Category: Мэдээ, мэдээлэл

  • БИД ХООЛ ИДЭЖ БАЙНА УУ? ХОРТ ХАВДАР ИДЭЖ БАЙНА УУ?

    Монголчуудын хувьд дотоодын хүнсний бүтээгдэхүүнд итгэх итгэл өндөр байдаг бөгөөд байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхийг илүү таашааж байна.
    Мэдээж энэ бол сайн хэрэг. Гэхдээ бид үнэхээр чанарын баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадаж байгаа юу? Бидэнд анхаарах шаардлагатай зүйлс бий юу?
    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт иргэдэд дутмаг байна.

    Манай улс жилд нийтдээ 15 сая мал нядалдаг ба түүний 10 гаруйхан хувийг нь үйлдвэрийн аргаар нядалж, үлдсэнийг нь гар аргаар нядлаад иргэдийн ширээнд хүргэдэг тухай ХХААХҮЯ-ны мэдээлэлд дурджээ.

    Гар аргын нядалгаа хийгдсэнээр хэзээ, ямар антибиотик тариаг тухайн малд тарьсан болох, эмийн үлдэгдэл бий эсэх, гарал үүсэл нь тодорхой эсэх, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь тодорхой бус байдаг. Эрүүл, чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд малчны хотноос эхлээд арчилгаа, маллагаа, эмчилгээний үйл явцаас эхлээд нядалгааны үйл явц, тээвэрлэлт, борлуулалт, үйлдвэрлэл гэсэн шат дамжлагыг дамждаг. Тиймээс бүхэлд нь эдгээр үйл явцыг стандартжуулах, хянах шаардлагатай юм.
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр хүний биед антибиотикт дасал үүсч жилд 700 мянган хүн амь насаа алдаж байна. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдэлтэй махны талаарх ойлголтыг өгөх, сурталчлан таниулах сургалт, боловсролын чиглэлд анхаарснаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой юм.
    Тэгвэл эмийн үлдэгдэлтэй мах, сүүний асуудлын талаарх ойлголтыг илүү тодотгон Цагаантун Эрдэнэ мал эмнэлэгийн ерөнхий захирал, Малын их эмч С.Сарантуяа иргэд, олон нийтэд зориулан https://www.facebook.com/MongolMalEmneleg хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэн ажиллаж байна.

    Энэхүү хуудсад нийтлэгдсэн зөвлөмжүүдээс эмхэтгэн энэхүү мэдээг бэлтгэн хүргэж байна.

    Эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөл юу вэ?

    Малд хэрэглэсэн эмийн бодис, антибиотик малын биед хуримтлагдаж, бүрэн гадагшлаагүй байхад нь мах, сүүг бид бүхэн хүнсэндээ хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл, химийн бодис нь хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай байдаг.
    Мал, амьтны биед агуулагдах эмийн үлдэгдлүүд малын гаралтай бүтээгдэхүүнээр дамжин хүний биед харшил, хордлого, хорт хавдар, бэлгийн сулрал мөн удамшлын мэдээлэлд нөлөөлөх, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох, ходоод гэдэсний хэвийн микрофлорууд устах гэх зэрэг олон эрсдлийг дагуулж байдаг ажээ.
    Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд ургийн гажиг үүсгэх, хүүхдийн санах ойг сааруулж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавартай. Цаашлаад хүний мэдрэлийн тогтолцоо дарангуйлагдаж, цусны найрлага өөрчлөгдөн хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэгийг ДЭМБ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Хорт хавдрын үзүүлэлтээр манай улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа нь Монголчууд бидний амьдралын хэв маяг, хүнс хоолны хэрэглээтэй салшгүй холбоотой болов уу.
    Эмийн үлдэгдэлтэй махыг чанаж болгох, эсвэл дулааны болон физикийн арга хэрэглэн саармагжуулна гэж байхгүй. Ингэснээр харин ч дахин задраад өөр хортой бодис үүсэж идсэн хүний биед хортой бодисын нэгдэл, хуримтлал үүсгэдэг.

    Хэрхэн эмийн үлдэгдэлтэй махны хэрэглээг хязгаарлах вэ?

    Нэгт, малчдын мэдлэггүй байдлын улмаас мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээр малын өвчнийг таамаг тавьж оношлох, зөвлөмж зааваргүйгээр, хэмжээ тунг зөрчин эм тариаг дур мэдэн хэрэглэх нь тухайн малын мах, сүүнд эмийн үлдэгдэл үүсэх суурь нөхцлийг бүрдүүлж байна. Малчдын түгээмэл хэрэглэдэг ивомек тариа нь нэг сарын дараа малын биеэс бүрэн гадагшилдаг. Энэ хугацаа дуусаагүй үед мах, сүүнд эмийн үлдэгдэл хадгалагдсаар байх болно. Хэр сахилга баттай, хариуцлагатай хандаж байгаа нь тодорхойгүй байна. Тус тариаг хавар хамуунаас, зун өтнөөс, намар хачигнаас хамгаалах зорилгоор түгээмэл хэрэглэдэг.
    Аль ч эм тариа, антибиотик нь оношлогдсон өвчинд зохих тунг тааруулан хэрэглэх ба арьсан дор тарих, булчинд тарих зэргээр ялгаатай эмчилгээг хийдэг.

