Category: Монгол үндэсний түүх

  • Ганга өвс архи уух дурыг бууруулдаг

    Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ.
    Ганга өвс бол уушигны эм
    Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна.

  • Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    Бурхан Халдун гэдэг нь баруун монгол буюу Жангарын хэлээр бурхантай залгаатай гэсэн утгыг илэрхийлдэг. Ойрдууд “Битээ хальд” гэж ярьдаг. Энэ нь “бүү хүр” гэсэн санааг илтгэдэг. Хальд гэдэг эртний үг нь Халдун хэмээх үгийн үндэс. Сансар огторгуйгаас нэг зүйл бууж ирдэг, түүнээс хүн эрч хүч, мэдээлэл авдаг. Чингис хаан жирийн нүүдэлчин, малчин, тийм цөөн ард түмэн дотроос ялгаран гарч дэлхийн талыг эзэлсэн гарамгай удирдагч. Түүнд заяасан энэ их хүч чадал, холч ухааныг дэлхийн олон судлаач судалж, нууцыг нь тайлаагүй л байна. Чингис хаан Бурхан Халдун уулнаа очин дээд тэнгэрийн санааг сонсдог байсан тухай мэдээ баримт “Нууц товчоо”-нд бий. Энэ нь сансраас, харь гарагаас мэдээлэл авч байсан хэрэг юм. Чингис хаан хөвгүүн ахуйдаа мэргэдүүдээс нуугдан амь гарч тахиж шүтэж байсан Бурхан Халдун уулын зулайд очиж их овоонд нь сан тавьж, залбирсандаа их олзуурхан баярладаг.

    -Тууль хэмээх язгуур урлагийн төрөл ямар ид шидтэй болоод хэдэн мянганыг дамнан бөх оршиж байна вэ?

    -Тууль бол арга чадал, омог. Зөв сэтгэл, бодолтой хүн л хайлдаг жамтай. Орчин үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болоогүй эрт цагт сайхан, муухайг ялган заадаг сургууль нь тууль байж. Туульд Бумбын орон гэж гардаг. Бумбын орон гэж юу вэ, ард түмнийг яаж нэгтгэх тухай туульд тод өгүүлсэн байдаг. Чингис хаан зөв санаа сэтгэлийг хурааж, түүгээр дэлхийн талыг эзэлсэн. “Биеийн бөхөөр арав, сэтгэлийн бөхөөр зуун хүнийг ялна” гэсэн суут хааны сургаалын учгийг тайлах хэрэгтэй. Монголчууд туульдаа оюун бодпоо шингээж хэдэн мянган дамнан амьдарсан ард түмэн. Тиймээс тууль оршсон газар монгол ахуй соёл мөхдөггүй. Тайлж, ухаарч чадвал туульд ертөнцийн гүн ухаан бий. Туулийг ардын дуутай адилтгаж болохгүй. Бидний өвөг дээдэс дайсандаа, сэтгэл муутанд тууль хайлж болохгүй гэж сургасан. Тэгэхээр түүхээ судалж, бүхнийг сэргээж, ухаанд нь хүргэх нь чухал. Ялангуяа Чингис Богдын сургаалаа эргэж харах цаг болжээ.

    -Таныг барилгын инженер мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ эрс өөрчилж туульч болоход тань юу нөлөөлсөн бэ?

    -Москвад барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн. Цөмийн цахилгаан станцад мэргэжлээрээ 30 нас хүртлээ ажилласан. Социалист нийгэмд амьдарч байсан би комсмолийн гишүүн гээд ардын ёс заншлаасаа хол хөндий байлаа. Миний зүүд их зөнтэй. “Жангар” тууль хайлахыг би зүүдэндээ сонссон юм. Үүнтэй зэрэгцэн Халимагт “Жангар” туулийн талаар эрдэм шинжилгээний том хурал болсон. Нөгөөтэйгүүр, тухайн үед манайд туульч үлдсэн бил үү, үгүй бил үү гэсэн давалгаа үүсээд байлаа. Тэр давалгаанд би туульч болсон. Бас тэр үед би “Жангар” тууль хайлж зүүдэлснээ мартдаггүй. Би 16 настайгаас тууль хайлах ёстой, атал завсарт нь “төөрөлдсөөр” 33 наснаасаа туультай золгосон доо. Нийгэм ч тэгж таарсан биз.

    -Баруун Монголын туульчид товшуур хөгжим, хайлдаг туулиа өв уламжлан авч явдаг. Халимагт мөн адил уу?

    -Би Чингисийн өвөг дээдсийн нэг Дува сохорын хүү Догшины удам Баатуд овгийн хүн.

    Баатуд овгийг 700 тэнгэртэй гэдэг. Миний аавын талынхан тууль хайлдаг байсныг би өвлөн авсан юм. Уг нь манай удамд Ээлэйн Овлаа гэж “Жангар” туулийг аялгуулан хэлдэг алдартай туульч байсан гэдэг. Тэр хүн шиг алдартай туульч болох юмсан гэж мөрөөдөн бие дааж оролдсоор “Жангар” туулийг аялгуулан хэлдэг болсон. Жангар” бол маш том тууль. Түүнийг бүрэн мэддэг хүн байхгүй. Бүтнээр нь хайлъя гэвэл хагас сарын ажил болно. Энэ туулийг бүлэг бүлгээр нь цувуулж хайлна. Манай халимагууд тууль аялгуулан хэлдэг хүнийг Жангарч, Монголчууд туульч гэдэг. Баруун монгол, халимаг бол угтаа Дува сохорын дөрвөн хүүгээс улбаалсан Ойрд түмэн. Бидний хэл, ахуй соёл маргашгүй нэг. Тиймээс товшуур, тууль хоёроо уламжлан өвлүүлдэг. Гэхдээ туульчид удмынхаа хөвгүүдээс нүдэндээ зальтай, нүүрэндээ галтайг нь шигшиж сонгодог. Зальтай гэдэг үгийг одоогийн монголчууд овжин, хүн хулхиддаг гэж ойлгодог. Заль гэдэг чинь уугуул монгол хэлээр гал гэсэн үг шүү дээ.

    -Туулын хэллэгт өнөөгийн бидний мартсан, хэрэглэхээ больсон үг тохиолдох нь элбэг. Тэгэхээр туулийн хэл гэх агуу өвийн судалгаа дутагдалтай байх шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?

    -Туульсийн бүтээлүүд нь эртний цалиг шүтлэг, бөө мөргөл, бурхан шашнаас өмнө бий болсон. Тиймээс домог зүйн болон уран сайхны сэтгэлгээг хадгалсан, үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбрэлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын бүх төрлийг багтааснаараа онцлогтой. Монгол туулийн хэл гайхамшигтай уран яруу бөгөөд шүлгийн шилдэг уламжлалыг хадгалсан, эртний хэллэгтэй. Өнөөгийн баруун монголчууд эртний буюу туулийн хэлээ маш сайн хадгалсан. Өөрөөр хэлбэл, туулийн хэллэг баруун Монголын үгийн санд бий. Тууль бол зөвхөн үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн уран чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан нийлмэл урлагийн шинжтэй цогц үзэгдэл юм. Туульч бол бурхны илгээсэн хүн. Тэнгэрийн ёсыг газарт дэлгэрүүлэгч гэж хэлж болно. Эрт цагт бөө, оточ, туульч гурвыг тахин шүтэж бдйсан. Эдгээр эрдэм чадалт гурван. хүний оргилд нь туульчид байсан юм шүү.

    -Та бол нэртэй жангарч. Энэ агуу туульд өнөөгийн бидэнд хэрэгтэй захиас, бадаг олон байдаг биз. Онцолж хэдийг дурдвал?

    -Би “Жангар” туулиар дамжуулж, монгол угсаатнаа агуу болгохыг хүсдэг. “Жангар” бол үзэл суртал юм. Бүгдээрээ сайн сайхан байх билэг сургаал, эхлэл энэ туульд оршиж байна. Бас нэг мундаг зүйл бол хөөмэй, хархираа. Би 30 гаруй настайдаа хөөмэйч, хархираачдыг нийлүүлж дэлхийд байхгүй баг болж явсан. Хөөмэй, хархираа бол эртний ан амьтны дуу авиа. Дэлхийг сэрээх дууч гэж хэлж болно. Энэ язгуур урлаг л Монголыг дэлхийд гайхуулж байна даа. Гагцхүү эрх баригчид, Засгийн газраас уран бүтээлчдээ дэмжих хэрэгтэй. БНХАУ гэхэд соёл, түүхэнд их ач холбогдол өгч байна. Соёл байсан газартаа, байрандаа байх ёстой. Одоо Чингис хаан судлалыг БНХАУ төрийн бодлогоор хөгжүүлж байна. Тэд коммунист намтай болохоор бурханчилж тахиж шүтэж чадахгүй байх. Гэхдээ Монголчууд Чингис хаанаа бурханчлан тахиж, шүтэх учиртай. Яагаад болохгүй гэж. Будда ч гэсэн бие хүн байсан биз дээ. Тууль бол сургаал гэж би дээр хэлсэн. Жангар өөрөөсөө хэтийдсэн чадалтай, их ухаантай баатар эрсийг нөхрөө болгосон байдаг. Хожим Чингис хаан ч ийм замаар ёсөн өрлөгтэй болсон. Жангарын хүлэг баатар “Агирвал найман чөмөг, Асгарвал аяга цус” байна гэсэн байдаг. Агирна гэдэг нь үхсэн хүний цайрч элэгдсэн ясыг хэлж буй хэрэг. Энэ нь хүн нэг л амьдрахаас хойш бие, сэтгэлээ ард түмэндээ зориулаад үхэхэд харамсахгүй гэсэн санааг илтгэж байгаа юм.

