Category: Монгол үндэсний түүх

  • Богдын сүүлийн хатан Н.Гэнэнпил

    Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/
    Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг Богд хаантан 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхэдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн. Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр алсарсаар л авай…
     
    Үндэстэн агентлаг 
     
  • Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсан

    Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ.
    Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.
    ________________________________________
    -Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг.Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?
    -Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа.Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн.Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон.
    Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж.1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг.1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан.Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ.Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж.Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан.8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж.Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж.Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.
    -Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?
    -Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ.Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан.Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг.Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ.Бүтэн гурван цаг тулалдсан байдаг.Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж.Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж.Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан.
    Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг.Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа.Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг.Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж.Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ.Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.
    -Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?
    -Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ.Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг.Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж.Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан.Бидэнд ч тийм горьдлого төрж байсан.Гэтэл нөгөө бараа алга болсон.Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн.Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн.Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх.Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ.Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр.Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм.Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.
     
    Д.Чойжингийн гэр бүл. 1971 он
    -Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?
    -Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог.Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон.Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ.Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг.Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ.Бид чинь ааваас есүүлээ.Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм.Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.
    -Ёстой л ус уух хувь байж дээ?
    -Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа.Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн.Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг.Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг.Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон.Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо.Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)
    -Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг.Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?
    -Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан.Сумны сэтэрхий байдаг байлаа.Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт.Жамьян генералын бичсэн зүйл энд байна.“Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан.Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг.Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ.Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа.Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн.Байдал ийм л байсан юм билээ.Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн.Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг.Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ.
    Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа.“Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү.Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна.Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ.“Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон.Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай.Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.
    Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон.Энэ бол гүтгэлэг.Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон.Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан.Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа.Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн.“Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан.Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.
    -Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?
    -Үнэхээр хэлмэгдсэн.Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн.Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.
     
  • Х.Уянга: Монгол үндэстний өвийн ухааныг мухар сүсэгтэй эн дүйцүүлж огтоос болохгүй

    Түүхэнд ч энэхүү өв соёлыг тэртээх 2000 гаруй жилийн өмнө Хүннү гүрнээс үүдэлтэй хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Эгэл жирийн ардаас өгсүүлээд ихэс, дээдсүүд ч далаар мэргэлэх увидасыг гайхалтай эзэмшсэн байсан гэдэг. Мөнх хаан гэхэд улс гүрнийхээ алс хэтийн өнгө төлөвийг дал тайлан урьдчилан мэддэг байсныг Францын элч жуулчин хэдэнтээ харж, тэмдэглэлдээ баталгаажуулсан байдаг юм. Өнөө цагт далаар мэргэлдэг далд увидастай хүмүүс олон бий. Дийлэнх нь далыг шатааж байж мэргээ тайлдаг. Харин Х.Уянга хэмээх бүсгүй далыг цагаанаар нь буюу огт шатаалгүйгээр мэргэлдэг онцгой чадварыг өвөг дээдсүүдээсээ уламжпан авчээ. Түүнтэй уулзаж, тун сонирхолтой ярилцлага өрнүүлснээ толилуулъя.
     
    -Орчин цагт мэргэ төлөг тавьдаг хүмүүс олширсон. Харин далыг цагаанаар буюу шатаалгүйгээр тайлах нь бусад төрлийн мэргээс ямар ялгаатай юм бэ?
     
    -Бидний өдөг дээдсүүд дэндүү их нарийн цаад мэдрэмж өндөртэй хүмүүс байсан нь зуун зуун дамнан өвлөгдөж ирсэн цагаан дал тайлах домнол шившлэгтэй шууд холбогдох болов уу. Дал шатаах мэргийг голдуу малчин ардын дунд илүүд хэрэглэдэг гэдгээр нь гар доорх далдын толь хэмээн нэрийддэг. Харин үүний дээр дал зөвхөн шатаагдаж бус цагаан яс чигээр мэргэлэгдэн тайлахдаа ойр зуурын бус хэтийн болоод ирээдүй, өнгөрсөн, одоо цагийн үйлийн үрийн гарвалтай амьдралын аливаа гогцоо зангилаа үл тайлагдах цаад талын хийн гарвалтай мэдээллийг ил гарган тайлдаг. Дээрээс нь хүн бүрийг харж тэтгэн байдаг гэх ‘‘Завьяа таван” тэнгэрийн холбоостой, бүүр түүнчлэн гал голомтоо холбох гэж буй ураг удам цаашдаа зохицох, үл зохицох талын шинжийн зүйлийг хүртэл тайлж байх юм.
     
    -Зарим хүмүүс энэ бол мухар сүсэг гэж үгүйсгэдэг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
     
    -Далын дом зүй, шившлэг гээд ярихаар зарим нэг ертөнцүүд мухар сүсэгтэй холбон ойлгох мэт санагдах юм. Энэ их язгуур ухааныг түмэн олондоо илүү ойроос түгээгээд явж байгаа хүний хувьд маш ойлгомжтойгоор тайлбарлан хэлэхэд Монгол хүн бүрийн мэдвэл зохих, мэдсэн байхад илүүдэхгүй гэдэг талаараа хүн хэмээх ертөнц махан болоод сүнсэн хоёр биетэй. Цөөн хэдэн үгээр хэлбэл, “Далдын” цаад талын “Арга билиг”-ийн “Билиг” дэх ертөнцийн бүхий л талын мэдээллийг цогцоор нь агуулсан толь. Далдын сөрөг хүчний дом гэдгийг бидний өнөө үед байгаа хийгээд өмнөх болоод өмнөхийн өмнөх судлаачид, номч мэргэд, түүхч өвгөд өтгөс маань ном судар, зохиол бүтээлдээ тодоос тод тэмдэглэн бичиж үлдээсэн байдаг. Энэ нь одоо үед манай хийж түгээд буй үйл ажилд минь улам ихээр мэдрэгдэж, тэр дундаа зөвхөн “Монгол үндэстэн” л энэ далдын язгуурт сүнслэг ухааныг өвлөн авах эрхтэй төрсөн гэдгийг машид сайн ойлгож мэдээсэй гэсэндээ дотоод ертөнцөд нь агуулагдах шинж тэргүүтнийг чадлынхаа хэрээр үе тэнгийн залуус, хойч ирээдүйдээ ойлгуулж тунгаалгахыг хичээж байна. Хичээж байна гэдэг үгийн цаана Монгол хүн монголоороо байгаасай, амьтны мэт үйлдлээр амьдарч үржихгүй байгаасай, өв соёл, ёс заншил өвөг дээдсийн сургаальтай, жудагтай, хариуцлагатай, оюунтай, хүнлэг чанараа үргэлж үеийн үед гэрэлтүүлж явах ухаанд суралцан шамдаж хичээж яваасай л гэж бодох юм. Үүний дээр цагаан далны дом шившлэгийг бусад мэргэтэй огтоосоо эн зэрэгцүүлж болохгүй.
     
    -Яагаад?
     
    -Учир нь даланд агуулагдаж буй мэдээлэл нь “магадгүй, эсвэл” гэсэн эргэлзээнд тайлагддаггүй. Тийм ч учраас хугацааны хувьд тодорхой барагцаалбал Хүннүгийн үеэс бүр түүнчлэн Монгол үндэстэн энэ хорвоо ертөнцөд анх үүссэн тэр цаг үетэй эн чацуу хэмжээнд түүхэн сударт бичигдсэн байх юм. Иймээс ч “Би хэлье, чи тайл”, “Хотон доторх хоёр мэргэн” гэх мэт он цаг дамнан ирсэн оньсого зүйр үлдсэний дээр өнөө цагийн амьд судар болсон Л.Түдэв гуай дал сударыг бэлтгэн бидэнд түгээсэн байдаг шүү дээ. Ер нь ч монголчууд бид тэнгэр шүтэж, хар цагаан сүлдээ тахиж далаа дээдлээд, далтайгаа байхад арга билигийн алинд ч өвдөг сөхрөхгүй гэсэн байх юм.
    Сүүлийн үед дал тайлуулах гэж ирж байгаа хүмүүс маань ихэвчлэн олон төрлийн мэргэ төлгө тавиулж байсан байдаг. Тэр болгоноос сайн нь ч байна, саар нь ч байна. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд далны мэргийг бусад төрлийн мэргэтэй зүйрлэж болохгүй. Хүмүүс ихэвчлэн “Мэргэ нь хэр сайн бэ, хэр магадлалтай вэ” гэж асууж лавладаг. Цагаан далыг өдий хугацаанд тайлаад явж байгаа хүний хувьд хэлэхэд “Магадлалтай, магадгүй гэсэн зүйл далан дээр огт буудаггүй гэдгийг дахин баттай хэлье. Нэг ёсондоо эргэлзээтэй мэдээлэл далан дээр буудаггүй юм. Учир нь тухайн хүн далтай харьцаж эхэлсэн цагаас түүнтэй холбоостой бүх мэдээлэл хадгалдагддаг гэсэн үг. Тэгэхээр анх далны махаа хуулсан цагаас эхлээд тухайн хүний халуун эрчимтэй нь далны яс маань шууд холбоостой болж далдын буюу сүнсэн талын мэдээллийг өөртөө буулгадгаараа гайхалтай байдаг. Тиймээс бусад төрлийн мэргэтэй харьцуулашгүй. Билиг талаасаа мэргийн цаад оношлуур нь далан дээр тайлагдаж байдаг
     
    -Тэгэхээр цагаан далан дээр тухайн хүний заяа төөрөг тэр чигтээ буудаг гэж үү. Ингэж тайлуулсан далаа яах ёстой вэ?
     
    -Тайлагдсан дал маань он цаг хугацааны туршид дом шившлэг болоод тухайн гэр бүлийн хойморьт залагдаж эрчим хүчтэй оршихуйд хадгалагдсаар ирсэн байдаг. Үүнийг монголчуудын өв соёлтой холбоод үзэхэд таван хошуу малынхаа далыг ерөөсөө хаядаггүй байжээ. Ялангуяа малчин зон олон маань буянт малынхаа баруун хааны далыг хаядаггүй байж. Энэ тухай түүхэн сурвалжууд арвин. Өнөө цагт хүртэл хөдөө орон нутгаар явж байхад аливаа хад хавцалд дал хавчуулсан байх жишээтэй. Ингэхдээ хар зүгийг хааж, далныхаа ясыг тавьдаг байсан байна. Дээр хэлсэнчлэн далтайгаа байхад гэдэг үгийн учир нь гэвэл далдын чигээ тайлуулсан дал маань давхар дом шившлэгийг өөртөө шингээдэг шидтэй гэж урьд өмнө ярьж байсан билээ. Дом шингэнэ гэдэг тухайн айл гал голомт, ноён нуруу, хийморь сүлдтэй холбоостой далдын цаад мэдээллийг он цагийн турш хадгалсаар ирсэн гэдгээрээ монгол хүмүүн бид энэ ариун болоод далдын өгөгдпийг дотоод сэтгэлээсээ ойлгож учиртай хандаж явах л хэрэг үүнд оршиж байх шиг бодогдож санагдах юм. Засал гэдэг бол махан биен дээр очоод тариа тарихын нэр биш шүү дээ. Хувь хүний дотоод сүнсэн эрчим хүчтэй холбоотой. Хий талын эм эмчилгээ хийгдэж байгаа юм. Нийт хүмүүстээ бас хандаж хэлэхэд нэгдүгээрт, засал хийлгэх бол нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл биш. Тэр заслын шинжтэй зүйл тухайн хүний сүлдэн бие буюу сүнсэн биед хийгддэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний махан бие өвчлөхөд ямар нэгэн эм тариагаар эмчилчихдэг. Үүний цаана дотоод ертөнцөд тухан хүний ноён нуруу болоод хийморь сүлд тал нь бүрэн бүтэн байх ёстой. Хамгийн гол нь хүний сүнсэн орон зай, сүнсэн бие чухал. Тэгэхээр сүлдээ, ноён нуруугаа бүтэн байлгахын тулд хувь хүнээс шалтгаалах ганцхан эрчим хүчтэй зүйл нь үг, хэл, сэтгэл, үйлдлээ зөв байлгах юм. Ингэж чадвал тухайн хүний ноён нуруу хийморь сүлдтэй холбоотой сүнсэн биеийн орон зай, цаад эрчим нь бүтэн оршдог.
     
    -Далыг домноно гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ?
     
    – Домнол зүйг тоочвол асар их зүйл бий л дээ. Тиймдээ ч далаа домнож, галаа дээдлэн тахиж ирэхэд өдөр өдрөөр, сар сараар, жил жилээр ахуй болон сүлдэн амьдрал дээшилж, өнгөжин жавхаажиж, удам угсааны дархлаа тэргүүтэн нь батжиж дэлгэрдэг жамтай юм. Хүний хийморь сүлд бат төгс оршиж байж гэмээнэ тухайн хүний ахуй амьдралаас гадна элэг бүтэн байх, ажил үйлс өдөө байх нь өөрөө болон үр хүүхдүүд, хойч үеийнхэнд нь ч үргэлжилнэ. Тэдний гол оршин буй үндэс нь гал юм. Хоёр гэр бүл оршиж байгаа тохиолдолд тулгандаа галаа бадраагаад ирэх ирээдүйнхээ сайн сайхан бүхэнийг галынхаа сүлдэндээ даатгаж ирсэн ард түмэн юм.
     
