Author: admin_shaman

  • ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛ

    Өмнөговь аймгийн Баяндалай, Сэврэй, Булган, Хүрмэн, Гурвантэс сумдын нутагт орших Говь гурван сайхан, Сэврэй Зөөлөнгийн нуруу, тэдгээрийн хоорондох хоолой, түүнд тогтсон Хонгорын элс, Зулганайн элсэн тарамцгийг хамарна. Сэврэй уул 2548 метр, Зөөлөнгийн нуруу 2350 метр бөгөөд тэдгээрийн хооронд ёроолоор нь элс хужир, марз, нуур тойром бүхий хотос хоолойтой. Говь гурван сайхан ууланд хавар 4 дүгээр сарын сүүлчээр монгол сакура буюу бүйлс цэцэглэдэг.
    Баруунсайхан ууланд 400 сая жилийн өмнөх мантийн чулуулаг ил гарсан сонин тогтоц бүхий газар байдаг. Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө хүн амьтны хөдөлгөөн бага үед аргаль, янгир сүрэглэн бэлчиж байдаг. Ойр орчинд нь Баянзаг, Төгрөгийн ширээ, Хэрмэнцав, Бүгийн цав, Гурилын цав зэрэг үлэг гүрвэлийн хамгийн баялаг олбортой нутгууд бий.
    Монголын Улаан номонд орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, мануул, цооховдой, өөхөн сүүлт болон таван хуруут атигдаахай, зурам, цагаан зээр зэрэг амьтадтай. Ёлын-Ам, Дүнгэнээгийн ам, Хонгорын гол, Зулганайн гол, Гэгээтийн хөндий, Бурхант уул, Хэрмэн цав, Улаан хонгил, Бүгийн цав зэрэг байгаль түүхийн чухал дурсгалт газрууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эдгээр газруудад аялал жуулчлал амжилттай хөгжиж байна.