    -Киргизийн ард түмэн “Манас” туулиа эш болгон төр улсын түүхээ мянганаар урагшлуулсан. Монголчууд Хүннүгийн түүхийг үндэслэн 2200 жилийн төр улсын түүхтэй гэдэг. Хэрвээ “Гэсэр”, “Жангар”-ын туулиа эш болговол бидний түүхийн хугацаа урагшлах боломжтой мэт санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

    -“Манас” туульд киргизүүд Монголчуудтай байлдсан тухай буюу одоогоос 400 гаруй жилийн өмнөх түүхийг өгүүлдэг. Тодруулбал, Зүүнгарын хаант улс буюу одоогийн баруун монгол, Халимагийн хаант улсын цэргийн довтолгооны эсрэг XV зууны үеийн тэмцлийг “Манас” туульд харуулсан байдаг. Гэтэл киргизүүд “Манас” туулиа мянган жилийн түүхтэй гэж ярьж, цаашлаад Хомерын “Одиссей”,”Илиада”, эртний Энэтхэгийн “Махабхарата”-тай эн зэрэгцэхүйц өв гэж олон улсад хүлээн зөвшөөрүүллээ. Туулийн гол баатар Манасыг X зууны үед буюу Чингис хаанаас ч өмнө амьдарч байсан мэт болгож туулийн үйл явдал өрнөдөг цаг хугацааг урагшлуулсан. Киргизийн ард түмэн, төр засаг энэ туулиараа түүхээ урагшлуулснаас гадна Бишкекийн олон улсын нисэх буудлыг Манасын нэрэмжит болгосон. Манай монголчуудад “Гэсэр”, “Жангар”-аас гадна “Эрийн сайн Хан Харангуй”, “Алтайн магтаал”, “Бум-Эрдэнэ хаан” зэрэг нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль цөөнгүй байдаг. Гэхдээ бид бусдыг шүүмжлэх нь зохисгүй болов уу. Харин тэднээс жишээ авах нь зүйтэй. Саяхан Киргизстанд нүүдэлчдийн их наадам зохион байгуулж, соёлоо сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалаар орлого олж байна. Монголчуудад тийм хэмжээний соёлын наадам зохион байгуулах боломж бий.

    -Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев “Чингис хааныг өөрийн хаан гэж өмчлөх хэрэггүй” гэсэн. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

    -Дэлхийд тархсан олон зүйл Монголоос дэлгэрсэн. Манай өвөг дээдэс дэлхийн дайдыг эзэлж, 50 үндэстэнг нэгтгэсэн их гүрэн байгуулж ахуйд монголчууд шиг хүчтэй угсаатан байгаагүй. Өнөөгийн Казахстан, Орос, Хятад улс бүрэлдэх эхлэлийг Монголын эзэнт гүрэн тавьсан юм шүү. Бат хаан тархай байсан Оросын вангуудыг нэгтгэж, улс байгуулсан гавьяатай. Хаант Оросын үеийн алдартай сэхээтэн, язгууртан дунд татар, монгол гаралтай олон хүн байсан. Тухайлбал, нэртэй язгууртан Шереметев Ширэмт, зохиолч Тургенев Түргэн, яруу найрагч Ахматова Ахмад гэсэн татар овгоос гаралтай. Казах буюу Хасагийн нүүдэлчдийг монголчууд л нэгтгэсэн. Цагаадай хааны үр хойчис, монгол удмынхан Казахстанд одоо ч амьдарч байна. Тиймээс тэд Чингис хааныг өөрийн эзэн хаанаа гэж үзэх үндэслэлтэй юм. Харамсалтай нь бид тийм хүчтэй байсан атлаа одоо учраа олохоо байсан улс болжээ.

    -“Хальж гарсан” Халимагийн ард түмэн нүүдэлчин ахуйгаа хэр хадгалж үлдсэн бэ?

    -Бид Монгол нутгаа “Алтан өлгий”, монгол хэлээ “аав, ээжийн хэлэн” гэж тахин шүтэж ирсэн. Тиймээс үр хүүхдэдээ “Аав, ээжийн хэлээ марталгүй, Алтан өлгийгөө санаж явтан” гэж захидаг. Халимагууд монгол хүнтэй уулзахаараа ах дүүтэйгээ уулзсан мэт баярладаг. Манай халимагууд Монгол нутгаа сүслэн залбирдаг юм. Би Монгол Улсад ирээд буцахдаа энерги авдаг. Халимагт таван хошуу мал байдаг ч нүүдэллэн амьдрах газар алга. Оноож өгсөн газартаа л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

    -Шашин угсаа гарвал ондоо ард түмнүүдийн дунд 400 жил амьдрсан халимагууд Монголоороо үлдэнэ гэдэг хэцүү байсан биз. Үндэс угсаагаа авч үлдэх зүрх, зоригийг халимагийн ард түмэнд юу өгсөн бэ?

    -Монгол ёс заншил агуу юм. Халимагууд исламын шашинт стан орнууд, үнэн алдартны орос зон олны дунд хэл, үндэс угсаагаа хадгалан үлдсэн нь туулийн гавьяа их. Зарим хүн буддын шашны гавьяа гэж ярьдаг. Халимагууд Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш туулиа хайлаад, бийгээ биелээд бид монгол хүн гэдэг зүрхээр амьдарч ирсэн. Тиймээс угсаатан үүсч, мөхөлгүй оршин тогтноход шашин төдийлөн үүрэг гүйцэтгэдэггүй. Мөнх хааны үед олон шашны удирдагчид Хархорум руу элч төлөөлөгчөө илгээн Монголын хааны тааллыг хүлээж, дэлхийг захирсан эзэнт гүрний төрийн шашин болохыг хүсч байсан. Тэр бүрт Мөнх хаан “Бид өөрийн тэнгэртэй. Бидний тэнгэр манай улсыг ивээж байдаг” гэсэн хариулт өгч байсан түүхийг одоо мартах ёсгүй. Монголчууд бид хөх тэнгэр дээвэртэй хөхрөгчийн ариун сүм болсон тэнгэр шүтлэгтэй ард түмэн. Одоо янз бүрийн шашны урсгал Монголд дэлгэрч байгаа нь тоогүй. Аливаа хэргийг хөх тэнгэр гэж уулга алддаг ард түмэн Монголоос өөр байхгүй. Монгол ёс дэлхийг удирддаг заяатай гэж би боддог. Тиймээс монголчууд түүх, соёлоо дөрөөлөн босох хэрэгтэй. Гадна, дотнох хулгайч нар нь нийлж газраа ухаж томроод, ард түмэн нь улам ядуураад байдаг. Ингэж болохгүй. Заяагаар бий болсон ёс заншил, соёлын өв, жишээ нь туулиа гадагш нь сурталчлах боломж Монголд бий.

    -Аливаа угсаатан цаашлаад улс оршин тогтнохын баталгаа нь хэл соёлын дархлаа. Гэтэл Монголын соёл өдөр бүр гаднын халдлагад өртөж буй нь харамсалтай. Гаднын улс орнууд соёлын дархлаагаа батлан хамгаалах салбараас илүү чухалчилдаг. Хэл соёлоо хамгаална гэдэг ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлана уу?

    -Соёлоо төдийгүй улс орноо мөхөөхгүй авч явахад ард түмэндээ хайртай, сэтгэлтэй улстөрчид хэрэгтэй. “Сэтгэлгүй хүнийг арваны толгойд бүү тавь”, “Сэтгэлийг нь хураавал бие нь хаа холдох вэ” гэж Чингис хаан сургасан байдаг. Би бодохдоо түүх, соёл, ёс заншил, Чингис хааны сургаалаасаа эшилж, монголчууд сэрж босох цаг болжээ. Аливаа нэг изм, ардчилал, социализм, коммунизм биш Чингис хааны баримталж байсан уугуул Монгол сургаалыг үзэл суртлаа болгох хэрэгтэй. Монгол Улс ард түмнээ аравт, зуутад хувааж, эвээ нэгтгэж, бэхлэх нь чухал. Үүнийг айхавтар улстөржүүлэлгүй овог угсаа, ах дүүгийн хүрээнд хэрэгжүүлж болно. Нэг удмын арван айл нийлээд аравт болно. Тэд шалгарсан чадварлаг, тэгэхдээ сэтгэлтэй нэгийгээ аравтын дарга болгож, арван аравт хурж зуутаа зохион байгуулж, зуутын даргаа тавина. Мянгат, түмт болсноор түмтээс Их, хурлын гишүүнээ сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрсөн хүмүүсээ сонгож буй хэрэг. Энэ бол Цагаанзамын зохиосон зүйл биш. Чингис хааны хэрэгжүүлсэн бас захиас юм. Ард түмэндээ хайртай эзэн оффшор данс нээхгүй. Эзэн хүн сэтгэлтэй байх нь чухал. Баруун монголчуудын хамгийн айхтар хараал болох “Эзээн залги” буюу эзнээ, тэргүүнээ, толгойгоо залги гэх үг “Жангар” туульд бий. Соёл, түүхийн чиглэлд их зүйл хийх хэрэгтэй. Тэгж байж Монголын ард түмэн улам агуу болно.

    -Таны дуулсан “Ээж минь” дууг сонсоход цаанаа л нэг халимагуудын зовлон шаналлыг хүүрнэх шиг санагддаг?

