Author: admin_shaman

  • ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ Ч МАНАЙХ

    Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдэг вэ гэдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шиний нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улс төрч Ерөнхийлөгчид бараалхан золгохдоо юу өмсчихөв, бөхчүүд юу өмсөв, урлагийн нэртэй одууд юу өмсөв гэдгийг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Тэрэн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Тэрнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
    Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
    Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
    -Ер нь Хятад газар ноёрхол тогтоож байсан Монгол улс аймаг нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн гэдэг. Солонгос \өмнөд\ улсын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “III зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5,6-р зууны үед Хятадын Дон – ван мужийн Шиен-дэйгээс гаралтай Солонгос, Япон, Хятад ёслолын хувцас, Ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлний нөлөөгөөр баяжжээ. Энэ үед монгол хувцас өмнөд газрын солонгос, япон, хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна.
    Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад зүүн хойт азийн угсаатнуудын нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид оршиж байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна. Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний солонгосын Ёо, Кох, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд сайхь гурван улсын үеийн хувцас нь умард монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол нэн эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков “Ер нь хятад оронд ноёрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед Зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.
    эх сурвалж: http://news.gogo.mn/r/155080

     

     

     

  • МОНГОЛЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН ҮЕЭР ЭНЭ ЗУРГИЙГ АВЧЭЭ. 4 ҮЕЭР БООВОО ЗАСЧЭЭ.

     

    Монголчууд тэгш тоог манай ертөнц, нарт ертөнцийнх гэж үздэг, сондгой тоог нөгөө ертөнцийнх, хүмүүн бусын ертөнцийнх хэмээн vздэг байлаа. 4-ийн тоо бол монголчуудын хувьд 4 зүг 8 зовхисын орчлон хорвоо, эргэх 4 цаг улирал, 4 хүчтэнийг бэлгэддэг байв.

    Монголчууд монгол гэрийн бат бөх байдлыг “…төрийн дөрвөн тотготой, төмөр дөрвөн шийртэй, .. дөрвөн хөлтэй шийр шиг, дөрвөлжин зоотой морь шиг” гэх мэтээр шүлэглэн магтсан байдаг. Ийм учраас дөрвийн тоо нь бат бөх, найз нөхөр, түншийн бэлгэдэлтэй.

    4-ийн тоог жигших бол жинхэнэ хятад ёс. 4-ийн тоо үхлийг бэлгэднэ гэж айдаг. Доржхандын аарууланд эмзэглэсэн хүмүүс учиртай. Үхнэ гэж айцгаасан байна.
    Боовыг “жаргал зовлон” гэж өрдөг гэж судлалын эх сурвалжид үзээгүй. Ёс мэдэхгүй люмпенүүд харийг дуурайх буюу санаанаасаа зохиож гаж буруу ёсуудыг үүсгэдэг. Хятадын фэншүй шашныг монгол ёс гэж дайрдаг маш олон “монголчууд” үүсчээ. Ингэж айхавтар уусаж байна.

    Монгол хүн идээ будаагаа зовлонг бэлгэдэж өрдөг, хар муу бэлгэдэлтэй хүмүүс биш. Монгол хүн 4-ийн тооноос айдаг бэлгэдэлтэй биш шүү. 4-ийн тооноос айдаг хүмүүст л асуудал байна шүү.
    4-ийн тоог үзэх нь монгол хятад хүмүүсийн хувьд эсрэг агуулгатай. Монголчуудын хувьд амьдралыг, хятадуудын хувьд үхлийг бэлгэднэ.
    Munkhbayar Ch

  • МОНГОЛ БҮСГҮЙ ТӨРИЙН ДОЛООН ЭРДЭНИЙН МАНЛАЙ

    Эрхэлж, тоглож “жаран чавганцын ажил” хийсээр нэг мэдэхэд нэхий бойтгоо элээж цоолоод хаячихаж би. Нагац ээж асууж. “Чиний энийг тэгээд хэн оёх юм”. Би хариулж. “Муу сайн хөгшчүүл л оёно биз”. Дээдсээс уламжилж ирсэн олон бөгөөд хачин сайхан бурхан тахилтай айл байсан юм. Даанч бүтэлгүй бэр нь, санаатай, санаагүй нь бүү мэд, үнс тоос болгоод хаячихсан гэдэг.

    Ганц хүүгийн нь тэр бүтэлгүй эхнэрээс гарсан хэдэн хүүхдийн зарим нь эрэмдэг зэрэмдэг төрж, эрүүл саруул өссөн нэг нь осолд орон талийгч болцгоосон билээ. Яагаад ийм болов гэж зурхайч мэргэдээс асуухлаар “бурхан тахилаа буруу замаар оруулсан байна” гэдэг гэсэн. Миний аавын бага ээжийг бид “хөгшээж” (хөгшин ээж) гэдэг байлаа.

    Авга ах нартай минь хамт амьдарч байгаад насныхаа сүүлийн жилүүдэд манайд байж, аавын минь гар дээр өнгөрсөн юм. Нагац ээжээс хойш хөгшээждээ ганц эрхэлж өгнө дөө. ёстой л “санаснаа хэлж, сарвайснаа авна”. Авга ах нараа ээлжээр эмээллэж унахаа шахна. Дөрвөн хөллүүлж байгаад зайдагнана.

    Гэтэл тэд насан эцэс болтлоо намайг хайрлаж, намайг дуудаж, өвчин хуучинд баригдаж, хоногоо тоолж байхдаа намайг л хүлээж, арай гэж нэг юм хүрээд очихоор намайг үзээд баярлан түр сэргэж, тэгээд сэтгэл нь ханасан бололтой бурханы оронд одоцгоосон билээ. Ээж минь шороон могой жил төрсөн, найман цагаан мэнгэтэй хүн байлаа.

    Амьд сэрүүн байсан бол энэ жил 85 сүүдэр зооглох байв. Өвөг аав минь бас могойтой хүн байжээ. Могойтой хүмүүсийг цэцэн ухаантай, авьяас төгөлдөр гэцгээдэг юм. Дамдины Сүхбаатар, Бэгзийн Явуухулан, Сэнгийн Эрдэнэ гээд олон суут хүнийг могой жил төрцгөөсөн гэж бодохоор үнэн ч юм шиг. Ээж минь намайг төрүүлсэн төдийгүй хүн болж төлөвшихөд их том үүрэг гүйцэтгэсэн юм.

    Аав минь багийн дарга гээд гэрийн бараа бараг харахгүй, гэр орны хамаг ажил ээжийн минь нуруун дээр үүрэгдэнэ. Намайг дөрөв таван настай байхад хонинд дагуулаад явна. Хоёулаа хонины захад сууж байхдаа надад цэцэн үг зааж, дуу дуулж, үлгэр ярьж өгнө.
    Сарьдаг өндрийн өврөөр
    Сайхан яргуй цэнхэртээд
    Саахалт айлын хоньд нь
    Сархиагаа дагаад идээшилж байна гээд залуу бүсгүйн шингэн хоолойгоор дуулдагсан.
    Тэр л өдрүүдэд “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг мэргэн үгийг надад зааж, яагаад тийм болохыг үлгэрээр тайлж өгсөн юм. Нэгэн хүү зовлонд унаад, яагаад тийм болсон, тэр зовлонг хэрхэн туулахыг асуухаар алсад суугаа мэргэн хүнийг зорин явж гэнэ. Гэтэл замд нь бас зовлонд унасан гурван хүн таарч гэнэ.

