Author: admin_shaman

  • ТОРОЙ БАНДИ

     

    Заябандид тэднийг “Төрийн сайн эрс” хэмээн нэрлэж, тэдний хүчээр монголын баялгийг хэсэг зуур ч гэсэн хамгаалж чаддаг байсан түүхтэй.
    Тоорой банди хэмээн алдаршсан Нанзад нь 1834 онд одоогийн Дарьгангын “Бударын чулуу” хэмээх газар мэндэлж, бага балчир насандаа эцгээс өнчрөн эхийн хамтаар тун тарчигхан амьдарч байхдаа “Бургасан дуган”-д шавилан сууж байсан боловч лам багшийнхаа хатуу занг үл тэвчин дуганаасаа оргожээ.
    Тоорой банди хожим “төрийн бөөс” хэмээх хочтойгоор алдаршиж 1860 оны дунд үед Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэрд гарсан шилийн сайн эр болжээ. Хошуу нутгийнхаа ард олонтой олсон олзоо хуваан, харийн худалдаачид, ноёд түшмэдийн эсрэг тэмцжээ.
    Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Тоорой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байжээ. Хэрвээ адуучин нь адуугаа буцаагаад аваад явсан байвал нөгөө ноёд түшмэлийн адуунаас шилж байгаад 20, 30-аар нь аваад явчихдаг байжээ. Түүнээс хойш өөрийн алдсан морио таниад “Тоорой өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй байжээ. Сэцэн хан аймгийн нутагт бүгэж байхад нь 800 орчим цэрэг дайчлан хайгаад олоогүй гэдэг. Ядуу ардууд түүний үйл хэргийг хүндэтгэн үнэнчээр нууж чаддаг байв.
    Тоорой хэмээх нэр нь говийнхон “эр зоригийн мод” хэмээдэг тоорой модны нэр болов уу, харин банди хэмээх нь түүнийг хийдэд шавилан сууж байсан учир ийнхүү нэрийдсэн болов уу, хэмээн судлаачид үздэг.
    Мөн Тоорой биш “Торой” гэдэг байсан гэж ч ярьдаг. Ер нь бол жижгэвтэр биетэй хүн байсан бөгөөд зугтаад алга болохоороо маш хурдан шаламгай байсан гэнэ. Торолзож бөртөлзсөөр алга болдог байсан учраас “торойх бөртийх” гэдэг үгнээс үүдэлтэйгээр “Торой” банди ч гэж нэрлэж байсан гэдэг.
    Бас зарим сурвалжид, ядуу ардаас гаралтай ч амьдрал тэмцлээрээ шалгаран “торойж” Халх 4 аймаг, шавь 5 аймаг, Ар, Өвөрлөгч 49 хошуунд нэр алдраа цуурайтуулсан хүн учраас торойж гарч ирсэн гэдэг утгаар “Торой банди” болсон гэж тайлбарлах нь ч бий. “Торойтон” гэх 70 гаруй хүн нэгдсэн сайн эрсийн хөдөлгөөн байсан ч гэдэг.
    Тоорой бандийн эцэг Данзан гэж бяр чадалтай бөх хүн байсан ба хошуу наадамдаа хэдэн ч удаа түрүүлж байжээ. Эцэг нь өвөрлөгч хошуудын нутагт жин тээж яваад Тоорой бандийг 9 настай байхад нь хорлогдон нас барсан гэх яриа байдаг. Эх Дулам нь удганы эрдэм чадалтай хүн байсан гэх агаад далны ясаар мэргэ төлөг буулгадаг байжээ.
    Тоорой банди өөрийн хувь заяаг асуухаар Говийн мэргэн хутагтынхыг зорьжээ. Хүрэлцэн очиход ноён хутагт “шагайт чөмөг” зооглон сууж байжээ. Тоорой банди мэнд амрыг нь асуутал, хутагт үг ч хүлээлгүйгээр шагайт чөмөгнийхөө шагайг мултлан нэг хоёр орхитол “морь” буужээ. Хутагт тэр шагайгаа морь буусан чигээр нь Тооройд үг хэлэлгүй өгөөд уншлага уншиж гарчээ. Тоорой түүнийг нь аваад “чиний амьдрал морин дэл дээр юм байна, морьтой нөхөрлө, морь чиний хань” гэсэн айлтгал болохыг ухаараад буцсан гэдэг.
    Тоорой банди Монголын их баялаг сүргийг харийн хил давуулахаас өмнө “шомбодож” нутгийн ядуу олонд тараадаг байсан учраас ард олны дунд,
    “Тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө
    Тоорой бандиас хойш тостой даавуу ч олсонгүй
    Гэрийн хаяанд суугаад гэзгийг минь илдэгсэн
    Хажууд минь түшиж суугаад хацрыг минь илдэгсэн
    Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Тоорой
    Гучин хоёр хошуундаа баригдаа нь үгүй Тоорой
    Цантын цагаан нуруунд цантаа нь үгүй Тоорой
    Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо…”
    хэмээн ардын дуунд мөнхрүүлэн дуулдаг байжээ.
    Тоорой бандийн хөшөөг 1999 онд Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс урлан босгожээ. Хөшөөний урд байх аяны тогоонд ирсэн гийчид цай чанаад, цайныхаа дээжээс Тоорой бандийн гартаа барьсан аяганд нь хийж өгч хамт үдэллэх ёсыг бодож бүтээсэн байна.
    1791 онд Халх журам хуулинд “суурин иргэд Манж, Хятад худалдаачдын бие, хөрөнгөнд халдсан этгээдийн гарыг мухарлах, цөлөх, есөн эрүү тулгах, цаазын ял оноох” тухай заалтууд оруулж байсан гэдэг. Үүнээс үзвэл, Монголын газар нутагт Тоорой бандиас өмнө манж, хятад, монгол ноёдыг “айлгадаг” шилийн сайн эрс байсан нь тодорхой байдаг.
    Баруун хязгаарт нум сум чадамгай хэрэглэдэг Лхан хар Бадарч, Засагт хан аймгаас гаралтай Тогос Чүлтэм, Алтайн нурууны Ганган Төгс, Дөрвөд далай ханы Архаг Жума гэх мэт түүхт эрс олон байжээ. Тэд Манжийн дарлал, Хятадын мөнгө хүүлэл, дотоодын феодал ноёдын алба татвар зэргийг эсэргүүцэн ардын төлөө босон тэмцэж, өргөсөн тангарагтай, андын журамтай явсан ажээ.
    1715 оноос манж нар Зүүнгарын хаант улсыг эзлэх бодлогоо эрчимжүүлэн Халхын нутгийг түшиц газар болгон цэргийн хүнс, уналга унаа, цэрэг эрс дайчлах ажлыг хийж эхэлсэн ба чанга цааз тогтоон цэрэг дайнд мордохоос дургүйцэх, заасан хугацаанаас хождуулах аваас хошуу ноёдын цалин пүнлүүг хасах, албат иргэд, адуу малыг хураах, эхнэр хүүхдийг цөлөх, ноёд энгийн ард алин боловч саад учруулсан бол цаазаар авах хүртэл шийтгэл ноогдуулж эхэлсэн байна.
    Халхын ноёд манжийн бодлогыг нэлээд эсэргүүцдэг байсан жишээ олон байдаг ба 1730-аад оны сүүлээр Сэцэн хан аймагт Манжийн эсрэг гарсан хөдөлгөөн бий. Тус аймгийн нутгаас 3000 цэрэг татагдсаны 1800 нь гэдрэг буцаж эсэргүүцжээ. Манжийн цэргийн хүнсийг замаас нь булаах дээрэмдэх үзэгдэл нэлээд гардаг байв. Үүний нэг жишээ нь, Халхын Засагт хан Цэвээнжавын ард Жав, Боролдой нарын удирдлагад хэдэн зуун хүн нэгдэн манж цэргийн мал, будааг булаан авсан учир Хятадын хязгаар нутагт цөлөгдөж байсан байна. Эдгээрээс үзвэл, шилийн сайн эрс төрөн гарах үндэс нь Манжийн бодлоготой шууд холбоотой байжээ.