  • Чойномын Мөнхтэмүүлэн: Аавынхаа охин болж төрснөөсөө болж адлуулж явсан үе бий

    Тэр бол Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын охин Мөнхтэмүүлэн юм. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болж, 40 насыг элээгээд дөрвөн хавар өнгөрч буй эмэгтэйн хувьд хэчнээн залуу сэтгэлгээтэй, эрх чөлөөт бүсгүй болохыг нь гадна төрхөөс нь шууд мэдрэв. Энгийн хэрнээ оновчтой, хурц үгийн сонголт, өөрийнхөөрөө байдал нь эрхгүй “Аав нь ийм л хүн байсан болов уу” гэж санагдуулна.
    -Аавтай тань уулзаж, ярилцаж байгаагүй ч тань шиг хүн байсан болов уу гэж бодогдлоо. Таны царай төрх, үйл хөдлөл Р.Чойном гуайг санагдуулам юм?
    -“Аавтайгаа адилхан” гэдэг үгийг анх ээжээсээ сонсож байлаа. Ээж “Надаас авсан юм ер нь чамд алга. Аавтайгаа жигтэйхэн адилхан болох нь ээ” гэдэг байсан. Намайг багад бурхан болсон болохоор, аавынхаа дүр төрх, дуу хоолойг сайн санадаггүй. Аавтайгаа авхуулсан зураг ч надад байдаггүй. Тэр үед чинь “эсэргүү” гэгдэж явсан хүний зургийг гэр орондоо байлгаж, хадгалах юм бол өөрсдөө асуудалд орж мэдэх хаалттай, хэцүү цаг байсан. Сая хүүгийн минь ажил явдлаар аавын минь талын хоёр хүн ирсэн. Миний аавтайгаа ижилхэнийг гайхаад л байв.
    -Ер нь хэзээнээс Р.Чойномын охин гэдгээ мэдсэн бэ?
    -Бага ангидаа байхдаа гадарладаг байсан. Намайг тав, зургаан настай байхад ээж минь цэргийн даргатай суусан юм. Хойд аав хааяа бухимдахаараа “Эсэргүүний хүүхэд” гэж ганц нэг үг унагана. Тийм болохоор би энэ аавынхаа хүүхэд биш юм байна гэдгээ ойлгосон. Бас ээж надад нэрийг нь хэлэхгүй мөртлөө “Аав чинь их мундаг хүн байсан. Чи хичээлээ сайн хийх хэрэгтэй. Муу явах ёсгүй” гэж захидаг. Гэхдээ яг Р.Чойном гэж мэдэхгүй, ямартаа ч зохиолч хүний хүүхэд юм байна гэж боддог байсан. 1990 онд ардчилал гарч, аавыг цагаатгах үед л тодорхой мэддэг болсон доо.
    -Тэр үеэс ааваараа овоглосон гэсэн үг үү. Нас барсан хойно нь хөөцөлдөж байгаа учраас төвөгтэй байсан болов уу?
    -Тийм, VI ангийн охин байхдаа овгоо солиулсан. Өмнө нь албан ёсоор Туулын Мөнхтэмүүлэн гэж ээжээрээ овоглодог ч, хичээлийн дэвтэр, бас бус зүйлс дээр Батсүх гэж хойд ааваараа овоглодог байсан. Ардчилал гарч, аавын ном зохиол хэвлэгдэн, Төрийн соёрхлоор нэхэн шагнасан юм. Тэр үед ээж намайг дагуулж очоод, овгийг минь солиулсан. Эцэг тогтооход цусны шинжилгээ авах ёстой ч аав бурхан болчихсон учраас тийм боломж байгаагүй. Тэгээд шүүх эмнэлгийн шинжээчид миний гавлын ясны зургийг авсан. Гавлын ясны бүтцээр хүүхэд нь мөн болох нь тогтоогдсон.
    -Тэр олон жилийн дараа төрсөн ааваараа овоглох боллоо гэхэд ямар санагдаж байв. Мөн хойд аав нь энэ бүхнийг яаж хүлээж авсан бол?
    -Ээж, хойд аав хоёр намайг II ангид байхад салсан юм. Ээжийн хадмууд “Эсэргүүний авгайтай суугаад, амьдрал ахуй, ажил алба нь дээшилсэнгүй. Цол ч ахихаа байлаа” гэх мэтээр ярьж, элдвээр хэлсээр байгаад салгачихсан. Овгоо солиуллаа гээд тийм ч баярлаж, хөөрөөгүй. Нэгдүгээрт, юу болж байгааг ч сайн ойлгоогүй. Ээж дагуулж очоод л “Одоо овгоо солиулна. Эхлээд зураг авхуулах хэрэгтэй” гэсэн. Суугаад зургаа авхуулсан. Шүүх шинжилгээгээр батлагдсан тул овгоо солиулсан. Хоёрдугаарт, хүүхэд байсан болохоор амьдралын минь тийм чухал зүйл болж байгааг ч мэдээгүй.
    -Хүүхэд болсон хойно аавыгаа сэтгэлдээ бодож, төсөөлдөг байсан байх. Хожим аавынх нь шүлэг бүтээл ил болж, аавыгаа мэддэг болоход сэтгэлдээ зурж явсан ааваас нь хэр зөрүүтэй байсан бэ?
    -Надад миний төрсөн эцэг хэн юм бол, харах юмсан, очих юмсан гэдэг бодол төрж байгаагүй. Сүүлд ээж хойд ааваас салсны дараа, аав нь ийм хүн байсан гэж ярьж хэлэхэд надад тийм ч гоё санагдаагүй. Гэнэт л өндөр хариуцлагатай болчихсон. Заримдаа яагаад би зүгээр нэг жолоочийн хүүхэд байж болоогүй юм бол. Гадаа хүүхдүүд тоглож байхад, би яагаад орос хэл уншаад сууж байх ёстой юм бол гэж бодогдоно.
    Хүүхдийн л бодол юм даа. Р.Чойном гэдэг найрагчийн охин гэдгээ мэдээд нэг их цочирдоогүй. Яагаад гэвэл, ээжийн яриа, хандлагаас гадарладаг байсан учраас хэзээний дотно мэдрэмж төрсөн. Харин зарим хүн гэнэт саймшраад, налж унаад, илт бялдуучлаад байх нь хүнд санагдаж байсан.
    -Бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг татаж явсан цагийг эзэгнэсэн найрагчийг дурлуулсан гэхээр ээж тань залуудаа сайхан бүсгүй байсан бололтой. Ээжийнхээ тухай дурсвал?
    -Мэдээж, би ээжийгээ сайхан эмэгтэй гэж хэлнэ. Ээж маань орос хэлний багш мэргэжилтэй. Цагаан царайтай, өндөр, гуалиг бүсгүй байсан. Аав, ээжээс 14 насаар ах. Тухайн үед шоронгоос суллагдаад удаагүй. Шүлэг зохиол нь хориотой учраас энд, тэнд нууцаар уншдаг байж. Харин ээж Монгол Улсын их сургуулийн оюутан байсан. Нэг удаа оюутны үдэшлэг дээр аав шүлгээ уншиж таарч л дээ. Анх тэгж танилцсан юм билээ. Ээж маань шүлэг, уран зохиолд дуртай. Тийм болохоор аавд татагдсан болов уу гэж боддог. Өөрөө ч шүлгийг нүдэнд харагдтал маш сайхан уншдаг хүн байсан. Миний ээж 1998 онд бурхан болсон.