    Тэд хүүгийн зорьсон хэргийг асуугаад өөрсдийнхөө зовлонгийн шалтгааныг асуугаад ирээрэй гэж. Хүү ч амлаж. Мэргэн хүнд очвол, гурван л юм асуу гэж. Хүү бодож, бодож, өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бус нөгөө гурван хүнийхийг асууж. Мэргэн хүн тэдний зовлонгийн шалтгааныг тайлж, туулах аргыг нь зааж. Хүү буцаад явахдаа нөгөө гуравт учрыг хэлж, зовлонг туулах аргыг зааж.

    Тэгтэл өөрийн нь зовлон хийсэн арилж жаргал ирж гэнэ. Тэр мэргэн үг, үлгэр хоёр насан турш намайг дагаж яваа юм. Ээж минь дандаа л цэцэн үг хэлдэгсэн. Эгч дүү бид тэдгээрийг дор нь тогтоогоод хэлэлцэх, хэрэлдэхдээ хэрэглэнэ. Тийм болохоор миний бие ухаан орсон цагаасаа өнөөг хүртэл цэцэн үг, цэцэн үгтэй ном судар цуглуулж яваа.

    Зөвхөн цэцэн үг ч биш, Ертөнцийн гурваас эхлээд дуу, үлгэр, домог, тууль цуглуулдаг. Манай дарьгангачуул цэцэн мэргэн үг хэлтэй түмэн. Тэгээд ч олон олон яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, орчуулагч төрсөн. Одоо ч төрсөөр л байна. Ирээдүйд ч төрнө. “Билүүтэй уулынхаа овоонд нь
    Чулуу ганцыг нэмлүү дээ
    Биеэ хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Алтан гандиртай талдаа
    Ойрдоо би очлуу даа
    Амиа хувааж төрүүлсэн
    Ижийнхээ ачийг ч яалаа даа
    Уйлах шиг мэлтэгнэх усандаа
    Өссөн биеэ харлуу даа
    Ухаанаа асгаж ургуулсан
    Ижийнхээ ачийг ч яалаа даа” Бавуугийн хүүгийн энэ дуулал ээжийхээ ачийг хожуу таньсан үрийн нь хэлсэн сонгодог аксиом мөн. Мөхөс миний бие ийм л хүмүүсийн нэг л дээ. Дээрх бүхнийг нуршсаны учир нь айл гэрээс нийгэм бүрэлдэж, айл гэрээс нийгэм босч ирдэгт байгаа юм. Монгол айлд эмэгтэй хүн, эх хүн асар том үүрэгтэй.

    Монгол эр хүн суурин соёлтой орны эрчүүл шиг гэрийн мухар, эхнэр хоёроо сахин суудаггүй, адуу мал, аян жин, ан гөрөө, ажил явдап гээд алс хол олон олон хоног сараар явчихдаг болохоор өрх айлыг үндсэндээ эх хүн толгойлдог. Тэр хэмжээгээрээ эдийн засгийн том эрхтэй. Эр нөхөр нь ч түүнийг хүлээн зөвшөөрдөг. Тоолшгүй цагийн чинадаас тийм байж ирсэн гэвэл эндүүрэл болохгүй.

    Одоо ч тийм л байгаа. Нөгөө “Аман хуур” кинон дээр Дарь авгай өвгөнөөсөө “Энэ гэрийн чинь өрхийн тэргүүн тэгээд хэн юм бэ” гэж асуухад Соном өвгөн “Нэр нь над дээр болохоос уг нь чи шүү дээ” гэдэг шиг. Монгол эх нь хүүхдүүддээ эцгээс нь илүү ойр. Тийм болохоор хүүхдүүд ээждээ ааваасаа илүү дотно байдаг гэвэл бас л эндүүрэл болохгүй.

    “Энэ хорвоо дээр ээж ганцхан, харин аав хэд ч байж болно” гэж хошигноцгоодог нь дэмий чалчаа үг бус бололтой. Тэгээд л ээжийн тухай дуу, шүлэг, найраг мянга түмээрээ байхад хөөрхий аавын тухай нь тун цөөхөн, бараг байхгүйтэй адил. “Мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олохсон, миний ээж настай хүн, хайртай ээждээ өгөхсөн” гэж дуулцгаадаг мөртлөө хөөрхий муу аавдаа мөнхийн ус олж уулгая гэсэн дууг би л лав сонсоогүй юм байна.

    Бас “охинтой хүн баяжиж, хүүтэй хүн хоосордог” гээд байгаа. Бивээр найман настай сургуульд ороод дараалан гурван ч эмэгтэй багшаар анх ном эрдэм заалгасан хүн байгаа юм. Содовын Нарангэрэл, Магсарын Долгоржав, Аюушийн Пүрэвсүрэн гэдэг дөнгөж хорин хэдтэй залуухан бүсгүйчүүд байлаа. Зөөлөн элбэрэлт мөртлөө хатуухан багш нар.

    Тэд миний болоод нөхдийн маань оюуны амыг нээж савныхаа хэмжээгээр эрдмийн абшиг хүртэх замд хөтөлсөн төдийгүй хүмүүний ёсыг таниулсан ачит хүмүүс билээ. Одоо нэгээс бусад нь энх тунх байгаа. Түүх сөхөөд монгол ээжийн тухай яривал Өэлүн эх, Сорхагтани бэх хатан хоёрыг л дурсахад хангалттай. Аугаа ээж нар.

    Есүхэй баатрыг тэнгэрт хальснаас хойш Өэлүн эхийн амссан зовлон далай мэт боловч зовлонгийн далайг хатамжилан туулж өчүүхэн хөвгүүдээ өвс ногоо, загас жараахайгаар тэжээсээр энэ уудам дэлхийн талыг эзэлсэн, Македоны Их Александр ч, Наполеон Бонапарт ч, Адольф Гитлер ч санаархаад бараагүй, хүмүүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй, хойшид ч байх боломжгүй Их Гүрнийг байгуулж чадсан мэргэн ухаант, хатан зоригт, энгүй хүчирхэг хаан, баатрууд болгон өсгөсөн эхийн алдар үеийн үед мөнх билээ л.

    Монгол үндэстний эцэг Их эзэн Чингис эцгээсээ Их Монголын голомтыг хүлээн аваад Өгөдэй хаан ахынхаа өмнөөс амиа зольсон гэдэг (яг үнэн түүх нь одоо болтол тодорхойгүй) Тулуй хаанаас хойш Их Монголын Мөнх хаан, Хүлэг хаан, Аригбөх хаан, Хубилай хаан гэсэн дөрвийн дөрвөн их хааныг өсгөж хүмүүжүүлсэн сэцэн ухаант Их хатан эхийн алдрыг яалтай.

    Иймийн учир монгол ээжийн алдар даян дэлхийд цуутай байх нь арга үгүй ээ. Монгол ээжийн энэ алдар төрийн Их хатан ээж нар төдийгүй тоолшгүй цагийн чинадаас өнөөдрийн өдрийг хүртэл айл гэрийг авч яваа хамгийн жирийн гэргий бүхний алдар мөнөөс мөн өө. Өнөөдрийн жирийн ээжүүдийн хөвгүүд, охид дотор хэн гэгч агуу хүмүүн өсч байгааг урьдаас тааварлан хэлэх аргагүй. Монгол ээж нарын апдар нь улам бадраг аа.

