Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж байжээ. Тэгэхээр нь нөгөө хүн “Хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз” гэж бодоод Мэнд гуайнд очтол, тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байжээ гэж бодон Мэнд гуайд хэлтэл, “За байз отог дээрээ нэг очдог юмуу. Тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юмсан. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.
Author: admin_shaman
-
ДАРХАДЫН АЛДАРТ М.ЦЭГМИД
Хамгийн сүүлд Агар хайрханыг үнэн бодит зөв тахиж чадсан ганц удган бол Цэгмид удган юм. Агарын хайрхан ихэд догширч хүн малд аянга бууж 200 гаран хонийг уул шиг овоолоод дээр нь эзнийг нь тавьсан байж, тиймээс Агар хайрханыг аргадаж зөөлрүүлэх гэж 1991 оны 4 н сард Цэгмид удганыг залсан байдаг. Цэгмид удганы гэрт 69 машин ирж тэдний садангийн Цагаан гэдэг авгай ирж тантай уулзуулах хүн байна гэж Баянзүрх сумын дарга Нямсүрэн хадаг гаргаж бариад хайрханыг аргадаж өгөөч гэж гуйгаад арван хонь өгье гэсэн гэдэг. Удган хадгийг авч тавиад би ч чадах болов уудаа гээд төмөр хуураа нэг татаж үзээд Улаан уул сумын төв ороод дахин нэг мэргэлж үзэх хэрэгтэй гэж, тэгээд сумын төв ороод айлд мэргийн чулуугаа татаж үзээд за яахав дээ тэгдэг л болж дээ гээд аяга цай ууж аваад өөрийн хүү болох Чулуунбаатарыг дагуулан шууд Баянзүрх сум явахаар болжээ. Баянзүрхээс бүр хол Агар мөрөн голыг гарч очдог байж. Бригадын төв дээр бүтэн хонины шүүс чанаж бэлдээд, гурван ширхэг зулзаган хуш мод өргөлд бэлдээд олон өнгийн даавуун цуйдар уяж чимгэлжээ. Олон төрлийн цагаан идээ бэлдүүлж архи,тамхи хүртэл зэхүүлжээ. Агарын хайрханы асар пүнз уулийн оройд дэвсэг газар байрладаг бөгөөд, хүү Чулуунбаатарыг асарт орж эмхэлж янзал гээд бүү айгаарай гэж хэлж байж, асар дотор нэг авдар хоёр тэвш байсан гэдэг асар дээврийг янзалж хог шороог нь цэвэрлэж эвдэрсэн зүйлсийг цэгцэлж авдарт нь ил гарсан зүйлсийг нь хийж доороос нь банз шорлож байрлуулж. Хэдэн улсаар банз зөөлгөн бэлдүүлж байгаад Нямсүрэн дарга нэг гинж олоод үүнийг хаясан хүн байна уу гэж асуухад хаясан хүн байхгүй байсан бөгөөд удган хайрхан өгч байна далд хий гэжээ. Асар луу зассан шаттай түүн дээр нь цагаан эсгий дэвсээд гурван хушан өргөлөө байрлуулж идээ цагаагаа тавин явган бөөлж бараг асар дотор орох шахам хуурдаж, хуурийн дуу улам чангарч морьд нь шилгээгээд л тэр үед гурван том бүргэд ирээд эргэлдэж байсан бөгөөд нэг ч хүн дуугарч болохгүй гэж удган хэлсэн байна. 1989 онд Цэгмид удган дээр Элбэгдорж, Бат-үүл С.Зориг тэргүүтэй хүмүүс ирж уулзан цаашдын ирээдүй үйл хэргээ хэрхэн болох тухай асуухад удган бүтэмжтэй юм байна гэсэн бөгөөд харин хэн нэгний чинь нас богино юм байна гэж хэлж байжээ. Алдарт Цэгмид удган нь 1993 онд 84 настайдаа тэнгэрийн орондоо заларчээ.
(Цаатан бөө мөргөл групп) -
ДАРЖАА ЗАЙРАН
Даржаа гуай очвол, дөнгөж төрсөн охин савны халуунаас болоод солиорсон байв. Буриад айл байсан аж. Даржаа зайран үдшийн бүрийгээр буужээ. Өмсгөлөө өмсөн, хэнгэргээ дэлдэн, тамлагаа дуудан, цамнаж гарчээ. Түүдэг тойрон цамнаж байснаа суун тусаад шууд буриадаар загнаж гарчээ. Өөрөөр хэлбэл, буриад охины өвөөгийн сүнстэй холбогдсон байна. Өвгөний сүнс ийн хэлжээ. “Охин минь, чи даанч яав даа. Чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амьтны амь таслаад байна аа. Чи жирэмсэн байхдаа буу үүрч, бор гөрөөс бууджээ. Жир гөрөөс биш байж. Хэцүү дээ, охин минь” хэмээжээ. Ингээд Даржаа бөө харын аргаар аргалах болжээ. Охиныг нэгэн хар модонд хүлүүлээд түүдгийн цучлаар шавхуурдан цамнасан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь мэдээж. Тэгэх бүртээ ёслол болж буй уулын орой руу үе үе харан, чих тавьж байсан гэдэг. Дом эмчилгээг удтал хийсний эцэст сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу гурвантаа гарч, ухаан алдан унажээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хэвтсэнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгажээ. Ус цацаад л тамлага хэлээд л… Тэгж тэгж засал сая нэг юм шөнөөр өндөрлөсөн байна. Маргааш бууг нь ариусгаад дахин барихыг хорьсон гэдэг. Дахин буу агсаж, ан хийгээд солиорвол би дийлэхгүй. Чамд ангийн дон шүглэсэн байж. Энэ удаа аргаллаа гээд тэднийд хоёр хоноход охин эдгэсэн байна.
Нөгөөдүүл нь Даржаа зайранг хүргэж өгчээ. Тэднийг харьж явтал маш ширүүн аадар оржээ. Ёстой л хувингаар цутгах мэт орж байсан юм байх. Даржаа хоёр нөхрийн хамт уяан дээрээ буугаад морьдоо уячихаад гэрт орж ирэхэд хүмүүс мэл гайхаж, цэл хөхөрчээ. Тэр гурвын хувцас хув хуурай байж. Хамт явсан хоёр нь ч ихэд гайхсанаа ийн ярьжээ. “Биднийг нэлээд дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж бодлоо. Гэтэл зайрантан өврөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарни юм уу тамлага уншиж үлээв. Орж эхэлсэн бороо ярагдаад явчихсан. Биднийг тойроод л шаагиад байлаа” хэмээжээ. байх.
Нэг өдөр хар машин давхиад иржээ. Машинаас цэргийн дарга бололтой нэг хүн, буу бүхий хоёр цэрэг, сумын даргын хамт буугаад иржээ. Хэрэг бишидсэн нь тодорхой болов. Сумын дарга хий дэмий л хулганан, офицер зандарч эхэлжээ. Даржаа зайран хальт мөлт хувцаслаад, цай ч амсаж амжилгүй гарчээ. Сумын төвд авчраад баригдсан, зовлон нэгт хүмүүстэй нийлүүлээд нэг хонуулан аймгийн төв рүү ачжээ. Буутай харгалзагчид дагалдах тул оргох талаар бодохын ч хэрэггүй байв. Баригдсан хүмүүсийг хонь мэт холбосон гэдэг. Хонох газар буулгаж, аяга цай, хоол өгдөг байж. Нэгэнт өнгөрснөө мэдсэн хүмүүсийн хоолойгоор юу давах билээ. Хоолтой, хоолгүйн ялгаа ч бараг үгүй биз ээ. Тэднийг аймгийн төвд авчраад буулгахад, Даржаа зайран аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Хоёр талд нь сууж явсан хүнээс асуухад “Амандаа юм үглээд, захаа долоогоод л явсан. Нэг мэдэхэд таг чимээгүй болохоор нь унтчихлаа л гэж бодсон” гэжээ.
Харин нутгийн зон олон . Манай хүн үхэхээ мэдсэн. Тэгээд зовлон багатай өнгөрөхийн тулд нууц шидийн аргаар амиа егүүтгэсэн гэдэг ажээ. Зарим нь бүр өөрөөр, амиа хорлосон доо. Түүнд амьтан хордуулдаг хор зөндөө байсан. Хүн хордуулдаг нь ч байгаа биз гэх.Choigoo Shamanic Path
-
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН НАЯН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ.
1. 2022 онд хийгдэх Аймгуудын нэгдсэн тахилгын тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хоёр. ГАДААД ХАРИЛЦАА
2. Турк Улсын Элчин сайдын Монгол бөөгийн өргөөнд зочилох бэлтгэл ажлыг хангах тухай
МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч Н.Анхмаа
3. Канад Улсын Элчин сайдын Монгол бөөгийн өргөөнд зочилсон дүн
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Гурав. СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ
4. Монгол бөөтэй холбоотой сэдвээр ярилцлага зохион байгуулах тухай
МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн удирдагч Н.Анхмаа
Дөрөв. ДОТООД АЖИЛ5. Зарим аймагт бөөгийн хүрээлэнгийн уулзалт зохион байгуулах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.ЖаргалсайханМБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн өргөтгөсөн хуралдаанд оролцогчид санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцлаа.
Хэлэлцсэн асуудлаар гаргасан санал хүсэлтийг судалж ажил сайжруулахад нэн хэрэгтэй санаануудыг тусгаж ажиллах болно.
Хуралдаан 15.20 минутад эхэлж, 17.30 минутад дууслаа.Хуралдааны дараа МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд Эмэгтэйчүүдийн болон эрчүүдийн баярыг хамтдаа тэмдэглэж чөлөөт цагаа өнгөрүүллээ.
-
БИДНИЙ ӨМНӨ ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА.