  • ЖУЖАН НАР

     

    Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд,хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн цумын хутагт Цамбагарав уулын “Хар хад” гэдэг хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдоно гэж судлаачид үздэг байна.
    Жужанд урьдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг ч ингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёс бус алдаа гаргахыг үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий,буурьтай,туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон яүүүлдаг тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан бололтой.
    Жужан нар идэвхитэй, уян хатан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг байжээ. Жужан улсын нийгэм-төрийн байгууллыг ныгтлан үзсэн эрдэмтэн Г.Сүхбаатар тэдний төр ёсны олон зүйл нь хожмын нүүдэлчдэд, түүний дотор монголчуудад улламжлагдан өвлөгдөж, цаашид боловсронгуй болж, хөгжсөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
    Зарим судлаачийн өгүүлснээр, тэр үед Жужан улсын газар нутгийн зүүн өмнөд хязгаар нь Солонгос улсад баруун этгээд нь Хар Шаар (Сайр), умард тал нь Байгал далай, өмнөд хязгаар нь Их элсэн говьд тулж байжээ. Тэдний хааны орд өргөө Хангай ууланд байсан бололтой
    Жужан улс олон удаагийн гаднын довтолгоон, мөн дотоодын дайн самуунд өртөж, бас төрийн эрхийн төлөө тэмцэл үргэлжлэн өрнөж ирсэн зэргээс ихээхэн сулдан доройтоод байв.
    Тоба улсын халдлага довтолгооноос гадна Жужан улсыг мөхөлд түлхсэн нөгөө нэг шалтгаан нь түүний харьяа Түрэг, Уйгур аймгуудын эсэргүүцэл тэмцэл байжээ.
    Тянь Цзяньы хаанчлалын үе буюу 507-519 оны үед Динлин нарыг бут цохиод, дотоод, гадаад давхар хэрэм бүхий хотыг анх удаа байгуулж эхлэн, түүнийгээ Мумэчон (мумо) гэж нэрлэсэн байна. Энэ хот чухам хаана байсан нь тодорхойгүй . Г.Сүхбаатар Мумо хотыг Хар хорум хавьд байсан, Ц.Хандсүрэн Архангай аймгийн тамирын хойд эрэгт буй Мөөмт толгой хавьцаа байсан гэж үзсэн байдаг
    Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолонн бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг.
    Жужаны хаан Чоуну цухуй хэмээх нэгэн хүүтэй байж. Гэтэл тэр хүү гэнэт алга болж. Түүнийг эрээд эс олсон учир Дивань хэмээх удганаас асуухад.- Танай хүү одоо тэнгэрт байна. Би түүнийг дуудан ирүүлж чадна гэжээ. Хүүгийн эцэг, эх нь баярлан түүнийг дуудан ирүүлэхийг удганаас хүсчээ. Тэгээд Дивань удган хүүгийн эцэг, эхээр намагтай газар майхан(гэр) бариулаад, хоног ариутгал мөргөл үйлдэн, тэнгэрт залбирсны дараа шөнө цухуй хүү майханд нь ирсэн байжээ. Хүү эцэг эхдээ -Би одоо болтол тэнгэрт байсан гэжээ. Чоуну хаан, түүний хатан хүүтэйгээ уулзсандаа баярлан, их найр хурим хийн, Дивань удганд гэгээн дагина цол өргөжээ.Мөн Чоуну хаан уг удганыг авч хатан цол өгөөд, түүний нөхөр Фушэнмү гэгчид бас хэргэм зэрэг шагнан, адуу, үхэр, хонь гурван мянгыг өгчээ. Харин хэдэн жил өнгөрсний дараа Цухуй хүү өөрийн эцэг, эхдээ: -Би тэнгэрт байгаагүй, Дивань удганы гэрт л байсан юм гэж хэлсэн байна.
    Энэ домгоос, Жужан нар бөөгийн мөргөл шүтдэг, тэнгэр, удганд итгэдэг байсан нь тодорхой харагдаж байна. Жужан нар тийнхүү бөө, удганыг шүтдэг байсан хэдий боловч бас эмчийг хүндэтгэн үздэг байж. Жужаны эрх баригчид 483 онд Өмнөд Ци улсын хаанаас эмч илрүүлэхийг хүсч байсан нь дээрхийн нэг баримт болно.
    Жужаны соёлын бас нэг онцлог бол тэдний дунд хожимхон бурхны шашин түгэн дэлгэрч, бүр төрийн шашны хэмжээнд хүрсэн явдал юм. Судалгаанаас үзэхэд, бурхны шашин Хүннүгийн үеэс Монгол нутагт ямар нэг хэмжээгээр нэвтэрч эхэлсэн ба Жужаны үе болоход хөгжин гүнзгийрсэн байна. Тийнхүү Жужанд бурханы шашин дэлгэрэхэд тухайн үеийн нийгмийн дэвшил хөгжил, зарим хэрэгцээ шаардлага, хөрш улс орнуудад бурхны шашин түгэн дэлгэрч байсан зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
    Жужан нарт хожмын Монгол туургатанд байсан улирах гэрлэлтийн ёс (левират) ёс байсан аж. Өөрөөр хэлбэл эцэг нь нас барвал, хүү нь хойд эхтэйгээ гэрлэдэг, ах, дүүсийн нэг нь нас барвал, нөгөөгийнхөө эхнэрийг авдаг байжээ.энэ н; хожмын монголчуудад байсан ёс юм. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл, Жужан нар хар овгоос гэрлэх ёсыг (экзөгам) ёс) чанд баримталдаг байжээ. Тэдэнд мөн хааны угсааныхан , удган мэтийн ихэс язгууртан хүмүүсийг цус гаргахгүй алах заншил байв. Датань хаан 414 онд хаан угсааны Булучжэнь, Шэба хоёрыг, мөн бас Чоуну хаан Дивань удганыг тус тус бүтээн алсан байна.XIII зууны эхээр Чингис хаан Жамух сэцнийг мөнхүү цус гаргалгүй хороож байсан билээ.Бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор хүний гавлаар аяга хийх ёс мөн байжээ.Нэг баримт дурдвал, Чоуну хаан Өндөр тэргэтний Миэтү ванг ялж, баривчлан гавлынх нь ясаар аяга хийлгэсэн гэдэг.Жужан нарын дунд өөрийн гэх баяр ёслол байжээ. Тэдний мэддэг юм нь гэвэл бөх барилдах, морь уралдах юм гэсэн Хятад сурвалжийн мэдээнээс энэ нь харагдаж байна.
    Дээр өгүүлсэн зүйлийг хураангуйлаад, Жужан нар нь Монголчуудтай гарал, түүх, хэл соёлын холбоотой бөгөөд Монгол угсаатны соёлын нийтлэгт хамаарагдах ард түмэн байжээ гэж болно. 1Г.Сүхбаатар. Монгол Нирун улс.УБ., 1992. Тал 155-156, 2Мөн тэнд, тал 157
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

     

  • АМГАЛАНБААТАР БУЮУ МАЙМАА ХОТ

    Анх Элбэг-Амгалан гацаа гэж нэрлэгдэж байсан энэ сууринг 1925 он хүртэл Маймаа хот хэмээн нэрлэдэг байв. 1807 оны үед Маймаа хот 800 гаруй байшин барилгатай, 4000 орчим оршин суугчтай байжээ. Маймаа хотын баян хятадууд эргэн тойрон шургааг шавар хэрэмтэй байсан бол хэрэмний гадна талд жирийн монгол, хятад иргэд гэр, шавар тагзанд амьдран суудаг байжээ. Маймаа хотод Гэсэр, Дара эхийн сүм тэргүүтэй долоон сүм байсан. Эдүгээ Дара эхийн сүм, түүний өмнөх 11 метр өндөр, сийлбэртэй хоёр чулуун багана хадгалагдан үлджээ. Монгол иргэд Дашсамдинлин хэмээх хурал, мөргөлийн сүм байгуулан ажиллуулж байжээ.

