Author: admin_shaman

  • “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”.

    Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.
    Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.
    Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан,
    1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
    2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.
    Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.
    Энэ өдрийг тохиолдуулан МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдээс эмэгтэйчүүд, удган нар, дэдний үр хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН ТАВДУГААР ХУРАЛДААН.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан П.Батжаргал, Д.Одонхүү, Д.Жаргалсайхан, Ц.Отгонсүрэн, Анхбаяр, С.Сэргэлэн, С.Болортунгалаг, Цэндсүрэн, Мягмарсүрэн нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
    Бурхан халдуны нэгдсэн тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач нарыг хэлэлцэн баталлаа.
    МБНЭ-ээс гадаад харилцааг өргөжүүлэх талаар хийсэн ажлуудыг сайшаан дэмжлээ. 2021 онд Францын төлөөлөгчидтэй хамтран ажиллах хэлцэлийн тухай мэдээллийг сонсож, сайшаалаа.
    АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчидтэй хийсэн уулзалт тухай мэдээллийг сонслоо.
    Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гаргасан шийдвэрүүдийг баталлаа.
    Хуралдааныг Б.Батжаргал, Сайхантуяа, У.Ганхуяг, Б.Гомбо, Д.Мөнхжаргал, Н.Лхагва нар тасаллаа.  Хуралдаан 2.10 минут үргэлжлэв.

     

  • АНУ-ЫН ЭСЯ-НЫ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ.

    АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Лорин Ховистой МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзав. Уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ээс ойрын хугацаанд хийгдэх ажлын талаар танилцууллаа. Лорин Ховис өөрийн сонирхосон асуудлаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хариулт авлаа. Ярилцлага ажил хэрэгч болж өнгөрлөө.

  • ЯМААН ДАХААР ЯЛ ЯНГААС МУЛТРАВ

    Дархадын хүрээг Ивдэд Тогосын талд байх үед нэг өдөр тэр хүрээний гудамжаар явж байсан хүн отгийн хашаан дотор ямар нэг хүнийг шүүж байх чимээ гарчээ. Тэр хүний чихэнд 60 гаруй настай Мэнд гуайн дуу гарахаар нь хэрэг болгон шагайхад Мэнд гуайг шүүж байжээ.
    Тэгэхээр нь нөгөө хүн хөөрхий муу Мэнд гуайг шүүж байна. Авгайд нь очиж хэлье байз гэж бодоод Мэнд гуайнд очтол тэрээр зөв зүгээр сууж байна гэнэ. Тэгэхээр нь нөгөө хүн сая миний үзэж сонссон хий зүйл байжээ гэж бодон Мэнд гуайд хэлтэл, “За байз отог дээрээ нэг очдог юм уу, тэд миний муу ямаан дахыг минь аваад явчихсан юмсан. Тэгэж зодож байгаад аягүйдвэл муу дахыг минь ураад хаячих байх” гэсэн гэдэг.

  • ЯВГАН АЛХАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

    7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40% багасна.)
    8. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна, цус харвах, цусны өндөр даралт болон диабет, холестриний хэмжээ ихсэх эрсдлийг багасгана.
    Тиймээс та долоо хоногийн ядаж нэг өдөр явган аялал, алхалт хийж байгаарай.
    Хэрэв та алхалт хийх гэж буй бол дараах зөвлегөөг анхааралтай уншаарай.
    #Алхаагаа түргэсгэ. Энгийн хүн 20 минутанд 1,5 км явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм.
    #Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.
    #Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ.
    #Хөлд эвтэй, тохирох гутал өмс. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.
    #Биед эвтэйхэн хувцас өмсөх. Ууланд алхахдаа хөлсийг шингээж, амархан хатдаг, биеийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй, ус салхинаас хамгаалах материалаар хийгдсэн биедээ эвтэйхэн хувцас аль болохоор өмсөх нь хамгийн чухал.
    #Зориулалтын хэрэгсэлтэй явах. Ууланд алхах, явган алхахад зориулалтын хувцаснаас гадна хэрэгсэлтэй байх нь учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах төдийгүй биеийн ачаалалыг багасгах, тэнцвэржүүлэх, хөдөлгөөнийг дэмжих зэрэг ач тустай байдаг.
    #Иймээс зайлшгүй биедээ авч явж хэвших хэрэгсэл бол ТАЯГ, ҮҮРГЭВЧ, ХАДААС, УСНЫ САВ, нарны хэт ягаан туяанаас хамгаалах НҮДНИЙ ШИЛ, АЛЧУУР, МАЛГАЙ, БЭЭЛИЙ