    -Би дуучин хүн биш. Ард түмэндээ санаа зовж, замаа битгий гээгээрэй гэсэн сэтгэлээр энэ дууг дуулсан. “Ээж минь” бол Халимагийн ардын дуу. Хүнд ядрах, зовох үе байна. Тийм л хэцүү үед ээжээ дурсан “Ээж минь” дууг дуулсан юм. Халимагийн ард түмэн II Екатерина хатан хааны үеэс асар их зовлон амссан. Энэ зовлон Увш хаан манжуудад хууртан Ижил мөрнөөс уугуул нутгаа зорьсон их нүүдлээр эхлэлтэй. Увш хаан залуу хүн тул гэнэ алдсан байх. Мөн түүнийг тойрон хүрээлсэн лам нар “Бар жилийн бар сарын бар өдөр нүүх хэрэгтэй” гэж хүйтэн өвлөөр нүүдэл эхлүүлсэн. Энэ нүүдлийн хөлд 110 мянган хүн амь үрэгдэж, 60 мянган хүн эсэн мэнд үлдсэнийг нь Манжийн хаан Шинжаньд нутаг зааж суулгасан. И.Сталины үед халимагуудыг Сибирь, Уралд цөлж, ямар ч гэм зэмгүй атлаа хүний ёсноос гадуур харгис дарангуйлалд өртсөн. Эх орны дайн ид болж байхад халимаг цэргүүд эх орноосоо урвалаа хэмээн зохиомол ял тулган үй олон халимаг дайчдыг буудан хороосон. Ар талд үлдсэн идэр эрчүүдийг нь толгой дараалан цэрэгт дайчилж, хүүхэд, хөгшдийг алс зэлүүд нутагт цөлж, төрж өссөн нутгаас нь Дотоод яамны зандалчдын хүчээр хөөж нүүлгэсэн юм. Түүний уршгаар Халимагийн ард түмэн ямар ч гэм зэмгүй хэрнээ асар их зовлон амссан. Манай нутгийн өвгөд, хөгшид цөллөгийн аймшигт он жилүүдийг зүрх шимшрэн нулимс унаган байж дурсахыг сонсоход сэтгэл өвдөх шиг болдог юм.

    Х.Эрдэнэзаяа
    Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • Монголчууд амиа бодох их муухай гэж ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог

    Зөвхөн би л бүгдийг хийх ёстой.Миний урдуур хэн ч хөндөлсөх ёсгүй.Би чадахгүй ч гэсэн тэрнээс илүү хийж чадна.Хэрэв тэр түрүүлж хийх л юм бол би үхэх гээд байна гэх зэргээр өөрийгөө хорсолд хөтөлдөг унаган чанарууд монгол хүн болгонд нэвт шингэсэн.Энэ зан чанар нь аливаа зүйлийг хийхэд саад болж, нийгэмд хамтран амьдрах чадваргүй болгож байгаа юм.Нэгнийгээ бүх зүйлд дэмжин уриалж байгаа хүн алга.Учир нь хүн болгон “баатар” болох гэсэн үзэлдээ дийлдсээр байгаа болохоор тамын тогоо шиг юу ч хийсэн бүтдэггүй.Би, би гэсэн үзэл монголчууд бидний хамгийн том саад тотгор болоод байна.Хамтаараа бусдын төлөө гэсэн сэтгэл бидэнд алга.Энгийн жишээ хэлэхэд машин гүйцэж түрүүлэх оролдлого хийхэд хурдаа нэмдэг асуудал авто зам дээр ажиглагддаг.Өөрийн нутгийн бөх түрүүлээгүй бол тэр наадам, наадам биш гэх үзэл бөх сонирхогчдын дунд байсаар байна.Ер нь энэ талцал би гэсэн үзлээс эхлээд дош, баг, сум, овог, аймаг гэсэн хэлбэр лүү орсон.2016 оны олимпод Хөдөлмөрийн баатар Д.Сумьяаг давсан Бразилын бөх Силваг монголчууд тэр чигээрээ хараасан.Бүр тив алгасаж хэрүүл хийж, харааж зүхсэн дээ.Энд юу ажиглагдаж байна гэхээр зөвхөн би гэх үзэл монголчууд бидэнд хэзээнээсээ байжээ.Энэ бол нийгмийн дунд ажиглагдаж байгаа үзэл суртал юм.Улс төр, бизнесийн хүрээнд бол томоохон шийдэл, үйл ажиллагаанууд явц дундаа үргэлж унадаг.Аливаа улс төрийн томоохон төслүүдийг манай бизнесийн болон улс төрийн бүлэг фракцууд л өөрсдийнхөө ашиг сонирхлыг оруулахын тулд л бүх юмыг гацааж байдаг.Магадгүй геополитикийн болоод хөрш улсуудын ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй ч байнга нөлөөлөөд байх нь юу л бол.
    -Аливаа улсын хөгжлийг харъя гэвэл ард түмнийг нь ажигла гэж нийгэм судлаач, эрдэмтэд их ярьдаг.Хотынхоо төв гудманд шүлсээ хаях, олон нийтийн газар тамхи татах…гэх мэт олон саар жишээг дурдаж болохоор.Энэ бүх зүйл монгол хүний ямар зан чанартай холбоотой юм бэ?
    -Манайхан нус шүлсээ баруун солгойгүй хаяж, тамхины ишээ газар шидэж, ланд 200-ийн цонхоор хэрэглэсэн салфеткаа хаях нь энүүхэнд.Манайх уул нь тамхины хуультай.Тэгэхдээ тэр хуулийг нь хуулийнх нь ч өөрсдөө хэрэгжүүлдэгүй шүү дээ.Хуулийг санаачилсан хүн нь өөрөө тамхи яаж татдагийг үзүүлсэн.Шүлсээ хаях бол хөгшин залуугүй үзүүлж өгнө.Бүр техниктэй нусаа нийдэг гээд л нэг залуу шоглоом болгож ярина лээ.Энэ бүгд чинь л өөрийгөө бодох зан чанартай шууд холбоотой.Миний гудамж биш, манай нойл биш.Надад ямар хамаатай юм гэсэн монголчуудын тархинд гүн шигдсэн сэтгэлгээ л яваад байна.Өөрийгөө бодох зан нь авто зам дээр л их илүү харагддаг юм даа.Эгнээгээ барьж явж чадахгүй урдуур дайрах, болих дахиад дайрах зэргээр нервтүүлж яг ганцаараа явж байгаа юм шиг л аашилна.Их уучилна.Их уурлана.Харин авто зам дээр миний өөрийгөө бодох түвшин арай бага юм шиг санагддаг.Бүх хүнийг өөрийнхөө хамаатан мэт санаж, ах шигээ хүндэлж урдуураа оруулна, гаргана.Ингэх нь надад стрессгүй амар.Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье.Шведийн Төв банкан дахь эдийн засгийн салбарын Нобелийн хороо 2017 оны шагналын эзнээр Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлер тодорсныг зарласан.Ингэхдээ түүний “Сэтгэл судлалын эдийн засаг”-т оруулсан хувь нэмрийг үнэлж, тус шагналыг олгож буйгаа хэлсэн юм.Ричард Тейлер нь сэтгэл судлалын эдийн засгийн анхдагчдын нэг бөгөөд орчин үед энэ чиглэлийн судалгаа эрчимтэй хөгжих болсны гол шалтгаан, түлхүүр нь.Түүний чиглүүлэх эдийн засгийн энгийн жишээг би хэлье.Босоо нойлруу бие засаж буй эрэгтэйчүүдийн шээс их цацардаг тул цацрахгүй урсах тэр хэсэгт ялаа зурж.Тэгтэл юу болсон гээч, шээс цацрахаа больж цэвэрлэгээний зардал, хөдөлмөр маш ихээр хэмнэгдсэн байна.Учир нь ялааг онож шээхийн тулд эрчүүд цацруулахгүй шээдэг болж л дээ.Их дүрсгүй шинжтэй.Энэ бол хүний хөдөлмөрийг үнэлдэггүй хүмүүсийг чиглүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм.Хүний нийгэмд араатан ч бий амьтад ч бий.Тэр хүн болгоныг хянах боломжгүй учир эдийн засгийн аргаар чиглүүлэн тохируулах ухаан хэрэгтэй гэсэн үг л дээ.Ер нь ардчилсан нийгэмд эрх тэгш амьдрах гол нөхцөл нь буруу шийдвэр гаргадаг төр засагт хариуцлага тооцож чаддаг ард түмэн, ард түмний хяналтанд дор зөв үйл ажиллагаа явуулдаг төр хоёрын нарийн мэдрэмжтэй харилцаа юм.Нэг талаас Монголын нийгэм ард түмний мэдлэг, ойлголтын түвшинг л дээшлэхийг хүлээгээд байгаа шүү.Хэн нэгэн бүлэг фракцыг дагаад шуураад байдаггүй зөвхөн үндэсний эрх ашгаа урдаа барьсан ард түмэн хөгжилд хүрдэг.Тэгсэн цагт бид төрөөс хариуцлага нэхэж чаддаг болох юм байна.Тэгсэн цагт бид энэ чөлөөт нийгэмд хамтран амьдрах чадвартай болно.Тэр хүртэл нутгархах, овгорхох үзлээс салж чадахгүй л байхаа даа.Нийгэмд амин хувиа бус бие биеэ бодох ухамсар тогтсон цагт хөгжлийн талаар, баялгийн дахин хуваарилалтын талаар ярьж хэрэгжүүлэх байх.
    -Дэлхий дээр монголчууд л ганцхан аминчхан үзэлтэй биш байх.Бусад орны хүмүүс ер нь ямар үзэл бодолтой байдаг бол?
    -Амиа бодохуй нь улс, үндэстнүүдийн хувьд өөр өөр байна.Япон болон өрнөдийн орны иргэд их амиа бодсон байдаг.Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй.Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.Гэхдээ л Япон улс өнөөдөр хамгийн хөгжилтэй орнуудын тоонд орж байна.Бусад орнууд ч адил.2012 онд Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан.Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа.Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм.Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлаж.Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлсэн байна л даа.Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй.“Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй.Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй.Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог.Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна.Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ. Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн өөдгүйгээр амиа боддог.Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө.Зогсоол дээр дүрмээр тавьсан машины өмнө машинаа тавьж хүний цаг завыг үрнэ.Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно.Энэ мэт жишээ даан ч олон, ярьж барагдахгүй.Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.
    Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү… түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ”, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд.Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой.Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй. Тэгэхээр өөрийгөө бодсондоо бусдыг яахаас ч буцдаггүй, бусдыг ямагт гутлын алчуур болгодог, өөрөөсөө бусдыг хүн гэж боддоггүй, хамгийн арчаагүй, муухайгаар өөрийгөө боддог хүмүүс л “би амиа боддог” гэж хэлэхээс айдаг бололтой. Үндэсний баялгийн 90 хувь нь олигархиуд буюу хүн амын 2 хувьд нь төвлөрч байхад юуных нь ардчилал, тэгш хуваарилалт байхав дээ.Нийгмийн тэмцэл явж явж хүмүүсийн ёс суртахуун дээр тулаад гацаад байгаа гэж ойлгодог.Тэр нь үндэсний эрх ашиг, хувийн эрх ашгаа ялгаж салгаж чадах ухамсар, үйлдэл хэр вэ?гэсэнтэй утга нэг л дээ. Баялагийг тэгш хуваарилах нь нйигмээсээ шалтгаалах гээд байгаа ч юм шиг.Хууль журмаа мэдэхгүй, хамтран амьдрах чадваргүй, эрх чөлөөг дураараа загнах гэж ойлгодог хүмүүст мөнгө өгөөд хэрэггүй л дээ.Архи уугаад, авгай хүүхэн эргүүлээд, хөөрөг бариад, хурдан морь хөөгөөд жинхэнэ амралтын байдалтай амьдарна шүү дээ.Гэвч нийгмийн хөгжил хувь хүний хөдөлмөрөөр хэмжигдэж байна.Аль ч улсын хүн ам арай илүү хөдөлмөрлөж, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн, мэдлэг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна тэр улс орон илүү хөгжингүй байна.
    -Монголчуудын амиа бодох үзэл нүүдэлчин ахуйтай холбоотой юу?
    -13 дугаар зуунд овог аймгуудын талцал, тэмцэл дээд цэгтээ хүрээд байхад Тэмүүжин нэгтгэж зангидсан. Нэг удирдлагад орсон Монгол Улс ямар хурдан хүчирхэг болдгийг түүх бидэнд харуулсан.Одоо харин ард түмний дунд Чингис хаан шиг хүчирхэг удирдагчийг төрүүлэх хүлээлт байсаар байна.Ардчилсан засаглалтай улс оронд Чингис хаан шиг удирдагч гарч ирэх боломжгүй юм л даа.Нөгөө талаас Монголчуудын нэгдэж нягтарч чаддаггүй үзэл нь нүүдлийн соёлтой шууд хамааралтай.100 жилийн өмнөөс л хот сууринд төвлөрөн хамтран амьдрах байдал эхэлсэн.2000 онд авто замын түгжрэл байхгүй байхад тайван л амьдарч байлаа.Одоо авто зам дээрх осол, аваар, эд хөрөнгө, хүний амь насны хохирол ямар их болоо вэ.Бидэнд хамтран амьдрах чадвар дутагдаж байна.Гарцаар гарах, хурдаа барих, гэрлэн дохионд захирагдах чадвар, чадамж байхгүй л байхгүй юу.Хүн болгон өөрийн дүрмээр машин барьж байгаа болохоор үргэлж зөрчил үүсч байна л даа.2010 оноос хойш сошиал ертөнцөд хүмүүс амьдарч эхэлсэн гэж хэлж болно.Одоо энэ сошиалын солиоролд нийтээрээ орсон байх.Ажилд хийдэг хүн алга боллоо.Бүгд фэйсбүүк, твиттерийн ажилтан болсон.Сошиалийн зөрчил, тэмцэл хэрээс хэтэрлээ, үүнээс шалтгаалсан гэмт хэргийн тоо улам бүр нэмэгдсээр байна.Энэ юу хэлээд байна вэ гэхлээр бид нийгэмд зөв, зөрчилгүй, хамтран амьдрах соёлд суралцаагүйг л илэрхийлээд байх шиг.
    -Та нийгэм судлаач хүн.Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?
    -Өнөөгийн бидний нийгэм худал, хуурмагаар дүүрэн байна.Нэг үе идэвхжсэн иргэдийн хөдөлгөөний зохицуулагч нар ард түмний нэрийг барьж яваад карьераа өсөөд ирэхээр нь хэрэглэж дууссан гэсэн шиг тэнд чин сэтгэлээсээ зүтгэж байсан хүмүүсээ хаяад нам улс төрлүү шургалж аль нэг фракц бүлэгт орсон.Үр дүн нь энэ.Өнөөдөр хэн үнэн яриад хэн худлаа ярьж байгааг ард түмэн ялгахаа больсон.Одоо хэн нь ард түмний нэрийг барьж карьераа өсгөж байгаад аль нэг хүчтэй гэх бүлэг фракцид шингэж худлаа үнэн бодлого ярьж суух бол.Тэр иргэний хөдөлгөөний удирдлагууд бүгд өөрсдийнхөө төлөө явсан.Нийтийн төлөө гэж дуугардаг болохоос цаанаа өөрийнхөө карьерт л үр дүнг шингээсэн л байхгүй юу.Ямар ард түмэн байна тийм төр байна гэж цэцэрхэх боллоо.Өөрөөр хэлбэл та нар тэнэг болохоор ийм төртэй байгаа юм хохь чинь хар малнуудаа гэж байна.Ард түмэнд сонголтгүй сонголт тулгачаад та нар сонгосон гэнэ.Тэр намын даргын чинь 60 тэрбумын авилгаар бүрэлдсэн танхим шүү.Монголын ард түмнээр нэр дэвшигчдийг сонгуулсан бол жинхэнэ эх орноо гэсэн чин сэтгэлтэй, боловсролтой, өнгө мөнгөний шуналгүй шилдгүүдээс түүвэрлэх байлаа.Одоо хар та нар эх орноо. Өвөл нь утаанд угаартсан, зун нь бөгснийхөө баасыг дутуу арчсан хүүхэд шиг үмхий ханхалсан, төрийн сүлдээ турсиктэйгээ хольсон ихэнхдээ бөгснөөс доогуур зүйл ярьж, өрнөөс өрний хооронд, засгаас засгийн хооронд, шийдэж чаддаг асуудал байхгүй, талцал, хэрүүл, хорон дунд учраа олохгүй явна. Үндсэн хуулиа өөрчлөнө.Эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлнэ гэнэ.Эвлэрч нэгдэж ажиллаж чадахгүй болохоор эрх мэдлийг төвлөрүүлж нэг нэгэндээ ташуур өгөхийн байх.Цаазаар авна.Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно.Тэгээд бүгд ок болно гэсэн.Одоо энэ талцалаа зогсоож жинхэнэ ажлаа эхлэх хэрэгтэй.Асуудлын гол нь эдийн засагт байгаа.Эдийн засгийг сэргээх гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил.Тэднийгээ бүх талаар дэмжих ажил бидний гол анхаарлын төвд байх ёстой.Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, экспортыг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, хадгаламжийн хүүгээс татвар авах зэргээр ажлаа эрчимжүүлье.Уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бүтээе.Үйлдвэр эрхлэгчдэд зээлийг нь олгоё, эрүүл ахуйг хангахад нь тусалъя, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхэд нь зуучилья.Ердөө л энэ шүү дээ.Ард түмэнд таалагдах гэж халамжийн бодлого, инфляци ярьж муйхарлахаа больё.Хувийн хэвшлийг тултал нь дэмж.Дараа нь хөгжлийн тухайгаа ярьж том төслүүдээ хөдөлгө.Хөгжлийг их олон зүйлээр ойлгож болно.Хамгийн эхэнд байгаль эхийн тэнцвэр дараа нь хүний эрх, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, иргэдийн ухамсар боловсрол гээд маш олон хүчин зүйл байгаа байх.Одоо шүүмжилж, хэрэлдэж, талцаж, нутгархаж, амин хувиа хичээж ханалаа.Хийцгээе.
    -Монголчууд аминчхан үзлээсээ салахын тулд яах ёстой вэ?
    -Мөнхийн эрх ашиг хүн болгонд байдаг.Үүнийг хэн бүхэн мэднэ.Барьцаанд орсон, хэт шунасан, хувийн мөнгөний эрх ашгаа бусдаас дээгүүр тавьсан энэ бүх зүйл бидний амьдралд байх ч болно, байсаар ч байна.Амиа хичээх үзлийг зөв талаас ойлгох аргагүй юм л даа.Монголчууд бид ирээдүй болсон үр хүүхдүүддээ амьсгалах агаарчгүй, уух усчгүй, бохирдсон хөрс, ухаж төнгөчсөн газар шороо, удирдлагагүй төр, хар тамхи, бузар булхай болсон нийгмийг хүлээлгэн өгөх гээд байна.Тиймээс бие биенээ дэмж, хамтран ажилла, эхнээс нь эхлээд дуусах хүртэл нь хамтын ажлаа ярилц, ойлголц, үр дүнг нь тооцоол, эрх ашгаа зөвшилц, эцсийг нь үз гэж хэлмээр байна.Монголчууд бидэнд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол эвлэрэл, нэгдэл, хамтын ажиллагаа юм.Бидэнд баялаг байна, мэдлэг байна, байгалиас өгөгдсөн бие бялдрын чадавх байна.Үүнийгээ л ашигла.Монголчууд талцал, хуваагдал, жагсаал цуглаанаар асуудлыг шийдэхгүй.Эвлэрэл, тэвчээр, хөдөлмөр, тууштай сэтгэлээр хандаж хамтдаа зүтгэвэл бүх зүйл их амархан өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.Тэгэхийн тулд би гэсэн үзлээ орхиж, бид гэсэн үзэлтэй болох учиртай.