    Маймаа хот 72 дамнуурчинтай байсан гэдэг ба бийлэгжүү баян нь үхэр, илжиг тэргэнд бараагаа ачаад, ядуу нь дамнуурганы хоёр үзүүрт бараагаа өлгөн өглөө эртлэн Их Хүрээний зүг цувж, орой болохоор эргэн цувдаг байжээ. Маймаа хот анхандаа хятад худалдаачдын төв болж байснаа сүүлд ажил амьдрал эрсэн хэрмэл цагаач монголчууд олноор суурьшин эцэстээ хятадуудтай холилдон ажил, хөдөлмөр, амьдрал байдалдаа тэдний зан заншлыг нэлээд авсан, эрлийз хурлийз маягийн хүмүүс бий болжээ. Хиагт ба Хаалган хотын төмөр утасны шугамын станц нь Их Хүрээний Маймаа хотод байжээ.
    Маймаа хот.1925 он.

  • МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХИЛИЙН БООМТ ХЭД БАЙДАГ ВЭ?

    Үүнээс олон улсын ажиллагаатай 14, хоёр талын байнгын ажиллагаатай 11, хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай 14, дамжин өнгөрөх 7 боомт байхаар заагдсанаас авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт байна.
    Эдгээр боомтуудаас Монгол-Оросын хил байрлах 19 боомтын дэд бүтэц бүрдээгүйн улмаас 1994 оноос хойш ажиллаагүй байна.
    НЭГ: МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД:
    -Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай байнгын ажиллагаатай Булган-Такашикен, Замын-Үүд-Эрээний төмөр зам, Замын-Үүд-Эрээний авто зам, Бичигт-Зүүн хатавч;
    -Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай түр ажиллагаатай Сүмбэр-Рашаан;
    -Хоёр талын тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод;
    -Түр буюу улирлын ажиллагаатай Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг, Хавирга-Архашаат гэсэн 6, бүгд 13 боомт байдгаас Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатарт тус бүр 1, Өмнөговь, Ховдод тус бүр 2, Дорнод, Дорноговьд тус бүр 3 нь байрладаг.
    Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгох, Булган боомтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлэх, 2014 оны 46 дугаар тогтоолоор Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан.
    2010 оны 7 дугаар сард болсон Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтын Протоколоор Өмнөговь аймгийн хэсэгт Цагаан дэл Уул-Өлзий боомтыг шинээр нээн ажиллуулах асуудлыг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны дараагаар дипломат шугамаар харилцан тохиролцохоор шийдвэрлэсэн.
    ХОЁР: МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН БООМТУУД:
    -Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай байнгын ажиллагаатай Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта, Эрээнцав-Соловьевск, Боршоо-Хандгайт;
    -Хоёр талын зорчигч, ачаа тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Тэс-Шарсуурь, Арцсуурь-Цагаантолгой, Ханх-Монд, Бага-Илэнх-Айнек, Зэлтэр-Желтура, Агацын гол-Алтан, Ульхан-Дээд Ульхан, Эрээнцав-Соловьевск /төмөр зам/;
    -Түр буюу улирлын ажиллагаатай Баянзүрх-Тарис, Шишгэд гол-Ушь Бэлдир, Хээгт-Санага, Хонгор овоо-Боций, Цагаан-Арал-Наушки, Хутаг-Өндөр-Киран, Хүдэр-Цагаанчулуутай, Тогтор-Өвөртогтор, Ямалхын гол-Новый Дурулгүй;
    -Дамжин өнгөрөх Асгатын гол-Аспайт, Бөхмөрөн-Кызылхая, Харигийн гол-Мугур Аксы, Тээл-Хандгайт, Тээл-Торгалыг, Давст-Сарыг Холь, Тэс-Сарыг Холь гэсэн 7 бүгд 29 боомт байдгаас Булган, Завхан, Хэнтий аймаг тус бүрт 1, Баян-Өлгий аймагт 2, Хөвсгөлд 4, Дорнод аймагт 5, Сэлэнгэ аймагт 7, Увс аймагт 8 байрладаг.
    ГУРАВ:АГААРЫН ЗАМЫН ХИЛИЙН БООМТУУД:
    -Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай, агаарын замын Буянт-Ухаа, Өлгий, Чойбалсан, Ховд гэсэн 4 боомт байдгаас Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Ховд аймагт тус тус байрладаг. Үүнээс Буянт-Ухаа боомт одоогийн байдлаар ажиллаж байна.

  • Г.МАРАЛМААГ БИ БӨӨ БАЙСНЫГ МЭДЭЛГҮЙ ХАМТРАН АМЬДАРСАН.

     

