Author: admin_shaman

  • Хайрыг хайрла

    Гэрлэнэ гэдэг насан туршийнхаа ханийг сонгож,ганц л удаа шийддэг эрхэм нандин зүйл. Эл хэрэгт хөнгөн гоомой бүү ханд гэж хэлэх ч багадна.

    Хамгийн хашир,хэрсүүгийн дээдээр хандах ёстой. Эр,эмийн явдлаас болж биеийн физиологийн тэнцвэр алдагдаж ,сэтгэлийн тэнхээ сайтай залуусыг хүртэл барьц алдуулдаг тал бий.Идэр исгэлэн залуус эсрэг хүйсийн хүнийг цаг үргэлж бодоод ирэхээр,ажил төрөл,хичээл номдоо хайш яайш хандаж ,зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэх зэрэг сөрөг муу нөлөө үзүүлдэг. Энэ бол залуучуудын хүмүүжлийн чухал асуудлын нэг юм. Залуу хүмүүс цагаан цайлган, цэвэр ариун сэтгэлтэй байдаг. Чухамхүү түүнээсээ болоод тун ялигүй юмны төлөө уурлаж уцаарлах,гомдож горойхдоо амархан байдаг. Гэтэл орчлон ертөнц тэдний боддогчлон тийм энгийн хялбар зүйл биш. Ертөнц гэдэг эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэй зүйл. Залуу хүмүүс юуны өмнө үүнийг ухаарч,хүний болоод аливаа хэрэг явдалд хязгааргүй уужим сэтгэлээр цог золбоотой хандаж сурах хэрэгтэй.
    Эгшин хурам бүрийд,санаж бодох тоолондоо дэгжин дээшлэж яв. Эс тэгвээс амьдралын маань үнэ цэнэ алдагдахад хүрнэ. Үй олон хэрэг явдлын дотроос хамгийн адгийн зүйл бол амиа хорлох явдал. Надаас хойш юу л болбол болог гэсэн хар амиа хичээсэн хүний ажил. Аав ээж ,ахан дүүс ,анд нөхөддөө асар их харуусал,сэтгэлийн шарх үлдээдэг зүйл. Зарим хүн яагаа ч үгүй эрт айл гэрийн амьдралыг авч явах үүрэг хүлээхээс цааргалж байдаг. Хал үзэж,хашир сууж амжаагүй байж гэрлэх гэдэг алдаа болно гэж үздэг олон хүн байдаг. Энэ бүхэн өрөөсгөл ойлголт юм. Ганц хоёрхон удаа уулзсан төдийгээр бие биеийнхээ ааш араншинг ч таньж мэдэж чадахгүй. Чин үнэн хайр сэтгэлээр холбогдоогүй хоёр хүнийг,гадаад нөхцөл бололцоо нь хичнээн таатай сайхан байлаа ч гэсэн ,албан хүчээр гэрлүүлж огт болохгүй. Эр,эм ямар ч хүн ,үнэхээр итгэж болох нэг хүнийг л хайж байдаг.
    Цаг зуурын сэтгэлийн хөөрөлд автан заяа нь мэдэг гээд шийдчихдэг ажил биш. Хайр сэтгэл бол жирийн нэг бодол,эрэгцүүллээс гардаг зүйл биш. Сэтгэлийн гүнээс аяндаа бий болоод ирдэг зүйл. Яагаад ямар маягаар бий болсныг нь мэдэхийн арга ч байдаггүй. Ерийн нэг бодол эрэгцүүлэл яахав дээ,үүний дэргэд дотоод сэтгэл,мэдрэмжийг тунгаан тайлахыг оролдож буйн илэрхийлэл төдий л зүйл. Нас, үзэл бодол,зэрэг дэв хэн ч байлаа ч гэсэн сэтгэл санаа нийлж ,жаргал зовлонгоо хуваалцдаг болбол жаргалын дээдийг эдэлж байгаа нь тэр. Жирийн нэг сайхан эв нийц л тэднийг аз жаргал өөд хөтлөн аваачиж байдаг. Хайр гэдэг зүйл тэднийг хооронд нь тухайн үгийн хамгийн халуун дулаан утгаар холбож байгаа хэрэг. Хүмүүс бие биеэ хайрлаж,жаргал зовлонгоо хуваалцан ,ач хариулалцаж байгаа цагт л жинхэнэ жаргал гэдэг юм байна. Эхнэр нөхрүүдийн хооронд чин сэтгэлийн хайр,дүүрэн сайхан халуун сэтгэл дутагдах юм бол энэ орчлон үнэхээр утга учиргүй болно. Хүний хамгийн дээд жаргал бол халуун дотно аж төрж,бие биеэ харилцан тайтгаруулж,зоригжуулж явдагт л байдаг.
    Бие биеэ хардаж сэрддэггүй,баясгалантай сайхан инээдээр хэн хэнийгээ дандаа баярлуулж,тус тусынхаа үүрэг хариуцлагыг хүндэтгэн,хичээнгүй нягт ажилладаг хүмүүстэй айл гэрээс сайхан юм байхгүй.Айл гэр болгон л улам бүр сайхан амьдрахсан гэж боддог. Эл хүслээ гүйцэлдүүлэх хамгийн анхны болзол нь гэр бүлийн харилцаагаа ямар ч орчин нөхцөлд хөгжил баясгалантай ,сэргэлэн цовоо байлгах явдал юм. Зовж байна уу. жаргаж байна уу гэдэг бол угтаа бодит нарийн хэмжүүргүй хийсвэрдүү ойлголт юм. Эр эм хоёрын олон жилийн туршид хамтдаа залхуугүй тордон тэтгэсээр ирсэн халуун хайрын цамхаг бол хэзээ ч нурахгүй. Хоёр биедээ итгэдэг,нэг нь нөгөөгөө үнэхээр хайрладаг бол тэдний эхнэр,нөхрийн холбоо үүрд бат бэх байна. Эрэгтэй,эмэгтэй хүмүүс эрх тэгш байдаг хэдүйч айл гэрийн дотор эхнэр нь нөхрөө л түших учиртай. Яагаад гэвэл эр нөхөр нь айл гэрийн багана ноён нуруу нь байдаг. Хоёул эн чацуу бие биеэ даасан байдалтай байхыг эрмэлзэн тэмцээд эхлэх л юм бол тэр айл гэр үрэн таран болж төгсөнө. Тэрхэн зуур уулзаж учирсан төдийхнээр хүнийг сүрхий,ханилгаатай,ханилгаагүй гэж дүгнэх юм бол их алдана. Хайр дурлалд ч өөрийн гэсэн цаг байдаг.Өөрөө аяндаа хүрээд ирдэг тэр цагий нь хүлээж сур. Тэвчээр бүү алд. Нийгмийн тогтолцооны гэм согогийн уршгаар амжиргааны өртөг улам бүр өсч,залуу хүмүүс тэр бүр гэрлээд байх боломж ч бас мууджээ. Гэвч эдийн засгийн байдал өөдлөж ,үр хүүхдээ өсгөн бойжуулж сайн цалин хөлстэй,сэтгэл тайван ажиллаж амьдрах сайн сайхан цаг ирж байна. Бидний өдөр тутмын амьдрал ямар нэгэн албадлага шахалтгүй байгалийн жам ёсны дагуу, тасралтгүй дөлгөөн ,тэнүүн урсаж байх ёстой. Байгалийн жамыг сөрсөнөөсөө л болж хүн өөрөө зовдог.Аливаа юманд хичнээн л анхаарал тавина вэ,төчнөөн хайртай болдог жамтай.Хүүхэд асарч тойлно гэдэг,эцэг эхээс нь асар их анхаарал халамж шаарддаг.Гэлээ ч тэд хамгийн их асарч тойлуулж,бөөцийлүүлсэн хүүхэддээ л илүү их хайртай болдог. Хайр,хичээл зүтгэл,анхаарал халамж тавиагүй зүйл сэтгэлд огт ойр дотно болж өгдөггүй. Өөд татах гэж хичээн зүтгэсэн бол төчнөөн элэгтэй болдог. Хар амиа хичээсэн,өнгө мөнгөн дээр тогтсон хайр үзэх өнгөндөө тун ч таатай сайхан байвч ашиг хонжоон дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай. Цэвэр ариун сэтгэлийн хайр өнгөндөө амтгүй мэт үзэгдэж байвч насан үүрд үл эвдэрнэ. Бодит ертөнцийн юм бүхэн хэвтээ буюу хөндлөөшөө харилцаанд л оршдог.Төр, захиргааны хэрэг явдал арга буюу босоо чиглэлийн харилцаанд орох тогтсон хатуу ёс журмыг дагах нь зүйтэй боловч,гэр бүлийн харилцаа хэвтээ харилцааны ёс горимыг л баримтлан явах нь зүйтэй. Эмэгтэйчүүд бол улс үндэстэн оршин тогтнохын үндэс. Эмэгтэйчүүдийг нийгмийнхээ амьдралын нүүрэн талд гаргаж идэвхийлүүлдэггүй үндэстэн зайлшгүй бууран доройтно.
    Одоо цагт бие биедээ үнэхээр итгэдэг эхнэр,нөхөр хоёр харьцангуй цөөн болж. Эхнэр ч бай нөхөр ч бай муухай аашаа хөдлөвөл түүнийг байдаг аргаараа даруй үлдэн хөөж бай. Аашны мууд хэлсэн, хийсэн юухан ч бай сайн үр дүн авчирдаггүй. Хүн өөрийнхөө муу муухай бодлын эсрэг тэмцдэг байх ёстой.Өөртөйгөө тэмцэлдэхийн олон хүчир давааг дараа дараалан туулах явцдаа л хүн муу муухайгаа дийлэх чадварыг аажим аажмаар олж авдаг юм. Өөртөө дандаа дийлдэж явдаг хүн оюун санааны хувьд хэзээч өөдлөн дэвжихгүй. Нийгмийн тогтолцооны муугаас болж махаа идэж яваа гэр бүл ч бас бий. Дөч хүрээд дөнгөж амс,тавь хүрээд тавьж амс гэж өвөг дээдсийн сургааль байдаг шүүдээ .Сархадтай нөхөрлөөд л эхэлвэл ямарч сайн сайхан гэр бүл сарнидаг жамтай. Хайр сэтгэлийг тэвдэж адгалгүй,тэсвэр тэвчээртэй тордон бадрааж байх учиртай.Хайрлах сэтгэл хамгийн чухал. Хайр дутсан цагт ямар ч арга,оньс ,мөнгө тус болохгүй. Эр эм хоёр нэгэнт л түс тас шийдээд гэрлэчихсэн хойно,бие биедээ итгэсэн шиг итгэж,нэг нь нөгөөгийнхөө төлөө амиа ч хайрлахгүй байх ёстой. Аливаа хүн өөрийнхөө сонгосон зам,өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшлэж явах ёстой.
    Монголчууд бид цөм нэг элэг нэгтнүүд,нэг гэр бүлийнхэн гэдэг мэдрэмжийг бүхий л аргаар оюун санаандаа бий болгон дэлгэрүүлж өрөөл бусдад цаг ямагт арга баширгүй,алагчлал ялгаваргүй,саруул сайхан.ариун цагаан сэтгэлээр хандацгааж байя. Хүмүүсийн хоорондын хуучин хэвшсэн харилцаа бахь байдгаараа ноёрхсон хэвээр байх юм бол амьдрал харин ч улам хүйтэн цэвдэг байх болно. Хүнийг хэмждэг хоёр хэмжүүр л байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл,мэдлэг чадварын тоо хэмжээ,чанараар л хэмжиж болно.Залуу хүмүүс өөрийнхөө сонгосон замаар өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшилж яв.Ахчлах,дүүчлэхийн ёсыг үл мэдэх,хүйтэн цэвдэг сэтгэл гаргах,юм л бол гомдож горойн гуниж туниж явах,арга мухардан цөхрөх нь муу бүхний туйл гэдгийг санаж яв. Хүнд хамгийн чухал нь,өөрийгөө хаана ч,хэзээ ч даруу бариу авч явах.Бусдыг өөчилж муучилмаар бол урьдаар өөрийнхөө нүгэл хилэнцийг эрхбиш нэг санаж бай.Орчлон өөрт чинь давчуухан санагдаад байвал бодол санаа чинь л давчуухан байгаа хэрэг.Сэтгэл дотроо харилцан сайн сайхан санаа өвөрлөж явна гэдэг бол хамгийн энгийн зүйл. Тэрхэн зуур хүйтэн цэвдэг сэтгэл гарган чанга хатуу загнах яах вэ,сэтгэлийн нь мухарт сайхан санаа байгаа л бол тэр нь өөрийн эрхгүй мэдэгдэж сэтгэл бүлээцүүлнэ.Тийм хүн тэрхэн зуур дургүй хүргэлээч сүүлдээ талархал хайр булаадаг юм.
    Олонхи маань мөнгөний утга учиргүй шуналд бие сэтгэлээ дөнгөлүүлж орхиод хий л амь тэмцэн тэлчигнэж байх юм. Оюун бодол,бие сэтгэлээ өөрөө тийм хүнд хүчир дарамтанд оруулж орхиод бас халаглаж гаслаж явахыг нь яана. Мөнгө гэдэг материаллаг зүйлийн “төлөөлөгч” болохоор оюун санааны эсрэг байдаг.
    Алив хүнтэй аялаг нийцтэй харилцах уужим талбиун сэтгэлтэй байцгаая.Хэн нэгэнд дургүй хүрэх юм бол,би ч гэсэн өөрөө бас төгс төгөлдөр сайн хүн биш шүү дээ гэж бодоцгоож байя.” Уучил хайрт минь уучил “гэдэг үг сонсголонтой сонсогдож байгаа биздээ.Уучилна гэдэг бол ёс суртахууны дээд хэлбэр гэдгийг санаж яв. Нэгэнт болоод өнгөрсөн явдлыг мартаж бай.Тохиолдсон хүлчил,ичгүүр,зовлонг үргэлж бүү бод. Гагцхүү урьд урьдынхаасаа ухаалаг бай. Үргэлж цаг тутамд ажил хийж бай. Учир нь сэтгэлд ямар нэгэн муу орон зай үүсч ж амьждаггүй. Эцсийн эцэст харилцан хайрлалцаж,өлзий буянаа өгөлцөнө гэдэг маань хамгийн энгийн бөгөөд хамгаас үнэ цэнэтэй хамгийн үнэн ёс мөн. Би эрх мэдэлтэй, баян тансаг байж бусдыг бөхөлзүүлж байсан дор бол,эгэл жирийн гэрт намайг газар дээрх ганц хань нөхөр минь гэж чин үнэн сэтгэлээсээ хайрладаг хүнтэй л хамт аж төрөхийг л эрхэм дээд зол гэж бодно. Хайр хайрын дотроос ,ядарсан элэг нэгтнүүдээ хайрлах нинжин сэтгэл бол хамгийн тэнгэрлэг зүйл гэдгийг алхам тутамдаа санаж яв.Хайр хүчтэй.