    -Түүх сөхөж харвал, ээжийг тань албан ёсны эхнэр нь биш гэх мэтээр ярьж, бичиж байжээ. Энэ бүхэн таныг эмзэглүүлдэг байв уу?
    -Аав ээжээс өмнө хоёр ч удаа гэр бүл зохиож байсан юм билээ. Эхлээд Лхагважав гэж эмэгтэйтэй сууж, Эрдэмном гэж охинтой болсон. Дараа нь Нина гэж эмэгтэйтэй ханилан, Хулан гэдэг охинтой болсон. Нина эгчээс салсны дараагаар улс төрийн эсэргүү гэгдэж шоронд орсон. Шоронгоос гараад, ядарч зүдэрч явахдаа ээжтэй учирч, бие биедээ хайр сэтгэлтэй болсон юм билээ. Харин ээжийн маань аав, ээж хоёр тэднийг зөвшөөрөөгүй. Учир нь, ээжийн аав, ээж нь Октябрийн хувьсгалын үеэр Оросоос дүрвэж ирсэн буриадууд байсан юм билээ. Ингэж дүрвэж ирсэн буриадууд маш их хэлмэгдсэн байдаг.
    Мөн эмээгийн ах нь лам байгаад харласан, шүлэг зохиол бичдэг хүн байсан учир гэр орныг нь байнга нэгждэг, нэлээд ороо бусгаа цаг үе байсан болохоор өвөө эмээ минь охин нь бас ийм ээдрээтэй амьдрал туулж, зовлон амсахыг хүсээгүй биз. Дээрээс нь аав ээжээс өчнөөн ах, гянданд дөрвөн жил хоригдохдоо “уушиггүй болчихсон”, нэлээд бие муутай байсан. Хэдий тийм ч ээж хайр сэтгэлийнхээ төлөө зүтгэсээр аавыг дагасан юм билээ. Хүмүүс энэ бүхнийг мэдэхгүй байж ээжийг элдвээр хэлж, зарим нь үнэн худал нь мэдэгдэхгүй захидал гаргаж ирдэгт маш их харамсдаг.
    Иймэрхүү гүтгэлэг, мэдээллүүд ээжийг нас барсны дараанаас илүүтэй гарах болсон. Би тэр бүхнийг худлаа гэж боддог. Хэрвээ үнэхээр аавын зүгээс ээжийн тухай таагүй зүйл бичсэн захидал байсан бол “Эхнэр охин хоёр маань хувьсгалын эсэргүүтэй холбоотой гэж адлуулах вий” гэдгээс сэргийлсэн, ханийн ухаан, эцгийн хайр байсан байх учиртай. Яагаад гэвэл, бичсэн захидал бүрийг нь замаас нь уншиж, шалгадаг, хэнтэй холбогдож, юу ярьж хэлж байгааг нь хянадаг байсан цаг үе шүү дээ.
    -Р.Чойном гуай өөд болтлоо ээжтэй нь хамт байсан уу?
    -Аав Хэнтий аймаг руу нутаг заагдсан. Би тэр үед өлгийтэй байсан гэдэг. Ээж минь өөрөө оюутан, дээрээс нь эцэг эх нь зөвшөөрөөгүй учраас хэцүүхэн байсан байх. Тэгээд намайг аавын ээж дээр үлдээе гэж шийдээд, аавын араас очсон гэсэн. Гэтэл аавын ээж “Би хүний хүүхдээр хүн хийж чадахгүй. Хөгшин хонины насгүй болсон” гээд халгаагаагүй. Өмнө нь Нина эгчээс гарсан Саран гэж охиныг өсгөж байтал эндчихсэн юм билээ. Тиймээс ахиад тийм зүйл давтагдах вий гэж зүрхшээсэн болов уу. Тэгээд ээж намайг аваад, гэртээ ирсэн байдаг. Харин аав тэндээ бие муу гэдэг шалтгаанаар хотод ирсэн. Үнэхээр ч бие нь тааруу байсан юм билээ. Дэмбэрэл зураачийнд байж байгаад өөд болсон доо.
    -Ховор тавилангаар холбогдсон хүмүүс учраас аавынхаа бусад охидтой ойр дотно байдаг байх?
    -Байнга уулзаж, учраад байдаггүй ч холбоотой. Аавын том охин буюу Эрдэмном гэж хүн бий. Эрдэмном эгчтэй сүүлд уулзаж танилцсан. Их царайлаг, давхраатай нүдтэй эмэгтэй байдаг. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч одоог хүртэл өөр овогтой. Магадгүй овгоо солиулах боломж тохиогоогүй байх. Хоёр дахь эхнэр буюу Нина эгчээс гарсан охиныг Хулан гэдэг. Тэр эгчтэйгээ арай олон удаа уулзсан, бас дотно. Хулан эгч бид хоёр царай төрхийн хувьд их адилхан санагддаг. Урьд нь намайг сурагч байхад Нина эгч, ээж хоёр холбоотой байсан юм билээ. Ээжүүд маань ухаантай хүмүүс байжээ гэж боддог.
    -Таны аав өнөөгийн бидэнд билэг танхай яруу найрагч, эрх чөлөөний дуу хоолой хэмээн хүндлэгдэж, алдар цуу нь үеийн үед дуурсагдаж яваа сод хүмүүн. Харин таны хувьд?
    -Авьяас билэг, амьдралынх нь тухай авч үзвэл, аав минь миний хувьд далай. Далай шиг аугаа. Тэр далайгаас нь амсахаар гашуун оргидоггүй. Уугаад л баймаар. Би тэр далайн дэргэд дусал төдий. Харин аав хүнийх нь тухайд гэвэл, ядахдаа гараас нь ганц чихэр авч үзсэн болоосой. Тэгээд түүнийгээ санаж, дурсаж явсан бол надад сайхан. Даанч би аавыгаа өөд болоход хэтэрхий жаахан байсан. Аав 1979 оны дөрөвдүгээр сард бурхан болсон. Би 1976 оны арванхоёрдугаар сард төрсөн. Тийм учраас надад дуу хоолой, дүр төрхийнх нь тухай санах зүйл, аавын тухай дурсамж байдаггүй нь харамсалтай.
    -Ээжид нь зориулж бичсэн шүлэг байдаг болов уу?
    -Мэдээж байж л таараа. Яруу найрагч хүн дурласан бүсгүйдээ зориулж шүлэг бичихгүй байна гэж байхгүй. Ээжид төдийгүй надад зориулсан шүлэг ч байгаа гэж боддог. Гэхдээ олны хүртээл болоогүй ч байж магад. Эсвэл нэр оныг нь өөрчлөөд өөр хүний нэр дээр гарсан ч байж магад.
    -Танд аавынх нь ном зохиолууд олон бий юү. Ямар шүлэг, зохиолд нь илүү дуртай вэ?
    -Ээжид маань аавын гар бичмэл, шүлгүүд нь байсныг Хэнтий аймгийн Нармандах гэж хүнд хадгалуулж байгаад хожим Ш.Сүрэнжав гуай очиж аван “Сүмтэй будрын чулуу” нэртэй ном болгон хэвлэсэн гэсэн. Би “Буриад” найраглал, “Азийн бардамнал”, ер нь бүгдэд нь дуртай. Яагаад ч юм надад ном тогтдоггүй. Нэгдүгээрт, би ном зардаг хүн. Хоёрдугаарт, би их онгироо л доо. Байгаа номоо хүмүүст бэлэглэчихнэ. Тэгээд л дуусчихна. “Өд” сангийн Ганболд ахтай уулзахаар хэдэн ном өгнө. Даанч удаан тогтохгүй.
