Category: Үйл явдлын тойм

  • ТҮМ БУЖИГНАСАН АРЫН САЙХАН АРХАНГАЙ АЙМАГТ

    Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
    Энэ газраас цааш хөдөлөөд удалгүй Архангай аймгийн нутагт орших Чулуут голын хавцалд очно. Голын урт нь 415км. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Уг хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй тул доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын бэлчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан сүртэй урсана. Мөн хавцал нь ойролцоогоор 10 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван бөгөөд хавцалдаа хүрмэгц ширүүн урсгалтай мэт харагдана.
    Аялалын маршрут Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авдаг голд хүргэнэ. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км² билээ. Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Их тамир сумын нутагт байрлах Тайхар чулуун дээр зон олон ихээр цугларчээ. Аялал жуулчлалын үеийн бүх төрлийн үйлчилгээ чөлөөтэй байсан.
    Энэ зуны аяны замын гол маршрут энэ Архангай аймаг, Цэцэрлэг хотод төвлөрч байлаа. Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт-хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг. Энэ зун хур бороо ихтэй, голын ус үертэй байлаа.

    djmedia:467
  • КОВИДЫН ХАТУУ ДЭГЛЭМТЭЙ ЗАВХАН НУТАГТ

    Тус сум 1,5 мянган хүн амтай, 447 өрхтэй. Засмал замаар Улаанбаатар хоттой бүрэн холбогдсон. Увс, Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг болохоор хөгжил дэвшил хурдацтай байна. Учир нь иргэн бүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүсэж, нийтийн үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж байна. Мөн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн хямд, чанартай, сонголт ихтэй болж байгаа. Суманд тохилог буудал, шатахуун түгээх газрууд гэхэд сонголт их бий. Малчид маань малын гаралтай сүү цагаан идээгээ савлаж борлуулдаг болсон байна.
    Сумын ойролцоо байрлах хүн чулуун хөшөө бол монголын соёлын үнэтэй өвийн нэг билээ. Сонгино сумын нутагт байдаг Баруун голын Хаан, Хатан хүн чулуун хөшөө, том хиргэсүүр нь түүхийн ховор өвд хамаарна.
    Төв замыг дагаж явсаар Түдэвтэй сумын дэргэдүүр өнгөрлөө. Энэ зуны хувьд Ковидын өвчлөл гарсан тул хөл хориотой байлаа. Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай. Улиастайгаас 200 kм. Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн 2 мянга гаруй хүн ард оршин суудаг. Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Эх газраас эрс тэс уур амьсгалтай. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай.
    Монгол орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын ард түмний үндэсний баатар Шадар Ван Чингүүнжавын ард түмнээ гэсэн тэмцлийн дараа Хотгойдын ард түмнийг Эрдэнэдүүрэгч вангийн, Цогтой вангийн, Мэргэн түшээ гүний, Далай гүний, Ахай бэйсийн гэсэн Таван хошуунд задалсны нэг Цогтой вангийн хошуунд одоогийн Нөмрөг сумын нутаг харьяалагдаж байв. 1931 онд Нөмрөг сум гэж 7 багтай 1800 гаруй хүн амтай 500 гаруй хувийн аж ахуйтайгаар зохион байгуулагдсан юм.
    Нөмрөг уулын хошуу нь одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум бүхэлдээ, Түдэвтэй сумын Ойгон, Сант баг, Яруу сумын Өргөн, Тэлмэн сумын Нуур, Өгөөмөр багууд, мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баруун хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай, уугуул иргэд нь дан Хотгойдууд байв.
    Зуны цаг болоход аав минь ан эрхлэн явж, ээж минь олон хүүхдээ авч, Тэлмэн нуурын хойд эргийг бараадан, төрсөн ах болох мал баазын дарга Самданхүү хэмээх буурал толгойтой нутаг усандаа нэр алдартай хүний хаяаг түшин зуншдаг байж билээ. Тэр нуурын эрэгт амрав.
    Тосонцэнгэл сум монголын хүн ам ихтэй томоохон суманд хамаарна. 9 мянга гаруй орчим оршин суугчтай, дунд сургууль, сум дундын эмнэлэгтэй. Тус нутагт орших Тосон, Цэнгэл уулуудын нэрээр ийн нэрлэх саналыг нутгийн иргэн гаргасан нь дэмжигдэж Тосонцэнгэл сум гэгдэх болсон. Модны нөөцийг нь түшиглэн байгуулсан мод боловсруулах үйлдвэрийг тойрон томоохон суурин бий болсон байна. Байрлалаа олж, саяхан байгуулагдсан бололтой худалдааны төвөөс хүнсний хангалтаа хийгээд цааш хөдөллөө.
    Алдарт Солонготын даваагаа өгсөж явахдаа шүтдэг хайрхан, модондоо мөргөн залбирч шүшгэллээ. Даваа уруудан давхисаар Тэрхийн цагаан нуурт ирж буудлан хоноглов.