  • ХҮҮХДЭД НЭР ӨГӨХ ЁСОН

     

    1. Төрсөн жилээр нь билэгшээж нэрлэнэ. Хулгана, туулай, луу, барс…

    2. Төрсөн гарагаар нь нэрлэнэ. Даваа, Мягмар, Буд…

    3. Төрсөн сар гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. Санчир, Эрхэс, Марал… мэт

    4. Од гаригийн тохиол баримтлан нэрлэнэ. Саран, Нархан, Хишиг, Мөнгөн гэх мэт …

    Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзаж байсан баримт бас байна.

    Бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв. Мөн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ нэр өгөхдөө маш их учир жанцантай ханддаг байжээ.

    Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв.

    Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байж. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болсон байна. Ёс уламжлалаа мэдэхгүйн уршиг энэ юм.

    Дээр үеийн хүмүүс хүүхдэдээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байж. Ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.

    /Хань/

  • ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛ БОЛОН МОНГОЛ ГАРАЛТАЙ ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙНА БЭ?

    2. Өвөрмонголд 3 сая
    3. Энэтхэгт 30 сая Монгол гаралтай хүмүүс
    4.Непал буюу Монголчуудын хэлдэгээр Балбын вант улсад 10 сая
    5. Афганистанд хазара буюу мянгатууд 5 сая
    6. Иранд хазара буюу мянгатууд 1сая
    7. Пакистанд хазара буюу мянгатууд 600000 гаруй мянга
    8. Шинжаан Уйгарт 200000 гаад мянган хүн Үндэсний цөөнх 0,8%
    9. Халимагт 150000 мянган хүн төрөлх хэлээрээ ярьж байгаа.
    10. Буриад Дэлхий даяар — 550 мянга (2010 он).
    Үүнээс: 2010 тооллогоор:
    * Орос 461,389 хүн амьдарч байна.
    * Бүгд Найрамдах Буриад Улс Буриад — 286,839 хүн амьдарч байна.
    * Эрхүү муж — 77,667хүн амьдарч байна.
    * Өвөр Байгалын хязгаар — 73,941 хүн амьдарч байна.
    * Монгол Монгол — 45,087 хүн амьдарч байна.
    * Хятад (БНХАУ) — 10,000 хүн амьдарч байна.

