Author: admin_shaman

  • Бурхан буудай уул

    Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.

    Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй.
    Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтадыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласанаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг.
    Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм.
    Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн байна.

  • 50-400 жилийн настай морин хууруудыг анх удаа дэлгэжээ

    Монгол соёлын өв, эд дурсгал цуглуулагч, угсаатны гэр музейг үүсгэн байгуулагч О.Маш-Эрдэнэ, Монгол оюун санааны өв цуглуулагч, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, С.Бадрал нарын морин хуурын цуглуулгаас бүрдсэн “Хөхөө Намжил” хамтарсан үзэсгэлэн Sengeragi art gallery-д нээлтээ хийжээ. Ийм төрлийн үзэсгэлэн Монголд анх удаа гарч буй бөгөөд дээрх хоёр хүний хувийн цуглуулгаас 30 орчмыг нь олон нийтэд дэлгэсэн байна.
    Өндөр гэгээний үеийн буюу 400 гаруй жилийн түүхтэй морин хуурын толгойноос эхлээд хамгийн залуу 50 жилийн түүхт үзмэрийг энд дэлгэжээ. Тэр ч бүү хэл Монголын үзэгчид морин хуурын нот буюу аялгуун судрыг уг үзэсгэлэнгээс харах боломжтой юм. Хятадын Өвөрмонголын өөртөө засах оронд морин хуурын төрөлжсөн музей байдаг бөгөөд тус музейд 100 гаруй нэр төрлийн хуур олны нүдийг хужирладаг. Тэгвэл манай улсад дан морин хуур, түүнтэй холбогдох түүхэн эд агуурсын үзэсгэлэн анх удаа гарч буй нь энэ болж байна. Энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгээс морин хуурын сүг зураг, эртний хуур, хуурын тайлал зэргийг үзэж сонирхож болох юм.

    Б.Мөнхзул
    Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • Mуланыг мартаад Монголын ялагдашгүй гүнж Хутулунтай танил

