цаазаар авдаг байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. 1990-ээд оноос хойш Монголын нийгэмд өөрчлөлт орж Чингис хааны шарилыг эрэх эрэл эхэлсэн байна. 1990-ээд оноос хойш япон, америкчууд монголчуудтай хамтран эрсэн боловч ямар ч vр дvнд хvрээгvй хэвээр. Гэвч эрэл хайгуул хийгчид бууж өгсөнгvй. Их хааны төрсөн нутаг болох Онон мөрний сав газарт тvvний хөдөөлvvлсэн гэсэн шинэ хувилбар гарч ирэв. Домог ёсоор Чингис хааны цэргийн жанжинууд нь тvvний шарилыг Дэлvvн-Болдог уулын ойр авчирж улмаар голын урсгалын гольдролыг өөрчилсөн гэнэ. Уулын болроор авс хийн их хааны цогцсыг дотор нь хийж голын ёроолд байрлуулаад дахин голын урсгалыг гольдрилд нь оруулсан аж. Мөн Оросын нэртэй аялагч Г.Н.Потанин Ордос дахь Их ээжийн хороо хэмээх газарт Чингис хааны шарилыг агуулсан гэр байсан гэсэн тэмдэглэл ч байна. Энэ газарт лам нар жил бvр Чингис хааны гэрийн гадна хvндэтгэл vзvvлж баяр хийдэг гэнэ. Харин шарил байгаа гэх гэр дотор мөнгөн завьяанд их хааны vлдэгдэл ясыг хадгалдаг аж. 1998 онд Ч.Голбоиноор ахлуулсан хэсэг буриадууд Их Монгол улсыг vндэслэгч Чингис хааны шарилын эрэлд гарсан юм. Тэд эрлийнхээ өмнө Сэлэнгэ мөрний зvvн эргээр дамжин Чингис хаан төрсөн нутаг руугаа явж байсан гэдгийг тогтоожээ. Буриадуудын баг Хамар давааны нуруунд хvрч өндөрлөгvvдийн нэгний орой дээр овоо босгон тvvнийгээ “Бурхан гал уул” гэж нэрлэсэн байна. Ойр тойрны бусад оргилуудад ч тэд нэр өгсөн байна. Өмнө нь “Бага алтан” гэдэг байсан оргилыг Хатан уул тvvнээс хойд зvгт байгааг нь Хаан уул гэж нэрлэжээ. Ч.Голбоины багт аз таарсан гэж болно. Хамар давааны баруун хойд хэсэгт тэд Чингис хааны бөө нар ёслол vйлдэж их хааны сvнсэнд залбирдаг байсан овоо-газрыг олсон юм. Энэхvv овоо нь янз бvрийн чулуунаас бvтсэн дээшээгээ 15 метр, голч нь 50 метрийн хэмжээтэй пирамид хэлбэртэй байжээ. Урьд нь энэ газрыг битvv ой бvрхдэг байсан ч хэд хэдэн удаа хvчтэй тvймэрт өртөн хоосорсон юм байна. Найман зууны турш монголчууд энэ газрыг Их хориг хэмээн нэрлэж энэ хэсэг газарт ан хийх газар хагалахыг хориглодог байсан юм. Эндээс Саяны нуруу алган дээр тавьсан мэт харагддаг ажээ. Дэлхийг байлдан дагуулагчийг нутаглуулахад маш тохиромжтой газар. Гэхдээ л Чингис хааны шарил хаана байгааг олсон хvн алга хэвээр байна.

  • Чингис хаан худалдаачдынхаа өсийг авсан Отрарын төлөөх тулалдаан

    Мухамед шахдайн гарцаагүй болсны дараа ч “ухаан муутай, эдгээр зэрлэг бүдүүлэг монголчууд ” мөнхийн цас мөстэй тэрхүү цэвдэг газраас аагим халуун улс оронд ирж чадна гэж итгэхгүй байв. Тэд иймэрхүү алхам хийж зүрхэлдэг юмаа гэхэд Хорезмын эзэнт гүрний зах хязгаар Трансоксаний бэхлэлтүүд л тэдний дээгүүр занг нуга дараад өгнө гэж бодож байв. Түүнд ингэж үзэх бүрэн үндэслэл байсны дээр хилийн бат бэх хамгаалалттай Отрар хотоос гадна Женд, Хожент зэрэг хотуудын дээд зэргийн бэхлэлттэй цайз, боомтууд, түүнчлэн Самарканд, Бухар дахь бэхжүүлсэн хуарангууд монголчуудын замыг хааж байлаа. Дээрх хуарангууд ихээхэн хүчирхэг, байлдааны үлэмжхэн туршлагатай байснаас гадна бурхан шашнаа буруу номтнуудаас хамгаалан тэмцэж байгаа гэсэн сэтгэл зүй, моралийн хувьд ч давуу талтай байв.

    Тэгтэл алс холын тал нутгаас сэтгэл түгшээсэн мэдээ ирэх болжээ. Монголчууд ямар ч саад тотгоргүй түргэн урагшилсаар яваа, үзэгдэж сонсогдоогүй дайчин, шуурхай байдалтай байгааг Хорезм шахын ордонд анхандаа шивнэлдэж, сүүл сүүлдээ хүн болгонд дуулдахаар ярих болов. Түүгээр ч үл барам Хар Кидан, Хорезмын эзэнт гүрний зах хязгаараар хэсүүчилж явдаг овог аймгийнхнаар өдөр тутам хүчээ сэлбэн, нэмэгдсээр айсуй гэжээ. Эцэст нь тэртээ тэнгэрийн хаяанд дайсан этгээдийн жадны үзүүр харагдах болж, морьдын янцгаалт, ачаатай тэмээний буйлаан хүрхрээн чих дэлдэж байна гэсэн мэдээ аваад Хорезм шахын нөгөөх ихэмсэг тайван байдал хийсэн арилав.

    Энэ үед Мухамед шах Отрар хотыг орхин, урьд нь алт эрдэнэс хийгээд эмс хүүхнүүдээ нэгэнт явуулаад байсан Балх руу яаравчлан одсон байна. Урваад урваад “Тэмүжингийн хилэнгээс” аврагдаж нэгэнт чадахгүй болсон Отрар хотын захирагч нар хийгээд монголын 500 элчийн толгойг залгин, дайныг өдөөхөд гол “гавьяа” байгуулсан Иналчугийг үнэнчээр зүтгэнэ гэдэгт Мухамед шах огт эргэлзэхгүй байлаа. Отрар хот зэр зэвсэг, сум хэрэглэлийг хангалттай нөөцөлсөн бөгөөд тавин мянган цэрэг бүхий байлдааны хүчтэй бэхлэлт байлаа.

    Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Хорезмын султан өөрийн бэлтгэлээс таван түмэн хүн, морь Иналчугт олгоод, Харач Хас-хажиб гэдэг жанжинаар түмэн морин цэрэг удирдуулан туслуулахаар явуулжээ. Хэрмэн хот Отрар нь гадуураа давхар цайз, дотуураа хотын хэрэмтэй. Тэдгээр нь маш бэх батын дээр их хэмжээгээр цэргийн хэрэглээний эд бараа хуримтлуулсан нь удаан хугацааны бүслэлтийг давж гарахаар байжээ. Иналчуг морин цэрэг, явган цэргээр хотын хаалгыг мануулж, цөөн хүн дагуулан хотын хэрмэн дээр гарав.

    Түүнд санаанд багтамгүй зүрх алдам байдал харагдаж, нүд нь орой дээрээ гарах шахам айдаст автав. Хотын гадна зах хязгааргүй далай мэт, эр арслан сүрэглэн цугларсан шиг, агт морьдын янцгаах нь догшин арслан хүрхрэх мэт, хэнгэрэг бүрээний дуун уулын үеэр буух мэт санагдаж, тоолж баршгүй хуаран цэрэг бүчсэн, сэлэм жад ой шугуй мэт зах нь харагдахгүй сүрдмээр байсан нь монголчууд нутагтаа, Алтайн ууландаа байх мэт буудалласан нь тэр байлаа. Хэдхэн сумны газарт есөн хөхөлт цагаан туг намирч харагдсаны дээр зүүн хойд зүгээс жад сүхээ сэрийлгэсэн шинэ шинэ түмтүүд нэмэгдэн ирсээр байгаа нь хоромсог дүүрэн сумтай яваа гэдэгт эргэлзэх хэрэггүй байлаа. Түмт бүр чулуу дүүгүүрдэгч, сум шидэгч оньсон хэрэгсэл, нөөц шат зэргийг авч явав. 500 гаруй худалдаачдыг алж байж даллан авчирсан 20 түмэн дайсны цэргийг хараад Иналчуг гэмшиж эхэлсэн бөгөөд зориг нь мохож, айж байсан ч ухрах газаргүй болжээ.