    11.БНХАУ-д нийтдээ 5 сая гаран Монголчууд байна гэсэн мэдээ байна. Харин Монгол гаралтай хэдэн хүн байгаа бол…
    12. БНХАУ Хөхнуурын Монгол буюу дээд монголчууд 200000 гаад мянган амьдарч байна
    13. БНХАУ – Дунсиань Монгол : Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны их цэргийн байлдан дагууллын үед үлдэж хоцорсон хүмүүсийн хойчис юм. 1227 онд Чингис хаан хамгийн сүүлчийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр зам Хатан голын эрэг дээр шархадсан цэргүүдийнхээ зарим хэсгийг цааш аян дайнаа үргэлжлүүлжээ. Тэнд үлдсэн Монгол цэргүүдийн үр хойч өдгөө Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсиань-чууд юм. Өдгөө тэдний тоо 541 мянгад хүрчээ. Тэдгээр хүмүүс Алтай язгуурын Монгол хэлээр ярьдаг.
    14. БНХАУ – Ганьсу мужийн Хилияншан уулын цаст өндөрлөгт Монгол улсын Баруун аймагаас 1910 оноос хойш 3 удаа нүүдлэн очсон Цастын халхууд 4000 гаруй хүмүүс амьдарч байна.
    15. Татарууд буюу Их Нирун улсын хааны үр удам дэлхий даяар мөн тархан суурьшсан байна.
    16. ОХУ – Бүгд Найрамдах Тува Улс 17 хошуунд – 310,460 хүн амьдарч байна.
    17. ОХУ – Бүгд Найрамдах Алтай Улсад 69000 Монголчууд амьдарч байна.
    18. АНУ – ын Халимагууд
    Энэ мэт бидний мэдэх болон мэдэхгүй маш олон Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан амьдарч байна.

    Монголчууд дэлхийд тархан суурьшсан шалтгаан нь:
    1. Хил хязгаараар таслагдсан
    2. Эзэлсэн нутгаа сахиж үлдсэн
    3. Хаад болон цэргүүдийн үр удмаас
    4. Нүүж очсон
    5. Орхигдож үлдсэн гэх мэт…

    Ийм л хувь тавилан эрт цагт амьдарч байсан бидний өвөг дээдэст тохиолдсон байна. Монголчууд маань дэлхийн газар нутгийн 33 000 000 мкв буюу Атлантын далайгаас Номхон далай хүртэл эзэлсэн цорын ганц ард түмэн шүү.

    Бидний хэдэн цөөхөн Монголчууд гэдэг ч цөөхөн байлгахыг хүсч байгаа улсууд, хүмүүс их байна. Гадныхны урт удаан хугацааны бодлогын үр дүнд Монголчуудыг маань салгаж сарьнуулж, буталж бутаргаж, алж талж, хавчиж хатуурхаж ирсэн. Энэ юуг хэлээд байна вэ? гэвэл Дэлхий биднээс айж байгаа бид нэгдвэл түүхийг өөрчлөх, шинэчлэх агуу ухаантай, зоригтой их хаадын үр удам тэнгэрлэг, тэнхээлэг “ДЭЛХИЙН ХААН” ард түмэн.

  • ГҮЙГҮҮЛ МОРЬ БУЮУ АЛДУУЛ МОНГОЛЧУУД

     

    1972, 73 оны үед хүлэг морьтой холбоотой сэтгэл сэртхийлгэсэн хоёр зүйл сонинд нийтлэгдсэний нэг нь унаж эдэлж дийлээгүй залуу морио хоригдлуудын идшинд өгчихсөн чинь тэр нь сугандаа гуурстай байсан тухай нэр, хаяг, баримттай зүйл, нөгөө нь Вьетнамаас монгол адуу биендээ олон шарх сорвитой хүрч ирсэн (тухайн үед гуурстай хүлгийн тухай би өөрийн биеэр уншсан боловч газрын холоос гүйж ирсэн адууны тухай олж уншаагүй) тухай нийтлэл гарч байсан талаар хүмүүст ярихад өрөвдөх, хайрлах сэтгэлээр сонсох хүн байхад тийм юм гэж хаанаас байхав дээ, уран сайхны аргаар дүрсэлсэн зохиомж байлгүй гэж хэлэх хүн ч тааралддаг.

    Морь ярих сонирхолтой миний бие өнгөрсөн хавар Нарантуул зах дээр хэдэн танилуудтайгаа адууны талаар хуучилж байснаа “1970-аад оны эхээр бэлгэнд өгсөн азарга Вьетнамаас гүйж ирсэн тухай сонинд бичигдсэн байсан юм. Замын саад, уул, ус, даваа гүвээ, гол мөрнийг яаж туулж ирсэн юм болдоо гэж яригдаж байсандаа. Тэр талаар ярихаар зарим хүмүүс худлаа гэдэг юм” гэхэд миний дотны танил Сэрээнэн: -Тэр үнэн. Хоёр жилийн урд ээжийнхээ бурхан тахилыг тоосолж суухдаа зурмал бурхны жаазны ар тагийг авч доторхы нь засч янзлахад сонингийн хайчилбар байхаар нь уншсан чинь хүрэн зүсний байлуу даа, нэг адуу тэр холоос гүйж ирсэн тухай аавын маань амьд сэрүүндээ хайчилж хадгалсан зүйл байсан, одоо ч байгаа гэсэн. Завханы Тосонцэнгэлд айлын бурхан тахил дотор тэр хайчилбар байгаа юм чинь архив, айлын номын сан, авдар, шүүгээнд байж л байгаа.

    …Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үед манай улс хавар 5-р сард гадаадад гаргадаг мал мах бэлтгэх ажлаа сум бүрт хийж мал бүхий иргэдээс авсан малаа хүч тарга авахуулан нутаг ойролцоогоор нь Улаанбаатар, Дархан, Дорнод, Баян-Өлгий аймгуудад хөлөөр нь тууж хүргэдэг байсан.

    – Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч А.Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо бор хээр морио ариг гамтай унаж эдэлж явсаар Төв аймгийн нутагт гайгүй үнэ өгсөн хүнд худалдчихаж. 8-р сарын сүүлээр малаа тушаагаад тооцоогоо бодуулж хөлсөө авсан Товуу хотод байдаг ах дүүсээрээ орж, хоршоо дэлгүүрээс ойр зуурын хэрэгцээт зүйлээ аваад машин техник хөлөглөж аймаг, сум дамжин 9-р сарын эхээр гэртээ харьсан байна.

    Олон хоног, сараар адуу малаасаа хөндийрсөн хүн адуугаа эргэж унаа морио солиход хэдэн морьд нь тарга тэвээрэг сайтай сайхан л байж.

    Очсоноосоо хойш cap гаруйн дараа адуун дээрээ очиход Улаан-баатар хотын \Баянхайрхан сум, Улаанбаатараас 1050 км зайтай\ ойролцоо зарсан жороо морь нь адуундаа байж байна гэнэ. Арай биш байлгүй, би эндүүрч байгаа хэрэг гээд дэргэд нь очсон чинь яг зүсээрээ… 1000 км-ын цаана орхисон биш билүү? Би ижилдээ ирчихсэн байна. Намайг харж байгаа биз гэсэн байдалтай эзнээ ширтэх морио хараад өөрийн эрхгүй хоёр нүдэнд нулимс хурж билээ гэж Товуу эмч хуучилдаг байсан.

    -Шувуун фабрикийн харалдаа голын хойно Булагийн тохой, Хүйтний онгорхой орчмоор нутаглаж байсан Содгоо \Содномжамц\ олон жилийн урд надтай хүүрнэлдэж байхдаа “Би Баянхонгороос Дарханд хэдэн жил мал туусан. Хүрээ Маралын Дэнсмаагийн хээр морийг гурван жил тууварт унаж, гурван удаа худалдсан. Зам зуураа ч худалдсан, Дарханд дөхөж очоод худалдсан. Гурвуулаа нь нутагтаа гүйж очсон. Адуу сонин амьтан. Тэр тусмаа тэр хээр морь нутаг амьтай адгуус байсандаа гэж ярьж билээ”

    – Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж буй Сувдхүү наян хэдэн онд хар зүсний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд хэдэн төгрөг болгоод ирэхийг хүссэнд цаадах нь хүсэлтийг ёсоор болгон хар морийг боломжийн үнээр борлуулжээ.

