Category: Монгол үндэсний түүх

  • “Монгол Гэсэр хааны тууж” Испани хэлнээ

    Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.

    Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульчнар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг өв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг.

    Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийнтууж”- д өгүүлнэ.

    Др. Проф. Г.Төмөрчулууннь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.

  • ХҮННҮГЭЭС ЭХЛЭЭД НҮҮДЭЛЧИД УМАРД ХЯТАДАД НОЁРХОЖ БАЙСАН НЬ

    Эртний хятадын төрийн гадаад бодлогын үндэс нь Хятад бол ерцөнцийн төв, соёлын төв, улс төрийн төв гэх үзэлд суурилсан “Жун го” буюу “Дундад улс”-ын онолд тулгуурласан, хятад төвийн үзэл юм. Хан улсыг шахан дарамталж байсан учир Хан улсын гадаад бодлогод Хүннү гол байр суурь эзэлдэг байсан бөгөөд жил бүр их хэмжээний алба авдаг байсан нь Хан улсын эдийн засагт ихээхэн дарамт болж байжээ. Хан улс нүүдэлчдийн талаар явуулсан бодлогоо: 1. Цэрэг дайны, 2. Бичиг соёлын хэмээн хоёр ангилж үздэг. Бичиг соёлын бодлого нь Күнзийн сургаалаас үүсэлтэй бөгөөд “хүр хорхой навч идэх лүгээ адил хөршийнхөө нутгийг идэх”, “бэлэгдэн хязаарлах”, “таван урхи”-ны бодлого зэрэг олон аргыг хэрэглэж байв. “Хүннү нарын нүдийг урвуулахын тулд хээнцэр хувцас, тэрэг тэдэнд өгөх хэрэгтэй; тэдний дурыг урвуулахын тулд сайхан хоол өгөх хэрэгтэй; тэдний сонорыг урвуулахын тулд хөгжим, эхнэр өгөх хэрэгтэй; тэдний хүслийг урвуулахын тулд сайхан байшин сууц, татвар эмс өгөх хэрэгтэй; тэднийг дагаж ирвэл ухааныг нь урвуулахын тулд эзэн хаан тэднийг цайлан, дарс, хоолоор дайлах хэрэгтэй. Энэ бол таван урхи гэгч мөн” хэмээн хятад сурвалжид тэмдэглэжээ. Ийнхүү Хүннү нарыг тансаг эд зүйлсээр өөртөө татаж, хятад соёлд дасган уусгах бодлогыг хүчтэй явуулсан ч төдийлөн амжилт олоогүй ажээ. МЭӨ 141 онд хан улсын хаан болсон Уди (МЭӨ141-87 он) эхэн үедээ өмнөх хаадын адил МЭӨ 198 оны гэрээг даган мөрдөхөө амлаж байсан ч, цэрэг дайны бэлтгэлээ базааж гүйцээд, МЭӨ 133 оны үеэс Хүннүгийн эсрэг байлдах бодлогод шилжсэн байна. Ийнхүү Хүннү, Хан улсын хооронд олон жил үргэлжилсэн байлдааны ажиллагаа эхэлсэн түүхтэй. Уди хааны Хүннү эсрэг явуулсан олон удаагийн байлдааны ажиллагаа амжилт олоогүй учир, Хүннүгийн зүүн, баруун жигүүрийг довтлох тактикт шилжсэн. Олон жил үргэлжилсэн дайнд Хүннү, Хан улсын аль алин нь цэрэг, эдийн засгийн хүч нөөцийг шавхан суларсан ажээ. Эцсийн дүндээ, баруун жигүүрийн Усунь зэрэг аймгууд Хүннүгийн захиргаанаас гарснаар Хүннүчүүд Дундад Азийн хот улсуудаас авдаг татвар, баруун тийш харилцах гол замаа алдсан нь томоохон хохирол болов. Уди хаанаас хойш Хүннү, Хан улс дайтаж, найрамдаж байсан нь олон юм.
    Язгууртнуудын зөрчлийн улмаас Хүннү гүрэн МЭ 48 онд умард, өмнөд хоёр хэсэгт хуваагдаж, өмнөд Хүннү нар Хан улсыг дагах болов. Хүннү гүрнийг МЭ 93 онд мөхсөн гэж үзэх элбэг байдаг ч МЭ 156 онд Сяньбийн нэгдсэн улс байгуулагдах хүртэл оршин тогтносоор байсан гэж үзэж болно. Умард Хүннүгийн зарим хэсэг нь баруун зүг нүүдэллэн явсаар хожим Европын сурвалжуудад Гунни нэрээр тэмдэглэж, одоогийн Унгарын нутгаар төвлөрсөн хүчирхэг улс байгуулан, Баруун Ромын эзэнт улсыг мөхөхөд чухал нөлөө үзүүлсэн билээ. Өмнөд Хүннү нар өөрсдийн төр ёс, соёлын уламжлалаа хадгалан оршин тогтносоор байсан бөгөөд хожим умард хятадад өөрсдийн төр улсыг байгуулж байсан түүхтэй билээ.
    Хүннүгийн төрийн түүхийг:
    1. Аймгийн холбоо, анхны төр улсын үе (МЭӨ 209 он хүртэлх үе)
    2. Хүннү гүрний үе (МЭӨ 209 оноос МЭ II зууны дунд хүртэлх үе)
    3. Хүннү нар хэд хэд хуваагдаж, бусдын нутагт төр улсаа байгуулж байсан үе (МЭ II зууны II хагасаас МЭ V зуун) хэмээн хуваан үзэж болно.