Тэрнээс бөө нарт хандах нь гол асуудал биш. “Улаач” хүн тэнгэрийн зарлигаар эгэл хүнээс өөр хуулиар амьдардаг. Тиймээс тэдэнд “тэнгэрийн зарлиг” үйлчилдэг. Энэ талаар маргахыг огт хүсэхгүй байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд ч надад хангалттай сайн сургамжилдаг. Бид тэнгэрийн үйлээр тоглодоггүй. Харин тэнгэрийн нэр барьж бөөгийн нэрийг “бохир шавар, намаг”-т хутгагсадтай хүний үйлийн талаас нь тэмцэж байгааг ойлгохыг хүсч байна.
Монголчууд, эгэл жирийн иргэд Цэрэн бөөгийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж байж улаач хүнд олгодог”-ийг мэдэхгүй. Надад тэнгэрээс ийм цол олголоо гээд хүнд хэлээд үз. Бөө нараас бусад нь таныг ойлгохгүй шоолно. Тэнгэрт тийм зүйл болдог, тэгээд бүхнийг хүний үйлээс ангид зохицуулаад байдаг бол тэр бүхнийг олон түмэнд тунхаглаад байдаг бол хүмүүс төөрөлдөхгүй, жинхэнэ, хуурамч бөө гэж ярилцахгүй, Мөнх тэнгэрээр “хоол” олж зогоогчид байхгүй байхсан, тэгээд МБНЭ байгууллага ч хэрэгцээгүй болох биш үү. Өнөөдөр багшийн буруугаар төөрөлдөж яваа энэ олон зуун тэнгэр шүтлэгтэн, тэнгэрийн улаач болох гэж зүтгэж яваа иргэдийг буруутгах аргагүй.
МБНЭ-ийн хувьд Мөнх тэнгэрийн үзлээ монголчуудад түгээхийн тулд ажиллаж байна. Цэрэн бөөгийн хувьд бөөгийн цолны тухай, үг үсгийн алдааны тухай яриад байна. Бидний хооронд ийм ялгаа байгаа учраас ойлголцол нэг л болж өгөхгүй байна даа.
Хориод жилийн явцад бий болсон 50 орчим бөөгийн цолыг цэгцлэх цаг нь болсон. Энэ олон цол болох “Төрийн зайран”, “суу ухаантан”, “баатар, гавьятууд”, “бөөгийн доктор”, “профессор” гээд нэр хүндүүд “мод”-ноос гарч байна. Сунжирсан энэ олон цолыг дурьдахаар өмнө ямар аугаа их хүн бэ гэж биширдэг байсан бол одоо хойч үе, залуучууд элэглэн шоолох болж байна. Бөө нар л өөрсдийгөө тодруулах гээд ийм юм санаачлаад байдгаас биш дэлхийн нэртэй суутангууд Ванга, Эйнштейн, Чингис хаан ч цол гуншин шүтэж байсангүй. Харин ажил үйлээрээ олон түмнийг араасаа дагуулж байсан.
Монгол бөөгийнхөө төлөө санаа зовьж явдаг, бий болсон замбараагүй нөхцлийг цэгцлэх зорилгоор “тэнгэр-ийн улаач нар нэгдэн МБНЭ-ийг байгуулсан бөгөөд багагүй ажлыг хийгээд байна.
Бөө гэдэг ерөнхий нэр, энэ нэр дор олны яриад байгаа жинхэнэ бөө ч, хуурамч бөө ч багтана. Олон түмэн ч түүнийг ялгахад хэцүү. МБНЭ-д гишүүн элсүүлэхдээ ялгавартай хандана гэж байж болохгүй. Хүмүүсийг сайн муугаар ялгаж ангилж байгуулагадаа гишүүнээр элсүүлнэ гэж оролдох бүтэлгүй үлгэрийг санагдуулах юм. МБНЭ-д мөнх тэнгэрээ шүтдэг шүтлэгтэнгүүд хэн ч элсэж болно.
Харин Монгол бөөгийн цол олгохдоо МБНЭ нь тун хатуу шалгуураар хандах болно. Тэгэж байж Монгол бөөгийн нэр цэвэр ариун байх болов уу. Хүний үйл болохоор хамтарч ажиллаж, зүтгэж байж л сайн мууг мэдэрнэ.
Эхний ээлжинд бид барих ёс зүйтэй болсон. Алдаа оноотой ч энэхүү баримт олон түмний дэмжлэгээр улам боловсронгүй болох нь дамжиггүй. Алдаагаа засж чадаж байна гэдэг ухаарал. Ухаарлын цаана амжилт байж байдаг. Би хэрүүл хийгээгүй ажлаа сайн болгохын төлөө мэтгэлцэж байна гэж ойлгож байгаа. Мэтгэлцэж байж үзэл бодол тэгшрэнэ. Байгууллагын нэр хүнд ч унахгүй, өснө гэж боддог. Ойлголцохгүй бол энэ мэт сунжирсан яриа үргэлжлэнэ.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа -
Алтай таван богдод бөөгийн чуулган боллоо
Өглөө эрт цуваа цааш хөдөллөө. Өнө эртний уламжлалт бөөгийн арван гурван овоонд ирж, Монгол бөөгийн их зайран П.Батжаргалын удирдлагаар цуваанд яваа бүрэлдэхүүн нэгдсэн залбирал үйлдэв. Энд ирсэн бүрэлдэхүүн нутгийн зон олны саяхан хийсэн тахилгыг хүндэтгэн их зайангийн зааварчилгаар зан үйлээ хийсэн юм. Гэхдээ зарим залуучууд түүүний хэлсэн үгийг үл анзааран дураараа загнах, өөрсдийн хүссэнээр зан үйл хийх нь харагдсан. Уг нь их зайраны үгийг нарийн сонссон бол цаашид амьдралдаа мөрдөх олон зүйлийг мэдэж авах байлаа. Залуучууд энэ овоонд олон удаа ирэх болно. Тэгэхдээ ганцаар ирэхгүй олон арван улаач, шүтэн бишрэгч нартай ирэх болно. Тиймээс нутгийн хүний үг үнэ цэнэтэй байсан юм. Тэндээс цуваа цааш хөдөлж, Алтай таван богд бүхлээр харагдах байрлалд очиж, бүх бүрэлдэхүүн байрласан билээ.
Бидний таван богд хайрхан салхитай бас хагас бүрхсэн үүлтэй угтсан билээ. Энэ өдөр тэнгэрийн үйл хийхэд нэн тохиромжтой өдөр байсан тул очсон олон улаач нар бүгд цуван бөөлсан билээ.
Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал их хайрхандаа залбирсаны дараа Монгол бөөгийн тэргүүн зайран Зоригтбаатар, бөөгийн “Чононгоо” төвийнхөн шавь нарын хамт галын тахилга хийсэн юм.
Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд тэргүүлсэн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн зан үйлээ хийцгээж байлаа.
МБНЭ-ийн Өвөрхангай аймгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Дуламжав шавийнхаа хамт бөөлж харагдана.
Дархан хотод байрладаг бөөгийн “Самгалдай” төвийнхөн бөөлж, их хайрханаасаа хүч чадал авна билээ. Тэд хаа явсан газар зохион байгуулалт, нэгдсэн ажиллагаагаараа ялгарч харагддаг.
Гурван гал цааш хөдөлж Алтай таван богдын төрийн тахилга хийсэн овоонд очихоор хөдөлсөн юм. Тэдгээрийг Монгол бөөгийн тэргүүн зайран Өсөхбаяр ахалж, Увс, Говь-Алтай, Архангай, Төв аймгийн төлөөлөл багтсан. Мөн тэдний зарим нь Цагаан голын усанд умбаж, зан үйл хийсэн.
Оройноос цас бутарч эхэлсэн бөгөөд шөнө дунд малгайлан орж эхэлсэн. Өглөө сэрэхэд цас ихээр орж дүн өвөл мэт санагдаж байлаа. Гэвч өглөө нар мандахад тэнгэр онгойж, Алтай таван богд бүхэлдээ харагдаж, үүлгүй хөх тэнгэрт сүрлэг сайхан харагдана.
Их ажлын дараах анхны амралтын өдөр эхэллээ. Их тахилгыг зорих, тахилгын үйл ажиллагаанд оролцох гээд ачаалал ихтэй өдрүүд ард хоцров. Нар нилээд дээр мандах үед манайхан босч орчин тойронтойгоо танилцаж аялна билээ.
Хоёр дахь өдөр манайхан мөн л ачаалал ихтэй байлаа. Энэ өдөр мөн л үүлгүй хөх тэнгэр биднийг ивээж, таатай сайханаар наран угтсан. Их хайрхандаа бөөлж хүч авах, багш нар зарим шавь нараа засах гээд их ажил ундарч, бас л шаггүй их ажилтай өнгөрнө билээ. Орой нь төлөвлөсний дагуу гэрт “Цаст хайрхан”-ы Анхны нэгдсэн их тахилга”-аар хийсэн баримтад кино гаргаж, сонирхон үзэцгээсэн билээ.
Бид буцахдаа Шивээ хайрханыг нар зөв тойрон буцсан юм. Их цуваа тав тасарч цувран хөдөлсөн. Хэдий тэнгэр цэлмэг байсан ч бидний машины дээр багахан мананцар үүсч дагаж, бөөгийн арван гурван овоо хүртэл бүрхэнэ билээ. Тэгээд салж ядан үлдсэн. Бид ч түүнийг фото болон ведио бичлэгтээ үлдээж авсан юм.
Монголын төр, Улс мөнх тэнгэрийг шүтэж эхэлсэнээс хойш 2223 жил өнгөрчээ. Энэ хугацаанд “тэнгэрийн улаач” нар нэгэн дээвэр дор нэгдэн цугларч ийнхүү бөөгийн чуулган хийсэн түүх лав байхгүй. Орчин цагт олон мянган бөө нар олноор төрж, мөнх тэнгэрийн үзэл эргэн сэргэж байгаад бид бүхэн баяртай байна.
Олон арван шашины урсгал орж ирээд хүч аван дэлгэрч байхад Монголчууд бид Мөнх тэнгэрийн үзэл санаагаа дэлгэрүүлж, оюун санаан дахь үндэсний дархлаагаа сэргээн бэхжүүлэх түүхэн хариуцлага бидэнд тулж ирээд байна. Тэнгэрийн улаач нараа нэгдэхтүн, бид хувь хувийн амин санаагаа орхиж, их зорилгын төлөө хамтран ажиллах цаг үе ирчихээд байна.