    Тууварчин буцаж очиход хар морь зэрэг шахам ижилдээ очихоор нь хот оруулж худалдаагүй, хотны захад борлуулсан юм шив дээ гэх мэтээр тоглоом шоглоом болоод өнгөрчээ. Хойтон жил нь дахиад тууварт авч яваадУлаанбаатархотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөөд дахиж зараагүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хэлж байсан.

    -2013 оны 5-р сард Ховд аймгийн Зэрэг сумын ардын аж ахуйтан Г. Батаа Төв аймгийн Баянхангай сумын Ц. Батсайханаас найман настай азарга, хоёр үрээ худалдаж аваад нар шингэхийн үед машинд ачаалж 1200 гаруй км газрыг хоёр өдөр, хоёр шөнө туулж гуравдахь шөнийн ОЗ цагт Зэрэгийн баруун хаяанд очжээ.

    Хоёр хоног хоолтой хоолгүй ачигдсан адуунуудаа аргамжаад унтсан залуу хархүү бага үдийн алдад сэрээд аргамжаатай байгаа азаргаа услаад аваад ирэхийг ахаасаа хүсэхэд ах нь дүүгийнхээ хэлснээр аргамж, чөдрийг нь тайлаад услахаар худаг руу хөтөлж очоод алдчихаж. Суларсан азарга Их Гүвээ давж Зэрэгийн хөндий туулаад Зүүн хөдөе өгсөж Хөтөл усаар даваад Чандмань сумын Тахилт баг \3авхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа\ орсныг нь хурдан техникийн ачаар гүйцэж барьж авсан байна.

    Хөлөөрөө биш машинаар, өдөр биш шөнө тэр нутагт очсон адгуус энэ зүгт явбал нутагтаа очиж ижилдээ нийлнэ гэдгээ яаж мэддэг байна аа. Дуучин Хосбаярын дуулдаг бодит үнэнээс сэдэвлэгдсэн Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаа зорьдог тухай дууг сонсох бүрт буянт малтай харьцдаг монгол хүний самсай шархирахгүй байхын аргагүй юм билээ.

    Ганц адуу ч биш тэмээ, үхэр, ямаа, нохой хүртэл идээшиж дассан нутаг бэлчээрээ бэдэрсэн жишээ олон. Увс, Ховдоос Сэлэнгэ, Булган, Төв аймаг руу малтайгаа нүүдэллэж ирсэн хүмүүсийн яриаг сонсож байхад мал нь орой бүр нутгийнхаа зүг харж хэвтдэг, өглөө босоод ирсэн зүг рүүгээ бэлчдэг гээд өрөвдмөөр зүйл ярьцгааж л байсан.

    Социализмын үед харийн, хүнтэй гэр бүл болох, гадаадад цагаачлах асуудал давшгүй даваа, бүтэшгүй зүйл байлаа. Өнгөцхөн бодоход хэний хүү, охин аль орны хэнтэй ч гэр бүл болж болох мэт санагдавч монгол хүний ген, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн үеийн төр, засгийн удирдлага хатуу байр суурь баримталдаг социалист, капиталист хоёр системийн улс төрийн бодлого, шашин шүтлэг, ёс заншил бас нөлөөлж байсан.

    1980 хэдэн онд Микоян хочит Дамдинсүрэн гэдэг эр Монголоос анх гадаадад гэр бүлээрээ цагаачлах эрх олж авахдаа амаргүй даваа давж зам зуураа авч явсан эд зүйлээ алдаж үрэгдүүүлэн зовж зүдэрч явсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан үг дуулдаж, төрөлх сайхан эх орноо голж гоодон, харь орныг сайн сайхан хэмээн доншуучилж яваа хүн яаж ч өөдтэй явах вэ гэсэн яриа зарим хүмүүсийн амнаас гарч байж билээ…

    Удалгүй цагаан морин жилийн хувьсгал гарч одоо бидний амьдарч байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэсэн халхавчтай харгис нийгмийн үр шимийг үзэхийг хүссэн хүмүүсийн уяа хүлэг тайлагдсанаар олон мянган хүн \голдуу залуус\ хөлөө хүрэх газар очиж, хэл нэвтрэх бүхэнтэй харьцах боломж олдсоны бодит нэг жишээ нь харийн хүнтэй гэр бүл болох асуудал.

    Гадныхантай гэр бүл бологсод энэ тухайгаа тайлбарлахдаа нутаг нэгтнүүдээ амь, амьдралдаа арчаагүй ханддаг, соёлгүй бүдүүлэг, архичин, тамхичин [залуучууд энэ шүүмжлэлд ач холбогдол өгч дутагдлаа засмаар] гэх мэтээр гоочилдог ч тэр улс гүрэн, газар орныхоо эрчүүдээс удам судар, заяа тавилан сайтай, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, соры нь олж ханилдаг уу гэвэл үгүй.

    Хир тааруу “амьтад”-тай гэр бүл болцгоосон байдаг. Түүгээр ч барахгүй шашин суртал, ёс заншлын дарамтанд орсон, сэтгэл санаа, эд материалын эрх чөлөө эдэлж чадаагүй зарим нь салж сарнин эх нутгаа бэдэрч байхад, нэрэлхүү нэг нь насаа өтөлж, үсээ цайтал тэсэх аядан унасан газар, угаасан усаа санан гансарч эцсийн мөчид эх орондоо ясаа тавихын хүслэн болж явдаг нь нууц биш ээ.

    Тэдний сэтгэлийн мухарт “хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн буг дээр” гэсэн үг бодогддог ч нэгэнт хийсэн үйлийн лайгаа үүрэхгүй гээд яалтай билээ. Голсон юм голд орж, шилсэн хүн шилэн хүзүүн дээр морддогийн шидийг үзэхээр эргэх хорвоогийн аясыг дагаж шар нар, бор хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй.

    Уг нь “хүүхэн хаашаа бол хархүү тийшээ, хүзүү хаашаа бол толгой тийшээ” гэдэг үг байдаг даа. Үнэхээр л тийм сайн, сайхан хүн юм бол эх орон нэгтэнтэйгээ ханилаад өөд нь татаад хүний дайтай амьдарч болмоор… За энэ ч яахав. “Үйл эзнээ дагаж, үнээ тугалаа дагадаг” юм хойно…

    1970 хэдэн оны дунд үеэр Сүхбаатар аймагт хэдэн жил ажиллах үүрэг надад ноогдсон юм. Тэр нутагт хочгүй хүн ховор. Аймгийн хойд талын суманд амьдардаг ахимагдуу насны нэгэн эрийг Алдуул хэмээн хочилдог тухай хүн надад танилцуулахад нь “- арай ч дээ. Мал биш хүнийг алдуул гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд аль 1930 хэдэн онд Увс аймгаас Байшинтын дивизэд ирж цэргийн алба хаагаад \Японы милитаристүүдээс эх орноо хамгаалах монголын цэргийн гол хүч Сүхбаатар аймгийн Халзан сумын Байшинтад байрлаж байсан юм.\ манай нутгаас гэрлэж 30 гаруй жил нутгийнхаа барааг хараагүй хүнийг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? хэмээн миний амыг таглаж билээ.

    Тухайн үед уг хүний тухай сонсоод цочирдож байсан бол одоо Монголоос зуларсан алдуулуудын тоо толгой тоймгүй болохоор энэ асуудал ерийн үзэгдэл мэт санагдах болждээ. Тэр ч бүү хэл, тийм хүний үр сад эвгүйтээд шарил чандруу нь ирж гэнэ ээ гэхэд эхэн үедээ сэтгэл сэртхийдэг байсан бол хоорондох хоног хугацаа нь ойртсон зөөврийн олон шарилын /Ард үлдэгсэддээ муу гээд монголчууд өөд бологсдын, тэр тусмаа эмэгтэй хүний шарилыг зөөвөрлөдөггүй заншилтай байсан гэдэг/ тухай сонсоцгоогоод байх ёстой зүйл юм шиг бодогдох болжээ.

    Алдуул Монголчуудын аав ээж, ахан дүүстэй нь уулзаж учран ярилцаж байхад арай сэргэлэн золбоотой нь гадаадад гарцгаадаг. Хүү тэнд ажиллаж, охин тийм сургуульд сурч байгаа гэх боловч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулж төдий хэмжээний хөрөнгө мөнгө хандивлалаа, улс ардын аж ахуйн
    салбарт хэрэг болохуйц санал санаачлага ирүүллээ, бидний амь амьдралд нэвтрүүлмээр ийм арга туршлага байна гэнэ гэж ярих хүн тааралдахгүй \ар гэр орондоо тус дэм болгон ирүүлдэг тав арван зоосыг би үгүйсгээгүй\, эх орон, төр засгийнхаа удирдлагыг муулан, боломжтой нэгнийгээ ар араасаа чирч гулдран хүний нутаг гүний хошуунд шингэхийг хичээдэг, мах идэж өсчихөөд манайсдаггүй, өөх идэж өсчихөөд өөриймсөг сэтгэлгүй зуугуулууд олшроод байгаа нь сонин.