    GoodHiker.com 

     

     

  • ХАН ХУРМАСТ ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА

    Мэгж сайхан гайхайгаа
    Мэлтэгнүүлэнхэн ирдэг
    Ууль шувуун угталгаан
    Урвалзуулхан ирдэг
    Наран эхтэй нагацтай
    Саран эцэгтэй гарвалтай
    Халдун модон шошигтой
    Хан хэнтийн сахиус
    Өвөр наран биендээн
    Өвгөдийн Алтан өлгийтэй
    Ар хөвчийн биендээн
    Албат олон омогтой
    Хамаг Монголын шүтээн
    Хан Хэнтийн эзэн сахиус
    Шүтээн минь хайрхан
    Ариун ума хумм гээд бөө арцаар ариулмуй…гэж дуудна

  • МОНГОЛЫН УНАЛТ, ДОРОЙТЛЫН НЭГ ГОЛ ШАЛТГААН НЬ ЛАМЫН ШАШИН, МУХАР СҮСЭГ

    Төв төрийг нь мөхөөж, түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, бүх баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн нар, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан, шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор үхэл мөхлийн ирмэгт тулжээ.
        XIII-XV зууны үед монгол хүн, монгол айл өрхийн гар дээр байсан алт, мөнгө, үнэт эдлэл, түүхийн ховор нандин зүйлс бараг л бүгдээрээ Төвд, Хятад руу зөөгджээ. Монгол айл өрхийн 90 гаруй хувь нь зөвхөн л жижиг гэр ба цөөн малтай үлджээ. Хөрөнгө, зоорь гэхээр өөр юм байсангүй…
        Эрчүүдийн 40 орчим хувь нь лам болсноос өрхийн тоо цөөрч, хүн амын өсөлтгүй жилүүд үргэлжилсээр XX зууны эхэн гэхэд 800 мянга хүрэхгүй хэмжээнд очжээ.
        Их Монгол-улсын дэвсгэр нутаг 5 сая квадрат километр гаруй байснаа эцэс сүүлдээ 1,5 сая квадрат километр болтлоо танагдаж багасчээ.
        Монгол хүний олонх нь БНХАУ-д, гурав дахь хэсэг нь Оросын харъяанд аж төрөх болов. Монголынх гэж нэрлэж болох бүх үнэт зүйлсийн (газар нутаг, газрын дээрх, доорх баялаг, хүн ам, мал, гэр, байшин г.м) 70 орчим хувь нь хойд, урд хөршүүдэд хуваагдан өвөрчлөгджээ. Ийм үр дүн гарсны гол шалтгаан нь монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдаад Манж чин гүрний вассал болсон, шарын шашинд гүнзгий автаад мухар сүсэгтнүүд болсон явдал юм.