    Гэтэл Чингис хаан нэгэн том биш хилийн хотыг 20 түмэн цэргээр довтлохыг бодсонгүй, цэргээ цугларч гүйцмэгц дөрвөн хэсэгт хувааж, чиглэл чиглэлээр давшилтанд оруулав. Нэгдүгээр замын цэргийг Цагаадай Өгөдэй нар удирдаж Отрар хотыг эзлэхээр үлдэв. Чингис хааны анхны байлдааны зорилт нь Отрар зэрэг хилийн хотуудыг эзлэн авах, өөрөө төв замын цэргээр Бухар руу довтлох, түүний тактик бол хүчтэйгээс зайлсхийж хүчгүйг дайрах, завсар дундуур нь цөмрөн орох, Хорезмын шинэ хуучин хоёр нийслэлийн харилцаа холбоог тасалснаар бүслэлтэнд байгаа хилийн бүх хотуудад тусламж хүргэх бололцоог алдуулахад чиглэгдсэн байна. Ийнхүү монгол цэргийн хүрээнд бөөн бужигнаан болж, буудал тэр аяараа хөдөлж, тал тал тийш бутарч, агт морьд янцгаалдан, атан тэмээд орилолдож, тэрэг чарга хяхтнан, цэргүүдийн зэвсэг хангиналдаад, Отрар хотыг тойрсон хачин их нүргээн чимээ дуурсахад, хотынхон хэрмэн дээрээ шавааралдан гарч, дайсны араас гар зангидан занаж, “Ашгүй аллахын авралаар атаатнууд зайллаа” гэж бодож байв. Гэвч баярласан хэрээ бархирав гэгч болж Чингис хааны маш олон цэрэг хотын гадаа үлдэж хоцорсныг үзээд арай эрт баярласнаа ухаарчээ.

    Тэд тэр дороо хотыг дайрахаар зэхэж, хана эвдлэгч чулуун харвууруудыг хэрмийн ойр чирч авчран, овгор товгор шорооны ард байрлуулав. Ийнхүү хотын төлөөх амь дүйсэн буцаж няцахгүй шургуу тулаан эхлэв. Бүслэлтийн эхний үед монголчууд хотын гадна орчинтойгоо харьцах бүх зам харгуйг таслан хааж, бүхэлд нь өлсгөлөнд автуулсан байна. Харвасан бул хар чулуунууд хана хэрмийг өм цөм цохиж, арсгар шүднүүдийг яйруулж эхлэв. Хажуугаар нь галтай сумнууд шунгинан ирж, байшингийн дээврийг шатаан, хар утаа баагиулж эхлэв. Хотыг хамгаалагч цэргүүд хар утаанд бүтэж, хахаж цацан ханиалгаж, эсгийгээр галыг цохиж, элс цацаж унтрааж байлаа. Монголчууд хоттой үхэн хатан зууралдав. Өдөр шөнөгүй хад чулуу нүүгэлтэн ирж, хэрмийг балбан нүргэлнэ. Чихэнд чийртэй тэрхүү нүргээн утаа тоосноос хотынхон зайлах аргагүй болжээ. Ийнхүү монгол цэргүүд дөрвөн зүг найман зовхисоос дайрахад хотоо сахин хамгаалсан цэргүүд ч зориг шантрахгүй эрэлхэгээр тулалдсаар таван сар өнгөрөхөд Отрар хот эзлэгдэхгүй байсаар байв.

    Ийнхүү байлдсаар өвөл хаяанд ирэв. Эхний цас дарж, нүд алдам газар нэвсийтэл цайрав. Хотод харин хамаг юм хөө тортгонд дарагджээ. Монголчууд сэг хийлгүй хотыг балбасаар байв. Хэрэм олон газраар нурж эхл эв. Иналчуг нурсан онгойсон нүх сүвийг суман мөндөр дундуур таглаж бөглөхийг тушаалаа. Суманд оногдож үхэгсэд улам олшров. Түүнээс хойш Отрар хотыг сахин хамгаалсан цэргүүд тэсвэрлэхэд бэрх болж, туслаар ирсэн Харач жанжин Иналчугт хандан монголчуудад бууж өгөхийг санал болгов. Гэвч Иналчуг энэ дайныг өдүүлэгч нь өөрөө тул монголчууд түүнийг хэрхэвч амьд үлдээж өршөөхгүй, тэгээ/ ч монголчууд хотыг ус нэвчих зайгүй бүсэлсэн учир оргон зугтаж ам гарах газаргүй гэдгээ сайн мэдэж байв. Иймээс бууж өгөхийг тэр ер сайшаахгүй байв. Иймд: “Хэрэв бид эзэндээ үнэнч эс байх юм бол, яая өөрсдийгөө цагаатгах билээ. Бид чинь гэм зэмээ юугаараа хаацайлж лалын буруушаал зэмлэлээс мултрах юм бэ” гэж учирлах болжээ.

    Харач түүнийг бууж өгөхийг хүсэхгүй байна гэдгийг ойлгоод дахш ятгахаас бэрхшээв. Гэхдээ тэр ятгасан өдрийнхөө шөнө өөрийн шилдэг цэргийг аваад, Отрар хотоос сэмхэн зугтах гэсэн авч монгол цэргүүдэд олзлогдон, хүргэгдэж ирээд “бууж өгье амь авар” гэж гуйв. Цагаадай Өгэдэй нар тэднийг байцааж, Отрар хотын доторх хамгаалалтьп байдал, цэрэг хүн хүчийг мэдэж аваад: “Та нар өөрийн эзэнд үнэн* биш байтал, бидэнд үнэнч байна гэж горьдох аргагүй” хэмээгээд цөмийг хороох тушаал өгчээ.

    Төдөлгүй монгол цэрэг Отрар хотыг эзлэн авч, хотын оршиг суугчдыг хонь мэт тууж гаргаад, өнгөтэй өөдтэйг нь талан дээрэмдэв Иналчуг хан шадар цэрэгтэйгээ хотын дотоод цайзад ухран орж, үхээ унтахыг төдий бодолгүй, хоорондоо салах ёс хийгээд, нэг ээлжинд 50 хүн гарч зэр зэвсэггүй болсон хэрнээ бололцоогоороо үзэлцсээр байлаа Иналчуг цэргүүдцээ: “Дайчид аа, амьд гарах горьдлого бидэнд бараг алга. Та нарын амь насыг би мэдэхгүй, аллах тэнгэр мэднэ. Надтай цуг амьсгал хураахгүй гэсэн улс салаад явж болно. Бид хаалгаа онгойлгог гаргана” хэмээн цэргүүдээ тулалдаанд шуудруулав. Иналчугийн шадар цэргүүд амьсгаа хурааж дуустлаа тулалдаанаа үргэлжлүүлсээр байв.

    Монголчууд өөрсдөө дотоод хэрмийг дайран эзлэх гэсэнгүй. Хариг олзлогдсон цэргүүд ба хотынхныг хэрэм өөд авирууллаа. Тэд амандас балиус зуугаад босоо шатуудаар авирцгаалаа. Иналчугийн цэргүүг дээрээс нь хад чулуу, мод, тоосго хайр найргүй шидлэн унагааж, сум харван, жадаар хатган түлхэж байв. Ханын ёроолоор үхдлүүд дүүрэв Үхсэн цэргүүдийн оронд мөн л олзны цэргүүдийг дахиад хөөн авчирч байлаа. Байлдаан ийнхүү бас нэг сар сунжирав. Эцэст нь монголчууг хэрмийн хаалганд гэтэж очоод, самбар мод эсгийгээр сум чулуунаас хайцаалсан халхавч барьж, хаалга цөмлөх түншүүр зэвсэг тавьлаа.

    Гурав хоногийн дараа хаалгыг хэмхэлж, монголчууд өөрсдөө дотоод: бэхлэлт рүү цөмрөн орлоо. Иналчуг хаалганы хажууд үзэлцсээр ухарч ордны шатан дээр гарч тулалдав. Түүний цэргүүд хядагдан барагдсаар сүүлдээ тэр шахагдан ордны дээвэр дээр гарлаа. Тэнд тэрбээр тоосгс дээврийн хавтан авч шидлэн нүдэлцсээр байв.

    Дайчдыг нь цөмийг нь сум тоолон унагаж, хамгийн сүүлд Иналчуг өөр хоёр хүнтэй хоцорсон атал зугтах нь бүү хэл байлдахаа зогсоохгүй байв. Цагаадай, Өгэдэй нар түүнийг амьдаар барихыг тушаасан учир түүнд тэмцэлдэх завшаан олджээ. Нөгөө хоёр нь тулалдсаар үхсэн ба Иналчуг хан зэвсэггүй гар хоосон болоход эмсүүд нь ордны хананы тоосгыг түүнд зөөн өгсөөр тоосго ч дуусав. Тэгсэн хэрнээ өөр элдэв аргаар тэр олон хүнийг цохиж алсаар ганцаардаж, эцэстээ монгол цэрэгт баригдав.

    Монголчууд энэ удаад хүнд гарз хохирол амссан бөгөөд дотоод цайзын эргэн тойрон тоо тоймгүй хүүрээр дүүрсэн байлаа. Цагаадай, Өгэдэй хоёр уур хилэндээ автан золтой л түүнийг алчихсангүй. Дараа нь түүнийг Самарканд хотын гадна дүүрэгт байсан Чингис хааны их орд Хөх сарайд хүргэв. Чингис хаан олон таван үггүйгээр дорд хүмүүсээр мөнгө хайлуулж Иналчугийн чихний сүв, нүдний ухархайд цутгуулсан нь ховдог шуналтанд оноох шийтгэлийн нэг хэлбэр бөгөөд алагдсан худаддаачдын өсийг авсан хэрэг байжээ. Отрараас өмнө монголчууд Бухарыг буулгасан байсан ч гол буруутан орогнож, маш шаргуу эсэргүүцсэн энэхүү хотыг эзэлж зохих гэсгээлийг үзүүлснээрээ өөрсдийгөө “тэнгэр бурхны зараалыг хэрэгжүүлэгч” хэмээн улам итгэн үнэмших болж, моралийн давуу тал нь бэхжсэн болой.