    -Тухайн айлын ноён нуруу ямар байх нь галын эзэнтэй нь шууд холбоотой гэж ойлголоо. Тэгвэл галаа тахиулахдаа юу анхаарах ёстой вэ?
     
    -“Өнөөдөр нэг юм бүтэхгүй байгаа юм чинь галаа тахиулчихъя” гэдэг зүгээр нэг хоосон орон зайн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Хамгийн гол нь монгол хүн гэдгээ ойлгож галын тахилгын үйлд оролцох ёстой. Миний хийморь сүлд, цог золбоо өсч дэвжих бүх үндэс нь галын эзэндээ байдаг юм байна гэдгийг сэтгэл зүрхэндээ гүн гэгч нь ойлгох хэрэгтэй. Нэг талдаа бид их азтай ард түмэн. Азтай байхыгаа бүр илүү тодотгож харъя гэвэл монгол ёсоо дээдэлж явах нь өлзийтэй.
    Хорвоо ертөнц дээрх бүх зүйл хоёр талтай. Билиг тал нь юу юм бэ гэдгийг тайлбарлъя л даа. Өнөөдөр хүмүүс уул хангайгаа ухаад, алтыг нь аваад байдаг. Тэр хүний амьдрал нь элбэг хангалуун болж байгаа мэт боловч ирээдүй хойч үед нь үйлийн үр нь заавал ирдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ сайн ойлгох ёстой. Өөрийг нь үүсгэсэн үүсгэлийнхээ энгэрийг нь малтаад л хамаг юмыг нь ухаж түнхээд байвал заавал хариугаа авна. Үүний цаана хүний сэтгэлийг гомдоогоод, сэв суулгаад, зориудын гаргалгаатай буруу зөрүү санаад, байх юм бол эргээд тэр хүнд дааж давашгүй үйлийн үр болоод ирдэг. Ямар нэгэн хүн заслын шалтгаантай байна гэдэг бол түүний хийморь сүлд дааж давашгүй асуудалтай, доголдолтой явж байгаагийн шинж юм. Тэгэхээр хамгийн ойлгомжтой бөгөөд өөртөө баримтлах зүйл нь сэтгэлийн болон үгийн, үйлдлийн хатуу зүйлээс болгоомжтой явахыг хичээгээрэй.
     
    -Ингэхэд танаар дал тайлуулсан хүн өөр хүнээр заслаа хийлгэж болох уу?
     
    -Би хүний сүнсэн биеийнх нь буюу билиг талыг эмчилж байгаа хүн. Шинжлэх ухааны талаас нь аваад үзвэл өвчтөнд онош тавьсан эмч нь эмчилгээгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг. Үүнтэй адил дал тайлуулсан хүн тухайн тайлсан хүнээрээ заслаа хийлгэвэл засал нь төгс оршдог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9999- 5927 дугаарын утсаар холбогдох боломжтой.

  • Хүнд насаа хэлдэггүйн учир

    Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь. Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ. Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж. Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. “За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.

           Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн “Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ. Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг. Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюу үхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.

    Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.

  • Эцэг хүний цээрлэх найман зүйл

    1. Бор дарсанд шунах
    2. Болчимгүй үгэнд автах
    3. Болохгүй хэрэг сэдэх
    4. Богд Чингэсийн сургаальд тэрслэх
    5. Үр хүүхдээ хараах
    6. Үнэн ханийг гомдоох
    7. Үйлийн хэцүүгээс зугтах
    8. Өмсөхийн өнгөнд автах

  • Баруун Монголын их баатар Галдамбаа гэж хэн бэ?

    Дундад улсын Шинжиангийн Ойрад нутаг, Өвөр монголын Алашаа, Эзэнээ, Хөх нуур мужийн дээд монголчууд, Монгол улсын Ховд, Увс аймаг, Ижилийн Халимаг Тангыч зэрэг Ази, Европыг холбосон өргөн уудам нутагт Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр, тууж шаштирууд тархан уламжлагдсан байдаг. Шинжиангийн Ойрадын дунд бол Галдамбаагийн тухай дуу, домог хамгийн ихээр хадгалагдан уламжлагджээ.

    Бидний судалгааны эх хэрэглэгдэхүүнд нийт 27 дуу цугларсан байгаа бөгөөд тэдгээрийн дотор Монгол улсаас 10, Дундад улсаас 9, Халимгаас 6, Буриадаас 2 дуу тус тус байна. Хэдийгээр эдгээр 27 дуу Галдамбаатай холбогдсон бүх дуунуудын бүрэн цуглуулга эс боловч эдгээр дуунуудын тархацын бүс нутгийн онцлог шинжийг илэрхийлэх боломжтой гэдэг нь тодорхой байна. Эдгээр 27 дууны дотор 19 нь магтаал дууны 5 нь Галдамбаагийн хүсэлтийн, 3 нь эмгэнэлийн шинжтэй дуунууд байлаа.

    Судалгааны хүрээнд нийт 21 домог цуглуулснаас 15 нь Шинжиангийн Ойрадаас, 5 нь Ижилийн халимагаас тэмдэглэгдсэн байна. Аман зохиолын хэлбэрээс гадна Халимаг улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдаж байгаа “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичмэл бий ажээ. Эндээс харахад Галдамбаагийн түүхэнд холбогдох сурвалжууд нь бичгийн болон аман зохиолын хэлбэрээр Хятад, Монгол, ОХУ-ын нутагт тархан дэлгэрчээ.

    Судалгааны товч тойм. Оросын эрдэмтэн А.М.Позднеев 1876-1877 онд монголд ажилласан Г.Н.Потанины шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд ажиллахдаа Монгол улсын Улаан гомийн дөрвөдүүдийн дундаас ”Усны чинь эхэнд хонхолзуур нь” гэдэг тууль дууг тэмдэглэж аваад 1880 онд хэвлүүлсэн нь Галдамбаагийн дуу, домгийн судалгааны суурийг тавьж өгчээ.

    А.М.Позднеев “Өөлдүүдээс миний тэмдэглэж авсан тууль дуунуудын дотроос Галдамбаагийн тухай дуу гарлын талаар хамгийн эртнийх арай биш байна. Харин Галдамбаа бол эдгээр тууль дуунуудад гардаг хүмүүсээс ахмад нь юм” (А.М.Позднеев.,1880) гэж тэмдэглэсэн бөгөөд тус дууг тууль дууны төрөлд багтан үзжээ. Зөвлөлтийн эрдэмтэн К.С.Ладыгин Халимагаас Галдамбаагийн тухай дуу, домог үлгэр тэмдэглэж “Ойрад ноёдын дотор хошууд Галдамбаатай адил олны сэтгэлд ийм сайхан дурсгал үлдээсэн хүн нэг ч үгүй” гэж тэмдэглэсэн байдаг.

    Түүний цуглуулсан материалын дунд “Галдамбаагийн тууж” гэдэг гар бичгийн эх байжээ. Энэ гар бичмэл нь хар бэхээр бичигдсэн 9 хуудас. Хамгийн олон нь 33 мөртэй, бага нь 21 мөртэй байжээ. Зохиогчийнх нь нэр байхгүй. Эх бичгийн сүүлд ”1904 дүгээр жилийн 6 сарын 10” гэж оросоор тэмдэглэжээ. Гар бичмэлийн “Галдамбаагийн тууж” (Ладыгин :Ойрадын түүхийн материал -’’Халимаг түүх утга зохиолын дурсгал болон түүний орос орчуулга”, Элстэй.,1969) нь Галдамбаагийн намтараас гадна Цэцэн хааны үхэл, Ойрадын дотоодын эвдрэл бутрал зэргийг тэмдэглэсэн байна.

    Монгол улсын академич П.Хорлоо ардын дууны судалгааны хүрээнд (“Монгол ардын дууны яруу найраг”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо,1989.,Р67) судалгаа хийхдээ Галдамбаа, Шуну нарын тухай домог нь тууль дуу болон хувирсныг өгүүлжээ. Академич Х.Лувсанвандан агсан 1973 онд Галдамбаагийн тухай судалгааны өгүүлэл бичсэн боловч бид түүнийг олж үзэж чадсангүйдээ хүлцэл өчье.

    Тус өгүүллийг бичигчийн хувьд ”Усны чинь эхэнд хонхолзуур” [21] дууны талаар тусгайлан авч судлахдаа өмнө судалгааны хүрээнд ороогүй байсан Монгол улсын алтайн урианхай, захчин хувилбар болон Шинжиангийн хошууд, торгууд, өөлд хувилбаруудыг ашиглаж уг дууны зохиогдсон байдал, агуулга, хувирал, тархалтын талаар өгүүлжээ. Үүнээс гадна торгуудын Зүүн замын чуулганы төрийн бишрэлт жүн ван Палтийн охин Нэрзидмаа цуглуулан эмхэтгэж хэвлүүлсэн ’’Монголын арван найман дуу” (Францын Парис хотын 1937 оны 7 дугаар нүүр) номд “Галдамбаа” гэдэг дуу оржээ.

    Тус дууны нотыг тэмдэглэж, тод бичгийн гар бичмэл текст хийгээд галиглал хавсаргасан нь эрдэм шинжилгээний зохих үнэ цэнэтэй болжээ. Дундад улсад анх удаа Өвөр монголын их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас 1959 онд “Шинжиангийн монгол ардын дуу, шүлгүүд” (тал 36) гэдэг номонд “Галдамбаа бүргэдийн хайсан (эрсэн) дуу” гэдэг хэрэглэхүүн оржээ. 1980-д оны эхэн үеэс Галдамбаагийн холбоотой дуу, домогууд олон арваар хэвлэгдэж олны хүртээл болжээ.

    Энэ талаар Шинжиангийн Баянгол жуугийн хошууд Б.Цолмон, На.Басан, А.Бумаа, торгууд А.Дорж, Тарвагатай аймгийн Ховогсайр сумын торгууд На.Бөхөө, Дөрвөлжин сумын өөлд С.Базар нар урьд өмнө нь нийтлэгдээгүй дуу, домогууд олноор хэвлүүлсэн нь судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болсон юм. Шинжиангаас гадна Өвөрмонголын Алшаа нутгийн хошуудын дунд “Арван гуравтай Галдамаа”, Алшаа аймгийн Эзэнээ хошууны торгуудын дунд ”Хан хөндий нутаг” гэдэг дуунууд дуулагдаж байсныг судлаачид хэвлүүлж олны хүртээл болгожээ.

    Эдгээрийг дагалдан Галдамбаагийн талаар судалгаа эрчимжээ. Анх удаа Ш.Норовын хэвл үүлсэн “Г алдамбаагийн тухай” (’’Үүрийн цолмон” сэтгүүлийн 1988 оны ?9, тал 35-51 дүгээр нүүр) өгүүлэл бол хэвлүүлж Ойрадын түүхэнд холбогдох олон хэлийн сурвалж бичиг, ардын дуу, домогт тулгуурлан Галдамбаа баатар болон Галдан бошигтын ялгаа, Галдамбаагийн уг удам, гэр бүл, гавьяа зүтгэл зан чанар, цөс зориг, эрдэм ухаан, түүний Ойрадын түүхэнд эзлэх байр суурь, нас барсан учир шалтгаан, Галдамбаагийн алдаа дутагдал зэргийг олон талаас нь авч үзжээ. Ш.Норов, Бу.Мөнхөө нарын “Галдамбаа баатрын тухай өгүүлэх нь” (На.Басан, Бу.Мөнхөө, Г.Лижээ нарын зохиосон “Хошуудын түүх, соёлын судлал” ШАХХ.,1992, тал 250-258) өгүүлэл хэвлэгджээ.

    Бээжин дахь Төвийн үндэстний их сургуулийн их сургуулийн оюутан Хуримбай их сургууль төгсөх дипломын ажлыг “Ойрад монголын түүхт баатарын магтаал дууны тухай өгүүлэх нь” (’’Ойрад судлал” сэтгүүлийн 1996 оны 4 дүгээр хугацаа) гэдэг сэдвээр хийжээ. Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Эрдэнэбилэгийн “Ойрад монголын гурван баатар -Амарсанаа, Шуну, Галдамбаагийн дуны тухай” (Дундад улсын монгол судлал, 2007 оны ?5) гэдэг өгүүлэл бол Галдамбаагийн дууны хамаатай зохих баялаг материалд тулгуурлан бичигдсэн нилээд чанарлаг өгүүлэл болно.

    Эрдэмтэн Дамбий-Өлзий багш “Ойрад монголын эртний уран зохиолын товчоо” (Өвөр монголын соёлын хэвлэлийн хороо.,1998)- доо Галдамбаагийн угсаа гарал, гавъяа зүтгэл, түүний түүхэн дууны үүсэл гарал, агуулга үзэл санааны тухай товч танилцуулсан бол доктор Мо.Улаан ’’XVII зууны Ойрадын түүхийн судлал” (ШАХХ.,1998,8) гэдэг номдоо харин янз бүрийн үсэг бичигт тэмдэглэгдсэн тулгуур бичгийн материалд үндэслэн Галдамбаа баатарын тухай дурджээ.

