Author: admin_shaman

  • ГЭРИЙН ЭЗЭНД АРХИ ЭРГҮҮЛЭН БАРИХ БОЛСНЫ УЧИР

    Хаан улам сандарч «Үхэхгүй байх арга байна уу?» гэж. «Үхэхгүй байя гэвэл хулгай хийвэл л амьд гарч магадгүй дээ» гэж гэнэ.
    Хаан тэр оройноо хулгай хийхээр шийдэж хувцсаа сольж өмсөөд хаан эзний мөнгөн сангаас хулгайлахаар мөлхөж явжээ. Тэгтэл бас нэг мөлхөж яваа хүн таарч «Чи хаачиж явна?» гэсэнд «Би хулгай хийхээр явж байна» гэжээ. Ингээд хоёул нийлж хулгай хийхээр хэлэлцжээ. «За маргааш ч хаан санд хулгай орж гэж үймэлдэх байх. Тэгэхэд хаан лав бүх албат иргэдээ дуудаж цуглуулна. Хоёул тэнд уулзаж бие биеэ танья» гээд харанхуйд малгайгаа сольж өмсөөд салжээ. Маргааш нь хаан «бүх албатыг цуглуул» гэж зарлиг бууж, хаан цугларсан бүх албатыг нэг нэгээр оруулж харж гаргаж байтал урьд шөнийн малгай сольж өмссөн хүн нь орж иржээ. Хаан «Энэ өдрийн хэргийг зогсоолоо. Албат нарыг тараа» гэж хэлээд нөгөө хүнтэйгээ битүүхэн уулзжээ.
    Бие биеэ «За чи юу гэж хулгай хийгээ вэ?» гэж хулгайч хэлж. «Би ч яах вэ, амь зуухын эрхэнд хулгай хийлээ. Та харин яах гэж хулгай хийв дээ? гэж. «Би ч бас амьд явахын тулд хулгай хийсэн» гэж урьдын явдлыг ярьж: «Тэр төлөгч үнэн хэлсэн үгүйг бүү мэд. Би 45 хүрсэн боловч үхээгүй л байна даа» гэж. Хулгайч хэлжээ: «Үнээн, таны хамгийн шадар түшмэд чинь энэ орой хорлож алах гэж бэлдэж байна. Танд зоог барихаар архийг нэрж арз болгоод, арзыг нэрж хорз болгоод хорзыг нэрж хор болгоод байгаа. Та тэр барьсан архийг нь хараач тулга хоёр луу нь өргөөд гурав дахь хундагыг нь өөрт нь бариарай» гэж хэлжээ.
    Хулгайчийн хэлсэн ёсоор орой нь их түшмэлийнх «цай зоогло» гэж урьжээ. Хаантанд дарс барьж гэнэ. Хаан хулгайчийн захисан ёсоор хараач өөд нь цацсан, зандан хараач нь зад үсэрч байж, тулга өөд нь цацсан, ган тулга нь цагаригаараа тас үсэрч гэнэ. Гурав дахь хундагыг «За идээ эзнээ таньдаггүй юм. Энэ гэрийн эзэн та тул танд барья» гээд өгсөнд их түшмэл эрхгүй эзэн хүний үг зарлиг тул барьсан архийг тогтоож тэр дороо үхжээ. Үүнээс хойш баядын нутагт архийг гэрийн эзэнд эргүүлж барих ёс гарсан гэдэг юм.
    *. *. *

  • ДААГАН ХАЙРХАНЫ ЭГЧ ДҮҮС

    Увс, Завханыхан эрт дээр үеэс энэ хоёр уулыг эгч дүү уул гэж домоглон ярьсаар иржээ. Энэхүү хоёр уулыг Булнайн нурууны 1905 оны газар хөдлөлтөөс болж хоёр салсан гэж үздэг. Эрт цагт энэхүү нутагт лусын дагина адил үзэсгэлэнтэй сайхан хоёр охинтой нэгэн айл байжээ. Тэднийхтэй хошуу залган оршдог, одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт нэгэн хөгшин ноён амьдардаг байж. Энэ ноён эгч дүү хоёрын багыг нь хүчээр авч суужээ. Тиймээс эгч дүү хоёр бие биенээ санаж мөрөөдөн уйлж гашуудсаар байгаад хоёр нутагтаа нэг нэг сайхан уул болж тогтсон гэх домогтой бөгөөд тэр нь “Дааган хайрхан”, “Баянхайрхан” хоёр юмсанж. Энэ хоёр уулын дунд “Цавдан” хэмээх нуур бий. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө “Дааган хайрхан”, “Баянхайрхан” уулыг холбосон ихээхэн манан буюу зурвас нууран дээгүүр үзэгддэг бөгөөд уг манан дотор ногоон дээлтэй, хөх морьтой эмэгтэй хүн явж байгаа юм шиг дүрс харагддаг юмсанж. Үүнийг нутгийн ардууд “Дүү нь ирж эгчдээ золгож байгаа юм” гэж ярилцсаар иржээ. Ер нь Хан хөхий уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домог яриа үүнтэй холбоотой байж болох талтай. Түүнчлэн Мөнххайрхан уулын савдаг эмэгтэй хүн байдаг гэсэн домогтой бөгөөд дээхэн үеийн цуутай үзмэрчид “Мөнххайрхан ууланд гоё хувцастай, зээрд хонгор морьтой эмэгтэй хүн явж байдаг” гэж онцолсон байдаг.

  • Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.

     

    Буган хөшөөнд дайчин эрийн зэвсэг болох чинжаал, хутга, билүү, байлдааны зээтүү, нум сум, саадаг, хоромсого, жад, бамбай, гох дэгээ, гүйвэр дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу, ирвэс, янгир, зээр, зэрлэг гахай зэрэг амьтад дүрсэлсэн нь ч тохиолдоно.

     

    Буган чулуун хөшөө тархсан бүс нутгийн хойд зах нь Байгал нуур, өмнөд зах нь Монголын их элсэн говийн ар хэсэг, зүүн зах нь Хэнтий аймаг, баруун зах нь Эльба мөрөн хүрэх бөгөөд тархалтын төв, гарал үүслийн цөм нь мөн болохын хувьд нийт бүртгэгдсэн хөшөөний 90 гаруй хувь буюу 1200 орчим нь өнөөгийн Монгол улсын нутагт байна.

    Судлаачид буган хөшөөн дээрх дүрслэлийн онцлог, тархсан газар нутгийн хүрээнд нь тулгуурлан хийсэн дараах гурван ангиллыг баримталж байна. Үүнд:

    Монгол, Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөө,

    Саян-Алтайн хэлбэр буюу буга болон бусад амьдтын бодит дүрст хөшөө,

    Евразийн хэлбэр буюу амьтны дүрслэлгүй хөшөө.

    Буган хөшөө голдуу 1-4 м гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй байх бөгөөд түүнийг үйлдэхдээ цоолбор, сийлбэр, уран баримлын аргуудыг хэрэглэсэн байдаг.

    Буган хөшөөг хэд хэдээр нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас хэдэн зуу хүртэлх тахилгын байгууламж, том дугуй далантай хиргисүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж, бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтоо.

    Буган хөшөөг судлаж эхлэснээс хойш өнөөг хүрэх хугацаанд олсон амжилт багагүй бөгөөд эдгээрийн нэг нь ерөнхийдөө үгүй болсон баа­тар­лаг өвөг дээдэст зориулагдсан тахил тайлгын зориулалттай хүн хөшөө болохыг тод­руулсан явдал юм. Өөрөөр хэлбэл хүрэл зэвсгийн үеийн нүүдэлчдийн нийгмийн тодорхой бүлэг хүмүүст буюу овог, аймгийн толгойлогч-язгууртан хүмүүст зориулан бүтээсэн дурсгалын хөшөө болох нь тодорхой бөгөөд түүнд дүрслэгдсэн дүрслэл, тахилгын байгууламжийн зан үйлд эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл хийгээд бөө мөргөлийн үзэл санаа гүн шингээстэй байдаг.

    Өнөөгийн байдлаар буган хөшөөний тахилгын байгууламжид хийсэн радиокарбоны он цагууд үндсэндээ хиргисүүртэй адил буюу НТӨ XIV-VIII зуунд хамаарч байна.

  • ГОВИЙН НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН ЖИНХЭНЭ ЗУРАГ (ПАТИАР)

    Гэрэл зургийн аппарат 1820-иод онд үүссэн гэж үзвэл 15 жилийн дараа мэргэжлийн аялагч судлагчдын хэрэглээд аль хэдийнэ нэвтэрсэн байж таарна. Нутгийн хүмүүсээр газарчлуулж, морь, тэмээ хөлөглөн, үлэмжхэн ачаа хөсөгтэй явдаг байсан гадныхан зураг угаах төхөөрөмжөө хүртэл авч явдаг байсан юм болов уу. Ардын уран зохиолч Б.Догмид гуай энэ зургийг хутагтын бодит гэрэл зураг мөн гэдгийг хуучцуулын яриагаар баталж өгсөн юм. Зураач У.Чимэддорж гэж Догмид гуайн ах найз байж. Одоо байсан бол 100 шахсан буурал байх байж. Аймгийн төлөөлөгчөөр Хутаг уулын хошуунд явж байгаад оройхон нэг айлд ортол настай хөгшин бурхандаа мөргөж байжээ. Гэрийн баруун талд суунгаа бурханыг нь харвал нэг лам хүний гэрэл зураг байв. Эмгэн мөргөж дуусаад авдар дээрх хүрдийг эргүүлэн залбираад гийчдэд цай идээ тавьж өгчээ. Чимэддорж гуай жавдан дээр суусан номын хувцастай хуврагийн зургийг хараад “Эмээ, энэ ямар нэртэй бурхан бэ?” гэж асуувал “Говийн ноён хутагтын патиар” гэж. “Үнэн үү? Ноён хутагтынх гэдгийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?” гэвэл “Мэдэлгүй яахав. Өвөг маань адис жанлавыг нь хүртэж байсан хутагтыг сайн мэдэх хүн. Манай өвөг дээдсийн гурван үеийн шүтээн” гэж итгэлтэй хариулжээ. Чимиддорж гуай хуулбарлахаар авсан уг зургийг халамцуудаа хаячихаж гэж их халаглаж байсан гэдэг. Гэтэл хаа хойно түүний шавь, зураач Халтарын эхнэр Цэрмаа нөхрийнхөө номын завсраас олж бөөн хөөр баяр болжээ. Үнэндээ Чимэддорж гуай хаяж үрэгдүүлээгүй, харин Халтарт “Би хаячихаж магадгүй, чи хямгадаж бай” гээд өгснөө өөрөө мартсан байж.

