Тэд түүхийн бүхий л үеийг хамруулсан аугаа уламжлалаа тээн хойч үедээ өвлүүлэн үлдээдэг. Энэ ч утгаараа манай улсын зүгээс ард түмнийхээ өвөрмөц ёс заншлыг дэлхийд таниулах зорилгоор соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулдаг болсон.
Соёлын биет бус өвийг тээгчид бол алс хязгаар нутгуудад ч оршиж байдаг учраас 21 аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг тээгчдийн эхний шалгаруулалтаа явуулахаар болжээ.
Говь-Алтай аймгийн тухайд соёлын биет бус өвийг тээгчдийг хамгаалж үлдэх, тэднийг дэмжиж нээн илрүүлэх наадмын эхний арга хэмжээгээ энэ сарын 20-25 хооронд 18 сум хоёр тосгоны хэмжээнд зохион байгуулахаар ажлын хэсэг томилогдон, хуралдаан зохиогдлоо. Ажлын хэсгийнхний үзэж байгаагаар соёлын өв тээгчдээ нээн илрүүлэхэд ард иргэдийн оролцоо үүрэг ихээхэн чухал гэдгийг онцолж байна.
Соёлын өвийг тээгчид таван айгаар оролцоно. Үүнд эх хэл бичиг, язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай, гар урлал зэрэг багтжээ. Соёлын биет бус өвийн эхний шалгаруулалтанд оролцогсод аймгийн боловсрол соёл урлагийн газар, үндэсний номын сан, ардын дуу бүжгийн алтай чуулгат хандан, оролцох боломж нээлттэй юм.
Category: Монгол үндэсний түүх
-
Говь-Алтайчууд соёлын биет бус өвийн их наадамд оролцохоор бэлтгэж байна
-
Лигдэн хаан хөөрхий…
Монгол улсын хаан Буян сэцэнийг 1603 онд өнгөрснөөс нэг жилийн дараа ахмад хүү Манхус тайжийн ууган хуү 12 настай Лигдэнг Монгол Улсын хаан ширээнд өргөмжилж, оны цолыг нь Хутагт хэмээжээ.
Лигдэн хутагт хаан 30 жил хаан ор сууж, шинэ тутам хүчирхэгжсэн Манж болон өөрөөс нь урвасан Монголын зарим овог, аймгуудын ноёдын хамтарсан цэрэгт цохигдон, Хөх нуурын зүг дутааж яваад 1634 оны хавар цэргийн хуарандаа өвчнөөр бие барсан байна.Чухам ингэхдээ Чингис хааны Хас эрдэнийн тамгыг харь дайснаасаа нууж чадсан уу, үгүй юу гэдэг нь одоог болтол таамаг хэвээр байсаар байгаа юм.
Манж нар Монголыг бүхэлд нь эрхшээлдээ оруулахад чухам Чингис хааны тамга тун чухал байсан тул Лигдэн хааны дараа Чингисийн Хас тамгийг уйгагүй эрж хайжээ. Гэвч олсонгүй. 1635 онд Лигдэн хааны хүү Эжээ хонгор Манж нарт бууж өгөхдөө авч очсон тамга нь Чингисийн төр залгамжлах тамга биш байжээ. Гэвч Манжийн хаад тэр худал тамгийг ашиглан Монголын төрийн хууль ёсны залгамжлагч гэдгээ баталгаажуулж авсан билээ.
Энэ дашрамд нэгэн зүйлийг зориуд хэлэхэд, ялангуяа өрнийн түүх бичлэгт Монгол орныг 17 зууны сүүл үеэс 20 зууны эхэн үеийг хүртэл Хятадын эрхшээл дор байсан гэж бичиж, тэмдэглэж ирсэн нь буруу юм. Монгол болон хятад хоёр улс аль аль нь Манж хэмээх гэнэт хүчирхэгжин гарч ирсэн хагас монгол угсааны хагас нүүдэлчин аймагт эзлэгдэж, тэдний эрхшээл дор аль аль нь 200 гаруй жил, гэхдээ нэг нь шууд эзэмшлийн, нэг нь вассал орны байдалтай оршиж ирсэн билээ. Манж нар нь Хятадын Бээжин хотод төвлөн сууж, төрийн хэргээ хятадын уламжлалт бодлогод тулгуурлаж, аажмаар хятаджин үндэстнийхээ хувьд бүрмөсөн хятадад ууссан нь Манж нарыг Хятад гэх, Манжийн төрийг Хятадын төр гэх ойлголтыг төрүүлж, энэ нь улмаар Монгол улсыг Хятадын хараат байсан гэсэн ташаа ойлголтыг төрүүлдэг.
Ийнхүү хэдэн зууны түүхтэй Их хаант төрөө мөхөл болж буйг нь, улс үндэстнээ бусдын өвдөг дор бөхийж буйг нь, үр удам, үндэс угсаа нь устгагдан доромжлогдож буйг мэдэж байсан нь, яахын аргагүй түүхэн хувь заяаг сөрж буйгаа ойлгож байсан нь Лигдэн хааны хувь заяаг бусдаас нь онцгой эмгэнэлт болгожээ.
Хэдийгээр сүүлчийн хаан боловч Лигдэн Хутагт хаан сул дорой хаан байгаагүй билээ. Хятад руу удаа дараа уулгалан довтолж, Бээжинг чичрүүлэн, их хэмжээний татварыг жил бүр авч байсан нь түүнийг сүр хүч их байсных. Тэрээр 30 гаруй жил хаан ширээнд суухдаа нэгэнт эрч хүчээ авчихсан байсан монголын дотоодын бутралыг намжаах, монголчуудыг нэгтгэхийн төлөө тууштай тэмцэж байв. Гэвч түүний тэмцэл амжилт олоогүй билээ. Үүний учрыг Лигдэн хааны алдаатай үйл ажиллагаатай холбохоос илүүгээр олон он жилээр суурь нь тавигдсаар ирсэн монгол гүрний задралын зайлшгүй шалтгаант нөхцөлтэй холбон үзэх нь илүү бодитой байж магад юм. Түүхэн үйл явцыг сөрөх аргагүй байдаг шүү дээ.
Лигдэнг Монголын түүхнээ “Цахар хаан” “Дөчин хаан” хэмээн нэрлэдэг нь түүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Тэрээр төрийн зарим нэгэн шинэчлэл хийж, найман отог цахар түмнийг гурван түмэн болгон хувааж, Хар Авга ууланд шинээр “Цагаан хот”-ыг байгуулан, түүнээ монголын нийслэл болгож байв.
Мөн Лигдэн хаан Бурханы шашныг дэлгэрүүлэхэд маш анхаарч олон сүм хийд бариулсан билээ. Түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн нэгэн лут их үйл бол Бурханы шашны хөлгөн их судар 108 боть “Ганжуур”-ыг орчуулуулан, алтан үсгээр барлуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Алтан үсгээр барлаж, 9 эрдэнээр чимсэн тийм том хэмжээний номыг бүтээсэн нь хүн төрөлхтний соёлын нэгэн үнэт өв юм.
Мөн Хубилай хааны зарлигаар мянган лан алтаар бүтээсэн Махагала бурхныг Монголын нийслэл Цагаан хотод залж, алтан дээвэрт сүмд байрлуулсан байна. Энэ мэт бурханы шашныг монголд дэлгэрүүлэхэд анхаарч байсан нь улам бүр тархай бутархай болж буй баруун, зүүн, төв монголчуудыг буддын шашны далбаан нэгтгэх, ард түмнээ шажны ариун сургаалаар гэгээрүүлэх, шашны үзэл санааг дагасан соёл, урлагыг хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл Чингис хааны “Бусдын сэтгэлийг эзэл, сэтгэлийг нь эзэлсэн байхад бие нь хаа одох” хэмээн сургасан төрийн бодлогыг тухайн цаг үед түгэн дэлгэрч байсан шашны үзэл санаагаар дамжуулан хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм.
Гэвч Лигдэн хааны эдгээр бүх зорилгод Манж нар саад болсон билээ.
Тэр үеийг хүртэл манж нар нь Сунгари мөрний сав газар, Япон тэнгэсийн эргээр нутаглаж байсан багашиг хагас нүүдэлчин, загасчин аймаг байсан тул Лигдэн хаан тэдний гэнэтийн хүчирхэгжиж буйг нь анхааран, тэднээс сэрэмжилж чадаагүй байна. Түүний илрэл нь Манжийн төрийг үндэслэсэн анхны хаан Нурхач баатарт илгээсэн захидалд тод байдаг. Тэрээр захидалдаа өөрийгөө Дөчин Дөрвөн Монголын Их хаан Чингис хэмээгээд, Нурхачыг захын овгийн жижигхээн ноёны хэмжээнд адилтган үзсэн байдаг.