    Энэ бүхнийг хураан бодоод үзэхүл Монголын нийгэм хэнээс бүрэлдэж, ямар тавилангаар урсахыг монгол ээж нар ихээхэн хэмжээгээр шийдэж байсан гэж зоригтойёо хэлж болно. Өэлүн эх дэлхийн талыг эзэлсэн Их Гүрнийг байгуулсан юм гэж дам утгаар хэлж болно. Сорхагтани бэх хатан Их Монгол гүрнийг хаанчилж, их Юан Улсыг байгуулж, Багдадыг эзлэн захирч явсан юм гэж бас болно.

    Эцэг дээдэс, удам ясныхаа өштөн дайсанд олзлогдон булаагдаж, богтлогдсон боловч авааль эрийнхээ аягатай идээнд хор хийлгүй, ажил үйлсэд нь ухаан нэмж, сэтгэлийн нь зовлонг нимгэлж, хэвлийдээ үрийг нь тээж, төрүүлж, хүмүүний ухааны дээдээр угжиж, суртахууны дээдээр төлөвшүүлдэг Их хатад монгол бүсгүйгээс өөр дэлхийн ямар гүрний хатад дотор байсан юм бэ?

    Монгол айлын хамгийн жирийн эзэгтэйгээс эхлээд төрийн Их хатан хүртэл авааль эрийнхээ хаан ухааныг хатан ухаанаараа сүлж явдгаас Монголын төр хүчирхэг ялагдашгүй байсныг нанхиадаас эхлээд зүрчид манжийн төрийн бодлоготнууд тандаж мэдээд монголчуудын хаан ухааныг хатан ухаанаас нь салгах аргыг түмэн зүйлээр сүвэгчилсэн нь Монголын Их Гүрэн хүчгүй болон задран унасан нэгэн шалтгаан болой.

    Түүний нэг баримт нь “Ямаан толгойг ямбанд тавьдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй, тэмээн толгойг тэнгэрт тавьдаггүй, тэнтгэр хатан зарга шүүдэггүй” гэсэн үг юм. Энэ үгийг монгол хүн гаргаагүй бөгөөд харийн төрийн бодлогын жадны үзүүр бөлгөө. Тэр байтугай, Бурханы шашныг сэтгэл, итгэлдээ дээдэлснийг нь далимдуулан бүсгүй хүн гэрийн баганаас дээш хойморт гарч болохгүй, тахилгатай уул овоон дээр гарч болохгүй, төрийн хэрэг байтугай эрийнхээ хэрэгт оролцож болохгүй хэмээн төвдүүдээр дамжуулан ятгасан билээ.

    Монгол эрсийн төдийгүй бүсгүйчүүдийн нь сэтгэлд хоногшуулсан тэрхүү хорт явуулга өнөөдөр ч монгол амьдралд хэрэгжсээр байна. Улс төрийн намууд хууль тогтоох байгууллагад сонгуулахаар мэдлэг, чадвартай эмэгтэй гишүүдээ сэтгэл харамгүй нэр дэвшүүлэвч ард түмэн нь сонгохгүй байдаг нь тэрхүү хорт явуулгын бодит үр дүн юм.

    Монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагдахгүй. XII-XIII зуун, XV зуун, XVII зуун, XX зууны Монголын төрийн түүхэнд монгол бүсгүйн байгуулсан гавьяа элэгдэшгүйгээр товойн үлджээ. Энэ тухай монгол түүхчид, зохиолчид төдийгүй гадаадынхан гайхан, шагшран бичсэн нь олон.

    Тэдгээрийн дотроос алс холд орших Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жак Уэтерфордын бичсэн “Монголын Их Хатдын нууц товчоо” (УБ 2009 он) бүтээл дэлгэрэнгүй бөгөөд онцлог. Садарсан үсээ хураагаад, саадаг нумыг агсч, хуяг өмсөн, хурцыг хурайлж, хүлгийн нуруунд дарцаглан, их цэргийг манлайлж, төрт улсаа өмгөөлөн, алтан ургийн суурин дээр монгол түмнийг нэгтгэх гэж амьдралаа зольсон, задран унасан гүрнийг ухаан, хүчээр сэргээн мандуулсан хатан зоригт, сэцэн Мандухай хатан билээ.

    Жак Уэтерфорд бичихдээ: “Тэрээр хааны ордонд хөл тавьснаас хойш бараг арав орчим жил улс төрийн амьдралд ямар нэгэн ил тод үүрэг гүйцэтгээгүй байдаг. Гэвч шаардлагатай цаг ирэхэд тэрээр улс төрд идэвхийлэн оролцож, Монголын түүхэнд төрсөн хамгийн хүчтэй, эрх мэдэлтэй хатан болсон бөлгөө.

    Хожмын нэгэн цагт их цэрэг удирдан дайлаар мордож улсыг захирах хувь тавилантай төрсөн бага залуухан Мандухай тэр өдрийг ирэн иртэл эргэн тойрны хүмүүсээс хэрэгтэй бүхнийг суралцаж анир чимээгүйхэн амьдарч байлаа” (141) гэжээ.

    Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс Tөpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг өдгөө бидний мэдэж байгаагаар Өэлүн эхээс эхлээд хөдөөний малчин айлын эзэгтэй,

    Хятадын Эрээнээс цүнх, гахайтай хямд бараа зөөн, авааль эрийнхээ бүтэлгүй, алтан төрийнхөө хайхрамжгүйгээс Нарантуулын зах, Улаанбаатарын гудамжинд хөөгдөн, хавчигдан, эцэж цуцан, даарч хөрөн, халж ядран, эрүүл саруул биедээ эдгэршгүй хүнд өвчин тусахаас шантралгүй зогсч, хоногийн хоолны зоос олж үр хүүхдээ өлсгөхгүй, мөр бүтэн явуулж байгаа бүсгүйчүүдээс бэлээхэн олж харж болно.

    Тэр эрт цагт, тухайлбал, Мандухай сэцэн хатан болоод түүнээс өмнөх үед, суурин соёлтой орнуудын хаад, ноёд, дээдэст боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, зэрлэг нүүдэлчин хэмээгдэж явсан бидний дээдэс бүсгүй хүнийг, эх хүнийг, хатан хүний ухаан, чадварыг одоогийн XXI зууны биднээс илүүгээр мэдэж, ойлгож, хүндэлж явсан байна.

    Тийм бус байсансан бол залуухан бүсгүй Мандухай баатар эрсийн өрсөлдөөн, тэмцэл, тулаан дундуур төрийн эрхийг гартаа авч, задран унасан гүрнийг нэгтгэн, сэргээн мандуулж чадахгүй байсан биз ээ. Монголчууд бидний дээдэс мянга мянган жилийн турш оршин тогтнохын төлөө нум сум, илд жадаар байлдан тулалдсаар ирсэн боловч “сэлэм жад адгийн зэвсэг, сэцэн ухаан дээдийн зэвсэг” гэж үзсээр, баримталсаар явжээ.

    Тэрхүү “дээдийн зэвсэг”-ийг хатан ээжүүд эзэмшиж, хэрэглэж дайчин баатруудад өргөн барьж, үр хойчдоо өвлүүлж иржээ. Эндээс, өнөөдрийн XXI зууны Монголд бүсгүй хүнийг үнэлэх нийгмийн сэтгэлзүй XV зуун болоод түүнээс өмнөх үе, баттай хэлэхэд, Өэлүн эхийн үеийнхээс ухарсан байна хэмээн дүгнэж болно.