    Шүүх хурал нэлээн ширүүхэн боллоо. Учир нь нэгэн цагт хамтран амьдарч ирээдүйн амьдралаа төлөвлөж байсан Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байв. Тэгэхдээ тэд нэгэн рүүгээ огт харсангүй. Эгц өөдөө харж мэдүүлгээ өгсөөр. Өдгөө зургаан сартай Т.Цогтын хүүхдийг тээж буй Г.Маралмааг хоёр ч удаа ухаан алдан шүүхийн танхимаас гарахад Т.Цогт Г.Маралмаа руу нэг ч удаа харсангүй.
    Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед шүүх танхимд буй “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд ихэр татан уйлцгааж, танхимд буй зарим нэг хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж байхад харин охины төрсөн эх н.Өнөржаргал ямар ч эмоци гарсангүй, Т.Цогтын ярихыг сонсон суув.
    Харин Г.Маралмаагийн хувьд зургаан сартай жирэмсэн учир эмнэлгийн тусламж авахыг хүсч буйгаа шүүх бүрэлдэхүүнд уламжилсан юм.
    Шүүх хуралд оролцож буй талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нарын дүр төрх нэг иймэрхүү.
    Тэд юу гэж мэдүүлэв
    Шүүх хуралдаанд хэн юу гэж мэдүүлэв, ямар тайлбар өгөх нь маш чухал. Шүүгдэгчдийн мэдүүлгээс тухайн хүний зан төрх, засрах байдал зэрэг харагдана.
    Г.Маралмаа: Би охиныг алаагүй
    Талийгаач охины хойд эх Г.Маралмаа шүүх хурлын үеэр “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна” гэх утгатай мэдүүлгийг дахин дахин өгч байв. Тэрбээр “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий. Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгс нь дээр нь алгаддаг байсан. Би тэгэж хүн зодох хэрцгий хүн биш. Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсч байна” гэсэн юм.
    Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямарч ял үүрэхэд бэлэн байна
    Харин Т.Цогтын хувьд “Би охиноо алдсандаа маш их харамсч байна. Тиймээс ямарч ял үүрэхэд бэлэн” гэх утгатай мэдүүлэг өгч байлаа.
    Т.Цогт: “Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсч байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна” гэв. Мөн хэргийн тухайд “Хоёрдугаар сарын 14-ний өдөр Г.Маралмаа “Охин шатнаас унасан. Саруулын /Г.Маралмаагийн найз/ хүүхэд ирж тоглож байхдаа хазсанаас хөхрөлт үүссэн” гэж тайлбарласан. Би энэхүү үгэнд нь итгэсэн. Тэр шөнө охиноо ГССҮТ-д авчрахад “Өнөө шөнөдөө ажиглаад хононо. Маргааш 60 мянган төгрөгийн үнэ бүхий зураг авна. Гэр лүүгээ аваад явж болно. Авч харихаар бол гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөрэй” гэсний дагуу бичиг хийж, гарын үсэг зураад охиноо гэртээ авчирсан.
    Г.Маралмааг би бөө байсныг мэдэлгүй хамтран амьдарсан. Гэтэл удалгүй Г.Маралмаа надад бөө гэдгээ хэлж, “Би бөө. Чи ч гэсэн сахиустай юм байна. Бөө бол. Хэрвээ бөөгийн сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэж хэлсэн. Би ч айгаад бөө болсон. Гэхдээ бөөгийн зан үйл хийж байгаагүй. Г.Маралмаа сахиусаа буулгах үедээ охиныг минь “эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд ороолгодог байсан.
    Охин минь амиа алдахаас 2 хоногийн өмнө Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн. Би гэртээ яваад ортол талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсч байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж шээж болохгүй гэж хэлээд суран бүсээр хоёр удаа ороолгосон минь үнэн. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэж хэлсэн. Одоо бодоод байхад хөх няц болоод бие нь өвдсөн охиноо мэдэлгүй зодож дээ гэж харамсч байна” гэсэн юм. Тэрбээр охиныхоо үхэлд өөрийгөө шууд бусаар хамааралтай гэдгээ хүлээлээ.
    Талийгаач охины төрсөн ээж: Н.Өнөржаргал: Оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байна
    Харин охины төрсөн ээж н.Өнөржаргал оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв. Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ.
    н.Өнөржаргал нь охиноо үрчлүүлэхээр гэрээ байгуулсан байсныг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан юм.
    Өмгөөлөгч н.Тунгалаг: Т.Цогт охиноо Г.Маралмаагийн гарт амиа алдсаныг дуулаад хорих ангид орилж уйлсан
    Харин Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг “Т.Цогт охиных нь үхэл шатнаас унаснаас биш хойд эхийн зодуураас болсныг хавтаст хэрэгтэй танилцаж, өмгөөлөгчөөрөө тайлбарлуулсны дараа мэдэж, хорих ангидаа орилон уйлж, үсээ зулгааж байсан” гэдгийг шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байв.
    Юутай ч шүүх хурлын танхимд талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нар ийнхүү мэдүүлэв.
    Г.Маралмаагийн хувьд өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдарч байсан. Охиноо хадам ээж дээрээ үлдээн Т.Цогттой амьдрах болсон. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч, нэг жилээр тэнсэж байжээ.
    Шүүхээс хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт буцаасан. Ингэхдээ Т.Цогтын охиноо хоёр удаа ороолгосон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй эсэх, мөн охин Т.Цогт, Г.Маралмаа нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг дахин шалгахаар буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт эхнээсээ дахин явагдана. Үүний дараа прокурорын байгууллагад хянагдана. Улмаар дахин шүүхийн танхимд шүүх хурал болох юм.
    Б.Анир

  • МОНГОЛ БӨӨГИЙН ОНГОД, ТҮҮНИЙ ДУУДЛАГА, ТАМЛАГ СЭДВЭЭР ЯРИЛЦЛАГА ХИЙЛЭЭ.

     

    Энэхүү ярилцлагын эхний сэдвийг “Монгол бөөгийн онгод, түүний дуудлага, тамлага” сэдвээр Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хийлээ. Монгол бөөгийн онгод, хээрийн болон гэрийн онгодын ялгаа, онгодын дуудлага түүний онцлого, тамлага зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, ерөнхий нэгдсэн ойлголттой болох алхмууд хийгдлээ. Оролцогчид өөрсдийн сонирхосон асуудлаар хариултаа авлаа.
    Цаашид Монгол бөөгийн холбоотой нарийн асуудлаар тодорхой сэдвүүдээр цуврал ярилцлаг хийгдэх бөгөөд Монгол бөөгийн цол авсан, улаач нарт зориулан хязгаармагдмал хүрээнд хийгдэх болно. Учир нь монгол бөөгийн тухай нарийн тодорхой, мэргэшсэн сэдвээр зөвхөн улаач нарт, гишүүддээ зориулан лекц хэлбэрийн ярилцлагыг зохион байгуулах болно.
    Бид өмнө нь 7 удаагийн сургалт зохион байгуулсан туршлагадаа үндэслэн ийм хэлбэрээр лекц, ярилцлага хийхээр шийдвэрлэсэн билээ.

  • ХАМГИЙН АЛС НУТГИЙН ЦЭЦЭРЛЭГТ МОНГОЛ БӨӨГИЙН УДГАН ХАНДИВ ӨРГӨВ.