  • №18. Ил хант улс

    Ил хант улсын нийслэл нь Тебриз хотод байсан боловч XIV зууны эхээр Иракийн Султани хотод шилжжээ. Ил хаадын дотроос хамгийн их нэрд гарсан нь тус улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү /1256-1265/, Хүлэгү ханы ууган хүү Абага /1265-1282/, Абага ханы хүү Аргун /1284-1291/, Аргун ханы хүү Гайхат /1291-1295/, Газан /1295-1304/, Өлзийт /1304-1316/, Абусанд /1316-1335/, Шейх Хасан Кучук /1335-1343/ нар болно.
    Мөнх хаан Хүлэгүд даалгавар өгөхдөө “Их, бага аливаа хэрэгт Чингисийн хууль, ёс заншлыг дагах хэрэгтэй. Амутын Жейхунаас алс холын Мисир орон хүртэл нутгийнханд миний тушаал зарлигийг дагасан хүмүүст аврал энэрэл үзүүлж, элдэв бэлэг сэлт арвинаар өгч бай. Хэн сөрөн толгой өндийлгөнө түүнийг эхнэр хүүхэд, төрөл төрөгсдийнх нь хамтаар хүчирхийлэн устгаж, Кукистан Харасаны цайз хэрмийг эвдэн зэлүүд цөл болгон хувирга. Хэзээ ч, хаана ч сонор соргог, ухаалаг хэрсүү яв. Ард олноо дааж давшгүй алба гувчуураар даралгүй, амар амгалан аж төрөхөд нь туслаж бай. Аль ч тохиолдолд эхнэр Догуз хатантайгаа зөвлөж хэлэлцэж бай. Энэ бүх чухал хэргийг гүйцэлдүүлсэн цагтаа төрөлх нутагтаа эргэж ирээрэй”1 гэжээ. 1 Рашид-ад-дин. Джами ад таварах. 33-р боть. Баку. 1957.22-р тал.
    Газан ханы засаглалын үед Ил хант улсын нутаг дэвсгэр ихэд өргөжин тэлж, бүх Иран, өнөөгийн Афганистан, Азербайджан, Иракийг Багдадын хамт, Курдистан, дээд Месопотам, Бага Азийг хамарч байлаа. Тэрчлэн ойр зэргэлдээ орнууд болох Сельджук, Грузин, Трапезүндек, Армен, Кипрээс алба татвар авч байжээ. Мөн Сири, Палестиныг удаа дараа довтолж, Египетийн Мамлюктай байлдаж байжээ.
    Ил хаад шинжлэх ухаан, эрдэмтдийг тэтгэх талаар их нэрд гарсан байна. Хүлэгү хан өөрийн зөвлөх нэрт гүн ухаантан, одон орон судлаач Насир ад-Дин ат-Гүш /1201-1274/-д Табризийн хойт талд Азербайджаны Марагхад одон орон судлалын төв байгуулах ажлыг даалгажээ. Тус төвийг тэр үед байсан хамгийн дээд зэргийн багажаар төхөөрөмжилсөн бөгөөд номын сан нь 400 000 номтой байсан гэдэг.1 Тэнд Испанийн алдарт одон орон судлаач Яхья ибн Мухаммад ибн Абул-Шукр ал-Магхриби ал-Андалуси ажиллаж байсан ажээ.2
    Эрдэм мэдлэгийн бусад салбарууд дотроос түүх, анагаах ухаан эрчимтэй хөгжиж байжээ.
    1 V.Minorsky.Encyclopaedia of islam. Vol.3 1930 p.261, 2 J.Needham. Science and Civiiization of China. Vol i. Cambridge University Press. 1977 p.141
    Ил хаадын гадаад улс төрийн бодлогод Сири, Палестинийг байлдан дагуулах зорилго оршсоор байв. Энэхүү зорилгоо биелүүлэхэд Египет улс дунд нь хөндөлдөж байсан учир түүнтэй Ил хаад удаа дараа дайтаж байжээ. Энэ үед Ил хаад Христосын шашныг ивээлдээ авч, Христосын ертөнцтэй өргөн их харилцаатай байсан юм.
    Хүлэгү хан Сирийг байлдахдаа, Хит бөх хэмээх Христосын шашинтай хүнээр цэргээ толгойлуулж байсан нь Христосынхноос дэмжлэг авах бодолтой байсны илрэл юм.
    1260 онд Айн-Жамут, 1277 онд Аль-Бастанд Египедийнхэнтэй хийсэн тулалдаанд монгол цэрэг ялагдаж Сирээс шахагдаж гарсан байна. Газан хан хэдийгээр лалын шашинд орсон боловч Сирийг эзлэх зорилго тавьж, Гүрж, Арменийн цэргийн тусламжтайгаар Сирийг эзлэн аваад, 1303 онд дахин ялагдал хүлээжээ.

  • №17. Монгол гүрэн бие даасан улсууд болон задарсан нь

    Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс оршиж байсан гэдэг. Сүн улс нь Шар мөрөн, Хөх мөрөн хоёрын хооронд урсах Хуашуй голын өмнө этгээдэд нутаглаж байжээ. Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс оршиж түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.
    Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
    Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
    Монголын эзэнт гүрэн байгуулагдсан эхэн үедээ нэгдэл нягтралтай, нэгэн удирдлагатай байсан боловч аажмаар бие даасан улсууд болж задарсан байна. Чингис хаан 1206 онд зохион байгуулсан Их Хурилдайгаар Монголын бүх овог аймгуудыг үр хүүхэд, ойр төрлийн хүмүүс болон шадар анд нөхөддөө хувиарлан хувь болгон өгсөн нь Монголын овог аймгийн хуучин тогтолцоог эвдэн Монголын Эзэнт Гүрний шинэ тогтолцооны эхлэлийг тавьсан хэрэг болно.Энэ шинэ тогтолцоонд Чингис хааны өөрийнх нь овог болох Боржигин овог ноёлох байр суурь эзлэх боллоо.
    Чингис хаан дөрвөн хүүдээ эзэмшил нутаг олгохдоо ахмад хүү Зүчидээ Арал тэнгисээс баруун тийш Каспийн тэнгисийн умар зүгийн нутгийг, хоёрдугаар хүү Цагаадайдаа Алтайн нуруунаас баруун тийш Амур мөрөн хүртэл буюу Тэнгэр уулын ар өвөр, хуучин баруун Лао улсын нутгийг, гуравдугаар хүү Өгэдэйдээ хуучин найман аймгийн эзэмшил нутаг буюу Элба мөрний дээд урсгалаас баруун тийш Балхаш нуурын зүүн талын нутгийг тус тус хуваан өгчээ.
    Өгэдэй хааныг нас барснаас хойш тав зургаан жил хааны ширээ эзгүйрч Монголын төрийн ордны эрх суларсан билээ. Хэдий тийм боловч Мөнх хаан нас барсан 1259 оныг хүртэл Монгол орон Эзэнт Гүрний төв нь болсоор байлаа.
    1261 онд хаан ширээнд суусан их хаан Хубилай Хятадад Монголын Юан гүрнийг байгуулжээ. Юан гүрэн байгуулагдсан нь эзэнт гүрний дотор нэгдэл нягтрал буй болгосонгүй, харин ч хямралд оруулсан байна. Тулуйн хүү Хүлэгү 1253-1254 оныг хүртэл баруун тийш аян дайн хийж Иран, Багдад, Араб зэргийг байлдан дагуулж, Ил хант улсыг байгуулжээ. Зүчийн хүү Бат 1235-1241 оныг хүртэл баруун зүг Кипчак нутгийг эзлэн, улмаар Орост довтлож, Польш, Мажар /Унгар/-ыг эзлэн, Алтан Ордоны улсыг байгуулжээ. Дундад Азид Цагаадайн хант улс байгуулагдсан байлаа. XIV зууны эхэн үеийг хүртэл Монголын эзэнт гүрэн нэгдмэл байдлыг үе үе сэргээн хадгалж чадсан боловч цаашдаа бие даасан улсууд болон задарсан байна.
    Ази, Еюропын ихэнхийг эзэлсэн Монгол гүрэн ийнхүү тус тусын өвөрмөц онцлог бүхий хэд хэдэн улс болж хуваагдсан билээ. Тэгэхдээ эдгээр улс орны эрхийг Монголын язгууртнууд барьж байсан юм.
    Манай түүхчид Монголын эзэнт гүрэн хэд хэдэн биеэ даасан улсууд болон сарнисан шалтгааныг эзэнт гүрний хэсгүүдийн дунд нийтлэг талуудаас гадна өвөрмөц ялгаа, үл нийцэх зүйл олон байсан бөгөөд тэр байдал нь эцсийн дүнд түүнийг задран бутрахад хүргэсэн гэж үздэг юм.1
    Монголын эзэнт гүрэн үнэхээр янз бүрийн улс орон, нийгэм эдийн засаг, соёлын хольцолдсон бүтэц байгууламжтай байсан юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний хил хязгаарт багтсан олон үндэстэн нь өөр өөрийн хэл, соёл, шашин шүтлэгтэй, аж байдал амьдрах ухаантай байсан бөгөөд нийгмийн хөгжлийн төвшин нь ч харилцан адилгүй байсан ажээ. Хэдий тийм боловч олон нийтлэг шинжийг агуулсан нэгэн бүхэл бүтэн биет зүйл болон удаан хугацааны туршид оршин тогтнож байсан билээ.
    Мөнх хаан эзэнт гүрний эрхийг барьж байх үедээ ч өөрөө өмнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг голчлон барьж, харин Бат ханд өрнө зүгийн улс орны цэрэг, засаг захиргааны эрхийг ихэвчлэн мэдүүлж байсан баримт “Судрын чуулган”-д байна. Ер нь Мөнх хааныг нас барснаар Алтан орлон, Цагаадайн хант улс, Хубилай хааныг таалал төгссөнөөр Ил хант улс тус тус биеэ даасан улс болж хувирсныг тэмдэглэх хэрэгтэй. 1 Sh.Bira.The Mongol Empire: Cultural Exchangec. The Khanats-Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио. 1994.42-р тал.