    Хутулун аавынхаа хамт Монголын нүүдэлчин хэв маягийг хамгаалахын тулд Хубилай хааны эсрэг дайтаж байсан тулаанч нэгэн юм. 1260-аад оны үед төрсөн Хутулун 14 ахтай бөгөөд морь унах, сур харвах, бөх барилдах эрдмийг сайн эзэмшсэн нь нэр алдарт хүрэхэд нөлөөлжээ.
    Бөхийн барилдаан, морин уралдаан, сур харваа нь Монголын үндэсний спортын төрлүүд хэвээр байгааг өнөөгийн монголчуудын эрийн гурван наадам хэмээх уламжлалт баяраас харагдана.
    Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулсан 1206 оноос үүдэлтэй энэхүү баяраа энэ онд хаалттайгаар зохион байгуулсан нь уг баярт ямар их ач холбогдол өгдгийг батлан харуулж байна.
    Монголын тал нутаг нь бөхийн барилдааны түүхтэй салшгүй холбоотой. Монголоос өнгөрсөн хугацаанд олон алдартай бөх төрсний зэрэгцээ 1990-ээд оноос хойш олон залуу сүмод хүч үзэхээр Японыг зорьжээ.
    Асашёорюү Акинори, Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабүро хэмээх Япон нэрээрээ алдаршсан Монголын дөрвөн бөх ёкозүна буюу их аваргын цолд хүрсэн бөгөөд Японы иргэдийн дунд Монголын сүмочид хамгийн алдартайд тооцогддог ажээ.
    Мөн Монголын тамирчид холимог тулааны спортын төрөлд ирээдүйд амжилт гаргах төлөвтэй байна. Жишээ нь З.Шинэчагтага, Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Ж.Нарантунгалаг зэрэг тамирчдын ачаар уг спортыг сонирхогчдын хүрээ тэлэх болжээ.
    Монгол бөхчүүдийн нийтлэг нэг зүйл нь бүгд эрэгтэй байдаг. Монголд олон зууны турш эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрдөггүй байсныг орчин үеийн бөхчүүдийн өмсгөл, үйлдэл нотолдог байна.
    АНУ-ын “Macalester” коллежийн профессор, хүн судлаач Жек Уэтерфорд 2010 онд “Lapham’s Quarterly” сэтгүүлд энэ талаар тайлбарлахдаа, “Тэд дээгүүрээ урт ханцуйтай хантааз өмсдөг боловч энэ нь мөр хэсгийг далдалдаггүйгээс гадна цээжин хэсэг нь бүхэлдээ ил харагддаг. Ингэснээр зөвхөн эрчүүд өрсөлдөж байгааг нотолдог” гэжээ.
    “Мөн барилдаан бүрийн төгсгөлд давсан бөх нь гараа өргөн цээжээ харуулж, шувууны нэгэн адилаар гараа удаанаар дэвдэг. Давсан бөхийн хувьд энэ нь ялсны илэрхийлэл боловч үүнийг Монголын түүхэн дэх хамгийн агуу эмэгтэй бөх болох нэг ч эрд ялагдаж үзээгүй гүнжид хүндэтгэл үзүүлэн хийдэг” хэмээн “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номын зохиолч Ж.Уэтерфорд бичсэн байна.
    Хэдийгээр гүнж 13 дугаар зууны үед бөхийн аварга болсон боловч тухайн үеэс хойш эрчүүд зөвхөн эрчүүдтэйгээ барилдах болжээ.
    Хутулун өөрийг нь давсан эртэй гэрлэнэ хэмээн зарласан боловч тэрбээр огт ялагдаагүй байна. Эрчүүд түүнтэй барилдахын тулд морьдоор дэнчин тавьдаг байсан тул тэрбээр 10 мянган адуутай болсон нь тухайн цаг үеийн аль ч эзэн хаанд байгаагүй сүрэг ажээ.
    Эдгээр баримт нь Марко Поло болон тухайн үед Ази дамнан аялсан Персийн зохиолч Рашад аль-Диний бичсэн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Мөн Хутулуны гэрлэлтийн талаарх янз бүрийн таамаг байдаг.
    Аль-Диний бичсэнээр, гүнж Газан хэмээн Монголын удирдагчид дурлан түүнтэй гэрлэсэн ажээ. Харин өөр түүхүүдэд тэмдэглэснээр, тэрбээр аавынхаа туслахуудын нэгэнтэй юм уу хоригдлуудын нэгэнтэй гэрлэсэн байна. Мөн түүнийг аавтайгаа цус ойртсон гэх цуу яриа гарсан тул барилдахгүйгээр гэрлэхэд хүрсэн гэж зарим нь үзжээ.
    Хайду хаан 1301 онд таалал төгсөх үедээ охиноо хаан ширээнд өргөмжлөх хүсэлтэй байсан боловч хөвгүүд нь эсэргүүцжээ. Хутулун 1306 онд таалал төгссөн хэдий ч тэрбээр олны ой ухаанд амьдарсаар ирсэн байна.
    Хамгийн сүүлд түүний дүрийг БНСУ-ын жүжигчин Клаудиа Ким “Netflix” компанийн “Марко Поло” цувралд бүтээсэн боловч хоёр бүлэг гарсны дараа уг цувралыг зогсоосон юм.
    Хутулуны түүхээс сэдэвлэн бүтээсэн илүү алдартай бүтээл бол дэлхийн хамгийн алдартай дууриудын нэг “Турандот” хэмээх Жакомо Пуччинигийн уран бүтээл юм. “Турандот” хэмээх нэр нь перс хэлээр “Туран”-ы охин хэмээн утгатай аж. Туран нь Персийн эзэнт гүрний дор оршиж байсан Төв Азийн улс юм.
    Энэ түүх он цагийн хугацаанд олон янз болж өөрчлөгдсөн бөгөөд Өрнөдөд хэрхэн өөрчлөгдөн очсон нь “1001 өдөр” хэмээх 1712 оны номд орсон Франсуа Пети де ла Круагийн үлгэрээр нотлогддог байна. Сүүлд “Турандот” дуурийг уг үлгэрээс сэдэвлэн бүтээжээ.
    Үүнд, “Турандот”-ыг өөртэй нь гэрлэх хүсэлтэй эрчүүдийг гурван оньсогоор шалгадаг Хятад гүнж гэж бичсэн байдаг ба хариулж чадаагүй тохиолдолд тэднээс морьдыг нь бус амийг нь авдаг байсан хэмээн тэмдэглэсэн байдаг аж.
    Ж.Пуччиниг 1924 онд нас барах үед хараахан дуусаагүй байсан “Турандот” дуурь нь 1926 онд бүрэн дууссанаасаа хойш дэлхий дахины дуурийн театруудад тоглогдох болжээ.
    Түүхэн дэх хамгийн алдартай тулаанчдын нэг хэмээн нотлогдож буй Хутулуны түүхийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Хутулун нь өөрөөр Айюруг болон Айярук хэмээн алдаршсан нь бүгд сарны туяа гэсэн утгатай ажээ.
    Хэрвээ Монголоос Хятадын Жан Вэйли, Сингапурын Анжела Ли шиг холимог тулааны нэртэй эмэгтэй тамирчин төрвөл Хутулунаас илүү өндөр амжилт үзүүлэх болов уу?