    МЭ 220 онд Хожуу Хан улс мөхсөний дараа нүүдэлчид урагш түрж, хятадын нутагт өөрсдийн улсуудыг байгуулсанаар 20 орчим улс оршин тогтнож байснаас Сяньби угсааны есөн улс, Хүннү угсааны гурван улс байжээ. Хятадын түүх бичлэгт “Умардын таван аймгийн арван зургаан улсын үе” гэх энэ үеийг Хүннү угсааны Лю Юаньхай 304 онд Түрүү Жао (304-329) улсыг үндэслэн байгуулсанаар эхэлж, 439 онд Сяньби угсааны Тобачуудын байгуулсан Умар Вэй улс умард хятадыг нэгтгэснээр төгсгөдөг. Хятадын он дарааллын бичигт хүннү, цзеху, сяньби, ди, цян аймгийг “таван бүдүүлэг” (Wu hu) хэмээн нэрлэж байв. Хятадын түүх бичлэгт умард хятадад ноёрхлоо тотоож байсан нүүдэлчин улсуудын түүхийг Хятадынх болгон бичиж, мушгин гуйвуулсан байдаг ч гэсэн үнэн хэрэгтээ тэдгээр нь нүүдэлчдийн байгуулсан улсууд буюу хятад бус төрт улсууд байсан билээ. Михаэл Вайерсийн бичсэнээр “умрын эзэнт улсуудын тухайд Хятадын түүх бичлэг эргэлзээтэй байдгаас хятадын чухам ямар эх сурвалжийг (эдгээр нь сяньби нарын талаарх цорын ганц эх сурвалж бөгөөд бүгд хожуу үеэс гаралтай) баримталснаас шалтгаалаад 9 янзын Сяньби улс мэдэгдээд байгаагийн зургааг нь хятадын өөр өөр династи гэж үзсэн байдаг. Эдгээр Сяньби улсын газар нутаг түүхийн янз бүрийн үеүдэд Хянганы уулсаас Шинжаан мужийн гүнд хүртэл үргэлжилж байсан ба цаг хугацааны хувьд нийтдээ МЭ 156-431 оныг хамарна. Энэ бүх хугацаанд бие биеийн эсрэг дайтаж, улсаа булаалдаж харилцан тэмцэлдсэн нийт 42 хааны нүүр үзжээ” .
    Сурвалжаас үзэхэд, Сяньби аймгуудаас Цифү аймгууд Баруун Цинь улс (385-431), Түфа аймгууд Өмнөд Лян улс (397-414), Муюн аймгууд Түрүү Янь улс (337-370), Хожуу Янь улс (384-409), Баруун Янь улс (386-394), Өмнөд Янь улс (398-410), Түгүхүнь нарын Тогон улс (285-663), Тоба аймгууд Умард Вэй улс (386-534), Хятан аймгууд Ляо улс (916-1125)-ыг тус тус үндэслэн байгуулж , умард хятадад ноёрхож байснаас үзэхэд Дунхугийн угсааны монгол хэлт аймгууд тухайн үеийн Төв Азийн улс төрийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой байна. Үүн дээр Хүннүгийн зарим аймгуудын Умард Хятадад байгуулсан Түрүү Жао (304-325), Умард Лян (397-439), Ся (407-431) улсууд болон Юйвэнь аймаг Вэй улс унасны дараа байгуулсан хожуу Жоу улс, Ухуань, Күмоси, Дуань зэрэг аймгуудын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Жоужаний хаант улсын Төв Азийн түүхэнд эзлэх байр суурийг нэмж тооцвол тухайн үеийн Монгол угсааны аймгуудын эзлэх орон зай, хэмжээ далайц, төр ёс, угсаа-соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурь тодрон гарч ирж байна .
    Ийнхүү Хожуу Хан улс мөхсөний дараа Сяньби болон Хүннү угсааны аймгууд хойд хятадад ноёрхох болж, нүүдэлчдийн олон төр улс байгуулагдан умард хятадад ноёрхохын төлөө хоорондоо өрсөлдөж байсан нь түүхэн үнэн юм. Энэ тэмцэлд Сяньби угсааны Табгач нар ялж, бусад улсуудаа эрхшээлдээ оруулан, умард хятад болон өмнөд монголыг нэгтгэсэн хүчирхэг умард Вэй улс байгуулжээ.
    Табгачийн Шийзянь 310 онд Табгачийн Дай улсыг үндэслэн байгуулж, одоогийн ӨМӨЗО-ын Хорин Гэр хошууны нутагт Шэнлэ хотыг нийслэл болгож, түүний дараа Табгач Гуй 386 онд ван болж, улсаа Вэй гэж нэрлэсэн нь түүхнээ Умард Вэй (386-534) гэж алдаршсан. Табгач нарын байгуулсан Умард Вэй улс нь хойд Хятад болон Өмнөд Монголд ноёрхлоо тогтоож байсан бөгөөд хожим нь Вэй улс задарч Баруун Вэй (535-581) болон Зүүн Вэй (534-550) гэх хоёр улс болжээ.
    Сяньби угсааны Тугухунь аймгууд Хөх нуурт өөрсдийн улсыг байгуулж, МЭ VII зууны сүүлч хүртэл оршин тогтнож байв.
    Энэ бүгдээс үзэхэд, гурван улс (220-280)-ыг нэгтгэн байгуулагдсан Баруун Зинь улсын нэгдэл дор хятад орон арав орчим жил л байсан бөгөөд “найман ноёдын үймээн” 15 жил (291-305) үргэлжилж, хойд хятадыг үгүйрүүлэн сүйтгэсэн тэр үеэс Сүй улс байгуулагдах хүртэл монгол угсааны аймгууд умард хятадад ноёрхож байсан гэж үзэж болохоор байна.