    djmedia:466
  • КОВИДТОЙ УВСАД

    Дэлхийд дотроо үл мэдэгдэх амьтан мангастай нуур 20 гариу байдаг гэсэн. Түүний нэгэнд тооцогдох болсон Үүрэг нуурт ирлээ. Шотландийн “Лох Нессо” нуурын мангасыг үзэж харахаар дэлхийн сая сая жуулчид тийшээ цувдаг Харамсалтай нь өнгөрсөн жаран жил тийшээ хөлхсөн жуулчид нэг ч удаа олж харсангүй ажээ. Харин Монголын Үүрэг нуурын эрэгт том амьтны мөр байгааг Оросууд олж үзээд хэвлэлд нийтэлсэн. Харин Монголчууд хэдэн жилийн өмнөөс өөрсдөө судалж дүрс зургийг нь буулгаж амжжээ. Монголын крийпт зоологич Содномдорж гэдэг залуу усны дрон, агаарын дрон, усны гүнд байгаа зүйл мэдрэх төхөөрөмж ашиглан судалж эхэлжээ 250 орчим зайнаас 6 метр орчим урттай хөдөлгөөнт биеийн фото видео зураг авч амжжээ. Нутгийн оршин суугчид хэд хэдэн удаа харсан гэнэ. Нуурын эргээх аялагчид олон байлаа.
    Зам алсдаа өгссөөр түүхт Улаан давааны овоон дээр очлоо. Алдарт Улаан даваан дээрээс тэртээд Увс нуур цайран харагдах нь үзэсгэлэнтэй. Давааны цаад уруу буюу Улаангом талдаа огцом билээ. Удалгүй аймгуудад анхлан хигдсэн бүтээн байгуулалт болох Хандгайтын хилийн боомт орох засмал зам руу оров. Одоо нийслэл хүртэл дан засмал замаар давхих болно.
    Ковидын дэглэмтэй Улаангом хот угтлаа. Бусадтай адил дэглэт үйлчилж байсан ч хүнсний захууд нээлттэй байсан нь аяны зорчигчдод, бас нутгын иргэдэд бараа солилцоонд ач холбогдолтлй байлаа. Хотод бид хүнсний хангалтаа хийчихээд шууд л Увс нуурыг зорилоо.
    Увс нуурын эрэг хүн машинаар дүүрэн байлаа. Амрагчид, аялагчдад зориулж нуурын эргийг тохижуулах ажил эхэлж, үйлчилгээ, халуун ус, цэвэрхэн 00-оор үйлчилдэг болжээ. Бид энд нэг өдөр таатай сайхан амарсан. Усанд шумбаж, нуурын усны долгионыг харах таатай байлаа.
    Увс нуурыг Тува хэлээр Успа-Холь гэдэг. Далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр, 84 км урт, 79 км өргөн нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Увс нуур нь Евроазийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн нутгийг хамрах сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм.
    2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.
    Увс нуураас хөдлөөд удалгүй Хяргас нуурт ирсэн. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.
    Аялагчид олон байлаа. Нуурын эргийг даган цөөнгүй цаг давхисаар Завхан аймгийн Сонгино сумын нутагт орлоо. Муу бензиний гор гарч машины шатахууны нассос эвдэрч бэлэн сэлбэг авч явсаных түүнийгээ солихоор Сонгино сумын харалдаа амрахаар зогслоо. Ойрын 5 жилд гурван удаа бензин аваад энэ л цэгт нассос эвдэрч солидог юм. Машины гурван удаагийн нассосын зардалд 3,6 сая төгрөг зарцуулж байгаа юм. Бодвол надтай адил муу шатахуунаас болж хохирч байгаа аялагчид цөөнгүй байх аа.