    Үүнэс гадна Цэцэнбат ’’Хошууд баатар Галдамбаа” (Баруун хойтын үндэстний дээд сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүл, 1988 оны 2 дугаар хугацаа), Гэрэл “Галдамбаагийн дууны тухай” (’’Монгол хэл бичиг” сэтгүүл,2005 оны 12 дугаар хугацаа), Ө.Оюуны Талдамбаа баатарын домог яриа дуу хийгээд түүний явсан олон мөрийн тухай ажиглалт” (Дундад улсын зургадугаар удаагийн Ойрад монголын түүх соёлын эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл ба товчлол, 2009 оны 7 cap, Хөлөн- буйр) зэрэг өгүүлэл нийтлэгдэж, Галдамбаагийн тухай түүхэн талаас, дуу, домгийн талаас шинжлэн судлаж, хожмын судлаачдад их бага ч гэсэн зохих мэдээ, мэдээлэл хангаж өгсөн байдаг.

    Галдамбаагийн намтар. Галдамбаа 1636 онд төрсөн тухай “Зая бандидын намтар” -т (1) тэмдэглэсэн ба “Хошууд ноён баатар Увш түмний туурвисан Дөрвөн ойрадын түүх”-д Галдамбаад Эрдэнэ хун тайж гэдэг нэг ах байсан тухай “Цэцэн хааны хөвгүүн Эрдэнэ хун тайж, Галдамбаа хоёр” гэсэн мэдээ (2) байдаг. Үүнээс гадна Зүүн гарыг эзэлсний дараагаар Манж чин улсын засгийн газраас бичүүлсэн “Гадаад монгол ба Хотон аймгийн ван, гүн нарын илтгэл шаштир”, “Монголын нүүдлийн тэмдэглэл” гэх мэт түүхэн зохиолын дотор Галдамбааг хошууд Цэцэн хааны хоёр дугаар хөвгүүн мөн (3) гэж тодорхой тэмдэглэснээс үзвэл Галдамбаа нь суут Богд Чингис хааны угсааны хүн юм. Хошууд язгууртнууд нь Чингис хааны дүү Хавт Хасарын шууд хойчис нь болно.

    Галдамбаагийн эцэг 4 ойрадын дээд эрх барих байгууллага “Ойрадын чуулган”-ы дарга Очирт цэцэн хаан тул тэрээр Хавт Хасарын 21 дүгээр үе болж байна. Гаван Шаравын бичсэн “Дөрвөн Ойрадын түүх”, болон ”3ая Бандидын намтар”-т хошууд Цэцэн хаан Доржравдан, Пунцагролмаа, Солмон гэх гурван хатантай гэжээ. Түүний дотроос Ижилийн торгууд Аюук хааны охин дүү болох Доржравдан, хатан Пунцагролмаа, нарын тухай сурвалж бичгийн тэмдэглэл багагүй байдаг боловч харин тэднийг Галдамбаатай эх хүүгийн ёсоор элэгсэг дотно хамт амьдарч байна гэх мэт зүйл бичигдсэнгүй Галдамбаагийн эх биш шиг байна.

    Харин Гаваншаравын “Дөрвөн Ойрадын түүх”- н “Сайн хатадын бүлэг”-т: “Ноён Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу, буу хийж дайнд шийдсэн хүмүүнд шан өгч албатын дор авдаг Солмон хатан” гэжээ. Солмон гэдэг нь хэний охин болохыг түүхэнд эс тэмдэглэжээ. Галдамбааг цэрэгт мордоход нь олбуу (хуяг мэт өмсөж хэрэглэх хувцас) буу хийж өгдөг нь төрсөн эхээс өөр хэн байх ажээ.

    Үүнээс үзэхэд Солмон бол Галдамбаагийн төрсөн эх мөн (4) гэж болно. “Зая Бандидын намтар”-т Галдамбаа 1645 онд “Торгууд (Шүхэр) дайчингийн хээрийн биед ирж хэргийг бүтээн” үйлдсэн (5) тухай, 1654 онд “Торгууд дайчин Авлайн дээр байсанд Галдамбаа … нар (Шүхэр) дайчинд золгохоор ирсэн ба …Галдамбаа ч нутаг эзгүй хэмээн үтэр харисан” (6) тухай өгүүлдэг. Энэ бүхнээс холбон бодоход Ижилийн торгуудын тайш Шүхэр дайчинг (торгуудууд түүнийг Ноёнтон гэнэ) Төвдөд очиж мөргөөд буцаж харихдаа өөрийн дагуулж явсан ач охин уу эсвэл өөрийн төрсөн охиныг Галдамбаад мордуулсан нь илт байна.

    Учир нь гэвэл Ойрад монголын уламжлалт ёсонд хүргэн бологч нь гэрээ нүүлгэж хадам эцгийнхээ гэрийн дэргэд хуримаа хийдэг заншилтай (7) юм. Галдамбаагийн өргөө их төлөв Зуй гол, Талас голын орчим байсныг [12]”3ая бандидын намтар”-т тэмдэглэсэн байна. “Зая Бандидын намтар”-т 1652 онд 17 настай Галдамбаа эцэг Цэцэн хааны Буруудыг дайлах дайнд Хасагийн Ашимийн хөвгүүн Янгир хааныг дарсан (8),

    1658 онд цагаан сарын шинэд Бухарын цэргийн ноён Авдаршүхэр 3 түм 8 мянган цэрэгтэй Таласт хүрч ирсэнд Галдамбаа 3 мянган хүн удирдан Бухарын цэргийг ялан Авдаршүхэрийг алсан бөгөөд оруулж авсан Бухарын цэргийг 2 хүнд нэг морь өгч тавьж явуулсан (9), 1661 онд Очирт цэцэн хан болон Авлай баатрын хооронд үүссэн дайн байлдааныг зогсоон эвлэрүүлэх ажил хийж “…Галдамбаа ч шивээ суманд (Авлайн хийд) …хадран орсонд …бүгдээрээ баясан үйлдэж жаргахын наран ургав” хэмээн баяссан [10] тухай тэмдэглэжээ.

    Галдамбаа ийнхүү дотоодын тэмцлийг эвлэрүүлэн аливаа аймгийн хоорондын найрсаг харилцааг бататгасан талаар бусад сурвалжуудад ч тэмдэглэсэн байна. Үлгэрлэвэл Зүүнгарын зүүн ба баруун гарын тэмцэл, 1661 оны эцэг Цэцэн хаан ба Авлайн тэмцлийн зохицуулан зогсоож байжээ. Үүнээс болж Ойрадуудын дунд ийм үлгэр уламжлагджээ.

    “Галдамбаа болон Авлайн хөвгүүн Цагаан нар хоорондоо гүн зузаан найрамдал нөхөрлөлтөй байж дайн тулааны талбарт олон удаа өөрсдийн эцгийг хориглон ятгаж тэмцэлдээнийг шийдвэрлэх найртай аргыг зөвлөн ярьж байв гэнэ. Зөрчил тэмцэл тохиолдох бүр нас залуу тэр хоёр хөвгүүн нэг нь шатрын тавиур, нөгөө нь шатар авч дайны талбар дунд очоод шатар наадаж суудаг гэнэ.

    Үүнийг харсан тэдний эцгүүд хайрт үрсийнхээ нөхөрлөлд сэтгэл хөдлөн дайныг зогсоогоод гэр гэртэй харих хүртэл шатар нааддаг [11] байсан ажээ. Үүнээс гадна Таван Шаравын түүх”-д – “Цэцэн хаан Авлай хоёр байлдаж байхад Галдамбаа гурван хүний хамтаар зэр зэвсэггүй довтолж ороод” [13] эвцүүлсэн, Галдамбаад Малиа хашиг гэдэг сайн анд байсан тухай [14] тэмдэглэл байдаг.

    Үнэхээр нилээд хэдэн түүхэн домогт Малиа хашиг гэдэг домогт баатар эрийн тухай дурдагддаг нь түүхэн үндэстэй болохыг “Галдамбаа аливаа бүхнийг бүр Малиа хашигт тушааж өгсөнд Цэцэн хаан уурлаж чи Моголойдоо (боолдоо) тушааж өгвөл албат иргэний сэтгэл холдож одно” [15] гэсэн мэдээ давхар баталж байна. Тэгвэл энэ Малиа хашиг гэдэг хэн вэ? гэвэл Хан ноён Хонгорын “Таван барс” хэмээн алдаршсан ахан дүүсийн хамгийн сүүлийн “Нэг барс” болох Буян хатан баатрын хөвгүүн Малиа болно.

    Тэр Галдамбаатай авга, ачийн сүлбээтэй маш сайн харьцаатай байсан ажээ. ”3ая бандидын намтар”-т Авлайг яахин шийтгэх тухай зөвшин ярилцахад: Сэнгэ тэргүүлэн ноёд бүгд “Үхэх үл үхэхийг хаан та мэдэх” хэмээсэнд тэнд хаан ойр зуураа хэлэлцсэнд…Малиа хашиг өгүүлэв: ’’Үүнийг та хэн болгоноо. Авлай бишүү хэмээн үүнийг алах зөв. Эс албал улсыг нь цөмийг өгөх нь зөв.

    Энэ хоёрын нэгийг хийх нь зөв хэмээсэнд” хаан ч ” Галдамбаа ч: (миний санаа бас тэр мөн хэмээсэнд ч) хаан ч та хоёрын зөв” [16] гэж тэмдэглэжээ. Энэ нь нэг талаар Малиа хашиг бол хошууд аймгийн хүн бөгөөд Авлайг яахин шийтгэх тухай асуудалд тэр урьдаар саналаа хэлснээс үзэхэд нилээд нэр хүндтэй байжээ. Нөгөө талаар Галдамбаа болон Малиа хашигийн харьцаа маш нягт байсныг [17] тусгажээ.Галдамбаа бөв Азийн олон үндэстнийг дайлсан дайны талаар төвд хэлээр бичигдсэн түүхийн сурвалжуудад ч дурдсан бий.

    Үлгэрлэвэл: “Галдан (Галдамбаа- ишлэгч) угаасаа баатар байв. Тэр хасаг, бурууд (киргиз) хийгээд хотон (уйгур)-ын ихэнхи газрыг эзэлснээр барахгүй “Эрчис голын наад хөвөөнөөс Оросыг хөөж цаад хөвөөнд хүргээд тун их нэр сүртэй [18] болж байжээ. Тод бичгийн сурвалжуудад Галдамбаагийн хотон (уйгур) газар орноор дайнд мордсон тухай тэмдэглэл байхгүй боловч Шинжиангийн Ойрадуудын дунд Галдамбаа хотоны хааны дагиныг залж авахаар хотон оронд очсон тухай хэд хэдэн домог үлгэр байдаг.

    Сонирхолтой нь Махмуд нарын зохиосон ’’Түүхийн тэмдэглэл”-д Галдамбаа Уйгурын Агасуг довтолсон, Кашгарыг дайлан Кашгар хотыг эзэлсэн, Уйгурын язгууртнуудтай холбоо тогтоож байсан, Эзэлж авсан Кашгар хотыг орхин ухран буцсан тухай мэдээ занги нилээд буй. Энэхүү “Түүхийн тэмдэглэл”-с үзвэл Галдамбаа 1660 оны орчим цэрэг авч Уйгур оронд хүрсэн нь үнэн лавтай байна.

    Иймээс Ойрадуудын дунд тархсан хөгшидийн уламжлал яриа үндэс баримттай гэдгийг энэхүү түүхийн мэдээ бидэнд гэрчилж [19] байна. 1667 оны намар Галдамбаа Кэжинд 32 настайдаа нас барсан ба түүний нас буяныг ихэд дэлгэрэнгүй үйлдэж, хүүрийг нь чандарлан Төвдөд хүргүүлжээ. Далай лам чандрыг нь үлээж хийсгэсэнд зүрхэнд нь зүрх мэт чулуу байжээ. Ингээд Далай лам ”Сайн хүний ясан зүрхтэй хэмээх нь үнэн амой” гээд чандар ясыг хадгаар завсарлан мутартаа барьж үлээгээд түүний сүнс нэгэнт “Тэнгэрт төржээ” хэмээн айлдсан [20] байна.

    Галдамбаагийн үхлийн шалтгааныг …Цэцэн хаан насан өндөр болсон хойноо нэгэн залуу хатан авсан байна. Тэр хатан нь Хоо өрлөгийн ач Пунцагийн охин Өдөн-Агас гэдэг байв. Залуу хатны хүсэл таалалд хөгшин хаан үл тохирохын учир тэр Гага эмч гэгчтэй далдуур сэм нөхцсөн байв. Тэр байдлыг Галдамбаа ч мэдэж Галдамбаагийн мэдлээ гэдгийг хатан эмч хоёр ч гадарлажээ.