    Эрт цагт вспышка буюу гэрэл цацруулагч гэж байгаагүй болохоор сүмийн үүдэнд хутагтыг залаад нарны өөдөөс харуулж суулгаад өмнө номын ширээг нь тавьж авсан бололтой. 1830-аад оны үед Саран хөхөөг үзэж байсан хүүхэд багачуул, 1900-гаад оны үеийн настнууд уг зургийг хараад ноён хутагтын патиар мөн болохыг хөгшинд хэлж байсан удаа ч бий гэдэг.
    Via:Gun-Uils Dugarsuren

     

  • АСУУЛТ, ХАРИУЛТ-2

     

    2021.10.30 дугаар 01 Улаанбаатар хот

    Хориглох тухай
    Монгол бөөгийн хөгжилд уламлалт дэг жаягийг хэвшүүлэх зорилгоор ШИЙДВЭРЛЭХ НЬ:
    МОНГОЛЫН НИЙТ БӨӨ НАРТ
    Нэг. Нэгдсэн их тахилга болон Хайрхад, овоо, лусад Монгол бөөгийн зан үйлээр тахилга хийхдээ зөвхөн монгол үндэсний нэрмэл архиар өргөл үйлдэж хэвшүүлж, орчин цагийн хатуу архи хэрэглэхийг хориглосугай.
    Хоёр. Нэгдсэн их тахилга болон Хайрхад, овоо, лусад Монгол бөөгийн зан үйлээр тахилга хийхдээ хүндэтгэлийн идээнд “ул” боовыг хэрэглэхээс татгалзаж, хориглосугай.

    ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

  • Тэнгэрийн үүд хаагдсан, бөө дахиж төрөхгүй гээгүй бил үү

    Гэтэл Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхрын тагтнаас унасан хүн “Бөөгийн онгод орлоо” гэж хэлээд үсэрсэн хэрэг гарсан тухай сонсоод ихэд гайхлаа. Ар гэрийнхэн нь дэггүй хүүхдээ “Бөө болох гэтэл онгод нь орохгүй байж байгаад гэнэт шөнө унтаж байхад нь орж ирснээс ийм юм боллоо” гэж өмөөрсөн тухай телевизийн мэдээгээр цацагдаж байв. Энд логик алга байгаа биз. Тэнгэрийн үүд хаагдтал хаана юу хийж явсан онгод гээч вэ. Эрvvгийн хуулийн 95 дугаар зvйлд “Бусдыг амиа хорлоход хүргэх” гэсэн заалт бий. Энэ зүйлд “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл дээрх тохиолдолд хэнийг шийтгэх вэ. Улаачаа амиа хорлоход хүргэсэн онгодыг уу. Сүүлийн үед бөөгийн онгодтой холбоотой хүний амины хэрэг олонтаа гарах боллоо.

    Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Ээж хад шүтээний дэргэд болсон удган болох гэж байгаад буцалсан халуун усанд шалзарч амиа алдсан эмэгтэйн хэрэг, архинаас гарах гээд халуун архиар утуулж амиа алдсан хэрэг гээд онгод, бөөтэй холбоотой хэргүүд ар араасаа хөвөрч байна. Одоо бүр хэтрээд тагтнаас хүн түрхэж алчихаад “талийгаач бөө байсан юм аа” гэж хэлэх л дутаад байх шиг байна. Тиймээс бөө удгадыг цэгцлэх цаг болжээ. Саяхан нэг мундаг бөө Центрпойнтын хавьцаа бусад бөө нарыг цуглуулаад нэг бүрчлэн шалгаж “Чи жинэхэнэ ориг бөө байна”, “Чи биш, хульхи нь байна” гэх зэргээр “”аттестатчилна” гэсэн сураг гарч байснаа чимээгүй болсон. Мэдээж, нэг ч бөө очоогүй байлгүй. Тэгээд ч бөө бөөгөө хумина гэж юу байх вэ. Энд төрөөс л оролцох хэрэгтэй байна. Иргэд ч хараал хийчих вий гэж айлгүй өөрийнх нь талаар худал чалчсан бөөг цагдаад өгчихмөөр байгаа юм.
    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа хүртэл УИХ-ын чуулган дээр бөөгийн талаар “Бөө нар галын тахилга гэж зан үйл хийж түүн дээгүүрээ хүмүүсийг харайлгаж байна. Дээгүүр нь харайж чадсан нь бөө болдог гэнэ. Өдөр бүр 2-3 хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдэн ирж байна. Одоо Түлэнхийн төв дүүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ. Арга ядсан хүний энэ гуйлтыг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авсан, биелүүлэх эсэх нь харин тодорхойгүй байна. Бодвол бүгд л өөрсдийн гэсэн багш, бөөтөй болоод тэр биз. Угтай гэдгээ мэдчихээд авахаар бэлдэж байгаа нөхдүүд ч байж магадгүй юм шүү. С.Ламбаа сайдын хүсэлтийг биелүүлэхгүй цаарглаад байгаа болохоор нь л ингэж хардаж байгаа юм шүү.

    Х.Сайхан

     

  • ӨӨРТӨӨ ХАР ЭНЕРГИ ХУРИМТЛУУЛСАН ХҮНИЙ АЖИЛ ҮЙЛС БҮТДЭГГҮЙ

    1. Олон нийтийн газар чангаар ярих.
    Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг . Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа гар утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах нь бусдыг стресст хүртэл оруулах боломжтой.
    2. Хаалга тэгнээд зогсох.
    Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй орох, гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.
    З. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах.
    Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамтажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өг өхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл . Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч.
    4. Чалчих.
    Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа.Гэвч хүн бүхэнд л тааламжгүй явдал, гэр бүлийн асуудлын тухай, өвчин зовлон яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг.
    5. Дугаар үүсгэх.
    Дэлгүүр эсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүүс орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлан асууж шалгаах нь хэрэгцээгүй дугаар үүсгэх, бусдыг бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад урдуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал.
    6. Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях.
    Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө. Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнгөөр торгож, орчныг цэвэрлүүлдэг.Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна.
    7. Байнга юм гуйх.
    Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух , тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй.
    8. Бусдын орон зайд халдах.

    Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын эрх ашиг энэ тэр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн ийнхүү бусадтай хэвийн харьцаж чаддаггүй. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын оронзай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.