    Хоёрт, нийтийн хоолны газар, мах, сүүний худалдаа эрхлэгчдийн мэдлэггүй байдлын улмаас тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл, нийлүүлэлтийн үйл явцад хяналт сул тавьж, улмаар хямд үнийг чухалчлан худалдан авалт хийх байдал үүсэх нөхцөл бүрддэг.
    Энэ байдлын улмаас иргэдийн хоол хүнсний аюулгүй байдалд дараах эрсдэлүүд үүсэх нөхцөл бүрддэг.

    • Малчид эмчилгээ авахгүй болсон өвчтэй, эм тариагаар шахуулсан малыг шууд нядлан зах зээлд хямд үнээр нийлүүлэх хандлага гардаг.
    • Иргэд эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголт багатайгаас болж эрүүл ахуйн хяналт тавих, гарал үүсэл, шинжилгээний бичиг шаардах, зэргээр хүнсний аюулгүй байдлаа өөрсдөө хангах тал дээр хангалтгүй байна.
    Тиймээс эмийн үлдэгдэлтэй малын мах нь хүн амын эрүүл мэндэд маш хортой болохыг ойлгуулах, мэдээлэл сургалтаар малчид болон нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг хангах нь малын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөртэй Монгол хүний эрүүл мэндэд нэн чухал шаардлагатай байна.

    Эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх ойлголтыг олон нийтэд өгөх нь ямар үр дүнтэй вэ?

    Иргэд, олон нийт эмийн үлдэгдэлтэй мах, сүүний талаарх мэдлэгтэй болж, хяналт сайжирснаар дараах үр дүнгүүд гарна. Үүнд:
    • Малчид эмийн үлдэгдэлтэй махны талаар илүү сайн мэдээлэлтэй болсноор бие даан, дур мэдэн малын өвчнийг оношлох, эмчилгээ, тарилга хийх байдлаа бууруулж, мэргэжлийн байгууллага, малын эмчид ханддахыг чухалчилдаг болно.

    • Малчид малын тарилга туулга, эмийн бүтээгдэхүүнийг малдаа зохисгүй хэрэглэснээр өөрсдийнх нь болон бусдын эрүүл мэндэд хэрхэн хөр нөлөө учруулж буй талаар мэдлэг ойлголтыг олж авна. Ингэснээр хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдах, улмаар ХБӨ-ийн тоо хэмжээ буурахад тодорхой нөлөөг үзүүлнэ.

    • Малчид өвчтэй малыг эмчилгээний үр дүн гарахгүй байдлаас шалтгаалж шууд нядлах, махыг зах зээлд нийлүүлэх “мөнгө” төвтэй хандлагад бодит өөрчлөлт хийж, ёс зүй, мэдлэг боловсрол төвтэй “Хариуцлагатай малчин”-г бий болгоно.
    • Нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид эмийн үлдэгдэлтэй махны хор хөнөөлийн талаарх бодит мэдлэгийг олж авснаар гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээгүй мах худалдан авах байдлыг хязгаарлах, нухацтай, анхааралтай ханддаг дадал хэвшил бий болно.
    • Нийт ард иргэд малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа махны эрүүл аюулгүй байдалд чухалчлан анхаардаг, хэрхэн эрүүл мах худалдаж авах талаар, мах худалдан авахдаа гарал үүсэл, эм тариа вакциныг хэдийд тариулсэн эсэх дээр хяналт тавьдаг худалдан авалтын боловсролтой иргэд бий болно.
    • Хоол хүнс тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах нь эдийн засгийн төдийгүй нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чухал үр дүнтэй юм.

    Малын эмийн зохистой хэрэглээний талаар системтэй мэдлэг ойлголтыг малчид, мах, сүү борлуулагч, худалдаа эрхлэгчид, хэрэглэгчид болон мал эмнэлэгийг холбосон хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, ХХААХҮЯ болон холбогдох төрийн бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

    Малын эмч Б.Баярмаа

  • ХЯТАДТАЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

    Хятадад газар хөдлөлт болжээ гэсэн мэдээний дор үхэж байвал таарна, бүр олон үхсэн бол сайн байх байлаа, сайхан мэдээ байна гэж хөгшин хөвөөгүй, эр эмгүй бичицгээх нь маш их. Тэгсэн хэрнээ тэр үзэн ядаад байдаг улс нь хилээ хаачихаар хамаг юмных нь үнэ өсөөд, өөрсдөө сүйрчих дөхдөг. Хараан хараан хятад бараа хэрэглэдэг.