    Хулан.Э

  • СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ОЛОН ХҮН ӨӨРИЙГӨӨ ЯТГАЖ БӨӨ БОЛДОГ, ТҮҮНИЙ НӨЛӨӨНД ХҮМҮҮС ХОХИРДОГ

    -Бөөд үзүүлсэн, бөө болох гэж байгаа хүмүүс эмнэлэгт олноороо хандах болсон гэх юм. Шалтгаан нь юу байна вэ?
    -Стерин эмгэг гэж бий. Энэ төрлийн сэтгэцийн өөрчлөлт ямар нэг стресстэй холбоотой байдаг. Дундад зууны үед үхсэн хүний дүрд хувирах, авснаас босч ирэх зэргээр илэрдэг байсан бол XIX зуунд унаж татдаг өвчин бий болсон.
    Өнгөрсөн зуунд стерин гаралтай саа саажилт, дүлий хараагүй болох зэрэг шинж гарч ирсэн. Сүүлийн үед ер бусын ид шид, сүнсэнд, бөөд итгэх шинжээр их илэрч байна. Стерин шинж тэмдэг тухайн үеийн нийгэм сэтгэл зүйн хамгийн дуулиантай үйл явдал нийгэмд хүнд гэж тооцогдож байгаа өвчнүүдээс шалтгаалдаг. Сэтгэн бодох нь хөгжөөгүй, урлаг галбирын хүмүүс, эрх танхи хүүхдүүд энэ эмгэгээр өвдөх нь их байдаг. Тухайлбал, сүүлийн үед олон хүн өөрийгөө бөө боллоо, бөө болчихлоо гэх хэтэрхий итгэж, эмгэг нь хүндэрч ирж байна.
    -Бөө болох хувьтай хүмүүст унаж татах шинж илэрдэг юм биш үү?
    -Бөө боллоо гэх зэргээр солиоролд их орж байна. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэг муу байгаа нь ийм ойлголт давамгайлахад хүргэж байна. Олон улсын ангилалтай, унаж татдаг өвчин байдаг. Энэ төрлийн өвчин эрүүл байж байгаад 20 гаруй насандаа гэнэт ухаан санаа нь самуурах байдлаар илрэх нь ч бий. Гэтэл түүнийг “Онгод нь ороогүйгээс ухаан нь өөрчлөгдөж байна. Тиймээс бөөгийнхөө онгодыг авах хэрэгтэй” гэх мэтээр ятгуулсан олон хүн бөө болж байна. Үнэндээ тэр хүмүүс сэтгэцийн суурь өвчтэй байсан хэрэг. Энэ өвчнийг нь далимдуулж залилан хийж хуурах үйл ажиллагаа их байна. Уг нь тэр төрлийн өвчтөнүүдийг эмчлэх олон улсын стандарт бий. Уналтын эсрэг эм уугаад, эмчилгээндээ явах замаар л эдгээдэг. Гэтэл бөө болгож байна гээд өвчнийг нь хүндрүүлчихдэг.
    -Унаж, татах өвчин удамшдаг уу?
    -Зарим нь удамшдаг. Гэмтэл, тархины өвчин зэргээс ч үүсэх нь бий.
    -Танай эмнэлгийн хяналтад байдаг өвчтөнүүд бөө болсон тохиолдол бий юу?
    -Олон бий. Өвчтөнүүддээ тогтмол эмээ хэрэглэ гэж зөвлөхөөр өнөөх бөө нь “Чи эм ууж болохгүй. Бөө болоод л зүгээр” гэх юм. Тэр бүү хэл бөөд архи ус шиг үйлчилдэг гээд ойлгуулчихдаг. Тэгэхээр өнөөх унаж татдаг хүмүүс бөө болж байна гээд нэг шил архийг нэг дор уучих жишээтэй, Цочмог согтолтод орсон хүний ухаан санаа нь өөрчлөгдөж, хэл нь ээдэрч, янз бүрээр ярихаар “Онгод нь орчихлоо” гэдэг.. . .