Нурхач болон Абахай нар “Дайснаа зочин болгоё, зочноо нөхөр болгоё” гэсэн бодлого барьж, манжтай хил залгаа ойрхон байсан Хорчин, Горлос зэрэг монгол аймгуудын ноёдыг өөртөө татахын тулд их хэмжээний бэлэг сэлт тараах, ураг садан бололцох зэргээр Лигдэнгээс хөндийрүүлж эхэлсэнд Лигдэн хаан Манжийн хаанд илтэд дургүйцэх болов. Улмаар энэ явдал даамжирсаар эцэстээ тулж, 1631 онд Лигдэн хаан цэрэглэн Манжийн нутагт гүн цөмрөн давшжээ. Гэвч Манж нар өөрийн талдаа найдвартай татсан Монгол ноёдын хүчтэй хавсран Лигдэнд цохилт өгсөн төдийгүй Чингис хааны төрийн залгамж чанарыг хүчээр авахаар улайран зүтгэсээр, түүнийг бүрмөсөн мөхөөсөн билээ. Чухам Манж нар түүний хараат ноёдыг эвт бодлогоор татаж буйн эсрэг хүчээр эргүүлэн татах оролдлого хийсэн нь Лигдэн хааны алдаа байсан ч байж магад юм. Ерөөс тухайн үед Лигдэн хааны шууд эзэмшлийн дор зөвхөн Цахар түмэн байсан ба олонхи монгол аймгууд тус тусын ноёдын дор бие даасан бодлого явуулж байсан нь Лигдэнг нэгдсэн хүчээр Манж нартай дайтах боломж олгосонгүй.
Харин хятадууд улам бүр хүчирхэг болж буй Манж нараас болгоомжлон, тэднийг Монголын эсрэг хандуулж, хоёр хүчтэний хүчийг баран тамирдуулах бодлого барьж байсан нь энэ явдалд ташуур болсон нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хятадуудын энэ бодлого бас үр дүнгээ өгсөнгүй. Манж нар хөрш улсуудаа хэрэглэж байсан Хятадын бодлогыг өөрийнх нь эсрэг үр дүнтэй ашиглав. 1635 онд өмнөд Монгол бүхлээрээ Манжийн эрхшээлд орж, 1636 онд өвөр Монголын 16 аймгийн 49 томоохон ноёд чуулж, Манжийн хааныг Манж болон Монголын Богд эзнээр өргөмжлөхөд хятад улсын хувь заяа бараг тодорхой болжээ. Тэр жил Манж, Монголын нэгдсэн хүчин Цагаан хэрмийг даван довтолж, улмаар 1644 онд Бээжинг унаган, Хятадын Мин гүрнийг мөхөөхөд монголын морьт цэрэг чухал үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин хожим 1691 онд Халх монголыг, 18 дугаар зууны дундуур Баруун монголыг буулган авахдаа хятадын цэрэг, эдийн засгийн баазийг манж нар чадварлаг ашиглажээ.
Лигдэн хутагт хаан нас барснаар Монгол орон бүхэлдээ Манж Чин гүрний захиргаанд орох эхлэл тавигдав. Гэвч Монголчууд Лигдэн хааныг цогтой эх оронч, соён гэгээрүүлэгч хэмээн тууштай үнэлэн, гүнээ хүндэтгэдэг юм. Түүхэн цагийн их хүрдэнд тээрэмдүүлсэн түүний үйл ажиллагаа үнэхээр ч тийм хүндлэлийг хойч үедээ үлдээхүйц байсан билээ.
Б.Наминчимэд -
О.ЭНХБИЛГҮҮН: ЗАЛУУС ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛОХ ГЭЖ БУРУУ ЗАМД УРУУ ТАТАГДАЖ БАЙНА
-Үүрэг гүйцэтгэх үедээ эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьж, холбогдох газарт нь хүлээлгэж өгсөн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би баяр амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст хэв журмын үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр тус дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт “Сансар” зочид буудлын ойр орчимд үүрэг гүйцэтгэж, зочид буудлыг шалгасан. Тэнд 46 настай, сэжиг бүхий иргэн байсныг олж тогтоосон. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст эрэн сурвалжлагдаж байсан юм билээ. Иймээс барьж, холбогдох газарт шуурхай хүлээлгэж өгсөн.-Үүрэг гүйцэтгэх үед ихэвчлэн ямар хэрэг зөрчил гарсан бэ?
-Баярын өдрүүдэд манай сургуулиас 700 сонсогч, 27 алба хаагчид нэгдэж ажилласан. Нэг цагдаа хоёр сонсогчтой ажилласан юм. Тухайн үед дээрэм болон орон байрны хулгай түлхүү гардаг нь анзаарагдсан.
-Сүүлийн үед хулгай дээрэм их гарах болсон. Энэ нь юутай холбоотой юм бол?
-Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт гэр хороолол түлхүү суурьшсан юм билээ. Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болж, иргэд гэрээ эзэнгүй орхиж явах хойгуур айлын үнэт эд зүйлийг хулгайлах тохиолдол их байсан. Ер нь аливаа үйлдэл тухайн хүний ухамсараас шалтгаалдаг гэж би боддог. Хүн үнэнчээр хөдөлмөрлөж, аливаа зүйлийг өөрийнхөө хүчээр бүтээж байж сайхан амьдардаг. Гэтэл зарим хүн тэр дундаа залуус энэ бүхэнд өнгөцхөн хандаж, хялбар аргаар мөнгө олох гэж буруу замд уруу татагдаж байгаа нь харамсалтай санагдсан. Энэ нь хулгай дээрмийн нэг шалтгаан болж байна. Ер нь аливаа сайн үйлийг хүн өөрөө бүтээдэг. Үүнийг залуус ухамсарлах хэрэгтэй юм.
-Цагдаа болох хүсэл эрмэлзлэлдээ хэзээнээс хөтлөгдөж эхэлсэн бэ…
-Би наймдугаар ангиасаа л цагдаа болно гэж өөрийгөө бэлдсэн. Тухайн үед аав, ээж зөвшөөрдөггүй байсан л даа. Монгол Улсын их сургуульд сурч байсан. Тэгсэн нэг л болж өгдөггүй. Аав, ээжтэйгээ зөвлөлдөж, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд шалгуулж, тэнцсэн. Ингээд миний мөрөөдөл биелэсэн. Харин одоо аав ээж маань миний эзэмшихээр суралцаж буй мэргэжлээр бахархах болсон. Сар шинийн баяраар үүрэг гүйцэтгэж байхад иргэд сонсогч нарыг “Баярын үеэр амраах хэрэгтэй” гэдгийг үгийг олон удаа хэлж байна лээ. Тэр үед би ирээдүйд Монгол төрийн цагдаа болох учраас Сар шинээр амрах шаардлагагүй. Иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө зүтгэх хэрэгтэй шүү дээ гэж бодож байсан юм. Ихэнх хүмүүс л биднийг “Амраачих хэрэгтэй шүү дээ. Сайхан шинэлэх хэрэгтэй биз дээ” гэсэн нь тэр үедээ сайхан л сонсогдож байсан. Нэг талаараа энэ нь монголчууд цагдаа нарын ажлыг ойлгож, хүндэтгэдэг болсны илрэл гэж би ойлгосон. Миний сонгосон мэргэжил иргэдийн эрүүл мэнд, амь нас, амар амгаланг хамгаалах үүрэг хүлээдэг. Тиймээс би мэргэжлээрээ бахархдаг.
-Цагдаагийн алба хаагчид юун дээр түлхүү анхаарч, хэрхэн ажиллах ёстой гэж боддог вэ?