    Мөнгөн ембүүн хэлбэртэй Монгол эх оронд төрж өсч хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн хэн ч болов эх орон ард түмнийхээ тусын тулд хийх ажил багагүй байна. Сурч мэдэж, эзэмшсэн мэрэгжлээрээ эх орондоо ажиллая, хийе бүтээе гэхээр одоогийн төр засгийн удирдлага нөхцөл боломжоор хангадаггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Энэ үнэн.

    Ард түмнээ бодохоосоо илүү хувийн эрх ашиг, нэр хүндээ бодож төрд суудал эзэлсэн эрхмүүдийг хилийн чандаас хараад суугаад байвал “бухын доодохыг хараад үнэг турж үхэх”-ийн үлгэр болно. Хувиа борлуулж довоо шарлуулан амьдарч байгаа аргаасаа салцгааж цааш явах газаргүй мухардалд ороод байгаа капиталист нийгмийн чиг баримжааг өөрчлөх, хөгжлийн өөр гарцыг сүвэгчилэхэд мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ зориулах шаардлага хүн бүхэнд тулгарч байгааг дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч буй нутаг нэгт монголчууд маань анзаарах, анхаарах болоогүй юм болов уу даа.

    Хүн өөрийгөө малаас дээр гэж үздэг. Мал нутгаа бэдэрч ижилээ дагаж байхад арав, хорин жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс их л юм үзэж, мэдэж ойлгосон баймаар…

    Элсжиж, тоосжсон ч гэлээ эх орон нь, ухаа, хогтой ч Улаанбаатар нь хүлээж байна аа. Харь нутагт хатирч, хальтирч явтал хамаг сайхан залуу нас, хийх бүтээх чадал, чадвар чинь дундарч, дуусчих вийдээ…

    Т.Баттулга

  • НУУЦЫН ЭЗЭН АВТАЙ САЙН ХАН ТҮВДИЙГ ЗОРЬСОН ДОМОГ

    Абтай хааны эзэмшил Хэрлэн голын саваас Хангайн нуруунд тулж, нутгийн гол төв Орхон Туулын бэлчирт байжээ. Абтай хаан Жалайр, Сүлдэсүн зэрэг Монголын эртний алдарт том аймагтай ураг холбож гурван хатантай байснаас хоёр хөвүүн, гурван авхай төрсний ахмад хөвүүн Өлзийт Шибагудай хунтайж эцгээ төлөөлж Ойрадыг захирч байсан ба дэд хөвүүн Эртэхий нь угсаа залгамжилсан байна.
    Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил Халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан дөрвөн Ойрадын толгойгоо даан тусгаарлах оролдлогыг эцэслэж, Халх Ойрадыг нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич Ш.Нацагдорж Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь Халх, Ойрадын ноёд засгийн эрхийн төлөө удтал тэмцэлдэж байсны үргэлжлэл болох юм.
    Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтайн хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн Агваржин жононг хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн, олонхийг нь хядсан хар явдлыг хэлж байгаа юм. Тэр цагаас хойш ноёдын үхэл чуулганд гэх хэлц үг монголчуудын дунд гарсан байдаг.
    Абтай хан бөөгийн онгон шүтлэгийг орхиж шарын шашныг хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ.
    Асрагч нэртийн түүхэнд «Абтай хан модон тахиа (1585) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (1586) жилд Түмэд нутагт морилж Содномжамц далай ламтай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ.
    Гэтэл Эрдэнэ зуугийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (1577) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвөд сурвалж бичигт, Ю.Н.Рерихийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 1577 онд нутгаасаа гарч замдаа Алтан ханы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 1587 онд очиж уулзсан байна.

    Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг.
    Нууцын эзэн Очирваань бурхан Монголын Бурханы шашны түүхэн холбоо
    Очирваань хэмээх хүчирхэг, хүч чадлын бэлэгдэл болсон бурхан нь Монгол орныг даасан Ядам бурхан мөн гэж түүх шаштирт олонтаа байдаг. Үүнийг Монголын түүхэн олон үйл явдал тодорхой харуулдаг юм. Халх Монголын Зая бандида Лувсанпэрэнлэйн (1642-1716 он) “Өндөр гэгээний намтар”-т бичсэнээр, Абтай хан нь (1554-1588 он) III Далай лам Содномжамц (1543-1588 он)-тай хоёр удаа уулзсан ажээ.
    Энэ тухай “Баруун Төвдийн оронд морилж Далай лам ба Богд дээдэс нартай учран мөргөж аливаа санасан хэргээ гүйцэлдүүлсүгэй” хэмээн Халх Монголоос анх түрүүнд Абтай хан бүрэн зэвсэгтэй дөчин таван хиагаа дагуулан явсан ба газар хол, уул өндөр учир амьсгал давчдахын зэрэгцээ явж буй газар орны газрын эзэд догшин тул аль болохоор товчлон явж Шохойн хар толгой хэмээх газарт үүр гийхийн хэрд хүрч очоод сүр хүчээ үзүүлэн газрын эздийг номхотгох зан үйл хийж Абтай хан ба түүний цэргүүд зэрэг зэргээр хашгиралдан гурвантаа харваж өнгөрчээ.
    Үүний дараа юу болсон бэ гэвэл тэрхүү нутгийн газрын эзэд биедээ шарх олж Төвдийн Далай лам дээр хүрч очоод тэдний тэргүүн нь ийнхүү өчжээ “Зүүн Халхын Абтай хан гэгч намайг гурвантаа харваж шархдуулав.
    Би бээр арай гэж амь мэнд лам таны дэргэд ирэв” хэмээсэнд Содномжамц лам бээр тэдгээр газрын эздэд “Халх Монголын Абтай хан гэгч нь Очирваанийн хувилгаан тул чи бээр үүнээс хойш түүнд төдийгүй ер нь аливаа амьтанд хор бүү хүргэгтүн, үүний тулд би бээр чамд Убашийн санваар өгсүгэй” хэмээн гэж бичсэн байдаг . . .
    Төдөлгүй зүүн зүгээс хэсэг тоос гармагц Далай лам бээр “Шарай гол үүлдрийн нохойгоо турхиран тавьтугай” хэмээн зарлиг болсонд шавь нар нь ёсчлон гүйцэтгэсэн бөгөөд дараа нь юу болохыг хүлээж байтал Абтай хан дөчин таван бүрэн зэвсэг бүхий хиа нартайгаа давхилдан ирсэн ба олон Шарай гол үүлдрийн ноход тэднийг угтан очсон боловч энд тэнд нь гарч тал засан шарвалзсаар номхорч ирсэнд нь Далай лам Содномжамц бээр “Энэрэл үгүй, хүнийг барин идэх мунхаг догшин ноход боловч тэр ханы сүр хүчинд дарагдаж номхорч ирэхийг нь үзлээ.
    Энэхүү догшин хаанаас би ч гэсэн айн сүрдэж байна”хэмээгээд дэргэдээ буй газрын эздийг “Түргэнээ одогтун” хэмээн зарлиг болжээ.
    Ийн байтал Абтай хан хүрч иржээ. Абтай хан нь Далай ламд мөргөж ирсэн учраа айлтгасан нь “Өчүүхэн би бээр, умард зүгийн хязгаарын халх Монгол хэмээх улсын Абтай хан гэгч бөлгөө.Далай лам тантай учирсан маань юуны өмнө танаас ном сонсъё, бас өөрийн нутагт буй нэгэн хийдэд дэлгэр равнай өргүүлье, үүрд тахих шашны үйл хэрэгт ач тус ихтэй сайн лам болон адистэд ихтэй шүтээнийг залъя хэмээн зорьж ирсэн билээ” хэмээгээд олон зуун тоот агт морьд тэргүүтэн авчирсан өргөлөө өргөжээ.
    Далай лам Абтай ханд сургаал номлож, олон бурхадын лүн, авшиг тэргүүтнийг хайрлаад ийнхүү хариу зарлиг болжээ. “Хан чи бээр, олон бурхадын дотроос өөрийн сэтгэлд нийцэн тохирох бурханаа өөрөө үзэж таалаад нутаг орондоо залтугай” хэмээн айлтгажээ.
    Энэхүү зарлиг ёсоор Абтай хан сүм хийдээр хэсэж бурхан бүгдийн зүрхийг даран үзэж яваад нэгэн бурханы бүтээлгийг сөхөн таалаад “Энэ бурхан хол газраас ирсэн надад тустай” хэмээн залжээ.
    Уг бурхан нь Их адистэдэд хүчирхэг догшин, бүхний эзэн болсон Очирваань бурхан байсан гэдэг. Энэхүү бэлгэдлээр хожим Очирваань бурхан нь Монголыг даасан сахиус хэмээн алдаршжээ. …Халхын
    Автай хан Далай ламыг үзэж ихэд сүжиглэн мөргөе хэмээн сарын хуучин завсарт хүрсэн тул үдшийн үед мөргөх цагт хадаг олж иртүгэй хэмээсэнд хар хадаг олдож түүнээ барьж, даруй шинэ сар гарсаны дараа дахин цагаан хадаг барьж мөргөхүйд Далай лам Абтай ханд зарлиг болсон нь:
    -Чи надад өчигдөр мөргөхдөө сарын хуучинд хар хадаг барьж орой мөргөөд, одоо сарын шинэд өглөө эрт цагаан хадаг барьж мөргөсөн чинь урьд үйлдсэн арван хар нүглээ арилгаад өдгөөгөөс хойш арван цаган буян дэлгэрэх бэлгэ болов хэмээн айлдаж, Бурхан Шагжамунийн галд үл шатагч шарил (уран баримал) ба бас хаан дүрт Пагмадүвийн (Сажа ёсны ламын) хөрөг тэргүүтнийг хайрлаад Абтай ханд “Очир хан” хэмээх цол өгсөн.
    Монголыг даасан бурхан нь Очирваань хэмээдгийн тухай нэрт түүхч Дармадалай “Очирваанийн хувилгаан Чингис хаан, Алтан хан, Гүшри, Данзанчойжил, Очир Абтай сайн хан тэргүүтэн олон гарсан нь Монголын ард олон бүгд Очирваанийн ивгээлд байхаар зарлигласны улмаас бөлгөө” гэж бичсэн байдаг. Энэ утга бэлгэдлийн үүднээс Монголын ихэнх тахилгат уул, овоо нь Очирваанийн тахилгатай байдаг.