  • ХАРААЛ ХИЙХ

    1911 онд Богдыг хаан ширээнд сууснаас хойш шавьчуудын омог их болоод хушуу айлыг элдвээр хохируулдаг болсон цаг юм. Их Шавийн Шүтэм гэдэг хүн Их Хүрээ орохоор явлаа. Тэгэхдээ манайхаас хоёр шар үхэр дараа үнийг өгнө гээд аваад явчихлаа. Тэгээд өнөөх Шүтэм нутагтаа буцаж ирсэнгүй. Өөр ч айлуудаас бас мал юм зээл аваад явчсан хүн байжээ. Нэг жил болсны дараа манай аав Сандаг, Шүтэмийн ах Лувсангийн нэг атан тэмээг барьж аваад иржээ. Тэгээд Сандаг, Лувсан хоёр заргалдаж эхэллээ. Хошуу тамгын түшмэд “Тэр атан тэмээг Лувсанд буцааж өг” гээд байхлаар манай аав Сандаг тэмээгий нь буцаан өглөө. Тэгээд хоёр шараа зүгээр алдчих нь тэр.
    Гэвч тэр яам тал тохой татаад олигтой шийдвэр гаргаж өгөхгүй байжээ. Тэгэхлээр манай аав бодож очсон хамгийн чухал үгээ хэлж гэнэ. Юу гэж хэлсэн бэ? гэхэд “Холбоотой хоёр бярууны нэг нь худагт ойчиход нөгөө нь чирэгдэж бас худагт ойчдог юм. Хэрэв холбоотой таван бяруу байвал яах вэ?” гэж хэлжээ. Тэр үгний утга нь: “Хэрэв энэ хэргийг ингэж хилсээр шийтгэвэл би тамд очихдоо Лувсанг, яамны гурван түшмэлийг аваад хамт тамд ойчно” гэсэн юм байжээ. Түүнийг цаадуул бас тэгж ойлгожээ. Гэвч тэд нар шийдвэр өгөхгүй дуугай байгаад байжээ. Тэгэхлээр манай аав уурлаад яамны гадаа чөдөртэй байсан өөрийн гурван морины чөдрүүдийг тайлж хаяад хөөгөөд явах гэсэн чинь өнөөх морьд нь гэр өөдөө биш, өөр тийшээ зугтааж гэнэ. Манай аав бүр их уурлаж Лувсантай хэрэлдэх зодолдох шахаж гэнэ. Арай хийж ганц хээр морио аваад нөгөө хоёр морийг зөнд нь хаячихаад Лувсангийн зол болгочихоод гэртээ харьж ирэв.
    Лувсан хоёр морийг нь зүгээр авсандаа бас сэтгэл нь ханахгүй хийд дээр суудаг Луузан гэдэг хүнд очиж манай аавд хараал хийлгэжээ. Тэр хараал нь удалгүй бүтэж манай аавын ууц нуруугаар хатгах өвчин тусаад хариугүй өвчтэй хэвтдэг боллоо. Бүр хүний гарт орлоо. Мэргэн Шовгор гэдэг алдартай ламаас асуусан чинь “Манла”, “Доржжодба” гэдэг номыг уншуул” гэж айлджээ. Энэ чинь хойт насанд зориулсан ном юм. “За үхэх ёстой юм байлгүй” гэж аав хэлдэг боллоо. Яах ч арга байдаггүй. Манай аавын бие муудаж л байна. Би арван хэдтэй хүүхэд байсан. Манай ах Сангаа хориод настай залуу байлаа. “Одоо яах вэ?” гээд манай ах Сангаа ааваас асууж байна. “За би Лувсангийн хараалаар үхэх ёстой юм байлгүй” гэхээс өөр үг аав хэлэхгүй юм. Тэгэхлээр манай ах гэрт гадаа орж гарч баахан бодож байгаад нэг юм шийдсэн бололтой хурдан хээр морио барьж унаад нэг өглөө мордоод явчлаа. “Хүү хаашаа явчив?” гэж аав сүүлд нь асууж байснаас үзэхэд аавд хаашаа явахаа хэлсэнгүй юм байна. Тэгээд хоёр хоног өнгөрлөө. Ах байдаггүй.
    Нэг өглөө босоод манай аав хэлж байна: “Урьд шөнө сайхан зүүд зүүдэллээ” гэж байна. “Ямар зүүд зүүдлээ вэ?” гэж асуухад хэлж байна. “Өнөөх Шар Сандуй ирээд надтай ноцолдоод болдоггүй. Би түүнийг барьж аваад хүлээд хаячихлаа гэж зүүдэллээ” гэж байна. Шар Сундуй гэж хүн байгаад хэдэн жилийн өмнө үхсэн юм. Урьд нь аав дандаа муухай зүүд зүүдэлдэг байсан юм. Галзуу хүн ирээд ноцолдоод болдоггүй юм гэнэ билээ. Бас тэр шөнө манай ижий сайхан зүүд зүүдэлжээ. Нэг чоно манай хот руу дайрч ирснийг манай нохой тосож ноцолдоод барьчихлаа гэж зүүдэлсэн гэнэ. Тэгээд аав “Бие гайгүй” гэж хэлээд “Намайг өндийлгөж үз” гэж ижийд хэлж байна. Ижий бид хоёр элбээд аавыг өндийлгөв, аав өндийгөөд суулаа. Халуун цай овоо уучихлаа. Ууц нь хатгахаа больчихлоо. Тэгээд аавын бие овоо засарч эхэллээ. Би баярлаад “Аав эдгэж байна” гээд дэргэдэх айлын гэрүүдээр явж зарлав. Тэгээд ижийд буруутав. “Юу юуны туханд хүрэлгүй, дэмий юм битгий яриад бай” гээд загнаж байна. Үдэш болоход аав гарч биеэ засаж чаддаг боллоо. Тэгэхэд аав баярлахгүй, харин сэтгэл нь зовж байна. “Миний өвчин засраад хүүд минь шилжиж магадгүй” гэж зовж байна. “Хүү яав? Хоёр хоног алга боллоо” гэж байна.Гурав хоноод ах Сангаа ирлээ. Морь нь хөлөрчихсөн хол явсан бололтой байна. “За чи хаагуур яваад алга болов?” гээд аав ижий хоёр асууж байна. Тэгсэн чинь ах Шар удганыд очиж асуугаад аврал хийлгээд ирсэн юм байна. Шар удган бол надаас хориод нас ах, Лхамо Жамсрангийн өмнөөс буудаг, удган ч гэж бараг Чойжин шахуу хүн, олонд ач авралаа хүргэдэг, өвчин зовлонгоос салгадаг их ачтай тустай тийм нэг эхнэр байсан юм. 1937 онд элдэв цээрлэл шийтгэлээс айж өөрөө сайн дураараа нас барсан юм. Тэр удганд очиж манай ах аавын тухай асууж гэнэ. Тэр удган хэлж гэнэ: “За жадхын /хараалын/ хорлолтой юм байна. Янаг хайртай бараан хөлгийг дагаж ирсэн жадха байна. Аргалж болно” гэж гэнэ. “Хараал явбал толгойд, хадаг явбал бурханд” гэсэн ёсоор Лувсангийн хараал манай аавын толгойд буусан хэрэг байжээ. Манай ах, Шар удганд нэг морь, хэдэн хоньтой өргөж аавын амь насыг даатгаж гэнэ. Шар удган сахиусаа залж удгалаад асууж гэнэ: “Хорлолыг зүгээр л хэнд гэм хоргүй болгоод орхих уу? эсвэл хариулж уг эзэнд нь буулгах уу?” гэж гэнэ. Тэгэхэд манай ах хэлжээ: “Хэнд ч гэм хоргүй болгож хайрла” гэжээ. Шар удган “За хорлолгүй болголоо. Аавын чинь бие гайгүй болох байхаа. Өнөөдрөөс тэмдэг мэдэгдэх байх” гэж хэлсэн гэнэ. Тэгээд ахыг ирэхэд аавын бие нээрээ гайгүй болоод байсан даа. Тэгээд бие сайжирч долоо хоног болоход босоод явдаг болсон, сар болоход морь унаад явдаг болсон. Ердөө эмнүүлсэн ч юм байхгүй бие нь зүгээр болсон доо.
    Нэг өдөр аав Лувсанг “Ирж уулз” гэж хэлүүлсэн юм. Тэр ирж уулзлаа. Царай уруутай олон үг дуугүй хүн байх юм. Манай аав түүнд хэллээ: “За би чиний хараалыг хариулгаж хэнд ч хорлолгүй болгуулсан. Дөргүйгээс биш үхэр, дөрвөлжингүйгээс биш хад юм биш бол чи ойлгоо биз. Чи намайг хорлоод би хариулаад байх юм бол танай манай хоёр айл үрэгдэж дуусна шүү. Тэгээд хойт насанд тамын таглаа болно. За хоёул найрамдъя. Тэгээд хоёул эвдрээд яах вэ? Эвлэе” гэж манай аав хөөргөө гаргаж тамхилсанд тэр ч тамхиллаа. Манай аав ч эрүүл болж урт удаан наслаад хожим нас барсан даа. Үүнээс хойш би хараал гэж байдаг юм байна, хараалыг хариулж бас болдог юм байна гэж боддог болсон.1974.3.14.

  • Бөөгийн тухай хэн юу гэв.

    Д.Арвин : Та бизнесээ хийж байгаа юу?
    – Үгүй үгүй. Олон нийтийн байгууллагаа ажилуулж байна. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулсан. Тэнд Дондогдулам хатны музей байгуулж байгаа. Удахгүй ашиглалтанд оруулна. Бид бөө удгануудтай холбогдож, намрын дунд сарын сайн өдөр Дондогдулам хатныг буулгасан. Дондогдулам хатан нэлээд хэдэн зүйл захиж байна лээ.
    Юу захисан гэж…
    – Музейд тулга хийж , гал тахихыг захисан. Үүнийг гүйцэлдүүлж байгаа. “Сэтэртэй цагаан морийг нутагт минь тавиач” гэсэн. Тэр морийг сая ижил сүргээс нь оллоо. Дондогдулам хатан өөрийнхөө унаж байсан сүйх тэргийг шинээр хийхийг хүссэн. Богдын музейд байгаа сүйх тэрэг нь түүнийх биш гэдгийг тэр хэлсэн. Мөн Богдын бага хатан Гэнэнпил хатны хөргийг музейд залахыг хүссэн байгаа. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна даа. Намрын адаг сард энэ бүх ажлыг дуусгаж , гал тахихаар хичээж байна. Мөн Дондогдулам хатан Оросын хааны хатны гоёмсог булган нөмрөгийн талаар ярьж байсан шүү.
    Хатдын өргөөнд хүн их очиж байна уу?
    – Их очилгүй яахав. Хоёр жил дараалан хүмүүс тасрахгүй байна. Тэр бол их энерги сайтай сайхан газар болсон. Монголын их хатдын өргөөний нээлтийн үеэр хатдын дүр бууж, тэмдэг үлдээгээд явсан зэрэг дурсгалтай зүйл тэнд их бий. Түүхч хүнийхээ хувьд Монголынхоо түүх соёлыг хадгалж явах үүднээс хатдын өргөөг байгуулсан нь энэ юмаа.
    Эх сурвалж : Я.Мөнгөнцэцэг
    Өдрийн сонин 2012 оны 10 дугаар сар 12 . № 244
    Бөө болчихвол сүрьеэ эдгэрнэ гээд явж байх юм.
    ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн албаны дарга О.Батбаяртай ярилцлаа.
    Эмэнд тэсвэртэй хүнд хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс үзмэрч, удган бөө хүн дээр очиж үзүүлдэг болжээ. Миний мэдэхийн 20 гаруй хүн эмчилгээгээ орхиод бөө болохоор явсан. Тэр битгий хэл бөө болчихвол сүрьеэ нь эдгэрнэ гээд яриад яваа хүн ч байна. Уг нь бол эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүнийг хөгжилтэй орнуудад бол тусгаарлаж эмчилдэг. Манайхаас Эрүүл мэндийн хуулийн заалтыг үндэслэн тусгай журам боловсруулан ЭМЯ-ны сайдаар батлуулан ийм хүмүүст хөл хорио тогтоон эмчлэхээр ажиллаж байна.
    Эх сурвалж : Я.Мөнгөнцэцэг
    Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 13 . № 219