Монголчуудыг мөнх тэнгэр ивээх болтугай.
Д.Хүрэлбаатар -
ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫГ ШИНЭ ТОГЛОГЧООР ЗАРЛАХ ЗӨӨВЧ-ОВООГИЙ УРАНЫГ ОЛБОРЛОЖ ЭХЭЛЛЭЭ
Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Орано майнинг” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани эхлүүлээд байна. Тус компани Монгол Улсад 15 жил гаруйн хугацаанд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд нээн илрүүлсэн орд дээр бэлтгэл ажлаа базаасны үр дүнд өнгөрсөн долдугаар сард ийнхүү үйлдвэрлэлийн туршилт эхэлжээ.
Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж юу вэ?
Энэ бол монголчуудын сонсохоос ч айж ирсэн үнэн чанартаа ямар нэгэн хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, нэг литр усанд 4-10 грамм буюу дунд зэргийн тариураар нэг хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэх агууламжтай уусмалыг газрын гүн рүү нэг талаас шахаж, нөгөө талаар буцаан соруулж авах тасралтгүй цикль явагдах юм. Уг уусмалд газрын гүнд байгаа уран уусаад шингэн гарч ирнэ гэсэн үг. Энэ явцад шүлтлэг байсан орчин хүчиллэг болсон нь тодорхой хугацааны дараа байгалийн аясаараа буцаад шүлтлэг болох буюу нөхөн сэргээгддэг учраас байгаль орчинд хамгийн нөлөө багатай технологи болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.
Мэдээж үүнд тогтмол хяналт тавьдаг. Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг байна. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна. Үүний тулд үйлдвэрлэлийн талбай дээрээ тогтмол ажиллагаатай лаборатори ч байгуулжээ.
Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжлэх ба ураны уурхайн бүх үе шат тухайлбал, уран олборлолтоос, ураны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг хамарч байгаа гэж ойлгож болно. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталгаажуулах юм. Төлөвлөж байгаагаар 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилтын явцад 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолно. Онцлох нэг зүйл бол энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ.
Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийх юм байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна.
Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаанд “Бадрах Энержи” компанийн нийт 90 ажилтан ажиллаж байгаагаас 65 нь хээрийн ангид ажилладаг байна. Хээрийн ангийн үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгч компаниуд 30-35 хүнийг орон нутгаас авч ажиллуулдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. Зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал “Бадрах Энержи” компани үйл ажиллагаандаа жилд дунджаар 7-8 сая ам.доллар зарцуулж байгаагаас нийт ажилтны цалингийн зардал 3.1 тэрбум төгрөг болсон талаар тайландаа бичжээ.
Эдийн засгийн том дүнгээр нь харвал үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм. Гэхдээ үүнээс илүүтэй ирээдүйн өгөөж анхаарал татах чухал үзүүлэлт.
Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг байх нь. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж.
Хамгийн их анхаарал татах асуудал бол ураны хор аюул бодитой байгаа юу гэдэг асуулт
Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийснээ 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд тооцогдож байна.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан энэ тухай танилцуулахдаа “Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй.
Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” гэдгийг хэлсэн.
Энэ хүрээнд усны судалгааг мөн хийжээ. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан юм. Ийнхүү судлахад газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.
Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн байсныг онцолж байв.
Малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ.
Энэ бүх дүгнэлт иргэдийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлж байсан удаатай. Үр дүн нь мөн л энэ түвшинд гардаг.
Багаж бариад хэмжилт хийгээд үзвэл Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрт цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг тухай “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал ярьж байсан удаатай.
Ямартай ч том зургаар нь харвал Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт ямар нэгэн байдлаар байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа гэж болно. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм. Учир нь эрчим хүчний 70 гаруй хувиа уранаас гарган авдаг Франц улс шинэ он гарсны дараа атомын станцын сэргэн мандалтаа зарлаж, ногоон эрчим хүчний эх үүсвэр болохыг нь баримт бичгээр Европын холбоо баталсан. Дээр нь манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тиймээс төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам тодрох төсөөлөл бий болоод байна.
Н.Энхтайван
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин -
Б.ГАЛИНДЭВ: МОНГОЛЧУУДЫГ ГЕДОНИСТ ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлөөс цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг боловсруулах гэж байна. Энэ тухай ярилцлагаа эхэлье…
-Хуучин бидний үед офицер, ахлагчийн ёс зүйн дүрэм гэж байсан. Одоо бол бараг мартагдсан зүйл төдий. Үүнийг сэргээе, шинэчилж дахин гаргая гэсэн санааг манай хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич, профессор С.Нарангэрэл гаргасан юм. Ингээд ажил хэрэг болгохоор бид зорьж байна. Ямар ч байсан дүрмээ шинэчлээд төслийг нь боловсруулна. Тэгээд нийт цэргийн алба хаагчид уг төсөлтэй танилцаад өөрийн санал бодлоо “Соёмбо” сониноор дамжуулан илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, ёс зүйн дүрмийн шинэчлэлтэй холбогдсон өргөн хэлэлцүүлэг өрнүүлье гэж бодож байна. Дүрэм төслийн хэмжээнд боловсруулагдаад гарахаар та бүхэн ч энэ талаар нэгтгэл, ангиудын цэргийн алба хаагчдаас ярилцлага авч болох юм.
Төрийн хууль, тогтоомжуудыг мөрдөхөөс гадна цэргийн албаны тухай хууль, дүрмүүд гээд цэрэг хүнд мөрдөж баримтлах олон хууль дүрэм байна. Ийм байхад ёс суртахууны талаар ярих зай байна уу гэж хүмүүс асууж байна. Ганц хууль дүрмээр хүний бүх асуудлыг зохицуулна гэж хэзээ ч байхгүй. Тэр хүн анги, байгууллагын хашаанаас гараад хэн бэ гэдэг чинь их чухал. Тиймээс л бид ёс зүй, ёс суртахуун чухал гэж яриад байна. Цэргийн дарга нар ч энэ талаар бодох хэрэгтэй. Хэдий цэрэг ч гэсэн тэр хүнийг айлын ах, дүү, аав, ээжийн хүү гэж бодож ёс зүйн талаас нь сургаж, төлөвшүүлж баймаар байна.
Би цэргийн албыг эрчүүдийг тэсвэр хатуужил, үг сонсдог чадвар, тушаал биелүүлдэг гүйцэтгэгч чанар суулгадаг, хөдөлмөрч шинж чанарыг олгодог, эр хүнийг ирээдүйд эцэг хүн болоход нь нөлөөлж чаддаг тийм алба байгаасай гэж хүсдэг.
Тэр дундаа ёс зүйтэй иргэн хүн болгон төлөвшүүлэх нь одоогийн нийгэмд маш чухал болоод байна. Зэвсэгт хүчинд тийм боломж нь, нэр хүнд нь, сүр нь, тогтолцоо нь байна гэж хардаг.
Одоо цагт нийгэм даяараа ёс зүй, ёс суртахуун гэж их ярих болжээ. Тэгэхээр та философич хүний хувьд энэ тухай тайлбарлахгүй юу?
-Энэ бол эртний уламжлалтай философи ойлголт. Ёс зүй гэдэг нь ёс суртахууныг судалдаг философийн салбар ухаан. Ёс суртахуун гэдэг нь хүмүүс бидний зан үйлдлийн хэв маяг түүний төрхийг хэлдэг. Тийм болохоор ялангуяа монголд ёс суртахууныг олон талаас нь ухаж ойлгож, ярилцах хэрэгцээ шаардлагатай байна. Манай улсын хүн амын дийлэнх нь залуу хүмүүс байгаа нь ч уг асуудалтай холбоотой. Тэгэхээр бидний байгуулах гэж зорьж байгаа ардчилсан хэмээх нийгэмд залуу үеийнхэн маань төдийлөн дасан зохицоогүй байна. Тэд зан заншил, түүний хэм хэмжээг эзэмших цаг хугацаа болоогүй, хүний амьдралын туршлага багатай байдгаас ёс суртахууны алдаа гаргах нь элбэг. Залуу хүн бүрийн эн тэргүүний асуудал нийгэмдээ дасах, бүтээлч иргэн болох ёстой байдаг. Тэгж байж улс хөгжинө. Ерөөс ардчилсан нийгмийн нэгэн онцлог нь бид өөрсдийнхөө зан үйлдлийг өөрөө сонгох эрхтэйд байдаг.
Тухайлбал ямар зан үйлдэл сонгох боломжтой вэ?
-Монгол Улсын иргэд Үндсэн хуульд зааснаар 18 эрхтэй, хуулийн болоод журамт 8 үүрэгтэй. Энэ нь юуг хэлж байгаа вэ гэхээр иргэд ямар нэгэн гаднын шахалтгүйгээр ямар нэгэн намын үзэл сурталгүйгээр өөрсдийн зан үйлдлийг сонгох эрхтэй болсон. Хүнд буян эсвэл нүгэл үйлдэх нь миний дурын хэрэг болсон. Тэгээд ирэхээр яахын аргагүй хүний дотоод гэгээрэл, оюуны чадавх энэ нийгэмд зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.
Ахмад үеийнхэн “…Бидний үед хүмүүс ёс суртахуунтай байсан” гэж их ярьдаг. Үүнийг бид нэг талаас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тухайн нийгэмд бид дур зоргоороо авирлах боломжгүй байлаа.Намын үзэл суртал, номлолын дагуу бид үйлдлээ хийх шаардлагатай байсан. Энэ нь явсаар хүмүүсийг хариуцлагаас бултдаг, бусдыг өөрийн хийсэн үйлдэлд буруутгах дадал зуршилтай болгосон.