    Хэдийгээр монгол бүсгүйг чиглэсэн нанхиад, зүрчид манжийн төрийн бодлого хэрэгжсээр байсан боловч Монголын төрийн бодлоготнууд бүсгүй хүний хатан ухааныг үнэлэх ухаанаа гээлгүй эрх мэдлийнхээ хэрээр дэмжиж ирсэн байна. Үүний нэг нотолгоо нь Монголын Төрийн долоон эрдэнийн бодлого билээ.

    Монголын Шинжлэх ухааны академиас 2000 онд эрхлэн гаргасан “Монголын нэвтэрхий толь”-ийн тэргүүн ботийн 335 дугаар талд “ДОЛООН ЭРДЭНЭ-Монголын төрийг өнө удаан тогтохыг бэлгэдсэн бэлгэ тэмдэг. Хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, баатар эдгээрийг хүндэтгэн дээдэлдэг” гэж бичжээ.

    “Төр, улс, айл гэр, хүн ард нь номын гэрлээр гийгүүлэгдэн юунд ч дийлэгдэшгүй бат байхын билэгдэл”-хорол, “Зүрхэн эрдэнэ” гэсэн утга бүхий самгарди үгээс монголжсон “үлгэр туульст гардаг гадаад далайгаас залж авчирсан, гайхамшигт ид шидтэй, хүн бүхний хүслийг хангагч норов эрдэнэ, бие, хэл, сэтгэл гурвын хүслийг хангах утгатай, эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн билэгдэл” чандмань хоёрын дараа хатан хүнийг дээдэлсэн байна.

    Төр гэгч нь хүмүүний нийтлэгийг зохион байгуулах нэгэн хэлбэр учир элбэрэлт хатан эх болох эргэлзээ нь үгүй монгол бүсгүйг хаадын түшиг, төрийн хэргийг баригч мэргэн түшмэл, улсаа хамгаалагч баатар хоёрын өмнүүр гишгүүлэн соёрхсон нь монгол бүсгүй Төрийн долоон эрдэнийн манлай мөнөөс мөн гэсэн хэрэг даруй үнэн билээ.

    Амьдран буй нийгмийнхээ сэтгэлзүйд дарлагдан, үнэ цэнээ бүрэн олохгүй байгаа эрхэмсэг Монгол бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн баярын мэндийг дэвшүүлэхийн ялдамд бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгаж, их найрагчийн бичсэнчлэн “наддаа нар, гэртээ гэгээ”, алтан төрийнхөө ариун эрдэнэ болон гялалзаж явахын эрхэм ерөөлийг дээш дээш нь дэвшүүлэн барья.

    Д.Нацагдоржийн нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт утга зохиол судлаач,
    яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Базарын Магсаржав

  • Онгодын уриа дуудлага

    Эцгийн озоорын заяа билээ та
    Элэнц угийн тэнгэр минь билээ та
    Сайн зүгтээ заларсан
    Саруул зүгтээ тунарсан
    Гэр нэвт гэрэлтэнгүүд
    Туурга нэвт туяатангууд
    Ханатай гэртээ ханаран залгарсан
    Хамаг барцдыг арилган төрсөн
    Хан дээд тэнгэрүүд минь
    Ханхар хадан хувилгаантангууд
    Хамба хилэн хивнэгтэнгүүд минь
    Халиу булган нударгатангууд минь
    Хаш цагаан олбогтонгууд минь
    Хатан төмөр зоригтонгууд
    Толит мэргэн ончтонгууд минь
    Торго магнаг яндагтангууд минь
    Тоонотой гэртээ тодрон заларсан
    Тотгор барцдыг зайлуулж ирдэг
    Дайнд ороход хуяг болсон
    Далайд ороход хуяг болсон
    Даян олонд сүлд болсон
    Дархад омогтоо омог нь болсон
    Ханат гэртээ хаац болсон
    Халуун элэгтэнд хань болсон
    Хар санаатанд аянга болсон
    Хамаг сүрэгтээ хашаа болсон
    Харанхуйн оронд гэрэл болсон
    Халтирахын оронд түшиг болсон
    Хан хуулар эзэнгүүд
    Хашир догшин хүлэрнүүд /хуулар онгод гэсэн үг/
    Бөх чулуун зүрхтэнгүүд
    Бүдүүн ноён озоотонгууд
    Өрхөт гэртээ өлзий болсон
    Өнөр сүрэгтээ манаа болсон
    Сайхан бүхэнд даллага болсон
    Саар бүгдэд хаалт болсон
    Наргүйд туяа болсон
    Саргүйд гэгээ болсон
    Ар биед аврал болсон
    Өвөр биед өршөөл болсон
    Асарын оронд чуулсан
    Алсын газарт заларсан
    Хазайхад түшиг болсон
    Халтирахад тулгуур болсон
    Харахад нүд минь болсон
    Хазахад шүд минь болсон
    Өсөхөд жаргал болсон
    Өөдлөхөд заяа болсон
    Өвдөхөд өршөөл болсон
    Өндийхөд дэмжлэг болсон
    Түрхэхэд алт минь болсон
    Түшихэд сүлд минь болсон
    Далд их биетэнгүүд
    Давхар олон шидтэнгүүд
    Орон бүхэнд магтаалтангууд
    Огторгуйн оронд суунагтангууд
    Оч хар тэнгэр минь
    Хиртэй биеийн
    Хирийг хөнгөрүүлээрэй та
    Хилэнцтэй биеийн минь
    Хилэнцийг хөнгөрүүлээрэй та
    Махыг минь нэвт
    Ясыг минь хараарай та
    Малгайг минь нэвт
    Үсийг минь хараарай та
    Хан хуулар эх минь
    Хатан баатар эцэг минь
    Авралт заяат нар минь
    Асралт сүлд нэр минь
    Хатан цагаан яс минь
    Дээд тэнгэрээс заларч
    Дэвжид асараас туяар ч
    Ханат гэрийн хойморт
    Халуун голомтын эхэнд
    Цугларан ирж
    Цувран бууж
    Чуулан заларч, хайрлагтий