        Төвд дэх Бурханы шашин олон урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон, ил далд дэмжигчидтэй болж, зөрчил тэмцэл яван хурцадсаар адаг сүүлдээ шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж, мөнхүү дайнд монголчууд эсрэг тэсрэг тал болон хуваагдаж оролцсон нь Монголын цэрэг-зэвсгийн чадамжийг ихэд доройтуулж бас дотоодод нь хагалж, ужгирсан самууныг тарьжээ.
        Бурханы шашны улаан малгайтны бүлэглэлд туслахаар Цогт тайж тэргүүтэй 40.000 орчим цэрэг эрс Лхас руу хөдөлсөн бол шар малгайтны бүлэглэлд туслахаар Төрбайх тэргүүтэй 10.000 орчим цэрэг эрс мөн л Лхас руу гарчээ.
        “Улаан хошууны” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн шийдвэрлэх том тулалдаанд монгол цэрэг эрсийн цус “уул давааг нэвтэртэл” асгарчээ. 30.000 шахам цэрэг амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь Төвдийг төвхнүүлэх хэрэгт үргэлжлүүлэн оролцож мөн л ихээхэн хохирол амсчээ. Харь холд зөөврийн дайн хийж, харь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, оролцох оролцохдоо бүр хоорондоо цус асгаруулан тулалдаж оролцсон нь Халх Монголыг ч сульдуулж бас Ойрд Монголыг ч доройтуулжээ. Сульдуулаад, доройтуулаад зөвхөн орхисон биш тэдний удаах харилцааг бүр дайсагнал, хонзогнолын байдалтай болгож эвджээ.
        Бурханы шашин олон урсгал, олон толгойтой болсон, шашны үйлчилгээ бизнесийн шинжтэй болсон, Лхасын сүм хийдүүд олон улсын аялал-мөргөлийн төв болж эхэлсэн, шашны урсгал тус бүрийн тэргүүнүүд, ихэс дээдэс нь нэр алдарт шунах, олбог суудал булаацалдах болсон, энэ үндсэн дээр дотоодын самуун эхэлж, Төвд орон засаглалын хомсдолд орж төр-шашны доройтол ужгирч сүсэгтэн олон түмэн хэрхэхээ мэдэхгүй үймэлдэж бужигнаж байсан нь Төвдийн уламжлалт нийгмийг сандчааж, бас туйлдуулжээ. Ийм болчихсон орныг эргүүлж цэгцлэх хүч Төвдөд дотоодод нь алга байв.
        Улааны шашны бүлэглэл цэрэглэн хөдөлж Лхасыг эзэлж шарын шашны талынхныг барьж хорьж, сүм хийдээс нь хөөж, дураараа загнаж эхэлжээ. Энэ нь шашны урсгал хоорондын цаг зуурын самуун төдий үзэгдэл биш байлаа. Төдхөн л хэн нь хэнийгээ вэ? гэсэн хурц тэмцэл, иргэний дайн болжээ.
        Төвд дэх иргэний дайныг Ойрдын ноёд зогсоож, Төрбайх ноён Төвдийн хаан болжээ. Төрбайхын албатууд Төвд рүү нүүж, Торгуудууд Ижил мөрөн тийш дайжиж, Буриадууд Оросын нөлөөнд автаж, Галдан, Занабазар хоёр учраа ололцохоо больж, тэдний хооронд Манжийн хаан болон Далай ламын төлөөний этгээдүүд яс хаясаар эцэс сүүлдээ тэд цус асгаруулсан сөргөлдөөнд орж Монголын төрийг мөхөөжээ.
        Шарын шашны ихэс дээдэст Монголын ноёдоос анх олгосон Далай лам, Банчэн эрдэнэ гэх цолыг төвдүүд овжиноор ашиглаж тэднийг амьд бурханы зиндаанд хүргэн алдаршуулж бас хойт дүрүүдийг нь тодруулж, Лхасыг бурхдын орон болгоод орон орноос эргэл мөргөлчдийг татаж ихээхэн ашиг олж эхэлжээ. Их Монгол улсын хаадаас олгосон гэх дуулиант алдрыг хөөрөгдөж дэвэргэж чадсан нь угтаа Чингисийн эзэнт гүрний хаялга мөн байв. Чингисийн эзэнт гүрэн, Их Монгол улсын нэр цуу тэр үедээ юуг ч Брэнд болгочихож чадахаар тийм өндөрт байжээ. Өөрсдийнхөө нэр суугаар бүтээсэн “энэ хоёр амьд бурханы” үлгэрт дараа нь монголчууд өөрсдөө бүрэн итгээд, шүтэж тахиж эхэлсэн нь ёстой л “түүхийн хошигнол” болох баримт мөн болно…
        Хариас цэрэг зэвсгийн тусламж авч элэг нэгтнээ хядсан Далай лам, Банчэн эрдэнэ хоёр өөрсөддөө учрах хойших аюулыг тооцож Ойрд ноёныг Төвдийн хаанаар өргөмжилжээ. Төрбайх хаан арван хөвгүүнтэй байсны зарим нь Төвд болон Хөх нуурын хаад, ихэс дээдэс болж өмнөх өш хонзон мартагдаж алга болоход хүрэлцэхүйц удаан хугацаагаар Төвд дахиныг захирчээ. Чингэж Төвд дэх иргэний дайны болзошгүй муу үр дагавар монгол цэрэг эрсийн хүчин зүтгэлээр арчигдаж мартагдсан түүхтэй.
        Төвд дэх Бурханы шашны түүхэнд зөвхөн л монголчуудын өгсөн цол, хэргэм дээдийн дээдэд тооцогдон үнэлэгдсээр бараг 600 шахам жил болж байгаа нь хаадын хаан гэгдсэн Чингис хааны алдар, суутай холбоотойг дахин хэлье.