  • СЯНЬБИ УЛС

    Сяньби улс Хүннү гүрний нэгэн адил Төв Азийн нээдэлчдийн хүчирхэг гүрэн болсон. Сяньби нарын дунд хаан ширээнд үе залгамжлан суух журам жигдрэн тогтсон байв.
    Өмнөд хүннүгийн Чжао улс Муюны Янь улсын эсрэг аян дайн хийж 36 хотыг нь булаан эзэлжээ. Удалгүй Муюны Янь улсын цэрэг Бээжин хотыг бүслэн авчээ.
    Хүннү гүрний үед МЭӨ II зууны орчим Мао хан гэгч аймгийн холбооны зонхилогч тэргүүтэй тоба нар 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. Тэд аймгийн холбооны зонхилогчийг хан гэдэг байжээ.
    Түүхэн сурвалжуудад тэмдэглэн үлдээснийг дөрвөн үе өнгөрсний дараа, тухайлбал, Хүннү гүрэн мөхөөд сяньби нар баруун зүг Ар Монголд шилжиж, муюнчууд өмнө зүг нүүж Өвөр Монголын зүүн хэсэгт шилжин очихын хамт тоба нар бас өмнө, баруун өмнө зүг нүүж Түийнь ханы үед Өвөр Монголын хойд талын Шилийн гол, Цахарын чуулганы Долнуур хэмээх Долоннуур, Далай нуурын тэнд хүрэлцэн ирж нутагласан байна.
    III зууны дундуур тоба аймгуудын холбооны зонхилогч байсан Ливэй хан одоойин Өвөр монголын Бугат хот байгаа газрын зүүн хойтох Ченло сууринд төвлөн суух болжээ.
    Үнэхээр Хятадын Цзинь улсын төрийн бодлого Тоба зэрэгх Төв Азийн нүүдэлчин улс түмнүүдийн хувьд найрсаг дотно байсангүй, хамгийн наад зах нь Тобагийн “Овог аймгуудын ахлагч зонхилогч нарыг далдуур хээл хахуульдаж, өвөр хооронд нь эвдрэлцүүлэн мөргөлдүүлэх” зорилт тавьж, “тэднийг хэрэлдүүлэн мөргөлдүүлэх арга хэрэгсэл олсон “ байв. 1Мөн тэнд, тал 189-190.
    338 оны үест Шэигянь Тоба улсын хаан ширээнд өргөгдөн гарч ирсэн байна.Тэрээр ухаантай, зоригтой хүн байсан бөгөөд төрийн бодлогод өндөр боловсрол, дадлага туршлагатай хятад сайд, түшмэдийг өргөнөөр ашиглаж, засаг заслал, цааз хуулийг жигдлэн тогтоолгосон байна. Засаг заслал , цааз хууль ял шийтгэл зэрэгт нэлээд шудрага байдлаар хандах гэсэн нь олны талархлыг хүлээж, харъяат албат нар нь нэг хэсэгтээ тайвширсан хэмээн түүх сударт тэмдэглэн үлджээ.
    Тоба Гүй хааны үед Тоба улс Юань Вэй хэмээх нэртэй, Хятадын Пинчен хотод нийслэлсэн, дэвсгэр нутаг, хүн амын ихэнх нь хятад иргэд болсон, хятад, тоба холимог, нүүдэл суурьшил хосолсон улс болж хувирсан байна. Удалгүй Тоба хаад нийслэл хотоо эртний хятадын Зүүн Хянь улсын нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн,хятад маягаароны цол сэлттэй болж, түүнийг бас хятадаар нэрлэх болсон байна. Шашин соёл, зан заншлын хувьд ч Тоба хаад бөө мөргөл , нүүдлийн соёл заншлаас аажмаар хөндийрч хятад маягийн амьдрал,Хань улсын үеэс Хятадад нэвтрэн дэлгэрч, хангалттай хятаджсан буддын шашныг илүү баримтлах болж байсан байна.
    Тоба Вэй улсын хаад, ноёд Умард Хятадад ноёлон удах тусам хятадын нөлөөнд аажмаар автагдан эцэс сүүлд нь тоба нарыгаа хүртэл хятадчилах тийш хандаж байжээ.
    Өвөр Монгол, Умард Хятадад ноёлж байсан Муюны улс, Тоба Юань Вэй улс мөхсөн боловч Муюн, Тоба нар бүхэл бүтэн аймаг, овгуудын хувьд бас тэр доро устаж үгүй болоогүй билээ.
    Түгүхүнь нар нэг хэсэгтээ иньшан; уулын баруун өмнө хэсэгт буудаллан байж байгаад 4 зууны эхээр цааш нүүж, Хөх нуурын газарт очиж, тэндэхийн Цян угсааны тангад аймгуудыг засаглан захирах болсон ажээ. 2 мөн тэнд, тал 229.
    Хөх нуурын газарт очиж засаглан суусны дараа Түгүхүнь ноён хэрэг дээрээ тэндэхийн өвөг монгол угсааны анхны хаан болсон байна. Түгүхүнь нар өөрийн хааныг “кэхань” (каган) хэмээн цоллодог, хатныг “кэцзүнь” (катунь) хэмээдэг байсан нь бас л цөм өвөг монгол хэлний мөнгөл бичгийн эртний дуудлагаар байгаа байна.
    Эр хүн эцгийгээ нас барсны дараа хойд эхээ, ахын үхсэний дараа гэргий нарыг нь эхнэрээ болгож авдаг заншилтай байсан Хүннү, Сяньбийн угсааны бусад аймаг, овгууд дахитай нэг адил байжээ.
    4 зууны 20-оод оны үест төр барьж байсан Ачай хаан 20 хөвгүүнтэй байсан бөгөөд нас бархынхаа өмнөхөн эхийнхээ отгон дүү хөвгүүнийг дуудаад “Чи нэг цум аваад хугалаад орхи” гэжээ. Сумыг хөвгүүн хичнээн хугалж орхисонд одоо “19 сум авчраад хугал” гэжээ. Хөвгүүн хичнээн оролдовч хугалж чадсангүй. Ачай хаан үр хүүхдүүддээ хандаж “Та нар ганчаныг хугалхад амархан , харин олныг хугалхад хэцүү гэдгийг та нар ойлгов уу? Хүчээ нэгтгэж нэг санаатай бай! Тэвэл газрын онгодыг тахих тахилгын ширээ тань бат бэх байх болно. (Засаг заслалын суурь батжин бэхжинэ)” гэж байжээ.
    Эдүгээ хүртэл Хөх нуур, Ганьсү нутагт баоань дүнсянь, монгор гэх зэрэг эрт, дундад зууны монгол хэлтэн аймаг ястнууд байгаа нь чухамхүү түгүхүнь-төгөөн нарын үр удмынхан хагас дутуу ч гэсэн хадгалагдан үлдээд байгаа сонин бөгөөд чухал үзэгдэл мөн хэмээлтэй.
    Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюны соёлтой байсан нь дээр дурдсан бүх зүйлээс тодорхой байгаa юм.
    Тэд цөм дөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ес суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил , ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм.
    Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна.
    Тоба нар ч гэсэн анхны үед бөө мөргөл шүтдэг байсан. Харин Умард Хятадыг эзэлж, Тоба Вэй улсыг байгуулсны дараа Буддын шашинд орж Энэтхэгийн соёл иргэншлийн нөлөө их дэлгэрсэн байжээ. Тоба нар буддын шашныг эхний үед Хятадаас уламжлан авсан бололтой байдаг. Тоба Вэй улсад буддын шашин нь төрийн шашин болсон байжээ.