  • №13. Юан гүрэн байгуулагдсан нь

    хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэсэн байгуулсан Их улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
    Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгэдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан.
    Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхийн мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.
    Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпкин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3 дугаар сарын 24-нд буюу аргын 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн “их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.1 Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 25 дугаар сарын 12-ноос 6 дугаар сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ.
    Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аргигбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1 Д.Оссон “Монголын түүх” I боть. 288-р тал.
    Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдаж өөрөө алагджээ.1 Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна.2 Хубилай, Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд3 сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хот руу буцжээ.
    Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ.4 Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпин руу чиглэн хөдөлж Хубилайг хоёр дахь удаагаа довтолжээ.5 Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ.
    1261 оны өвөл монголын говь нутгийн заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ.
    1 “Юан улсын судар” 4-р бүлэг. 180-р бүлэг, 2 Мөн тэнд. 180-р бүлэг.,3 Мөн тэнд. 4-р бүлэг.
    4 Д.Оссон.”Монголын түүх” I боть, 304-р тал.5 “Юан-Ши и-вэнь чжэн-бу” /Юан улсын судрын нэмэлт орчуулга/ 14-р бүлэг. Аригбөхийн шастирт.
    Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хархорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хаанаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр Тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагийн дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа Тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургуйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах явдал гарч нэлээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэлжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ.
    Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдэж байжээ.
    Хубилай хаан ширээ булаацалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • Чингис хааны тухай 9 баримт

    НУГАРШГҮЙ, ӨРШӨӨЛГҮЙ ТЭМЦЭГЧ
    Эцэг Есүхэй баатрыг өөд болсны дараа Тэмүүжин, түүний гэр бүл амьдарч, тэсч үлдэхийн төлөөх өршөөлгүй хатуу тэмцлийг даван гарчээ. Аугаа их Чингис хаан 10 настай байхдаа эцэг нэгтэй ахтайгаа муудалцан нум сумаар харваж алжээ. Тал нутгийн тархай бутархай омог аймгуудыг нэгтгэх тэмцэл, үйл явц эндээс эхэлсэн гэж үздэг.

    ЦЭРГИЙН ГАРАМГАЙ УДИРДАГЧ
    Чингис хаан цэргийн гарамгай удирдагч байсан. Дайснаа хэний ч санаанд оромгүй уран арга, мэхээр ялан дийлж байсан олон тохиолдол байдаг. Монголчууд моринд дэндүү эрэмгий, морио зөвхөн хөлөөрөө залж, хоёр гар нь нум сум харвахад чөлөөтэй байдаг байжээ.

    ДИПЛОМАТ ЁСЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Чингис хаан эв найрамдал, энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрхэмлэдэг байсан. Хорезмийн хаант улс Монголын элчийг алсны дараа ихэд хилэгнэж тус улсыг дайлаар мордсон гэдэг. Хорезм улс монгол цэргүүдийн дайралтад үнсэн товрог болж, Хорезмийн цэргүүдийн толгойгоор уул овоо босгож байжээ. Улс гүрний албан ёсны элч, төлөөлөгчийн халдашгүй дархан байдлыг дэлхий нийтэд түгээж, ойлгуулсан нь энэ юм.

    НУУЦЛАГ
    Чингис хаан өөрийн хөрөг, дүрийг зурж буулгахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байв. Түүний анхны хөрөг зураг нас барсных нь дараа бүтээгдсэн байдаг. Үр хүүхэд, албат харъяатууд нь их хааныхаа шарилыг ихэд нууцлан онголжээ. Хаана оршуулсныг нь мэдэгдүүлэхгүйн тулд дөрвөн өөр газар яг адилхан томоохон ёслол хийн онголж, уг газар дээр түмэн адуу хурааж газрыг нь тэгшлэн засч, зүлэг ногоо ургуулсан гэдэг.

    ГОО САЙХНЫГ ТААШААГЧ
    Монголчууд ялалт байгуулсны дараа олзны охид бүсгүйчүүдийг хаан, ноёд, жанжны өмнө жагсаадаг байжээ. Хаан таалалдаа нийцсэн гоо охидыг өөрийн болгож, бусдыг нь ноён, гарамгай цэргүүддээ үлдээдэг байв. Түүхийн зарим эх сурвалжид Чингис хааныг 40 гаруй татвар эмтэй байсан гэдэг. Харин Чингис хаан их, бага нийлээд зургаан хатантай байжээ.

    ҮР УДАМ
    Дэлхийн эрэгтэй хүн амын 0.5 хувь нь Чингис хааны цэвэр үр удам ажээ. Нийтдээ 16 сая хүний судсаар Чингис хааны цус гүйж байдаг. Харин шууд бус удмын хүмүүсийг тоолбол 800 саяд хүрнэ хэмээн эрдэмтэд тооцоолжээ.

    ДЭЛХИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ
    Монголын Эзэнт гүрний хөгжил, байлдан дагуулал дэлхийн эдийн засаг, худалдааны хөгжилд ихээхэн түлхэц болж өгсөн юм. Монголчууд буухиа шуудан, дипломат элчийг улам боловсронгуй болгож хөгжүүлсэн. Монголын байлдан дагуулалтад сүрдсэн европчууд нэгдэж, өнөөгийн Европын нэгдмэл байдлын үндэс суурийг тавьсан ч гэж үздэг.

    ЧИНГИС ХААН ХЭРХЭН ТЭНГЭРТ ХАЛЬСАН БЭ?
    Түүний үхлийн шалтгаан амьдралынх нь хамгийн учир битүүлэг зүйл. Хамгийн их түгсэн хувилбар нь мориноос унаж гэмтсэний улмаас гэдэг билээ. Мөн халуурч, өвчилж нас барсан, хөлөндөө сумны шарх авч өөд болсон гэх нь бий. Хятадын гүнжид хорлогдсон гэх яриа ч байдаг. Гэвч Чингис хаан өөрийн гэрээслэлээрээ мөнх, амар тайван нойрсох газраа нууцалж чадсан юм. Эрдэмтэн, мэргэд их хааны онгоныг Хэнтий аймгийн Бурхан Халдун ууланд байдаг хэмээн үздэг билээ.
    Н.МӨНХЖИН

  • ҮР ХҮҮХЭД ГУЙХ

    заяахыг гуйдаг байв. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншил ч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж , өргөл барьц өгч мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын “Хүүхдийн овоо” гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлгэдэж тусгай овоо хүртэл босгодог байсан гэдэг. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж, хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол, шагай мэтээр тоглуулан будаалга цайллага хийдэг байжээ.

  • Тайхар чулууны домог

     

    Ингээд Булган уулын чулуунуудаас нэг томоохон чулуу булгалаад үүрч могойн зүг рүү явлаа. Чулуу түүний хувьд ихэд хүнд байсан тул замдаа амарч нэгэн уулан дээр сууж амрав. Түүний суусан уул нь сандал шиг дөрвөлжин оройтой тул Алтан Сандал гэж нэрлэжээ. Ингээд чулуугаа аваад босохдоо газар тулж шүү шаа гэж уулга алдсанд тэр тал газрыг Шүү Шаа тал гэж нэрлэх болов.

    Гараараа газар тулсанд тэрхүү тулсан гарынх нь хурууны мөрөөр 5 хэсэг уул үүсчээ. Тэр 5 уулыг 5 тээг гэж нэрлэв. Ингээд сайн эр Бөхбилэгт могой гарч ирсэн худган дээр очиж могойтой хэдэн өдөр ноцолдсоны эцэст ялан дийлж могойн толгой дээр өнөөх авчирсан чулуугаа дарсан нь өнөөх алдарт Тайхар чулуу юмсанжээ.

    Гэтэл могой чулууны дороос гарах гэтэл Бөхбилэгт овсгойлон өөрийн хайртай нум сумаа чулуун дээр нь тавьсанд могой хөдлөхөө байв. Өндөр газраас Тайхар чулууны дээр нум сум харагддаг гэлцдэг. Гэтэл бас могой маш урт, сүүлээрээ хүмүүсийг ороолгож алаад байсан тул Бөхбилэгт нэгэн уулын оройг аваачиж сүүлэн дээр нь тавьсанд могойн аюул дуусч ард иргэд үхэл мөхлийн аюулаас аврагджээ. Тэрхүү жижиг уулын орой нь Тайхар чулуунаас 5 км зайд орших бөгөөд Сүүл толгой нэртэй болжээ. Энэ бүх газрууд одоо Архангай аймгийн Ихтамир суманд оршдог юм.

  • Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий дээр ямар сүйрлийг хүн үйлдсэн бэ?

     

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүмүүс, манай гариг дэлхийн ойн 70% -ийг устгасан. Дэлхий дээрх үлдсэн ойн 30 орчим хувь нь таруу хуваагдмал, бөгөөд тэдгээрийг жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтайгаар сөнөөж байна.

    Дэлхий дээр 45 мянга гаруй нуур бий. Жилд химийн аж үйлдвэр 70,000 гаруй органик нэгдлүүдийн нэг зуун сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд нэг удаа мянган шинэ бодисыг нэмж оруулна. Эдгээр химийн бодисуудыг хүрээлэн буй орчиндоо туршиж үздэг

    Өнгөрсөн 50 жилийн хугацаанд 4 зүйлийн шувуу устаж, бүх шувуу 11 хувиар багассан. Мөн хөхтөн амьтдын 18 хувь, загасны 5 хувь, ургамлын 8 хувьд устаж үүрд алга болох аюул заналхийлж байна.
    Дэлхий дээрх усны нөөцтэй шүрэн арлуудын усны бохирдол ихсэж, загасны нөөцгүй болж далай тэнгисийн бохирдолтоос үүдсэн халдварт өвчин гарч байгаа нь дулааралт нөлөөлж байгаатай холбож тайлбарлаж байна. Манай гарагийн хүн ам тогтвортой өсч байгаа учир нийт дэлхийн 30% дахин сэргээгдэшгүйгээр ашиглагдсан хэмээн тооцоо гарч байна.