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд алаад өгнө хил хаагаасай гэж дуулдаг хэрнээ хил хаамагц хамаг юмных нь үнэ өсөөд, нөгөө ганцхан чамайгаа л авна гэсэн үндэсний үйлдвэрээ хараан, яасан ч авахгүйдээ тулдаг. Хил нээгдэж энэ хэдэн юм үнэ хөөрөгдөхөө болиосой гэцгээдэг. Тийм овилгогүй юм уу, бодлогогүй юм уу.
    Уул уурхайг бараг нийтээрээ үзэн яддаг. Тэгсэн хэрнээ тэндээсээ л гол мөнгөө олдог. Өөр гадагш зарж байгаа бараа байхгүй.

    Монголчуудаа, арай илүү ухаантай байх хэрэгтэй байнаа. (Миний фэйсбүүкийн найзуудын дийлэнх нь харин арай дажгүй шүү. Юм боддог, хоёрыг тунгаадаг, наадах цаадахыг хардаг)
    Зүгээр л үзэн ядалтаар амьдармааргүй байна. Бас улирсан баларсан сэтгэлгээгээ орхихгүй бол болохгүй байна. Яаж ч их үзэн ядсан урд хөрш маань 3 сая хүнтэй, автомашины түгжрээгээ дийлэхгүй байгаа мань хэд байтугай цаана чинь АНУ-ын бүлгийг чичрүүлдэг дэлхийн том нууц ноёнтон болж байна ш дээ.

    Өнгөрсөн хэдэн зууны өмнөх хятад биш, 1940-1950-иад оны хөвөнтэй өмдтэй хужаа биш болоод машин үйлдвэрлэдэг, пуужин үйлдвэрлэдэг, цөмийн зэвсэгтэй, дэлхийн хамгийн баян хэтэвчтэй, бас метротой улс болчихоод байнашд. Жилд 10-20 сая хятад хүүхэд төрж байна. Чамайг тэднийг үзэн ядаж байгаа эсэхийг огтхон ч тоохгүйгээр. Газар хөдлөөд үхээсэй, живээсэй гэж хүсэж байхад чинь, өдөрт 40 мянган хятад хүүхэд мэндэлж байна. “Үх үх, сөнө сөнө” гээд хэлж байх зуур чинь минутанд 30 хятад хүүхэд төрж байна. Ингэж хэллээ, үзэн ядлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй нээ. Яах вэ?

    Хятадууд бидний тэднийг хэр их үзэн ядаж байгааг даанч тоож анзаарахгүй ажлаа хийж байгаа нь сайхан юм даа. Хэрэв тэд биднийг бид тэднийг үзэн яддаг шиг үзэн яддаг байсан бол яах вэ? “Муусайн монголчууд үх үх, сөнө сөнө. Угаартаад үхэж байгаа гэсэн. Болж” гэцгээгээд. Хилээ хаая гэж уриалаад. Монгол нүүрс авахгүй гэвэл яах вэ. Япон руу онгоцоор нүүрсээ тээвэрлэх үү? АНУ-д нүүрсээ заръя гэтэл Байден өвөө “Монголын нүүрс дэлхийн хамгийн өмхий нүүрс” гээд зарлачихсан байдаг. Бүр Монголын онгоцыг хил дээгүүрээ нисгэхгүй гээд зөрчихвөл бид хаагуур яаж дэлхийтэй холбогдох вэ?

    Яг л өөрөө гадагшаа гарах хаалгагүй, хоёр хөршийнхөө өрөө, хашаагаар дамжиж гадагшаа гардаг сонин зохион байгуулалттай айл шиг. Тэгсэн хэрнээ хоёрхон хөршийнхөө нэгнийг байнга үхээсэй, сөнөөсэй гээд байдаг хүмүүс шиг. Тэгтэл тэр хоёр хөрш нь хоёулаа хорооллынхоо атмаанууд. Тэгсэн хэрнээ хоорондоо бас маш сайн найзууд. Урьд нэгийг нь нөгөөд нь ховлоод арга эвийг нь олоод байдаг байсан бол одоо хоёр атмаан маниусаар дамжуулалгүй хоорондоо хэл амаа олцгоочихсон. Нэгийг нь нөгөөд нь ховлох аргагүй болчихсон. Яах вэ? Бод доо. Тээр холын өөр байрны атмааныг дуудах гэхээр манай атмаанууд айлгаад явуулчихдаг. 107 -руу утасдвал яагаад ийш тийш утасдаад байна аа гээд хөрш маань орж ирээд нухчихвал яана.
    Уг нь энэ урдах айлын атмаан манайхтай гайгүй л харилцаатай байгаашдээ. Манайхтай хашааны маргаан байхгүй. Худалдаа наймаа дажгүй. Манай барааг боломжийн үнээр худалдаж авдаг. Урагшаа явсан манай наймаачдыг дээрэмдэж тонож, дээрэлхээд байдаггүй. Тэгсэн хэр нь л бид харааж зүхээд байх юм. Бид эсвэл сэтгэцийн өвчтэй юм уу