    -Өөр хүний сүнс биед нь орчихоор тэгдэг юм биш үү?
    -Архийг шил, шилээр нь уучихаад баахан дэмийрч байгаад бөөлжчихдөг. Байсхийгээд л дахиад архи ууж дэмийрдэг. Ингэж архи ууж, тамхи татаад байхаар архинд донтох, тамхинд донтох эмгэгтэй болдог. Сэтгэцийн эмгэгтэйн дээр архи, тамхинд донтчихоор яах билээ. Ер нь стерин гэдэг өөрөө, өөрийгөө ятгачихсан түүнээсээ болж сэтгэцийн эмгэгтэй болдог өвчин. Хараагүй боллоо гэж итгэвэл хараагүй болно, нүдэндээ өөр хүний амьдралыг харна гэвэл харагдаж байна гэж өөртөө итгэдэг. Тиймдээ ч бөө болоод, бусдын дүрд хувирч амьдрал ахуйг нь хараад байна гэдэгтээ итгэдэг өвчин. Байр орон сууцаа барьцаанд тавьж байгаад бөө болдог.
    Бөө боллоо гээд сэтгэцийн эмгэг нь эдгэхгүй шүү дээ. Гэр бүлийнх нь нэг гишүүн ухаан алдаж унасан л бол бөөд үзүүлдэг. Бөө нь “Онгод тэнгэр нь дуудаж байна” гээд шавиараа авдаг юм шиг. Гэтэл унаж, татаад байгаа нь сэтгэцийн өвчний нэг хэлбэр шүү дээ Шашин сэтгэл зүйн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй эмчлэх ёстой.