    Тэгээд хатан эмч 2 энэ аюултай нууцаа чанд хадгалахын тулд боломжтой үе гарвал Галдамбааг алахаар зэхэж байв. Галдамбааг хамрын ханиад хүрсэнийг далимдуулан хор найруулан Өдөн-Агас дамжуулан өгсөн байжээ. Галдамбаа хорыг ууж 32 насандаа буюу 1667 оны намар Бижид газар нас барьжээ [22] гэж судлаач үзсэн байна.

    Эцэст нь дүгнэхэд: Галдамбаа бол Очирцэцэн хааны хөвгүүн, Шүхэр дайчин хийгээд Сэнгэ хунтайжийн хүргэн, Галданбошигтийн хадам эцэг болох нөлөө ихтэй хүн мөртлөө нутаг усандаа хайртай дотоодын бүлгэмдэлийг хамгаас эрхэмлэдэг, харь дайсанд хатуу цохилт өгдөг, эрдэм ухаан, баатар зориг хосолсон нэгэн үеийн шилдэг гарамгай баатар цэргийн жанжин байжээ.

    Домогт баатар Галдамбаагийн тухай Ойрадын ард түмэн аман уламжлалт дуу домгийг олон тоогоор зохион уламжилж энэ агуу баатараа дурсан санагалзаж байснаас гадна Ойрадын эртний түүхчдийг багтаасан олон үндэстэн угсаатны бичгийн мэргэд ч гэсэн Галдамбаагийн тухай сонирхон тэмдэглэж судалгаанд чухал гарын авлага болох олон тооны сурвалж бичгийг зохион туурвиж бидний үед уламжилсан байна.

    Галдамбаагийн тухай Ойрадад тархсан ардын дуунуудаас жишээ болгон Ховд аймгийн Дуут сумын Алтайн урианхай нарын дуулж ирсэн хувилбарыг үзье.

    Усны эхэнд хонхолзуур сойлгоостой

    Улсын дунд Галдамба минчүүрсэн

    Эр төрсөн Галдамба

    Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба

    Ард архалсан алагтай Галдамба

    Асгаруулсан тавьсан тэвэгтэй Галдамба

    Хэцэд архалсан хээртэй Галдамба

    Хэнзлэн тавьсан тэвэгтэй Галдамба

    Эр төрсөн Галдамба

    Ээжийгээ санан минчүүрсэн Галдамба

    Буурал ээжээ уйлуулсан Галдамба

    Ботготой ингээ буйлуулсан Галдамба

    Буман цэрэг дагуулсан Галдамба

    Буугийн утаа бургиулсан Галдамба

    Дахилт

    Сая цэргээ дагуулсан Галдамба

    Саадаг сумаа хавчуулсан Галдамба

    Хурц хөх тамхитай Галдамба

    Хунгийн хүзүүн гаанстай Галдамба

    Дахилт

    Хар хадны хахилгаатай Галдамба

    Харцага бүргэдийн шүргээтэй Галдамба

    Цахир хадны цахилгаатай Галдамба

    Цахилгаа бүргэдийн шүргээтэй Галдамба

    Дахилт

    Хаан тэнгэрээс төлөөстөй Галдамба

    Хаш цэнхэр нутагтай Галдамба

    Эзэн тэнгэрээс төлөөстөй Галдамба

    Эрхэт цэлгэр нутагтай Г алдамба

    Дахилт

  • Хэл соёлоо мартсан Хэнаны монголчууд

    1. Төөрсөөр төрөлдөө
    Түвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр түвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо түвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний мах цусны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Түвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.
    Хятадын баруун хойд орны Цинхай муж буюу Хөхнуур Түвдийн өндөрлөгт орших Түвдийн өөртөө засах Хуаннан жүгийн Хэнан шенгийн дөрвөн түм орчим монгол ийнхүү Хятад газар дахь түвдийн тоог “нэмжээ”. Дөрвөн үеийн өмнө гээгдсэн монгол хэлний ор мөр болох ганц нэгхэн монгол үг хааяа тэдний амнаас унах хэдий ч өмссөн зүүсэнтэйгээ үл зохицох мэт харь сонсогдоно. Нэгэн цагт Хошууд хаант улсыг байгуулж Хөхнуур Төвдөд эзэгнэлээ тогтоож асан Төрбайх гүш /Гүш гэдэг нь “гуо ши” буюу улсын багш гэсэн утгатай хятад үг. Төрбайх эе эвийг эрхэмлэсэн, эрдэм билэгт нэгэн байжээ/ хааны ноёрхол суларч асан 1700-аад оны эхэн үед түүний 5-р хөвгүүн Илдүүжийн ач хүү Цагаан Данзан авгаа Манжийн төрд худалдаж олж авсан хэргэмээрээ энэхүү Хэнан шенгийн монголчуудын анхны Чин вангаар өргөмжлөгджээ. Чухам энэ үе бол Хэнаны монголчуудын алтан сайхан цаг үе байжээ. Манжийн төрд нүүртэй эзэн вантайн хувьд өнгөтний дээдийг өмсөж амттаны сайныг зооглож эхэлсэн тэд Чин вангаа бурхан лугаа шүтэж байхдаа энэ нь тэдний хожмын унал мөхлийнх нь бартаат замын эхлэл болохыг мэдсэнгүй.
    Цагаан Данзан шарын шашныг хөхиүлэн сайшааж Түвдийн бурхан шашны томоохон төв Лавран хийдийг санаачлан байгуулж эхний ээлжинд 500 монгол залууг сонгон хувраг болгож дуган дацангийнхаа хэтийг цахижээ. Дараа дараагийн Чин вангууд ч Лавран хийдийн “боловсон хүчний” энэхүү уламжлалыг сахин хадгалж эрдэмтэй монгол залуусыг сүмийн горлом руу илгээхийн зэрэгцээ бурханы шавь болсных нь төлбөрт эд агуурс, гэр малаар урамшуулан тэтгэсээр байсан юм. Ийнхүү бурханы номхон шавь нар олшрохын хэрээр ард нийтээрээ Лавран хийдээс өөр харах бараа хандах зүггүй болж нэг л мэдэхэд боолчилж явсан түвдүүдийнхээ боол нь болжээ.
    Одоо эндэхийн монголчуудыг монгол гэж хэлэх аргагүй болж. Өгүүллийн эхэнд дурдагдсан хүлхгэр дээлтэй хүрэн улаан түвдүүд шүү дээ, тэд маань. Харин монгол хэлээ мэдэхгүй ч монголоороо дуу сайхан дуулчихдаг аж. Дууныхаа утгыг мэдэхгүй ч, бүр нэг сэтгэлээсээ дуулна. Шенгийн төвөөс холгүйхэн өвөлжиж байгаа малчдынхаар хэсэж явахдаа энэ нэг дууг өр шимшрэн сонссон юм. Настай аав гэрийнхээ гадаа араг тохойлдон суучихаад жаахан сөөнгө боловч аргилхан хоолойгоор ийнхүү дуулна.
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Жороо морио санана
    Яагаад саналаа гэвэл
    Жороолж явснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Ах дүүгээ санана
    Яагаад саналаа гэвэл
    Наадаж байснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Эзэн ноёноо санана
    Яагаад саналаа гэвэл
    Эзэлж явснаа санана
    Өндөр өндөр уулан дээр гарвал
    Үрээ морио санана
    Үрээ мориндоо мордохоор
    Үг хэлтэй байснаа санана…
    Тэд лам хүнтэй тааралдвал малгайгаа авч хүндэтгэдэг. Бас монгол хэлтэй хүнтэй тааралдвал өөрийн мэдэлгүй малгайгаа аваад нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг…