    -Та хэдэн жилийн өмнө шүлгийн номоо гаргаж байсан санагдана. Мэргэжлийн зохиолч уу?
    -Би Утга зохиолын дээд сургуульд сурдаг байсан ч төгсөж чадаагүй. Тухайн үед хүү маань төрөөд, эрүүл мэндийн асуудалтай, асарч сувилах шаардлагатай учраас сургуулиа орхисон. Багаасаа л шүлэг оролддог байсан. Намайг тав, зургаан настай байхдаа толгой холбож ярьдаг хүүхэд байсан гэлцдэг юм. 2018 онд “Би бол чи” нэртэй ном гаргасан. Номын маань нэрийг аав зүүдэнд минь ирж шивнэсэн юм. Ямар нэр өгөхөө мэдэхгүй хэд хонож байтал, аав зүүдэнд ирж “Би гэдэг чинь чи юм шүү дээ охин минь” гэж хэлсэн. Царай төрх нь тод харагдаагүй ч дуу хоолой, надад хандаж байгаа хандлага нь аав мөн байсан. Мөн энэ номон дээр аавдаа зориулж бичсэн шүлэг минь бий. Дахин хэвлүүлэх санаатай байгаа.
    -Сайхан аавын охин байх хувь тохиол танд заяажээ. Гэвч энэ ээдрээтэй амьдрал дунд Р.Чойномын охин гэдэг нэр төвөг удсан нь бий л байх?
    -Аавынхаа охин нь болж төрснөөсөө болж адлуулж явсан үе бий. Ээж маань намайг орос цэцэрлэгт оруулах гэтэл “Эсэргүүний хүүхэд” гээд аваагүй юм билээ. Тэрийг бодохоор охиныхоо ирээдүйн төлөө ээж минь ганцаараа мөн ч их шаналсан байх. Бас ээжийг бурхан болсны дараа сонин хэвлэлээр янз бүрээр бичсэн. Тэр сониныг нь нулимсаа залгиад, зарж л явлаа. Миний ажил учраас надад өөр сонголт байгаагүй. Хэрвээ би жирийн нэг хүний хүүхэд байсан бол хэн ч ээж бид хоёрыг элдэв янзаар хэлэхгүй, сонин хэвлэлд гарахгүй байсан даа гэж бодогдсон. Аавгүй явж явж арай гэж аавтай болсон чинь “Хүүхэд нь мөн, биш” гээд байхаар сэтгэлзүйн хувьд маш хэцүү. Тэгээд би “Их засаг Монголын хуулинд, эцгээрээ овоглолоо гэж цаазлахгүй нь лавтай” гэж шүлэг бичиж байлаа.
    -Та шүлэг, зохиол бичдэг. Бас номын худалдаа эрхэлдэг гэхээр таны амьдрал номтой салшгүй холбоотой юм аа?
    -Би багын л номонд дуртай охин байсан. Таван настайдаа уншиж сурсан. Горькийн нэрэмжит хүүхдийн номын сангийн байнгын уншигч, сургуулийнхаа номын сангийн бүх номыг дуусгасан номын хорхойтон байлаа. II ангид байхдаа л “Морь унасан толгойгүй хүн”, “Монтекристо гүн” зохиолыг уншиж байсан. Сүүлдээ ээж “Номын цагаан солио тусах нь” гээд номнуудыг маань нуудаг болчихсон. 2006 оноос номын худалдаа эрхэлж, одоо Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдарч байна.
    -Та гэр бүлийнхнээ танилцуулаач?
    -Гэр бүлийн маань хүн кабел шугам, сүлжээний техникч мэргэжилтэй, гүндүүгүй монгол эр бий. Бид ханилаад 22 жил болжээ. Гурван охин, нэг хүүтэй байсан ч хүүгээ золгүй тохиолдлоор алдчихаад, уй гашуу дундраагүй л сууж байна даа. Хүү маань хамгийн том нь. Том охин 15, дунд охин 11, бага нь таван настай.
    -Уучлаарай. Энэ тухай ярих танд их хэцүү байх. Та бидэнд хүүгийнхээ тухай ярьж өгч болох уу. Шүлэг зохиол бичдэг авьяаслаг хүү байж?
    -Хүүгээсээ хойш ухаан санаа орон гаран, барьсан тавьснаа мартаж, санан үймэрч байна даа. Ямар нэг юманд сатаарвал арай дээр. Хүүг маань Отгонбаатарын Энх-Амгалан гэдэг. Харамсалтай нь, өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр ангийнхаа найзтай хамт усанд эндчихлээ. Миний хүү Монголын сурагчдын холбооны алтан медальтай, ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөж, “Отгонтэнгэр” их сургуульд урилгаар элссэн. Энэ жил төгсөх байсан юм. Хүүгийн минь тухай “Чойномын маргааш” нэвтрүүлэг бий. Одоо үзэхэд гол зурам. Би залуу нас, хүсэл мөрөөдлөө хүүгийнхээ төлөө зориулсан.
    Манай хүн намайг “Чи хичээлдээ яв. Би хүүгээ харж байя” гэдэг ч би цүнхээ үүрч гараад, сургууль хүрчихээд буцаад нөгөө талаас нь автобусанд суугаад “Өнөөдөр хичээл орохгүй гэнэ ээ” гээд гэртээ оччихдог байлаа. Хүүгээ л санасных шүү дээ. Хүү минь гуравхан настайдаа уншиж сурсан. Шүлэг, үргэлжилсэн үгээр бичдэг, хөгжим, beat зохиодог авьяаслаг хүү байлаа. Маш олон шүлэг бий. Ном болгож гаргах сан. Мөн маш эрэл хайгуулч хүүхэд. Төө эндээс Америкт байгаа хүнтэй холбогдоод өөрийн зохиосон хөгжим, аяа үзүүлж, хамтран ажиллахаар тохирсон байсныг мэдлээ. Сая ажил явдлын үеэр америк багш нь холбогдож “Таны хүү үнэхээр онцгой хүүхэд. Домог болж үлдэх учиртай байсан юм. Beat-н дээр нь үг нэмээд америк репперээр дуулуулах боломжтой” гэж хэлсэн. 20-хон настай хүүгээ алдсан эхийн сэтгэл гэдэг үнэмшихэд хүртэл бэрх юм байна.
    Одоо 49 хоног нь дуусаагүй байна даа. Өмнө нь хүүгээ тийм ч гоц гойд гэж боддоггүй байлаа. Одоо бодох нь ээ, хүмүүсийн хэлж ярьж байгааг сонсоход даанч хайран. Ер нь хүү маань чих нь дэлчийчихээд манай аавтай их адилхан. Энэ ташрамд, миний хүүгийн буяны ажилд гүн туслалцаа үзүүлж, бидний уй гунигийг хуваалцсан бүх хүнд маш их баярлалаа.
    Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