-Төрийн тусгай хамгаалалттай, төрийнхөө сүлдэнд тангараг өргөж, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллахад бэлтгэгдэж буй учраас бид жилд хоёроос гурван удаа дадлага хийдэг. Дөрвөн жил дараалан олонтаа практик байгууллагад дадлагаждаг. Иймээс бид нар ажлын байран дээр гарахад багагүй туршлага хуримтлуулдаг. Энэ нь бидний бусдаас ялгарах онцлог. Учир нь мэдлэгээ илүү их бататгаж, мэргэжилдээ үнэнч байх, олон нийтийн итгэлийг олох зэрэг давуу талыг бий болгодог юм. Нэмэгдлээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэвчээртэй байх ёстой, аливаа зүйлд хүлээцтэй хандах ёстой юм байна гэдгийг ойлгож авсан. Цагдаагийн алба хаагч болоход хувь хүний төлөвшлийг эзэмшсэн байх хэрэгтэй, үе үеийн удирдлагуудтай уулзалтад орж байхад хүнээс үг сонсож сур, хатуу зовлон бэрхшээлд тэвчээртэй ханд гэдгийг олон удаа зөвлөж байсан. Эдгээрийг хэлж, зааж, сургаж, хэрэг илрүүлэхэд туршлагатай байх хэрэгтэй гэдгийг ухаарч ойлгуулсан. Би дунд сургуулиа төгсөөд зан төрхийн хувьд ихэмсэг байсан. Харин одоо сургууль, практик хоёр маань сайтар хосолж надад маш олон зүйлийг ухааруулсан. Хүмүүстэй нээлттэй харилцаж, хүнийг хүндлэх ёстой гэдгийг сайтар ойлгосон байна. Мөн хэрэг зөрчил гарахад бүлэг болж ажиллах ёстой, нийтийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй гэдгийг ухаарсан.
-Иргэдийн дунд цагдаагийн алба хаагчийг янз бүрээр л ярьдаг. Тухайлбал, цагдаа цагийн найз гэж ярих ч тохиолдол бий. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Цагдаагийн алба хаагч ямар ч баяр болсон амарч, баярладаггүй. Сар шинийн баярын өдрүүдэд хамт ажилласан цагдаагийн алба хаагч ах маань намайг “Ахын дүү энэ албын ажлыг сонгосон л бол үнэнчээр үүргээ гүйцэтгэх хэрэгтэй шүү” гэсэн. Мөн “Гэр бүлийнхэндээ бага цаг гаргадаг. Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажиллана” гэсэн. Үүнийг хэлж өгсөн нь надад сайхан санагдсан. Иргэд үнэн сэтгэлээсээ ажиллаж, хүний төлөө явдаг юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу. Зарим иргэд цагдаа нар сайн ажиллаж байна гэж ярих болсон байна лээ.
-Ирээдүйд цагдаагийн алба хаагч болох дүү нартаа юу гэж зөвлөх вэ?
-Манай улс амар амгалан орны тоонд багтдаг. Хамтын хүчээр нийслэл хотоо сайхан болгох боломж бидэнд бий. Тухайлбал, гэр хороололд үнс болон бусад хог хаягдлаа хийдэг зориулалтын хэсгийг бий болгох хэрэгтэй. Ингээд тогтмол хаяж хэвшвэл нийслэл маань цэвэр, аюулгүй хот болно. 19-24 насны залуучууд хийж бүтээж, сурч боловсорч байх үедээ хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол олон байна. Залуу хүний хувьд үүнд эмзэглэдэг. Иймээс ирээдүйд гэрэлтэж, эх орноо авч явах ёстой залуучууд цаг заваа зөв боловсон өнгөрүүлж, үр бүтээлтэй, бусдаасаа зөв зүйлийг нь суралцаж, эх оронч байх хэрэгтэй. Мөн Эрүүл биед саруул ухаан оршино. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй.
Манай сургуульд шинээр элсэн суралцаж байгаа сонсогч нартаа амжилт хүсье. Хууль сахиулахын их сургуулийн багш нар маань бидэнд ихийг зааж сургадаг. Сургалтын таатай орчин хэдийнэ бүрдсэн. Сургалтын систем, сургах тусгай тактик сайтай. Хэрэг илрүүлэх арга барил ч улам нарийсч буйг зааж байгаа. Багш нар маань ямар ч хэргийг илрүүлэх боломжтой гэдэг. Үүнийг үүрэг гүйцэтгэх хугацаандаа ойлгож авсан. Манай улсын цаг уур хичнээн хүйтэн байсан ч гэсэн гар хурууны мөрийг хэрхэн яаж сэргээх вэ, хүн амины хэрэг гарлаа гэхэд хэргийн газарт үзлэг хийх үед цус мөн үү, үгүй юу гэдгийг тогтоох нарийн арга тактикт суралцаж байна. Иймээс залуучууд сурч боловсрох цаг заваа битгий харамлаарай, алхам бүртээ гэмт хэрэг зөрчилгүй байхад миний оролцоо чухал гэдгийг санаж, хувь нэмрээ оруулаарай гэдгийг хэлмээр байна. -
Монголчууд ген, хэл, сэтгэлгээ, соёл, махбодийн хувьд хятадуудаас асар ялгаатай
Монголжуу төрхтөнүүд нүүрнийхээ хэлбрээр өргөн царайт, нарийн царайт гэж хоёр хуваагддаг. Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаарагддаг. Нарийн царайт төрхөд Алс дорнодын, өмнөд азийн (хойд ба өмнөд хятадын төрх гэх нь бий. Гэхдээ энэ нэр томъео сибирийн гэсэнтэй адил хятадын хүн амд л холбогдох нэр томъёо гэж хэлж болно) төрх хамаарагдана. Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. Европжуу төрх нь баруун европын, зүүн европын, европжуу-брахикраны гэх мэтээр хуваагддаг. Европчууд. арабууд, иранчууд, энэтхэгчүүд хоорондоо ондоо байгаа нь эхнийх нь баруун юмуу, зүүн европын төрхтөнд, нөгөөдүүл нь европжуу- брахикраны төрхтөнд хамаарагдаж байдагтай холбоотой юм.
Харин Монгол хүнийг Монголжуу өргөн царайт төрхөд хамааруулах уу, европжуу-брахикраны төрхөд хамааруулах уу гэдэг асуудлын талаар антропологчид маргалдсаар одооноос л нэг мөр болон тасарч байна. Гэхдээ аль ч үеийн антропологчдоос хэн нь ч Монголчуудыг хойд хятадын нарийхан царайт төрхөд хамруулж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол хүний хувьд өрнөдийн шинжлэх ухаан тун том алдаа гаргаснаа хожуухан ойлгосон гэж хэлж болно. Тэр алдаа нь ДНХ-гийн судалгаа нилээд хожимдож гарч ирсэнтэй холбоотой байдаг. Учир нь Монгол хун европжуу-брахикраны төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоос бус азижуу төрхтөнд хамрагдах хүмүүс биш гэдэг нь ДНХ-гийн судалгаа гарч ирснээс хойш тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл европжуу том төрхт (өргөн царайтай гэсэн ч болно) хүн болохоос бус өмнөд азийн нарийхан царайтай төрхтөн биш юм. Үүнийг Монгол улсын Их Сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн багш судлаачдаас орчин цагийн Монгол залуучуудын ДНХ-г судалсан сүүлийн гурван жилийн судалгаа давхар нотолж өгсөн. Энэ судалгааны үр дүнд өнөөгийн Монголчуудын арван хүн тутмын 7 нь европжуу төрхтөний генитэй болохыг генетикийн судалгаагаар тогтоосон юм. Хамгийн сонирхолтой нь энэ судалгааны үр дүнг Монгол нутгаас олдсон антропологийн олдворууд дээр арав гаран жил хийсэн молекул генетик, молекул антропологийн судалгааны (Митохондрийн ДНХ) үр дүнтэй харьцуулан үзэхэд нэгэн ижил үзүүлэлт гарсан явдал юм. Тиймээс Монгол нутаг дээр үеийн үед европжуу-брахикраны төрхтэй хүмүүс давамгайлан оршин сууж байсан бөгөөд өдгөө ч европжуу генитэй хүмүүс давамгайлсан хэвээрээ л байна.
Нэрт угсаатан зүйч Н. Н.Чебоксаров “Угсаатан, арьстан, соёлууд” гэдэг номондоо аль нэг төрхтөнийг төлөөлөх бүлэг хүмүүс төрөлх орчноосоо газар-зүйн өөр орчинд нүүдэллэн очоод нутгийн хүмүүстэй цус холилдолгүй аж төрөн суухад 1225 жилийн дараа байгаль-газарзүйн нөлөөгөөр төрх нь аажмаар өөрчлөгдсөөр нутгийн уугуул иргэдтэй ижил төрхтэй болдог гэж бичсэн байдаг. Энэ бол ахуй анхдагч гэдгээр төрх өөрчлөгдөх тухай сонирхолтой баримт юм. Гэхдээ генийн бутэц тун бага өөрчлөгддөг гэдэг нь ойлгомжтой. Тиймээс өнөөгийн Монголчуудын бүр хамгийн азижуу төрхтэй хүн дээр ч генийн судалгаа хийж үзэхэд европжуу хүний гени гарч ирэх мадгадлал өндөр бий. Учир нь Монголчууд европжуу төрхтөнүүдийн хамгийн зүүн жигүүрийн төлөөлөгчид бөгөөд Энэтхэгийн хойгийг өнгөрөөд Дундад Азийн дорнод жигүүрээс эхлээд Монгол хүртэл европжуу-брахикраны төрхтөн тархсан газарзүйн нарийн хошуу Азийн гүн үрүү түрж орсон байгаа тухай нэрт угсаатан зүйч, антропологич, түүхч Е.Г.Грумм-Гржимайло өнгөрсөн зууны 20-иод оноос, алдарт туүхч, угсаатан зүйч, онолч Л.Н.Гумилёв 60-аадоноос бичиж, судалгаагаа танилцуулж байсан билээ. Гэвч тэр үед молекул генетикийм судалгаа үүслийн төдий, харин археологийн судалгааны уламжлалт хэмжилтийн арга давамгайлж байснаас шинжлэх ухааны хүрээнд бүрэлдэн тогтсон ташаа ойлголтыг огцом эвдэхэд хэцүү байсан юм. Гэсэн ч үнэн юм хэзээ нэгэн цагт үнэнээрээ гарч ирдэг ёсоор молекул генетикийн судалгаа гарч ирснээр бид өөрсдийнхөө гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой болсон.
Сүүлийн үеийн генетикийн олон арван судалгаагаар Монголчууд, хятадууд огт ондоо хоёр өөр гапло-төрхүүдэд (Brigitte & Mark,2005) хамаарагддаг нь хөдлөшгүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Монголчууд европжуу-брахикраны терхөд, хятадууд палео-азийн төрхөд хамаарагддаг. Нөгөө талаар үндэстэн угсаатны хэл тэднийг хэр ондоо, хэр ойр болохыг хэлж өгдөг хамгийн чухал тодорхой зүйл байдаг. Энэ үндэслэлээс авч үзвэл Монгол хэл, хятад хэл хоёр бол хэлний хоёр өөр аймагт хамаарагддаг огт ондоо хэлнүүд юм. Тухайлбал Монгол хэлний үгс давхар үеэс бүтсэн байдаг байхад хятад хэлний үгс дан үеэс бүтсэн байдаг байх жишээтэй. Энэ бол хэтэрхий том ялгаа бөгөөд төрөлсөх ямар ч үндэсгүйг харуулж өгч байгаа хэн ч яагаад ч хөдөлгөж чадашгүй бат нут нотолгоо юм. Харин Хятад, Түвд хоёр хэл бол хэлний нэг аймагг хамрагдах дан үетэй, төрөл хэлнүүд яах аргагүй мөн. Тиймээс төрөлсөх нэлээд зүйл байж болох юм. Харин Монголоос “хөрш” нь гэхээс өөр зүйл гарах нь юу л бол доо. Хятадууд бол өнөөгийн өмнөд хятадын Хэнань мужаас гаралтай өмнөд азийн үндэстэн юм. Тэр үед Хэнань, Цянаас (өнөөгийн Түвд) хойд зүгт Жүн (Ман) аймгууд Цагаан хэрэм (энэ хэрэм нанхиадуудыг умар зүг хүрч ирэхээс бүр өмнө баригдсан байсныг английн архелогчид судалж тогтоогоод National Geographic-аар цацсан) хүртэлх нутагт сууж байсан бөгөөд бидний өвөг дээдсээс алс хол өмнө зүгт байсан юм. Тиймээс тэдний гарлыг авч үзэхэд тэд умар зүгийн үндэстэн огт биш гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэд зуу зуун үеийн туршид жүнчүүдтэй дайтаж, бас цус холилдож, тэднийг умар зүг түрсээр МЭӨ V зуунд бидний өвөг дээдэс болох хүнчүүдтэй (хүннүчүүдтэй) хил хатгаж хөршилж ирсэн юм. Гэхдээ тэр үед тэд өөрсдийгөө ханчууд гэж нэрлэдэггүй байсан юм.
Энэ нэр МЭӨ III зуунд буюу хятадын ванлигуудыг анх удаа нэгтгэж, нэгдмэл улс бий болгосон Жүн угсааны Цин улс мөхсөний дараа МЭӨ 202 онд гарч ирсэн Түрүү Хан улсын үөэс үүдэлтэй юм.Тиймээс биднээс харьцангуй хойно гарч ирсэн үндэстэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл жунчүүдтэй цус холилдож байж гарч ирсэн шинэ үндэстэн юм. Тиймээс хойд хятадууд, өмнөд хятадуудтайгаа хэл ярианы талаар бие биеэ ойлголцдоггүйн учир үүнтэй холбоотой. Ханчууд жүнчүүдтэй асар их холилдож байж гарч ирснийг эртний нанхиадууд өөрсдөө хулээн зөвшөөрдөг байсныг Хан улсын жанжин Жан Хуаний “Жүнүүд, дичүүд болоод бид нар нэг гарвал угсаатай. Тэднийг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй устгах гээд хэрэггүй” гэж хэлж байсан нь нотолдог. Нөгөө талаар үндэстэн угсаатнуудыг сэтгэлзүйн хувьд ялгаруулж байдаг сэтгэлгээний загвар гэж бас нэг сонин зүйл бий. Үндэстнүүдийн сэтгэлгээний загварт “манайхан ба харийнхан” гэдэг мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг тухайд суут Л.Н.Гумилёв онолын үүднээс сайтар судалж, гол зарчмуудыг нь нээж өгсөн. Тэгэхлээр угсаатнууд өөрсдийнхөө төрөлсөх хүмүүс мөн үү, биш үү гэдгээ үндэснийхээ сэтгэлгээний загвар, зөн билиг хоёроороо маш нарийн мэдэрч тодорхойлж чаддаг гэж хэлж болно, Тийм болохоор Монголчууд урьд хөршийнхнийгөө үеийн үед “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, тэд ч улс төрийн хэтийн зорилго сэдээгүй л бол биднийг бас “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Бид хоорондоо маш их ондоо гэдгээ яс махнаасаа мэдэрсээр ирсэн гэж баттай хэлж болно.
Антропологи судлал бол шинжлэх ухааны маш том салбар бөгөөд түүнд сайтар нэвтэрч судлалгүйгээр сураг ажигаар ухвар мөчид зүйл бичвэл хар хэл аманд орох нь ойлгомжтой. Шинжлэх ухааны тодорхой салбарын асуудалтай холбоотой сэдвээр сэтгүүлч хун дуулиан хөөцөлдвөл тун халгаатай байдаг. Мэдээж хэрэг сэтгүүлч хүн бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн хэмжээгээр дуулианы хойноос хөөцөлдөлгүй яахав. Гэхдээ шинжлэх ухааны нарийн асуудлаар өнгөц, ухвар мөчид ойлголтоор дуулиан тарих гэж оролдох нь тун болчимгүй ташаа явдал болж хувирдаг. Учир нь шинжлэх ухаан маш нарийн мэдлэг шаарддаг зүйл юм. Тиймээс ямар нэгэн тусгай зорилго өвөрлөөгүй л бол шинжлэх ухааны эсрэг зүйл бичиж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Түүх судлал ч гэсэн шинжлэх ухааны маш том салбар юм. Тэр салбарын нарийн нандин асуудлыг зөв буруу тийш нь мушгиж, дуулиан босгох нь зөвхөн тухайн үеийн хүчин зүйлээс шалтгаалаад явууртай байж болох ч тэр хүчин зүйл үгүй болмогц түүхийн үнэн үнэнээрээ л босож ирдэгийг энд хэлэх юун. Түүхэн үйл явдалд парадокс байх нь байдаг. Жишээ нь хятадууд өөрсдийгөө хан үндэстэн гэдгээс бус дэлхий даяар тэднийг огт өөр үндэстний нэрээр нэрлэдэг. Монголчууд бид тэднийг нанхиадууд гэж нэрлэж байгаад Өмнөд Манжуур, Өвер Монгол, өнөөгийн Хятадын хойд хэсгийг эзэмшин захирч байсан Хитан гүрэн зүрчидүүдийн (манжуудын өвөг дээдэс) цохилтон дор унасны дараа ч өмнө зүгийг “хитан” гэж нэрлэсээр л байсан. Энэ нэр сунжирсаар олон тоог заах дагавар авч “хятад” болсноор барахгүй өмнөд хөршийн хүн амыг нэрлэдэг нэр болж хувирсан. “China” гэдэг нэр ч ханчууд өөрсдийгөө нэрлэдэг нэр биш юм. Энэ нэр нанхиадуудыг анх нэгтгэж өгсөн жун угсааны Цин улсын нэрнээс улбаатай юм. Энэ бол яах аргагүй түүхийн парадокс мөн.