    djmedia:465
  • 8. ӨЛГИЙ ХОТ БА УУРХАЙД

    Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг.
    Энэ аймгийн сүүлийн үеийн түүхийг сайн мэднэ. Энд олон удаа, олон сараар ажилласан түүх сонихон билээ.
    Өлгий хотын дундуур урсах ногоон дэнж дээр хоноглоод маргааш нь захаар орж элдвийг сонирхон аялав. Тэндээс Увс аймгийн зүг гарч аялалаа үргэлжлүүлсэн билээ. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Ачит нуур бол Увс аймгийн хилийн дэс билээ. Ачит нуурын эрэг дээр ялаа шумуул нь удаан зогсохын аргагүй байсан.
    Энэ өдрийн аяны зам Хотгорын нүүрсний уурхай хүрээд завсарлав. Бид эрт амарсан нь маргааш өглөө эртлэн босч Бөхмөрөнгийн давааг давж өндөрлөг дээрээс алсын барааг харах зорилготой байсан.
    Увс аймгийн баруун хэсэгт орших Бөхмөрөн сум нь аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн зайтай оршдог бөгөөд Түүхт Улаан хадны энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий гэдгээр алдартай ажээ. Уг сум нь аймагтаа байгалийн баялагаараа тэргүүлдэг агаад, сумын баруун хэсэгт Асгатын мөнгөний орд, зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай, Бамбагарын нүүрсний уурхай байдаг ба өөр бусад ашигт малтмалын орд газрууд ихтэй олон төрлийн ховор амьтан ургамал элбэгтэй үзэсгэлт нутагтай суманд зүй ёсоор багтадаг байна. Энэ л газартай бүгдтэй нь танилцах хувь тохиожээ.
    Монгол,Оросын хил дээр орших тус сум нь Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршдог. Тус суманд Ачит нуур, Үүрэг нуур ,ба Хархираа, Түргэний Уулс сүндэрлэж, Заан хад хэмээх хаанаас нь ч харсан заан шиг хад бас байдаг.

     

    djmedia:459
  • 7. АЛТАЙ ТАВАН БОГДОД

    Алтай таван богдын оргилын наахан орших Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын улсын хамгаалалтын хяналтын цэгэд тулж очно. Ковидын үедтэй зэрэгцэн олон хүн, машин цугларсан харагдана. Иргэдийн ярьж байгаагаар гэрт хоноглоход 500 мян төг, Овоо хүртэл очоод ирэх 6 км замыг туулахад Пургон машины хөлс 100 мян төг гэж чих дэлсэв. Шавартай хөндий, бартаат замыг туулсаар Алтай таван богдын овооны наана орших нуурын дэргэд очиход байгаль тэрхэн агшинд бороо хураа хайрлаж манан үүсч оргилууд харагдахаа болив. Хэдий хугацаанд тэнгэр онгойтол хүлээх болдоо хэмээн дотроо бодож амжаагүй байтал, солонго татаж тэнгэр онгойж, овоо, Алтай таван богд цэлийтэл харагдаж эхэллээ. Овоон дээр хүн маш их байлаа.
    Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
    Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш олон зуун уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
    1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.
    Энд хилийн отрядын дарга нартай, Өлгий хотын танилуудтайгаа учирч хуучлаад өнгөрөв. Үндсэн лагераас 2 км уруудаад майхнаа босгон амарлаа. Тунгалаг сайхан нуурын усыг харан байгалийн сайханыг үзэж, чимээг сонсох сайхан.
    Маргааш өглөө нь бартаа багатай “цагаахан” замаар давхисаар Өлгий хотруу орж ирлээ. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газраар бүхэлд нь явж, олон жил судалгааны ажилаар ажиллаж байсан тул олон газраар аялсангүй товчхон аялал хийлээ.

     

    djmedia:458
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. АЛТАЙ ТАВАН БОГДОД ОЧИХ ЗАМ

    Тус газарт очихын тулд Өлгий хот-Улаанхус сум-Согог баг-Хөх хөтөл баг-Ойгорын гол-Алтай Таван богд, эсвэл Өлгий хот-Сагсай сум-Цэнгэл сум-Загаст нуур баг-Шивээт хайрхан-Цагаан гол-Алтай Таван богд гэсэн үндсэн 2 маршрутаар машинаар явах боломжтой. Бид энэ удаа хоёр маршрутыг хослон хийсэн билээ. Цагаан голыг өгсөж явахдаа шаврын саадыг хэд хэдэн удаа туулсан. Ихэнх газраас мобиком, юнител, жи-мобайлын сүлжээ барина.