    Р. Сайхан Уул

  • №12. Мөнхийн байдлан дагуулал

    Чухам ингэж монгол цэргийн Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэгү өөрийн ах Мөнх ааны зарлигийг гүйцэд биелүүлж, Иран улсын эзэн болжээ.
    Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бүх хятадыг байлдан эзлэн явдал байв. Гэвч бүх хятадыг эзлэн авах гэдэг тийм ч амар ажил огт биш байжээ.
    Мөнх хаан 1259 оны эхээр Сычуаны нутагт цагаан сарын баяр тэмдэглэж, цэргийн зөвлөлийн хаалттай зөвлөгөөн хийлгэж, дайны явц, цаашдын зорилготой холбогдсон тактикийн асуудал хэлэлцжээ.
    Дяоюйчэн боомт хотыг бүслэн байлдах явцад Мөнх хаан өвчилжээ. Хааны өвчин хүндэрч нэгэн уйгар эмчээр тусгайлан эмчлүүлсэн боловч тус өгсөнгүй өвчин нь улам даамжирсаар байжээ. Ингээд Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж сувилуулахаар явж байгаад зам зуураа нас баржээ.
    Мөнхийн шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг хаадын шарил тавих газар Чингис, Тулуй нартай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.
    Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
    Мөнх хааны үеэс манай үед уламжлагдаж ирсэн дурсгалын зүйлс цөөнгүй бий. Тэдгээрээс нээсэн шинэ олдворын дотроос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрөнд байсан гэрэлт хөшөөг дурдаж болно. Мөнх хааны гэрэлт хөшөөг хөх занар чулуугаар хийсэн байх бөгөөд зузаан боржин чулуун суурь дээрг углуурга гарган суулгажээ. Хөшөөн дээр уйгуржин монгол, хятад бичээс сийлсэн нь бараг бүрэн бүтэн байна. Уйгуржин монгол бичээсийг ажиглавал: “Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуулав. Ургийн ургаар хэдэн хэдэн үест хүртэл энэ дабаригту буян хүртүгэй” гэсэн үг байна. Хятад бичээсийн /монгол үсгээр Барс Түгэ/, Исицзи гүнж нар хааны ачийг санаж урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөж босгов” гэжээ.
    Монголын ноёд, жанжин нар, ялангуяа хааны ордны дотоод амьдрал ихээхэн тансаг, хээнцэр болж байсан нь бас ард түмний аж байдалд нөлөөлж байжээ.”…жил бүр буюу хэдэн жил болоод тэр /хаан Н.И/ татарын бүх хязгаараас эмс, охидыг татан цуглуулж, санаандаа таарагсдыг дэргэдээ үлдээж бусдыг хувийн үзэмжээр өөрийн хүмүүст хуваан өгдөг байв”4 гэж сурвалжийн дотор тэмдэглэжээ. 4 Плано Карпини.45-р тал
    Гүюг хааны нас бардаг жил 1248 оны зун монгол нутагт сүрхий ган болж, хүн ардын аж амьдрал тун хүнд болжээ. “Юан улсын судар”-т өгүүлсэн нь: “Энэ жил их гантай тул голын ус бүрнээ ширгэж, амь зууж чадахгүй болжээ”2 гэсэн байна. 2 “Юан улсын судар” 2-р дэвтэр
    Эзлэгдсэн орнуудын ард түмний аж байдал, эсэргүүцэл тэмцэл
    Монголын байлдан дагуулагчдын нөгөө нэг чигийг баримтлагчид бол Чингисийн “Алтан ураг”, Их гүрний хааны засаг төртэй холбоотой монгол язгууртан ноёд болон тэдэнд дагаар орсон Хятад, Перс орны сайд түшмэд байсан ажээ. Тэд монгол, түрэг угсааны нүүдэлчин язгууртан, цэргийн эрхтэн дархтануудын төвөөс хөндийрч хоолдох гэсэн эрмэлзлэлийг хязгаарлан барьж, нийт гүрнийг захирч байх зорилгоор хүчирхэг хааны засаг бүхий нэгдсэн улсыг эмхлэн цэгцлэх бодлого баримтлан явуулж байжээ. Энэ бодлого монголын хааны засаг төрийг эзлэгдсэн орнуудын амьдрал, худалдааг тэтгэж дэмжих, эзлэгдсэн орнуудын дайны хөлд сүйдсэн үйлдвэрлэхүй хүчнийг сэргээх, тэдгээр орны ард олноос авах алба гувчуурыг нарийн чанд болгох зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн байна. Иймэрхүү арга хэмжээ авахгүйгээр эзлэн авсан орнуудыг удтал ноёрхон захирах нөхцөлгүй болохыг тэд ойлгож байжээ.
    Дээрхи хоёр чиглэлийг баримтлагчид монгол гүрэн анх байгуулагдсан цагаас эхлэн харилцан маргаж тэмцэлдсээр ирсэн түүхтэй.
    Монголын эрх баригчдаас Бээжин хотод томилон суулгасан даргач хятан угсааны нэгэн ноёны төрөл садан нар тэргүүтэй хэсэг хүмүүс нийлж, тус хотод аллага, таллага хийж их төвөг гаргахад Тулуй ноён, хааны бие төлөөлөгчийг Елюй-Чу-цайн хамтаар яаарлтай довтолгрож, хотын дотор дэглэм журам тогтоохыг тушааж байжээ. Хааны бие төлөөлөгч аллага таллаганд оролцогсод нь монгол эрх баригчдын үр хүүхдүүд байсан учир тэдгээрийг цээрлүүлэн шийтгэхээс түдгэлзэн хаанд энэ тухай тусгайлан айлтгах гэж байжээ. Гэтэл Елюй-Чу-цай өөрөөр хандаж хэрэв шийтгэн цээрлүүлэх арга хэмжээ авахгүй бол тохиолдож болох “зовлон буяныг ухуулсанд дотоод түшмэл айж, түүний үгийг дагаж”1 уул хэрэгтнүүдийг цээрлүүлэн шийтгэж хотод дэглэм тогтоож байсан гэнэ. 1 “Юан улсын судар” 146-р дэвтэр.