Түүнчлэн бидний жишээн дээр л гэхэд дээр хэлсэн азижуу царай, европжуу генийг нэгтгэсэн парадоксоос гадна Монгол түмэн Ази тивийн гүнд амьдран суудаг атлаа үндэсний сэтгэлгээ, соёл маань Ази маягийн биш европорхуу маягийн байдаг бас хоёр ч парадоксыг бид хадгалж явдаг. Эдгээрээс гадна бүр гайхаш татах бас нэг парадокс Монгол хүн судлалын судалгаанд бий гэж хэлж болно. Монголчууд бид дэлхийн зүрхэн нутагт амьдардаг болохоороо ч тэр үү, өөр ямар нэгэн нарийн учир шалтгаанаас ч тэр юм уу бусад ундэстнүүдээс бие махбодийн хувьд арай өөр бүтэцтэй гэж хэлж болохоор байдаг.Судалгаанаас үзэхэд Монгол хүний зүрхний агшилтын дээд давтамж 30-40 насны хүн дээр 140-өөс дээш гардаггүй. Гэтэл европынхны хувьд энэ үзүүлэлт 200 байдаг. Өөрөөр хэлбэл ядрах дээд ачааллын үед Монгол хүний зүрхний агшилтын давтамж харьцангуй бага байдаг гэсэн үг юм. Монголчууд европынхонтой ижил ажил гүйцэтгэхэд тэднээс бага хүчилтөрөгч зарцуулах буюу хүчилтөрөгч “гамтай зарцуулдаг” гэх жишээтэй. Монгол хүн “бага хүчээр их ажил амжуулах” чадвартайг энэ хүчин зүйл харуулдаг.
Монгол хүний дотоод эрхтэний жинг өөрийнх нь биеийн жинтэй харьцуулсан хэмжээ европ хүнийхээс их юм. Өөрөөр хэлбэл Монгол хун тэднээс арай бага биетэй ч таван цул эрхтний жин нь европ хүнийхтэй ойролцоо байна. Монгол хүний дотоод эрхтний эс нягт, туслах эд буюу булчирхайн жин нь харьцангуй их байна гэсэн үг. Мөн уушигны урт өргөн, нарийн гэдэс нь урт, бамбай булчирхай, төмсөгний жин ээрэг нь гадаадын эрдэмтдийн (бусад орны хүмүүс дээр) тогтоосон хэмжээнээс бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь 1977 онд олон улсын судлаачид европ хүний уушигны уртыг 27- 30 см, өргөнийг нь 13-14 см гэж тогтоосон байдаг. Тэгвэл эрүүл Монгол эр хүний уушигны урт 20,2-23,5 см, өргөн нь 15,1-15,4 см байна. Уушиг 1-2 см илүу өргөн гэдэг их ялгаа. Гэтэл жингийн хувьд ойролцоо байдаг.
Монгол хүнтэй холбоотой бас нэг сонирхолтой жишээг дор иш татан өгүүлэхийг хүснэ. Хүн сансрын жингүйдлийн байдалд ороход тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд заавал ордог юм байна гэж Монгол хүнийг сансарт нисэхээс өмнө эрдэмтэд үзэж байсан. Гэтэл Монгол хүн сансарт нисээд тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд орохгүй байсаар буцаж ирсэн. Үүний учир шалтгааныг эрдэмтэн судлаачид одоо хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Энэ мэтчлэнгээр бидэнд бусдаас ялгарах зүйл яах аргагүй байгааг мэдэрч байсан учраас өвөг дээдэс маань тэнгэрийн өнгөөр өөрсдийгөө Хөх Монголчууд гэж нэрлэсээр ирсэн биз ээ. Бас өнөөгийн бидний мэдэхгүй учир шалтгаан байгааг ч үгүйсгэхийн аргагүй. Үндэстэн болгон өөрсдийгөө онцгой гэж үздэг. Гэвч ийм өвөрмөц юмуу, онцгой зүйл гарч ирж өгдөггүй нэг гачлан бусад хүмүүст байдаг. Мөн өөр нэг зүйл нэмэж дурдахад Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд юм байна. Монголчууд чинь гетерогени үндэстэн юм гэж тодорхойлсон. Тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй. Учир нь ихэнхи үндэстнүүд, нэн ялангуяа азийн үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг. Тиймээс цусаа цэвэршүүлэх шаардлага тэдэнд илүү их хэрэгтэй юу гэхээс биш бидэнд өчүүхэн төдий хэрэгцээтэй. Эцэст нь хэлэхэд молекул генетикийн судалгаагаар эртний хүний ДНХ-ийн дарааллыг тогтоож, түун доторх хувьсал өөрчлөлтийг үнэлэх боломж нээгдсэнээр бид өөрсдийн гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан мэдэх боломжтой болсон. Молекул антропологийн судалгаанд гол 2 судлагдахуун байдаг ба эдгээр нь У хромосом болон митохондрийн ДНХ (мтДНХ) юм. У хромосом нь зөвхөн эцгээс хүүд дамжих бол митохондрийн ДНХ нь эхээс үр удамд (хуү, охинд) дамждагаараа онцлог юм.Митохондрийн ДНХ нь янз бүрийн удам угшлын (популяцийн) гарал үүслийг тогтооход хамгийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд антропологийн эволюци, удам угшлын генетик, анагаахын генетик, шүүхийн шинжилгээ зэрэг шинжлэх ухааны салбаруудад чухал судлагдахуун болдог. Зөвхөн эхээс үр удамд дамжих ба рекомбинаци явагдахгүй тул митохондрийн ДНХ-ийн олон янз байдал нь гагцхүү мутацаас үүдэлтэй бөгөөд энэхүү ялгаатай байдлыг ашиглан тогтсон гапло-төрхүүдийг (гаплотипүүдыг) бий болгосон.
Ж.Бор -
Зайран Ч.Чингис: Эмэгтэй хүн л түүнийг алаад өг, хараагаад өг гэж гуйдаг юм
-Би Хөвсгөлийн Рэнчинлхүмбэд төрсөн. Дөрвөн сартайдаа Улаан-Уул суманд ирсэн юм гэнэ лээ. Гуравдугаар ангид байхад минь манайх Алаг-Эрдэнэ суманд шилжин ирж, тэндээ сургууль дүүргэсэн дээ. Аав ээжийн аль аль тал нь бөөгийн удамтай. Би гэхэд Дэлдэн удганы өвөр дээр ганц хоёр жил эрхэлсэн хувьтай үр. Өвөөгийн минь ээж нь. Бөө мэддэг хүмүүс Цэвэл удган гэхээр анддаггүй юм. Хар ногоон өнгийн сарлагийн зурагтай чихэр, мушгиа боов хоёроор намайг мөн ч их эрхлүүлсэн дээ, хөөрхий. Равдан дарханы авгай, Цэвэл чавганц гэдэг байлаа.
-Анх яаж бөө болсон бэ? Одооны бөө нарыг харахад мөн ч их хөл болж байж нэг юм ёсоо гүйцээх юм. Уг нь дархадууд их хялбархан, хөнгөхөн босгодог юм шиг байдаг…
-Эхлээд 1987 онд гэнэтхэн элийрч балайрдаг юм. Тэгэхэд би Цагааннуур суманд ой, ан хамгаалах байгаль орчны байцаагч хийж байсан юм. Нөгөө мундаг байцаагч чинь сураар чулуу баглаад үүрчихсэн, сумын дэлгүүр дотор цохиж явбал яахав? Бөөгийн өвчнөөр өвдсөн нь тэр юм байж. Алс бөглүү газар тулдаа л болсон байх. Түүнээс биш төв суурин газар байсан бол галзуурчихлаа гээд Шар хаданд хэвтүүлж, хэд хүчтэй тариад л ноомойлгож авна биз дээ. Бас ч гэж бөөтэй газар гэдэг чинь учиртай. Энэ бөө болох нөхөр л манаргаж явна гэдгийг мэдэлгүй дээ. Хойтон нь Улаан-Уул суманд Цэгмид удган дээр очлоо.