  • ДАМИРАН ЗАЙРИН

    Нэг удаа Дамиран зайранг Хөвсгөл аймгаас бага дүү нь эргэж ирсэн бөгөөд тэр өдөр Төмөрсүх ээлжинд гарсан байж. Гэтэл Төмөррсүх хол газраас зардал чирэгдэл болж ирсэн дүүг нь зайрантай ердөө хорин минут уулзуулах чөлөө олгожээ. Уг нь эргэлтийн байранд хоёр гурав хоног хамт хонуулах зөвшөөрөлтэй байдаг байна. Дамиран зайран Төмөрсүхээс “Дүүтэйгээ ядаж ганц хоноё. Та тус болооч!” гэж хэчнээн гуйсан ч зөвшөөрөөгүйгээр үл барам дүүгийнх нь авчирсан идээ цагаа, сүү саалыг хурааж аван зайранг дахин гуйхад ихэд уурсаж “Чи муу хулгайч тийм их эрдэм чадалтай юм бол юу гэж шоронд орсон юм бэ? Ард иргэдийг мунхруулж, шулж мөлжөөд явж байх ёстой биз дээ” гээд эвхэрч унатал бороохойдож “Хараалч хүнээс цус гаргавал хараал хvрдэггvй” гээд гуя руу нь хоёр удаа жадлаад зон (хоригдлуудын нийтээр хоригдох байр)-д чирч аваачиж хаяад гаргаагvй аж.
    Зайран явахдаа “За, миний дvv өнөөдөртөө чулуу ачсан машинаар буц. Саадгүй явж гурав хоногийн дараа гэртээ харих юм байна” гээд хаанаасаа ч юм бэ, зуун төгрөг гаргаж өгөөд дүүгээ үнсчээ. Өглөө ээлж солигдоход Төмөррсүх дайснаа дарсан баатар эр шиг “Нөгөө муу айхтар зайрангийн чинь хандыг хага дарлаа” хэмээн бусдадаа сайрхсанд тэд нар нь нэг л тоосон шинжгүй байв.
    Төмөрсүх гэртээ хариад хоол, цайгаа идэж уух гэтэл дотор нь муухайрч хоолойгоор нь юм давах янзгvй гэнэ. Тэгэхлээр хvнээс нууж ганцаараа архи уудаг зангаараа шил архины талыг аяганд хийж залгилсан боловч дээрдэх янзгvй, харин ч цаг орчмын дараа огиулан бєєлжиж эхэлжээ. Мөн цаг орчмын дараа хєєстэй цус гарч эхэлсэн байна.
    Үлдсэн архиа шилээр нь хөнтөрч ухаан тасран унтсан боловч шєнє элдэв муу ёрын юм нүдэнд нь харагдаж, чоно улих, хэрээ гуаглах чихэнд нь сонсогдож унтсан зvvдэлсэн алин болохыг мэдэхгvй байтал нэгэн их өндөр цохионы орой дээр бөөгийн иж бvрэн өмсгөлтэй урт буурал үстэй зайран хэцээ дэлдэн бууж буй харагдаад Төмөрсүх ухаан алджээ.
    өглөө сэрээд бас л үргэлжлүүлэн бөөлжиж, арга буюу эмч дуудав. Хорихын эмч ирж үзээд “Хордлого юмуу гэтэл биш шиг байна. Архи vнэртээд байна. Шартсан байлгүй” гэхээс өөр юм хэлсэнгvй, хоёр гурван эм бичиж чихэртэй буцалсан ус уу! гэж хэлээд явжээ. Гэвч Төмөрсүхийн бие сайжралыг олсонгүй өтгөн хүрэн цусаар бөөлжих болсон тул төвөөс түргэн тусламж дуудав. Түргэний эмч бас л тодорхой онош хэлсэнгүй, “Авч явна” гэхэд євчтєн эрс татгалзсан нь Дамиран зайрантай холбоотой гэж бодсоных бөгөөд “Би хоригдол Дамирантай уулзмаар байна” гэжээ. Хvссэн ёсоор машин явуултал зайран “Бороохой дуулж, жадлуулаад үхлүүт хэвтэж байна” гээд ирсэнгүй. Хорихын жижүүрийн єрєєнд Төмөрсүхийг машинаар, Дамиран зайранг дамнуургаар авчирч уулзуулсан байна.
    Зайран “Би чиний амь насыг даах байтугай өөрөө өнөө маргаашгvй болчихоод байна. Чи л ийм болгосноо мэдэж байгаа шүү дээ. Надад ямар ч арга алга даа” гэж шууд хэлжээ. Төмөрсүх амь насаа аврахыг хэчнээн гуйж, мөнгө төгрөг амалсан ч зайран “Би ч удахгvй тэнгэртээ халих минь” гээд нүдээ тас аньсанд байранд нь хvргэж өгчээ.
    Ингээд хоёр хоног өнгөрч гурав дахь өдрийн өглөө найман цагийн орчим vргэлжлvvлэн цусаар бөөлжиж байсан Төмөрсүх алгын чинээ хүрэн юм түмпэн дотор унагасан нь элэг аж. Төмөрсүх гэгч нvгэл сундалсан нэгэн эр орчлонгоос халих нь энэ. Үүний дараахан бие нь өргөс авсан мэт илааршсан зайран Дамиран харгалзагч, тоо бүртгэгч нар дээр ирж “Би ялаа хийе” гэж хэлжээ. Тvvний хvсэлтийг хорихынхон хvлээж авсан боловч бусдын адил хvнд ял хийлгэсэнгvй. Дамиранг байрны цэвэрлэгчээр томилж ээлжинд гарч буй хянагч, офицерууд хоолноосоо илvvчилж, зарим нь дулаан хувцас хунар өгөх болсноор нэг их зовж зүдрэлгүй хугацаат ялаа дуусгаж суллагдсан байна. Төмөрсүхийг ийнхvv хорвоогоос халихад хоригдлууд бараг баярлаж байсан гэж Дамиран зайрангийн “гал хам” эл түүхийг ярьсан юм.

  • МОДООН УДГАН

    Хаан цолд дийлдээгүй
    Гомбын басган Модоон би
    Эзэн хаанд дийлдээгүй
    Эрх дураараа Модоон би хэмээн тамлаж бөөгийн биед бууж ирдэг гэсэн.
    Модоон удган улаачдаа буугаад хурсан олноос “Эвэр бомбоо минь ээ байна уу?” хэмээн нэхэж байхад нь хурсан олон инээлдэн шуугилдаж зарим нь ичингүйрэн нүүрээ нуудаг байсан гэнэ. Энэ тухай Модоон удган сайн эрийн дүрээр зүсээ хувилган хувцаслаж, аймаг хошуу алгасаж, баяд ноёдын адууг хөөж явдаг байсан бөгөөд шинжээчид түүнийг мөшгин үзэхэд эм хүн гэдэг нь огт мэдэгдэхгүй байжээ. Учир нь тэрээр мөр үзэхдээ хүртэл үхрийн эврийг нүхлэн хийсэн бомбоо хэрэглэдэг байсан тул явдал суудал, аяг араншин нь эр хүний намба төрийг итгэж байсан гэнэ. Тийм ч учраас энэ онгод орж ирээд тэр үеэ дурсан бахдаж тийнхүү “эвэр бомбоо” нэхэж улс олныг гайхширалд оруулдаг байжээ.