    Монгол Бөө нар цөөнгүй газарттүмэн олонд хандивийн бэлэг, шаардлагатай туслалцаа үзүүлж байсан. Гэхдээ хүүхдийн цэцэрлэгт иж бүрдэлээр нь хандив өргөж байсан тохиолдол үгүй билээ. Өмнөх тахилагуудад тухайлбал “Цаст хайрхан”-ы анхны тахилагад Монгол Бөөгийн Дархан удган Д.Энхжаргал 100 ахмад, 300 хүүхдэд, Монгол Бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл 70 хүүхдэд, Монгол Улсын тулгуур, хөл уул “Хөх Уул”-ын Нэгдсэн Их тахилагад 100 хүүхдийн бэлэг тус тус тарааж байсан билээ.
    МБНЭ-ээс Нэгдсэн Их Тахилагуудад хандив бэлэг тараах талаар тусгайлан шийдвэр гаргаж мөрдөж байгаа билээ. Энэхүү бодлогийн хүрээнд анх удаа томоохон хандив өргөж, Монгол Бөөгийн удган Б.Чанцалын санаачилагаар хүүхдийн цэцэрлэгт иж бүрдэл өгөх санаачлага гаргасан юм. Түүний санаачлагыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн зарим гишүүд дэмжсэн билээ. Түүний өгсөн бэлгийг нутгийн олон, хүүхдийн цэцэрлэгийн хамт олон жил мартахгүй буянтай үйлс гэдэгт итгэж байна.
    Хамгийн баруун талын аймаг, алслагдсан нутаг болох аймагтаа үндэсний цөөнх болсон Урианхайчууд голлон амьдардаг Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт гадаадын төслийн хүрээнд багагүй тохижилт хийсэн байна лээ. Монголчууд өөрсдөө ийм тусламж үзүүлсэн нь анхных болов уу. Энэ цаг үед хаана ч улсын төсвийн байгууллагууд санхүүжилтийн хувьд байнгын хүндрэлтэй байдалд байдаг. Тиймээс хүүхдийн цэцэрлэгт өгч буй хандив нь цагаа олсон чухал үйл явдал байсан.
    Монгол бөөгийн удган Б.Чанцалаас цөөхөн асуудлаар ярилцсан юм.
    Д.Х:-Та яагаад хүүхдийн цэцэрлэгт хандив өргөхөөр шийдвэрлэсэн бэ.
    -Би МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын зөвлөлийн гишүүн, тэгээд МБНЭ-ээс гаргасан бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрээ гаргасан. Хамтарч ажиллаж сурахын тулд энэ шийдэлд хүрсэн. Бид бодлогоо гаргаж, амьдралд хэрэгжүүлж чадаж байж амжилтанд хүрнэ. Тэгээд хамгийн алслагдсан нутагт байдаг, нутгийн цөөнх болсон урианхайчуудын амьдран суудаг Буянт сумын цэцэрлэгт хандивлахыг хүссэн.
    Д.Х:-Та бас “Цэнгэл хайрхан”-ы тахилга дээр шилдэг хандивлагч өргөмжлөл авна лээ.
    -Тиймээ. Би анх 2013 онд МБНЭ-ийг байгуулсан анхны Дээд хуралдайд төлөөлөгчөөр оролцсон. Тэр үйл явдал нь Мөнх тэнгэрээ шүтэгчдэд шинэ зорилго, агуулга, шинэ зорилт авчирсан хуралдаан байсан. Тэр мөчөөс эхлэн энэ байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцсон. Анхны “Ноён” уулыг хамгаалсан нэгдсэн тахилгад оролцсон. Би үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохын зэрэгцээ дөнгөж байгуулагдсан МБНЭ-ийг санхүүгийн хувьд дэмжиж ирсэн.
    “Цаст хайрхан”-ын анхны тахилгад шагналын зориулалтаар хандив өргөсөн. Түүнийг тахилгыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон олон хүнийг урамшуулахад зориулсан. Дараа нь “Хөх уул”-ын нэгдсэн тахилгад шатахууны хандив өгсөн. Түүнийг тахилгад оролцох бүрэлдэхүүн зориулалтаар нь зарцуулсан. Энэ удаа цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж хандив өргөсөн. Намайг МБНЭ-ийн шилдэг хандивлагч өргөмжлөл, мөн Баян-Өлгий аймгийн засаг даргын жуух бичгээр шагнасан.
    Д.Х-Таны энэ удаагийн хандивт юу багтаж байна?
    -Миний энэ удаагийн хандивт Арван таван хүүхдийн зориулалтай иж бүрдэл багтсан. Хүүхдийн гудас, хөнжил, одьяал, ор, хөнжилийн даавуу, аяга, таваг, хүүхдүүд тоглох тоглоомууд, угсардаг шал, ширээ, сандал, тавиур гээд иж бүрдэл юм. Нийтдээ таван сая төгрөгийн үнэтэй байсан. Манай нөхөр, МБНЭ-ийн ерөнхийлөгч хоёр хамт боож цэгцэлж ачсан. Нилээд хэдэн боодол ачаа болсон. Эндээс Баян-Өлгийд зөөж аваачихад “Цамбагарав-Өгөөж” ХХК-ын захирал Энхболд ах туслалцаа үзүүлсэн. Энэ олон хүний туслалцаатайгаар бидний хандив эзэндээ хүрсэн.
    Д.Х:-Нэгдсэн тахилгад Та Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт орсон байсан?
    -Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын зөвлөлийн гишүүд нэг баг болж бэлтгэлийг хангасан. Маш сайн хамтарч ажиллаж чадсан. Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун ах биднийг сайн зангидаж удирдаж чадсан учраас бидний хамтын ажиллагаа амжилттай болж чадсан. Би цуг ажилласан залуучууддаа их баярласанаа энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсч байна. Нэгдсэн их тахилга маш амжилттай болсон. Нутгийн түмэн олон маш их дэмжсэн. Сэтгэл хөдлөм байсан шүү.
    Эцэст нь МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Тува Улсын Элстэй хотод очиж, бөөгийн байгууллагын төлөөлөлтэй уулзах хувь заяа тохиосон. Тагнийн их уулс, хайрхад, Енисей мөрөн, тувагийн ард түмний амьдралыг нүдээр үзлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг. Мөн тэнд амьдарч байгаа бөө нарын амьдрал, ажил үйлс, үйл ажиллагаатай танилцахад байлцлаа. Бид хамтарч нэгдэж ажилласан нь зөв байжээ гэдэгт итгэсэн. Бий болж байгаа хамтын ажиллагааг цаашид авч явах хариуцлага залуучууд бидэнд хэзээ нэг цагт тулж ирэх юм байна гэдгийг ойлгосон. Залуучууд бид олон зүйлд суралцах ёстой гэдгийг ч мэдэрсэн.
    Д.Х:-Мөнх хөх тэнгэр Таныг ивээх болтугай.Танд баярлалаа их амжилт хүсье.
    -Баярлалаа.
    Ярилцсан: Д.Хүрэлбаатар

    djmedia:538
  • ДАШДАВАА УДГАН

    Дашдаваа гуай төө хирийн уут оёж өгөхөд нь Гэндэн гуай:
    Би чинь нэг хоёр cap хээр явах юм. Иймхэн гожгор юманд тамхи хийж явахад хоёр хонолгүй дуусах юм биш үү? гээд уурлажээ. Тэгтэл эхнэр нь:
    Та битгий уурла. Тамхи чинь дуусчихвал намайг нэрээр минь хэд дуудаад зүүн дэрэн доогуураа уутаа хийгээд унтаарай гэж гэнэ.
    Тайгад олон хоног яваад Гэндэн гуайн тамхи нь ч дуусаж. Гэндэн гуай хариугүй юм оёж өгдөг энэ тэр гэж жаал үглэж байгаад хэлснээр нь уутаа зүүн дэрэн доогуураа хаяж орхиод унтаад өгчээ. Өглөө сэрээд хартал өнөөх жижиг уутанд тамхийг нь хуруу орох зайгүй чигжээд хийчихсэн байж гэнэ. Тэрнээс хойш Гэндэн гуай анд явахдаа тамхиндаа санаа зовохоо больсон гэдэг.

  • 2022 ОНЫ АНХНЫ ХҮЛЭМЖЭЭ АШИГЛАЛТАД ӨГЛӨӨ.

    Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах ялангуяа төрөл бүрийн эрдэс бодис, амин дэм, үнэртэн, амттан зэрэг биологийн идэвхит бодис агуулж байдаг бага тархацтай дулаанд илүү дуртай, боловсрох хугацаа урттай нарийн ногоог манай орны уур амьсгалд тааруулан тариалахын тулд нийлэг хальсан бүрхүүл бүхий хүлэмжийн шаардлага, ач холбогдогдол улам нэмэгдсээр ирсэн.

    djmedia:537
  • АКАДЕМИЧ, ДОКТОР ХОЁРЫН МОНГОЛ БРАХМИ БИЧГИЙН ТАЛААРХ ХӨӨРӨЛДӨӨН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

    Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Конгрессын Номын Сангийн Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ болон монгол брахми бичгийн ангийн төгсөгчдийн төлөөлөлүүд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо багшид хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр төгсөгчдийн төлөөлөл Л.Хурцбаатар багшийн сүүлд хэвлүүлсэн “Монгол брахми бичгийг түргэн сурах бичиг”, “Хаан бичиг: Өвөг монгол хэл-Монгол брахми бичиг” зэрэг номын дээжийг номын буян шинийн саран мэт дэлгэрэх болтугай хэмээн өргөн барьсан юм.
    Академич Д.Төмөртогоо, доктор М.Саруул-Эрдэнэ нарын хөөрөлдөөнийг хүргэж байна.
    ________________________________________
    М.Саруул-Эрдэнэ: -Монгол брахми бичгийн судалгаа бас чиг овоо ахилаа. Хурцбаатар багшийн энэ номд жишээ нь брахми монгол бичгийн дурсгалын авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сангийн онцлогийг тодорхойлов. Яг л таны судалгаа. Ер нь бид цаашид юуг анхаарах хэрэгтэй вэ?
    Д.Төмөртогоо: -Энэ дурсгал бол монгол хэлний дурсгал гэдгийг батлах нь л хамгийн чухал. Уншихаасаа илүү энэ нь эхний зүйл. Хэт их зарлах бол дэмий. Эхлээд монгол гэлгээ баталж аваад, үргэлжлүүлээд л сайн уншаад байх хэрэгтэй. Жишээлбэл, Киданы дурсгалыг ер уншиж мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгтэл анх Орост 1962, 1963 онд тэр үеийн ЭВМ гэдэг электрон машин буюу компьютероор бүтцийг нь гаргаад авсан, тэгээд бүтцээр нь монгол хэлний дурсгал гэж анх 1964 онд зарлаж байв. Үүгээр хаанахын, ямар хэлээр бичив гэдэг маргаан тасраад монгол хэлний судалгаа явж эхэлсэн түүхтэй.
    Үүний адилаар Хүйс толгойн бичээсийг монгол хэлний дурсгал гэдгийг нь хэлний баримтаар батлах нь эн тэргүүний асуудал. Чухам бүрэн бүтэн, үг бүрчлэн унших нь амар асуудал биш. Жишээ нь, “Чингисийн чулууны бичиг” монгол бичгээр хэдхэн мөр бичиг. Тэрийг зуугаад жил уншсан ч одоо хүртэл бүрэн тайлаагүй, яг эцсийн мөрдөх хувилбар гэж гараагүй л байна. Монгол бичгээрх, 1200-гаад оны тэр дурсгалыг тэгж байгаа юм чинь бүр хавьгүй эртний дурсгалыг уншина гэдэг бол их олон жил үргэлжлэх ажил. Гэхдээ Л.Хурцбаатар энийг маш сайн хийж байна. Үүнд, Хурцбаатарын арга зүй сайн байгаа нь нөлөөлж байгаа хэрэг.
    М.Саруул-Эрдэнэ: -Хурцбаатар багшийн нэг сайн юм нь брахми бичгийг өмнө нь тохариуд авахдаа энэ үсгийг ингэж аваад ингэж тэмдэглэсэн байна, согдууд харин ингэж хэмээн харьцуулан, монгол брахми бичигт бол энэ хэмээн тодруулан гаргаж ирсэнд оршино.
    Д.Төмөртогоо: -Тэр маш зөв. Жишээлбэл, тэр Кидан бичгийг уншихад тангуд бичгийг унших шаардлагатай байв. Тангуд бичиг, жүрчин бичиг хоёрыг уншсан туршлага л гол тулгуур болсон юм. Хэрэв тэгж харьцуулсан бол их сайн. Цоо шинээр зохиож унших биш. Миний ойлголтоор бол брахми бичиг их олон хувилбартай. Энэтхэг хэлнүүдэд зориулсан, төвөд хэлэнд, Азийн хэлнүүдэд зориулсан гээд нэлээд олон хувилбар бий.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Тэр хувилбаруудаас нь гэх үү дээ, төвөдтэй, эсвэл дөрвөлжин бичиг уншдаг хүнд бол брахми монгол бичиг сурах, уншихад тун дөхөмтэй юм билээ. Үеэр бичих тогтолцоо нь адил. Тэгээд бодохоор брахми бичгийг авсан, одоо ч тэрийгээ хэрэглэсээр буй төвөд нараас монголчууд бид өмнө энэхүү бичгийг аваад бичиг үйлдэж байсан гэхээр их сонин юм.
    Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Тэгэхээр Монголд брахми бичиг нэвтрэх ямар суваг, харилцаа байв гэдгийг түүхэн талаас нь бас судлах хэрэгтэй. Энэ маш сонин төдийгүй ач холбогдлын хувьд үнэхээр өндөр судалгаа болох юм. Судлахаасаа өмнө манайхны зарим хүн шуугиан болгоод, буруу зөрүү зарлаад л явах юм. Мэргэжлийн судалгаа л чухал.
    М.Саруул-Эрдэнэ: -Зөв, зөв. Л.Хурцбаатар багш сүүлийн таван жил дараалан брахми монгол бичигтэй холбоотой найман ном гаргалаа. Таны хэлдгээр өөрөө судлах унших арга зүйгээ олчихсон, эргээд бусдыг сургах аргаа тодорхойлж, бие даан сурах арга зүйг нь бас их амар болгоод гаргаад өгчихсөн юм. Энэ аргаараа ная гаруй судлаачид брахми монгол бичгийг заав. Одоо жишээ нь танд үүнийг үзүүлбэл (номыг нь харуулав) яг хөшөөн дээрээ ямар байдалтай байгааг өөр өнгөөр, фонт болгон сэргээвэл бас нэг өнгөөр, галиг нь араас нь гэх мэтээр маш ойлгомжтой. Хурцбаатар багш бол зөвхөн Хүйс толгойн бичээсийн агуулгыг уншаад зогссонгүй, хамгийн гайхамшигтай нь монгол брахми бичгийн хэл зүйг ганцаар судалж тодорхойлсонд оршиж байгаа юм.
    Д.Төмөртогоо: -Манай Хурцаа ийм нарийн сайн аргатай. Энэ бол Германаас, Хайссиг багш нараас сурсан арга байх аа.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм байх. Тэгээд бид сая хамтарч Брахми монгол бичгийг судлах нийгэмлэг байгууллаа. Германд төрийн бус байгууллага байгуулах чинь бас яггүй юм байна. АНУ-д бол их чөлөөтэй байдаг юм. Германд өөр байна. Маш нарийн шалгаж байж тамга тэмдэг олгодог юм байна. Одоо үйл ажиллагаагаа эхэлсэн.
    Д.Төмөртогоо: -Дитер Мауэ-гийн хийсэн үйл юу билээ?