-Цэгмэд удган гэдэг чинь Чинбат зайрангийн багш мөн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Тэр үед чинь юм их тодорхой байлаа. Бөө гэхэд цаатнууд дунд Гомбохүү зайран, Баянзүрхэд Балжир удган, Улаан-Уулд манай багш гурав л байлаа шүү дээ. Багшийнх маань тэгэхэд Ушгидай гэдэг газар байсан юм даг. Хуур татаж явган бөөлөөд л холбож өгсөн. Уулын орой дээр их гал түлж байгаад бөөлж билээ. Нэг хуур амилуулж өгөөд “Үүнийг татаж бай” гэсэн.
-Уг мөшгөх, дуудлага хэлэх, хувцас хуяг амилуулах зэрэг зан үйл хийгээгүй гэж үү?
– Дархадын бөө холбох ёс их энгийн. Онгодонд чинь мэдүүлж таниулаад л орхино. Чи үнэхээр сайн бөө юм бол аандаа л учраа олоод, хүчээ аваад босоод ирнэ. Чадахгүй бол хохь чинь. Шударга байгаа биз дээ? Байгалийн шалгарлын хууль үйлчилдэг гэж хэлж болно.
– Анх ямар засал хийв? Бөө болсон гэдгээ мэдэрсэн үе чинь хэдийнээс вэ?
-1993 онд юм байна. Цэгмид удган намайг дуудуулжээ. Мөрөнд нэгдүгээр хороонд байсан юм. Шар ахаар замчлуулж очлоо. Шар ах гэдэг маань багшийн төрсөн хүү, одоо Улаанбаатарт байгаа зайран Чулуунбаатар шүү дээ. Гэтэл намайг айлд очиж хүүхдийнх нь хөлсөөг гарга гэнэ. Хөлсөөг нь гаргалаа, хүүхэд ч зүгээр боллоо. Ямар ч байсан болсон. Тэгэхэд миний онгод хэл ороогүй байсан юм.
-Хэлгүй байсан гэнэ ээ? Тэгээд хэзээ яаж хэл оров?
-Аяандаа л тэгж байгаад хэл орсон. Эхлээд “Гоолингоо” дууны үгийг зүүдэлдэг юм. Тэр дууг чинь би мэдэхгүй шүү дээ. Нэг шөнө унтаж байтал л “Арван түмэн адуун сүрэг…” гээд үг нь ороод ирсэн. Ямар ч үгийн зөрөөгүй зүүдлэгдсэн байсан. Энэ бол хэл орох дохио байсан юм билээ.
-Яг тамлага дуудлагаа хэлж орж ирсэн нь хэзээ вэ?
-Хуур татаж байхад янз бүр л болдог байлаа. Хэдийд гэдгийг нь санахгүй байна. Нэг удаа
“Ар Тагныг дэрлэж төрсөн
Арцтай ногоон тайгыг тэвээлж өссөн бие минь…” гээд л ороод ирсэн.
Дархадыг өнөр өтгөн байхад
Даалимбыг найман амтай байхад
Бургалтай, Зөөлөн хоёрыг цам майдартай байхад
Буян, Содном тэргүүтнийг отго жинстэй байхад
Өвөр зөөлөн биеийг харж л амилахаар
Өргөн алаг Шишгэдээс салж л нүүж билээв гээд онгод гарчихдаг юм.
-Бургалтай, Зөөлөн гэдэг нь хүрээ хийд бололтой. Буян, Содном гэдэг нь хэн бэ?
-Зөөлөнгийн хийд гэдэг нь Рэнчинлхүмбэд байсан юм билээ. Бургалтай нь хаа байсныг мэдэхгүй. Буян, Содном гэдэг нэрийг ч мөшгөж сонирхоогүй орхисон.
-Ямартай ч Дархдын хотгорт шарын шашин нэвтэрсэн, монгол хүний нэр ус төвд болсон, ноёд баяд манж ёсоор отго жинстэй болсон үеийн онго байх нь ээ.
-Тэгж таарч байгаа юм. 18-19 дүгээр зууны үеийнх л байх. Одоо ч гэсэн үе үе орж ирж л байдаг юм. Ер нь тэгээд онго тэнгэрүүд гэдэг чинь цэцэн цэлмэг ч гэж бэрх шүү дээ. Жишээ нь,
“Оч бадарсан
Манант хар үүлнээс
Олон онгод зорчсон
Огторгуйн гүн хязгаараас…”
тэгж тэгж, ингэж ингэж ирлээ гээд л бууж байх нь ч бахадмаар шүү. Энгийн цагт намайг тэгж мөр толгой холбоод хэлээдэх гэвэл барах уу даа? Би ч бас хэлэмгий доломгой л хүн, гэхдээ ингэтэл уран цэцэн хэлж яавч барахгүй ээ.
– Бөө болгон ямар нэг үйлд илүү гаршсан, илүү сайн байх нь бараг зүй тогтол гэмээр ажиглагддаг. Өөрийн чинь хувьд ямар үйлэнд илүү сайн бэ? Энийг л би нэг чадна даа гэж бардам хэлэх зүйл юу байна?
-Нялхсын үйлд бол ер нь сайн шүү. Хөлссөн цочсон, гэмтсэн сэвтсэн гээд нялх хүүхдийн засалд сайн сайн. Тэгэхдээ миний сайных биш, онгодын сайных шүү. Би өөрийгөө магтаагүй, онго тэнгэрүүдээрээ бахдаж байна. Ер нь нялхсыг цааш нь алдсан удаагүй. Хоёрт гэвэл, хилс хэргээр шорон оронд суусан хүний асуудлыг наашлуулахдаа сайн. Харин яалтгүй өөрийн буруугаар шоронд орсон хүнийг бол барахгүй юм билээ. Саваагүйтэж бас үзэж л явлаа. Ер нь онго тэнгэрүүд чинь шударга үнэний талд бат зогсдог, худал хуурмагийг үздэггүй юм шүү дээ.
Гуравт, онго тэнгэртэй хүнд хөтөч болж, угийн их тэнгэртэй нь уулзуулж таниулж өгөхийг бол хийж болж байна аа. Тэгэхдээ хаа хамаагүй юмыг хахь өөр хүнд аваачиж наахыг бол зөвшөөрөхгүй. Арын үр дагавар нь хаа хаанаа муу. Тэрнээс биш огтоос онго тэнгэргүй мөртөө надад ямар ч хамаагүй онго олоод өгөөч, би бөө л болмоор байна гэх хүн таарч л байдаг юм. Нэг удаа саваагүйтэж хийж үзсэн болж л байна лээ. Гэхдээ ар нь хатуу. Хүсэх юм биш. Бусад олон бөөг ч гэсэн тийм нүгэл битгий үйлдээрэй гэж захья. Эзэнгүй сүнсэндээ ч муу, энэ биеэ өгч байгаа хүндээ ч муу, холбож замчилсан бөөдөө ч муу шүү. Тэгж давхар давхар нүгэл хийгээд яахав. Сураг сонсоход ийм төрлийн үйлээр дагнасан улс ч байгаа юм шиг. Ээ дээ, тусгүй шүү. Эртхэн наад нүгэлт үйлээ зогсоо гэж хэлмээр байна.
-Бөө болох ёстой хүнийг хүнийх нь хувьд шинжиж, атаач жөтөөч, хонзогнуур, хөнгөн гоомой хүнийг бол онго тэнгэрт нь учир мэдүүлэн давуулах, дараа үе рүү нь шилжүүлэх зэрэг зан үйлүүд орхигдоод байна уу даа гэж бодогдох юм. Бөө болох хүнийг нь шинжих нь бүү хэл, бөөд хамаагүй хүнийг ч гэсэн бөө болгож хэдэн төгрөг салгах гээд л уралдаад байх шиг…
-Тийм тал ажиглагдаж байна аа. Таарсан хүн бүрийг холбож болохгүй ээ. Ялангуяа эмэгтэй хүнийг их нарийн шинжиж байж бөө болгохгүй бол хэцүү. Хүнд хараал хийгээд өгөөч, алаад өгөөч гэж эмэгтэй хүн л гуйж ирдэг юм. Өдий олон жил бөөлөхдөө тэгж хэлж ирсэн нэг ч эр хүнтэй таараагүй. Харин эмэгтэй хүн бол зөндөө. Яасан ч муухай хор хонзон, ямар ч хүчтэй үзэн ядалт тээж явдаг юм бэ дээ, эмэгтэй хүн гэдэг. Эм хүний язгуур чанарт нь ийм зан байдаг учраас манай ард түмэн “Эм хүний ухаан богино, үс урт” гэж хэлсэн болохоос одоо яриад байгаа шиг дорд үзэж ялгасан хэрэг биш юм шиг байна. Үзсэн ном, сурсан сургуулиараа хэнээс ч давахаар эмэгтэй хүнээс хүртэл тийм үзэн ядалт, өс саналт гардаг л юм билээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг хатуу зөөлний хоёр туйл ч юм шиг. Гэтэл үр хүүхдэдээ хамгийн ойр байж, зааж сургадаг нь эмэгтэйчүүд гэж бодохоор бидний ирээдүй мөн ч харанхуй байна аа. Айн?