    х          х          х
        Шарын шашныг Монголд аль болохоор түргэн, аль болохоор өргөн дэлгэрүүлэх хэрэгт Манжийн хаад, Хятадын түшмэдүүд, Далай лам, Банчэн эрдэнэ нар, Жавзандамба хутагтууд, бусад хувилгаад, Төвдийн том толгой лам нар ил далд уралдан зүтгэцгээжээ. Төвдөөс тодорч Монголд залагдсан Богд гэгээний 6 дүрийн Лхасаас авдаг нууц даалгавар бол “Монголын өнцөг булан бүрд сүм хийд барих, лам нарыг бэлдэх, хүн амыг гүнзгий сүсэгтэн болгох, эргэл мөргөлчдийн сүлжээ үүсгэж Лхас, Гүмбүм рүү илгээж зуршуулах” явдал байжээ.
        Эр, эм лам нарын тоо олширсноор Монголын баялаг бүтээгчдийн тоо, хүн амын тоо цөөрчээ. Өргөл, барьц, мандал, эргэл мөргөлчдийн шугамаар ихээхэн баялаг Төвд, Хятад руу урсан гарсаар байв. Хамжлага ардын бүтээсэн баялгаар амьдардаг хүмүүс ба давхрааны тоо өссөөр Монголын уламжлалт нийгэм 200 гаруй жилийн туршид завсрын сэргэлтгүйгээр унаж доройтжээ. XX зууны эхэн гэхэд Монголд лам нарын том давхраа, ноёдын том давхраа, Манжийн төрийн түшмэдүүд, Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид, Оросын худалдаачид, алт, мөнгө олборлогчид өөр өөрийн арга, хэлбэрээр малчин ардуудыг мөлжиж, мунхруулж, дарлаж, үгээгүй ядуу байдлыг гүнзгийрүүлсээр байлаа.
        Лхас, Гүмбүм рүү хэдэн сараар аялан явж эргэл, мөргөл хийх, Далай лам, Банчэн эрдэнэд мандал өргөх, хутагт хувилгаадыг тодруулан залж ирэх, шинээр барьсан сүм хийдүүдэд зориулж гол шүтээн бурхдыг Төвдөөс зөөх зэрэг зан үйлийн зардалд харамсмаар их үргүй зардал, чирэгдэл гарсаар байв.

        Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулж ирсэн арга, хэлбэр нь итгэл, үнэмшил багатай, мэхэлсэн хуурсан шинжтэй, нэг болохоор “урдах дүртэйгээ төстэй, хувийн эдлэл хэрэглэлээ минийх гэж таньсан, шавь хийгээд шадар хүмүүсээ нэрээр нь дуудсан” гэх мэтийн улмаас танигдаж, тодорсон, эсвээс “сэргэлэн цовоо олон хөвгүүд дундаас сугалаа болон шодох аргаар” тодруулсан гэх мэтээр яригддаг хэдий ч Далай лам, Банчэн эрдэнэ мэтийн дээдэс батламжилсан гэгддэг лагшин сольсон амьд бурхад Монголд олон болсоор байлаа. Үнэн мөнөөрөө уламжлагдан ирсэн ганц жишээ, мэдээг иш татъя. Да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын 8-р дүрийг тодруулахаар Их Хүрээнээс 1874 онд гарч Бээжингээр дамжин Лхаст очжээ. Ер бусын гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд сэгсэрч холиод мөнгөн савхаар 6-г нь нэг нэгээр сугалжээ. Харин үлдсэн 3-ын нэрийг алтан савхаар сугалсаар эцсийн нэгийг нь гаргаж ирэхэд Төвдийн нэгэн томоохон язгууртан хүний 4 настай, 4 дэх хөвгүүний нэр бичигдсэн байв гэнэ. Тэр хөвгүүнд Агваанлувсан гэх шинэ нэрийг Далай лам өгч, Манжийн хаан (Бүрэн засагч) зарлигаар батламжилжээ. Тэр үед Монгол оронд сэргэлэн цовоо хөвгүүд хэдэн арваараа байсан нь тодорхой юм. гэтэл яахлаараа шодох, сугалах ажлыг заавал Төвдөд, Лхаст явуулдаг билээ? яахлаараа монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур харь төвд хүний гарт байх ёстой гэж? Тодлогдсон балчир хүүхдийг аав, ээж, дөрвөн ах, нэг дүүтэй нь хамт, мөн хувийн нь багш, сойвон, донир, эмч гэх мэтийн олон төвдүүдийн хамт Их Хүрээнд авч ирэх ажил 19 сар орчим үргэлжилжээ. Зөвхөн тэдний замын хүнс хоолонд цалин цагаан мөнгө 1000 орчим лан зарцуулжээ.
        Монголын төлөөлөгчид Лхаст очоод манз барих ёслолд зориулж өмнөх Богдын сангаас 40.000 лан, Халх дөрвөн аймгийн хошуу бүрээс 10.000 лан, ван нар, засаг ноён бүрээс 1000 лан гаргажээ. Лхасаас Хөх нуурт ирэх уналга, хөсгийг дээд монголчууд, харин Хөх нуураас Их Хүрээ хүртэлхийг халх монголчууд даажээ. Энэ хэрэгт халхчууд атан тэмээ 1271, агт морь 823, эсгий бүрээстэй, ор дэвсгэр, уншлагын ширээ бүхий шинэ гэр 7, майхан 108-ыг гаргажээ. Уг хэрэгт Халхаас 400 гаруй хүнийг томилон оролцуулжээ. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хөлтэй том ажил 1875 оны Х сарын 3-ны өдөр төгсөж 8-р богд гэх төвд хүүхэд Их Хүрээнд морилон иржээ. Энэ хүү түүний төрөл төрөгсөд, багш, эмч, үйлчлэгч хүмүүс, зочин гийчин төвдүүдийн бүх зардлыг монголчууд 1924 он хүртэл даасаар байлаа…
        Өмнө дурдсантай төсөөтэй түүх олон янз хувилбараар энэ ХХI зуунд ч мөн давтагдан гарч эхэллээ. Зардал ба ашиг хоёрыг, үнэн ба худал хоёрыг, төр ба сурталдаа өөрсдөө эзэн болж явах, эс явахын тус ба ус хоёрыг дээр, дооргүй л бодолцмоор байна даа…
        Түүх арай өөрөөр, өөр нөхцөлд (гоо заслаар халхавчлагдаад) давтагддаг аюултай. Монголчууд бид туулсан, өнгөрөөсөн доройтол, уналтаа давтахаас цаг ямагт сэргийлэх учиртай. Энэ бол бидний хийчихэж мэдэх алдаануудаас нэлээд их магадлал бүхий нэг нь юм (Мухар сүсэг улам бүр л газар авсаар байна).
        Өмнө зүгт Тангадууд буй гэдгийг өглөө бүр надад сануулж бай! (Чингис) гэхийн адилаар энэ алдааны талаар бид байн байн бодож, сэргийлж явах учиртай…
        1911 оны гунигт төлөв, байдал хүртэлх уналт, доройтол, ядуурлын нэгэн гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг байсан нь үнэн болно.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

    djmedia:413
  • ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ.

    МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудыг зөвлөлийн гишүүд энэ өдрийг хүнд хэлбэрэээр өвдсөн гишүүдээ эргэх өдөр болгон зохион байгууллаа. Албан ёсоор бол Залуучуудын зөвлөлөөс төлөөлөл сонгон гишүүдээ эргэхээр томилсон боловч санаачлагаараа олон залуус нэмж хүрч ирсэн байлаа. Бид нэг өдрийг өвчин эмгэгээ мартан хөгжилтэй дурсамжит үеээ ярилцан өнгөрөөлөө. Өвчин хэлж ирдэггүй “хийсч” ирдэг. Гэнэтийн явдал улаач хүнд олонтой тохиолдоно. Тэр үед биеэрээ эдлэх ч үе байна. Анд нөхдийн туслалцаа авах ч үе ч тохионо. Ийм үед хамт олонтой байхын хэрэг гардаг билээ.

  • ЦАГААДАЙ, ЦАНХИЛАН ХОЁРЫН ТУХАЙ ДОМОГ

    Урьд ганц бие Цагаадай нэртэй өвгөн нуурын захад амьдарч байжээ. Тэр нууранд өдөр бүр 7 хун тэнгэрээс буун ирж хүн болоод усанд орж зугаацаж байгаад буцаад нисдэг байжээ. Нэг өдөр Цагаадай өвгөн цалам бэлтгэж, урьд өдөр нь урхи тавьжээ. Маргааш нь очиж үзтэл урхинд нь ногоон торгон дээлтэй хүүхэн байжээ. Тэгээд тэр хоёр гэр бүл болон амьдарч байгаад нас барахад Цагаадай, Цанхилан гэдэг хоёр онгод болон хувирчээ. Тэр хоёрын үр хүүхэд нь Шарнууд овгийн дээд өвөг болсон тул Шарнууд овгийнхон Цагаадай, Цанхилан хоёр онгодыг сүлдлэн тахидаг болжээ. Цагаадай, Цанхилан хус модны ацанд 5 өнгийн эд уясан авгай эмгэлжтэй онгодоор дүрслэн хонины ноосыг тараан эсгий уутанд хийж хотонд тавьдаг байжээ. Цагаадай онгодыг битүүний орой цавгаар оруулан тахиж шинийн нэгний өглөө зайнцраар нар тусаж байхад гэрээс гардаг аж.

  • СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УХААН

    Тиймээс өөртэйгөө болон хүмүүстэй харьцахдаа, ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа сэтгэл хөдлөлөө анзаарч байх хэрэгтэй. Ууртай үедээ шийдвэр бүү гарга гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй зөвлөгөө бөгөөд “Ямааны мах халуун дээрээ” буюу хэрүүлтэй үедээ асуудал шийдэх нь тийм ч оновчтой арга биш ажээ.
    2.Хүнд “сэтгэл хөдлөлийн” тархи байдаг. Энгийнээр бол хүнд 3 тархи байдаг. Бага тархи нь хамгийн түрүүнд үүссэн бөгөөд амьсгалах, тэнцвэр олох гэх мэт автомат үйлдэл хариуцдаг. Дунд тархинд сэтгэл хөдлөл, санах ойн үйлдлүүд явагдах ба их тархи нь сэтгэн бодох, төлөвлөх, логик сэтгэлгээг удирддаг. Дунд тархинаас эх авч 100 сая гаруй жилийн өмнөөс их тархи үүсэж эхэлсэн гэж эрдэмтэд барагцаалдаг.
    Харьцуулахад дунд тархи нь 360 сая гаруй жилийн өмнөөс сүүн тэжээлтэнгүүдэд үүсэн, их тархинаас олон зуун сая жилийн турш бидний өвөг дээдэс болох сүүн тэжээлт амьтдыг удирдан, амьд явах, сүргээ олох, үржих зэргийг зохицуулж ирсэн. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхэд мөн энэ дарааллаар тархи нь бойждог бөгөөд эргэцүүлэн бодох, ухамсарлах, сэтгэл хөдлөлөө (биеэ) барих зэргийг үйлддэг их тархины хөгжил дунджаар 25 нас хүртэл үргэлжилдэг ажээ. Тиймээс хүүхэд байхад сурсан сэтгэл хөдлөлүүд хүнд гүнзгий үлдэж насанд хүрч бойжтолоо сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах нь олонтой. Заримдаа насан хүрсэн хүмүүс ч хүүхэд мэт аашлах нь сэтгэл хөдлөлдөө дэндүү захирагдсаныг илтгэнэ.
    3. Сэтгэл нь гадаад орчин, өөрт тохиолдож буй зүйлийг тусган авах мэдрэмжээс үүснэ. Мэдрэмжийг бид сэтгэл хөдлөлийг удирддаг тархи болох дунд тархиндаа хамгийн түрүүнд тусган авч санах ойдоо тулгуурлан сэтгэл хөдлөл болгох бөгөөд дунд тархинаас тухайн сэтгэл хөдлөлд тохирсон үйлдэлд оруулах гормоныг ялгаруулж биеийг эзэмдэж удирддаг. Хүний бие физиологи ихэнхдээ гормоны нөлөөнд байх бөгөөд тайван амгалан байх гутрангуй үзэлтэй байх зэрэг нь өөр өөр гормон ялгаруулдаг тул аль болох биеийг сэргэг, эрүүл байлгах гормон ялгаруулахын тулд сэтгэл хөдлөлдөө анхаарал тавьж удирдах хэрэгтэй.
    4. IQ болон EQ-ийн тэнцвэрийг олох нь зөв шийдвэрт хүргэнэ. Араатан амьтан шиг биш эсвэл хиймэл компьютер шиг биш байх нь хүний IQ болон EQ тэнцвэрээ олох дээр тогтдог. Сэтгэл хөдлөл нь биднийг юунаас айж болгоомжлох, юунд итгэж найдах, юуг идэж болохыг хормын зуур шийддэг байхад сэтгэн бодох нь тухай бүрийн боломж, үр уршгийг харьцуулдаг. Шийдвэрийн чухал яаралтайгаас шалтгаалан аль тархиндаа илүү найдахаа мэдэж сурах нь сэтгэл хөдлөлийн ухааны нэг хэсэг. Хүн ядарсан, стрэсстсэн үед их тархины үйл ажиллагаа саармагжиж сэтгэн бодох, тунгаан ажих чадвараа гээж сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаг. Нөгөө талаараа их тархиндаа ачаалал бага өгөх тусам сурах, ойлгох, сэтгэх чадвар муудаж мөн л сэтгэл хөдлөл нь гол шийдвэр гаргах суурь нь болно. Ажил амралтаа тохируулах нь цаашлаад хүн сэтгэл хөдлөл болон оюун бодлоо тэнцвэржүүлэх чадвартай байхад чухал нөлөөтэй.