    Сяньби нар ялагдсан дайсан этгээдийн толгойн оройн хуйхыг өвчиж ховхлон авдаг тоног авах ёсыг их үйлддэг байжээ. Тоног авах ёс эртний скиф, индиан, монголчуудын дунд ч байсан бөгөөд 13 зууны үед “тоног” гэдэг нэрээрээ хадгалагдан үлдээд байжээ. Хожим монголчууд тоног авахыг бүрмөсөн цээрлэн хориглосны улмаас хонины толгойг чанаж болгон идэхдээ түүний оройн хатуу зузаан баатар хуйх гэгчийг “хүнд өстэй болно” гээд авч идэхийг цээрлэдэг заншилтай болсон байна.
    Тоба нарын тэнгэр тахих ёс бас их сонин бөгөөд зарим зүйл нь хожмын үеийн монгол зан заншлын зүйлтэй адил төсөөтэй байсан байна.
    Датун хотын баруун дүүрэгт 405 оны үест тахилгын дөрвөлжин цөнж бариад, түүн дээр 7 модон хүн тавьсан зэргийг нэлээд тодорхой дүрслэн бичжээ. Тэнд дурдсанаар тал хэнгэрэг барьсан удган нар цонжийн хоёр хажуугаар зогсож, хааны угсааны 7 хүн архи барин, удган нартай хамт цонж дээр гарч тэнгэр дэвээр мөргөн, 7 хүн баруун тийш хандан архиа тэнгэрлиг модон хөрөгт өргөж байжээ. Түүнчлэн 420-иод оны үест Тоба Вэй улсад хэрхэн тэнгэр тахиж байсан тухай эртний Хятадын “Өмнөд ци улсын судар” түүхэнд дурдсан зүйл их сонин бөгөөд чухал. Тэнд дурдсан нь: Хотын баруун талд тэнгэр тахих цонж бий. Түүний дээр дөчин есөн модон хүн, өндөр нь хос алд орчим, мөн цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл тавьжээ Дандаан (билгийн улирлын) дөрвөн сарын дөрвөнд үхэр, мориор тэнгэр тахидаг гэжээ. Доктор Г.Сүхбаатар Өмнөд Ци улсын түүхчдийн дурдсан цагаан тоорцог, торгон банзал, морины сүүл зэрэг нь хойч үеийн монголчуудын адууны дэл сүүлээр үйлдсэн хар, цагаан сүлдийг санагдуулж байна. Үүнд, марины сүүл гэдэг нь гилбэрийг тойруулан адууны сүүл уядагийг хэлж байна, тэр сүлдний ерөнхий байдлыг төсөөлөн бодоход Чингисийн үеийн хар, цагаан сүлдтэй үндсэндээ адил санагдана гэсэн санаа дэвшүүлсэн нь үнэхээр тийм байсан байж бүрэн болно.
    1Өмнөд Ци улсын судар 59-р бүлэг (хятадаар), 2Г.Сүхбаатар. Сяньби. УБ., 1971, тал 137-138
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • ОРОС, УКРАИНЫ МӨРГӨЛДӨӨНИЙ ҮР ДҮНГ ВАНГА ХЭРХЭН ТААМАГЛАСАН БЭ?

    Бошиглогчийн хэлсэн үгийг түүний дотны танил Сергей Косторнойд дамжуулав. “Хэтэрхий их хохирол. “Оросыг хэн ч зогсоож чадахгүй.” Эх сурвалжийн мэдээлснээр 2022 он Оросын ард түмний хувьд хүн төрөлхтний жил байх боловч ирээдүйд шийдвэрлэх, чөлөөлөх жил байх болно гэж зөнч Ванга хэлсэн байна.
    “Бид дайн ба дэлхийн энх тайвны тухай ярилцсан. Би түүнээс “Ирэх 100 жилд томоохон дайн болох уу? Ийм зүйл болохгүй, харин бүс нутагт мөргөлдөөн үүснэ гэж хариулав.
    Түүний хэлснээр Ванга Украины тухай ярихдаа нэлээд будилсан байна. “Залуухан, хэл амтай, царайлаг хүн төрийн эрхэнд гарна” гээд л хүн болгонд таалагдана. Харин Ванга шинэ удирдагч байдлыг улам дордуулж, улс орныг маш их асуудалд оруулах болно гэдгийг сануулж байна. Украин нь Оросын бүрэлдэхүүнд багтаж, Славян үндэсний холбоо гэгдэх болно. Үүний зэрэгцээ НАТО удахгүй оршин тогтнохоо больж, Орос улс үлдэж, цэцэглэн хөгжинө гэж тэр хэлэв.

  • БӨӨГИЙН БАЙГУУЛАГУУД ХАВРЫН ТАХИЛГАА ЭХЭЛЖЭЭ.

    Нийслэлийн хойхоно байрлах бөөгийн өргөөнд нэгэн бөөгийн байгууллага хаврын тахилгаа хийж байгаатай танилцлаа. Өнөө цагт бөөгийн байгууллагууд материалаг тал дээрээ хөл дээрээ зогсож хүчирхэг болж байна. Түүний тод жишээ нь энэ бөөгийн байгууллага байлаа.
    Хаврын урь орж шинэ он, мөнх тэнгэрийн тоололоор шинэ улирал эхэлж байна. Хаврын тодорхой өдрүүдэд дэлхийн хүч, огторгуйн хүч, далд ертөнцийн хүч гэсэн гурван хүч идэвхитэй үйлчилдэг. Энэ өдрүүдэд байгаль хүчээ авч, бөө хүн хуримтлагдсан муу энергиэ цэвэрлэдэг.
    Монголд өөрийн гэсэн цаг тоолол, ёс дэг байсан. Үүний тод илрэл бол хаврын тахилга билээ. Тэнгэрүүд болохоор дандаа ариун үнэрээр хооллодог, тэгээд дандаа сайн нь бууж ирдэг.
    Нийгэмд Монголын бөө нарыг тойрсон сайн яриа нэмэгдэж байгаа. Монголчууд тэнгэр шүтлэгт бөөтэйгээ байсан тэр цагт тэнгэртэйгээ холбогдож, тэнгэртэйгээ байсан цагт хүчирхэг оршиж байсан. Хэзээ бөөгүй болж тэнгэрээсээ хагацсан цагт доройтож ирсэн түүхтэй.
    Аливаа тахилгад тахиж байгаа зүйлээс нь заавал энерги, мэдээллийн харилцаа холбоо болон үйлчлэл үүсдэг. Олон давтагдаад хийгдээд ирэхээр 90-н оноос бөө мөргөл сэргэснээс хойш Монголд олон уул овооны тахилга хийгдээд, олон тахилга хийгдсэний үр дүнд байгаль эх дэлхий сэргэж байна. Үүнийг олон түмэн хүлээн зөвшөөрч байна.