    2. “Морьтой” ч болоосой…
    Энэ нутагт морийг маш их дээдэлж, адууны хийморьт сүслэдэг. Тиймээс морьтой холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйл арвинтай. Гүү унагалахад айлын эзэн ямагт унагаа “эх барьж” авна. Шинэ унагыг шандаст сайн хүлэг болгох гэж эгээ л хүүхэд өсгөх лугаа нарийн нямбай ажил болно. Энд хүүхдийг анх морины нуруун дээр гаргах гэж бас нэг лут ажил байна. Настнууд өдөр судар харж, айл хотлоороо цуглан идээ шүүсээ дэлгэн хүүхдийг моринд мордуулна. Хүүхдийг гурван нас хүрэхээс өмнө морь унуулах хориотой. Тусгай ёслол үйлдэлгүйгээр моринд мордуулах бас цээртэй.
    Манай хөдөөнийхөн бол бага балчир хүүхдүүдээ хонины мориноос нь эхэлж дасгадаг, номхон морийг хүүхдийн унаа гэж өхөөрддөг. Харин энд бол яг эсрэгээрээ. Нутаг усандаа нэр цуутай хурдан хүлгүүдийг “хүүхдийн морь” гэж нэрлэнэ. Хүүхдийг анх морь унуулахдаа олон түмний мэдэх, нэр хүндтэй моринд мордуулахыг ихэд чухалчилна. Хожим нь тэдгээр хүүхдүүд том эрчүүд болсон үедээ, би тэрний тийм нэрт хурдан хүлгэнд анх мордсон хэмээн бахархан дурсч, энэхүү бахархал нь насан турш хэлэгдэх яриа хөөрөөний чимэг болдог. Анх морь унаж байгаа хүүхдийн жолоог томчуул нь барьж дэмнэхийг хориглоно. Хүүхэд өөрөө жолоо цулбуураа барьж гэр хотоо гурвантаа тойрдог. Түүнийг ийнхүү гороолж ирсний дараа томчуул нь цай идээ дээжилж амар мэндийг нь асуун, аян замдаа сайн явж их юм үзэж дуулав уу гэж хүүхдийг урамшуулдаг. Хүүхэд энэ үед эгээ л том хүн шиг хүндлүүлж байгаадаа урамшин морио дээдлэн бахархах үзлээр лугшиж байдаг. Энэ нутагт монгол ахуйгаас үлдсэн хамгийн гол зүйл нь морин эрдэнэ. Наадам найрын үед монголчуудын уясан морь маш сайн хурдалдаг, Түвд нутагт Хэнанчууд мориороо алдартай гэнэ. Хэнаны төв талбайд аргамаг хүлгийн уран гоёмсог цутгамал бий. Нутгийн захиргаанаас анх эл талбайд сарлагийн хөшөө босгохоор хэлэлцсэн ч монголчууд зад үзэлцсээр байгаад морины хөшөө болгож аваад санаа нь амарцгаажээ.
    Ер нь эндэхийн монголчууд заргачаараа алдартай гэнэ. Түвд Монголчуудын хооронд нутаг ус булаалдсан тэмцэл үеийн үед өрнөсөөр, буу шийдэм хөдөлгөж хоёр талаас олон хүний амь насыг үрсэн ч эрх баригч хятадууд олигтой арга хэмжээ авч чадсангүй. Учир нь түвд, монголчууд хятадыг хүн гэж үздэггүй ажээ. Энэ нутагт хууль цааз, цэрэг цагдаа гэхээсээ илүү шарын шашны хэргэм мяндаг өндөртэй гэгээнтнүүд тэдний хэргийг шийддэг байжээ. Харин саяхнаас нутгийн захиргаанаас газар нутгийг нь хуваарилж өгснөөс хойш бэлчээрийн “мөргөлдөөн” зогсчээ.
    Эндэхийн Монголчууд урин цагт зусландаа буухдаа айл хотлоороо бие биеэ бараадаж нэг газарт гэрээ тойруулан хүрээ үүсгэж буудаг байна. Чингисийн үеийн аравт мянгатыг санагдуулам эл хүрээгээ тэд “Зөвхөн монголчуудын ёс” хэмээн тайлбарладаг гэнэ. Нээрээ ч түвд айлууд ингэж буусантай тааралдаж байгаагүй хэмээн орчуулагч маань нотолно. Мөн дашрамд хэлэхэд гэрээ хэрхэн цэвэр цэмгэр барьснаас эхлээд гэрийнхээ гадаа хураасан зүйлс, аргалаа яаж хашаалсан зэргээсээ монгол айл андашгүй танигдана. Түвдүүд шиг хаа тааралдсан газраа хар майхнаа босгоод унаад өгөхгүй, гэр малаа адгуулах байдал нь эрс ялгарна. Ер нь монгол хүмүүс хаа яваа газраа, яаж ядарч зүдэрч байсан ч, хятад түвдүүдтэй харьцуулшгүй эрхэмсэг шүү гэх яриа хөөрөө Өвөрмонголд явахад олонтаа чих шүргэсэн ч цагийн эрхээр хайлж буй үндэстнүүдийн өөрсдийгөө дөвийлгөдөг хийтэй үгс төдийд бодон тоогоогүй сэн. Тэгтэл хэл усаа алдчихсан Хэнаны монголчуудын бургасан тоонотой монгол гэрт сарлагийн сүүгээр сүлсэн аагтай шаргал цайг амтархан оочлох зуураа өвөг монгол ухаан өнгө зүсээ гээтлээ удахын учрыг танилаа. Дэлхийг захирч явсан дээдсийн удам шүү дээ, бид чинь…
    Гэсэн хэдий ч… морьтны үр хойчис энд монгол нутаг устайгаа хамт гээгдэж, эх хэлээ алдаж, эрэмгий түүхээ мартаж мориныхоо эмээлээс өөр тухтайхан суу-далгүй Монголынхоо сургаас өөр дэмнэх ханьгүй явган сууж нүцгэн жаргаж буйг үзээд “морь муутай” улс юм даа бид гэж хөндүүрлэлээ.
    3. Монгол улс минь байгаа цагт “сайхан” үхэж чадна
    Хонины нэхий, кока кола, сарлагийн борц, хятад шаахай, ясан эрхи, цусан эвэр гэхчилэн ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг өнгө алаглуулан өрсөн зээлээр хүн малын ялгадас гишгэчихгүйг хичээн самгардаж явтал яг өмнө минь зодоон цохион болоод явчихлаа. Зээлийн эхэнд явахад л хоёр түвд хоорондоо хэрэлдээд эхэлсэн юм. Гэтэл гэнэт тас няс буугаад явчихсанд хэлмэрч залуугаасаа учрыг асуулаа. Тэгсэн хашир хэлж байна. Энэ хоёр эхлээд нэг барааг булаалдан хэрэлдэж эхэлжээ. Тэгтэл нэг нь чи бид адилхан Хятадын боолууд байж нэгэндээ ингэж ихэрхээд хаа холдох вэ гэхэд нөгөө нь “Чи л хятадын боол. Харин би эх оронтой монгол хүн” гэсэн байна. Нөгөө түвд нь хятадын боол гэж хэлсэнд нь бачимдаад “Чамайг би тэгвэл алчихъя л даа” гээд дайрчээ. Гэтэл монгол нь “Би бол үхсэн ч үлдэх улс оронтой хүн, алагдахад гомдолгүй. Харин чи урт наслаарай, чамаар чиний улс дуусаж байгаа шүү” гэж хорыг нь маажсан аж. Ийм хэрүүл байнга болж заримдаа буу шийдэм, хутга мэсэндээ тулдаг гэнэ.
    Гаднаас нь харахад хоёр түвд хоорондоо түвдээр хэрэлдээд байдаг. Гэтэл улс үндэстэн дамнасан “олон улсын” хэрүүл хийж байх нь нэн хачирхалтай. Түвдүүд шаралхахаараа “Чи тэгвэл эх хэлээрээ ярихгүй юунд манай хэлээр яриад манай хувцасыг эгэлдрээд яваа юм бэ” гэж монголчуудын хорыг малтдаг. Монголчууд нь болохоор “Эх орон чинь та нараар дуусч байгаа шүү, урт наслаарай” гэж тавлан хариугаа авдаг ажээ. Харин Хятадын эсрэг заалдах болбол мөнөөх эвлэршгүй дайснууд чинь атгасан гар шиг нэгдэж аваад ханцуй шамлан орж явчихдаг гэнэ.
    Энэ өдөр Хэнан шенгийн гудамжаар хүн ёстой багширч байлаа. Торгон дээлийнхээ энгэр хэсгийг далдартал том том шүр зүүж ханцуйгаа сугалдарсан ганган эмэгтэйчүүд, хөдсөн гадартай хоргой эмжээртэй түвд дээл хөглөрүүлсэн эрчүүд, хүүхдээ нуруундаа үүрч дүүрч түүртсэн эхчүүд гээд түвд монгол холилдсон олон түмэн зай завсаргүй сүлжилдэнэ. Төвөөс ядуу буурай айл өрхүүдэд тусламжийн бараа таваар олгох болсон сургаар хөдөөнийхөн ийнхүү шенгийнхээ төвд орж ирцгээжээ. Тусламж авах айл өрхийн тоонд орсон эсэхээ ч магадлалгүй морь мотоциклио хөлөглөн хөөрцөглөөд ирж.
    Тусламж тараах ажиллагаа төв талбайд эхэллээ. Хятадууд төрөөс хуваарилсан атга будаа, чимх гурилаа тараах гэж ёстой л нэг сүрийг үзүүллээ. Будаа гурилаасаа үнэтэй баймаар том анонс өлгөж, улаан бүрээстэй сандал ширээгээр тайз засан, буутай хамгаалагч зогсоож байгаад л нам төрийнхөө бодлогыг сайшаан магтаж гарлаа. Удтал магтан сайшаасан мөнөөх ярианаас нь илүү өмнө нь хураалгаастай гурил будаанд нь л ардуудын нүд хоргодоостой. Нүдэн баримжаагаараа жинлэж, орой оройны хоол ундандаа тааруулан банжиж байна уу гэлтэй. Тусламжийн хүнснээс хувь хүртчих сэн гэх хүсэл хүн бүхний нүдэнд илхэн, түүнийгээ ч нууж хааж эрээлж байгаа шинжгүй, нүд нь шуудайтай гурилнаас салахгүй. Хотын хүмүүс хөдөө явахдаа хүүхдийн нүд хуурах хэдэн чихэр цүнхэлж явдгийг санаад энэ хүмүүс хүүхдээс өөрцгүй өрөвдмөөр нялх сэтгэхүйтэй болохыг зүрхшин харж байлаа.
    Тусламж тараах ёслол өндөрлөхөд хувь хүртээгүй хэсэг нь бодож санах ч юмгүй мотоциклио сүрхийтэл асаан сархийтэл инээлдээд дүрхийтэл давхиад явчихлаа. Харин тусламж хүртэгсэд нүүрэндээ баяр хөөр тодруулсаар шенгийн гудамж зээлийг метрлэн хоршоо дэлгүүр хэсэн хоорондоо мөргөлдсөөр өдрийн хугас явцгаав. Чихэр жимс, хоол ундны голдуу жижигхэн түнтгэр богцуудыг хувцас хунарынхаа нэг хэсэг шигээр биендээ дүүжилж бөндөгнүүлсээр яваа тэднийг хараад ахиад л шимшрэв.
    Харин тэд маань бодож санасан юмгүй, цагаахан инээмсэглэл гэрэлтүүлж, харь гаригийн зочин харж байх шиг хачин жигтэй нүдээр намайг ширтэн улаан цайм нүдэн дээр минь миний тухай эрээ цээргүй ярилцан тас тас инээнэ. Өмсөж зүүснийг минь шоолон хэрдээ л гоочилж байх бололтой. Өндрийн салхинд зутраад ноосон малгайн дээрээ хүрэмнийхээ юүдэнг дараад өмсчихсөн, нүүр нүдгүй ороолт давхарлаад ороочихсон, нүдний шил нь цантчихсан хачин л юм харагдаа л даа тэдний хувьд. Харин түвдүүд хасах гучин хэмийн хүйтэнд энгэр заамаа ил гаргачихсан, хөдсөн дээлээ сугалдаргалчихсан явах нь ерийн үзэгдэл. Мотоциклиэ асаагаад хөдлөхдөө харин дээлээ ханцуйлж, захыг нь босгоод, толгой бие нь ялгагдахгүй нэг л хачин уул овоо шиг хүнхийсэн юмнууд болж аваад давхиж одно. Уул руугаа учиргүй яарахыг нь яана…

    4. Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу?
    Хүлхгэр дээлтэй хүрэн улаан царайтай энэ хүмүүсийг аль нь түвд аль нь монгол гэдгийг нь ялгах арга байхгүй. Харин манай орчуулагч залуугийн яриагаар “монголчууд бол андашгүй” гэнэ. Тэд хэдийгээр түвдөөр ярьж байгаа ч соёл сэтгэлгээний хувьд яагаад ч ижилсэхгүй, илүү сэхээлэг, соёллог хэмээн ярьж байлаа. Эндэх монголчуудыг түвдээр Суху гэж нэрлэдэг ажээ. Суху гэдэг нь үгчилж орчуулбал “далчин” гэсэн түвд үг бөгөөд монголчууд анх ирж суурьшихдаа бөөгийн шашны зан үйлийн нэг хэлбэр болох “дал шатааж төлгө тавих”-ыг түвдүүдэд зааж байжээ. Явуулын хүнээс “Та Сухуд очих уу, эсвэл Хэнанд уу” гэж асуугаад Сухуд гэвэл монголчуудтай уулзах хүн байна гэж ядах юмгүй таачихна. Суху гэдэг нь тусдаа газрын нэр биш мөнөөх л Хэнанаа хэлж буй хэрэг. Тийн атлаа нэг газрыг түвд монголоор нь хоёр хуваан ийн нэрлэдэг аж.
    Хуаннан жү нь дотроо зургаан шентэй. Жү гэдэг нь манайхаар хошуу хэмээн орчуулагдаж харин шен гэдгийг нь сум гэж хөрвүүлэх боломжтой. Тэгэхдээ Хятад Түвдийн хошуу болоод сум нь оршин суугчдынхаа тоогоор Монголын бараг нэг хот, аймагтай тэнцэх тул уншигчдынхаа ойлголтыг төөрүүлэхгүйн тулд засаг захиргааны нэгжийг нь хятад нэршлээр нь бичлээ. Мөн Өвөрмонголын хошуу, сум гэх ойлголт нь Түвд газрынхаас өөр ажээ.
    Хуаннан жүгийн зургаан сумын хоёр нь болох Хүйсэн, Сэрмүлэн /өвсний соргог гэсэн монгол үг/-гийн монголчууд харьцангуй хожуу үед буюу 1960-1970-аад оноос монгол хэлээ гээжээ. 1980-аад оны дунд үед монгол бага сургууль хаагдаж багш нар нь амьдралын эрхээр хот газар бараадаж сурагчид нь уйлаад үлдэж байсан гэх. Надад хэлмэрчилж яваа залуу тэр сургуулийн сүүлчийн сурагч. Дөнгөж монгол бичгээ сурахаар эхэлж байх үед сургуулийг нь гэнэт хаах шийдвэр гарчээ. Ингээд тэрээр Хайши жү буюу Хөхнуурын баруун эргийн Дээд монголчуудын үндэстний бага сургууль руу сураар оджээ.
    Өндөрлөг уулын бүсэд малаа дагаж он цагийн уртад монгол соёлоо хадгалсаар ирсэн Хөхнуурын Хайши /Хай гэдэг нь хятадаар нуур, ши гэдэг нь баруун гэсэн үг/-ийн монголчууд энэ нутагтаа монгол соёлын цөм нь болон оршсоор иржээ. Хөхнуурт байгаа 80 түмэн монгол /Хятадын хүн амын статистикт ийнхүү дурдсан байдаг/-ын тэн хагас нь Хайшид, үлдсэн хагас нь Хэнанд болон бусад ганц нэг шен гацаанд байдаг ажээ. Иймээс Хэнаны монголчууд Хайшийн Дээд монголчуудыг хамгийн ойрын саднаа гэж үздэг. Үнэхээр ч нэг цаг үед буюу 1636 онд Гүш хааныг дагаж ирэн Хөхнуур Түвдийн өндөрлөгт хаан сууж энэ газрыг эрхшээж байсан баатарлаг дээдсийн удам аа. Дөрвөн ойрадын холбоог тэргүүлж байсан Хошуудын хаан Төрбайхын хүү Даш баатарыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын бүх Монголчуудын эзэн залгамжлагчаар өргөмжлөгдсөн ажээ. Тухайн үед Манжийн төр нутаг орныг захирагч ноёд түшмэддээ Чин ван цол өгдөг уламжлалын дагуу Хөхнуурын Монголчууд Лувсанданзангаа Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилж байх тэр үес Төрбайхын ач Бошгот Жинүүний хүү Цагаан Данзан вангийн хэргэмийн төлөө авгатайгаа шөргөөлцөж эхэлжээ. Чухам яг энэ үед тухайн үеийн Далай ламыг баривчлан авчирч тушаахыг Хөхнуурын монголчуудад Чингийн төрөөс зарлиг болгожээ. Харин хошууд монголчууд Далай ламыг Манжийн төрд хүргэсэнгүй. Угийн жөтөөрхөж явсан Цагаан Данзан Манжийн хаанд очин “Далай ламыг хүргэсэнгүй энэ учир Лувсанданзангийнх” хэмээн хошуу өргөж Хөхнуурын чин вангийн хэргэм хүртжээ. Ийнхүү хошууд монголчууд хоёр Чин вантай болсон байна.
    Зүүнгар Түвдийг цохих үед Чингийн төр Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт Гүш хаан цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй. Иймд Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, монгол цол хэргэмүүдээ сэргээн Хошууд хаант улсаа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд Цагаан толгойд цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Чингийн өмгөөлөлд очжээ. Ингээд Чингийн гурван замын цэрэг Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилсөн байдаг. /Энэ үеийн тухай зүрх өвдтөл шүлэглэсэн “Гасын цагаан дэрс” хэмээх дууг дээд монголчууд эрхэмлэн дуулсаар өдгөө хүрчээ/. Тэр үеэс Цагаан Данзанг дагасан Хэнан /”Хэ” гэдэг нь хятадаар гол, “нан” гэдэг нь өмнөд гэсэн үг бөгөөд Хатан гол буюу Шар мөрний өмнөд хэсгийн монголчуудын нутгийг Хэнан хэмээн нэрлэжээ/-ы буюу монголчууд шарын шашинд нэвтэрхий орж, харин Хөхнуурын баруун бие Хайшигийн хошууд /Лувсанданзангийн/ монголчууд эзэн вандаа тэрслээгүй ч эгэл номхон ардын хувиар малаа даган амьдарсаар Дундад их гүрний шуурган хөгжлийн эл цаг үетэй золгожээ. /Эл дашрамд дурдахад 2006 онд би Хайшийн буюу Хөхнуурын монголчуудын тухай “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн” хэмээх аян замын цуврал тэмдэглэлүүд бичин Монголын нэлээд хэдэн цахим хуудсуудад тавьж байсныг эрхэм уншигчид санаж буй биз ээ/
    …Хөхнуурын дээд монголчууд руу амь тэмцэн зорьж очсон манай залууг том жижиггүй гайхаж “Энэ нэг түвд хүүхэд яагаад монгол сургуульд сурах гээд зүтгээд байдаг юм бэ” хэмээн ихэд сониучирхан угтаж байсан гэдэг. Ганц ч монгол үггүй тэрээр эхлээд хүүхэд багачуудын доог болж байсан ч угийн монголдоо сэтгэлтэй найрсаг Дээд монголчуудын халамжинд төдий удалгүй эх хэлээ сурч, багш нарын хамгийн хайртай сурагч болтлоо дэвшсэн байна. Удалгүй Хөхнуурын монгол үндэстний их сургуульд суралцан төгсч ирээд төрөлх Хэнан шендаа засгийн ажил хийжээ. /Энэ газарт Засгийн алба хашихын тулд хятад түвд хэлэндээ маш гаргуун байх ёстой/. Таван үеийн өмнө мартагдсан монгол хэлээ “нөхөж” сурсан түүн шиг “эрдэмтэй номтой хүн” энэ шенд дахин гарсангүй. Хөгшчүүл нь түүнийг “хол явах хүү” хэмээн хэлэх үгээ олохгүй магтана.
    Нэгэн настантай уулзахад тэрээр, “Хөдөө амьдардаг түвдүүд соёл дорой. Монгол Улс байдаг гэдгийг ойлгодоггүй. Хэнан шенгийн монголчуудаар Монголыг төсөөлдөг. Бид улстай, үндэстэнтэй гээд хэлэхээр Хятад улсыг хэлж байна гэж ойлгодог. Эсвэл Хөхнуурын Дээд монголчуудыг түших нөмрөө болгож байна гэж боддог. Залуус бас түвдүүд шиг харанхуй болж байна. Бичиг үсгээ мартсан, түвдээс өөр хэлгүй, ядаж хятадаа ч сураагүй. Энэ газраас өөр газар явъя аа хэлгүй, хөлгүйтэй адил болжээ. Монгол улс бий гэдэг үгийг настнуудынхаа ярьдаг үлгэр гэж түвдүүдтэй адил боддог болсон нь хамгийн харамсмаар. Одоо бид бүгд түвдүүдэд хайлсан учир Сухутай уулзъя гэж зорьж ирэх монгол хүн байхгүй ээ. Биднийг монгол гэж үзэхгүй хаяжээ, халаг. Хаягдахаас аргагүй учир бас байна аа. Бид хэлээ мэдэхгүй ээ, түүхээ бас мэдэхгүй ээ. Тэгэвч түвдүүдтэй хэрэлдсээр үзэлцсээр байна аа. Нэг усанд живж байгаа боловч нэгийгээ үзэх тангарагтэй. Үр хүүхэд харанхуй болж байгаа нь хамгийн хэцүү еэ. Сэтгэл амар нүд аних аргагүй ээ. Үр хүүхдээ энд үлдээж үхэшгүй ээ. Монголоо бараадаг гэж их бодно оо. Өвөр Монгол руугаа явуулъя улс зөвшөөрөхгүй, тийм бяд бидэнд бас байхүй ээ” хэмээн цөхрөн үглэж байсан юм.
    Энэ нутагт өвгөд настнуудтай уулзавч үүх түүхээ үл мэдэх байдал нь намайг үнэнхүү гайхшруулж байсан юм. Та бүхэн энэ газарт хэдийд нүүдэллэж ирсэн, ямар дээдсийн хойчис вэ гэхэд хариулах хүн олдоогүй. Бид монгол хүмүүс, түвдүүдээс өөр шүү гэхээс өөр үг хэлж үл чадна. Аливаа улс үндэстний бичиг үсэг гэдэг тухайн улс орныхоо түүхийг тээж явдаг ажээ. Түүхээ мэдэхгүй ард түмнийг ойд төөрсөн сармагчинтай зүйрлэдэг нь тун чиг оносон адилтгал юм гэх бодол гол харлуулж билээ.
    5. Сайхан зүүд зүүдэлсэн юм, хүү минь ирэх байж
    Хэнан шенгийн гудамж зээлээр түвд монгол нь мэдэгдэхгүй түрэмгий ширүүхэн улсын дунд гутлынхаа халцарсан хоншоорыг ширтэн дуугүйхэн гэлдэрч явахдаа юунд ч юм жигтэйхэн их гуниглаж байлаа. Ийнхүү өлөг өвчтэй хүн шиг баахан тэнэсний эцэст юу ч болсон нэг настантай уулзаж аяга бүлээн цай оочлонгоо ганц нэг юм асууж шалгаагаад авахаар шийдэв. Ахиад л ажлыг нь хийлгэхгүй дуудах боллоо нөгөө муу орчуулагч “эрдэмтнийгээ”. Манай хүн ч цааргалалгүй давхиад ирлээ. Намайг очсон цагаас эхлээд л баярлаад хөөрөөд, цаг зав л гарвал “Монголын сонин ярь” гээд шалгаагаад суучихдаг хүн. Би ч Монгол Улсын сонинг дуртайяа хуучилна. Юу асууна, тэрэнд нь хариулна. Нутгаа санаж явааг ч хэлэх үү, ярих хачин дуртай болчихож. Хөх хотод хэдийгээр элэг нэгтнүүдийн дунд байгаа ч Улаанбаатараа л санаад заримдаа ч “уяанаасаа алдуурчихмаар” болно.