    Монголд дэндүү олон бөө бий болж байна. Ихэвчлэн шунаг, сувдаг сэтгэлээс үүдэлтэй, сэтгэл зүйн боловсролгүй хүмүүсийг олзолж байгаа нь харамсалтай.
    -Бөө болж байгаа хүмүүст гэр бүлийнхзн нь итгэдэг. Хүмүүс ч үзүүлж, засал хийлгэнэ. Тэгэхээр өөрийгөө өвчтэй гэдэгт итгэхгүй байх.
    -Өөртөө маш итгэлтэй болдог. Ар гэрийнхэн ч “Манай хүн хардаг, мэддэг” гээд итгэчихсэн байдаг. Жишээлбэл, нэг бөө дүүг нь өөртөө даатгаж шавиараа авсан байдаг. Тэгээд ах нар руу утасдаж элдэв зүйл нэхдэг. Нөгөөдүүл нь дүүгээ бодож айсандаа хүссэнийг нь биелүүлдэг байгаа юм. Энэ бол ерөөсөө л өөртөө хэт итгэх өвчин гэдгийг жишээн дээр тайлбарлая. Нэг эмэгтэй ,нөхрөө нас барсны дараа “Нөхөр маань нэг шөнө ирээд миний хажууд хэвтсэн. Энэ үйл явдал гурван сар давтагдсан. ” Арга ядаад бөөд үзүүлээд өөр байранд орсноос хойш нөхөр маань ирэхээ больсон” гэж манай эмчид ярьсан. Шинжлэх ухааны үндэслэлээр тэр эмэгтэй нөхрийнхөө орон зайг асар ихээр үгүйлж байгаад өөрөө хамт байна гээд итгэчихсэн. Өөр байранд орвол зүгээр болно гэж бөө нь ятгаж, өөрөө итгэснээс нөхөр нь харагдахаа больсон байна. Энэ мэтээр бөө хүний нуруу руу халуун ус цацаж, халуун төмрөөр хайрч түлэх мэт эмгэг нь янз бүрээр илрэх нь бий.
    -Бөөд итгэсэн, бөө болж байгаа гэж шашны зан үйлээр явсан хүмүүс хэр хүндэрснийх нь дараа ар гэрийнхэн нь танайд ханддаг бол?
    -Муудсанаас сайжирч ирдэггүй. Ер нь олонхи хүмүүс хүнээ бөөд үзүүлдэг. Бөө нь баахан зан үйл хийлгэдэг. Тэрнээс нь болж хүндэрсэн тохиолдол их.
    -Бөө болохоор модон дээгүүр нисэх мэтээр жирийн хүн хийж чадахааргүй зүйлийг хийдэг юм гэсэн. Энэ бас өнөөх сэтгэцийн өвчтэй нь холбоотой юу?
    -Бөө нар модон дээрээс нисэх гэж байна гээд маш хурдан гүйцгээж байгаад нэгэн дээрээ дарж унаж бэртэж байсан тохиолдол бий. Өөрөөсөө илүү ур чадвартай гээд бодит байдлаас өөр зүйл яриад байгаа нь үнэнд нийцсэн асуудал биш.
    -Бөөг шүтдэг, даатгадаг хүн олон. Гэтэл бөөг нь сэтгэцийн өвчтэй гэвэл хүмүүс яаж хүлээж авах бол?
    -Бөөд даатгуулчихлаа гэж бодохоор нөгөө хүн нь бөөлчихлөө гэж бодоод нөгөө хүн мөн л өөрийгөө ятгачихаж байгаа хэрэг. Жишээлбэл, “Өнөөдөр сайхан байна. Би хийж чадна” гэж бодохоор чаддагтай л адил. Өөрөө өөрийгөө тайвшруулах сэтгэл зүйн дасгалаа бөөгөөр л хийлгэж байна гэсэн үг шүү дээ. Тулгамдсан асуудал байгаа бол дүүргийнхээ сэтгэцийн эмчтэй уулзаад зөвлөгөө авч болно. Гэтэл монголчууд тэгдэггүй. Би бүх бөөг сэтгэцийн эмгэгтэй гэж хэлээгүй. Сэтгэцийн эмгэгтэй олон хүн өөрийгөө ятгаж бөө болдог, түүний нөлөөнд хүмүүс хохирч байна.

    -Өөрийгөө бөө гэж итгэсэн хүн танай эмнэлэгт эмчлүүлж байхад үзүүлэх гэж ирдэг хүн бий юу?
    -Ганц бөө биш, хүний амьдралыг хардаг гэдэг хүмүүст үзүүлж харуулах гэсэн хүн олон бий.
    -Эмнэлэгт хэвтэж байхдаа бөөлж энэ тэр болох уу?
    -Үгүй. Нэгэнт сэтгэцийн эмгэг учраас өөрийнхөө зүй тогтлоор л эмчлүүлээд гардаг. Зовсон, зүдэрсэн хүмүүс мухар сүсэгтээ хөллөгдөн бөөд үзүүлдэг. Бөө өөрт нь үзүүлсэн нэг хүнд “Долоон сая төгрөг аваад ир. Түүнийг чинь галд шатааж байж бузар арилна” гэсэн. Нөгөө хүн эд зүйлээ зарж байгаад долоон сая төгрөг авчирч өгснийг нь нүдэн дээр нь шатаачихсан байдаг. Энэ бол хүмүүсийн сэтгэцийн эмгэгийн талаарх ойлголттой холбоотой. Бүр дундад зуунаас сүнс, ид шидийг сэтгэцийн эмгэгтэй холбодог болсон. Гэтэл аль хэдийнэ хоцрогдсон сүнс, ид шидэд итгээд байгаа нь ном уншдаггүйтэй холбоотой. “Тунгалаг тамир” романыг уншчихаад киног нь үз. Кино хэзээ ч номыг гүйццэггүй. Ном уншаад номын цагаан солио гээчийг туссан хүн байхгүй.

    Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

  • БОР ХАЛЗАН ТУУЛАЙН ДОМГЫН НУУЦ

    Ногоон дарь гэж Монголчуудын заналт дайсан бурханы шулам хүүхний сүнс гэдэг. Тангуд шуламын тарнийг уншиж үрээ аврана гэдэг юу л бол. Гэтэл чивэлт шуламыг дуудах тарнийг бид бор халзан туулайн домог болтол алдаршуулжээ. Чөтгөр шуламууд өөрсдийгөө дуудуулахын тулд элдэв ховсоо жатга ашиглаж тарни уншуулдаг. Тарни уншсан эхийн хүүхдийн биед чөтгөр орох боломжоо хайсан байх. Нялх хүүхдийн сүнс хялбархан хулгайлагддаг. Салхинд настас дэрвэх төдийд нялхсын сүнс үрэгдэг юм. Хэрвээ хүүхдийн сүнсийг хулгайлах боломж шуламд олдвол Монгол эх хоосон хүүхдийн биеийг тэвэрч үлдэнэ. Ямартай ч гэсэн тарни уншихад шулам ирдэг нь үнэн. Монгол нялхсыг мангас бурхад ламаар дамжуулж нэр өгөх, тарни уншуулах, сүнс наах, хувилгаанд алдаршуулах, шавьлах, эмлэх зэргээр сүнсийг нь хулгайлж мэрэгшсэн юм байна. Монголчууд Бид найман зуун жилийн турш чөтгөр, шуламын зугаа наадам, доог тохуурхал болж буурч доройтжээ.
    Хүн Судлаач Боржигон Болдбаатар

     

     

  • ЛАМБУГАЙН ХӨӨРГИЙГ ОЛЖ ӨГСӨН НЬ

    Цагаан хуулар ясны Шаравын Дашдаваа удган /1899-1936/ 1919 оны намар нэг удаа бөөлөх гэж байхад нь Шарав-Осор гэгч лам удганд хандаж, “Би хөөргөө гээгээд хэдэн cap боллоо. Та олж өгнө үү” гэхэд удган бөөлж буугаад, “Би хөөргийг чинь олох нь оллоо. Авчрах гэсэн боловч өргөж даасангүй. Харин тамхийг чинь асгачихлаа. Наран ургах зүгт нэгэн урсгал усны зүүн талд өтгөн ургасан өвсөн дотор хөөрөг тань байна. Би дэргэд нь тэмдэг тавьчихлаа. Малын хөлөөр гатлагдахаас наана маргааш өглөө эрт очиж аваарай” гэжээ. Лам удганы хэлсэнээр газрын баримжааг мэдэж маргааш нь очтол Намнан, Тогос хоёр уулын хоорондох хөндийд горхины зүүн гарт нэгэн өндөр ургасан шарилжин бутны оройд хуучивтар самбай хадаг уясан байв. Тавьсан тэмдэг нь энэ юм байх гэж бодоод мориноос буутал тэр хавьд бага гэрийн буурийн хэр газар өвс нь налчихсан, хөөрөг нь толгойноосоо салчихсан, тамхийг нь цувуулаад асгачихсан байж гэнэ.