    Зам зуур казах, тува түмний амьдрал ахуйтай танилцана. Алтай Таван богд уулын эргэн тойронд эртний хүмүүсийн үлдээсэн түүхэн дурсгалууд олноор тохиолддог. Тэдний нэг болох Цагаан салаагийн хадны сүг зураг нь Монголын соёлыг дэлхийд гайхуулдаг түүхэн дурсгалуудын нэг юм. Уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг. Уртаашаа 15 км, өргөөшөө 500 м орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар 10000 орчим зургаас бүрддэг байна. Сүг зурагт хүмүүс араатан амьтан, шувуу зэргийг өөрсдийн чадах чинээгээр дүрсэлж, ан гөрөө хийх, тариа ногоо тариалах, мал амьтан гаршуулах, үхэр тэргээр тээвэр хийх зэргээс гадна эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дотно харилцааг ч дүрслэн үлдээсэн байдаг.
    Эдгээр зургаас хүмүүс тэр үед ямар багаж, хэрэгсэл хийж эхэлснийг, тухайн үед ямар амьтад энэ газарт зонхилон амьдарч байсныг, хэзээ ямар амьтныг гаршуулж уналга эдэлгээнд хэрэглэж эхэлснийг, хэзээнээс газар тариалан эрхэлж анжис, нум сум, дугуй зэргийг хэрэглэх болсныг, цэрэг дайны бэлтгэлээ яаж хийдэг байсныг, ямар зүйлийг шүтээнээ болгодог байсныг, хэзээнээс малдаа тамга хэрэглэж ирснийг, сүг зургийн тархалтаар тухайн үед Монгол орны хаана хүн амьдрах таатай орчин бүрдэж байсан зэргийг тодорхойлох боломжтой.
    Цагаан голын гүүрний хажуухантай хотгорууд дотор үдийн амралтаа хийлээ.
    Шивээт хайрханы хадны зургийн цогцолборт Хар салаа, Цагаан салаа голуудын хөндийд байрладаг. Зурагтай талбайн нийт хэмжээ нь ойролцоогоор 12 хавтгай дөрвөлжин км. Уг хадны зургийн дурсгалыг эртний анчид, малчид үлдээсэн гэж эрдэмтэд үздэг. Цаг хугацааны хувьд хүрлийн түрүү үеэс эртний түрэгийн үе хүртэлх түүхийн урт удаан хугацааг хамарна. Ихэнх зургуудад янгир, буга агнаж байгаа анчид, дайн байлдаан хийж байгаа хүмүүс, элдэв домгийн амьтад дүрслэгдсэнээс гадна зарим нэгэн буга, үхэр, араатнуудын их бие, эвэр дээр төрөл бүрийн тамга сийлсэн харагдана. Шивээт хайрханы хадны зураг Цагаан Салаа, Арал толгойн хадны сүг зургийн хамтаар 2011 онд Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
    Алтай Таван богд очих зам дагуу Цэнгэл сумын нутагт орших Цагаан голын баруун хойших дэнж, дэвсэг хөндий, мөн голын зүүн хойд талд Цагаан салаа хэмээх газарт байрлах хүн чулуунууд, Улаанхус сумын Хар ямаатын голын хөндийд орших хүн чулууны цогцолборыг үзэж сонирхох боломжтой юм.

     

    djmedia:457
  • 6. КОВИД БА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ

    Их давааг давааг даваад уруудмагц тэртээ алсаас монголчуудын дунд тэртээ 1921 онд түүхэн үйл яьдал өрнөсөн алдарт Толбо нуур тодорно. Толбо нуур бол Баян-Өлгий дахь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Усны хагалбар уулс эрт цагт мөсдөж хур цасаар хучигдаж байснаар барахгүй одоо хир нь Толбо-Хүнгүй (3836 м өндөр) зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.
    Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой бөгөөд нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр болно. Нуурын уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
    Нуурын хотгор тектоник гаралтай боловч усны сан үүсч бүрэлдэхэд эртний мөстөл чухал нөлөө үзүүлжээ. Нуурын эрэгт зочид буудлууд байгуулагджээ.
    Толбо нуураас 34 км давхийд Өлгий хот орно. Өлгий хотын пост дээр дахин бүртгэв. Өлгий хот руу ороход нэг шинэчлэлт явагдсан нь онцлог байлаа. Тэр бол хаяг нэрээ монголоор бичсэн явдал байсан. Одоо цагт гавьяат цолтон, одон тэмдэг замбараагүй олгогдож байгаатай адил тэдгээр хүмүүсийн алдраар нэрлэгдсэн гудамж, талбай, цэргийн анги замбараагаа алдаж байна. Энэ туйлшралыг монгол даяар цэгцлэх шаардлага гарах байх аа.
    Бид аймгийн төвөөс шатахуунаа цэнэглэж аваад шууд Алтай таван богдыг зорьсон. Гэгээтэйд газраа сонгодог уламжлалаар айтгаас өгссөөр Сагсай сумын өмнөх давааны нөмөрт талд амрах газраа сонгон хоноглолоо.