    Сюпер нэгдлийн онол
    Баабар ингэж өгүүлэв.
    Хүний хамгийн анхны төсөөллийн нэг нь үхэхээрээ тэнгэрт гардаг, сүнс гэж байдаг, тэнгэр бурхан хорвоогийн амьдралыг зохицуулдаг , тэдэнд өргөл барьц өргөж аргадах хэрэгтэй гэх мэт болой. Хүний нийгмийн оюун санааг бөө мөргөл 100 мянган жил удирджээ. Сонирхолтой нь одоо үлдэж хоцорсон дэлхийн өнцөг булан бүрт биенээсээ үл хамааран тогтсон бөө мөргөл хоорондоо тун төстэй, нийтлэг шинж чанартай. Иргэншил буй болж эхлэхтэй зэрэгцээд шашин үүссэн байна. Цэгц номлолтой, ертөнцийн тухай тодорхой тайлбартай , тогтсон зан үйлтэй, өөрийн философитойгоороо шашин нь бөө мөргөлөөс эрс ялгаатай юм. Шашин иргэншилийг төрүүлсэн үү ? эсвэл эсрэгээрээ юу? Юутай ч хүн төрлөхтний ихэнхийн оюун санааг сүүлийн дөрөв таван мянган жилд шашин удирдаж байна.
    Эх сурвалж :
    Өдрийн сонин 2012 оны 09 дүгээр сар 26. № 230
    Л.Энхтайван : Хүн төрөлхтөн гэгээрлийг сонгон нүүж эхэлсэн.
    Одоо цагт хүн бүр бясалгагч, их мэдэгч, бөө , сахиустан болчихоод байгаа юм биш үү. Тэгвэл сайн, ингэвэл муу гэх зэргээр хүмүүсийг заналхийлэх болж. Мөнгөтэй, энергитэй болгож , өвчнөөс салгадаг лекц хүртэл зарим шашны нэрийг барьж уншдаг болж?
    – Тэднийг бас буруутгах арга алга.
    Яагаад буруутгаж болохгүй гэж. Та лам бөө нараас айгаа юу?
    – Учир нь бид өөрсдөө тэднийг төрүүлсэн. Бидний мунхаг байгаа нь тэднийг давруулахад хүргэдэг юм байна. Хүнд зовлон бэрхшээл тохиолдох бүрт арчаагүй царайлаад лам, бөөгөөр аргалуулах гэж гүйгээд ном гүрэм уншуулж, дом хийлгэж, мэргэн түргэн хүнээс тусламж гуйдаг. Жишээлбэл : та ингэж гүйдэг үү?
    Монголчууд дийлэнх нь сайн лам, бөөгөөр үйлчлүүлдэг байх шүү. Ялангуяа цагаан сараар лам нар их эрэлттэй болдог?
    – Ингэж гүйдэг хүн бүр сэрэх шаардлагтай гэсэн үг. Ийм хүмүүс сүнсний хувьд унтаж байгаа гэж ойлгоорой. Буянтан болж харагдах гэж хичээгч дуураймлууд гэгээнтнүүдийн нэр сүрийг гутааж байдаг. Тэд таниас мөнгө авах гэж л харьцдаг биз. Бясалгаж гэгээрсэн хүн бусдаас ямар нэг өргөл барьц авахгүй. Таныг өөртэйгөө ижил хүн гэсэн үүднээс хүндэтгэж харьцдаг.
    Эх сурвалж :
    Зууны мэдээ сонин 2012 оны 10 дугаар сар 12. №239

  • Бөө хүний ёс зүй

    Ёс суртахуун гэж юу вэ?
    Ёс суртахуун нь түүхэн хөгжлийн эхэн үед нийгмийн ухамсрын нэн эртний хэлбэр болон үүссэн юм. Эртний хүмүүсийн үйлдвэрлэл болон аливаа хэрэглээний өсөлтийг дагаад харилцааны хэм хэмжээ, ёс горим бүрэлдэн тогтсон ажээ. Ёс суртахуун нь маш их өргөн хүрээтэй ойлголт, ялангуяа сэтгэлийн үзэгдлүүдтэй салшгүй холбоотой. Бөө хүн ер нь зан араншингаараа зөв төлөвшихийг зөв ёс суртахуунтай гэж ямар ч нөхцөлд гэсэн ёс зүйн хуульдаа захирагдах нь зүйн хэрэг.
    Зөв ёс суртахуунтай бөө хүн бол бөөгийнхөө ба бусдын ямарваа нэгэн зөв амьдралд хохирол учруулах тийм хүсэл, шуналаа дарж чаддаг, аль болохоор сайн зорилго бүхий үйлдэл рүү чиглүүлдэг дадалтай болох, гаргасан алдаанаасаа болж ичих, гэмших сэтгэлтэй, улмаар буруугаа зөв хүлээдэг чадвартай байх, олон нүүр гаргах нь гутамшиг гэж үздэг сайн зан араншингийн үйлдлүүд нь зөв ёс суртахуунтай гэж нийгмийнхээ дунд тодорхойлогдоно.
    Сайн, муу, хүнлэг, шударга ёс, нүгэл хийх зэрэг нь ёс суртахуун ухамсар хийгээд сэтгэл санаа, төрөлх зан араншинг илэрхийлж байдаг. Гэхдээ ёс суртахууны хэм хэмжээ нь нийгмийн болон бусад салбарын шаардлагад ч нийцдэг байхыг шаарддаг байна. Яагаад гэвэл, ёс суртахуун нь хүмүүсийн зан араншинг зохицуулж, хориглодог шинжтэй. Ёс суртахууны хорио хязгаар нь:
    1. Бөө хүн субьектийн дотоод хүсэл зоригийг хянадаг
    2. Бөө хүний дотоод хяналтын хорионы болзол, нөхцлийг илэрхийлдэг
    3. Бөө хүн ёс суртахууны хэм хэмжээнд захирагдах нь зайлшгүйг илтгэдэг онцлогтой байна.
    Дэлхийн орон орны ба монголын нийгэм социологийн судлаачид ёс суртахууны тухай өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэлээд хэрэглээний хэмжээнд тохируулсан ёс суртахууны сургаалуудын агуулгуудыг нийгмийн харилцааны нөхцөлтэй уялдуулан янз бүрээр тодорхойлсон байдаг. Тухайлбал, ёс суртахуун нь хүн ба нийгэм, байгаль, хамт олон, гэр бүл хоорондын харилцааг зохицуулах тогтсон хэм хэмжээ, ёс, дүрэм, хууль, ёс заншил, ёс горим зэргийг өөртөө багтаадаг ойлголт юм.
    Нөгөө талаар ёс суртахуун нь хүний ухамсар, зан байдлын хэм хэмжээт үнэлэмж байна. Жишээлбэл, сайн, муу, шударга, шударга бус, буян, нүгэл зэрэг. Сайн, муу аль алинд нь хэм хэмжээ бий бөгөөд муу нь сайныг төрүүлэх нэг үндэслэл. Гурав дахь утгаар нигүүлсэхүй, даруу төлөв, хүн чанар зэрэг эерэг чанарыг нийгэмд бий болгодог.
    Энэхүү байдлыг шинжин үзэхэд ёс суртахуунд зайлшгүй байх гурван шинж агуулагддаг байна. Үүнд:
    Нэгдүгээрт:Ёс суртахуун нь харилцаа юм
    Хоёрдугаарт:Ёс суртахуун заавал ямар нэг шаардлага, хэм хэмжээ, үнэлэмжийг илэрхийлнэ.
    Гуравдугаарт:Хүний үзэл санаа, үйл ажиллагаа өөрөө дундаж, гол ёсонд захирагдахыг зайлшгүй шаарддаг. Ийнхүү сайн гэдгийг батлахад заавал зөв зохистой үйл хийсэн байхыг тэмдэглэгдэнэ. Монголын эрдэмтэн судлаачид ёс суртахуун (зан суртахуун)хэмээх ойлголтыг янз бүрээр тайлбарлаж байжээ. Жишээлбэл, нийгмийн ухааны доктор Д.Дашжамц “Ёс суртахуун бол хүний зан үйл, нийгмийн болон оюуны амьдралын бүхий л үзэгдэлд хандах үнэлэлтийн өвөрмөц байдлыг бүрдүүлдэг ёс суртахууны хэм хэмжээ, зарчим, категори, чин эрмэлзлийн цогц мөн. Ёс суртахуун өөрийн хэм хэмжээ, үнэлэлт, чин эрмэлзлэлээр дамжуулж хүмүүсийн олон талт харилцааг зохицуулж байдаг нийгмийн ухамсар, хүнээс ертөнцийг эзэмдэх өвөрмөц хэлбэр” гэж тодорхойлсон ажээ. (Д.Дашжамц. Монголын ард түмний ёс суртахууны дэвшилт өв уламжлалаас. УБ. 1982 он. 92 дахь тал.) Мөн доктор Д.Тунгалаг “Бие хүний сайн үйл, хэм хэмжээ, хууль дүрэм гэх мэтийн шаардлагууд нь ёс суртахууны ухамсраар дамжин илэрч, ёс суртахууны харилцааны өвөрмөц хэлбэрүүдийг өөртөө агуулж байгаагаараа үнэн хэрэгтээ бодит байдлын шууд илэрхийлэл нь болж байдаг” гэж тодорхойлсон байна. (Д.Тунгалаг. Ёс зүй. УБ. 2002 он.9 дахь тал.)
    Ийнхүү дээрхи үндэслэлийг авч үзсэний нөхцөлд одоо цагийн бөө хүмүүсийн зөв, сайн үйлийг хэрхэн дүгнэх вэ? Бөө хүнд ёс суртахуун яагаад хэрэгтэй вэ? гэх мэт асуудлууд тулгарч байгаа учраас ер нь бөө хүнд бол бүх талын харилцааг зохицуулах хэм хэмжээ, зарчим, үнэлэмжийн тухай ойлголттой байх нь чухал. Мөн бөө хүнд байх ёстой хэм хэмжээний ёс суртахуун нь бөө хүний мөн чанар, бөө хүн өөрийгөө ухамсарлах, байвал зохих хэм хэмжээнд ухаарах үйлдэл болж байгаа юм. Тийм учраас бөө хүнд байх ёс суртахуун нь буян, сайн үйлийн төлөө, эрмэлзэх, хүн чанар, бухимдал цухалдлаа захирах ухаан, одоогийн нийгмийнхээ нөхцөлд уялдуулан амьдралын хэм хэмжээнд тохирсон ухамсрын хэлбэр болно.
    Бөө хүнд ёс суртахуун, зан суртахуун хэмээх хоёр ойлголттойгэдгийг тайлбарлах ёстой. Тийнхүү бөө хүний үйлдлийн субьектив талыг ёс суртахуун, обьектив талыг нь зан суртахуун байх магадлалтай. Ер нь бөө хүний оюун санааны хөгжил нь үе удам дамжсан ба удамшаагүй онгодтой байх хийсвэр эрх, ёс суртахуун, зан суртахуун гэсэн гурван үе шат байх нь зүй. Ийм учраас л бөө хүний хийсвэр эрх нь субьектив байхад зан суртахуун нь обьектив талдаа оршино.
    Бөө хүний энэ хоёр нэгдэл нь буюу төгс чанар нь эрх чөлөөний дээд шат болох ёс суртахуунд илрэлээ олдог ажээ. Бөө хүнд байх чөлөөт байдал нь тухайн хүний эрхэд илэрч байдаг хийсвэр ойлголт юм. Ийм учраа бөө хүнд байж болох эрх бол чөлөөтэй нөхцлийг бүрдүүлж буй ахуй мөн. Бөө хүн чөлөөтэй байна гэдэг нь бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг хийж байх зүйлийнхээ хязгаарыг хянахаас гадна зайлшгүй байх чанарыг ухамсарлах нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааныхаа ухаалаг нөхцлийг хангахыг хүсвэл тусгаарлагдсан хүн шиг биш, харин бөө хүн зан суртахууныхаа байдалд анхааралттай өөрийгөө хянах чадвартаа зохицуулах ба түүнээс гадна ёс суртахууныхаа үйлдэлдээ бөө хүн өөрийгөө биш, өөрийн гэсэн мөн чанараа л гол болгох хэрэгтэй юм. Гэхдээ бөө хүн болгон чөлөөтэй утгаараа байна гэсэн хэт буруу ташаа ойлголтыг хүн бүхэнд төрүүлэх юм бол бүр ёс суртахууныхаа хууль эрх нь алдагдах болно.
    Энэхүү ёс суртахууны хэм хэмжээг хэт алдагдуулснаас шинээр бөө төрүүлж байна гэж хаа хамаагүй тааралдсан хүн бүхнийг бөө болох уг барих замд юуны тухгүй оруулж байгаагаагаас шалтгаалан ёс зүйг алдаж байгаа юм. Шинээр бөө төрүүлэх учир нь тухайн хүмүүсээ сайн судлаж, өөрийнхөө боломжит арга барилаар дүн шинжилгээ хийснийхээ үндсэн дээр л бөөгийн үйл ажиллагааны уг барих замд оруулж сургах нь илүү үр дүнгээ өгнө. Ялангуяа 13-25 насны үеийн хүүхэд, залуучуудын оюуны чадамж, удам угсааны талаархи, мэдрэхүйн шинж чанар, мэдлэг боловсролыг харгалзан шинжилсны үндсэн дээр бөөгийн үйл ажиллагааны сургалтын явц гэхэд 3-5 жилийн хугацаанд нь багтаах журмаар бөө мөргөлийн ерөнхий уг барихыг зөв гольдригоор нь оруулах хэрэгтэй шүү дээ.
    Ер нь ямар ч нөхцөлд бөөгийнхөө болон жирийн нөхцөлд ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байх үедээ зөв ёс суртахуунтай бөө хүн өөрийнхөө хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар ханддаж чаддаг байх ёстой. Бөө хүний ёс суртахуун хүсэл зоригийн хэм хэмжээнд нөхцөлдөж байдаг. Тийнхүү бөө хүний хүсэл зоригийн илэрхийлэл нь ёс суртахууны ба субьектив үйлдэлдээ байхаас гадна өөрийнхөө бөөгийн үйл ажиллагаанд явагдаж буй зорилгоо биелүүлж байгаа явдал бол субьектив талын чанараа хадгалагдаж байгаа шүү дээ. Иймээс бөө хүн нь ёс суртахууныхаа салбарт хүчирхийллийн нөхцлийг бүрдүүлж болохгүй. Яагаад гэвэл, бөөгийн болон жирийн нөхцөлд явагдаж буй үйл ажиллагаандаа зөв ухамсрын хэлбэр оршиж байх бөгөөд сүсэгтэн олон түмний харилцаа нь нааштай зөв хандлага тавих болно.
    Бөө хүний зан суртахууны хүрээнд бол субьектийн юу хийхээр төлөвлөж байгаагаа ухамсарлах мэдлэг, хүсэл зориг байх нь нэн чухал. Бөө хүний зан суртахуунт чанар оюун ухааны хэм хэмжээнд нь үндэслэн тодорхой үзэл санааны нөхцөл бүрдэх бөгөөд одоо амьдран буй иргэнийхээ нийгэмд тэгш бус байдал, бөө мөргөлийнхөө үйл ажиллагаанд ч гэсэн олон хуваагдмал үүсч бий болох зарчмыг ч үгүйсгээгүй.
    Үүнтэйгээ адил бөө хүний хэл соёлын уламжлалд ч гэсэн зан суртахуун гэсэн нэр томъёоллын утгаар уламжилж ирсэн учраас хамгийн эрхэм зарчмууд, харин бөө хүний ёс суртахуун нь зан байдлынхаа хувьд бол өвөг дээдсийнх нь түүхэн хувьсамтгай хэм хэмжээ юмаа гэж ойлгогдоно. Гэвч энэхүү үзэл нь одоогийн нөхцөлт байдлаар ёс суртахуун, зан суртахуун гэсэн ойлголтууд бол нэгэн адил утга агуулагдаж байгаа юм. Ер нь бөө хүн зан байдлынхаа хувьд ёс суртахууны хуульд захирагдах ёстой. Захирдагдаж байхын нөхцөлдөө ч гэсэн хуулиа эрхэмлэх нь чухал.
    Ийнхүү бөө хүн өөрийгөө хэт их дөвийлгөсөн талдаа орох юм бол бас л өрөөсгөл талтай болно. Тийм ч учраас бөөгийн байгууллагууд ба бөө болон иргэн бүхэн монголын улсынхаа үндсэн хуулийнхаа эрх, хэм хэмжээний дагуу хуулиа мөрдөж явах ёстой шүү дээ. Хуулиас гадуур ёс бусын зан араншин үүсгэх юм бол бөө хүн та олон түмнийхээ итгэл хайрыг хүлээж чадахгүйд хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
    Бөө хүн өөрөө өөртөө дүгнэлт хийж, зан суртахууныхаа тодорхойлолт хийж байх ёстой. Түүнээс гадна одоогийн бидний амьдарч байгаа нийгмийн тогтолцоон дахь янз бүрийн ёс суртахууны ертөнцөд бөө хүн өөрийгөө жишиж үзэх нь чухал. Яагаад гэвэл, бөө хүн өөрийгөө төлөвшүүлэх ёс суртахууны шинэ хэм хэмжээ, хууль дүрмийг сайн судлан өөрийнхөө нөхцөлт байдлаа боловсруулахад хүргэх байна. Ийм учраас одоогийн монголын нийгмийн тогтолцоон дахь байдалд шашны үйл явц ихээхэн газар авч байгаа юм. Үүний нэг нь бөө мөргөлийн үйл ажиллагаа хот болон хөдөө орон нутгийн хэмжээнд түгэн дэлгэрч байгаа учраас бөө хүн тухайн нөхцөл байдалдаа тохирсон жинхэнэ дүрэм боловсруулж үйлдэх чадвартай байх ба өөрийнхөө аливаа бөөгийнхөө үйл ажиллагаандаа ч гэсэн төлөвшсөн байх нь чухал ажээ. Өөрөөр хэлбэл, бөө хүний бөөгийн үйл ажиллагаан дахь цогц чадамжуудын нэг чухал зүйл бол ёс суртахууны хэм хэмжээндээ нийцсэн дүрмүүдийг боловсруулсныхаа үндсэн дээр түүнийгээ өдөр тутам дагаж мөрдөх чадвар л хэрэгтэй.
    Бөө хүний ёс суртахууны үүрэг:
    Бөө хүний ёс суртахуун нь бөөгийн үйл ажиллагааг хийж байх үедээ буюу жирийн нөхцөлд мөрдөж байх хоорондын холбоо уялдаа бүхий дараах үүргүүдийг өөрөө өөртөө дүгнэлт шинжилгээ хийснийхээ үндсэн дээр гүйцэтгэх нь:
    1. Бөө хүн дэлхийн орон орны ба монгол улсынхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд ч гэсэн тухайн орны болон монгол улсын үндсэн хууль ба өөрийнхөө ёс суртахууны хуулийг зөв чиглэлээр ухамсарч байж л түүнийг дагаж мөрдөн, байгаль эх болон хүн төрөлхтнийг энэрэл хайрын дээдээр хүндэтгэж, өөрийнхөө нэр хүндийг өндөрт авч явах нь чухал.
    2. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд зохицуулах үүрэг агуулагдана. Бөө хүн өөрийнхөө ёс суртахуунаар зохицуулах харилцаа маш өргөн бөгөөд тухайн нийгмийнхээ болон хувийн сонирхол, бөөгийнхөө үйлдлийг сайн үйлд чиглүүлэх ёстой. Яагаад гэвэл, ёс суртахууны зохицуулах зүйл нь бөө хүн ба сүсэгтэн олон түмний хоорондын харилцаа, нийгмийнхээ дотор бөө хүний зан араншин, биеэ авч явах байдал юм. Үүний зэрэгцээ, бөө хүн улс төр, шашныхаа нөхцөлд дам зохицуулагдана.
    3. Бөө хүн өөрсдийнхөө сурсан эрдмээ аль болохоор онол, практикийг зөв хослуулан боловсорсны үндсэн дээр бөөгийнхөө үйл ажиллагаандаа зөв чиглүүлэх ба бөөгийн сургалтыг ч гэсэн онол, арга зүйн аргачлалаар шавь нараа маш их чадварлаг арга барилаар сургаж байх ёстой. Тэгэхдээ шавь нараа өөрийнхөө онгод тэнгэртэйгээ ижилсүүлэх байдлаар хувцаслуулах, багаж хэрэгслийг нь ижилсүүлэх гэх мэт явцуу үзлийг бий болгохыг хориглох нь чухал. Яагаад гэвэл тухайн шинээр шавь болж байгаа бөө нарын өөрсдийнх нь асуудал учраас хүндэтгэлийн эрх хэм хэмжээг дээдлэх нь чухал шүү дээ.
    4. Бөө хүн бөөгийнхөө ба жирийн үйл ажиллагаанд бол хүмүүжлийн үүрэг гэж хүлээх байна. Бөө хүнийг нийгмийн тогтолцоон дахь хууль эрхийн хэм хэмжээг хүндэтгэн, өөрийгөө болон шавь, сүсэгтэн олон түмнээ зөв чиглэлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх үүргийг хүлээнэ. Иймээс бөө хүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй өөрөө өөртөө хэр зэрэг мэдлэг боловсрол, улс төр, нийгмийнхээ дотор хэр зэрэг биеэ зөв авч явж байна гэдгээр одоогийн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй түмэн олон чинь таныг үнэлэх болно. Бөө хүний ёс суртахууны мэдлэг боловсрол, хүмүүжлийн чиг хандлага нь бөөгийн ба жирийн үйл явцад ёс бус үйлдэл хийхээс сэргийлэх, ёс суртахууны төлөвшлийг хангах нь чухал.
    5. Бөө хүнд ёс суртахууны танин мэдэхүйн үүрэг гэж байна. Энэхүү нь бөө хүний нийгмийн тогтолцоон дахь харилцаанд ба хувийн ёс суртахууны ухамсрыг тусгах хэм хэмжээ, үзэл ойлголтуудыг илэрхийлэгдэнэ. Бөө хүний ёс суртахууны танин мэдэхүй нь ердийн болон онолын түвшнээр ялгаатай байна. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хувьсал түүний нийгмийнхээ тогтолцоондоо гүйцэтгэх үүрэг, зүй тогтлыг танин мэдэхэд ёс зүй онцгой үүрэгтэй салбар юм гэж ойлгох ёстой шүү дээ.
    6. Бөө хүний үнэлэмжийн үүрэг. Бөө хүн нийгмийнхээ тогтолцоонд амьдран буй үед өөрийгөө болон сүсэгтэн олон түмний зан байдал, ёс суртахууны хүмүүжилд үнэлгээ өгч байх нь чухал.
    Энэхүү утгаараа ч гэсэн бөө хүний чадварынхаа хэм хэмжээнд үнэлэмжийнхээ үүргийг гүйцэтгэх болно. Тийм учраас бөө хүн хаа хамаагүй иргэдтэй, шавь нартаа ёс бусын дарамтын зан үйлдлээр доромжлох, дарамтлах, өөрийгөө хэт дөвийлгөх, бөөгийн арга заслыг хийж байгаа үедээ ёсон бусын үйлдэл хийхийг аль болохоор хориглох нь чухал байна. Ийм учраас бүх бөөгийн байгууллагууд ч гэсэн анхааралдаа авч байх ёстой. Тухайлбал, ямарч ухамсаргүй зарим бөө нар би чаддаг, хараал хийж чадна, хүмүүн төрөлхтөнд ёсон бусын арга заслыг хийдэг асуудал мэр сэр бий. Энэхүү бөөгийнхөө арга заслуудыг тухайн иргэд, байгууллагуудад хийх нөхцөл бүрдэх үедээ хэт их мөнгөний хойноос явцуурхах нь нэр хүндийн асуудал учраас маш хүнд байдалд тулгарах болно.
    Бөөгийн байгууллагууд ба бөө хүний ёс суртахууны талаархи тодорхой хэм хэмжээний мэдээллийг улс орны болон төрийн ба төрийн бус байгууллагуудад, жирийн иргэдийн дунд ч гэсэн үзэл суртлын сурталчилгааг маш их зөв чиглэлтэй, зөв үндэслэлтэйгээр явуулж байх нь өнөө цагийн нийгмийн тогтолцоонд шаардагдаж байна.

    Бөө хүний ёс суртахууны үнэлэмж:
    Бөөгийн байгууллагууд ба бөө хүний үнэлэмжийн тогтолцоо нь тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь оюун санааны амьдралын бүхий л хэлбэрийг багтааасан байх бөгөөд тухайн бөөгийн байгууллагууд болон бөө хүний өөрийнх нь ёс суртахуун, гоо сайхан, үзэл санаа, сонирхлыг нэгтгэн илэрхийлдэг байна. Ёс зүйн тайлбар тольд “үнэлэмж нь субьектив ахуйн дотоод ертөнцийг зохион байгуулдаг эрхэмлэл, хүсэл эрмэлзэл, буян ба зорилго болно. Үнэлэмжийн эх сурвалж нь хэм хэмжээ юм” гэж тодорхойлжээ. Иймээс үндсэн агуулгаар бөө мөргөлийн хувьд бол бөөгийн ёс заншлийн гэж ангилагдана.
    Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь тухайн нийгмийн байр суурь, мэргэжил боловсрол, хувийн зохион байгуулалт, соёл, шашин шүтлэг зэргээс гадна угсаатны сэтгэл зүйгээс ихээхэн хамаарагдана. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж бол зөвхөн өөрт тохирсон үнэлгээ бус, бас үнэлэгч субьект, үнэлэгдэгч объектыг бөө хүн өөртөө багтаадагт байна. Энэхүү бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь хэм хэмжээ, эрхэмлэл, итгэл үнэмшил, хорио цээр зэрэг олон элементүүдийг багтаадаг учраас субьектийн үйлдлийн итгэл үнэмшил, чиглэл болж байдагт оршино. Бөө хүний үнэлэмжийн объект нь бөөгийн ба жирийн үйл ажиллагааны үйлдэл мөн. Тийнхүү үйлдлээр дамжин хүсэл эрмэлзэл, зорилго, сонирхол, мэдрэмж зэрэг бөө хүний ёс суртахууны чанар илэрч гарч байх ёстой.
    Бөө хүний үнэлэмж нь угсаа гарвал, соёл боловсролын түвшин, нийгэмдээ хэрхэн харилцаж байгаа хандлага, бөө мөргөлийнхөө шүтлэг гэх мэт олон хүчин нөхцлөөс шалтгааалдаг. Яагаад гэвэл, бөө хүний үнэлэмж нь бусад үнэлэмжтэй харьцуулахад үүсэл, гарлын хувьд хамгийн эртний үнэлэмж байсан учраас удамшсан, удамшаагүй гэсэн нэр томъёоллоор маш их өргөн агуулгатай.
    Бөө хүний ёс суртахууны үнэлэмжийг агуулгаар нь зол жаргал, нигүүсэл, ашиг, үнэн, сайн гэх бөгөөд тодорхой нөхцөл дэх шинж тэмдгээрээ эерэг, сөрөг байх нь олонтой. Жишээлбэл, нигүүсэл-зовлон, ашиг тус- хор уршиг, аюултай-аюулгүй, үнэн-худал, сайн-муу гэх мэт. Түүнээс гадна бөө хүний үнэлэмж нь тухайн бөөгийн хэрэгцээ, сонирхлоор ихээхэн тодорхойлогдоно. Бөө хүний ёс суртахууны үнэлэмжийн нийгмийн ач холбогдолтой тал нь гэвэл тухайн бөө хүний эрхэмлэх зүйлс болно.
    Энэхүү шалгуур нь бөөгийн үйлдэл ба жирийн үед хийгдэх үйлдэл бол:
    v Үр дагавар
    v Сэтгэл ханамж
    v Зөв байгаа эсэх
    Бөө хүний ёс суртахууны эрхэмлэх зүйлүүд нь хэм хэмжээтэй бүхий агуулгатай бөгөөд сүсэгтэн хүмүүсийнхээ сайн сайхан, амьдралд нь болох ашигтай үр дагаврын төсөөллийг багтаасан суурь ойлголтууд юм л даа. Яагаад гэвэл, нөгөө талаар бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь бөө хүний нийгмийн болон хувийн сонирхлыг тодорхойлох арга хэрэгсэл шүү дээ. Ийм учраас субьектын уг чанараас шалтгаалах бөгөөд бөө хүн бүхний ёс суртахууны үнэлэмж нь харьцангуй байдагт байна. Бөө хүний үнэлэмж нь тухайн бөө хүний ёс суртахуунтай салшгүй холбоотой. Бөө хүний ёс суртахууны үнэлэмж нь байгаль ертөнцийг танин мэдүүлэх, зохицуулах, хүмүүжүүлэх, удирдан чиглүүлэх, өөрийн гэсэн ёс журмын хэм хэмжээт үүрэгтэй байна.
    Бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ, үндсэн зарчмууд:
    Тухайн нийгмийн тогтолцоон дахь байдлыг харгалзан засаг төрөөс хуульчлан гаргасанг хүлээн зөвшөөрсөн, өдөр тутам дагаж мөрдөх шаардлагуудын цогцыг мөрдөхийн тулд бөө хүний ёс суртахууны хэм хэмжээ гэнэ. Бөө хүн болон сүсэгтэн олон түмний нийгмийн харилцаанд ёс суртахууны үүднээс тавигдах шаардлага нь уроамшуулан дэмжсэн, зөвшөөрсөн, хориглосон, үгүйсгэсэн, сануулсан, анхааруулсан, хувь хүний ухамсарт түшиглэсэн итгэл зэргээс илэрч болно. Тийм учраас бөөгийн үйл ажиллагаан дахь ёс суртахууны хэм хэмжээг Монгол Улсын үндсэн хуулийн хүрээнд түшиглэн хуульчлан гаргаж батлавал бөөгийн үйл ажиллагаан дахь эрх зүйн зохицуулалт бий болгох нь чухал болдог.