    М.Саруул-Эрдэнэ: -Анх олсон, нээсэн гэх мэт олон хүний хувь нэмэр бий. Дитер Мауэ бол Хүйс толгойн бичээсийг брахми үсэг, өвөг монгол хэл байна гэдгийг нь анх таньсан хүн юм. Тэр их чухал байлаа. Тэгээд брахми үсгийн дуудлагаар галигласан байна. Александр Вовин тэр Дитэр Мауэ-гийн галигийг харж байгаад зарим нөхцөл бүтээврийг таниад үнэхээр Өвөг монгол хэл мөн гэж зарласан хүн. Ингэж олны анхааралд орж эхэлсэн, гавьяатай эрдэмтэд. Гэхдээ Дитэр Мауэ, Александер Вовин хоёулаа монгол хэлгүй, монгол судлаач биш, дээр нь Вовин брахми үсгээс нь уншаагүй, Дитэр Мауэ-гийн галигаас уншсан учраас бас л нэг болохгүй л байлаа. Тэд Хүйс толгойн бичээсийн агуулгыг эртний Түрэг болон Уйгарын хоорондох дайны тухайд бололтой гэж үзсэнээр үнэн агуулгыг нь илэрхийлж чадаагүй юм л даа. Харин Хурцбаатар багш бол эртний Түрэг Монголын дээдсийн тахилгын тухай бичсэн гэж үзэж, монгол хэлний өгүүлбэр зүйн өгүүлэгдэхүүн -тусагдахуун-өгүүлэхүүн гишүүнээр Хүйс толгойн найман өгүүлбэрийг нарийн задалж баталсан юм аа. Үүнд хэлний мэдлэгээс гадна тэнд чухам юу болж байгааг ойлгох түүх соёл, угсаатны зүйн өргөн их мэдлэг нь их тус болсон хэрэг.
    Д.Төмөртогоо: -Эхлээд таамаг дэвшүүлэхгүйгээр ийм эхлэл-судалгаа бол явахгүй. Таамаг нь бас цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Гол нь тэр үеийн монгол хэлний бүтэц ямар байх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Одоогийнхоор уншаад байж болохгүй.
    Зуу гаруй жилийн өмнө киданыг бас уншиж чадахгүй л байв. Наян хэдэн онд Чингэлтэй гуай тэргүүтэй тав зургаан хүнтэй бүлгэм байгуулаад, киданыг унших шинэ арга боловсруулсан байгаа юм. Тэр аргаар кипаны судалгаа нэлээд ахисан. Тэр бол өөр судалгаа, өөр бичиг үсэг байсан, гэвч аливаа нэг бичгийг тайлж унших туршлага гэдэг бол маш чухал. Солонгод Л.Хурцбаатарт үүнд нь баярлах нь аргагүй ээ. Чи өөрөө хэр сурч байна?
    М.Саруул-Эрдэнэ: -Би яг Л.Хурцбаатар багшаар өөрөөр нь заалгаж сурлаа. Наяад хүн сурлаа гэдгийн нэг нь би.
    Д.Төмөртогоо: -Эхлээд заавал бүгдийг нь шууд ойлгоно гэхээсээ илүү монгол хэлний нөхцөл, элементүүд байгааг яг батлаад авах нь чухал.
    М.Саруул-Эрдэнэ: -Өнгөрсөн цагийн “ба”, зэрэгцэн холбохын “жу”, харьяалахын тийн ялгал зэрэг бол тодорхой байна. Яахав, харьяалахын тийн ялгал монгол – түрэг төстэй, дундын гэж маргаж болох бол цагийн “-ба”, холбох “-жу” зэрэг бол түрэг хэлнүүдэд байхгүй, цэвэр монгол хэлний махбод. Тооны нэрээс үүссэн “долоожиж” гэх үг ч эртний монгол хэлнийх гэдэг нь баталгаатай.
    Д.Төмөртогоо: -Маш сонирхолтой байна. Эхлээд туркүүд уг нь үзсэн юм билээ. Тэгээд энэ бол манай хэлний юм бол лав биш гэсэн байгаа юм. Нэлээд төөрөлдөж явж байж учраа олж байх шив.
    М.Саруул-Эрдэнэ: -Харин тийм. Бүр анх Шинэхүү гуайн олсноос хойш бодоход бас чиг хугацаа өнгөрчээ.
    Д.Төмөртогоо: -Тийм, Шинэхүү анх олсон юм шүү. Шинэхүү Их сургуульд миний доод ангийн хүүхэд байсан, их сэргэлэн, маш их юм сонирхдог судлаач байж билээ. Рүни үсгээр сайн уншдаг байв.
    М.Саруул-Эрдэнэ: -Тэгээд рүни үсгийн бус дурсгал олдохоор нь гайхаад, ямар ч байсан чухлыг нь мэдээд бүртгэж мэдээлсэн нь сайн болж. Тэр цагаас хойших явдлуудыг бодоход одоо Хурцбаатар багшийн судалгаа, сурах бичиг, бүтээлүүд бол бас чиг өндөр түвшинд хүрлээ шүү.
    Д.Төмөртогоо: -Германчууд нягт нямбай аргаараа их алдартай. Хурцбаатар тэрийг маш сайн шингээж авч чаджээ.
    -Монгол брахми бичиг нь монголчуудын бичиг, үсгийн түүхийг урагшлуулсан гэж байгаа шүү дээ. Хэдэн зуун жилээр урагшлуулчихав?
    М.Саруул-Эрдэнэ: -Саяхныг хүртэл монгол хэл бичгээрх хамгийн анхны дурсгалыг Чингисийн чулууны бичиг гэж үзэж байлаа. Тэрийг 1224 юмуу 1225 онд бичсэн гэж үзвэл 600 гаруй жилээр урагшилсан хэрэг.
    Д.Төмөртогоо: -Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаа л хамгийн эртний дурсгал гэсэн үг шүү дээ. Яг монгол бичиг үүссэн цаг бол тэр биш ээ. Олон хүн, Владимирцов хүртэл яг л тэр бичээсээр монгол бичгийг эхэлсэн гэж хэлээд байдаг юм. Чухам үүссэн цаг нь бол Уйгарын хаант улсын мандаж байсан үе, IX, X зуунд л хамаарах ёстой. Тэр үеийн дурсгал нь л харин үлдсэнгүй. Үлдсэн юм дотроо л Чингисийн чулууны бичиг анхных нь. Яах вэ, Чингисийн чулууны бичгийн үсгийн технологи нь жаахан болхи л доо. Тэгтэл тэрнээс холгүйхэн бичигдсэн мундаг мундаг хөшөөнүүдийн бичээс байна шүү дээ. Индү вангийн хөшөөний бичээс зэрэг бол ямар гайхамшигтай гэж санана?
    М.Саруул-Эрдэнэ: -Тэгэхээр тэр уран нарийн бичээс, найруулга зэрэг бол тэрхэн дороо үүсээд шууд бичсэн зүйл биш, хэдийнэ боловсорсон бичгийн хэл гэдэг нь тодорхой л доо.
    Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Нууц товчоо жишээ нь хэдийгээр ханзаар буулгасан нь үлдээд байгаа боловч монгол бичгээс л буулгасан нь тодорхой. Тэгээд бодохоор тэр Ринчен багшийн “аман бичгийн хэл” гээд байдаг бол яах аргагүй үнэн юм аа. Туулийн хэлийг үзэхээр зүгээр нэг ярианы хэлээр өгүүлэхгүй байгаа шүү дээ. Яг бичгийн хэлний найруулгаар, гэхдээ ялгаа нь бол ам дамжаад явчихдаг.
    -Аливаа үндэстний бичгийн түүх урагшлах нь тэр үндэстэндээ ямар ашиг тустай байдаг вэ?
    Д.Төмөртогоо: -Үндэсний бичиг соёлын түүх гэдэг нь ерөөсөө оюуны соёлын царааг нь харуулна. Монголчуудыг ер нь л нэг нүүдэлчин, бүдүүлэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Гэтэл бичиг үсэгтэй нийт улс үндэстний дотроос, бүр суурин соёлтой улсуудын дотор ч ийм хэдэн зуу, мянган жилийн бичгийн хэлний түүхтэй нь ховор шүү дээ. Монголчууд чинь нүүдэлчин гэж байгаа. Тэгсэн мөртлөө суурин соёлтой хүмүүсээс өмнө бичиг үсэгтэй, төр улстай байсан нь олон юмыг өөрөөр харах, эргэж үзэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Зургадугаар зуунаас манай бичгийн хэлний түүх эхэлнэ гэхээр оюуны соёлын түүх, боловсрол гэгээрлийн түүх ч бас тэгж урагшилж байна. Владимирцов чинь XIII зууны үеийн нүүдэлчин улсын дотроос бичгийн ийм өв үлдээсэн улс байхгүй гээд шагшаад байсан шүү дээ. Гэтэл одоо VI зуун болохоор бүр чиг гайхамшиг мөн биз.