    Ц.Хан-Хөхий

  • ХАРИЙН ШАШНЫГ ХАЛАМЖ НЭРЭЭР ХААЦАЙЛСААР БАЙХ УУ

    Ямартай ч магтаал дуугаа дуулаад, дараа ньБиблийн ном зааж, хүүхдүүд их эзний тухай гэх дуу дуулж байсан. Хажуугаар нь солонгос хэл зааж, төгөлдөр хуур, гитар тоглуулдаг аж. Буддын сүмийг бодвол христийнх итгэгчдээ татахдаа сонирхолтой арга хэмжээ явуулдаг нь ажиглагдсан. Ямар сайндаа л цэцэрлэгийн хүүхдүүд “Их эзэн тахайрыг авахын төлөө төрсөн хүн билээ” гэж дуулахав. Тэд хүүхэд, залууст гадаад хэл зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, итгэгч оюутнууддаа унааны зардал, сургалтын төлбөр, эмчилгээ, хоол хүнс, түлээ нүүрс, халуун усны үйлчилгээ хүртэл үзүүлдэг нь учиртай. Шинээр ирсэн итгэгчдэд онцгой анхаарч, тэдэнд зориулан залбирал үйлдэнэ. Гарын бэлэг гээд алчуур, оймс, цамц өгдөг юм билээ. Энэ мэт үйл ажиллагаа өрнөсөөр цуглааны цаг дундаа оров. Их эзэндээ хандив өргөдөг юм байна. Итгэгчдийн дундуур хандивын сав аялуулж хүн бүхэн боломжоороо мөнгө хийнэ. Эдгээр байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах тухайгаа тусгасан болов уу гэж бодогдов.
    Ингээд эцэст нь хүмүүсийг цайлж, хооллож ундална. Энд ирдэг итгэгчдийн олонх нь ядарсан улс харагдсан. Зарим нь хаа холоос аяга хоол горьдож ирдэг тухайгаа хэллээ. Энэ бол манайд үйл ажиллагаа явуулдаг харийн шашны нэгээхэн жишээ. Ядуу буурай орны нийгэмд аливаа шашин дэлгэрэн суурьшихдаа амархан байдаг гэлцдэг. Энэ жишигт манай улс сүүлийн 20 гаруй жил автав. Үндсэн хуульд христ, лал, буддизм, хинди гэх мэт шашин шүтэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг учир харийн шашин манайд суурьшин, дэлгэрэх нь амархан байдаг байх. Тэдний сайн, муу талыг төдийлэн сөхдөггүй, сөхсөн ч хувь хүний эрх болж хувирдаг учраас тэр. Ямар сайндаал айл бүрт нэг эмч, нэг цагдаа, нэг бөө, нэг христэд итгэгч, Солонгост ажилладаг 1-2 хүн байдаг гэсэн хошигнол гарах вэ. Ядуу иргэдэд халамж нэрээр хандив тусламж үзүүлж буй нь сайшаалтай ч нийгмийн оюун санаа, иргэний үзэл бодол, төлөвшилд ихээхэн сөрөг үзэгдэл дагуулдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй биз.
    Одоогийн манайхны шүтээд буй христийн шашин нь үндсэндээ Мормоны үзэл гэнэ. Мормоны үзэл нь Есүсийг амьд байх үед түүнийг дагалдагчийн нэгийг шүтэх үзэл ажээ. Азийнхны дунд мормоны үзэл дэлгэрэх хандлага түгээмэл байдаг учир тэд энэ сиймхийг ашиглан хүслээ гүйцэлдүүлдэг гэж хэлж болно. 2003 оны байдлаар Монголд шашин шүтдэггүй иргэд 77.8, шүтлэгтэй нь 22.9 хувь байсан бол 2010 оны сүүлчээр шашин шүтэгчдийн тоо 38.6 хувиар нэмэгдсэн байгаа юм. 2009 он гэхэд нийслэлд162 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 60 нь бүртгэлгүй байж. Дээрх сүмийн 64 ньбудда, зургаа нь бөөгийнх, 90 ньхристийнх. Эдгээрээс албан ёсны зөвшөөрөлгүй салбар хөдөө орон нутагт цөөнгүй аж.
    Өнгөрсөн оны статистикаас харахад шашны 800 орчим байгууллага үйл ажиллагаа явуулдгаас тэн хагас нь албан ёсны зөвшөөрөлгүй гэнэ. Хоёроос гурван жилийн хугацаанд шашны байгууллагуудын тоо хэд дахин өссөн нь эндээс харагдаж байна. Шашин хүчтэй дэлгэр ч буй өнөө үед болгоомжтой, бодлоготой алхам барихгүй бол нийгмийн оюун санааны ертөнцөд дайн дэгдэж болзошгүй боллоо. Гаднын улс орнуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн ахуйн хэрэгцээний бараагаар хуурч, хүмүүсийг шашинд оруулахыг хориглосон атал харийн шашны байгууллагууд манай нутагт үйл ажиллагаа явуулахдаа энэхүү хоригийг эсрэгээр нь хэрэгжүүлж байна. Сүмийн итгэгчдийн нэрсийн жагсаалтад гурван настай хүүхэд хүртэл байх жишээтэй. Хүүхдүүдэд баяраар бэлэг өгч, ядуу иргэдийг идэж уух зүйлээр ханган, хуурч мэхлэн шашиндаа татан оролцуулах нь наад захын асуудал болжээ. Нэг хэсэг энэ тухай хэвлэлийнхэн шуугиад өнгөрснөөс өөр авсан арга хэмжээ алга. Одоо энэ байдалтайгаа эвлэрч харийн шашны төлөөллүүд айл бүрийн хаалга үүд балбаж, библийг унш, үүнийг шүт гэж шаардах нь холгүй болсон.
    Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хоньманайх гэдэг шиг гэртээ ч тайван байж болохоо болих нь. Зурагтаар бага насны хүүхдүүд Есүсийн тухай дуу дуулж байна. Энэ юу гэсэн үг вэ. Тэдгээр бяцхан амьтад шашин энэ тэрийг юу мэдэхэв дээ. Тэдний тархийг хар багаас нь угааж байгаа хэрэг биш гэж үү. Багачуул учраа мэдэхгүй байж болох ч ухаан орсон, нас бие гүйцсэн томчуул нь ингэж болохуу. Багануур дүүргийн иргэдийн шүтдэг Гүний овооны дээрх чулууг нурааж, голын модыг нүцгэлэн, тасалсан мөчрүүдийнх нь оронд христийн загалмай өлгөсөн хэрэг гарсан. Бас Сонгино хайрхан дүүрэгт орших “Толгойт номун хан” дацангийнхананд христийн ухуулах хуудас нааж, бурхны шавь нар гэж өөрсдийгөө нэрлэн, лам нарыг бүлэглэн зодсон удаатай.
    Хүмүүс шашин шүтэх эрх чөлөөтэй боловч харийн шашнууд хүч түрэн орж буй өнөө үед үндэсний зан заншилтай зөрчилдөж мэдэх. Хуулийн зохицуулалт сул байгаагаас гаднын шашнууд асрамж, халамжийн төвийн нэрээр халхавчлан шашны үйл ажиллагаа явуулж, сум хороо бүрт салбарлах зарчмаар гэр цуглаан зохион байгуулж байна. Хэдий болтол харийн шашнуудыг халамж нэрээр хаацайлсаар байх юм бэ. Эцэст нь бидний уламжлал, ёс заншил харийн довтолгоонд өртөн, уусан устаж болзошгүй билээ.
    О.БАТ-УНДРАХ
    Эх сурвалж : www.mongolnews.mn

  • Цөст их ойрадууд манж чин гүрний төв рүү давшин байлдсан Улаанбудангийн тулалдаан 1

    Энэ байлдаанд Галданг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн Энх- Амгалан хааны бодролын бичигт өгүүлдэг байна.Арнай жанжин ийнхүү ойрадуудад ширүүн цохигдон буруулсан бөгөөд Энх-Амгалан хаан түүнийг “Зарлигийг зөрчин омтгой байлдсан” хэмээн тушаалаас бууруулан шийтгэсэн байна.Үүнээс үзэхэд, Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байв.Тэрбээр Галдан Бошготод элч зарж тал засахын зэрэгцээ, цаг хожин цэргийн хүчээ татан хуримтлуулжээ.Энэ үеийг хүртэл Галдан Бошгот дийлэгдэж ялагдаж явсангүй тул ойрад нутагт ар хударгаар нь Цэвээнравдан хаан ширээг нь гудайлгаж, өөрт нь цохигдсон халхууд манжид хүч хавсран дайсагнан байсныг үл тоон манжийн их цэргийг нэгмөсөн цохихоор улайран зүтгэв.Чухамдаа энэ нь Чингис хааны үйлсийг давтахаар мэрийсэн гэлтэй.Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг.

    Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг 3 түм байсан бөгөөд түүн дээр Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар 10 түмэн цэргийг дайчлан татсан байжээ. Тэрээр өөрийн ах Фу Чуанд “Хол дахиныг дагуулагч их жанжин” цол өгч, 5 түмэн цэрэг бүхий зүүн жигүүрийг захируулсан бол, гуравдугаар ах чин ван Цин Нянд “Умар дахиныг амаржуулагч их жанжин” цол олгон 5 түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон Галданг тосуулахаар явуулжээ. Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан ийн цэрэг томилон явуулахцаа Галдан Бошготын их цэрэгтэй байлдана гэж алдаршуулсангүй, харин хааны ах, агь нар Улаанбудан гэдэг газар ирж, өвөрмонголын олон ноёдын хамт Галдантай чуулган хийж, Тушээт хан болон Жавзандамба хутагт нарын бурууг хүлээлгэж, ял хэлтрүүлэх явдлыгхэлэлцэх гэж байна гэх зэргээр халхлан, Галданд бичигявуулсан байна. Галдан үүнийг гэнэдүүлэх арга болохыг мэдэж, мөн уг аргыг хариу хэрэглэн чуулганд очно хэмээн алдаршуулан хэлэлцэж, цэргээ аван урагшлав.

    Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Улаанбуданд Галдан Бошготын цэргийг очиход манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.Уулын бэлд байрлуулсан манжийн цэрэг их буу олонтой, тэр нь наранд гялалзаж ярайтал жагсаасан байх нь ойрадын эсрэг Энх—Амгалан хаан лут том хүчийг хуралдуулсныг илтгэнэ.Мөн халх, өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдүүлсэн морьт цэргийг ганга жалганд бөөгнүүлсэн байлаа.Галдангийн цэргүүд их төлөв хөвөнтэй дээлний гадуур нимгэн төмөр цагираг хэлхэж хадсан хуягтай бөгөөд зарим нь тэр хуягныхаа гадуур гинжин хүрэм давхарлан өмссөн байлаа.Түүнчлэн, хүний хүзүүг ч тас харвах хурц иртэй саран зэв, хутган зэв, шөвгөн зэв бүхий нум сумтай байлаа.Хоёр их буутай байснаа манжийн цэрэг эхлээд довтлон ирэх байх гэж үзсэн онь газарт зоов.

    Манжийн цэрэг нэмэгдэн ирсээр нэгэнт давуу хүчтэй болсон тул санаачлагыг авч, үхэр буугаараа буудаж сүрийг бадруулсаар уулан дээр давшин гарч ирэхэд, ойрадууд дор шугуй дотор эрэг бүхий голын тэртээ тэмээнүүдээ хэвтүүлэн халх босгож, манжийн цэргийг тосон байлджээ. Ингэхдээ унаж ачиж яваа 500 орчим тэмээг хөндлөн хэвтүүлэн, босч туйлахгүйгээр хөлийг тушин боож, дээрээс нь банз мод тавьж, нойтон эсгий олон давхарлан бүтээсэн нь сумны зэв нэвтэрхээргүй зузаан хаалт болсон байлаа. 2 саахалтын хэр газарт ийм хаалт хийжээ.

    Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.Манжийн талаас олон их буу зэрэг галлан сүрийг бадруулах нь урьд өмнө сонсож байгаагүй чимээтэй болов.Хаалт эвдрэн, тэмээний зарим нь үхэж, зарим хэсэг нь босож туйлан зугтаалаа.Ойрадын цэрэг энэ үед хариу дайралт хийн цавчилдаж гарав.Их бууны нүргээн, цэргүүдийн хашхиралт, тэмээ орилох, морьд янцгаах дуун нийлж тэнгэрт тулсан бөөн хар утаан дунд чих дүлийрэм чимээ үргэлжлэв.Ойрадын цэргүүд давуу хүчтэй дайсантай тулалдаж, манж цэргийн бөөн бөөн дайралтыг няцаасаар байлаа.Энэхүү ширүүн тулалдаан нар бууж уулын сүүдэр гартал үргэлжилсээр байлаа.Бөөн хүч хавиралдан, тулаан болж байгаа газар хүний, өөрийн цэрэг яаж явааг мэдэх тойм алдагдав.Галдан Бошгот хотойн цөмөрч буй хүрээ рүү нөөц хүчнээсээ явуулан сэлбэг өгч, манжийн цэргийн дайралтыг торгоон барьсаар байлаа.

    Оройхон ойрадын цэргийн байгаа уулын араас гэнэт морьт дайсан бөөн хүчээр дайралт хийн улаан манан татуулсан хэдэн мянган иэрэг хуйлруулан орж ирэхэд, Галдан Бошгот ганганд нуусан нөөц морьт цэргээ сөрөн довтолголоо. Уулын бэлд хоёр талын цэрэг нүүр тулж, илд бамбай начигнан, морьд янцгааж, манж, монгол, хятад хүмүүсийн дуун хадаж байв. Ийнхүү морьтой болон явган цэргийн тулаан уулын хяр бэл, голын хөвөө, эрэг ганганд үргэлжилсээр байв.Галдан Бошготын цэрэг нэн овсгоо зориг гарган тулалдсан учир манжийн морин цэргийг өөрийн хүрээнд оруулсангүй гэдрэг нь няцаан зайлуулжээ.Хоёр талын цэрэг унасан дээрээ даван хатгалцаж, газарт урссан цусаа гатлан нүдэлцсээр үдэш болгов.

    Ойрадын цэргийг баруун жигүүрээр нь ороон цохих гэсэн манжийн цэргийн хэдэн мянган морьтон болон явган цэрэг энэ үед голын хөвөөний зузаан намагт орж шигдээд, урагшаа ахих аргагүй болж, зарим нь зоогдон, үлэмж хэсэг нь ухарчээ.Энэ явдал ойрадын цэргийн амьд хүчинд их жийрэг болов.Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмощ манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.

    Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан Бошгот энэ үед цагийн байдлыг тооцоолоод хүчтэй дайсантай тулгарснаа мэдэж, энэ тулалдаан хэт нь ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор “төр шашны тулд хэлэлцээр хийе ” хэмээн эхлээд Ялгуусан хутагт дараа нь Жирон хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж найрамдахыг гуйв. Манж нар энэ үед тулалдааны хүч нь сарнисан, нөгөөтэйгүүр Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хараахан хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галдан Бошготын элчийг тусгай цацар барьж хүндэтгэн хүлээн авчээ. Манжийн цэргийн удирдлага Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харьяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч, бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.

    Галдан өөрийн хүрээнд манжийн элч Арнай нарыг хүлээн авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ.Гэхдээ хоосон гуу барьж тангараг тавьсан гэдэг.Манжийн элчийг буцаахад Галдан Бошгот “Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн оршин буй газар хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн очиж, зарлиг хүлээхийг хүсч буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ. Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байсны дээр найрамдал байгууллаа хэмээн сэрэмж буурсныг далимдуулан Галдан Бошгот манжийн элчийг буцсан шөнө зай сүвийг олж бүслэлтээс гараад Шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь үхэр, уналгын агтыг олж, өдөр шөнөгүй довтолгон явсаар гөвийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна. Манж нар Галдан Бошготын буруулсныг 3 өдрийн хойно мэдэж нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа.Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц гол дайснаа нэгмөсөн дарж чадаагүйдээ бухимдан цухалдаж, харьяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна.Бас Галдан Бошготод захиа бариулан элч довтолгож “Чам лугаа байлдах гэсэн учиргүй, гагцхүү чиний хүн урьд гар хөдөлсөн учир манай цэрэг аргагүй байлджээ” гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч ойрадууд зогсолтгүй явсаар 10-р сард Онон голын савд буцаж ирсэн байна.Галдан Бошгот 1690 оны 10 дугаар сарын сүүлээр Ононгийн орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурыижээ.Галдан Бошготын цэрэг Ононгоос Ховд хүртэл урт замыг туулсны дээр Халхын олон нийт түүний замын зуур дайсагнасан учир их хохирол амсжээ.

    Манжийн хаан Галдан Бошгот нарын тэмцэл нь зөвхөн Манж, Ойрадын тэмцэл бус Азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх, олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байжээ.Ийнхүү Галдан Бошгот Манж Чин улсын төв азид явуулсан түрэмгий бодлогыг хамгийн хүчтэй, эцсээ хүртэл тууштай эсэргүүцэгч нөлөө бухий этгээд байсан учир манжийн хаан түүнийг цохисноо урьд хожид байгаагүй их гавьяа хэмээн бодролын бичигтээ өгүүлжээ.