Ерөөс ёс суртахуун гэдгийг бид энгийнээр сайн дураараа хүлээж авч байгаа дүрэм, үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Би зүгээр л тэрбум мод тарих хөдөлгөөнд оролцъё, Туул голын захад очоод хэсэг газар цэвэрлэчихье гээд үйлдлээ сонгож байгаа маань ёс суртахуун юм. Тиймээс ёс суртахуун гэдэг нь хүнээс өөрийнхөө хийж буй үйлдлийг эргэцүүлж бодох оюун ухааны сэхээрлийг байнга шаардаж байдаг. Сайн үйлдэл хийж дадсан, муу үйлдэл хийж дадсан уу гэдгээ хүн өөртэйгөө ярьж тунгаан бодож байх нь чухал. Тэгэхээр монголчууд бид ардчилсан нийгмийн ёс суртахуун гэдгийг ойлгоогүй, энэ талын мэдлэг гэгээрлээрээ балчирдаад байна.
Таны бодлоор ардчилсан нийгэм гэж юу вэ?
-Амиа бодогчдын, өрсөлдөгчдийн нийгэм. Надад өмч хөрөнгө, эрх мэдэл, нэр төр хэрэгтэй. Гагцхүү энэ бүхнийг би өрсөлдөж байж л олж авна. Ийм үед хүний төрөлх араншин болох амиа бодох зөн совин байнга үйлчилнэ гэсэн үг. Социалист нийгэм бол хүний амиа бодох үзлийг хүчээр дардаг байсан. Гэтэл эрх чөлөөт нийгэмд гэгээрэл талаасаа шударга хүмүүс амьдарч байх ёстой. Тэгэхгүй бол өрсөлдөөнийг аль болох буруу аргаар ашиг хонжоо олох хэрэгсэл болгож ашиглаж байна. Тийм үзэлтэй хүмүүсийг уг нь нийгэм даяараа шахаж, хавчиж байх ёстой юм. Гэтэл одоогийн бидний байгуулсан нийгэм тэр түвшиндээ хүрээгүй. Бидэнд хуулиар олгогдсон эрх байх авч, үүргээ бас биелүүлэх ёстой. Үүнийг монголчууд мартсан. Харин сүүлийн үеэс нэлээд ярих болж, энэ нь сайн талтай.
Мөн ёс суртахууны нөгөө тал нь үнэт зүйлсийн тогтолцоо юм. Социалист нийгмийн үед нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, намын үзэл суртлыг дээдлэх, эх оронч байх зэрэг үнэт зүйлстэй байсан. Гэтэл ардчилсан тогтолцоонд хүний эрх, эрх чөлөө гэж гайхалтай үнэт зүйлс байх боловч түүнийг нь бид дур зоргоороо аашлах гэж ойлгосноос ёс суртахуун намаг балчигт шигдчихээд байна. Ганцхан баримт дурдахад, 1989 онд улсын хэмжээгээр ердөө 1900 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Гэтэл 2017, 2018 онд улсын хэмжээгээр тус бүр 32 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Ухаандаа Монголд гарч байгаа нийт гэмт хэргийн 50 хувь нь хулгай, 30 орчим хувь нь архины хамааралтай гэмт хэргүүд эзэлж байна. Өдөрт 150-200 гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгддэг. Энэ юу гэсэн үг вэ, нөгөө ёс суртахууны доройтол, уналт чинь айлын гэрт ороод ирчихсэн байна. Мөн ёс суртахууны үнэт зүйлсийн эрэмбэ алдагдсан. Ямар ч монгол хүнд эхлээд эх орон нь хамгаас үнэт зүйл байх болов уу, хоёр дахь нь хөдөлмөр гэдэг ч юм уу. Гэтэл өнөөдөр бүхний дээр мөнгө залрах болсон.
Ардчилсан нийгэм нь өөрөө хүнд нэр алдар, мөнгөний төлөө амьдрахаас өөр сонголт өгөхгүй байж болох юм …
-Макс Вебр, Кант зэрэг эрдэмтэд ардчиллыг анх тодорхойлохдоо рациональ нийгэм гэж үзсэн. Өөрөөр хэлбэл оюун ухаанжсан, ёс суртахуунжсан хүмүүсийн нийгэм бөгөөд хоёрт ашиг, мөнгө гэж тодорхойлж байжээ. Далай ламын хэлж байгаагаар өнөөдөр буддын шашин дан ганц оюун ухааны ариусал гэж ярихгүй ээ, энэ цаг үед хүний материаллаг хэрэгцээг харгалзаж үзэхээс өөр аргагүй. Оюун ухааны ариуслыг эрхэмлэдэг гээд л зүгээр суугаад бясалгал хийгээд байвал ядуурч үхнэ шүү дээ. Үүнийг шашин ч мөн ойлгож байна. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө таних нь хамгаас чухал. Ялангуяа харилцааныхаа түвшинд гаж хэлж болно. Хүмүүс бусадтай харьцахдаа өөрөөсөө доод зиндааны хүнтэй илүү дээрэлхүү, ноёрхсон, өөрөөсөө дээд зиндааны хүнтэй тэднийг магтсан, дулдуйдсан өнгө төрхийг их гаргадаг.
Олон улсын судалгаагаар монголчуудыг гедонист үзэл баримтлалтай гэж дүгнэсэн байна. Энэ нь зугаа цэнгэлд дуртай, чөлөөт цагтай байхыг хүсдэг гэсэн үг. Дандаа л тансаг амьдралаар амьдарч, зугаа цэнгэлтэй байхыг хүсэхээс бус хөдөлмөр хийгээд түүнийхээ төлөө шаналж явахыг хэн ч хүсэхгүй байна.
Гэтэл эсрэгээрээ Э.Хеменгуйэн “Өвгөн тэнгис хоёр” зохиолд загас барина гэдэг нь өвгөний амьдралын утга учир байдаг. Түүхий загас идээд далайд 85 дахь хоногтоо явж байгаа ч тэр өвгөн өөрийгөө ядуу зүдүү байна гэж гутралгүй загас баригдана гэсэн итгэлээр хөлгүй далайд хөдөлмөрлөж байгааг нь харуулдаг. Мөн хятадын “Амьдралын хүрдэнд зүдрэгсэд” гэдэг зохиолд хөдөлмөрийн төлөө бүхий л сэтгэл оюунаа зориулснаар хувь хүн, айл гэр, улс хэрхэн хөгжиж амжилтад хүрч болохыг харуулж байх жишээтэй.
Одоо бид яах вэ, ёс суртахуун ингээд мухардалд орчихлоо, таны хэлснээр намаг балчигнаасаа хэрхэн салах вэ?
-Бид ёс суртахууны институт гэдэг юмыг байгуулах хэрэгтэй. Энэ нь хувь хүн өөрийнхөө зан үйлдэлд ёс суртахууны хяналт тавьж чаддаг хэмжээнд хүрэхийг хэлж байгаа юм. Байгууллага, албан тушаалтан өөртөө хуулиас гадна ёс суртахууны хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Байгууллагын соёлыг мөн ярих цаг нь болсон. Үүнийг ярихаар хүмүүс дүрэмт хувцсаа сайхан өмсөөд өрөө тасалгаандаа цэвэр нямбай сууна гэж ойлгодог. Хүмүүсийн бие биетэйгээ харилцдаг харилцаа, үнэлгээний үнэн шударга тогтолцоо, байгууллагыг авч яваа оюуны өндөр чадвартай хүмүүсээ сонсох, бусдыг дээдлэн хүндэтгэх, бизнес, үйл ажиллагааны шударга зарчмыг баримтлах зэрэг нь байгууллагын соёлд хамаарна. Тэгэхээр хувь хүн, нийгмийн гэгээрэлтэй шууд холбогддог учир ёс суртахууны институтчилэл нь алгуур бүрэлдэн тогтдог гэж ойлгож болно.
Нөгөөтэйгөөр хуучин дадал зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тухайлбал Цагаан сараар айл бүр ууц тавьж байна. Тэр ууцаа гурав хоногийн дараа хог дээр хаяна. Энэ чинь бидний хоцрогдсон дадал зуршил амь бөхтэй байгаагийн тод илрэл юм. Цагаан сараар л элбэг дэлбэг байвал тэгээд миний тэр жилийн насан туршийн амьдралын утга учир шахуу юм ярьж байна. Ингээд 30 хоног идэх хүнсээ 3 хоног ч идэж амжилгүй хог дээр хаяж байдаг ийм үндэстэн монголоос өөр дэлхийд алга.
Өдөр шөнөгүй мэдээллийн дарангуйлалд автаж байна. Сарын өмнөөс телевиз радио, сонин сэтгүүл гээд бүх мэдээллийн хэрэгслээр ул боов чихэр, шарсан тахиа, кока кола сурталчлаад байдаг. Түүний оронд хөдөлмөрийг, номыг сурталчилж байгаа нэвтрүүлэг байна уу. Үзэж байгаа кино бүрд нь дандаа цагдаа гардаг болсон. Хоёр сайхан залуу үерхээд явж байхад гэнэтхэн цагдаа гараад ирдэг. Энэ чинь юуг хэлээд байна гэхээр манай уран бүтээлчдийн сэдвийн хүрээ дэндүү явцуу болсныг харуулж байгаа юм. Амьдрал баян шүү дээ, гэтэл дандаа сүүдэртэй талыг нь гаргаад байхаар хүмүүст энэ нь уран бүтээл бус дарамт болж харагдаад байна шүү дээ.
Ялангуяа хүн утга, уран зохиолоос амьдралын мөн чанар, нинжин сэтгэлийг авдаг гэж би боддог…
-Урлаг, уран зохиол маш чухал. Гагцхүү уран зохиолоос хүмүүний амьдралын мандсан, зовсон, хуурсан, атаархсан, дурласан, хаягдсан гээд ер нь бүхий л дүрийг харж, ойлгож болно. Миний хувьд сүүлд Чехийн Меландр Гундериа хэмээх зохиолчийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” хэмээх номыг уншлаа. Тус бүтээлд эр, эмийн хоорондын ажлыг тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй гэж хэлсэн байх юм. Гэтэл түүний оронд “тэвчихийн аргагүй хүнд оршихуй” гэж бас нэг аргументийг гаргажээ. Энэ нь хайр сэтгэлийнхээ төлөө, амьдралынхаа төлөө хариуцлага хүлээх, хүн байхын тулд бэрхшээлийг давж байгаа чанарууд, мэргэжилдээ уран чадвар үзүүлж байгаа хүмүүсийн оршихуй гэж тайлбарлажээ. Үнэхээр зүгээр суугаад орших бол амархан, гэтэл боловсрол мэдлэгтэй, авьяас чадвартай болоход маш хэцүү шүү дээ. Ихийг бодогдуулсан маш сайн ном байсан.