    Ингээд буруу харахаараа хараагаад л суудаг Солонгос киноны авгай нар шиг баймааргүй байнаа. Арай бодолтой, соёлтой, зарчимч байцгаая л даа. Зөв үү? Хөгжицгөөе л дөө. Өөрсдөө хөдөлмөрлөе. Хийе, бүтээе. Суръя. Харин ч ийм том дэлхийн зах зээлийн хажууд байж ашиглах хэрэгтэй биз дээ.
    Бид л өөрсдөө далчигнаж элдэв зан гаргахгүй бол Хятад хэзээ ч манайхыг тоож дээрэлхэхгүй. Тэгж нэрээ унагахгүй. Цаана нь маниустай маниусгүй Африк, Латин Америк гээд олон зуун сая хүнтэй том зах зээлүүд манайд үйлдвэрээ байгуулаач, манайтай худалдаа хийгээч гээд тосоод хүлээж авч байна.

    Орос хүчтэй байгаа цагт хэзээ ч Хятад Монгол руу сарвайхгүй. БНХАУ гэхдээ Гоминдааны хятад биш шүү. Манайхан бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гоминдааны хятад нь Байтаг богдод Монголын хилчидтэй байлдсан болохоос биш коммунист намын БНХАУ-ын Хятад байлдаагүй. Нэгийг нь муулах гээд андуураад гэмгүй нөгөөг нь нулимаад байж болохгүй биз дээ. Тэгвэл хоёулангийнх нь дургүйг хүргэнэ. Харин ч одоогоор ганц Гоминдаан нь л биднийг үзэн ядаж, эзлэнэ дээ гэж боддог ба тэр Гоминдааны засагтаа эх газрын Хятад нь дургүйд баярлах хэрэгтэй. Хэрэв байдал эсрэгээрээ байсан бол, эсрэгээрээ эргэвэл, Гоминдааны үзэл эх газрын Хятадад түгвэл харин тэр үед бид хичнээн үзэн ядаж, хараагаад Монголын ирээдүй бүрхэг болно шүү.
    Зүгээр л ухаалаг байгаад өөрсдөө хөгжье. Дэвшье. Эрх чөлөөтэй тусгаар улс байгаагийнхаа жаргалыг эдэлье. Ухаалгаар үүнийгээ хамгаалъя. Түүнээс юм л бол хий хоосон харааж балайрахаа больцгооё. Чингис хаан харааж, халаасандаа салаавч үзүүлэх замаар дэлхийг эзлээгүй байх. За тэгээд манайхан санаа оноогоо хуваалцана биз ээ.
    Saagii Sansar

  • ЖУУЛЧИД ИХ УУЛЗАЖ БАЙНА.

    Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгүүд тэдэн дотроос Хөвсгөл аймгийн төв болон сумдад амьдардаг “улаач” нараар бөөгийн зан үйл хийлгэх нь ихэсч байна. Энэ зуны хувьд Өмнөд солонгос, АНУ, Франц, Германы жуулчид олон ирж байлаа.
    Жил дутам дундажаар таван зуун мянга орчим жуулчид монголд ирдэг бөгөөд тэднээс цөөнгүй нь монгол уламжлалт бөөгийн зан үйлийг сонирхох нь ихэсч байна. Тэдний нэг болсон монголд жуулчилж яваа германы иргэн Илбера, Карин хоёр МБНЭ-д ирж үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, Монгол бөөгөөр үйлчлүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов.
    Тэдэнтэй хамт ирсэн жуулчдад үйлчлэгч нар хөдөө орон нутагт монгол бөөгийн зан үйлээр мөнгөжих чиглэлд ашиглаж, хүмүүс, иргэдийг хуурч байгаа иргэдийн талаар мэдээлэл өгсөн билээ. МБНЭ-д бөөгийн зан үйлийг мөнгөжих чиглэлээр ашиглаж байгаа иргэдийн тухай мэдээллийг нэгтгэн бүртгэж, судалж байгаа гэсэн хариултын өгнө билээ.
    Д.Хүрэлбаатар

  • АЛТАЙН НУРУУНААС АРХЕОЛОГИЙН ШИНЭ СОЁЛЫГ НЭЭЖЭЭ

    Тус экспедицийнхэн 2500 метрийн өндөрт уулын бэлд орших уг булшийг өнгөрсөн жи- лээс малтжээ. Экспедицийн удирдагч Алексей Тишкин “Уг бунхант булшнаас тахилын ёслол үйлдсэн ул мөр олсон. Оршуулгын зан үйл, булшны бүтэц нь 2007 онд Ховд аймгийн нутаг Буянт голын хөндийд малтсан булштай төстэй. Гэхдээ хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас гадаад зохион байгуулалт, чулуун дараасын хувьд төстэй ч дотоод байгууламж, тахил үйлдсэн хэв маягаараа бага зэргийн ялгаатай Алтайн нурууг дагасан шинэ соёл юм” гэжээ.