  • Ш.Сүхбат: ХҮЧИРХЭГ ТЭНГЭРҮҮД ЭНЭ ОНД БУУЖ ИРЖ, ЗУУРДЫН БӨӨ НАРЫГ ЦЭВЭРЛЭНЭ

    Бөөтэй холбоотой зарим асуудлын талаар Азийн бөөгийн Тив дэлхий холбооны ерөнхийлөгч, Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн Ш.Сүхбат ийн хэлж байна.

    Бид зөвхөн хөндлөнгөөс хяналт тавих үүрэгтэй. Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Миний бодлоор үүнд төрийн зохицуулалт дутагдаж байна. Шашины тухай хуулийн заалт хүртэл хоцрогдчихсон. Үүнийг даруй шинэчлэх хэрэгтэй байна. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй дархан бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ. Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно.

    Л.Баатархүү
    “Улс төрийн тойм” сонин

     

  • ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХЭРЭГЛЭХ ИЖ БҮРДЭЛ ХАНДИВЛАВ.

    МБНЭ-ээс Нэгдсэн Их Тахилагуудад хандив бэлэг тараах талаар тусгайлан шийдвэр гаргаж мөрдөж байгаа билээ. Энэхүү бодлогийн хүрээнд анх удаа томоохон хандив өргөж, Монгол Бөөгийн удган Б.Чанцалын санаачилагаар хүүхдийн цэцэрлэгт иж бүрдэл өгөх санаачлага гаргасан юм. Түүний санаачлагыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн зарим гишүүд дэмжсэн билээ. Түүний өгсөн бэлгийг нутгийн олон, хүүхдийн цэцэрлэгийн хамт олон жил мартахгүй буянтай үйлс гэдэгт итгэж байна.
    Хамгийн баруун талын аймаг, алслагдсан нутаг болох аймагтаа үндэсний цөөнх болсон Урианхайчууд голлон амьдардаг Буянт сумын хүүхдийн цэцэрлэгт гадаадын төслийн хүрээнд багагүй тохижилт хийсэн байна лээ. Монголчууд өөрсдөө ийм тусламж үзүүлсэн нь анхных болов уу. Энэ цаг үед хаана ч улсын төсвийн байгууллагууд санхүүжилтийн хувьд байнгын хүндрэлтэй байдалд байдаг. Тиймээс хүүхдийн цэцэрлэгт өгч буй хандив нь цагаа олсон чухал үйл явдал байсан.