  • Монголчуудын бичиг үсэг

    Монголчууд шиг нэн эртнээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэглэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эхлээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га¬ралтай/ IХ-Х зуунд зохиогд-сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг¬ваандорж 1905 онд зохиосон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоолоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалагдаж байдаг ажээ.

  • Чингис хааны үед хэрэглэгдэж байсан зоос

    Энэхүү зоос нь МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зууны үед харъяалагдах ховор олдворуудын нэг юм. Хэлбэрийн хувьд дугуй ба нум хэлбэрийн тамгатай хавчууруудтай. Уг зоосыг
    Төрөл Зоос ба медаль
    Материал Мөнгө
    Хэмжилт диаметр 2.2 см.
    Хийсэн газар Монгол улс
    Цаг хугацаа МЭ 13-р зуун ~ МЭ 13-р зуунд
    Чиг үүрэг Арилжаанд ашиглах төлбөрийн хэрэгсэл болон захиалгын дагуу гүйлгээ хийдэг.
    2007 оны 12-р сарын 10-ны өдөр музейн цуглуулагч, судлаач Б.Нямаагаас 2007 оны Төрийн албаны гэрээний дагуу авсан. Одоогоор Монголын Төрийн түүхийн музейд хадгалагдаж буй.

  • Боржигон овогтын түшиг, авралт хатан Самар

    Нөхөр, хүү нараа амь үрэгдсэний дараа Самар хатан ач хүү Эсэнгээ ойрадын тайш болж, түүний садан төрөл болох алтан ургийн эрчүүдийг хараа хяналтандаа оруулсан харийнхнаас чөлөөлж, ойрад монгол овог аймгийг нэгггэхийн төлөөх тэдний тэмцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байв. Өвөг эцэг болон эцгийнхээ амь насаа зориулсан үйлсийг үргэлжлүүлэхээр шийдсэн Эсэн тайш богинохон хугацаанд монгол овог аймгуудыг өөрийн тугийн дор хялбархнаар нэгггэхдээ заримыг нь дайлаар мордон хураасан ч, ихэнхийг нь ухуулан сэнхрүүлж, хүчин хавсаргажээ. Ийнхүү монголчууд хүч хавсран нэгдсэнээр дайчин удирдагчийнхаа тугийн дор дахин дэлхийн хязгаарт хүрэхэд бэлэн болжээ. Монголчууд Эсэн тайшийн удирдлаганд дор лалын шашинт улсын хаан ба Мин улсын эзэн хааныг ялав. Гэвч Эсэн тайш эмэг эхийнхээ насан туршдаа тууштай зүтгэж ирсэн зорилгыг бүрэн дүүрэн гүйцэлдүүлж чадахгүй байсан нь, түүний цаашдын үйл хэрэгт ихээхэн саад тотгор болжээ.

    Самар хатан ач хүүгийнхээ явуулсан аян дайн, хоорондоо эвдрэлцэн тэмцэгч язгууртнуудыг төвшитгөсөн явдал, урьд цагийн боолуудын увайгүй араншинг номхотгон дарсныг үргэлж дэмжиж иржээ. Эсэн анх тайш болох үедээ ойрад, монголын ард түмнийг боржигон угсаатны захиргаан дор нэгтгэх Самар хатны хүслийг дагадаг байв. Үүний тулд хоёр овог аймгийн язгууртнуудыг ураглах нь зүйтэй гэж үзээд, Эсэн өөрийн дүү охиноо шинэ боржигон хаанд өгчээ. Түүний энэ санаа амжилттай хэрэгжиж, дүү нь хүү төрүүлжээ. Боржигон монгол эцэгтэй, чорос ойрад эхтэй бяцхан хүү төр барих хамгийн боломжтой хүн байсан боловч эцэг нь өөрийнхөө өөр нэгэн хүүг хаан угсаа залгамжлуулахаар шийдсэн нь улс төрийн бодлогын алдаа болжээ. Энэ учир шалтгааны үүднээс Эсэн тайш iix хааныг түлхэн унагааж, боржигон овогтны өөрийн хүнийг тоглоомын хаан болгон суулгав. Энэ удаад Эсэн охиноо өргөмжилж суулгасан шинэ хааны хүүд өгчээ.

    Гэвч тухайн үеийн учир битүүлэг нөхцөл байдлаас болж, түүний төлөвлөгөө нуран унасан тул Эсэн тайш эмэг эхийн садан төрөл болох боржигон овгийнхныг улам бүр үзэн ядах болов. Хэдийгээр Эсэн тайш тэднийг аврахын төлөө тэмцэж байсан ч, боржигоныхон түүнтэй нэгдэхээс удаа дараа татгалзаж, бүр түүнийг эсэргүүцэх болов. Үүнээс болж Эсэн тайш монголчуудад хааны угсааны гэр бүл байх хэрэггүй гэсэн дүгнэлтэнд хүрч, тэднийг бүгдийг устгахаар шийджээ. Түүний монгол ноёдын эсрэг явуулсан үйл ажиллагааны улмаас 1452 он гэхэд боржигон овгийн 44 язгууртан, 33 хэргэмтэн, тэдэнд үнэнч зүтгэж явсан 61 цэргийн жанжин амь насаа алдсан байдаг. Тэр тухайд боржигон угсааны Агваржин жононгийн хүү Харгуцаг Дүүрэн тайж өөрийн нөхөр Нагачутай зугган гараад, Цагадайн хаант улсад очин алагдахад, Нагачу харин амьд гарсан байна. Энэ үед Самар хатан өндөр настай болсон ч амьсгал хураахаасаа өмнө дахин нэг томоохон тулаан хийхээр бэлтгэж байв. Энэ удаа түүний дайсан нь өөрийнх нь төрсөн ач хүү байв. Тэрбээр эмээгийнхээ овог нэгт садан төрлийн бараг бүх эрчүүлийн амийг хөнөөж, боржигон овогтныг дахин хаан төр барих боломжгүй болтол доройтуулан сүйрүүлээд байв. Эмэг эх нь ач хүүгийнхээ эсрэг явуулсан тэрхүү тулаан бол боржигон овогтноос цор ганцаар үлдсэн нялх нярай хүүг аварч үлдэхийн төлөө тэмцэл байв. Үнэхээр ч Харгуцаг Дүүрэн тайжийн хатан Цэцэг нөхрөөсөө бие давхар үлджээ. Цэцэг бол Эсэн тайжийн охин байв. Эсэн тайж охиноо бие давхар үлдсэнийг мэдээд өөрийн бодлоо гүйцэлдүүлэхээр завдав. Энэ нь охин Цэцэгээс хүү төрвөл амийг нь егүүтгээд охиноо өөр хүнд богтлон өгөх явдал байв. Харин Самар түүнээс өрсөн гучинцар охиноо зугтаалган, эсэн мэнд хүүтээ төрүүлтэл олохооргүй газар нуужээ. Тэр үед Эсэн тайшийн охин нас бие залуу байсан ч эр нөхрөө алдаад удаагүй байсан бөгөөд нярайлах цаг нь ойртсоор байв. Хэрэв түүнээс төрөх хүүхэд хүү бол Самар хатны хувьд түүний боржигон овогтноос хаан ширээ залгамжлах сүүлчийн хүн болох найдлага төрүүлж байв. Самарын хувьд гучинцар болж мэндлэх тэр бяцхан хүү Чингис хааны хууль ёсны удам угсааны хүн төдийгүй, өөрийн өвөг эцэг болон эцгийнхээ залгамжлагч тул их хаанд өргөмжлөгдөх зүй ёсны эрхийг шууд өвлөх ёстой байв. Самар төрөх гэж буй хүүхдийн эх болох түүний гуч охин хоёрын хооронд хүний амьдралын бүхэл бүтэн дөрвөн үеийн зөрүү байсан ч, хоёулаа бага залуу насандаа өөрөөс нь бараг үл хамаарах улс төрийн бурангуй үйл явдлын эргүүлгэнд эр нөхрүүдээ алдаж бэлэвсэрснээрээ нэгэн ижил хувь тавилантай болсон байв. Тэд өөрсдийн амь нас, ахуй амьдралын төлөө бус харин улс үндэстнийхээ сайн сайхны төлөө амьдрах ёстой гэсэн үүрэг хариуцлагыг тухайн цаг үед амьдарч байсан өөр бусад хэн хүнээс ч илүүтэй бат чанд ойлгосон байв. Залуу эх амар тайван амаржсанд, хүү төржээ.

    Энэ үед нуудгай төрсөн боржигон хүүгийн ирээдүйг бэлгэдэн Баянмөнх гэдэг нэр хайрлажээ. Бяцхан хүү Баянмөнхийн өвөг эцэг охиноо ямар хүүхэдтэй болсныг яаралтай мэдэхээр эрлийн баг бүрдүүлэн явуулав. Тэр эрлийн хүмүүст тушаахдаа: “Хэрэв охин төрсөн бол үсийг нь самна, хүү төрсөн бол голыг нь самна” гэсэн маш тодорхой бөгөөд хатуу даалгавар өгч явуулжээ. Эрлийнхэн явсаар Цэцэгийн байгаа газрыг мэдэж олж очиход, залуу эх эдгээр хүмүүс ямар зорилготой байгааг сайн мэдэж байсан тул, тэднээс айсан дүр үзүүлэлгүй ажигч үгүйгээр хүүгийн өлгийг задлан, өвөр дээрээ аван, тэдний өөдөөс харуулан тосохдоо, хуруугаараа хүүгийнхээ өлгийний даавууг халхалж, төмсгийг нь салтаан доогуур арагш гатан, эрэгтэй хүүхэд гэж мэдэгдэхгүйгээр дарж шээлгэжээ. Эрлийн багийн ахлагч түүний хүүхдийг сайн харж авлаа хэмээн итгэхдээ, Эсэнд: “Охин байна” гэж дуулгажээ. Цэцэн хатны хүүг нэг нас хүрмэгц, Самар хатан илүү бат найдвартай хэмээн өөрийн ордондоо аваачжээ. Эсэн ч охиноо лахин богголжээ. Эмэг эхийнхээ нууц явуулгыг тааварлаж, хар авсан Эсэн тайш дахин магадлахаар шийдэв. Самар хатан ч түүнийг хуурахын тулд нэгэн зарцийн охинтой хамт байлгах болов. Ингээд хатан эх Самарын гэрт эрлийн багийн ахлагч хүүхдийн хүйсийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг батлан шалгахаар ирэхэд, хатны өргөөнд байсан нөгөө охин хүүхдийг үзүүлэхэд, Эсэн тайшид яахын аргагүй зээ охинтой болсон байна гэж хэлжээ.