     

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХОРИНГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

     

    1. МБНЭ-ийн бага хуралдайн Наймдугаар хуралдааныг зохион байгуулах тухай
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. 2014 онд МБНЭ-ээс зохион байгуулах ажлын төлөвлөгөөний төсөл
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

    3. Аймгууд хариуцсан ДЦЗ-ийн гишүүдээс хийсэн ажлын тухай
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    4. МБНЭ-ийн нэгдсэн шинэ жил тэмдэглэн өнгөрүүлэх тухай
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүү

    5. Шилдэг Удган, зайранд нэр дэвшүүлэх тухай
    МБНЭ-ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
    ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР
    МБНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
    МБНЭ-ийн дүрмийн “15.1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэрлэж Бага хуралдайд оруулна. 15.2. Бөөгийн сонгуульт байгууллагын дүрэмд нэмэлт, эсхүл өөрчлөлт оруулах саналын төслийг Дээд болон Бага хуралдайд эхлэхээс 30 (гуч)-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлсэн байна.” гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:

    1. МБНЭ-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт Ажлын хэсгийг байгуулсугай.
    Ахлагч Д.Одонхүү
    гишүүд Ж.Өсөхбаяр
    Ц.Батболд
    Х.Дангаасүрэн
    Д.Дарьчулуун
    Я.Мөнгөнсувд

    2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Дээд цэцийн Зөвлөлд танилцуулсугай.

    “МБНЭ-ийн дүрэм”-д нэмэлт өөрчлөлт

    2.7 МБНЭ-ийн гишүүний хүлээх хариуцлага
    Дараах үндэслэлээр гишүүнчлэлээс хасна. Үүнд:
    2.7.1. Гишүүний татвараа 24 сараас дээш хугацаанд төлөөгүй.
    3.9. МБНЭ-ийн Бага хуралдай
    3.9.1. МБНЭ-ийнБага хуралдайг 160 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн МБНЭ-ийн Дээд хуралдай хүртэлх хугацаагаар байгуулна. Бөөгийн хүрээний Бага хуралдайн гишүүдийг сонгохдоо Бөөгийн ёс жаягийг эрхэмлэн дээдэлдэг нэр хүндтэй бөө, иргэд нараас оролцуулан нэр дэвшүүлжсонгож, батламжлана.
    4 дүгээр зүйл.МБНЭ-ийн анхан шатныбайгууллагыг байгуулах нь
    4.1. МБНЭ-ийн анхан шатны удирдах байгууллага нь хот, дүүрэг, суманд Бөөгийн Зөвлөл түүний цугларалт, тахилга байна.
    4.2. Сумын Бөөгийн зөвлөл нь Зайран, Удган, түшээ, шүтлэгтэнгээс бүрдэнэ.
    4.3. МБНЭ нь аймаг, хот, дүүргийн хэмжээнд Бөөгийн хүрээлэнг байгуулна.
    4.4 Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэнг Дээд цэцийн Зөвлөлийн шийдвэрээр байгуулна.`
    4.5. Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэн нь 5-7 хүнтэй Удирдах Зөвлөлтэй байна.
    5.9. Дээд цэцийн Зөвлөл нь Бөөгийн зөвлөл, Удирдах зөвлөл, Залуучуудын зөвлөлийн салбар хуралдаантай байна. Гишүүдийг аль зөвлөлд байхыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч батална.
    5.17. Бөөгийн зөвлөлийн Тэргүүн ба дэд тэргүүн бөө нь Тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нар байна.Тэргүүн бөөг Зайран бол дэд тэргүүн бөө нь удган байна.Тэргүүн бөөгөөр Удган сонгогдвол тэргүүн дэд бөө нь Зайран байна.
    5.18. Бөөгийн зөвлөл нь дараахи бүрэн эрхтэй байна. Үүнд:
    5.18.1. Бөө нарын үйл ажиллагааны эв нэгдлийг хангах.
    5.18.2. Бөө нарыг дотоод, гадаадад төлөөлөх.
    5.18.3.Бөөгийн онгодын мэдээлэл, түүнтэй холбоотой асуудлууд
    5.18.4.Бөө нарыг удирдах, тэдэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах.
    5.18.5. Бөө нарт үйл ажиллагааны чиглэл өгөх.
    5.18.6.Бүсчилсэн болон Аймаг, хотын бөө нарт сургалт зохион байгуулах.
    5.18.7. Бөө нарын гишүүдийн тоо, нөөцийг бүрдүүлэн нэгдсэн бүртгэл хөтлөх.
    5.18.8. Бөөгийн цол олгох журамыг батална.
    5.18.9.Бөөгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэх.
    5.18.10. Эвлэлийн гишүүд, иргэдээс үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан санал хүсэлт, өргөдөлд хариу өгөх ажлыг зохион байгуулна.
    5.19. Бөөгийн зөвлөлийн шийдвэрийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч баталмагц хүчин төгөлдөр болно.
    5.20. Залуучуудын зөвлөлийн насны дээд хязгаар нь 35 байна. Хязгаарласан насанд хүрмэгч зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөнө.