    djmedia:456
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. 5. ТҮҮХТ ХОВД ХОТ

    Ховд хот Монголын Баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засаг, худалдаа, шашин шүтлэгийн төв болж чадсан юм. Сангийн хотод манжийн төрийн гол аппарат Хэвэй амбан байрлаж, Монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч Ховд хотыг чөлөөлжээ. Эртний түүхт сангийн хэрэмний шавар туурь дээр очиж сонирхолоо.
    1921 онд Ардын хувьсгалын ачаар тус хязгаар нутаг нь орчин үеийн хот болон хөгжих үндэс суурь тавигдсан юм. 1940 оноос Ховд аймгийн төв болж, 1952 онд Жаргалант хот, 1961 онд Жаргалант хотыг Ховд хот гэж нэрлэж, 1992 онд Жаргалант сум болсон юм. Ховд хот нь Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн улс төр, соёл шинжлэх ухаан, эдийн засаг нийгмийн хөгжлийн төв болж байна. Хотын төв талбайд байрлах Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд дурсгалын зураг авахуулав. Олон зуун жилийн настай түүхэн моддыг харах ч сайхан.
    Буянт голын хоёр хөвөөгөөр хотын айлууд зусланд гарчээ. Тэдгээр зуслангийн айлуудын дунд майханаа барьж хоноглосон билээ.
    Жаргалант сум Засаг захиргааны нэгж 12 багтай. Жаргалант суманд өөлд, халх, захчин, торгууд, урианхай, мянгад, дөрвөд, баяд, казак, үзэмчин зэрэг 10 гаруй үндэстэн ястнаас бүрдсэн 25 гаруй хүн ам, 6800 гаруй өрхтэй. Ховд их сургууль, ХААИС-ын салбар, Ховд-Эрдэм дээд сургууль зэрэгт нийт 2500 гаруй оюутан сурч суралцаж байна.
    Энэ л хотоор өнгөрөх бүрдээ Ховд аймгийн МБНЭ-ийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Лувсанлхамо холбогддог. Холын аянд зорих замдаа түүнээс ярилцлага авч кино мэдээлэл хийх санаа байсан ч ковид өвчин тархсан энэ цаг үе бидэнд саад боллоо.
    Хотоос гараад засмал замаар Баян-Өлгийг зорив. Замын хоёр талаар уул, хөндий жирэлзэн өнгөрнө. Мөн ч олон удаа энэ нутгаар аялжээ.

    djmedia:449
  • 4. ЭЭВИЙН ГОВЬ БА ГУРВАН ЦЭНХЭРИЙН АГУЙ

    Ховдын Дарви суманд орж ирэхэд байдал ихээхэн өөрчлөгдсөн байв. Дэлгүүр нь төрөлжсөн, хот газрын дэлгүүр шиг цэвэрхэн, худалдагч нь соёлтой. Удахгүй төв зам дагасан сумууд хөгжил хурдацтай хэмэх шинжтэйд баярлаж явлаа.
    Ховдын Зэрэг сум зуншлага муутай, одоо л өвс ногоо “өндийж” байгаа шинжтэй. Ихэнх малчид отортоо явж, сумын хөдөлгөөн эрс багасжээ. Нутгийн шүтээн Баатархайрхан уулын ноён оргил Цаст хайрхан алсаас сүрлэг харагдана.
    Бид засмал замаар жигд хурдтай явсаар хүшуу ороон эргэж Манхан суманд ирлээ. Сумын нэрийг нутгийн хойт зүгт орших тахилгат уул болох Манхан уулын нэрээр нэрлэж Манхан сум гэх болжээ. Дөрвөн мянга гаруй хүн амтай ба нийт хүн амын 90 орчим хувийг Захчин ястнууд эзэлдэг.
    Манхан сумын нутагт байрлах дэлхийд алдартай Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд оршдог юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад амьдарч байсан ба цаг уурын байдал одоогийн Африк тивийн адил чийглэг халуун уур амьсгалтай байжээ.
    Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ.
    Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: “Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд тухайн үед амьдарч байсан хүмүүс асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авьяастай зураачид амьдарч байсны гэрч юм” гэжээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан байна.
    Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэгээр шалгарсан билээ.
    Гурван цэнхэрийн агуйг үзсэний дараа үдийн хоолоо голын эрэгт зооглов. Өмнөх жилийг бодвол өвс ногоо муухан л харагдав. Биднийг байж байхад нэг жижиг тэрэг голыг хөндлөн гарах гэж яваад блокоо хагалж орхив. Тэрхүү машиныг уснаас гаргаж өгөөд Ховд хотын зүг хөдөллөө. Энэ өдөр бид Ховд хотын дунд Ховд голын хөвөөнд эрэг дээр амарлаа.