    5. Бурхны шашны сургаалууд нь үндсэндээ EQ-г заадаг. Буддын шашны тэргүүн гэгддэг Далай багшийн үндсэн сургаал нь Тайван бай, Нигүүлсэнгүй бай гэдэг. EQ өндөртэй буюу тайван хүн сэтгэлийнхээ гүнд өөртэй итгэлтэй буюу тухайн хүний оршин тогтнох аюулгүй байдал нь хир барaгийн гадны нөлөөнд автахгүй гэдгийг ухамсарласан байдаг. Аз жаргалын мэдрэмж нь хүний биеийг тайван амгалан байдалд оруулж хир баргийн гаднын нөлөөнд гайхах, уурлах, гуниглахын эсрэг бие махбодийг бэлддэг.
    6. Нигүүлсэнгүй байх нь бусдыг ойлгож өршөөх сэтгэл. Өөрийгөө аз жаргалтай байлгаснаар тайван амгалан болж тайван байдал нь эргээд аз жаргал авч ирдэг. Өөрийгөө хайрладаг хүн ихэвчлэн аз жаргалтай, тайван байх бөгөөд бусдын жаргал зовлонг өөр дээрээ мэдрэх эмпати чадвартай байдаг. Эмпати чадвартай хүмүүс бусдыг ойлгож бусдад өөрийгөө ойлгуулахдаа гарамгай байдаг. Хүмүүсийг ойлгодог хүн тэр болгон бусдыг шүүж буруушаахгүй, хамтрах эсвэл холдох арга замаа олдог. Хүмүүстэй ойлголцож чаддаг хүн асуудал шийдэх, амжилт гаргах ба бусдыг манлайлах давуу талтай.
    7. Тайван хүн эго-гоо дарж чаддаг. Хүний тархины гол зорилго нь хүний бие физиологийг амьд байлгах. Үүний тулд үргэлжид аюул заналаас хамгаалах сэрэмж хэрэгтэй бөгөөд энэ нь сэтгэл хөдлөлд эго болж хэрэгждэг. Эго-н сайн тал нь өөрийгөө хамгаалах, үнэлэхэд байдаг ч сөрөг тал нь бусдаас өөрийгөө илүүд эсвэл дутуу үзэх, салан тусгаарлахад байдаг. Тайван бус стрэссдэж сандарсан, санаа зовнисон хүн өөртөө итгэх итгэлээ алдан эго-н сөрөг талаар түлш хийж амьдардаг. Эд баялаг, мөнгө хөрөнгө, албан тушаал, бусдын бишрэл хүндлэл хүртэх хураах хүсэл нь хүний амьд явахаа бататгах гэсэн эго-гоо тэжээх гэсэн оролдлого болдог. Гэвч эдгээр тус бүр нь өөрийн гэсэн асуудал, эрсдэл, айдас дагуулах нь олонтой. Үүний оронд хүн тайван байх нь хамгийн том давуу тал, баялаг болно.
    8. Сэтгэл хөдлөлийн тархи нь хүүхэд төрөхөд бүрэн бүрэлдсэн байдаг бөгөөд насанд хүрэх хүртлээ төлөвшдөг. Тийм учраас нярайгаас авахуулаад бүрэн дунд сургууль төгсөх хүртэлх насны хүүхдийн EQ боловсрол маш чухал. EQ боловсрол дээр анхаардаг гэр бүл, сургууль, орчинд бойжсон хүн өөртөө итгэлтэй, зоригтой, зөв шийдвэр гаргадаг, өөрийн гэсэн бодол байр суурьтай, өөдрөг, тууштай, өөрийгөө тайвшруулах чадвар өндөртэй байдаг тул аз жаргалтай байхын үндэс болдог гэж үздэг.
    9. Ганцаардах нь сэтгэл санаа, бие физиологид гүнзгий сөрөг нөлөөтэй. Гэр бүл, найз нөхөд, хамт олны дотно дулаан харилцаа хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөлд чухал нөлөөтэй бөгөөд ганцаардах нь өөрийг нь хамгаалах сүрэггүй, амьд явахад нь аюул учирсан мэт мэдрэмж хүний сэтгэл зүйд төрүүлдэг. Ганцаардал нь тамхи татахаас дунджаар 2.5 дахин хүний биед хор нөлөөтэй бөгөөд хүний сэтгэл хөдлөлд хурцаар нөлөөлснөөр эмгэгийн байдалд оруулж сэтгэлээр унах, цочир аашлах, улам бүр ганцаардах шийдвэр гаргах зэрэгт хүргэдэг.
    10. Насанд хүрсэн хүмүүс ч сэтгэл хөдлөлийн ухаанаа сайжруулах боломжтой. Хүмүүстэй харьцах харилцаанд сөрөг байдал гарсан тохиолдолд тухайн хүний оронд өөрийгөө тавьж түүний сэтгэл хөдлөлийг ойлгох, түүний тухай эерэгээр бодох, асуудал хурцадсан үед завсарлага аван тайвшрах зэргээр харилцаагаа үр дүнтэйгээр удирдах EQ ухаанд суралцан, уншиж судалж, лекц семинарт суухыг зөвлүүштэй.