    Х.ЭРДЭНЭ

  • Д.ДАМБА: ЭНЭ ЧИГЭЭР НЬ АРАЙ ГАРГАЧИХГҮЙ БАЙХ, ГАРВАЛ АЮУЛТАЙ

    -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай та танилцаж амжсан уу. Шинэчилсэн найруулга хэр болсон байна вэ?
    -Хуулийн төсөл уншсан. Алдаатай юм олон байна. Энэ чигээрээ гарвал бүтэхгүй ээ. Арай тийм зүйл болохгүй байх. Гарвал аюултай. Төрийн хүнд суртлыг багасгаагүй, харин ч нэмэгдүүлсэн байсан. Төрийн оролцоог хумих бус тэлсэн харагдсан. Ингэж шинэчлэл хийвэл Монголд хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Дахиад Оюу толгой шиг том бүтээн байгуулалтууд бий болохгүй. Дараа дараагийн том орд ч илрэхгүй. Геологи, хайгуул ч урагшлахгүй. Шинэчлэгдэж байгаа хуулийн төсөл миний хувьд таалагдаагүй. Журмаар зохицуулах боломжтой маш олон асуудлыг хуульчлах гэж оролдсон байсан. Стратеги нэрээр төр булааж авах, өөртөө бүхнийг хураах процесс энэ хэвээр үргэлжилбэл уул уурхайн салбар мухардалд орно. Хөрөнгө оруулалт ч нэмэгдэхгүй. Эдийн засаг ч хөгжихгүй. Тиймээс нэлээд нухацтай хандаж, сайжруулахаас аргагүй. Салбарынхан, салбарын оролцогч талууд одоо санаа оноогоо хэлж, тусгах байх. Хууль гарсан хойно биш гарахаас нь өмнө бултаараа хэлэлцэж, алдаг мадаг багатай гаргах нь чухал. Энэ бол өргөн хүрээнд авч үзэх асуудал. Гурван жил шахам боловсруулсан гэхэд судалгаа, тооцоо муутай, салбарын хөгжлөө том зургаар нь харж чадаагүй байсан. Төрийн зохицуулалт нэмэгдсэн. Өнгөрсөн хугацааны алдаагаа давтахгүй, оноогоо ахиулахын төлөө зорих ёстой. Тэгж байж л бид хариуцлагатай, хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлж чадна. Хууль бүхий л талын оролцоо, эрх ашгийг хангаж, түүнд нийцэж байвал улсаараа хожно.
    -Хэт хатуу нөхцөл тулгасан байна уу?
    -Журмаар зохицуулж болох зүйлийг хуульчлах шаардлага байхгүй л дээ. Тухайн цаг үе, дэлхийн зах зээлийн үнэ ханшаас хамаарах юм гэж байна. Бүхнийг хуульчлах нь эргээд хүнд суртал үүсгэдэг. Гэтэл шинэчилсэн найруулгад ийм зүйл их байна лээ. Дээр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг их өндөр байлгах нөхцөлүүд тавигдсан байсан. Олон үе шаттайгаар тогтооно гэдэг нэг талдаа татвар тооцож ногдуулахад ч, татвар төлөхөд ч төвөгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ ханш өсөж, буурч байгаа энэ үед татвар нэг буураад, нэг өсөөд байж болохгүй. Анхнаасаа татвар нь тодорхой байвал талуудад амар. Шинэчилсэн найруулгад анхаармаар зүйл олон орсон байсан. Төрийн өмчит компаниудын оролцоог багасгах, тоог нь цөөлөх ёстой. Төрийн оролцоо хэтэрхий данхайж байна.
    -Энэ удаагийн найруулгад чухал ашигт малтмал, уурхайн хаалт гэсэн шинэ агуулга оруулж ирсэн байсан. Стратеги нэршил нь хадгалагдах юм байна.
    -Дэлхий дээр стратегийн орд гэсэн нэр томъёолол байхгүй. Манайх л 2006 онд гаргаж ирсэн. Ер нь стратегийн орд гэдэг нэр томъёо буруу л даа. Стратегийн ордуудаас Оюу толгой л гаднын хөрөнгө оруулалт татлаа. Бусад нь чадсангүй. Зарим нь хөдөлсөнгүй. Уул уурхайн салбарт төрийн өмчит компани л олноор нэмэгдлээ. Стратегийн чухал түүхий эд гэж байж болно оо. Гэхдээ цаг үе, зах зээл үүнийг тодорхойлно. Мөнхийн юм гэж байхгүй. Хэрэгцээгээ дагаад өөрчлөгдөнө. Том орд нээх, том уурхай ашиглах боломжийг хаасан, эсрэгээрээ жижиг хүчин чадалтай уурхай, бага нөөцтэй ордыг ашиглахыг илүү дэмжсэн. Бодлого ингэж л явж байна. Уг нь олон жижиг биш, цараатай том уурхай байснаар тэр хэрээр эдийн засагт үр нөлөө жинтэйхэн ирнэ. Ашигт малтмалын тухай хууль салбарын хөгжлийг тодорхойлох бодлогын маш чухал баримт бичиг. Тиймээс олон талаас нь харж, харгалзаж үзэх учиртай. Ойлгомжгүй, тодорхой бус, хоёр утгатай зүйл, заалт огт байж болохгүй, таарахгүй. Салбарын харилцааг зохицуулж байгаа хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг ч арилгах шинэчлэл болоосой гэж харж байна.