  • “ХӨХ СУВД 2022” МӨСНИЙ БАЯР

    Миний хувьд монгол цаг тооллын хувьд судалж байсан тохиолдол бий. Тэгээд хувь хүний бодол үлдсэн. Хятадын эртний нийслэл гэж нэрлэх Бээжин, Нанжин, Уханьд хаврын баяр цагаан сарыг угтаж үзсэн. Тэгээд надаа нэг л бодол үлдсэн. Тэр нь ялсан гүрэн хараат орондоо өөрсдийн цаг тооллолыг мөрдүүлдэг байжээ. Тэгээд Манжийн хааны хараат улс байсны хувьд монголчууд бид сүүлийн олон зуун жил манжийн хуанли, цаг тоололыг мөрдөж иржээ. Тиймээс эртний хятадын нийслэлд хаврын баяр эхэлж, байгаль ногоон өнгөө гайхуулж, цэцэгс дэлгэрч эхэлж байхад монголд цас орж шуурч, хүйтэн чангарч, өвөл үргэлжилж байдаг.
    Хотоос гараад Төв аймгийн Лүн сум хүртэл хээр тал цасан нөмрөг,хүйтэн салхи шилбүүрдэнэ. Уулархаг газруудаар нөмөр ихтэй тул дулаахан байлаа. Бид жигд хурдтай явсаар жин үдэд Булганы Түлүүгийн даваан дахь Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутагийн очлоо.
    Зайран Өлзийхутаг маш хөдөлмөрч хүн, өөрийн төрсөн нутагтаа хотоос ирж суурьшаад хагас жил болж байгаа боловч жуулчид хүлээж авахуйц эхний суурьшилаа бэлэн болгосон байлаа. Бид эхний ээлжинд зайрангийн номын өргөөнд зочилсон билээ. Богинохон хугацаанд их ажил амжуулжээ.
    Дэлхийн улс гүрэнд шашин өргөн дэлгэр орон зайг эзэлжээ. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн энэ зуунд шашиныг шүүмжлэх хүн байдаг. Ялангуяа хуучин социалист гэж нэрлэгдэх улсад шашингүй үзэл их газар авсантай холбоотой шашинг үгүйсгэх үзэл өргөн дэлгэр байдаг.
    Монгол улсын хувьд тэнгэр шүтлэгийг шүтдэг улаач гарын тоо гучин мянгыг хол давсан. Хөгжлийн явцад орчин цагийн ба уламжлалт бөө мөргөл гэж хоёр ангилахаар болчихсон. Олон мянган жил өв уламжлан ирсэн соёлын биет болон биет бус өв гэж нэрлэгддэг бөө мөргөлөөс манай байгууллагад голдуу уламжлалт бөө улаач нар гишүүнээр элссэн байдаг.
    Хийж бүтээсэн нь хүний нүдэнд харагддаггүй боловч тэнгэр шүтлэгтэнүүд олны дунд олширсоор байна. Харийн хэл дээр номлолоо уншдаг шарын шашин, иссус христийн шашин монголд эрчимтэй хөгжиж, хүчирхэг материаллаг баазтай болж, монголчуудын оюуны орон зайд хүчтэй эзэмдэхийг хүсч, зорьж байна.
    2. “ХӨХ СУВД 2022” МӨСНИЙ БАЯР
    Засмал зам цаг хугацааг хэмнэж, өдөртөө л Хөвсгөл нуурын Хатгал тосгонд очино. Өмнөх жилүүдийг бодвол автомашины хөдөлгөөн багассан санагдсан. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ боллоо. Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, Хөвсгөл нуурын мөсний баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан учраас 2014 онд, коронавируст цар тахлын улмаас 2020, 2021 онд тус тус зохион байгуулаагүй юм.
    Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан хүмүүс санаачилж байсан түүхтэй.
    Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм.
    Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа тогтмолжсон байна.
    Хөвсгөл аймгийн “Хөх сувд 2022” мөсний баярын урд эргээр автомашины зогсоолоо байгуулжээ. Түүнтэйгээ зэоэгцүүлэн үйлчилгээний гэрүүдийг байршуулсан байлаа. Мөсөн байгууламжийн өмнөд хэсгээр олон төрлийн наймаа, гар урлал, сонирхогчдын худалдаа байрласан байлаа. Мөсөн хотхонд төрөл бүрийн танилцуулга, үзвэрүүд явагдана.
    Хойд захаар аймгийн спорт хороод үйл ажиллагаа зохион байгуулж байлаа. Тухайлбал мөсний волейвол, Мөсөн дээрх сурын харваа, янз бүрийн зайны тэшүүрийн уралдаан, мөсний ширээний теннес, морин чарганы уралдаан гээд олон төрлийн арга хэмжээнүүд зохиогдлоо.
    Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр зохиогдсон өдрүүдэд өглөөгүүр тогтуун сайхан байснаа үдээс хойш цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтэрч байсан.

    3. МӨСНИЙ БАЯРЫН БӨӨГИЙН ГАЛЫН ТАХИЛГА

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 4-ны өдөр Бөөгийн галын тахилга болов.

    Хөвсгөлийн “Хөх сувд” мөсний баярын бөөгийн Галын тахилга дээр Монголын нэртэй зайран нар Балжир, Моко, Бүдүрэ нар тэднийг залгамжлан гарч ирж байгаа Пүрэвдорж, Эрдэнэбаатар нар бөөлөв. Дараа нь залуу улаач нар бөөллөө.
    Ингэж цугларч бөөгийн зан үйлээ хийх нь ховор үзэгдэлд тооцогдоно. Бөө хүн гуйж бөөлдөггүй юм, шалтгаан байгаад ингэж цугларсан хэрэг. Харин Хөвсгөлийн аймаг, сумын удирдлагаас нэг ч хүн Галын тахилгад үзэгдсэнгүй, баярласнаа илэрхийлэх өчүүхэн сэтгэл гарсангүй. Тэдэнд эрх мэдэл, чадал бий, харин ухаарал дутав. Цаашдаа ийм байвал өөр аймгийн бөө гуйж тахилга хийх цаг ирэх вий дээ.
    Мөсний баяр, галын тахилга тасралтгүй хийгдсээр ирсэн. Харин давхарлан галын тахилга хийгдсэн нь энэ тахилгыг зохион байгуулж байгаа дарга нар, зохион байгуулагчдын буруу юм. Гэвч үүний цаана шалтгаан байсан. Галын тахилга ганцхан энэ жил болоод өнгөрчих зүйл биш билээ.
    Энэ удаа “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, галын тахилга хоёр газар болов. Яагаад ингэх болов гэдгийг тодотгон айлтгая. Ингэж давхарлан хийх болсон ямар шалтгаан байв. Галын тахилга хийхэд шууд хийчихдэггүй, бэлтгэл орно. Гэр барих, зан үйл хийх гээд багагүй хөрөнгө, цаг хугацаа зарцуулагдана.
    Мөн чанартаа бол Дархан уул аймгийн “Самгалдай” бөөгийн төв “Маанар” төсөл хэрэгжүүлээд түүний үр дүнгээ тайлагнах үйл ажиллагаа болов. Хийгдэх ёстой л ажил. Хийсэн ажлаа олон түмэнд тайлагнаж, киногоо Led дэлгэц-д гаргаж, ихээхэн хөрөнгө зарж биелэгжүү загнаж, аймаг сумын засаг дарга нар бүгд л тэднийхээр зочилно билээ. Хийсэн галын тахилгаа цагдаагийн бүрэн бүрэлдэхүүнээр хамгаалуулан хийв.
    Нөгөө талд нь өнөө цагийн Хөвсгөлийн нэртэй улаач нар хуран цугларч галын тахилгаа хийв. Энэ цагийн нэн ховор зүйл, үе үеийн нэртэй бөө нар бөөлсөн болохоор зон олон ихээхэн цугларч, нэг ч цагдаа үзэгдээгүй мөртлөө дэг журамтай сайхан болж өнгөрөв. Ард түмний өөрсдийн санаачилсан зүйлд цагдаагийн хамгаалалт шаардлаггүй нь харагдлаа.
    Монгол улсын хойморь болсон Хөвсгөл нутаг өнөө цагийн бөөгийн өлгий нутаг. Монгол уламжлалаа ягштал баримтлан өнөөг хүрсэн олон сайхан алдартангууд соёлын үнэт өвөө хадгалан өнөөг хүрч ирсэн нь бөө нарын нутаг.
    Гэвч нутгийн удирдлагууд өнгөрсөн хэдэн жилийн тахилгаа өөр аймгийн бөөгийн байгууллагаар хийлгэж, Хөвсгөл нутагтаа хэрэгжүүлж байгаа төсөлөө мөн л өөр аймагт харьялагддаг бөө нараар хийлгэсэн нь нутгийн бөө нарын эгдүүг нь хүргэж байгаа бололтой. Угтаа бол бөө “муутай” аймаг байсан бол яая гэхэв. Мөсний баяр нэртэй төвлөрсөн баярыг Хөвсгөл нутагтаа хийгээд байгаа ч өөр аймагт төвлөрөл нь шилжээд байгаад улаач нар дургүйцээд байгаа хэрэг юм.
    Аймгийн дарга нар нь өөрийн улаач нараа мартаж, өөр аймгийн бөөгийн байгууллагаар тахилгаа, төсөлөө хэрэгжүүлээд байгаа нь хүмүүст санхүүжилтийн их хардалтыг төрүүлээд байна. Нээлттэй байвал олон түмэн ойлгоно.
    Аймаг орон нутгийн удирдлага нь нутгийн улаач нартаа байдлыг зөв ойлгуулан ухааруулж, хоёр тахилга зэрэгцүүлэн хийж, хөрөнгө мөнгө үрж байхыг болиулах боломж байсан. Дарга нарын амнаас хий гардаг, гарын үсэг цаасан дээр үлддэг, тэгээд болоо, харин санаачилсан олон улаач нараас хөрөнгө нь гардаг болохоор хариуцлага үүрэхгүй өнгөрч байна.
    Эртнээс Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнд Галын тахилга хийх зөвшөөрсөн гэсэн атлаа давхар өөр аймгийн бөөгийн байгуулагад галын тахилгаа өгчихсөн байх жишээтэй. Эцсийн үр дүнд бөө нарын хооронд “яс” хаясантай дүйхүйц арга хэмжээ болж өнгөрлөө. Бөөгийн зан үйлээр “тоглоод өнгөрч” болдоггүй юм. Тэгээд бөөгийн тамлага дотор:
    Модон толгойтой удирдагч нар
    Монголоос минь зайлах цаг айсуй гэхэв дээ.