Тэгэхээр залуус маань хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан нийгмийн эд эс болж яваа иргэн хүн бүрийн үнэт зүйл байх ёстой юм. Түүнээс бус зүгээр сууж байгаад, зугаалж цэнгэж байгаад элбэг дэлбэг амьдарчихъя гэж бодоод байвал тэр хүн ч, тэр улс ч доройтон үгүйрэхийн шинж шүү дээ.Хэдий тийм ч гэлээ нийгэмдээ хөдөлмөрлөж, үлгэр жишээ болж байгаа залуус их байна гэж хардаг…
-Цар тахлын улмаас манайд сүүлийн хоёр жил эмч, сувилагч нар үнэхээр их хөдөлмөрлөсөн. Ерөөс тухайн нийгэмд эзэлж байгаа хүн амынх нь 90 хувь нь ажил хөдөлмөр хийж байвал хөгжин цэцэглэхийн үндэс гэж үздэг байна.
Ёс суртахууны институт байгуулахад нөлөөлдөг бас нэгэн, гол зүйл нь шашин. Манайд шашны гэгээрэл тал нь алга болоод зан заншил тал нь хөгжсөн. Шашин нэг бол гэгээрүүлнэ, нэг бол мухар сүсэгтэн болгоно. Манай лам нар Шинийн 8-ны дотор заслаа хийлгэ гэж хүмүүст тулгаж байна. Тэгээд аргаа барахаараа Шинийн 15-ны дотор хийлгэвэл буяны дээд буян болно гэж байх жишээний. Гэтэл яг сургаал талаасаа би хэзээ ч буян хийж болно. Би өөрөө л нүгэл үйлдэхгүй байх нь чухал. Германы философич Ф.Ницше хүртэл “Хүн ч бус, бурхан ч бус шашин бидний өмнөөс шийдвэр гаргаад байна, тийм учраас бурхан үхсэн” гэж хэлж байлаа. Тиймээс чи өөрөө л шийдвэрээ гаргана, түүнийхээ үр шимийг хүртэнэ гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр шашин өөрөө нийгмийг авч явдаг гол оюун санаа. Протестант шашны зүгээс “Хэрвээ чи бурхны шавь юм бол хөдөлмөрлө. Энэ бол өөрийгөө чи бурханд үнэнч байгаагаа илэрхийлж буй гол зүйл” гэж сургадаг. Энэ нь капитализмын. гол үндэс байх жишээтэй.
Ярилцлагынхаа төгсгөлд та юуг тодотгох вэ?
-Ингээд эцэст нь хэлэхэд “Соёмбо” сониныг би соён гэгээрлийн сонин байгаасай гэж хүсдэг. Ялангуяа Б.Чантуу эрхлэгчийн үед танай сонин нийгмийг тэр аяар нь реформ хийхэд оролцож байсан гавьяатай. Тийм болохоор эдүгээ та бүхэн хүмүүсийг соён гэгээрүүлсэн нийтлэлүүд бичиж байвал их зүгээр. Өнөөдөр өдөр тутмын хэвлэлүүдээс уншчихаар сонин ховор байна. “Өдрийн сонин” бол их л алдартай сонин. 2021 оны дугааруудыг нь шүүгээд үзэхэд нийтлэлч Б.Баабар, яруу найрагч Д.Урианхай, философич Б.Батчулуун, С.Молор-Эрдэнэ нарын бичсэн нийтлэлтэй цөөхөн хэдэн дугаарыг л онцолж болж байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд бараг 240 гаруй дугаарынх нь арав хүрэхгүй хувь нь хүмүүст хэрэгтэй байна гэсэн үг. Сэтгүүлчид биднээс толгой дээгүүр байхын тулд их юм унших хэрэгтэй байна. Ерөөс ардчилсан нийгэм амиа бодсон, эд материал, нэр хүндийн төлөө нийгэм юм бол үлдсэн онгорхой орон зайг нь соён гэгээрлээр л нөхөхөөс өөр замгүй. Монголчууд бид амиа бодохоос илүүтэй нийгмийн үнэт зүйлээ боддог, бусдыг боддог өргөн ухаарал руу явах хэрэгтэй болж байна. Иймд сэтгүүлч та бүхнИй оролцоо маш чухал юм шүү.
Ярилцсанд баярлалаа
Ахмад М.МӨНХЗОРИГ
-
Д.Баярхүү: Үндэсний аюулгүй байдлын дайсан
Эхлээд ухаалаг гэгээлэг нэгэн эрхмээс эшлэл авна. Нэр нь Д.Энхбат. УИХ-ын гишүүн асан, мэдээллийн технологийн анхдагч эрхэм. Түүний бичсэнд нь би задаргаа хийж үндсэн санаагаа гаргахаар зорилоо. Тэрээр ингэж бичжээ:
– Монгол Улсын үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь олон зуун жилийн туршид үргэлж монголчууд өөрсдөө байж ирсэн. Харин түүнд нь тус болж байсан, мөн эсрэг байсан гадаад хүчин зүйлс түүхийн үе, нугачаа бүрт өөр байсан байх. Тиймд, XXI зууны Монголын тусгаар тогтнолын баталгаа нь мэдлэгтэй, өрсөлдөн ажиллаж, улс орноо авч явах чадвартай монголчууд өөрсдөө л байна. Яг л бусад улс үндэстнүүдийн нэг адил.
– Хэрэв өөрийн ДОТООД ХҮЧ байхгүй бол гаднаас бидэнд юу ч тус болж чадахгүй. Монголын тусгаар тогтнолын ГАДААД ХҮЧ бол хөршүүдтэйгээ тогтоосон манай зөв харилцаа, мөн дэлхийн хүчний харьцаа, дэлхий дээр өнөөдөр тогтсон журам юм. Бид түүнд хэчнээн идэвхтэй оролцож, түүнд өөрийн байр сууриа зөв олж чадна манай тусгаар тогтнол төчнөөн баталгаатай байх болно.
– Аливаа улс орны тусгаар тогтнолд хамгийн чухал нь өөрийнх нь дотоод хүч буюу тухайн цаг үедээ бусадтай зэрэгцэн, өрсөлдөн амьдрах хүмүүсийнх нь чадвар байдаг. Армигүй шахуу ч маш өндөр хөгжилтэй, бусдаас огт дутахгүй хүчтэй улс орнууд олон байдгийг бид мэднэ. Тэдний тусгаар тогтнолын баталгаа нь тэдний мэдлэг, чадвар, дэлхийн эдийн засаг, бусад хүрээнд эзлэх байр суурь нь юм. Энэ бол XXI зууны дэлхийн дүрэм.
– Энэ бүгдийг зүйрлэн хэлбэл, аливаа улс орны тусгаар тогтнолын баталгаа нь яг л хүний өөрийн биеийн эсэргүүцэлтэй адил дотроосоо юм. Тэр нь муу, сул бол түүнийг ямар ч эм, бусад хүмүүс, эмч орлож чадахгүй. Гадаад хүч тустай, мөн хортой ч байж болно. Гэхдээ тэдгээр нь үргэлж хоёрдогч хүчин зүйлс болдог гэжээ.
Миний үндсэн сэдэв. Болхидуу харьцуулалт. Геополитикийн их онолчид аливаа улс орныг амьд организм, тийм учраас амьд организмын хуулиар тэжээгдэж тэнхэрч, тэлж өргөжиж байх ёстой гэж үзсэн нь санаандгүй тохиол биш юм. Номын цагаан солио бүр ч биш юм.
Бүр энгийнээр ойлгуулбал яг л хүн гэсэн үг. Хүн байгалиас ирэхдээ оюун тархитай хүмүүн гэдгээрээ адгууснаас ялгардаг. Хүнийг байгаль (эсвэл бурхан) тэгж бүтээсэн. Нэгэнтээ хүн эрүүл чийрэг, ухаалаг гэгээлэг өсч торнивоос учрах эрсдэлийг тэр хэрээрээ бууруулж няцааж чадна. Өвчин зовлонтой, тархины тураалтай, түмэн стресстэй хүн байх аваас хорвоог туулах чадвар тэр хэрээрээ суларна. Энэ бол тун энгийн ойлголт.
Монгол Улс маань ертөнцөд ирсэн нэг том хүн байлаа гэж сэтгэе. Эрүүл саруул хүмүүнд тавигддаг бүх шалгуур үзүүлэлт түүнд байх ёстой. Хүн юм чинь эрсдэл, элдэв дайралтыг даваад гарах чадвартай, тийм тархи оюунтай байх ёстой ёо доо?Эхний болхи харьцуулалтаа түр азнаад өөр нэг сэдэв рүү оръё. Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнд дээр хөндсөн сэдвээр хурал болж, түүн дээр би Үндэсний аюулгүй байдлын дайснуудыг жагсааж нэрлэн, хуралд оролцогчдын анхаарлыг татаад авсансан. Гэхдээ палхийтэл хэлсэн тул заримд нь таалагдаагүй байж болно.
Түүнээсээ цэгцлээд дор буулгая. Эх орноо нэг бүхэл бүтэн амьд хүнтэй зүйрлэх аваас Үндэсний аюулгүй байдал маань ихээхэн эргэлзээтэй болсон мэт сэтгэгдэл надад төрдөг.
Энэхүү амьд организм маань тэжээгдэн тэтгэгдэх нь бүү хэл элдэв хоронд олон талаасаа нэн ихээр хорджээ. Хордоно гэдэг нь гадаадаас хэн нэгэн санаатай хордуулаад байгаа биш өөрсдийгөө сайн дураараа хордуулж байгааг нь хэлж байгаа юм. Төр–засаг нь зөнд нь орхиод эрхээр нь хатаачихсныг л төрийн буруу гэхгүй бол өөрсдөө зүв зүгээр байж байгаад хордчихсон юм.