    8 дугаар зүйл. МБНЭ-ийн хяналтын байгууллага,
    түүний бүрэлдэхүүн
    8.1. МБНЭ-ийн дотоод хяналт нь хараат бус бие даасан байна.
    8.3.Хяналтын гишүүдийг Дээд цэцийн хуралдайгаас 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн бага хуралдай хүртэл тайлангийн хугацаагаар томилно.
    8.4. Хяналтын Цэцийн даргыг Бөөгийн зөвлөлөөс, 2 гишүүнийг Удирдах зөвлөлөөс, 2 гишүүнийг Залуучуудын Зөвлөлөөс МБНЭ-ийн Ерөнхийлөгч томилно.
    8.5. Хяналтын гишүүд нь бөөгийн нарын ёс зүйг хариуцна.
    8.7. Хяналтын Цэцийн хуралдаан
    8.7.1. Хяналтын цэцийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн.
    8.7.2. Хяналтын цэцийн хуралдааныг дарга нь зарлан хуралдуулж удирдана.
    8.7.3. Гишүүд бүрэн оролцсон бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
    8.7.6. Хяналтын Цэцийн хурлын тогтоолтой Ерөнхийлөгч танилцаж тамга дарсанаар хүчинтэй болно.

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2014.11.19 Дугаар 17 Улаанбаатар хот

    Дээд цэцийн Зөвлөлөөс Аймгийн Бөөгийн байгууллагыг
    хариуцан ажиллах тухай
    № Аймаг ДЦЗ-өөс хариуцагч
    Нэг.Баруун бүс М.Энхзаяа
    1 Баян-Өлгий Д.Дарьчулуун
    2 Ховд Дангаасүрэн
    3 Увс Д.Одонхүү
    4 Говь-Алтай Ш.Энхбаяр
    5 Завхан М.Энхзаяа
    Хоёр. Баруун төвийн бүс Д.Энхжаргал
    6 Хөвсгөл Д.Энхжаргал
    7 Архангай Ж.Өсөхбаяр
    8 Булган Өлзийхутаг
    9 Орхон Отгондулам
    Гурав. Төвийн бүс Д.Батчулуун
    10 Дархан-Уул Болдбаатар
    11 Төв Д.Булган
    12 Сэлэнгэ Туул
    13 Өвөрхангай Хадхүү
    14 Баянхонгор
    Дөрөв. Зүүн бүс Д.Хоролдамба
    15 Хэнтий А.Энхтайван
    16 Дорнод
    17 Сүхбаатар Л.Амгаланням
    Тав. Өмнөд бүс Н.Хишигжаргал
    18 Өмнөговь Н.Хишигжаргал
    19 Дундговь Ц.Оюунбат
    20 Дорноговь Х.Энхмаа
    21 Говьсүмбэр Н.Мягмарсүрэн
    22 Чингэлтэй О.Даваасүрэн
    23 Хан-Уул Т.Дагвадорж
    24 Баянзүрх Б.Батсайхан
    25 Сонгинохайрхан Отгонсүрэн
    26 Багахангай Ц.Батболд