     

    djmedia:290

    Монгол бөөгийн удган Б.Чанцалаас цөөхөн асуудлаар ярилцсан юм.
    Д.Х:-Та яагаад хүүхдийн цэцэрлэгт хандив өргөхөөр шийдвэрлэсэн бэ.
    -Би МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудын зөвлөлийн гишүүн, тэгээд МБНЭ-ээс гаргасан бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрээ гаргасан. Хамтарч ажиллаж сурахын тулд энэ шийдэлд хүрсэн. Бид бодлогоо гаргаж, амьдралд хэрэгжүүлж чадаж байж амжилтанд хүрнэ. Тэгээд хамгийн алслагдсан нутагт байдаг, нутгийн цөөнх болсон урианхайчуудын амьдран суудаг Буянт сумын цэцэрлэгт хандивлахыг хүссэн.
    Д.Х:-Та бас “Цэнгэл хайрхан”-ы тахилга дээр шилдэг хандивлагч өргөмжлөл авна лээ.
    -Тиймээ. Би анх 2013 онд анхны Дээд хуралдайд төлөөлөгчөөр оролцсон. Тэгэхдээ Мөнх тэнгэрээ шүтэгчдэд шинэ зорилго, агуулга, шинэ зорилт авчирсан хуралдаан байсан. Тэр мөчөөс эхлэн энэ байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцсон. Анхны “Ноён” уулыг хамгаалсан нэгдсэн тахилгад оролцсон. Би үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцохын зэрэгцээ дөнгөж байгуулагдсан МБНЭ-ийг санхүүгийн хувьд дэмжиж ирсэн.
    “Цаст хайрхан”-ын анхны тахилгад шагналын зориулалтаар хандив өргөсөн. Түүнийг тахилгыг зохион байгуулахад идэвхтэй оролцсон олон хүнийг урамшуулахад зориулсан. Дараа нь “Хөх уул”-ын нэгдсэн тахилгад шатахууны хандив өгсөн. Түүнийг тахилгад оролцох бүрэлдэхүүн зориулалтаар нь зарцуулсан. Энэ удаа цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж хандив өргөсөн.
    Д.Х-Таны энэ удаагийн хандивт юу багтаж байна?
    -Миний энэ удаагийн хандивт Арван таван хүүхдийн зориулалтай иж бүрдэл багтсан. Хүүхдийн гудас, хөнжил, одьяал, ор, хөнжилийн даавуу, аяга, таваг, хүүхдүүд тоглох тоглоомууд, угсардаг шал, ширээ, сандал, тавиур гээд иж бүрдэл юм. Манай нөхөр, МБНЭ-ийн ерөнхийлөгч хоёр хамт боож цэгцэлж ачсан. Нилээд хэдэн боодол ачаа болсон. Эндээс Баян-Өлгийд зөөж аваачихад “Өгөөж-Цамбагарав” ХХК-ын захирал Энхболд ах туслалцаа үзүүлсэн. Энэ олон хүний туслалцаатайгаар бидний хандив эзэндээ хүрсэн.
    Д.Х:-Тахилгад Та Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт орсон байсан?
    -Атаа таван тэнгэрийн тахилгын хэсэгт МБНЭ-ийн Дээд цэцийн залуучуудын зөвлөлийн гишүүд нэг баг болж бэлтгэлийг хангасан. Маш сайн хамтарч ажиллаж чадсан. Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун ах биднийг сайн зангидаж удирдаж чадсан учраас бидний хамтын ажиллагаа амжилттай болж чадсан. Би цуг ажилласан залуучууддаа их баярласанаа энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсч байна. Нэгдсэн их тахилга маш амжилттай болсон. Нутгийн түмэн олон маш их дэмжсэн. Сэтгэл хөдлөм байсан шүү.
    Эцэст нь МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнд орж, ОХУ-ын Тува Улсын Элстэй хотод очиж, бөөгийн байгууллагын төлөөлөлтэй уулзах хувь заяа тохиосон. Тагнийн их уулс, хайрхад, Енисей мөрөн, тувагийн ард түмний амьдралыг нүдээр үзлээ. Мянга сонсохоор нэг үз гэдэг үг байдаг. Мөн тэнд амьдарч байгаа бөө нарын амьдрал, ажил үйлс, үйл ажиллагаатай танилцахад байлцлаа. Бид хамтарч нэгдэж ажилласан нь зөв байжээ гэдэгт итгэсэн. Бий болж байгаа хамтын ажиллагааг цаашид авч явах хариуцлага залуучууд бидэнд хэзээ нэг цагт тулж ирэх юм байна гэдгийг ойлгосон. Залуучууд бид олон зүйлд суралцах ёстой гэдгийг ч мэдэрсэн.
    Д.Х:-Мөнх хөх тэнгэр Таныг ивээх болтугай. Танд баярлалаа их амжилт хүсье.
    -Баярлалаа.
    Ярилцсан: Д.Хүрэлбаатар

  • МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД ЗАЙРАН ХҮҮЖИЙГИЙН БАТБАЯР (БҮДҮРЭ)

    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ

    2019.10.19 Дугаар 96 Улаанбаатар хот

    Монгол бөөгийн цол олгох тухай
    “МБНЭ-ийн цол олгох журам”-ын 3.3-ийн заалт, Өмнийн говийн нэгдсэн их тахилга, Халимаг дахь Монгол туургатны их наадмын дүнг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

    Хоёр. Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор
    2. Х.Батбаяр-Монгол бөөгийн тэргүүн зайран

     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДРАЛАА ЗОРИУЛЖ ЯВАА
     “ХҮРЭЛ ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.
     “МӨНГӨН ШОНХОР” МЕДАЛИАР ШАГНАГДСАН.