Мэдээж нүгэл буяны ялгаа заагийг олж таньсан, гэгээрч ухаарсан эмэгтэйчүүд бий л дээ. Харамсалтай нь тэд даанч цөөхөн.
-Эрхи зүүснийг нь харахаар лам мэт, толь зүүснийг нь харахаар бөө мэт хүмүүс олон байх юм. Хийж байгаа зан үйл нь ч гэсэн холимог саармаг. Тэр талаар та юу бодож явдаг вэ?
-Лам ч биш, бөө ч биш нөхөд олон байна. Бөө юм уу гээд үзэхээр онгодгүй, чойжин юм уу гэхээр буултгүй хэцүү л улс харагддаг. Бид хэдийгээр ах дүүгээрээ бөө ч гэсэн ламаар хийлгэх засал байж л байдаг. Өвөө маань лам байсан. Өвөөгийн минь ээж удган байсан. Тэглээ гээд бид бөөгийн онгодын хүчээр лам өвөөгийнхөө сүнсийг дуудаад, өөрсдөө лам удамтай гэж эрхи зүүгээд явахгүй л байна. Харин ном судрыг нь лам залж тоослуулаад, бурхан шүтээнийг нь дээдлэх ёстой улс нь залаад л явдаг. Юманд чинь зааг ялгаа байдаг. Лам нь ламаараа, бөө нь бөөгөөрөө л баймаар байна.
-За, хоёулаа бөөгийн тухай баахан ярилаа. Энэ сэдвийг орхиод Чингис гэдэг хувь хүний тухай бяцхан тодотгол хийе. Өөрөө дөрвөн төрлөөр спортын мастер болсон бас нэг өвөрмөц амжилттай хүн. Тийм хүн Монголд өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэр талаараа яриач.
-Хэрэг байна уу даа. Өөрийгөө магтсан болох вий. Аравдугаар ангийн сурагч байхдаа хөнгөн атлетикийн төрлөөр спортын мастерын болзол хангасан. 1987 онд тэшүүрийн улсын аваргын тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлж спортын мастер болсон. 1988 онд цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байрт орж энэ төрлөөрөө спортын мастер болсон. Ингэж спортын гурван төрлөөр мастер хийсэн юм. Харин дөрөвдэх буюу олон улсын хэмжээний мастер цолоо бөхөөр авсан. Самбо, жудогоор нэлээд үзсэн. Даанч 60 кг-ын жинд тэр үед Баттулга мулга гээд дэлхийн аваргууд байгаад гарч улсад түрүүлж чадаагүй. Гэхдээ олон улсын хэмжээний мастер болсоон, хөөрхий.
Шинэ цэрэг байхдаа улсын наадамд гурав давж байлаа. 60 кг-ын жижигхэн биетэй хүнд бол чамлахааргүй амжилт. Цэргээс очсон жил сумын наадмын засуул өвгөн “Цэргийн хүүхдийн хөл нь чанга байдаг юм” гэж хэлээд чирч аваачаад барилдуултал үзүүрлээд начин болчихдог юм. Дээд тал нь улсын цолтныг давж, доод тал нь сумын наадмын нэгийн даваанд зургадугаар ангийн хүүхдэд унаж байж дээ.
-Одоо та хаана амьдарч, юу хийж байна? Холбоо яаж барих вэ?
-Улаанбаатарын иргэн болоод олон жил болж байна. Чингэлтэй хайрхан уулынхаа суга цээжинд нөмөрдөж, ээл ивээлд нь багтаж амьдардаг даа. Зовлонтны зовлонг нимгэлж, золтны хийморийг нэмэх энэхэн насны үйлд онго тэнгэрийн зараалаар зүтгэж л байна, хөөрхий. Надтай 9601-1936 тоот утсаар холбогдож болно.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан Б.Галаарид -
Ширгээсэн усны ач тус
“Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэсэн ардын зүйр үгийг манай ард түмэн өнө эртнээс хэрэглэж ирсэн.Энэчлэн буцалгаж, сайтар ширгээсэн усаар олон өвчин анагааж ирсэн түүхтэй юм.
– Юуны өмнө хоол, нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлэн
2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар шимээлтүүлэн өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөод ууснаасаа их шингэн алддаг.
– Өглөө бүр буцалсан усыг бага шаазангаар нэгийг өлон элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системиин үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайн зүйл.
– Орой бүр буцалсан усыг дунд хэвийн мөнгөн аяганд хийж тавьж хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.
– Халаасан хуучин, хуурсан шарсан, жигнэсэн хоол, хуучин юстой боорцог, талх зэрэг хоол идэхэд ходоод хорсох, ам гашуун оргих, шингэн үед харлаж өвдөх зэргээр шаналгаатай болж олон хоног үргэлжлэх тал гардаг. Энэ нь ходоодны гастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн усаар эмчилж болно. Үүнд: өглөө бүр буцалсан нэг аяга усанд хоолны халбага зөгийн бал уусгаад хөргөж бүлээн болгон өлөн элгэн дээрээ ууна. -
Монголын уламжлалт хэмжүүр
Тугалын бэлчээр /500 м – 1 км орчим/
Хонины бэлчээр /1 – 2,5 км/
Аргамжааны газар /20 – 50 м/
Адууны бэлчээр /4-10 км/
Хагас өдрийн газар /40 – 45 км/
Бүтэн өдрийн газар /90 – 100 км/
Хоногийн газар /120 – 130 км/
Зуур хоногт газар/210 – 220 км/
Алхам /1 м/
Тохой /40 см/
Мухар тохой /33 см/
Дэлэм /1 м/
Алд/1,5см/
Төө/20см/
Мухар төө/19 см/
Үзүүр төө Сөөм/18 см/
Мухар сөөм /12-15 см/
Хуруу /2 см/
Бодын туруу /6 см/
Богийн туруу /3 см/
Шагай /10-15 см/
Шилбэ /20 – 25 см/
Өвдөг /50 – 60 см/
Эгэм /дунджаар 135 см/
Барим буюу алга дарам /10 см/
Ямх /3,5см/
Зэрэгцээ гишгэм /21 см/
Цуваа гишгэм /56 см/
1 бээрт – 4 гөрөм.
1 гөрөмд – 2000 алд.
1 алдад – 4 тохой.
1 тохойнд – 20 хуруу.
1 хуруунд – 8 арвай.
1 арвайнд – 8 бүүрэг.
1 бүүрэгт – 8 гич.
1 гичид – 8 үсний үзүүр.
1 үсний үзүүрт – 8 нарийн тоос.
1 нарийн тоосонд – 8 маш нарийн тоос багтдаг байна.ХҮНДИЙН МОНГОЛ ХЭМЖҮҮР
Монголчууд дэнс, тавган жин, морин жин ашиглаж хүндийг хэмждэг байв. Хүндийг хэмжих нэгжийг килограммтай харьцуулбал:
Жин = 596,816 г
Лан = 37,301 г
Цэн = 3,7301 г хэмжээтэй тус тус тэнцэнэ. -
Байтаг Богдын тулгаралт
Энэ үед Осван шилдэг 22 баатруудынхаа өшөөг авах зорилготой Манат баатраар удирдуулсан 100 орчим хүнийг Сантуха тосгонд оршдог хуарангаас гаргасан байна.
Дээрэмчид 7 сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүн харгайт голын эхээр улсын хилийг зөрчсөн байна.
Хавцал уруудан, 400 метрт дөхөж ирсэн дайсны зэвсэгт бүлгийг хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа 2 цагаан пуужин буудаж сумандаа дохио өгч, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т байгаа суман руугаа хэл хүргүүлэхээр давхиулж өөрсдөө толгойн оройд гарч хоригложээ. Дайсны эхний галд Архад, Баян нар алагдаж, хүнд шархадсан Дандархайдав ахлагчийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.
Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгтэйгээр дайрсан байна. Үзэгдэц муутай газар хориглон байрласны улмаас хилчид тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсаар дайсны гранат миномётын галд амь үрэгджээ. Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуусан байв. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэвгэ нар бүслэлтээс буудалцан гарсан ба нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт 2 цаг орчим үргэлжилж 9 цаг 30 минут гэхэд дайсан буцаж бараагүй болсон байлаа.