    Гэвч эцсийн бүлэгт нууц задарч, болсон явдлыг шивэр авир ярилцах болжээ. Нэгэн удаа эрлийн хүмүүс бас л ирэв. Хатан нялх хүүгээ хөмөрсөн тогоон дотор нууж, дээр нь аргал асган аргалжээ. Эцэст нь эмэг эх, ач хүү хоёрын дайсагнал үнэн хэрэгтээ ил, цагаандаа тулав. Эсэн тайш хүүг өөр газар аваачихыг эсвэл эмэг эхдээ мэдэгдэлгүйгээр хулгайлахыг удаа дараа оролджээ. Гэвч гурван жилийн турш Самар хатан бяцхан хүүг ийнхүү нууж халхалсан бөгөөд цаашид удаан үргэлжлүүлэх боломжгүй болсныг ойлгожээ. Энэ үед Самар хатан ная гаруй наслаад байсан бөгөөд хөгшин хонины насгүй болсон тул нэг л өдөр мөнх бусыг үзэж, бяцхан хүүгээ гарцаагүй үхэлтэй нүүр тулган үлдээх болоод байв. Энэ үед Харгуцаг тайжийн анд нөхөр Нагачу ойрадад буцаж ирээд Эсэнтэй тайштай шууд уулзахаас зүрхшээж, түүний эмэг эх Самар хатантай уулзжээ. Самар хатан Нагачу баатарт хандан: “Та нарыг зугатааж явах үед Харгуцагийн эхнэр бөгөөд Эсэнгийн охин Цэцэг бие хүнд болоод 7 cap болсон. Эсэн түүнийг өөр эрд өгөх гэсэнд Харгуцаг тайжийг амьд байгаа цагт яасан ч өөр эрд гарахгүй гэсэн ч эцгээсээ зөрж чадалгүй ойрадын Орбай Хожигэрт мордсон. Одоо түүнээс нэг хөвгүүн төрсөн буй. Тэр бол Харгуцаг тайжийн үр юм” гэж нууцийг задалжээ. Нагачу баатар Цэцэг хатантай очиж уулзаад, Хархуцаг тайжийн түүнд дамжуулсан үгийг хэлж өгөөд, Самар хатнаар Эсэн тайштай уулзахыг гуйлгажээ. Самар хатан Эсэнтэй уулзаж: “Нагачу буцаж ирвэл чи уулзах уу” гэсэнд Эсэн, “Уулзахгүй” гэжээ. “Нагачу хэрэв Харгуцаг тайжийг алсан бол чи бас түүнийг алах уу” гэсэнд Эсэн тайш “Алахгүй” гэжээ. Ингэхэд нь Самар хатан Нагачуг Эсэн тайштай уулзуулж, Харгуцаг тайжийг Нагачу алсан гэж үнэмшүүлэхэд, Эсэн эмэг эхийнхээ үгэнд итгээд, Нагачуг өршөөн хэлтрүүлжээ.

    Самар хатан их хааны удмыг ирээдүйд залгах гурван настай жаахан хүүгээ өөрийн ач хүү Эсэнгийн захирдаг газраас оргуулан, үнэн сэтгэлт монголчуудын ивээлд өгөхөөр шийдсэн нь, түүний өөрийн овог угсаа улс үндэстнийхээ төлөө хийж чадах хамгийн сүүлчийн гавьяат үйлс байв. Зорилго нь тун хэцүү бөгөөд аюултай байлаа. Гэвч хүүг монголд хүргэж чадах итгэлтэй сайн хүмүүсээр баг бүрдүүлж чадав. Үүний тулд Нагачуг сэм дуудан уулзаж, Баянмөнхийг монголд нуун хүргэх аргыг зөвлөсөнд, Нагачу: “Ойрадын Өгэдэй баатар 13 наснаасаа Эсэнийг дагаж өмнө тийш дайлан, умар тийш байлдаж, түүнд үхэн хатан зүтгэсэн боловч хүндээр шагнаагүй гэж гомдолтой байдаг. Түүнд лавтаяа итгэж болно” гэжээ. Үүнийг Самар хатан зөвшөөрснөөр, Нагачу Өгэдэй баатартай уулзан: “Самар хатан Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварч, түүнийг монгол дахь төрөл садных нь дэргэд хүргэхээр бодож байна. Хэрэв та хожмын өдөр хүндээр хүндлэгдье гэвэл Самар хатанд оч. Чингис хааны алтан ургийн хойч үеийг аварсан хүн энэ бие байтугай үрийн үрдээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно” гэж хэлэхэд, Өгэдэй баатар ихээр баярлан, Самар хатантай уулзсанаар түүнийг Харчины Болой тайж, Сартуулын Баяндай мэргэн, Хонгирадын Эсэлэй нарын хамт баг бүрдүүлэн явуулахыг Самар хатан зөвшөөрөн, даатгажээ.

    Багийнхан өдрийн сайныг товлон, хүүг авч мордов. Эсэн тайш энэ тухяй сонсоод ихэд уурласан боловч нөгөө талаар Самар хатны гараас гарсан завшааныг ашиглан, бяцхан хүүг өөрийн гартаа оруулж авах боломж одцлоо хэмээн баярлав. Ингээд нэгэн хүчирхэг баг бүрдүүлэн, түүний хойноос нэхүүлжээ. Тэд балчир хүүг авч яваа цөөн морьтон баатруудыг хөөн гүйцэж, хүүг булаалдан харвалдав. Хүүг олж авчирсан хүнд өндөр шагнал амласан тул эрэлд олон хүн оролцжээ. Эцсийн бүлэгт хүүг нууж аргацаахаас аргагүй болоход ов мэхтэй зугтагсад Эсэнгийн хүмүүсийг төөрөлдүүлж, өлгий ор хийж дотор нь хүүг маш сайн уяад нуужээ. Эрлийнхэн бүхий л газрыг самнан эрсээр хүүгийн байгаа газрыг олохын даваан дээр Самар хатны талын хүмүүсээс нэг нь өрсөн тэр зүг давхив. Эсэнгийхэн ч араас нь давхилдаж, түүнд мориноосоо бууж, хүүг авах завдал өгөхгүйгээр тун ойрхон нэхэж иржээ.

    Одоо зөвхөн хүүгийн нуусан газрын дэргэдүүр морины хар хурдаар өнгөрөх явдал дундаа бөхийж, өлгийнөөс нь нумны үзүүрээр гогдон авах ганцхан боломж үлдээд байв. Ийнхүү амь дүйн тэмцсэн шаламгай баатар эр нумны үзүүрээ өлгийд хүргэж гогдоод тэр чигээр нь агаарт өргөж, мориныхоо давхих чигт эгц урагш хөөргөн шидэв. Тэгмэгц өлгий газар унахын алдад аврагч эр гавшгай нь аргагүй тосч аваад, хурдаа огт сааралгүйгээр Эсэнгийн хүмүүсээс хол тасран, давхин оджээ. Хүүг оргуулсан хүмүүс олон хоног аялсны эцэст Самар хатанг хүндэтгэн итгэж явдаг нэгэн сайхан сэтгэлт айлд хүүг даатган үлдээж чадсан байна. Ийнхүү нэгэн гэр бүлийн үе үеийн төлөөлөгчид болсон хоёр эх нэгэн сэтгэлээр хэцүү бүхнийг хамтдаа туулж, нялх үрийнхээ амь насыг аварч чадсанаар үл барам дараагийн ирэх тавин жилд монголын түүхэнд тохиох олон, олон үйл явдадд эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэх эх үндсийг тавьж, улс үндэстнийхээ хувь заяаг нэгдэл нягтрал, хамтын ажиллагааны зөв гольдролд оруулж чаджээ. Гэвч боржигоны гал голомт дахин сэргэх цаг арай болоогүй байлаа. Эсэн тайш улсыг захирч байсан ч түүний эмэг эхийн ач хүүгээ олны нүдний өмнө ялсан явдал нь түүнийг аргагүйн эрхэнд дагасан овог аймгийнхны дунд эсэргүүцэх явдлыг нэмэгдүүлж, улмаар энэ хөдөлгөөн 1454 онд бослого болон өрнөжээ. Самар хатан ийнхүү энэ тэмцэлд ялсан бөгөөд хожмын нэгэн өдөр агуу их үйлсийн эхлэл болно хэмээн зөн совингоороо итгэсээр энэ явдлаас хойш тун удалгүй наяад насандаа бие баржээ. Хэдийгээр Самар хатан ойрадад ураглаж, ойрадын хүн болсон ч хатан ухааныхаа тэнхээгээр улс монголоо аварч хамгаалахын тулд ач хүү Эсэнтэй ширүүн тэмцэлдэж, бараг өстөн дайснууд болж байж Баянмөнхийг авран хамгаалсан байна. Ийнхүү Монгол Улсын хаант төрийг эзлэн суух алтан ургийн хойч гэх хүнгүй болоод байсан түүхэн эгзэгтэй цаг мөчид энэхүү эмгэнэлт байдлыг соргогоор олж харсан Самар хатны ухааны тэнхээ, холч хараа хатуу тэмцлээр аврагдан хамгаалагдсан Баянмөнх хожим нь Монгол Улсын хаан суусан Даян хаан Батмөнх болон хойч үеийн хаадыг төрүүлсэн бөлгөө.