    -Шинэчилсэн найруулга дээр өөр ажиглагдсан зүйл юу байсан бэ?
    -Нүх сүв ихтэй. Яаж ч тайлбарлаж болохоор тийм заалт их харагдсан. Тиймээс өмнө хэлсэнчлэн олон талын санаа бодлыг сонсож, тусгах байх. Хэлэлцүүлэг ч нэлээд өрнүүлж, тэндээс сайжруулалт хийгдэх байх. Хоорондоо зөрчилдсөн агуулга их байсан. Энэ ньэргээд маргаан дагуулдаг. Цоорхой үүсгэдэг. Үүнийг ашигладаг, ашиглаад сурчихсан хэсэгт боломж олгохоор байсан.
    -“Оюу толгой”-н гүний уурхайн олборлолт эхэллээ. Танд ямар сэтгэгдэл төрөв?
    -Эдийн засаг талаасаа ч, улс төрийн талаасаа ч бодсон Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал. Энэ том төслийг Монгол Улс хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, явуулна гэдэг манай эдийн засагт сайнаар нөлөөлөөд зогсохгүй, бүс нутагт ч гэсэн нөлөөтэй. Энэ том үйлдвэрийн бүтээгдэхүүн бүс нутагт зарагдана. Бүс нутгаас мөн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжөө басавна. Тэр утгаараа Зүүн Азийн бүс нутагт ач холбогдол өндөр. Ер нь төслийг хэрэгжүүлэхийн төлөө манай Уул уурхайн ассоциаци олон жил зорьж, ярьж, олон түмэнд зөв ойлголт өгөхийн төлөө явж ирсэн. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг зөв зүйтэй нутагшуулж, байршуулах, үүний үр шимийг хүртэх том эхлэл “Оюу толгой”. Ил уурхай ашиглалтад ороод хэдэн жил болж байна. Хүдрийн агуулга нь далд уурхайн агуулгаас ихээхэн бага. Ордын нийт нөөцийнх нь 85 хувийг агуулсан гүний уурхайн зэсийн баяжмалын агуулга нь хамаагүй өндөр. Агуулга өндөр байна гэдэг орлого нэмэгдэнэ гэсэн. Компанийн ашиг, орлого ч сайжирна. Татвар, хураамж ч дагаад өснө. Татварын орлогоор дамжаад төслийн үр шим нь харагдаж эхэлнэ. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд татвараар л хүргэнэ. Татварын орлого сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийгмийн дэд бүтцийг сайжруулах учиртай. Уул уурхайн салбарын ашгийг олон нийтэд хүргэх арга зам нь татварын орлого л байдаг. Гол нь энэ орлогоо улс хэрхэн зарцуулах, үр ашигтай байлгахаас их шалтгаална.
    -Хувьцаа эзэмшүүлэх нь хэр оновчтой вэ?
    -Хамгийн сонгодог, шударгаар хүргэдэг арга бол татвар, татварын тогтолцоо. Үүгээр л үр шим хүртэнэ. Татварын орлогоор дамжуулж баялгийн өгөөжийг хүргэнэ. Түүнээс хувьцаа эзэмших замаар баялгийн өгөөж хүртэхгүй, ийм замаар хүртээнэ гэдэг тийм ч зөв шийдэл биш. Манай Засгийн газар хувьцаа олгосон. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг үнэ төлбөргүй иргэдэд эзэмшүүлсэн. Үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэдэг сонгодог утгаараа байж болохгүй. Компани яах гэж хувьцаа гаргадаг гэхээр үйл ажиллагаа явуулахын тулд мөнгө босгох гэж, хөрөнгө оруулалтаа нэмэх гэж тэр. Мөнгөгүй тараагаад өгөхөөр ямар ч ашиггүй. Зах зээлийн нийгэмд бид амьдарч байна. Ардчилсан зах зээл, чөлөөт нийгэмд шилжсэн үед нэг ойлголтыг манай ард түмэн иргэд мэдэх ёстой. Үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй юм гэж байдаг бол тэр хулганы хавханд л байдаг гээд байгаа. Тэгэхээр үнэтэй л байх ёстой. Хамгийн шударга хуваарилалт татвараар дамжуулж ард иргэддээ баялгийн өгөөжийг өгөх, үр шимийг хүртээх. Тэгж ойлгож байгаа. Хувьцааг арилжаалдаг. Арилжаалж байж компани хөрөнгө оруулалт хийнэ. Дахиад хэлье. Хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлнэгэдэг оновчтой хувилбар биш. Энэ баялгийн шударга хуваарилалт болж чадахгүй.