    4.АЖЛЫН УУЛЗАЛТУУД БОЛЛОО
    Мөсний баяр, ажил хэрэгч уулзалтуудаар баян байлаа. Мөсний баярын үеээр зохион байгуулсан галын тахилгын бэлтгэл ажилд хөвсгөлийн бөө нар өөрсдийн боломжоороо оролцов.
    Галын тахилга хийх газарт хоёр гэр барьж, холоос ирэх зочидоо угтсан. Галын тахилгадаа оролцохоор ирсэн газар газрын төлөөлөл гурван ч удаа хуралдаж хийх ажлаа нарийвчлан тодотгов.
    Мөсний баяртай давхцан хаа нэгтэй замын нээлтийн ажиллагаанд оролцохоор Засаг дарга, ИХТ-ын дарга нар явсан байлаа. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөлтэй уулзлаа. Амйгийн удирдлага нь Мөсний баяртаа цагаа ч зориулж чадахгүй ажлаа давхардуулаад алга болсон байх юм. Нэг л эзэнгүй зэгэл, догол харагдана
    Мөсний баярын Бөөгийн галын тахилгаа хийхээр Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо нэртэй зайран нар Балжир, Моко, Бүдүрэ нар болон тэднийг залгамжлан гарч ирж байгаа Пүрэвдорж, Эрдэнэбаатар, залуучуудын төлөөлөл Лхагва, Булган нар, МБНЭ-ийн Залуучуудын төлөөлөл ирж, хүч нэмсэн байлцлаа.
    Зөвлөлдөх уулзалтууд шуурхай болж Галын тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлөх бөө нарыг тодотгов. Галын тахилгын бэлтгэл ажлыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Наранцэцэг, бөөгийн хүрээлэнгийн дэд тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар, Монгол бөөгийн их зайран Бүдүрэ нар хариуцан идэвхи зүтгэлтэй ажилласанг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Дулаан цагаар цуглаж, байгууллагынхаа хурлыг хийж зохион байгуулалтын ажлаа цэгцлэх шаардлага харагдаж байлаа.
    Галын тахилгын төв гэрээр олон шүтлэгтэн ирж МБНЭ-д гишүүнээр элсэж байлаа. Тэр болгонд шуурхай үйлчилж, зургийг нь авч, батлахыг нь бичиж олгож байсан.
    Манай баг аймгаас гэр авчирч тахилгад байрлуулсан иргэдэд хандив өргөсөн. Өвлийн хүйтэнд аймгийн төвөөс тахилгад зориулан гэр авчирч барьж, бэлтгэлийг хангана гэдэг бас ч яггүй ажил шүү.
    Мөн зэргэлдээ галын тахилга хийж байгаа Бөөгийн Самгалдай төвийн гэрээр орж бэлтгэл ажлын явцтай танилцлаа. МБНЭ-ийн бүрэлдэхүүнд Самгалдай төв орж Халх голын ялалтын баярт оролцож байсан бүрэлдэхүүнтэйгээ таарч хууч хөөрөөд авлаа.
    Галын тахилга хийх Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн Тахилгын гэрт байх хугацаанд олон зуун шүтлэгтэн нартай уулзаж санал бодлоо солилцсон билээ. Гэрээ тойруулан МБНЭ болон Хөвсгөлийн бөөгийн төвийн фото үзэсгэлэн сурталчилгаа гаргаж танилцуулж байлаа.
    Өдрийн цагаар төв гэрт МБНЭ-ээс зохион байгуулсан Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгуудаар хийсэн баримтад киног нийтэд гаргаж сурталчлах ажлууд хийгдсэн байна.
    Орой бүрэнхий болохын алдад Монгол бөөгийн өв уламжлалын тухай баримтад кино гаргаж задгай талбайд гаргаж үзүүллээ.
    Хатгалын төвд Зайран Зоригоотой танилцсан юм. Хоёр өдөр олон сайхан түүх хөөрөлдөн ярилцлаа. Мөн МБНЭ-ийн анхны гишүүдийн нэг болох Монгол бөөгийн тэргүүн удган Даариймаатай уулзаж санал бодлоо зөвлөлдлөө.
    Түмэн олонд бариа засал, зан үйлээр үйлчилж ирсэн ахмад буурал Н. Цэенрэгзэнд мөнх тэнгэрийн “Хүрэл” шонхороор шагнасныг гардуулсан билээ.
    Аймгийн төвд ажлын уулзалтууд өрнөсөн. Хэдий богино хугацаатай байсан ч багагүй ажил амжууллаа.

    5. МӨСНИЙ БАЯРАА ХЭРХЭН ӨРГӨЖҮҮЛЭХ ВЭ.