    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад Хайрханы тахилгад тэргүүлж бөөлсөн.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон.
    • 2016.08.10-ны өдөр. Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн.
    • 2019.10.23-ны өдөр. АНУ-ын Элчин сайд Кличенскитэй хийсэн уулзалтад оролцсон.
    • 2020.08.05-ны өдөр. Хатгал суманд болсон уулзалт, зөвлөлгөнийг зохион байгуулсан.
    • 2020.08.06-ны өдөр. Хөвсгөл нуурын галын тахилгыг зохион байгуулж, толгойлж бөөлсөн.

     

  • ОРХОНД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.

    Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаагийн удирдлага хийсэн байна. 

    МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
    Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.

    djmedia:289
  • ДУНДГОВЬД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.

    Дундновь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн бөөлөлт хийсэн байна.
    МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.

  • ЗАВХАНД МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ АМИА ЗОРИУЛСАН БААТРУУД, ЗҮТГЭЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЛЫН ТАХИЛГА БОЛЛОО.

    Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Нөмрөг, Түдэвтэй сумын зааг дээр газраа товлон Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн галын тахилгыг бөөгийн зан үйлээр хийсэн байна.
    МБНЭ-ээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 22- ны өдрийг Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдөр болгон тэмдэглэж, тэнгэрийн улаач нар отог, овог, түмэн олноо цуглуулан, ураг, удмын бичигээ сэргээн баяжуулах, онгод шүтээндээ мөргөн залбирч даатгал, тайлга үйлдэж тэмдэглэлээ.
    Мөн монгол хүн бүр эцэг, эх, эмээ өвөө нараа дээдлэн шүтэж, хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулан тэтгэх үйл хийжээ.

     

    djmedia:288
     
     
  • “ХИЙМОРЬ” МУСК “THE OURAY ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ”-Д ШАЛГАРЛАА

    Төрийн соёрхолт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино Америк Улсад зохион байгуулагддаг “THE OURAY INTERNATIONAL FILM FESTIVAL” -ийн OFFICIAL SELECTION –оор шалгарчээ. Мөн наадмын нээлтийн киногоор шалгарсан байна.
    2019 онд нээлтээ хийсэн найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Хийморь” уран сайхны кино ХБНГУ-ын Олденбургийн кино наадмаас “Кино урлагийн амин сүнс”, АНУ-ын Сан Диегогийн кино наадмаас “Шилдгийн шилдэг” бүтээл, Энэтхэгийн Гоагийн кино наадмын “Шилдэг бүтээл”, Улаанбаатар олон улсын кино наадмын “Шилдэг кино зохиол” шагналуудыг тус тус хүртсэн билээ.
    Монгол морины эх нутаг руугаа тэмүүлэх их тэвчээр хүчийг өгүүлсэн кинонд Монгол,ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг найман орны уран бүтээлчид хамтран ажилласан.
    Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тоглосон юм.

     

  • МӨХӨЖ БУЙ МОНГОЛ ХЭЛ-“ЧИХНИЙ ЧИМЭГ” ТҮҮХ БОЛОХ УУ?