    2013-06-27 16:46:12
    Мэдээ оруулсан: undesten

  • 5-16 Сэхээтний төөрөгдөл

    Чингээд “БНМАУ-ын түүх, утга зохиолыг сургуулиудад зааж байгаа байдлын тухай” /1949/, “Ардын унших бичгийн тухай”, “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг, өгүүлэл гарч байгаа тухай” /1956/, “Б.Ринчингийн сүүлийн үеийн зохиолууд дахь зарим харш үзэл санааны тухай” /1959/ зэрэг Намын Төв Хорооны чухал чухал тогтоол шийдвэрийг дахин хянан үзэж өөрчлөх, заримыг нь хүчингүй болгох тухай асуудлыг нэг бус удаа тавьж байсан.
    Тус бүгд хурал Д.Төмөр-Очирыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны болон Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халсан байна. Түүний эрдэм шинжилгээний ажил хийх хүсэлтийг үл харгалзан Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, хэрэг дээрээ нутаг заан суулгажээ. Д.Төмөр-Очирын намын эсрэг ажил явуулга гэгчийн талаар МАХН-ын Төв Хорооны дэлгэрэнгүй захидал гаргаж, намын байгууллагуудын хаалттай хурлуудад танилцуулсан байна. 1963 оны 1 сард намын үзэл суртлын ажилтны улсын зөвлөгөөн болж, намын үзэл суртлын ажлыг бүх талаар эрчимжүүлэх, үндсэрхэх, үгүйсгэх үзэл, хөрөнгөтний үзэл суртлын эсрэг шийдвэртэй тэмцэх заалт өгч “Д.Төмөр-Очирын намын эсрэг явуулга” гэгчийг дахин гүнзгийрүүлэн тайлбарлаж, түүний хор холбогдлыг арилгах талаар тууштай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
    Д.Төмөр-Очирын “Намын эсрэг явуулга”-д Ш.Бат-Очир, Д.Юмжав, Д.Доржсүрэн, Ж.Төмөрбаатар, Т.Чогсом нарыг хамааруулан ажил, албанаас нь зайлуулж, хөдөө орон нутагт амьдрал мэдүүлэх нэрээр нутаг заан суулгасан байна.
    1963 оны 4 сард “Түмний нэг” киноны II ангийн тухай “МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны тогтоол” гарч, киноны уран бүтээлчдийг улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудалд өрөөсгөлөөр хандаж, хууль ёс алдаа завхралыг засах хэрэгт намын гүйцэтгэсэн үүргийг харуулах гэж оролдоогүй, үндсэрхэх үзлийн нөлөөнд автсан гэж үзэж, Соёлын яамны удирдах хүмүүс, зарим уран бүтээлчдэд арга хэмжээ авсан байна.
    1963 оны 12 сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал “Л.Цэндийн намч биш ажил явуулгын тухай” хэлэлцэж буруутгажээ.
    1963 оны 12 сард болсон МАХН-ын Төв Хорооны IV бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нараас намын эсрэг бүлэглэсэн явуулга хийсэн тухай асуудал авч хэлэлцсэн байна. Бүгд хурал дээрх нэр бүхий хүмүүсийг хэд хэдэн үндсэн зүйлээр буруушааж, “намын эсрэг бүлэг” гэж үзжээ. Тухайлбал: Лоохууз, Нямбуу, Сурмаажав нар Намын Төв Хорооны өмнөх бүгд хурлууд дээр удаа дараа эрүүл бус үзэл алдаагаа улам гүнзгийрүүлж, улмаар намын жанжин шугамыг эсэргүүцэн намд хагарал гаргах зорилгоор бүлэглэсэн явуулга хийх зам шуударсан гэж үзжээ.
    Тус бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг Намын Төв Хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, тэднийг болон хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас нь халж, нам, захиргааны арга хэмжээ авч, хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал, үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хаан, мөрдөн хавчиж, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчих болжээ.

  • “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй, түүхчид зохиосон” нийтлэлийн няцаалт гарчээ

    Тэрээр нийтлэлдээ “Анх уншихад уур хүрч муусайн оросуудыг толгой бүтэн үлдээсэн нь эзэн хааны буруу гэж омтгойрно.Гэвч энэ өгүүллээс бодох юм их байна.Жишээ нь, монголчуудын шинэ түүхээ бүтээхдээ бүх түүхээ 1921 оноос эхэлсэн гэж тоолдог.Чингэсийн байлдан дагуулалтын түүхийг монголчууд мэддэггүй, хойч үедээ заадаггүй.Рашид Ад-дин, Гилом де Рубрик, Плано Гарфин нар Хар хорум гэдэг.

    Монголын нийслэлд бараг дэлхийн бүх мөнгөөр гүйлгээ хийдэг гэж тэмдэглэсэн нь худлаа.Монгол өөрөө анхны мөнгөн тэмдэгтээ 1924 онд хэвлэсэн Хар хорумын малтлагаас ганц ч зоос олдоогүй гэх юм даа.Монголын түүхчид Оросоор түүхээ зохиолгосны гор одоо л гарч байна.Нээрээ бид чинь Монголын эзэнт гүрэн гэж байсан, тэр аугаа их Чингэс хааны удам судар одоо бид байна.Цагтаа дэлхийг байлдан дагуулж явсан гэдгийгээ одоо яаж батлах юм билээ” хэмээсэн юм.

    Тус нийтлэл хэвлэгдсэн цагаас эхлэн манай сонины редакцад Монголын түүхч эрдэмтдийн олон захидал ирсэнд баярласнаа илэрхийлье.Мөн тусгаар улсын түүхэнд ингэж халдаж байгаад манай эх оронч улстөрчид болон үндэсний аюулгүй байдпын зөвлелөөс огтхон ч анхаарсангүй.Уг нь бол тусгаар улсын түүхийг мушгиж байхад хэлэх үг баймаар юм.

    Харин ОХУ-ын цахим сэтгүүл дээр блогчин goshlOO хэмээх Григорий Мухин “Татар Монголын дарлалыг үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол” нэртэй нийтлэл бичин, А.А.Кунгуровыг няцаасан байна.Григорий Мухин нь 41 настай, Москва хотын Н.Э.Бауманы технологийн их сургуулийг төгссөн нэгэн аж.Ингээд түүний нийтлэлийг TIME.MN сайтад М.Сугар-Эрдэнэ орчуулсныг хүргэе.

    “Үгүйсгэгчдийн тухай буюу музей үзэхийн ач холбогдол”
    Алексей Кунгуров хэмээх зохиолчийн бичсэн Монголын Эзэнт гүрний албан ёсны түүх бол түүхчдийн бичсэн худал хуурмаг зохиол, Татар-Монголын дарлал Орост болж байгаагүй гэсэн нийтлэлийг уншаад би Москвагийн Түүхийн музейд хэд хоног өнгөрөөлөө.Ер нь интернтэд иймэрхүү зүйл бичдэг “судлаачид” олширч, бас өөрийн гэсэн дэмжигч коментчидтой болоод байгааг дурдая.

    Мэдээж, иймэрхүү хагас ухаантай этгээд нетэд олон, бүгдэнтэй нь маргаад байлтай биш гэж төвөгшөөгөөд орхиж болох ч нэгдүгээрт Их гүрний өмнөөс гомдол төрөөд, хоёрдугаарт түүхийн бүхий л материал гарын дор байсан тул Кунгуровын баримттай тулган шалгаж үзлээ.За юуны өмнө Кунгуров гуай монголчууд ямар ул мөр үлдээсэн бэ гэдэг талаар юу бичсэнийг үзье.

    “Бичгийн дурсгал – 0 тэг. Аргагүй шүү дээ, монголчууд өөрсдөөс илүү соёлтой олон ард түмний бичгийг ээлжлэн хэрэглэж байгаад XX зуунд л өөрийн бичиг үсэгтэй болсон улсууд.Оросын түүхэн бичгүүдэд ч ямар ч монгол хүний тухай дурдсан зүйл байхгүй.

    Архитекторын дурсгал-0 тэг.
    Хэл шинжлэл- 0 тэг. Орос хэлэнд нэг ч монгол үг байхгүй бол монгол хэлэнд ч XX зуунаас өмнө авсан орос үг байхгүй.

    Соёл, эрх зүй- 0 тэг. Бидний амьдрал, аж ахуйд Байгаль нуурын цаадах нүүдэлчдээс авсан ямар нэг зүйл байхгүй бол тэдэнд ч өнгөрсөн зуун хүртэл соёлт ард түмнээс авсан, зээлсэн юм байгаагүй.

    Эдийн засаг- 0 тэг. Монголчууд Евразийн бараг 70 хувийг нь эзэлсэн юм бол гэр орондоо олзны ямар нэг юм авчрах ёстой биз дээ.Номын сан, уран зураг биш ч гэсэн ядаж шатааж сүйтгэсэн сүм хийдийнхээ алт мөнгийг авсан баймаар.Тэгвэл бас л юу ч байхгүй.

    Зоос зүй- 0 тэг. Монголын ямар ч мөнгөн тэмдэгтийг дэлхий мэдэхгүй.

    Зэр зэвсэг- 0 тэг.

    Аман зохиол- 0 тэг. Монголчуудын аман зохиолд агуу булаан эзлэлтийнхээ талаар дурдсан ямар ч юм байгаагүйг нутгийнхантай харилцсан бүх европчууд тэмдэглэж байжээ.

    Хүн амын генетик- 0 тэг. Нүүдэлчид эзэлж байсан гээд байгаа Евразид монголчууд байсан гэсэн ямар ч ул мөр байдаггүй” гэж бичсэн байна.Тэгээд энэ хэсгүүдээ задлан, өөрийн үзэл бодлоо баталсан байх юм.Гэхдээ түүний өөрийнх нь бичсэн зүйлүүд л өөрийг нь няцаахад хангалттай баримт болж байгаа юм.За ингээд няцаалтаа эхэлье.