  • БНСУ-ЫН СҮМИЙН ПАСТОР Ю ХЭ ГЫН БОЛОН ЛИМ ИН БИН НАРТ МОНГОЛЫН АЛТАНГАДАС ОДОН ХҮРТЭЭСЭН ТАЛААР ТУС УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЖЭЭ

    Тодруулбал, алтангадас одонг МУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгож болох хамгийн дээд шагнал бөгөөд Ю Хэ Гын болон Лим Ин Бин нарыг БНСУ-д Монголын соёлыг сурталчлан таниулах, монгол хэлний сургуулийн үйл ажиллагааг дэмжих ажлыг хийсэн хэмээн тус шагналыг хүртээсэн гэжээ. Энэ талаар тэд, “Монголчуудын төлөө зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлж энэхүү шагналыг өгсөнд баяртай байна” гэлээ.
    Эх сурвалж: News.kmib

  • 5. ХАМТАРСАН КИНО ХИЙХ СОНИРХОЛ

    Намайг урьсан уран бүтээлч бол өмнө нь гурван удаа уулзаж байсан хүмүүс билээ. Намайг очиход уран бүтээлчийн захирал, өвөрмонгол залуу, студын захирал хүлээж авсан билээ. Залуу захирал бидэнтэй хамтарч ажиллах чиглэлийн талаар саналаа тавьсан юм. Яриа харилцан ойлголцлын түвшинд өндөрлөв.
    Тэдний бүтээсэн өвөрмонголын малчин гэр бүлийн тухай киног үзэж сонирхов. Тэрхүү кинонд малчин айлын дөрвөн улирлын аж байдлыг тод томруун тодорхой харуулахыг зорьжээ. Одоо болон цаашид үгүйлэгдэх олон зүйлийг авч үлдэхийг зорьсон байна. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд, тухайлбал хаврын шуурга, өвлийн цас, хүйтрэлтэй улиралд мал аж ахуйг хэрхэн эрхэлдэг тухай кино өгүүлнэ.
    Шинэ жилийн золголт, цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай, малчин айл өрх гэрийнхээ галын тахилгаа хийдэг байдал, бүх нийтээр хамтарч овооны тахилгаа хийж буй заг үйлийг кинондоо тусгасан байна.
    Манай малчдын байдлаас өвөрмонголын малчдын байдалд нэг зөрөө тод харагдаж байв. Тэр нь манайх бол зуны цагт нүүдлийн, отор хийж малаа таргалуулдаг бол энд суурийн нөхцөлд тэжээлээр малаа хариулдаг онцлоготой ажээ. Утгийн онцлог бүхий ялгаа харагдана.
    Монголчууд бид цагаан сарын идээ, тавгаа бид ул боовоор сондгой тоогоор тавьдаг бол өвөрмонголчууд тэгш тоогоор ааруул, цагаан идээгээр засах ажээ. Цөөнгүй зүйлд малчны ижил зан үйл байгаагаас гадна олон зүйлд нутгийн ялгаа харагдана. Ийнхүү монгол зан үйлийн тухай киног тусгайлан үзвэрийн танхимд үзэж сонирхолоо.
    Киноны дараа уран бүтээлчид бүтээлийн талаар тусгайлан ярилцлаа. Энэ удаа тэд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Бидний ажил хэрэгч яриа хоолны ширээнд үргэлжлэсэн билээ. Нэг л мэдэхэд ажлын өдөр өндөрлөж, оройн бүрэнхий болж, хот өнгийн чимэглэлээ асаасан харагдана. Бидний амьдралд ч гэсэн ийм олон өнгийн билээ.

    djmedia:680
  • ТОГЛОЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД

    Гүржийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, франц мэргэжилтэн Вилли Саньоль байлаа. Тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Монголтой хийсэн тоглолтыг ийнхүү дүгнэжээ. Вилли Саньоль “Ямар нэг дүгнэлт хийхэд хэцүү байна. Би шигшээ багт цөөхөн тоглосон тоглогчдоо ашиглах шийдвэр гаргасан. Тийм болохоор чанар муудсан. Шинэчүүд маань хамтдаа тоглож байгаагүй болохоор ойлголцол дутагдалтай байлаа. Би эхний үеийн тоглолтод сэтгэл хангалуун бус байна. Бид маш удаан тоглосон. Энэ улирлын анхны тоглолт гэхэд өөдрөг үр дүн гэж харж байгаа.” Гэжээ.