    Энэхүү шүлэг бол монгол хүн бүр цээжлэн уншиж, бахархан санаж байх, нандин бүтээл. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй гайхамшигтай хэл гэдэг. Манай томоохон зохиолчоос нэгэн сэтгүүлч “Манай уран зохиол хэзээ дэлхийн төвшинд орчуулагдах бол” гэж асуухад нь тэр эрхэм “Дэлхий хэзээ монголчуудын хэлэх гэсэн санааг утга төгс орчуулж чадах хэлтэй болно, тэр цагт л. . . ” хэмээн ам бардам хариулсан гэдэг. Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бол тухайн орны эх хэл байдаг. Эх хэлээ алдсанаар бусад орны эрхшээлд орж, үндэстэн даяараа мөхсөн гашуун түүх цөөнгүй бий. Гэтэл сүүлийн жилүүдэд монгол хэлээрээ “Чихний чимэг” хийх нь багасч, түүний оронд алт, мөнгөөр сонсголын эрхтнээ “чимдэг” болж. Монгол хэлнийхээ “Сонсох бүр яруу баялаг” байх үнэт чанарыг нь алдагдуулж байгаа нь одоогийн хүүхэд залуус гэхээсээ илүү томчууд бид.
    Цаг хугацаатай уралдах болсон энэ үед хүн бүр өөрийн хүсэл, сонголтоороо аливаа үгийг бичиж байна. Ялангуяа цахим бичил захидал буюу мессежээр харилцах тусгай хэллэг бий болсон. Гэсэн ч латин үсгээр бичигддэг энэхүү хялбаршуулсан хэллэгийг шууд монгол үгэнд орлуулан хэрэглэх болсон нь цаашдаа албан ёсны бичлэгийн хэлбэр рүү ч давшилж магадгүй болоод байна. Дээрээс нь олон нийтэд өөрийн бичвэрээ зөв хэмээн ойлгуулж чадсан нэгний зохиосон дүрэм “биежиж” буй нь нэн харамсалтай.
    Нийтлэлч Гаамп гэж нэг хүн байдаг юм билээ. Бичсэн зүйлсийг нь уншиж байсан хүмүүс андахгүй байх. Бусдаас ялгарах гэж тэгдэгсэн үү, аль эсвэл өөрийнх нь монгол хэлний чадвар энд хүрээд дуусдагсан уу, бүү мэд. Ямартаа ч эрхэм Гаамп маань нэг иймэрхүү бичдэг юм билээ.
    “Уудаг сайхан пиавныхаа амтан дээр
    Урд хөршийн хэдэн унхайгүй барилгачин дээр
    Ууж идэж хандаггүй увайгүй төрийн түшээдийн нүүрэн дээр
    Унгас алдатлаа бурах улс төрчдийн аман дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би. . .” Уг нь монгол хүн бүр бахдан дуудаж байдаг энэ шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан бичсэн хэмээн итгэдэг байлаа. Гэтэл “Гаамп гэгч эрхэм бичсэн ч юм уу?” хэмээн эргэлзэхэд хүрлээ, үүнийг уншаад. Дээрх бичвэрт зөв бичгийн дүрмийг бут цохьсон нэлээд үг байгааг та бүхэн анзаарсан байх. Эсвэл сая дахин уншихдаа анзаарсан ч байж магадгүй. Ихэнхийн маань хамгийн том алдаа бол өөрсдөд маань ойлгогдож л байвал тэр үгийг “зөв” хэмээн итгэдэгт байгаа гэхээр. Мөн түүний “Ерөнхийлөгчийн таалсан сэтгүүлч” нэртэй нэгэн бичвэр нь /нийтлэл гэж хэлэхгүй байгааг маань анхаараарай/ “За гарчгийг бол хүмүүсийг татах гэж өгсийн. Тэрнээс ерөнхийлөгч маань яг сэтгүүлч эмэгтэй таалаад байжаахыг нь би мэдэхчгүй.” гэсэн өгүүлбэрээр эхэлж байгаа юм. Дээрх хоёр өгүүлбэрт зөв бичигдсэн үг бараг л алга гэдгийг та харж байгаа байх. Эдгээр бичвэрүүд хэн нэгний бусдаас онцгойрохыг хүссэн “мода” байхыг үгүйсгэх аргагүй ч “Өвөг дээдсийн өв их эрдэнэ”-ээ ингэж хайр гамгүй, өөрийн дур хүслээр устгах нь зүйд нийцэхгүйг л хэлэх гээд байгаа юм. Дээр дурдсанчлан энэ бол хялбаршуулсан хэллэг буюу мессежний бичвэрийг шууд монгол хэл рүү хөрвүүлэн ашиглаж байгаа хамгийн том алдаа. Энд зөвхөн олон нийтийн уншсан байж магадгүй гэж бодсон нэг хүний ганц нэгэн бичвэрийг жишээ болгон онцоллоо.
    Зарим нэгний томьёолдгоор “бичсэн үгээ зөв эсэхийг нүдэндээ аятайхан харагдаж байгаагаар нь дүгнэж” болохгүй баймаар. Энэ мэтчилэн бидний өдөр тутмын харилцаанд, бүр цаашилбал, бичгийн харилцаанд ч зөв, найруулгатай, алдаагүй үг, өгүүлбэр цөөхөн болж байгаа нь бидний хамгийн том эмгэнэл юм. Биднийг ингэж бичиж, яриад байхаар монгол хэлний бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж үлдэх эзэд болсон үр хүүхэд маань зөв бичгийн дүрмийг сурахгүй байх нь аргагүй. Хэлсийшдээ, атаархдын, гуйжийна гээд бичээд байгаа нь зөвхөн бичиж байгаа хүндээ бус түүнийг нь уншиж байгаа хүмүүст буруу бичих эх үндсийг тавьж өгдөг гэхэд болно. Ингэж хүн бүр өөрийн дураар үгсийг бичиж, утгыг найруулах юм бол манай улсад Шинжлэх ухааны академи хэмээх том байгууллага, түүний дэргэд Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн тасаг гэж байх хэрэг байна уу? Бүгд л өөрсдийн зөв бичих дүрэмтэй, эвтэйхэн харагдсанаараа бичиж болж байгаа юм бол бусад хичээлээ яая гэж байгаа хүүхдүүдэд энэ үгийг ингэж бичих ёстой, “монгол баавар” гэх мэтээр үгсийн сангийн дүрэм заах утгагүй мэт санагдана.
    Уг нь манай ард түмэн “чоно” гэдэг үгийг арав гаруй төрлөөр, “нас барсан” гэдэг утгыг хорь орчим үгээр илэрхийлж чаддаг аугаа их хэл ярианы баялагтай ард түмэн. Гэтэл өнөөдрийн бидний ажил амьдрал, ахуйн харилцаандаа хэрэглэж буй үг хэдхэн төрөл дотор эргэлдэж байна. “Сод их билэгт түмэн”-ий маань хэл бичгийн соёл ингэтлээ доройтож байгаа нь шууд техникийн дэвшилтэй холбоотой, мессеж бичсэнээр алдагдаж байгаа хэмээн ойлгох нь дэндүү өрөөсгөл болно. Үүнд бид амарчилсан байдлаар хоорондоо цахим бичил захидлаар харилцахдаа хэрэглэдэг бичвэрээ ажил төрлийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичлэгт ашиглахгүй байх л хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг.
    Нарны гэрэл мэт асгаран буух босоо бичигтэй, өөр хаана ч байхгүй аман болон бичгийн их соёлтой хэмээн цээжээ дэлдэж байх хооронд маань “Чихний чимэг болсон өв их эрдэнэ” маань өдрөөс өдөрт багасч, ярианы болон бичгийн харилцаандаа гадаад, монгол нь мэдэгдэхгүй үг хэллэгийг ашигласнаар эх болсон монгол хэл маань түүх болон үлдэх нь вий.
    Т.ДАРХАН