    1. Бичгийн дурсгал- Үнэн хэрэгтээ монголчуудын байгуулсан асар том гүрэн улсын талаар бичсэн зүйл маш олон бий. Эртний Орос, Европ, Перс, Хятадын болон өөр олон бичгийн дурсгал байгаа.Европ, Орос сурвалжид тэднийг татар гэж нэрлэдэг бол Хятад, Перс сурвалжид монголчууд гэсэн байдаг.Өөр өөр орны энэ эх сурвалжууд газар зүй, он цагийн хувьд таарч байдгийг хэлэх хэрэгтэй.

    Жишээ нь: Рашид-ад-Дин монголчууд Зүүн Европт довтлохоор бэлтгэж байгааг бичээд зогсохгүй Бат хааны Оросын вант улсуудад хийсэн аяллын талаар дэлгэрэнгүй мэдээлж, зарим тохиолдолд Оросын түүхчдийн мэдээллийг нөхөж, тодотгож өгсөн байдаг. Кунгуров XIX зуун хүртэлх Оросын бүх түүхэн бичиг хуурамч гэж бичиж байгаа нь угаасаа утгагүй зүйл юм.

    Гадаадын бас бүх сурвалж хуурмаг болж таарах уу.Олон арван хэл дээр гарсан, энд тэндээс олдсон энэхүү үнэт бичиг соёлын дурсгалууд бүгд ижилхэн худлаа бичнэ гэж байхгүй билээ.Тэрээр Монголд бичиг үсэг байгаагүй гэж бичиж.Бичиг үсэггүй байж, яаж ийм том гүрнийг удирдан зохион байгуулах билээ хэмээн гайхаж.

    Хариулт амархан, монголчууд эзэлсэн орныхоо бичиг үсгийг ашигладаг байсан.Алтан Ордны улс араб хэл хэрэглэдэг байсны жишээ бол 1397 онд Төмөрхүлүг хаан Оросын ванд араб хэл дээр бичсэн захиа байна.Мөн 1361 оны үеийн төмөр пайзан дээр “Келдибек хааныг дагаагүй бүх хүн тэнгэрийн гэсгээлийг хүртэх болно” гэж арабаар бичсэн байна.

    Төмөрхүлүг хааны захиа Кунгуров уйгар бичигтэй “Чингисийн чулуу”-г монголчууд үүнээс хойш өөр ямар ч бичиг үсэг ашиглаагүй мэт л будаа болтол нь шүүмжилжээ Гэхдээ тэр Оросыг Чингис хаан эзэлсэн гэж бодоод байх шиг байгаа юм.Тэгээд л Чингисийн үеийн хоцрогдсон.зэрлэг бүдүүлэг нүүдэлчид гээд л бичиж. Тэгвэл Евразийг Батхаан болон түүний үр удам эзлэн дагуулсныг сургуулийн сурагчид ч мэднэ шүү дээ.

    2. Архитекторын дурсгал-Кунгуров Хархорин гэдэг монголчуудын нийслэлийг огт байгаагүй гэж бичсэн байна. Хайгаад хайгаад сүм хийд, ордон, ер нь юу ч олоогүй гэж.Тэгвэл Хархорин хэдхэн арван жил л Монголын нийслэл байсныг хэлэх хэрэгтэй.Дараа нь хэдэн зуун жилийн турш дайн дажны хөлд үрэгдэн хүн амьтангүй болж, дахиж баригдсаар байсан хот юм.

    Хотын шинэ оршин суугчид хуучин барилгын материалыг барилгадаа ашигладаг байсан, соёлын үнэт зүйлсийг хамгаалах яам тамгын газар байгаагүй болохоор тэд ноён Кунгуровын Монголын нийслэлийг цэцэглэн хөгжиж байснаар нь харах хүслийг биелүүлж чадаагүй хэрэг.Тэгвэл тийм яам, тамгын газар Орост ч байгаагүй гэдгийг би хэлмээр байна.Одоогийн Москвад 1420 оноос өмнөх барилга байдаггүй гээд ямар ч эрүүл ухаантай хүн Москва 15 дугаар зуунаас хойш үүссэн гэж маргалддаггүй биз дээ.

    Кунгуров “Өгөдэйн ордны дороос XVII зууны сүмийн туурь гарч ирсэн гэж зүгээр л худлаа ярьжээ.Сүмийн туурь үнэхээр олдсон, гэхдээ XIII зууны эхэн үеийн сүм байсан.Тэгэхээр бүрэн бүтэн барилга олдоогүй гэдгээр татар монголчууд архитекторын дурсгалгүй байсан, Их гүрэн ч байгаагүй гэж үзэхэд хангалтгүй юм.Бүх юм өөрийн цаг үедээ л байсан хэрэг.Москвагийн Түүхийн музейд энэ талаар олон үзмэр бий.Ер нь бол монголчуудын байгуулсан олон зуун хот тосгон байсан гэдгийг хэдийнэ баталсан тул монголчууд дан ганц Хархоринтой байгаагүй гэдгийг хэлье.Хамгийн инээдтэй нь эрхэм Кунгуровын төрсөн хот Тюмень ч Алтан Ордны улсын нийслэл хот байсан гээд энд бичжээ.

    3.Хэл шинжлэл- Хэл шинжлэлийн тухай бичихдээ юуны өмнө Татар Монголын байлдан дагуулагчид ямар хэлээр ярьдаг байсныг эхлээд мэдэж байх ёстой болов уу.Кунгуров тэднийг зөвхөн монголоор ярьдаг байсан гэж бодож байх шиг байна.Тэгвэл эртний түүхийн бичгээс үзэхэд Чингис хааны улс үүсэн байгуулагдаж байх үедээ ч түрэг болон монгол хэлтэй ард түмнүүдээс бүтэж байжээ.

    Кипчак зэрэг түрэг хэлтэй олон улсыг нэгтгэсэн Бат хааны үед бол түүний арми дан монгол хэлтэй байхын аргагүй байлаа.Монголчууд тэр үед эзлэгдсэн орны цэргүүдээр хүчээ сэлбэдэг байсан бөгөөд оросууд Иран, Хятадад хийсэн аян дайнд оролцож байлаа.Ингэхээр Оросыг түрэг хэлтэй цэрэг дайчид эзэлсэн гэж үзэж болох бөгөөд орос хэлэнд түрэг үг маш их бий.

    Мэдээж булаан эзлэлтээр л түрэг орос хэл холилдсон гэж үзэж болохгүй ч бичгийн дурсгалаас харахад энэ үг хэзээ, яагаад орос хэлэнд орсон нь ойлгогддог.Жишээ нь Татарын дарлалтай цуг яма, ямшик (морин өртөө), деньги (татарын задгай мөнгө), таможня (гааль) гэсэн үгнүүд орж ирсэн.Мөн доха-(монголоор дах), тьма- (монг. түмэн), есаул- (монг. засуул), орда- (монг. ордон), бугай-(монг. бух), мерин- (монг. морин), караул- (монг. харуул), капкан- (монг. хавх) гэсэн монгол үгийг бид гадаад үг гэж бодолгүй хэрэглэдэг билээ.

    4.Соёл эрх зүй- Оросыг Байгалийн цаадах хагас зэрлэг нүүдэлчид эзэлсэн гэж бичдэг ч үнэн хэрэгтээ Батын их гүрэн Орост довтлохоосоо өмнө олон соёлт ард түмнийг байлдан дагуулсан, соёлыг нь шингээсэн орон байлаа.Тийм болохоор бидний амьдралд түрэгийн соёлын ул мөр алхам тутамд тохиолддог.Айлд ороод гутлаа тайлахаас эхлээд хананд хадсан хивсээ хар.

    5.Эдийн засаг- Хэрэв эдийн засаг гэдэг ухагдахуунд Кунгуровын ойлгож байгаа шиг алт мөнгийг хэлж байгаа бол бүх юм ок байна гэсэн үг.Бичгийн олон дурсгал, археологийн олдворуудаас гадна түүний дурдсан Европын аялагчид ч үүнийг баталж байгаа.Жишээ нь зураг дээр байгаа Алтан ордны улсын шаазан эдлэл.
    Кунгуровын хэлээд байгаа Сарай хотын тууриас олсон бөгөөд хэдэн ширхэг гэрийн эд зүйлс гээд байгаа нь.Эндээс мөн олон тооны алт, мөнгөн зоос олдсоныг музейгээс үзэж болно.Ер нь бол алт мөнгө, баялаг Алтан Ордны улсад хангалттай байсан.

    6.Мөнгө- Дээр дурдсан тул энд нуршихыг илүүд үзэв.Ер нь бол Кунгуров хараагүй гээд тэр зүйл нь байхгүй гэсэн үг биш билээ.

    7.3эр зэвсэг- Кунгуров монголчуудын гол зэвсэг нум сум байсныг мэддэг нь сайн хэрэг.Тэгсэн мөртлөө тэр нум сум бараг хэрэггүй зүйл гэж хэлсэн байх юм.Үнэндээ ган үзүүртэй дунд зэргийн сум хуяг, дуулгыг цөм цохих чадалтай.Мэдээж хэрэг хэн дуртай нь ямар ч зайнаас цөмлөөд байхгүй ч гэсэн нум сум хангалттай хүчтэй зэвсэг юм.