Ямар, юун хор вэ? Эх орны аюулгүй байдлыг бусниаж нурааж байгаа муу муухай юмс үзэгдлийг тэгж нэрлээд буруутныг би зааж өгөх гээд байна л даа.
1. Архи ба архидалт. Үндэсний аюулгүй байдлыг байтугай эх орны тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд очсон нэгдүгээр дайсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч ялгаагүй эх орондоо хор хүргэж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг тээгч, хамгаалагч явах ёстой идэр залуу, эрүүл саруул, бүрэн бүтэн ухаан тархитай монгол хүмүүнийг (нийгмийн үндэс болсон монгол гэр бүлийг) энэ их архи алж дууслаа. Нэгдүгээр дайсан мөн үү?
2. Эрүүл мэндийн доройтол. Ковидын хоёр жил ёстой нэг харууллаа даа. Хэн хаанаас даалгавар өгөөд санаатайгаар монголчуудын эрүүл мэндийг доройтуулсныг мэдэх хүн алга. Нэг мэдэхэд л маш их өвчин өвчлөлтэй, доройтолтой монгол хүмүүнийг бид олж харав аа. Ерөөсөө монголчуудын хар зөнгөөрөө, дураараа, замбараагүй амьдарч байгаа нь тэр чигтээ эрүүл мэндийнх нь эрсдэлийг буй болгочихож. Мэдээж архи нөлөөлнө эхний ээлжинд, залгуулаад өөрсдөө буй болгосон агаарын бохирдол, өөрсдөө буй болгосон элдэв төрлийн стресс (замын түгжрэлээс эхэлнэ), амьдралын буруу хэвшил нь, идэш ууш нь, наргиан цэнгээн (зэрлэгдүү!) нь монгол хүмүүний эрүүл мэндийг цаг минутаар (хэтрүүлэг шүү, уучлаарай) муудуулж доройтуулж байна.
3. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь хэтрэхээрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хасах оноо аваад ирдэг. Боловсролгүй, харанхуй бүдүүлэг нь ахуйн соёл, амьдралын буруу хэвшил, уран сайханлаг, байгаллаг, амьтанлаг сэтгэхүйтэй нь шууд холбоотой. Мухар сүсэг хурдан тархдаг. Шинжлэх ухаанд итгэдэггүй. Өнгөөр хөөцөлддөг. Уран сайхан, урлаг нь марзан, тэнэг, примитивээр хөгжиж ирсэн. Дэлхийн соёл урлагаас тасраад явчихсан. XXI зууны гэх үнэр байхгүй гэхчлэн.
4. Улс төрчдийн авилга, хээл хахууль гэж Үндэсний аюулгүй байдалд бүү хэл эх орны тусгаар тогтнолд нэн халгаатай нэг дайсныг би тэр хурал дээр нэрлэсэн. Улс төрийн авилга бүх түвшинд баттай цэцэглэн байна. Эрх баригч намын томилгоонууд (тэр чигтээ хуйвалдааны шинжтэй), УИХ-ын сонгуулиуд нь цусгүй иргэний дайны уур амьсгалд болж өнгөрдөг, сонгуульд ялсан нь тэр чигтээ авилгаар эрх мэдлээ бэхжүүлдэг, өөр арга зам байхгүй, альтернатив хувилбар байхгүй. Энэ их шагналын хур, одон тэмдэг, гавьяат цолнууд ихэнхи нь авилга, танил талын нүүрээр хийгддэг. Зогсох шинжгүй. Явж явж бүх сэхээтнүүд нь гавьяат ба төрийн дээд одонгуудын төлөө зүрх сэтгэлээ огшоосон. Нийгмийн халамжийн бодлого нь тэр чигтээ авилгын хэлбэр болчихсон. Ажил хийх дуршлыг нь унтраасан.
5. Ажилгүйдэл ба ядуурлыг Үндэсний аюулгүй байдлын дайснаар би нэрлэсэн. Ажилгүй хүн (цаана нь бүхэл бүтэн монгол айл өрх!) ядуурахад тун амархан. Буруутныг өөрийгөө тойруулж хайгаад байхаас монгол хүн өөртөө хир халдаах нь гонж. Нэгэнтээ ядуурчихсан бол золбирох, архинд донтох, эрүүл мэндээ сүйтгэх, гэмт хэрэг үйлдэх, яахаас ч буцахгүй болох зэрэг нь аяндаа гүйцэлдэнэ. Эцэст нь ядуу золбин хүнд эх орон ч хэрэггүй болно. Хэрэггүй гэж хашгирсан нь байхгүй ч яг үнэн төрх нь тийм. Тэд эх орныг минь дотроос нь, дороос нь мэрж байна!
6. Энэ бүхнийг нийлүүлж байгаад Үндэсний аюулгүй байдлын дараагийн дайснаар бүх төрлийн гэмт хэргийг нэрлэж болно. Бүх төрлийн шүү. Монголчуудад түгээмэл байдаг нь хулгай, луйвар, залилан, экологийн элдэв гэмт үйлдлүүд. Монголын нийгмийг дотроос нь эвдэхэд тун ойртчихсон.
7. Сүүлийн ганц дайснаар Үндэсний аюулгүй байдлыг эвдэгч үндэсний эв нэгдэлгүй байдал, нийгмийн олон хуваагдлуудыг тодруулъя. Ерөөсөө туйлын эв нэгдэлгүй нийгмийг монголчууд байгуулчихсан байна. Үндэсний эв нэгдлийг албан хүчээр барьцалдуулдаг тэр тогтолцоо нь ардчилал, хүний эрхээр солигдоод дур зоргоороо, эрхээрээ хатсан, атаархалдаа шатсан гурван сая монгол хүн буй болчихсон, юу хүссэнээ Төрдөө тулгаад эрх хүүхэд шиг аашлаад сууж байна.
Илүү үг. Уучлаарай. Украиныг Монголын дайснаар тодруулчихсан баахан хүн сошиалд ааглаж байна. Украин манай Үндэсний аюулгүй байдалд хумсын толион чинээ ч аюул учруулаагүй хэмээн гэгээлэг монголчууд үздэгийг бас тэмдэглэе.
Eрдөө байгаа дүр зураг чинь энэ юм биш үү? Явж явж ийм Монгол болчихгүйн төлөө яг өнөөдрөөс, яг одооноос хичээе. Төр нь төр шиг, ард түмэн нь ард түмэн шиг!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
-
ИХ ХААН, ИХ ГҮРНИЙ МӨРӨӨРХ ХОЖУУ ЦАГИЙН “ИХЭРХЭХ ХИЙРХЭЛ”-ИЙН АСУУДАЛД
Сайн санаа, дэвшилттэй зорилго, зөв нөлөө, эерэг үр дагаврын төлөө том эзэнт гүрэнг анх байгуулсан бол, байлдаж эзэлсэн, хараа нөлөөндөө авсан улс орнуудыг өөд нь татаж чадсан бол, сүсэг бишрэлийг нь хүндэтгэн үзэж тархайг нь хурааж, салсныг нь нэгтгэж өгсөн бол, тайван чөлөөтэй амьдарч дэгжих орон зай, цаг хугацааг ивээн талбин олгосон бол, соёл, шинжлэх ухааны шинэ, дээд шатанд хүргэж шинэчилж, өөрчилсөн бол мөнхүү
Эзэнт гүрний нөмөр, нөөлөг ба их хааны гавъяа, зүтгэлийг хүмүүс хэдэн зуун дамжуулан магтаж, дурссаар иржээ. Ингэхлээр эзэнт гүрэн бүхнийг, бас эзэн хаан бүхнийг байх ёстой байранд нь тавьж, авах ёстой үнэлгээг нь өгөхөд заавалчгүй судалж, нягталж, дэнсэлж, харьцуулж, үлдээсэн үр дагаварыг нь хаана, хаанаа тооцоолж, бүртгэж байж эцсийн шийдпийг гаргаж байх учиртай юм. Муу сөрөг үзэгдэл, үйлдэл нь сайн ул мөрийг үлдээсэн, эерэг үр дагаврыг үүдсэн бол бас л харгалзан үзэх хэрэгтэй болдог. Аливаад тодорхой хандах нь үнэнд хүргэх нэгэн арга билээ. Үлдээсэн ул мөр, нөлөөг нь тухай тухайн цаг үед нь хадаж үзэх, холбож ойлгох, тэр түүхэн цаг үеийн нь үнэлэмж, баримжаалал, жишиг, ёсзүйн үүднээс хандаж дүгнэж байх нь үнэний харьцангуйн талаасаа зөв, зүйтэй юм.
Цаг үе огт өөр болдог. Хүмүүс бас өөрчлөгддөг. Хожуу цаг үеийн хүмүүсийн үнэлэмж, баримжааллын үүднээс өнгөрсөн бүхнийг нэгэн утгатайгаар, эцсийн үнэн болгож үзэх, үнэлэх боломжгүй бөгөөд ийм аргаар үнэнээс холдох хэрэггүй юм.Эзэнт гүрэн нэг бүр эцсийн эцэст задрал, уналт, мөхлөөр л дуусаж байжээ. Ийм хувь заяаг нэг ч эзэнт гүрэн тойроогүй юм. Эзэнт гүрний нас богино болох, урт байх нь олон хүчин зүйлээс хамаарч байжээ. Эзэн болсон улс, үндэстэн өөрөө хүчирхэг хэвээрээ, бусдыг эрхшээсэн гар нь чанга янзаараа нэр нөлөө нь өндөрт цууриатсаар байх ахул Эзэнт гүрний задрах нь удаан байв. Монголын эзэнт гүрний жишээ, сургамж гэхэд Хувилай хаан эзэнт гүрний нийслэлийг Монгол орноос салгаж Хятад оронд шилжүүлснээр эзэн улс, эзэн үндэстэний нэр хүндийг унагааж, эзэн Монгол гэхийг эзэн Хятад мэт болгон сольж завхруулснаар Монголын эзэнт гүрний задрал, уналтын процессыг ердөө л шууд эхлүүлжээ. Монголчууд, Монголын нийслэл Хархорум хотын нэр, дуулиан хэдхэн жилийн дотор Хятадын гэх хүчин зүйлүүдээр түрэгдэн бүүдгэрчээ. Энэ мэтийн сонихон үзэгдэл, тохиолдол эзэнт гүрнүүдийн түүхэнд цөөн биш байдаг.