     

    djmedia:536

     

  • ДАРХАДЫН ЧУЛУУНЖИЙ УДГАН, БУРИАДЫН ЦОНЖ ЗАЙРАН ХОЁРЫН ТУЛААН

    Түүний хүү Төртогтох өндөр чилгэр нуруу, өтгөн хар хөмсөг гээд ер нь л Хүрээндээ сайхан залуусын нэг байлаа. Тэрбээр зүүн аймгаас хурдан удмын азарган үрээ авах гэсэн найзуудыгаа дагасан нь тэр аж. Сайхь залуус морины сайнаар довтолгосоор Сэцэнханы нутгаар хөндлөн гулд тэнэж Галшар нутгаас гайгүй сайн азарган үрээ байдсан гүү тэргүүтнийг үнэ цохиж аваад Хүрээ рүү хүлгийн жолоо эргүүлжээ. Чингэж явахдаа мань эрс Онон голын эрэг дээр нутаглаж байсан хот айлд буун хоног тааруулсан юм байх. Сайхь хотны Гармаев гэгч буриад өвгөнийд Балжмаа хэмээх басган (охин) байсан нь залуусын сэтгэлийг тэр дундаас Төртогтохыг нэгмөсөн уймруулж орхих нь тэр. Онон голын буриад басган Балжмаад сэтгэл алдарсан Төртогтох найзууддаа ганц хоёр хоног саатахыг хүсэхэд цаадуул нь цааргалсангүй. Энэ хоёрхон хоногийн дотор Балжмаа басган ч гэсэн өндөр нуруу өргөн ханхар цээжтэй Төртогтохд маш амархан татагдаж хайраа өглөө.
    Байгаль далайн чанадаас октябрийн хувьсгалаас зугтаж ирсэн Гармаев өвгөн ч алс хойчоо бодсон уу, яасан басганаа халх залууд эхнэр болгон өгөхөөсөө цааргалахгүй байлаа. Гэвч урьдчилан тооцоогүй маш том бэрхшээл гарч иржээ. Оройхон хэрд нэрмэлийн охинд халамцсан буриад эрс Гармаев баавайн хотонд дуу шуутайхан бууцгаав. Тэдэн дундаас Сэнгээ гэгч нармигар шар эр гойд ялгарч байсан бөгөөд шууд л Балжмааг хүзүүдэн авч шүлсдэв. Балжмаа
    – Болигтий гэхэд нь халх залуусыг хараад эргэлзээнд орсон Сэнгээ аман дахь мохоороо өвс ногоо руу шал хийтэл нулимчихаад
    Чи халх хөбгүүн таалахчий гэж хэлээд тачигнатал хөхөрлөө. Тэгснээ Балжмааг гараас нь шүүрэн ойролцоох мод руу чирэхэд нь эмэгчинээ хамгаалах, харамлах адгуусны совиндоо хөтлөгдсөн Төртогтох ухасхийн Сэнгээний гараас барьж аваад
    – Чи бүсгүй хүнд хүч хэрэглэх гээ юү? Боль гэж зандарчээ. Ийм үг сонсоно чинээ санаагүй Сэнгээ буриад зан нэрмэлийн халуун хоёртоо дийлдэн бүсэн дэхь хутгаа сугалан улаан цайм дайрав. Төртогтох ч айж хулчийсангүй. Тэр хоёр хэн хэнээ хянасан байртай зогсож байтал буриад залуус Сэнгээг хөөргөснөөр мань эр дайрчээ. Төртогтох хажуу тийшээгээ бултангуут ганцхан тонгороод дороо хийлээ. Гэтэл халх залуугийн дор орсон Сэнгээ хутгаараа зүүн бөөр рүү нь дүрэх нь тэр.
    Хутга орсныг мэдэрсэн Төртогтох ч уурссандаа ташаан дахь хутгаа сугалан шууд л цээжинд нь бүлж орхив. Хэдхэн мөчийн дараа амьсгал хураасан Сэнгээгийн дэргэд Төртогтох үхэтхийн уналаа. Маш богинохон хугацаанд болж өнгөрсөн энэ явдлаас олон хүн цочирдсон бололтой. Төртогтох ялимгүй амь голтой үлджээ. Энэ хооронд хэн нэг нь Сэнгээгийн аавд хэл явуулсан байжээ. Сэнгээний аав Цонж гэгч ус голдоо зартай зайран бөө байх нь тэр. Сайхь зайран ходоог тэрэгтэй ирэнгүүтээ дөнгөж амь голтой байсан Төртогтох руу очингуутаа ганцхан нулимаад эргэхэд татвалзаж, ам нь ангалзсанаа амьсгал хураажээ. Зайран өвгөн ганц хүүгээ алдсан уур унтуугаа ганцхан Төртогтохыг хөнөөгөөд ч зогссонгүй дэргэдэх залуусыг нь
    – Та нар үхлийн муугаар үхнэ хэмээн хараажээ. Ингээд хүүгийнхээ цогцсыг ходоог тэргэн дээрээ ачаад буцсан аж. Халх залуус ч яаран сандран Хүрээ рүү буцаж, Балжмаа басган нулимс унаган үлджээ. Хэдхэн хоногийн дараа Балжмаа боож үхсэн гэдэг. Залуус Чулуунжий удган дээр ирж болсон явдлыг хэллээ.
    Удган тэдэнд
    – Үнэхээр та нар зүв зүгээр байсан хүүг минь үхэл рүү дагуулсан. Би та нарыг аварч чадахгүй гэж хэлсэн бөгөөд хүүгийнх нь найзууд ямар ч өвчин зовиургүйгээр хэдхэн хоногийн дотор нүд аньцгаажээ. Ингээд Чулуунжий хүүгээ хөнөөсөн буриадын бөөг устгахаар болжээ. Энэ үед буриад зайран Цонж ч гэсэн өөрт нь муу юм хийж буйг мэдрээд хариу өгсөн гэдэг. Тэд хоёр гурван хоног тасралтгүй шахам бөөлсний эцэст хэн хэн нь ухаан алдан унаж амьсгал хураасан гэдэг. Чулуунжий удган үхэхдээ
    – Тэр хүн маш хүчтэй онгодтой юм гэж байсан бол Цонж зайран ч мөн ийм үг хэлж байсан гэдэг. Ийнхүү хоёр хүчит бөөгийн тулаан хэн хэнийх нь үхлээр төгссөн эмгэнэлт явдал энэ ажгуу.

  • ТЭНГЭРИЙН УЛААЧИЙН “МОНГОЛ ХҮҮ” ТОГЛОЛТ БОЛОВ.

    Хүний амьдралд мартагдашгүй, дурсамжаар дүүрэн тийм өдрүүдийн нэг энэ өдөр тохиолоо. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Т.Төмөр-Очир, Б.Пүрэвсүх нар хамтран анхны бие даасан тоглголтоо хийлээ. Монгол дуугаа өвөрмөц үндэсний хэв маягаар илэрхийлсэн, үндэсний бахархал, омогшилыг төрүүлсэн сайхан уран бүтээлийн цэнгүүн болж өнгөрлөө.
    Энэ оройн бас нэг онцлог бол тэдний уран бүтээлийг төрсөн нутаг болох Өмнөговь аймгийн Булган нутгийн зон олны төлөөлөгчид хүрэлцэн ирж дэмжсэн явдал юм. Түүгээр зогсохгүй нутгийн төлөөлөл нь уран бүтээлээр хүч нэмэн дэмжсэн явдал билээ. Өөрөөр хэлбэл энэ орой Өмнөговь аймгийн театрын уран бүтээлч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Уранчимэг, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнхсүлд нар , Булган сумын нутаг нэгт анд Б.Цэрэн-Очир, О.Оюун-Эрдэнэ, Ж.Энхболд нар өөрсдийн уран бүтээлээр нутгийн залуучуудаа дэмжиж оролцлоо.
    Урлагын тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Н:Чулуунхүү, Э.Бүрнээбаяр, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Т.Батсайхан, Б.Цог, О.Баянмөнх, Т.Бямбахүү нар, ХЦДБА, “Соронз”,”Жонон”, “Бөртэ” хамтлагуудын уран бүтээлээрээ залуучуудаа дэмжиж урам хайрлалаа.
    Залуу уран бүтээлчид тоглолтоо Зайран Хурцжавхлангийн удирддаг Монгол бөөгийн “Язгуур шүтээн холбоо”-ны хамт олонд зориулан шинээр зохиосон сүлд дуугаар өндөрлүүлсэн билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тайзан дээр гарч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Төмөр-Очирт Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчлах үйлс оруулж буй хувь нэмрийг үнэлж, Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медаль, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Пүрэвсүхэд “хүндэт өргөмжлөл” гардуулав. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урлагын тоглолтод хүрэлцэн ирсэн түмэн олонд талархал илэрхийлээд “Монголчууд Мөнх тэнгэрээ шүтэж явахдаа ямагт хүчтэй байсныг санаж явах ёстой, та биднийг эзэн Чингис хааны ариун сүнс ивээж явах болтугай” гэв. Мөн Бөөгийн “Язгуур шүтээн холбоо”-ны гүйцэтгэх захирал Ц.Оюунбат баяр хүргэж, холбооны өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан байна. Ийнхүү “Тэнгэрийн улаач”-ийн маань уран бүтээлийн тоглолт сэтгэл хөдлөм сайхан болж өнгөрлөө.
    Б.Банзрагч

    djmedia:535