    Тиймээс л Английн харваачид Францын хуягт рыцариудыг бут цохиж чадаж байлаа.Эсвэл 100 жилийн дайн бас болоогүй, түүхчид зохиосон юм болов уу.Кунгуров монголчуудыг төмөр хайлуулж чаддаггүй, тийм болохоор төмөр зэвсэггүй байсан гэж бичжээ.Тэгвэл энэ үзмэрт байгаа монголчуудын зэр зэвсэг зүүд зэрэглээ юм болов уу, эсвэл археологчид нууцаар аваачиж хаясан юм болов уу.

    Төмөр гарган авахын тулд хөдөлмөрийн хуваарилалт хэрэгтэй, ядуу орон чадахгүй гээд л бичсэн байх юм.Үнэндээ тэр үед хоёр цоорхойтой шавардсан нүх байхад л төмөр гарган авч байсан бөгөөд Кунгуровын хэлсэн шиг өндөр технологи огт хэрэггүй.Нүүдэлчид зөвхөн өөртөө л зориулж хоол хийдэг, өөр юм хийж чадахгүй гэж бичсэн байна.

    Тэгвэл тэр нүүдэлчид чинь ан агнуураас гадна байнга дайтаж байлддаг байсан төдийгүй, өөрийн феодалын засаг захиргаатай, өөрөөр хэлбэл баяд ноёд, зарц барлагтай, худалдаа наймаатай, байлаа.Тэд түүний хэлсэн шиг ясан зүүгээр юм оёод суугаад байдаггүй, зэр зэвсгээ бэлдэн, эхнэр хүүхэддээ ар гэр, аж ахуйгаа даатгаад, алдар нэр, олз омгийн төлөө дайнд гардаг байлаа.

    8.Ардын аман зохиол- Монголчуудын аман зохиолд байлдан дагуулалтаа дурдаагүй гэнэ.Энэ баталгааг авч үзэх хэрэг ч алга.800 жилийн дотор ямар ч юм өөрчлөгдөнө шүү дээ.

    9.Генетик- Кунгуров Евразид монголчууд байсан генетикийн ул мөр байдаггүй гэж бурсан байна.Үүний хариуд та бүхэнд Кунгуровын зургийг толилуулахад л хангалттай.Тэр толинд хараад өөрийгөө хөх нүдтэй, шар үстэй байна гэж хардаг юм болов уу. Ер нь Оросын архитекторыг судлаад үзэхэд Монголоос өмнөх буюу 1237 он хүртэл, Москвагийн буюу 15 дугаар зуунаас хойших гэж хоёр тодорхой хуваагдсан байдаг.

    Голд нь 200 жил байгаа биз.Энэ 200 жилд бараг юу ч бүтээгээгүй, босгоогүй байдаг.Урлаг, гар урлалд ч адилхан.Энэ бол татар монголчуудад эзлэгдэн, уналтанд орсны үр дүн гэж үзэхээс өөр аргагүй.

    Эх сурвалж:

  • МОНГОЛЧУУДАД МӨНХТЭНГЭР ТУСЛАХ УУ?