Том эзэнт гүрэн, их хааны мөр, сүүдэр дагаж үлддэг эерэг, сөрөг зүйлүүд ялангуяа эзэн байсан улс, үндэстний хувьд нэн их байдаг. Наад захын жишээ гэхэд л том, их, эзэн байсан улс, үндэстэнг дахиж томрох бий гэсэн хардлага ойр орчинд нь мөнхөд шахам үлдэж, уг улс, үндэстэнд ихээхэн бэрхшээл, зовиурыг авч ирдэг байна. Хөрш улсууд нь хуучин байдлыг давтан гаргуулахгүйн тулд нууц, далд алсуур, холуур элдэв арга хэмжээ авч, бусадтай хуйвалдан гурвалжин, дөрвөлжин хэлхээ, холбоо тогтоож жич, нууц бодлого боловсруулж хэрэгжүүлж эхэлдэг. Их байсан, эзэн байсан улс орныг эргээд томорчих вий гэх болгоомжлол түүний найгүй жижигхэн, буурай болсон үед нь ч салахгүй дагалдан зовоодог ажээ.Эзэн байсан орны улстөрчид, их хааны үр хойчис дэмий ихэрхэж зовлон тарих нь бас цөөнгүй. ”Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэхийн үлгэрээр орчихсон тоглоомын удам залгамжлагчид, “Хан хөвүүд” буй болж бусдын зэвүүрхэл дор ихэрхэж дүвчигнэх нь ч бас олонтой тохиолддог.
Гурвуулаа цаг цагтаа том, жижиг эзэн улс, эзэн үндэстэн байж үзсэн Монгол, Хятад, Оросын харилцааны жишээ, сургамжийн талаар товч өгүүлье.
Хүннүгийн эзэнт гүрний үеэс (МЭӨ 209 он) бүр түүнээс ч их өмнө монголчууд Хятадын улсуудад аюул, занал учруулсаар байжээ. Хүннү гүрэн олон тасарч задарснаас хойш ч гэсэн нүүдэлчид, эсгий туургатангууд Хятадын улсуудад довтолж түүвэйсээр л байв.
Монголын Сүмбэ, Нирун улсын үед, мөн Монголын газар нутаг дээр ноёрхлоо тогтоож чадсан Түрэг, Уйгар, Киргиз нарын үед ч гэсэн нүүдэлчдийн халдлага ер тасраагүй ажээ. Тэг тэгсээр XIII зууны монголчууд Хятадын улсуудыг бүрэн эзэлж, бүгдийг нь нэгтгэн захирчээ. Монголын эзэнт гүрний үед Хятадуудад мэдээжээр хүнд хэцүү байсан, мөн оросуудад ч бас хэцүү байсан юм. Ингээд л монголчуудаас айх болгоомжилох сэтгэлзүй, ухамсар хөршүүдэд нь буй болчихжээ. Орос, Хятад хоёр монголчуудыг тархай, бутархай байхад, сул дорой байхад, бүр болж өгвөл байнгад өөрсдийнхээ эрхшээл, нөлөөн дор барьж байхыг хүсэх болжээ. Энэнийгээ төрийн бодлого болгож сахиж хэрэгжүүлж байхыг тэд эрмэлзэцгээх болсон юм. Энэ бол хоёр хөршийн нь төрийн хар хайрцагны бодлогын Монголд зориулсан гол үзэл, баримтлал мөн бололтой. Чингэж монголчууд хоёр том хөршийнхээ ийм далд, нууц бодлогын объект болсоор уджээ. Чухам иймийн учир зөвхөн Ар Монголын тусгаар тогтнолын төлөө бүтэн зууны туршид элдвээр тэмцэхэд хүрсэн байна. Зуун жилийн туршид олон бусармаг арга, заль хэрэглэж, хоорондоо элдвээр сүлбэлдэн хуурамчилсаар хөршүүд маань монголчуудыг тархай бутархай, дорой буурай, “гар гарынхаа лор” хэвээр нь үлдээж чадсан билээ.
Хоёр хөрш маань Монголын газар нутагт л зөвхөн шунадаг мэтээр зарим хүн ойлгодог, ярьдаг. Гэхдээ Хятад, Орос хоёрын төр засгийн аль аль нь “Монголчууд та нар хүнээ авбал аваарай. Харин газар нутгийг нь бид авч үлдэнэ шүү” гэж хэлж байсан удаагүй билээ. Тэгэхлээр газар нутгийг нь хүн ардтай нь цуг тасдан авч аль болохоор бүх талаар жижигрүүлэх, Монголыг жижигхэн бамбай улсын хэмжээнд л мөнхөд барьж байхыг тэд хүсдэг ажээ. Зарим судлаачийн тооцоолсноор Монголоос Хятадуудын салгаж авч чадсан газрын хэмжээ 2.216.000 километр квадрат, харин оросуудын авсан нь 610.900 километр квадрат юм байна. Энэ тооцоогоор бол Монгол улс уугуул газар нутгийнхаа зөвхөн 35.7 хувь дээр нь нь л амьдарч байгаа болно. Уугуул газар нутгийнх нь 50.4 хувь нь хүнтэй гэртэй, малтай, ашигт малтмалтайгаа цуг Хятадынх болсон ба мөн 13.9 хувь нь бас л хүн, гэр, мал, ашигт малтмалтайгаа хамт Оросынх болчихжээ.Хоёр хөршид маань ийм шинж, байдал бүхий далд, нууц бодлого, цаанаа нарийн учиртай ижилхэн зорилго байдгаас болж 1911 онд өвөг дээдсийн маань өндрөөс өндөрт өргөн дэвшүүлсэн “Үндэсний төр улсаа сэргээн байгуулж монголчууд хотол даяараа нэгдэж нийлэх” гэсэн зорилго биелээгүй байна. Ийм зорилго тавьж тэмцээд удлаа. Үнэндээ бол бараг 3 зуун дамнан мөнхүү тэмцэл үргэлжилжээ.
XXI зууны эхэн гэхэд байдал ямар байна вэ? Монголчууд нэгдэн нийллээч гэсэн Орос ба Хятадад заналхийлж чадах. хоёр том хөршрүүгээ түрэмгийлэл үйлдэж чадах боломж нэгэнт үгүй болжээ. Монголын аюул гээч нь хоосон зүйл болсон байна. Харин ч бамбай орон байх, том сайн бамбай болох Монголын үүрэг улам л чухалчлагдах төлөвтэй боллоо. Одоо бол Монгол хүчтэй нэр хүндтэй байх тусмаа л Хятад, Орос хоёрын завсарт “сайн бамбай болох юм. Хүн ам цөөтэй, цөмийн зэвсэггүй, дайн-хийрхэлд дахин автагдах бодит боломжгүй болчихсон эн тайван, ардчилал, эрх чөлөөг дээдлэгч Монголчуудаа: жийрхэх, хоосон хардах, болгоомжлох нь аль хэдийнэ илүүц зүйл, утгагүй зүйл болчихжээ. Одоо XXI зууны өндөрлөгөөс энэ 3 орон хоорондоо шинэхэн бодит байдалд тулгуурласан шинэ, оновчтой холбоо тогтоож, хэн хэнийхээ ашиг, сонирхлыг тооцсон найрсаг харилцаатай байх хэрэгтэй байна. Эзэнт гүрнүүд байсан үеийн, эзэнт гүрнүүд байхын төлөөнөө гэхүйцээр ихэрхэх, ихээ үзүүлэх, эсвээс ихээ сэргээх, их байснаа санагалзан “хоосон томрох” мэтийн санаа, санаархал нь зөвхөн элдэв бэрхшээл үүдэж хэн хэндээ хор хүргэхээс цаашгүй болжээ.
Хэтэрхий томрох, зах хязгааргүй их нутаг дэвсгэрийг эзлэх, олон хэлний ижил биш шашин, соёлтой олон үндэстэн, хүн зоныг нэгэн төрийн жолоон дор хураах нь энэ XXI зууны өндөрлөгөөс үзэж дүгнэх аваас тийм ч сайн зүйл биш гэдэг нь тодорхой болжээ. Томрохын сайн, мууг арьс махан дээрээ мэдэрч, үүрч өнгөрөөсөн монголчууд “сайн ба муу ямар ч зорилгын үүднээс бусдыг эзлээд хэрэггүй юм байна” гэдгийг хатуу ойлгосон ард түмэн билээ. Томорсноосоо үүдэж хохирсон ард түмнүүдийн эгнээг нэгээр нэмэгдүүлсэн монголчууд бусдыг эзлэх гэж хаашаа ч явахгүй. Тэгээд ч хоёр том хөрш маань хэнд ч эзлэгдэхээргүй хүчтэй болчихжээ. Ийм нөхцөлд Монголын аюул гэх бодит хүчин зүйл үнэхээр үгүй байна. Гэхдээ энэ гурван орны аль алинд нь Монголын гэх угшил, холбогдол бүхий асуудлууд бий. Ихээхэн ээдрээтэй эмзэг гэхээр асуудлууд ч бас бий. Түүхэн шинэ, шинэ нөхцөл, байдалд тэдгээр нь яаж шийдэгдэх нь ч мөн тодорхой бус байна.Монгол угсааны хүн амын 30 гаруй хувь нь л Монгол улсад аж төрж үлдэх 70 шахам хувь нь Хятад, Орос хоёрт хуваагдан харъяалагдаж байгаа нь асуудлуудын нэгэн гол шалтгаан юм. Эдгээр хүмүүс 2 хөршид бүрэн уусаж дуустлаа удах болно. Тэдний хувьд нүүдэлчдийн ахуй аж байдал нь бүрэн өөрчлөгдөх, хэл ба соёл нь мөхөж, еөрөөр солигдох, сэтгэлзүй, ухамсар нь хятаджиж, оросжиж дуусах зэрэг хувьсал явагдаж дууссанаар уусалт төгс болох учиртай. Өнөө гэхэд бутарч салсан, бусдын эрхшээл, нөлөөнд хүчээр үлдээсний зовиур нэг талд, харь хэл, соёл, өөр ахуй бүхий хүмүүсийг өөртөө уусгаж авах гэсэн зовиур нөгөө талд байсаар хадгалагдсаар энэнээс үүдэлтэй эмзэглэл, зөрчил хуримтлагдсаар элдэв шинжтэй ээдрээ, зангилааг социаль бүлгүүдийн харилцаанд буй болгож ужигруулсаар байна.