     

  • Хатан голоо аврахын тулд хамаг бөө нар зүтгэх хэрэгтэй гэнэ

    Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго буулгах арга юм. Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөөнарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөөнэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөөүед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.
    Ер нь бөөхүн буруу хазгай үйл хийвэл газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөөсудлаач Д.Бадарч энэхүүайлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүүайлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөөнар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь учруулсан гэсэн санаа:

    Өндөр тэнгэрийн хүслийн
    Өмөг түшиг болохоо
    Хөх тэнгэрийн хүслийн
    Хөл гар нь болохоо
    Мөнх тэнгэрийн хүслийн
    Мөчир салаа нь болохоо
    Хаан тэнгэрийн хүслийн
    Харуул манаа нь болохоо
    Эзэн тэнгэрийн хүслийн
    Элч улаач нь болохоо
    Удамт Монголын хойчсууд минь
    Угсаа залгасан үрсүүд минь
    Ухаж сайн ойлгогтун
    Учир ёсоо мэдэгтүн… гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.
    Бөөхүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөөнэрээр буруу муу үйл хийсэн хүмүүс энэхүүгэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнөнь олонтаа бичсэнийг энэхүүайлдвар баталж:
    Дугуй дугуйгаараа нийлж
    Дур зоргоороо аашлагсад
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөглөнд орохоор яарагсдын
    Хийсэн үйлийг нь хэлэлцэж
    Хэцүүгашууныг нь ялгана
    Хэрцгий явсныг нь хэрчинэ
    Хомхой явсныг нь хуйхална
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөчир салаа үлдээхгүй хэмээн сануулжээ. Ийнхүүсайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөөнэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүүхатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөөнар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.
    Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнөбар жилийн өнгөямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөөилгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөөмаань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөөмаань захидалдаа юу өгүүлснийг түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөөнар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүүайлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.
    Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүүонгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
    “Их Монгол эвдрэлцэхгүй гэж
    Элгэн биеэ уралцахгүй гэж
    Бурууг хийгсэд бултахгүй гэж
    Бусдын үгэнд орохгүй гэж
    Бууц юугаа солихгүй гэж
    Буурь юугаа сэлгэхгүй гэж
    Уул усаа тахь
    Ургамал модоо шүт
    Хайрхан уулаа тахь
    Хатан голоо шүт
    Хаан хүнд хошуу хүргүүл
    Хамаг олонд хэл хүргүүл
    Бугшсан олны уурыг гаргахгүй бол
    Буруу л хүмүүс дээшээ гарна” хэмээн сануулсан байна.
    Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөөбөөлж хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ” гэжээ. Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөөнар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөөбүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.
    “Олны үйлийг үүрсээр байгаад
    Олбог минь цоорлоо.
    Түмний үйлийг үүрсээр байгаад
    Төөбие минь агчлаа.
    Эхээс төрсөн биеэ
    Энэ зөнд нь орхиё.
    Эргүүлж усаа хайрла даа,
    Эгэл түмнээ өрөвд дөө.
    Тавилан заяаг минь даа даа,
    Татарсан голоо тавиул даа.
    Бугшсан хилэнгээ тат даа
    Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
    Өргөлийн дээдийг өргөж,
    Өргөн түмний буяныг дуудаж,
    Мөргөхийн дээдээр мөргөж,
    Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн” гэж мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөөнар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.
    Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөөл болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүүшүүгээрэй. Аль болох олон бөөнийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул ийнхүүилүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.
    Б.Галаарид (Далд үзэгдэл судлаач)

  • НАСНЫ ОЙ ТЭМДЭГЛЭХ ЁСОН

    9-10 cap болж төрөхөд нь нэг насаа барьж гарч ирлээ гэж үздэг. Тэг насны хүүхэд гэж ярьдаггүй, тэг нас гэдэг нь насгүй гэсэн үг гэдэг. Учир нь тэг гэдэг нь байхгүй гэсэн үг гэж ойлгодогоос тэр юм. Хүүхдийн насыг төрсөн, ойндоо хүрсэн өдрөөс биш харин цагаан сарыг тэмдэглэх тоогоор буюу төрсөн жилийг амыны нэрээр нэрлэсэн Жилээр /хулгана, үхэр гэх мэт/ тийм жилтэй гэдэг. Энэ жил дээр барьж гарсан нэг насыг нэмж тоолно. Жишээ нь, хүүхэд цагаан сараас нэг сарын өмнө төрсөн бол барьж гарсан нэг настай гээд цагаалаад хоёр настай болно. Хүн бүхэн цагаалахад нэг нас нэмж тоолох ба малыг ч гэсэн нэг нас дэвшүүлэн нэрлэдэг. Жишээ нь, өнгөрсөн хавар гарсан хурга, ишиг, тугал, ботго, унагыг цагаан cap гарсны дараа төлөг, шүдлэн, бяруу, тором, даага гэж хоёр насанд дэвшүүлэн нэрлэдэг. Учир нь хэдхэн хоноод таван хошуу малын төл гарч нэг настай гэгдэх учиртай байдаг. Энэ нь билгийн тооллын нас бөгөөд аргын тооллоос өмнө монголчууд хүний насыг билгийн тооллоор хэмждэг байлаа.
    Монголд аргын тоолол нэвтэрсэнээс хойш хүүхдийн насыг төрсөн өдрийнх нь ой хүрээд нэг настай боллоо гэж тоолдог болжээ. Одоогийн хүмүүст арга билгийн гэж хоёр өөр нас байх боловч 1949 оны 1 сарын 1-нээс хойш төрсөн хүүхэд бүр төрсөний гэрчилгээ, паспортоор тооцогдох аргын нэг л тодорхой настай байдаг болжээ. Уламжлал ёсоор хүүхэд төрөөд нэгжил болсныг нь ёслон тэмдэглэж ах дүү, төрөл садны хүрээнд хүүхдийн ой хийдэг байжээ. Харин шинэ цагийн хүмүүс хүүхдийн ойгжил бүр тэмдэглэх, залуучууд өөрсдийнхөө төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд ёслон тэмдэглэх нь түгээмэл болж түүгээр дамжуулан архи дарс уух нь элбэг болсон нь зах зээлийн харилцааны онцлог болоод байна.
    Хүүхдийн ойн найранд архи дарс бага хэрэглэж уламжлал ёсоор зөвхөн ахмадууд бага сага хэрэглэх бөгөөд хүүхэд багачуудыг аль болох өргөн оролцуулж идээ цагаагаар дайлах нь ёс юм. Ой тэмдэглэж буй хүүхдийг дээш суулган эцэг эх, ах эгч төрөл садангийн хүмүүс чихэр, тоглоом, хувцас зэргийг бэлэглэн сайхан ерөөл магтаал хэлдэг, бэлэгдэл захиас өгүүлдэг ёстой ажээ. Хүүхдийг 5 нас хүрэхэд нь тусгай эмээл төхөөрч сайн морь зүслэн өмчилж өгөөд моринд нь мордуулаад цулбуураас нь хөтөлж хотоо нар зөв гурав тойруулж,
    Хотгор дүүрэн адуутай

    Хотондоо дүүрэн малтай
    Үрээ дүүрээд үрээгээ хөтөлж яваарай гэж ерөөгөөд малчны хүүхэд морь унаж эдлэх болсныг тэмдэглэж байгаа хэрэг юм.
    Монгол уламжлал ёсоор 70, 85, 90 насанд өндөр насны найрыг үр хүүхэд, ач зээ, ах дүү, төрөл садан, нутаг усны хүмүүсийг урьж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ингэхдээ зуны дэлгэр сард айраг цагаа бэлтгэж архи дарс хоол цай өргөн бэлтгэж найрлан бөх барилдуулан морь уралдуулж нэг ёсны бага наадам хийдэг байна.
    85, 90 насны ойг илүү хүндэтгэлтэй хийх бөгөөд 90 хүрээд ирэг хувааж иддэг гэсэн заншил байдаг. Өндөр настны ойд ирсэн хүмүүс хадаг торго, эд бэлгийн зүйл барьж эд бараа их цугларах боловч өндөр настанд их эд бараа сонин биш, харин өндөр настны хишиг буян гэж хариу бэлэг, буян хишиг тараадаг. Ахмад настныг хүндэтгэн ирсэн зочид гийчдэд идээ будаа, архи дарс элбэг хүртээж хөгжөөн баясгасан яриа хөөрөө өрнүүлэн ахмад настны сэтгэл санааг өргөж цугласан олныг баяр баясгалантай найрлан цэнгэх нөхцөл бүрдүүлнэ.
    Ой хийж байгаагийн зорилго нь түүний нас буяныг хүндэтгэх, үр хүүхэд, ач зээ, ах дүү төрөл садны баярыг тэмдэглэх, мөн ахмадын сэтгэлийг баярлуулах явдал юм. Үүний тулд өндөр настанд зориулан ерөөл, шүлэг найраглал уншиж өгдөг заншил байдаг. Сүүлийн үед 50, 60 насны ойг тэмдэглэх болсон нь зөвхөн өндөр нас төдийгүй улс нийгэмд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан, аливаа хүний байгуулсан гавъяа зүтгэлийг үнэлж “Алдар тэмдэглэх” хэлбэрээр олон жилийн ажлын бүтээлийг үнэлэх, дүгнэх хэлбэр бий болжээ.