ТАВАН ТОЛГОЙН БУЛШ

2004 онд Д.Навааны малтсан 1-р булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүн илэрч, түүнийг дагалдуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж, 2-р булшнаас морь адууг дагалдуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан бол 2005 онд малтсан 5-р булшнаас мөн л бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил илэрч, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтаг малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илэрчээ. 2007 онд малтсан 11-р булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ. Судалгааны үр дүн өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн ба булшнуудаас илэрсэн хүний ясанд хийсэн палеогенетикийн судалгааны үр дүн мөн хэвлэгдэн гараад байна.
2010 онд Ц.Төрбат нарын малтсан Их Монгол улс-Юань гүрний үед холбогдох 57, 59 ба 61-р булшны хоёр нь эрт цагт тоногдож эвдэрсэн, зөвхөн 57-р булшны хүний оршуулгын хэсэг огт хөндөгдөөгүй байсан онцлогтой билээ. Энэхүү гурван булшнаас олон арван сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсний дотор урьд өмнө судалгааны хүрээнд огт илрээгүй хэд хэдэн онцгой ховор нандин олдвор гарсан юм. Үүний дотор, 57-р булшнаас гарсан малгайн алтан дог ба духавч, хоромсого ба сумнууд, төмөр илд, төмөр жадны гилбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг, 59-р булшнаас гарсан бичээс бүхий ясан тамга, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, мөн дээрх булшнуудаас гарсан төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтаснууд зэрэг нь урлагийн болон соёлын өндөр ач холбогдолтой олдворууд болно.
Таван толгойн морьтой оршуулгууд нь дагалдуулан тавьсан эд өлгийн төрөл зүйл баялаг төдийгүй тухайн цаг үеийн зөвхөн язгууртан дээдсийн эдэлж хэрэглэх зүйлс, оршуулгын зан үйлийн онцгой төрх зэргээрээ дундад зууны монголчуудын булш оршуулгаас эрс ялгардаг бүлэг булш билээ. Эдгээр булшинд оршуулсан хүмүүс Юань улсын үеийн дээд язгууртнууд байсан нь эргэлзээгүй юм. (Ц.Төрбат)

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts