Author: admin_shaman

  • ӨНГӨРСНИЙ ҮНЭН, ӨНӨӨДРИЙН МААНЬ БАЙГАА ЦАРАЙ…

    Африк тив цөөхөн хүн амтай, нэр, нөлөө нь нэн сул, Азийн зүүн өмнөд, өмнөд хэсэг ч сайн таньж мэдэгдээгүй, яг хэрэг дээрээ бол Европ, Ази хоёр л “Дэлхий дахин”-ыг идэвхтэй төлөөлж байв. Африк тив 1950 онд дөнгөж л 221 сая хүн амтай байсан бол харин одоо нэг тэрбум гаруй оршин суугчтай болжээ. Дээрх байдлыг тооцох юм бол тэр цагийн монголчууд дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзэлсэн буюу нөлөө, хамаарлаа тогтоож чадсан гэж хэлж болох юм. “Дэлхийн хагасыг эзэлсэн” гэх үг, үнэлгээ бол 13-р зуунд огт тохирохгүй хэмжээ, баримжаа болно. Гэхдээ бид энэ тухай биш, харин ижилгүй хүчирхэг энэ эзэнт гүрэн, Их Монгол улс чухам юунас болоод, яахлаараа 1911 оны хэмжээ, түвшинд хүртлээ унаж, доройтсон болохыг товч авч үзье. Энэ талаарх түүхэн үнэнийг таних, хэлэх цаг, боломж одоо, бидний үед л тохиогоод байна. Харьцуулах жишээ, баримт ч хангалттай тоо, хэмжээнд бэлээхэн буй болжээ.

    13, 14-р зуунд Их Монгол улс, Их Юань улс, Алтан ордон улс, Ил Хаант улс, Цагаадайн улсын нэгдсэн их цэрэг, зэвсгийн эсрэг тулах гадны хүч хаана ч байсангүй. Ингэхлээр Монголын эзэнт гүрэн дотооддоо гэдсэндээ хөлөө хийлцсээр өөрсдөө өөрийгөө мөхөөжээ. Энэ бол Чингис хааны хөвгүүд, ач нарынх нь хийсэн ажил. Товчхондоо яг тийм. Харин Их Монгол улс бас л Чингисийн удмын ноёдын увайгүйгээс болж мөхсөн юм уу? Эсвээс Их хааны засаглалын хомсдол удтал нүүрэлснээс болсон уу? Өвөр Монгол, Ар Монгол, Баруун Монгол, Буриад Монгол, Халимаг Монгол гэх мэтээр бутарч, шил шилээ харцгаасан нь мөхлийн үндсэн шалтгаан байв уу? Энд цэрэг-зэвсгийн хатуу хүчин зүйл гол үүргийг гүйцэтгэсэн үү? Эсвээс хөрш орнуудын удирдлагын “зөөлөн бодлого” гол хөнөөлийг тарьсан уу? Их Монгол улсыг задалж, бутрааж, бага буурай болгож, ядууруулж, хүн амыг нь цөөрүүлж, мухар сүсэгт бүрэн автуулж, цэрэг арми ч үгүй, зэр зэвсэг ч үгүй, биеэ даасан төр, засаг ч үгүй болгоно гэдэг бол тийм амар ажил биш, нэг улсын төр, засгийн дангаараа, ганцаараа хийчих ажил ер биш юм.

    Сайтар нягтлах аваас энэ том хэрэгт наад зах нь Манж, Хятад, Төвд, Оросын төр ил болон далд, шууд болон хөндлөнгийн замаар идэвхтэй, бодлоготой, хамсан нэгдэн оролцжээ.

    Нэгэн цагт нэгдэж, томорч, хүчирхэгжиж, хөршүүдээ бүгдийг нь эзэлж, захирч байсан монголчуудаас дээрх дөрвөөр ч зогсохгүй ер нь л олон улс орон болгоомжилж, болвол л монголын хүч, чадавхийг сулруулахыг бодолгүй ч яах билээ. Харин монголчууд бид л ингэнэ гэдгийг нь тооцож, ямагт болгоомжтой, хянуур байх ёстой юм. Харамсалтай нь тэгэж чадсангүй. Дээрх дөрвөн орны эрх баригчдын арга, заль, мэхэнд автаж эрхшээл, нөлөөнд нь орчихжээ. 16-р зууны дундуураас Төвдийн шарын шашны мунхруулга, мөлжлөгт, 17-р зууны эцсээс Манжийн төрийн хүчирхийлэлд, 18-р зуунаас Хятадын худалдаа-мөнгө хүүллийн мөлжлөгт автаж дээр нь удаах зуунаас Оросын түүхий эдийн нэгэн бааз болж хувирчээ. Ингэж Манж, Хятад, Төвд, Оросын дөрвөн давхар мөлжлөг, дарамтанд орсны улмаас л монголчууд бүх талаар доройтсон байна. Улс төрийн дарангуйлал, эдийн засгийн мөлжпөг, оюун санааны амьдралын мунхруулгад автсан улс орон, хүн ард аажмаар мөхдөг жамтай билээ. Энэ л замаар орцгоожээ.
    Дээр дурдсан дөрвөн улс орны удирдлага санаатайгаар, далдуур хуйвалдаж, бодлогоор Монголыг мөхөөх нууц зорилгоо хэрэгжүүлсэн байна. Гэхдээ энэ хэрэгт дурдсан дөрвөн орны ард түмэн ямар ч буруугуй юм. Тэд төр, засгийнхаа бодлого, шийдвэр, хууль, тушаалд захирагдаж зөвхөн “шатрын хүү” болж ашиглагджээ. Энэ хэрэгт эдгээр дөрвөн орны өнөөдрийн удирдлага ч шууд утгаараа бол холбогдолгүй юм. Өнгөрсөн түүхэн үйл хэрэг, үзэгдэлд хожуу цагийн хүмүүсийг буруутгаж болохгүй билээ. Ер нь нэг ард түмнийг нөгөө ард түмний эсрэг тавих, турхирах нь ялтай хэрэг, хол явах хор хөнөөлтэй үйлдэл. Оюунлаг, сэхээтэн хүн бүр энэнийг мэддэг, сахьдаг даа…

    16-р зууны дундуураас 20-р зууны эхэн хүртэл Монголын хүн ард, газар нутгаас олсон ашиг, орлогоороо Манжийн хаад, Хятадын худалдаачид, Төвдийн лам нар, Оросын худалдаа аж үйлдвэрийн эзэд бараг л энэ тэнцүү байсан болов уу. Энэ нь дээр Герман, Америк, Англи мэтийн орны бизнесменүүдийн олсон, завшсаныг нэмэх аваас монголчуудын алдсан, хохирсон их баялгийн нийт дүн гарах учиртай.
    Монголчууд бид шашин, сүсэг бишрэлийн үндсэн дээрх мөлжпөгийн талаар ер нь огт боддоггүй, тооцдоггүй, сонирхдоггүй явж иржээ. 300 шахам жилийн туршид бид үнэ цэнэтэй бүхнээ л өргөл, мөргөлд, лам багш нартаа, сүм хийдүүдэд, Лхасын оройн дээд гэгээнтнүүд, сүм хийдүүд, олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, хутагтуудад барьсан даа. Лхас, Утаа Гүмбэм хүрэх замын холд ч мөн ихийг зарсан. Олон дүрийн Далай лам, Банчен эрдэнэ, Богд гэгээн, хутагт хувилгаадын олонх нь төвд лам нар байжээ. Тэд бүгд л монголчуудын өглөгөөр баяжсан нь түүхийн үнэн юм. Тэд Монголчуудыг “эрдэм ухаан, ид шидээрээ” дэмжиж, өөд нь татсансан бол 1911 оны Монгол орны нүүр царай огт өөр байх байсан бизээ…
    Нийт даяараа ядуурсан, ноёд язгууртнууд нь хүртэл ихээхэн өртэй, Хүрээ, хийд бүхэнд л гуйлгачид цугласан, дэлхий нийтийн хөгжпийн дундаж түвшнээс ч хол хаягдаж гээгдсэн, ёстой л “Өр, бөөс өвчинд баригдсан, сая ч хүрэхгүй хүн амтай, хязгаарын бөглүү нэгэн муж” гэгдэж Ар Монгол үнэлэгдэх болсон байв. Энэ бүхэн үнэн юм шүү. Эдүгээ бид харин ямар замаар ороод, хаашаа, хэрхэн явж байна вэ?

    Монголчууд биеэ даагаад бүгд гэр оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан, эрүүл чийрэг, хэнээс ч хамааралгүй шахам явахад дутах зүйл үгүй нь үнэн. Мал ч өсгөсөн, тариа ногоо ч тарьсан, уул уурхай ч хөгжүүлсэн, утас ээрч давуу ч нэхсэн, нүүрс-химийн аж үйлдвэр ч эрхэлсэн, нефть нэрж бензин, шатдаг хий ч бэлдсэн гэсэн бүгд л боломжтой.

    Тиймдээ ч “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үг гарсан буй заа.
    Гэтэл энэ үг өнөөдөр яг л эсрэгээрээ хэрэгжих болоод байна. Энэ байдлыг зассан шиг засчих нам, төр байна уу? Олныг нуршаад яах вэ?

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ЦЭЭРЛЭХ ЁСОН

    -Давсыг гараараа өгөх, авахыг цээрлэнэ. Заавал юман дээр тавьж өгч авалцана.Аргагүй авах бол алганы ар дээр тавиулж авна. Гар хуруугаар атгаж, чимхэж авч өгөлцвөөс өстөн болно гэнэ. -Давсгүй цай, хоол аягалахыг цээрлэнэ. Зөрчвөөс хойт төрөлдөө нүцгэн явна гэх буюу тухайн өдөр үйлс бүтэхгүй болно гэнэ.
    -Давхар биетэй эмэгтэй нас барвал хүүхдийг нь салган авахгүй хайлах, оршуулахыг цээрлэнэ. Заавал салгадаг ёстой. Учир нь талийгаач үрийн эх учраас төрөл аваад бүтээгүй хүүхдийн хойшдын зам мөрд саад болох учиргүй гэснийх бөлгөө.
    -Дуутай ширүүн бороотой үед унаа моринд хазаар зүүхийг цээрлэнэ. Зүүвээс аянга цахилгаан дайрч мэднэ гэнэ.
    -Дуутай бороо орох үед мал саахыг цээрлэнэ. Зөрчвөөс тэнгэрийн дуунд харш гэнэ.
    -Дэлэнг зарим нутагт идэх огтлохыг цээрлэнэ. Малын дэлэн сүү саалийн эх булаг тул эхтэй хүн, мал сүрэгтэй айлынхан идэхийг цээрлэдэг заншилтай байжээ.
    -Дэлүүг махтай нь хаяхыг цээрлэнэ. Заавал махнаас салгаж тавина.
    -Дэлүүг хазаж идэхийг цээрлэнэ. Идвээс заавал хутгаар огтлон идээд үлдвээс галд өргөн түлдэг ёс буй.
    Гал голомттой холбоотой цээрлэх ёс
    -Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэсвээс хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ гэнэ.
    -Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ.
    -Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана.
    -Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.
    -Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ.
    -Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ.
    -Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.
    -Гантай жил хуурай өвс, бут, модтой газар гал түлэх, түүдэг асаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал алдана, түймэр тавина гэнэ. Зайлбаргүй асаах бол болгоомжтой сэрэмжтэй үйлдэнэ.
    -Ганц мод бариад гэрт орохыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс модоо барьсан гуйлгачны шинж үзүүлэв муу хэмээнэ.
    -Гахай өдөр нүүхийг, гал таслахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өлзий бус болно гэнэ.
    -Гахай өдөр шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэнэ.Зөрчвөөс үйлс бүтэл хазгай болно гэх буюу үхэл хагацал дайрна гэнэ.
    -Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ.Зайлна хэмээн үл шатаана.
    -Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын бэлгэ тэмдэг хэмээн монголчууд үздэг бөлгөө.
    -Голомтын гал дээр ус асгахыг цээрлэнэ. Асгаваас гал голомт балрах муу ёр хэмээн жигшинэ. Ер гал, ус харшийн учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унтраах буюу бачуу хэрэг тохиолдвол “Галын бурхан та хөлөө татаарай” хэмээн хэлээд цээр арилгана
    1. Хэвтэж хоол идэхийг цээрлэнэ. Өвчтэй хүн хэвтэж идэх гэх.
    2. Зогсоогоор хоол идэхийг цээрлэнэ. Яараад байна уу сууж ид гэх.
    3. Ном уншсаны дараа суниахыг цээрлэнэ. Сурсан юм сугаар гарна гэх.
    4. Тогоон дотор хоолны халбага хийж орхидоггүй гэх. Чөтгөр долооно, тухайн айлын ажил үйлс бүтэхгүй гэх.
    5. Хоол унд идчихээд халбага сэрээгээ аяган дотроо хийчихээд гэрээс гарвал явсан ажил бүтэхгүй гэх.
    6. Идсэн аяга тавгандаа халбага сэрээгээ хийж орхиж, хонуулж болохгүй ажил үйлс бүтэхээ байна гэх.
    7. Аяга долоодог, таваг долоодоггүй.
    8. Хүний ул руу өшиглөдөггүй, муудалцана гэх.
    9. Гэрийн буурин дээр гишгэдэггүй
    10. Тэнгэр лүү гэрэл тусгахыг цээрлэнэ.
    11. Исгэрэхийг цээрлэнэ. Сэтгэлд хий орно гэх.
    12. Багана тэвэрдэггүй. Баганы зовлонг үүрнэ гэх.
    13. Гэрийн багана хоорондуур гардаггүй.
    14. Гэрлийн шонгийн шургааг доогуур гардаггүй чөтгөртэй уулзана гэх.
    15. Гал руу ус хийдэггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    16. Галаар тоглодоггүй. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    17. Босгон дээр суудаггүй.
    18. Тотгоноос дүүжлэгдэггүй.
    19. Толгойгоо салаавчилдаггүй.
    20. Шанаагаа тулдаггүй.
    21. Уургаа газар тулдаггүй.
    22. Голын нуурын ойролцоо бие засдаггүй.
    23. Голын эхэнд айл буудаггүй.
    24. Цамцныхаа захыг толгойгоо бүтээн өмсөхийг цээрлэх. Эхийгээ алсан хүн тэгж өмсдөг гэх.
    25. Гэрийн ойр орчим тарвага амьтаны үүр байвал агнадаггүй.
    26. Уурган дээгүүр алхаж гардаггүй
    27. Явган суудаггүй. Нохой суулт гэх.
    28. Том хүний яриа сонсохыг цээрлэнэ. Иймээс гэрт зочин ирвэл хүүхдүүд зөрөөд тоглохоор гардаг
    29. Хоол хаяхыг цээрлэнэ. Амны хишиг ар дээрээ гарна гэх
    30. Хоолоороо тоглохыг цээрлэнэ.
    31. Сүүн дээр ус хийхийг цээрлэнэ. Усан дээр сүү хийнэ.
    32. Гутлаа чирж явдаггүй
    33. Малгайгаа буруу харуулж өмсдөггүй.
    34. Малгай давхарлаж өмсдөггүй. Хоёр эхнэртэй болно гэх.
    35. Өөрийн нэрээ голдоггүй
    36. Хүүхдийг бүтэн нэрээр нь дуудна. Бүтэн нэртэй бүрэн заяатай гэх.
    37. Бурхан шүтээн рүү хөлөө жийхийг цээрлэнэ.
    38. Гол нуурын усанд юм угаахыг цээрлэнэ.
    39. Хүний дээгүүр алхаж гарахыг цээрлэнэ. Үхсэн хүний дээгүүр алхаж гарна гэх. Бөхчүүд давсан бөхийнхөө дээгүүр алхаж гарч болно.
    40. Эрхий хуруугаа хөхөхийг цээрлэнэ. Ээж нь үхнэ гэнэ.
    41. Их унтахыг цээрлэнэ.
    42. Хүний бүсэлхийнээс дээш шавьж суувал тэр шавьжийг алдаг. Хийморьт муу гэх.
    43. Газарт гадас шааж орхихыг цээрлэнэ. Нүүхдээ гадсаа аваад сүү дусааж домнодог.
    44. Газар аяга таваг тавьдаггүй.
    45. Аяга тавагтай хоолон дээгүүрээ алхаж гардаггүй.
    46. Хаалга руу толгойгоо харуулж унтдаггүй.
    47. Хөлөө ачиж суудаггүй. Зовлонгоо ачлаа гэх.
    48. Ширээ өнцөгдөж суудаггүй.
    49. Хүнд хутга хайч гэх мэтийг өгөхдөө иртэй талаар өгөхийг цээрлэнэ. Бариултай талаар нь өгөх.
    50. Хутганы ир дээш нь харуулж тавьдаггүй.
    51. Тогооноос хутгаар мах зоож авахыг цээрлэнэ.
    52. Гэрийг нар буруу тойрохыг цээрлэнэ.
    53. Эмэгтэй хүний хормойн доогуур толгойгоо шургуулахыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    54. Хүний мөрөн дээр гараа тавихыг цээрлэх. Хийморьт муу гэх.
    55. Амандаа дуу аялдаггүй. Сэтгэлд хий орно гэх.
    56. Сүүн шүд унахад шүдэн завсараараа хэлээ оруулж болохгүй гэж сургах. Муухай шүд ургана гэх.
    57. Шүдэн завсараар орсон махыг утсаар авахгүй байх. Зай гарна гэх.
    58. Хаалга гарцаар ухарч гарахгүй гэх.
    59. Түлхүүр ширээн дээр тавьдаггүй.
    60. Хумсаа шөнө авдаггүй. Төөрнө гэх.
    61. Далны ясыг ганцаар иддэггүй. Далуулаа хувааж иддэг гэх.
    62. Хоёр хүн хөлийн улаа нийлүүлдэггүй. Муудалцана гэх.
    63. түлхүүр эргүүлдэггүй. Эргүү болно гэх.
    64. Нохойтой зургаа авахуулдаггүй.
    65. Шөрмөсөө дуугаргадаггүй. Шөрмөс сунана гэх.
    66. Хонины хоосон сүүж гэрт хонуулдаггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    67. Өөд өөдөөсөө харж ярихыг эрхэмлэнэ. Солонгос кинон дээрх шиг нэг нь нуруугаа харж ярьдаггүй
    68. Аавын буйд сахал тавихыг цээрлэнэ.
    69. Аягатай хоол цай зөөхдөө эрхий хуруугаа аяганы амсар давуулан дотор нь хийж зөөхийг цээрлэнэ.
    70. Аягатай хоол цай зөөхдөө 5 хуруугаараа битүүлж барихыг цээрлэнэ. Үхлийн барилт гэх.
    71. Ахмад настны өмнүүр босч явахыг цээрлэх.
    72. Шувууны өндгөнд сүүдрээ хүргэхийг цээрлэх.
    73. Хүний толгой руу хөлөө жийж суух, хэвтэхийг цээрлэх.
    74. Урт настай амьтан алахыг цээрлэх. Нас богиносоно гэх.
    75. Цэцгийн толгой тасддаггүй гэх.
    76. Элгээ тэвэрдэггүй.
    77. Аяга таваг хөмрүүлж тавьдаггүй. Хоосорно.
    78. Арц асаахдаа үлээж унтраадаггүй. Гараараа сэвэрч унтраах.
    79. Бурхан шүтээний өмнөх хоосон аягыг хөмрүүлж тавих.
    80. Гутлын алчуурыг шидэж өгөх. Гараас гарт дамжуулж өгөхийг цээрлэнэ.
    81. Айлын бурхан, шүтээн, хойморын авдарын өмнүүр эс бөгөөс зуух, тулгын галын эхээр нар буруу тойрч гарахыг цээрлэнэ. Хүндлэхийн учир тийн бөлгөө.
    82. Гол мөрний ус руу нулимахыг цээрлэнэ.
    83. Ташуур газар тулахыг цээрлэнэ.
    84. Нуруугаа үүрэхийг цээрлэнэ.
    85. Айлд нуруугаа үүрч зогсохыг цээрлэнэ. Хэрвээ тийн үйлдвээс ихэрхэж, дээрэлхүү аашилж буйн тэмдэг гэх буюу ялд унан баривчлагдаж ардаа гараа хүлүүлэхийн муу ёр гэнэ.
    86. Сүлсэн цайг буцалсан хойно нь самрах. Эхийн урагтай адилтгах.
    87. Сүү асгахыг цээрлэнэ.
    88. Ам руугаа цутгаж идэхгүй.
    89. Завьжаараа асгаж цутгаж унд уухгүй. Сэтэрхий уруултай юм уу гэж сургах.
    90. Монгол хүн амандаа мод зуудаггүй. Залгивал яана гэж сэрэмжлэх.
    91. Далны яс мөлжихийг цээрлэнэ.
    92. Ширээн дээр суудаггүй. Өрөнд орно гэнэ.
    93. Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ.
    94. Хүний суган доогуур, хөлөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамагүй.
    95. Гэрт шүгэлддэггүй. Чөтгөр шүглэнэ гэх.
    96. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. оймс, гутал орно.
    97. Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх.
    97. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг.
    98. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй.
    99. Хүүхдийн толгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх.
    100. Хоёр хүүхэд шээсээрээ тоглож шээхийг цээрлэнэ.
    101. Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх.
    102. Гараа хоосон савчдаггүй.
    103. Цустай зүйл гал руу хийдэггүй. (шатаадаггүй)
    104. Алгаа хоосон ташдаггүй.
    105. Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ.
    106. Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх.
    107. Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
    108. Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ.
    109. Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ.
    110. Хэвтэж ном уншдаггүй.
    111. Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй.
    112. Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй.
    113. Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
    114. Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
    115. Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морьны уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн.
    116. Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх.
    117. Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй.
    118. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй.
    119. Буруу гараараа юм өгч авалцдаггүй.
    120. Нохой зардаггүй
    121. Модны мөчир дээр гишгэх авирахыг цээрлэнэ. Ургалт нь зогсдог гэх.
    122. Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах.
    123. Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх.
    124. Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг.
    125. Ахмад хүний яриа тасддаггүй. Хүндлэхийн учир бөлгөө.
    126. Хүн рүү хар ус цацдаггүй
    127. Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
    128. Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг
    129. Ванны өрөөний хаалга онгорхой орхидоггүй. Хааж байх.
    130. Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх.
    131. Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг.
    132. Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна.
    133. Хайч ангалзуулдаггүй.
    144. Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй.
    145. Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.
    146. Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана.
    147. Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй.
    148. Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй.
    149. Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй.
    151. Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.
    152. Толгой сэгсэрдэггүй.
    153. Хүний нүүр лүү нулимдаггүй.
    154. Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй.
    155. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй.
    156. Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан.
    157. Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг
    158. Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй.
    159. Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл.
    160. Харанхуй шөнө үсээ самнадаггүй.
    161. Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй.
    162. Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй.
    163. Хүний малгай өмсөх цээртэй.
    164. Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй.
    165. Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.
    166. Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.
    167. Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй.
    169. Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.
    170. Аягандаа хоол үлдээх цээртэй. Амны хишгээ барна гэдэг.
    171. Ус , гол руу нулим үл болно.
    172. Гол, усанд бүү оруулахаас цээрлэ. Нэг л сав, шанагаар утгах хэрэгтэй.
    173. Толгойгоо салаавчилж болохгүй. Өрөнд орсон хятад шиг гэх..
    174. Эмэгтэй хүн завилж сууж болохгүй.
    175. Шанаагаа тулж болохгүй. Ганихарсан хүн шанаагаа тулдаг аж.
    176. Сүүнд түүхий мах хийж болохгүй.
    177. Болсон идээнээс заавал амсах.
    178. Ахмад хүнтэй золгох, уулзахдаа энгэр задгай байх цээртэй. Заавал товчилсон байх.
    179. Айлд хумсаа авах цээртэй.
    180. Айлд үсний сэвээ хаях цээртэй.
    181. Сэвийг галд хийх цээртэй.
    182. Сүүжний ясыг гэрт хонуулах цээртэй.
    183. Харуй бүрийгээр хог гаргах цээртэй.
    184. Эх рүүгээ муухай харах цээртэй.
    185. Эцгийн өөдөөс том дуугарах цээртэй
    186. Хаалга түшиж зогсох цээртэй.
    187. Гэрийн багана түшиж зогсох цээртэй. Баганын зовлон халдана гэх.
    189. Тургих цээртэй. Бороо орно гэхэ.
    190. Нохой нэмнэх цээртэй. Тэнгэр задраана гэх.
    191. Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх.
    192. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
    193. Аав нь хормойн донтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\
    194. Эхнэр нь хормойн донтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг.
    195. Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй.
    196. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
    197. Ширээн буландаж суух цээртэй.
    198. Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх.
    199. Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх.
    200. Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй.
    201. Хундаганы ёроол гартал уух цээртэй. Архичин болно гэх.
    202. Архины шавхруу уух цээртэй.
    203. Тогоо шанага угсарч тавих цээртэй. Эмэгтэй хүн төрж чадахгүй гэх.
    204. Уул, овоо, тахилгын газар болон мэдэхгүй газраас чулуу, эд зүйлс авах цээртэй. Хангай дэлхий лус хилэгнэнэ гэх.
    205. Шүдээ хавирах цээртэй.
    206. Хөмхий зуух цээртэй.
    207. Нурууны мөгөөрс мэрэх цээртэй. Хошного загатнана гэх.
    208. Далны яс мэрэх цээртэй. Махыг нь заавал огтолж иднэ.
    209. Толгой идэхдээ 2 нүдийг нь нэг нэгээр нь 2 өөр хүн идэх цээртэй. Хялар болно гэх.
    210. Тогоон дотор хутга хийх цээртэй. ээжтэй хүн бүр ч болохгүй..
    211. Хуурай тогоо галлаж болохгүй.
    212. Эр хүний хийморь малгай, бүсийг доош тавих цээртэй.
    213. Өлзий хээ нь бурхны зүрх учир доогуур байлгахыг цээрлэнэ.
    214. Гараа дэмий савчиж болохгүй. Орчинд байгаа бичил амьтдыг алж буй гэх.
    215. Гараа угаасны дараа гараа сэгсэрч болохгүй. Амны хишиг барна гэх.
    216. Явган сууж хооллох цээртэй.
    217. Шөнө орой болсон хойно хэрүүл тэмцэл хийх цээртэй.
    218. Тотгоор шагайх цээртэй.
    219. Бусдын өмдөн доогуур шургах цээртэй. Бузартана гэх.
    220. Хэц, цэрэвний доогуур шургах цээртэй. Бузартана гэх.
    221. Гараа угаалгүй үнээ саах цээртэй. Хөх нь яр иддэг.
    222. Авдар онгорхой орхих цээртэй. Сайтар таглах хэрэгтэй эс бөгөөд хоосроно.
    223. Гуйлгачин хүний гарт өглөг өгөх цээртэй. Холоос чулуудаж өгөх. Эс бөгөөд өөрөө ядуурна, буянаа өгдөг гэх.
    224. Оготны нүх рүү шээх цээртэй. Сэтэрхий хүүхэд гарна гэх.
    225. Шүдний мах буюу чононд хазуулсан малын мах идэх цээртэй. Хууч өвчин хөдөлнө гэх.
    226. Гол усанд юмаа угаадаггүй.
    227. Гал руу цустай зүйл хийдэггүй.
    228. Ус руу гал цогтой зүйл хийдэггүй. Нүүр нь алаг цоог болно гэх.
    229. Хар ус харамладаггүй.
    230. Тотгоноос гоожиж байгаа усаар тоглодоггүй муу ёр гэх
    231. Малгайгаа дээш нь харуулж тавьдаггүй.
    232. Шөнө орой хумсаа авдаггүй. Төөрнө гэх.
    233. Эмэгтэй хүний бөгс рүү цохьдоггүй, хадамдаа гологдоно гэх
    234. Чулуу түүж цуглуулдаггүй. \Чулуу цуглуулдаг хүмүүсийг хэлж байна.\
    235. Ахмад хүний үгийг тасддаггүй.
    236. Холд яваа хүн эдлэл хэрэглэлээ хаядаггүй гэх. Эзнээ дууддагаас тэндээ эргэж хэзээ нэг цагт буцаж очдог гэх
    237. Буурин дээрээ хогоо үлдээсэн айл сайн явдаггүй гэх.
    238. Хоол идэх юмаа хаяж асгадаггүй. Амны хишиг ар дээрээ гарна гэх.
    239. Ус харамладаггүй
    240. Нохой алдаггүй.
    241. Могой алдаггүй.
    242. Мэлхий алдаггүй.
    243. Чулуу нясалдаггүй.
    244. Халаасаа эргүүлж явдаггүй. Хоосроно гэх
    245. Урт настай амьтан алдаггүй. Нас богиносно гэх
    246. Толгойгоо сэгсэрдэггүй
    247. Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Ядуурна гэх.
    248. Хувцасны халаас эргүүлцэн явдаггүй. Хоосроно гэх
    249. Уруулаа гөвдөггүй. Буянаа гөвнө гэх.
    -Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
    -Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
    -Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
    -Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
    -Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
    -Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
    -Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
    -Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
    -Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
    -Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

  • ЧИНГИС ХААНЫ АЛТАН ЗООСЫГ ДЭЛДСЭНИЙ 800 ЖИЛИЙН ОЙ

    Хорезмыг эзэлсэн энэхүү ялалтаа тэмдэглэн алдаршуулж Чингис хаан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад хотуудад алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох Перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой байв. Дундад эртний Хорезмын уран дархчууд гар, нүд, ухааны ураа дайчлан чингис хааны алтан зоосыг дэлдсэн нь 800 жилийн тэртээх хэрэг явдал бөлгөө.

    Эдгээр алдарт зооснууд 750-760 гаруй жилийн дараа буюу 1996 онд анх Пакистан, Афганистаны хил дээрх Газни хотоос олдсон байна. Нэг дороос 150 орчим ширхэг эртний зоос олдсон нь дэлхий нийтэд дуулиан тарьсан мэдээ байв. Тухайн үед Иракад сууж байсан АНУ-ын Элчин сайд Спэнглер гэж хүн уг зооснуудыг олох, малтлага хийж гаргах, дээрх бичээсүүдийг нь тайлж унших зэрэг бүхий л ажилд оролцсон аж. Газни хотоос олдсон эдгээр зоос удалгүй дэлхийн зоос сонирхогчдын анхаарлыг татаж, энэ зах зээлд нэлээд тарсан байна. Уг зооснууд дотор Хорезмын шахуудын нэртэй алтан зоос олон байж. Тэр дунд Чингис ханы нэртэй зоос нэлээд олон байжээ. Чингис хааны үеэс бүрэн бүтэн үлдсэн, их хааныг амьд сэрүүн байхад нь бүтээлгэсэн эд зүйл тун ховор. Тийм эд өлгийн зүйл байж гэмээнэ асар үнэ цэнтэй билээ. Тийм үнэт дурсгалын жишээ болсон Исламын тооллын 618 он буюу 1221 онд дэлдүүлсэн зооснууд дээр Чингис хааны цол, алдар гуншинг ихэд хүндэтгэлтэй бөгөөд яруу тодоор бичсэн байдаг аж.

    Чингис хааны алтан зоосны тухай ийн барин тавин баримттай ярих боломжийг олгосон хүн бол түүхч, түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа юм. Эдүгээ АНУ-д амьдарч буй энэ эрхэм зоос цуглуулагчийн хувиар төдийгүй түүхч мэргэжилтэй хүний зүгээс Чингис хааны зоосыг уйгагүй судалж, сурвалжлан, олон талын эх сурвалж, ном, товхимлыг харьцуулан шүүрдэж, бүрэн хэмжээний ном бүтээсэн аж. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” нэртэй энэ ном эрдэм шинжилгээ, судалгааны даацтай бүтээл болж чаджээ. Эзэнт гүрний зоосны тухай өгүүлсэн энэ ном 16 жилийн өмнө хэвлэгдэн гарсан бөгөөд эдүгээ эртний зоос шиг нэн ховор чухаг бөгөөд үнэ цэнтэй болсон байна. Б.Нямаа судлаач дээрх номоос гадна энэ чиглэлээр 10-аад ном бичсэн гэхээр судалгааны асар арвин баялаг сан хөмрөг цуглуулсан ажгуу. Түүний Монголын их эзэнт улс Юань гүрний үед анх гүйлгээнд гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон манай эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг нэлээд хэдэн жилийн өмнө БСШУЯ улсын санд худалдаж авсан аж.
    Аль ч улс орон эртнээс зоос мөнгийг арилжааны хэрэгсэл болгож байсан. 1221 онд Монголын эзэнт гүрний анхны зоос гарчээ. Тэрнээс өмнө тархай бутархай аймгууд байсан болохоор тодорхой мэдээлэл алга. Монголын эзэнт гүрний зоос, Чингисийн алтан зоос гэж их ярьдаг. Яг ямар зоос байдаг вэ. Түүн дээр ямар үг бичсэн байдаг вэ гэдэг нь анхаарал татна. 1219-1225 оны хооронд Чингис хааны их цэрэг буюу Монголын цэрэг Дундад Ази руу аян дайн хийсэн. Тэр үед Дундад Азид худалдаа маш их хөгжсөн, маш гоёмсог, баян хот, улсууд байв. Тэд алтан зоосууд гаргаж байсан. Хорезмын шах Желаль Ад Дины үед, түүнээс ч өмнө алтан зоос гарч байв. Худалдаанд зориулсан алтан зоосууд гардаг байжээ.
    Б.Нямаа судлаач Чингис хааны алтан зоосны талаар “Зоосыг тэр үед гараар дэлдүүлдэг байсан учир орчин үеийнх шиг биш. Хэмжээ, загвар, жин нь ижил биш гардаг байж. Тэр үед араб дахинд гарч байсан зоос бүгд ийм” хэмээн өгүүлжээ. Түүний судалснаар Чингис хааны алтан зоос хоёр төрлийн бичээстэй.

    Нэгдүгээрт, Хаадын хаан агуу их Чингис хаан гэсэн Араб үсгээр Перс бичээстэй. Энэ зоос ойролцоогоор 4-4.5 гр жинтэй. Дөрвөн мөр бичээс байдаг. Эхний мөр ‘‘Ал хаган” гэж үг. Энэ нь хамгийн мундаг хаан, хаадын хаан гэсэн утгатай. Дараагийн мөр нь “Ал абл” буюу шударга хаан, үнэн хүчит хаан гэсэн утгатай. Гуравдугаар мөрөнд “Ал азм” буюу хамгийн гайхамшигт, агуу, эрхэм дээд гэсэн үг, хамгийн доор Чингис хаан гэж арабаар бичсэн байдаг аж.

    Чингис хааны алтан зоосыг 800 жилийн өмнө анх дэлдсэнээс хойш түүнийг залгамжилсан их хаад болон Ил хаант улс, Алтан ордны улсын хаад тэргүүт Монголын эзэнт гүрний залгамж хойчийн хаад бүгд өөр өөрийн нэрээр зоос дэлдүүлж байжээ. Тэдгээр зооснууд дээрх бичээс, дүрслэлүүд л гэхэд бүхэл бүтэн судалгааны сан хөмрөг, судлагдахуун аж. Тухайлбал, Чингис хаанаас эхлээд Монголын эзэнт гүрний хаад зоосон дээрээ өөрсдийн овгийн тамгыг дүрслүүлдэг уламжлалтай байжээ. Эндээс улбаалаад их хаадын овгийн тамганы судалгаа руу гүн гүнзгий орсон хүн бол түүхийн түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа гуай юм. Төрийн шагналт эрдэмтэн, нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ гуай 1975 онд “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх ном бичсэн нь энэ чиглэлийн судалгааны анхны бөгөөд даацтай бүтээл байсан. Тэгвэл Б.Нямаа судлаачийн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” ном дээр бүтээлээс хойших цогц, чамбай бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ташрамд дурдахад Б.Нямаа доктор XVI-II зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон Дундад Ази судлаач, дипломатч, орчуулагч Пети Де Круагийн бичсэн “Монголчуудын анхны эзэн Чингис хааны түүх” хэмээх түүхийн ховор нандин сурвалжийг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан нэгэн юм. Тэрбээр уг бүтээлийг анх олж уншсанаас хойш эх монгол хэлнээ хөрвүүлэх хүсэл эрмэлзэл тээн олон орчуулагч, түүхчид санал тавьсан ч дундад эртний Араб, Перс дахины хэлний онцлог, нэр, томъёо сэлт их гардаг уг номыг зориглон хөрвүүлэх хүн олдолгүй багагүй хугацааг үджээ. Эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч буй, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ уг номыг орчуулах саналыг хүлээн авснаар эл алдарт түүхэн зохиол анх удаа Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан билээ. Пети Де Круа тус номыг бичихдээ ХII-XVII зууны Араб, Перс, Турк хэл дээрх 50 гаруй, Европын 60 шахам жинхэнэ эх сурвалж материалыг үндэс болгон ашигласан нь эдүгээ цагт Чингис хаан болон Монголын түүхийн чухал үнэт сурвалж болж буй юм. Б.Нямаа доктор уг номыг олж авах хүртэл өрнийн Монгол судлаачид төдийгүй Монголчууд өөрсдөө ч ийм сурвалж буйг мэдээгүй явсан билээ.

    Г.Сонинбаяр

  • 2. МОНГОЛЫН 1000 БААТАР ДАЙЧДЫН ТУХАЙ ТҮҮХИЙН АГШИН

    Англи эх газраас харилцаагаа таслан, түгшүүрт өдрүүдийг чимээгүйхэн хүлээж байв. Нормандын загасчид тэрхүү айдаст автан, загас барихаар далайдаа гарч чадахгүйгээс Скандинавын эрэг орчмоор өлсгөлөн нүүрлэж эхэлжээ. Сүм хийдийн газруудад аврал мөргөлийн уншлага өдөр шөнөгүй түгшүүртэйеэ дүнгэнэж, язгууртан ихэс дээдсүүд үр ашиггүйгээр дэмий л зөвлөлдөн, хуягт баатар эрс нь дүнсийн дуугаа хураасан тийм өдрүүд үргэлжилж байлаа.
    Худалдаачид наймаачдын хөл татарч, малчид, гахайчид хэн нэг морьтоны бараа үзэгдмэгц хамаг байдгаа хаяад ой руу чавхдацгааж, хээрийн замд хэрмэл санваартнуудын бараа тасарчээ. Энэ цагийг хүртэл өөрсдийгөө ертөнцийн төв, соёлт ертөнц, бусдыг иргэншээгүй зэрлэг бүдүүлэг омог аймгууд мэтээр төсөөлөн ойлгож байсан, Дорно зүгийн газар зүйн хийгээд бусад мэдлэг нь Их Александрын хүрсэн Инд мөрнөөс цааш халиагүй Европчуудад энэ үйл явдал нь дэндүү ойлгомжгүй, ой ухаанд нь үл багтах оньсого таавар мэт байсан агаад тэднийг урьд өмнө ч, хожим хойно ч хэн ч тийм ихээр түгшээн, цочоож байсан нь үгүй.
    Загалмайтны тооллын эхэн үед Ү зуунд Төв Азиас үсэрсэн Хүннүгийн цус Аттила энэ улс түмнүүдийн дунд “Тэнгэрийн ташуур” хэмээн дуурсаж явахдаа ч, хожуухан Ойрхи дорнодоос галт уулын дэлбэрэлт мэт халин гарч, Гибралтарийг гэтлэн Принейн хойгийг эрхшээн явсан Лал шүтлэгт Аббасидууд ч ийн түгшээж байсангүй. Бүр эрт Гэрэгүүд скифүүдтэй наймаа хийж, Ромчууд сармат болон дундад азийн Парфенуудтай хүчлэн тулалдаж байхдаа айдас байтугай ялагдлын тухай ч бодож байсангүй. Түрэг болон Куман, Печенегүүд Европод халдаж байсан ч үсрээд л Днестр мөрний хөвөөнд хүрч байлаа.
    Эд хэн байв? Өст дайсан Зөрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд Хархорин хотноо зарласан монголын ихэс дээдэс, баатар ноёдын Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ.
    Үүнд 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан мөн нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Кумануудыг өмгөөлөн, монгол элчийг алсан Киевийн вангууд болон итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгарууд орж, эдгээр ард түмнийг номтгон дагуулахыг Зүчи ханы хүү Бат болон дорноос Өрнийг хүртэл шувтлан дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт” хэмээн алдаршсан Чингисийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүвээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүвээдэй нарын удирдсан Монгол залуусын нэгэн бага шиг арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийг эсрэг цэрэглэсэн Галиц, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байв. Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар өгсөнийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ.
    Бат, Сүвээдэй нар цаашлан 1237 оны намар Черкес, Буртасын нутгийг эзлээд элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 оны намар Москва, Суздал, Владимирийн вант улсуудыг дараа дараалан буулган авч, дараа жилийн зун нь /1240 он/ Дон мөрний тэртээд ухран дутаасан Кумануудыг мөшгөн Дон мөрний цаана гарч, Переяславль, Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Киевийг эзэлсэн нь Дорнод Европыг дайлах гол түшиц газар нь болсон байна.
    Эндээс Мажарын IҮ Бела хаанаас ивээлдээ авч орогнуулсан дайсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгсөнгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаад 1241 оны хавар Оросын үүд хэмээх Карпатын ганц гарц болох хавцалаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар зэрэг давшуулжээ. Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагын өмнө өөрсдийгөө юу ч, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн байна.
    Тухайн үеийн үйл явдлыг бичиж үлдээсэн европ хүмүүс монголчуудын довтолгооныг “Аянга цахилгаан”-тай зүйрлэсэн нь чухам оносон зүйрлэл байжээ. Монголчуудын довтолгоон Европчуудад аянгын гялбаан мэт сүрлэг хийгээд хурдан, аянгын ниргэлт мэт хөнөөлтэй хийгээд хүчтэй, аянгын нүргээн мэт аймшигтай хийгээд эрхшээнгүй байсан биз. Энэ зүйрлэл явсаар дэлхийн цэрэг дайны урлагт хамгийн хурц, хурдан, гэнэтийн дайныг нэрийдэх нэр томьёо “Цахилгаан дайн” болон үлдсэн билээ.
    Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 дугаар сарын 28-нд эзлээд Опел орчимд Байдарийн цэрэгтэй нийлжээ. 1241 оны 4 дүгээр сард Байдар, Хайду нарын удирдсан бага шиг /15-25 орчим мянга/ баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна.
    Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 85 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав. Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулалдааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхан шагширсан нь бий.
    4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өдөр. Лигницийн дэргэд Их Польш, Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Хенри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг хуягт баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газар Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэйгээ ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлчийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд л тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэргийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугатжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөв.
    Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ. Төдөлгүй хүнд морьт цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьжээ. Тэгээд л морьт болон явган цэргийг нь тус тусад нь бүсэлж аваад холхивч нумаар бүгдийг нь хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас Европчуудаас ердөө долоохон хуягт баатар л амьд үлдэж, Ван Хенри, жанжин Мешок нар ч хөлөг баатрын ёсоор тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилийг эргэн, оршуулжээ. Гэтэл Хенри вангийн бие олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсэдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй цогцосыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулалдаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар эр оролцсон хийгээд тэдний нэгд нь ч Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй.
    Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Эндээс байлдан тулалдах арга тактикийн хол зөрүү харагдаж байгаа юм. Монгол цэргийн жанжид биеэр шууд цэрэг толгойлон тулалдаанд оролцолгүйгээр тулалдааны ерөнхий явцыг ажиглан харж, хэрэгтэй цагт ашигтай шийдвэр гарган тулалдааны санаачилгыг гартаа авч, жолоодож, амжилтанд хүрэхийг зорьж байхад европын жанжид шууд л өөрсдөө цэрэг оройлон тулалдаанд зууралдан оржээ. Тэд ирүүл тулалдаан мэт шууд халз зөрөн тулалдахыг эрхэмд үзсэн бол монгол цэрэг ухрах, бүслэх, ороох, утах, цүүцдэх зэрэг олон арга тактикийг хэрэглэн аль болох хохирол багатайгаар дайснаа ялахыг эрхэм болгож байна. Ар талаасаа хэдэн зуун км-ээр алслагдан нэмэгдэл хүч хийгээд хоол хүнсний хангамж байхгүй, дайсагнагч ард түмнүүдийн дотор байгаа нөхцөлд хүн хүчээ гамнахгүйгээр удаан хугацааны урт аянд амжилт олох бололцоогүй юм. Нөгөө талаар монгол цэрэг нутгийнханаас ч илүүгээр тухайн газар орны онцлогийг сайтар судалж мэдсэн, түүнээ чадварлагаар ашиглаж чадсан нь эдгээр тулалдаануудаас харагддаг.

    djmedia:519
  • ХАДНЫ ОРШУУЛГА

    Монгол орны хангай, говийн уул хадтай аль ч нутагт археологийн энэ төрлийн дурсгал цөөнгүй тохиолдоно. Хадны болон агуйн оршуулга нь газрын хөрсөн дор булшны нүх ухаж үхэгсдийн шарилыг булшлах бус харин байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг ашиглан шороо чулуугаар далдалж нөгчигсдийн шарилыг оршоодог. Байрлалын хувьд ихэвчлэн уулын дунд болон орой хэсгийн холын бараа сайн үзэгдэх дэвсэг дээрхи хадны хөмөг, агуйд тохиолдоно. Гол төлөв ам нь урагшаа буюу эсвэл зүүн урд, баруун урд зүг чиглэсэн хүний анхаарал татахааргүй жижгэвтэр агуй ба хадны хөмгийг сонгосон байдаг. Хадны оршуулгыг байгалийн бэлэн агуй хонгил, хадны хөмөг, ангал, нүх сүвийг ашиглан үйлдэх тул дотор нь орж л үзэхгүй бол шууд гадна талаас нь энд оршуулга байна гэж танигдах шинж тэмдэг үгүй юм. Нас нөгчсөн хүний бие цогцсыг агуй хөмөг доторхи чулуун шалан дээр биетээр нь тавьж оршуулна. Хадны оршуулганд чандарласан тохиолдол огт илрээгүй бөгөөд биет оршуулга хэмээн үзэж болно. Бөөнөөр болон хосоор оршуулсан оршуулга мөн ховор тохиолдоно. Нэг агуй болон хадны хөмөгт ихэнх тохиолдолд нэг л оршуулга тавьсан байдаг. Харин нэг уулын аманд өөр өөр цаг хугацаанд тавьсан хэд хэдэн оршуулга илэрч олдох нь бий. Гэхдээ энэ нь хамгийн ихдээ 7-8-аас хэтрэхгүй. Шарилыг хувцас хунартай нь болон даавуу, торго, эсгий, нэхий, үйсээр ороож тавина. Авсны хэлбэр зохион байгуулалт олон янз. Углуургадаж хийсэн банзан авс болон хоёр хэсэг дүнз модыг ухаж хийсэн “завь хэлбэртэй” авсанд шарилыг агуулна. Түүнчлэн модон жааз зангидаж бод малын ширээр бүрсэн өвөрмөц хийцтэй авс ч нэг бус удаа олдож байсан аж. Энэ төрлийн дурсгал өнөөгийн Монгол Улсын хил хязгаараас гадагш Енисей, Чулым, Абакан, Эрхүү муж болон Өвөр Байгал, Уулын Алтай зэрэг газраас их төлөв хөндөгдсөн байдлаар тохиолдож байсан бөгөөд тухайн бүс нутагт нутаглаж асан дундад эртний нүүдэлчдийн оршуулга болох нь батлагдаж байна. Эдгээрийн цаг хугацааг тодорхойлсон байдлаас үзэхэд одоогоор хамгийн эртнийх нь НТ 370 оны үед, хамгийн хожуу үеийнх нь 1630-аад оны орчим он цаг тогтоогдсон байх бөгөөд оршуулгыг үйлдэж хийсэн зохион байгуулалт, зан үйл зэрэг нь бага зэргийн ялгаатай боловч аль алийг нь газарт нүх ухаж булшлах аргаар бус, газрын хөрсөн дээр ил тавьж чулуу шороогоор далдлан орхидог байснаараа ижил болох юм.Хадны оршуулгын дурсгалыг судлан шинжилснээр дундад эртний нүүдэлчдийн соёл, зан заншил, ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэг, нийгмийн харилцаа зэрэг түүх сударт тэмдэглэн үлдээсэн эд өлгийн ба утга соёлын холбогдолтой олон мэдээ сэлтийг нягтлан бататгах боломж бүрдэх төдийгүй сурвалж бичигт огт тэмдэглэгдээгүй нарийн ширийн зүйлсийг ч тодруулан мэдэж судалгааны хүрээнд баримт болгон ашиглах чухал ач холбогдолтой билээ. Тодруулбал, үхэгсдийг оршуулах зан үйл хийгээд тахиж тайх ёсон, эртний хувцас өмсгөл, гэзэг үс, зэр зэвсэг, гоёл чимэглэл болон ахуйн хэрэгцээний багаж зэвсгийн хэлбэр, тодорхой аймаг угсаатны нутагшил ба тархалт зэрэг олон асуудал энд багтах учиртай.

    djmedia:518
  • ХАСБУУ ТАМГА ХАА БАЙНА . . .

    Гэхдээ сураггүй алга болдог юм гэж энэ дэлхийд байхгүй л дээ. Энэ тухай эрэгцүүлье…
    Төрийн Их Тамга
    1204 онд Чингис Найманыг мөхөөх үедээ Татаатунгааг олзолсон ба тэр эрдэмт хүн Таян хааны тамганы түшмэл байсан нь тодорхой байдаг. Яг нарийндаа бол Хасар олж хаанд мэдүүлсэн юм. Ингэхээр Их Улс байгуулахаас хоёр жилийн өмнө тамганы учрыг монголчууд олсон хэрэг. Хятадаас хулгайлсан юмуу авсан юм огт байхгүй.
    Саган Сэцэн “Эрдэнийн товч”-доо: “Тэнд тэр чулуун (Чингисийн үүдэн дэх дөрвөлжин чулууг хэлж байна) гэнэт бөгөөд өөрөөсөө хагарсны дотроос хасбуу нэрт тамга уртуулжин ба өргөн нь нэг төө, ард нь яст мэлхийн дээр хоёр луу ороолдон асан, жидир нь (эвхмэл үсэг нь) сийлсэн мэт хурвилан (хөрвийн) бүхий гарвай” гэж тэмдэглэсэн юм. Энд домог сүсгийн илт шинж байгаа боловч тамганы дүрслэлийг тодорхой өгүүлжээ.
    1206 онд Чингисийг хаанд залахын хамт Төрийн Их Тамгыг олон ардад анх удаа үзүүлжээ.
    “…Дараа нь хааны ордны бичгийн багш, тамгын сайд Татаатунгаагаас цагаан хасын дээр шинэхэн сийлсэн хааны тамгыг хуралдагсдад үзүүлэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн тамганд сийлсэн зарлигийг хурсанд уншиж өгөн хас тамгыг хаанд өргөв.” Сайшаал. “Чингис хааны товчоо”. УБ. 2004 он. 324 дэх тал.
    Ингээд Чингис хаан 1227 онд нас барсны дараа, Тулуй нэг жил засаг барьж, Өгөөдэй арван гурван жил (1229-1241) хаан сууж, Наймжин хатан таван жил (1242-1246) засаг барьж нийт 18 жил болсон юм.
    Ингээд Гүюг хүрч байгаа юм. Энэ хүртэл эзэнт төр элдэв самуун будлиангүй байсан учраас төрийн тамга гуравдугаар хаан Гүюгт уламжлан ирсэн нь ямар ч эргэлзээгүй. Энд бид Ромын Папад илгээсэн алдарт бичигт дарсан Төрийнхөө Их Тамгыг сайн мэдэх билээ.
    Хятад домог
    Дорно дахин төрийн тамганд ер бусын их ач холбогдол өгдөг. Үүний дотор Хятад онцгой ялгарна. “Төр залгамжлах хаш тамга” буюу “Төр залгамжлах эрдэнэ” гэхчлэн янз бүрээр хүндэтгэн дууддаг төрийн тамгыг Цагаан хэрмийг барьсан Цин Ши Хуанди барьж байсан гэж хятадууд ярьдаг.
    Тэр тамган дээр 8 ханзтай бичээс байсан ба түүнийг манай нэрт түүхч Дарма гүүш “Алтан хүрдийн мянган хигээст” судартаа “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэж орчуулан буулгасан байдаг.
    Цин ши хуанди бол НТӨ 259-210 оны хавцаа амьдарч байсан Хятадын анхны Цин улсын хаан бөгөөд Хятадын төвлөрсөн улсыг анх байгуулсан хүн юм. Тэгвэл чухам энэ үед Монголын Хүн гүрэн дэлхийн тавцан дээр товойн гарч байсан үе билээ.
    Түүхэн сурвалжуудад хятад тамга хаш байсан гэдгийг тодорхой хэлж байна. Тэр үед Хятад, Монгол хоёр хаш урлалаар адилхан гайхамшигтай байсан. Үүнийг нотлоход амархан.
    Хэдхэн жилийн өмнө манай нэрт археологич “сахал” Эрдэнэбаатар анх удаа гадаадын оролцоогүй Хүн язгууртны булшинд малтлага хийсэн юм. Тэндээс олон гайхамшигт зүйл гарсны нэг нь дэлхийд хамгийн том”зүрхэн толь” буюу хаш пайз гарсан явдал билээ. Зүйрлэн хэлбэл “нэгдүгээр хоолны таваг” шиг хэмжээтэй, зузаан нь хагас см орчим юм. Нас барсан хүнийхээ зүрхэн талд цээжин дээр нь тавьдаг байж.
    Эндээс дараах локик дүгнэлт хийж болно. Хүнчүүд төрийн том зүтгэлтнийхээ шарил дээр дэлхийд хамгийн том зүрхэн толь хашаар хийж чадаж байвал төрийнхөө тамгыг бол хашаар хийх бол амархан. Манай Хүн гүрний төр Ромтой эн зэрэгцэх том төр байсан, маш өргөн дэлгэр харилцаатай байсан. Тэхээр яаж тамгагүй байх юм. Тийм биз дээ !!!
    Иймээс манай археологичид хийгээд түүхчид Хүн гүрний тамгыг хайх ёстой бөгөөд үүрэгтэй. Тэгвэл манайх хамгийн анхны тамгатай төр болно. Энэ бол бүтэшгүй мөрөөдөл биш…
    Эх орондоо ирсэн нь
    Ингэсээр яваад Хубилай хүрчээ. Мэдээж хэрэг тэр тамгандаа эзэн байж чадсан. Гэтэл 1294 онд Хубилай нас бараад найман өдөр болсны дараа Хасбуу Тамгыг Мухулайн удмын гэрээс олсон гэж Юан улсын сударт өгүүлдэг. Хятадын эрдэмтэд тэр тамгыг худал гэдэг боловч Монголын хаад ямар ч гэсэн тамгатайгаа байсан байна.
    Ингээд 1368 он болж Тогоонтөмөр хааны үе ирэв. Хятадад улаан алчууртны бослого гарч Тогоонтөмөр хаан Дайдуугаас (Бээжин) Барс хот руу зугтав. Энэхүү Барс хотыг Өвөр Монголын хишигтэн хошууны Буйр хот гэж үздэг. Харин манай хөдөөгийн Пэрлээ гуай Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн.
    Тогоонтөмөр хаан хэдийгээр цаг үеийн байдлаас болж Хятадаас зугтаж гарсан хэдий ч Монгол төрөө орхиогүйг түүний шүлэг гэрчилнэ. Тэрээр гуниглалт шүлэгтээ: “Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гарав, Хамаг дайсны дотроос хатгалдан гарав” гэсэн байдаг. Тэр Төрийнхөө тамгыг Монголдоо авчирчээ.
    Ингээд бага хаадын үе эхэлж байгаа юм. 1368 онд Монголд ирсэн тамга 1634 онд Лигдэнгийн үед дахин гарч ирдэг юм. Бараг 300 жил алга байсан буюу сураггүй байсан хэрэг л дээ. Түүхэн сурвалжуудад гарахгүй байгаа болохоос тамга “алга болсон” хэрэг огт биш гэдгийг санах хэрэгтэй.
    Тамгаа хамгаалсан Монгол
    Мин улс Ар Юань руу олон удаа цэрэглэн дайрсан байдаг. Түүхэн энэ баримтыг Монголын төрийг устгах гэсэн гэж одоо болтол тайлбарлаж ирсэн. Гэтэл Минчүүд зорилгоо огт нууж байгаагүй юм. Ухаандаа Мин улс 1372 онд Монгол руу 3 чиглэлээр 15 түмэн цэрэг илгээхдээ тэдний өмнө ердөө л 3 зорилго тавьсан. Энэ нь:
    Нэгд. Улсын тамгыг Ху нарын гараас салгах.
    Хоёрт. Жанжин Бао Баогийн ялыг асуух. (Монголын алдарт жанжин Хөхтөмөрийг хэлж байна.)
    Гуравт. Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаагийн шалтгааныг тодруулах” байсан юм.
    Ойлгож байна уу, Улсынхаа тамгыг Ху нарын гараас салгах !!!
    Харин алдар суут Хөхтөмөр жанжин Монгол Төрийн Тамгыг монгол нутгаас булаах гэвэл юу болдгийг үзүүлж 3 чиглэлийн бүх дайралтыг зогсоож, харин ч Мингийн нутаг руу монголын цомхон атлаа хүчирхэг арми цөмрөн орсон билээ.
    Төр улсынхаа амин сүнс болсон Хасбуу Тамганыхаа төлөө Монголчууд эрслэн босч чадсан юм. Монгол цэргийн нэрт жанжин Хөхтөмөр, Өлзийбух, Нарбух, Мухулайн угсааны Нагачу нар Төрийнхөө төлөө амь хайргүй зүтгэсэн боловч хаад ноёдын зөрчил тэдний зүтгэлийг талаар болгосон юм.
    Тэхээр Мин Монголын олон удаагийн дайны “эрх зүйн” үндэслэл нь Төрийн Тамга байсан нь тодорхой байна.
    Шинэ тутам байгуулагдсан Мингийн төрд Чингисийн Тамгыг олж авах нь туйлаас чухал байсан юм. Ийм ч учраас тэд Хар Хориныг байн байн дайраад нэгжээд сүйтгээд байсан нь “тамга хайсан” хэрэг байсан юм.
    Сүүлдээ Мин улс Тамгыг олж чадахгүйгээ мэдээд Цагаан хэрэм хавьцаагаас Тамга олсон гэж цуурхал тараав. Гэхдээ тэд Тамга хайх ажлаа орхиогүй юм…
    Дорно дахины ёс зүй, домгоор бол Тамга залгамжилж аваагүй учраас Мингийн хятад төр Монгол төрийг залгамжилсан гэх ямар ч үндэслэлгүй. Мөн Дорно дахины ойлголтоор Тамгаа алдаагүй учраас Монголын төр мөхөөгүй юм…
    Будлиан
    Тогоонтөмөр-Аюушридара буюу Билэгт хаан-Төгс төмөр (1378-1388) дараалан хаан суусан юм. Ингээд 1388 онд гунигт өдөр ирэв. Минтэй хийсэн их тулалдаанд Төгстөмөр ялагдаж Туул гол руу зугтааж явахад нь Аригбөхийн угсааны Есүдэр довтолж түүнийг алжээ. Ингээд тамганы сураг бүр тасарч байна. Одоо тамганы сураг Монгол, Ойрд хоёроос зэрэг гарах болов.
    Ойрд нь Минд элч илгээн: Та нар эхлээд зүүн Монголыг бут цохь, тэгсний дараа тамгыг өгнө, одоо өгөх гэхээр замаас булааж авах гээд байна. Зүүн монгол нь бас л Минд элч илгээн: Эхлээд ойрдуудыг ниргэчихээд дараа нь тамгаа аваарай гэхчлэн.
    Харин хоорондоо бол тамгыг хайж байсан нь лавтай. Хэнд тамга байна тэр Монголыг захирна. Аягүй бол Хятадыг ч захирч болно…
    Эрдэнийн эрхи, Алтан товч, Асрагч нэртийн түүх зэрэг тулгуур баримт бичгүүдэд Хубилайн удам тамга барих эрхтэй гэж хэлдэг ч Монголд л байвал юуны хамаатай…
    Энэ үед “феодалын бутрал” гэж нэрлэдэг нийгмийн задрал самуун монголд явагдаж байсан бөгөөд тамга үзүүлэх нь бүү хэл, эрэгтэй хүүхдээ нуудаг байсан цөвүүн цаг юм. Ямар ч гэсэн тамга найдвартай гарт байж тодорхойгүй хугацаагаар “нууц болсон” гэж үзэж болно…
    Манж домог
    Ингээд бараг 300 жил өнгөрөв. Тамганы шидэт хүч оршсоор л байв. Түүхийн тавцанд дээр Манж дайчин улс товойн гарав. Гэсэн ч тэдэнд агуу их сүр хүчний бэлэгдэл хэрэгтэй байв. Тэр нь мөнөөх л агуу Их Чингис хааны Хасбуу Тамга бөлгөө.
    Манжийн ихэд тархсан “домогт” бичмэл сурвалжид ийн өгүүлдэг:
    “Найман сарын цагаан луу өдөр бэйл нэр түшмэл зарж, хааны хүн, илгээж, хол угтуулсан хишигт мөргөн айлтгасан бөгөөд үе үеийн улс залгамжлах хас эрдэнийн тамга олж авчирсан явдлыг мэдүүлэн айлтгав. Энэ эрдэнийн тамга бол Юан улсын ордны дотор хадгалж байсан тамга бөгөөд Шөньди (Тогоонтөмөр) хааны үед хүрч ирээд, Нийслэл хотыг орхиж, тэр эрдэнийн тамгыг авч, хилийн чанадад одоод, хожим Инчан Фү хотод очоод, хот алдагдах үес тэр эрдэнийн тамгыг үрэгдүүлсэн байна.
    Тэгээд 200 гаруй жил өнгөрсний хойно нэгэн хүн хадын дор ямаа хариулж явтал нэгэн ямаа гурван өдөр өвс идэлгүй, гагцхүү туурайгаар газар цавчлахыг үзээд, хариулж явсан хүн даруй тэр газрыг малтаж, хас эрдэнийн тамгыг гарган авч, Юан улсын үр хойч Бошигт хаанд өргөн барьжээ. Хожим Цахарын Лигдэн хаанд сүйтгэгдсэн хойно хас эрдэнийн тамга Лигдэн хааны гарт оржээ. Лигдэн хаан бол бас Юан улсын үр хойч болой. Бэйл нэр тэр эрдэнийн тамгыг Сутай хатанд бий хэмээн сонсоод, авчир хэмээн авчруулж үзвээс ЖИ ГАО ЖИ БОО хэмээх дөрвөн хятад үсэг бичжээ. Хасын бие ишинд хоёр луу ороолдуулан үйлдсэн бөгөөд гэгээн сайхан, үнэхээрийн эрдэнэ аж. Доргон нар ихэд баясалдан, бидний Хаан буян ихтэй тул Тэнгэр гайхамшигт эрдэнэ хайрлажээ. Энэ бол түмэн жил болтол нэг болгож нийтлэхийн бэлгэ ажгуу хэмээн тэр эрдэнийн тамгыг хямгадан авч, дагаар орсон иргэний хамтаар Хар мөрөнийг гатлан, Хөх хотод хүрч ирэв. Тэр тухайд бэйл Ёото хараахан өвчилсөн тул мянган цэрэг таслан авч, Хөх хотод суув. Бусад бэйл нэр олон цэргийн хамтаар Цахарын хааны хүү Эрххонгор-Эжэй болон түүний сайд нарыг авч…буцав. Улаагчин гахай өдөр Зарлигаар…угтуулан илгээв…хас эрдэнийн тамгыг улаан эсгий дэвссэн ширээн дээр тавьж…Хааны цацрын өмнө шар ширээ тавьж, хүж асаан, Тайзун хаан хас эрдэнийн тамгыг хүлээн аваад, гараар өргөн барьж, олныг дагуулан Тэнгэрт мөргөж ёслон дуусгаад, сууриндаа сууж, баруун зүүн этгээдэд хандан Зарлиг буулгасан нь: “Энэ хас эрдэнийн тамга бол эртний үе үеийн хаадын хэрэглэж байсан эрдэнийн тамга бөгөөд Тэнгэр надад хайрласан нь магадаар омтгой бус”хэмээв.
    Энд хэд хэдэн зүйл илт ажиглагдана. Манжийн хаан Чингисийн Тамгыг залснаараа Агуу Их Эзэнт гүрний хууль ёсны залгамжлагч гэдгээ “албан ёсоор” нотолж байна.
    Харин яг тамганы асуудал илт зохиомол болох нь ойлгомжтой байна.
    Энд нэг нэр их сонирхолтой бөгөөд энд өгүүлж буй Инчан Фү хот бол дээр дурдсан Барс хот болно. Барс хот Хубилай хааны 4 дэх орд бөгөөд цэргийн томоохон цайз байсан ажээ. Зарим нь түүнийг Өвөр Монголын Хишигтэн хошуу, Далай нуурын баруун өмнө, Цахарын хойт хэсэгт байсан гэдэг. Манай хөдөөгийн Пэрлээ гуай “Шар тууж” болон бусад сурвалжаас сэдэвлэн Монголын нутагт Хэрлэнгийн хавьцаа гэж үзсэн. 1388 онд Мингийн цэрэг эзлэж, хүн амыг нь хядаж, шатаан сүйтгэсэн. Мөн Тогоон төмөр хааныг энд нас барсан гэж үздэг. Хотын багцаа одоо байгаа ч буурин дээр нь Тамга байхгүй нь тодорхой л доо…
    Тэхээр Тамга Тогоонтөмөр хааны үед үрэгдээд, түүнийг ямаа олоод, ямааны эзэн Лигдэн хаанд өгөөд, улмаар Сутай нэртэй хатанд нь байж байгаад Манжийн хаанд шилжсэн болж таарч байна.
    Харин түүхэн сурвалжид Лигдэн хааны хүү Эжээ Хонгор (дээрх сурвалжид Эрххонгор) аавыгаа нас барсны дараа жил буюу 1635 онд Хасбуу тамгыг Нурхачийн хүү Амбагайд аваачиж өгсөн гэсэн өөр мэдээ байдаг. Эжээ Хонгор өөрөө бол бууж өгч очсон. Харин Тамга өгсөн нь үлэмж эргэлзээтэй…
    Наад зах нь Монгол Төрийн Хасбуу Тамганд 4 ханз яагаад ч байх ёсгүй. “Хятад” тамга байлаа ч гэсэн “Тэнгэр тэтгэсэн насун үргэлжлэл өртөө” гэсэн 8 ханз заавал байх ёстой л доо. Ингэхлээр манжуудад Монголын Хасбуу тамга байгаагүй болж таарч байна.
    Манжид өгөөгүй, алдаагүй юм бол Монгол Тамга Монголдоо л байна биз дээ. Хятадад яагаад ч байж болохгүй. Яагаад гэвэл Хятад Манжийн дарлалаас дөнгөж 1911 онд гарсан юм…
    Хасбуу Их Тамга Галдан Бошигтийн үед нэг “гарч ирсэн”. YIII Богд нэлээд хайсан, ямар нэг үр дүнд хүрсэн байж магадгүй л юм. Н.К.Рерих их асууж шалгаадаг байсан. Тэхээр Я.Блюмкин хайх нь мэдээжийн хэрэг. Ингэхээр цуут ОГПУ буюу Оросын Дотоод Явдлын Ардын Комиссариатын Улс Төрийн Удирдах Газар хайсан гэсэн хэрэг. Мөн Гиммлерийн удирдлага дорх алдарт Аненэрбе институт хийгээд немцийн хурандаа Э.Шефферийн Түвдийн экспедици бас их хайсан. Харин энэ бол орчин үеийн судалгааны чиглэл болно…
    Тэрнээс хойш яасан гэж үү ?! Үүнээс хойш бол сэтгүүлч А.Баатархуягаас өөр монгол хүн хайгаагүй л байхгүй юу…
    Д.Ганхуяг.

  • ЗҮҮНИЙ 44 ТЭНГЭР

    – Яруу шороо тэнгэр, зүүн хойд зүгт залрах муу дуутын орны эзэн тэнгэр.
    – Ширмэл ширмэн тэнгэр, гачигдал гашуудлыг сэргийлэх тэнгэр.
    – Хидэр догшин тэнгэр. Хэрүүлийн эзэн адар догшин тэнгэр гэдэг. Дайн байлдааны толгой тэнгэр.
    – Бочим тэнгэр, элдэв өрөвсөл өвчнийг хамаарсан тэнгэр.
    – Хадарга боомон тэнгэр, хараал зүхлийн эзэн тэнгэр, хараалын эзэн хадарга боомон тэнгэр гэдэг.
    – Хан хар тэнгэр, догшин хар тэнгэр гэдэг.
    – Ноён баавай тэнгэр, хуульт ертөнцөд оршихгүй тэнгэр.
    – Суут дайчин тэнгэр, ганц нүдтэй тэнгэр.
    – Учрам дайчин тэнгэр, үүд хаалгыг сахигч тэнгэр.
    – Хөх дайчин тэнгэр, үүдний зүүн талыг сахигч тэнгэр.
    – Асур тэнгэр, хурмаст тэнгэртэй эсэргүүцэж тэмцсэн тэнгэр.
    – Хан хажир тэнгэр, зүүн хойдод заларч догшин газар тэнгэрийн муу орныг эзлэн суусан тэнгэр.
    – Хөндлөн халзан тэнгэр, зүүн өмнө залрагч эзэн тэнгэр.
    – Униар хар тэнгэр
    – Цусан гол тэнгэр
    – Буруу цоохор тэнгэр
    – Шар цоохор тэнгэр
    – Тэх тэнгэр, ямааны эзэн тэнгэр
    – Гурван салхи тэнгэр
    – Амьч гурван тэнгэр
    – Бүрдэн хар тэнгэр
    – Бүхлэгэр хар тэнгэр
    – Хайр хар тэнгэр
    – Хар цоохор тэнгэр
    – Хар балар тэнгэр, Балар хар тэнгэр гэдэг
    – Модор тэнгэр
    -Эрин тэнгэр
    – Мангас тэнгэр
    – Хязгаар тэнгэр
    – Өгөөмөр тэнгэр
    – Ажир тэнгэр
    – Цахилгаан тэнгэр
    – Ятга тэнгэр
    – Хяргуун тэнгэр
    – Таянмай тэнгэр
    – Атаа бэрс тэнгэр
    – Аянган тэнгэр, аянга цахилгааныг захирагч тэнгэр
    – Зүрхэн хар тэнгэр, зүүн зүгийн эзэн тэнгэр
    – Марсын охин тэнгэр, долоон гахай хөлөглөсөн марсын охин тэнгэр “мангасын охин тэнгэр” гэдэг.
    – Эллэн эх тэнгэр, хар нохой дагуулсан эллэн эх тэнгэр
    – Саармаг есөн тэнгэр, шар ямаа хөллөсөн саармаг есөн тэнгэр гэдэг.
    – Цахилгаант тэнгэр, цагаан ногооныг илтгэсэн цахилгаант тэнгэр гэжээ.

    Энд дурьдагдсан тэнгэрүүдийн нэр нь хэдийд чухам хаанаас бий болсон нь тодорхойгүй. Шарын шашин монголд ирээд бас олон тэнгэр нэмэрлэхийн хамт тэдний тэнгэр бөөгийн тэнгэрүүдийг ахлах болжээ. Цагаан хар гэж тэнгэрүүдийг ялгасан нь хар цагааны сүлд шүтлэг утга зүйл билэгдэлтэй холбоотой.

    – Өнгөний утга зүйн билэгдэл
    – Шинж чанарын агуулга
    – Арга билиг
    – Эцэг эхийн талын ёс угсаатай холбоотойгоор ангилсан байна.

    Бөөгийн шашиныг судлагч Эрдэмт 1995 онд “Баатарлаг туульс ба бөөгийн дуудлага дахь тэнгэр” гэх өгүүлэл нийтлүүлж бөөгийн дуудлага баатарлаг туульсад гардаг 175 тэнгэрийн нэрсийг жагсааж нэг хэсэг тэнгэрийг тодорхойлсон байна. Энэ бол тухайн үе хүртэл бүртгэгдсэн бөөгийн шашины тэнгэрийн хамгийн олон тоо болно. Тэнгэрүүдийг нэг бүрчлэн нэрлэхийн хамт бүлгээр нь нэрлэсэн байх нь олонтоо байдаг. 33 тэнгэр, 77 этүгэн тэнгэр, 99 тэнгэр, 75 тэнгэр, 33 номт цагаан тэнгэр гэх мэт олон тоогоор бөөгийн дуудлага болон баатарлаг туульс дотор гарч ирдэг.

    Барууны ба зүүний тэнгэрийг голлон судалсан боловч хойд зүгийн 77 этүгэн тэнгэр, өмнө зүгийн 99 гал улаан тэнгэр зэрэг дөрвөн зүгт оршдог тэнгэрүүдийг тэр бүрчлэн нарийн судлаагүй байна. Мөн дархад, халх, тува зэрэг бөөгийн дуудлаган дотор гардаг номтын ногоон тэнгэрийн тухай тэр бүр бичиж тэмдэглэж судалсан зүйл алга байна. Чухамдаа эдгээр тэнгэрүүдийг бүгдийг нь тоочин нэгтгэвэл 275 тэнгэр болдог юм. Нутаг орон бүр, үндэстэн ястан бүр тэнгэрүүдийг өөр өөрсдийнхөөрөө нэрлэж заншсан бололтой. Учир нь нутаг орон бүрт нэрлэгдэж байгаа нэр нь тэр бүр нийтлэг биш байгаа юм.

    Монголчууд эртнээс мал аж ахуй эрхэлж байгаль дэлхийг түшиглэн түүний өгөөмөр хишиг буянаар амьдарч ирсэн ард түмэн тул байгаль ертөнцөд туйлын дотно элгэмсэг хандаж байдаг. Тэдний байгаль ертөнцийн элдэв бүхнийг цөмийг эцэг тэнгэр, эх этүгэн газрын ивээл соёрхол хэмээн үзэж чин сэтгэл зүрхнээсээ хайрлан хамгаалж улмаар дээдлэн шүтэж ирсэн баялаг уламжлал туршлагатай юм.

    Иймээс монголчуудын тэнгэр шүтлэг нь тэдний аж амьдрал орчин ахуй лугаа авцалдан үүссэн олон мянган жилийн түүхтэй эрхэм нягт уламжлалтай болно. Энэ сайхан уламжлал нь эх байгалийг хамгаалж хүн байгаль эвсэн орших энэ цаг эринд улам ч эрхэм чухал ач холбогдолтой болж байна. Иймээс бид тэнгэр шүтлэгийг мухар сүсэг гэж муучилж болохгүй юм. Харин ч эргэн үзэж эх дэлхийгээ хайрлан хамгаалах түгээмэл арга хэрэгсэл болгон хойч үедээ үлдээх ёстой билээ.

    Эцэг тэнгэр, этүгэн хийгээ улам хүндэтгэн шүтэж түүний хайр хишиг, ивээл соёрхолыг илүүтэй хүртэхээр чармайх хэрэгтэй юм.Үүнд уламжлалт тэнгэр тахилга ба шүтлэгийг сэргээж түүнийг зарим журам зан заншилыг нэгтгэн хэлбэржүүлж олон түмнээрээ тахин шүтэхэд дөхөм болговол зохино. Шарын шашин монгол оронд нэвтэрч орж ирсэнээс хойш бурхан шашины шүтлэг нь хэвшин журамжилж бөөгийн тахилгын шүтлэг нь улам баларсан нь байгаль ертөнцдөө хандах монгол хүний сэтгэлгээг эвдэж харин ч эх дэлхийгээ үл тоомсорлох эзэгнэн захирах гэсэн харгис хатуу бодлого нийтэд хэвшин тогтож эх байгаль маань эвдэрч сүйтэх аюулд сүүлийн 50 жилд орсон юм. Иймээс эцэг өвгөдийнхөө эртний уламжлалт шүтлэгийг сэргээвэл байгаль хамгаалах үйлсэд нэн их ач тустай гэж үзэж байна.

  • “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС”-6 аяны хүрээнд Төв аймгийн Лүн суманд мод тарив.

    Мод бол олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир уруугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 25%-г эзэлж байна.
    Монголын нөхцөлд дөрөвдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 10-ны дотор мод тарих нь тохиромжтой. Намрын цагт аравдугаар сарын 1-нээс арван нэгдүгээр сарын хооронд тарьж болдог. Гэхдээ мод тарьж байгаа хүмүүс өөр өөрийн гэсэн туршлагатай учраас янз бүрийн цаг хугацааг сонгон тарих нь бий. Мод тарих хугацаа өнгөрчихсөн хойно таривал мод усаа шингээх чадваргүй болж ургалт нь удааширна.
    Хэрэв тэгвэл чийглэг, ус шингээх чанap нь алдагдаж улмаар ургалгүй үхэж мэднэ. Тэгэхээр мод шилжүүлэн суулгахдаа хэд хэдэн зүйлийг сайтар анхаарах ёстой. Нэгдүгээрт модоо зөв сонгох нь чухал. Модныхоо өндөр болон ишний диаметртэй харьцуулж, үндсний тойргийг гаргах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны гол иш хэдий чинээ бүдүүн байна түүнтэй харьцуулсан томъёогоор үндсийг шороотой нь хамт ухаж цэвэрлэнэ. Модыг хэт их усалснаар сайн болохгүй. Мод усыг уудаггүй. Түүний үндэс нь усыг өөртөө шингээдэг. Гэхдээ сүүлийн үед модыг их буруу тарьж байна, Модыг хооронд нь 4-5 метрийн зайд тарих ёстой байтал сүүлийн үед их шигүү суулгаад байгаа юм. -Ойгоос том моднууд авчраад суулгаад байх юм. Мөн жижиг суулгацыг ч тарьдаг. Мэдээж жижиг модыг шилжүүлэн суулгахад зардал багатай. Гэхдээ ургах хүртэлээ хугацаа их шаардана. Мөн том мод суулгахаар эрсдэл нь бага байдаг. Нөгөө талаар хотжилт эрчимтэй хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд том мод авчирч суулгах нь тохиромжтой. Зөв тариад арчлах юм бол энэ 2 суулгацын аль аль нь ургана.
    Мод тарих нь Мөнх тэнгэрийн үйлэнд хамгийн буянтай үйлсэд тооцогддог байна. МБНЭ нь Баян-Өлгий аймагт болох “Цаст хайрхан”-ны нэгдсэн тахилгад бэлтгэх их ажил өрнөж байгаа боловч чөлөөт цагаараа Төв аймгийн Лүн суманд мод тариж бусаддаа үлгэр үзүүлсэн бүтээлч ажлыг санаачилан хэрэгжүүллээ.
    Б.Банзрагч

    djmedia:516
  • “2015-МОНГОЛБӨӨ-1” ЦУГЛАРАЛТ, СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

    “2015-МОНГОЛ БӨӨ-1” цугларалт, сургалтад “Монгол бөөгөөс бурханы шашины зээлж авсан зан заншилууд” сэдвээр Монголын бөөгийн байгууллагыг үүсгэн санаачлагч, судлаач Ш.Сүхбат, “Монгол бөөгийн дуудлага, тамлага” сэдвээр Монгол бөөгийн Их дархан зайран Д.Бямбадорж, “Монгол бөө, Зурхай”,” Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай” сэдвээр Монгол бөөгийнТэргүүн зайран Д.Дарьчулуун, “Мэргэ төлөг, энергийн тухай” сэдвээр Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, “Зад барих ёс, Залбиралт, зүглэл, зүгийн учир” сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн зайран И.Болдбаатар, “Бөө хүний мөрддөг хориглох зүйлүүд Монгол бөөгийн бөөлөлт” Монгол бөөгийн Тэргүүн Удган Я.Мөнгөнсувд, “Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай” сэдвээр Судлаач Т.Дагвадорж, “Дундад зуунаас нэн шинэ үеийн бөөгийн хөгжил”, “Монгол бөөгийн цолны тухай”, “2015 онл МБНЭ-ээс зохион байгуулах ажлын тухай”, “Монгол төрийн бодлого, түүнд Мөнх тэнгэрийн үзэл санааны гүйцэггэх түүхэн үүрэг” сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, “Буриад язгуурын бөөгийн тухай”, “Галын тахилга” гэсэн сэдвээр Монгол бөөгийн Буриадын Их зайран Г.Болд, “Монгол бөө-бариа засал, бясалгал” гэсэн сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн Удган О.Туул, “Хуур, манжигийн тухай” сэдвээр Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, “Монгол гэрийн гайхамшиг, өргөөн дэх Онгодын байрлал” гэсэн сэдвээр Монгол бөөгийн удган Б.Байгальмаа, “Монгол бөөгийн ёс зүйг боловсруулан гаргах болсон түүхэн шалтгаан” сэдвээр Монгол бөөгийн их Зайран Д.Одонхүү, “Бөө болох шалтгаан улаачийн ёс зүй, Багш шавийн барилдлагын ёс зүй”, “Бөөгийн зан үйлийн ёс зүй, өргөл барьцын ёс зүй, Эгэл олон түмний баримтлах хүндэтгэлийн ёс зүй” сэдвээр сэдвээр Монгол бөөгийн Тэргүүн Зайран Н.Баярсайхан нар тус тус лекц уншиж, оролцогчдын асуултад хариуллаа.
    Сургалт эхлэхтэй холбогдуулан эерэг болоод сөрөг хандлага гарч ирж байсан боловч сургалт дууссаны дараа мөнх тэнгэрийн улаач нар сургалтанд суусандаа их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.
    Сүүлийн жилүүдэд шинэ бөө, тэнгэрийн улаач нар ихээр төрж байгаатай холбогдуулан тэнгэрийн үйлээ дутуу хийх, онгод тэнгэрүүдтэйгээ дутуу золгосон гээд сөрөг хандлага үүсгэж байгаа өнөө үед түүнд хариулт өгөхөд цагаа олсон сургалт болж чадлаа.
    Хуяг, хувцас өмсөөд, хуур татаад эсвэл хэц барьж суугаад бөө болдоггүй. Гэртээ суугаад өвөө, эмээгээ буулгаад хүчтэй зайран, удган болдоггүй гэдэг томоохон ойлголтыг сургалтанд хамрагдсан улаач нар маань ойлгосонд МБНЭ-ээс сургалт зохион байгуулсан багш, баг хамт олон, сургалтанд хамрагдагсадын хувьд сэтгэл хангалуун байлаа.

    djmedia:515
  • СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БӨӨ НАР БӨӨЛӨВ.

    Янз бүрээр бичсэн юмдаг. Өмнө нь Сүхбаатарын талбайд бөөлөгсөд нь улс төрийн захиасаар бөөлж байсан. Тэрхүү захиалгат бөөлөлтийг зохион байгуулагчид Сүхбаатарын талбайн зүүн урд байрлах олон давхар шилэн барилгад захиалагчдын төлөөсөөр хоёр сар шахам байрлаж үйл ажиллагаа явуулсан байдаг. Захиаслагчид нь төлбөрөө төлөхөө болиод, зохион байгуулагчид нь гадаад оронд амьдрахаар явсанаар үйл явдал завсарласан билээ.
    Бид ингэж бичсэнээр Тэнд оролцож байсан “Ноён уулын аварахын төлөө” хөдөлгөөн, “Гал үндэстэн холбоо”-ны тэмцлийг үгүйсгээгүй билээ.
    Харин энэ удаагийн Сүхбаатарын талбайд бөөлсөн “улаач” нар өөрсдийн сэтгэлийн дуудлагаар, хүсэл эрмэлзлэлээр зорин очиж бөөлсөн байна. Цугларсан олон тэдэнд талархал илэрхийлж, монгол орныхоо сайн сайханы төлөө тэмцэгчдэд урам хайрлаж байгаад талархал илэрхийлжээ. Харин хэвлэл мэдээлэл “чимээгүй таг” байна.
    Бөө нар шаардлагатай гэж үзвэл заавал товлосон газраас бус өөрсдийн онгодын өргөө, хээрийн онгодоос түмэн олныхоо төлөө зан үйлээ хийх чадвартай билээ. Улс орныхоо төлөө шаардлагатай цагт улаач нар баатар цэрэг эрийн хуяг дуулга, бөөгийн хуяг хувцасаа хамтад нь агсран алс холын замд үүрэг гүйцэтгээд явж байсан түүхэн замналтай билээ.

    djmedia:514