    -Монгол Улсад олон эхнэр авдаг болжээ гэж манай энд яригдсан, энэ үнэн юмуу? Бүр нэгээр тогтохгүй нэлээд хэдэн “худлаа хэлэхгүй” хүн хэлсэн шүү…
    -Худлаа, худлаа. Тийм юм ёстой байхгүй. Хууль нь ч байхгүй юм чинь. Олон эхнэр авахын тулд чинь эхлээд ядаж хуультай болох хэрэгтэй биз дээ? Монгол Улс ардчилсан бусад улс орны адилаар хүний эрхийг дээдэлж хувь хүний үзэл бодол, үг хэлэх эрх чөлөөг ямагт хүндэтгэдэг. Яахав, зарим нэг хүмүүс наргиан наадам болгож “Олон эхнэртэй болох хууль батлуулъя” гэж алиалдаг л байхгүй юу. Юу гэж энэ хөгжил дэвшлийн 21-р зуунд монголчууд тийм балай юм хийж байхав дээ.
    -Оо заза. Сайхан юм. Нээрээ монгол хүн олон эхнэрээр ч яах вэ дээ гээд л манай залуу цайлгахнаар инээн өөрийгөө шоолно. Тэгснээ л тэсгэлгүй ахиад л хөгийн хөгийн юм асууж эхэлнэ. Хоёулаа ийнхүү түвд сууринг монгол инээдээр хөгжөөсөөр нэгэн настныд ирлээ. “Эрдэмтэн” маань эхлээд утсаар ярьчихсан болохоор настан үүдэндээ зогсож байлаа. Бид хоёр дэмий балай юм ярих сан гэж ам загатнахдаа унаанд суулгүй алхсаар ирсэн юм. Хөөрхий нэлээд даарчихсан бололтой гаднаа хүлээж зогсоо настныг хараад яаралгүй алхсандаа үнэхээр гэмшлээ.
    -Заа, сайн байна уу Та? Сайхан өвөлжиж байна уу гээд мэндэлсэн чинь өвгөн өөдөөс
    -Сайн байна уу гэж байна. Монголоор дуу гарчихав уу даа гэж бараг цочих шахуу зогтустал орчуулагч маань араас нударч би ч бантсандаа чигээрээ алхаад гэрт нь орж явчихав. Эндэхийн айлууд бие биенээ дуурайгаад хийчихсэн юм шиг яг адилхан жижиг шавар байшингуудад сууна. Гаднаа хэцтэй, таславч бүхий үүдэн хэсэгтэй, хоёр өрөө шавар тагз. Хаанаас нь ч харсан хятад газрын оромж. Дотроо харин харьцангуй тохилог. Өвөө араас орж ирээд пийшин дээр даргилж байсан данхтай хар цайнаас шаазан аяганд хийгээд барилаа. Төмөр тавган дотор боов боорцог гаргаад таваглаж байна. Эргэнэгнийхээ ар өврөөс борлочихсон даавуу ууттай чихэр боорцог гаргаж ирэн түнтгэнэж байх нь эмээтэй минь эгээ адилхан. Нэг их сайхан санагдаад сэтгэл цадаад явчихлаа. Ядарч зутарч явахад тохилог хээнцэр зочид буудалд биш ийм нэг борог тарчигхан ч гэлээ гэрийн дулаанд ороод ирэхэд л сэтгэл санаа амраад тайвшраад явчихдаг юм.
    Өвөөтэй хууч хөөрлөө. Өвөө асуусан бүхэнд айхтар цэгцтэй нямбай хариулах мөртөө өөрөө санаачилж “буу халахгүй” юм. Хэлмэрч маань бид хоёрын үгийг нааш цааш нь болгож байх зуур өвөө хэдийнэ ухасхийж босоод цай цүй болоод л түнтгэнэчих юм. Аян холын хүн ядарч яваа гэж бодож байгаа нь харваас андашгүй. Өвгөнөөс үүх түүхийн учир жанцан тодруулах гэж хэдэнтээ оролдоод барсангүй. Мань хэлмэрч “Би танд хэлээд байгаа шүү дээ. Настнууд маань ч түүхээ мэдэхгүй. Тэгэхээр мэдэхгүй юмыг нь ахин дахин асуух хэрэггүй ээ. Өвгөн сандарчихна” хэмээн эвтэйхэн мулталж байна. Өвөө харин надаас Монгол Улсын сонин сайхныг асуугаад орчуулагчийг цангааж орхилоо.
    -Монголчууд маань Цагаан сараа тэмдэглэж байгаа юу, эсвэл нөгөө Христийн баярыг тэмдэглэдэг үү?
    -Цагаан сараа тэмдэглэлгүй яахав. Шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч улсынхаа хамгийн өндөр настныд очиж золгодог…
    Хэлмэрч залуу уулга алдан “Нээрээ үнэн үү” гээд сүйд. Тэр хөөрлөөрөө сүртэй ч орчуулав бололтой. Орчуулж эхэлтэл өвөөгийн нүдэнд нулимс мэлтрээд ир-лээ. Өвөө нулимсаа эрээ бараагүйхэн шударчихаад ахиад л асуулт асууна.
    -Монгол маань одоо дэлхийн улсуудын хаахна явна, хөгжлөөрөө?
    -Нийгмийн тогтолцоо, залуусын боловсрол, улсын нийт иргэдийн эрүүл мэндийн түвшингээрээ бол дэлхий нийттэйгээ хөл нийлүүлж яваа. Монголд баян ядуугийн ялгаа эндэхийнх шиг биш ээ. Нийтээрээ хангалуун, эрх чөлөөтэй амьдарч, сурч боловсорч байна. Хүн амын тоо ч өсөн нэмэгдэж байгаа. Олон хүүхэд төрүүлсэн ээжид төр засаг одон медаль өгдөг, бас хүүхдүүддээ төрөөс мөнгө өгдөг.
    -Ямар сайхан бэ гээд өвгөн хэнгэнэтэл санаа алдаад тачигнатал гэнэт инээд алдах нь “Үхсэн ч гомдолгүй боллоо” гэж хэлэх шиг…
    -Өвөө, та энд ямар ажил алба хашиж байсан бэ, эсвэл малаа л дагасан уу?
    -Би уг нь энэ хажуугийн Хүйсэн сумын хүн юмаа. Хүйсэн гэдэг чинь монгол нэр шүү дээ хүүхээ /гэж хэлээд над руу сүрхий нухацтай харав/. Намайг Гаадаа гэдэг. Аавыг минь Абу гэдэг байсан. Би олон жил ардын төлөөлөгч хийсээн. Малчдын амьдрал ахуйг хянаж мэдээлдэг, цалин хөлсгүй нэг тийм ажил даа. Би уг нь ижий ааваас 11-үүлээ хүн юм. Хоёр ах минь Соёлын хувьсгалын үед биеэ хорлосон. Бусад нь ч насалж жаргаж гавьсангүй өөр өөрийнхөө жам мөрөөр өөд болцгоосон. Одоо 70 гарсан өвгөн ганцаараа үлдчихээд л байна даа. Хүний үйлийн үр гэдэг хэцүү юм даа. Өөрөө би зургаан хүүхэдтэй. Гурав нь бас үгүй болсоон. Одоо ганц хүү, хоёр охин мал дээр байгаа даа. Энэ газарт монгол их урт насалдаггүй юмаа…
    Юм асуух гэсэн чинь хоолой дээр бөөн юм зангирчихаад дуугарч болсонгүй. Дэмий л тараг халбагадаж суулаа. Өвгөн намайг ирэхэд жигтэйхэн хөөрөөд “Хэдэн өдрийн өмнө би хүн болсоор үзээгүй хачин сайхан зүүд зүүдэлсэн юмаа. Эмгэндээ ярьж өгөөд нэг л сайхан юм болох нь дээ гэж хоёулаа хөөрцөглөж суусан юм. Тэгтэл эмгэн өнөөдөр яагаад ч юм гэнэтхэн бүр холын айл руу майжигнаж очоод тараг аваад ирсэн. Тэгсэн мөртөл хоёулаа таргаа идсэнгүй шинээр нь хадгалаад байж байлаа. Хүү минь ирэх байж…
    Өвгөний хөл газар хүрэхгүй хөөрнө. Эмгэнээ л дуудчихмаар байна, эмгэнтэй минь уулзаад яв гэж гуйсаар байтал нь яараад босоцгоолоо. Орчуулагч маань нэг монгол хэлтэй андыгаа дуудчихсан, их холоос ирж байгаа юм гээд байдаг. Нөгөө хүн нь оройн зоог барихаар хоолон гэрт мах чануулчихаад хүлээж ядан утас цохиод арга буюу хөдлөх боллоо. Өвгөн биднийг ирэхэд хүлээж зогссон яг өнөө газраа хадаатай юм шиг үлдлээ. Гараа далласан чинь өөдөөс гар далласангүй, харин алга хавсарч байгаа харагдлаа. Хангинатал уйлмаар санагдсан ч нулимс их хол байлаа…
    Б.Занданхүү /сэтгүүлч, яруу найрагч/