    М.Саруул-Эрдэнэ: -Бас нэг чухал зүйл бий. Монгол түрэг хэлний талаар сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс хүртэл их сонирхож судалж байна. Аль алинд нь байгаа үгийг Монголоос авсан юм уу, Түрэгээс авсан юм уу гээд л. Ер нь бол Алтай судлалын ертөнцөд монголчууд түрэг хэлнээс илүү их үг авсан гэсэн үзэл эхнээсээ бат оршчихсон юм. Учир нь тэдний бичгийн дурсгал илүү эртнийх, энэ үг тэр ч дурсгал дээр минь ингээд байж байгаа гээд л. Зүгээр нэг манай үг гэх өөр, бичгийн дурсгал л баталгаа болно шүү дээ. Тэгтэл манай бичгийн дурсгалууд гэхээр нэлээд хойшоо болоод байдаг байлаа. Одоо гэтэл өөр болж ирж байна. Рүни үсгээр түрэг хэлийг тэмдэглэхээс өмнө брахми үсгээр монгол хэлээр бичиж байжээ гэхээр манай хэлний баримтат баталгаа илүү эртнийх болоод ирж байгаа биз. Ингэхлээр их өөр яриа үүснэ гэсэн үг.
    Д.Төмөртогоо: -Алтай судлаач нар түрэгээс монгол аваад байсан гэх хандлага гаргасан гэж байгаа чинь үнэн шүү. Үүнд гол хуучны ЗХУ-ын түрэг угсаатан эрдэмтдийн үндэс угсаагаа гэх үзэл бас нөлөөлсөн юм.
    -Би өөрөө төвөд хэл бичиг үздэг юм л даа. Тэгтэл брахми монгол бичигт өнөө шороон Са зэрэг маань бүгд байх юм. Монгол-Төвөдийн бичиг соёлын холбоо тэгэхээр бүр эртнийх болж таарах уу?
    Д.Төмөртогоо: -Төвөд өөрөө бас брахмигаас бичгээ авсан л даа. Тэгэхээр Хүйс толгойн бичээс, төвөд үсгийн цаад эх булаг нь нэг юм гэсэн үг. Монгол бичгийг кириллтэй, латинтай нэг гаралтай гэхээр хүмүүс үнэмшихгүй. Үнэндээ бол адил үсэг олон бий. О, У үсгийг аваад үз, бүгд л гэдэс байгаа биз. Тэгэхээр дүрс хэдий хязгааргүй ч нийтлэг зүй тогтол гэж юм байна. Хэлний авиа ч бас хязгааргүй, гэхдээ хязгаарлагддаг зүй бас байдаг. Бүх хэл өөр мөртлөө бүгд яагаад мама, баба гээд байна вэ?
    М.Саруул-Эрдэнэ: -Биднийг оюутан байхад багш таны захиж хэлж байсан үг санаанд орчихлоо. Аливаа хэлэнд ялгаанаас илүү, универсаль буюу адил шинж нь илүү байдаг юм шүү гэж. Зэрэгцүүлсэн, харьцуулсан хэл зүй гэхээр бид дандаа хэлний ялгааг олж харах гээд, чухалчлаад байдаг. Гэтэл бүх хэлэнд байдаг адил шинж нь илүү олон ажээ.
    -Монгол брахми бичгийг судлахаар яалт ч үгүй тухайн зууны үеийн түүхээр аялах, түүхийг эргэн санах шаардлага гарч байгаа юм л даа?
    Д.Төмөртогоо: -Тийм. Үүнийг батлах нэг юм бол зургадугаар зууны үед Монгол, Энэтхэг, Азийн хооронд ямар соёлын харилцаа байсан юм гэдгийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Монгол бичиг гэхэд л Уйгарын хаант улс Монголтой хэдийд ямар холбоотой байв гэдэг түүхээс л үнэн түүх нь гарч ирнэ. Уйгарын хаант улс XII зуун гэхэд задарчихсан байсан. Тэр үед тэгэхээр үсэг бичгийг нь авна гэдэг эргэлзээтэй, хавьгүй өмнө л байж таарна. Түүхийн судалгаанаас тийм баримжааг авах хэрэгтэй.
    М.Саруул-Эрдэнэ: -Түүнчлэн брахми үсгийг согдууд хэзээ, ямар шалтгаанаар, яаж аваад хэнд тараасан, тохаруудын брахми үсэг авсан түүх юу байв зэргийг түүхэн талаас судлах нь бас чухал баримжаа болох юм.
    -Цагаан сарын өмнөхөн монгол брахми бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Дөч гаруй хүн сонсогчоор оролцож, 12 хүн илтгэл тавьсан. Уг хурлаас “Монгол брахми бичгийг судлах судлаачид гарч иржээ. Манай хэлний салбарт том сэдэв, ажил гараад ирлээ гэж харсан шүү?
    М.Саруул-Эрдэнэ: -Энэ хурлын хамгийн чухал ач холбогдол нь монгол брахми бичиг, Хүйс толгойн бичээсийг олон өөр салбарын эрдэмтэн тал талаас нь судалж, нэгэн цогц маягтай болгож ирэв. Хэл шинжээч О. Самбуудорж хэлнийх нь талаас задлан ярилаа, Цагааны Төрбат археологийн талаас судалсан бол Юндэнбатын Болдбаатар түүх угсаатны судлалын үүднээс харж тайлбарлав. Б.Напил түрэг монгол хэл шинжлэлийн хоёр талаас нь харьцуулан илтгэлээ. Бүх илтгэгч өөрийн мэргэшсэн нарийн шинжлэх ухааныхаа үүднээс хандан судалжээ. Энэ их чухал юм.
    -Л.Хурцбаатар багшийн хувьд Хүйс толгойн бичээсийг тайлж, бичиг үсгийн түүхийг урагшлуулсан гавьяа байгууллаа. Энэ бичгийг тойрсон судалгааны нийгэмлэг байгуулагдлаа. Одоогоор 80 гаруй хүн монгол брахми бичгийг сурсан байна. Цаашдаа энэ хүмүүс дундаас монгол брахми судлаачид гарч ирэх нь. Нэг хүний зүтгэл л энэ бүхнийг үүсгэлээ шүү дээ?
    Д.Төмөртогоо: -Үнэн үнэн. Социализмын үед нэг хүний зүтгэлийг их үгүйсгэдэг байв. Одоо бол өөрөөр харж болно. Л.Хурцбаатар хэрвээ Германд тэрбумтан, саятан болсон бол түүхэнд юу үлдэх вэ? Гэтэл энэ л судалгаа, бичиг соёлын төлөөх зүтгэл нь гавьяа болон үлдэж байна. Үүний төлөө нэрээ мөнхөлж байна шүү дээ.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Л.Хурцбаатар багш гол нь их сэтгэлтэй. Өөрөө нэг юм сурчихаараа зүгээр сууж чадахгүй, бусдад сургах гээд байдаг, хичээл заая гээд байдаг хүн (инээв).
    Д.Төмөртогоо: -Тийм тийм. Та хоёр ер нь зан чанар их төстэй улс шүү. Зүгээр суугаад байж чаддаггүй улс. Тэгээд тэнд хамтраад ажиллахаар чинь баярлаж л байлаа. Ер нь монголчууд дунд ордос хүмүүс маш дайчин, зоригтой, тэмцэгч нар байдаг юм шүү. Хурцаад тэр шинж нь ч нөлөөлсөн байх.