    Бөө хүний үндсэн зарчмууд:
    Бөөгийнхөө болон жирийн үйл ажиллагаагаа ёс горим, хэм хэмжээнд чиглүүлэх шаардлагыг бөө хүний ёс суртахууны зарчим гэнэ. Бөө хүний ёс суртахууны зарчмыг дараах нөхцөл байдлаар нь ангилна. Үүнд:
    v Бөө хүн өөрийн орчин ба дээд байгууллага, салбар, төвүүдийн эрх, үүрэг болон хэм хэмжээн дэх хууль дүрмийг хүндэтгэж байх
    v Бөө хүн бөөгийнхөө ба жирийн нөхцөлд ч тодорхой үйлдэлдээ төрт ёсоо, хуулиа дээдлэх
    v Бөө хүн бөөгийн үйл ажиллагааг хийж байгаа үедээ эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл санаа
    v Бөө хүн бөөгийн үйлдэл ба жирийн нөхцөлд байгаа үедээ хаа ч тохиолдол бүрт эв эеийг хүндэтгэн хичээх
    v Бөө хүн өөрийнхөө нинжин сэтгэл ба өглөгч сэтгэлтэй байх
    v Бөө хүн тухайн нийгмийнхээ тогтолцоон дахь нийт хүмүүн төрөлхтнийхээ нэр төр алдар хүндийг хайрлан хамгаалах
    v Бөөгийнхөө үйл ажиллагааг явуулж байх үедээ лус хангайгаа болон сүсэгтэн түмэн олондоо хичээнгүй, үнэнч шударга байх
    v Түмэн олонтойгоо хүнлэг энэрэнгүй хандаж байх
    v Бөөгийнхөө үйл ажиллагаандаа бөөгийн ба ардын уламжлалын ёс заншлийн дэг журмыг хатуу баримтлах зэрэг олон талт үйл ажиллагаандаа өдөр тутмын амьдралдаа хатуу мөрдлөг болгож байх хэрэгтэй.

    Бөө хүний өдөр тутмын бөөгийн ба жирийн үйлдэлдээ эрхэмлэж байх журмаас дурьдая:
    Ø Бөө хүн өөрийнхөө авъяас билгийг нээн илрүүлж, нийгмийнхээ тогтолцоондоо зөв байр суурьтай байх
    Ø Бөө хүн өөрийн бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ ялангуяа бөөгийн үйл ажиллагаанд холбоотой бясалгалыг өдөр тутам алгасалгүй хийж байх ба эрүүл ахуйн талаар анхаарч байх
    Ø Бөөс хүн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлэх, мэдээллийн төрөл бүрийн асуудалтай бүхнийг чадварлаг ашиглаж чаддаг байх
    Ø Бөө хүн өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмийнхээ орчиндоо тав тухтай, жаргалтай, шударга байлгахын тулд бөө мөргөлийнхөө үйл ажиллагаандаа чадварлаг харьцаж байх
    Ø Бөө хүн өөрөө өөргийгөө болон хүн ардынхаа төлөө явахаас гадна сүсэгтэн олон түмнийхээ айл гэрийн тэнгэрийг мандан бадруулж явахын төлөө эрхэмлэх
    Ø Бөө хүн үе удмынхаа ариун нандин онгод тэнгэрээ хүндлэж явах ба ахмадынхаа өмнө хүндэтгэлийн эрхтэй, хойч үедийнхээ өмнө тодорхой үүрэгтэй байх
    Ø Бөө хүн соёл иргэншилт хүн төрөлхтнийгөө хүндэтгэж, бусдаар хүндлүүлж баймааж нь хүнлэг бүрийг өөрийн гэж үүргээ хүлээх нь чухал.
    Ø Байгаль эхийн үр сад-Бид байгаль орчинтойгоо бөөгийн ба жирийн амьдралынхаа нөхцөлд зохицож, бөөгийнхөө үйл ажиллагаагаа хийнгээ байгалийнхаа хуульдаа захирагдаж байх ёстой гэсэн журмыг бүх амьдрах насаараа баримтлах.
    Тийнхүү дээрх бөө хүний нийтлэг бүхий ёс суртахууны зарчмуудаас гадна бөө хүн болон бөөгийн салбар, төвүүд нь өөрсдийнхөө эрх зүйн дагуу тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэхдээ тухайн орчин нөхцөлдөө тохирсон зарчмуудыг мөрдөж ч болох талтай.
    Бөө хүний ёс суртахууны хүмүүжил:
    Бөө хүний ёс суртахуунтай холбоотой дээрх хэм хэмжээ, зарчмын шалгуурт тэнцэх сайн бөө хүн ба иргэд бүхнийг төлөвшүүлэхийн тулд нийгмийн тогтолцоондоо тохирсон хүмүүжлийн янз бүрийн аргууд байх боловч тухайн бөө хүн болон салбар, төвүүд нь өөрсдийнхөө нөхцөлд тохируулан хэрэглэх нь зүйтэй. Энэхүү асуудал нь зөвхөн бөө хүн болон бөөгийн байгууллагуудтай холбоотой гүйцэтгэх ажил биш учраас нийгмийн бүх хүмүүс бүрийн хариуцлагатай холбоотой юм.
    Бөө хүний ёс суртахууны хүмүүжлийг бөөгийн ба жирийн үйлдэл бүрт өөрийн биеэр үлгэрлэх, бөөгийн арга заслын үеэр ч, хөдөлмөрөөр, соёл, аман зохиол, ном эрдмээр, бөөгийн болон ардын уламжлалт сургаалаар дамжуулан эзэмшүүлэх нь чухал.
    Түүнээс гадна ардын ёс заншил, билиг сургаал нь бөө хүний үйлдэл, сэтгэл, оюуныг зөв замд нь чиглүүлэх, ёс бусын буруу үйлдэл хийхээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн ёст бөө хүний төлөвших үндэс суурь юм л даа.
    Бөө хүн өөртэйгээ, бусадтай, байгальтай, нийгэмтэй харьцах ёс суртахууны эрхэм чанарыг эзэмшүүлэх, ухамсарлуулах үйл ажиллагаа, тийнхүү үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэж тодорхойлно. Яагаад гэвэл, бөө хүний ёс суртахууны хүмүүжил нь байгаль болон хүн төрөлхтөнтэйгээ харьцах хоорондын харилцааг зохицуулаад ч төдийгүй бөө хүнийг төлөвшүүлэх, түүний хувийн ухамсар төлөвшихөд идэвхтэй нөхцлийг бүрэлдүүлж өгдөг байна. Ийнхүү ёс суртахууны хүмүүжлийн үр дүн бол:
    Ø Бөө хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Ийнхүү нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь, бөө хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
    Ø Бөө хүнд ёс суртахууны мэдрэмжээ зөв удирдах итгэл зүтгэлийн үнэмшилтэй болох ёстой.
    Ø Бөө хүн бөөгийнхөө үйл ажиллагааг хийж байх үед буюу жирийн нөхцөлд нийгмийн доторхи байгаль эх, хүн төрөлхтөнтэйгээ харьцаж буй харилцааны соёл, сайн сайхан бүхнийг амьдруулах арга засал, бусдыг манлайлах чадвар, биеэ зөв авч явах ёсонд суралцах зэрэг ихээхэн ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна.