    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • И.В.Сталины тулгалт–Монголын хэлмэгдэлт

    Үүнээс үзвэл Монгол улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд цэрэг улс төр, төр захиргааны байгууллагын олон мянган ажилтан, албан хаагч, бичиг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монголоо гэсэн мянга түмээр тоологдох хүний амь насыг хөнөөжээ.

    1930–аад онд БНМАУ-д лам нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын эзэн И. В. Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
    Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр: “Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварласныг доктор Д. Өлзийбаатар тэмдэглээд “лам нарын асуудлыг шийдэх арга бол “хядах” л юм гэхдээ бүгдийг нь гэсэн санаагаа шууд илэрхийлжээ” хэмээн дүгнэсэн нь чухам голыг нь олсон дүгнэлт юм.
    Улмаар ЗХУ-ын эрх баригчид Монголын лам нарын эсрэг тууштай тэмцэхийг онцлон анхаарч, БХК(б)Намын Төв Хорооны түвшинд тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тухайлбал, 1935 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа “Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд орж, өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх”-өөр шийдвэрлэж, дээр нь ТХ-ны “УТТ-ны санал авснаар” гээд дор нь Төв Хорооны нарийн бичгийн дарга И. В. Сталин” гэсэн баримт байна.

    1935 оны арван хоёрдугаар сарын 30-нд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нар П.Гэндэн, Г.Дэмид, Д.Намсрай нарыг Кремльд хүлээн авч уулзсан уулзалт дээр И. В. Сталин:
    “Ер нь Гэндэнгийн Засгийн газар ба нөхөр Намсрайн Дотоодыг хамгаалах лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа…” хэмээн зэмлээд П.Гэндэнд хандаж: “Та лам нарыг гомдоохгүйгээр үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулжээ. Цааш нь: “та нарт лам нартай тэмцэх дур хүсэл алга байна. Хооллохдоо дур хүсэлтэй хооллох хэрэгтэй. …тухайлбал Дэмид өөрийн санал бодлоо зөв илэрхийлж байгаа шиг лам нартай хатуу тэмцэл явуулах шаардлагатай байна” гэсэн шаардлага тавьжээ.
    Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараачийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр “Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа “лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.

    Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болон хувирчээ.
    Харин Сталины хувьд Монгол дахь хэлмэгдүүлэлт нь өргөн хэмжээний “цэвэрлэгээ”, Японтой тулахын өмнөх бэлтгэл байж. Тийм л учраас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгаан нь ЗХУ-ын коммунист нам, Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын бодлого, Японы Ази дахь цэргийн үйл ажиллагаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үеийн олон улсын харилцааны хурцдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, бодлого, түүний шууд үр дагавар байжээ.

    1937 оны зургадугаар сард ЗХУ ба Япон хоёр улсын харилцаа хурцадсан. Долдугаар сард Япон, Хятадын хооронд бүрэн хэмжээний дайн дэгджээ. Энэ дайнд ЗХУ нь Хятадыг дэмжиж олон зөвлөх, нисгэгчдээ илгээж, манай нутгаар их хэмжээний зэвсэг зөөвөрлөн хүргэх, ингэснээрээ Хятадын байлдах чадварыг нэмэгдүүлж Японы Алс дорнод руу хийх довтолгооны хүчийг саатуулах бодлого баримталжээ. Тухайн үед И.В.Сталин Японы цэрэг БНМАУ-аар дамжин Байгаль нуурийн районд довтлохоос асар их болгоомжилж байсан. Хэрэв байдал өөрөөр эргэж Японы цэрэг Монголд орж ирээд Орост довтолвол Байгал нуураар зогсохгүй ЗХУ-ын Алс Дорнодын цэргүүд ар талаасаа таслагдаж, улмаар Сибирийн төмөр замыг алдах аюулд хүрнэ. Хэрэв тэгвэл Орос сүйрнэ гэж Сталин үзэж байж. Мөн Хятадын цэргүүд Японы дайралтаас ухарч Монголд ороод ирвэл тэдний араас нь Японууд БНМАУ-д цөмрөн орж, улмаар монголын цэргийг өөртөө хавсаргаад Байгаль нуурын районд довлох вий гэдгээс ихээхэн болгоомжилэ байлаа. Учир нь Барга Монголын цэрэг эрс Японы тугын дор явах тул Ар Монгол Японтой хамсахаас давхар сэргийлсэн хэрэг.

    И.В.Сталин энэ санаагаа 1937 онд Монголд илгээсэн М.Ф.Фриновскийд өгсөн заавартаа хэлсэн. Бас 1945 оны зун Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнтэй уулзахдаа ч тайлбарлаж ярьсан байдаг. “Чамд би даруухан хэлэхэд Ар монголыг яагаад авах гээд байна вэ гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм” гэж шулуухан хэлжээ. Тэгэхэд Сун Цзы Вэн: “Бид гадаад монголын асуудлыг одоо босгож ярихгүй, унтаж байгаа нохойг тайван орхицгооё” гэж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ болон Хятадын хооронд Монголыг жийргэвч, халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бас нэг шалтгаан, үндэс болсон гэж үзүүштэй.
    Хятадын удирдагч Чан Кайши дурдатгалдаа: “дэлхийд хувьсгал хийх гэсэн Оросын төлөвлөгөө үндэсний тусгаар тогтнолд барууны колоничлолоос илүү аюул учруулна” гэж бичсэн нь бий.
    Монголд их аюул учирчээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
    Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН, МАХЦэргийн удирдлага, удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм.
    Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.

    Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
    Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
    Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ.
    Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
    Тийм учраас Монголчууд бид манай газар нутаг, их баялагт шунасан гадаадын шунахайрал, их гүрнүүдийн авах, идэх, тонон луйвардах бодлогын золиос болох болчимгүй оролдлого, улс төрийн зорилготой элдэв явууллагад автахгүй байхыг улс төрийн хядлаг, хэлмэгдүүлэлтийн гашуун түүх сануулж байна.

    1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм. Монголын жирийн иргэдээс эхлэн улс төрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай бөгөөд үүний хамгийн гол баталгаа нь бидний Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
    Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор 
    Дамдинсүрэнгийн ХОРОЛДАМБА

  • Монгол төрийн түүхэн их хатад

    Монгол төрийн түүхэнд Алунгуа, Өэлүн, Бөртэ хатныг язгуурын гурван хатан хэмээн нэрийддэг. Харин эдгээр гурван хатны амьдрал Баян-Адарга сумын нутгаар дайран урсах Онон голтой холбогддог талаар судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг аж. Тиймээс Монгол хатдын хүндэтгэлийн өргөөг ийнхүү өнгөрөгч 2011 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байгуулжээ. Үүнээс гадна Монголын сүүлчийн хаан Богд гэгээний хоёр хатан энэ нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Монгол төрийн залгамж бодлого үргэлжилж Богд гэгээн ч гэсэн энэ нутгаас хоёр хатнаа тодруулсан хэмээн үздэг байна.

    Их хатдын өргөөнд бэлгэдлээ бодож есөн хатны хөрөг зургийг залжээ. Эдгээр хатад Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө гайхамшигтай үүрэг гүйцэтгэсэн, өөрийн амьдарч байсан түүхэн цаг үед Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулж байсан хатад юм.

    Алунгуа хатан: Бөртэ чоно эхнэр Гуа Маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан Халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараах үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алунгуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончир мунхагаас Боржигон овгийнхон үүссэн гэж үздэг. Нууц товчоонд бичсэнээр Алунгуа хатан Бэлгүнүдэй, Бүгүнүдэй, Буха хатаги, Бухати салжи, Бодончар мунхаг хэмээх таван хөвгүүн төрүүлсэн бөгөөд өөрийн хөвгүүдээ багцалсан таван сум мэт эвтэй байвал хэнд ч дийлдэхгүй хэмээн сургасан сургааль нь өнөөдөр ч Монголын түүхэнд мөнхөрсөн хэвээр байгаа юм.

    Өэлүн хатан: Өэлүн бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх юм. Монгол судлаачид түүнийг Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлоон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүлсэн нэгэн хэмээн өргөмжилдөг. Мөн Монголын түүхэнд хэзээ ч, хэнд ч, юунд ч дийлдэхгүй гэр бүлийг бий болгосон нь энэ хатны түүхэн их гавьяа хэмээн үздэг. Өэлүн эх бол Чингис хаан, Хасар, Хачигун, Отчигин ноён, Бэлгүдэй зэрэг өөрийн хүүхэд ба Борохол, Шихихутаг, Хүчү, Хөгэчү зэрэг өргөмөл хөвгүүдээ туйлын хүчир бэрхшээлтэй амьдрал дунд тэжээн өсгөж, сурган хүмүүжүүлээд Монголын түүх ба дэлхийн түүхнээ алдар цуутай хүмүүс болгосон түүхтэй.

    Бөртэ хатан: Бөртэ үжин (1161-1237) нь Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хааны их хатан байжээ. Эцэг нь Хонгирадын Дэй Сэцэн, эх нь Цотан. 1171 оны үед Хиад Боржигины Есүхэй баатарын хүү Тэмүүжинтэй сүй тавьсан. 1180 оны үед Тэмүүжинтэй гэрлэсэн боловч удалгүй Мэргид аймаг булаалдан Чилгэр бөхийнд амьдарч байжээ. Буур хээрийн тулалдаанаар Тэмүүжин Бөртэг эргүүлэн олж авсан ба энэ үед хөл хүндтэй байсан ба удалгүй ууган хүү Зүчи нь төржээ. Бөртэ үжин Зүчиэс гадна Цагадай, Өгөдэй, Тулуй гэсэн хөвгүүдтэй байсан ба зөвхөн түүний хөвгүүд их хааны удам залгамжлах эрхтэй байжээ. Бөртэ үжиний хөвгүүд, үр удам нь Монголын Эзэнт гүрэн, Юань улс, Алтан Орд, Цагадайн улс, Ил Хант улсын их хаадууд болсон байна. Бөртэ хатныг Монгол төрийн түүхэнд онцгой гавьяа байгуулсан хатдын нэг гэж үздэг.
    Сорхугтани Бэхи хатан: Их Эзэн Чингис хааны бага хүү Тулуйн хатан. Сорхугтани Бэхи хатан өөрийнхөө дөрвөн хүүг Монгол эзэнт гүрний дөрвөн их хаан болгоход бүх амьдрал, оюун ухаанаа зориулсан гайхамшигтай эмэгтэй хэмээн түүхийн эх сурвалжуудад тэмдэглэсэн нь бий. Тодруулбал, Мөнх хаанаас хойш Лигдэн хаан хүртэл 400 жил Монгол төрийн хаадын гал голомтыг Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөх гээд дөрвөн хүү нь авч явжээ.