    Мөсний баярын сургаар сум, сумдаас цөөнгүй хүн цугларчээ. Цөөнгүй жил хийгдсэн Мөсний баярын үйл ажиллагаа хэвшмэл болон тогтжээ. Мөсөн дээр хэдэн дүрс босгочихно. Эргэн тойрон хэдэн мөсөн спортын талбай байгуулна. Тэнд өвлийн спортын арга хэмжээнүүд зохиогдоно. Энд тэндээс ирсэн наймаачид худалдаа эрхэлж, хагас дугуй хэлбэрээр байрлаж ажлаа хийнэ. Урд эргээр хоолны үйлчилгээ болон албан газруудын гэр байрлаж үйл ажиллагаагаа эрхэлнэ.
    Мөсний баярын үеэр хөвсгөл аймгийн сумдаас иргэд цугларч бараа солилцоо хийгдэж, орлого олж амьдралдаа хэрэг болохуйц ажлууд өрнөнө. Багагүй л хөрөнгө зарсан ажил буцална.
    Жилээс жилд цар хүрээ өргөжих ажээ. Энэ жил гэхэд мөсөн дээрх тоглоомын хэлбэр нэмэгдэж, бие засах газрыг шийдэх гэж оролджээ.
    Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хийгдэж буй наадам хоёр жил дэлхий нийтийг хамарсан өвчний улмаас гадаад жуулчид ирээгүй учраас дотоодын иргэддээ үйлчилсэн ардын зугаалга болж өнгөрсөн. Гэхдээ гадаад аялал бэлтгэл ажилд чамгүй туршлага хуримтлуулсан жилүүд байлаа.
    Сүүлийн жилүүдэд сонирхогч оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаа бөгөөд баярын үеийн арга хэмжээ, хөтөлбөрүүд агуулгын хувьд баяжин өргөжиж байгаа юм.
    Хэдий Хатгал тосгон жуулчдыг хүлээж авах зочид буудлын тоогоор боломжийн байдаг ч гэсэн жуулчдын тоо нэмэгдвэл бид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдэгт санаа тавих цаг болж байна.
    Мөсний баярын гол чиглэл хил нээгдвэл гадаад аялал жуулчлал илүү ач холбогдолтой байна. Жуулчлал олон ирэх тохиолдолд гэр зочид буудлыг сумдад хариуцах хэлбэрээр өргөжүүлж болохоор ажээ. Энэ чиглэлээр сайн ажиллаж чадвал мөсний баярын арга хэмжээ илүү үр дүнд хүрэхээр харагдаж байна. Дотоод аялал жуулчлалын хувьд мөсний баяр олон удаа хийгдээд “ханалт” үүсчих мэт санагдлаа.
    Хөвсгөл аймаг бол уламжлалт бөө мөргөлөөрөө алдартай. Одоо цагт дэлхий ертөнц бөөгийн зан үйлийг илүү сонирхох боллоо. Тиймээс бөөгийн галын тахилга гадаад, дотоодын жуулчдын анхаарлын төвд байх болно. Гэвч иймэрхүү байдлаар Монгол бөө нартаа хандаад байвал бөөгийн зан үйлийг тохиолдолын хүмүүст хариуцуулан хийх тийм цаг үе ирэх вий.
    Хүн ам олонтой БНХАУ-ын Өвөрмонголын Ордост нэг удаагийн тахилгад оролцох дотоод гадаадын жуулчдын тоо нэг сая давдаг. Тахилгад оролцохоор ирсэн нэг иргэний зарцуулах зардал өндөр, орон нутгийн иргэд чамгүй орлого олдог. Мөсний баяр маань иймэрхүү үр дүнд хүрвэл олонд тустай болно. Тийм байхын тулд багагүй зүтгэх, хөдөлмөрлөх, бүтээх хэрэг гарна.
    Мөсний баярын үйлчилгээг харж байхад “Тэнгэрийн үнэтэй мөртлөө Тэг үйлчилгээтэй газар юм аа.” Гэсэн үг тохирч байсныг хэлэх юун. Дүн өвлөөр хавсарсан зочид буудлын үнэ тэнгэрт хадаастай. Төлбөр шигээ үйлчилгээ байхгүй. Үйлчилгээний харилцааны соёл “тэгтэй” тэнцэнэ. Хөвсгөлчүүд минь дахиад ирэхэд амралт, хоол, халуун ус, харилцаа хандлагаа засаад төлбөрөө авдаг болсон байгаарай гэж ерөөхөөр байлаа. Цаашид ийм байвал жуулчид нэг л удаа үзээд “үргэдэг” газар болчих вий дээ.
    Олон нийтийн байгууллагын идэвхи санаачлагыг зөв өрнүүлж чадвал олон талаар амжилтанд хүрч болохыг болоод өнгөрсөн үйл явдлууд харуулж байлаа.

    djmedia:528
  • ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

    Үйлдвэрлэлийн дараагийн шатанд задгай талбайд захиалгын дагуу анхан шатны зүсэлт, хэлбэржүүлэх ажлууд хийгддэг байна. Түүний дараа нарийн засалт хийгээд төгсгөлийн шатанд өнгөлөлөх ажиллагаа хийгдэж эцсийн бүтээгдэхүүн болдог байна.
    Чулуугаар янз бүрийн хэмжээтэй бүтээгдэхүүн хийгдэх бөгөөд сонгосон чулуунаас шалтгаалан үнэ тогтоогддог байна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голдуу томоохон байгууллага, компаниудын сүр хүчийг харуулсан хос чулуун бар, луу байх ажээ.
    Түүнчлэн хот тохижуулалтын чиглэлээр жижиг чулуун хашаанууд, янз бүрийн хүүхдийн үлгэрийн баатруудын дүрс, амралт сувилалын газрын зориулалт бүхий эмэгтэйчүүд, хүүхдийн загваруудыг танилцуулсан юм.
    Чулууны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хятадын уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Үйлдвэртэй танилцуулсаны дараа МБНЭ-ийн төлөөлөгчдийг ажилчдын хоолны газарт өдрийн зоог хамт идсэн юм.
    Нэг дор олон мянган хүн хооллох хоолны газрыг энгийн боловч өвөрмөц сонголтоор засч байгуулжээ. Олон зуун хоол идэх заалны дунд захиалгат үйлчилгээ байх агаад түүний зэрэгцээ усан бассей байгуулж, түүнд том загаснууд хөвөх ажээ. Хоолны заалны эргэн тойронд мод бүхий цэцэрлэгүүд байгуулсан байлаа. Тэрхүү цэцэрлэгийн таваас арван метр дутам төмөр тавиур бүхий шувуунд зориулсан идэш тавьж, модоо хамгаалдаг байна.
    Чулууний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд хүргэх сонирхолтой байгаагаа үйлдвэрийн эзэн биднээр дамжуулан уламжилсан юм. Үнэхээр чулуугаар хийсэн бүтээгдэхүүн бол удаан эдэлгээтэй, байгалийн бороо цасны үйлчлэлийг давах чадвар, гадаа байрлах зэрэг онцлог байдлуудыг тусгасан өвөрмөц бүтээгдэхүүн байлаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:527
  • ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛСНООС ГАДНА БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

    ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛСНООС ГАДНА БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

    30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн хараахан гараагүй байсан билээ.
    Тэгвэл дөнгөж сая гайхалтай мэдээ хүлээн авлаа.
    Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.
    Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ.
    Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангалаа.
    Бүх тамирчдадаа, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэе!
    Биднийг ойлгож тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь талархал илэрхийлье.
    Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.
    Монголын Оюун Ухааны Академийн
    Захирал Х.Хатанбаатар
    2022.02.21
    МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

  • АВДАРАА АЛЬ ЗҮГТ БАЙРЛУУЛАХ НЬ ЭД БАЯЛГИЙГ АРВИН ЦУГЛУУЛЖ, ӨЕГ ЦАТГАЛАН АМЬДАРДАГ

    Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг. Үхэр зүг : Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг. Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ” Бор гэртээ богд, хар гэртээ хаан ” гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ. Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ. Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9-н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ. Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Бэчин зүг:Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бэчин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний суудал эхэлдэг. Бэчин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ажуйн тоног хэрэгслэл ч оршдог байна. Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9-н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ. Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.