    Иргэн бүхний бүхний баримталбал зохих төрийн хуулиудын хэм хэмжээ, түүнээс гадна сүсэгтэн олон түмний, ялангуяа бөө мөргөлийн нөхцөл дэх бөө хүний баримталбал зохих тухайн тодорхой бөө мөргөлийн хэм хэмжээний зэрэг байваас албадлагын үйлчилгээтэй байх нь тодорхой шүү дээ. Харин зарим нөхцөлд бөө хүнд тохиолдох ёс суртахууны хэм хэмжээнүүд албадлагын шинжгүй байх үе бий. Энэхүү нөхцлийг тухайн бөө хүний ёс суртахууны ухамсар л тодорхойлогдох бөгөөд ёс суртахуун бол хүмүүс хоорондын харилцааныхаа хэм хэмжээг тасралтгүй шинэчлэн бүтээхүй байх нь түүний мөн чанар л оршино.
    Бөө хүн болбоос өөрийгөө үнэлэх, бусдаар үнэлүүлэх, улмаар энэ хоёрт хоёуланд нь өртөх зэрэг ёс суртахууны үнэлгээний янз бүрийн хэв маягийн объект болж байх нь олонтаа. Жишээлбэл, бөө хүний нэр хүнд бол нэг юм уу, бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагын зүгээс хүмүүс ба сүсэгтэн олон түмний итгэл үнэмшил, бишрэл, шүтлэгт болон зан араншингийн үйлдэлд нөлөөлөх замаар бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагааг нь бөө хүн өөртөө чиглүүлдэг арга, бөөгийнхөө ёс дэглэмдээ ч гэсэн тодорхой нэгэн хэлбэр мөн.
    Бөө хүний нэр хүнд бол итгэл, бишрэл, шүтлэг, эсвэл аргагүйдэх, айх, түүний дотор янз бүрийн хэл ам гарахаас сэтгэл тавгүйдэх гэх мэт зэрэг сэтгэл зүйн янз бүрийн хүчин зүйлийг ашиглан тогтох нөхцлийг бүрэлдүүлэх үе бий. Тийнхүү бөө мөргөлд бол дээд нэр хүндэт эхлэл нь тухайн бөөгийн дээд шүтээн нь онгодонд түшиглэсэн Мөнх тэнгэрийн хүчин гэж байдаг. Ер нь бөө хүний нэр хүнд бол шударга ба шударга биш, тайван ба хүчирхийллийн гэх мэт янз бүрийн арга замаар тогтохоос гадна энэ нь нэр сүрээр дамжин хэрэгждэг байна.
    Бөө хүн нэр сүр бол тухайн нөхцөл дэх нэг юм уу, хэсэг бүлэг хүмүүс, олон нийтийн байгууллагуудын өмнөх бөөгийнхөө үйл ажиллагаа, зан араншинд, мөн энэ талаархи цаашдынх нь хандлагад бусад холбогдох шинэ шавь бөө ба иргэд, сүсэгтэн олон түмний зүгээс л ёс суртахууны үнэлэлт, дүгнэлт өгдгийн үр дүн ба илэрхийллийн мөн чанартай холбоотойгоор оршино. Тухайн бөө хүн ба бөөгийн байгууллагууд ч гэсэн эерэг юм уу, сөрөг аль нэг нэр сүр бүхий байх нь бодитой юм уу, субъектив янз бүрийн шалтгаантай байж, улмаар энэ нь тэрхүү бөө хүн ба бөөгийн байгууллагын нэр хүндэд бас эерэгээр юм уу сөргөөр хүчтэй нөлөөлөх нөхцөл бүрэлддэг шүү дээ.
    Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд бол ганц нэр сүрээс шалтгаалдаг биш шүү. Тухайн нийгмийн тогтолцоонд болж буй удирдах, шийдвэр гаргах албан байр сууринд буй бөө хүн ба бөөгийн байгууллагууд байваас сайн нэр сүр олж авч чадахгүй юм уу, түүнээ алдсан үед ч гэсэн нийгэмд амьдарч буй хүмүүсийн тархийг угаах, эсвэл хүч хэрэглэх юм уу, хэрэглэхээр заналхийлэх зэрэг арга хэрэгслүүдийг ашиглах үндсэн дээр бөө хүн нэр хүндээ харьяа иргэд ба байгууллагуудад албадан тогтоох нь ч байдаг.
    Бөө хүн ба бөөгийн байгууллага нь албадан нэр хүндийн зарим асуудал нь хүн амд эерэг ач холбогдолтой байдгийг үгүйсгэж болохгүй шүү дээ. Жишээлбэл байгалиа хамгаалах, газар лустайгаа зөв харьцах, бөөгийнхөө үйл ажиллагаагаа зөв гольдригоор нь үйлдлээ хийх, аливаа нөхцөл дэх гэмт хэрэгтэй тэмцэх зэрэгт бол албадлага, хүч хэрэглэх үйл ажиллагаа нь тийнхүү үйл ажиллагаануудын хууль-эрх зүйн үндсийг бүрдүүлсэн болон хэрэгжилтийг нь хангаж буй холбогдох бөө хүмүүс ба бөөгийн олон нийтийн байгууллагуудад сайн нэр сүр авчирах нь зүй ёсны хэрэг мөн.
    Бөө хүн нэр хүндээ зөв ойлгож, эзэмшиж, илэрхийлэх нь нэг талаар өөрийнх нь идэвхи, санаачлага, үйл ажиллагааных нь зайлшгүй үр дагавар юм уу, азтай тохиолдол зэргээс, нөгөө талаар нийгэм, төр, сүсэгтэн олон түмнийхээ хүрээллийнх нь нөлөө, нөхцөл байдлаас, өөрөөр хэлбэл объектив ба субъектив, зайлшгүй ба тохиолдол шинжтэй, азтай ба эзтэй янз бүрийн хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна шүү дээ.
    Яагаад гэвэл, бөө хүний нэр хүнд аливаа амьдарч байгаа нийгэмдээ хамаарах ёстой байдаг бол нэр төр нь тухайн холбогдох бөө хүнд бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үедээ олж авсан сайн нэр сүрийнх нь хэм хэмжээ, далайцаар хэр зэрэг нөлөөлж байдгаар нь тодорхойлогддог юм.
    Түүнээс гадна нэр төр нь бөө хүн ба бөөгийн байгууллагад харилцан адилгүй үйлчилнэ шүү дээ. Тийм учраас одоогийн амьдран буй нийгмийнхээ дотор бөө хүн ба бөөөгийн байгууллагууд харъяалагдаж буй нийгэм, давхраа, язгуурынхаа нийгмийн байр суурь, эрх ашигт нийцсэн нэр төрөө илүү хайрлан хамгаалах ёс суртахуунтай л холбоотой асуудал шүү дээ. Жишээлбэл, өнөөгийн эрин зуунд амьдран буй нийгмийнхээ нөхцөлд бөө хүн өөрийгөө хэдэн үе удам дамжсан, олон шавь төрүүлсэн, юм болгоныг хийж чаддаг гэгчээр нэр төрөөрөө бахархаж, жирийн ард түмнийг доод давхрааныхан гэж хэмээн басамжлах, улмаар тухайн ард түмэнтэйгээ ёс зүйгүй харьцах, их биеэ тоосон, мэдлэг боловсролоор бага тийм бөө хүн нь нэр төрөө булингартуулна гэхээс биш сайн нэр төртэй болно гэдэг нь тийм ч амаргүй.
    Ер нь бөө хүн ба бөөгийн байгууллагууд нь аливаа нийгмийнхээ нөхцөл дэх бүх давхрааныхаа ард түмэнтэйгээ эв эе, найрамдалтай, элэгсэг дотно, бөөгийнхөө ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа нэр төртэй, нийтлэг ёс суртахууныхаа хэм хэмжээгээ хүндлэн сахидаг байх нь хамгийн гол эрхэм зорилго мөн.
    Нэр хүндтэй бөө хүн ба бөөгийн байгууллага нь түмэн олноор хүрээлүүлснээр түмэнтаа хүндлүүлнэ, тэр боломжоороо түмэн олныхоо өмнө ихээхэн хариуцлага, итгэл найдварын хүлээх болно. Түмэн олноор хүндлүүлэхээс гадна бөө хүн ба бөөгийн байгууллага нь өөрсдийнхөө хүчинд итгэж, өөрсдөөрөө бахархаж явах ёстой юм. Түмэн олноос нэр хүнд, энэрэл хайраар хайрласан нөхцөлдөө өөрсдийнхөө алдар хүндийг буруугаар ашиглах, хариуцлагаа ухамсарлахгүй, бөөгийн ба жирийн нөхцөл дэх үйл ажиллагаандаа ажиллах эрч хүчээ сааруулах зэрэг нийтлэг бүхий дутагдлууд байдаг нь ёс суртахууны асуудалдаа хайнга ханддагийн илрэл мөн.
    Тийнхүү бусдыг манлайлахын тулд бөөгийнхөө ба жирийн нөхцөлдөө үнэнч шударга, урагш тэмүүлсэн эрч хүч, зөв шийдвэр гаргах чадвар, үр ашигтай удирдах, удирдуулах арга барилыг чадварлаг эзэмших нь чухал.

    “Монгол туургатны Номт цагаан тэнгэр бөөгийн төв”-ийн тэргүүн, бөө судлаач, зайран С.Лхагважав.