  • М.Намсрай: Миний хэлсэн yг 10 жилийн дараа үнэд ордог

     

    -Таны жил бүр гаргадаг зурхайнномонд байгаль цаг уур, улс төрийнталаарх зурлаганы ихэнх нь таардаг.Энэ жилийн хувьд ямар онцлогхарагдаж байна вэ?
    -Ер нь миний хэлснээр л явж байна шүү дээ. Би УИХ-ын дарга З.Энхболд алх тогшоод Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгосон цаг минутыг тавьж байгаад энэ хүн өрийн таазыг нэмнэ, манантах нь, Хөвсгөлийн фосфоритыг оролдож эхлэх нь, монголчууд нуургүй болох аюул нүүрлэлээ гэж бичсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар үлээхэд ч унахаар хэврэг боловч цаг нь болоогүй гэдгийг өмнө нь ч хэлж байсан. Тэр бүхэн өнөөдөр биелээд явж байна. Зурхайд юу гэж буусныг би өнөөгийн хэллэг ярианд оруулан хүмүүст ойлгомжтой бичдэг. Монгол шар зурхайд өнөөдрийн төдийгүй ирээдүйн бүх зүйлийг, амьдрах ухааныг, гэрлэх хүнийг хүртэл нэр зүс, од гаригаар нь заагаад өгөх боломжтой. Ийм байдлаар би зурхайгаа зурж ирлээ.
    -Эдийн засгийн хямралд монголчуудөртөөд байна. Үүнийг та зурхайдаа зурж үзэв үү?
    -Аливаа юмыг зохиомлоор хүндрүүлж, хүмүүсийн санаа сэтгэлд хүндээр тусгадаг үзэл суртлын асар том ажил хийдэг юм байна. Тэгээд ядарсан ард түмэндээ тусалж байгаа дүр үзүүлдэг нь Монголын улс төрд тогтсон төрх. Үнэн сэтгэлээсээ Монголын ард түмний төлөө зүтгэж байгаа нэг ч хүн байхгүй байна. Монголчууд угтаа бол эдийн засгаар туйлдаж, гудамжиндаа гуйлгачлах ард түмэн биш.
    -Зурхайгаа зуруулахаар ямар хүмүүс голдуу ирдэг вэ?
    -Би өөрийгөө сурталчлаад зар өгөөд байдаггүй. Хүмүүс ах дүү, хамаатан саднаараа дамжуулаад ирдэг. Шинжлэх ухаанд итгэдэг бодитой зүйлд итгэдэг хүмүүс л ирдэг юм. Шинийн хоёрны сар ийм цагийн хооронд харагдана гэхэд түүнийг харчихаад л ирэх жишээтэй.
    Монгол шар зурхай байгаль цаг уур хүний амьдралын онцлог үйл явдал бүгдийг хэлдэг. Зурхайгаа зуруулсан хүний насан туршид нь хэрэглэх зүйлийг нэг амьсгаагаар хэлээд өгдөг. Байгаль цаг уур, орчин тойронтойгоо зохицоод амьдрах бүрэн боломжийг бүрдүүлж байгаа юм.
    -Ер нь шашин зурхайн шинжлэх ухаантай хэрхэн холбогддог вэ?
    -Би шашингүй үзэлтэй хүн. Гэхдээ улайрч эсэргүүцээд муулаад байдаггүй. Шашнаас болоод дэлхий дахинд олон аюул нүүрлэж байдаг шүү дээ. Номын дүртэй энэ хүмүүс сүсэгтнүүдийн итгэл үнэмшил оюун санаан дээр нь тоглолт хийж, амьдрах хэрэгслээ болгож байна. Одоогийн лам нар биеийн амраа харсан ном цээжилсэн хоосон толгойтой хүмүүс явж байна гэж хардаг. Түүнээс хоосон чанарыг бодит байдал руу оруулах, шинжлэх ухаантай хослуулах гэж хичээдэг лам нар байсан. Миний өвөг дээдэст шашны талын хүмүүс байсан.
    Залгамжлалт, уламжлалт хоёрыг зарчмын заагтай үг гэж боддог. Буддын шашныг уламжлалт шашин гэдэг. Уламжлалт гэдэг нь бусдаас авсан ул мөрөө гаргасан хүний юм гэсэн утгатай. Харин бөөгийн шашныг уламжлалт гэдэг. Залгаа нь тасраагүй гэсэн үг. Уламжлалт залгамжлалт гэдгээ ялгаад сурчихвал бид хүний юм, өөрийн юмаа таньдаг болно. Бүх юмыг уламжлалт гээд сууж байх нь буруу юм. Монголын уламжлалт анагаах ухаан гээд төвдийн жорыг бариад суудаг. Гэтэл монголчуудын анагаах ухаан гэдэг онцлогтой өвөрмөц гайхалтай ухаан байдаг.
    -Хүн бүр сайн сайхан амьдрахыг, зөв зүйтэй явахыг хүсдэг. Үүний тулд хамгийн чухал сахих зүйл юу юмбэ?
    -Хүмүүсийн үзэл суртлын ашиг хонжооны зүйл явж байгаа юм. Хүний итгэл үнэмшлийн цав цагаан цаасан дээр хаа хамаагүй юм бичнэ гэдэг хортой. Ялангуяа хойч үеийн хүмүүст засрашгүй алдаа болдог. Хамгийн нарийн нандин зүйл бол итгэл үнэмшил юм. Бид 1990 оноос өмнө оюун санааны хувьд онгон дагшин байжээ. Эв хамтын хүчээр бүхнийг бүтээнэ гэсэн үзэлтэй. Одоо бол хэт туйлшралын үе болж байна. Зан үйлийн юм байлгүй яах вэ. Гал асаагаад сууж байхад галын гэрэл хүний нүдээр ороод цусанд шингэж маш нарийн микро элементийг бий болгож цусны эргэлт, оюун санааг сайжруулдаг юм билээ. Тэгэхээр гал асааж тахих, рашаан уух, арц үнэртэх, цай сүүний дээж өргөх бол далд ертөнцийн хоосон чанарын зүйлийг бие махбодид зохицуулж өгч байгаа юм. Энэ бол асар том үйлчилгээ. Үүний дозыг хэтрүүлээд шуналын юмаа нэмчихээр буруудаж байна.
    -Таны гаргасан шинэ ном нэлээд сонирхолтой агуулгатай харагдаж байна?
    -1990 оноос хойш монгол шар зурхайг ярьж эхэлсэн цагаас эх түүх өвөг дээдсийн өв их бүтээл хаанаас эхтэй юм, хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн ард түмний суут шинж чанар, бидэнд өвлүүлсэн өв их соёл нь хаана байна гэж судалж эхэлсэн. Энэ эрэл маань явсаар 20 гаруй жилийн дараа хадан дээрх бичиг үсэг дээр ирж тогтлоо. Хадан дээрх бичиг үсэг дотор дэлхийн Астрономийн шинжлэх ухаанд хэрэглэж буй нарны, сарны, есөн гаригийн бүх таних тэмдэг, дүрс хэлбэрүүд байна. Нар, сар, од гэх мэт бидний сайн мэдэх дүрсүүд манай хадан дээр эх үндэс, өөрийнхөө өнгө төрхөөр ямар ч хувиралгүй тэр хэвээрээ байна шүү. Тэгэхээр хадан дээрх дүрс бичиг бол үсэг юм байна гэсэн гаргалгаа гаргасан. Хэл шинжлэлийн ухаан, хүн судлалын ухаан, асторномийн шинжлэх ухаан, зурхайн ухаан дотор хадан дээрх дүрс бичгийг үсэгтэй ихэрлүүлэн нэг бүрчлэн тулгаж тавьсан эрдэмтэн байдаггүй юм байна. Ийм эрдэм шинжилгээний бүтээл өнөөдрийг хүртэл гараагүй байна. Тиймээс би хадан дээрх дүрсийг цаасан дээрх эх бичигтэй харьцуулж, адил төстэйг нь зэрэгцүүлсэн ном гаргалаа.
    -Та хадан дээрх дүрс бичгээ хаанаас авч, ямар бичиг үсэгтэй тулгасан юм бэ?
    -Төв аймгийн Бүрэн сумын “Нарийн гол”-ын хадны бичээс юм. Хэдэн мянган жилийн түүхтэй. Л.Түдэв гуай энэ жил “Дал” сонинд гарган тавьж. Х.Пэрлээ гуай “Монголчуудын уг гарлыг тамгаар хайж судлах нь” эрдэм шинжилгээний номондоо оруулсан дүрс бичгүүдийг авсан. Энэ хоёр хадны бичгийг дэлхийн бүх бичиг үсэгтэй тулгасан. Самгардын анги, Ассир Вавилионы шаантаг үсэг, хятан бичгийн үсэг, Түрэг үсгүүд, Занабазарын Соёмбо үсэг, дөрвөлжин үсэг, хятад үсэг, төвд үсгийн латин галиг, япон үсэг, солонгос үсэг, финик үсэг, латин үсэг, грекийн эртний үсэг, Германы рүн бичиг, глаголица, эртний Египетийн бичиг үсэгтэй харьцуулсан. Энэ номоороо зөвхөн харьцуулалт хийж харуулж байгаа юм. Харин дараагийн номондоо дүгнэлт хийж, зураг хөрөг оруулаад, англи хэл дээр орчуулж гаргана.
    -Хадны дүрс бичгийг, эртний бичиг үсэгтэй харьцуулж харуулснаар та юу хэлэхийг хүсэв?
    -Монголын маань хадан дээр байгаа дүрс бичгүүд дэлхийн бичиг үсгийн цагаан толгой мөн байна. Дэлхийн бичиг үсгийн эцэг гэгддэг финик цагаан толгойтой хадны бичигтэй яг адилхан байгаа биз. МЭӨ XII-X зууны үед финик үсэг үүссэн гэж үздэг бол МЭ 403 онд 1000 гаруй жилийн өмнө дэлхий даяар энэ бичигнээс эхэлсэн гэж үздэг. Финикийн хааны хүү Кадмагаас грекчүүд бичиг үсэг сурсан домогтой гэдэг. Тэгвэл хаднаас авсан гэсэн яриа нь домог болохдоо Кадма гэж хүн болгосон байж ч болох шүү дээ. Дэлхий даяар мянга мянган хэл шинжлэлийн эрдэмтэд финик цагаан толгойноос гаралтай гэж үздэг ч хаднаас гаралтай гэсэн хүн байхгүй. Тэгэхээр миний энэ номонд харьцуулсан байдлыг хараад бичиг үсгийн соёл монголоос эхтэй, хадан дээрээ бичиг үсэгтэй ард түмэн байжээ гэдгийг мэдэх болно. Анхдагч дүрс хэлбэр, санааг хэдэн мянган жилийн өмнө хадан дээрээ бичээд бичиг үсэг болгоод хэрэглэж ирсэн байна.
    Монголын ард түмэн, эрдэмтэн мэргэд үнэхээр өвөг дээдсээрээ, өв соёлоороо бахархая, үнэн зүйлд итгэе гэвэл гарцаагүй хадан дээр байгаа дүрс бичгийг очиж үзээд зургийг нь авч харж болно шүү дээ.
    -Таны номонд харсан тэнгэр гэж бичсэн байх юм. Энэ юуг хэлээд байна вэ?
    -Бөө бүр л аав ээж, өвөө эмээтэй уулзлаа гэдэг шүү дээ. Тэр нь ямар хүн байдаг гэхээр хэлдэг хүн байдаггүй. Тиймээс зурхайн шинжлэх ухаанд 130 тэнгэр байна. Түүнээс 49 тэнгэр нь сайхан ааштай, 81 тэнгэр нь тааруухан ааштай юм гэсэн байдаг. 81 тэнгэрээ гэрийнхээ уньны нүхийг хаах байдлаар униа өлгөж амар амгалангийн бэлэгдэл болсон бөмбөгөр цагаан гэртээ олон он жилийг улирааж амьдарч ирсэн ард түмэн. Муу зүйлсээ хаасан ард түмэн амгалан байхаас яах билээ. Би аливаа юманд бодитой хандахыг боддог. Хийсвэр зүйл хүнийг төөрөлдүүлж, мунхруулахын шалтаг шалтгаан болдог. Тиймээс харсан тэнгэрт өдөр бүр хэрхэн зурагдсаныг би номондоо оруулж өглөө.
    -Монголоор овоглох нэгэн зүйл болно гэдэгт та хэр итгэлтэй байна. Эрдэмтэн мэргэд дэмжих болов уу?
    -1990-ээд оноос хойш зарим эрдэмтэн мэргэд буруу юмыг зөв болгож, цагийн аясыг дагадаг болжээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед Чингис хааны төрсөн өдрийг зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэж тэмдэглэж байсан бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн болгоод Монгол бахархлын өдөр болголоо. Энэ бол Монголын том эрдэмтэд Ерөнхийлөгчийн аясаар түүхээ гуйвуулж буйн тод жишээ юм. Тиймээс би эрдэмтэн мэргэдэд сүжиг муутай болсон.
    Гэхдээ энэ нийгмийн сайн тал нь өөрийгөө илэрхийлэх бүрэн боломжтой юм. Би 20-иод жил Монгол шар зурхайнхаа төлөө явсан шигээ дэлхийн бичиг үсэг Монголын хадан дээрх дүрс бичгээс үүсэлтэй гэдгийг үлдсэн бүх цаг хугацаандаа ярих болно. Миний хэлсэн үг 10 жилийн дараа үнэд ордог. Манайд шар зурхайн талаар ойлголтгүй байсан бол өнөөдөр хэдэн арван мянган хүн миний зурхайн номыг ширээний номоо болгон амьдралын зүг мөрөө залаад явж байна.
    Би юм бүрийг Монголынх, Чингисийнх гэх дургүй. Харин гарцаагүй зүйлсийг л Монголоор овоглох ёстой зүйлийг гаргаж ирдэг юм шүү.
    Зууны мэдээ