Пулемётчин Тэгшээ миномётын дэлбэрэлтэнд хөлөө тас цохиулсан боловч тулалдсаар дайсны гранатын дэлбэрэлтэд үрэгдэж, тасгийн дарга Гиваан гал хамгаалагчийг нь авсан гранатаа дайсан руу шидэх гээд амжилгүй атгаастай чигээрээ алагдаж, Даваадорж нөхдийнхөө хамт дайсанд бүслэгдэн гарцаагүй болсон үед гранатаа дайсны дунд шидэж амь үрэгджээ. Түүний зүүн гарын хуруунд гранатын гал хамгаалагчийн цагариг байсан бөгөөд бие нь дундуураа тасарснаас үзэхэд амьдаараа баригдах аюул тохиолдсон тэр аймшигт мөчид сүүлчийнхээ гранатыг өөртөө зориулсан нь тодорхой байв.
Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр олон дахин давуу байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт 2 сум туссанаас үзэхэд маш хүн тулгаралт болсон нь илэрхий. Хилчид ашиг муутай байрлал эзэлж хориглосон хэдий ч дайсантай баатарлагаар тулалдан үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Дайсантай баатарлагаар байлдаж гавъяа байгуулан амь үрэгдсэн Б.Тэгшээ, Б.Гиваан, Л.Даваадорж нарт “БНМАУ-ын баатар” цол, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян нарыг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-гоор тус тус нэхэн шагнасан байна. Мөн Заставын улс төрийн орлогч Хаянхярвааг “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэвгэ нарыг “Байлдааны гавъяаны одон”, Ч.Пэлжээг “Байлдааны медалиар” тус тус шагнажээ.
Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл., УБ., 1993 он. 247-249-р хуудас.
Зураг. Тулгаралт болсон газарт босгосон дурсгалын хөшөө -
НЭР ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ
Ингэсний дараа өвөг эцэг, эмэг эх, авсан эх гурав хамжин хүүхдээ, унасан газрын урсгал усаар “бүлээн цай, шөл хийж” угаана. Хүүхдийг угааж өлгийдсний дараа хамгийн ахмад хүн ваарыг өвөр дээрээ аваад хоёр гараараа нар зөв эргүүлэн зөөлөн зайлахад хуйлж хийсэн нэрнүүдээс аль түрүүлж гарч ирснийг нь эцэг, эх хоёрын аль нэгээр авахуулж задалж үзэхэд тэнд бичигдсэн нэрийг хүүхдэд өгнө.
Хэрвээ хүүхэд эрэгтэй бол баруун чихэнд нь, эмэгтэй бол зүүн чихэнд нь тэр нэрийг 3 удаа аяархан хэлээд өлгийтэй хүүхдээ хоёр гардан өргөж хүмүүст дуулдахаар нэрийг нь гурван удаа хэлээд орон дээр нь тавина.
Цугларсан олон адууны хүн үү, аль эсвэл тогооны хүн үү? гэж асуугаад авчирсан бэлгээ өгнө.
Ёслолын эцэст хүүхдэд хандан:
Эх эцэгтээ энэрэлтэй
Элэг садандаа түшигтэй
Эх орондоо гавьяатай
Эрхэм сайн хүн болохын
Эетэй сайхан ерөөлийг
Энд дэвшүүлж айлтгая гэж ерөөнө.
Хүүхдийг угаах, нэр өгөх ёслолыг ийнхүү хамтатган хийдэг нь нарийн учир уялдаатай юм.
Эрдэнэт хүний биеийг олоод эцэг, эхээс хайрласан нэр төрөө эрхэмлэн хамгаалж ирсэн түүхтэй ард түмэн билээ.
“Дуудах нэрийг эцэг эх
Дуурсах нэрийг өөрөө олдог”
“Нэр хугарахаар
Яс хугарах”
“Хүн нэрээ тогос өдөө” гэх мэтээр эртнээс нэр төрөө эрхэмлэн дээдэлж иржээ. -
Д.Өлзийбаатар: Бид өвгөдийнхөө асгаруулсан цус, хэмхчүүлсэн ясан дээгүүр алхаж явна
________________________________________Д.Өлзийбаатар “Бидэнд дэлхийг эзэгнэж явсан түүх бий. Харин бид өнөөдөр тэр баялаг түүхээсээ ямар сургамж авах ёстой вэ гэдгээ мэдэж байх учиртай гэж би бодож явдаг. Тийм ч учраас энэ лекцээ Түүхийн сургамж ба ирээдүй гэж нэрлэсэн.Бид өнгөрснөө харж түүнээсээ сургамж авч байж яг одоо амьдарч байгаа үеэ илүү сайн ойлгоно. Энэ амьдарч буй үеэ зөв сайн ойлговол ирээдүйд бид зөв сайхан хөгжих зам нээгдэнэ. Иймд бид асар их баялаг уламжлал, сургамжтай түүхээ үргэлж судлаж байх ёстой.Бидний хувьд тусгаар тогтносон явдал бол монголчуудын хамгийн үнэт зүйл юм.Бид энэ тусгаар тогтнол гэдэг үгний үнэ цэнийг хэрхэн ойлгох ёстой. 100 жилийн өмнө дэлхийн улс төрийн газрын зураг дээр Монгол Улс байхгүй байсан. Бидний бахархах түүх, Монгол гэдэг нэр, Монгол гэдэг улс тэр үед дэлхийд мартагдчихсан байсан. Тэр мартагдсан байсан ард дэлхийд газрын зурагт өөрсдийгөө тэмдэглүүлэхийн тулд тэмцэх хэрэгтэй болсон. Үүнийг тусгаар тогтнолын төлөөх тэмцэл гэнэ.Хэрвээ бид яг тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн бол хэн байх байсан бэ? Өнөөдөр бид сайхан Монгол хэлээрээ ярьж, дуу дуулж, шүлэг бичиж байна. Энийг л бид тусгаар тогтнол гэдэг үгтэйгээ холбож ярьдаг юм. Бүх тусгаар тогтносон улсад тавигдах шаардлага байдаг.Үүнд тухайн улс үндэсний өв соёлоо хадгалж чадсан уу, чаддаг юм уу, улс төр эдийн засгийн тогтвортой байдлаар хангагдсан юм уу, тухайн улс нь өөрөө эдийн засгийн хувьд хөгжиж чадах уу, нэгдэл нягтрал байгаа эсэх, үндэстэн ястны хуваагдал байгаа эсэх, шашнаараа гадуурхдаг уу гэх мэт олон асуудал байдаг. Харин хамгийн сүүлд нь энэ үндэстэн цаашдаа оршин тогтнох чадамжтай юу? Энэ бүх шалгууруудыг давж байж бид тусгаар тогтносон юм.Энэ үндэстэн эрүүл саруул уу?Энэ үндэстний нас урт уу?Хүн ард нь амьдрах зохистой нөхцөлд аж төрдөг юм уу?Цааш хөгжих боломжтой юу? гэсэн асуултыг тусгаар тогтносон улсад тавьдаг. Харин энэ асуултуудад Тийм гэсэн хариулт өгч чадаж байвал бидний хамгийн их хүндэлж ярьдаг Тусгаар тогтнол гэдэг үгийн утга оршиж байгаа юм.Дэлхий дээр маш олон улсууд байгаа ч тэдний 200 гаруй нь л одоогийн байдлаар тусгаар тогтносон буюу дэлхийн газрын зураг дээр өөрийн гэсэн бие даасан өнгөтэй байдаг. Эдгээр улсуудын мөрөөдөл нь ердөө үндэстнийхээ соёл уламжлалыг хадгалж оршин тогтноход л оршдог.Бидний өвөг дээдэс ахмад үе 100 жилийн өмнө энэ тусгаар тогтнолоо олж авахын төлөө асар их гарз хохирлоор олж авч олон мянгаараа амь үрэгдсэн. Тийм учраас л Монголын тусгаар тогтносон байдлыг Монголчуудын яс цусан дээр тогтсон Тусгаар тогтнол гэж нэрлэдэг юм.Бид өвгөдийнхөө асгаруулсан цус, хэмхчүүлсэн ясан дээгүүр алхаж явна. Үүн дээр тусгаар тогтнол гэдэг оршдог. Магадгүй тэд маань тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж чадаагүй бол Өвөрмонгол, Буриад шиг хувь заяа биднийг угтах байсан. Бид ийм үнэтэй тусгаар байдлаа яаж хамгаалж авч үлдэх тухай хүн бүр бодох ёстой. Ингэхдээ хамгийн түрүүнд түүх рүүгээ харах ёстой” гэсэн юм.