    Дөргэнэ хатан: Дөргэнэ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргэнэ хатны талаар сайн болон саар зүйлүүд түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
    Мандухай сэцэн хатан: Хоёр их хааны хатан байх хувь зохиолтой гайхамшигтай эмэгтэй. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм.

    Мандухай сэцэн хатан 36 насандаа Батмөнх хаанд эрхэм таньд долоон бурхан одны тоогоор долоон хүү төрүүлж өгье, алтангадас одны тоогоор нэг охин төрүүлж өгье гэж андгай тангараг өгсөн байдаг. Зарим түүхийн эх сурвалжуудад Мандухай сэцэн хатныг хэлсэн амандаа хүрч гурван удаа ихэр хөвгүүд төрүүлж зургаан хүүтэй болсон, мөн нэг охин төрүүлсэн гэж бичсэн байдаг.

    Ханджамц хатан: 17 дугаар зууны үеийн сурвалжит хүн, Түшээт хан Гомбодоржийн хатан. Өндөр гэгээн Занабазарын ээж нь гэдгээр нь Монгол түмэн ихэд хүндэтгэн биширдэг. Хүмүүнлэг хийгээд энэрэнгүй сэтгэлийг биедээ шингээсэн сайхан эмэгтэй байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. Монгол төрийн түүхэнд Занабазар хэмээх агуу хүнийг төрүүлж, Монголд буддын шашныг нэвтрүүлэхэд ихээхэн чухал хувь нэмрийг оруулж, анхны сүм хийдүүд, бурхан шүтээний их сургуулиудыг босгосон. Өөрөөр хэлбэл, Буддын шашны эх үндсийг Монголд нутагшуулсан гавьяатай хүн гэж үздэг.

    Ану хатан: Ану хатан хошуудын Очирт сэцэн ханы отгон охин бөгөөд Зүүнгарын Сэнгэ хунтайж, дараагаар нь асрахуй ёсыг бодон, угаас бие биедээ сэтгэлтэй байсан Галдан бошигт хааны гэргий байв. Галдан бошигт хаан Манж Чин Улсад дагаар орсон Халхын ноёдтой тэмцэж яваад 1696 онд Тэрэлж голын ойролцоох Зуунмодын орчимд тулалдаж яваад бүслэгджээ. Тэрхүү тулаанд Ану хатан өөрийн эр нөхөр Галдан бошигтыг Манжийн цэргийн бүслэлтээс аварч яваад баатарлагаар амь эрсэдсэн хэмээдэг. Түүнчлэн Ану хатны амьдралынх нь талаас илүү хувь нь морин дэл дээр дайн байлдаан дунд өрнөсөн байдаг. Манжийн Энх-Амгалан хаан хожим нь өөрийн архивт Ану хатны талаар “Миний үзсэнээр Ану хатан болвоос Зуун модны тулалдаанд үлээх салхинд үл хийсэм, харвах суманд үл оногдом нэгэн дайчин эмэгтэй манай цэргийг хиар цохин тэгж орсон нь хэн ч харсан сэтгэл уулгалж хүндэтгэхээс өөр аргагүй. Гэтэл тэр эмэгтэй нь Ану хатан байлаа” гэж бичсэн байдаг.

    Дондогдулам хатан: Монгол орон Манжийн дарлалаас ангижирч, төр улсаа сэргээн мандуулсан 1911 оны түүхэн үйл явдлын төвд цорын ганц эмэгтэй байсан нь Улсын эх дагина Ц.Дондогдулам юм. Монголын сүүлчийн эзэн хааны хатан болж, хаан төрийн долоон эрдэнийн нэг хатан эрдэнэд өргөмжлөгдөн Их Хүрээнд байсан 33 аймгийн нэг Сангай аймгийг тэргүүлэн, өөрийн гэсэн шавийн аймаг захирч “Шашин төрийг өрнүүлэгч, Улсын эх дагина Дондогдулам “ гэсэн 4 кг жинтэй мөнгөн тамга барьж явсан энэ бүсгүй XX зууны Монголын хамгийн нөлөөтэй монгол эмэгтэй байлаа. Богд хаан, Их дагина хоёрт хэдийгээр үр хүүхэд заяагаагүй хэдий ч өргөөндөө 30 гаруй өнчин хүүхдийг өөрийн сэтгэлээр өсгөж хүмүүжүүлж байсан түүх байдаг. Тэдгээр хүүхдүүдийн нэг нь хөгжмийн зохиолч Л.Мөрдорж юм.

    Гэнэнпил хатан: Дондогдулам хатныг таалал төгссөний дараа Монгол төрийн долоон эрдэнийн хатан суудлыг эзгүйрүүлж болохгүй учраас хэдий Богд гэгээнтний бие чилээрхүү байсан ч дахин хатан буулгасан нь Гэнэнпил хатан байжээ. Гэнэнпил хатан хөл хүндтэй байхдаа хэлмэгдэн таалал төгсжээ.