     

    djmedia:448
  • КОВИД-ЫН ДЭГЛЭМТЭЙ АЛТАЙ ХОТ

    Улсын чанартай 128 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, Говь-Алтай аймагтаа 18 сумаас хүн амын тоогоор 3, мал сүргийн тоогоороо 1-рт ордог томоохон сумдын нэг юм. Баруун алтай нутгийн үүд хаалга их хөгжлийн хоймор тал болсноороо онцлог нутаг билээ. Дэлгэр нутагт зам барилга, цахилгаан дулаан, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн бусад сумдтай харьцуулахад хөгжлийн боломж дүүрэн сум юм.
    Бороо хуртай зун болж байгаа гэж ойлгож явсан, гэтэл зуншлаг алаг цоог байгаа бололтой. Их замын дэргэд байх толгой дээр Хөшөөт цогцолборыг байгуулсан нь аялагчид сонирхон үзэх үзвэр болжээ.
    Алтай хотын наад дэнж дээр шатахуун түгээх станцаас алсын аялалд явагсад шатахүүнаа авах ажээ. Ганцхан энэ цэгт шатахуун өгч байгаа тул дугаарласан машин ихтэй л байлаа. Тэр станцаас хөдлөнгүүт Алтай хотод орох хяналтын цэг байгуулж, зорчигчдыг бүртгэж байлаа. Цэг дээр багагүй дараалал үүссэн боловч бүртгэл нэг их удаахгүй үйлчилж байлаа. Тэндээс хөдлөнгүүт 100 хүрэхгүй метр яваад хүнсний дэлгүүрт орж хангалтаа авах боломжоор хангажээ. Байршил нь тэгж таарсан байлаа.
    Алтай хот урьдынхыг бодвол хөдөлгөөн багатай байсан. Төв талбайд очиж, Монгол Улсын баатар Жанчивын хөшөөнд дурсгалын зураг авахууллаа. Тэндээс шууд аялалын замдаа гарлаа. Энд хяналт шалгалт гээд хүндрэл байсангүй. Аймгаас гарах цэг дээр Говь-Алтай амйгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн удган Цэвэлмээ уулзсан билээ. Ковидын дэглэм бидэнд тухтай уулзах боломж олгосонгүй.
    Уруудсаар алдарт Шаргын говьруу орж явчихав. Шаргын говь нь монгол Алтайн нурууны төв хэсэг рүү түрж орсон Шаргын цагаан нуурыг тойрсон цөлөрхөг газар. Шаргын хотгор нь урд талаараа Алтайн нуруу, баруун хойд талаараа Дарвийн нуруу, зүүн хойгуураа Хасагт хайрханаар хүрээлэгдэнэ. 1993 онд монгол бөхөнг хамгаалах зорилгоор Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Шарга, Халиун, Төгрөг сумдын нутгийг хамарсан Шарга байгалийн нөөц газрыг байгуулсан билээ. Шаргын хотгорт хамгийн түгээмэл тархацтай амьтан бол монгол бөхөн бөгөөд хар сүүлт ч элбэг. Дарвийн нуруундаа шилүүс ирвэстэй ба гүйдлээр чоно үнэг тааралдана. Дэрс, заг, сухай их ургасан томоохон баянбүрд бөгөөд энд хар сүүлт, зэгсний гахай элбэгээс гадна усны шувууд олноор ирж зусдаг. аргын говийн чимэг бол монгол бөхөн. Дэлхийн улаан номд данстай монгол нутгийн уугуул амьтан монгол бөхөн Шаргийн говь, Хүйсийн говь, Манханы талаар л цөөхөн тоотой бөгтийн гүйж явна.
    Шаргын говийн эхэнд олон толгодын дунд хүчтэй салхилтаас хамгаалсан хотгорт бид хоноглох газраа сонгон амрахаар боллоо. Энэ өдөр 500 гаруй км зам туулжээ.

    djmedia:447