  • Би ээжийгээ сохор учраас үзэн яддаг

    Миний ээж ганцхан нүдтэй… Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг. Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа. Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд “Миний хүү өлсч байна уу” гэж асуусан. Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулсан. “Миний хүү байхдаа ч яахав …дээ” гэж бодоод муухай харчихаад асуултанд нь ч хариулаагүй гүйгээд явчихсан.
    Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд “Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ.” гэж ангиар дүүрэн хашгирхад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ. “Яагаад заавал би гэж” хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав. Гэртээ орж ирээд л шууд
    “Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?” гэж асуув. Ээж юу ч хариулсангүй. Би энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо.
    Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдал оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй. Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж, зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болохоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо. Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов. Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа. Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ. Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв. Ээж хаалганы дэргэд зогсчихсон, хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно. Би урилгагүй зочноос төвөгшөөж, бас уурсан “Та яах гэж ирж байгаа юм бэ? Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ? Бушуухан эндээс явж үз” хэмээн хашгирах шахуу хөөлөө. Ингэж хэлүүлчихээд ээж:
    “Уучлаарай би айл андуурсан бололтой, намайг уучлаарай” хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байсан.
    Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ. Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчихөж. Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж, би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо. Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив.
    Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан. Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимс унагаагүй. Харин ээжийн надад бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.
    “Хайрт хүү минь. Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй. Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсч байна. Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдснийг сайн харж чадаагүй… Хүү минь чи бага байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан. Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм. Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж, ээж нь хүүдээ ямар хайртай байсныг санаж яваарай. “Чиний ээж” гэсэн байлаа. Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан. Энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.

    Уранзаяа

  • Хүнд хэцүү энэ цагт л Монголын сэхээтнүүдийн үг хэрэгтэй байна

    эс хөгжихийн зааг дээр ирчихээд байгаа энэ үед хэлэхээс аргагүй үг. Хөгжих, эс хөгжихийн цаана дарангуйлал тогтох, эс тогтох, тусгаар орших, эс оршихын зааг гэж айхтар юм бий. Яг энэ заагт бид амьдарцгааж байна. Итгэхгүй байгаа ч толгой дохихоос аргагүй гашуун үнэн. Энэ асуудал бидэнд огт хамаагүй, алс холын сэдэв мэт санагддаг байсан нь ердөө саяхных. Тиймдээ ч тусгаар оршсон бүрэн эрхт улсын иргэд гэсэн бахархал омогшил дүүрэн алхацгаасаар ирсэн, одоо ч нийгмийн ихэнх нь ийм бодолтой алхаж яваа. Гэхдээ орших, эс оршихын зааг дээр ирсэн гэсэн үнэн өнөөдөр хоолой дээр тавьсан хутга мэт болчихоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга.
    Гадаад харилцааны сай¬даар ажиллаж байсан Н.Туяа Монголын тухай, хөрш хоёр гүрний тухай үгээ саявтар манай сониноор дамжуулан нийгэмд хэлсэн юм. Орос, Хятад гэсэн мөнхийн хөрш-тэйгөө “зууралдахгүй” бол тойргийн гадна хаягдана гэсэн утгатай. Энэ бол сэхээтний, мэргэжилтний үг. Нэгэн цагт Га¬даад харилцааны яамыг толгойлж явсан хүний гээж боломгүй үг. Гадаад харилцааны экс сайдынх шиг ултай үг яг одоо хэрэгтэй байна. Монголын сор болсон эрхмүүдийн үг ус, агаар мэт эрэлттэй байна. Эдийн засгийн таагүй байдал хоёржил дараалан үргэлжилж, гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон хэцүү цагтхоёр толгойн асуудал ид яригдаж байна. Яг ийм үед Оюу толгой, Таван толгойг ашиглах нь эдийн засагт хэр өгөөжтэй, Монгол гэдэг улсын ирээдүйд ямар тустай болохыг ул суурь, учир, гаргалгаатай нь хэлээд өгөх сэхээтний үг үгүйлэгдэж байна.
    Саяхан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очир¬бат Таван толгойг явуулах нь эдийн засагт ямар ашигтай талаар бодлоо хэлж, санаагаа ху¬ваалцсан. Коксжих нүүрс¬ний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг том ордоо цаг алдалгүй ашиглахын тус, өгөөжийг үндэс, гаргалгаатай нь ярьсан байна лээ. Одоо нэг хүнийг сонсмоор байна. Нэгэн цагт Монголын төрийг тэргүүлж явсан Н.Баганбандийн үгийг. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, хоёр дахь шатны санхүүжилт орж ирэх нь улсын хөгжилд ямар нөлөө үзүүлэх талаар ярьж хэлэх л учиртай хүний нэг. Төрийн тэргүүнээс гад¬на “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажилласан он жи¬лүүд намтарт нь бий учраас онцлоод байна л даа. Энэ утгаараа Оюу толгойн талаарх түүний байр суурь нийгэмд хэрэгтэй байна. Түүний “Ти¬тэм үг” түмэнд ухаарал нэмдгийг үгүйсгэхгүй. Олонд өгч буй өгөөжийг нь хэмжих аргагүй. Гэхдээ яг одоо цэцэн үгийн цуглуулгаас илүүОюу толгойн талаар юу бодож санаж буй нь олны сонирхлыг татаж байгаа.
    Салбар бүрийн мэргэжилт¬нүү¬дээс хүсэх нэг зүйл байна. Уул уурхайгаа хэрхэн ашиглах, цаашид яавал хөгжих талаар байр суурь, бодол саналаа манай сониноор дамжуулан хэлнэ үү. Бид та бүхний индэр болъё.
    Эхлээд уул уурхайн том төслүүдээ хөдөлгөж мөнгө олъё, дараа нь тэр мөнгөөрөө хөгжих сууриа тавья гэж дуу¬гарч байгаа хүн яг одоо бол тун цөөнөөр тоологдоно. Нийт¬лэлч Баабар, Б.Цэнддоо, “Өдрийн сонин”, энэ сонины сэтгүүлчид л ийм өнцгөөс байр сууриа илэрхийлж, ни鬬гэмд үгээ хүргэж байна. Ингэснийхээ төлөө шүүмжлүүлж, эх орноосоо урвагчид гэж цоллуулж, ер сайн үг дуулахгүй яваа. Өдөр, шөнө, өглөө оройгүй зүхүүлж байгаа ч бид улсынхаа тусгаар тогтнол, хөгжлийн төлөө үгээ хэлэх үүрэгтэй. Бид өөрсдөө ингэж бичихээс гадна Монголын сэхээтнүүдийн санал, бодлыг нийгэмд хүргэх үүрэгтэй.
    Хоёр толгойг эсэргүүцэж үгээ хэлэх шиг амар юм алга. Оюу толгой, Таван толгойн эсрэг үг хэлсэн хүн бүр баа¬тар болдог. Ард түмний хүү болж манддаг. Ингэж цээ¬жээ дэлдэгсдийн зарим нь бүр олныг хамарсан санал асуулгаар туршлагатай улс¬төрч¬дийг ардаа орхичихсон тодорч яваа. Харамсалтай нь тэдний хэлж буй үг “тэнэг”-үүдэд зориулсан жүжиг төдий зүйл гэдгийг нийгмийн олонх ухаардаггүй.
    Учир мэдэх сэхээтнүүд бол хоёр толгой Монголд ямар өгөөжтэйг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Ойлгож ухсан зүйлээ олонд хэлж өгөөч гэсэн хүслээр л энэ бүхнийг хөндөөдбайгаа юм. Бидэнд Ерөнхий сайдын албыг хашиж явсан Р.Амаржаргал, Сү.Батболд, С.Баяр, Н.Алтанхуягийн үг хэрэгтэй байна. Улстөрийн гол намуудын дарга нарын үгийг нийгэм хүлээж байна. Б.Даш-Ёндонгоос эхлээд хоёр толгойн өгөөжийн талаар ултай үг хэлэх хүн намын дарга байсан эрхмүүдийн дунд цөөнгүй бий. Үе үеийн УИХ-ын дарга нараас Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, С.Төмөр-Очир гэж ирээд яривал хоёр толгойн талаар жинтэй үг хэлэх төрийн түшээ өчнөөн. Тэд том төслүүдээ улстөржүүлэхгүйгээр хөдөлгөх ёстой гэдгийг ойлгохын цаагуур ойлгож байгаа.
    За тэгээд нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнээ бүтээчихсэн, олон нийт үгийг нь толгой дохин хүлээн зөвшөөрч сонсдог хүчирхэг сэхээтнүүд байна. Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн гэж ирээд жагсаавал олон эрхэм бий. Оюу толгойн ТУЗ-ийн дарга, Монголын толгой эдийн засагчдын нэг Да.Ганболд, хуучин нийгмийн үед геологи, уул уурхай хариуцсан яамыг толгойлж явсан Ч.Хурц гээд үгээ хэлэх учиртай, нийгэм үгийг нь хүлээж буй хүмүүсийг жагсааж болж байна. Сая нэр дурдсан эрхмүүд хоёр толгойгоос эдийн засагт ирэх өгөөжийг мэдэх хүмүүс. Тийм учраас л үгээ хэлээч гэж хүсээд байгаа юм. Харамсмаар нэг өнцөг бий. Сэхээтнүүдийн зарим нь хоёр толгойн цаад ашгийг мэдэж байгаа хэр нь өнөө, маргаашийн ашиг хонжоогоор Оюу толгой, Таван толгойг энэ цагт ашиг¬лах нь буруу хэмээн ярьж байгаа. Зүй нь сургаж, боловсруулж өдий хүргэсэн улсынхаа хөгжлийн төлөө зөв үг унагах үүрэгтэй улсын нэг л дээ, олонд нэрээ гаргасан энэ сэхээтнүүд. Дайны гал дүрэлзэж байх цагт илдээ сугалдаггүйцэрэг шиг хэрэггүй хүн үгүй. Тэгвэл эдийн засаг таагүй хэвээр үргэлжилж буй энэ цагт, тусгаар орших, эс оршихын зааг дээр ирсэн ийм үедулсынхаа хөгжлийн төлөө үг хэлэхгүй сэхээтэн хэр үнэ цэнтэй байх бол? Дайны гал дундуур илдээ сугалдаггүй цэрэг шиг л хэрэггүй хэсэгт орж таарна.
    Ц.БААСАНСҮРЭН