    Өөрийн Өвгүдийн гүн ухаан, Мөнхтэнгэр үзлийг олон зууныг элээсэн учир хоцрогдсон, цаг үеэ өнгөрөөсөн гээд гадны илүү дутуу онол туршлагыг магтан хуулбарлан ярьдаг бяцхан хэнээтнүүдэд үнэндээ дургүй хүн билээ би. Бид өнөөдөр тэр цаг үеэ өнгөрөөсөн Орчлон Ертөнц дээр амьдарч, мөн цаг үеэ өнгөрөөсөн мэт олон галавыг элээсэн наран саран, од гаригс, огторгуй хорвоо, Мөнхтэнгэрийн ивгээл хайрын хамт хуучнаараа байсаар байгаад л учир их байгаа юм аа.Иймд тэнгэр газар, байгаль, од эрхсийн үүсэхүй, оршихуй, агуулахуйн тухай хууль сургаал баяжигдан хөгжих болохоос хаягдаж, гээгдэж болохгүй гэдэгт санал зөрөх хүн гарахгүй болов уу.
    Монгол хэмээх үндэстний Их гэрийн гал голомт үүрд мандан бадрах тавилантай аж .
    Сайны хажуугаар муу нь байдаг хорвоод үнэн худлыг ялган салгаж ойлгох нь хүн бүрийн мэдлэгийн цараанаас хамаарах ба Өвүг Дээдэсийн өв их суу ухааны сан, Мөнхтэнгэрийн далд нууцад нэвтрэхэд хувь хүний оюун ухаан, ухамсар сэтгэл сүнсний төвшин, хэмжээс, эрэмбэ дараа, хэм, хүч ялгаатай бөгөөд хорвоогийн сайн муу, сайхан муухай байдагтай адилаар далд ертөнцөд ч бас тийм зүйл байдгийг мартамгүй юм.
    Өнөөдөр Монголоор дүүрэн лам, бөө шашны бараг бүх урсгал будда, христ , лал, кришна, хиндү, бахай, ананда, мүүн,шинто, ведийн зэрэг ойролцоогоор 185 шашны явцуу бүлэглэл урсгалууд буй бөгөөд зөв амьдрах, зөв амьсгалах, зөв хооллох, зөв бясалгах, зөв залбирах арга дадал, иога, дасгалууд заагаад ч Монголчууд маань өдрөөс өдөрт доройтсоор л байна. Магадгүй тэд нийгмийн гажуудлыг ашиглан далд санаагаа хэрэгжүүлэх мөн чанараар мөнгө олох хуурамч дүрд хувирсан хувалзнууд ч буйг үгүйсгэх аргагүй юм аа. Өнөөгийн ардчилал нэрээр Монгол хүний онцлог, үнэ цэнэ, Өвгүд Дээдэсийн уламжлал, эх оронч сэтгэл, хүн чанар, цэвэр ариун ёс суртхуун, шударга үнэнийг дээдлэх үзлийг устгах ажиллагаа үндсэндээ амжилттай хэрэгжиж буй юм. Ш/Ухааны эрдэмтэн мэргэд, суутнууд ч материаллаг ертөнцийн хүрээнээсээ халилгүй шинж чанар, 3-н хэмжээснийхээ хүлээснээсээ алдуурч чадсангүй өдий хүрлээ.
    Төр засгийн удирдлага ч тэр чигээрээ гэгээн цагаан өдөр улайн цаймдаа гарч ард олноо хулхидах, хулгайлах луйвардах нь энүүхэнд болж, эрлийз,хурлийзууд нь улс орныг удирддаг болжээ. Ийм эгзэгтэй, хэцүү хүнд үеийг Монголчууд тэмцэж биш тэсч тэвчиж үлдэх замаар гэлдэрч, цаг өнгөрөөж байна даа. Цаг хугацааны эрхээр Монголчууд минь бүдгэрсэн ч Мөнхтэнгэр минь мартаагүй байсан юм аа.
    Миний ойлгож буйгаар эртний сударт бичигдсэнээр Мөнхтэнгэрийн буюу Бурханы бага, дунд, их гурван төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр тэнгэрийн томилгоот Гэгээнтнүүд морилон ирж хүн төрөлхтөнг амар амгалан, аз жаргал, эв нэгдэлтэйгээр амьдран бие биенээ хайрлан хүндэлж оюун ухаан, сэтгэл ухамсар сүнсний дотоод мөн чанар түүнийг тэнцвэртэй байх нөхцлийг ухааруулан таниулдаг аж ээ. Тухайн цаг үедээ Будда, Есүс, Мухамед, Күнз, Кришна, Чингис Хаан зэрэг олон гэгээнтэн хутагт хувилгаад төрж үүргээ гүйцэтгээд буцацгаажээ. .
    Тэгвэл өнөө цаг үед Бидний хамт Дээрхийн Гэгээнтэн Далай Багш, Төгс Гэгээрсэн Их Багш нар Чинхай, Чинмой, Рави Шанкар, Ошо, Сая Баба зэрэг олон Гэгээнтнүүд үүргээ гүйцэтгэж буй ба гүйцэтгэсэн билээ.
    Бидний Ертөнц, Орчлон, Хорвоо, Замбуулин, Хурмаст, Мөнхтэнгэр гэх ойлголт, жам, зам, жаяг, хууль, хэмжээс, төвшин дээрхи гэгээнтнүүдийн хувьд өөр өөрийн өнгө аястай, өргөн уудам ойлголтууд бөгөөд өгөгдөл үүрэг эрх нь ч Бурханаас өгөгддөг юм аа. Тийм учраас л Далай Багш Хятадаас Түвдүүдээ салгаж амар амгаланг үзүүлж чадалгүй өдийг хүрч байна.
    Бидний яриад буй Гэгээнтнүүдийн шашин номын суутнуудын ихэнх нь Бурханы бага дунд төлөвлөгөөг л биелүүлэгчид юм.Учир нь хувь хүний бие сэтгэлийн гэгээрэлд илүү анхаарч сургаал номлолоо айлдан арга дадлаа заан хүссэн хэн хүн бүхнийг засан чиглүүлсээр байдаг. Тэдэнд Дэлхийг битгий хэл өөрийн орноо ч засаглах эрх үүрэг Тэнгэрээс нээгдээгүй байдаг юм. Гэгээнтнүүд ч гэсэн хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг аж.
    Гэвч тэр Бурханы Их төлөвлөгөөг шаардлагатай цаг үед нь биелүүлэх амаргүй бөгөөд хэцүү даваа байдаг юм . Үүнийг хүн төрөлхтөнд ганцхан үндэстэн биелүүлдэг бөгөөд хүн төрөлхтний түүхэнд 3-4 удаа энэ үүргээ амжилттай биелүүлэн ялалт байгуулж чадсан ба тэд тэнгэрээс урьдчилан төлөвлөгдөн томилогдож Тэнгэрийн зарлиг айлдвараар өгөгдөл үүргээ гүйцэтгэдэг Хөх тамгат, толбот Тэнгэрийн Сахиуст Монголчууд юм. Их төлөвлөгөө гэдэг нь зөвхөн хувь хүний сэтгэл ухамсрын хөгжил биш ба газар нутаг байгаль дэлхий, уул хайрхад , ус мөрөн түүний эзэд, нар сар одот ертөнцийн шүтэлцээ холбоог танин засан залруулж тэнцвэржүүлэхээс гадна тухайн үндэстнүүдийг оролцуулан Дэлхийг засаглаж зөв голидролд нь оруулах үүргийг гүйцэтгэдэг аж. Ерөнхийдөө Ертөнцийн хуулийг хүний ертөнцөд мөрдүүлэх нүсэр агуу үүрэгт ажил юм. Ийм хүнд өгөгдөл үүргийг Бидний Өвүг Дээдэс тухайн цаг үедээ гүйцэтгэсэн юм. Үүнд Модун Шанью Хаан, Атилла Хаан, Чингис Хаан зэрэг агуу Тэнгэрийн Сахиустан өгөгдөлтөнгүүд ба Өвүг Дээдэс нар минь өөрсдийн баг бүрэлхүүнүүдийнхээ хамт томилогдон үүргээ гүйцэтгэснийг надаас илүү та бүхэн минь мэдэж бахархаж буй биз ээ. Бид эргээд түүхээ сөхвөл Ард Түмнээрээ Мөнх Тэнгэрт ивээгдэж, дээд оюун санааны сангаас мэдээлэл авч сэрдэг, амьдардаг, өгөгдөл үүргээ биелүүлж чаддаг улс үндэстэн дэлхий дээр Монголоос өөр хаана байсан юм вэ? . Мөнх Тэнгэр Монголчуудыг тамга тэмдэг, толбоороо таниж шаардлагатай үедээ өөрөө удирдан үндэстэнээр нь сэрээдэг юм аа. Ийм бахархалтай онцгой эгзэгтэй түүх давтагдах цаг үед бид тэсч тэвчиж ирж чадлаа.
    Магадгүй Тэнгэрийн Сахиуст Монголчууд гэж хэн бэ? гэх байх. Тэд Онгод Тэнгэрийн бөө удган зайран биш юм. Тэд ийм үүрэг өгөгдөл гүйцэтгэхээр тэнгэрээс урьдчилан томилогдон энэ цаг үед төрсөн байх бөгөөд сахих эсийн мэдээллээ сүнс далд биедээ агуулан ирснийг нь таних онцгой үүрэгт Мөнхтэнгэрийн Түлхүүр Сахиустан байдаг юм аа.
    Тэгвэл Мөнхтэнгэр дахин Ертөнцийн хуулийг хэрэгжүүлэх Бурханы их төлөвлөгөөг биелүүлэх шинэ Мөнхтэнгэрийн Түлхүүр элчээ илгээн буулгаж, Ертөнцийг дахин хуульчилж эхэллээ. Тэр Ертөнцийн тамгаа танин атгаж Мөнхтэнгэрээс өгөгдсөн эрх нээгдсэнээр цаашдын 3000 жил дэлхий ямар замаар явах шинэ хуулийг өгч эхэллээ. Олон нугачаа даваа саад бэрхшээлийг даван өнөөдөртэй золгож буй юм аа.
    Мөнхтэнгэрийн Түлхүүрийн таньж айлдсанаар Мөнхтэнгэрээс маш олон тэнгэрийн мэргэжилтэнүүд томилогдон ирж үүргээ гүйцэтгээд эхэлсэн ба үүнд: Мөнхтэнгэрийн онцгой үүрэгт Сахиустангууд, Онгод Тэнгэрийн Бөө Удган, Зайрангууд, Тэнгэрийн Эрдэмт Мэргэд, Зурхайч, Гэгээнтэн, Хутагтууд, Дара Эхүүд, Домч нар, Эш Үзүүлэгч, Хишигтэнгүүд… бэлтгэгджээ. Энэ олон мэргэжилтэнгүүдийн үйлийн тусламжтайгаар Мөнх Тэнгэр, Далд Ертөнц Байгаль Дэлхийд төвшингийн шилжилтүүд явагдаж байна. Орчлон Ертөнц , Од Гаригс, Газар Дэлхийд өөрчлөлтүүд хийгдсээр. байгаль дэлхий ч сэргэн баясаж, гайхамшигт дохио тэмдгүүдийг олноор үзүүлж, нууцууд тайлагдаж, итгэл зүтгэл батлагдан бататгагдсаар . Байгаль дэлхийн ус, гал, хий ,энерги ухамсарын голидролд өөрчлөлт орсноор газар дэлхий дээр маань хүчтэй сүнсний цэвэрлэгээ явагдах нь. Цаг бусын үхэл ч их гарна шүү гэж анхааруулж байна. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг шаардаж байна. Дэлхий дээр байгалийн гамшиг олноор болох нь. Ус галын хууль хэрэгжиж эхлэх болохоор энэ жил үер ус, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт их байх болно. Хүн төрөлхтөн энэ хуулийг дагана, дагаагүй нь үрэгдэнэ гэдэг л зам бий. . Монголчуудад ч адил тулгалт ирнэ. Үүнд бэлэн байхын тулд та бид хичээхээс өөр замгүй боллоо. Монголын нийгэмд ч өөрчлөлт гарах нь дамжиггүй ээ. Дэлхий удахгүй Монголоор Мөнхтэнгэрээр амьсгалах цаг ирнэ. Шинэ Мянганы дээд оюун санааны тулааны удирдагч нь Мөнхтэнгэр учраас ялагч нь Монголчууд байх болно. Мэдээж энэ бүгдийг Мөнхтэнгэр, Өвүг Дээдэс минь зохицуулдаг тусладаг ба зарим нууц одоохондоо далд хэвээрээ байх нь ойлгомжтой юм.
    Дээрхи нийтлэлийг уншаад бүү сандар бүү мэдэмхийр ! Зүгээр л өөрийгөө сэрсэн үгүйдээ л анхаарлаа хандуул. Монгол хүн л юм бол нэгийг тунгаах цаг болсон.
    Монголчууд минь язгуур үндсээсээ өөрчлөгдөн засагдаж, сүнсээрээ сэрж Дэлхийн чих битгийг дэлдийлгэн дэвжин дээшилж мандан бадрах алтан цагийн босгоор алхах нээ.
    Дараагийн дугаартай Мөнхтэнгэрийн Түлхүүр Багшийн онцлог давуу талуудын талаар хүргэх болно.

    Тэнгэрийн Сахиуст элжигэн овогт Жамбажамцын Отгонбаатар

     

  • Бөгж нийлүүлэх

    Малчин ахуй амьдралаас сэдэвлэсэн ээдрээ тайлах олон тоглоом бий. Үүнд сур, дээс, утас, шидмэс, шөрмөс зэргээр гогцоо, уяа зангидаж, түүнийг тайлуулахад хүүхдээ багаас нь сургадаг байв. Тийм ээдрээтэй , гогцоотой уламжлалт тоглоомууд гэвэл: Хонин холбоо, Богцны уяа, Хос дөрөө холбох/ салгах, Аргамжаанаас биеэ салгах, Тэмээн тушаа, Есөн нүх, Бөгж нийлүүлэх гэхчлэн дөчөөд төрлийн ээдрээт тоглоом, наадам байсны ихэнх нь ахуйн өөрчлөлтөөр орхигдож мартагджээ.1
    Монголчууд эртнээс бэр болох хүнийхээ гадаад үзэмж, биеэ авч явах байдал, ажилсаг чанараас гадна оюун ухааныг нь харгалзан “Бөгж нийлүүлэх” тоглоомоор шинждэг байв. Бог малын ( хонь ямаа ) чөмөгний ясны хоёр талын гогцоонд тус тусдаа буй шагайг нэг утсанд оруулж чадвал уран ухаантай бүсгүй байна гэж дүгнэдэг байжээ. Энэхүү наадгай нь юмыг гярхай ажиглах чадвар, олон талаас эргэцүүлэн бодох, ой тогтоолт, уйгагүй оролдлогыг сайжруулдаг бөгөөд бүх насны хүмүүс тоглоход тохиромжтой юм.
    Мөн түүнчлэн Монголчууд хүргэн болох хүнийхэ