    Энд хөлбөмбөгөөс илүү хөгжөөн дэмжигчийн тухай өгүүлэх гэсэн юм. Үзэгчдийн дунд монголын далбааг барьж зогсоо хөгжөөн дэмжигчид бол монгол туургатнуудын нэг, Халимагууд байсан билээ. Тэнгэр үзлийн төлөө санаа нэг байдаг Б.Захарович монголын хөл бөмбөгчдийн тоглолтыг дэмжин зогсож байгаа харагдана лээ. Хаана ч байсан бид нэг багийнхан билээ. Халимагууд минь хаана ч Монголоо гэдэг элгэмсэг хүмүүс шүү.

    djmedia:688
  • ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

    Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин:
    Баялгийн эзэн улс нь 34 хувь эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66 хувь эзэмших ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ нь мянганы шилдэг луйврын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн шийдвэр гаргагчид нь их хэмжээний ХАХУУЛИАР л хийнэ.
    ……Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ.
    – Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв.
    1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм.
    Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой.
    Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг.
    Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм.
    2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна.
    Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм. Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм.
    Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу?
    -Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм.
    3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг.
    Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ.
    Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ.
    Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойг буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг.
    Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол.
    1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм.
    Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг.
    Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно.
    Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм.
    Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй.
    Монголчуудыг сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.
    Шаравын Энхтайван

     

  • Өвөр монголчууд

    Намайг бээжинд ирсэнийг сонсоод надтай харилцаж, учирч байгаа зовлон бэрхшээл түүнийг талаар санаа бодлоо илэрхийлж, хэрхэн даван туулах вэ гэдэгт зөвлөлдөн ярилцана.
    Өвөрмонголын бүхий л аймгаас бидэнтэй холбогдон санаа бодлоо солилцож байлаа. Бидэнтэй эртнээс харилцаатай байсан Шилийн гол аймгийнхан ойрын хугацаанд хийсэн тахилга, зан үйлийн талаар мэдээлэл солилцов. Цахарын гурван хошууныхан холбогдож, сүүлийн хагас жилийн байдлаар үйл ажиллагааны явцаа ярив.
    Чингис хааны цогцолбороор алдартай Ордос нутгийн улаач нар зан үйлийн тухай, тулгамдаж буй асуудлаар санаагаа илэрхийллээ. Хилийн боомт Эрээн хотод амьдардаг улаач нар байдлаа мэдээлж улаачийн хувьд санал бодлоо илэрхийлнэ.
    Бөөгийн түгэлт ихтэй, манай өмнөговийн хил залгаа нутаг болох Баяннуур аймгийн төлөөлөл холбогдов. Урадын хойд хошуу, урагшаа Уухай хотын чиглэлийн улаач нар бодол санаагаа илэрхийлж байна. Жинхэнэ улаач хүн өөрт тулгарч байгаа бэрхшээлээ бодитойгоор илэрхийлж чадна. Цаанаасаа андашгүй байдаг. Асуудалд хандаж буй байдал, тулгамдсан бэрхшээлийн тухай санаа бодол нь улаачийн байдлыг тодорхойлдог.
    Харин Алшаа аймгийн улаач нар анх удаа холбогдлоо. Монголоос ирсэн бөө нарт шавь орж, улмаар хүнд сорилтуудыг туулж яваа тэдний санал бодол сонирхолтой байсан.
    Одоогийн Баян-Өлгий амйгийн нутгаар амьдарч байгаад урагшласан Үзэмчин олон бидний тахилга хийсэн Цэнгэл хайрханыг, Жаргалтхаан хайрханыг Үзэмийн цагаан уул хэмээн нэрлэж тахиж шүтэж байснаа танилцуулав. Үзэмчин олны эртний тахин шүтэж байсан хайрханы зургаа хүртэл илгээсэн юм.
    Дөрвөд ястанууд бидэнтэй холбогдов. Өөр, өөрийн онцлоготой язгуурынхан тулгарч буй асуудлаа ярих ажээ. Одоогоор бол тэд хоорондоо дөнгөж танилцаж эхэлж байна. Биднийг бодвол харилцан ойлголцож хамтарч ажиллах сонирхол их, энэ талаар урагштай байдал харагдаж байна.
    Бас нэг сонирхолтой түүхтэй таарсан нь 1913 онд хятадын хар цэрэгтэй тулалдахаар өмнөд нутагт ирж байрласан монголчууд байлаа. Манжийн хар цэргээс уг нутгийн чөлөөлөн энд төлөөлөгчөөр сууж байсан Шинэн хэмээх цэргийн дарга, түүний удмын 200 гаруй өрх байдаг ажээ. Тэрхүү цэргийн зүтгэлтэн таван хэлтэй байсан домгийг хүртэл өгүүллээ.
    Бидний хооронд өрнөсөн халуун яриа олон өдөр дараалан өрнөсөн юм. Чөлөө цаг гарвал энэ тэнгэр үзэл, улаачийн холбоотой асуудал хөндөгдөн ярилцана. Энэ сэдэв дуусашгүй билээ. Энэ сэдэв гүнзгийрэх дутам бидний хоорондын харилцаа улам ойртох болно.
    Урьд өмнө дуулайгүй амьдралын үнэнийг дуулгалаа. Өнөөдрийн ярилцлага ховорхон тохиолдол байлаа. Азтай сайхан уулзалт боллоо. Ямар сайхан үнэнийг ярилцваа.

    djmedia:687