Олон саяар тоологдох монголчууд хоёр хөршид маань уусаж бүрэн дуусахын цагт энэ гурван улсын хоорондын харилцаа их нээлттэй, илүү их ил цагаан илүү их шудрага,шулуухан болох байх. Гэвч ийм цаг ирэхээс өмнө юу ч болж бас мэднэ. Монголчууд уусаж чадахгүй хөршүүд маань уусгаж чадахгүй, харин ч харь элгийн хүмүүсийг хавчин хяхаж, жигшээж гүйцэх юм бол тааламжтай гэхүйц нөхцөл, тохироо бүрдэх бүрийд л Буриад, Барга, Өвөр, Өмнөд, Шинжааны болон Халимаг монголчууд түүхэн төврүүгээ татагдаж ээдрээтэй асуудлууд ар араасаа босох нь эргэлзээгүй. Дэлхий дахины өнгөрсөн түүхээс үзэхүл нэг үндэстэн нөгөө үндэстнээ өөртөө уусгах гэж хүчлэх бүрийдээ шахам бүтэлгүйтэж байжээ.Оросод харьяалагдах болсон Буриад монголчууд хаант төрийн нь үед ч хэлмэгдсэн бас социалист төрийн нь үед ч хэлмэгдсэн билээ. Иймэрхүү хувь заяаг өрөвдөхгүй байхын аргагүй юм.
Хятадын харъяанд орсон монголчууд мөн цаг цагтаа ихэд хэлмэгдсэн болохыг дэлхий дахинаараа мэдэх билээ. Их Орос, мөн Их Хятадын үндсэрхэх дээрэнгүй үзэл хэмээн монголчууд шүүмжлэн үзэх, үнэлэх мөртлөө Их Монголын гэхээр үндсэрхэх дээрэнгүй үзэл сурталд өөрсдөө автагтаад харалган ааш авир гаргаж болохгүй юм.
Нэгэнт буй болчихсон түүхэн нөхцөл, байдалд хүлээцтэй, ухаалаг хандаж, тал талын ашиг сонирхлыг судалж тооцож ямар ч тохиолдолд мугуйдлах, сөргөлдөх, мөргөлдөөнд турхирах, террор хийх зэрэг алдаанаас тууштай зайлсхийж байх хэрэгтэй байна.
XXI зуунд хэлэлцээрийн ширээнд суухаас өөр хүчирхэг арга хэрэгсэл гэж үгүй билээ. Монголчууд хоорондоо эвтэй найртай байх цагтаа хүчтэй, хүчирхэг байдаг гэх суртал ухуулга бол зөв зүйтэй зүйл. Харин Монголчууд илүү дээд заяатай ард түмэн учраас бусдыг эзэлж, эзэрхийлж, ямагт бусдаас хүчирхэг байх тавилан, заяатай гэх нь худал, буруугаас гадна ичгүүртэй тэнэгдүү итгэл, бишрэл мөн болно.
Их Хүннү гүрэн, Сүмбэ, Нирун, Их Монгол улс, Чингисийн эзэнт гүрэн байсан үеүдээ магтах, элдвээр сайшаан санагалзах, уриа дуудлагаа болгох зэрэг нь монголчууддаа ихэд таалагддаг хэдий ч, мөн сайн нөлөөтэй байж болох хэдий ч хөршүүдэд маань, бас бусад ард түмэнд яаж тусах, ойлгогдох болоо гэдгийг ямагт тооцож аман дээрээ даруу, намдуу байх нь харин ч Их-ийн, Том-ын шинж байх болов уу…Ямар ч үнээр хамаагүй, бас орчноо үл ухааран томрох гэх нь томрохын цагтаа юу л хийх бол хэмээсэн айдас, жийрхэлийг бусдад ил, далд төрүүлж байдгийг үзэл санааны түвшинд ч гэлээ үүдсээр байх нь буруу, хортой болохыг аль ч цаг үед тооцож байх хэрэгтэй юм.
Монгол бол эдүгээ ардчилсан гэгдэгч орон. Гэтэл иргэдийн нь амнаас сав л хийвэл “Их эзэн богд Чингис хаан минь” “Тэнгэр заяатай ард түмэн минь” гэх мэтийн үгүүд огт салахгүй гарсаар байх аваас, бас даварсан дэвэрсэн хэсэг нь “онцгой тавилан, тусгай зориулалт” дээд угсаа, гарвал”-тай хэмээн хэнхдэгээ дэлдэх нь ихсээд байваас бусад орны ардчилсан бие хүмүүс биднийг уг чанартаа чухам хэн гэж үнэлэх, ойлгох бол оо?…
“Монголчууд бид биеэ чухам яаж авч явах ёстой болж байна вэ? Хоёр их хөршдөө таалагдахыг хичээж үргэлжид” жижиг” байх ёстой юу? Хэргээр, санаатайгаар улам бүр хагарч, бутарч жижигрэх бодлогыг айх, болгоомжлохын эрхээр явуулж байх учиртай болж байна уу? Монголчуудад төрөлх, заяагдмал эрх, эрх чөлөө байх ёстойг үгүйсгэхийг хүлээн зөвшөөрч байх нь ухаалаг арга, хандлага гэж үү? Бид цэрэг, арми, зэвсэглэл үгүй ердийн чөлөөт бүс болъе л доо !!! гэх мэтийн санал, санаачилга ч бас гарах болж … Тайван, амгалан, элэг бүтэн оршин амьдрахын философийг таних гэж монгол хүмүүн зовж, зовниж байх болжээ.“Ихэрхэх хийрхэл” яг хэрэг дээрээ бол юунд ч хариу өгөхгүй байна. Одоо цагт энэ нь ердийн нэгэн эрэндэг бололтой….
Дэлхий дээр маань Европ тивийн засаглал тогтоод 400 орчим жил болж байсан түүх бий. Арван хоёрхон эзэнт гүрэн далдуур, нууцаар ард түмэн нэг бүрийн хувь заяаг хоорондоо үгсэн, тохирон шийдэж ирсэн саяхны практик бас бий билээ. Харин өнөөдөр хэн хэн хэрхэн засаглаж байна вэ? Дэлхий дахиныг тэд хааш нь хөтөлж явна вэ? Даяаршлын эрин үе дэх Ихэрхэх хийрхлийн субъект нь хэн вэ?, бас объект нь юу вэ? Аль эсвээс энэ нь хоосон, цаанаа бодит оногдохуй үгүй асуулт уу ?
XXI зууны эхэн үед 12 том эзэнт гүрэн дэлхийг хуваан захирч байсан бол XXI зууны эхэн гэхэд АНУ-ын нэр, нөлөө, шууд хийгээд дам засаглал нэн их хүчтэй болсон байв. Цэрэг-зэвсэг, санхүү-эдийн засаг, улс төрийн нэр, нөлөөндөө дулдуйдан энэ том орны үйлдэл, алхам, үг хэл улам л зоргоор, түрэмгийдүү болсоор байна. Энэ байдал нь зарим нэгэн том улс оронд муу үлгэр дууриал болж ааш авирыг мөн эвдэлж эхлээд удлаа. Түрэмгийдүү чиг хандлагын төлөөлөгчдийн тоо олширч өрсөлдөөн нь ч ширүүсэх янзтай болж ирлээ. Энэ бол муугийн ёр, эхлэл билээ.
12 том эзэнт гүрэн 400 жилийн туршид цэрэг, зэвсгийн хүчээр дэлхийг цөлмөн дээрэмджээ. Булааж авсан хөрөнгө, баялгийг ашиглаж дотооддоо аж үйлдвэржилтийг амжилттай хэрэгжүүлжээ. Одоо Тэд мөлжиж, цөлмөж ядууруулсан орнуудынхаа ард түмэнд тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй билээ. Ингэх нь зохистой хэмээн үзэх, ойлгох соёл ба ухамсар саяхны эзэн орнуудын хүмүүст байгаа юм.
Америкийн Нэгдсэн улс эдийн засгийн чадавхынхаа өндөр нэр төрд дулдуйдан цаасан мөнгө ихээр үйлдвэрлэж бусад орны баялгийг хямд үнээр хурааж авсаар иржээ Хэрвээ АНУ-ын төр засаг ба эдийн засгийн амьдрал нь эргэж сэхэхгүйгээр хямралд автах аваас энэ их цаасан мөнгөө тэд юугаар ч баталгаажуулж дийлэхгүй юм. Ийм байдал үүсэхээс өмнө оновчтой арга хэмжэз авах шаардлагатай байна. Иймэрхүү маягийн хямрал сүйрлээс нэр бүтэн гарах гэхдээ АНУ-ын цэрэг-улстөрийн зарим бүлэглэл дэлхийн хэмжээний дайн самууныг өдөөж ч магадгүй. Доллар одоохондоо гүйлгээний хэрэгслийн үүргийг маш өргөн хэмжээнд гүйцэтгэж чадаж байгаа хэдий ч хуримтлалын хэрэгсэл болж ер чадахгүй нь тодорхой билээ. Энэ нь олон улс орныг ихэд хохироох ирээдүйг ноттой болгосоор байгаа юм. Цаасан мөнгөний эзэнт гүрэн цаг нь ирэх үед дэлхийг нэлэнхүйд нь таваарын хомсдолд оруулж, ужиг үргэлжпэх хямралыг үүдэж чадах нигууртай.Судлаач, профессор Д.Чулуунжав